Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Зохицуулалтгүй зах зээл хөгждөггүй

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Төрөөс эдийн засагт зохицуулалт хийх гэж юуг хэлэх вэ. Энэ талаар сүүлийн үед маш их яригддаг болж…

-Зах зээлийн эдийн засагт, төрийн зохицуулалт хийнэ гэдэг нь эдийн засгийн хөгжлийг тогтвортой байлгахын тулд макро болон микро түвшинд нь нөлөөлж, нийгэмд тустай чиглэлд нь хөтлөх цогц нөлөөлөл юм. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр, хуримтлал, цалин хөлсийг нэмэх, үнийг өсгөх бууруулах, орлогын тэгш байдлыг хангах, мөнгөний нийлүүлэлтийг удирдах, ашгийг нэмэгдүүлэх, зах зээлд учирсан хүндрэлийг даван туулах зэрэг олон зорилгоор хэрэгжүүлдэг. Мөн зорилтот бүлэгт зориулсан татвар бий болгох, орлогын доод хэмжээг тогтоох, тодорхой бүлэг үйлдвэрлэгчдэд шууд татаас олгох, хөнгөлөлт үзүүлэх, үнийн дээд хязгаар тогтоох, үйлдвэрлэл, импортод квот, тариф бий болгох замаар эдийн засгийн тэнцвэрийг хангах гэх мэт олон асуудал байна.

-Төрийн зохицуулалт хийдэг арга гэж байдаг уу?

-Төрөөс эдийн засагт зохицуулалт хийхдээ захиргааны болон эдийн засгийн аргыг хэрэглэдэг. Захиргааны арга асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд дэмжих, хязгаарлах, экспортыг лицензжүүлэх, квот тогтоох, зарим үйлдвэрлэлд тусгай зөвшөөрөл олгох, ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийх, татварын хувь хэмжээг тогтоох зэрэг олон асуудал орно. Эдийн засгийн арга төрийн санхүүжилт, зээл, татварын бодлогоор хэрэгжүүлэх асуудлууд ордог. Эдийн засгийн аргыг шууд ба дам нөлөөлөх гэж ангилж болох юм. Шууд нөлөөлөх аргад төсөв, мөнгө, татвар, үнэ, гадаад худалдаа, нийгмийн халамжийн бодлогууд, монополийн эсрэг арга хэмжээ авах, экологийн тэнцвэрийг хангах, чанар, стандарт тогтоох гээд олон асуудлууд орно. Дам нөлөөлөх аргаар эдийн засгийн бодлогын зорилтод нийцэх шийдвэрийг холбогдох субьектүүд авах нөхцөлийг бүрдүүлнэ. Эдгээр арга хэмжээний үр дүнд нийтийн болон хувийн ашиг сонирхол тэнцвэржих ёстой.

-Төрийн зохицуулалтын ямар хэлбэрүүд байх вэ?

-Төрөөс нийгмийн зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, урьдчилан тогтоож шинжлэх, нөхцөл байдлыг загварчлах гэх мэт хэлбэрүүд байж болно.

-Төрийн зохицуулалт хийх шаардлага, шалтгаан гэж бий байх…

-Хамгийн түрүүнд нийгмийн сайн сайхныг хангах шаардлага орно. Мөн нийгэмд сөрөг нөхцөл байдал үүсгэдэг ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн гаралт, монополь тогтох, экологийн гэх мэт олон асуудлыг зохицуулах шаардлага гарна. Шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг дэмжих, бүс нутаг, олон улсын хэмжээнд үүсэх өрсөлдөөнийг зохицуулах гэх мэт зах зээлийн хуулиудын зарим үйлчлэлийг нийгмийн тодорхой бүлгийн эрх ашгийн үүднээс хязгаарлах шаардлага ч үүсдэг.

-Сонгодог эдийн засагчид зах зээл өөрийн жамаараа хөгжинө, түүнд бүү оролц гэдэг. Энэ онол өнөөдөр үйлчлэхгүй гэж ойлгож болох уу?

-Одоогоос олон жилийн өмнө А.Смит гэдэг хүн Зах зээл эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдана. Хөндлөнгийн оролцоо хэрэггүй гэж хэлсэн байдаг. Үүнийг эдийн засагчид А.Смитийн “Үл үзэгдэгч гар” гэж нэрлэдэг.

Энэ онол өнөөдөр бодит амьдрал бүрэн дээр хэрэгжих боломжгүй гэдэг нь батлагдсан. Мөнгөөр илэрхийлэгддэг ажил, үйлчилгээг эрэлт, нийлүүлэлтээр зохицуулж болно. Мөнгөөр илэрхийлээгүй хэрэгцээг эрэлт нийлүүлэлтээр зохицуулах боломжгүй. Орчин үеийн эдийн засаг бол зах зээлийн механизм болон төрийн зохицуулалтын нийлбэр гэж ойлгож болно. Зах зээлийн эдийн засаг хөгжихийн хэрээр эдийн засаг, нийгмийн олон хурц асуудал тулгарч байна. Үүнийг зөвхөн хувийн хэвшилд тулгуурласан эдийн засаг дангаараа шийдэх боломжгүй. Хувийн хэвшил ашгийн төлөө л өрсөлдөнө. Санхүү эдийн засгийн хямрал, ажилгүйдэл ихэссэн, мөнгөний эргэлт саарсан, зах зээлд өрсөлдөөн гаарсан үед төрийн эдийн засгийн бодлого, төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болно. Төрийн зохицуулалтаар эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжиж, хүн амыг ажлын байраар хангаж, салбарын болон бүс нутгийн хэмжээнд хөгжил дэвшлийг урамшуулж болно.

-Олон улсад ямар төрийн зохицуулалтууд байдаг вэ?

-Өнөөдөр дэлхий дээр байгаа улс орнууд бүгд төрийн зохицуулалттай хөгжиж байна. Төрийн зохицуулалтууд нь хөгжлийн бодлоготойгоо уялдаж, өөрийн гэсэн хэлбэр, чиглэл, хамрах хүрээтэй байна. Баруун Европын орнууд Герман, Их Британи, Франц, Нидерланд, Австри, Испани, Азийн орнууд болох БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэгт төрийн зохицуулалтын сайтар хөгжсөн механизм бүрдсэн гэж үздэг. Ялангуяа дэлхийн хоёр дахь эдийн засаг болчихсон БНХАУ-ын туршлага, хөгжиж буй орнуудад асар их ач холбогдолтой. БНХАУ-ын төр, засгаас авч хэрэгжүүлж буй төрийн зохицуулалтууд, түүний сайн үр дүн, дэлхийн чихийг дэлдийлгэж, олон үзүүлэлтээр улсаа дэлхийд тэргүүлэх гүрэн болгож байна.

-Ямар нөхцөлд зайлшгүй төрийн зохицуулалт хэрэгтэй болох вэ?

-Хөгжиж буй орнууд, социалист эдийн засгаас зах зээлд шилжсэн орнуудад төрийн оновчтой зөв зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Төрийн зохицуулалт нь зах зээл өөрөө зохицуулж чадахгүй нөхцөл үүсвэл төрөөс зохицуулах шаардлага гарна. Хоердугаарт, чөлөөт зах зээл мөнгөөр илэрхийлэгдсэн хэрэгцээг эрэлт, нийлүүлэлтээр дамжуулан хангах боломжийг олгодог. Гэтэл мөнгөөр илэрхийлэгддэггүй хэрэгцээ гэж байдаг. Энэ хэрэгцээнд үндэсний батлан хамгаалах асуудал, төрийн удирдлага, эрчим хүч, холбооны үндэсний сүлжээ, нийгмийн дэг журам сахиулах, вакцинжуулах, байгаль хамгаалах зэрэгт төрийн зохицуулалт шаардана. Гуравдугаарт, гадаад хүчин зүйлийн нөлөөллийг арилгахад төрийн оролцоо чухал. Зах зээлийн хэрэглээнд зах зээл өөрөө зохицуулж чадахгүй дутагдал, мөнгөөр илэрхийлэгдэхгүй хомсдол гардаг. Энэ нь зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж, нөөц, баялаг зохистой хуваарилагдах боломжгүй болдог. Энд төрийн зохицуулалт хэрэгтэй болно. Ер нь бодит зах зээлийг зохицуулах боломжтой. Зохицуулж болдоггүй зах зээл гэж хаана ч үгүй.

-Төрийн зохицуулалт зайлшгүй онцгой шаардлагатай салбар гэж байх уу?

-Байна. Энэ салбарт орлого хуваарилах үйл ажиллагаа буюу төсвийн бодлогын асуудал орно. Мөн мөнгөний нийлүүлэлтээр дамжуулан инфляцийг удирдах, валютын ханшид нөлөөлж, төлбөрийн тэнцлийг удирдах, мөнгөний бодлогын асуудал бас орно. Энэ бодлогууд оновчтой зөв, байж чадвал эдийн засгийн өсөлт хурдасч, бүтэц нь сайжирч, ажилгүйдэл багасч, төлбөрийн тэнцэл эрүүлжиж, инфляцийн өсөлт буурч, иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ.

-Манай төр засаг төрийн зохицуулалтуудыг яаж хийж ирсэн бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 5.4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах, зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Энэ бол маш тодорхой, хоёрдмол утгагүй заалт. Харамсалтай нь өнгөрсөн 30 жилд манай төр, засгийн зохицуулалт оновчтой байж чадсангүй. Тухайлбал, нийслэл Улаанбаатарт манай улсын хүн амын талаас илүү нь төвлөрч, орон нутаг, хил хязгаар эзэнгүйдсэн. Хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг байгуулах, алслагдсан хязгаар нутгаа эзэнтэй байлгах талаар өнгөрсөн хугацаанд санаачилгатай ажиллаж чадсангүй. Мөн Улаанбаатарын утаа, автомашины түгжрэл, хонины толгойд шилжүүлснээр 110 сая толгой мал, байгаль орчин, бэлчээрийн доройтол, цөлжилт, харийн шашны 459 сүм хийд, 95 их, дээд сургууль, 7000 гаруй ашигт малтмалын хайх, ашиглах лиценз олгож, түүнээс 3000-аад нь өнөөдөр хүчинтэй байх шиг байна. Мөн 83 архины үйлдвэр, 50-60 телевиз, хэвлэл, сайт гээд яривал маш урт жагсаалт гарна. Энэ олон зөвшөөрлийг төрөөс олгохдоо тоо хэмжээг нь зах зээлийн бодит хэрэгцээтэй уялдуулж олгоогүйгээс олон хүн хохирсон, одоо ч хохирол үргэлжилсээр байгаа нь харамсалтай. Монголын төрөөс энэ олон зөвшөөрөл, лиценз, эрх олгосон нь Үндсэн хуульд заасан нийгэм, эдийн засагт зохицуулалт хийж байсан ажил гэж ойлгож болох байх. Зөвшөөрөл авч байгаа иргэдийн хувьд буруу зүйл алга. Учир нь тэд зах зээлийн нийгэмд амьдрах аргаа л хайж яваа хүмүүс. Төр иргэдээ болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. Төрөөс зохицуулалт хийх нь зах зээлийн үйл явцад нөлөөлж, гажуудлыг нь засах, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах замаар улс эх орноо хөгжүүлэх гэж ойлгож болно. Энэ үүргээ Монголын төр муу гүйцэтгэж ирлээ.

-Өнөөдөр манай нийгэмд байгаа гажуудал, хоцрогдлыг төрийн муу зохицуулалттай холбоотой гэж үзэж болох уу?

-Зах зээлийн зарчим, хөгжлийн зөв бодлого, төлөвлөлт нь төрийн оновчтой зохицуулалттай хосолж үр дүн, амжилтад хүрнэ. Өнөөдөр манай эдийн засгийн 90-ээс дээш хувь нь нэг улсаас хамааралтай, экспортын 93 хувь нь уул уурхайн боловсруулаагүй түүхий эд, гадаад нийт өр 30.0 тэрбум ам.доллар, үүнээс Засгийн газрын өр нь 7.5 орчим тэрбум дол болсон. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн хугацаанд 8.2 их наяд төгрөгийн тулгамдсан өрийг төлсөн. Ойрын дөрвөн жилд дөрвөн төрлийн бондын 2.9 тэрбум долларын өр төлөхөөр хүлээгдэж байна. Бидний нэг хэсэг нь тооцоо, судалгаа муутай өр тавьж, нөгөө хэсэг нь төлөх гэж зовж, чардайж ирлээ. Бид улс эх орноо өөрснөө авч явж чадахгүйгээс ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа орсон. Мөн ФТФ-ын саарал жагсаалтад хоёр дахь удаагаа орсон гээд муу үзүүлэлтүүд олон. Манай эдийн засаг төрөлжөөгүй, газрын баялгийн боловсруулаагүй түүхий эд дээр суурилсан, маш эмзэг, эрсдэлтэй, улстөржсөн, гадаад улстай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнүүд Монгол Улсад ашиггүй байдалтай байна. Уг нь эдийн засгийг хэрхэвч улстөржүүлж болдоггүй. Өөрсдийн боломжоос давсан үүрэг хүлээж, амлалт авч, эдийн засгаа унагаж, өрсөлдөх чадваргүй болгож ирсэн нь үнэн. Бид өнгөрсөн хугацаанд улс орноо мэдлэггүй, мэдрэмжгүй, хариуцлагагүй удирдаж ирсний гай одоо ингэж гарч байна. Өнөөдөр Монгол Улс хүн амын 5 хүрэхгүй хувь нь бүх баялгийн 90-ээс илүүг эзэмшиж,дундаж давхарга бага, хүн амын 30-аас дээш хувь нь ядууралтай болчихсон байна.Энэ бол бидний алдаатай бодлого, төрийн зохицуулалтгүй хөгжлийн үр дагавар мөн. Бид цаашид хөгжлийн маш тодорхой бодлого, оновчтой төрийн зохицуулалт, улс орныг мэдлэгтэй, мэдрэмжтэй удирдаж, хүндрэл бэрхшээлээс гарч, улс орноо хөгжүүлнэ. Аливаа хүндрэлтэй асуудлыг шийдэх гарц уг асуудал дотроо байдаг гэдэг. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар нийслэлийн утааны олон жил ужгирсан асуудлыг шийдэж чадлаа. Болохгүй байгаа асуудлыг барьж аваад хөөцөлдөхөөр богино хугацаанд шийдэж болдгийг энэ ажил харуулж байна. Энэ мэт маш олон асуудлууд шийдлээ хүлээж байна.

-Бид өнгөрсөн хугацаанд бодлогогүй хөгжөөд байсан юм уу?

-Өнгөрсөн 30 жилд бодлогын 500 гаруй баримт бичгийг боловсруулж ажилласан гэсэн судалгаа гарсан байна лээ. Харамсалтай нь ихэнх нь ажил болж, үр дүн гарсангүй. Бид урьд нь барьж байгуулж, бүтээснээ бүгдийг нь хувьчилсан. Хувьчилж аваад ихэнхийг нь нураасан. Хувьчлал оновчгүй болсон. Хариуцлага алдсан, хулгай хийсэн хэнтэй ч хариуцлага тооцоогүй. Зарим хүмүүс би зүгээр аваагүй, худалдаж авсан гэдэг. Худалдаж авсан тэр мөнгийг хаанаас олсон юм гэхээр нэлээд олон нь бүдэрдэг. Нийгэм, эдийн засаг, хөгжлийн асуудлаа зохицуулалтгүй хаясан. Зохицуулах асуудал ярихаар зах зээлийн хуучирсан стандарт онол, үл үзэгдэгч гарын тухай ярьдаг. Өнгөрсөн 30 жилийн хөгжил, бидэнд маш том сургамж үлдээлээ.

-Банкны жилийн дундаж хүү 16.8 хувь гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэж байсан…

-Өнгөрсөн 30 жилд банкны салбарт төрийн бодлого, тооцоогүй олон банк байгуулж, ажиллах тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Зөвшөөрөл аваад ажилласан олон банк дампуурч, татан буугдсан статистик байна. Үүнээс гадна ББСБ, ХЗХ-ны дампуурлыг тооцвол их олон зүйл ярьж болно. Өнөөдөр Монголд 14 банк ажиллаж байна. Манайх шиг жижиг зах зээлд томдсон л тоо. Одоо ажиллаж буй банкууд засаглалаа сайжруулж, эрсдэлээ зөв үнэлж, тооцож ажиллахгүй бол дараагийн дампуурлууд отож байна. Манай банкуудын нэг нь 10 орчим, бусад нь 2-4 хувьцаа эзэмшигчтэй. Олон нийтийнх болоогүй учир гэр бүлийнх гэдэг. Өөрийн хөрөнгө бага, бие биенээсээ өрсөж, өндөр хүүтэй хадгаламж татдагаас зээл гэдэг бүтээгдэхүүний өртөгийг маш өндөр болгосон. Үүнээс болж Монголд банкны зээлийн хүү өндөр байгаа юм. Товчхон, энгийнээр тайлбарлахад ийм байна.

-Манайд байх ёстой тоо хэмжээ нь бүхий л салбар, ажил үйлчилгээнд хэтэрч, үүнээс үүдэлтэй гажуудлууд улс орны хөгжилд саад болж, хүндрэл бэрхшээлийг үүсгэж байна уу?

-Энэ тал дээр маш их зүйл ярьж болно. 10 литрийн бидонд 10 литр шингэн орно. 10 литрийн бидонд 20 литр шингэн хийх гэвэл 10 литр нь асгарна. Үүнтэй адил манай газар нутаг том боловч, зах зээл нь жижиг. Манай хүн ам 3.3 сая, дундаж давхарга бага, хүн амын 30 хувь нь ядуу, баялгийн 90 орчим хувь нь хүн амын 5 хүрэхгүй хувьд оногддог. Манай ДНБ-ний хэмжээ 2020 оны төлөвлөлтөөр хамгийн их 40.7 их наяд төг болж байгаа нь 15.0 тэрбум орчим доллартай тэнцэх жижиг зах зээл. Энэ зах зээлд хэдэн банк, ББСБ, ХЗХ, телевиз, сонин, дээд сургууль, архины үйлдвэр, хэчнээн толгой мал байж болох зэрэг аливаа зүйлд хэмжээ, багтаамж гэж байдаг. Тэр хэмжээг тооцож ажиллах шаардлагатай. Үүнийг бид тооцож ажиллаж чадахгүйгээс иргэд хохирч, цаашлаад улс орны хөгжилд сөрөг нөлөөтэй ажил, үйлдлүүд маш их гарч байна.

-Цаашид хэрхэн төрийн зохицуулалтуудыг хийх вэ?

-Үр дүнтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн оновчтой зөв зохицуулалт хэрэгтэй болно. Бодлого, зохицуулалтыг зөв хийж, Монгол Улсын хуримтлалыг нэмэгдүүлэх, бизнес, ажил эрхлэлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах, экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, олон болгох, түүнд нэмүү өртөг шингээх, эдийн засгийг олон тулгууртай болгож, нэг улсаас хамааралыг бууруулах гээд олон асуудал шилээ даран шийдлээ хүлээж байна. Гарч буй шийдвэр, авч буй арга хэмжээ үр дүнд хүрэхийг хөгжил гэдэг. Хөгжихийн тулд бодох, төлөвлөх, үр дүнг тооцож, алдааг цаг алдахгүй засаж явах нь маш чухал. Эдийн засаг хүндэрсэн энэ үед хүний эрхээс гадна, үүрэг хариуцлага хамт яригдана. Бид өнгөрсөн 30 жилд дан хүний эрх ярилаа. Үүрэг, хариуцлага, сахилга, дэг журам, эв нэгдэл, том эрх ашгийн асуудал маш бага яригдлаа. Эдгээрийг их ярьж, их хийж чадвал хөгжлийн сайн суурь тавигдаж, цаашид хөгжил дэвшил ирнэ.

-Коронавирусийн дэгдэлт эдийн засагт маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлж эхэллээ. Энэ тухайд?

-Коронавирусийн дэгдэлт дэлхийн улс орнуудын эдийн засгийн урагшлах, хөгжих боломжийг бууруулсаар байна. Уг вирусээс шалтгаалан дэлхийн зах зээл доргиж, биржүүдэд ханш унах нь түгээмэл гарах боллоо. Bloomberg “урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй ноцтой асуудал” гэж онцолж байна. Дэлхийн хэмжээнд нэг улирлын алдагдлыг 280 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэсэн тооцоолол хийжээ. Манай эдийн засаг БНХАУ-ын эдийн засгаас ихээхэн хамааралтай. ройтерс агентлагийн судалгаагаар Хятадын эдийн засаг 2020 оны нэгдүгээр улиралд 4.5 хувийн өсөлттэй гарна гэж таамаглаж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд өсөлт 6.5 хувь байсан юм. Standart and Poor’s-ын тооцоогоор 1.1 их наяд ам.доллараар тооцогдох өрийг төлөхөд асуудал үүсэх эрсдэл байгаа гэх мэт сөрөг тооцоо, болгоомжлууд байна.

-Коронавирусийг тойрсон асуудал дэлхийн эдийн засагт маш хүчтэй нөлөөлж, хямрал болох эрсдэл өндөр гэж яригдах боллоо…

-Хөрөнгийн биржүүд дээрх уналт үргэлжилбэл суурь үнэ болон зах зээлийн үнэлгээ хоорондын зөрүү ихэсч, хөрөнгийн зах зээлийн хямрал үүсч болзошгүй байна. Энэ нь газрын тос, өнгөт металл, эрдэс бүтээгдэхүүний хувьцааны үнэ ханш унах, хөгжиж буй эдийн засгийн өрийн хямрал эхлэх ноцтой эрсдэл бий болохыг үгүйсгэхгүй. Хятад руу экспорт их хэмжээгээр хийдэг орнууд хямралд илүү өртөх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Энэ орнуудын тоонд ОХУ, ХБНГУ, Казахстан, Монгол гэх мэт орнууд орно. Коронавирусийн холбоотой асуудал манай эдийн засагт хүндрэл үүсгэж байна. Сая Засгийн газраас нүүрс, болон бусад экспортыг сэргээсэн нь зөв шийдвэр байлаа. Уг вирусээс хамгаалах ажлыг хийхийн зэрэгцээ, экспортоо сайн хийх нь манай эдийн засагт чухал нөлөөтэй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хятадын томоохон сайтад вирусийн тархалт буурч, эдийн засаг хэвийн байдалд орох ойртож, биржийн индексүүд сэргэж, өсөлттэй гарч эхэллээ гэсэн мэдээллүүд гарсан байна. Харамсалтай нь уг өвчнөөс сэргийлэх, эмчлэх, арга технологийг одоо хүртэл олоогүй байгаа нь маш том эрсдэл.

-Төсөвт тодотгол хий гэсэн шаардлагууд зарим намуудаас тавьсан. Энэ тухайд?

-Уг вирусээс шалтгаалж, нэгдүгээр сард эдийн засагт 210 тэрбум төгрөгийн тасалдал үүссэн. Хоёрдугаар сарын мэдээ гараагүй байна, Нэгдүгээр сарынхаас дутахааргүй тасалдал үүсч болзошгүй. Эндээс харахад манай эдийн засагт уг вирус муу нөлөө үзүүлж байна. Гэхдээ яаран төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй гэж үзэж байна. Уг өвчний тархалт, дэлхийн болон Хятадын эдийн засгийн төлөв байдал, орлогын бүрдэлт гэх мэт олон хүчин зүйлийг зөв үнэлж, нэг удаа төсөвт тодотгол хийх шаардлага үүсч болзошгүй. Тэр хугацаа нь болоогүй байна гэж үзэж байна. Ер нь уг асуудалтай холбогдуулан төр засаг, аж ахуйн нэгжийн хувьд үргүй зардлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, төрийн бодлого, зохицуулалтуудыг зөв оновчтой хийх шаардлага үүслээ. Дэлхийн зах зээл дээр манай уламжлалт экспортын бүтээгдэхүүн зэс, төмрийн хүдрийн үнэ буурч байна. Мөн зэрэгцээд нефтийн фьючерс ханш долоон хувь, хар металлын ханш зургаан хувиар буураад байна. Манай төр засгаас өнгөрсөн дөрвөн жилд идэвхтэй ажилласны үр дүнд нэг жилийн хүндрэлийг даван туулж чадах чадавхыг бий болгож чадсан нь уг өвчлөлөөс хамаарах эрсдэлийг бууруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Я.Буянжаргал: Коронавирусийн түргэвчилсэн оношлуурыг авах талаар ОХУ, БНСУ-д хүсэлт илгээгээд байна

Дэлхийн улс орнуудад тархаад байгаа коронавирусийн халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалтай ярилцлаа.


-Коронавирус тархсантай холбоотойгоор Засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнд Эрүүл мэндийн яамны оролцоо хамгийн их байгаа нь мэдээж. Энэ талаар тодруулаач?

-“Өдрийн сонин”-ы нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье.

Нэгдүгээрт, Бид бодлогын түвшинд тодорхой шийдвэрүүдийг гаргуулан ажиллаж байна. Иргэд төр засгийнхаа шийдвэрийг сайтар биелүүлж байгааг мөн дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд цаг үеийн нөхцөл байдлын талаар болон хариу арга хэмжээний талаарх мэдээллийг тогтмол хийж байна. УИХ-ын чуулганд УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороонд танилцуулга мэдээлэл хийсэн.

Хоёрдугаарт, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-нд шилжин, төлөвлөгөөндөө дахин тодотгол хийж, хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, тушаал, журмуудыг гаргаж, хэрэгжүүлж, хэрэгжилтийг хянаж ажиллаж байна.

Гуравдугаарт, Мэргэжлийн зөвлөх эмч нарын багийг байгуулан, иргэдэд чиглэсэн халдвараас сэргийлэх, дархлаагаа сайжруулах чиглэлээр мэдээлэл зөвлөмж, зөвлөгөөг тогтмол өгч ажиллаж байна. Монголын уламжлалт анагаахын чиглэлээр ажилладаг эрдэмтэд мөн иргэдэд чиглэсэн зөвлөгөөг өгч байна. Эрчимт эмчилгээний зөвлөхүүд маань эмч нарт зориулсан амь тэнсэн үеийн тусламж үйлчилгээний сургалт, амьсгалын аппаратуудад хэрхэн ажиллах заавруудыг өгч ажиллаж байна.

Дөрөвдүгээрт, Эмнэл зүйн болон тархвар судлалын заавар, журам, удирдамжийг боловсруулан, эмч мэргэжилтнүүддээ сургалт хийж бэлтгэлээ. Шаардлагатай тохиолдолд дайчлагдан ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтний судалгааг гарган ажиллаж байна. 1824 дадлагажигч эмч, анагаахын чиглэлээр сургалт эрхэлдэг найман сургуулийн төгсөх курсийн 1340 оюутан, мөн эмнэлэг хооронд төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр ажиллуулах 159 эмч, 66 сувилагчийг бэлтгэлээ. Эдгээр эмч мэргэжилтнүүд маань тусгаарлан, сэргийлэлт хийж байгаа байгууллагууд, нийслэлийн автотээврийн постуудад дайчлагдан ажиллаж эхэлсэн.

-Коронавирус тархсантай холбоотойгоор Засгийн газраас Эрүүл мэндийн яаманд тодорхой төсвийг гаргасан. Шаардлагатай хэрэгслүүд тодорхой хэмжээнд хангагдаж чадсан уу?

-Тийм ээ. Монгол Улсын Засгийн газар коронавирусийн халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас манай улсын хүн амын дунд уг халдвар хэрвээ гарвал халдварлах эрсдэл, тархах эрсдэл, хүндрэх тохиолдол хэр байхыг бид бусад улс орны эрдэмтдийн хийж байгаа судалгаа тооцоолол, магадлалд үндэслэн тооцоолсон. Үүний үндсэн дээр хэрэгцээг урьдчилан тооцоолж бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Бид Засгийн газраас шийдвэрлэсэн санхүүжилт, олон улсын байгууллага, иргэдийн хандив тусламжийг зориулалтаар нь зөв зарцуулж, ил тод нээлттэй мэдээлж ажиллаж байгаа. Засгийн газрын нөөц сангаас олгосон 4.2 тэрбум төгрөгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, зөөврийн рентген аппарат, хамгаалах хувцас хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч, ХӨСҮТ, бусад лавлагаа төвүүд, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, хилийн боомтуудтай сумдын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилсан. ЭМЯ-аас ДЭМБ-тай хамтран НҮБ-ын Эрүүл мэндийн кластерийн уулзалтыг гурван удаа зохион байгуулсан. Уг уулзалтад НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ОУ-ын байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газар, Элчин сайдын яамдын төлөөллүүд уригдан оролцсон. Бид үүсээд байгаа нөхцөл байдлаа танилцуулж, техникийн болон санхүүгийн дэмжлэг хүсч ажилласан. Ингэснээр, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгээр амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, дуслын болон тарианы шахуурга, халуун хэмжигч зэрэг олон тоног төхөөрөмжүүдийг авч байна. ДЭМБ, ЖАЙКА зэрэг байгууллагуудаас өгсөн хамгаалах хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгслийг эмнэлгүүдэд хуваарилсан. ДЭМБ-аас хандивлаж байгаа 565 кг хувийн хамгаалах хэрэгсэл Сингапураас ачигдаж Туркийн Истанбул хотоор дамжин, 2020 оны өнөөдөр “Turkish Airlines” нислэгээр Улаанбатар хотод бууна. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр мэдээлэл сурталчилгааны материалыг хэвлүүлэн, нийтэд түгээж байна. Үүнээс гадна, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд бидэнд их дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Тэд амны хаалт, эм, эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн, бэлэн мөнгө бэлэглэж байна. Бид эдгээр хандивыг бүгдийг нь бүртгэж авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилан, зарцуулж, ил тодоор мэдээлж байгаа.

-Гадны орноос ирж буй иргэдэд хяналт тавихын тулд нисэх буудал дээр шуурхай алба ажиллаж байгаа юм билээ. Хүчин чадал хүрэлцэж байгаа юу?

-Коронавирусийн халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх, бэлэн байдлыг хангахад төрийн олон байгууллагууд хамтран ажиллаж байна. Үүнд ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, Хил хамгаалах газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, аймгуудын Засаг дарга нар бүгд баг болж шуурхай хамтран ажиллаж байгаа. Иймд, энэхүү хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж байгаа бүх байгууллагуудад энэ дашрамд талархал илэрхийлье.

ДЭМБ-ын ерөнхий захирал, шадар ерөнхий захирал, ДЭМБ-ын НДББ-ийн захирал нар бүгд хэлсэн үгэндээ “Коронавирусийн халдвараас сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагаа мэдээллийн зөв урсгал чухал..” гэдгийг сануулж байгаа. Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа иргэдээс асуумж авах, тандалт судалгаа хийх, урьдчилсан үзлэг хийж, эрэмбэлэн ангилах зэрэгт төрийн байгууллагууд өөр өөрийн чиг үүргийн дагуу оролцож байгаа. Манай ХӨСҮТ-ийн баг Буянт-Ухаагийн Чингис хаан нисэх онгоцны буудалд ирсэн зорчигчдыг эрэмбэлэн ангилж үзлэг хийж байгаа. Мөн Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгуудын Эрүүл мэндийн байгууллагуудын эмч нар хилийн боомтуудад ажиллаж галт тэргээр, автомашинаар болон явганаар ирсэн иргэдэд үзлэг хийж ажилласан, одоо ч ажиллаж байгаа.

Мэдээж энэ бол эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаанаас хэд дахин давсан ачаалал болж байгаа. Гэхдээ манай салбарын эмч, эрүүл мэндийн ажилтнууд мөн төрийн албан хаагчид бүгд Монгол Улсын иргэн бүрийн эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр, хичээн ажиллаж байгаа. Иргэд маань ч бидний энэ зүтгэлийг үнэлж байнга талархал илэрхийлж, урам хайрлаж байна.

Ялангуяа, БНХАУ-ын Ухань хотоос 31 иргэнийг авчрахад ГХЯ, ЗТХЯ, ИНЕГ, МИАТ, хууль хяналтын байгууллага хамтран авч ирсэн. Нисэх багийн бүрэлдэхүүнд ХӨСҮТ-ийн халдвартын эмч, тархвар судлаач нар ажилласан.

-Халдвар тархсан бүс нутгаас ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа. Одоогоор нийт хичнээн иргэд хамрагдаад байна вэ?

-Дээрх дурдсан тооцоололд үндэслэн, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу ажиллаж, ХӨСҮТ-д 200, УХТЭ-т 250, ЦТЭ-570, ОБЕГ-ын сургалтын төв- сувилалд 120, Асралт мед эмнэлэгт 100, БХЯ-ны харьяа Бага баян дахь амралтын газрын 200 орыг чөлөөлж, сэжигтэй тохиолдол болон ажиглалтад байгаа тохиолдлуудыг хянаж байна.

Бид нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 783 хүнийг ажиглалтад авч, хянасан. Одоогоор улсын хэмжээнд 413 хүн ажиглалтад байна.

Мөн сэжигтэй тохиолдол гэж нийт 250 хүнийг тусгаарлан, шинжилгээ хийсэн. Одоо байдлаар долоон хүн тусгаарлан, хянагдаж байна.

-Тусгаарлагдсан иргэдээс янз бүрийн шаардлагууд тавьж байгаа. Үүнд ЭМЯ ямар байр суурьтай байгаа вэ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Бид БНСУ, БНХАУ, Япон, Итали, Иран улсаас ирсэн иргэдийг ямар нэгэн зовиур илрэхгүй байсан ч 14 хоног тусгаарлан ажиглалтад авч байгаа. Ихэнх иргэд бидний өгч байгаа зөвлөмж, санамж, сэрэмжлүүлгийг биелүүлж, эрүүл мэндийн салбарынхантай хамтарч байгаа.

Гэхдээ зарим нэг иргэд өрөө тасалгаагаа голох, эмч мэргэжилтнүүдийг доромжлох, гадаадаас авч ирсэн архиа уух, тамхи татах гэж уурлах, хоорондоо зодолдох, эмчид үзүүлэхгүй байх, биеийн халуун эрүүл мэндийнхээ талаарх мэдээллийг өгөхгүй зохион байгуулалттайгаар эсэргүүцэх, мэдээллээ өгөхгүй байх зэрэг хүндрэл учруулах явдал гарч байгааг хэлье. Мэдээж, иргэд цочирдож байгаа байх. Гэхдээ бухимдлаа эмч мэргэжилтнүүдэд гаргаж болохгүй. Нэг иргэний хариуцлагагүй үйлдэл улс оронд ямар их аюул хохирол учруулж байгааг бид зарим орны сургамжаар харж байна.

Иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа нь түүний эрүүл мэндийн хамгаалж, гэр бүл үр хүүхэд хайртай бүхнийг нь халдвараас сэргийлж байна. Цаашлаад Монгол эх орны аюулгүй байдал яригдаж байна. Ийм үед иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Бид аливаа зөрчил гаргаж байгаа иргэнд байдлыг тайлбарлаж ойлгуулж байна. Үнэхээр боломжгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагуудад мэдээлж байгаа. Иргэдийг тусгаарлан хянах, ажиглалтад авахад манай салбарын эмч, мэргэжилтнүүд үр хүүхэд гэр бүлээ орхиод тусгаарлагдан иргэдтэй хамт тусгаарлагдаж, ажилладаг гэдгийг иргэд мэдэж байгаа байх аа.

-Коронавирусийн шинжилгээг манай улс авч буй. Сорьц бүрийг шинжлэх боломж бололцоо байгаа юу. Хэр баталгаатай гэж та бүхэн үзэж байгаа вэ?

-Анх Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнтэй холбогдож, 200 ширхэг оношлуурыг анх авч коронавирусийн оношилгоог шуурхай хийсэн. Дараа нь мөн төвөөс 1000 ширхэг, ДЭМБ-ын шугамаар 3000 ширхэг оношлуурыг хүлээн авч, оношилгоог хийж байна. Одоо бид түргэвчилсэн оношлуурыг авах талаар ОХУ, БНСУ-д хүсэлт илгээгээд ажиллаж байна. ХӨСҮТ-ийн вируслогийн лаборатори нь дэлхийн 120 орны лабораторийн сүлжээнд холбогдсон. Шинжилгээг Австрали, Япон, Хонконг улсад баталгаажуулдаг.

Коронавирус илрүүлэх шинжилгээг манай лаборатори хийгээд интернэт-сүлжээгээр Японы ХӨСҮХ-гийн лабораторид давхар хянуулж байгаа. Мөн бид нийслэлийн дүүрэг, лавлагаа төвүүдэд уушгины хатгалгаа оноштой эмчлэгдэж байгаа 60 тохиолдлыг санамсаргүй түүвэрлэлтээр түүж, коронавирус илрүүлэх шинжилгээг хийсэн. Тэдэнд нянгийн болон улирлын томуугийн вирус илэрсэн. Коронавирус илрээгүй. Манай улсад коронавирусийн халдвар илрээгүй.

Categories
мэдээ цаг-үе

МҮХАҮТ: Жижиг, дунд бизнесийнхэнд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна

Коронавирусийн тархалт дэлхийг сандаргаж буй энэ өдрүүдэд цэнхэр гаригийн эдийн засаг бүхэлдээ таагүй нөхцөлтэй нүүр тулаад байна. Манай улсын хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд илүү хүнд ачаа ирээд байгаа юм. Бизнес эрхлэгчдийн өмнө тулгарсан асуудлын нэг нь зээлийн хүү болон эргэн төлөлт. Зээлийн хүүг тэглэж, эргэн төлөлтийг хойшлуулах боломж байгаа юу, засгаас хувийн хэвшлийнхэнд үзүүлэх ямар боломжууд байна вэ гэсэн асуултад хариу хайж МҮХАҮТ-ын удирдлагуудад хандлаа.


О.Амартүвшин: ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ХАНДАНА

Хувийн хэвшлийнхэнд засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх ямар гарц, гаргалгаанууд байгаа талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-Коронавирусээс үүдсэн хөл хорио жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүндээр нөлөөлж байна. Жижиг, дундууд эдийн засагт хэр нөлөө үзүүлж, жин дардаг вэ?

-Шилдэг 150 компани нийт эдийн засгийн бараг 90 хувийг бүрдүүлдэг. Харин жижиг, дунд үйлдвэрүүд эдийн засгийн арван хувийг бүрдүүлдэг юм. Гэхдээ жижиг, дундууд нийт ажлын байрны 70-80 хувийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, сая нэг зуун мянган хүнийг ажилтай орлоготой аж төрүүлдэг. Тэр утгаараа улс орнууд хамгийн түрүүнд жижиг, дунд үйлдвэрийн ажлын байрыг хамгаалахад анхаарч байна.

-Дэлхийн улс орнууд жижиг, дундуудаа яг яаж дэмжиж байна?

-Эдийн засгийн чадалтай том улсууд жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ түрээс болон банкны хүүг нь төлж, урт хугацаатай хүүгүй шахуу зээл олгож байна. Ажлын байрыг хадгалах нь бүгдээс чухал учраас тэр л дээ. Ажилгүйдэл гаарвал эдийн засаг, нийгэмд үүсэх хохирол нь асар том болохоор жижиг, дундуудаа онцгойлон дэмжиж байна. Тэр олон компани дампуурвал ажлын байр байхгүй болно. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал төлөх гэсэн ойлголт үгүй болно. Ер нь ажлын байрыг хадгалж үлдэх нь нийгэм эдийн засгийн асуудлууд хэвийн үргэлжлэх суурь нөхцөл л дөө.

-Танхимын зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжсэн ямар гарц гаргалгаа, шийдлийг Засгийн газарт санал болгох гэж байна вэ?

-Бид энэ асуудалд тодорхой үе шаттайгаар хандаж байгаа. Нэн яаралтай авах арга хэмжээ гэвэл стратегийн арван зургаан нэрийн хүнсээ таслахгүй байлгах. Үйлдвэрлэгч, импортлогчидтой хоёр удаа уулзалт хийлээ. Сүүлийн уулзалтад УИХ-ын дарга, Монгол банкны ерөнхийлөгч оролцсон. Гол нэрийн арван зургаан төрлийн хүнсээ тасалдуулахгүй, үнийг нь хөөрөгдөхгүй байх чигт яаж анхаарах тухайгаа ярилцлаа. Энэ тал дээр компаниуд үүргээ ухамсарлаж, Засгийн газар анхаарах зүйлсээ сонссоноор уулзалт өндөрлөсөн. Цагаан будаа, элсэн чихрийг гаднаас импортолдог. Эдгээр бүтээгдэхүүний татварыг гурваас зургаан сараар хойшлуулах тухай асуудлыг ярьж байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаагийн нэг илрэл гэж хэлж болно. Монголбанкны тухайд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг хойшлуулах гэх мэт асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Үндсэн зээл төлөлттэй холбоотой хүндрэл үүсэхэд тухайн банк зээлийн бүтцийг нэг удаа өөрчлөх эрхтэй байдаг. Зээлийн бүтцийг хоёр удаа өөрчлөх асуудлыг ярилцаж үзье гэсэн байр сууриа төв банк илэрхийллээ.

-Монголбанк бодлогын хүүгээ огцом буулгах хэрэгтэй гэсэн санал гаргасан эдийн засагчид бий. Таны сая онцолсон уулзалтын үеэр энэ асуудлыг хөндсөн үү?

-Хөндсөн. Бодлогын хүүг огцом буулгах чиглэлээр төв банкнаас шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлт байна.

-Түрээслэгчид түрээсээ төлж чадахгүй байгаа юм билээ. Тэд танхимд хандсан уу?

-Өнөөдөр (өчигдөр) хандлаа. Танхимын зүгээс нөгөөдөр (маргааш) түрээслэгчидтэй уулзах гэж байна. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд асуудал үүсээд байна. Тодотгож хэлэхэд гэрээ хэлцлүүд нь хангалтгүй байна. Түрээслэгчдийн хувьд түрээслүүлэгчийн давуу эрхийн дор хийгдсэн гэрээнд гарын үсэг зурчихдаг хандлага нийтлэг анзаарагддаг. Тэдний хооронд үүсээд байгаа гол шалтгааны нэг нь энэ.

-Нэг талд үйлчилсэн гэрээ байгуулчихдаг гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.

-Түрээслэгчдийн асуудлыг шийдэх хууль зүйн гарц гаргалгаа байна уу?

-Хамгийн гол нь тэд хоорондоо ойлголцох хэрэгтэй. Мэдээж бүгд ашиг олохын төлөө ажиллаж байгаа. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл үүсч байгаа тохиолдолд ганцаараа ашиг олох нь ёс зүйгүй үйлдэл шүү дээ. Зардлаа харилцан хуваалцах хэрэгтэй. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёулаа эрсдэлээ тодорхой хэмжээгээр хувааж үүрэх гэсэн гарц бий. Байж болох хамгийн сайн хувилбар бол түрээсийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөх. Ойлголцоод түрээсээ бууруулна гэдэг л хамгийн зөв зам. Сайн жишээнүүд дуулдаад эхэллээ. Түрээсийн төлбөрөө 60, бүр 100 хувь чөлөөлсөн зах байна. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ч COVID-19 вирус дэгдсэнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр гэсэн асуудал бий. Хорио цээр тогтооно гэдгийг гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй. Талуудын хяналтаас гадуур зүйл. Гэрээний аль нэг талаас үл хамаарах давагдашгүй хүчин зүйл тул түрээсийн төлбөрийн үүргийн хувьд хоёр янзын эрх зүйл үр дагавар үүсч байна. Түр зогсоосон, хориглосон бол түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх гарц бий. Тодруулж хэлбэл байр талбайн түрээсийн гэрээний зориулалт нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон үйл ажиллагаануудад хамаарч байвал Иргэний хуульд заасанчлан хөлс төлөхөөс татгалзах эрх байгаа. Өөрөөр хэлбэл түрээсийн төлбөрийн үүргээс бүрэн чөлөөлөгдөх эрхтэй. Хоёрдугаарт хязгаарласан, дам нөлөөнд өртсөн тохиолдолд түрээсийн төлбөрийн хугацааг хойшлуулах, хариуцлагаас чөлөөлөгдөх гарц бас байгаа. Мөн л иргэний хуулиар шийдэгдэх асуудал.

-Нийслэлийн Засаг даргын захирамж зарим үйлчилгээг тас хорьсон. Энэ шийдвэрээс болж зарим үйлчилгээ эрхлэгч орлогогүй болж, ажилчид нь цалингүй амьдарч байгаа. Бизнесгүй, ажилгүй болсон иргэд зээлээ төлөх аргагүйд хүрлээ. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид мэдээж сэрэмжлэх ёстой. Дэлхийг айлгасан аюултай өвчнөөс сэрэмжлэхээс аргагүй. Гэхдээ хэтэрхий туйлшрах хандлага анзаарагдаж байна. Сүүлдээ бүр зарим аймаг согтууруулах ундааны борлуулалтыг бүтэн сараар хорьж эхэллээ. Хөл хорио нэг талдаа зөв ч нөгөө талдаа эдийн засагт хор хохирол ихтэй. Ер нь хориглох нь хамгийн амархан арга. Өөр гарц шийдлүүдийг эрэлхийлэх хэрэгтэй. Хорио цээр дээр учиртай хандах хэрэгтэй. Байдал ямар хэцүү болсныг ойлгож байгаа ч бүгдийг тас хорих нь зөв гарц биш. Цагийн хуваарийг нь өөрчлөх гэх мэт олон арга бий.

-Танхимын зүгээс Засгийн газарт ямар саналууд тавих гэж байгаа вэ?

-Компаниудын өмнө тулгарсан гурван асуудал байна. Түрээс, банкны хүү буюу үндсэн зээлийн эргэн төлөлт, нийгмийн даатгалын асуудлууд. Компаниуд ажилчдынхаа цалинг тавих нь тодорхой. Тэр болгонд нийгмийн даатгалын шимтгэлийн зардал шууд үүсч байгаа. Томоохон компаниудын хувьд хэвийн төлөөд явах ч дунд болон жижгүүд төлж чадахгүй байна. Төлж чадахгүйд хүрэхээр нь манайхны хэрэглэдэг арга ойлгомжтой байдаг. Дансыг нь хааж, хүү, торгууль алданги тавиад эхэлдэг. Ядаж ийм захиргааны шинжтэй зүйлүүдээ болиоч ээ гэсэн хүсэлт саналыг Засгийн газарт тавина. Үйл ажиллагаа нь эргээд хэвийн болвол төлж л таарна. Саалийн үнээгээ алаад идчихэж болохгүй гэдэгтэй л агаар нэг асуудал шүү дээ. Өнөөдөр чи үүргээ биелүүлсэнгүй гээд хаагаад, хориод, торгоод байвал дараа нь хэн тэр мөнгийг нь бүрдүүлэх юм бэ гэдэг асуудал үүснэ.

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд урт хугацааны хямд зээл хэрэгтэй байгаа. Энэ чигийн хүсэлт тавих уу?

-Тавина. Жижиг, дунд үйлдвэрлэлээ хямд, урт хугацааны эх үүсвэрээр санхүүжүүлж дэмжээч гэдэг асуудлыг хөндөнө. Ажлын байрыг хадгалахын тулд ингэхээс өөр гарц байхгүй. Нэг зүйлийг нэмж хэлэхэд өөрсдөө үйлдвэрлэгч болох талд танхимын зүгээс түлхүү анхаарна. Манай импортын барааны 30 хувь Хятадаас хамааралтай. Урд хөршөөс гадна Тайланд, Зүүн өмнөд Ази, Орос, Европоос хүнсний бүтээгдэхүүнүүдээ импортолдог. Чадах зүйлээ дотооддоо үйлдвэрлэе гэж зорьж байна. Гол нэрийн бүтээгдэхүүнүүд дээр боловсруулах үйлдвэрүүдийг цаг алдалгүй байгуулах санаачилгыг танхимаас эхлүүлье гэж байгаа. Даатгалын салбараа хөгжүүлэх хэрэгтэйг коронавирус ойлгуулж байна. Та бид хоёрын яриад суугаа энэ асуудлууд уг нь даатгалаар шийдэгдчихээр зүйл л дээ. Даатгал эрсдэлийг бууруулах учиртай үйлчилгээ. Бусад улсууд шиг богино хугацаанд асуудлыг шийдэх эрсдэлийн сангууд манайд алга. Үндэсний баялгийн сан гэж яриад суугаа зүйлээ хурдан эхлүүлэх хэрэгтэй. Нэг талаасаа үндэсний зөвшилцлийг эхлүүлэх боломж үүсээд байна л даа. Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчиллаа. Монголчууд хамгийн түрүүнд сэтгэл санааны дэмжлэг, эв санааны нэгдлээ харууллаа. Зөвхөн Хятад төдийгүй дэлхийн улс орнууд биднийг магтаж сайшааж байна. Монголчуудын хувьд энэ бол маш том үүрэг. Үүн дээрээ дөрөөлөөд том бүтээн байгуулалтууд өрнүүлээд явбал улсын эдийн засаг илүү сайн хөгжих боломж бүрдэнэ. Танхим богино, дунд, урт хугацааны гэсэн гурван төлөвлөгөөг Засгийн газарт хүлээлгэж өгнө. Бид нэгэнт хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн загварыг сонгочихсон. Одоо үүнийгээ бодитойгоор хэрэгжүүлэх боломж бүрдлээ гэж харж байна.

Т.Дүүрэн: ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТЭГЛЭХ ЭСЭХ НЬ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДЭЭС Л ШАЛТГААЛНА

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгээс хөл хорио тогтоосон хугацаанд зээлийн хүүг тэглэх ямар боломж байгааг тодруулсан юм.


-Зээлийн хүүг тэглээд, хугацааг нь хойшлуулах ёстой гэсэн саналыг жижиг, дунд үйлдвэр, компаниуд тавьж байна. Үүн дээр ямар гарц харагдаж байна вэ?

-Ажилгүйдэл газар авна. Хувийн хэвшил сая нэг зуун ажлын байр бий болгодог. Том компаниудын хувьд удаан жил түншилсэн банктайгаа хэлэлцээр хийгээд асуудлаа шийдчихнэ. Гэтэл 1-1.5 сарын эргэлтэн дээр тогтдог жижиг дунд үйлдвэрүүд, гуанз ресторан, цайны газрууд буюу үндсэн ажлын байрыг бий болгож буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орж байна. Ихэнх нь хувьдаа машин, орон сууцны лизингтэй. Үүнийгээ сар сарын хугацаатай төлдөг байсан бол одоо орлогогүй болчихлоо. Банк зээлээ нэхэх нь тодорхой.

Эргэлтийн хөрөнгө нь гацчихлаа, цаашдаа бүр эргэлтийн мөнгө ч үгүй болох эрсдэл бий. Эргэлтийн хөрөнгөгүй болсон бизнес эрхлэгчид үндсэн хөрөнгөө зарж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засагт гацаа үүсчихээд байна. Энэ гацааг дахиад нэг сар сунгавал хүмүүс тэсэхгүй. Энэ гацааг хэн нэгэн тайлах ёстой. Үүнийг бид хамтын хүчээр тайлахаас аргагүй.

Ер нь бүгд л тодорхой хэмжээний эрсдэл хүлээнэ.

-Хамтын хүчээр шийдэх ямар гарц байна вэ?

-Монгол Улс чөлөөт эдийн засагт шилжсэний дараахь 30 жилийн хугацаанд анх удаа ийм давагдашгүй зүйлтэй тулгарч байна. Эдийн засаг бол хүмүүс хоорондын л харилцаа. Эдийн засаг наймаан дээр л тогтож байгаа. Хүний харилцаа учраас хүмүүс хоорондоо тохирохоос аргагүй. Бизнес эрхлэгч, түрээслүүлэгчид алдагдлаа хүлээе. Тэдэнд мөнгө гаргаж өгч байгаа банк тодорхой хэмжээгээр алдагдлаа хүлээе. Нэмэлтээр ямар зардал гарах шаардлагатайг нарийн тооцоод төр засаг байгаа хөрөнгөө цаг алдалгүй гаргах хэрэгтэй. Ийм дөрвөн түвшинд эрсдлээ хуваая. Төр засаг анхаарах ёстой гээд шууд төр засаг руу дайрах ч юм уу хүүгээ бууруулах ёстой гэж банкуудыг шүүмжлэх нь өрөөсгөл хэрэг. Банкны цаана төр засаг бэлэн байна гэдгээ илэрхийлчихсэн. Компаниуд эрсдэлээ хүлээж авахаа ойлгож байгаа. Харин банкуудын тайлбарлаад байгаа зүйлийн цаана хадгаламж эзэмшигчид бий. Өөрөөр хэлбэл хадгаламж эзэмшигчидтэйгээ, нийт ард иргэдтэйгээ хамт эрсдлийг хувааж үүрэх учиртай болж байна.

-Хадгаламж эзэмшигчид хадгаламжийнхаа хүүг хөл хорионы хоёр сарын хугацаанд авахаасаа татгалзвал зээлийн хүүний асуудал шийдэгдэнэ гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Хоёр сарын хугацаанд зээлийн хадгаламжийн хүүнээсээ татгалзахад болохгүй юм байхгүй. Жишээ нь, би хүүхдийнхээ нэр дээр хорин сая төгрөг хадгалуулсан. Хадгаламжийнхаа хүүнээс татгалз гэвэл татгалзана. Яг энэ санааг үндэсний хэмжээнд ярих цаг болсон. Эвтэй бол хүчтэй гэсэн философиор л бид энэ эрсдэлийг давж гарна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Улаанбуудайны 20 хувийг “хорооноо вирус” зооглочихсон болж байна уу?” хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаргийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Корорнавирусын халдварын тархалтаас болж таг зогссон байсан нүүрсний экспорт сэргэж эхэлжээ. Энэ тухай нийтлэлийг нэг, 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвтэй хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Н.Гантулгын “Улаанбуудайны 20 хувийг “хорооноо вирус” зооглочихсон болж байна уу?” нийтлэл хэвлэгдлээ.

Сэлэнгийн аварга шалгаруулах барилдааны үеэр аймгийн цолтой бөх дэвжээн дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ тухай Баримт, үзэл бодлын долдугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

НИТХ-ын mөлөөлөгч, Инженерийн шинжлэх ухааны доктор Ц.Байгалмаатай хийсэн ярилцлагыг наймдугаар нүүрнээс, “Охидын түүх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхантай ярилцсаныг 12 дугаар нүүрнээс, Олон улсын уулын холбооны дэд ерөнхийлөгч Б.Золжаргалын яриаг 13 дугаар нүүрнээс тус тус уншиж сонирхоорой.

Түүнчлэн баасан гаргийн уламжлалт “Нэг ангийнхан”, “Ном ярьж өгье”, “Хүүхдийн ертөнц” булангууд өнөөдрийн шинэхэн дугаарт нийтлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Мугийг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Мугийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаг үеийн асуудалтай (COVID-19) холбогдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа иргэдийн талаар мэдээлэл өгч, тухайн улсын иргэдийн виз олголт, сунгалт, зорчих хөдөлгөөний асуудлаар харилцан санал солилцлоо.

Монгол Улсын иргэн БНСУ-д зорчих виз мэдүүлэн, виз олгогдсон тохиолдолд тухайн виз мэдүүлэгчийн гадаад паспорт дээр визний хаалтыг нааж олгодог байсан бол “БНСУ-д зорчих визний наалтын тогтолцоо” нь цаашид хүчингүй болж, виз олгогдсон ч гадаад паспорт дээр визний наалт наахгүйгээр “Виз олгогдсон тодорхойлолт”-ыг хэвлэж, гадаадын паспортын хамт олгох ажлыг зохион байгуулж буй талаар мэдээлэл өглөө. Мөн виз олгохоос татгалзсан тохиолдолд, гадаад паспортын арын хуудсанд татгалзсан тамга дардаг байсан тогтолцоог халж байгаа талаар дурдсан юм. Дээрх өөрчлөлтийг энэ сардаа багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар коронавирусийн талаар мэдээлэл сонсож, чиглэл өглөө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Covid-19 вирусийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Мэдээллийн эхэнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар танилцуулга хийсэн юм.

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа. Энэ үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ёстой зарим хороо, комисс хуралдахгүй байгаа нь хүндрэл учруулж байгааг хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн цахим үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод, холбогдох байгууллагуудтай хамтран хөрш улсуудтай худалдааны хэлэлцээ хийх, экспортыг нэмэгдүүлэх, алт болон ноолуур хөтөлбөрийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарт даалгалаа.

Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байгааг хэллээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй. Харин танхимын зүгээс гаргасан саналд тусгагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих ваучер хэлбэрээр тараах боломжийг судална. Энэ нь эдийн засгаа дэмжиж байгаа нэг арга юм” гэв.

БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлт нь манай улсын эдийн засагт 4-6 сарын дараа нөлөөлдөг бөгөөд 2011-2012 оны хооронд тус улсын эдийн засаг 1,4 хувиар буурахад худалдааны хориг, нүүрсний экспортоос шалтгаалан Монголын эдийн засаг 5,2 хувиар буурч байсан. Covid-19 вирусийн эдийн засагт учруулах нөлөөлөл нь 2003 оны САРС-ын үеийнхээс ч өндөр байх магадлалтай учир даатгал, эрсдэлийн сан хөгжөөгүй манай улсын хувьд ажлын байрыг хадгалах, төсөвт тодотгол хийх, татвар хураамжийг түр хугацаагаар хөнгөлөх, хойшлуулах, чөлөөлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг авах нь урт хугацаандаа ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Шинэ коронавирусийн халдварын тархалттай холбоотой Монгол Улсын хүн амыг хүнсний хомсдолд орохоос сэргийлэх зорилгоор арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн махыг бэлтгэсэн. Өнгөрсөн онд 4,000 тонн мах нөөцөлж байсан. Энэ жил гурав дахин нэмэгдсэн. Гурваас долоодугаар сарын хугацаанд сар тутам 3,000 тонн буюу өдөрт 100 тонн мах нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэгдэнэ гэсэн үг.

Нөөцийн махны үнэ хямд байгаа. Тасалдал гарах эрсдэл тун бага. Үүнийг дагаад махны үнэ тогтворжино. Нөөцийн махыг 279 цэг, дэлгүүрээр худалдаална.

Манай улсын гурилын жилийн хэрэгцээнд 300 мянган тонн буудай шаардлагатай байдаг. Бид өнгөрсөн онд 246.4 мянган тонн улаан буудай хүлээн авсан. Энэ нь жилийн хэрэглээний 80 хувийг хангах нөөц юм. Хэрэгцээгээ бүрэн хангахын тулд бидэнд 60 мянган тонн чанарын шаардлага хангасан буудай хэрэгтэй. Хил гааль, экспорт, импорт хязгаарлагдаж байгаагаас 100 мянган тонн улаан буудай импортлох ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар гурилын 3 сарын нөөц байна. Гурилын үнэ харьцангуй тогтвортой буюу 1,180-1,527 төгрөгийн хооронд байна.

Цагаа будаа, элчин чихэр, ургамлын тос 100 хувь импортоор оруулж ирдэг учраас нөөц бүрдүүлэх боломжгүй байна. Одоогоор цагаан будаа 1,5 сарын, элсэн чихэр 3,5 сарын, ургамлын тос 1,6 сарын нөөцтэй байна.

Хүнсний болон үрийн улаан буудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.

Сүүний хэрэгцээг тооцвол жилд 154.8 мянган тонн шингэн сүү хэрэглэдэг. Үүний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээс зуны улиралд хангадаг. 4,000 тонн хуурай сүү импортоор оруулж ирэхээр төлөвлөсөн байсан. Өнгөрөгч 2 дугаар сард болсон Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар нэмж 2,000 тонн сүү импортлохоор болсон.

Мөн дээр нь ариутгалын бодисын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор техникийн спиртийн хэрэгцээ нэмэгдсэн. Тиймээс техникийн спирт үйлдвэрлэх зорилгоор 10 мянган тонн улаан буудайг импортоор авах шийдвэр гаргасан.

Харин ЖДҮХС-гаас гуравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгнийг хүртэл зээлийн хүүгээс чөлөөлөх, алданги тооцохгүй байх шийдвэр гаргасан.

Дээрх арга хэмжээнүүдийг авснаар мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй. Гэхдээ цаашид нэг улирлын хугацаагаар тооцож стратегийн нөөц бүрдүүлэх шаардлагатайг одоогийн нөхцөл байдлаас харж болно. Үүний тулд 480 тэрбум төгрөгийн санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болно.

Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрүүдийг хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаад талархалтай байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монголбанкны хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлж болох салбар, гадаад улс оронд ямар нөхцөл байдал үүсэж байгаа талаар ярилцлаа.

Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төвбанкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0.5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм.

Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болно гэж үзэж байна.

ДЭМБ-аас бэлэн мөнгө коронавирусийн халдвар тараадаг байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Тиймээс цаасан дэвсгэртийн хэрэглээг бууруулж, шинэ вирусийн тархалтын эрсдэлээс сэргийлэх, цахим золголтыг дэмжих зорилгоор банкны гүйлгээний шимтгэлийг 0 болгох шийдвэрийг гаргасан.

Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад нийлүүлдэг мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна.

Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа. Одоогийн байдлаар 4,3 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Монгол Улсын Төвбанкны гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар дөрвөн тэрбум ам.доллар байсан. Төвбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн, 2019 онд 15.1 тонн үнэт металл худалдан авалт хийсэн бол 2020 оны эхний 2 сарын байдлаар 4 тонн үнэт металл худалдан авсан. Дэлхийн зах зээл дээр ч алтны ханш өсөлттэй байгаа. Оны эхний байдлаар долларын ханш 0,9 хувиар суларч, төгрөг чангарсан. Бодит байдал дээр төгрөгийн доллартай харьцах ханш чангарч байгаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:

-Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,100 аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна.

Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57,7 хувь буурсан, 40,1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14,5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулжээ.

Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа. МҮХАҮТ-ийн зүгээс эдийн засгийн эрсдэлийг удирдах 5 чиглэлийн 20 саналаа албан ёсоор УИХ-ын даргад өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

УОК: Хандивын 240 сая төгрөгөөр зүрхний шигдээс эмчлэхэд зориулж, амьсгалын хоёр аппарат авлаа

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж” байгууллаа. “Зүрхний шигдээсийн нэгж”-ийн үйл ажиллагааг өнөөдөр нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүй эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгж байгуулагдаж байгаа нь нэн чухал.

“Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж, зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчлэгч бүх хүнд Улсын Онцгой Комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Дэлхий дахинд зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралт нэгдүгээрт, Монголд гуравдугаарт орж байна. Иймд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандиваас нэгж үнэ нь 120 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын хоёр аппаратыг худалдан авч өгч байна гэлээ.

Мөн Дархан-Уул аймгийн хоёр иргэний хандивласан иж бүрэн тоноглол бүхий 20 ширхэг орыг дагалдах хэрэгслийн хамт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгөв.

Зүрхний эмгэг судлалын тасаг нь 40 ортой бөгөөд ашиглалтад орж буй “Зүрхний шигдээсийн нэгж” нь 9 ортой юм. Тус нэгжийг байгуулснаар зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний титэм судсан дотуур хийгддэг нэг төрлийн нарийн эмчилгээний тусламж үйлчилгээг УНТЭ-т мөн хугацаа алдахгүй, тогтмол хийх боломж бүрдэж буй юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг хүн нэг маск

“Тунараа-Аз жаргалын төв”-ийнхөн энэ долоо хоногт “Нэг хүн нэг маск” аян зохион байгуулжээ. Дэлхий даяар коронавирусын халдвар айдас төрүүлж байгаа энэ үед хүн болгон маск буюу амны хаалт хэрэглэхийг чухалчилж байгаа. Тэр хэрээр ч амны хаалтны олдоц муудаж, үнэ нь өсч буй. Тэгвэл “Тунараа-Аз жаргалын төв” 1000 хүнд нэг удаагийн маск бэлэглэлээ.

Тус төвийнхөн “Монголчууд бид цөөхүүлээ. Бие биенээ хайрлах ёстой. Олон хүн сэтгэлээ нэгтгэсэн сайхан ажил боллоо” гэсэн юм. “Тунараа-Аз жаргалын төв” нь бясалгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр халдвар тархахаас сэргийлэн олон нийтийн сургалт, хичээлийг хориглоод байгаа ч тэд онлайнаар мөн сургалт явуулж байгаа юм.

Ийнхүү бясгалгалаа онлайнаар явуулах нь хорио цээрийн энэ үед иргэдийн сэтгэл зүйг тайван байлгах зорилготой бөгөөд хүмүүс ч талархан хүлээж авч байгаа гэнэ. Тус онлайн сургалтад хүссэн хэн ч хамрагдаж болох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Одонтой ээжүүд хандивын аянд нэгдлээ

Дэлхий дахинд дэгдээд байгаа шинэ коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас 45 сая төгрөгийн өртөг бүхий бараа материалыг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өглөө.

Тус холбоо нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр “Алдарт эхийн одонт 1000 ээж”-ийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Харин энэ жил аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх галын голомтод ажиллаж байгаа 1000 төрийн алба хаагчдад сэтгэлийн дэм болгож, баярлуулахаар ээжүүд энэхүү аянд нэгдэж байгаагаа энэ үеэр онцолсон юм.

Мөн эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны боловсролын байгууллагуудыг уриалан, “Монгол Улсын анхны цахим сургууль”-Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн 235 багш, ажилчид нэг өдрийн цалин болох 7,7 сая төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Монголд хууль бусаар оршин сууж байсан иргэнийг шилжүүлэн авав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дөрвөд хошууны Улаанхуагийн нутагт хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г-г БНХАУ-аас албадан гаргуулах хүсэлтийг Гадаад харилцааны шугамаар ирүүлсний дагуу хоёр улсын хил хамгаалах байгууллагууд хэлэлцэн энэ сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлээ. Тухайн иргэнийг хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллан биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн мэдүүлэх хуудсаар мэдүүлэг авч тандалт хийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад шилжүүлээд байна.