Categories
мэдээ цаг-үе

“Бурхан багш” киноны онцлох эшлэлүүд

Бурхан багшийн Их дүйчэн өдөр ирэх сарын 5-нд тохионо. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ бэлгэтэй сайн өдрийг тохиолдуулж МҮОНТВ-ийн нэгдүгээр сувгаараа “Бурхан багш” олон ангит уран сайхны киног цувралаар гаргаж байгаа билээ. Бурхан багшийн бодит намтар түүх, энэрэн нигүүлсэх сургаал, номлолын тухай өгүүлж буй энэ киног хүүхэд залуус гэлтгүй монголчууд бүгд шимтэн үзэж байна. Фэйсбүүкт “Бурхан багш” кино сонирхогчдын группт өчигдрийн байдлаар 7700 гаруй хүн нэгдээд байгаа юм.

Залуус та бүхэнд “Бурхан багш” киноны онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Эдгээр эшлэлүүдийг сүсэгтнүүд болон уг киноны үзэгчид ийнхүү онцолжээ.

• Хаан хэдий зоригтой байлаа ч түүний хүч чадал цэрэгт нь байдаг.

• Би шашинд эргэлзэхгүй байна. Гэхдээ шашины заль мэхээр зөвшөөрүүлсэн үзэн ялалтад чинь эргэлзэж байна. Шашин хүн төрөлхтнийг нэгдэхэд туслах ёстой.

• Ан цав гарсан л бол ямар ч хэрэм нурдаг.

• Аливаа дайн хэзээ ч сайнаар төгсдөггүй.

Алтан амь, амгалан бүхнийг авч оддог.

Асрал, хайр л амгаланг авчирна

• Дайнд ялсан тал гэж байдаггүй. Дайн үзэн ядалтыг л бий болгодог.

• Үхэл бол хорвоогийн жам.

• Хүч чадал сэтгэлээс л ундарна. Сэтгэл тайван байхад бид гарцаагүй ялна.

• Бэлгэгүй үгээр барцад бүү далла.

• Би худлаа хэлэхийг оролдож болох ч нүд минь намайг илчилнэ.

• Тэвчээр бол зэвсэг.

• Уснаас илүү ундардаг, нарнаас тод гэрэлтдэг зүйлийг хайр гэнэ.

• Сул доройг хамгаалах нь дайчин хүний үүрэг.

• Надад биш, өөрийн эцэг эхэд мөргө.

• Хайр усны урсгалаас илүү хүчтэй. Жинхэнэ хайрыг харцнаас харж болдог. Хайр, мэдлэг хоёр зам нийлдэггүй.

• Дэгдээхэйг үүрнээс нь түлхэхэд нисч сурдаг.

• Үнэнд нотолгоо хэрэггүй.

• Тэнгэрт гялалзах одыг та ганцаараа муулаад гялалзахаа байчихгүй.

• Би ганцаарддаггүй, бодол эргэцүүлэл минь үргэлж надтай хамт байдаг.

• Оюун ухаант, сэтгэл тайван хүн л бүгдийг тунгаана шүү дээ.

• Яшодара:-Би чамайг хайж байлаа

Сиддхарта:-Би ч гэсэн

Яшодара:- Та хэнийг хайсан юм бэ?

Сиддхарт:- Өөрийгөө.

• Амьтад байгалийнхаа зөнгөөр амьдардаг. Харин хүмүүс бид зан төлөвөө өөрчилж чаддаг. Бид амьтнаас үүгээрээ ялгаатай. Бид өрөвч энэрэнгүй байж өөрсдийгөө ухаанаараа залж чаддаг.

• Үнэн хоёр янз бий. Ил үнэн, далд үнэн.

• Бид ертөнц даяар хайр нигүүлслээ түгээх хэрэгтэй.

Categories
гадаад мэдээ

Бразилиас ирсэн хүмүүс Америкийн хилээр нэвтрэхгүй

Гадаадын иргэд хэрвээ хоёр долоо хоногийн өмнө Бразиль улсад зорчсон мөн тийм хугацаанаас нааш ямар нэгэн хэмжээгээр тухайн улсын хилээр нэвтэрч байсан бол АНУ руу орж болохгүй нь байна. Сүүлийн өдрүүдэд Бразилийн иргэдийн доторкоронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан Цагаан ордоноос ийм шийдвэр гаргахад хүрчээ. Үүнээс өмнө Төрийн депертамент Хятад, Иран, Шенгений бүсийн улсууд, Их Британи, Ирландаас ирэх жуулчдыг хилээрээ тодорхойгүй хугацаанд оруулахгүй гэдгээ зарлаад байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааны үеэр мөрдөх “Түр журам” боловсруулжээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгууль болох гэж байна.

Үүнтэй холбогдуулан СЕХ-той хамтран ажиллах УОК-оос ажлын хэсэг томилж “Түр журам”-ын төсөл боловсруулаад байгааг өнөөдрийн УОК-ын өргөтгөсөн хуралдаанд танилцуулжээ.

УИХ-ын 2020 оны сонгууль сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулаад байгаа аж. Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм, хугацаа зэрэг зүйлсийг тусгаж өгсөн байна. Комиссын гишүүд журмын төсөлтэй танилцаад зарим өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэж үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 автомашины зогсоол, дугуйн зам бүхий хэсэг барихаар боллоо

Нийслэлийн удирдлага өнгөрсөн жилүүдэд 15 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Тус зүйлийн жагсаалтад нэмэлтээр 18 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулахаар Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцууллаа.

Тухайлбал, Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цэвэрлэх байгууламж, төмөр зам, Эмээлт дэх аж үйлдвэрийн паркийн хэсэгчилсэн бүтээн байгуулалт, Урт цагааныг шинэчлэн барих төсөл, Алслагдсан байршлуудын автобусны болон таксины зогсоол барих, Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Наадамчдын гудамжтай холбох босоо тэнхлэгийн зам тавих, Нийтийн эзэмшлийн талбайд ариун цэврийн 19 байгууламж барих зэрэг төслүүдийг нэмж оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан I орлогч Ж.Батбаясгалан төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхэд бэрхшээлтэй асуудлуудыг концессоор хэрэгжүүлэх нь зөв гээд, жагсаалтад иргэдэд зориулсан зогсоол байгуулах төслийг нэмж оруулах санал гаргав. Тэргүүлэгчид тухайн асуудлыг хэлэлцээд, концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орууллаа. Ингэснээр дээр дурдсан төслүүдийг хувийн хэвшлийн оролцоотойгоор гүйцэтгэх болов.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. 2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын автозогсоолыг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцууллаа. Төслийн хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 автомашины автозосгоол, дугуйн зам, тохижилт бүхий хэсэг барихаар тусгажээ. Төсөл хэрэгжүүлэгч “АБГИ” компани дээрх бүтээн байгуулалтыг өөрсдийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.

Нийслэлин ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлнэ гэдэг ажлын байр нэмэгдүүлж буй хэлбэр. Тиймээс ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэсэн юм. Ингээд Тэргүүлэгчид “АБГИ” компанитай концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг дэмжиж, тотоол баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн болон сэргээн засахын эмч нарт зориулсан “Аутизмын гарын авлага” тараана

“Монголын Аутизмын Холбоо” ТББ-аас НЭМГ-ын харьяа нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч нарт “Аутизмын гарын авлага” хүлээлгэн өглөө.

Тус гарын авлагаар дамжуулан аутизмын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, аутизмын хүрээний эмгэгийг таниулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэхээр зорьсон бөгөөд эмч мэргэжилтнүүдэд зориулан аутизмтай хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийх цогц зөвлөмжийг багтаасан байна.

Канад улсын “Аутизмын холбоо”-ны албан ёсны зөвшөөрлийн дагуу Монгол хэл дээр орчуулсан энэхүү гарын авлагыг 1000 хувь хэвлүүлж, нийслэлийн есөн дүүрэг болон хөдөө орон нутгийн 21 аймгийн хүүхдийн эмч, сэргээн засахын эмч нарт хүргэж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмыг буцаалаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахдаа газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмын төслийг танилцуулав.

Иргэн, аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны үнийг хэрхэн тогтоох нь тодорхойгүй байгаа учраас зохицуулах зорилгоор тус түр журмыг боловсруулжээ. Тус түр журам нь зургаан бүлэгтэй. Газрын дуудлага худалдааны анхны үнийг тогтоох, төлүүлэх, газар олголтын гэрчилгээнд дүгнэгт хийх зэргийг тусгаж өгчээ. Гэхдээ тус журмын хүрээнд шинээр газар олгохгүй, өнгөрсөн жилүүдэд газар олгосон газар олголтоос дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхэд мөрдүүлэх аж.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй 400 гаруй байршлаас 1.2 тэрбум төгрөгийг төлүүлэх шаардлагатайг холбогдох албанд хүргүүлсэн

Тодруулбал, Нийслэл дэх Төрийн аудитын газраас газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй 400 гаруй байршлаас 1.2 тэрбум төгрөгийг төлүүлэх шаардлагатайг холбогдох албанд хүргүүлсэн байдаг. Тус журмыг мөрдөж эхэлсэнээр дээрх төлбөрийг төлүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай онцолсон.

Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтдээ 20 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулах төлөвлөгөөтэй. Гэвч цар тахлын нөхцөл байдал болон зарим асуудлын улмаас зарим хүндрэлтэй асуудал үүсээд байгаа аж. Энэ мэт үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тус журам ач холбогдолтой ажээ. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан юм. Газрын тухай багц хуулийг шинэчилсэн батлах тус түр журмыг мөрдөнө. Тэргүүлэгчид түр журмын талаар хэлэлцээд зөрчил ихтэй байна, сайжруулах шаардлагатай хэмээн үзэж, буцаалаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийг хүртэл 87,522 ширхэг оношлуур импортолжээ

Энэ оны тавдугаар сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд 2,030 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 296.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт болжээ. Үүнд,

  • Эрдэс бүтээгдэхүүн 98.6 сая ам.доллараар
  • Автомашины, техник 173.2 сая ам.доллараар
  • Бусад импорт 38.3 сая ам.доллараар авсан нь нөлөөлсөн байна.

Тэгвэл мөн хугацаанд 240.8 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.3 сая ам.доллараар өссөн үзүүлэлт болсон аж.

Түүнчлэн 193.6 мянган тонн бинзен импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 20.8 мянган тонн (9.7%), 304.1 мянган тонн дизель импортолсон нь өмнөх оны мөн үеэс 84.1 мянган тонноор (21.7%) тус тус буурчээ.

Хүснэгт 1. Импортоор авсан бүтээгдэхүүн

Уг хүснэгтээс харвал улаанбуудай, Улаанбуудайн гурил, тахиа, гахайны мах, өөх, хүнсний бүтээгдэхүүн, ургамлын тос, элсэн чихрын импорт өссөн. Харин өтгөрүүлсэн, хуурай сүү, өндөг, цагаан будаа болон жимсний импорт буурсан байгаа юм.

КОВИД-19 вирустэй холбоотойгоор импортоор авсан бараа бүтээгдэхүүний хувьд,

  • Амны хаалт 17,410.4 ширхэг
  • Коранавирусийн оношлуур 87,522 ширхэг
  • Хамгаалалтын иж бүрдэл хувцас 18,837 ширхэг
  • Эмнэлгийн тоног төхөөрөм, хэрэгсэл 9,377 ширхэг байна.
Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтрахад бэлэн

Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургууль нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор “Шинэ коронавируст халдвар”-ын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Монголын анагаахын шинжлэх ухааны 62 дахь удаагийн эрдмийн чуулганыг анх удаа цахим хэлбэрээр АШУҮИС дээр зохион байгуулж байна.

Эрдмийн чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, МУ-ын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга, МУ-ын ардын эмч, АУ-ны доктор, профессор Ж.Хатанбаатар, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон эрдэмтэн багш нар судлаачид оролцлоо.

Эрдмийн чуулганыг нээж, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлсэн үгэндээ “Энэ удаагийн 62 дахь эрдмийн чуулганыг дэлхий нийтэд тархаад буй цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлог юм. Мөн олон нийтийн нийгмийн сүлжээгээр шууд дамжуулснаар коронавирустэй холбогдолтой академик, нотолгоонд суурилсан мэдээллийг олон нийтэд түгээж, цаашлаад урьдчилан сэргийлэх, эмчилгээний удирдамж боловсруулах зэрэг нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн салбар руу чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд нийт эрүүл мэндийн салбарын бүх шатны боловсон хүчинд хувь нэмэр болно гэдэгт итгэж байна” гэдгийг онцолж хэлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдрийн чуулганд тавигдах илтгэлүүд болон эрдэм судлалын ажлын үр дүн нь өрнө, дорнын анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт, үр дүнг олон нийтэд танилцуулах, туршлага солилцох, улс хоорондын гадаад хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн хурлын гол сэдэв нь коронавирусийн халдварын оношилгоо, эмчилгээ, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, үнэлэхэд олон улсын туршлагаас хуваалцахын зэрэгцээгээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнө шинэ тутам тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулахад нэг алхам урагшилсан үйл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс та бүхний үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин, нийслэлийн иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байх болно” хэмээлээ.

Эрдмийн чуулганд Академич П.Нямдаваа “Шинэ коронавируст халдвар (Ковид-19)” цар тахал үүсгэгч эпидемиологи эмнэлзүй, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Дэлхийн улс орнуудад Ковид-19–ийн эсрэг хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг судалсан Монгол Улсын туршлага”, ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр “Монгол Улсад бүртгэгдсэн Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүй, лабораторийн шинжилгээний зарим дүн” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж байна.

Мөн чуулганд цахимаар ДЭМБ-ын төлөөлөгч Сергей Диордица болон БНХАУ, ОХУ, Япон зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны өндөр туршлагатай орнуудын илтгэгчид Ковид-19-ийн эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өөрсдийн судалгааны туршлага, статистик дүн, мэдээ, зөвлөмжийг хэлэлцүүлэх аж.

Түүнчлэн өнөөдрийн чуулганы үеэр болсон нэг онцлох үйл явдал нь Монголын Уламжлалт анагаах ухааны 108 боть номын нээлтийн үйл ажиллагаа байв. Энэхүү ном нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдэмтэн багш нар судлаачид хамтран бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдвараас сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ

Нян, вирус, эгэл биетний аль нэгнээр халдварлагдсан халдвартай хачиг хүнийг хазаж, өвчин үүсгэгчийг дамжуулж өвчлүүлнэ. Дэлхий дахинд хачгаар дамждаг нийт 28 төрлийн халдвар байдгаас манай орны хувьд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгийн 3 төрлийн халдвар бүртгэгддэг.

  • Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх
  • Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях
  • Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгыг гутлын түрүүний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацаж хэрэглэх
  • Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.
  • Хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.
  • Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
  • Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах
  • Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх
  • Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.
Categories
мэдээ нийгэм

ИНФОГРАФИК: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол заалтууд

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр 12 цагаас мөрдөж эхлэв.

Өнөөдөр арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 3. Бидний ярьж заншсанаар энэ сайн өдрийг сонгон авч, нэмэлт өөрчлөлтийг мөрдөж эхлэх цагийг морин цаг гэж товлосон юм.

1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх асуудлыг сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүд төслийг дөрвөн удаа өргөн барьж байжээ.

Хамгийн сүүлийн төслийг УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан юм. Ингээд УИХ-аар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад арван нэгдүгээр сарын 18-нд өргөн барьж, Еөрнхийлөгч Монгол Улс Тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 95 жилийн ойн өдөр буюу арван нэгдүгээр сарын 26-ны өдөр ёсчлон баталсан юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна.