Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Томоохон төслүүдийг хөдөлгөхөд ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүргэх боломж бий

“Монголоо шинэчилье” клуб, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран “Монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх” зорилготой “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний санаачилгыг эхлүүллээ. Энэ талаар “Монголоо шинэчилье” клубийн тэргүүн Д.Ганхуягтай ярилцлаа.


-“Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлбэл зохих нэн тэргүүний ажил нь юу байх вэ?

-Ганцхан жишээ хэлэхэд, Ган үйлдвэрлэх цогцолбор барих боломжтой. Монгол Улс коксжих нүүрс, төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортолж жилд ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларын орлого олж байна. Уг нь энэ түүхий эдээр ширэм хийгээд экспортлоход 5.6 тэрбум ам.долларын орлого болж 2.2 дахин нэмэгдэхээр байна. Цаашлаад ган хийж экспортлоход энэ орлого дөрөв дахин буюу 20 орчим тэрбум. долларын орлого олно. Гэтэл эрх баригчид боловсруулах үйлдвэрээсээ таван хувийн АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) авна гэсэн хууль гаргачихаар энэ салбарын боловсруулах үйлдвэр бүгд хаалгаа барьж байх шиг байна. Монгол Улс үргэлж аль нэг орны түүхий эд бэлтгэгч орон байх ёстой гэж үү. Үгүй шүү. Энэ нь бол цэвэр нүүрс, төмрийн хүдрийг түүхийгээр нь экспортлогчдын лобби болов уу гэж хэлэх байна. Эсхүл түүхий эд хүлээн авагч орны ширэм, гангийн боловсруулах үйлдвэр эрхлэгчидийн лобби байх.

Тиймээс энэ төсөлд харьцангуй сайн технологи, менежмэнт шаардлагатай тул манай хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлсэн нь дээр. Зөвхөн энэ төслийг голдиролд нь оруулахад л ДНБ маань 18 тэрбум ам.доллараар нэмэгдэж манай нийт эдийн засаг 30 гаруй тэрбум ам.доллар болно. Ашигт малтмал дуусдаг тул бүгдийг нь боловсруулалгүй түүхийгээр экспортлоод байх нь харамсалтай юм. Уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд шинэ нисэх онгоцны буудлыг яаралтай ашиглалтад оруулж, худалдаа, үйлчилгээ, санхүүгийг чөлөөт бүс байгуулах шаардлагатай юм. Ингэснээр ХАА улмаар МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэж экспортлох боломжтой болно.Коронагаас өмнө Агаарын тээврийн салбарын өсөлт өндөр байсан. Цаашид онлайн худалдаа маш хурдацтай хөгжихөөр болж байна.Тиймээс Монгол Улс энэ боломжоос хоцорч болохгүй юм. Олон улсын зангилаа Шинэ олон улсын онгоцны буудал барих санаачилгыг анх гаргасан хүмүүсийн нэг нь би юм. Азийн Монгол Улсын агаарын хил Европ болон хойд Америкийн тэг дунд байдаг. Тиймээс далайд гарцгүй Монгол Улсын тухайд агаарын тээвэр бол хөгжлийн том гарц, давуу тал гэж хэлэх байна.Иймд Мөн энэ санаачилгад орсон болон бусад төслүүд улс төрийн зөвшилцөл болон төр засгийн шиййдвэрийг хүлээсээр байна.

-“Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүргэх, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам. долларт хүргэх, дундаж цалинг 1000 ам.долларт хүргэх гэсэн гурван зорилт бий. Энэхүү зорилтод хүрэхийн тулд нэн тэргүүнд ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 13.7 тэрбум ам.доллар байгаа. Уг нь ган төмөрлөгийн төсөл, нефть-химийн аж үйлдвэр барих,шинэ нисэх онгоцны буудалд түшиглэсэн чөлөөт бүс байгуулах, Замын-Үүд дэх эдийн засгийн чөлөөт бүсийг хөдөлгөх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхэд л дотоодын нийт бүтээгдэхүүн 40 тэрбум ам.доллар хүрэх боломжтой. Хэрэв ДНБ 40 тэрбум долларт хүрчихвэл нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.доллар болно. Улмаар дундаж цалин (төрийн албан хаагч, багш эмч нарын цалин)1000 ам.доллар болох боломжтой. Ингэснээр монголчуудын амьдралын чанар дэлхийн дундаж түвшинд хүрнэ. Ингэснээр дундаж орлоготой иргэд нь олонх болсон чинээлэг иргэний нийгмийг цогцлоох 3.3 сая монголчуудын зорилт биеллээ олох юм.

-Томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд улсын төсөвт боломж бий юү?

-Улсын төсвөөр хийх шаардлагагүй. Харин хувийн хэвшлийн хүч дутах төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг төр, хувийн хэвшил хамтарч хэрэгжүүлэх нь зохистой.Төр оролцох шаардлагагүй бусад төслүүдийг хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаар хийлгээд төр хяналтаа сайн тавиад явдаг нь ардчилсан, зах зээлийн эдийн засагтай улс орнуудын жишиг билээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын төрд итгэх итгэл нь багасч байгаа. Үүнд юу голлох нөлөөг үзүүлж байна вэ?

-Оюу толгой төслийг тойрсон маргаан манай улсад багтахаа байгаад олон улсын түвшинд хүрсэнтэй холбоотой. Оюу толгой компани дахь 34 хувийн менежмэнтээ хийж чадахгүй байна. Сонгуулиар Засгийн газар солигдох болгонд улс төрийн намууд энэ компанийн ТУЗ болоод Эрдэнэс Оюу толгой компанид бараг бизнес хийж үзээгүй, мэрэгжлийн бус хүмүүсээ шахчихдаг. Ингээд нөгөө дүү л нь тэнд Оюу толгой компанийн худалтан авалтыг сонирхохоос өөр юм хийдэггүй, дарга нараараа амаа үдүүлээд суучихдаг. Уг нь эх орноо гэсэн сэтгэлтэй ЖДҮ-ийн бизнес эрхлэгч ч энэ ажлыг хийж чадна. Тэгсэн мөртлөө УИХ дээр байнга энэ төслөө шүүмжлээстэй. Энэ төслийг ингэж улстөржүүлж болохгүй.Эндээс гол буруутай нь манай төр, засаг байгаа биз. Дубайн гэрээ л гэнэ. Энэ гэрээг хийхэд манай буюу Н.Алтанхуягийн Засгийн газар огцроод АН болон МАН-н хамтарсан Засгийн газар ажиллаж байсан үе. Энэ засгийн газар буюу тэр үеийн сангийн яам нь ил уурхайг бүтээн байгуулах зардал нь 60 гаруй хувиар хэтэрсэн байхад тэрийг нь хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын ногдол ашгаа авч эхлэх хугацаа 18 жилээр хойшилсон байхаа. Өөр нэг маргаан нь социализмын 70 жилд Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоочихсон стратегийн орд( одоогоор 15 орд)-ууд. Энэ ордуудаас одоо байгаа нь Таван толгой, Баян-Өлгий аймагт байдаг Асгатын мөнгөний, Эрдэнэт, Багануур болон Шивээ-Овоогийн орд хагас хугас нь байх шиг байна. Бусдыг нь улс төр эдийн засгийн бүлэглэл бараг бодийг нь хөтөлчихсөн. Ард түмнийг төлөөлж буй Засгийн газар стратегийн ордуудын хувьцаа эүэмшигч байснаар татвараас гадна яг Эрдэнэс Таван толгой компани шиг ногдол ашиг авах юм.Тэгснээ Баялгийн сан байгуулаад ашиг хуримтлуулаад тэрнээсээ хуваарилалт хийнэ гэж улс төрийн намууд амлаад л байх юм аа. Мөн хөрөнгө оруулалтын орчны тогтвортой, таатай,өрсөлдөх чадвартай байдал их чухал юм аа. Түүнээс гадна монгол төгрөгийн ханш өнгөрсөн дөрвөн жилд 40 гаруй хувиар уначихлаа. Ийм гадаадын хөрөнгө эрсдэлтэй гэж үзээд орж ирэхгүй байх аа. Мөн манай улсад эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, ЖДҮ-ийн бодлогыг нэгтгэж зангиддаг яам байхгүй тул бодлого байхгүй. Салбарын яам нь дур дураараа мэргэжлийн бус юм ярьж шийдвэр гарган, тэр шийдвэр нь хувийн хэвшилдээ нэмэр биш нэрмээс болсоор байна.Бид хүн ам цөөтэй учир зах зээл багатай тул эдийн засгийг тэлэхэд гадаа худалдаа улмаар экспортын эрс тэсрэлт хамгийн чухал байх болно. Бүх компаниуд импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болохыг зорилт болгомоор байна.

-“Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшилд тулгуурласан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн. Үүнд төр ямар оролцоотой байх вэ?

-“Хувийн хэвшлийн дангаараа хийж чадах зүйлд төр оролцохгүй” гэх хуулийн зохицуулалт бий. Энэ зарчмаа л баримтлах хэрэгтэй. Хувийн хэвшил дангаараа хийж чадахгүй ажлуудад л төр засаг дэмжлэг үзүүлж, хамтарч хэрэгжүүлэх.Энэхүү зарчмаа л хатуу баримтлах шаардлагатай юм.

-“Монголоо шинэчилье” клубээс Монгол Улсын сүүлийн 10 жилийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан. Энэ талаар?

-Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсын төгрөгөөр илэрхийлсэн эдийн засгийн өсөлт 6.3 хувийн голчтой байсан байна. Хамгийн өндөр өсөлттэй жил нь 2011 оны 17 хувийн өсөлт бөгөөд энэ жил Австрали Улсад үер болсноор нүүрсний экспорт огцом нэмэгдэж, зэсийн зах зээлийн үнэ сайн байсан, Оюу толгойн төсөл хэрэгжсэн зэрэг нь энэ өсөлтөд шууд нөлөөлсөн. Гэхдээ сүүлийн арван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг ам.доллараар авч үзвэл 4100 түвшинд хэлбэлзэн бараг өсөлт байсангүй. Энэ 10 жилийн хугацаанд худалдан авах чадвар 2.2 дахин унаж, ялангуяа сүүлийн дөрвөн жилд төгрөгийн ханш 40 гаруй хувиар унаад байна. Үүнээс болоод ядуурлын хамрах хүрээ 10 гаруй функтээр нэмэгдээд байна. Тиймээс төгрөгийн ханшийг тогтвортой байлгах арга хэмжээг нэн тэргүүнд авах шаардлагатай. Түүнчлэн төсвийн үр өгөөж маш муу байгаа. Төсвийн зарлагын шийдвэрийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэх арга хэмжээ, төсвийг алдагдалгүй батлах зэрэг арга, хэмжээнүүдийг авч цаашдаа төсвийн үр өгөөжийг сайжруулах шаардлага байна. Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай.Монголын бизнес эрхлэгчид тэр чигээрээ экспортын төлөө хөдлөх шаардлагатай байна.

-Та сонгуульд нэр дэвшээгүй юм уу?

-Өөрийн шийдвэрээр энэ удаад өнжсөн байгаа. Сонгуульд ялалт байгуулах үйл ажиллагаа нь улс төрийн намын хамгийн чухал ажил. АН-аас нэр дэвшигчид, тухайлбал анх удаа нэр дэвшиж байгаа залуучуудаа дэмжин ажиллах болно.

У.ЧИНЗОРИГ

Categories
гадаад мэдээ

Жо Байдэн түүнийг гольф тоглосонд дургүйцэв

АНУ-ын ерөнхийлөгч энэ амралтын өдрүүдээр салхилж гольф тоглож чөлөөт цагаа өнгөрүүлэхийг харсан Жо Байдэн өөрийнхээ твиттерт харамсаж буйгаа илэрхийлсэн бичлэг үлдээжээ. Ирэх намар явагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвжээд буй Жо Байдэн “зуун мянган хүн амиа алдаж арван сая хүн ажилгүй болчихоод байхад ерөнхийлөгч гольф тоглоод явж байх юм” хэмээн өрсөлдөгчөө муучлав. Хамгийн гол нь Трамп хөл хорионы үеийн нилээн хэдэн хязгаарлалтыг зөрчин олон хүмүүс цуглуулсан, бүгдэнтэй нь гар барьж маск өмсөлгүй харьцсан зэргийг шүүмжлэн бичжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдээс 33 нь эдгэрлээ


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн нийт 33 хүн боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 108 хүн эмчлүүлж байгаа. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 24.

Нэгдүгээр сарын 6-наас хойш 12,000 гаруй шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Тандалтын шинжилгээг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй байна.

Тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 15 хотод суралцаж байсан цэргийн сургуулийн оюутнууд ирсэн. Нийт 57 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 216 оронд Covid-19-ийн халдвар тархаж 5.486 сая хүн өвчилж, 346 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхийд 88 мянган хүн шинээр өвчилж, 2000 гаруй хүн нас барсан байна.

Харин ОХУ-д 24 цагийн дотор 8599 хүн халдвар авч, хил залгаа хотуудад өмнөх өдрийнхөөс 19-120 тохиолдлоор нэмэгдсэн байна. Монгол Улсын хувьд халдварын 141 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 32 нь эмчлэгдэж эмнэлгээс гарсан 109 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Мөн сүүлийн 24 цагт таван хүн шинээр ажиглалтад орж, 255 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор ажиглалтад 1141 хүн байгаагийн 111 нь архаг өвчтэй иргэн байна. Эдгээр иргэдтэй 42 их эмч, 36 резидент эмч үйлчилж байна.

Сүүлийн 24 цагийн дотор 119 дугаарт 168 дуудлага ирж, уг халдварын талаар зөвлөгөө мэдээлэл авлаа. Шуурхай аппликейшинд 14 дуудлага ирсэн.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ- болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр /2020.5.24/ нийт 22 сорьцод шинжлгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Дархан-Уул аймагт Атанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар болон тандалтын зорилгоор авсан сорьциуд байсан. Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч дараагийн сувилалд шилжиж байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 141, эдгэсэн 33, эмчлэгдэж байгаа 108 тохиолдол байгаа. Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд, дөрөв нь гэртээ, 10 нь ажиглалтаас гарсан. Үүний дөрвө нь гадаадын иргэн. Одоогоор ХӨСҮТ-д 125 хүн байна. Үүний 108 нь эмчлэгдэж, 17 нь ажиглалтад байгаа.

ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:

-ОХУ-д халдвар гурван хувь, Бразильд зургаа, АНУ-д 1.5 хувиар нэмэгдлээ. Нас баралт Их Британи, Итальд өндөр буюу 14 хувьтай байна. Харин Номхон далайн баруун бүс хамгийн бага өвчлөлтэй байна. БНСУ, Японд эхний болон хоёр дахь давалгааны дараа халдвар буурах хандлагатай байна. Дотооддоо халдвар гараагүй, гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн улс зөвхөн Монгол Улс байгаа. Энэ долоо хоногт ДЭМБ-ын сайд нарын хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уригдаж, Covid-19-ийн бэлэн байдал, хариу арга хэмжээний талаарх туршлагаа хуваалцана. Бүс орнуудын туршлагаас үзэхэд хязгаарлалтыг хэт эрт сулруулах нь халдвар дахих үндэс болж байгаа. Улс орнуудад эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа үед дархлаажуулалтыг сайжруулах шаардлагатай байгаа. Вакцинжуулалтад хамрагдалтыг нэмэгдүүлэхийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

-АНУ, Бразиль, ОХУ халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д сүүлийн 24 цагт 26 мянган шинэ халдвар, 1000 гаруй нас баралт бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүний тоо 1.6 сая болсноос 450 мяган хүн нас барсан бол одоогоор нэг сая гаруй хүн халдвартай хэвээр байна. Бразильд өнгөрсөн 24 цагийн дотор 15800 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 363 мянга гаруйд хүрсэн байна. Ингээд эдгэрсэн нь 150 мянга,нас барсан 22 мянга гаруй байгаа. ОХУ-д өчигдөр 8599 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 344 мянга гаруйд хүрээд байна. Энэтхэгт 6700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 130 мянга гаруйд хүрээд байна. БНХАУ-д 11 шинэ тохиолдол өчигдөр бүртгэгдлээ. Үүний 10 нь Өвөр Монголын өөртөө засах оронд бүртгэгдсэн байна. Өвөр Монголын өөртөө засах оронд 150 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

+ 39 хэмийн зээлийн хүү

Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү нь 16.6 хувь байгаа нь Дэлхийн банкны судалгаагаар олон улсад эхний 20-д орох өндөр үзүүлэлт. Харин бусад зээлийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллагуудын хүү 30 хувь давсан байна.

Өнгөрсөн оны байдлаар инфляцын түвшин 6.4 хувь байгаа нь дэлхийд 25-

д, ажилгүйдлийн түвшин 8.1 хувь, чанаргүй зээл 10.1 хувь байна. Мөн оны эхний улирлын байдлаар нийт зээлдэгчдийн тоо 1.3 саяд хүрсэн байна. Хүнээр тайлбарлавал халуурч, биеийн байдал нь муудсан гэсэн үг. Халуурсан хүний өвчинд хэн буруутай вэ?. Өвдсөн хүн өөрөө юу, халуунтай байгааг илтгэж буй халууны шил үү?

Банк санхүүгийн салбар луу хөрвүүлж яривал зээлийн хүү өндөр байгаа нь зээл олгож буй банкуудын буруу юу? Эсвэл зээлийн хүү тогтоход нөлөөлдөг улс орны эдийн засгийн суурь үзүүлэлтүүд үү? гэдгийг ялгаж ойлгосны дараа шүүмжлэхэд оройтохгүй.

Банкууд харилцагчдаасаа хөрөнгө татан төвлөрүүлээд, хуримтлуулсан хөрөнгөөрөө иргэдэд зээл олгодог. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүү нь зээлийн хүүг бүрэлдүүлэгч эх үндэс нь. Манай улсын хувьд иргэд мөнгөө хуримтлуулах дадалд хараахан суралцаагүй учраас банканд иргэд болон байгууллагын хэрэгцээнд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний хөрөнгө төвлөрдөггүй. Тиймээс олон улсаас хөрөнгө татаж, эх үүсвэрээ нэмэгдүүлэх замаар нийт зээл авахыг хүсэгчдийн эрэлтэд хүрэхээр чармайдаг. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчдэд хүү төлнө, мөн гаднаас авсан зээлдээ хүү төлнө. Товчхондоо банкууд ч гэсэн өөрсдөө хүү төлдөг зээлдэгч гэсэн үг.

Үүнээс гадна банкнаас гарах зардлын 60-68 хувийг хадгаламжийн хүүнд төлөхөд зарцуулдаг. Иймд, зээлийн хүүг бууруулна гээд хадгаламжийн хүүг багасгавал одоо байгаа хуримтлалыг бүрдүүлж байгаа иргэд хадгаламжаа бусад найдвартай гадаад валютаар хадгалах сонирхолтой болно. Тэгэхээр хадгаламжийн хүүг өндөр байлгах нь бодлогын хүүг өндөрт барьж үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг гадагш урсах аюулд орохоос сэргийлдэг.

Монголбанкны бодлогын хүү нь зээлийн хүүг тогтооход чухал нөлөөтэй. Тодруулбал, бодлогын хүү нь төгрөгийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулагч, нийт эрэлтийг удирдахад чиглэсэн хэрэгсэл бөгөөд хадгаламж болон зээлийн хүүг тогтоодог гол суурь хүү билээ.

Мөн манай улсын эдийн засагт өгөх оноо буюу эдийн засгийн өсөлт, бууралт, чанар чансааг илэрхийлдэг гэж ойлгож болно. Энэ мэтээр бүх зүйлс хоорондоо холбоотой бөгөөд зах зээлийн зарчмаараа явдаг учиртай.

(Зураг оруулах хэсэг)

Халуурсан шалтгаанаа халууны шилнээс хайдаггүй

Зээлийн хүү нь тухайн улсын суурь эдийн засгийн үзүүлэлтүүдийн “барометр” болдог. Тэгвэл өндөр байгаа нь манай улсын нүүр царайг илэрхийлж байна. Улсын эдийн засаг бүхэлдээ халуурч, тэнхээгүй болж байгааг зээлийн өндөр хүүтэй шууд холбож, банкуудад бурууг тохох нь учир дутагдалтай. Бид халууныг бууруулахын тулд халуурсан шалтгааныг нь олж, тэмцэх шаардлагатай. Халууны шилээ буруутгах бус халуурсан шалтгаанаа ойлгох хэрэгтэй гэсэн үг.

Мөн зээлийн хүү болон банкны салбар олон хүний анхааралд байдгийг далимдуулж зээлийн хүүний асуудлаар популизм хийж, ард түмнээс “оноо” авах гэсэн этгээдүүд олширсоор.Дийлэнх өрхүүд ямар нэг, эсвэл хэд, хэдэн зээлтэй учир банкууд иргэдтэй хамгийн ойр харилцаж, анхаарлын төвд нь оршдог. Ажил хийж байгаа нь л хамгийн их муулуулдаг гэдгээр чичлэхэд ч хамгийн ойр “бай”.Шатахууны үнэ нэмэгдэхэд улс төрчид шатахууны компанийг голчлон буруутгаж, тэдэн лүү иргэдийн анхаарлыг хандуулан буруутныг олж өгсөн “гавьяат” нэр зүүдэг шиг зээлийн хүү өндөр байгаа нь ганц банкуудын л буруу, өөр хэний ч буруу биш болгож харагдуулдаг. Үүнийг товчхондоо популизм гэж нэрлэнэ.

Банкууд боломжит хамгийн бага хүүгээр зээл олгож, олон улсын стандарт бүхий үйлчилгээг үзүүлж байгаа мэтээс харахад дэлхийн стандарттай хөл нийлүүлж, хөгжлийн хувьд манлайлж буй нь банкны салбар байж ирсэн. Өдгөө иргэдийн өдөр тутам хэрэглэж ажлаа хөнгөвчилж буй цахим шийдлүүдийг нэвтрүүлсэн анхдагч нь ч банкууд. Үүнийг өнөөдрийн “fintech” – үүдийн нэвтрэлт хурдан бас амжилттай байгаагаас ажиглаж болох ба банкууд цахим санхүүгийн харилцааг хөгжүүлж, иргэдийг мэдлэгжүүлж ирснийх юм. Гэтэл ганц банкууд зээлийн өндөр хүүнд буруутай мэтээр ойлгуулж, хүүгийн дарамтаар ард түмнийг “шулдаг, хүүлдэг” гэж олон нийтэд сөрөг ойлголтыг түгээж, хувийн улс төрийн тоглолтуудыг хийсээр байна.

Иргэд ч өрхийн орлогоос нь сар бүр хасалт хийж байгаа болохоор зээлийн хүүг бушуухан бууруулах асуудлаар идэвхтэй дуугарч байгаа. Тэр нь ч буруу биш. Гэхдээ иргэдийн анхаарлыг хүчээр чиглүүлдэг ганцхан буруутантай юм шиг харагдуулдаг энэ бүхний цаана олон оролцогч, нөлөөлөгчид бий.

Банкууд ч мөн хүү буулгах ажиллагаанд хамтран орж, хүүг буулгамаар байгаа гэдгээ илэрхийлсээр ирсэн.

Эрх баригчдын зүгээс суурь нөхцөл буюу урт хугацаанд инфляцыг нам доогуур түвшинд тогтвортой байлгаж, инфляцын хүлээлтэд нөлөөлж, зээлийн суурь хүү буурах үндсэн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Мөн макро эдийн засгийнхаа орчныг сайжруулж, улсынхаа валютын нөөцийг нэмэгдүүлж, өрөө багасгаж, ханшаа тогтвортой байлгах зэрэг асуудлууддаа анхаарах хэрэгтэй. Ядаж л хараа хяналт, ил тод байдал байхгүй, ард түмэнд бодит хүндрэлийг үүсгэж буй өдрийн зээл гэх мэтчилэн далд эдийн засгаа зохицуулах талд анхаарах шаардлагатай.

Гаднын банк ороод ирэнгүүт хүү буурчихна гэж боддог. Тийм биш л дээ. Долларын эх үүсвэр хямд учраас гаднын банк долларын зээлийг хямд өгч чадна. Одоо ч тийм зээл өгч байгаа. “Bank of China” гэхэд аж ахуйн нэгжүүдэд Хятад, Японы салбаруудаараа дамжуулж зээл өгч яваа. Төгрөгийн зээл өгье гэхээр яриад буй эрсдэлүүдтэй нүүр тулна. Эрсдэл нь өсөөд явчихаар бага хүү тогтооно гэж байхгүй. Цаанаа ам. доллар юм уу, юаниар тооцоотой учраас ам. доллар, юаниар хүүгээ аваад явах нь тэдэнд эрсдэлгүй. Жишээ нь, гадаадын банк төгрөгөөр, тэр дундаа бүр иргэдэд зээл өгөөд сууна гэж байхгүй л дээ. Өнөөгийн байдлыг харахад Монголд орж ирэх сонирхолтой ганц л банк байгаа. Эдийн засаг сайн байх үед гаднын олон банк орж ирэх сонирхолтой байсан. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Саарал жагсаалтад багтсан улсад ашиг олохоор орж ирэхийг хэн ч хүсэхгүй.

Энэ асуудалд мэргэжлийн үүднээс биш, ул үндэслэлгүй хандаж банкууд руу дайрах тусам бид өөрсдөө улс эх орны хөгжилд хүчтэй нөлөөлөгч гол салбараа, үндэсний банкуудаа устгахад хүрнэ. Банк бол итгэлцэл дээр тогтдог, улс орны хөгжилд хамгийн чухал салбар. Хэрэв банкны салбар луу дайрсаар байвал сууж буй сандлын хөлөө хөрөөдөхтэй адил зүйл тохиолдоно. Тэд тогтворгүйтвэл нийт эдийн засгийг бүхэлд нь хамарна. Хадгаламж буурч, зээл олголт багасах зэргээр тэнцвэртэй байдал алдагдаж, иргэд, жижиг бизнес эрхлэгчид банкнаас гадуур өндөр хүүтэй зээлийн эрэлд гарна, хууль бус зээлдүүлэх үйлчилгээ буюу далд эдийн засаг өснө. Энэ нь Та бидний халаасанд жинхэнэ дарамт, аюул нүүрлэнэ гэсэн үг юм. Мөн олон жижиг, дунд бизнесүүд, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд сөрөг нөлөө үзүүлэх нигууртайг анхаарууштай.

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Сувд

(фэйсбүүк видео линк:

https://www.facebook.com/MongolianBankersAssociation/videos/247925643289035/UzpfSTEwMDAwMTY0NTQxMzk2MzozMTU0NDE1NTI3OTU2NTk3/ )

Categories
мэдээ нийгэм

УОК: ОХУ-аас иргэдийг татан авах бэлтгэлээ хангаж байна

ОХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын Сүхбаатар боомтоор дамжуулан монгол иргэдийг татан авахаар бэлтгэж байна.

Иргэдийг эрүүл мэндийн шаардлага хангасан аюулгүй орчинд авчрах зорилгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабаас эрүүл мэнд, гадаад харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, төмөр зам зэрэг байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Иргэдийг галт тэргэнд оруулахаас эхлээд Улаанбаатар хотод авчирч тусгаарлах хүртэл хугацаанд хариуцсан чиглэлээрээ хэрхэн ажиллах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих зэрэг заавар, зөвлөмж өгөв гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлж байна

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 26, 27-ны өдрүүдэд нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг бүртгэж байгаа талаараа өөрийн фэйсбүүк дэх хуудсаар мэдэгдсэн.

Түүнчлэн өнөөдөр буюу тавдугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг хийгдэнэ хэмээжээ.

Тус мэдээлэлд “Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Москва – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр, 26, 27-ны өдрүүдэд “Наушки – Сүхбаатар” боомтоор ОХУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдийг татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.

Дээрх өдрүүдэд нутаг буцах иргэд коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 50,000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан төлсөн байх шаардлагыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас тус тус тавьж байгаа болохыг анхаарна уу.

Тайлбар:

  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  • Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.
  • Тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна” гэжээ.

Харин Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас эдгээр иргэнийг эрүүл мэндийн шаардлага хангасан аюулгүй орчинд авчрах зорилгоор эрүүл мэнд, гадаад харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, төмөр зам зэрэг байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулжээ.

Түүнчлэн иргэдийг галт тэргэнд оруулахаас эхлээд Улаанбаатар хотод авчирч тусгаарлах хүртэл хугацаанд хариуцсан чиглэлээрээ хэрхэн ажиллах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих зэрэг заавар, зөвлөмж өгөв гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Автомашин онхолдож найман сартай хүүхдийн амь эрсэджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.05.23,24-ны өдрүүдэд нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 313-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн, үүнээс 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-7
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:2020.05.23-ны өглөөний 06 цаг 00 минутын орчим Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Crown маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй Х-ын амь нас хохирсон,

2020.05.23-ны өдрийн 20 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Чингэлтэй замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин нь явган зорчигч 43 настай, эрэгтэй Г-г мөргөж, Hyundai Porter маркийн автомашин араас мөргөсөн. Явган зорчигч Г нь ГССҮТ-д хүргэгдээд нас барсан,

2020.05.24-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Говь-Алтай аймаг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрт Haojue маркийн улсын дугааргүй мотоцикл, Toyota Ist маркийн автомашинтай мөргөлдөж, мотоциклийн жолооч 20 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,

2020.05.24-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Toyota Spacio маркийн Э жолоочтой автомашин замын хажуу уруу онхолдож , зорчигч 8 сартай, эрэгтэй Э-гийн амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 11,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 9,9 хувиар, ослын улмаас нас барсан хүн 25,0 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 53,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: 100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Өнгөрсөн дөрвөн жилийн парламентаас 20 гаруй гишүүд нэр дэвшихгүй нь гэж ойлгосон. Таны хувьд яагаад нэр дэвшсэнгүй вэ?

-Намын гишүүн хүн намаасаа тодорхой үүрэг чиглэл авч ажиллана. Сонгууль бол намуудын бодлого үйл ажиллагааны өрсөлдөөн. Тиймээс намын тодорхой үүрэг чиглэлтэй оролцоно. Парламентын сонгууль бол намуудын хоорондын өрсөлдөөн.

Харин нэр дэвшүүлэх ажил бол нам доторх гишүүдийн өрсөлдөөн шүү дээ. Мэдээж бүгдийнх нь сэтгэл санаа ханамжтай байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ олон ургалч үзлийн нэг гэж ойлгох хэрэгтэй. Намаас нэр дэвшигчдийг сонгохдоо сонгогчдын дунд судалгаа явуулж, чиг хандлагыг нь судалсан гэж ойлгож байгаа.

Эцсийн дүн ямар байхыг сонгогчид шийднэ. Бид бүгдээрээ намын гишүүн нам нэг сахилгатай, нэг зорилготой. Нэг дүрэмтэй түүндээ захирагдах ёстой. Нөгөө талаас миний эрхэлж байгаа ажил өдөр хоног, цаг нартай уралдаж байдаг. Дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлын үед нэн тэргүүнд хүн амын хүнсний асуудал яригдана. Одоо хаврын тариалалт эхэлчихсэн, цаг зав бага байна.

Ер нь хүн амын хоол хүнс, тариа будаа, мал төллөлт, хаврын тариалалт, малын эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ гээд энэ бүхнээс завсарлах зай алга. Энэ ажлууд дээрээ төвлөрөхөөс өөр аргагүй болсон учраас нэр дэвшээгүй.

-Энэ цаг үед хүн амын хүнс тэжээлийн хангамж яригдахаас өөр аргагүй. Манай хүнс тэжээлийн хангамж хэдий хүртэл нөөцтэй байна вэ?

-Цар тахал хэзээ дуусахыг хэн ч хэлж чадахгүй. Вакцин гарах хүртэл энэ асуудал яах нь тодорхойгүй байна. Энэ цар тахлыг үтэр түргэн яваад өнгөрөх процесс гэж огт харахгүй байгаа. Өнөөдөр Засгийн газрын онцгой анхаарч байгаа зүйл бол цар тахлын тархалтыг хумих бодлогоо алдахгүй байх юм.

Дэлхийд цар тахал дотроо тараагүй ганц улс манайх болчихлоо гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Нэг талаар бахархал. Нөгөө талаар маш өндөр хариуцлага. Одоо бидний анхаарч ажиллах асуудал бол хүн амын хүнсний хангамж.

Цар тахлын бидэнд өгч байгаа том сургамж бол улс орон ямар ч сорилтын өмнө өөрөө өөрийгөө аваад явах чадвартай байхыг сургаж байна.

Хүнсний хангамжийн тухайд хүндрэл бэрхшээл хараахан үүсээгүй. Өнгөрсөн жилтэй харьцуулбал хамаагүй хөнгөн байгаа. Энэ жилийн хувьд бид хангалттай махаа нөөцөлсөн. Өнгөрсөн гуравдугаар сараас худалдаанд гаргасан нөөцийн мах улсын наадам хүртэл худалдаалагдана. Мөн үнийг тогтвортой байлгах зорилготой ажиллаж байна.

Нөөцийн махны хангамжинд санаа зовохгүй байна. Дараачийн асуудал бол хүнсний ногоо. Энэ маань улирлын чанартай. Тариалалт эхэлж байна. Энэ жил хэр ургац авахаас ирэх жилийн бидний хангамжийн асуудал шийдэгдэнэ. Тиймээс тариалалтад онцгой анхаарч бололцоотой бүх нөөцөө дайчилж байгаа.

Энэ жил бид 480 мянган га-д тариалалт хийнэ. Энэ жил төлөвлөсөн хэмжээнд улаанбуудайн хувьд асуудал үүсэхгүй. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана. Түүнчлэн төмс болон зарим төрлийн хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангана. Байцаа, сонгино, саримс зэрэг хүн амын хэрэгцээний чухал хүнсний ногооны 60-80 хувийг хангах зорилготой.

Мөн дотоодын үйлдвэрлэлээр ургамлын тосныхоо хэрэгцээг хангах зорилго тавьж байна. Бид дандаа ургамлын тосоо импортоор авч байсан. Ирэх намраас дотоодын ургамлын тосоор өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангах юм.

Цагаан будааг ч дотооддоо тарих бололцоотой. Вьетнам улстай цагаан будааны тариалалтад хамтарч ажиллахаар яам хоорондын гэрээ тохиролцоонд хүрсэн. Нөгөө талдаа цагаан будаагаар манай улсыг тасралтгүй хангаж байх тохиролцоонд ч хүрсэн. Элсэн чихрийг ч бид дотооддоо тариалж өөрсдөө үйлдвэрлэх бололцоотой. Энэ чиглэлийн туршилтууд хийлээ.

Хүн амын өдөр тутмын хэрэглээний 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр хангадаг чадвартай болох ёстой гэж Засгийн газар бодлогоо тодорхойлсон. Энэ тал руугаа бүх үйл ажиллагаа чиглэж байна.

Энэ жилийн хувьд “Атар-4” дүгээр аян эхэлж байгаа. Энэ аяныг эхнээс нь тодорхой бодлого зорилттойгоор эхлүүлж нийтийг хамруулах зорилготой байна. Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлье ч гэж байгаа юм. Төмс хүнсний ногоог 1,000 га-гаар нэмэгдүүлэх зорилттой байна. Нарийн ногоог импортоор авдаг бол дотооддоо үйлдвэрлэдэг болохын тулд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх бодлогоо тодорхойлчихсон.

Ургац хураагаад авчихаар түүнийгээ жилийн туршид чанартай хадгалж ард иргэддээ хүргэх агуулга байх хэрэгтэй. Тиймээс агуулахын аж ахуйг цогцоор нь шийдэх болж байна. Манай улс 70 сая малтай. Энэ жил 20 сая төл хүлээж авсан. Нийт 90 сая малыг эрүүл байлгах асуудалд онцгой анхаарах болчихоод байна. Бидний хувьд цаг нар маш шахуу ажиллаж байгаа.

Махны хувьд долдугаар сараас шинэ бэлтгэл ажил эхэлнэ. Махны нөөц, хангамжинд санаа зовохгүй байж болно. Бид доод тал нь 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлага бий.

Улаанбуудайн хувьд төлөвлөсөн хэмжээнд ургацаа аваад өнөөгийн нөөцөө бодоход он дуустал гурилын хангамжид асуудал үүсэхгүй. Хүнсний ногоогоор ирэх жилийн хавар хүртэл хэрэгцээгээ хангана. Хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч байгаа.

-Ноолуурын тухай асуудал одоо хэрхэж байна вэ. Иргэдээс 100 мянган төгрөгөөр ноолуурыг нь авах уу?

-Энэ хаваржин энэ талаар ярилаа. Тийм л чухал бүтээгдэхүүн. Ийм чухал бүтээгдэхүүнийг бид болж өгвөл үнэ цэнийг нь унагаахгүй байх ёстой. Малчид 5, 10 мянгаар ахиу ноолуураа өгчихөөсэй гэж бодож байгаа. Ийм л нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллах ёстой. Энэ жилийн хувьд хоёр том хүчин зүйл нөлөөллөө гэж хувьдаа харж байгаа. Нэгдүгээрт, ковид цар тахал. Үүнээс шалтгаалж хил хорио тавигдсан.

Гадна хөрөнгө оруулагчид наймаачид орж ирээгүй. Манай ноолуурын 90 хувийг гадныхан авдаг. Энэ цар тахлаас болоод ноолуур худалдан авах зүйл нь хязгаарлагдчихлаа. Үүнийг дагаад дотоодын үйлдвэрлэгчид үүнийг худалдаад авчих санхүүгийн чадваргүй.

Эх үүсвэргүй учраас ноолуурын борлуулалт удсан. Хоёрдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөллөө. Ер нь ноолуурын үйлдвэр өнгөрсөн гуравдугаар сард зүүн аймгуудаас эхлүүлээд зургаадугаар сард баруун аймагт дуусдаг. 3, 4 сарын хугацаатай бизнес. Гэтэл гурван сар өнгөрчихлөө. Ноолуурын бизнес явсангүй.

Үүнээс шалтгаалаад малчид ноолуураа борлуулъя гэх эрэлт нэг талаас гарч байна. Нөгөө талд бизнес нь огт хөдөлдөггүй. Үүнийг дагасан улс төр ч их явлаа. Ирэх долоо хоногт Их хурлын тогтоолын дагуу олгох ноолуурын урамшууллыг олгоно. Үйлдвэрүүд маань түрүүч нь зээлээ аваад эхэлсэн. Бэлтгэлдээ гарч байна. Төр ирэх долоо хоногт хүлээсэн үүргийнхээ дагуу бүх урамшууллаа олгоно.

Одоо харин үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн хариуцлага үлдэж байгаа. Үнээ тохирч өгч авах ёстой. Хоёр сарын хугацаа бидний боломжийг үгүй хийчихлээ. Аль болох үнэд хүргэх ёстой.

Өнөөдөр бид ноолуураа Итали руу эхний ачилтаа хийж байна. Одоогоор дотоодын жижиг худалдан авагчид зарим нэг үйлдвэрүүд худалдан авч байгаа. Дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын хаан ширхэгт гэх олон улсын стандарт батлуулсан.

Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч хойшиллоо. Шүүгдэгч С.Баярын эрүүл мэнд тааруу байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авав. Ингэснээр шүүх хуралдааныг ирэх зургадугаар сарын 15-н болгож, өөрчилсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа энэ парламентын түүхэн ажлуудын нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэж заасан. Тиймээс өнөөдрөөс Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэлж байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй ТАНИЛЦ:

1/ Арван ес 1 дүгээр зүйл:

1. Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.

2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.

/Энэ хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө./

3. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.

2/ Хорин хоёрдугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:

3. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.

4. Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.”

3/ Хорин долдугаар зүйлийн 7 дахь хэсэг:

7. Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.

4/ Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

6. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

Хоёрдугаар зүйл

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно;” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэр, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.

Гуравдугаар зүйл

Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

2/ Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

3/ Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

4/ Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

7/ төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.

Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.

Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;”

5/ Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.

6/ Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг:

6. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална.

7/ Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2. Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.

Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

8/ Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

9/ Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

10/ Гучин есдүгээр зүйл:

1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.”

11/ Дөчин гуравдугаар зүйл:

1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.”

12/ Дөчин дөрөвдүгээр зүйл:

1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2. Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”

13/ Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

14/ Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэг:

5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

15/ Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

16/ Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.