Categories
мэдээ нийгэм

Пакистаны 107 хүнтэй нисэх онгоц Карачи хотод унажээ

Саяхан Пакистаны PIA (Pakistan International Airlines) компанийн 99 зорчигч, экипажийн найман гишүүнтэй нисэх онгоц Карачи хотын хүн амын суурьшлын бүсэд унаж осолджээ.

Лахор хотоос хөөрсөн онгоц Карачи хотын Жиннах олон улсын нисэх буудалд газардах гэж байсан гэнэ.

Одоо ослын газарт аврах албаны ажилтнууд ирж, хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна.

Сошиал сүлжээнд онгоц унасан газраас хар утаа олгойдож байгааг харуулсан дүрс бичлэг, зурагнууд тарсан байна.

Пакистан улсын агаарын тээврийн салбарт томоохон осол үе үе гардаг, нислэгийн аюулгүй байдлын үнэлгээ муутайд тооцогддог.

2010 онд тус улсын Airblue компанийн нисэх онгоц Исламабад хотын ойролцоо осолдоход 152 хүн амь үрэгдсэн нь Пакистаны түүхэнд агаарын тээврийн хамгийн том осол болжээ.

2012 онд Bhoja Air компанийн 121 зорчигч, экипажийн зургаан гишүүнтэй Boeing 737-200 нисэх онгоц Равалпинди хотод газардах гэж байгаад осолдоход онгоцонд явсан бүх хүн амь үрэгдэж байв.

Хамгийн сүүлд 2016 онд PIA компанийн нисэх онгоц тус улсын умард бүс нутгаас Исламабадын чиглэлд нисэж явахдаа шатаж, 47 хүн амь үрэгдэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Евразийн эдийн засгийн комисстой цахимаар хуралдав

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хоёр талын шинжээчдийн багийн анхдугаар уулзалтыг энэ сарын 22-нд видео хурал хэлбэрээр зохион байгуулав.

Цахим уулзалтын хүрээнд энэхүү Чөлөөт худалдааны хэлэлцээрийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажлуудыг идэвхжүүлэхээр талууд харилцан солилцох мэдээлэл, хамтарсан ажлын багийн цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээ, замын зураглалын талаар санал солилцсон байна.

Уулзалтад Евразийн эдийн засгийн комисс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн ОХУ, Беларусь, Армен, Казахстан болон Киргиз Улсын төлөөлөгчид, монголын талын ажлын багийн гишүүд болон Элчин сайд Д.Даваа нар оролцов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавдугаар сарын 25-нд Засгийн газрын гишүүд давхар дээлээ тайлсан байх ёстой

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тавдугаар сарын 25-наас нэлээд хэдэн заалтыг мөрдөж эхэлнэ. Үндсэн хуулийн зургадугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөнө” гэсэн байна. Харин Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэгдүгээрт “Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй ажиллаж байна. Хэрэв үүнийгээ Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхгүй бол Засгийн газар огцрохоос өөр аргагүйд хүрнэ. Одоогийн эрх баригч МАН-ынхан 2014 онд Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийг давхар дээлээ тайл хэмээн эсэргүүцэн жагсаж, зураг хөрөг шатааж сүйд болж байсан цаг мартагдаагүй. Төд удалгүй жагсаал тэргүүлж явсан Ж.Мөнхбат гишүүн өөрөө давхар дээлтэй сайд болчихсон тууж явсан даа. 2016 онд МАН сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж, “давхар дээл” нөмөрсөн эрх мэдэлтнүүд төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашгийн төлөө хуульгүй мэт удирдаж байн” хэмээн шүүмжилж ирээд оруулсан байдаг. Дараа нь өөрсдөө түүхэндээ байгаагүй зуун хувийн давхар дээлтэй Засгийн газрын танхим бүрдүүлсэн. Давхар дээлний асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэд хэдэн удаа хуулийн төсөл оруулаад буцаж байсан. Ингээд сая нэг юм УИХ-ын гишүүн, сайд хоёрыг Засгийн газрын бүх гишүүн хавсран гүйцэтгэдэг байдал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цэгцлэгдэж, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь давхар дээлтэй байхаар заасан. Дагаж мөрдөх хугацааг ч тодорхой болгосон. Энэ бол тавдугаар сарын 25.“Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдчихсэн байгаа. Хэрэв Засгийн газар Үндсэн хуулиа дагахгүй энэ бүрэлдэхүүнээрээ тавдугаар сарын 25-ны өдөртэй золговол тэр цагаас хойш гарсан Засгийн газрын бүх шийдвэр хүчин төгөлдөр бус болно. Үндсэн хуулийн бус Засгийн газрын шийдвэр учраас. Энэ бүхнийг эрх баригчид анзаарсангүй юу. Анзаарсан ч аргалчихна гэж бодсон уу. Нэгэнт Үндсэн хуулиа баталсан хойноо сандралдан янз бүрийн тайлбар хэлээд хэрэггүй. Бид Үндсэн хуулиндаа л итгэнэ. Одоо эрх баригчид Засгийн газрын хуулиндаа өөрчлөлт оруулаад түүнийгээ сонгуулийн дараачаас буюу долдугаар сарын нэгнээс мөрдөөд эхэлж болно гэсэн хачирхалтай тайлбар хэлээд сууж байна. Үндсэн хуулиас давсан хууль гэж байхгүй. Ямар ч хууль Үндсэн хуулиндаа нийцсэн байх ёстой.

Өнөөдрийг хүртэл Үндсэн хууль судлаачид болон, хэдэн хуульч л үгээ хэлж байгаа болохоос сөрөг хүчин, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, бие даагч, Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөдөг цорын ганц албан тушаалтан болох Монгол Улсын Ерөнхийлөгч дураараа дургиж байгаа эрх баригчдын үйлдлийг яагаад зүгээр хараад сууна вэ. Үндсэн хуулийг сахин хамгаалах ёстой Цэц ч анхаарах биз ээ.

Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлт нь эрх баригчдын төлөөлөл болж яриад байгаа гишүүдийн хэлж байгаа шиг агуулгатай ороод ирвэл эрхбиш Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих байлгүй дээ.

Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр хэвлэлийн хурал зарлаж, хамгийн анх энэ талаар дуугарсан. Мөн Үндсэн хуулиндаа нийцүүлж давхар дээлнээсээ салах боломжтой хуулийн төсөл боловсруулан Ерөнхий сайдын ажлын албанд хүргүүлэх болсноо мэдэгдсэн. Ч.Өнөрбаяр “Засгийн газрын хуулийг өргөн барьж батлахдаа долдугаар сарын нэгнээс мөрдөхөөр хийхэд асуудал байхгүй гэж яриад байх юм. Үндсэн хуульд бусад хууль нийцэх ёстой. С.Бямбацогт Хууль зүйн сайд хийж байсан хүн. Үүнийг мэдэх ёстой. Таны яриад байгаа наад Засгийн газрын тухай хууль чинь Үндсэн хуультай зөрчилдөж болохгүй. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25 гээд цагаан дээр хараар бичсэнийг та нар яагаад гуйвуулах гээд байгаа юм. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэдэг Үндсэн хуулийн байгууллага. Энэ бол бусад хуулиар байгуулагддаг, яам, агентлаг биш. УИХ яаж байгуулагддагийг Үндсэн хууль дээр биччихсэн байгаа биз дээ. УИХ-ын дарга Г.Занданшатар та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулчихаад баяр хөөр болоод бал сараа тэмдэглэсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үг, үсэг, цэг, таслал бүрийг та УИХ-ын даргын хувьд хариуцах үүрэгтэй. УИХ-ын даргын албан тушаал ямбалдаг албан тушаал биш. Ачааны хүндийг үүрч хариуцлага үүрдэг албан тушаал. Яагаад өөрөө гарч ирж ярихгүй байгаа юм. Засгийн газар огцрох эрх зүйн үндэслэл бий. Үндсэн хуулийн хайчинд Засгийн газар орчих вий гэж яагаад тооцоогүй юм. Засгийн газрын бүтцээ цомхон болгох боломж бий. Засгийн газрын бүрэлдэхүүнээ давхар дээлгүй болгох боломж бий. Үндсэн хуулийн дээгүүр төр засаг нь алхвал цаашдаа буруу жишиг тогтоно. Цаашид эрхтэн дархтан хэн нэгэн гарч ирээд Ардчилсан Үндсэн хуулийг зөрчдөг буруу жишиг тогтоно” хэмээн анхааруулсан.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ”Үндсэн хууль бол хуулийн тогтолцооны хувьд төдийгүй засаглах хүч нөлөөний хувьд хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг. Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас гэж тогтоосон. Үр дагавраа тооцож байж хуулиа баталсан байлгүй дээ. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, төрийн зохион байгуулалт, албан тушаалтны томилгоо хийгдвэл түүнийг иргэд эсэргүүцэх, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй. Нөгөө талаас Цэц Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй байгууллага. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, харилцааг зөвтгөж, зөвшөөрөх эрх Цэцэд байхгүй” гэсэн юм. Хуульч Т.Мэндсайхан “Үндсэн хуулийн байгууллага учраас Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийн хязгаарлалт шууд хэрэгжинэ. Ерөнхий сайд үүнд бэлэн байх ёстой. Үндсэн хууль дээд эрэмбийн хууль учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох тавдугаар сарын 25-ны өдрөөс түүнд харшилсан бүх хууль тогтоомж, тэдгээрийн зүйл заалтууд хүчингүй болно. Харшлаагүй зүйл заалт хэвээр үлдэнэ. Х.Нямбаатар гишүүн 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуультай ижилтгээд органик хуулиар хэрэгжих хугацааг хойшлуулах тухай ярихдаа 1992 ба 2019 онд тэмээ, ямаа шиг ялгаатай хууль зүйн техник ашигласныг ойлгоогүй байна. 1992 оны Үндсэн хууль нийгмийн тогтолцоог бүхэлд нь шинэтгэх агуулгатай байсан бол 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь төрийн тогтолцоонд тохиргоо, засвар хийх шинжтэй учраас тэдгээрийн шилжилтийн буюу дагаж мөрдөх журам нь адилхан байх шаардлагагүй, адилтгах ч боломжгүй” гэв. Харин эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн хайчинд орсноо мэдсэн үү энэ талаар огт дуугарахгүй байгаа. Энэ асуудлаар С.Бямбацогт гишүүн Засгийн газрын хуулиа долдугаар сарын нэгнээс мөрдөхөөр өөрчилнө” гэсэн. Х.Нямбаатар гишүүн тавдугаар сарын 25-нд үйлчилж эхлэх нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газар захирагдахгүй гэх утга бүхий тайлбар хийх шиг боллоо. Тэрээр “ҮХНӨ-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай. Хаврын чуулганаар арав гаруй органик хуулийг батлах үүрэг хүлээсэн. Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэн ажиллаж байна. Магадгүй ирэх тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх журмын хуулиар ийм харилцааг зохицуулдаг” гэжээ. Эрх баригчдаас дээрх хоёроос өөр хүн одоогоор олигтой дуугараагүй л байна. Гаргалгаа гарц хайгаад л байгаа дуулдсан. Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн эхний эгнээнд Засгийн газрын тухай хууль жагсчээ. Үндсэн хууль зөрчин дээрх хуулийг баталвал эрх баригчдыг Цэцэд өгөх иргэд, хуульчид урт дараалал үүсгэх нь дамжиггүй.

Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, баталж чадлаа гэж шоу хийж, малийтал инээсэн зургаа хаа сайгүй тавихын оронд энэ заалтаа анхаарах ёстой байж.

Хуульч Б.Чимид “Үндсэн хууль бол алганд багтах эх орон” гэж хэлсэн байдаг. Гэтэл түүний хэлсэн үгийг эш татаж ирээд л даналзаад байсан эрх баригчид хурууныхаа үзүүрээр бидний дээдлэн сахих Үндсэн хуулийг зөрчихийг санаархаж байна. Тэгвэл “УИХ Үндсэн хуулийг өдөр бүр сахиулах үүрэгтэй” гэж Б.Чимид хуульч хэлж байж. УИХ-ын дарга Г.Занданшатар та үүргээ биелүүлнэ үү. Сахиулж, хамгаалах ёстой Үндсэн хууль чинь санасныхаа зоргоор өөрчилж болдог нэг Засгийн газрын тоглоом биш шүү.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрт тархаад байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрт тархаад байна. Сүүлийн 24 цагт 116 мянган хүн шинээр халдвар авсан.

ОХУ-д өчигдөр 8,849 хүн халдвар авсан бөгөөд нас баралт нэмэгдэж байна. Манай олон аймагтай хиллэдэг Тува, Буриад, Читэд өвчлөлийн тархац нэмэгдэж байгаа тул иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагахыг уриалж байна” гэв.

Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 30 нь эмчлэгдэж гарснаар 111 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.

Сүүлийн 24 цагт 3 ажиглалтад орж, 263 хүн гэрийн ажиглалтад шилжжээ. Ингэснээр 1,394 хүн ажиглах байранд байна. Тэдний 182 нь архаг хууч өвчтэй бөгөөд иргэдэд 41 их эмч, 36 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгааг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Түүнчлэн тэрбээр 11 их эмч орон нутгийн 13 галт тэргэнд ажиллаж 5127 зорчигчид тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүйг дурдлаа.

Шуурхай 119 дугаарын утсанд сүүлийн 24 цагт гадаадаас 11 иргэн коронавирусийн эмнэл зүй, зөвлөгөө мэдээллийг авсан.

Categories
мэдээ улс-төр

Япон Улсаас төслийн бус буцалтгүй тусламж олгоно

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүтэй энэ сарын 22-нд утсаар ярив.

Талууд “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан хоёр улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг харилцан танилцуулж мэдээлэл солилцов.

Сайд Д.Цогтбаатар энэхүү цар тахлын аюулыг дэлхийн улс орнууд гагцхүү хамтын хүчээр даван туулна гээд энэ чиглэлд бүс нутгийн түвшинд дэвшүүлж буй тодорхой санаачилгуудаа танилцууллаа. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги цар тахалтай тэмцэхэд бүс нутгийн нягт хамтын ажиллагаа нэн чухлыг онцлохын сацуу Монгол Улсаас дотооддоо халдварыг тархаалгүй, эхнээс нь үр дүнтэй арга хэмжээ авч, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж байгааг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэв. Мөн Япон Улсын Засгийн газраас манай улсад эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад шуурхай санхүүгийн дэмжлэг, төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв.

Сайд Д.Цогтбаатар эдгээр тусламж дэмжлэг болон олон улсын байгууллагуудын шугамаар үзүүлсэн туслалцаа, Авиган эмийн нийлүүлэлтэд гүн талархал илэрхийлэв.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлд хамтран ажиллаж, Стратегийн түншлэлийг улам гүн

Categories
мэдээ нийгэм

Коронавирусээр халдварласан 30 хүн эдгээд байна

“СОVID-19”-өөр өвдсөн хоёр оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 141 тохиолдлоос 30 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Тэдний нэг нь нэг нь 37 хоносон бол нөгөө нь 39 хоноод эдгэрчээ.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 111 хүн эмчлүүлж байгаагаас 86 нь хөнгөн, 25 нь хүндэвтэр байгаа аж.

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусний халдвар илрээгүй байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор Улсын Нэг болон Гуравдугаар төв эмнэлэг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 17 сорьц багтжээ. Мөн Энхийг сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Түүнчлэн Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр, нийт 44 хүнд шинжилгээ хийхэд халдваргүй гарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “ХҮҮХНҮҮД”

Америкийн ядуусын дуу хоолой, бохир реализмын туг залуурч хэмээн алдаршсан Чарьлз Буковский олон мянган шүлэг, хэдэн зуун өгүүллэг, зургаан роман бичсэн хөдөлмөрч нэгэн. “Хүүхнүүд” роман нь түүний хамгийн алдартай, бас хамгийн их борлогдсон бүтээл. “Зохиолч хүн сайн мэдэх зүйлийнхээ талаар л бичдэг” гэх үгийн бодит жишээг Буковскийн эл романаас мэдэрч болно. Учир нь “Хүүхнүүд” бол Чарьлз Буковскийн намтарчилсан бүтээл. Тиймээс л энгийн хэрнээ “гашуун” хэл найруулга, амьдралыг гоёчлолгүй, архидалт, салалт, амрагийн явдал гээд байгаа чигээр нь “шулуун шударга” өгүүлснээрээ уншигчдыг соронздон татдаг биз. Романд Хэнри Чинаски хэмээх 50 гаран настай эрийн хэсэг хугацааны амьдралыг өгүүлнэ. Тэрээр хүүхнүүдэд татагдаж, тэднийг хүсэн тачаадаж, өвөртөө оруулж, өөртөө дурлуулж ч чаддаг сүйхээтэй хижээл эр. Гэхдээ тэр өөрөө тэдэнд дурлаж, шаналж, дэргэдээ тогтоон барихыг хичээхгүй.

Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц араншинтай, эрчүүдээс огт өөр оршихуйн шинж чанартай хэмээн бодож, адал явдалт учрал бүрийнхээ дараа дээрх бодлоо улам бататгах Чинаскигийн хүүхнүүдтэй харилцдаг “хэл” нь тун энгийн. Ердөө л архи дарс, морин тойруулга, яруу найраг, ор хөнжил…

Чинаски хэзээ ч төвөгтэй, ээдрээтэй зүйлийн талаар боддоггүй. Гүн ухаан, шинжлэх ухаан гэх мэт толгой эргүүлсэн бүхнээс ангид оршино. Энэ нь түүний оюун санаан дахь минимал байдлыг тодотгоно. Байсхийгээд л хаалгыг нь балбаж, эсвэл утас цохих янз бүрийн насны хүүхнүүд уулзах санал тавихад тэр хэзээ ч татгалздаггүй. Мэдээж хүүхнүүд түүнээс нэг л зүйлийг хүснэ. Мань эрийн хамгийн сайн чадах, бас хамгийн ихээр хүсдэг тэр л зүйл. Өөрөө ч тэдгээр хүүхнүүдээс илүү зүйл хүсдэггүй, шаарддаггүй. Адаглаад л уух юмаа өөрийнхөө мөнгөөр авна. Мөнгөгүй боллоо гээд шаналахгүй. Мөдхөн л чөлөөт уншлага хийх санал аль нэг хотоос ирэхийг мэднэ. Мэдээж хүссэнээр нь болж, хэрэглээнийхээ мөнгийг халааслаад л авна. Ер нь Чинаскигийн амьдралын хэв маяг, үргэлж амжилтын араас цангаж явдаг, амжилт гэх үгийг зүрхэн тусаа цүүцдэж орхисон манай залууст тун ойлгомжгүй. Тийм ч учраас Буковскийн “Бүү хичээ” гэх алдарт үгсийг зориуд эшилмээр санагдлаа. Хүн бүхэн амжилт үзүүлнэ гэсэн сохор зорилгын араас махартлаа зүтгэж, эцэстээ өөрийн оршихуйн мөн чанараа үгүйсгэн сууна гэдэг хичнээн эмгэнэлтэй байх билээ.

Ялангуяа диваажин шиг амьдралыг мөрөөдөж шинэ тивийг зорьсон XX зууны эхэн үеийн сая сая цагаачдын цуваа. Дор бүрнээ шинэ санаа тээж, шинэ мөрөөдлөөр жигүүрлэсэн Нью-Йорк хотын залуус. Амьдрал хичээж зүтгэсэн болгонд аз ерөөхгүй нь гачлантай. Гэмт хэрэг, зөрчил тэмцлээр дүүрэн их хотын амьдрал. Буковский өөрөө тэр л цагаачдын нэгэн төлөөлөл. Тийм болохоор ядуу гуйланч, эмх замбараагүй амьдралын хэмнэлээс эрх чөлөөнд тэмүүлсэн тэрслүүд эрийг дотроо бий болгож “Битгий хичээ” хэмээн уншигчдаа “зэмлэсэн” байх.

Романыг унших явцад сонирхолтой, заримдаа галзуу ч гэмээр санагдах өгүүлэгчийн хүүрнэлээс “Бодол санаагаа аятайхан ойлгуулчихдаг болохын тулд хүн дор хаяж тавин жил амьдрах хэрэгтэй гэж ярьдаг ч үнэний ортой үг”, “Хүн төрөлхтөн боловсрол гэж шинэ бурхантай болж, боловсролтой эрчүүд гэж шинэ чононууд гараад ирж”, “Хатуу хөтүү амьдралын буулгыг тэсэж үлдсэн хүмүүс тамхилцгааж байна. Амьд байна гэдэг маань өөрөө ялалт”, “Хүн нэг дуугаа олон сонсоод уйдахгүй хэрнээ, яруу найргаас бол үргэлж л шинийг хүсдэг юм” зэрэг хүчирхэг илэрхийллүүдтэй үе үе тохионо. Эдгээр үгс л “Хүүхнүүд” романы үнэ цэнийг тодорхойлж, Буковскийг гашуун усанд дуртай ганцаардсан уран бүтээлчээс “нийгэмдээ тэрслэгч” хүчирхэг дуу хоолой болгож байна.

“Зовлон минь уур хилэн болж, уур хилэн минь уран бүтээл болсон юм”

Чарьлз Буковский

А.МӨНХЗУЛ


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Байгальмаа яагаад зөрчил гаргаагүй Н.Номтойбаярын нэрийг авч үлдэв!!!

Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг хүлээн авчээ. Үүнээс Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргилыг бас нэг хүний хамтаар “хуулийн шаардлага хангаагүй байна” хэмээн нэрийг нь хасчээ. Өөрөөр хэлбэл, СЕХ-нд 95 нэр дэвшигч материалаа өгснөөс ийнхүү хоёр нь хасагдаж, 93-н бие даагчийн материал шаардлага хангасан гэж үзсэн байна. УИХ-д нэр дэвших эрхээ авсан ч дээрх хасагдсан хоёр хүн дээр тодорхойгүй байдлаар нэр дэвшигч Н.Номтойбаярын СЕХ-нд өгсөн материалыг Ерөнхийлөгчийн зөвлөх асан, СЕХ-ны гишүүн Г.Байгальмаа материалыг нь ямар ч тайлбар хэлэхгүйгээр “нягтлаж” үзнэ хэмээн татаад авсан аж.

Уг нь нэр дэвшигчдийн материалыг хуулийн шаардлага хангасан эсэхийг нь шалгадаг газрууд нь шалгасны эцэст Сонгуулийн Ерөнхий хороо руу албан ёсоор өгдөг гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл хуулийн шаардлага хангасан, бичиг баримтын зөрчил гаргаагүй Н.Номтойбаярын материалыг хаанаас, хэнээс улстөрийн нөлөө орж нэрийг татуулахаар ийнхүү улайрч эхлэв гэдэг нь эрхгүй анхаарал татна.

Ямартай ч Г.Байгальмааг Н.Номтойбаярын материалыг өөр дээрээ татаж авсных нь дараа нэр дэвшигч 92 хүний материалыг албан ёсоор баталж тогтоол нь гарчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн зөвлөх асан, СЕХ-ны гишүүн Г.Байгальмаад хэн нэгэн улстөрч нөлөөлөв үү гэж ч хардаж байна. Эцэст нь энэ сарын 25-ны өдөр СЕХ нэр дэвшигчидээ албан ёсоор зарлах бөгөөд үүнд Н.Номтойбаярын асуудал хэрхэн шийдэгдэв үнэхээр улстөрийн хор орж уу үгүй гэдгийг харах л үлдлээ.

Categories
гадаад мэдээ

Өвчлөлийнхээ тоогоор Бразиль хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ

Тавдугаар сар гарснаас хойш Латин Америкийн улсуудын нөхцөл байдал эрс муудсан талаар ДЭМБ мэдээлэх болсон. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Латин Америкийн Бразиль улс коронавирусээр өвчилсэн иргэдийнхээ тоогоор дэлхийн хэмжээнд хоёрт бичигдэж эхэллээ. Тэд АНУ-гийн дараа бичигдэж байсан ОХУ-гийн халдварт хүмүүсийн тоог давж 330890 хүн ковидоор өвчилсөн гэж Жон Хопкинсийн их сургуулийн мэдээнд дурджээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Бямбасүрэн: УНТЭ-ийн чих, хамар хоолойн тасаг Монголдоо хоёр төрлийн шинэ технологийн мэс заслыг нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар,хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АУны доктор Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-УНТЭ-ийн хувьд чих, хамар хоолойн мэс заслын шинэ технологийг нэвтрүүлээд байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Манай эмнэлгийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээн дээр олон талаараа анхдагч байсаар ирсэн. Тухайлбал манай чих, хамар, хоолойн тасгийн хамт олон Монгол Улсын чих, хамар, хоолойн мэс заслын хөгжилд хоёр ч шинэ технологийг нэвтрүүлээд байна. Энэ нь хамрын таславчийн цоорхой нөхөн сэргээх болон хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах мэс заслууд юм. Уг мэс заслуудыг эх орондоо хийдэг болсноор иргэд маань хямд зардлаар дэлхийн түвшинд хүрэхүйц үр дүн бүхий мэс заслын үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Өмнө нь 2010 онд америк эмч нар уг мэс заслыг манай улсад хоёр тохиолдолд хийсэн боловч амжилтгүй болсон. Улмаар бид 2017 онд Америкийн чих хамар хоолойн нийгэмлэгийн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд таславчийн цоорхойг нөхөх шинэ аргын тухай өгүүлэл хэвлүүлсэн байсныг уншиж танилцаад уг мэс заслын арга техникээр үйлчлүүлэгчээ бэлтгэн мэс заслыг амжилттай хийсэн. Одоогийн байдлаар 15 иргэнд уг мэс заслыг хийхэд 13 нь амжилттай болсон. 2019 оноос манай баг хамт олон хамрын таславчийн цоорхойг нутагшуулсан гэж хэлж болно.

Хамрын мэс засал нь бага зайд жижиг хүрцээр хийдэг микро мэс засал юм.

-Манай улсад ийм оноштой иргэд хэчнээн байдаг вэ?

-Сүүлийн үед энэ төрлийн оноштой иргэд ихэсч байна. Ялангуяа агаарын бохирдолтой холбоотойгоор сүүлийн 10 жилд нэлээдгүй өссөн. 1990-ээд онд анх Нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байхад цоорхойтой хүн жилдээ нэгээс хоёр л байдаг байсан бол одоо жилд дунджаар 20-30 хүнийг үзэж оношилж,мэс заслыг хийж байна. Сайн дурантай байснаар мэс засал сайн хийгддэг. Мөн эмч нарын гарын эв дүй, ур чадвар их шаардагддаг.

-Манай улсад уг мэс заслыг хэр өндөр өртгөөр хийдэг вэ. ЭМД-ын 75 хувийн хөнгөлөлтөд хамрагддаг уу?

-Таславчийн цоорхойн мэс засал нь амь насанд эрсдэлтэй ч юм уу тахир дутуу болгох эмгэг үүсгэдэггүй учраас өндөр өртөгт мэс заслын 75 хувийн хөнгөлөлтөд ордоггүй. Тухайн хүний дурангийн хагалгаанд хэрэглэдэг нэг удаагийн хэрэгслүүдийн өртөг болох нэг сая гаруй төгрөгт багтдаг. Харин гадаад улсад энэ төрлийн мэс заслыг 10 мянган доллараар хийдэг. Зарим иргэд гадаадад энэ мэс заслыг хийлгээд дахин цоорсон тохиолдол ч манай дээр ирж байсан. Бид тухайн иргэнд дахин мэс засал хийж амжилттай болсон. Манай багт өнөөдрийн байдлаар 2,5-2,8 см-ийн хэмжээтэй том цоорхойг амжилттай нөхсөн сайн үр дүн байна.

-Иргэд маань хамрын таславч цоордог энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Манай орны хувьд цаг агаар хуурайшилттай учраас хамрын доторх хөндий хуурайших, хамраа ухаж гэмтээснээр таславчаа таслах эрсдэл үүсдэг. Хамрын таславч цоороод ирэхээр хамрын урд хэсгээр хонхойн суулт өгдөг. Суулт өгснөөр эрүүл мэндийн болон гаднах төрхийн хувьд ч хохирол үүсдэг учир яаралтай мэс ажилбарт орох нь хамгийн чухал. Хамрын таславч цоорох эмгэг нь хамар ухах зуршил, хамрын хөндийд стеройд цацлагыг удаан хугацаагаар хэрэглэх, химийн ууршимтгай бодисоор удаан хугацаагаар амьсгалах гэх мэт олон төрлийн шалтгаануудаас болж үүсдэг. Хамрын таславчийн цоорлын үед 40 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй боловч, үлдсэн 60 хувьд нь хамар битүүрэх, тав үүсэх, амьсгалахад шүгэлдэх чимээ гарах, өвдөх зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд гардаг. Иргэнд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол эмнэлгийн байгууллагад яаралтай хандах нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм шүү.

-Хоёр дахь нэвтрүүлсэн шинэ технологийн мэс засал болох хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах талаар тодорхой ойлголт өгөхгүй юү?

-Хамрын самалдагны доод махыг авахуулснаар хамрын чийгшил алдагдах, хөндүүрлэн зовиурлах, амьсгалахад янгинаж өвдөх зэрэг хувь хүнд зовиур шаналгаа ихтэй эмгэг үүсдэг. Хамрын самалдаггүй болсон хүнд хавирганы мөгөөрснөөс хэсгийг авч хамрын самалдагт суулгах нөхөн сэргээх мэс заслыг 56 настай эрэгтэйд энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр анх удаа амжилттай хийсэн.Товчхондоо өөрөө алга болсон болон ямар нэг мэс заслын үеийн хүндрэлээс үүсэн байхгүй болсон хамрын хэсгийг шинээр суулгаж байна гэсэн үг.

Уг мэс заслыг хийх болсон нь нэлээд урт түүхтэй. 2018 онд солонгос профессор Европын чих, хамар, хоолойн том хуралд ийм оноштой хүнд мэс засал хийсэн тухайгаа илтгэсэн зураг, видеогоо танилцуулсан. Тухайн илтгэлд мэс заслын процесс болон бусад зүйлсийг нэг бүрчлэн танилцуулж хэсэг тус бүрийг нарийвчлан заасан онлайн хичээл байршуулсан бөгөөд тухайн хичээлийг үзэж, мөн энэ төрлийн эрдэм шинжилгээний өгүүллэгүүдийг маш нарийн судлаад Монголдоо хийх боломжтой юм байна гэж үзсэн. Солонгос багшийн хичээл дээр ийм өвчтэй нэг иргэн өвчнийхөө улмаас стресст өртөж түүнийгээ давж гарч чадалгүй амиа хорлосон тухай дурдсан. Эндээс хамрын самалдаггүй хүн ямар их дарамт, өвчнийг мэдэрдгийг ойлгож болно.

-Өнөөдрийн байдлаар тасагт хэчнээн төрлийн хагалгаа хийгдэж байна вэ?

-Зөвхөн хамарт л гэхэд хамрын хөндийн дурангийн, хамрын дайвар хөндийн дурангийн, хамрын хөндийн ургацаг авах, гоо сайхны, хамрын таславчийн мурийлт засах, хамрын самалдаг засах, хамрын ясны хугарал засах зэрэг нийт 30 төрлийн мэс заслыг хийж байна. Чихний 20 гаруй, чих, хамар хоолойн нийт 70 гаруй төрлийн мэс заслуудыг хийж байна.

-Монголын чих, хамар, хоолойн мэс заслын хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Миний бие “Монголын чих хамар хоолойн нийгэмлэг”-ийн тэргүүнээр ажилладаг. Манай чих, хамар, хоолойн эмч нар олон улсын эмч нартай эн тэнцэхүйц мэдлэг, туршлагатай болсон. Үүний илрэл нь эмч нар маань олон улсын хурал, семинаруудад урилгаар илтгэл тавьдаг, олон улсын томоохон сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний нийтлэлээ нийтлүүлдэг болсон. Өмнө бид бусдын ярихыг л сонсдог байсан бол өнөөдөр үр дүнгээ хуваалцан, харилцан туршлага солилцох чадвартай болж олон улсын эмч нартай нэг түвшинд байгаа нь бидний ахиц, дэвшил юм.

Чих, хамар, хоолойн мэс засал нь маш олон эрхтнийг хамарсан, шинж тэмдгүүд бүдэг, хэтэрхий нарийн жижиг бүтцэд мэс засал хийгддэг. Энэ төрлийн мэс заслыг нүдээр хараад хийх боломжгүй байдаг тул эмч нар маань их олон жилээр бэлтгэгддэг. Нэг мэс заслыг 30 удаа хийхэд тухайн эмчийг анхны мэдэгдэхүүнтэй боллоо, 100 удаа хийхэд эхний байдлаар сурч байна, 500 удаа хийхэд гаршиж байна гэж үздэг. Манай салбарын мэс засалчид маш өргөн мэдлэгтэй, гар хурууны нарийн ур чадвартай байх шаардлагатай байдаг.Хамгийн гол хүчин зүйл нь хүний нөөц болсон эмч нар маань их залуужиж байгаагаас гадна гадаад хэлний өндөр боловсролтой болсон. Мөн 2010 оноос хойш бүх зүйл нээлттэй болж цахимаар сургалт, судалгааны ажлууд дэлхий даяар нэг хэл дээр түгээгдэж байгаа нь эмч нарт маань мэргэжлээрээ өсөн дэвжих боломжийг олгож байна. Арван жилийн дараахь манай салбарын эмч нарын мэдлэг, ур чадвар гайхалтай үр дүнг бий болгоно гэдэгт итгэж байна.

-Баярлалаа.