Categories
мэдээ нийгэм

Шар өвс шатаавал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно

Нийслэлийн Онцгой байдлын газарт зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага ихсэх хандлагатай байна.

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт коронавирусийн шинжилгээ, оношилгоог хийх боломжтой боллоо

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдэж буй COVID-19 халдварын сэжигтэй тохиолдлуудад ХӨСҮТ дангаараа шинжилгээ хийж байсан бол Дархан-Уул аймагт мөн коронавирусийн шинжилгээ, оношилгоог хийх боломжтой болжээ.

Ажилтнуудыг сургаж, оношлуурыг хуваарилснаар хойд хилээр орж буй сэжигтэй тохиолдлуудад шинжилгээ хийж, ХӨСҮТ-ийн ачааллыг хуваалцах, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талыг бий болгож байгаа юм.

Мөн Ховд, Дорнод аймгийн лабораторийг ХӨСҮТ-ийн Төв лабораторитой адил хүчин чадалтайгаар зохион байгуулахаар бэлдэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах тусгай зориулалтын машин техникийг халдваргүйтгэлд ашиглаж байна

Нийслэлийн онцгой комиссын 03 сарын 27-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникийг ариутгал халдваргүйтгэлийн ажилд энэ амралтын өдрүүдэд дайчлан ажиллахаар болсон. НОБГ-аас гаргаж буй тусгай зориулалтын машинуудаар өнөөдөр 62,6км гудамж талбайд халдваргүйтгэл хийнэ.

Мөн Нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй халдваргүйтгэлийн ажил 03 сарын 17-ны өдрөөс зориулалтын 7 машин техник, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж ажиллаж байна.

Өнгөрөгч 3 өдөр гадна орчин хасах температуртай байсан тул түр завсарласныг үргэлжлүүлж хуваарийн дагуу Баянзүрх дүүрэгт ажиллана. 14 аж ахуйн нэгжээс гарч буй халдваргүйтгэлийн гар төхөөрөмжтэй бригадууд нь машин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомийн талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохидол ихтэй булан тохой, Үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад 4 сарыг дуустал тасралтгүй хийхээр төлөвлөж байна.

Ариутгал, халдваргүйтгэлийн ажил нь нийслэлийн хэмжээнд явган халдваргүйтгэлийг бүтэн 2 удаа, машин техникээр бүтэн 3 удаа тус тус хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх вэ?

Өрх гэрт

  • Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
  • Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг 1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлэх
  • Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
  • Ахуйн бээлий хэрэглэх.

Албан байгууллагад

  • Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна хийнэ)
  • Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
  • Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгэх.

Нийтийн тээврийн хэрэгсэлд

  • Нийтийн тээврийн хэрэгсэлд эцсийн буудалд зорчигчид буусны дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
  • Тээврийн хэрэгслийн гадна, дотор хэсэг, суудал, шал, хаалганы бариул, жолооны хүрд гэх мэт хүний гар хүрэх бүх гадаргууг 0.015%-ийн жавелион, хлорсепт, ус төрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар арчих эсвэл шүршинэ. Шүршсэн тохиолдолд 1 цагийн дараа арчиж цэвэрлэх
  • Тээврийн хэрэгсэлд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодис байрлуулах
  • Цонх нээж агаар сэлгэлт 5-10 минут хийсний дараа зорчигчдыг суулгах
  • Жолооч амны хаалт зүүнэ.

АНХААРАХ:

  • Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
  • Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
  • Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй
Categories
мэдээ нийгэм

ГХЯ: БНСУ-руу зорчих иргэд апликейшн татаж авах шаардлагатай

ГХЯ: БНСУ-руу зорчих иргэд апликейшн татаж авах хэрэгтэй

БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтыг тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлагатай байгааг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

Харин онгоцонд суухын өмнө Солонгос Улсаас гаргасан эрүүл мэндийг хянах буюу “Self diagnosis” апликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байх /Google store, App store-с татан авах/ шаардлагатай.

БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд өдөрт нэг удаа /тухай өдрийн 00:00 цаг хүртэл/ биеийн байдлаа ажиглан, COVID-19 халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг апликейшний Yes/No хэсэгт заавал тэмдэглэж оруулна. Хяналтын хэсгийг бөглөөгүй тохиолдолд “Call Center”-ээс утсаар таны мэдээллийг авах бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд байршил тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг анхаарна уу.

  • Биеийн халуун 37.5-аас дээш,
  • Ханиалгах,
  • Хоолой өвдөх,
  • Амьсгал давчдах зэрэг шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд “Self-diagnosis” апликейшнд заавал мэдээллээ оруулж 1339 тусгай дугаар руу залгах эсвэл өөрт хамгийн ойр байрлах эрүүл мэндийн төв, урьдчилан хянан тандах бүсэд хандах хэрэгтэй.

“Self-diagnosis” апликейшнийг хэрэглэх заавар, сүүлийн хувилбар мөн эсэхийг хэрхэн шалгах, баталгаажуулах кодтой холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

Баталгаажилтын код авах зааварчилгаа

Код авах

Өөрийн эрүүл мэндийг хянах App шалгах зааварчилгаа (Англи хэл)

Categories
мэдээ нийгэм

Гадуур явахгүй гэрийн дэглэм сахиж байгаа иргэддээ өгөх зөвлөмж

ЭМЯ-наас гадуур явахгүй гэрийн дэглэм сахиж байгаа иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна.

• Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх

• Хүүхэддээ теле хичээл хийхэд нь туслах

• Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах

• Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах)

• Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах

• Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох

• Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах

• Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх

• Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах

• Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх

• Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах

• Өдрийн тэмдэглэл хөтлөх

• Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах

• Гэр бүлийн хүрээнд уралдаан тэмцээн зохиох

• Ургийн бичиг хөтлөх

• Гэр орноо цэвэрлэж, тавилгаа байршлыг өөрчлөх

• Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх

• Жингийн илүүдлээс сэргийлэх

• Архи, тамхинаас татгалзах

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хийхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.

Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагва: Монгол-Солонгосын харилцаа чухаг уламжлалд үндэслэн хөгжиж байна

Энэ онд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ сэдвээр солонгос судлаач, доктор Б.Лхагваатай хийсэн ярилцлагыг толилуулж байна.


-30 жил гэдэг нэг талаар урт, нөгөө талаар богинохон ч хугацаа байж болох юм. Гэхдээ хоёр улсын харилцаа хөгжлийнхөө зохих түвшинд гарч, эрч хүчээ авах, ирээдүйгээ тодорхойлоход хангалттай хугацаа болов уу. Монгол, БНСУ-ын энэ өнгөрсөн 30 жилийн харилцааг хэрхэн дүгнэж болох вэ?

-Энэ 30 жил бол Монгол, Солонгосын харилцааны идэвхтэй зурвас үе байлаа. Яагаад зурвас үе гэж хэлж байна вэ гэвэл, ерөөсөө манай хоёр ард түмэн олон зуунаар хэмжигдэх өнө эртний гүн гүнзгий харилцаатай явж ирсэн. Түүний нэг хэсэг нь энэ 30 жил. Түүхэн харилцааны арвин их үйл явдлуудын баримт сэлт элбэг бий. Үүний нэгэн жишээ бол одоогоос 800 жилийн тэртээ 1219 онд “Ахан дүүгийн харилцааны Андгай Гэрээ” байгуулж, үеийн үед өвлөн авч явахыг хойч үедээ захиж гэрээсэлсэн баримт юм. Түүнчлэн Хубилай хаан Өмнөд Сүн улсыг эрхшээснийхээ дараа хаан ор суухаар Хархорин руу 1259 онд буцах замдаа Мөнх хаанд бараалхахаар бас Хархорин руу явж байсан Солонгосын хан хүүтэй уулзахдаа “Корёо нь түмэн лигийн алс тэртээд орших агаад Тан улсын Тайзуйгаас эхлүүлээд харийнхан эзлэн эрхшээх гээд ер чадаагүй билээ. Тийм улсын хунтайж өөрийн биеэр морилон ирж буй нь тэнгэрийн таалал буй за” хэмээн бэлгэшээснээс гадна өөрөө Эзэнт гүрний хаанаар өргөмжлөгдсөнийхөө дараа Солонгостой харилцаагаа бүрэн төвшитгөж “Журам минь хэдий хаан, сайд боловч Найр ину эцэг, хөвгүүн лугаа адил бөлгөө” гэж айлтгасан байдаг.

Өнөөгийн Монгол, Солонгосын харилцаа нь ийм чухаг нандин уламжлал дээр үндэслэж урагшлан хөгжиж байгаа хэрэг. Бүр цааш нь хөөвөл хэл, соёл, үүх түүх, ёс заншил, гарвал угсаагаараа Алтайн соёл иргэншлийн угсаатны нэгэн ай төрөлд багтдаг.

-Өнгөрсөн 30 жилд хоёр улсын харилцаа өргөжиж тэлэхэд энэ уламжлал ихээхэн түлхэц үзүүлсэн нь мэдээж. Солонгосын соёлын давлагааны түрлэг Оскараас эхлээд бараг л бүх дэлхийг байлдан дагуулж буй тийм үе ч бас давхцаж байх шиг байна. Манайд ер нь Солонгосгүй юм гэж бараг байхгүй болчихлоо.

-Монгол, Солонгосын харилцаа түүхэндээ хоёр удаа л их идэвхжсэн. Эхнийх нь Пакс Монголикагийн үе. Удаах нь 30 жилийнх нь ойг тэмдэглэж буй өнөөгийн энэ үе. Долоо, найман зуун жилийн өмнөх, дараахь идэвхжил.

Эхний тэр үед тус хоёр улс, үндэстний харилцаа нь бусад улс орнуудын хооронд байгаагүй, давтагдашгүй онцгой шинжийг агуулсан байдаг. Жаахан дэлгэрүүлж хэлбэл, Монголын эзэнт гүрэн тэр үед тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хаант засаглалыг нь хөндөлгүй хэвээр нь хадгалж харилцсан хөрш цорын ганц орон нь зөвхөн Солонгос л байсан. Үүгээрээ онцгой шинжтэй. Үүнд солонгосын талын мятаршгүй тэмцэл, хоёр талын зөөлөн хүчний дипломат бодлыгын ур ухаан голлон нөлөөлсөн болов уу.

Тэгээд зогсохгүй төрийн ургийн барилдлага зөвхөн энэ хоёр улсын хаадын алтан ургийн хооронд бүхэл бүтэн зууны турш үргэлжилж ирж. Хубилай хааны хайртай ганц гүнж Хутагбэхээс эхлүүлээд одоо Солонгосын Кесон хотын хойх нь хос хоёр бунханд тэр үеийн Солонгосын хаан Конминий хамт нойрсож буй Монголын алтан ургийн удмын их хатан Нүнчиг, цаашлаад Тогоонтөмөр хааны солонгос хатан гэх мэтээр. Онцгой харилцаатай байсан гээд байгаагийн бас нэг тал нь энэ.

Олон өнцгийн тайлбар сэлт байдаг ч тэрхүү онцгой харилцаа нь эцсийн дүндээ улс, үндэстнийг үл ялгаварлан гадуурхах зарчмыг гол үзэл баримтлалаа болгосон Пакс Монголика гэдэг олон улсын харилцааны цоо шинэ дэг журмын доторх тусгаар тогтносон хоёр улсын харилцаа байсан гэсэн үзэл бодол судлаачдын дотор давамгайлдаг.

Энэ онцгой харилцаа нь 100 гаруй жил үргэжлэхдээ бие биенийхээ нийгмийн амьдралын бүх хүрээний хөгжил дэвшилд олон талаар нөлөөлсөн баримт бишгүй байдаг. Ер нь Пакс Монголикагийн үе бол өрнө, дорнын соёлын харилцааны их глобалчлалын үе байсан болохоор ч тэр биз. Ганц, хоёрхон жишээ хэлье. Хоёр тал усан онгоцон худалдааны товчоо нээж, Ялуу мөрний дагуу хилийн худалдааны бүс байгуулж арилжаа наймаа хийж байсны зэрэгцээгээр байгалийн гамшиг тохиолдох үед бие биндээ хүнсний тусламж үзүүлж, хэл, соёл, оюун ухаанаасаа харилцан суралцаж, Солонгосын түүх шаштирт тэмдэглэж үлдээснээр, тэр үед хөвөн тариалж бөс бараа нэхэх, дарьт зэвсэг үйлдвэрлэх , үр тарианы шинэ сорт гаргаж авах технологийг Монголын эзэнт гүрнээр дамжуулж Солонгост нэвтрүүлсэн нь ахуй, соёл, зэвсэг үйлдвэрлэлийн хөгжилд шинэ дэвшил авчирснаас гадна Солонгосын шилдэг бичээч, нийлэгчид хэдэн зуугаараа эзэнт гүрэн рүү ирж бичиг соёлын ажилд туслаж, уран барилгачид нь Юаны нийслэлд олон тооны сүм хийд, суварга босгосон тухай баримт сэлт бий.

-Та өнөөгийн Монгол, БНСУ-ын харилцааг хоёр дахь идэвжлийн үеийн эхлэл гэлээ. Тэгж үзэх үндэслэл нь?

-1990 оны гуравдугаар сарын 26-нд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтосноор харилцаа, хамтын ажиллагааны цоо шинэ хоёр дахь идэвхжлийн үе нь эхэлсэн. Үүгээр ач холбогдол нь тодорхойлогдоно. Энэ зурвас үе хэд хэдэн онцлог шинжийг өөртөө агуулдаг. Нэгд, нийт солонгос үндэстэнтэй, Солонгосын Хойгтой бүтнээр нь харилцах боломж Монголын хувьд нээгдсэн. Хоёрт, тэр үеийн Азийн социалист гэгдэж байсан орнуудаас Монгол Улс хамгийн анх ямар нэгэн болзолгүйгээр БНСУ-тай төрийн харилцаа тогтоосон улс. Үүнд тухайн үеийн нөхцөл байдлаас гадна харилцааны уламжлал, бие биендээ хандах хандлага нь бас нөлөөлсөн байж ч мэднэ. БНСУ-тай харилцаа тогтоосон улс төрийн энэ шийдвэр нь Монгол Улс Москвагийн зөвшөөрөлгүйгээр гадаад бодлогоо бие дааж явуулах болсныг харуулсан нэг тодорхой алхам болсон юм. БНСУ өнөөдөр манай маш идэвхтэй харилцаатай гуравдагч хөршийн нэг. Гуравт, нөгөө өнцгөөс нь аваад үзвэл тэр үеийн БНСУ-ын умардын бодлогын үр дүн гэж бас хэлж болно.

Өнгөрсөн гучхан жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа төсөөлшгүйгээр хурдацтай, идэвхтэй өргөжин хөгжиж ирлээ. БНСУ нь эдүгээ Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын гол түншүүдийн нэг болоод байна. Шилжилтийн хүнд жилүүдэд биднийг бүх талаар дэмжиж тусалж ирсэн.

Жилийн гадаад худалдааны эргэлт 200 сая доллар давж, 2 сая доллараас эхэлж байсан худалдаа энэ 30 жилд даруй 100 дахин өслөө. Манайд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ БНСУ-ын хилийн чанадад хийсэн хөрөнгө оруулалтын 0,3 хувийг хувийг эзэлдэг ч 1994 онд 240 мянган доллараас эхэлж, эдүүгээ 600 орчим сая долларт хүрсэн нь манай хувьд чамгүй өсөлт. Зээл, тусламж ч өсч байгаа.

Харилцааны идэвхжлээ дагаад тулгуур 30-аад гэрээ, хэлэлцээрүүд байгуулагдсанаар эрх зүйн зохицуулалтууд богино хугацаанд хангагдсан. Дээр нь бас шууд хамтын ажиллагаагүй тийм салбар, байгууллагууд гэж бараг алга.

Түүнчлэн монголчууд хамгийн олноороо хилийн чанадад оршин сууж буй улс бол БНСУ. Манай 48 мянган иргэн оршин сууж, 5000 гаруй оюутан суралцаж байна. Жилд хоёр тал руугаа 200 –аад мянган иргэн зорчиж байна. БНСУ-аас Японд жилд 5 сая, Хятад, Вьетнамд 4 сая, АНУ-д 2 сая иргэн зорчиж байгаатай харьцуулахад мэдээж энэ бол бага тоо. Гэхдээ л иргэдийн харилцаа ийм идэвхтэй байсан түүх Пакс Монголикагийн үеэс хойш манай хоёр орны харилцаанд байхгүй. Тэгэхээр идэвжлийн шинэ үе гэж хэлж бүрэн болно. Өнгөрсөн 30 жилд түр болон удаан хугацаагаар очиж ажиллан амьдрал ахуйдаа шууд оруулсан монгол иргэдийн хөрөнгө оруулалт хоёр, гурван тэрбум доллараар тоологдох их тоо гарна. Энэ нь БНСУ-аас манайд оруулсан нийт хөрөнгө оруулалтаас хэд дахин их хэмжээний хөрөнгө. Зээл, тусламж ч нэмэгдэж байгаа.

Хоёр талын харилцаатай шууд холбогдохгүй ч гэсэн тэмдэглэхгүй өнгөрч болохгүй өөр нэг чухал зүйл бол дээрх хоёр үеэс бусад үед тус хоёр улсын өөр өөрсдийнх нь хөгжил, дэвшил, бүс нутаг, дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд гүйцэтгэх үүрэг, оролцоо, нөлөө, эзлэх жин байр суурь, нэр хүнд бүхэлдээ хэзээ ч ийм өндөр байгаагүй. Тухайлбал, БНСУ эдийн засгийн хүчин чадлаараа эдүүгээ дэлхийн эхний 15-д багтаж, Их 20-д орж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн олон улсын байгууллагын гишүүний хувьд шинэ тулгар хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж үзүүлж явна. Манай Монгол Улсын хувьд 2000 он хүртэлх 80-аад жил бол үндсэндээ тусгаар тогтнолоо баталгаажуулж, хөгжлийнхөө зам руу шилжих бэлтгэлийн л үе байсан. 1990 он хүртэл гадаад харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн хязгаарагдмал явж ирсэн. Харин одоо НҮБ-ын энхийг сахиулах хүчний эгнээнд орж, донорын тусламжийн угжнаасаа гараад байна. Хамтын нөхөрлөлийн хүрээнд өөрийн гэсэн байр сууриа хэр чадлаараа бататгаж явна. Хоёр үндэстний өөрсдийнх нь энэхүү хөгжил, цэцэглэл, мандал бадрал нь өөр хоорондоо харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай үндэс суурь нь болж өгч байна.

-Монгол, БНСУ-ын харилцааны хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж болох вэ?

-Өөдрөгөөр төсөөлөгдөх болов уу. Нийгмийн ижил системтэй. Эрхэмлэх нэг үнэт зүйлтэй. Улс төрийн ямар ч асуудал байхгүй. Нэг бүс нутгийн орнууд. Бас дээр дурдсанчлан уламжлалт харилцаатай, угсаатны зүйн нэг бүлгийн улбаатай. Стратегийн эрх ашгийн уялдаатай.

Цаашдаа түншлэлийн харилцаагаа түлхүү барьж явах байх. Үндэснийх нь тулгуур эрх ашгийн үүднээс аваад үзсэн ч, дээр дурдсан хүчин зүйлүүдийг харгалзсан ч, бүс нутаг хийгээд дэлхийн геополитик, стратегид өртөх өгөгдөхүүн, нөхцөл байдал, түүнийх нь давуу болон сул тал, тулгарах сорилтууд, харилцан нөхөх чадвар зэрэг ирээдүй талаа харсан ч гэсэн тус хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн харилцааны түвшин өөд ахих болов уу. Түншлэлийн ийм шинэ орчин, орон зайн боломж ч бий. Ингэхийн тулд юуны өмнө чөлөөт худалдааны аль эсвэл худалдааны түншлэлийн гэрээ байгуулах, үндэсний аюулгүй байдлын түвшинд байнгын шууд механизм үйлчлэх бэлтгэлээ базаах хэрэг гарах байх. Харилцааны эрх зүйн зохицуулалтуудаа ч улам төгөлдөржүүлэх шаардлага гарна.

1990 онд БНСУ нь манай улстай дипломат харилцаа тогтооход тус улсын умардын бодлого чухал үүрэг гүйцэтгэсэн бол эдүгээ БНСУ манай улсыг шинэ умардын бодлогынхоо гол түншийн нэг болгож хамтын ажиллагааны шинэ стратегийг тодорхойлоод байна.

О.ОЮУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Чимэддорж: Мөрийн хөтөлбөртөө улс орныг өрөнд оруулах зүйлсийн цуглуулга бичсэн намуудыг дэмжихгүй байх хэрэгтэй

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Оксфордын их сургуулийн төгсөгч М.Чимэддоржтой ярилцлаа.


-УИХ-ын сонгууль ойртож, эрх баригчид л гэхэд мөрийн хөтөлбөрөө баталлаа. Иргэдийн зүгээс зарим санаа, оноог нь шүүмжилж байгаа ч харагдаж байна. Таны хувьд юу гэж харж байна вэ?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдэг хэрэгжүүлэх, үр дүнг нь хэмжих боломжтой хөгжлийн зорилтууд байх ёстой. Харамсалтай нь манай улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмжих ч боломжгүй, хэрэгжих ч боломжгүй хэт гоёчилсон тунхаг төдий зүйл байдаг. Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр хэдий чинээ муу байна, улстөрчдийн харизмыг сонгохоос аргагүй болдог. Энэ нь улмаар популизмыг гааруулж, ардчиллын чанарыг муутгаж байдаг зүй тогтолтой. Дэлхий нийт өмнө нь тулгарч байгаагүй шинэ сорилтуудын өмнө байна. Коронавирус нь цар тахлын хэмжээнд хүрлээ. Коронавирусийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогоо эргэн харахыг шаардаж байна. Нөгөө талаар манай эдийн засаг улам бүр глобал эдийн засгийн нэг хэсэг болон хувирч байна. Бидний гол экспортын бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдэр, ноолуур, зэс нь бүгд дэлхий нийтийг хамарсан өртгийн сүлжээний нэг хэсэг. Тийм ч учраас бид дэлхий ертөнцөөс тусдаа орших аргагүй. Энэ бол зөвхөн сонгуулийн асуудал ч биш ойрын ирээдүйд манай макро эдийн засгийн болон аж үйлдвэрийн салбарын бодлого ямар байх вэ гэдгийг дахин эргэн харах ёстой. Дээр нь манай улсын гадаад өр үлэмж нэмэгдэж, эдийн засгийн голлох салбарууд улам өрсөлдөх чадваргүй болж байна. Ирэх дөрвөн жил Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийг дахин санхүүжүүлэх шаардлага гарч байгаа. Гэтэл төсвийн алдагдал нэмэгдэж, өмнө нь төсөөлж байсан төсвийн орлого тодорхойгүй болж байна. Дээр нь ганц санхүүжүүлэгч ОУВС-г хөөгөөд гаргачихсан. Дүгнэвэл, ойрын жилүүдэд Монгол Улсын дундаж давхрага ширгэж, ядуурлын эгнээ тэлэх аюул нүүрлэлээ. Тиймээс төсвийн алдагдлыг бууруулах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулах зайлшгүй шаардлага бий. Зөвхөн энэ оны төсийн тодотголоор зогсохгүй, цаашид төсөв санхүүгийн сахилга бат чухал болж байна. Энэ үүднээс авч үзвэл улс төрийн намуудын элдэв байшин барилга барьж, үнэгүй үйлчилгээ үзүүлэх амлалтаас илүү төсвийн үрэлгэн зардлыг бууруулах зорилтуудтай мөрийн хөтөлбөр улс оронд хэрэгтэй байна. Сонгогчид хэрсүү болсон, мөрийн хөтөлбөртөө улс орныг өрөнд оруулах зүйлсийн цуглуулга бичсэн намуудыг дэмжихгүй байвал улс оронд хэрэгтэй гэдгээ ухамсарлаж байгаа гэж итгэж байна.

-Улс төрийн намуудын рейтинг урьд хожид байгаагүй доогуур байгаагийн шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

-Монголын Улс төрийн намууд үндсэндээ бүрэн хувьчлагдсан. Улс төрийн намуудыг төрөөс хулгай хийдэг авлигач компаниуд, авлигач улс төрчид хувьчлаад авчихсан. Зонхилох улс төрийн намуудын дотоод засаглал ялзарч, зөвхөн мөнгөтэй хүмүүсийн хяналтад бүрэн орсон. Жирийн намын гишүүдийн үзэл бодол, дуу хоолой нам дотор үгүй болсон гэж хэлж болно. Энэ бол улс төрийн намууд сүйрч байгаа гол шалтгаан. Цаашид ч шинэчлэгдэхгүй бол иргэд энэ хоёр намыг сонгохгүй. Хүмүүс боловсорч, гадна дотны мэдээллийг шууд хүлээн авч боловсруулж чаддаг болсон. Сонгогчид улстөрчдөөс бодлого нэхэж, авилгалыг жигшиж байна. Гэтэл улс төрийн намуудын удирдлагад байгаа хүмүүсийн олонх нь зохион байгуулалттай авлигын хэрэгтэй нэр холбогдсон байхад яаж ч гуйгаад, мөнгө тараагаад ч тэднийг сонгохгүй. Орчиндоо дасан зохицож чадаагүй ямар ч систем мөхдөг нь жам.

-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ манай нам шинэчлэгдсэн, фракцгүй нам болсон гэж удаа дараа мэдэгдэж байсан. Танай нам шинэчлэгдэж чадсан уу?

-Ардчилсан нам өөрчлөгдсөн, гэхдээ шинэчлэгдээгүй.

-Яагаад та ингэж дүгнэх болов.

-Улс төрийн нам нь тодорхой хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Учир нь улс төрийн нам бол төрийг байгуулдаг суурь институци. Тийм ч учраас улс төрийн намын дотоод засаглал бол ардчилсан тогтолцооны амин сүнс, тулгуур багана нь. Гэтэл манай улс төрийн намын тухай хуулиар намуудын дотоод засаглалын асуудлыг нь зохицуулж өгөөгүй. Ийм нөхцөлд манай ардчилсан намын хэсэг залуус намаа шинэчлэх үүднээс хуулиар зохицуулаагүй харилцааг намын дүрмээр зохицуулах оролдлого хийсэн. Харамсалтай нь энэ дүрмийг нь хэсэг бүлэг хүмүүс уландаа гишгэсэн. Тодорхой хэлчихье. С.Эрдэнэ, түүний тойрон хүрээлэгчид Ардчилсан намын дүрмийг олон удаа зөрчиж, намын дотоод сонгуулийг мөнгөний хэрэгсэл болгож хувиргасан. Түүгээр ч зогсохгүй намын дүрмийн төслийг өөрчилж намын Их Хурлын төлөөлөгчдөд бүрэн танилцуулж хэлэлцүүлэхгүйгээр батлуулсан. Энэ бол өөрөө эрх зүйт ёсонд харш. Цаашилбал, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг намаас хасдаг, намын дотоод сонгууль болох төрийн сонгуульд нэр дэвшигчдэд мөнгөний шалгуур тавьдаг гээд дурьдахад л нам шинэчлэгдсэн гэж хэлэх үндэс байхгүй биз дээ. Ёстой сахил хүртээд шал дордов гэдгийн үлгэр болсон.

-Тэгвэл та эрх баригч намыг хэрхэн дүгнэх вэ?

-Ардчилсан намаас дор ялзарсан гэдэг нь Монголын төрийг бүхэлд нь зарах гэсэн оролдлого хийсэн жаран тэрбум, УИХ-ын гишүүд нь үгсэн тохирч төрийн санг тоносон зэргээр батлагдаад байгаа. УИХ-д сууж байгаа гишүүдийн олонх нь эрүүгийн хуулийн ямар нэг заалтаар хэрэг хариуцагч болох нь цаг хугацааны л асуудал. Ирэх сонгууль гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдчихсон хүмүүс дахин гишүүн болж хамгаалалтад орох гэсэн сонгууль болно гэдгийг бид бодолцох ёстой.

-Монгол Ардын Намын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр ямар түвшинд хэрэгжсэн гэж бодож байна вэ?

-2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө талаас илүүг нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт тусгаагүй. Санал авах зорилгоор сонгогчдод танилцуулчихаад манай Засгийн газар хэрэгжүүлэхгүй ээ гэсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хэсгийг нь уншихаар хэмжих боломжгүй тунхаглалууд байгаа юм. Ядуурлыг бууруулна гэсэн. Бодит байдалд ядуурал нэмэгдсэн, ядуурлыг тооцдог арга нь л өөрчлөгдсөн. Энэ бол зорилт ч биш, мөрийн хөтөлбөр ч биш.

-Засгийн газраас коронавирусийн эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг юу гэж үзэж байна вэ?

-Дэлхий нийтээр үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж, аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүний эрэлт буурч байна. Ингэснээр түүхий эдийн хэрэглээ буурч, энэ нь манай эдийн засагт шок болж орж ирнэ. Голлох экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ, экспортын хэмжээ ч буурна. Эдийн засагт учрах дарамтыг бууруулах хамгийн чухал алхам бол компаниудын үйл ажиллагааг дэмжих, өрхийн орлогыг хамгаалах явдал.

Цаг алдалгүй ээлжит бус чуулган зарлаж төсөвт тодотгол хийх, тэвчиж болох зардлуудыг танах, хойшлуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Нөгөө талдаа дунд бага орлоготой иргэдийг хамгаалах арга хэмжээ чухал байна. Өнөөдөр манай хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн тэн хагасаас илүү нь үйлчилгээний салбарт ажилладаг. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд дотооддоо хяналтаас гадуур өвчлөлгүй, хилээ бүрэн хаасан үед бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоож байгаа нь буруу. Энэ нь маш олон ажлын байрыг эрсдэлд оруулж байна. Иймд жижиг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн зээлийн батлан даалтын санг бий болгож, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай.

Засгийн газар малчдын орлогыг хамгаалах нэрийн дор ноолуурын компаниудад гурван зуун тэрбумын хөнгөлөлттэй зээл олгох гэж байна. Энэ нь малчдад орлого болж очно гэх баталгаа байхгүй. Худалдаа, үйлчилгээний салбарт энэ хэмжээний мөнгөөр зээлийн батлан даалт хийж, хүүгийн хөнгөлөлт үзүүлэхэд ноолуурын салбараа, хэд дахин олон хүний ажлын байрыг хамгаална. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмжийн санг зузаатгах, тэтгэмж олгох хугацааг нэмэгдүүлж, наад зах нь зургаан сар хүртэл уртасгах шаардлага гарч байна.

-Та гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх эрхтэй гэх байр суурь илэрхийлж, үүндээ намын даргынхаа хэлсэн үгийг шүүмжилсэн байсан. Шалтгаан нь юу юм бэ?

-Намаас том үндэсний эрх ашиг гэж бий. Улс төрөөс илүү үнэт зүйл гэж бий. Намын дотоод асуудалтай ямар ч холбоогүй. Энэ бол халдвартай хүн зөөх тухай асуудал биш. Энэ бол үнэт зүйлсийн тухай асуудал. С.Эрдэнэ дарга Үндсэн хуулийн суурь зарчим, Ардчилсан намын үзэл баримтлалын эсрэг зүйл ярьсан. Би үзэл бодлоо илэрхийлсэн, тийм эрхтэй. Ер нь төр түшилцэнэ гэдэг иргэдийнхээ төлөө ажиллахыг хэлдэг юм. УИХ-ын гишүүн болмогцоо Монгол Улсын төрийн сүлдний өмнө Монгол Улсын Үндсэн хуульд үнэнч байхаа тангарагладаг. Ингэж тангараг өргөсөн хүн Үндсэн хуулийн эсрэг юм яриад явж байна гэдэг өргөсөн тангаргаасаа няцаж байгаатай ялгаа юун.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Амармөрөн: Цахим тоглоомын 26 газрыг хүчингүй болгох саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.


-Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй энэ үед нийслэл дэх гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Цагдаагийн байгууллага энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд эхний хоёр сарын байдлаар 4405 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 761 хэргээр буюу 14.7 хувиар буурсан үзүүлэлт гарсан. 761 иргэн гэмт хэргийн хохирогч болоогүй гэсэн эерэг үзүүлэлт харагдаж байна. Оны эхний хоёр сард үйлдэгдсэн гэмт хэргийг өнгөөр нь авч үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 79 бүртгэгдсэн. Урьд оны мөн үеэс 63 хувиар буурсан үзүүлэлт байгаа. Мөн өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан.

Үүнээс гадна хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 923 бүртгэгдсэн. Энэ 14 хувиар буурсан сайн мэдээ байна.

-Гэмт хэрэг буурсан шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ. Хөл хорио тогтоогоод байгаа нь нөлөөлж байна уу?

-Цагдаагийн байгууллага Цагаан сарыг угтаж Сар шинэ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээний үеэр олон нийтэд хулгайн гэмт хэргээс сэргийлэх мэдээ мэдээлэл хүргэх ажлуудыг цахим орчинд түгээх ажиллагаа явуулсан. Иргэд өөрсдөө гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж барилга байгууламж, эд хөрөнгийнхөө хамгаалалт бэхэлгээг сайжруулсан байна. Орчин үеийн дэвшилтэт техник технологид нийцүүлж шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болжээ. Камерын хяналтыг сайжруулсан нь гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна.

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг мөн буурсан үзүүлэлттэй байгаа. Гэмт хэргийн илрүүлэлт ч өссөн.

Оны эхний хоёр сард 12786 хүн эрүүлжүүлэгдсэн нь мөн буурсан үзүүлэлт харагдаж байна.

-улсын онцгой комиссын шийдвэрээр бар, караоке зэрэг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаад байна. Энэ нь гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэлд яаж нөлөөлж байна вэ?

-Хоёрдугаар сараас л Улсын онцгой комиссын тушаал шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Хоёрдугаар сард гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад дагаад хэрэг зөрчил өсөх хандлагатай байдаг. Хөл хорио тогтоож, хөдөлгөөн татрахад дуудлага мэдээлэл багасдаг.

Оны эхний хоёр сард 34212 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дотор нь ангилаад үзэхэд гэмт хэргийн шинжтэй 1547 дуудлага иржээ. Зөрчлийн шинжтэй үйлдлийн дуудлага 28295 бүртгэгдсэн. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 20 дуудлагаар өссөн үзүүлэлт харагдаж байна.

Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага буурсан үзүүлэлт гарсан. Бар, караоке зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосноор иргэдийн архины хэрэглээ буурсантай үүнийг холбож тайлбарлаж болно. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 1076 хүнд баривчлах ял оногдуулсан нь үүнтэй холбоотой байж болно.

-Гуравдугаар сард манайд коранавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж нөхцөл байдал хурцадсан. Энэ үеэр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Гэмт хэргийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөв?

-Он гарснаас хойш гуравдугаар сар гарсаар 23-ны өдрийг хүртэл 27263 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 7301 дуудлагаар буурсан үзүүлэлт. Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 871 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт. Энэ нь ч хөдөлгөөнийг хориглосонтой шууд хамааралтай гэж харж байна. Хөл хөдөлгөөн хорьж архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг хязгаарлахад гэмт хэрэг, зөрчил буурдаг нь эндээс харагдаж байна. Энгийнээр тайлбарлахад олон хүн цугласан газар хулгайн гэмт хэрэг гардаг. Олон нийт цугласан газар халаасны хулгайн хэрэг бүртгэгддэг. Олон хүн цугласан газар л хэсэг бүлгээрээ архидан согтуурч, танхайрдаг шүү дээ. Карантилахаас өмнө шөнийн Улаанбаатар өдөр шиг хөдөлгөөнтэй байсан. Гурав, дөрөвдүгээр хороолол, Сансар зэрэг газруудаар архидан согтуурсан залуус дүүрэн хашхиралддаг байсан шүү дээ. Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон үед гэмт хэрэг зөрчлийн гаралт буурсан байна.

-улсын онцгой комиссын зүгээс бар, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоосон ч архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргаагүй. Шийдвэрийн дараа иргэд ахуйн хүрээнд архидан согтуурах явдал их гарсан тухай мэдээлэл байсан. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн хэрэг олон бүртгэгдсэн гэх мэдээлэл байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Гуравдугаар сарын 1-нээс 23-ны хооронд гэмт хэрэг зөрчлийн 2824 дуудлага бүртгэгдсэн. Ахуйн хүрээнд архидан согтуурах дуудлага буурахгүй байна гэх мэдээлэл байгаа. Огцом өссөн, нэмэгдсэн асуудал байхгүй. Зөрчлийн шинжтэй дуудлага өнгөрсөн хоёрдугаар сард 20-иор өссөн үзүүлэлт байгаа.

Гэр бүлийн хүрээнд биш, найз нөхдийн хүрээнд архидсан, хоорондоо маргалдсан бол зөрчлийн шинжтэй дуудлага руу ордог.

Гэр бүлийн эхнэр, нөхөр ахуйн хүрээнд архидаад хоорондоо маргалдаж, сөрөг харилцаа үүсгэсэн бол гэр бүлийн хүчирхийлэл. Хүмүүс үүнийг ялгахгүй гэр бүлийн хүрээнд архидаж хүчирхийлэл үйлдэж байгаа тухай яриад байгаа юм.

Айлд, зочид буудалд хэсэг бүлгээрээ архидсан тохиолдол бий. Гэхдээ хөл хорио тогтоож, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийн тоо буурч, гэмт хэрэг зөрчил буурсан.

-Оршин суух тодорхой хаяггүй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын 108, 223, 168, 333 гэсэн дөрвөн захирамжид цагдаагийн байгууллага хяналт тавьж ажилласан. Мөн 345 дугаар захирамж гаргасан.

Уг захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажил хийж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн халамжийн газар, эрүүл мэндийн байгууллагууд хамтарч ажиллаж 238 иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан. 144 иргэнийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Үүнээс гадна нийгмийн хамгааллын тусгай төвд 111 хүнийг хүлээлгэж өгөөд байна. Мөн гэр оронгүй иргэдийн хүлээн авдаг төрийн бус байгууллагуудад 127 хүнийг хүлээлгэж өгсөн.

-Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад гол төлөв ямар зөрчил дутагдал илэрч байна вэ?

-Засаг даргын А 223 дугаар захирамж мөрдөгдөөд явж байна. Энэ захирамжаар цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30 хүртэл зогсоосон. Мөн бар, караоке, фитнесс, бассейн амралтын газар, дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоосон. Захирамжийн хүрээнд өдөр тутам хяналт шалгалт тавиад явж байна. Өмнөх захирамжуудтай нийлээд 192 зөрчил илрүүлсэн.

Тогтоосон цагийн хязгаарын зөрчсөн ресторан 31, сүлжээ хоолны газар зургаа, бар найм, караоке зургаа, цахим тоглоомын газар 20, шашны байгууллага нэг бүртгэгдсэн. Мөн нууцаар ажилласан зургаан дэн буудлыг илрүүлсэн.

Илэрсэн зөрчлөөс 26 цахим тоглоомын газрын гэрчилгээг хүчингүй болгох саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 51 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналаа нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлээд байгаа.

Үүнээс гадна гудамж талбайд нус, цэр шүлсээ хаяхгүй байх 168 дугаар захирамжийн биелэлтэд хяналт тавиад явж байна. Захирамж гарснаас хойш 8886 хүнд 89 сая төгрөгийн торгууль тавьсан.

-Дээрх зөрчлийг хэрхэн илрүүлж байна вэ?

-Хэв журмын цагдаа нарын хяналт болон хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж арга хэмжээ авч ажиллаж байна.