Categories
мэдээ цаг-үе

МУГЖ Н.Чулуунхүү: “Заллага” дууг анх Бямбажав бид хоёр дуулсан юм

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, бэлтгэл хурандаа, МУГЖ Нанзадын Чулуунхүүтэй ярилцлаа.


-Та өнгөрсөн сард өөрийн ууган шавь МУГЖ М.Бямбажавтайгаа хамтарсан “Баярлана даа” лайв тоглолтоо хийсэн. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би 1991 оноос эхлээд “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Намайг хүлээ”, “Зуу наслаарай ээжээ”, “Соёолон хүлгийн тоос”, “Уйдаагүй холдоогүй түмэнтэйгээ дуулна даа, баярлана даа ” зэрэг бие даасан 20 гаруй тоглолтыг хийсэн. Харин “Баярлана даа” лайв тоглолт бол шавь М.Бямбажавыгаа МУГЖ цол хүртсэнээс хойш хамтран хийж байгаа анхны тоглолт гэдгээрээ онцлог юм. “Өлзий” телевизийнхэн санаачилж энэ тоглолтыг хийсэн бөгөөд бид хоёр арваад жилийн дараа хамтарсан тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барилаа. Тоглолтыг маань хэдэн хүн үзсэнийг мэдэхгүй л байна. Энэ лайв тоглолт гурван цаг үргэлжилж, үзэгч түмний маань сэтгэлд бидний дуулснаар хоногшсон, сонсох дуулах дуртай арав гаруй дууг шавьтайгаа хамтран дууллаа.Энэ тоглолтын үеэр “Баярлана даа” дууны үгийг зохиосон Р.Баярсайханы “Баярлалаа та нартаа” шүлгэнд ая зохиож анх удаа дуулагдлаа. Өөрөөр хэлбэл “Баярлана даа” дууны маань үргэлжлэл бас нэг шинэ дуу төрлөө.

-Та урлагийн мэргэжлээр сургуульд сурч байсан уу?

-Үгүй ээ. Би бага сургуульд сурч байх үеэсээ л дуулж, бүжиглэх дуртай хүүхэд байсан. Дөрөвдүгээр ангид сурч байхдаа сумаасаа шалгарч Завхан аймгийн төвд зохиогдсон урлагийн наадамд оролцохдоо уртын дуу дуулж нэгдүгээр байр эзэлж байлаа. Ер нь дуу, хөгжмөөс хэзээ ч хол байгаагүй.

Аав ээжээсээ өвлөгдсөн унаган авьяасаа өөрөө тордож л өдийг хүрсэн. Би ч өөрийгөө “ясны уран бүтээлч юм даа” гэж хааяа боддог шүү. \ инээв\ Анх 1975 онд Монголын радиод дуугаа бичүүлж байлаа. Зарим ардын дууг 12, 14, 16 бадгаар, тухайлбал “Сандуйтай мод” дууг 28 бадгаар цөөхүүүл хөгжимтэй дуулж бичүүлсэн. Монголын радиогийн алтан фондод миний дуулсан зөвхөн ардын дууны гурван цагийн бичлэг хадгалагдаж байгаа. Би анх хоёр гитартай дуулж эхэлсэн. Дараа нь гитар морин хууртай, гитар ятгатай, гитар гобойтой дуулсан. Ер нь ардын дууг гитартай дуулах, гитарыг өөр хөгжимтэй хоршуулан тоглож дуулах хэв маягийг анх бий болгосон гэж боддог. Анх ардын дууг гитартай дуулахад хүмүүст шинэ соргог сонсогдож байсан байх.

-Анхны дууны аяа хэзээ зохиосон бэ?

-Нэг өдөр Монголын радиогоор орчихоод явж байтал П.Сандуйжав гуай тааралдаад “Чи энэ шүлгэнд ая хийлгээд дуулвал гоё дуулна даа” гээд надад“Настан буурал эмээ” шүлгээ өгсөн юм. Гэртээ ирээд нөгөө шүлгийг нь уншиж байснаа гитараа авч аялаж үзтэл болчихмоор ч юм шиг санагдаад үргэлжлүүлэн оролдсоор ая хийчихсэн юм. Тэгээд Ц.Чинзоригтойгоо уулзаж “Ийм дуу байж болох уу?” гээд дуулж үзүүлсэн чинь “Ямар хөөрхөн юм бэ. Болчихсон байна шүү дээ” гээд дор нь нотлож өгснөөр миний анхны дуу бүтсэн түүхтэй. Тэр үед дууг заавал Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоогоор батлуулдаг байлаа. Энэ журмын дагуу батлуулж “Настан буурал эмээ” дуу маань удалгүй сонсогч түмэндээ хүрч, хүн бүрийн дуулах дуртай дуу болон түгж, араасаа олон зуун дууг дагуулсан ёстой булган сүүлтэй дуу болсонд нь баярлаж явдаг юм.

Би өөрийгөө “том хөгжмийн зохиолч” гэж хэлэхгүй. Харин дууны ая нэлээн сайн зохиочихдог хүмүүсийн тоонд багтах байх аа. “Настан буурал эмээ” дуугаа зохиосноос хойш өдийг хүртэл 800-гаад дуу зохиожээ. Эхийн тухай дуу гэхэд л зуу гаруй, эх орны сэдэвтэй дуунууд зуу гаруй, хань ижил, хайр сэтгэлийн сэдэвтэй дуу хоёр зуугаад, цэрэг эрсийн холбогдолтой жараад дуу, морьд бөхчүүдийн тухай дуунууд гээд сэдэвчилбэл нэлээд урт жагсаалт гарна. Ийм олон дууг нэг хүн өөр өөр аятайгаар хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Дууны ая хийх амар ажил биш. Их “зовно”. Ялангуяа сайхан шүлэг олчихвол түүндээ ая хийх гээд л олон хоног бодож явна. Би хөгжмийн театр, чуулга, хөгжмийн мэргэжлийн байгууллагууд, дуучид, дуулаачийн мэргэжлээр суралцагсдад зориулж өөрийн зохиосон дуунуудаас мэргэжлийн дуучид дуулчихмаар, арай өргөн дуулалтай дуунуудыг сонгон авч, төгөлдөр хуурийн дарамжтай \клавиртай\ нь хэвлэсэн “Очирваанийн хишигтэй дуунууд” номоо гаргасан. Энэ бол миний томоохон уран бүтээл болсон. Энэ номонд маань өмнөтгөл үг бичсэн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин, УГЗ П.Хаянхярваа, УГЗ Б.Бямбабаяр нартаа баярлаж талархаж байдгаа танай сониноор дамжуулан илэрхийлье. Одоо өөрийн зохиосон дуунуудаа сэдэвчилэн бүлэглэж, үг, ноттой нь эмхэтгэж дөрвөн боть ном болгон гаргахаар бэлтгэж байна. Удахгүй гаргана аа.

Н.Чулуунхүү: Би дуу үйлдвэрлээгүй, зохиосон хүн-Та хөгжмийн зохиолчидтой хэр ойрхон нөхөрлөж байсан бэ?

-Монголын шинэ цагийн хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцсан ахмад үеийн нэрт хөгжмийн зохиолчид С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Г.Бирваа, Д.Мяасүрэн зэрэг алдартнуудтай багахан хугацаанд ч болов хамт байж тэдний уран бүтээлээс сонсож, үйл хөдлөлийг нь харж, яриаг нь сонсож байсан маань их хувь заяа байжээ гэж боддог. Ялангуяа XX зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж багштайгаа их дотно байсныг манай хөгжмийн зохиолчид сайн мэднэ дээ. Олон арван алдартай бүтээлүүд туурвисан ч эгэлгүй даруухан, алиа хошин зантай, сонин домог түүхтэй, түмний хайрыг татсан сайхан хүн байсан даа. Миний тайлан тоглолтууд дээр ирж баяр хүргэж байсан нь, захиж хэлж байсан үгнүүд нь, хамт явж байсан дурсамжууд сэтгэлд минь мөнхрөн үлдэж дээ. Надад нэг удаа “Чи цэргийн хүн. П.Хаянхярваа багштайгаа их дотно байх хэрэгтэй шүү” гэж захисаны дагуу би П.Хаянхярваа багштайгаа үргэлж холбоотой байж сургамж зөвлөгөөг нь сонсож хүндэлж явдаг юм.

Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригтойгоо би их дотно байсан. Уяхан хөнгөн сэтгэлтэй, нийтэч хүн байсан. Их гоё дуулдаг, төгөлдөр хуур, гитарыг сайн тоглодог. Заримдаа шөнө дунд утасдаад л “Би ийм дуу хийчихлээ, чи сонс доо” гэдэг байсан. Дандаа л хошигнож, егөөдөж суудаг, хүмүүсийг өөртөө соронз шиг татдаг, хүнд урам их хайрладаг хүн байлаа.

Авьяас билэг нь тэгширсэн дунд үеийн хөгжмийн зохиолчид болох З.Хангал, Ц.Нацагдорж, Ч.Сангидорж, Х.Билэгжаргал, Б.Шарав, Ц.Чинзориг нар маань олон алдартай бүтээлүүдийг туурвих ид үедээ хорвоогийн мөнх бусыг үзүүлж тэнгэрийн орноо дэвшсэнд үнэхээр харамсаж явдаг даа. Монголын хөгжмийн түүхийг гэнэтийн“цунами” дайрч байгаа юм шиг ар араасаа цувран одож “яачихав аа” гэмээр л юм болсон доо.

Одоо Н.Жанцанноров, Б.Бямбабаяр, Г.Алтанхуяг, Л.Балхжав, Д.Баттөмөр, М.Хатанбаатар, С.Батболд зэрэг манай шилдэг хөгжмийн зохиолчид, залуу үеийнхэн болох С.Соронзонболд, Т.Сэр -Од, Х.Алтангэрэл, Ш.Өлзийбаяр, Б.Мөнхболд, Г.Төвшинтөр, Б.Мөнхжаргал, Цэн.Эрдэнэбат, Х.Мөнх- Ертөнц нартайгаа Монголын орчин үеийн хөгжмийн хөгжлийг нэр төртэй үргэлжлүүлж явна.

Ер нь хөгжмийн зохиолч гэж мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн, хөгжмийн дан бүтээл, симфони, дуурь гэхчлэн томоохон бүтээлүүд туурвисан хүнийг л хэлнэ. Харин мэргэжлийн хөгжмийн зохиолч манай улсад маш цөөхөн. Хөгжмийн зохиолч гэдэг их нарийн мэргэжил. Мэргэжлийн бус хүн дуурь, симфони мэт томоохон хэмжээний бүтээл туурвиж чадахгүй. Тиймээс цөөхөн, хэдхэн хөгжмийн зохиолчдоо хайрлахын дээдээр хайрлах хэрэгтэй гэж боддог. Би цэргийн албанаас чөлөөндөө гарсан 1991 оноос хойш уран бүтээлдээ шуурхайлан орсон. МХөЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр долоон жил гаруй ажилласан. Сүүлийн үед сайн дуу, сайхан аялгуу зохиодог залуучууд гарч ирж байна. Надад “Ая зохиогч” хэмээх нэр томьёог хэрэглэх нь зөв юм шиг санагддаг. Харин ая зохиогчид МХөЗХ-ны гишүүн байж, холбоогоо бэхжүүлэх үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох хэрэгтэй гэж боддог.

-Та аяыг нь зохиосон дуунуудаа дараа нь сонсоход засчихмаар санагдах зүйл байдаг уу?

-Дууны уран бүтээл агуу том орон зайтай. Орчин үед маш олон дуу төрж байгаа ч гярхай сонсвол “Хэний зохиосон ая болохыг нь” ялгаж болно. Өөрийн ая хийсэн дуунуудаа дараа нь сонсоход засчихмаар санагдах үе байдаг л юм. Гэхдээ би ая хийсэн дуу болгондоо хайртай. Ер нь дууг сонсогчдын сэтгэл зүрхэнд хүргэхэд олон зүйл нөлөөлдөг. Дуу эзнээ, дуучнаа олно гэж байдаг. Мөн дуунд хөгжмийн найруулга томоохон үүрэгтэй.Одоо манайд дууны хөгжмийн найруулга хийдэг, дуучдын хоолой бичиж, мастер хийдэг цөөхөн хэдэн хүмүүс байна. Мөн ч их тэвчээр, авьяас мэдлэг чадвар, цаг хугацаа шаарддаг, хэн дуртай нь хийгээд байдаггүй хүнд ажил гэж боддог. Энэ хэцүү ажлыг шантралгүй олон жил хийхийн зэрэгцээ өөрөө хөгжмийн төрөл бүрийн бүтээл туурвиж, дуу зохиож олон түмэндээ толилуулж яваа цорын ганц эмэгтэй хөгжмийн зохиолч бол охин Мөнхжаргал маань байна даа. Миний зохиосон олон арван дууны найруулгыг охин маань л хийсэн шүү.

-Та цэргийн хүн. Тэгэхээр цэргийн хүний зарчимч зан чанар таны уран бүтээлд ямарваа нэгэн байдлаар нөлөөлдөг үү?

-Би цэргийн албанд 30 -аад жил зүтгэж, Ленинград хотын Цэргийн ар тал тээврийн академийг төгсөж, төрөл бүрийн ажил үүргийг гүйцэтгэж ажиллахдаа байлдагчаас хурандаа хүртэлх цэргийн бүх цолыг хүртсэн. Тиймээс би энгийн үедээ ч хүмүүстэй тушаангуй харьцах хандлагатай байдаг.Миний уран бүтээлд цэргийн сэдэвтэй дуунууд томоохон байр эзэлдэг. Цэргийн сэдэвтэй дуунд ая хийхэд тун хэцүү.Адилхан аялгуутай болчих гээд байдаг юм.Би “Халагдах цэргийн вальс” дууныхаа аяыг дахилтаас нь эхэлж зохиосон. Ер нь цэргийн дууг цэргийн хүн л сайн хийнэ гэж боддог.Энэ хугацаанд эгэл бор хэдэн цэргүүдээс авахуулаад армийн генерал хүртэлх цэргийн цолтнуудын тухай, цэргийн төрөл мэргэжлийн тухай 60 гаруй дуу зохиосон байна. Өнгөрсөн онд Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ой, “Халагдах цэргийн вальс” дуу зохиогдсоны 30 жилийн ойд зориулан өөрийн зохиосон дан цэргийн сэдэвтэй дуунуудаас бүтсэн “Цэрэг эрсдээ өргөх миний аялгуу” тоглолтыг хийсэн. Энэ нь монголд анх удаа нэг хүний зохиосон цэргийн сэдэвтэй дуунуудаар хийсэн тоглолт гэдгээрээ онцлог байсан бөгөөд энэ дашрамд миний уран бүтээлийг дэмжиж бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон ЦДБЭЧ-ын хамт олондоо талархалаа дэвшүүлье.

-Таны шавь МУГЖ М.Бямбажав та хоёрыг нийтийн дууны ертөнцөд “Эр хоёр загал” хэмээн хошигнодог. Энэ дууны анх бүтсэн түүхийг хуучлаач?

-“Болор цом “ наадмын хошой тэргүүн байрын шагналт яруу найрагч, СГЗ Ц.Чимэддорж маань артиллерийн бригадад гурван жил цэргийн алба хаахдаа штабын бичээч хийж байсан, их гоё бичдэг цэрэг байсан юм билээ.Нэг өдөр Ц.Чимэддорж надаас “Эзэн Чингисийн эр хоёр загалыг мэдэх үү?” гэж асуулаа. Тэгэхээр нь “Ном зохиолоос л уншсан” гэтэл өөдөөс “Тэгж ярихгүй ээ хө, дуу хийнэ ээ” гэсэн. Удалгүй “Эр хоёр загал” дууны шүлэг бичээд аваад ирлээ.“Яаж ая хийнэ ээ” гэтэл “Дэргүүлээд л, татаад л, тавиад л, татаж тавиад, дүүхэлзүүлээд бай” гэчихээд гараад явчихсан. Тэгээд л миний анхны морины сэдэвтэй дуу болох “Эр хоёр загал” дуу зохиогдсон доо. Энэ дуунаас хойш морины сэдэвтэй жараад дуунд ая хийжээ.

-Уран бүтээлчид хэн нэгэн хүнд тухайлан зориулсан бүтээл хийх нь нэлээд нийтлэг үзэгдэл байдаг. Та хэн нэгэн хүнд зориулж дуу хийсэн үү?

-Захиалгаар хэн нэгэн хүнд зориулан хийсэн дуу бий. Нэг хүн эхнэртээ, нөгөө хүн нь хүүхдэдээ зориулж дуу хийлгэж байлаа. Харин “Насанд олдсон хань”, “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ” дууг би өөрийнхөө гэргийд зориулж хийсэн. АУЗ Ш.Сүрэнжав гуай энэ дуунуудын шүлгийг өгөхдөө “Ханьдаа зориулж ая хийгээрэй” гэсэн юм. Мөн Дилов Хутагт Жамсранжавт, Дандар лхарамба ренбучид, Жадо ренбучид, Балбын гэвш ламтан Дэнгела багшдаа гээд тухайлан хүмүүст зориулсан дуу нэлээд олон бий.

-Та ээждээ зориулж хэр олон дуу хийсэн бэ?

-“Настан буурал эмээ”, “Зуу наслаарай ээжээ” гээд өөрийнхөө ээжид болон Монголын бүх сайхан ээжүүдэд зориулсан дуунууд бий.“Зуу наслаарай ээжээ”дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн тоглолтоо “Бөхийн өргөө”-нд хоёр өдөр хийж 6000 хүн үзэж байлаа. Хүмүүс намайг “Зуу наслаарай ээжээ” гэж дуулсаар байгаад ээжийгээ зуу наслуулсан гэж ярьдаг.Ээжийнхээ зуун насны ойд зориулж “Бөхийн өргөө”-нд шашин урлагийн хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулж сайхан тэмдэглэсэн. Энэ арга хэмжээнд маань Хөлөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай хүрэлцэн ирж,бүтэн гурван цагийн турш ээжийн минь хажууд сууж тэр тоглолтыг үзсэн нь хэзээ ч мартагдашгүй үйл явдал болсон. Би Л.Цогзолмаа гуайд насан туршдаа баярлаж явах болно.

-Ээж тань таны дуунуудаас алинд нь илүү дуртай байсан бэ?

-Ээж минь өндөр настай хэрнээ миний тоглолт болгоныг л очиж үздэг байсан. “Та ядарна шүү дээ” гэхэд “Зүгээр ээ” гээд хэдэн цагийн тоглолт ч байсан дуустал нь суугаад л үздэг байсан. Миний “Ээжийн бор аяга” дуунд их дуртай. Одоо би аавдаа зориулж хэдэн сайхан дуу хийнэ ээ.Аав минь морь мал сайн хатгадаг, сайхан исгэрдэг, нутаг хошуундаа хүндтэй, эрдэм номтой хүн байсан.

-Уучлаарай, сонирхоход дуу ямар үнээр бүтдэг юм бэ?

-Одоо бол дуу өндөр үнээр бүтдэг болсон. Яруу найрагч, хөгжмийн зохиолчдоо мөнгө төлнө. Хөгжмийн найруулга шаггүй өндөр үнээр хийлгэнэ. Дараа нь студид хоолойны бичлэг хийсэн хүнд мөнгө төлнө, дуучнаа урамшуулна. Нэг дуу зохиогдож олон түмэнд түгтэлээ хоёр саяас дээш төгрөг зарцуулна шүү дээ.

-Та сүүлийн үед гаргасан дуунуудынхаа талаар хуучлахгүй юу. “Заллага” гээд дуунаас эхлээд олон сайхан уран бүтээлүүд бий шүү дээ?

-2019 оны сүүлч 2020 оны эхээр театр, чуулга мэргэжлийн байгууллагууд дуулаач, дуулаачийн мэргэжлээр суралцаж буй хүмүүст зориулж “Отгонтэнгэрийн хишигтэй дуунууд” гэсэн томоохон ном гаргасан. Түүнээс гадна би сүүлийн 30 гаруй жил 800 гаруй дуу зохиосон байна. Үүнээс 600 гаруйг нь шилж аваад эх орон, ээж аав гэж сэдвээр нь ангилан дөрвөн боть номоо хэвлэлтэд өгөхөөр бэлдэж байна. Сүүлийн бүтээлүүдээс “Заллага” дуу ард түмэнд их хүрсэн. Анх М.Бямбажав бид хоёр дуулж сонсогчдод хүргэж байсан. Манай охин ч бас дуулж байсан. Ингээд хүмүүс мэддэг болсон үед нь манай Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа гурав дуулж дуу дүрсний найруулгыг маш гоё хийсэн. Улмаар энэ дуу Монголдоо битгий хэл Өмнөд монгол болон урд хөршөөс гадна гадаадын орнуудад ч түгсэн. Энэ дууны шүлгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиогч И.Цэрэнжамц гуай бичсэн. Ер нь дуу гэдэг үг цөөтэй, оновчтой үгтэй байх нь зүйн хэрэг. Ер нь нийт 15 орчим CD, гурван DVD гаргасан байна.

-Та цэргийн албаныхаа хажуугаар урлагт өдийг хүртэл үнэнчээр хүчин зүтгэсэн. Энэ хугацаанд шантрах үе тохиолдож байсан уу?

-Надад шантрах үе зөндөө л байсан. Цэргийн албаны хатуу сахилга бат, дэг журамтай болохоор цаг зав маш бага гарна. Удирдах алба хашиж байсан учраас бусдад буруу үлгэр дуурайл үзүүллээ гэж шийтгүүлэх ч энүүхэнд. Анх “Ванлий” дууг дуулсны дараа завхай дуу дууллаа гээд радиогоор дуугаа дуулах эрхээ хүртэл хасуулж явлаа. Гэхдээ би урлагт хайртай, дуртай, сэтгэлтэй болохоор шантралгүй өдийг хүртэл хүчин зүтгэж явна. Би МУГЖ цолыг 50 нас хүрч байж авсан. Унаган авьяасаа тордож, өөрийгөө дайчилж байж ард түмнийхээ сэтгэлд хүрсэн чамлахааргүй олон сайхан дуунуудыг зохиосон гэж боддог.

-Та хэдэн нас хүртэлээ тайзан дээр байх вэ?

-Би ч олон жил дуулж байна даа. Цаашид хэдэн жил дуулахыг хүмүүсийн хэлдгээр ёстой таашгүй. Өөрөө зохиож, өөрийн хоолойгоор “тамгалчихсан” Н.Чулуунхүүгийн л гэх тодотголтой дуунуудаа хүмүүст дуулж өгнө өө. Харин зохиосон дуунууд маань олон арван жил дуулагдаж үзэгч сонсогчдыг маань баясгаж цэнгүүлж явна гэдэгт би итгэлтэй байна.

У.ЧИНЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 28-наас ихэнх нутгаар эрс сэрүүсэж, уулаараа нойтон цас орно

Маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

-Тавдугаар сарын 26-27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Тал хээрийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна

Тавдугаар сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Мөн 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн байна.

Өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал болон Халх голын саваар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэх асуудлын төслийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулсан.

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлгийн 749 ажил хийхээр өнгөрсөн онд Нийслэлийн ИТХ-аар баталсан. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 57 хувьтай үргэлжилж байгаа аж. Мөн цахим биржээр газрын дуудлага худалдааг дөрвөн удаа зохион байгуулж, 263 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн газар чөлөөлөлтийн ажил 71 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд иргэд, оршин суугчдын тав тухыг алдагдуулж, орц гарцыг хаасан асуудлыг үе шаттай шийдвэрлэж байгааг танилцууллаа. “Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах, иргэдээс ирүүлж буй нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих нийгмийн барилга байгууламжийн газрыг шийдвэрлэх зэрэг шаардлага гарсан тул Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон” гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга мэдээлэл авлаа. Дэлгэрэнгүйг хүргэе.

Төлөөлөгч Ч.Гантулга: -Баянзүрх дүүргийн нутаг, XIII хороолол хүн амын төвлөрөл ихтэй. Орон сууцны хороолол учраас газрын маргаан ч их гардаг. Арав гаруй жилийн өмнө ухаж, хашаалаад бүтээн байгуулалт явуулаагүй хэд хэдэн байршил бий. Мөн явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулдаг зөрчил гардаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: -Барилга, байгууламж барихаар газрыг хашаалсан зөрчлийг арилгуулахаар бид ажлын хэсэг гаргаж, хууль, тогтоомжийн дагуу зөрчлийг арилгуулж байгаа. Мөн нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэхээр ажиллаж байна.

Төлөөлөгч Ш.Үнэнбат: -Баянгол дүүргийн нутаг, Гурвалжингийн гүүр орчимд том оврын тээврийн хэрэгслүүд олноор зогсдог. Үүний улмаас хөрс ихээр бохирдож байгаа. Тиймээс тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг хашаа байгуулах шаардлага тулгараад байна. Үүнийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой юу?

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: -Гурвалжингийн гүүр орчимд том оврын тээврийн хэрэгслүүд зогсож, үйлчилгээ үзүүлдэг. Бид энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Шийдвэрлээд эргэн мэдээлэх болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: -“Тэхийн зогсоол” гэж нэрлэдэг ийм зогсоолууд дүүрэг бүрт байгаа. Бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Өчигдөр уулзаж асуудлыг ярилцсан. Цаашдаа эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, орчны бохирдол үүсгэдэг эдгээр газруудыг цэгцэлж, Сонгинохайрхан дүүргийн Авто худалдааны цогцолбор руу нүүлгэхээр шийдвэрлэсэн.

Төлөөлөгч Ж.Батсайхан: -Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба дүүргийн Газрын албадтай ажлаа хэрхэн уялдуулдаг вэ. Дээрээс нь зөрчилтэй барилгуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна вэ?

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: – Газрын албадтай өдөр тутам холбогдож, ажлын нягт уялдаатай байдаг. Аливаа асуудал шийдэгдэхгүй удаж байвал Засаг даргын гаргах шийдвэрээс шалтгаалж, удааширсан байж болзошгүй. Зөрчилтэй барилгуудын тухайд ямар төрлийн зөрчил гэдгээс их хамаарна. Барилга барих явцдаа зөрчил гаргасан уу, эсвэл ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж байна уу гэдэг чухал. Ямар нэгэн зөвшөөрөлгүй барилга барьж байвал бид шүүхэд нэхэмжлэл гарган буулгадаг.

Ийнхүү төлөөлөгчид нэмэлт тодруулга авч, саналаа хэлсэн юм. Тухайлбал, төлөөлөгч Б.Сүхбаатар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт чөлөөлсөн хоёр байршлыг газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлтөд оруулах санал гаргав. НОСК-иас энэ жил дөрвөн га талбарт орон сууц барихаар болсон бөгөөд энэ хүрээнд дээрх санаачилгыг гаргасан юм. Мөн төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Газар аваад зориулалт бусаар ашигладаг байдалтай хатуу тэмцэх хэрэгтэй. Номын сан барина гэж газар авчихаад орон сууц барьдаг байж болохгүй. Мөн дунд шатанд “газрын хулгайч” олон байна. Энэ асуудлыг шат шатандаа анхаарч, үзэн шийдвэрлэх хэрэгтэй. Чингэлтэй дүүрэгт гэхэд 900 иргэний газрын өргөдлийг ширээнийхээ нүдэнд хийгээд дарчихсан байсан. Засаг даргадаа танилцуулдаггүй, иргэдэд хариу өгдөггүй, Газрын албанд танилцуулдаггүй энэ мэт асуудлыг шийдэх ёстой” гэсэн юм. Ингээд хуралдаанаар төлөөлөгчдийн гаргасан саналыг нэмж тусган, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар төлөөлөгч М.Тулгатыг сонгож, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орууллаа. Мөн төлөөлөгч Ё.Цацралтуяаг Тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд нэмж Ардчилсан намын бүлгийн Тэргүүлэгч П.Батчимэг, Т.Батцогт нар УИХ-д нэр дэвшиж байгаа тул ийнхүү бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Гитлерийн хайртай машины мэндэлсэн өдөр

1938 оны энэ өдөр Адольф Гитлер Вольфсбург хотноо Volkswagen машиныг угсрах үйлдвэрийн шавыг тавьж байжээ. Жирийн ардууд худалдаж авах боломжтой, авсаархан, жижигхэн, хямд төсөр машин зохион бүтээж, үйлдвэрлэх эрхийг Германы зохион бүтээгч Поршед даалгасан үе нь 1934 он байв. Хэдэн жилийн дараа авьяаслаг зохион бүтээгчийн ирүүлсэн нижгээд санаануудаас хожмоо “ардын унаа” гэж нэрлэгдэх болсон “Volkswagen-38”-ийг фюрер сонгосон гэдэг. Уг машин ардын дунд “Цох” гэдэг хочоороо алдаршиж Гитлер хүртэл өөрөө унаж рейтингээ өсгөдөг байв. “Цох” болон Фольксвагены үйлдвэр Дэлхийн хоёрдугаар дайны дараа англичуудын мэдэлд очиж, тэд 1947 онд 20 мянган ширхэгийг захиалан Европын улсуудад нийлүүлэн тараасан нь уг машины нэр хүндийг нь улам өндөрт өргөсөн билээ.

Categories
гадаад мэдээ

Хятадын Ардын банк валютын ханшаа сулруулав

БНХАУ-ын Ардын банк (Төв банк) юанийн ханшийг 2008 оны хоёрдугаар сарын 28-наас хойших хамгийн доод түвшинд буюу 270 суурь нэгжээр бууруулж, 7.1209 болгожээ. Олон улсын хөрөнгө оруулалтын “UBS“ банкны Хятад дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүлэх эдийн засагч Ван Тао энэ талаар мэдэгдсэн байна. Тэрбээр “Юанийн ханшийн хувьд БНХАУ-ын баримталж буй мөнгөний бодлогын дагуу тогтвортой, зохих түвшинд хэлбэлзсээр байна” гэв. Хятадын Төв банкнаас тогтоосон албан ёсны тэнцвэрт хэлбэлзлийн далайц нь өдөрт хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой аж. Юанийн ам.доллартай харьцах ханшийн хувьд 2018 онд 5.1 хувиар, харин өнгөрсөн жил 1.86 хувиар буурсан байна.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын тэнгисийн зэвсэгт хүчин шинэ шумбагч онгоцтой болно

Умард Солонгосын тэнгисийн зэвсэгт хүчин удахгүй шинэ төрлийн далавчит шумбагч онгоцтой болж магадгүй талаар Ёнхап агентлаг өчигдөр мэдээлжээ. Тус агентлаг Өмнөд Солонгосын тагнуулын газрын олж авсан мэдээллийг үндэслэн ийн уламжилсан байна. “Бидний олж авсан мэдээллээр Умардын тэнгисийн зэвсэгт хүчин удахгүй шинэ шумбагч онгоцыг ашиглахад бэлэн болно. Энэхүү үйл явцыг бид анхааралтай ажиглаж байна. Умард Солонгосын зүүн эргийн Синпо хотноо байрлах үйлдвэрт шумбагч онгоцыг бүтээсэн. Шумбагч онгоц нь гурван тонн усан түрцтэй. Дундын тусгал бүхий “Пукгуксон-3” гэх ангиллын гурван баллистик пуужингаар зэвсэглэгдсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард уг пуужингийн анхны туршилтыг явуулсан. Тухайн үед ойролцоогоор 910 км өндөрт 450 км зам туулсан гэж БНСУ-ын тагнуулын газар мэдээлжээ.

Шинэ шумбагч онгоц нь БНАСАУ-ын стратегийн хүчний шинэ зэвсэг болох гэнэ. Энэхүү зэвсэг нь сөнөөгч онгоц ба цөмийн хошуутай пуужин зэргээс бүрдэх аж. Ёнхап агентлаг “Умард Солонгост ойрын хугацаанд шинэ стратегийн зэвсгээ толилуулах болно” гэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байсныг эш татсан байна.

Одоогийн байдлаар БНАСАУ-ын тэнгисийн зэвсэгт хүчин хуучирсан загварын 70 шумбагч онгоцтой аж. БНСУ-ын тагнуулын газар шумбагч онгоцыг зөвхөн Умард Солонгосын нутаг дэвсгэрт ашиглах боломжтой гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-наас мэдээлж байна

Дэлхий даяар хурдацтай тархаж буй “Ковид-19” цар тахлын дэгдэлт БНХАУ-ын дотоодын хэмжээнд буурсан ч гадаад улсаас зөвөөрлөгдөж буй тохиолдол гарсаар байна.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар гадаад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэр хүчинтэй хэвээр байгааг Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-наас мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын БХЯ-наас эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивлав

БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж 1 сая юанийн өртөг бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгслийг буцалтгүй тусламж болгон гардуулан өгөв.

Тусламж гардуулах ёслолд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид оролцлоо.

Хил хязгааргүй тархаад буй коронавирусний халдварын эсрэг Монгол Улсын төр засаг, ард түмэн тууштай тэмцэж байгаа бөгөөд Монголын батлан хамгаалах салбарын үүрэг оролцоо чухал байр эзэлж байгаа юм.

БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг нь тусгаарлалтын болон эмчилгээний гол эмнэлгүүдийн нэгээр ажиллаж байна. Ийм өндөр хариуцлага хүлээж буй энэ үед эмнэлгийн хамгаалах хувцас, нүдний шил, гутал, шүүлтүүртэй болон нэг удаагийн амны хаалт, зайнаас халуун хэмжигч зэрэг эмнэлгийн хэрэгслийг хандивлаж байгаа нь Монголын цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид коронавирусний халдварыг эрсдэлгүй давахад чухал дэмжлэг болох юм.

Тусламжаар өгч буй эмнэлгийн хэрэгслийн баримт бичигт БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхай нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй: “Энэ оны эхээр Хятадын ард түмнийг цар тахлын аюул нөмөрсөн хүнд хэцүү үед Монгол Улсын төр засаг, ард түмнээс сэтгэлийн дэм үзүүлж тусламжийн гараа сунгасан билээ. Түүний дотор Монгол Улсын БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн Их сургууль болон бүх цэргийн албан хаагчдыг төлөөлж Хубэй мужийн Ухань хотын коронавирусний халдвартай тэмцэх ажилд үүрэг гүйцэтгэж буй Хятадын цэргийн эмнэлгийн ажилтнуудад хандив өргөсөн юм. Энэ нь Монгол, Хятад улсын Зэвсэгт хүчний салбарт хамтын ажиллагаа, найрсаг харилцааны зузаан найрамдлыг илтгэн харуулсан юм. Үүнийг хятадын ард түмэн ялангуяа Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бид мартахгүй. Өнөөдөр Монгол Улсын төр засаг, ард түмэн болон Монголын Зэвсэгт хүчнээс хүчин зүтгэл гаргаснаар Монгол Улс энэ тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй арга хэмжээ авч амжилтад хүрч байгааг тэмдэглэхэд маш таатай байна. Монгол Улс дотооддоо халдвар тархаагаагүй нь маш олзуурхууштай, бахархууштай байна. Үүнд бид их баяртай байгаа. Гадаад орноос халдвартай цөөн тооны хүн ирсэн ч бүрэн хяналтдаа авч чадаж байна. Бидний харилцан тусламж үүгээр зогсохгүй. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжлэн хөгжиж, өндөр түвшний харилцан айлчлал, хамтарсан цэргийн сургуулилт, боловсон хүчнийг бэлтгэх зэргээр нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашдаа ч Хятадын Зэвсэгт хүчин энэ найрсаг харилцааг улам хөгжүүлэх болно” гэлээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:” Элчин сайд Цай Вэнруй өөрийн биеэр хүрэлцэн ирж БНХАУ-ын БХЯ-наас энэ “Ковид-19” халдвартай тэмцэж байгаа манай цэргийн эмнэлгийн албан хаагч, бие бүрэлдэхүүнд тусламж өгч байгаад талархал илэрхийлье. Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, БХЯ-ны сайд, хурандаа генерал Вэй Фэнхэ бидэнд хандаж, 2 сар гаруй аюулт цар тахалтай тэмцэж буй Монголын ард түмэн, Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн бол өнөөдөр бодитой тусламж үзүүлж 1 сая юанийн өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгч буйд баяртай байна. Бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул:

“Хүүхдийн баярын арга хэмжээг нийслэлд хоёр байгууллага хамтран зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд уламжлал ёсоор Сүхбаатарын талбай дээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Энэ жилийн хувьд цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор урлаг соёлын болон бусад арга хэмжээ гэсэн хоёр үндсэн ажлыг төлөвлөсөн. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан 7 цагийн контент бэлтгэж байна. Дуусах шатандаа орсон. Дараагийн ажил бол хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон хүнд хүртээмжтэй байдлаар бэлтгэж байгаа. Үүнийг хотын гудамж талбай, автобусны буудал зэрэг олон нийтийн сүлжээнд байршуулна. Хүүхдийн эрхийн тухай хуульд дөрвөн эрхийг зааж өгсөн байдаг. Үүгнийг танилцуулах видео хичээлийг цахимаар нийтийн сүлжээнд байрлуулна.

Үргэлжлүүлэн “НҮБ-ын хүүхдийн сантай хамтран аппликейшн хийсэн. Нээлтийн арга хэмжээг зохион байгуулна. Цаашлаад хүүхдийн бэлэг ямар байх ёстой талаар асуудал яригдана. Хүүхдийн бэлэг гэхээр тэдэнд хамгийн хортой гурван зүйл хийжүүлсэн ундаа, чипс, чихэр/төсөөлөлд буудаг тогтсон сэтгэлгээ байна. Үүнээс өөр хүүхдэд юу бэлэглэж болох талаар контентыг бэлтгэн цацаад явж байна.