Categories
мэдээ нийгэм

ШУУД: Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын битүүмжлэл алдагдсан зөрчилд торгууль оногдууллаа

НМХГын даргын баталсан 02-01/66 тоот “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдөр БЗД 12 хороонд байрлах “Алтан гадас трейд” ХХК-ний худалдааны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар байгууллагын дотоод хяналт хангалтгүй, худалдааны заал болон агуулахын цэвэрлэгээ угаалга хангалтгүй, агуулахын зохион байгуулалт алдагдсан, хүнсний барааг ахуйн бараатай хольж хураасан, чийг хэмжигч байршуулаагүй, буцаан татан авалтын бүртгэл хөтөлдөггүй, ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон дотоод сургалтыг хийдэггүй, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын битүүмжлэл алдагдсан, импортын хүнсний бүтээгдэгдэхүүний шошгын стикерийг нааж харилцагч нарт түгээдэггүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.

Илэрсэн зөрчлийн дагуу Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгууль шийтгэвэр ногдуулж, зөрчлийг арилгуулах улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлж ажиллалаа.


Categories
мэдээ нийгэм

Бугын эврийг их хэмжээгээр хадгалж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас бугын эврийг их хэмжээгээр хадгалж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Манай орны хувьд халиун буга устаж буй амьтны зэрэглэлд багтдаг. Булган аймаг дах цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажлын хүрээнд тус аймгийн Хишиг өндөр сумын тавдугаар багийн иргэн А нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлжээ.

Мөн тус сумын иргэн Ө нь өөрийн эзэмшлийн авто гражд 8 ширхэг бугын эврийг хадгалж байсныг үзлэг хийн хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 22 дугаар зүйлийн 22.3, Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан түймрийн аюултай үед буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, орон нутагт холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, Аймаг нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга, Сав газрын захиргааны дарга, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар /Ч.Батсансар/-т тус тус даалгасугай.

Categories
мэдээ нийгэм

Монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

БНСУ-аас монгол иргэдээ татахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрлөө.

Тус нислэг 12:58 цагийн орчимд Сөүлд газардах бөгөөд Сөүлээс 251 иргэн ирэхээр бүртгэлээ баталгаажуулсан байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр

  • Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүн
  • Эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүн
  • Хөгжлийн бэрхшээлтэй таван хүн,
  • Жирэмсэн 19 хүн
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 51
  • Бусад 13 хүн эх орондоо ирнэ.
Categories
мэдээ спорт

Азийн залуучуудын III наадам 2021 онд болно

Азийн залуучуудын III наадам 2021 оны арваннэгдүгээр сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо зохион байгуулахаар шийдвэрлэснийг тус наадмыг Зохион байгуулах хорооноос Азийн олимпийн зөвлөл (АОЗ)-д мэдээлжээ.

Тус наадам нь АОЗ-ийн ивээл дор, хөнгөн атлетик, усан спорт, бадминтон, 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, луут завины уралдаан, хөлбөмбөг, гимнастик, гольф, гандбол, хип хоп бүжиг, рок авиралт, рагби, сэрфинг, ширээний теннис, тэквондо, ушу зэрэг 18 спортын төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Ази тивийн 45 орны баг тамирчид оролцох юм. Азийн залуучуудын наадам нь анх 2009 онд Сингапур улсад, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдсон түүхтэй.

Ази тивийн авьяаслаг залуу тамирчид тус наадамд оролцсоноор 2022 онд Сенегал улсын Дакар хотноо болох Залуучуудын олимпийн наадамд оролцох бэлтгэл болохоос гадна туршлага солилцох, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, олимпизмийн олон талт арга хэмжээнд хамрагдах олон боломжийг тамирчдад олгох юм.

Categories
мэдээ спорт

(UWW)-ноос дэлхийн чансааны “топ-10”-т монголын таван бөх багтлаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Чансааг нэгдүгээр сарын 15-18-нд Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох “Маттео Пелликоне” тэмцээн, үүнээс сарын дараа тус хотод болсон Европийн АШТ, хоёрдугаар сарын 4-9-нд Алжирт болсон Африкийн АШТ, хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ, гуравдугаар сарын 6-9-нд Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан гаргасан байна.

Чансааны “топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурав, нийт таван хүн багтлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10, 65 кг-ийн жинд ОУХМ Т.Тулга 20 оноогоор 10, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Б.Болортуяа (зураг дээр) 23 оноогоор долоо, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 23 оноогоор тав, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор наймдугаар байрт бичигджээ.

Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан. Тэднээс гадна манай улсын найман тамирчин эхний 20 байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн 79 кг-д Д.Гомбодорж 19, 92 кг-д М.Цогтгэрэл 18, 125 кг-д Д.Хүдэрбулга 12, 55 кг-д М.Дөлгөөн 11, 57 кг-д Э.Даваачимэг 14, 59 кг-д А.Батцэцэг 15, 65 кг-д З.Болортунгалаг 15, 72 кг-д Э.Цэвэгмид 20 дугаар байрт оржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвчин даамжраад байвал гадаадад байгаа 190 мянган иргэнээ татаж л таарах байх даа

Сүүлийн жилүүдэд монголчууд гадны орныг зорьж ажил хөдөлмөр эрхэлдэг болсон. Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэх иргэд гадаадад оршин сууж байна. Гадаад харилцааны яамны судалснаар дэлхийн 80 гаруй улс оронд 190 орчим мянган монгол иргэн сурч, ажиллаж байна. Ажиллаж, сурч байгаагаас үл шалтгаалан тэд ажлыг гололгүй хийж, эх орондоо байх ижий, аав, элгэн саднаа тэжээдэг.

Харамсалтай нь энэ цаг үед коронавирус гэх цар тахал гарлаа. Дэлхийн дийлэнх улс оронд тархаад буй энэхүү цар тахал цагаачлан амьдардаг монголчуудад тун хүндээр тусч байна. Гол шалтгаан нь тухайн орнуудад хатуу хөл хорио тогтоож, гадны битгий хэл дотоодын иргэд нь цалин, орлогогүй болж байгаа юм. Сургуулиуд хаагдсанаас болж оюутнууд тэтгэлэггүй, цагийн ажил хомсдсоноос болж хэрэглээнийхээ мөнгийг ч олж чадахгүйд хүрчээ. Цалин мөнгөгүй болсон ч төлдөг төлбөрүүд нь хэвээр байгаа учир хүндрэлүүд үүсч эхэлсэн нь мэдээж. Өртөг өндөртэй хотуудад амьдарч байгаа хүн ямар ч орлогогүй бол орон байр, идэж уух хоол хүнсээ зохицуулна гэдэг тун бэрх. Гудамжинд гарсантай ямар ч ялгаагүй гэчихэд хилсдэхгүй. Дээрээс нь цар тахал тусах аюул алхам тутамд нь отож байгааг хэлэх үү. Ийм л хүнд үед тэд эх орноо гэхээс өөр яах билээ.

Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарч тусгай үүргийн онгоцоор эхнээс нь зөөж л байна. Энэ өвчин даамжирсаар байвал иргэдээ татаж л таарах байх. Авчирлаа гэхэд байр сав, хоол хүнснээс эхлээд хүндрэл үүсэх шинжтэй байна. Хөл хорионд байлгах хугацааг 21 хоног болгож сунгачихсан байдаг. Халдвартай иргэн ирсэн бол эмч, сувилагчдын хүрэлцээ юу болох вэ гээд асуудлууд ургаж таарна.

Гэхдээ бидэнд нэг давуу тал бий. Бидэнд гэр байгаа. Бид гаднаас ирсэн монголчуудаа жижиг дөрвөн ханатай гэр бариад хөдөө хээр тусгаарлачихаж болно. Тэднийг хотоос зайдуу Төв аймгийн шинэ нисэхийн урд талын хөндийд буулгачихъя. Урин цаг наашилсан энэ үед үүн шиг амархан зүйл үгүй. Хамгийн гол нь зардал багатай. Таван гэрийн дунд нэг ахлагч гаргаж, худаг ус нь ойр, 00-ийн асуудлыг байгальд хоргүй байдлаар шийдэж, ариутгаад байхад тийм ч хэцүү биш. Юм хөгжсөн энэ үед гэрүүд рүү худгаас ус татчихаж болно. Хэдэн гэрийн дунд палатка босгоод шүршүүр хийчихэд болохгүй гэх зүйлгүй. Хөл хорионд орсон иргэдийн гэрээс хоол хүнсний тодорхой хэсгийг нь авчруулж, эдийн засагтаа дэм болох ч боломжтой.

Палатка босгосон ч болно л доо. Гэхдээ хамгийн зөв сонголт жижиг дөрвөн ханатай гэр. Манайхан гэрийг төрөл, төрлөөр нь үйлдвэрлэдэг. Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдийгээ уриалаад, хамтраад арай хямд төсөр үнээр дөрвөн ханатууд худалдаж авч болж байна. Дэм дэмэндээ гэдэг хойно энэ хэцүү цаг үед үндэсний үйлдвэрлэгчид ч үнэрхээд байхгүй биз. Айлуудаас гэр түрээсэлсэн ч болж байна. Буцаагаад өгөхдөө ариутгаад цэвэрлээд л өгнө биз. Амралтын газар, дэн буудлын үнэ ханшнаас наана тусна уу гэхээс илүү гарахгүй нь лавтай. Гадаадаас ирж байгаа хүмүүсээс байр савны үнэ хөлс гээд бараг сая төгрөг хурааж авч байгаа. Жижиг дөрвөн ханатай гэр бараг сая төгрөг шүү дээ. Нэг хүнд нэг гэр бариад өгсөн ч болохоор харагдаж байгаа биз дээ.

Ингээд ирсэн иргэдээ 10, 10 мянгаар нь байрлуулаад хуаран босгочихож болно. Ийм маягаар зардал чирэгдэл ч багатайгаар хүмүүсээ байрлуулах байр сууцаа шийдчих боломжтой харагдаад байх юм. Мэдээж гэр хоорондын зай талбай, ариутгал, хөл хорионы дэгийг сахих зэрэгт тус тусын байгууллагууд нь гойд анхаарах нь чухал.

Ийм л Монгол ахуйдаа ойртуулсан, монголчууд л мэддэг, зөвхөн тэд л тэсэж чадах, хямд төсөр хөл хорионы хуаран байгуулмаар байна. Хүний нутагт эх орноо царайчилж суугаа олон мянган монголчуудаа авчрахдаа ингэж боломж нөөцөө ашиглаж, ухаан сүвэгчилж тусгаарламаар байна. Өөр бид яах ч билээ.

Бид нүүдэлчин ард түмэн. Гэрт амьдрана гэдэг бидэнд шинэ содон зүйл биш. 100 хүрэхгүй жилийн өмнө л бид дээр, дооргүй таван ханатдаа тухалж байсан шүү дээ. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсийн нас дийлэнхдээ 30-40-ийн хооронд хэлбэлзэх биз. Тэдний ихэнх нь гэрт амьдарч үзсэн л байж таараа. Ер нь ч тэгээд хүний нутгийн их хотын завгүй амьдралд нухлуулж, борви бохис хийх чөлөөгүй амьдарч байсан тэдэнд тооноор хөх тэнгэрээ тольдож, амар амгаланг мэдэрч суух шиг жаргал хаана байх вэ.

Яахав, гэрт амьдарч үзээгүй залуу үеийн төлөөллүүдэд 00, шүршүүрээс эхлээд таалагдахгүй зүйлс гарч ирэх л биз. Гэлээ ч ахмад үеэ дагаад сурч, дасаж л таарна. Ямар насан туршдаа хөдөө хээр дөрвөн ханатад амьдруулах гэж байгаа биш. Амьд гарахын төлөө бол 20 хоногт энэ байтугайг л тэвчинэ шүү дээ, таминь ээ. Хэн ч амьдардаггүй шинэ нисэх маань байна, хэдэн цагаач монголчуудаа байтугай дэлхийн бүх хүнийг байрлуулчихаж болохоор том тал нутаг ч бидэнд байна. Хэдэн мянган жил амьдарч ирсэн гэр сууц маань бэлэн байна. Унааны асуудал хүнд бол тухайн нутгийн онгоцыг хөлслөөд ч болтугай хүмүүсээ зөөгөөд ирэх боломж бидэнд бий.

Иймэрхүү байдлаар энэ нүсэр ажлыг зохион байгуулбал зардал чирэгдэл, аюулгүй байдал зэргийг хямд төсөр байдлаар давж гарч болох мэт санагдах юм. Эрх баригчид үүнийг тунгааж үзэх буй за.

Categories
мэдээ нийгэм

“Тээвэрчдийн холбоо”, “Их говь” тээвэрчдийн холбоо, “Сүлд” тээвэрчдийн гэргий нарын холбоо хамтран хэвлэлийн бага хурал хийнэ


“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд

өнөөдөр 11:40 цагт “Тээвэрчдийн холбоо”, “Их говь” тээвэрчдийн холбоо, “Сүлд” тээвэрчдийн гэргий нарын холбоо хамтран тээвэрчдэд тулгамдаад байгаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбогдох утас: 98666565

10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги гадна талбайд өлсгөлөн зарлаж буй эмэгтэйчүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99240345

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт ГХЯ-нд Монгол Улс, АНУ-ын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас: 91907777

12.00 цагт ХҮН-ын байранд “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвслээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт МҮХАҮТ-аас өөрийн байрандаа Бизнес итгэлийн индексийн судалгааны дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

12.00 цагт “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс ГХЯ-нд шаардлага хүргүүлнэ. Утас: 99105845

12.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “COVID-19”-ийн тархалтын үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломжийн талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Ардчилал шинэчлэлийн намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор орон сууцны ипотекийн зээлтэй иргэн нас барсан үед банк, даатгалын компани санхүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Золжаргал: Орон нутагт байшин барих уу, ажлын байраа хадгалах уу гэдгээ шийдвэрлэх цаг болсон

УИХ дахь АН-ын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.


-Дэлхий нийтээрээ онцгой нөхцөл байдалд байгаа энэ үед бизнес эрхлэгчид тэр дундаа ЖДҮ эрхлэгчид хүндрэлтэй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын зөвлөлөөс ямар арга шийдэл байгаа хэмээн харж байна вэ?

-Дэлхий нийтээр тархаад байгаа “Covid-19” короновирусийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага цар тахал хэмээн зарласан. Үүнтэй холбогдуулж дэлхийн улс орнуудын удирдагчид энэ үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эдийн засгаа аврах төлөвлөгөөгөө аль эрт танилцуулсан. Гэтэл манай орны хувьд энэ тал дээр огт арга хэмжээ авч ажиллахгүй байна. Дотооддоо хөл хорио тогтоож байгаа ч гаднаас ирэх хөдөлгөөн, вирус тархсан улс орноос ирж байгаа урсгалаа хянаж чадахгүй байна. Дотоодын бизнес эрхлэгчдээ хамгаалсан бодлого огт явуулахгүй байна. Энэ тухай АН-ын зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд буюу бараг нэг сарын өмнө Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл бидэнд хариу ирүүлээгүй байна. Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд хуулийн төсөл санаачилж хүргүүлсэн боловч авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ огт алга байна.

Япон улсаар жишээ татахад зөвхөн ЖДҮ эрхлэгч нартаа зориулсан хугацаагүй, хүүгүй зүйлийг олгож эхэлсэн. АНУ-ын хувьд эдийн засгийг дэмжих 1.2 их наяд ам.долларын дүнтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчдэдээ 50 гаруй тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ ч амласан. Энэ мэтчилэн Улс орнууд эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, хэрэглэгчдийн болон бизнесийн идэвхи буурахаас сэргийлж төв банкууд нь бодлогын хүүгээ бууруулж, үнийн тогтвортой байдлыг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, санхүүгийн нөхцөл байдлыг дэмжих, санхүүжилт татрахаас сэргийлэх зорилготой бодит арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Ийнхүү дэлхийн улс орнууд энэхүү онцгой үе ойрын 3-5 сарын турш үргэлжилнэ гэсэн таамагтайгаар эдийн засгийн багц арга хэмжээнүүдийг авч байна. Багц арга хэмжээ гэдэгт иргэдийнхээ эрүүл мэндийн аюулгүй байдал, бизнесийг дэмжих, иргэдийнхээ амьжиргааг дэмжих гэсэн гурван асуудал багтаж байгаа.

-Өнгөрсөн сард хүргүүлсэн шаардлагын хариу огт ирээгүй байна гэлээ. Шаардлагад юуг тусгасан бэ?

-Бид УИХ-ын дарга Г.Занданшатарт Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах асуудлаар санал хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад бэлэн байх үүднээс тодорхой шаардлагуудыг дурьдсан. Эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ард иргэдийнхээ хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх, Үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах, тэдний түрээс, дулаан, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлын талаар зохицуулалт хийж, ажлын байрыг нь хадгалж үлдэх нь тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа тухай шаардлага бичиг хүргүүлсэн.

-Сангийн сайд төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж мэдэгдэл хийсэн. Энэ талаар?

-Төсвийн тодотгол хийхээс өөр шийдэл байхгүй. Өнгөрсөн хугацаанд Монгол банк болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлуудаас хоёр шийдвэр гаргасан. Хэрэглээний зээлийн төлбөрийн хугацааг сунгасан. Бодлогын хүү бууруулж, банкуудад тавих шаардлагуудыг сулруулсанаар, зээл нэмж гарах боломж бүрдүүлсэн. Гэвч цар тахлын аюулыг зөвхөн мөнгөний бодлогод найдах боломжгүй. Төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Мөнгөний бодлого хөгжилтэй орнуудад чухал үүрэгтэй нь үнэн. Харин манай эдийн засгийн бүтэц тэднээс тэс өөр.

Гурван сая иргэнтэй манай улсын зах зээл бага, түүхий эд экспортолдог, экспортын 90 хувь нь нэг улсаас хараат, аж үйлдвэрлэл хөгжөөгүй, гаргах бүтээгдэхүүн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн биш, түүхий эд юм. Монголбанкны мөнгөний бодлогоор дэмжсэн гэх мөнгө экспортоор дамжиж импорт болж орж ирнэ. Мөнгөний бодлого бизнесийг дэмжихэд чухал нөлөөтэй, харин ажлын байр хадгалах, айл өрхийн амьжиргааг дэмжихэд төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс энэ асуудлыг зөвхөн Засгийн газар шийдэж чадна. Төсвөөс батлагдаагүй хөрөнгө гаргах боломжгүй учраас төсвөө яаралтай тодотгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт байшин барих нь чухал уу, эсвэл ажлын байраа хадгалах, өрхийн амьжиргаагаа хамгаалах нь чухал уу гэдгээ яаралтай шийдвэрлэх цаг болсон.Дэлхий нийтэд эдийн засгийн 50 хувийг болон нийт ажлын байрны мөн 50 хувийг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг. Бид үүнийг хуулийн төсөлдөө голчлон анхаарч, ажлын байраа хадгалж үлдэх ёстойг анхааруулаад байгаа юм.

-Өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгөөч. Хуулийн төсөлд төсвөөс хасаж хэмнэсэн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлэх тухай дурдсан байсан.

-Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хуралдаад хуулийн тодорхой төслийг санаачлах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төсөлд өндөр хүүтэй зээлтэй иргэн, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх тухай заасан байгаа. Уг тогтоолын төслөөр “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтад заасан, 2020 оноос 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1,436,877.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж хэмнэсэн 355,065.1 сая төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, 100 сая төгрөг хүртэл зээл олгох, зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох, арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх” зэрэг арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн гол үзэл баримтлал нь ЖДҮ-үүдийн ажлын байрыг хамгаалахад оршино.

Өнөөдөр бидэнд тодорхой шийдэл зайлшгүй хэрэгтэй. Цар тахлын хэмжээнд хүрээд буй энэ өвчлөл нь Монгол Улсын төдийгүй Дэлхийн бусад улс орнуудын Эдийн засагт маш эрсдэл учруулж байгаа гэдгийг бид урьдчилан тооцоолж, зөвхөн иргэддээ хөл хорио тогтоох, хөдөлгөөн хязгаарлах төдийхнөөр асуудал шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Үргэлжлэх тусам ард иргэдийн орлого багасч, эдийн засгийн маш том эрсдэл рүү түлхэж байна.

-Тэгвэл дээрх шаардлага болоод, хуулийн төсөлд тодорхой хариу ирүүлээгүй учраас дахин шаардлага бичиг хүргүүлж байгаа тухай мэдээлэл хийсэн. Тус шаардлага бичигт юуг голчлон заасан байгаа вэ?

-Тийм ээ. Бид санал, шаардлага хүргүүлэх албан тоот удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тиймээс бид “Айл өрх, иргэдийн орлогыг хамгаалах тухай” дахин шаардах бичиг хүргүүлсэн. Монгол Улсын хувьд хүн амын гуравны нэгийг хамарсан ядууралд нэрвэгдэж ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрсэн төдийгүй цаашид цар тахалтай холбоотой энэ статистик үзүүлэлт улам нэмэгдэх нөхцөл байдал үүслээ. 1.1 сая ажиллах хүчин, жирийн иргэдийн орлого болон худалдаа үйлчилгээний салбарын жижиг дунд бизнесийг хамгаалахад Улсын Их Хурал, Засгийн газар яаралтай шийдэл гаргах шаардлагатайг сануулсан. Бичигт, 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн “Эрсдэлийн сан” байгуулах, иргэдэд төрөөс олгох тэтгэвэр тэтгэмжийг хадгалах, компани, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн орлого, цалингийн хэмжээг бууруулахгүй байх арга хэмжээг авах, өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх, үдэсний дотоодын үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмжих, томоохон компаниудын бага хүүтэй өрийн бичгийг Монголбанк худалдаж авах боломжийг нээх, экспортыг дэмжих зэрэг арга хэмжээ авах зэргийг тусгасан байгаа.

Иймд Засгийн газар 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь тодорхойлж, шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлыг царцааж, цар тахлын онцгой үед тохирсон шийдвэр гаргахыг шаардаад байгаа юм.

-Өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх гэдэг асуудлыг хөндсөн байна. Чөлөөлөөд эхлэхээр төсөв тасалдах эрсдэл үүсэх үү. Үүн дээр хэрхэн зохицуулалт хийх боломжтой вэ?

-Төсвийн тодотгол дээр импортын албан татварын орлогын хэсгийг хасах шаардлагатай. Өргөн хэрэглээний бараа нь бид бүхний өдөр тутмын хэрэглээ. Үүнийг засгийн газар боловсруулаад, УИХ-д саналаа оруулж ирээд, төсвийн тодотголоор хасалтаа хийгээд явъя гэсэн саналаар л энэ шийдэгдэнэ. Хэрвээ бид нар барааны хомсдолд орох юм бол Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжиж, зөв ажиллах ёстой. Үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт өсч байж бид нар дотооддоо амьдралын эх үүсвэрээ хангаж явна. Гэхдээ бид импортын 90 хувь хараат байдаг. Тиймээс импорт зайлшгүй орж ирэх шаардлагатай. Гэхдээ хамгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр дотоодын боломжинд чиглэн шийдэл гаргахад болохгүй зүйл байхгүй. Нэмж хэлэхэд, Импортын тодорхой бараа бүтээгдэхүүн дээр үнийн хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх асуудлыг тооцохдоо өнөөдөр төсөв дээр танаж болох маш олон зардлууд бий. Түүнд тодотгол хийж, шилжүүлээд импортын зардал зэрэг бусад зардлуудыг тооцох замаар төсвийг алдагдалгүй авч явах бүрэн боломжтой.

-Хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн “Эрсдэлийн сан” байгуулах гэсэн байна. Энэ санг ямар эх үүсвэрээс босгох боломжтой гэж тооцож байгаа вэ?

-Нэг их наядын эрсдэлийн сан байгуулахад төсөв өөрөө боломжтой. Эндээс зөвхөн 2020 оны хөрөнгө оруулалт 3.6 их наяд. Урсгал зардал буюу бараа үйлчилгээний зардал нь 2.1 их наяд. Зөвхөн эдгээр зардлаас 50 хувь хэмнэхэд 2.5 их наяд төгрөгийн төсөв хэмнэх боломжтой байна. Ер нь сангийн сайдыг төсвийн тодотгол хийхгүй гээд байгаа нь их буруу. Өнөө маргааш сонгууль болно гээд байгаа нөөцөөрөө явж байгаа нь буруу. Сонгууль бол бидний хувьд чухал биш. Иргэдийн амьдрал чухалд тооцогдох цаг үе ирээд байна. Эрх баригчид үүнийг маш сайн тооцох ёстой. Яагаад тэвчиж болох зардлуудыг тэвчихээс татгалзаад байна. Тухайн үед бид сонгуульд зориулсан төсөв батлагдлаа гэж шүүмжилж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл төсөвт хориг тавьж байсан. Гэтэл олонхоор хүч түрэн Ерөнхийлөгчийн хоригийг ч хүлээж аваагүй, сөрөг хүчнээс тавьсан тодорхой саналуудыг ч хүлээж авалгүй алдагдалтай төсөв баталсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт есөн их наядын алдагдалтай төсөв баталж ирсэн. Энэ алдагдал бол өөрөө “өр”.

Төсөв мөнгө гэдэг бол чухал боловч нэн тэргүүнд тавих чухал асуудал бол улс үндэстний аюулгүй байдал юм. Тийм учраас өнөөдөр иргэдийн эрүүл, аюулгүй,амьд явах баталгааг хангах, эдийн засгийн баталгааг хангах гол асуудал бол төсөв хөрөнгөндөө тодотгол хийгээд, тэвчиж болох зардлуудаа танаж, эх үүсвэр шаардлагатай байгаа асуудлуудаа санхүүжүүлээд явах зэрэг бодит алхам хийхийг л эрх баригчдаас шаардаад байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун: Зээл төлөлтийн хугацааг хойшлуулсан нь нүглийн нүдийг гурилаар хуурна гээч л болж байна

Эдийн засгийн ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.


-Коронагийн үед засгаас авч буй бодлого шийдвэр таны хувьд хангалттай шийдэл мөн үү?

-Сэтгэл байвал болдог гэдгийг харж байна. Улстөрчдөд итгэхгүй байсан л даа. Гэтэл тэр үзэл маань бага ч гэсэн өөрчлөгдөж байна. Улстөрчдийн ашиг хонжоо харж аливаа асуудалд ханддаг хандлага биднийг бүр итгэлгүй болгосон байж. Сэтгэл байвал зууханд галтай гэдэг үг хэрэгжиж эхэлсэнд олзуурхаж сууна.

-Зээлийн төлөлтийн хугацааг гурван сараар хойшлуулсан нь аж ахуйн нэгжид бодитой дэмжлэг болж чадах уу?

-Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч л болж байна. Анхаараагүй биш анхаарсан гэж ам таглах байх. Зээлийн хүү болон зээлийн төлөлтийг гурван сараар хойшлуулж, зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй гэдэг бол бодит тусламж биш. Хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг болохыг л бодит тусламж гэнэ. Туслах гэж байгаа бол тусалсан шиг туслах хэрэгтэй л дээ. Бизнесийг дэмжсэнээр олон сайн талтай. Хувийн хэвшилд тусалбал ажлын байр хадгалагдаж үлдэнэ. Иргэд ажилтайгаа үлдвэл өрхийн эдийн засаг хямрахгүй. Эдийн засгийн өсөлтөд жин дарах нөлөө үзүүлдэг өрхийн эдийн засаг хямрахгүй бол коронавирусээс үүдэлтэй хямралыг улсаараа даваад гарах боломжтой. Хувийн хэвшилд бодит дэмжлэг үзүүлэх ёстой гээд байгаагийн цаад учир энэ л дээ.

-Бодит гэхээр яг ямар тусламж байвал зүгээр вэ?

-Нэг жишээ хэлье. 2009 оны хямралын үед АНУ-д олон үйлдвэрүүд хаагдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болж байсан. Орлогогүй болохоор бүх бараа,үйлчилгээний борлуулалт буурч компаниуд нь цалин олгох боломжгүй болж байсан. Тухайн үед АНУ-ын Засгийн газраас автомашины үйлдвэрлэлд 400 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн санагдаж байна. Ингэж дэмжсэний хүчинд ажилчдаа халахгүй байх нөхцөлийг компаниуддаа бүрдүүлж өгсөн. Ажилчид машинаа үйлдвэрлэсээр, цалингаа авсаар байсан нь АНУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. Тэд орлоготой үлдсэн болохоороо хэрэгцээт зүйлсээ худалдан авч, дараагийн үйлдвэрүүдийн орлогыг бий болгож байсан. Ингэснээр Америкийн эдийн засаг хямралаас гарч байсан юм. Энэ бол бодит тусламж, цагаа олсон дэмжлэг. Иймэрхүү тусламжийг коронавируст нэрвэгдээд байгаа улс орнууд компаниуддаа үзүүлээд эхэлчихлээ. Италид ипотекийн зээлд хөнгөлөлт үзүүлж, Герман улс жижиг бизнесүүдэд хязгааргүй хэмжээгээр зээл олгож, АНУ-д бэлэн мөнгө тарааж, гол бизнесүүддээ татаас олгож байна. Мөн Францад бизнесүүдээ ашиглалтын зардлаас чөлөөлж, БНСУ бизнесүүддээ 39 тэрбум ам.долларын хүүгүй зээл олгож байна. Энэ бол бодит дэмжлэг.

-Зээлтэй холбоотой Засгийн газраас авч байгаа арга хэмжээ эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Засгийн газар нэг хэсэг бензиний үнийг бууруулах гэж шатахуун импортлогч компаниудыг гуйдаг байсан шиг өнөөдөр арилжааны банкуудыг гуйгаад сууж байна. Ингээд нэмэргүй.

-Банк санхүүгийн салбарын хувьд ямар эрсдэл харагдаж байна вэ?

-Зээл болон хүүгийн төлбөрийг гурван сараар хойшлуулж байгаа нь онцын эрсдэл үүсгэхгүй. Банкууд угаасаа төлбөрийн чадварыг хангах төлбөр түргэн гүйцэтгэх шалгуур үзүүлэлт хангаж ажилладаг.

-Иргэдийн хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлт том асуудал үүсгэж байгаа. Энэ тал дээр банкууд чадах хэрээрээ арга хэмжээ авч байх шиг байна. Засгийн зүгээс энэ тал дээр нэг удаагийн дэмжлэг ч юм уу тодорхой бодитой дэмжлэг үзүүлэх шаардлага бий юү?

-Аж ахуйн нэгжийн бараа, үйлчилгээ нь борлогдохгүй бол орлогогүй, ажилчид нь цалингүй болно. Тэгээд аль аль нь авсан зээлээ төлөх боломжгүй болдог. Засгийн газраас бизнесийг дэмжих бодитой арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм боломж ч байна. Манайд өнөөдөр Төрийн банк, Хөгжлийн банк гээд Засгийн газрын мэдлийн хоёр банк байна. Эдгээрээр дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх боломж чадамж засагт бий. Хувийн арилжааны банкуудыг гуйгаад, шахаад үр дүнд хүрэхгүй. Тэд өөрсдөө ямар бодлого барихаа мэднэ. Арилжааны банк харилцагчгүйгээр оршин тогтнож чадахгүй. Зээлдэгчид бол тэднийг тэжээгчид. Ирээдүйдээ харилцагчтай байя гэвэл бодитой арга хэмжээ авах л байх.

-Монголбанк бодлогын хүүг буулгасан. Бодлогын хүүгийн бууралт эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Монголбанк бодлогын хүүг бууруулбал арилжааны банкууд төв банкны үнэт цаасны хүүг “голоод” Монголбанкны үнэт цаас авахгүй харин зээл олгож, зээлийн хүүгийн орлого олох бодлого барина гэж хүлээж байгаа юм. Бодлогын хүү буурлаа гээд арилжааны банк зээл олголтоо нэмэх эсэх нь тодорхойгүй. Тэр тусмаа бодлогын хүү 0.5-хан хувиар буулгасан. Тэгэхээр бодлогын хүүгийн энэ бууралтын эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл харагдахгүй байна.

-Та бодлогын хүүг 0.5 хувиар буулгасныг чамлаж байна аа даа?

-Тийм. Банкууд үүнийг тоохгүй, эрсдэл бага гэдгээр нь төв банкны үнэт цаасыг илүүдэл нөөцөөрөө худалдан авна гэж бодож байна. Гадны орнууд бодлогын хүүгээ 3-5 хүртэл хувиар бууруулж байна. Ингэж буулгаж байж л банкуудыг зээл олгоход бодитой түлхэц болно.

-Тэгээд яах вэ. Арилжааны банкуудаас зээлийн хэмжээгээ тэлнэ гэж хүлээгээд нэмэргүй гэсэн үг үү?

-Арилжааны банкуудаас их зүйл хүлээгээд хэрэггүй. Тэд ч гэсэн хувийн бизнес эрхэлдэг. Ашгийн төлөө бизнес хийж байгаа. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодоод харилцагчдаа хүнд байдалд оруулбал эргээд өөрөө хүнд байдалд орно гэдгийг ямар ч банк мэдэж байгаа. Энэ бол цаг хугацааны л асуудал. Зээлдэгчдээ дэмжээд өгвөл эргээд өөрт нь л хэрэгтэй. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үгийг мэдэх байлгүйдээ. Үүний ард маш гүнзгий философи агуулагдаж байгаа. Тэгээд ч компанийн нийгмийн хариуцлага банк санхүүгийн байгууллагад илүү өндөр хэмжээнд байх ёстой. Улс хөгжиж байж, аж ахуйн нэгж бизнесээ тэлж байж тэд хөгжинө. Арилжааны банк олон нийтээс, нийгмээс мөнгө татаж, тэр мөнгөөрөө зээл олгож амьдардаг онцлогтой.Тиймээс нийгмийн хариуцлага нь өндөр байх ёстой. Банкны хүрээн дэх өрсөлдөөн, өрсөлдөөний хүч хэр зэрэг байгаа нь харагдаж байна. Банкны зах дээр дөрвөн банк нийт зээл, нийт хадгаламжийн дийлэнх хувийг барьж байна. Энэ бол монопольт зах. Тэр дөрвөн банк банкны зах зээл дээр, эдийн засагт монопольт байр суурьтайгаа харуулж байна. Эцэст нь хэлэхэд бизнесүүд, банкуудын аль алиных нь хувьд одоо л хөдөлдөг цаг ирээд байна. Харилцагчид татах, хүчирхэгжих боломж банкуудад яг одоо гарч ирж байна.

-Төсөвт том хэмжээний тодотгол хийх ёстой гэсэн байр суурийг зарим эдийн засагч хэлж байгаа. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Би бас ийм байр суурь барьж байгаа. Нэг зүйлд эргэлзээд байна. Төсөвт тодотгол хийхгүйгээр манай Засгийн газар нөөцийн мөнгөтэй болов уу гэсэн асуулт тавигдаж таарна. Нөөц хөрөнгө хангалттай бол сайн хэрэг. Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан, эрсдэлийн сангуудад байгаа мөнгөнийхөө хэмжээг хэлэх хэрэгтэй. Төсөвт тодотгол хийхгүйгээр асуудлыг шийдэх боломжтой гэж Сангийн сайд хэлээд байгаа. Би хувьдаа энэ үгэнд итгэхгүй байна. Сонгуульд зориулаад ингэж “гүрийгээд” суугаа юм биш байгаа гэж хардаж байна.

-Засгийн газар тэгээд яаж ажилласан нь дээр вэ?

-Коронавирустэй тэмцэж байгаа шигээ сэтгэл гаргаж, яам агентлагуудаа дайчилж ажиллах хэрэгтэй. ЭМЯ, УОК, Цэрэг цагдаагийн байгууллага зэрэг холбогдох газрууд коронатай тэмцэхдээ эрдэмтдээ сонсоод ёстой л ёсоор нь, онолоор нь, дүрмээр нь ажиллаж байна. Тэднийг ч Засгийн газар нь маш сайн дэмжиж байна. Дотоод, гадаадын хандив, тусламж ч ирж байна. Үүн шиг эдийн засагт хэрэгтэй арга хэмжээг зорилготой, зоригтой, судлаачдынхаа үгийг сонсоод, дайчлаад, дэс дараалалтай аваад өгвөл эдийн засаг унахгүй байж болно.90-ээд онд лангуу яаж хоосорч байлаа. Одоо бол өөрсдийгөө ямар нэг хэмжээгээр хангахтайгаа болсон байна гэдэг нь харагдаж байна. Юу хийх хэрэгтэй нь одоо харагдаж байна. Энэ тахал бидэнд их зүйлийг хэлж өгч байна. Зөвхөн манай улсад ч биш, дэлхий нийтээрээ өөрчлөгдөх болно гэж харж байна.

-Та бодитой нэг, хоёр санал хэлээч?

-Юуны өмнө Монголбанк бодлогын зээл гаргаж болно. Бодлогын зээл ямар үр ашигтайг бид барилгын салбар дээр харсан. Барилгын компаниудад жилийн таван хувийн хүүтэй зээл өгч орон сууц бариулаад, худалдан авагчдад нь жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл өгснөөс барилгын салбарын өсөлт мэдэгдэхүйц өндөр болсон. Бодлогын зээлийн хүү, хугацаа, хэмжээгээр дамжуулан аж ахуйн нэгжүүдийг банкуудаар дэмжүүлж болно. Бодлогын зээлээр бизнесүүдийг дэмжих зам байна. Татвар, татаасаар дамжуулж дэмжиж болно. Энэ бүгдийг хэрэгжүүлэхдээ сайн ажиллаж байсан, үнэхээр энэ давагдашгүй хүчин зүйлээс болоод хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдийг олж дэмжих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд босоод ирвэл ажилчид нь цалинтай болж, зээлүүдээ төлнө. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд ч санаачилгатай, шинийг эрэлхийлж ажиллах хэрэгтэй. Яаж дэмжих бол гээд суугаад байж болохгүй. Санаачилсан шинэ зүйлсийг нь санхүүжүүлэх дэмжлэг байвал бүр сайн.