Categories
мэдээ нийгэм

Аюулгүйн нөөцийн өвсийг дунджаар 5,500 төгрөг, тэжээлийг 11,800 төгрөгөөр малчдад хүргэж байна

2019 онд 22.4 сая толгой төл бойжуулан, 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын сүргийн тоо 70.9 сая толгойд хүрчээ.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 60 хувь нь цастай байгаа бөгөөд улсын хэмжээнд 8 аймгийн 32 сум цагаан зудын, 15 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна.

Хоёрдугаар сарын 20-ны байдлаар Увсын Малчин, Улаангом, Тэс, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Баянхонгорын Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Өвөрхангайн Хархорин, Булганы Тэшиг, Хэнтийн Баян-Овоо, Өлзийт, Хэрлэн, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Түвшинширээд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж улсын нөөцийн 2,303 тонн өвсийг үнэгүй, 2,025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Завхан, Хөвсгөлийн гурван сум тус бүрт нэг буюу нийт долоон автомашин өвс олгох шийдвэр гаргасан байна.

Одоогоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 5,862 тонн өвс, 4,134 тонн тэжээл байгаа бөгөөд аюулгүйн нөөцийг Баян-Өлгий аймгаас бусад аймгууд малчдад борлуулах ажлыг зохион байгуулж буй аж.

Өвсний үнэ 4,000-13,000 төгрөг, тэжээлийн үнэ 11,500-26,000 төгрөгийн хооронд харилцан адилгүй байгаа бол аюулгүйн нөөцийн өвсийг дунджаар 5,500 төгрөг, тэжээлийг 11,800 төгрөгөөр малчдад хүргэж байна.

Аймгуудаар 2,379 тн өвс, 1544.5 тн тэжээл худалдаалж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Түүнчлэн гурилын үйлдвэрүүдээс авсан судалгаагаар гуравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 6,100 тонн хивгийн нөөц байгаа бөгөөд аймаг, орон нутгаас авсан мэдээгээр хаваржилтад 5,500 тн өвс, 3,000 тн тэжээл шаардлагатай аж.

Одоогийн байдлаар улсын болон орон нутаг, үйлдвэрт байгаа тэжээлийн нөөцийг харахад өвс, тэжээлийн хангамж хүрэлцээтэй байхаар байна.

Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүүхдийн хөгжих, сурах, эрүүл, аюулгүй амьдрах, эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхийг зөвлөлөө

Шинэ төрлийн короновирус буюу COVID-19 халдварын дэгдэлтийн эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/43 дугаар тушаал батлагдсан.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан, Улсын онцгой комиссын шийдвэрээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, цэцэрлэг, сургуулийг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс мөн өдөр хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Энэхүү хорио, хөдөлгөөний хязгаарлалтын хугацаанд ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын телевизүүдийн холбоо хамтран “Теле хичээл”-ийг зохион байгуулж буй.

2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-д нийт 6,053 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна.

Иймд ЕБС-ийн удирдлага, багш нар, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн хөгжих, сурах, эрүүл, аюулгүй амьдрах, эрсдэлээс хамгаалах нөхцөлийг дэмжсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зөвлөжээ.

Үүнд:

  • Сургуулийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас өгч байгаа мэдээллийг цаг алдалгүй онлайн хэлбэрээр хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх;
  • Сургуулийн “Дэмжлэгийн баг”-ийн гишүүд сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан цаг үеийн болон сургалт, эрүүл мэнд, болзошгүй осол, гэмтлээс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөлтийг хийж, соён гэгээрүүлэх ажлыг онлайн хэлбэрээр зохион байгуулах;
  • БСШУС-ын сайдын А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, боловсруулах аргачлалын дагуу хүүхдийн хэл яриа-танин мэдэхүй, хөдөлгөөн-бие бялдар, харилцаа-нийгэмшихүйн хөгжил гэсэн гурван айн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулга, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж, сургуулийн facebook групп, цахим шуудангаар тогтмол хүргэж ажиллах;
  • Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслахдаа заавал онлайн хэлбэрээр ажиллах нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг анхаарах;
  • Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэдэггүй хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын хувьд сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд сурагчдын хөгжих, сурах онцлог хэрэгцээг харгалзан арга зүйн болон сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, дасгал, даалгаврын санг боловсруулж, цахим орчинд байршуулж, онлайн хэлбэрээр дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх олон загварын хамгийн чухал загвар болох “Гэр бүлд суурилсан хүүхдийг хөгжүүлэх загвар”-ыг эцэг эх, асран хамгаалагчид анхаарч та өөрийн хүүхдэдээ хамгийн нэн тэргүүнд шаардлагатай байгаа өөртөө үйлчлэх чадварыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна.
    Жишээлбэл: Олон нийтийн газраар явахгүй байх, явсан тохиолдолд тогтмол амны хаалт зүүх, гараа бохирдсон эсэхээс үл хамааран тогтмол савандаж угаах, чанартай хүнс хэрэглэх, дулаан хувцаслах, гэр бүлдээ, бие биедээ санаа тавих, эерэг уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлийн тайван амгалан байдлыг эрхэмлэх, ханиалгах, найтаах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандах гэх мэт багтжээ.
COVID-19 халдварын дэгдэлтийн эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь ТА гэр бүлээ, ах дүү, найз нөхөд, эх орноо хамгаалахад оруулж байгаа ХУВЬ НЭМЭР гэдгийг байнга санаарай.
Categories
мэдээ нийгэм

Тариаланчид Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт гаргажээ

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, орлогч дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин нарт хандаж хүсэлт гаргалаа.

Хүсэлтдээ “Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны, сайд Ч.Улаан нь 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128,000,000,000 гаруй тэрбум төгрөгөөр 160,000 тонн улаанбуудай худалдан авах тендер зарласан байна. Уг тендер хэрэгжиж гадаадаас өндөр үнээр, чанар муутай улаанбуудай буудай худалдан авснаар газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 2,000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, тариаланч нар ирэх хавар улаанбуудай тариалах шаардлагагүй болж, дампуурч, үүд хаалгаа барихад хүрэх болоод байна.

Газар тариалангийн салбарт тариа тарьж, үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьнаар Монгол Улсын хүнсий аюулгүй байдал алдагдаж, гол түүний эд, стратегийн хүнс болох улаанбуудайгаа өндөр үнээр, гадаадаас худалдаж авдаг, гадаад орнуудаас 100% хараат болох аюул, эрсдэл ойрхон байна” гэжээ.


Categories
мэдээ нийгэм

Япон улс хилээр нэвтэрсэн иргэдийг 14 хоног хөл хорионд байлгах шийдвэр гаргажээ

Япон Улсын Засгийн газар шинэ коронавирусийн халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Онц байдал зарлах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг 10-ны өдөр Парламентдаа өргөн барьж, улмаар 13-ны өдөр соёрхон батлуулахаар ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газрын коронавирусийн асуудлаарх Ажлын хэсгийн 3 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас хил гаалийн хяналтыг бэхжүүлэх чиглэлд БНХАУ, БНСУ-аас Япон Улсад зорчих иргэдийг зөвхөн Нарита болон Кансай олон улсын нисэх онгоцны буудлаар хүлээн авах, Японы хилээр нэвтэрсний дараа хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд байлгах, мөн Японд олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байхыг уриалах зэрэг арга хэмжээ авч ажиллахаар тогтжээ. Эдгээр арга хэмжээг энэ сарын 9-ний өдрөөс сарын сүүл хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх аж.

Мөн энэ сарын 7-ны 00:00 цагаас эхлэн БНСУ болон Ираны зарим мужаас Японд зорчих иргэдэд хилийн хориг тогтоох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Арван настай охин цуглуулсан мөнгөө ОБЕГ-т хандивлалаа

“Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч И.Бямбасүрэн охин өнөөдөр Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200,300 төгрөгийг гардуулан өглөө.

Тэрбээр шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр болоод аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байгаа гэдгээ хэлээд нийт Монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрсэн сэжигтэй гурван иргэнийг тусгаарлажээ

2020 оны гуравдугаар сарын 5-ны 08:00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 6-ны 08:00 цагийн хооронд ОХУ-аас “Алтанбулаг” боомтоор орсон 196 тээврийн хэрэгсэл, 446 зорчигчийн биеийн халууныг хэмжин, зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийжээ. “COVID-19” халдварын голомттой бүс нутгаар зорчин ирсэн сэжигтэй гурван иргэнийг тусгаарлан Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлээд байна гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 98222 болжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 6-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусний халдвараар 3383 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 98222-д хүрсэн бол 55533 хүн эдгэрчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа, хөгжлийн банк жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “BEST” хөтөлбөрийг “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлнэ

Худалдаа, хөгжлийн банк нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

“Хөгжлийн шийдэл” ТББ нь BEST хөтөлбөрийг 5-н жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Худалдаа, хөгжлийн банктай жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг, форум зохион байгуулах, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилтуудын хүрээнд хамтран ажиллана.

Худалдаа, хөгжлийн банк нь 2016-2018 онд “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сайжруулах, банк, санхүүгийн байгууллагаас зээлжих чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий “REACH” төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

Манай Улсад халдвар бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн дэгдэлттэй холбоотой нөхцөл байдлын мэдээллээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нарын албаны хүмүүс оролцлоо.

ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр энэ сарын 2-11 хооронд манай улсад ажиллана. Уг яаралтай тусламжийн багаас Засгийн газар, Эрүүл мэндийн яам яаралтай арга хэмжээ авч ажилласны үр дүнд Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй байгааг онцгойлон сайшаалаа.

Герман Улсаас хүрч ирэн ажиллаж буй яаралтай тусламжийн багийн ахлагч “Короно вирусийн онцлог шинж нь өвчтөний 80 хувь нь хөнгөн хэлбэрээр халдварладаг учраас зохих арга хэмжээг авлаа. Бид Улаанбаатар хотноо эмнэлгийн төлөөлөгч нартай уулзаж сургагч багш нарт сургалт зохион байгуулсан. Ингэснээр Монгол Улс вирусийн дэгдэлтийн үед эмнэлгийн бэлэн байдлыг хангах сургагч багштай болсон” гэлээ.

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр /2020.03.06/ халдварын голомттой бүс нутгаас 104 зорчигч ирсэн. Эдгээрээс 17 тохиолдлыг ажиглалтад авсан бол таван тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаж, 12 иргэнийг “Бага баян” амралтад тусгаарласан. Мөн Алтанбулагийн хилээр орж,Тайланд улсад зорчсон өгүүлэмжтэй нийт гурван иргэнийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан болохыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээгээр вирус илрээгүй. Энэ сарын 5-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д таван хүн, Дархан-Уул аймагт гурав, нийт найман хүнийг ажиглалтад аваад байна. Өнөөдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн биеийн байдал хэвийн ч халуурсан, ханиалгасан зовиуртай тул ажиглалтад авсан” гэв.

Ингэснээр нэгдүгээр сараас хойшхи хугацаанд улсын хэмжээнд 855 иргэнийг ажиглалтад авсан бөгөөд одоогор 476 иргэн ажиглалтад байна. Харин сэжигтэй гэдэг тохиолдлоор 256 тохиолдолд хяналт шинжилгээ хийжээ.

Categories
мэдээ нийгэм

УОК-ын уриалгыг дэмжин аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

УОК-ын уриалгыг дэмжин аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаас спирт, архины үйлдвэрүүдийг түүхий эдээ архи биш ариутгалын бодис хийхэд шилжүүлэн ашиглах уриалгыг гаргасан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн гаргасан энэхүү уриалгыг дэмжин, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Жем Интернэшнл” ХХК-ийн хамт олон хүнсний болон ариутгал цэвэрлэгээний зориулалтын спирт, ажилчдынхаа нэг өдрийн цалингаа хандивласныг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Мөн Батлан хамгаалах яамны алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан батламжийг салбарын сайд Н.Энхболд гардуулан өгсөн юм.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг “АОДЭ Экьюпмент” ХХК мөн хандивын аянд нэгдлээ. Тус компани ажилчдынхаа нэг өдрийн цалин болон 2000 ширхэг амны хаалтыг хандивласан юм.

Улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжин, хүч нэмэн хандив өргөж байгаа компанийн удирдлага болон ажилчдад Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд “Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг, хамтын хүч, үр дүнд өнөөдрийг хүртэл манай улсад коронавируст халдвар бүртгэгдээгүй байна. Гэвч цаг ямагт анхаарал сэрэмжээ сулруулахгүй энэ эрчээрээ хамтран зүтгэе” хэмээн онцлон хэлсэн.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчдынхаа аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган, шаардлагатай хувцас хэрэглэлд хандивыг зарцуулахаа Монгол Улсын Шадар сайд энэ үеэр онцолсон юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.