Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ дахь монголчууд эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн жагсчээ

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өчигдөр жагсаал зохион байгуулжээ. Иргэд БНСУ-ын Гадаад харилцааны яамны гадаа жагссан бөгөөд “Монгол Улсын Засгийн газар, УОК иргэдээ яаралтай ав”, “Монгол Улсын иргэддээ хилээ нээ” зэрэг самбар, лоозон барьж зогссон байна. Харин дээрх иргэдийн ар гэрийн төлөөлөл УОК-т хандаж хүсэлт гаргажээ. Учир нь тус улсад байгаа монголчууд богино хугацааны визтэй, таних мэдэх хүнгүй, ажилгүй, мөнгөгүй хүний нутагт хэцүү байна гэдгээ илэрхийлсэн байна.


“ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ӨГӨӨД ГУРВАН САР ХҮЛЭЭЛЭЭ”

Энэхүү жагсаалд оролцсон иргэн Д-тэй онлайнаар холбогдож тодрууллаа.


-Жагсаалын талаар мэдээлэл өгөхгүй юү. Хэчнээн хүнийг хамарсан жагсаал болов?

-Монгол буцах хүсэлтэй 50 гаруй иргэн оролцсон жагсаал боллоо.

-Эдгээр иргэдийн гол шаардлага юу байв. бнсу дахь монголын Элчин сайдын яаманд хандсан уу?

-БНСУ дахь Элчин сайдын яаманд бид хүсэлтээ өгөөд гурван сар боллоо. Жагсаалд оролцож байгаа энэ хүмүүс ихэнх нь хүсэлт өгсөн иргэд. Уг нь УОК-оос гадаадаас иргэдээ татах таван шалгуур буюу шаардлага тавьсан байдаг. Тэгвэл энэ шаардлагыг хангачихсан хэрнээ яагаад өдийг хүртэл тусгай үүргийн нислэгт нь багтаж чадахгүй байгаа юм бэ. Зөвхөн энэ иргэд ч гэлтгүй жагсаалд зайлшгүй нутаг буцах шаардлагатай, богино хугацаагаар ирсэн олон зуун хүн Монгол руу буцаж чадахгүй гацчихаад яахаа мэдэхгүй байна шүү дээ.

-Монгол руу буцах хүсэлтэй хэчнээн хүн байх шиг байна?

-Өнөөдөр жагсаал хийж байгаа хүмүүсээс сонсох нь ээ Монгол руу яаралтай буцах хүсэлтэй 1700 орчим хүн байна гэсэн. Бүгд л Элчин сайдын яаманд хүсэлтээ өгсөн гэж байна. Дийлэнх нь богино хугацаагаар Солонгост ирсэн иргэд байна. Богино хугацаагаар ирээд энд хэдэн сар болчихоор гэрт нь үлдсэн үр хүүхдүүд хэцүүдэж байна. Энд чинь таньдаг айлтай хүнгүй байхад таних хүн, ажил төрөлгүй болсон хүмүүс их байна. Таних наашаа гэх хүнгүй, мөнгө төгрөггүй хүний нутагт хэцүү шүү дээ.

-Жагсаал анх Монголын Элчин сайдын яамны гадаа болно гэж ярьж байсан гэсэн. яагаад бнсу-ын Гадаад харилцааны яамны гадаа жагсах болов?

-Элчин сайдын яамны гадаа жагсахаар бол зөвшөөрөл хэрэгтэй юм билээ. Ингэхдээ нэг хүнээс дээш цуглахаар бол зөвшөөрөл авах ёстой. Гэвч гадаадын иргэнд зөвшөөрөл олгодоггүй байна. Ер нь Монгол Улсаас энд суугаа Элчин сайдын яамныхан их хариуцлагагүй, хүнд сурталтай. Залгахаар утсаа авдаггүй. Нэг асуултад хариулт өгөх гэж бараг сар, хоёр сар болно. Иймэрхүү байдалтай их удаж байна. Ажиллаж чадахгүй бол ажлаа хийдэг хүнд нь халаагаа өгөх хэрэгтэй ш дээ. Гэтэл Солонгост монголчууд хамгийн олноор суудаг газар.


“ХАМААТНЫДАА ҮЛДЭЭСЭН ГУРВАН
ХҮҮХЭД МААНЬ ААВ, ЭЭЖИЙГЭЭ САНААД ХЭЦҮҮДЭЖ БАЙНА”

Мөн тус улсад суугаа, жагсаалд оролцсон иргэн А-тай холбогдлоо.


-Та Солонгост очоод хэр удаж байна вэ?

-Би нөхөртэйгөө хамт ирсэн. Бид хоёр нэгдүгээр сарын эхээр ирсэн. Одоо түүнээс хойш таван сар болчихлоо.

-Хил хаахаас өмнө буцах боломж байгаагүй юм уу?

-Бид хоёр нэгдүгээр сарын эхээр ирээд хоёр сарын дундуур явах төлөвлөгөөтэй байсан. Яахав сар хагас ажил хийгээд Цагаан сарын баярын өмнө хэдэн төгрөгтэй буцчих л санаатай ирсэн юм. Тэгсэн бүр тэрнээсээ эсэн юм боллоо.

-Одоо тэгээд ямаршуухан байна вэ. Жагсаалд оролцсон гэж байсан?

-Яг үнэндээ хүнд байна. Өмнө нь бол өвчин зовлон туссан биш цаг наашилтал хүлээж байя л гэж боддог байлаа. Тэгэхээс ч өөр аргагүй хойно. 30 гарсан залуус бид чинь ямар эрүүл саруул, жирэмсэн биш бол УОК-оос тавиад байгаа шаардлагыг хангахгүй шүү дээ. Тэгээд л таньдаг хүн амьтныдаа хэсэг байлаа. Түрээсний байранд байлаа. Сүүлдээ ажил ч олдохгүй болж байна. Ажил байлаа гээд өвчин тусчих вий гэж айгаад гарч чадахаа байсан. Гурвын гурван бага насны хүүхдээ орхиод ирсэн хүмүүс чинь амьд мэнд гэртээ очих ёстой биз дээ. Ингээд л ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр болоод байна. Тэнд хамаатныдаа үлдээсэн гурван үр минь ч санаж, хатаж гүйцлээ. Хүүхэд харж байгаа айлаас маань “Хүүхэд чинь орондоо шээчихлээ”, “Шөнө уйлагнаад унтахгүй байна” гэж байнга хэлэх болсон. Хүүхдүүд маань сүүлдээ утсаар ярихаар царай алдчихсан, дуу нь гарахгүй, уурлаад ярихгүй байх боллоо. Тэгэхээр байж сууж чадахгүй ядаж юу болж байна, яахаар байна гэж холоос ирж оролцлоо.

-Монгол дахь ар гэрийнхэн тань УОК-т хандаж байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-УОК-ын Шуурхай штабт энд байгаа иргэдийн зүгээс хүсэлт хүргүүлсэн байгаа.

-Ямар хариу өгсөн бол?

-Энэ сарын 22-ны дотор хариу өгөөрэй гэж хүсэлт тавьсан гэсэн. Над шиг УОК-оос тавьсан шаардлагыг хангахгүй ч хүнд байдалд орсон олон хүн байгаа шүү дээ. Тиймээс ядаж хилээ нээгээч ээ л гэж хүсч байгаа юм. Солонгост байгаа монголчуудыг нутаг буцмаар байна гэхээр хүмүүс дурандаа явчихаад гээд муулж, доромжилж байна. Амьдрахын тулд л явж байна шүү дээ, энэ хүмүүс чинь. Өөрсдөө халуун дулаан гэр бүлтэйгээ байгаа бол бусдыг оронд нь тавиад ганц удаа ч болов бодож үзэж болохгүй гэж үү.


-Гэхдээ хилээ нээхээр халдварыг дотооддоо алдах эрсдэл маш их шүү дээ?

-Гадаадаас нийт 10 мянга гаруй иргэн Монгол руу явах хүсэлтэй байгаа мэдээ уншсан. Тэр тооны ихэнх хувийг Солонгост байгаа хүмүүс эзэлж байгаа гэж би бодож байна. Тэгэхээр ядаж Солонгос руу хилээ нээгээд нислэг үйлдэж болно шүү дээ. Солонгосоос очиж байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулж болно, дээр нь энд халдвар бусад улсыг бодвол харьцангуй гайгүй байгаа шүү дээ. Харин ч гайгүй байгаа дээр нь иргэдээ татаж авах нь зүйтэй байх. Яваандаа байдал яаж эргэхийг бид мэдэхгүй ш дээ. Мэдээж очоод тусгаарлалтын дэглэм барьж хууль журмын дагуу л явах хойно.

-Монголд ирэхэд ер нь нэг хүний зардал хэд болохоор байна вэ?

-Онгоцны тасалбар 1.4 сая орчим. Шинжилгээ 380 мянган төгрөг, дээр нь очоод тусгаарлах байрны зардал нэг сая 50 мянга болох юм билээ. Нийтдээ нэг хүнээс 2.8 сая төгрөг гарахаар байсан. Бас л чанга байх шиг байна. Ихэнх нь олон сар хүний нутагт байсан мөнгө төгрөг муутай байгаа. Монгол руу хамаатан садан руугаа зарим нь мөнгө захиж, энэ тэндээс цуглуулж байгаа яриа ч байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Баттөр: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэх боловч нийт үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь энгийн иргэд байна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор, хурандаа Лхагваагийн Баттөртэй ярилцлаа.


-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бие даан шинээр үйл ажиллагаа явуулсан хугацаа яг хэзээнээс вэ. Уг нь 2017 оны эхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг ч 2018 онд жигдэрсэн байдаг?

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн анхны суурь 1933 онд тавигдсан байдаг. Тэр түүхээс авч үзвэл энэ эмнэлэг 87 жилийн түүхтэй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 2012 онд Цэргийн төв эмнэлэгтэй нийлээд Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болсон. Гэхдээ 2016 оны наймдугаар сард Засгийн газрын тогтоолоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг дахин сэргээн байгуулъя гэсэн шийдвэр гарсан. Тэгээд бэлтгэл ажлаа хангаж явсаар 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд амбулаторийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин 2018 оны нэгдүгээр сараас хэвтүүлэн эмчлүүлэх үйл ажиллагаагаа эхэлсэн боловч олон шинэ тоног төхөөрөмжийн суурилуулалт, хүний нөөцийн бүрдэлт, эмч, мэргэжилтний сургалт хийгдсээр 2019 онд л эмнэлэг бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа.

-Анх эмнэлгийн байр ашиглалтад ороход тоног төхөөрөмжийн хувьд ч тэр нэлээд хүнд нөхцөл байдалтай тулгарч байв уу?

-2016 онд Цэргийн төв эмнэлгээс тусгаарлаад энэ байранд нүүж ирэхэд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад тоног төхөөрөмжийн хувьд дутагталтай юм маш их байсан. Ингээд зарим тоног төхөөрөмжийг Хууль зүй, дотоод хэргийн яам, яамны харьяа агентлаг, байгууллагуудын дэмжлэгээр авч тухайн үед татан буугдаж байсан Тахарын албаны хэрэглэж байсан тавилга хэрэгслээс эмнэлгээ тохижуулж босгох зэргээр зохицуулалт хийж эхэлсэн дээ. Мөн 2018 онд Австрийн засгийн газрын долоон сая еврогийн төсөл хэрэгжсэнээрээ эмнэлгийн хэвтүүлэн эмчлүүлэх болон амбулаторийн тоног төхөөрөмж суурилуулагдсан. Ялангуяа хэвтүүлэн эмчлүүлэх хэсэгт ламинар урсгалтай орчин үеийн мэс заслын өрөөнүүд, эмнэлгийн хийн систем, дурангийн мэс заслын багажнууд, дүрс оношилгооны аппаратууд зэрэг бусад бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжөөр бараг бүрэн хангагдсан байгаа. Товчхондоо хэлэхэд манай эмнэлгийн оношилгоо шинжилгээний төрөл, тоо бусад улсын эмнэлэг, хувийн эмнэлгүүдээс илүү гэж харж байгаа.Манайд эх барихаас бусад бүх эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг гээд хэлэхэд буруудахгүй.

-Бусад улсын эмнэлэг болоод хувийн эмнэлэгт байхгүй, ховор ямар тоног төхөөрөмжүүд ашиглаж байна вэ?

-Нэн түрүүнд манай эмнэлэг Япон болон Монголын Нарлаг Улаанбаатар Ротари клубтэй хамтран 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Health Promotion center”буюу “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан. “Эрүүл мэндийг дэмжих төв” бол амбулаториос тусдаа бие даан нэг цонхны үйлчилгээ үзүүлж байгаагаараа давуу талтай юм. Нэг дор цус, шээсний шинжилгээ, рентген, эхо, зүрхний бичлэг гэх мэт шаардлагатай шинжилгээнүүдээ нэг дор бүгдийг өгчихнө гэсэн үг. Тэгээд эмчийн зөвлөгөө аваад гардаг. Энэ үйлчилгээ бол улсын эмнэлэгт анх удаагаа нэвтэрсэн гэдгээрээ онцлогтой. Мөн Монгол Улсад анхны “Нойрны төв”-ийг манай эмнэлэгт байгуулсан. Энэ төвийг Японы Эхимэ их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажилладаг бөгөөд манай хэд хэдэн эмч, сувилагч гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж мэргэшээд ирсэн. Зөвхөн оношилгоо хийхээс гадна эмчилгээ хийгддэг.

-“Нойрны төв”-ийн эмчилгээний онцлог нь юу вэ?

-“Нойрны төв” гэхээр манайхан нойргүйдлийн төв гэж ойлгоод байдаг. Нойрны төв бол нойртой холбоо бүхий эмгэгүүдийг оношилдог, эмчилдэг төв. Тэр дотроо мэдээж нойргүйдэл орчихож байгаа юм. Энгийн үгээр тайлбарлавал хурхирдаг, унтаж байх явцдаа амьсгал тасалдах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг оношилж, эмчилгээ хийдэг. Зөвхөн оношлоод орхичихгүй. Энэ төрлийн эмгэгийг зориулалтын аппаратаар эмчилгээ хийдэг. Мөн эмнэлгийнхээ түүхэнд анх удаа 20 ортой хүүхдийн тасаг, диализын таван аппараттай үйл ажиллагаа нээж, анхны хэвлийн диализыг амжилттай хийгээд байна.Спорт заалтай эмнэлэг, 450 хүний судаалтай, лед дэлгэцтэй хурлын танхимтай, хэвтэн эмчлүүлэх тасгийн өрөөний ор хооронд хөшигтэй, эмчлүүлэгчид нэгэн жигд хувцастай, таних бугуйвчтай гээд сүүлийн үеийн эмнэлгийн чиг хандлага ямар байх ёстой тийм л нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна. Эмнэлгийнхээ түүхэнд гэвэл харшлын шинжилгээ, гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, зүрхний ЭХО, ачаалалтай зүрхний бичлэг, сонсголын бичлэг, ясны сийрэгжилтийн аппарат, мэдрэлийн судасны өнгөт аппаратууд, шүдний дэлгэмэл зургийг авдаг аппараттай болсон гээд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхэнд маш олон шинэчлэлүүд хийгдсэн байна. Шинэ технологиудаа энд дурдаад дуусахгүй юм байна.

-Эмчилгээний хувьд?

-Мөн хэвлийн хөндийн дурангийн мэс заслууд, үений дурангийн мэс засал, өвдөг түнхний үе солих мэс заслуудыг хийдэг. Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн өндөр технологиуд нь мэс заслын үйл ажиллагааг найдвартай явагдах боломжоор хангаж байдаг. Ходоод, бүдүүн гэдсний дурангаар төрөл бүрийн эмчилгээ, ажилбаруудыг хийдэг. Нийт 10 тасаг нэгжид орчин үеийн болон уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

-Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадамжийн тал дээр хэр анхаардаг вэ?

-Япон, Солонгос, Тайванийн эмнэлгүүдтэй маш ойрхон хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд жилд 100 орчим эмч, эмнэлгийн ажилтнуудыг гадаад руу сургалтад хамруулж, олон улсын хурал семинарт оролцуулж байгаа. Тухайлбал, 2017 онд БНСУ-ын хамтын ажиллагаатай эмнэлэг рүү анхны 17 эмч, мэргэжилтнүүдийг долоо хоногийн хугацаатай явуулсан. Тэд маань өөрсдийгөө “Анхны 17” гээд нэрлэчихсэн байх жишээтэй. Австрийн засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 30 орчим эмч Австри болон Герман зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлээд ирсэн байдаг. Эмч нараас гадна сувилагч, тусгай мэргэжилтэн нарыг сургалтад хамруулахыг зорьдог. Онцлох сургалтаас дурдвал манай тасгийн бүх ахлах сувилагч нар БНСУ-ын сувилахуйн чиглэлийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах аялал хийгээд ирсэн. Тайванийн эмнэлгүүдэд манай 10 орчим эмч, мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлээд ирсэн. Тайванийн гурван эмч тус бүр 1-1,5 сарын хугацаатай манай эмнэлэг дээр ажлын байрны сургалт хийсэн. Тэрний хүчинд өнөөдөр манай мэдрэлийн тасаг, бөөрний тасгийн үйл ажиллагаа сайжирч анхны хэвлийн диализыг хийсэн байгаа. Дээрээс нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх гол зүйл бол олон улсын мэргэжлийн нийгэмлэгт гишүүнээр элсэх байдаг. 2019 онд давсан орлогоосоо 20 эмч, мэргэжилтэнд тус бүр нэг сая төгрөгийн “Грант” олгосон байгаа. Уг нь энэхүү “Грант”-аар 2020 онд олон улсын хурал зөвлөгөөнд оролцох зардлаа төлөх ёстой байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор хойшлогдсон учраас олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн төлбөрөө төлөх, сэтгүүлүүдийг нь захиалж авах боломжийг олгосон. Ингэснээр олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө адилхан мэдлэг, мэдээллээ аваад явах юм. Ийм эрдэмлэг, эрч хүчтэй хамт олон бол бидний бахархал юм.

-Энгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжууд хэр нээгдсэн бэ?

-Ихэнх хүмүүс манай эмнэлгийг зөвхөн Төрийн тусгай албан хаагчдын хаалттай эмнэлэг гэж ойлгодог. Нэгдүгээрт, мэдээж төрийн тусгай албан хаагчдад үйлчилнэ. Үндсэн үйлчилгээний хүрээнд төрийн тусгай албан хаагчийн эцэг, эх үйлчлүүлэх эрхтэй. Нэг албан хаагчийн цаана хоёр хүн үзүүлж болох нь. Дээр нь эхнэр эсвэл нөхөр нь. Дараа нь 0-16 насны хүүхдүүд. Тэгэхээр нэг албан хаагчийн цаана бараг 7-8 энгийн иргэн тус эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой байх нь. Мөн Чингэлтэй дүүргийн мэс заслыг энэ оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. 2019 онд эмнэлгийн хэмжээнд эхний нэгдүгээр улиралд 500 орчим мэс засал хийж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 700 гаруй мэс засал хийгдсэн байна. Энэ чинь үйлчлүүлэгчдийн хүрээ нэмэгдсэний тод илрэл гэж хэлж болно. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн I-VI хорооны 0-16 насны хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ингээд харахад эмнэлгийн 50 орчим хувийг энгийн иргэд эзэлж байгаа биз.Зарим ачаалал багатай кабинетэд энгийн иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжийг бий болгосон. Тухайлбал, иргэн л бол дүүрэг, харьяа хамаарахгүй харшлын кабинетээр үйлчлүүлж байгаа. Гэвч эрүүл мэндийн даатгалаас авдаг санхүүжилт хязгаарлагдмал байдаг тул бид тэр төсөвтөө багтаан тусламж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Мөн Монгол Улсын өнцөг булан бүрт төрийн тусгай албан хаагчид байдаг. Хамгийн алслагдсан хил хязгаарт хилчид маань үүргээ гүйцэтгэж байдаг. Тэдэндээ эмнэлгийн үйлчилгээг хүргэх үүднээс хилийн хөдөлгөөнт бүлэг ажиллуулдаг. Яг энэ цаг мөчид манай нэг хөдөлгөөнт бүлэг баруун аймгуудаар явж хилчдэд эмнэлгийн үзлэг, оношилгоо хийж үйлчилгээ үзүүлээд явж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зуун айл” орчимд шуудай цемент 18 мянган төгрөгийн үнэтэй байна

Сүүлийн үед цементийн нийлүүлэлт багасч, их хэмжээний эрэлт бий болоод байна. Үүний уршигаар цементийн хомсдол үүсч, үнийн савлагаа нэлээд их байгаа юм. Ямар шалтгааны улмаас ийм нөхцөл байдал бий болсон талаар бодит мэдээлэл авахаар цементийн томоохон үйлдвэрүүд рүү хандлаа. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий дөрвөн том цементийн үйлдвэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр нь “Цемент шохой” ХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “Мөнхийн баян гал” ХХК, “Мак- Евро цемент” зэрэг үйлдвэрүүд юм.

“ЦЕМЕНТ ШОХОЙ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙГАА ГЭВ

Бид эхлээд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Цемент шохой” компаниас тодруулга авахаар тэдний хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Мөнхболдтой холбогдлоо. Тэрээр “Бид мэдэгдэл гаргасан байгаа. Манай үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа зогссон тохиолдол ерөөсөө байхгүй. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. “Цемент шохой” компаниас өнгөрсөн сарын 29-нд компанийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргасан аж. Уг мэдэгдэлд:

“Олон нийтийн цахим сүлжээнд “Цемент Шохой” ХК-ийн нэр хүндэд зориудаар халдан цемент үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өнөөг хүртэл эхлээгүй, ажилчдаа сул зогсолтод оруулсан, бүтээгдэхүүний үнийг нэмсэн гэх мэт ор үндэслэлгүй худал мэдээллийг улс орон даяар тараах явдал удаа дараа гарч байгаад үндэсний үйлдвэрлэгч-баялаг бүтээгч бид туйлын харамсаж байна. Тус компани нь 2020 оны гуравдугаар сард үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж бэлтгэл хангаад байсан хэдий ч дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирус, “COVID-19” цар тахлын улмаас энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж, хоногт 2-3 мянган тонн цемент зах зээлд нийлүүлж байна. Мөн зах зээлийн тогтвортой үнийн бодлого баримтлан 2018 онд батлагдсан цементийн үнийг өнөөг хүртэл мөрдөн ажиллаж байгаа болно. Энэхүү мэдэгдлээр “Цемент шохой” хк-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрсэн, цементийн үнийн хөөрөгдөл гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээсэн байв. Бид үнийн мэдээлэл авахаар борлуулалтын менежертэй нь ярихад “Манай цемент 166.980 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ бол 2018 онд батлагдсан үнэ. Өнгөрсөн хугацаанд уг үнэ ерөөсөө өөрчлөгдөөгүй” хэмээх хариултыг өгсөн юм.


“МӨНХИЙН БАЯН ГАЛ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСОНГИ БАЙДАЛД БАЙНА

Төв аймгийн Сэргэлэн суманд өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хятадын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” компанийн хуулийн зөвлөх Т.Оюунтуяатай холбогдлоо. Т.Оюунтуяа: “Ковид-19” цар тахал дэгдсэнээс хойш хил хаасан учир манай компанийн удирдлагууд Монголд ирж чадахгүй байгаа. Удирдлагуудын хамт инженер техникийн мэргэжилтнүүд ирж байж л үйлдвэрийг ажиллуулах боломжтой. Хэрэв хил нээгдэхгүй бол манай үйлдвэр ажиллахгүй. Тиймээс хэзээнээс ажиллаж эхлэх нь тодорхойгүй байна. Уг нь долоо, найман хүн л хилээр ороод ирвэл үйлдвэр маань ажиллаж эхлэх боломжтой болно. Үйлдвэрийн үйл ажиллагаа удаан хугацаанд зогсонги байсан учраас техникүүдийг нь Хятадаас инженер, техникийн нарийн мэргэжилтнүүд ирж гэмээнэ л ажиллуулах юм. Уг нь үйлдвэр нэг л ажиллаад эхэлчих юм бол цаашид монгол ажилчид ажиллуулаад байж чаддаг” хэмээсэн юм. Түүнээс цементийн хомсдол бий болж, үнийн хөөрөгдөл үүсэх болсон шалтгааны талаар лавлахад, “Монголд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий дөрвөн том цементийн үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрүүд зарим тохиолдолд ямар нэгэн шалтгааны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Уг нь хоёр үйлдвэр нь л бүрэн хүчин чадлаараа ажиллахад дотоодын цементийн хэрэгцээгээ хангаад байх боломжтой. Өнөөгийн нөхцөл байдал хэрхэн бий болсон бэ гэхээр, “Цемент шохой” компани бага хэмжээгээр цемент үйлдвэрлэж байгаа, “Монцемент” тогны хязгаарлалтын улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа гэсэн, манай үйлдвэр ажиллаж чадахгүй байгаа зэрэг асуудлууд голлох нөлөөллийг үзүүлж байна. Манай үйлдвэр Хятадын хөрөнгө оруулалттай учраас хэвийн ажиллагаатай байгаа нөхцөлд тодорхой хэмжээгээр зах зээлийн үнэд нөлөөлдөг л дөө” гэх мэдээллийг өгсөн юм. “Мөнхийн баян гал” компанийн үйл ажиллагаа энэ жил зогсонги байдалд байна.

“МАК-ЕВРО ЦЕМЕНТ” КОМПАНИЙН ГЭРЭЭТ БОРЛУУЛАЛТЫН КОМПАНИ ОДООГООР ЗАХИАЛГА АВАХГҮЙ БАЙГАА ГЭВ

“Мак- Евро цемент” болон “Монцемент” компанийн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан тул үнийн мэдээллийг нь сонирхохоор болов. “Мак-Евро цемент” компанийн гэрээт борлуулалтын компанитай холбогдоход “Одоохондоо захиалга авахгүй байгаа” хэмээн хариулсан юм. Хэзээнээс захиалгаа авч эхлэх талаар нь тодруулбал, “Яг хэлж мэдэхгүй байна. 14 хоногийн дараа л захиалга авах байх” гэлээ. Тэдний захиалга авахгүй байгаа шалтгаан нь цемент байхгүй байгаатай холбоотой аж. Үнийн талаар сонирхоход, “Үйлдвэр дээрээсээ 155600 төгрөгийн үнэтэй байгаа” хэмээн хариулав. Харин “Монцемент” компанийн үйлдвэрлэсэн цементийн үнэ шуудайтай нь 175 мянга, ууттай нь 167 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэдгийг тухайн компаний борлуулалтын алба хэлсэн юм.

“ЗУУН АЙЛ” ОРЧИМД ШУУДАЙ ЦЕМЕНТ 18 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Томоохон худалдааны төвүүдэд цементийн үнэ хэчнээн төгрөг байгаа талаар тодруулахаар “Зуун айл” худалдааны төвийг зорилоо. “Зуун айл” орчимд хоёр ч хүн цемент зардаг аж. Мөн 32-ын тойрог орчимд нэг хүн цемент зардаг хэмээв. “Зуун айл” орчимд цемент худалдаалдаг иргэнийг сурагласаар нэгэн залууг олж уулзахад “Цемент дуусчихсан. Маргааш ирнэ” гэсэн юм. Түүнээс энэ орчимд цемент худалдаалдаг өөр хүн бий юү гэвэл, “Мэдэхгүй ээ. Хойшоогоо 32-ын тойрог чиглэлд явбал цемент худалдаалдаг хоёр гурван хүн бий” хэмээн хариулав. Ер нь цемент ямар үнэтэй байгаа талаар түүнээс лавлавал, 18 мянга төгрөгийн үнэтэй байгаа гэлээ. Надаас “Та хэдэн шуудайг авах вэ, олон шуудай авбал их хэмжээтэй ирэхгүй. Үйлдвэрээс өдөрт нэг тонн цемент л өгдөг юм” гэсээр өөр нэгэн эмэгтэйтэй ярилцан цааш явж одлоо. Би ч түүний зааж өгснөөр 32-ын тойрог чиглээд алхав. Зам зуур хоёр, гурван хүнээс цемент худалддаг хүний талаар сураг ажиг тавьсан ч “мэдэхгүй ээ” гэх үгээр амаа таглуулж, там тум сураг бүхий цементийн худалдаачинг эрэл сурал болж алхсаар байлаа. Нэлээд явж байгаад “Зуун айл” орчимд худалдаа эрхэлдэг нэгэн залуугаас там тум хариу сонсож зогстол хажуу талаас 20 гаруй насны нэгэн эрэгтэй “надад цемент байна. Хэр хэмжээтэй авах юм” гэсээр бидний яриаг тасаллаа. Би түүнд “100 шуудайг авна. Байгаа юу” гэхэд, “Байгаа байгаа” хэмээн өөдөөс хариулав. Хаана байгааг нь сонирхтол “эндээс ойрхон, хажуу талын гудамж руу ороод л бий” хэмээсэн юм. Түүнээс үнийг нь лавлавал “18 мянга” гэх үгний хамт “Би чамд ачих машиныг нь олоод өгч болно шүү. Үнэгүй хүргээд өгье” гэж шалах аж. “Хэдхэн хоногийн өмнө 8500 төгрөгний үнэтэй байсан шүү дээ” гэхэд “Цемент олдохгүй болчихсон” гэсээр нэг муухай харснаа эрс шулуухнаар холдон одлоо.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга сэжигтнээр татагдаж, гурван хүүхэд өнчирч үлдлээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийн ажлын өрөөнд 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн лхагва гаригт архидалт болж тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нас барсан байдаг. Түүнийг үүрийн 04:00 цагийн үед машиндаа нас барсан байдалтай байхад олсон. Аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж тухайн үед “Манай өрөөнд архидалт болоогүй” гэж мэдэгдэж байсан ч Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж архидан согтуурсныг тогтоосон. Улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мэдүүлэг авч байгаа. Тэрбээр Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга агсан С.Болормааг “Чамайг ажилгүй болгоно” хэмээн цаг үргэлж дарамталдаг байсан нь хохирогчийн ойр тойрны хүмүүсийн мэдүүлгээр батлагдсан билээ. Талийгаач нь Засаг дарга асан В.Рэнцэндоржийн өрөөнд нас барсан уу, өөр газар амьсгал хураасан уу гэдгийг хуулийн байгууллага одоогоор тогтоогоогүй байгаа.

Дээрх хэргийн дуулиан гүйцэд намжаагүй байхад тус аймгийн өөр нэг төрийн албан тушаалтан холбоотой байж болох ноцтой хэрэг тавдугаар сарын 15-ны өдөр гарчээ. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насыг хохироосон байж болзошгүй тохиолдол бүртгэгдээд байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Энэ сарын 15-ны өдрийн 11:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага мэдээллийг Аймгийн Цагдаагийн газарт эмнэлгээс өгсөн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэг хийсэн. Аймгийн төвөөсөө 260 орчим км зайд орших Тонхил суманд Аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн 15:00 цагийн орчим хэргийн газарт очиж ажиллагааг явуулсан” гэв Хэргийн талаар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийн эхнэр талийгаач Б-ийн ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Р.Даваадорж нь тогтмол гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, зарим тохиолдолд эхнэрээ зоддог, дарамталдаг байсан ажээ.

Бид Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээтэй холбогдож тодруулга авлаа.


-Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ аминд хүрсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Хэргийн талаар тодруулахгүй юу?

-Харамсалтай үйл явдал болсон. Талийгаачийн ажил явдал өнөөдөр (өчигдөр) болж байна. Хэргийн газарт аймгаас цагдаагийн байгууллагын ажилтнууд ирж шалгалтын ажиллагаа явуулсан. Болсон үйл явдлыг дэргэдээс нь хараагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үнэхээр харамсалтай явдал боллоо” гэв.

Р.Даваадоржийн эхнэр талийгаач Б нь санхүүч мэргэжилтэй бөгөөд Тонхил сумын Төрийн банкинд ажилладаг байсан аж. Тэрбээр гурав дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байжээ. Нялх хүүхдээ үлдээгээд нас барсан талаар нутгийн иргэд хэлж байна.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГБХЗХГ-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.ЦЭЭПИЛМАА: ТАЛИЙГААЧИЙН ГУРВАН ХҮҮХДИЙГ АНХААРАЛДАА АВСАН

Дээрх үйл явдлын талаар Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын түр үүрэг гүйцэтгэгч Н.Цээпилмаагаас тодруулга авлаа.


-Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насанд халдсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна. Тус хэрэгт аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ямар оролцоотой ажиллаж байна вэ?

-Дээрх хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан. Засаг дарга Р.Даваадорж талийгаач нар гурван хүүхэдтэй байсан. Болсон үйл явдалтай холбоотойгоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зүгээс гурван хүүхдийг нь анхааралдаа аваад байна. Хэрэг дээр шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Манай байгууллагын зүгээс шаардлагтай арга хэмжээг авч ажилласан” гэв.

ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Р.ДАВААДОРЖ ГЭЖ ХЭН БЭ

Р.Даваадорж Говь-Алтай аймагт 1984 онд төржээ. Санхүүч мэргэжилтэй тэрбээр 2016 онд Тонхил сумын засаг даргаар томилогдсон аж. Засаг даргын албан тушаалд очихоос өмнө сумын засаг даргын Тамгын газарт мэргэжлээрээ ажилладаг байжээ. 2016 оны орон нутгийн сонгуулиар Тонхил суманд МАН олонх болсноор түүний хувьд Засаг даргын албан тушаалд очсон байна. Албан өрөөндөө архидан согтуурч, хүн амины хэрэгт сэжиглэгдээд буй В.Рэнцэндорж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насыг хохироосон байж болзошгүй гэгдээд буй Р.Даваадорж нар МАН-ын албан хаагчид юм. Говь-Алтай аймгийн Ардын намын залуу боловсон хүчингүүд он гарсаар хоёр ч удаагийн хүн амины ноцтой хэрэгт нэр холбогдлоо. Үр дүнд нь таван ч хүүхэд өнчирч хоцорлоо.

Зарим мэдээллийн хэрэгслээр Р.Даваадоржийн эхнэрийг хууч өвчтэй байсан, өвчний улмаас амьсгал хураасан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Талийгаачийн төрсөн эгчийнх нь хэлж буйгаар бол удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь амь алдахад хүргэсэн байж болзошгүй гэнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл далд, цоожтой хаалганы цаана үйлдэгддэг. Таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй, даамжирвал амь насанд ч аюул учирч болох эрсдэлтэй талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч хууль хяналтын байгууллагад хандахаас эмээдэг, ар гэр хүүхдүүдээ боддог эмэгтэйчүүд олон байдаг талаар Гэр бүл хүүхэд залуучуудыг хөгжлийн газраас үргэлж анхааруулдаг.

ТАЛИЙГААЧ МЭРГЭЖЛЭЭРЭЭ ОЛОНД ХҮНДЛЭГДСЭН НЭГЭН БАЙЖЭЭ

Талийгаач Б нь Завхан аймгийн Санхүү Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгсчээ. Мөн 2015 онд Удирдлагын академид Төрийн захиргааны удирдлагаар суралцаж дүүргэжээ. 2007-2009 онд Монгол шуудан банкны нягтлан бодогчоор, 2010 оноос хойш Тонхил сумын Хадгаламж банк болон Төрийн банкны захирлаар ажиллаж байжээ.

Тэрбээр Залуучуудын холбооны Тэргүүний залуу Алтан медаль, Монголбанкны –“Хүндэт жуух” “Нягтлан бодож бүртгэлийн Тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгээр шагнуулж байсан аж.

Р.Даваадоржийн эхнэр Б нь хувийн цахим хаягтаа өнгөрсөн дөрөвдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцсэн гурван ч удаагийн пост оруулж үлдээжээ. Үүнээс үзэхэд хүчирхийлэл даамжирч түүний амь насыг авсан байж болзошгүй гэх хардлагад хүргэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн давхарга бүрт үйлдэгддэгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сэрэмжлүүлж ирсэн. Хүчирхийлэл даамжирвал юунд хүргэдгийн тод томруун жишээ энэ болов бололтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 16-18 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгороор 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэв

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болов. Хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Оньдилт ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ойролцоогоор 4 га тайлбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүдийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөв

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ард, иргэдийг урьдчилан сэргийлэхэд уриалах, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан байна.

Уралдааны шилдгээр шалгарсан бүтээлүүд болон сурталчилгаа хэлбэрээр ашиглах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр Соёл урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат хүлээлгэн өглөө.

Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс шүүгчдийн саналаар нэгдүгээр байрт график дизайнер Д.Алтантулгын “Сонор сэрэмжээ бүү алдаарай”, хоёрдугаар байрт график дизайнер, зураач П.Алтансүхийн “Тэнгэрийн нүд”, гуравдугаар байрт график дизайнер Б.Энхтунгалагийн “Гэр гэртээ”, тусгай байрт график дизайнер, зурагчин Б.Чадраабалын “Хамтдаа сэргийлье” гэрэл зургийн цуврал бүтээл тус тус шалгарсан байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшнээс гарах үнсийг дахин боловсруулж ашиглана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудын галлагаанаас гарч буй үнсийг агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэн судалгаа шинжилгээнд оруулах, ангилан ялгах, тээвэрлэх, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/1206 тоот захирамжаар энэхүү ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийн хурал нийт гишүүдийг хамарсан албан байдлаар таван удаа, албан бус цаг үеийн асуудлаар 12 удаа хуралдаж, тухай бүртээ ажлын явц, үр дүн, үүрэг даалгаврын биелэлт, дараагийн авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэн оролцогч талуудад дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд нэмэлтээр ашиглах тохиолдолд шатаалтыг бүрэн явуулсан, хог хаягдал шатаагаагүй, стандартын шаардлага хангасан үнс байх шаардлагатай. Дутуу шатсан нүүрсний хэмжээ стандарт үзүүлэлтээс давсан үзүүлэлттэй байгаа тул үнсийг ашиглахын өмнө заавал шигшүүрээр шигшиж, дутуу шатсан нүүрс, хогийг ялгасны дараа дутуу шатсан нүүрсний агуулгыг тодорхойлох хэрэгтэй. “Барилга архитектур корпораци” барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитай хамтран энгийн, төслийн, нам даралтын зуухны шатаалтаас гарсан гэх гурван төрлийн үнсний дээжид физик механик үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хорооны 7684 хашааны 11845 өрхийг сонгон туршилтын үнс ангилан тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллын айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшнээс гарах үнс болон Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнсийг дахин боловсруулж ашиглана. Мөн өрхийн түвшинд үнсийг хөргөн, хогийг шигшин ангилан ялгалт хийж үнсийг тээвэрлэлт хийхэд бэлэн байх туршилтыг хийсэн. Айл өрхүүдэд хяналт тавин бүртгэл хөтлөн ангилсан үнсийг тээвэрлэн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт цуглуулалт хийж байна” гэсэн мэдээллүүдийг өглөө.

Түүнчлэн цахилгаан станцын үнсийг дахин уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах, авто замын барилгын ажилд дүүргэгчээр ашиглах зэрэг туршилтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Үнсийг шууд байгальд нь хаяж болохгүй. Буцааж ашигтай бүтээгдэхүүн болгох боломж байгаа учраас холбогдох дүүрэг, газрууд энэ чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах шаардлагатай” гэв.

3334 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ

Дараа нь зөвлөлийн хуралдаанд сайжруулсан түлшний үйлдвэр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой санал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлын тайлан, сайжруулсан түлш нөөцлөх ажлын хүрээнд цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэсэн юм.

Тэрбээр “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүст харьяалагдах айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараах ажлыг зохион байгууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан сайжруулсан түлшний агуулахаас Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Улаанчулуутын агуулахад 1279 тонн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр бааз буюу Ганц худгийн ойролцоо агуулахад 30 тонн, нийт 1309 тонн түлш нөөцөлж эхлээд байна. Нэмэлтээр “Тавантолгой түлш” ХХК-ийн Баянзүрх дүүргийн ШШГЕГ-ын хорих 441 дүгээр ангийн байранд 205 тонн, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дундын баазад 738 тонн, бусад дөрвөн дүүргэд байрлах 10 дундын саравчинд 1082 тонн, нийт 2025 тонн түлш нөөцөлсөн. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 3334 тонн түлшийг тээвэрлэж нөөцөллөө” гэв.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах явцад төрийн албан хаагч нар, түлш борлуулагч, тээвэрлэгч, айл өрх, аж ахуйн нэгжид тулгамдаж байсан асуудал, дэвшүүлэх санал санаачилгыг нутгийн захиргааны нийт байгууллагууд, төрийн өмчит байгууллага, дүүргүүдээс авч нэгтгэлээ. Үүнд нийт 47 байгууллага давхацсан тоогоор нийт 404 саналыг ирүүлсэн. Үүнээс 323 нь дэвшүүлж буй санал, 81 нь тулгамдсан асуудлын талаарх санал байсан. Цаашид энэ хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон төрийн өмчит байгууллагуудаас ирүүлсэн саналыг тус байгууллагад хүргүүлж хэрэгжүүлсэн ажлын тайланг сар бүр танилцуулах үүрэг чиглэлийг өгөх нь зүйтэй гэж орлогч Д.Мөнхжаргал онцолж хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Сар бүрийн 25-ны дотор “Тавантолгой түлш” ХХК иргэд, олон нийт болон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу хэрэгжүүлсэн ажлын тайлангаа холбогдох албаны хүмүүст ирүүлж байх нь шаардлагатай. Мөн энд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар тодорхой үүрэг хүлээж ажиллана” гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Үндэсний их баяр наадмаа хийнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгвэл ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгууулах нь зөв хэмээн үзлээ.

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.

Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулвал төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай. Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.