Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.05.24) ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Тавдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-д 35, Дархан-Уул аймгийн лабораторид 31 шинжилгээ хийгдсэн. Нийт 66 тохиолдлоос коронавирусийн халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний хувьд ачаа тээврийн 30 жолооч, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан нэг хүнд давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Тандалтын зорилгоор нийслэлийн дүүргүүдийн эмнэлгээс цуглуулж авсан таван сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Сайхан мэдээ дуулгахад, өнөөдөр хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 141, эдгэрсэн 32, хяналтад 109 хүн байна. Хяналтад байгаа хүмүүсийн 84 нь хөнгөн 25 нь хүндэвтэр байна.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.05.24) ээлжит мэдээллээ хийлээ.

-Монгол Улсын хувьд коронавирусийн халдварын батлагдсан 141 тохиолдол бүртгэгдсэн. Бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 109 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Ажиглалтад 1391 хүн байгаагаас 130 гаруй хүн нь архаг хууч өвчтэй. Өчигдөр орой ажиглалтад байсан нэг хүн халуурсан учраас ХӨСҮТ-д шилжүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсад замын хөдөлгөөний дүрэм үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрэм 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 18 дугаар хуралдаанаар баталжээ.

Үүнээс хойш 12 удаа шинэчлэн батлагдаж, 5 удаа нэмэлт өөрчлөлт орж, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийг 27 бүлэг, 224 зүйл, 4 хавсралттайгаар шинэчлэн баталж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд 95 жилийн хугацаа өнгөрөөд байна.

Замын хөдөлгөөний дараалал тогтоож, хөдөлгөөнд оролцогчдын эрхийг хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн актыг баталсан энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан иргэдийн замын хөдөлгөөнийг дүрмийн мэдлэгийг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмийг чанд сахин биелүүлснээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг найдвартай хамгаалах ач тустай гэдгийг тогтмол санаж, зөв амьдралын хэвшлийг бий болгоорой гэж Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийн БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм

Нэгдүгээр зүйл: Энэхүү дүрэм хэмжээг шүүн тогтоосон учир нь аливаа гал усны хүчээр явдаг юмыг ачих ба хүнийг зөөх зэргийн тэрэг нааш цааш зөөхөд дор жагсаасан дүрмүүдийг ёсчлон дагаж хойч өдөр хүн малыг дайрах мэтээр хэрэг гарахыг хянуулбаас зохимой.

Хоёрдугаар зүйл: Монголын хязгаар дотор ажил хийж буй тэрэг бүр Аж ахуйн явдлын яам нь шийтгэл үйлдүүлсэн Европын ба Монголын тоогоор бөгөөд томоор бичсэн зэрэг маяг хэмжээний дугаарыг хоёр хувь авч тэрэгний өмнө хойно хоёр дор ил газар өлгөж явбаас зохимой.

Гуравдугаар зүйл: Арван найман нас эс хүрсэн ба харалган, жич дүлий хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой.

Дөрөвдүгээр зүйл: Архич хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой.

Тавдугаар зүйл: Тэрэгний жолооч нь гал усаар хөдлөх машиныг явуулах хэрэглэх сургууль төгссөн үнэмлэх бичигтэй хүмүүс болмой. Үүн дор тайлбарлах нь:

Нэг: Тавдугаар зүйлд дурьдагдсан үнэмлэх бичгийг Аж ахуйн явдлын яамны машин зэрэг хэргийг эрхлэх тусгай хүмүүсээс жолооч болох хүмүүсийг шалгаж үзсэн чадхуй дор олговоос зохимой.

Хоёр: Жолооч болохын үнэмлэх бичиг олохыг хүсэгчид өөрийн биеийн зураг хоёр хувийг хүргүүлэхээс гадна татвар янчаан гурвыг тушааваас зохимой.

Гурав: Гадаад улсын албан газраас жолоочийн сургууль төгссөн үнэмлэх бичиг бүхий хүмүүст 5-р зүйлд заасан бичгийг олгохдоо шалгахгүй бөгөөд гагцхүү биеийн дор өвчин эмгэггүй хэмээн доктороос олгосон үнэмлэх бичгийг албаны газар хураан авч тэмдэг болговоос зохитой. Аливаа хөл доголон буюу нэгэн нүд сохор зэргийн биедээ эмгэг бүхий хүмүүс жолооч болмой.

Зургаадугаар зүйл: Аливаа хүмүүн уурын тэргийг явуулж сурахыг хүсбээс эрх биш мэдэх чадах бөгөөд жолоочийн үнэмлэх бичиг бүхий хүмүүний хамт түүний заавраар сургууль үйлдвээс зохихын гадна хүн малгүй сул газар болмой.

Долдугаар зүйл: Тэрэг бүрт чиглэгэн гэрэл өмнө нь хоёр цагаан хойд талд нь улаан цагаан өнгийн хоёр бөгөөд эдгээрийг наран шингэхээс эхлэн наран гартал хэрэглэвээс зохимой. Өмнөх хоёр цагаан гэрлийг зам харж явахад хэрэглэмой. Улаан гэрлийг хойноос явж буй тэрэгний жолоочид тэмдэг болгомой. Цагаан гэрлээр тэрэгний дугаарыг сайтар гэрэлтүүлж сайн нүдтэй хүнийг 50 алхам газраас харж танихад бэлтгүүлбэл зохимой.

Наймдугаар зүйл: Тэрэг бүрт дуу гаргаж дохио өгөх бүрээ машин хэрэглэвэл зохино. Сирен хэмээх бүрээний дуу урт бөгөөд чанга учир морь малыг ихэд цочоон айлгах тул түүнийг хэрэглэж үл болно.

Есдүгээр зүйл: Тэрэгний жолооч замаар явахдаа байгаа чинээгээрээ дараа дараагаар дохио өгч гудамж бүхий газар төв голоор явж гэм гаргахгүйг хичээж явахаас гадна учиргүй бүрээг дугаргаж үл болмой.

Аравдугаар зүйл: Хот ба хэсэг айлын зэрэг хүн мал олонтой газруудад уурын тэргийг нэгэн цагийн дотор 15 миллээс хэтрэхгүйгээр явуулбал зохимой.

Арваннэгдүгээр зүйл: Нарийн ба багахан мухар гудамж, зах зээлийн зэрэг олон хүнтэй газруудад уурын тэргийг нэгэн цагт 5 милээс хэтрүүлэлгүй явуулбал зохимой.

Арванхоёрдугаар зүйл: Олон хүний нааш цааш явж буй гудамж ба зах зээлийн газарт өмнөх явж буй уурын тэргийг хойноос нь хөөн ирж урьд нь орж явах ба мөн өмнөөс явсан тэрэгний хойно ойр наалдан явж үл болмой.

Арвангуравдугаар зүйл: Зай бага гудамжны буланг эргэж тойрон гарахдаа таван миллээс хурдан биш бөгөөд бүрээгээ уртаар дуун гаргаж дохио өгч явахаас гадна эргэж тойрон гарах булангаас холоор зайлсхийн өнгөрвөл зохимой.

Арвандөрөвдүгээр зүйл: Аливаа замд уулзсан морь мал зочин үргэх айх бөгөөд хүн малд аюултай учир зүйл тохиолдох нь магадлашгүй болох бөгөөд жолооч тэргээ даруй зогсоож тэрхүү морь малыг гэмгүй өнгөрүүлэхийг хичээвэл зохимой.

Арвантавдугаар зүйл: Урд урдаасаа ирсэн хоёр уурын тэрэг уулзах тухайд нь жолооч нар харилцан бүрээгээр буюу гараар анхнаасаа хэрэглэж заншсан дохио тэмдэг өгөлцөж замаа заалцаж зөрөлдөн өнгөрүүлбэл зохимой.

Арванзургаадугаар зүйл: Замд уулзсан жин тээгчид ба аливаа аянчин жинч уурын тэрэг лүгээ зөрөлдөн өнгөрөхдөө уурын тэрэгнүүд баруун гараа дагаж явбал зохимой.

Арвандолоодугаар зүйл: Дээрх 16-р зүйлд дурьдсан жин тээгчид ба сүрэг мал адуу лугаа уулзваас жолооч нар тэргээ татаж нэгэн цагийн дотор 10-н миллээс хэтрэхгүй бөгөөд холуур зайлсхийн явуулж тэрхүү мал адгуусыг айлган зовоохгүй аргыг эрвээс зохимой.

Арваннаймдугаар зүйл: Ус голыг гүүр ба уул даваа мэт нарийн бөгөөд аюултай замыг өнгөрөхөд уурын тэрэгний жолооч нар маш хичээж тэрэг дотор суугаа хүмүүс ба урьдаас ирж уулзсан хүн малын амар өнгөрөхийг бодохоос гадна хэрэв тэр мэтийн гүүр ба зам дээр жинчин аянчин ба сүргээр адуу мал уулзваас жолооч нар тэргээ даруй зогсоож гэм төвөггүй өнгөрсөн хойно цааш явбал зохимой.

Арванесдүгээр зүйл: Хэрэв замын гүүр аливаа хүнийг уурын тэргээр дайруулах мэтээр осолдон аюул тохиолдуулбал тэрэгний жолооч нар тэрхүү хүнийг өөрийн тэргэнд суулгаж ойр дөт бүхий эмч эмнэлгийн газар айлд хүргэж эмнэхүй аргалхуйд бэлтгүүлбэл зохино.

Хорьдугаар зүйл: Аливаа уурын тэрэгний жолооч нар хүнгүй хээр газар явахдаа бие биеэ харилцан туслалцваас зохихоос гадна огт явж чадахгүй болсон зэрэг тэрэгний туслалгүй зүгээр орхиж үл болмой.

Хориннэгдүгээр зүйл: Жолооч нар энэхүү дүрмийг дагахгүй зөрчигчид гарвал тэд нарыг эрүүгийн хуулиар шийтгэхээс гадна шүүх таслах газарт хэргийн онц хүнд ба чухалыг үзэж уурын тэргийг ч албанд хураавал болно. Басхүү жолооч нарын осол омтгойгоос болсон аливаа шийтгэлийг тэрхүү тэрэгний уг эзний этгээдээс хөөн төлүүлбэл зохино.

Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанхундага: Надаас гадна 30 гаруй оюутан ирэх замдаа халдвар авчихаад байхад цаашдаа анхаараач ээ л гэж хэлсэн

Коронавирусийн халдвар авч эмчилгээ хийлгэж буй иргэн А буюу уламжлалтын эмч Н.Алтанхундагатай холбогдож ярилцлаа.


-Таны биеийн байдал ямар байна вэ?

-Бид зургуулаа ирсэн. Хүү бид хоёроос халдвар илэрсэн. Ямар нэг шинж тэмдэг, зовиургүй л байна. Тэгэхээр хөнгөн хэлбэртэй л гэж ойлгоод байна. Харин хүүгийн маань уушгинд жаахан өөрчлөлт мэдэгдсэн учраас эмч нар эмчилгээ хийгээд эхэлсэн байгаа. Эмчилгээний тал дээр бол ярих юмгүй. Манай эмч нар сайн ажиллаж байна.

-Та цахим хуудсаараа дамжуулж Алтанбулагийн боомтоор орж ирснээс хойш халдвар авчихлаа гэж мэдээлсэн. Ийм боломжгүй гэдгийг ЭМЯ-наас мэдэгдсэн. Үнэхээр танд тэгж үзэх үндэслэл бий юү?

-Анх гуравдугаар сарын 28-нд Монголд орж ирсэн оюутнууд дунд миний Санктпетербург хотод надтай хамт ажилладаг байсан охин ирсэн. Тэр охин “Хундагаа эгчээ намайг ирэхэд их хүйтэн өдөр байсан. Их даарсан. Биднийг зургаа, долоон цаг гадаа хүлээлгэж зогсоосон. Сүүлдээ бид уурлаж байж автобусанд суусан. Тэгээд даарснаас болоод замдаа хоолой өвдчихсөн. Тэгсэн намайг шинж тэмдэгтэй, халдвартай байна гээд тусгаарласан” гээд ярьсан. Би ч ажил хийж байгаа хүмүүс алдаж онох зүйл байлгүй л яахав гэж хэлсэн. Дөрөвдүгээр сарын 11-нд дахиад хэсэг оюутнууд хилээр орсон. Ихэвчлэн Москва хотоос очсон хүүхдүүд байсан учраас эрсдэлтэй бүсээс ирсэн гээд Улаан-Үд автобус гаргаад нэгтгээд замдаа дэлгүүр ч оруулалгүйгээр Монголын хилээр гаргаж өгсөн юм билээ. Ингээд Монголын хилээр оронгуут дахиад 40 хүн орох вагонд 100 хүн чихсэн гэж байгаа байхгүй. Тэгээд л 30 оюутан ирсэн байхад нэг нэгээр илэрлээ гэсээр байгаад 10 гаруй оюутнаас халдвар илэрсэн. Нөгөө хүүхдүүдийг нийгэмд адлаад эхэлсэн. Тэр хүүхдүүд биднийг тэгж их чирэгдэлтэй авчирсан юм чинь халдвар авахаас аргагүй гэж ярьж байсан.

-Таны хувьд мөн л дээрх жишээтэй адил халдварыг замдаа авсан гээд байгаа. Хилээр нэвтэрснээс хойш яг ямар байдалтай тусгаарлах байрандаа ирсэн юм бэ?

-Бид нарын хувьд ирэхдээ хэн нь халдвартай, хэн нь халдваргүй гэдгээ мэдэх аргагүй. Ирэхдээ шинжилгээ өгсөн хүн байхад шинжилгээнд хамрагдаж чадаагүй маш олон хүн бий. Магадгүй далд үе дээрээ халдвартай байсан хүн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Миний хувьд өөрийгөө маш сайн хамгаалсан гэж бодож байгаа. Би чинь 30 орчим жил уламжлалтын чиглэлээр ажилласан эмч хүн. Эмч хүн өөрийгөө халдвараас яаж хамгаалахаа эрх биш мэднэ биз дээ. 15 цаг хамт нэг вагонд сууж ирсэн хүмүүсээс 37 хүнээс нь халдвар зэрэг илэрч байна гэдэг ойлгомжтой шүү дээ. Жаахан логиктой харахад л ойлгочих зүйл. Нийтийн вагонд 36 мянган төгрөг төлөөд 15 цаг агааргүй орчинд олноор шахцалдаж ирсэн. Ийм олон цаг агааргүй орчинд явахаар халдвар авахгүй яах юм бэ. Уг нь дөрөвхөн купэтэй вагон гаргахад л нэг вагонд 40 хүн гэж бодоход 200 хүнд таван л вагон гаргахад болчих байсан. Гэтэл хоёр вагонд шахаж ирсэн. За бүр болиг ядаж агаар солилцуулж болох ш дээ.

-Яагаад цонхоо онгойлгочихож болоогүй юм бэ?

-Бид нар агааргүй бүгчимдээд цонх онгойлгохоор чанга яригчаар “Цонхоо хаа”, гээд л загнана. Манай хажуу талын залуу аргаа бараад нууцаар цонхоо онгойлгосон чинь чанга яригчаар “Улаан цамцтай залуу цонхоо хаа” гээд загнасан. Би бүр аргаа бараад муудалцаж үзлээ.Үнэндээ хүмүүс хүлцэнгүй юм. Дээрээс нь энэ халдвар яаж халддаг, ямар замаар халддаг, яаж сэргийлэх гээд ямар ч мэдлэггүй байна. 14 хоногийн хугацаатай. Тэр үедээ илрэхгүй байж байгаад дараа нь шинжилгээгээр илэрдэг. Энэ хүмүүс нууц хугацаандаа ямар ч шинж тэмдэггүй яваад Монголд ирээд шинжилгээр илэрч байна гээд яриад байгаа байхгүй юу.

Гэтэл нэгэн зэрэг 37 хүнээс халдвар илэрсэн байдаг. Энгийнээр тайлбарлахад халдвар авсан өдрөөс хойш вирус хамарт наалдлаа гэхэд эхний дөрөв хоног хамрын салст руу жаахан цаашлаад л байж байна. Тийм болохоор шинжилгээгээр хамрын бүр уг руу вирусийг нь арчаад авчихна гэсэн үг. Хамар залгиурын шинжилгээгээр вирусийг эхний дөрөв хоногт ямар ч эргэлзээгүйгээр илрүүлдэг. Тав дахь хоногоос эхлээд вирусийн тодорхойлогдох байдал бүдгэрсээр 14 хоногоос хамраас тодорхойлогдохгүй болчихдог. Хамраас вирус тодорхойлогдохгүй болно гэдэг чинь тэр хүн вирус аваад зөндөө удчихсан гэсэн үг. Эд нарын яриад байгаа шиг би магадгүй өмнө нь халдвар авчихсан байсан бол сая хамрын салстаас шинжилгээ авахад илэрч байгаа нь вагонд дахиад л халдвар авчихсан байна л гэсэн үг.

-Тухайн үед нь дахин шинжилгээ аваад нотолчих боломжтой байсан уу?

-Яаралтай шинжилгээ аваад хуучин халдвар уу, шинэ халдвар уу гэдгээ л нотолчих хэрэгтэй. Одоо бол надаас дахиад шинжилгээ авахад бараг хуучин халдвар гээд гараад ирэхээр хугацаа өнгөрчихлөө. Халдварын нууц үедээ явсан хүн нь магадгүй тэр сувилалд тусгаарлагдсан хүмүүс дунд байж болох юм. Үүнийг илрүүлэхийн тулд хамар залгиураас гадна вируслогийн шинжилгээгээ л давхар хийчих хэрэгтэй байсан. Алдаа гаргасан бол алдаагаа ойлгоод шуурхай арга хэмжээ авчихад л болох байсан.

-Та халдвартай болохоо мэдсэн даруйд энэ талаар эмч нарт ч юм уу, зохих шатны хүмүүст хандсан уу?

-Би анх энэ талаар тандалтын асуумж авч байсан эмчид хэлсэн. Би ингэж яваад ирсэн. Вагонд л халдвар авчих шиг боллоо гээд хэлсэн чинь цаашаа дамжуулсан бололтой хамт тусгаарласан хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарласан байсан. За ямар ч байсан анхааралдаа авч гэж бодсон. Тэгсэн чимээгүй. Надаас тандалтын маягаар асуусан ч үгүй. Уг нь бол энэ даруйд тухайн хүмүүсийг тусгаарласан юм бол хаагуур явсан, хэнтэй уулзаж байсан гэх зэргээр хавьтлыг хөөж тогтоож болно.

-Халдварт өвчтэй хүний нэрийг нийтэд зарлах эрх зүйн акц байдаг уу. Энэ байдлыг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Ямар ч тохиолдолд өвчтөний нэрийг зарлах ёсгүй. Би эрүүл мэндийн салбарт 30 орчим жил ажиллах хугацаандаа өвчтөний нэрийг зарлаж байсан тохиолдлыг лав сонсож байгаагүй. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг л урьдчилан сэргийлэх үүднээс зайлшгүй тохиолдолд л зарладаг гэдгийг мэдэх юм байна. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан энэ халдварт өвчнөөр өвчилсөн хүнийг бараг ДОХ, тэмбүүтэй хүнээс дорд үзэж гадуурхаж байгаа энэ үед шүү дээ. Ёстой өөрөө эмч хүн тулдаа, миний ард надаас гадна 30 гаруй халдвар авсан гомдолтой хүнийг төлөөлж байгаа юм даа гээд л нүдээ аниад хүлээж авсан. Би Монголоос халдвар авсан гэж хэлээгүй. Гол нь олуулаа нэг вагонд чихэж ирснээс болоод 30 гаруй хүн халдвар авчихлаа. Тиймээс цаашдаа иргэдийг хилээс зөөж байгаа зохион байгуулалт дээрээ анхаараач ээ, сайжруулаач ээ гэсэн үүднээс би дуугарсан. Би эмч нарыг буруутгах гээгүй. Өвчлөхөөс өмнө нь хамгаалах чухал байна. Гэтэл ямар ч зохион байгуулалтгүй хэдэн мал ачиж авчирч байгаа юм шиг хандаж байна гэдэг чинь халдвар орж ирэхэд ийм хайхрамжгүй л байдалтай байгаагийн илрэл. Дахиад ОХУ-аас өчнөөн иргэнээ татаж авах гэж байна. Энэ бүгд дээрээ л УОК анхаарч ажиллаач ээ л гэж байгаа юм. Тэгсэн УОК-т хандаж анхааруулсан биш голоор нь ЭМЯ орж ирээд намайг буруутай мэт тайлбар хийгээд асуудлыг томруулчихлаа. Үнэндээ УОК-ыг удирдаж байгаа хүмүүс нь газар дээр нь очиж шалгадаггүй. Тэнд нэг хүн ахалж ажилладаг. Тэр нь ямар ч зохион байгуулалтгүй байгааг хэлсэн.

-Таныг Улаан-Үдэд халдвартай оюутнуудад эмчилгээ хийж байсан гэсэн?

-Эрүүл мэндийн яамнаас нэгдүгээрт намайг Алтанхундага иргэн гээд зарлаад байгаа. Би эмч хүн. Хэрвээ эмч гэж хэлсэн бол нийтээрээ үзэн ядаж байхад нэг хэсэг нь эмч хүн ингэж ярьж байгаа юм чинь нээрээ юу болсон бол гэж тунгаана. Улаан-Үдэд оюутнуудыг эмчилж байсан юм билээ гээд байгаа. Энэ бол худлаа гэдгийг надтай хамт Улаан-Үдэд тусгаарлагдаж байсан хүмүүс нотолно. Дөрөвдүгээр сарын 13-нд Улаан-Үдээс ирсэн гэсэн. Бид нар дөрөвдүгээр сарын 14-нд Улаан-Үдэд тусгаарлагдаж байсан байрнаасаа такси дуудаад хил онгойход ирсэн. Тухайн хугацаанд хоёр ч удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан гэж би өмнө нь хэлсэн.

Харин Санктпетербург хотод бол халдвартай монгол оюутнуудад эмчилгээ хийж байсан нь үнэн. Гэхдээ ганц ч удаа биеэр уулзаагүй. Онлайнаар холбоотой байж зөвлөмж, зөвлөгөө өгч байсан. Мөн таарч тохирч болох уламжлалтын эм тан өгсөн. Бид чинь яаж ажиллахаа мэднэ шүү дээ. Тэнд 20 гаруй оюутанд эмчилгээ хийж байгаа мэдээг ЭМЯ-нд мэдээлж байсан. Өөрсдөө мэдэж байгаа шүү дээ.

-Та одоо өрөө уламжлалтынхаа танг эмчилгээндээ хавсарч хэрэглэж байгаа юу?

-Та тангаа битгий хэрэглээрэй гэж хэлсэн. Тухайн үед оюутнууд Европын эмчилгээгээр эм зөндөө авч уусан хэрнээ олигтой үйлчлэхгүй байна гэж байхад нь би уламжлалтын тан зөвлөж өгч байсан. Тэгэхэд халдварын шинж тэмдэг маш хурдан хугацаанд арилж байсан. Эмнэл зүйн шинж зовиур нь арилсан гэсэн үг.

Б.Ууганбаяр: ОХУ-ААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ АЖЛЫГ МХЕГ-ЫН ДАРГА Н.ЦАГААНХҮҮ ӨӨРӨӨ ГАРДАН ХАРИУЦАЖ БАЙГАА

ОБЕГ-ын дэд дарга, шуухай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай холбогдож энэ талаар тодрууллаа.


-ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж буй иргэдээ авах ажил зохион байгуулалт муутайгаас 30 гаруй иргэн халдвар авчихлаа гэсэн асуудал үүсээд байна. Үнэхээр зохион байгуулалт дээр алдаа гарсан нь үнэн үү?

-Олон нийтийн сүлжээнд байгаа нуруугаа буруу харуулаад суучихсан зургууд аль эртнийх. Одоо дандаа том автобусаар иргэдээ авч байгаа. Ачаа тээштэйгээ холилдоод байсан зүйлгүй. Иргэд доор тээшний хэсэгт ачаагаа хийгээд ирж байна.

-Тэгвэл боомт дээр иргэдийг хүлээж авч буй хүмүүс хариуцлага алдаад байна уу?

-Яг газар дээр нь МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү ажиллаж байгаа. Тэгэхээр алдаа гаргах үндэслэлгүй. Үнэхээр сайн ажилласан уу, муу ажилласан уу гэдгийг нүдэнд харагдтал сайн ярина. ЦЕГ-аас шалгаад худлаа мэдээлэл гэж тогтоосон байсан. Энэ асуудалд Н.Цагаанхүү дарга үнэн зөв тайлбарыг өгөх байх.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээс энэ талаар тодруулах гэсэн боловч өрөөндөө эзгүй байсан бөгөөд дугаар нь холбогдох боломжгүй байлаа.

Categories
мэдээ цаг-үе

О.Чинзориг: Нийслэлд хүний нүүр царайгаар таньдаг 2000 камер суурилуулна

Нийслэлд хүний нүүр царайгаар таньдаг ухаалаг камеруудыг суурилуулахаар болжээ. Ирэх аравдугаар сар гэхэд эхний 2000 камерыг суурилуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.


-Улаанбаатар хотыг камераар бүрэн хянадаг болно гэсэн. Энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хэчнээн камер суурилуулах вэ?

-Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишигт нийцсэн орчин үеийн камерын системтэй болох гэж байна. Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийслэлээс “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болно. Энэ ажил нь гурван үе шаттай хэрэгжинэ. Энэ жил 2000-аад камерыг суурилуулах төлөвлөгөө гараад байна. 2000 камераас 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь одоогоор замын хөдөлгөөний таван хувийг камераар хянаж байна. Харин 600 камер нэмж суурилуулахад 28 хувийг хянаж чаддаг болно. Үлдсэн 1400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм. Одоо ажиллаж байгаа камераар нийтийн эзэмшлийн зам талбайн 10 хувийг хянаж байгаа бол энэ жилдээ багтаад 20 хувийг хяналтдаа авах юм.

Цаашдаа 2021 онд хотын сууршлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолсон. Ингэснээр гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзэж байгаа.

-Одоогоор хэчнээн камер ажиллаж байна?

-Улаанбаатар хотод 311 км/кв сууршлын бүс байдаг. Сүүлийн арван жилийн хугацаанд нийтдээ 3600 камерийг нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр суурилуулсан байна. Эдгээрээс одоогоор 40 гаруй хувь нь эвдэрч, ажиллагаагүй болсныг шалгаж тогтоолоо. Технологийн хувьд хуучирсан, техникийн хугацаа дууссан гээд янз бүрийн шалтгаантай. Очоод үзэхээр камер байдаг боловч дүрс байдаггүй, дүрс байсан ч чанарын шаардлага хангадаггүй болсон байна. Уг нь бүгд ажиллаж байсан бол 3600 камер нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 10-аад хувийг хянах байсан гэсэн үг л дээ.

-Ухаалаг камер нь нүүр царайгаар таних боломжтой гэсэн. Технологийн давуу талуудыг танилцуулахгүй юу?

-Хүний царай таних, царай нь харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар таних, авто зогсоол сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан автомашин болон хүний байрлал маршрутыг дагаж мөрдөх, осол аваар гаргахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг олон талын давуу талтай ухаалаг систем юм. Дэлхийн хотуудад ашиглаж байгаа, туршигдаж шалгарсан хамгийн сүүлийн үеийн камеруудыг суурилуулна. Саяхны жишээ хэлэхэд, Хятадад эрэн сурвалжлагдаж байсан этгээд нуугдаад яваад байхад л камераар шүүгээд 30 минутын дотор барьсан тухай мэдээ CNN-ий мэдээгээр гарч байсан. Улаанбаатар хотын сууршлын бүсийн 80 хувийг хянадаг болоход мөн гэмт хэргийн илрүүлэлт ийм хэмжээнд хүрэх юм. Одоо манайх 20-30 сая төгрөгийн тендер зарлаад таван камер тавиад, хорооны буланд нэг дэлгэц угсраад камержуулчихлаа гээд яриад байгаа. Энэ байдал хоцрогдож байна. Ухаалаг камерын мэдээллийн систем нь улаан өнгийн машин хаагуур өнгөрсөн байна гээд хайхад бүх дүрсээ авчраад хайлтаа хийгээд, хоёр гурав хувилж хадгалж хамгаалдаг ийм систем байгаа.

-Одоо бэлтгэл ажил нь ямар шатандаа явж байна вэ?

-Одоо энэ ажил дээр хамтарч ажиллах байгууллагууд судалгаагаа хийж дууслаа. Цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагууд мөн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагууд хамтраад аль цэгт ямар камер байршуулбал тохиромжтой вэ, алслагдсан гэр хороололд ямар төрлийн камер байршуулах вэ, хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд ямар төрлийн камер хэрэгтэй вэ гэдэг ерөнхий судалгаагаа гаргаад бэлэн болгосон. Одоо үндсэн ухаалаг систем болох камераа сонгох ажлууд ид явагдаж байна. Камер сонголт хийх ажлын хэсэг гарчихсан байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас гадна манай Шинжлэх ухааны академи, мэдээллийн технологийн салбар, гадны эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон мэргэжлийн баг хамтран үндсэн системээ сонгох ажил явагдаж байна.

Төлөвлөгөөгөөр энэ сардаа багтаад камер суурилуулалт угсралтын ажил хийж эхэлнэ. Үндсэндээ ирэх аравдугаар сарын нэгэн гэхэд төслийн маань нэгдүгээр үе шат дуусч үр дүнгээ өгнө гэсэн тооцоотой ажиллаж байна.

-Камерын хяналтыг яаж хийх вэ. Одоогоор байгууллагууд тусдаа камерын хяналтын системтэй байгаа юу?

-Камерын ухаалаг систем дээр суурилсан Нэгдсэн удирдлагын төв шинээр байгуулна. Энэ төвд камер эвдрэх, гэмт хэрэг гарах бүхий л асуудлыг цогцоор нь хянаж ажиллана. Гэхдээ тагнуул, цагдаа, онцгой байдлын газар дээр давхар камераа хянаад одоо байгаа удирдлагын төвүүд нь хуучнаараа ажиллана.

-Хувийн хэвшлийн байгууллага болгон орчноо хянадаг камертай байгаа. Энэ камерын системийг нэгтгэх үү?

-Шинэ журмаар, нэг объект ашиглалтад орлоо гэхэд тухайн байгууллагын камерыг цагдаагийн байгууллагаар дамжуулан шинэ удирдлагын төвтэй холбож хяналт тавина. Өөрөөр хэлбэл, одоо ашиглаж байгаа болон шинээр ашиглалтад орж байгаа хувийн байгууллагуудын хяналтын камерыг улс авч дүрсийг нь ашиглаж, хянадаг нэг системтэй болно. Манай байгууллагаас мэдээллийг нь боловсруулах, ухаалаг системийн технологиудыг нь нэвтрүүлэх, тооцоолол хийх, засвар үйлчилгээ, хүний нөөцийн бүрдүүлж ажиллаж байна. Камерын системийг ашиглагч байгууллага нь хүчний байгууллагууд юм.


Categories
мэдээ цаг-үе

Н.Пүрэвдорж: “Ковид-19” халдварын дэгдэлттэй холбоотойгоор жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэдэг үйлдвэрүүд зогсоод байна

Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Жолооны үнэмлэхийг ирэх наймдугаар сар хүртэл олгохгүй гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бүртгэл хяналтын төв жолооны үнэмлэх олгох үйл ажиллагааг хариуцдаг. Жил бүр улсаас төсөв авч жолооны үнэмлэхний бэлдэц захиалдаг. Өнгөрсөн онд захиалсан бэлдэц дууссан. Энэ оны бэлдэцийг нэгдүгээр сард захиалсан. Дэлхий нийтээр “Ковид-19”-ын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэрүүр хаагдсан. Саяхнаас нээгдээд хагас ажиллаж эхлээд байна. Мөн шууд үүргийн онгоц явахгүй байгаа учраас тээвэрлэлт зогссон. Энэ мэт шалтгаануудын улмаас жолооны үнэмлэхний бэлдэц тасалдсан байна. Бид нарын тооцоогоор өнгөрсөн гуравдугаар сард ирэх байсан юм.

Цар тахлаас шалтгаалаад тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Долдугаар сарын 15-наас хойш бэлдэц ирнэ гэсэн мэдээлэл бидэнд байна.

-Үнэмлэх захиалсан иргэд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох вэ. Үүн дээр ямар зохицуулалт хийж байна?

-Манай төвд одоогоор үнэмлэхээ гээсэн болон солиулах хүсэлтэй 8000 гаруй захиалга ирээд байна. Эдгээр иргэдэд түр зөвшөөрөл хэвлээд эхэлсэн. Үнэмлэхээ манайд захиалсан иргэд жолоо барих шаардлагатай бол Дүнжингарав худалдааны төвөөс очоод түр үнэмлэх авч болно. Үнэ төлбөргүй олгогдож байгаа. Тухайн хүний үнэмлэх хэвлэгдэхэд түр зөвшөөрлөө өгөөд үнэмлэхээ авч болно.

-Жолооны үнэмлэхээс бусад төрлийн үнэмлэх захиалахад хэдхэн хоногийн дотор л гардаг шүү дээ. Заавал гадаадад захиалж хугацаа алдах ямар шалтгаан байна вэ?

-Жолооны үнэмлэхний бэлдэц дэлгүүрийн лангуун дээр бэлэн байдаггүй. Цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг хангасан чип, нууцлалтайгаар захиалдаг. Үйлдвэрлэгчид ганц манай улсынхыг үйлдвэрлэдэггүй. Манайхтай ижил захиалдаг олон улс байгаа. Захиалгын дарааллаар энэ үйл ажиллагаа явж байна.

-Манайх жолооны үнэмлэхний бэлдэцийг хааш нь захиалдаг юм бэ?

-Сайн мэдэхгүй байна. Бид бэлдэц бэлтгэдэг улстай шууд харилцдаггүй. Дунд нь дистрибьютер компаниар дамжуулж харилцдаг. Герман, Франц, БНХАУ, Хонконг гээд жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэдэг олон улс байдаг.

-Энэ жилийн тухайд “Ковид 19”-ын тархалттай холбоотойгоор бэлдэц тасарсан байна. Өнгөрсөн жилүүдэд ч жолооны үнэмлэхний бэлдэцтэй холбоотой маргаан тасардаггүй байсан шүү дээ…

-Өнгөрсөн жилүүдэд тендер зарладаг байсан. Олон компани өрсөлдөнө. Ингээд маргаан гарч шүүхдэлддэг байсан юм.

Үүнээс шалтгаалж цагдаагийн байгууллага хохирдог байсан. Энэ жилийн тухайд цар тахлаас шалтгааж хугацаа алдлаа.

-Үнэмлэхгүй жолоо барилаа гэх үндэслэлээр торгууллаа гэж бухимдах иргэд олон байсан. Энэ асуудалд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Иргэдийн тухайд бухимдах шаардлагагүй. Бүх цагдаа нар шалгах төхөөрөмжтэй. Тухайн иргэн үнэмлэхээ захиалчихаад жолоо бариад явж байхад үнэмлэхгүй гэх үндэслэлээр торгохгүй. Цагдаагийн багажин дээр захиалсан гэх мэдээлэл нь гараад ирнэ. Ямар нэгэн дүрэм зөрчсөн учраас л торгуулийн арга хэмжээ авч байгаа. Үүнийг жолооны үнэмлэхгүй учраас торголоо гэж буруу ойлгоод байна. Өнөөдрийн байдлаар нэг ч жолоочийг жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцлоо гэх үндэслэлээр торгоогүй. Жолооны үнэмлэхний хугацаа дуусч хүчингүй болчихоод байхад манайд захиалга өгөөгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна.

-Ирэх жилүүдэд жолооны үнэмлэхний бэлдэц тасалдуулахгүйн тулд танай байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Энэ жилийнх шиг давагдашгүй хүчин зүйл гарч ирэхгүй бол хугацаанд нь үнэмлэх хэвлэж ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Их хүмүүнтэй уулзахад сайн

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 2. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр.

Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно.

2020 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Увс нуур болон Их нууруудын хотгороор 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км замыг ирэх сард хүлээлгэн өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллах үеэрээ барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, цэвэрлэх байгууламж байгуулах асуудлаар Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманн, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд болон албаны хүмүүстэй санал солилцлоо.

Мөн тус паркийн чиглэлд барьж буй хүнд даацын автомашин зорчих замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Өмнө нь тэрбээр энд ирж ажиллахдаа чанарын шаардлага хангахгүй брожур тавьсан байсныг сольж, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хийхийг үүрэг болгосон юм.

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам барихаар болж, гүйцэтгэгч компаниуд 2018 онд ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийж байна.

Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай бөгөөд зургаадугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

СЕХ нэр дэвшигчдийн материалыг 5 хоногт багтаан нягтлан шалгана

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нягтлан шалгаж, бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цус, цусны бүрэлдэхүүн цуглуулалт өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар буурсан

Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ энэ оны эхний дөрвөн сарын сарын байдлаар найман хувиар өссөн байна.

Харин их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосноор явуулаар цус цуглуулах ажил 40 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн эхний таван сард Монгол Улсын хэмжээнд цус цуглуулах гурван суурин төв, явуулын нэг багаар 8,561 нэгж цус, цусны бүрэлдэхүүн цуглуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Иймд Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь энэ сараас эхлэн цус цуглуулах цагийг ажлын өдрүүдэд уртасгаж, Бямба гарагт хуучин байрандаа цус цуглуулж байгаа аж.

Цар тахлын үед Цус сэлбэлт судлалын үндэсний төв хэрхэн ажиллаж байгаа талаар тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр “Монгол Улсын Цусны алба ДЭМБ болон Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэгээс ирүүлж буй зөвлөмж зааврыг мөрдөн дараах үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:

  • COVID-19 халдварын үед цусны албадад мөрдөх заавар удирдамжийг гарган улсын хэмжээнд мөрдүүлж байна
  • Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийн хүрээнд цусаа хандивлахыг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлж байна.
  • Бидэнд бүртгэлтэй байдаг 136 мянган донорт мессэж, цахим шуудан илгээх, урих, холбогдох заавар, зөвлөмжийг илгээж байна.
  • ААН, байгууллагын цусны донор болох хөдөлгөөнд нэгдэх иргэний үүрэг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалж, эхний таван сарын байдлаар 130 гаруй байгууллагатай хамтран ажилласан.
  • Цусны донорууд эрүүл мэндээ хэрхэн хамгаалж, ямар шаардлага хангасан үед цусаа хандивлах, ямар тохиолдол ирж болохгүй талаар тодорхой мэдээллийг түгээн ажиллаж байна.
  • Мөн нэг хүнд ногдох зай талбай, тусгаарлалтын зай хэмжээ, биеийн халууныг шалгах, гар ариутгах бүх нөхцөлийг бүрдүүлж байна” гэв.

Түүнчлэн цусаа өгч буй доноруудаас тандалт судалгаа авч, 14-28 хоногт эргэх холбоотой ажиллаж байгаа аж.