Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Баттулга: Танил маань өндөр халуураад өөд болсон. Эмнэлгийн зүгээс сахарын өвчтэй нь холбоотой гээд байгаа


АНУ-д коронавирусийн халдвараар манай улсын нэг иргэн амиа алдсан гэх мэдээлэл байна. Талийгаач такси компанид ажилладаг байжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-д амьдарч буй иргэн Ч.Баттулгаас тодруулга авлаа.


-Та АНУ-ын аль хотод амьдарч байгаа вэ. Нөхцөл байдал ямар байна вэ?-Чикаго хотод эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Эхний ээлжинд бүх газрыг хааж нэлээн сайн хөл хориог тогтоосон.

Одоо эргээд үйлчилгээний газрууд ажиллаад хэвийн амьдралдаа орж байна. Анх өвчтэй хүмүүс л амны хаалт зүү гээд хэлчихсэн байсан. Тэр халдварыг алдах нэг шалтгаан байсан байх гэж бодож байна. Одоо бол бүх хүн л амны хаалттай явдаг болсон.

-Ажил төрөл хэр байна. Хүндрэл бэрхшээл юу байна?

-Энд байгаа монголчуудын хувьд удаан хугацаанд хөл хориотой байгаад ирэхээр ажилгүй, мөнгө төгрөггүй болох хүндрэлүүд яалт ч үгүй үүсэж байна.

Дээрээс нь хүнс авах зэргээс шалтгаалаад дэлгүүр гарах, нийгмийн харилцаанд орох зайлшгүй шаардлага гарч байгаа. Энэ нь эргээд халдвар авах эрсдэлийг бий болгож байна. Нийгмийн халамжийн тухайд гэвэл харин саяхнаас улсаас cap бүр хүүхдэд 500 ам.доллар, том хүнд 1,200 ам.доллар олгож байгаа.

Олон хүүхэдтэй хүмүүст бол хэрэглээний зардлаа дарах, тодорхой хэмжээний дэмжлэг болж байна. Гэхдээ нийгмийн даатгалын дугаартай хүмүүс хамрагдах боломжтой. Нийгмийн даатгалын дугааргүй авч чадахгүй маш олон хүн бий.

-Таны танил коронавирусийн халдвараар амиа алдсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Миний таньдаг хүн коронавирусийн улмаас амиа алдсан. Уг нь сахарын өвчтэй байсан. Гэхдээ ойр дотныхон нь коронавирусээс болж өнгөрсөн гэж үзэж байгаа. Тухайн хүнийг сайн мэднэ л дээ. Бас энд байдаг монголчууд дотроо болон монгол эмч нарын дунд дахиад гурван монгол иргэн нас барсан гэсэн яриа байгаа.

-Талийгаач хэдэн настай хүн бэ. Өөд болоод хэр удаж байна вэ?

-40 гаруй насны л залуу. Дөрөвдүгээр сарын дундуур өндөр халуурсаар байгаад өөд болсон юм билээ.

-Америкт очоод удаж байсан юм болов уу?

-Өмнө нь ирж байсан, хэр удсан гэдгийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан сахарын шинжилгээ тогтмол өгдөг “миний сахар тэд болчихлоо” гээд ярьж байсан. Эмчтэй байсан эсэхийг мэдэхгүй.

-Үнэхээр энэ хүн коронавирусээс болсон уу, суурь өвчнөөс болж нас барсан уу гэсэн эцсийн шинжилгээний хариу гарсан уу?

-Найз нөхдийнх нь мэдэхээр тухайн хүн яг хүнд өвчтэй, өвдчихсөн хүн биш байхгүй юу. Ковид тусаад халуурсаар байгаад өөд болчихлоо гэж бодоод байгаа. Гэтэл нөгөө талаас сахарын өвчтэй байсан учраас тэр нь нөлөөлсөн гээд байгаа. Уг нь үхлийн хэмжээнд хүрэхүйц хүнд өвчтэй хүн биш.

-Талийгаачийн гэр бүлтэй холбоотой байгаа юу?

-Одоогоор холбоогүй байна.

-Гэр бүлийнхэн нь болон монгол дахь хамаатан садан нь холбогдох газруудад хандсан болов уу?

-Гэр бүлийнхэн нь АНУ дахь Элчин сайдын яаманд хандсан байх. Манайхан гэхдээ болсон бодит байдлыг нуугаад байх шиг байна.

“Ковид-19” халдвартай гэхээр хүмүүс цэрвэж, гадуурхдагаас болдог юм уу, ойр дотны хүмүүсээсээ санаа зовдог юм уу ямар ч байсан би халдвар авчихлаа, ингэлээ тэглээ гэж тэр болгон зохих газар нь хандахгүй байх шиг байна. Өндөр халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгтэй гэртээ хорионд байгаа хүмүүс байна.

-Тухайлбал таны ойр дотны хүмүүс дунд байна уу?

-Манай найзууд дунд хоёр ч гэр бүл халдвар авчихсан, гэрийн хорионд байгаа. Харин хүүхдүүд нь шинжилгээгээр гайгүй гарсан гэсэн. Бид хоол хүнс гэрийнх нь гадаа аваачиж тавихаар биднийг явсны дараа гарч ирж авдаг. Иймэрхүү маягаар л амьдарч байна.

Зөвхөн Америкт биш бусад орнуудад ч гэсэн хууль ёсны дагуу, хууль бусаар амьдарч байгаа бичиг баримтгүй гээд янз бүрийн л хүмүүс байгаа. Тиймээс халдвар авсан ч чимээгүй, нуугдмал байж амиа алдаж байгааг үгүйсгэхгүй.

-Америкт шинжилгээнд хамрагдах нөхцөл боломж хэр нээлттэй вэ?

-Төлбөр өндөр. Төлбөрөө төлбөл шинжилгээнд хамрагдахад нэг их асуудалгүй юм билээ. Би ойлгохдоо нэг, хоёр, гурав гэсэн өвчний хүндрэлийн зэргээр ангилаад байх шиг байгаа юм.

-Дөрөвдүгээр сарын дундуур монгол иргэн амиа алдсан байхад манай улс өдийг хүртэл яагаад чимээгүй байгаа юм бол. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Энэ тал дээр би ёстой хэлж мэдэхгүй байна. Магадгүй сахарын өвчтэй байсан гэдэг утгаар нь эмнэлгийн зүгээс коронавирусийн халдвараас болж амиа алдсан гэж үзэхгүй байж болох юм.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдүүд гэртээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх 5 алхам

Categories
мэдээ нийгэм

Тогтоол усанд хүн живж нас баржээ

Сонгинохайрхан уулын зүүн талд байх 5 метр гүнтэй тогтоол усанд хүн живж амиа алджээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сонгинохайрхан” уулын зүүн талд тогтоол усанд хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр /05.26/ 20:11 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, 45 минут ажиллаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн 25 настай, эрэгтэй А-ын цогцсыг 5 метрийн гүнээс олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ЗГ. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлж, бэлэн байдлын өндөржүүлсэн зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа. Даваа гарагт болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар уг хугацааг зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунгахыг дэмжсэн юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдлаа. Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэнэ. Яг одоо Ерөнхий сайд Налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.

50 хувь бууруулсан нийслэлийн утааг ирэх өвөл 80 хувь хүртэлх хувиар бууруулж, налайхад 1500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 13 асуудал хэлэлцэж, таван асуудалтай танилцах хуваарьтай.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Ө.Энхтүвшин
2. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол/ Н.Цэрэнбат
3. “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Д.Цогтбаатар
4. “Дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журмыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Д.Цогтбаатар
5. Тогтоол хүчингүй болгох тухай /Татварын улсын байцаагчид шагнал олгох тухай Засгийн газрын 2011 оны 344 дүгээр тогтоолын хавсралт/ Ч.Хүрэлбаатар
6. “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журам/ Ц.Нямдорж
7. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан “Коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт Ц.Нямдорж
8. “Нийгмийн халамжийн сангаас Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* С.Чинзориг
9. “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам/ С.Чинзориг
10. “Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* Ё.Баатарбилэг
11. “Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулах байршлыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Ч.Улаан
12. “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр/ Д.Сарангэрэл
13. Бусад асуудал* У.Хүрэлсүх
Танилцуулах асуудал
14 Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Л.Оюун-Эрдэнэ
15 Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй олон улсын арбитрын маргааны талаар Л.Оюун-Эрдэнэ
16 “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 2018, 2019 онуудын үндсэн үйл ажиллагаа, санхүү, худалдан авалт болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгийн талаар Л.Оюун-Эрдэнэ
17 2020 оны хаврын тариалалтын бэлтгэлийг хангах ажлын дүнгийн талаар Ч.Улаан
18 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2019 онд дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүний тайлангийн талаар Ч.Улаан
Categories
мэдээ нийгэм

Төв аймгаас байлдааны онгоцны пулемётны цэнэгтэй сум олджээ

Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат 2020 оны 4 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ.

Улмаар дуудлага өгсний дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар тус сумын нутаг дэвсгэрээс ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 30мм-ийн онгоцны пулемётны сум таван ширхэгийг тус тус илрүүлэн, олон нийтэд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлсэн юм.

Мөн энэ өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн одоогоор устгах ажиллагаа үргэлжилж байна.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв.

Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагч нарын нэг. Ийнхүү үүргээ амжилттай гүйцэтгэсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнажээ.

Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ цаг-үе

Т.Аюурсайхан: Бүх зүйл сайн сайхан болчихоогүй ч бодит зөв өөрчлөлтүүд маш их гарсан

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.


-УИХ-ын чуулган өндөрлөлөө. Та гишүүнээс гадна байнгын хорооны даргын ажлыг давхар хийдэг. Өнгөрсөн хугацаанд хийсэн гол онцлох ажил гэвэл юуг нэрлэх вэ?

-Би сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Энэ бол УИХ-ын чухал байнгын хороодын нэг. Байнгын хорооны даргаар анх удаа сонгогдон ажиллана гэдэг нэлээн сорьсон, өндөр шалгуур давсан хугацаа болж өнгөрлөө. Манай байнгын хороонд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар зэрэг яам, агентлаг харьяалагддаг учраас удирдлага зохион байгуулалтыг нь хангаж ажилладаг. Энэ хугацаанд Батлан хамгаалах салбарын нэлээн олон чухал хууль, тогтоомжийг баталж, бодлого шинэчлэлийг хийлээ. Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын салбарт хариуцлага дээшлүүлэх талаар онцгой анхаарч ажилласан. Энхийн цагт Батлан хамгаалах салбарт үүрэг гүйцэтгэж байхдаа цэргийн амь нас хохирдог, хариуцлагагүй байдал нэлээн гарсан. Гадаад харилцааны салбарт дипломат ажилтан, албан хаагчид хариуцлага алддаг, хууль бус наймаанд оролцдог, улсынхаа нэр хүндийг сэвтээдэг явдар ихээр гүнзгийрсэн байхад би ажлаа авсан. Ингээд энэ хугацаанд хууль тогтоомж болон хариуцлага чангатгах асуудал дээр голлон анхаарлаа.

Энхийн цагт манаанд гарахдаа цэргүүд амь насаа алддаг биш, харин улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцдог, улс орноо эрсдэлээс хамгаалах бэлтгэлээ хангадаг, хилээ манадаг байх ёстой. Тиймээс энх цагт цэргүүд маань одоо төмөр замын бүтээн байгуулалтад оролцон ажиллаж байна. Гадаад харилцааны салбарыг хариуцлагажуулах асуудалд анхаарлаа. Элчин сайдууд, дипломат ажилтнуудыг өндөр хариуцлагажуулах, ялангуяа хууль бус наймаа, хар тамхины наймаанд оролцвол хатуу хариуцлага тооцож, хуулийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байгаа. Хууль тогтоомжоо чангатгалаа. Цагдаагийн байгууллагатай хамтарч хар тамхитай тэмцэхэд хүчин зүтгэх багийг 60 гаруй хүнээр анх удаа орон тоог нь нэмлээ. Тиймээс хар тамхитай тэмцэх асуудал дээр маш ахицтай дэвшил гарах ёстой гэж үзэж байна, гаргахаар хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа.

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо завсарлагагүй ажилласан. Яагаад тэгж эрчимтэй ажиллах шаардлага гарав?

-Энэ цаг үед Монгол Улсад маань коронавирус тархах эрсдэлтэй байна. Тиймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зүгээс Онцгой байдлын ерөнхий газар, Гадаад харилцааны салбарыг удирдамж өгч чиглүүлдгийн хувьд энэ жилийн чуулганы хувьд завсарлаагүй тогтмол ажиллаж хуралдсан байнгын хорооны нэг нь манайх байлаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга бол хууль тогтоомжоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажилладаг. Тиймээс маш өндөр хариуцлага, үүрэг даалгаврыг ухамсарлаж, үүний ард нэр төртэй гарахын төлөө хичээж ажилласаар ирлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхийн зэрэгцээ ахиц дэвшил гаргаж ажиллах үүрэгтэй. Тийм учраас энэ чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хуулиараа зөвлөх эрхтэй оролцдог. Төрийн гурван өндөрлөг суугаад улс орны амин чухал шийдвэрүүдийг гаргаж байхад зөвлөх эрхтэй ганц байнгын хорооны дарга учраас энэ чиглэлээр маш их уншиж судалж, аливаа асуудалд судалгаа тооцоотой, хамгийн гол нь Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө, Монгол эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө, ард иргэдийнхээ эрсдэлгүй амар амгалан, сайн сайхан нийтлэг эрх ашгийн төлөө аливаа шийдвэр гаргахдаа зөвлөж дэмжиж, зарим шийдвэрийн төсөл дээр ажиллаж, хэрэгжилтийг нь хангахад тогтмол хяналт тавьж ажиллаж ирсэн. Энэ бол Монгол төрийн надад оногдуулсан өндөр хариуцлага, үүрэг гэдгийг ойлгож ажиллаж байна даа.

-Таныг УИХ-аас “Шилдэг залуу төрийн түшээ”-гээр өргөмжилсөн. Бусад залуу гишүүдээс таны ялгарах онцлог юу вэ?

-Монголын төр жишиг болгож цааш цаашдаа Монгол төрийн долоон түшээг энэ удаагийн парламентаас эхлэн нэрлэдэг болж байгаа юм байна. Намайг Монгол төрийн долоон түшээгийн нэгээр нэрлэж, батламжаа гардуулсанд маш их үүрэг хариуцлага ирлээ гэж хүлээж авлаа. Үүнийг шалгаруулж тайлбарлахдаа УИХ-ын чуулган болон Байнгын хороодын үйл ажиллагаанд оролцож байгаа байдал, идэвх, ирц, хууль тогтоомжийн өргөн барьж байгаа тоо хэмжээнээс гадна батлагдаж байгаа чанар, төр нийгэмд шударга ёс тогтоох асуудлууд дээр хэрхэн яаж бусдыгаа манлайлж, үүрэг гүйцэтгэж бодит үр дүн гаргасан зэрэг олон зүйлийг харгалзаж үзсэн хэмээн УИХ-ын даргын зүгээс танилцуулсан.

Миний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Шударга ёсыг тогтооно” гэсэн уриатайгаар өрсөлдөж сонгогдсон. Тиймээс энэ амлалтаа биелүүлэх юмсан гэж бүтэн дөрвөн жилийн хугацаанд ихээхэн хүн хөдөлмөр гаргаж ажилласан. Анхандаа цөөн байсан ч шударга үнэнийг дэмжсэн гишүүд маань улам олон болсон. Энэ хугацаанд итгэл үнэмшилдээ бат зогсож, сонгогчдынхоо захиас даалгаврыг биелүүлэхийн тулд ажилласны үр дүнд их олон өөрчлөлтийг бий болгож чадсан. Хариуцлага алдаж байгаа хүмүүст хариуцлага тооцдог боллоо. Байгуулсан Засгийн газраа хүртэл өмгөөлж хамгаалах биш хариуцлага тооцож, асуудлыг шийдсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэвшүүлж, ажилд нь оруулж, хууль шүүхийн байгууллагын удирдлагыг өөрчилж, УИХ-ын даргыг чөлөөлж өөрчилсөн. Энэ бол хөшигний цаана яриад улс төрийн наймаа тохироо хийдэг өнгөрсөн жилүүдийн алдаа дутагдлыг давтах ёсгүй гэж үзсэний үндсэн дээр хийсэн ажил. Захиалгатай маш олон хууль орж ирдэг болсон байна. Жишээ нь, Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аар Олон улсын гэрээг хүчингүй болгох эрхгүй, соёрхон баталдаггүй болгож байж “Эрдэнэс Таван толгой”-г гадны этгээдэд худалдаж гэсэн оролдлогыг зогсоож чадсан. Эрдэнэтийн 49 хувийг Монгол төр авах боломжийг хязгаарласан явдлыг таслан зогсоож чадсан. Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулж хийлийн бүсийн 100 км-ийг байхгүй болгох замаар тэнд ашигт малтмал ухах, бусдад ашиглуулах гэж байсан оролдлогыг таслан зогсоож чадсан. Энэ мэт олон хууль тогтоомжуудыг хэлж болно. Тиймээс энэ болгонд өндөр сонор сэрэмжтэй ажиллаж, шударга зөв өөрчлөлтийг авчрах, шударга ёс тогтооно гэдэг амлалтандаа хүрэхийн тулд ажилласан их хөдөлмөр зүтгэлийн дөрвөн жил өнгөрч байна.

-Авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүс сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна. Энэ таны санаачилсан хуулийн нэг нь байх аа…

-Бусад нөхдийнхөө хамт санаачилж УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгууль, Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулсан. Түүний нэг нь авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлдэггүй, төрийн албанд ажиллуулдаггүй болгож эхэлсэн хууль тогтоомжийг баталлаа. Энэ хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэц дээр очиж хамгаалж, үндэслэл шаардлагаа гаргаж ажилласан. Энэ бүхнийг үнэлж, шударга ёсыг тогтоох, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчинг бий болгох, мөн нийгэм эдийн засгийн сахилга батыг хангах, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах тал дээр нөхдийгөө манлайлж ажилласан гэж УИХ-ын удирдлагууд үзэж, Монгол төрийн долоон түшээгийн нэгээр намайг нэрлэж байгаа явдал бол сонгуулиар шударга ёсыг тогтооно гэж амласан амлалтандаа тодорхой хэмжээнд хүрч, зорьж явж байгаа юм байна гэсэн итгэл урам зориг өгч байна.

Мэдээж, өнөөдрийн түвшинд бүх зүйл сайн сайхан болчихоогүй ч бодит зөв өөрчлөлтүүд маш их гарсан. Үндсэн хуулинд төрийн эрхийг ард түмэн шууд төлөөллөөрөө дамжуулж барина гэсэн заалт бий. Би энэ эрхийг ард түмэнд эдлүүлэхийн тулд, мэдээлэлтэй ойрхон байхын тулд, ард иргэдийнхээ хараа хяналтанд хууль тогтоох байгууллагыг, төрийн хариуцлагатай албан хаагчдыг аваачихын тулд нэлээн олон зүйл хийсэн. Энэ хараа хяналт үндсэндээ тогтож байна. Тиймээс хөшигний цаана нууцаар хуйвалдаж, бизнесийн бүлэглэлтэй хамтарч хувийн эрх ашгийн төлөө төрийн албан тушаалыг ашиглаж аливаа шийдвэр гаргах энэ нөхцөл улам хумигдсан. Цаашдаа бүр байхгүй болно. Энэ бол бидний хийсэн хамгийн чухал ажлын үр дүн гарч байна гэж үзэж болно.

-Та эдийн засгийн ухааны доктор хүн. Энэ утгаараа эрдэмтэдтэйгээ нэлээн хамтарч ажилладаг уу?

-Миний хувьд 2014 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд гадаад худалдааны үзүүлэх нөлөө сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш эрдэмтэдтэйгээ хамтарч судалгаа, эрдэм шинжилгээний ажил, арга хэмжээг зохион байгуулах, эрдэмтдийнхээ хийсэн судалгааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн бодлого шийдвэрт тусгах талаар нэлээдгүй анхаарч ажиллаж байна. Салбар салбарын эрдэмтэдтэйгээ хамтарч “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” төрийн бус байгууллагыг санаачлан үүсгэн байгуулж, их олон ажил хийлээ. Эдийн засагч хүнийхээ хувьд төсөв, санхүү, мөнгөний бодлого, эдийн засгийн бодлоготой холбоотой асуудал дээр онцгой анхаарч ажилласаар ирлээ. Тооцоо судалгаа, эрдэм шинжилгээний судалгаа дутуу байтал үзэмжээрээ, баримжаагүй төрийн бодлого гаргадаг байдлыг арилгахын тулд ажлууд хийж байна. Шинжлэх ухаанч тооцоо судалгаатай, бодит эдийн засгийн сектор, өрсөлдөөнийг дэмжсэн, өсөлтийг хүртээмжтэй болгосон, хүртээмжтэй өсөлтөө тогтвортой болгодог хөгжлийн эдийн засгийн томоохон онол, практикийн концепци байдаг. Энэ дагуу бүх бодлого шийдвэр явж байх ёстой. Энэ чиглэрээр төсөв, мөнгөний бодлого болон эдийн засгийн бусад бодлогууд, ажлаа хариуцсан албан тушаалтнууд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам болон бусад эдийн засгийн хөгжлийн чиглэлийн салбарынхаа удирдлагуудтай түлхүү хамтарч ажилласан.

-УИХ-д бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа дуусч байна. Дөрвөн жилийн өмнө Таныг УИХ-ын гишүүн болоход Монгол Улс эдийн засгийн хувьд тун амаргүй байдалтай байсан. Эдийн засгийн ухааны доктор хүний хувьд хэтийн төлөвийг юу гэж харж байна вэ?

-Анх УИХ-ын гишүүнээр сонгогдонгуут Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн байсан. Олон улсын Moody`s агентлаг удаа дараа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Монгол Улсын валютын нөөц шавхагдан дуусч, хасах руу орсон. Их хэмжээний өр зээлд баригдсан, экспортын бараа бүтээгдэхүүнээ зохих ёсоор үнэ хүргэж борлуулж чаддаггүй ийм л нөхцөл байдал биднийг угтсан. Тиймээс хариуцлагажуулах асуудал дээр нэлээн ач холбогдол өгч анхаарсан. Санаачилгаараа Монголбанкийг шалгах ажлын хэсэг байгуулж, өөрөө ахалж, гурван их наяд төгрөгийн алдагдал бол хууль бус ажиллагаанаас болсон гэдгийг гаргаж ирсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, санхүүгийн хэлэлцээрүүд, мөн эргэлзээтэй үйл ажиллагааны цаана хэрхэн хууль зөрчсөн, яагаад Монголбанк санаатай алдагдал хүлээв гээд асуудлууд гарч ирсэн. Ер нь санамсаргүйгээр алдагдал хүлээх боломжгүй, Монгол Улс заавал мэдэх боломжтой байхад энэ их мөнгөөр Монгол Улсыг хохироосон байна гэдгийг эдийн засаг, санхүүгийн анализ хийж тогтоох амаргүй ажил хийсэн. Гэхдээ энэ бүгдийг бид тогтоож чадсан, хууль хяналтын байгууллага руу шилжүүлсэн. Одоо зарим хүмүүсийн асуудал хууль, шүүхийн шатанд шалгагдаад явж байна. Энэ бол зөвхөн нэг хүнд хариуцлага тооцох гээд байгаа асуудал биш юм. Зөвхөн хэн нэгний араас шалгаж сайн мууг нь үзэх гээд байгаа юм биш. Энэ бол одоо ажил хариуцаж байгаа, цаашид ажил хариуцах хүмүүст хариуцлагагүй ажиллах юм бол монгол төрийн ой санамж байдаг юм байна, монгол төр мартдаггүй, араас нь нэхэл хатуутай ажилладаг юм байна, заавал хариуцлага тооцдог юм байна гэдэг ухамсрыг төлөвшүүлснээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйлст хүн болгон анхаарч хариуцлагатай ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлэх үндсэн зорилготой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

Цар тахал гэж тэвдэлгүй хуулийн хугацаанд нь сонгуулиа хийнэ гэх эрх баригчдын шийдвэр төд удалгүй биелэлээ олох бололтой. Улсын Их хурлын ээлжит сонгууль болоход ердөө нэг сарын хугацаа үлдэж. Ямартаа ч улс төрийн амьдрал бужигнаж, буцалсаар эцсийн байдлаар энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 137 бие даан нэр дэвшигчид оролцохоор болов.

Сонгуулийн хуулийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой байдаг. Нэг ёсондоо мөрийн хөтөлбөр нь тэдний сонгогчдыг татах хуулиар олгогдсон эрх юм. Энэ ч утгаараа сонгогчдын нэр дэвшигчдээс харах, сонжих гол зүйл нь мөрийн хөтөлбөр байх учиртай. Нам, эвсэл, нэр дэвшигчдийг ирэх дөрвөн жилд ямар дүрмийн дагуу “тоглох” вэ гэдгийг харах боломж ч гэж ойлгож болно. Харамсалтай нь манайд мөрийн хөтөлбөрт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Нам нь ч сонгогчид ч нь тэр. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө анхаарах гэхээсээ илүү мөнгө төгрөг, элдэв бэлэг сэлтхэнээр л сонгогчдын нүдийг хуурдаг. Энэ хэрээрээ сонгуулийн зардал улам нэмэгдэж ирсэн. Энэ удаад ч уг бичигдээгүй хууль өөрчлөгдөж гавьсан юм алга. Нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах хамгийн доод зардал 400 саяас нэг тэрбум төгрөг байна гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооны холбогдох албан тушаалтан мэдээлсэн.

Тэгвэл нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардал 500 сая төгрөг байгаад 400 нэр дэвшигч сонгуульд оролцлоо гэж бодъё. Ингээд үзэхэд нийтдээ 200 тэрбум төгрөг зарцуулагдаж таарах нь. Зарцуулагдах мөнгө, нэр дэвшигчдийн тоо зэргийг хамгийн багаар бодоод үзэхэд шүү дээ. Бодит байдал дээр энэ тоо хэд дахин өсөхийг таашгүй.

Хамгийн гол нь үүнийг нам, эвслүүд юман чинээ бодохоо больсонд гол асуудал бий. Энэ нь тэдний сонгуулиар хэдий чинээ их мөнгө цацна, төдий чинээ сонгогчдын хур бууна гэж ядруухан сэтгэдэгтэй холбоотой юм. Угтаа их мөнгө зарсан байхад ялахгүй гээд яах юм гэж муйхарладгаа, хэдэн төгрөг, ямар байдлаар тараах вэ гэдгээ бодож толгойгоо гашилгаж суудгаа зогсоомоор байгаа юм.

Нөгөө талдаа дийлэнх сонгогчид хэн их мөнгө өгнө түүнийг л дэмжинэ гэдэг муу зантай болчихсон. Хэн бидон сав, гурил будаа тарааж, ар өврөөр 20, 30 мянган төгрөг атгуулах бол, тэр ч нэг их юм өгч гийсэнгүй, нөгөөхийг нь хэр юм өгөхийг харъя байз гэх зэргээр жишим ч үгүй саналаа худалдах. Ингэж саналаа худалдан хөнгөн гоомой байдлаар парламент бүрдүүлчихээд дөрвөн жил өнөө хэдийгээ харааж зүхэн даралтаа ихэсгэдэг нь ил болсон дүр зураг. Тэглээ гээд энэ цаашид үргэлжлэх ёстой гэсэн үг биш. Одоо ийм байхаа больцгооё. Үүнд ердөө багахан л зориг хэрэгтэй. Энэ зоригийг гаргалаа гээд танд ямар ч гарзгүй.

Санал өгөх хуулиар олгогдсон эрхээ эдлэхдээ үүргээ ухамсарлаж хариуцлагатай хандахад болох юм. Өнөө, маргааш хэрэглээд дуусах хэдэн төгрөгийн төлөөх шуналаа л дарчихад болно. Шуналтай сонгогчид шуналтай улстөрчдийг л гаргаж ирдэг биш билүү. Бид үүний горыг өнгөрсөн 30 жилд хангалттай амссаныг та ч, би ч мэдэж байгаа. Өнөөдөр та тав, арван төгрөгөнд саналаа худалдаагүйнхээ төлөө ирэх дөрвөн жилд улс орноо хэрхэн хөгжихийг харж, түүний үр дүнд бий болсон ажлын байраар хангагдаж хангалуун сайхан амьдарч чадна. Угтаа саналаа худалдахгүй байна гэдэг өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж, багахан сэтгэлийн л асуудал юм шүү дээ.

Одоо бид хэрсүүжих цаг болсон. Намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаж, харьцуулж, эргэцүүлдэг болох хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр нь мөрөөдлийн жагсаалт юм гэсэн гээд дэлгэж ч үзэлгүй гал руугаа шидэхийн оронд үндэс суурьтай судалж үздэг баймаар байна. Сонгуулийн тухай хуульд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна гэж заасан байдаг. Үнэхээр улс орны хөгжлийг ахиулж чадах юм уу, ажлын байр, дундаж цалинг ямар хэмжээнд аваачих юм, эрүүл мэнд, боловсролын салбартаа ямар ахиц дэвшил гаргаж чадах юм гэдгийг нухацтай харах шаардлагатай.

Тэднийг мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь л сонгодог болъё. Намууд ч тэр мөнгөөр биш, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг байя. Наанаа зарчим ярьж, цаанаа иргэдийн саналыг худалдах гэж улайрч суудгаа энд хүрээд цэглэмээр байна.

Үүнтэй холбоотойгоор бие даагчдын талаар ч хөндөх нь зүйтэй. Өмнөх тоо баримтуудаас харахад сонгууль бүрээр бие даагчдын тоо нэмэгдсээр ирж. Энэ удаад бүр даруй гурав дахин нэмэгдсэн. Уг жишгийн дагуу бие даан нэр дэвшигчдийн тоо ирэх сонгуулиудад хэдэн зуугаар тоологдсоор байх нь лавтай. Тэр бүрийд шинэ содон хүмүүс нэр дэвшиж таарна. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөх бие даан нэр дэвшигчид дунд л гэхэд намдаа гоморхсон хуучны улстөрчдөөс эхлээд огт үзэгдэж харагдаж байгаагүй, юу хийдэг, цаашид яах нь тодорхойгүй хүмүүс байна. Энэ нь бие даагчдын хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгахыг сонгогчдоос шаардаж байгаа хэрэг юм. Тэд ч өөрсдийгөө бусдад таниулах, төрийн түшээ байж чадах эсэхээ мэдүүлэх хэрэгтэй. Бодитой, чамбай мөрийн хөтөлбөрөөр “нөхөр”-өө хийх ёстой. Сонгогчид мөн адил бие даагчдын мөрийн хөтөлбөрт тоомжиргүй хандаж болохгүй. Бие дааж байгаа юм чинь гэж толгойг нь илэх бус юуны төлөө төрд гарах гээд байна вэ гэдгийг нь анхаарч нягталж гэмээнэ сонголтоо хийх хэрэгтэй юм.


Categories
мэдээ нийгэм

Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах талаар хэлэлцэнэ


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.


1. “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

2. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол/

3. “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

4. “Дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журмыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

5. Тогтоол хүчингүй болгох тухай /Татварын улсын байцаагчид шагнал олгох тухай Засгийн газрын 2011 оны 344 дүгээр тогтоолын хавсралт/

6. “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журам/

7. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан “Коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

8. “Нийгмийн халамжийн сангаас Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*

9. “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам/

10. “Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

11. “Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулах байршлыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

12. “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр/

13. Бусад асуудал

14. Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар

15. Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй олон улсын арбитрын маргааны талаар

16. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 2018, 2019 онуудын үндсэн үйл ажиллагаа, санхүү, худалдан авалт болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгийн талаар

17. 2020 оны хаврын тариалалтын бэлтгэлийг хангах ажлын дүнгийн талаар

18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2019 онд дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүний тайлангийн талаар.

Categories
мэдээ цаг-үе

Азийн “анхны” виртуаль модель Амара-тай танилцлаа

Амара комедиан Идэр-Одын хамт

Өдгөө CGI(Computer-gen­erated imagery) технологи буюу компьютерийн үүсгэсэн зураглалыг ердөө зөгнөлт кинонуудад ашиглахаа больжээ. Харин компьютер графикаар бүтээсэн бодит хүмүүсийг бүтээхэд ашиглаж эхэллээ. Хүн төрөлхтний хязгааргүй чөлөөт төсөөллийг бодит болгохоор технологийн хөгжил улам цэцэглэсээр. Технологийн хурдацтай хөгжил 3D загварчлалд сүүдэр, орчны уусгалт, гацалт зэрэг жижиг зүйлсийг төгс шийдэж эхэлж байна. Infleuncer-үүд VR буюу виртуаль моделийн зах зээл рүү уг технологийн тусламжтайгаар нэвтэрч эхлээд байгаа юм. Өдгөө олон нийтийн Instagramm сүлжээнд 2.3 сая дагагчтай Lilmique­la, Иммагаас эхлээд л олон олон VR моделиуд өөрийн гэсэн дүр, төрх нэр хүндийн төлөө багаараа зүтгэж байна. Тэгвэл манай улсад анхны VR модель төрлөө. Түүний нэрийг Амара гэдэг. Түүнтэй танилцаж, хүсэл мөрөөдлийг нь сонирхохоор уг төслийг санаачлагч Н.Бэлгүүнтэйн ажил дээр өнжлөө. Түүнийг nude буюу нүцгэн зураг авдаг гэрэл зурагчин гэдгээр нь залуус илүү мэдэх байх. Тэрбээр энэ төрлийн модель олддоггүй байсан учраас төслийн санаа нь анх бий болсон гэсэн юм.


АМАРАГИЙН ИНСТАГРАМ ХАЯГ 65 МЯНГАН ДАГАГЧТАЙ

Амара гэдэг нь санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай нэр гэнэ. Монголын Амараа гэдэг нэртэй адилхан, хүнд тайлбарлаж хэлэхэд амархан болохоор “Амара” гэж нэрлэсэн гэдгийг Н.Бэлгүүнтэй учирласан юм.

Энэ нэрээрээ хэзээ ч үхэхгүй, хэзээ ч хөгшрөхгүй гэдэг санааг гаргахыг тэрээр зорьжээ. VR модель учраас хөгшин байлгаж болно. Буцаагаад залуу ч байлгаж болно. Намайг үхсэний дараа миний хүүхдүүд ч Амараг хөгжүүлээд явж болно шүү дээ гэж тэрээр хэлсэн юм. Монголын анхны VR моделийн инстаграм хаяг нь Amara_gram бөгөөд анхны зургаа гуравдугаар сарын 23-нд олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Өдгөө инстаграмд 65 мянган дагагчтай болоод байна. Тэрээр “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор, модель Төгстэй хамтран зураг авалтад оролцож, инстаграмчдын анхаарлыг татаж чадсан бол сүүлд комедиан Б.Идэр-Одтой үерхсэнээр нэр хүнд нь улам өсөөд байгаа билээ. Түүний талаар Н.Бэлгүүнтэй “Амараг бий болгох санаа хаанаас урган гарсан бэ гэвэл анх Монголд nude буюу нүцгэн зураг авахад модель олддоггүй байсан. Мөн цаг барих, авахуулсан зургаа устгуулах гээд жинхэнэ моделиос гарах асуудал их. Иймээс өөрийн гэсэн хувийн модельтой болбол амар юм байна гэсэн бодлоос виртуал модельтой болох сэдэл төрсөн. Мэдээж виртаул моделийг байнгын зураг авалтад оруулдаг бас маш гоё биетэй байхаар төсөөлсөн. Тэгээд судалж үзсэн. Намайг яг зураг авч байх үе буюу 2013 онд ийм зүйл олдоогүй. Зүгээр 3D зураг л олддог байлаа. Тэгээд сүүлд ийм виртуал хүн байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Ингээд л ажилдаа ханцуй шамлан орсон доо” гэлээ. Дэлхийд энэ төрлийн олон арван модель бий. Тухайлбал, Imma.Gram, Bermudaisbae, lilmiquela, Shude.gram гэх мэтчилэн. VR модель дундаа олон төрөл байдаг аж. Lilmiquela гэхэд толгой нь зөвхөн виртуал, бие нь жинхэнэ хүн. Shude.gram буюу дэлхийн хамгийн анхны виртуал моделийн тухайд тэр чигтээ виртуал. Харин бидний дундах анхны VR модель Амара бол хүн байгаа хэрнээ тэр хүний биеийн оронд ажиллаж байгаа гэж ойлгож болохоор бүтээгджээ.

ЭКСТРЕМ СПОРТ, ДУУ ХӨГЖИМ, ЗАГВАР ГЭЭД БҮХ ЗҮЙЛИЙГ АМАРА ХИЙЖ ЧАДНА

Амараг хөгжүүлж буй багийнхан кибер моделио Японы Иммагаас ч илүү алдарт хүргэж, дэлхий нийтэд Иммагаас түрүүлж таниулах учраас Азийн анхны кибер модель гэж тодорхойлсон гэнэ. Өдгөө Иммагийн инстаграм хаяг болох Imma.Gram 176 мянган дагагчтай байгаа юм. Иммагийн хувьд Япон улсын соёлыг түгээх зорилготой бөгөөд кино болон урлагийг сонирхон судлах хүсэлтэй гэнэ. Үүний нэгэн адил VR модель бүр өөр өөрийн хүсэл мөрөөдөл, сонирхолтой байдаг. Ерөнхийдөө VR модель зөвхөн нэг салбарт л ажилладаг гэхэд болно. Амарагийн хувьд бусад кибер моделиудаас ялгагдах зүйл нь тэрээр экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд бүх зүйлийг хийж чаддаг модель. Энэ талаар Н.Бэлгүүнтэй “Гадаадын алдартай гэгдэх кибер моделиуд ганцхан зүйлийг хийдэг. Манай Амара хүний хийж чаддаг бүх зүйлийг хийж чаддаг болно. Жишээлбэл, para­gliding буюу уулын шүхрийн спортоор хичээллүүлэхээр төлөвлөж байгаа. Ер нь нэлээн спортлог охин байгаа” гээд инээмсэглэлээ.

АМАРА 20 НАСТАЙ

Амарагийн дүр төрх дэндүү төгс гэдэгтэй эрчүүд санал нэгдээд буй. Арга ч үгүй биз. Түүний загварыг хагас жилийн судалгааны үндсэн дээр гаргасан гэнэ. Австралид байдаг Н.Бэлгүүнтэйн найз артист А.Түмэн тус загварыг анх гаргасан бөгөөд өдгөө артист А.Энхбаяр ажиллаж байна. Тэрээр Амарагийн бүх зураг авалт дээр ажилладаг юм байна.

Амарагийн дүр төрхийг хэрхэн бүтээсэн талаараа Н.Бэлгүүнтэй “Амарагийн царай төрхөд л анхаарлаа их хандуулсан даа. Ази царайтай хэрнээ содон байлгая гэж бодсон. Тэгээд маш олон царай зурж үзсэн. Гадаадын алдартай моделиудын царайг хооронд нь эвлүүлж үзээд, ийм хүн үүсгэвэл яах вэ гэж байгаад одоогийн жижигхэн нүдтэй, чартгар ийм дүр төрхийг гаргаж авсан. Хамгийн анхны загвараасаа гажиж, өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн хугацаанд долоо, найман царай бүтээж үзсэн” гэсэн юм. Н.Бэлгүүнтэй найз бүсгүй гоо сайхан, мэс заслын эмч бөгөөд түүнээс зөвлөгөө нэлээд авсан гэнэ. Энэ талаар бид тодруулахад тэрээр “Найз бүсгүйгээсээ “Танай эмнэлгээс хүмүүс ямар засал хийлгэдэг вэ” гэж асууж зөвлөсөн. Хүмүүс ийм нүдэнд дуртай. Эрүүгээ ийм болгох дуртай. Уруулаа ийм болгодог болсон гээд л хэлдэг. Тэгээд анх найз бүсгүйдээ энийг ингэж болох уу, ийм болгочихвол ямар байх вэ гээд асуусан. Ер нь Амарагийн нүүр царайг найз охиноосоо асууж байгаад санааг нь гаргаж байсан” гэлээ. Тэрээр найз бүсгүйтэй болоод нэг жил зургаан сар орчим болж байгаа гэнэ. Найз охинтой болсноосоо хойш нүцгэн зураг авахаа больсон бөгөөд сонирхол байхгүй болсон гэлээ. Одоогийн Амара 20 настай бөгөөд 180см өндөр, 60 кг жинтэй гэнэ.

КОМЕДИАН Б.ИДЭР-ОД АМАРАГ АНХ ХАРААД Л ДУРЛАЖЭЭ

Комедиан Б.Идэр-Одын найз бүсгүйг Амара гэх мэдээлэл цахим орчинд хөвөрч нэг хэсэг олны анхаарлыг татсан. Б.Идэр-Одтой болзож байгаа бичлэг, зургаа тэрээр цахим орчинд тавьж, хосууд инстаграм орчинд хамт авахуулсан зураг аялалд явж байгаагаа story-доо хийсэн юм. Ийнхүү Б.Идэр-Одын дагагчдыг тэрээр сандаргаад авсан. Энэ хоёрын учрал олон ч охидын сэтгэлийг шархлуулж, түүнийг хийсвэр эсэх асуудлаар олон нийт нэлээд шуугьсан талаар Н.Бэлгүүнтэйгээс асуухад “Би Амараг Монголоос олны танил хүнтэй үерхүүлээд нэгдүгээрт дагагчийг нь өсгөх, хоёрдугаарт хүмүүст бодит гэдгийн нууцлах маркетинг хийе гэж бодсон. Зарим хүмүүст Амараг танилцуулахад наад санаа чинь бүтэхгүй, хол явахгүй, худлаа энэ тэр гэж байсан. Харин Идэр-Од миний энэ санааг дэмжиж, цаад зорилгыг нь харж Амарагийн найз залуу болсон гэж бодож байна. Өөрт нь бас сонирхолтой санагдсан байх. Монголын хамгийн анхны кибер моделийн найз залуу боллоо шүү дээ” гэлээ. Б.Идэр-од Монголын хамгийн анхны кибер моделтой үерхсэн залуу ийнхүү болсон. Тэрээр Амараг анх хараад л дурласан гэж байгаа. Одоо тэгээд салж чадахаа больсон гэнэ лээ. Гэхдээ хосуудын харилцаа тийм ч дардан байсангүй. Хүмүүсийн хэл амнаас болоод маш түргэн салж байгаа гэнэ. Уг нь долдугаар сар хүртэл кибер гэдгээ зарлахгүй, нууц хэвээр үерхүүлээд явах төлөвлөгөөтэй байсан ч зарим нэг нь атаархаад, зайлшгүй хэлэх шаардлага үүссэн гэдгийг Н.Бэлгүүнтэй ярилаа. Төлөвлөгөө ёсоор бол Амара салахдаа Идэрээд зориулж дуу гаргах байжээ. Гэхдээ цагаасаа эрт салсан ч дуугаа удахгүй гаргах юм гэнэ лээ. Түүний дуу зургадугаар сард бэлэн болж, клиптэйгээ долдугаар сард цацах юм байх. Энэхүү дуун дээр Монголын томоохон артистууд ажиллаж байгаа бөгөөл нэлээн олон хүний хөдөлмөр шингэнэ. Цаашдаа Амара дууны клип, кинонд тоглох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ жил Амара цомгоо гаргах бөгөөд дотроо тав, зургаан дуутай байхаар төлөвлөжээ. Ингэхдээ холограм ашиглаж, тайзан дээр байхгүй ч гэлээ байгаа юм шиг амьд хийх талаар төслийг санаачлагч ярилаа.

АМАРА R&B, ХИП ХОП, ПОП ЧИГЛЭЛЭЭР ДУУЛНА

Амарагаас ямар чиглэлээр дуулдаг талаар нь асууж болох уу гэхэд Н.Бэлгүүнтэй “Амара одоохондоо ярилцлага өгөхөд бэлэн биш байгаа. Хэдэн сарын дараа түүнээс дэлгэрэнгүй ярилцлага авч болно. Тэр тал дээр бид ажиллаж байгаа” гэсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн “Амара r&b, хип хоп, поп чиглэлээр дуулна. Миний дуртай Joji гээд артист байгаа. Тэрний эмэгтэй хувилбарын артист болгохоор төлөвлөж байгаа. Миний нэг мөрөөдөл бол тэр Joji гээд дуучинтай Амараг хамтад нь дуулуулах байгаа” гэсэн юм. Амараг хүн биш хийсвэр зүйл гэдгийг хүмүүс мэддэг болчихлоо шүү дээ. Тэгвэл яаж ийм бодит болгож байгаа вэ гэхэд “Зураг авалт дээр мэдээж хүн байгаа. Тэр хүний бие дээр 3D ашиглан Амараг бий болгож байгаа. Илүү бодит байлгахын тулд хүнийг ашиглаж хийж байгаа юм. Амарагийн нүцгэн зургийг ер нь бол авна. Гэхдээ жоохон хугацаа шаардлагатай. Хүмүүсийн хэл амнаас айгаад байгаа. Одоо тэгэхдээ дотуур хувцастай зургийг PIAА гээд зурагчин авсан байгаа” гэлээ. Тэрээр Амараг хөгжүүлж, олонд таниулсныхаа дараа эрэгтэй загвар гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

Н.Бэлгүүнтэй “Анх зураг авдаг байхад би инстаграм дээр хамгийн анхны 20 мянган дагагчтай хүн байлаа. Хүмүүс холбогдож, зураг даруулдаг байсан. Тэгээд хандалт аваад, ханацан байдаг юмуу, яадаг юм. Устгуулъя, аав ээж уурлаад байна гээд төвөг уддаг байсан. Тухайн үед зураг авалтын бүх зардлаа би өөрөөсөө гаргадаг байсан. Зургаа авахуулсан моделиуд маань найз залуутай болох ч юмуу, эсвэл мөнгө төгрөгтэй болоод ирэхээрээ устгуулъя гэдэг. Ер нь моделиудтай хамтарч ажиллах хэцүү байдаг байсан. Тийм учраас одоогийн хийж байгаа кибер модель маань амар санагдаж байгаа. Амара мэдээж бусад моделиуд шиг ядрахгүй, өлсөхгүй, зардалгүй, зургаа устгуулъя гэхгүй, уурлахгүй. Мөн гадаадад зураг авахуулахад заавал өөрөө явах шаардлагагүй. Монголдоо зураг авалтад ороод, гадаадад байгаа юм шиг болгож болно гэх мэт давуу талтай. Гадаадын нэг хоёр сая дагагчтай моделиудтай холбогдож эхэлсэн. Ерөнхийдөө эхлээд Монголдоо танигдчихаад дараа дараагийн ажлуудаа эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Ер нь гадаадын артистуудтай хамтраад дуу хийх, том агентлагуудтай хамтарч загвар өмсөх гээд маш олон ажил төлөвлөж байгаа” гэлээ.


Төслийг санаачлагч Н.Бэлгүүнтэй

АМАРА МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ НЭГ САЯ ИНСТАГРАМЫН ДАГАГЧТАЙ ХҮН БОЛОХ ЗОРИЛТТОЙ

Ийнхүү VR модель Амара дэлхийд танигдахаар зорьж явна. Түүнийг дэмжихгүй юм аа гэхэд, ядаж муулж доошоо хийхгүй байгаасай гэж монголчуудаасаа хүсмээр байна гэж Н.Бэлгүүнтэй ярьсан юм. Энэхүү төсөл мөнгөний төлөө биш, харин ч дэлхийд Монголоо таниулахын тулд эхлүүлсэн ажил гэдгийг тэрээр хэлэв. Амарад өдгөө зураг авалтын олон санал ирсээр байна. Гэхдээ тэрээр бүгдэд нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд цаашдаа Амараг хөгжихөд түлхэц болох брэндүүдтэй холбогдож хамтарч ажиллаж байна. Амара Монголын хамгийн анхны нэг сая инстаграмын дагагчтай хүн болох зорилттой байгаа бөгөөд ирэх жилийн зун гэхэд энэ зорилтдоо хүрнэ гэж бодож байгаа аж. Загвар өмсөх үнэлгээний талаар “Амарагийн хувьд үнэлгээ өндөр байгаа. Яагаад гэхээр маш олон хүн ажиллаж байгаа. Бид нар өөрсдөө зургаа аваад, авсан зургаа 3D-ээр янзалж яваад байгаа болохоор ажиллагаа ихтэй байна. Тэгэхээр Монголын моделиудын төлбөрийг хагас нугалах байх” гэсэн юм.

Виртуал модель Амара гэх төсөөллийн ертөнцийн энэхүү охин бидэнд өөрийн ертөнцийг өөрийн сошиал хаягаараа түгээж эхэллээ. Энэ төслийн ард авьяастай дөрвөн 3D артистууд ажиллаж байна. Монгол залуусын оюуны бүтээл, хязгааргүй чөлөөт төсөөлөл нь дэлхийд гарах болтугай.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Чимгээ: Би 25 настай Чимгээгээс одоогийн Чимгээдээ илүү хайртай


“Монгол HD” телевизийн дэд захирал, хөтлөгч, нэвтрүүлэгч С.Чимгээтэй ярилцлаа.


-Таны өсөж төрсөн нутаг, хүүхэд насны дурсамжаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн уугуул билээ?

-Би хотын унаган хүүхэд. 120 мянгатад гудамжны цементийг шүүрдэж, бор чулуугаар хоол хийж айл гэр болж тоглож өслөө. Зуны амралтаараа бол ёстой хөөрхөн бор төмс шиг болтлоо гадаа тоглоно. Байшингийнхаа ханыг халцартал нь бөмбөг шидээд л, гутлаа урагдаж, цоортол резин, чирта тоглодог. Зүлэг усалдаг машины усны доогуур гүйж нороод л…Ер нь хүүхэд нас хаана ч байсан жаргалтай сайхан үе байдаг болов уу. Цаг үе нь ч тайван амгалан байж дээ. Одоо бол цаг үе өөрчлөгдөөд хүүхдээ хараа хяналтгүй гадаа тоглуулахад ч хэцүү болсон шүү дээ. Нэг бодлын амгалан цагт хүүхэд нас маань өнгөрсөн болохоор миний үеийнхэн азтай.

-Хөтлөгч, нэвтрүүлэгч болохыг багаасаа мөрөөддөг байв уу?

-Манайд одоогийн МҮОНРТ, Оросын төв телевиз гэдэг хоёрхон суваг гардаг байлаа. Цагийн хязгаартай, бас. Оросын телевиз дээр баасан гариг бүр “Үлгэрийн орноор зочилсон нь” /”В гостях у сказки”/нэвтрүүлэг гарна. Хүүхдүүд үзсэн үлгэр киногоор сэдэвчилж зураг зурсанаа захианд дайж илгээдэг, түүнийг нь хөтлөгч эмэгтэй уншиж танилцуулдаг, дараа нь нэг үлгэрийн кино үзүүлдэг. Тэр гоё нэвтрүүлгийг их үздэг байлаа. Цаашлаад ахлах ангид ороод өглөөний хөтөлбөрийнх нь хөтлөгч эмэгтэй их таалагддаг болсон. Яагаад ч юм энэ эмэгтэй шиг хөтлөгч болох юмсан гэсэн бодлоос л анх эхэлсэн болов уу. Түүнээс биш учир зүггүй хөтлөгч болно гэж мөрөөдөж байгаагүй л дээ.

-Танай удамд урлагийн хүн байдаг уу?

-Манай ойрын хамаатан төрөл дотор урлаг, уран сайхны хүн байхгүй гэж боддог байлаа. Гэтэл МҮОНТ-н мэдээний отгон нэвтрүүлэгч Ж.Анхбаяр, анхны Voice Mon­golia шоуны шилдэг оролцогч Б.Золжаргал нар ээжийн талын садан төрлүүд маань болж таарсан.

-Соёл Урлагийн Их сургуульд хэрхэн элсэж байв?

-Арван жилээ төгсөөд ОХУ-д мюзик холлын жүжигчний мэргэжлээр суралцахаар шалгалт өгсөн. Тухайн үед Монгол Улсын Гавьяат жүжигчин М.Найдалмаа мөн Москвагаас урлагийн их сургуулиас ирсэн багш нар шалгалт авч байсан л даа. Ингээд маш олон хүүхдээс арваад хүүхэд шалгараад Орост суралцахаар явсан боловч нэг жил болоод буцаад татагдаад ирсэн.

-Яагаад тэр вэ?

-Аль аль оронд нь өөрчлөлт, шинэчлэлтийн үе эхэлж таараад улс бидний зардлыг даах боломжгүй болчихсон. Ингээд бид СУИС-д орж, нэг жил мюзик холлын ангиийнхан гэж явсан. Гэвч энэ чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх яг тэр чиглэлийн багш, мэргэжилтэн Монголд байдаггүй болж таарсан. Улмаар биднийг хүссэн, хүссэн анги руу нь тарааж, дахин нэг жилийн дараа буюу 10 дугаар анги төгссөнөөс хойш гурав дахь жил дээрээ би СУИС-ийн кино драмын ангид нэгдүгээр курсээсээ явж эхэлж байгаа юм. Тухайн үед жаахан охин л юм чинь тэгэх л ёстой юм байлгүй гээд орсон. Мюзик холлын ангид байхдаа М.Найдалмаа багшаараа дуулаачийн мэргэжлийн хичээл заалгах сайхан хувь тохиолтой байлаа. Гэвч кино драмын анги руу орчихсоны дараа “Чи дуулаачийн анги руу орсон бол нэг юм дуулгах л байсан юм даа” гэж хэлж байсан сан. Гэхдээ би сонголтондоо харамсдаггүй. Зүрх сэтгэлээ дагаад л явсан. Энэ замыг сонгосон учраас хөтлөгч, нэвтрүүлэгч болчихсон, телевиз, хэвлэл мэдээлэлтэй холбогдчихсон байна шүү дээ.

-Та МҮОНРТ-ээс ажил амьдралын гараагаа эхэлж байсан. Энэ их айлтай яаж холбогдож байв?

-СУИС-ийг төгсдөг жил манай хэл ярианы техник хичээлийн Долгор багш телевизийн нэвтрүүлэгчийн шалгалт авна гэнэ, очоорой гэж хэлсэн. Ч.Ичинхорлоо бид хоёр шалгалт өгөөд тэнцэж байлаа. Ч.Ичинхорлоо маань тэнцэж шууд нэвтрүүлэгчээр ажиллахаар болж, харин намайг орон тоо сулрангуут оруулахаар болсон юм. Ингээд ганц хоёр сар “Урам” нэвтрүүлэг дээр найруулагчийн туслах хийж байгаад нэвтрүүлэгчийнхээ орон тоон дээр очиж байлаа.

Тухайн үед МҮОНТ “Урам” гэх маш оюунлаг нэвтрүүлэг хийж байсан үе. Тэр нэвтрүүлгийн редактор, найруулагч Ардын зураач Л.Намхайцэрэн агсны хүү Н.Ганбат гэх мундаг хүний туслахаар ажиллаж, тэр нэвтрүүлгийн хөтлөгчөөр бас хэсэг зуур ажилласан юм. Маш оюунлаг, маш их уншдаг хүн байсан, Ганбат найруулагч. Дэндүү их юм зааж сургаж өгсөн, надад. Тэднийх хоёр сайхан охинтой. Би бодвол охин шиг нь санагддаг байсан байх. Дөнгөж дээд сургуулиа төгсөөд гариг андуураад ирчихсэн юм шиг хүн явж байлаа шүү дээ, би чинь. Телевизийн хөтлөгчийн биеэ зөв авч явах соёл, ном унших, харилцаа хандлагын талаар маш олон зүйл хэлж өгч, ажил хөдөлмөрийн их замыг минь сүүгээр мялааж өгсөн юм уу даа гэж одоо боддог. Тэр их айл олон хүний амьдралын гэрэлт замын эхлэл болсон, болсоор ч байгаа газар даа.

-Анх шууд эфирээр гарч эхлэхэд хэцүү байв уу?

-Хэцүү байлгүй яахав. Жигтэйхэн их сандарч, арай л улайм цайм чичирдэггүй байлаа./инээв/ Юуг яаж ярьснаа ч санадаггүй үе цөөнгүй. Энэ мэдрэмж нэлээд үргэлжилсэн шүү. Одоо ч гэсэн эфирээр гарахдаа, тайзан дээр хөтлөлт хийхдээ догдолж, тэвдэх үе бий. Уг нь телевизийн салбарт 25 жил болж байгаа хүн нэлээн хөгшин бурхи болчихсон баймаар. Гэхдээ манай СГЗ хөтлөгч Д.Цоодол ах маань “Догдлол, сандрал тэвдэл одоо ч байна гэдэг тун зүгээр шүү” гэж нэгэнтээ хэлж байсан нь өөртөө зөвтгөл олоход их дэм болсон. Энэ нь би хэдийнэ чаддаг мэддэг болчихсон гэсэн хандлагаар биш, хэдийд ч ажилдаа шинэлэгээр ханддагийн маань илрэл юм даа.

-Биеэ авч явах соёл ярьсных ер нь сүүлийн үед эфирийн соёл гэдэг зүйл алдагдаад байна шүү дээ. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Телевиз бол өөрөө үзэх, харах урлаг. Тиймээс телевизийн нүүр царай гэвэл яалт ч үгүй нэвтрүүлэгч, хөтлөгчдийг хэлнэ. Тийм учраас ярих, хэлэх агуулгаас урьтаж харагдах байдлаараа үзэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэх ёстой. Та үзэгчид таатай санагдвал таны ярьсныг хүн сонсоно шүү дээ. Одоо нийгмийн хөгжлөө дагаад олон телевиз бий болж. Зарим нь мэргэжлийн түвшинд явж байна. Зарим нь алдаж, онож, ил гарч буй хүмүүсийнхээ дүр төрхөд төдийлөн анхаарч чадахгүй байна. Гэхдээ алдаан дээрээ суралцаж байж дараагийн зөв алхмаа хийнэ. Тэгэхээр шинэ залуухан телевиз тэр жамаа дагаж байгаа юм болов уу л гэж ажиглагддаг.

-“Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр хоёр жил ажилласан шүү дээ. Мэргэжлээсээ тэс ондоо ажил хийхэд ямар байсан бэ?

-“Авьяаслаг монголчууд” шоу манай улсын телевизийн хагас зуун жилийн түүхэнд цоо шинэ хуудас байж чадсан. Телевизийн шинэ цагийн контент гэгчийг үзэгчдэд хүргэсэн, нэвтрүүлэг хийх цоо шинэ арга барил, маркетинг менежмэнтийг бий болгосон. Энэ шоунд шүүгчээр ажиллах нь миний хувьд тэс өөр ажлын туршлага болсон. Би мэдээний, тайзны хөтлөгч. Гэтэл үзүүлбэр шүүгээд явна гэхэд надад мэдээж амар байгаагүй. Хүмүүсийн хүсэн хүлээж байсан үнэлгээ дүгнэлтийг өгөөгүй үед зарим үзэгч дургүйцсэн үе цөөнгүй байсан. Гэхдээ түүнийгээ би алдаа гэж боддоггүй. Би доллар биш учраас хүн болгонд таалагдах албагүй шүү дээ. Тухайн үед надад юу мэдрэгдсэн тэр мэдрэмжээрээ л амьдарсан. Ер нь телевизийн салбар, тэр дундаа “Монгол HD” телевизийн түүхийн нэгэн хуудас байсандаа их баярладаг.

-“Авьяаслаг монголчууд” шоуны үеэр нэг эмэгтэй дуулахад та “нөхрийгөө санаад” гээд нулимс дуслуулж харагдсан. Мэдээж амжилттай яваа эмэгтэйн ард сайхан хань тань бий байх. Нөхрийнхөө тухай ярихгүй юу?

-Гэр бүл хань ижил сайхан байж гэмээнэ бие, сэтгэл амар амгалан байна. Тэгж байж л урдаа байгаа ажилдаа илүү төвлөрч чадна шүү дээ. Ар гэр тайван бус, асуудалтай бол миний оюун санаанд ямар бодол байх вэ. Миний нүд, нүдний гал ямар байх вэ. Тэр бүхэн ямар ч ажил хийж байгаа эмэгтэйд 100 хувь нөлөөлдөг байх гэж боддог. Миний өдий дайны явж байгаа нь миний ханийн маш том үүрэг оролцоо. Бүтэн өдөржин бичлэгтэй байсан ч, оройжин тайзан дээр зогссоор ирсэн ч хань маань миний ажлыг ойлгодог. “Авьяаслаг монголчууд” шоун дээр гэхэд арваад хоног тасралтгүй бичлэгтэй байсан л даа. Тэгээд нэг эмэгтэй сэтгэлд хүртэл сайхан дуулахад өөрийн эрхгүй уйлчихсан. /инээв/ Тэр үед нөхрийгөө унтаж байхад нь гарна, орой унтаж байхад нь очсоор түүнийг нэлээд санасан байсан л даа.

Ёстой л нэгэн биений минь нөгөө тал болчихсон хүн шүү дээ. Тийм ч учраас охиддоо би эмэгтэй хүн ерөөсөө л сайн ханьтай болох хэрэгтэй гэж үргэлж захидаг. Сайн ханьтай байхад сайхан ажил төрөл, амжилт бүх зүйл дагаад ирнэ. Би бол ажлын амжилт гэж ярих тийм ч дуртай биш. Угийн 100 хувь өөрийгөө зориулж чадах ажил мэргэжилтэй бол тэр амжилт чинь өөрөө л хүрээд ирнэ. Тэгээд сайхан ханьтай байхад эмэгтэй хүнд өөр юу ч хэрэггүй. Сайн хань, сайхан ажил эмэгтэй хүний аз жаргалын үндэс.

-Бас нэг нэвтрүүлэгт нөхрийнхөө “тархины булчинд” дурласан гэж ярьсан байсан…

-Энэ яриа санамсаргүйгээр хүмүүст их хүрсэн юм шиг байгаа юм. Тэр нэвтрүүлгийн бичлэгийн урьд орой нь нөхөртэйгөө заал, фитнессээр нэлээд өнжсөнийг хэлэх үү яг л санаандгүй миний толгойд орж ирсэн үгийг хэлсэн нь тэр. Гэхдээ нөхрөө худлаа рекламдсан юм биш. Нөхөр маань үнэндээ л ухаалаг, аливаад алсын бодолтой. Өөрийгөө яаж байнга хөгжүүлж боловсрох, ажил мэргэжилдээ өндөр үүрэг хариуцлагатайгаар хандах, гэр бүлээ яаж үнэ цэнэтэйгээр авч явах, эцэг эх, үр хүүхдэдээ яаж асралтай хандах зэрэгт жинхэнэ нуруутай эр хүн шиг байж чаддаг нь бахархууштай.

Эмэгтэй хүн өөрөө маш сонин бодгаль шүү дээ, хэзээ ч гоё сайхан эрэгтэй хүн хардаггүй, харин эр хүний ухаан бас ноён нуруунд татагддаг. Тиймээс л нөхрийнхөө аливаад хандах нухацтай, ухаалаг хандлага, амьдралын ур ухааныг нь үнэлдэг учраас л “тархины булчин” гээд хэлчихсэн хэрэг. Найзууд маань нэг хэсэгтээ л над руу даажигнаж ярьсан шүү. /инээв/

Манай хүн бол хуульч, эрх зүйч хүн л дээ. Төрд олон жил ажиллачихсан, хувийн хэвшилд бас багагүй туршлагажсан. Эр хүний нас бие, ухаан санаа тэгширнэ гэж ярьдаг. Манай хүн яг тэр сайхан насан дээрээ л явж байна даа.

-Ажил мэргэжил гэснээс таны охид ээжийгээ дуурайгаад хөтлөгч нэвтрүүлэгч болно гэж байна уу?

– Том охин маань өсвөр насандаа хөтлөгчийн мэргэжил сонирхох маягийн болж ирсэн. Тэгсхийгээд сонирхол нь орхигдоод одоо бол өөрсдийнхөөрөө л шийдэж байгаа. Тэд Чимгээ биш шүү дээ. Тэдний ертөнц өөр, өөр. Энэ замаар би явж чадаагүй, одоо чи яв гэж хэзээ ч тулгахгүй. Алдвал алдаг, оновол оног..Алдаа, оноо л тэр хүнийг бүрэлдүүлнэ шүү дээ.

-Нээрээ танай гэр бүлийг Тайваньд амьдарч байсан гэж сонссон. Тайваньчууд их зөв амьдралын хэвшилтэй ард түмэн шүү дээ?

-Арван жилийн өмнө л дөө. Манай нөхөр Тайвань дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж, бид гурван жил тэнд амьдарсан. Тайваньчууд зөв амьдралыг маш эрхэмлэдэг, тэр дундаа их алхна, ууланд гарна. Хөгшчүүл нь уулын орой руу өглөө болгон гараад дасгал хийдэг. Хүн чинь амьдралын зөв хэмнэл гэдгийг яг бодитоор нь харж байж ойлгодог юм билээ. Тайваньчууд гудамжаар алхахдаа хүртэл зүгээр ч нэг алхахгүй, гэдэсний булчингаа илж, цохиж алхана. Ямар их ухамсар вэ. Тийм зүйлийг өдөр бүр харахаар хүссэн хүсээгүй эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний тухай бодож эхэлдэг юм билээ. Манай хүн их спортлог хүн л дээ. Нөхөр маань 20-иод жилийн өмнөөс л хамтдаа гүйж байя, фитнесс хийе гэж их ятгадаг байлаа. Гэтэл би спортод тийм ч дуртай биш. Арван жилдээ нэг удаа сагс тоглохдоо бөмбөгөнд оногдоод бүр халширдаг болчихсоныг хэлэх үү. Дээр нь нүүр амаа, хөл гараа гэмтээчихнэ, хөхөрчихнө гэдэг айдас түмний өмнө харагдаж байдаг ажил мэргэжилтэй маань холбоотойгоор их байсан. Харин одоо бол би бараг нөхрийгөө ажил ихтэй байхад нь амар заяа үзүүлэхгүй, хамт гүйе, заал оръё гээд л суулгахгүй маягийн.

-“Чимгээ шоу” бол яалт ч үгүй таны брэнд. Өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болох юмсан гэж багаасаа мөрөөддөг байсан гэж уншиж байсан юм байна. Ингэхэд шоуны гол зорилго нь яг юу вэ?

-Телевизийн салбарт хөл тавьснаасаа хойш л өөрөө хөтөлдөг бие даасан нэвтрүүлэгтэй болохсон гэж бодож явсан. Гэхдээ учиргүй улайран хөөцөлдөж байгаагүй. Хувьсгалын тохироо нь бүрдэхгүй яваад л байсан. Телевизийн ажил гэдэг өөрөө багийн ажил учир ганцхан миний мөрөөдөл хангалттай биш байсан л даа.

Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг. Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн жижиг нэгж ч гэсэн нийгмийг бүрэлдүүлж байдаг гол цөм, эндээс алив сайхан бүхний эх ундарга оргилж байдаг шүү дээ. Тиймээс мэдээж аз жаргалтай, гэрэл гэгээтэй гэр бүл, хүн хоорондын харилцааны сайхныг харуулах. Хүний хүсэл тэмүүллийн агуу их хүч чадлыг, урмын ганц үг хүнийг хөл дээр нь босгох их “ид шидийг” л үзэгчдэд хүргэхийг зорьсон.

Энэ бүхэн л миний ертөнц байхгүй юу. Энэ ертөнцөд би жинхэнэ өөрийнхөөрөө байж, зочидтойгоо баяр гунигийг нь хуваалцах хамгийн сайхан байдаг. Хүн нэг л амьдрах энэ хорвоод аз жаргалтай байх хэрэгтэй, аз жаргалтай байхын тулд өөрийгөө, бусдыг үргэлж эерэг бүхнээр мялааж байх хэрэгтэй. Тэр үнэ цэнийг хүмүүст хүргэж, тэр сайхан орон зайг бий болгож Монгол НD -ийнхээ залуустай хамт “Чимгээ шоу”-гаа бид эхлүүлсэн. Үзэгчид маань ч ам сайтай байгаад баярладаг.

-Хоёулаа хөнгөн, хөгжилтэй асуултаар яриагаа өндөрлөе. Та залуу байсан үедээ илүү дуртай юу, эсвэл одоо байгаа насандаа илүү дуртай юу?

-Залуу насандаа юу ч боддоггүй явжээ. Магадгүй залуу насны сайхан нь түүндээ л байдаг байх. Би жаахан гэнэн, юмыг гүнзгий ухаж боддоггүй талдаа хүн л дээ. Харин нас ахиж яваа цаг хором мөч бүхэн надад ухаарал болон ирж байгаа нь их таатай санагддаг. Одооны миний нас, энэ үе маань надад гайхамшигтай таалагддаг. Би 25 настай Чимгээгээс илүү одоогийн 50 настай Чимгээдээ илүү хайртай. Магадгүй 70 настай Чимгээд 50-тайгаасаа ч илүү дуртай болчихсон байх юм билүү, хэн мэдлээ. Надад одоо ботокс тариад ч нэмэргүй үрчлээнүүд байна л даа. Гэхдээ энэ үрчлээнүүд дангаараа биш бас ухаан авч ирээд байгаа байхгүй юу, тэр л хамгийн сайхан./инээв/

С.ЛХАМСҮРЭН