Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цасаар шуурч, хүйтэрнэ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын 8-нд буюу маргааш төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар сарын 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, гуравдугаар сарын 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи гуравдугаар сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, гуравдугаар сарын 11-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, гуравдугаар сарын 9, 10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нэр дэвшигч бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор дээрх хууль бус сурталчилгааг хориглосон.

Түүнчлэн сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно хэмээн СЕХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна

Шинэ коронавирус /Covid-19/-ний тархалт, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. 2020.03.06-ний өглөөний 06:30-д Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн Д.Болдбаатар даргатай 17 вагон бүхий зорчигч тээврийн 12 дугаар цувааны ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавин ажиллаа. Аялалын үед цувааны зорчигчийн вагонд 2 цаг тутамд болон өртөө зөрлөгүүдэд зорчигч бууж, суух үеэр зориулалтын уусмалаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж хэвшсэн байна.

Энэ үеэр мэргэжлийн хяналтын газраас гаргасан дээрх халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай сэрэмжлүүлэг бүхий аудио бичлэг болон 30 ш зөвлөмж өгч, аудио бичлэгийг цувааны узелээр 2 цаг тутамд нэвтрүүлэх, цаашид үүнийг хэвшүүлэхэд анхаарч хамтран ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

“Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд хандивын аянд нэгдлээ

Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж, өөрсдийн халуун сэтгэлийн хандиваа өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Ахмадууд Монгол хүн бүр өөрийнхөө болоод бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг даган биелүүлж, хамтдаа шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэхэд гар бие оролцохыг уриалж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм

Таримал ургамлын үр хадгалах, худалдаалах үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

МХЕГ-аас БЗД-ийн нутаг дэвсгэрт таримал ургамлын үр хадгалах, худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын таримал ургамлын үр нь тарих үрийн чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор хяналт шалгалт хийж байна.

Шалгалтад Арвиншимт газар, Ногооны үр, Хүнсний ногооны үр, Таримал ургамал, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо, Элит үр компаниуд хамрагдсанаас нийт 18 гаруй нэр төрлийн хүнсний ногооны үрийн дээжийг авч МХЕГын лабораториудад шинжилгээнд хамрууллаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.




Categories
мэдээ нийгэм

​Мөнгөн ус худалдаалах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо, Хангай хотхоны байрны авто зогсоолд кроун загварын суудлын автомашинд Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн дарга шалгалт хийжээ.

Улмаар Улаанбаатар хотын харьяат 48 настай эрэгтэй Б, 54 настай эрэгтэй П, 56 настай эрэгтэй Н нар “Луна” гэсэн хаягтай ягаан өнгийн нэг кг орчим жинтэй химийн бодисыг худалдан борлуулах гэж байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас энэ сарын 5-ны өдрийн 17.40 цагт дүүргийн онцгой байдлын газарт ирүүлсэн аж.

Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын химийн мэргэжилтэн улаан мөнгөн ус болохыг тогтоож, цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш Увсын зүүн, Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 06-ны 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь-үүр голын хөндийгөөр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-үүр голын хөндийгөөр 10-15 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 4-9 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад хэсгээр 1-6 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

2020 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 9, 10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг МАН-ын Бага хурлаар шийдвэрлүүлнэ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдлаа.

Хуралдаанаар тус намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг МАН-ын Бага хурлаар оруулж, шийдвэрлүүлэхээр болсон байна.

Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан орон даяар зохион байгуулсан УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын рейтингийн судалгааг танилцуулсан байна. Мөн намын удирдлагын зүгээс нэр дэвшигчдээс мөнгөн хандив, төлбөр авахгүй гэдгээ мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсний зузаан нимгэрч байгаа тул мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан, хэврэгшиж байна.

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч, мэргэжилтнүүдийн баг ОХУ-д туршлага судалж байна

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан эмч, мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна

ОХУ нь дэд бүтэц өндөр хөгжсөн халдварт өвчний үед хариу арга хэмжээний туршлагатай орнуудын нэг билээ. Тиймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусын халдварын 2 тохиолдлыг бүрэн эмчилж чадсан.

Өнөөдрийн байдлаар, тус улсад нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байна. Иймээс бид ойрын хөршийнхөө коронавируст халдвараас сэргийлэх, оношлох, хариу арга хэмжээний туршлагаас судлахаар ЭМЯ, ГХЯ хамтран Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч, мэргэжилтнүүдийн багийг томилон ажиллуулж байна.

Багийн гишүүд өнөөдөр Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд коронавируст халдвар (COVID-19)-ын халдвар гарсан улсаас ирсэн зорчигчдод тавьж буй эрүүл мэндийн хяналт, шинжилгээний үйл явцтай нэг бүрчлэн танилцлаа.

Багийн гишүүдтэй ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна.