Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг баривчилжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03.02-06-ны өдрүүдэд нийт 560 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 351-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -5
  • Мөргөлдөх-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.05-ны өдрийн 19 цаг 49 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгджээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 15,9 хувиар, бүртгэгдсн зам тээврийн осол 10,2 хувиар, хүний амь нас хохирсон осол 75,0 хувиар тус тус буурч, Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн 11,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Г.МӨНХБАЯР: Иргэд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд том дэмжлэг болно

Корона вирусээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн “энхийн манаа”-нд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ талаар ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнхбаяртай ярилцлаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед цагдаа, доотоодын цэргийн алба хаагчид хэрхэн ажиллаж байна вэ?

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын болон аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, цагдаагийн байгууллагаас хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Тодруулбал Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газартай мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа. Шуурхай удирдлагын штабыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулж, Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг энэ оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 9, хяналтын 51 цэг, 21 аймагт хяналтын 285, сумдын хяналтын 630 цэгт орон нутгийн төр, захиргааны ажилтнуудтай хамтран Монгол Улсын нутаг дэвсгэрийн авто замуудыг бүрэн хяналтад авч, мэдээ, мэдээлэл дамжуулах нэгдсэн сүлжээг байгуулан ажиллаж байна.

-Хоногт хичнээн алба хаагч хэдэн цагаар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

-Улсын хэмжээнд хоногт 975 цэгт 1125 алба хаагч, 755 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, хязгаарлалт тогтоосноос хойших хугацаанд нийт 37107 иргэн, 14247 тээврийн хэрэгслийг хот, суурин газарт нэвтрүүлж, 40299 иргэн, 13709 тээврийн хэрэгслийг хот, суурин газраас гадагш гаргахад хяналт шалгалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэсэн. Тухай бүр эмнэлэг, мэргэжлийн хяналтын байцаагч нар эрүүл мэндийн чиглэлээр тандалт хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Хүйтэнд даарч зогсоо та бүхэнд иргэд халуун сэтгэлийн хандив тусламж үзүүлсээр байна. Зарим иргэд хоол, цай бариад очих нь ч бий?

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд сайн дурын үндсэн дээр нэлээдгүй санаачилга гарган үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад амны хаалт, ариутгалын бодис хандивлан, халуун хоол цайгаар үйлчлэн сэтгэлийн дэм үзүүлсэнд бид бүхэн маш их талархаж байна. Цаашид ард иргэд маань бидний ажлыг дэмжин ариутгалын хувцас, хэрэгсэл гэхээс илүүтэйгээр шинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх талаар төр засгаас гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмж, тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас уриалж байна. Хамгийн гол нь иргэдийн хувьд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд хамгийн том дэмжлэг байдаг юм шүү.

-Иргэд төр засгаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, та бүхний ажилд хүндрэл учруулах явдал гарч байна уу?

лон нийт тогтоосон хэмхэмжээг даган мөрдөж, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн, хүндэтгэлтэй хандаж байгаад талархалтай байна. Тусгаарлагдсан иргэдийн хувьд хэд хэдэн зөрчлүүд гаргасаныг цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч ажилласан. Цагдаагийн байгууллагаас Улсын онцгой комиссын шийдвэрийг биелэлтийг хангах хүрээнд хяналт тогтмол хяналт шалгалтыг явуулж, иргэдийнхээ аюулгүй амар тайван байдалын төлөө үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Та бид хамтдаа эрүүл, зөв байж эцэг өвгөдийн өвлүүлсэн, эрдэнэсийн эх орондоо амар түвшин, айх аюулгүй, аз жаргалтай, ихийг бүтээж хүссэн зорьсондоо хүрэхийн зэрэгцээ дэлхийд суу алдраа эгнэн бадруулж, мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнхөд орших болно.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам, даваа хаагдаж болзошгүйг онцгойлон анхаарууллаа

Image result for цасан шуурга

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жилд 4,000 орчим өсвөр насны охид төрж, 70 хувь нь өрх толгойлсон ээж болдог

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Охидын хөгжил, манлайллын төлөө ажилладаг “Охидын түүх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхантай ярилцлаа.


-Насанд хүрээгүй охидын төрөлт нэлээд өндөр үзүүлэлттэй байдаг юм байна Нарийн судалгаа бий юү?

-Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Гүнж” төвийн 2017 оны судалгаагаар улсын хэмжээнд 4,000 орчим охид төрж байна. Түүний 74 хувь нь өрх толгойлсон ээжүүдийн тоог нэмж байдаг, 2019 онд ч энэ тоо буураагүй хэвээр байна. Энэ бол маш их тоо. Зөвхөн төрсөн охидын тоо. Үүний цаана үр хөндүүлж байгаа маш олон охин байна.

Харин хүүхдээ төрүүлж буй охидын хувьд олон хүнд саад бэрхшээлийг давж байж ээж болдог ба нийгмээс гадуурхагдах хандлагатай байдаг нь сэтгэл эмзэглүүлсээр байна. Нэгэнт төрчихсөн юм чинь гадуурхахаас илүү тэдэнд бид туслах ёстой.

-Ямар байдлаар гэдгийг тодорхой ярихгүй юу?

-Эдгээр ээж болж буй насанд хүрээгүй охид маань маш олон асуудлыг давж хүүхдээ төрүүлдэг. Гэтэл олон байдлаар нийгмээс шахагдаж, ад үзэгдэж, төрийн халамж бодлогоос гадуур үлдэж байна. Тухайлбал, өрх толгойлсон ээжүүд буюу дөрвөөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эхэд cap болгон 240 мянган төгрөгийн тэтгэмж авдаг.

Гэтэл өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн ээжүүд бол онцгой анхаарал хандуулах, яалт ч үгүй нийгмийн зорилтот бүлэг боловч тэр бүрчлэн төрөөс анхаарч буй тэтгэмж халамж байхгүй. Тэд сэтгэл зүйн асар их дарамтан дунд хүүхдээ төрүүлдэг, Хүүхэдтэй нь хамт гэрээсээ хөөчихсөн эцэг эхийн тухай хүртэл сонсож байсан.

Дийлэнх нь хүүхэд насны гэнэн томоогүй шийдвэрээр хүүхдээ төрүүлж байгаа ба 5-7 хувийг хүсээгүй жирэмслэлт эзэлдэг гэсэн мэдээлэл байдаг. Эцэг нь тодорхойгүй, ихэнх нь эцэг эхдээ хэлэлгүй тас нуудаг.

Ингэснээр эмчийн хяналтад орж чаддаггүй. Бараг төрөхийн өмнө нь ээж, аав нь мэддэг. Гэтэл эмчийн хяналтад орохгүй явна гэдэг эргээд тэр хүүхэд давхар эрсдэлд оруулдаг. Тэгэхээр бид өсвөр насандаа төрж буй охидын тоог бууруулахын тулд манай байгууллага Ерөнхий боловсролын бүх сургууль дээр “Охидын клуб” байгуулах уриалга гаргасан. Энэ ажлыг хийгээд бүтэн жил болж байна.

Өсвөр насны охид их хүчтэй дэмжиж 700 гаруй клуб зохион байгуулалтад орчихсон байгаа ч төрийн дэмжлэг яалт ч үгүй хэрэгтэй байна. Энэ клубийн гол зорилго нь охидод нөхөн үржихүйн мэдлэг боловсрол, мэдээллийг өгөх, охидыг чадавхжуулах гээд олон талын ач холбогдолтой.

Охид энэ клубтээ анхаарал тавьж сонирхож байгаа нь бидэнд урам өгдөг ба улам их зүйлийг тэдний төлөө хийх эрч хүчийг өгдөг.

-Эрүүл мэндийн хичээлийн программд нөхөн үржихүйн талаар ойлголт өгдөг нь хангалтгүй байна гэж үзэж байна уу?

-Хангалттай бус. Охидтой уулзаж ярилцаад явж байхад нөхөн үржихүйн хангалттай ойлголтгүй. Тодорхой танхим үзүүлэн байдаггүй. Энэ талын мэдээллийг зөвхөн найз нөхөд, интернет зэргээс авдаг гэдэг. Гэтэл найз нөхөд нь адилхан мэдээлэлгүй байгаа шүү дээ.

Охид нөхөн үржихүйн хичээлийг хөвгүүдтэй хамт үзэхээс ичдэг, багш, эмч, эмнэлгийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авахаас ичдэг. Дөнгөж 20 хувь нь эцэг, эхтэйгээ ярилцдаг байгаа юм.

Тиймээс төр асуудалд анхаарлаа хандуулж бодлогоор дэмжиж тодорхой ажлуудыг хийгээсэй гэж хүсэж байна. Үнэндээ манай улс хүүхдэдээ зарцуулж гаргаж байгаа хөрөнгө нь хангалтгүй бага, гар татаастай л байна. Олон улсын хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын дэмжлэгтэйгээр л энэ ажлуудыг хийгээд ирсэн хандлагаа өөрчлөхгүй байгаа нь харамсалтай санагддаг.

-Насанд хүрээгүй охидыг ээж болоход нийгэм гэхээсээ эцэг, эх нь хүртэл зөвшөөрөхгүй нөхцөл байдал үүсдэг байх. Энэ тохиолдолд тэд хаана хандах ёстой юм бэ?

-Маш хүнд нөхцөлд тэд амьдардаг. Эцэг, эх нь үр хүүхэдтэйгээ ярилцах, мэргэжлийн байгууллагад хандах, зөвлөгөө авах ёстой. Гэтэл ямар ч байдалд хүүхэд айж ичсэнээсээ болоод үүнийг нуун дарагдуулдаг.

Жишээлбэл, найз хөвгүүнтэйгээ ярилцаж байгаад хүүхэд төрүүлэх шийдвэр гаргасан нэгэн охин эцэг, эхдээ хэлэлгүй зургаа, долоон cap хүртэл гэдсээ дарж боогоод мэдэгдэхгүй явсаар төрөх дөхөхөд нь эцэг, эх нь мэдсэн. Харин найз хөвгүүнийх нь ээж аав хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдээ гадагшаа сургуульд явуулах нэрийдлээр нэг ёсондоо хариуцлага хүлээхгүй хаяж явсан байх жишээний.

Ингээд 15 настай тэр охин хамаг буруутгалыг өөртөө авч өрх толгойлсон ээж болон үлдсэн. Гол буруутан хүмүүс бол эцэг эхчүүд. Үр хүүхдээ анхаардаггүйн нэг шинж энэ асуудал дээр тодорхой харагдаж байна. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ.

Үе тэнгийнхнээсээ ичээд сургуулиасаа завсардчихдаг зарим хүүхдүүд, дээд боловсрол эзэмшээгүй, насанд хүрээгүй учир ажил олдохгүй, эцэг эхийнхээ гарыг харж хүүхдээ тэжээдэг.

-Тэгэхээр насанд хүрээгүй 4,000 ээжээс гадна шинээр мэндэлж буй 4,000 хүүхдийн асуудал яригдаж байна. Тухайлбал төрөөс ямар дэмжлэг нэн түрүүнд хэрэгтэй байна вэ?

-Тийм. Нэгэнт л хүүхдээ төрүүлчихэж байгаа хүүхдүүдийг бид цааш түлхэх биш, анхаарлаа хандуулах хэрэгтэй болчихоод байна. Үнэнийг хэлэхэд гэмт хэрэг хийсэн хоригдлоо хүртэл төр анхаарч хоол унд гээд хөрөнгө гаргадаг атлаа бүхэл бүтэн хүн төрүүлчихээд байгаа насанд хүрээгүй ээжүүдийг яагаад анхаарч болохгүй гэж.

Зарим хүмүүс төрөлтийг нь дэмжээд байгаа юм уу гэж шүүмжлэх гэдэг. Гэхдээ төрөхийг нь дэмжээд байгаа юм огт байхгүй, гэнэт энэ тоог бид ирэх жил гэхэд тэг болгож чадахгүй. Жилд нь 4,000 хүүхэд ээж болж цаана 4,000 хүн шинээр мэндэлж байна. Энэ чинь төр 8,000 хүнээ анхаарахгүй хаалганы цаана үлдээж байгаатай ялгаагүй зүйл биз дээ.

-Өсвөр насны охидын жирэмслэлт зөвхөн манай ч асуудал биш байх. Бусад оронд энэ тал дээр яаж анхаарч ажилладаг юм бол оо. Та судалж үзсэн үү?

-Германд гэхэд л хоорондоо үерхэж буй хүүхдүүдэд тусгай сургалт ордог юм билээ. Тухайн сургалтад яг л амьдрал дээр үүсэж болох асуудлуудыг хөндсөн байх жишээтэй. Хиймэл хүүхэлдэй байлаа гэхэд яг цагаар уйлна, хоол нэхнэ, усанд оруулах гээд үзүүлэнгийн зүйл их.

Хосууд хүүхдээ хооллоно, ундална гээд нөгөө үерхэж буй хүүхдүүдийг амьдрал дээр гарч аав, ээж болоход бэлэн үү гэдгийг л сорьж байгаа юм. Ингээд сургалтын төсгөлд хүүхдүүд “За бид дахиад бодож үзэх хэрэгтэй юм байна”, “Би бэлэн биш байна” гэж шийдвэрээ гаргаж ирдэг. Тэгэхээр бид ч гэсэн сургалтын хөтөлбөр дотроо сонирхолтой байдлаар энэ санааг тусгахад болохгүй гэх газаргүй.

-Охидын үзлэгийг халах ёстой гэж сүүлийн үед яригдах болсон. Зайлшгүй байх зүйлийн нэг ч юм шиг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

– Дэлхийн эрүүл мэндийн байгууллага охидын үзлэгийг хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд охидын бие, сэтгэл зүйд ноцтой хохирол учруулдаг, тэдний биеийг нийгмийн өмч гэж ойлгодог, боолчлох сэтгэлгээ, хоцрогдсон нормын илэрхийлэл, үүгээр онгон эсэхийг мэдэх ч боломжгүй гэдгийг сануулсан.

Дэлхий дээр охидын үзлэг хийдэг 20 орон байдаг, түүний тоонд Монгол Улс багтсаар байна. Үүнийг бол зайлшгүй халах ёстой. Ялангуяа орон нутаг, сумдад охид үзлэгт хамрагдлаа гэхэд эмч нь, багш нь нууц задруулахгүй байх атал тэрний тэр хүнтэй унтчихсан юм байна, тэр жирэмсэн гэж ирээд хов тардаг.

Энэ нь тухайн хүүхдийн чихэнд хүрснээр ямар хүнд нөхцөл байдал үүсэх үү гээд сөрөг тал ихтэй. Харин энэ үүргийг жилд заавал харьяалал харгалзахгүйгээр эмчийн үзлэг, туслалцаа авсан байх зэргээр эцэг, эхчүүдэд даалгах нь илүүтэй үр дүнтэй байх.

Би 4,000 гаруй гишүүнтэй охидын групп охидын үзлэгээр санал асуулга явуулахад 80 гаруй хувь нь эсэргүүцэж байсан. Охид үзлэгт орох нь таагүй, онцгүй мэдрэмж төрүүлдэг гэж ярьж байсан.

Categories
гадаад мэдээ

Путин, Эрдоган нар Сирийн Идлибт гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Москва хотод өчигдөр уулзсан Орос, Туркийн ерөнхийлөгч нар Сирийн Идлиб мужид гал зогсоох, талуудын хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нар нийт зургаан цагийн турш уулзаж, ярилцсаны үр дүнд уг тохиролцоонд хүрсэн байна.

Уулзалтыг Путин “маш хэцүү боловч үр дүнтэй” болсон гэж дүгнэжээ.

Тохиролцоо ёсоор Пүрэв гарагийн шөнө дундаас эхлэн Туркийн арми болон Сирийн засгийн газрын армийн хооронд гал зогсоох болж байна.

Үүнээс гадна талуудын хооронд зургаан километр өргөнтэй аюулгүйн бүс байгуулахаар болжээ. Мөн Идлиб мужийн M4 хурдны автозам дээр Орос, Туркийн хамтарсан эргүүл ажиллахаар болсон байна.

Хоёр удирдагч Сирийн газар нутагт энх тайван тогтоох арга нь зэвсэгт мөргөлдөөн биш гэдэгтэй санал нэгдсэн гэнэ. Мөн Сири улсын хувь заяаг Дамаскийн засгийн газар бие даан шийдэх ёстой гэж дүгнэжээ.

Идлиб мужид хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг зохион байгуулж, дүрвэсэн иргэдийг орон гэртээ эргэж ирэх боломжоор хангах тохиролцоонд хүрсэн байна.

Сирийн босогчдын сүүлчийн түшиц газар болсон зүүн хойд бүсийн Идлиб мужид хяналтаа тогтоохын төлөө Туркийн арми болон Ассадын дэглэмийн цэргүүд сүүлийн хоёр долоо хоногийн турш байлдаж, талуудын олон тооны цэрэг алагдаад байгаа.

Сирийн засгийн газрын цэргийг ОХУ-ын агаарын хүчин дэмжиж байгаа юм.

Тиймээс Турк-Сирийн зэвсэгт мөргөлдөөн нь Москва, Анкарагийн шууд бус тулгаралт болоод байв.

Categories
мэдээ спорт

Монголын хоккейчид өнөөдөр хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ний Эрхүү хотноо болж байгаа бөмбөгтэй хоккейн ДАШТ-ний B хэсгийн хагас шигшээ тоглолтод Унгарын баг Словакын шигшээтэй тоглож 5:0-ээр хожсон бол Монголын шигшээ Украины багтай тоглож 1:3-аар хожигдож өнөөдөр хүрэл медалийн төлөө Словактай тоглохоор болов.

Пүрэв гарагийн өдөр 12 цагаас Унгар, Словакийн багууд талбайд гарч, Унгарын шигшээ 5:0-ээр хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарсан юм. ДАШТ-ний хэсгийн тоглолт 30 минутаар 2 үе тоглосон бол хагас шигшээ тоглолтууд 45 минутаар 2 үе тоглов.

Энэ өдрийн 14 цаг 30 минутаас Монголын шигшээ баг, Украин улсын шигшээтэй тоглож 27 дахь минутад Украины Михаил Александров анхны гоолыг оруулсан. Хоёр баг эн тэнцүү тоглосон бөгөөд дэгээдэх, цохиураар цохих зэргээр торгуулийн хугацаа ихтэй, ширүүн өрсөлдөөнтэй тоглолт боллоо.

Хоёрдугаар үед Монголын багийн ахлагч Г.Тамир 10 минутын торгуультай байх үед Украины баг 12 метрийн цохилт хийсэн боловч хаалгач Б.Мөнхболд амжилттай хааж чадлаа. Харин тоглолтын 63 дахь минутад Михаил Скалицкий гоол хийж, тооны харьцаа 0:2 болж, цаг явсаар 75 дахь минутад Монголын баг тайм-аут авлаа. Багийн ахлагч Г.Тамир 76 дахь минутад гоол оруулж, тооны харьцаа 1:2 болсон ч 82 дахь минутад М.Скалицкий гоол оруулснаар 1:3-аар тэргүүллээ бататгаснаар ялах нь тодорхой болсон юм. Монголын шигшээд гоол хийх боломж гарахгүй байсаар цаг дуусав.

Өнөөдөр алтан медалийн төлөө 15 цагаас Унгар – Украины шигшээ багууд тоглоно. Харин хүрэл медалийн төлөө 12 цагаас Монгол шигшээ баг, хэсгийн тоглолтод 4:0-ээр хожиж байсан Словакын шигшээ багтай дахин өрсөлдөнө.

Тус тэмцээний тавдугаар байрны төлөө Нидерланд – Латви, долдугаар байрны төлөө Япон – Чех, есдүгээр байрны төлөө тоглолт Швейцар – Сомалийн шигшээ багууд өрсөлдөнө.

Categories
мэдээ спорт

С.Билгүүн Монголын тав дахь Их мастер болов

Хоёрдугаар сарын 27-29-нд Арабын Эмиратын Абу-Даби хотноо Олон улсын шатрын холбооны 90 дэх конгресс хуралдаж, шинэ цолтнуудыг баталжээ.

Шинэ цолын болзол хүлээж буй олон улсын 30 их мастерийн (Grand Master) дунд Монголын 22 настай шатарчин Сумьяагийн Билгүүн багтав. Тэрбээр өөрийн чансааг 2497-д хүргэж, их мастерийн гурван баллыг Швейцар, Португал, БНХАУ-ын нэр хүндтэй тэмцээнд 2018-2019 онд биелүүлсэн билээ. Мөн тус конгрессоор Монголын 20 настай залуу шатарчин Цогбаярын Бат-Эрдэнэ олон улсын мастер (International Master) цолд хүрчээ.

Ховд аймгийн Зэрэг сумын уугуул С.Билгүүн нь ийнхүү Монголын эрэгтэй шатарчдаас төрсөн олон улсын тавдахь их мастер болж байна. Түүнээс өмнө Б.Хатанбаатар (Завхан, Дархан-Уул), Д.Шаравдорж (Говь-Алтай), Ц.Батчулуун (Баянхонгор), Б.Гүндаваа (Өвөрхангай) нар их мастер цолд хүрээд байв.

Categories
мэдээ спорт

Олимпийн нээлтэнд улс бүр эрэгтэй, эмэгтэй хоёр тугчинтай жагсана

Олон улсын олимпийн хорооноос эмэгтэй тамирчдын тоо нэмэгдүүлэх зорилгоор ихээхэн чармайж, “Токио-2020” олимпод бүсгүйчүүдийн тоог 48,8 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Түүнчлэн олимпийн нээлтийн ёслолд тугчнаар улс бүрээс эмэгтэй, эрэгтэй хоёр тамирчинг оролцуулах шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Өмнөх олимпийн наадмуудад цор ганц тамирчин улсынхаа тугийг залж орж ирж байсан уламжлал ийнхүү Токиод солигдохоор болж байна. Үүний тулд эмэгтэй тамирчин нь эрх авч амжаагүй зарим улсад эмэгтэй тамирчны эрх олгохоор ч шийдвэрлэв. “Токио-2020” олимпод каноэ, жүдо, сэлүүрт завь, далбаат завь, буудлага, хүндийг өргөлтийн төрөлд эмэгтэй, эрэгтэй тамирчдын тоо яг тэнцүү байх юм. Улмаар “Парис-2024” олимпод бүх спортын төрлүүдэд хүйсийн харьцааг тэнцүүлэхээр яригдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аврагдсан 57 зорчигч

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


“Ю” гэгч аймшигт гэмт хэрэгтнийг шүүх хурал эхэлжээ. Тэрээр хүн амины хэрэгтэйгээс гадна гурвын гурван хүнийг хүндээр гэмтээсэн аймаар хэрэгтэн. Яагаад ийм бузар гэмт хэрэг хийснээ мөрдөн байцаах явцад огт тайлбарлаагүйгээр барахгүй өмгөөлөгч авахаас татгалзсан байна. Бүх үнэнээ шүүх хуралд хэлнэ гээд зөрүүдлээд байсан хэрэг. Шүүх хурлыг ч зурагтаар шууд нэвтрүүлэхээс нааш нэг ч үг хэлэхгүй гэж гүрийжээ. Өөрийн зүгээс нэг ч гэрч санал болгосонгүй. Харин хохирогчийн талаас гэмт хэргийг нь гэрчлэх хүн үй олон.

Хүн алсан шалтгаанаа ярь гэсэн шүүгчийн шаардлагад:

-Би дэс дараалалтай эхнээс нь ярья. Эхлээд би хоёр настай ач хүүгийнхээ хөлийг хугалсан. Тэр үүрд хазгар болсон гэх нь тэр.

-Ийм асуудал прокурор, мөрдөнгийн тэмдэглэлд алга гэж шүүгч хэллээ. Тэгсэн:

-Тэгвэл манай эхнэр, хүү, бэрийг гэрчээр дууд. Мөн миний ачийг авчирч харуул гэж шаардав.

Дуудсан гэрчүүд удалгүй уйлж унжсаар шүүх танхимд орж ирлээ. Тэдний ярианаас үзэхэд үнэхээр тийм юм болжээ. Нялх ачийгаа зүгээр тоглоод гэртээ гүйж явахад нь мань “Ю” бэйсболын цохиураар хөлийг нь хуга цохисон төдийгүй ойчсон хойно нь тавхай дээр нь хүнд гутлаараа дэвсэж шагайг нь бяцалжээ. Хүүгийн хугарсан шилбийг эмчилсэн боловч бяцарсан шагайг эмнэлэг яаж ч чадсангүй.

“Ю” үүнийг тайлбарлахдаа ач хүүдээ маш их хайртай учир чингэсэн гэж туудаг байгаа. Хэрэв хүүгийн хөлийг хугалаагүй бол тэрээр тун ойрын хугацаанд шовх үзүүртэй хадаас ч юм уу, гадсан дээр унаж нүдээ сохлох байсан гэнэ. Сохорсноос хазгар нь дээр гэж үзсэн аж.

-Удахгүй гадсан дээр унаад сохрохыг нь яаж мэдсэн юм бэ?

-Би үзмэрч. Урьдчилаад харчихдаг юм.

Шүүгч түс хийтэл инээд алдсанаа царай нь даруй төв болон хорсолтойгоор:

-Тийм юм бол тэр гадсыг нь урьдчилаад сугалчихгүй яасан юм?

-Яг аль гадас, эсвэл хадаас ч юм уу, би тэрийг харж чаддаггүй.

Шүүх танхимаар нэг шуугиан үүсч хүмүүс яргачин алуурчныг бушуу цаазлахыг шаардлаа.

Шүүгч гараа савчин оролцогчдыг чимээгүй байхыг анхааруулаад:

-Манай шүүх ажиллагааг зурагтаар шууд дамжуулж байгаа учир танхимд дуу шуугиан үүсгэн үймүүлэхийг хориглож байна гэснээ ширээн дээр нь хэвтэх нил цус болон хатсан бэйсболын цохиур руу эрүүгээрээ дохин заагаад хэрэгтэнд хандан -Энэ цохиураар бусдыг гэмтээж, бас хүний аминд хүрсэн байна. Хэрэгтэн та үргэлж энэ цохиурыг биедээ авч явдаг уу?

-Тийм ээ, үргэлж…

-Яах гэж? Хүн алах гэж үү?

-Тэгж хэлж болохгүй ээ. Бусдыг аврах гэж…

Энэ үед шүүхийн гадаа үй олон хүн цуглажээ. Гудамжинд тавьсан реклам гаргадаг асар том дэлгэцэд одоо шүүх ажиллагааг шууд нэвтрүүлж байна. Тэд хэсэг учир замбараагүй тус болгондоо жигшил зэвүүцлээ илэрхийлэн дор бүрнээ орилолдож байснаа аяндаа нэгдсэн замбараанд орж “цаазал, цаазал” хэмээн хоолой нийлүүлэн хашгирч гарлаа.

Шууд нэвтрүүлгийг хөтөлж буй онигор нүдтэй бүсгүй:

-Энэ жигшүүрт алуурчны тухай улсын Ерөнхийлөгч маань юу бодож байгаа тухай та бүхэндээ сонордуулъя – гээд Төрийн ордонд буй тусгай сурвалжлагатай холбогдлоо.

Дэлгэц дээр улсын Ерөнхийлөгчийн дүр тодров.

-Ийм өөдгүй нийгмийн шаар манай ариун эх орны хөрсөн дээр дахин хөл гишгэх эрхгүй. Цаазаар авах ялыг дахин сэргээж байгаагаа та бүхэнд мэдэгдээд, наад өөдгүй алуурчнаа шүүх хурал дуусангуут шууд шүүхийн танхим дотор тонилгон шүүхийн шийдвэрийг газар дээр нь гүйцэтгэхийг үүрэг болгож байна.

Хилэгнэсэн олон шүүхийн танхимын цонх руу өндөг шидэцгээнэ. Сүүлдээ бүр давраад чулуу шидсэнд нэг нь цонх онож шилийг яйруулав. Шүүгч энэ бүхнээс залхав бололтой онгорхой цонхыг бушуу хааж хөшиг татахыг тушаав.

-Хэрэгтэн энэ цохиураараа хүн алсан, тийм ээ?

-Би учир замбараатай, дараалалтай ярина гэж хэлээ биз дээ. Хүн цохиж алсныг хамгийн сүүлд нь тайлбарлана. Яагаад гэвэл энэ явдал намайг баривчилдаг өдөр болсон. Тэрнээс хойш би цохиураа ганц ч удаа хэрэглээгүй, та нар хураагаад авчихсан шүү дээ.

Шүүгч эгдүүцэн “Үгүй ерөө” гээд татвасхийхэд танхимд суугчид бүгд давтан “Үгүй ерөө” хэмээн хоороор хэллээ.

-За тэгвэл гудамжинд мөрөөрөө явж байсан хүнийг араас нь сэм гэтэж очоод гарыг нь хуга цохиж санжуулсан түүхээ тайлбарла.

-Хамгийн гол нь солгой гарыг нь гэдэгт хамаг учир байгаа. Тэр хүн бол зодоонч, танхай нэгэн. Өмнө нь олон хүн зодож, заримыг нь гэмтээж байсан. Тэр солгой эр, зүүн гартаа маш чадалтай. Хэрэв би гарыг нь хугалаагүй бол солгой гараараа тун удалгүй хүн шааж алах байсан. Тэр хүн нь дэлхийд нэртэй том эрдэмтэн.

-Хэн юм, тэр алуулах хүн нь?

-Тэрийг нь би харж чаддаггүй гэж түрүүн хэлээ биз дээ. Лав л их алдартай мундаг хүн юмдаг.

Ингээд гараа санжуулсан эрийг гэрчээр байцаалаа. Үнэхээр тэрээр солгой нэгэн аж. Мөрдөгчийн хэлж байгаагаар нээрэн зодоонч цохионч нэгэн бөгөөд үүнээсээ болж өмнө нь шийтгүүлж байсан нь илэрлээ.

Шүүгч төдийгүй танхимд цугларагсад гайхсандаа болоод дуугаа хураацгаав. Тэр байтугай гудамжинд овоорогсод ч аажмаар чимээгүй болцгоох нь тэр.

“Ю” цааш нь бусад хохирогчдын тухай ярив. Тэрээр нэг хүний төмсгийг бяц цохижээ. Учир нь ийм арга хэмжээ аваагүй бол хохирогч удалгүй хөдөө явж ан хийгээд алсан амьтныхаа махыг идсэнээс болж үхэх байсан гэнэ. “Заавал төмсгийг нь бяцалдаг нь ямар учиртай юм?” гэсэн асуултад “Тэгж таарсан” гэснээс өөр тайлбар хэлсэнгүй. Хохирогч үнэхээр анд явахаар зэхэж байснаа хүлээснээр нийтийг гайхширалд оруулав.

Хүн алсан нь ийм учиртай гэнэ: Үхсэн хүн нь алсын хүн тээврийн автобусны жолооч нэгэн байжээ. Автобусанд ноцтой гэмтэл гарсныг тэрээр мэдээгүй аж.

Хэрэв тэрээр тээвэрт гарсан бол осолд орж дотор нь сууж явсан 57 зорчигч үхэх байжээ. Оронд нь очсон жолооч гэмтлийг ажиглаж засварлаад 57 зорчигчоо очих газар нь эсэн мэнд хүргэж өгсөн аж. “Хохирогчийг алчихалгүй зүгээр гэмтээж болох байсан?” гэж шүүгч ихэд догдолсон сэтгэлээ арай ядан тогтоож асуулаа. Танхимд цуглагсад, гадаа овоорогчид “Ю”-ын хариултыг тэсгэлгүй хүлээн нам жим.

-Энэ удаагийнхад тэгж болох байсан ч дараагийн удаа энэнээс ч том осол гаргаж бүр олон хүнийг сүйдлэх байсан.

Гэрч нарыг дуудаж хэлсэн ярьсных нь үнэн эсэхийг шалгалаа. Үнэн байна. Оронд нь очсон жолооч үнэхээр автобусны эвдэрлийг ажиглаж засчээ. Хэрэв тийм автобусаар хүн зөөсөн бол айхавтар осолд орж болох байсныг баталлаа. Гол нь тэр ээлжинд 57 зорчигч сууж явсан гэнэ. Үүнийг бүх гэрч нар нэгэн дуугаар батлав.

Танхимд цуглагсад бүгд суудлаасаа босон алга нижигнүүлэн ташлаа. Гадаа цугласан баярлаж хөөрсөн олон түмэн ура хашгиралдан баяр хүргэж цонхны зүг цэцэг шидэцгээнэ. Шүүгч босож хөшгөө татаад тэдэн зүг гараараа даллаад цонхны тавиурт овоорсон цэцэгнээс хэсгийг аваад шүүгдэгч “Ю”-руу ойртон тэвэрч аван үнсэж цэцгээ гардуулахдаа мэхийн ёслов.

-Энэ хүн бол алуурчин биш аврагч байна. Олон хүний амийг аварчээ. Шийтгэх биш шагнах хэрэгтэй гэж чангаар мэдэгдээд “Ю”-д хандан

-Та одоо чөлөөтэй. Танаас уучлал гуйхын зэрэгцээ гүн хүндэтгэл үзүүлж буйг минь хүлээн авна уу!

Ингээд мөнөөх цус болсон бэйсболын цохиурыг “Ю”-д хүндэтгэлтэйгээр гардуулав.

Зурагтын шууд нэвтрүүлгийг хөтөлж асан нэвтрүүлэгч бүсгүй Төрийн ордон дахь өөрийн тусгай сурвалжлагчтай холбогдон энэ талаар улсын Ерөнхийлөгч ямар сэтгэгдэлтэй байгааг лавлав. Дэлгэц дээр хөөр баяр болсон Ерөнхийлөгчийн дүрс тодорлоо. Тэрээр “Ю”-г эрин зууны суут хүн гэж магтаад ийм их гавьяа байгуулсан учраас улсынхаа бүх одон медаль, цол хэргэмийг бүгдийг нь нэг дор олгож алдар гавьяаг нь мөнхжүүлэх зарлиг тушаалаа тунхаглаад шууд ширээнийхээ ард суун зарласан шийдвэртээ гарын үсэг зурав. Тэрээр зарлигаа уншиж сонсгоод сая үсэг зурсан жуухаа дэлгэж олон түмэндээ харууллаа. Мөн энэ өдрөөс “Ю”-г Ерөнхийлөгчийн шадар сайдаар томилж байгаагаа зарлав.

Үүнээс хойш хүмүүс “Ю”-г хаа явсан газар нь дагах болсон төдийгүй гарч ирэхийг нь хүлээн гэр, ажлынх нь гадаа олон цагаар зогсох боллоо. Гол шалтгаан нь мөнөөх бэйсболын цохиурт нь оногдож ирээдүйд учрах гамшгаасаа аврагдах гэсэн горьдлого. Мань эр ч гэнэ гэнэ хэн нэгнийг цохиураараа балбан хүнд хөнгөн гэмтээх ба тэр болгонд “хохирогч” хачин баярлан талархаж, гэмтэл шархаа үл тооно. Тархиа цоо цохиулж газар дээрээ нам үхсэн хүн ч хэд хэд бий. Түүнийг улс даяараа хүндэтгэн бишрэх болжээ.

Хожим хэн нэгний ярьснаар мөнөөх солгой зодоонч, төмсгөө бяцлуулдаг анчны тухай шүүх хурлаас хавьгүй өмнө нэгэн сонинд тодорхой ярилцлага мэдээ хэвлэгдсэн гэх. Гэвч хэн ч тэр сониныг олоогүй. Харин осолд орж үхэх байсан 57 зорчигчийн азтай хувь заяанд олон түмэн нэгэн утгаар үнэмшиж байгаа. Хэн ч энэ явдлыг сөрж үгүйсгэсэн тохиолдол гараагүй. Мань 57 ч энэ тухай маш олон ярилцлага өгч “Ю”- д баярлаж талархсанаа илэрхийлсээр.

2020.02.22

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлууд

10.00 цагт ОБЕГ-т Улсын онцгой комисст иргэн, аж ахуйн нэгжүүд хандив өргөнө. Утас: 99007969, 86150069,

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ.

12.00 цагт ЭМЯ-наас эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардуулна.

12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшүюзан Д.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлнэ.