Categories
мэдээ нийгэм

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН УДИРДЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын удирдлагад хариуцлага тооцлоо

Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч “Б” нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Дээрх асуудалд Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон албаны шалгалт явуулж, дүнг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Тус хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батзориг нарыг алба хаагчдадаа тавих өдөр тутмын хяналтаа сулруулсан, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд албан тушаал бууруулсан юм.

Галт зэвсэгтэй харьцах үеийн аюулгүй ажиллагааны заавар, журмыг зөрчсөн тус цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батсуурийг албанаас дутагдлаар халж, холбогдох хэргийг нь АТГ-т хуулийн дагуу шалгуулахаар шийдвэрлэжээ.

Мөн хуралдаанаас алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалган зааварчлах, мэргэжлийн удирдлагаар хангах, галт зэвсгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтад хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр нийт 10 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулж хариуцлага тооцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал энэ сарын 06, 07 –ны өдрүүдэд Сүхбаатар Хэнтий, аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

​Тэнгэр тэнгисийн савслага Доминика

Арлуудын хооронд нисэх, цөөхөн хүний суудалтай, жижиг онгоцонд хөлийн хурдаар гүйж ам мөлтөс амжиж орсондоо би ихэд баяртай байлаа. Бие амарч, сэтгэл тайвширч орчин тойрноо анзаарахтайгаа болов. Хажуу бөөрнөөс халуу дүүгтэл шахах сүрлэг хар хүүхэн миний суудлын бараг талыг эзэгнэчихлээ. Хөл гар хумигдан хавчигдаж тавгүйхэн яваа байдал минь тийм удаан үргэлжилсэнгүй. Суудал зэрэгцсэн алаг нүдэн бүсгүй дуу зөөлөн, ааш ялдам, яриа хөөрөөтэй нэгэн аж. Сүүлдээ бүр орон нутгийнхаа элдэв хөгтэй явдлаас ярьж гарлаа. Би инээд муутай. Харин өнөөх маань нулимс муутай гэж жигтэйхэн юм. Жижиг цэцэгтэй алчуур гаргаж ирээд л байн байн нулимсаа арчаад л инээнэ.

Хөгжилтэй байхад цаг хугацаа харвасан сум мэт өнгөрдөг хойно доо, нэг хартал Антигау ба Бар будагаас хөөрсөн 50 минутын нислэг дуусч Доминика /хуучнаар Британийн Хамтын Нөхөрлөл өдгөө бол Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл / улсын нисэх буудал “Дуглас Чарльзис”-д газардах нь тэр.

Доминика улсын хүн ам 71 мянга, нийт газар нутаг нь 746 км2 гаруй. Манай Төв аймагтай ойролцоо гэсэн үг. Удаж төдөлгүй буудалдаа очих байх гэсэн таамаглал маань буруудав. Уул ороосон цагирган нарийхан замыг зогсолтгүй сүлжин давхилаа. Машины цонхоор эцэс төгсөлгүй хөврөх ой мод жирэлзэнэ.

Өтгөн шигүү битүү ойд дарагдах арлын орнуудад “тал газар, уудам хөндий” гэдэг нүдний гэм, хамгаас үнэтэй. Тэгш талбай гаргах, машин зам тавихад их хэмжээний хөрөнгө мөнгө, ажиллах хүч, машин техник шаардагдана. Өдөр сараар үргэлжлэх усархаг борооны улиралд дэвтэж зөөлөрсөн газрууд модтой, үндэс хөрстэйгөө тэр чигээрээ нурах нь толгой өвтгөсөн том асуудал гэнэ. Аварга том хад чулууд сууриараа ганхан суларсаар нурах нь энүүхэнд бололтой. Заримдаа хүчтэй хар салхи дайран өнгөрөхдөө бүхнийг орвонгоор хэмх шидэх тул зам талбайг байнга арчилж засах шаардлагатай эндэхийнхэн нүүр тулдаг ажээ.

Давхиж давхиж цаг гаруй болсны дараа Розохотын бараа харагдав. “Порт Ян” хэмээх тэнгисийн хуучин боомт түүхт зочид буудалд ирэхэд аль хэдийнэ үдшийн бүрий нөмөрчээ. 1770 онд анхны амбан захирагч, англи ноён Вилльям Ян цэрэг дайны зорилгоор энэхүү хуучны цайзыг бариулжээ. Хад чулуу холин зуурсан бөх зузаан ханатай энэ цайзын гол хаалганы хоёр талд сүглийх эртний их бууны баримал сүртэй гэж. Тэнгисийн дайн тулааны түүхийг өгүүлэх мэт мэдрэмж төрүүлнэ.

Овойж товойсон булчинтай, зүлгэж тосолсон хүрэл баримал мэт зүс царайтай сүрдэм өндөр хоёр эр нүүр дүүрэн инээн биднийг угтаж хүнд ширмэн хаалга нээн ачаа сав зөөлөө. Далдуу моддын навчис сэррчигнэж, тэнгисийн ус шуугин цалгих нь нэн таатай. Задгай хоолны талбайд дүүрэн хүн. Нутгийн дуу хангинасан орчинд оройн хоолоо идэх хүмүүс ширээнд тухалцгаажээ. Загасны сайрс шиг мөнгөн саатай, тас бариу даашинзтай бүжигчин үегүй мэт гунхалзан бүжиглэнэ. Буудлын залуус, биднийг газарчилан явсаар, эгээ л загас эхнэр хэмээн андуурам сайхан хүүхний хажуугаар зөрөн лифтэнд оруулав.

Өглөөний эртэд Карибын тэнгис юутай үзэсгэлэнтэй. Хөх тэнгэр хязгааргүй их усаар хөвөх мэт, их усны дээгүүр мандах нарны туяанд тэнгис толь мэт гялбана. Хотон шувуутай төстэй сүрлэг цагаан шувууд хаа нэгтээ загас шүүрч, моторт завьтай загасчид усан дээгүүр цагаан зам татуулан нисэх адил хурдална. Доминикийн нийслэл Розохотын оршин суугчид 14 мянга гаруй. Тэнгисийн эрэг дагасан намхандуу өнгөлөг хөөрхөн байшин барилгуудтай, гудамж талбай нь цэвэрхэн, төөрч будилах зүйлгүй, амар амгалан газар юм. Буудлаас тав алхаад л байгалийн түүх, соёл урлаг бүгдийг багтаасан музей таарав. За тэгээд жижигхэн зуушны газар, худалдааны задгай зах, усан онгоцны зогсоол гээд үргэлжилнэ.

Тэртээх 1493 оны арваннэгдүгээр сарын 3-ны ням гаригийн нэгэн өдөр домогт Кристофер Колумб энд ирж, Доминика – ням/латин/ хэмээх нэр хайрлаад явчихсан ажээ. Үүний дараагаар испаничууд урт удаан хугацааны туршид ноёрхож, дараа нь францчууд эрх мэдлээ бага багаар ахиулсаар 1160 онд гэхэд уг арлыг зорьж ирэн суурьшжээ. Хожим нь 1805 оноос Британийн колони байж байгаад 1978 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн тусгаар улс болсон байна. Карибын орнуудын нэгэн ижил,хүн амынх нь 80 гаруй хувь африк гаралтай. Бусад нь уугуул нутгийнхан болон өөр олон үндэстнүүд холилджээ. Англи хэл албан ёсны хэл нь хэдий ч францаар ярьцгаана.

Доминика улсын өөр нэг нэр нь “Түмэн бодист байгалийн арал”. Энэ нэр нь илүү оносон гэмээр. Өндөр сайхан уулс, өтгөн ногооной, торгон элстэй эргүүд, 360 орчим том жижиг нийлсэн тунгалаг гол горхи, үзэсгэлэнт хүрхрээ, алдартай халуун рашаан, 195 төрөл зүйлийн шувууд, олон янзын цэцэг ургамалтай гайхамшигтай улс юм. Хараа булаасан үзэсгэлэнтэй цэцэгт хүрээлэнгүүдийг нь онцлохгүй өнгөрч болохгүй. Энэ улсын байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд дэлхийн өвд орсон төдийгүй, хаана ч байхгүй ховор сайхан тоть шувуу энд бий. Доминика улс “Сиссерио” нэртэй ногоон торго адил гоёмсог өдтөй тоть шувуугаа төрийнхөө далбаанд залсан нь тохиолдлын хэрэг биш юм.

Махир хошуутай, ногоон голдуу зүстэй “Сиссерио” тоть шувууд хамгийн ухаантай шувуудын нэгэнд тооцогддог. Заримынх нь хүний дуу хоолойг дуурайх чадвар гайхам. Тиймээс ч олон өдөр, сараар дээрэм тонуул хийж аялах далайн дээрэмчид муур, нохойг хоол их иддэг арчилагаатай гэж төвөгшөөдөг хэрнээ тоть шувуутай байнга явдаг байж. Гоёмсог өдтэй тоть шувууд үргэлж эрэлт ихтэй учраас шувууны зах дээр очоод өндөр үнээр зардаг байсан гэнэ. Тэжээхэд хялбар, хямд жаахан үр, самар, жимс л хангалттай учраас далайн дээрэмчид тоть шувууг төвөгшөөлгүй замын хань болгодог байжээ. Аян замын хол, их уснаас өөр бараагүй урт өдрийг ромдарстай найзалсан шигээ өнгөрөөдөг далайн дээрэмчдэд заасан үгийг нь дуурайж хэлдэг тоть шувууд зугаатай байхаас аргагүй биз.

“Карибын тэнгисийн дээрэмчид“ цувралын “ Үхсэн эрийн авдар” конионы зураг авалтын хэсгийг Розо хотоос холгүйхэн газар авчээ. Нэрт жүжигчин Жон Кристофер буюу Жонни Деппийн тоглосон газар “Хаймпстэй” далайн эрэг хавийг сонирхохоор нутгийн хүүхэн Тияагийн шинэхэн машинд суулаа. Тияа машиныхаа хөгжимөө чанга гэгч тавиад Карибын эргийг дагаад давхиж гарлаа. Хөгжмөө давах гэж бараг хашгирч ярьсаар, наргил жимстэй дал модод өтгөн шугуй, хад цохиот арлын хормой, хар элст эрэг хөвөөг үзэж сонирхов. Сүүлдээ бүр загасчдын жижиг тосгоноор хүртэл дайрав.

Тэнгисийн цагдаа нар тосгоны иргэдэд усны амьтад, загас жараахай, шүр, ургамлыг хэрхэн хамгаалах талаар сургалт хийж байтай таарав. Хөгшид хүүхэд голдуу харагдана. Арлын дундуур явахад 2017 оны гамшигт хар салхи Мариа ямар их сүйрэл учруулсан нь мэдэгдэнэ. Одоог хүртэл янзлан засаж байгаа гэнэ. Тэндээс буцаж явтал, өглөө таарсан зам засврын залуус биднийг таньж гар даллан инээмсэглэсээр үдэв. “Эднийг хараач, өглөө яг л энд сууж байсан, одоо бас л сууцгааж байна” гэж цухалдангуй хэлээд толгой сэгсэрч байна. Төд удалгүй хот руу орж ирлээ. Би Хөдөө аж ахуйн яамныхны зохион байгуулсан худалдаа яармагийг зүглэв. Асар сүүдрэвч эгнүүлсэн талбайд хоолны хурц үнэр ханхийнэ. Өндөр өндөр биетэй нутгийн хүмүүс загас жараахай, амтат төмс амтлангаа гар урлал, гоо сайхан, гоёл чимэглэлийн зүйлс сонирхоно. Захын хана дагуулан 100-гаас дээш насласан, олон хүний зургийг тайлбар бичигтэйгээр эгнүүлжээ. Өндөр настнууд нь энэ улсын нэгэн бахархал аж. Энд ирсэн гадны жуулчид хотоор бараг үзэгдэхгүй. Далайд гарч, халим, шувуу харж, дельфин үзэж, усны гүнд шумбаж, эрэг хавиар сэлж, уул хадаар аялцгаана. Зарим нь нутгийн шувуу дурандаж, цэцэг ургамал сонирхож ой модонд өнжинө. Харин Америкаас ирсэн тусгай анчид далайн хорт загас крылатки- зебра судалт /арслан загас ч гэж нэрлэх/ хэмээх намирсан хурц гоё өнгөтэй загасыг агнахаар урт жад, гэрэлтүүлэгч, хүчилтөрөгч үүрэн, далайн усанд шумбацгаана. Тэд 30 метрийн гүн хүртэл ёроол руу шумбаж загас ангуучилна.

ЮНЕСКО- гийн байгалийн өвд бичигдсэн дэлхийн хамгийн үзэсгэлэнт, онгон зэрлэг газрын нэг бол яах аргагүй “Маргад ногоон өнгөт” цөөрөм билээ. Нов ногоон ой дундаас сүндэрлэн харагдах хөлөрсөн хүрэн хавцлаас сүр жавхлантайгаар шуугин унах хүрхрээ жинхэнэ онгон байгалийн нүд унагам үзэсгэлэн хийгээд сүрдэм хүчийг мэдрүүлнэ. Чийг цохисон мөлийсөн хөх үхэр чулуунууд дээр ургах нов ногоон хөвд яг л хөвөн мэт зөөлхөн. Нэрийг нь үл мэдэх яв ягаахан жижигхэн хөөрхөн цэцэг энд тэнд харагдах нь зохисон гэж. Усны тунгалаг, агаарын ариухан шувуудын жиргээг сонсоход үлгэрийн орон гэж өөрийн эрхгүй хэлмээр. Биднийг дагуулж явсан газарч “Маргад ногоон цөөрмийн ус их ид шидтэй, нүүрээ булхвал үзэсгэлэн гоо болно, бүтэн биеэ булхан шумбавал мөнхийн залуухан болдог” хэмээн хошигнож явав. Тэнгэр тэнгисээр урсаад байгаа мэт, ургамал модод нь усан дороос урган найгаж байгаа мэт байгалийн сайхан улс юм билээ, Доминика.

Д.АЗЗАЯА

Categories
мэдээ нийгэм

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

No photo description available.

No photo description available.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний Шилдэг бүтээлийн эздийг тодруулав

Ерөнхий сайдын ивээл дор Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн уралдааныг Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан зарласан билээ.

Уралдааны дүн гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлчид, телевиз, радиогийн хамт олны шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.

Үндэсний шилдэг хөтөлбөртэй телевизээр “UBS” телевиз шалгарч өргөмжлөл, цом, 100 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Шилдэг хөтөлбөртэй радиогоор “Дэлхийн Монголчууд MGL RADIO 88,3” шалгарч, 20 сая төгрөг, өргөмжлөл цом гардлаа.

Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн эздээр “Маамуу” хүүхэлдэйн киногоороо “Монгол Контент” ХХК, “Найзууд” нэвтрүүлгээрээ “Хэмнэл радио 91,7”-ийн уран бүтээлчид тодорлоо.

“Монгол төрийн мэргэн өвөө” нэвтрүүлгээр “Жи интертайнмент” нэгдэл, “Өнөө өглөө” шууд нэвтрүүлгээр “Монгол HD” телевиз тус тус шилдэг бүтээлийн эзэд болов.

Цаашид бүх нийтийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудын үндэсний өв соёлын дархлааг тогтооход чухал үүрэгтэй телевиз радиогийн бүтээл туурвигчдын дунд шагналын өндөр сантай энэхүү уралдааныг уламжлал болгон явуулахаар төлөвлөж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулах үеэр мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Бадрал: Ялалтын баяраар Мариинскийн театрт дуулна

Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Бадралтай ярилцлаа.

-Та аль нутгийн хүн бэ. Бага нас тань хаана өнгөрөв?

-Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. Аав, ээж минь одоо ч нутагтаа аж төрөн суугаа. Бага нас минь бусдын адилаар л өнгөрсөн. Хурдан морь унаж, хөдөөний хүүхдүүд яаж өсч торнидог тэр байдлаар л өссөн. Арван жилийг сумынхаа сургуульд төгсөөд 2006 онд дуучин болох гараа маань тавигдаж, Улаанбаатар хотод ирж байлаа.

-Хэзээнээс Цэргийн дуу бүжгийн чуулга гэх их айлд харьяалагдах болов?

-Цэргийн дуу бүжгийн чуулга гэж агуу түүхтэй энэ сайхан байгууллагыг Монголын ард түмэн сайн мэддэг. Маш олон сайхан түүхийг бүтээсэн чуулга. Энэ жил чөлөөлөх дайны 75 жилийн ой тохиож байгаа. Чөлөөлөх дайнд Цэргийн дуу бүжгийн чуулга урлагийн байгууллагыг төлөөлж, урлаг соёлоо түгээж явсан түүхтэй. Энэ бол бидний хувьд онцлох ойн жил байгаа. Чуулгадаа би 2008 онд орж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 12 жил чуулгатайгаа, хамт олонтойгоо ажиллаж байна. 12 жилийн хугацаанд багагүй зүйлийг хийж бүтээжээ. Миний хувьд дуучин, уран бүтээлч болох хүмүүжлийг эндээс олж авсан. Цэргийн байгууллага учраас хувь хүнийг маш их төлөвшүүлж, хүмүүжүүлдэг сайхан газар. 2012 онд ОХУ-ын хөгжмийн академид суралцахаар явлаа. Тэр академид өөрийн мэргэжлийн дагуу дуурийн дуучнаар суралцаад 2018 онд дуурийн гоцлол дуучин, дуулах ур зүйн багш мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор чуулгадаа ажиллахын зэрэгцээ Европын орнуудад тэр дундаа Итали улсын олон театртай гэрээгээр ажиллаж, дэлхийн олон сайхан сонгодог дууриудад дүр бүтээгээд явж байна. Мөн 2019 оны арванхоёрдугаар сараас эхлээд ОХУ-ын алдарт Мариинскийн театрын гоцлол дуучнаар ажиллах гэрээ хийж, өдгөө Цэргийн дуу бүжгийн гоцлол дуучин, ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин хэмээн овоглох болоод байгаа.

-Таныг хүмүүс дэлхийд данстай хүн болсон гэж эхнээсээ хүлээн зөвшөөрч эхэллээ. Өөрийн тань хувьд дуурийн урлагт хэр байр сууриа олсон гэж бодож байна. Дэлхийн тайзан дээр дуулахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Дэлхийд данстай гэдэг нь та бүхний маань л миний хийсэн бүтээсэн, миний хийж байгаа зүйлд өгөх үнэлэлт. Түүнээс би өөрөө дэлхийн хүн болчихлоо, дэлхийн дуучин болчихлоо гэж хэзээ ч бодож байгаагүй. Дэлхий гэдэг маш өргөн уудам. Миний хувьд энэ өрөөсгөл ойлголт. Дэлхийд алдартай театрт би уран бүтээлээ туурвиж, дэлхийн хамгийн том тайзан дээр ч гарч үзлээ. Тэгж яваа хүний хувьд бахархалтай сайхан. Дуурийн дуучин хүн мэргэжлээрээ ажиллаад тэр тайзан дээр гараад зогсоно гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан зүйл. Дуурийн урлаг гэдэг өөрөө тэр чигээрээ хүний амьдрал, хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг харуулдаг, хөгжмөөр харуулдаг. Хэдэн зуун жилийн өмнө амьдарч ажиллаж байсан нөхцөлийг тэр чигээр нь өдийг хүртэл авч яваа том ертөнц юм даа. Бүх урлагийн оргил нь дуурь гэж ярьдаг. Тэр нь ч үнэн.


-Италийн олон театртай гэрээгээр ажиллаж байгаа гэж байна. Италийг сонгодог урлагийн өлгий гэдэг шүү дээ. Гоцлол дууг дуулаад тайзнаас буухад монгол хүн гэхээр таныг яаж хүлээж авдаг вэ?

-Италийн олон театртай гэрээ хийж ажиллаж байна. Энд бас зарим нэгийг нь дурдах нь зүйтэй гэж бодлоо. Сонгодог урлаг дэлхийн олон театруудын магнайд явдаг Италийн алдарт Ла Скала театртай гэрээ байгуулж ажилласан анхны монгол дуучин. Италийн Верона хотын алдарт Арена де Верона гэж дэлхийн хамгийн том задгай театр бий. Тэр театр 18 мянган хүний суудалтай. Тэнд уран бүтээлээ туурвих боломж олдсон. Мөн Италийн Палермо хотын Ла Симо хэмээх дэлхийд гуравт ордог театр байдаг. Тэнд дуулсан. Тэгээд Бари хотын Петруцелли гэж алдартай театрт дууллаа. Энэхүү театруудад монгол хүмүүс маш ховор очдог. Мэдээж хамгийн түрүүнд хаанаас ирснийг асуудаг. Монголоос ирсэн гэхээр Монголд дуурийн урлаг байдаг юм уу, театр байдаг уу, хэдэн жилийн түүхтэй вэ гэх мэтээр сонирхон асуудаг. Энэ бүхэнд улсынхаа нэрийг гаргаад явна гэдэг маш том бахархал, мөн хариуцлага. Мэдээж анх очиж байгаа хүмүүст хэл усны асуудал гарна. Анх очиж байгаа хүмүүст амаргүй байдаг. Тэр болгонд хичээнэ. Зөвхөн Бадрал гэхээсээ илүү Монгол гэдэг нэр давхар явж байдаг болохоор маш том үүрэг. Тэнд бас олон улсын уран бүтээлчид, дуурийн дуучид цуглана. Австри, оросууд их ирнэ. Сүүлийн үед Солонгосын дуучид сайхан дуулдаг болсон. Европ, дуурийн эх орон Италид гавьяат жүжигчин Э.Амартүвшин маань Монголыг төлөөлж салхийг нь хагалж анх явсан. Тэр хүний явсан зам, байгуулсан гавьяа, нэр хүнд дараа дараагийн үеийн д уучид болох бидэнд нөмөр нөөлөг болдог. Тиймээс энэ хүний замналаар явж байгаа уран бүтээлчид, дуучдын өмнөөс Э.Амартүвшиндээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Энэ оны төлөвлөгөөгөө гаргасан уу. Ойрын үеийн төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцаач?

-2021 оныг хүртэлх бүх төлөвлөгөө хуваариудаа гаргаад явж байгаа. Онцлох юм бол 2020 оны тавдугаар сарын 9-нд хойд хөршийн маань дэлхийн хоёрдугаар дайнд ялсны түүхт ой тохионо. Ялалтын баярын ойн хүрээнд Мариинский театрын баярын хөтөлбөрт Вердийн Айда дуурь орсон байгаа. Айда дуурьд Египетийн хаан Аманасагийн дүрд тавдугаар сарын 9-10- нд дуулна. Ирэх зун Унгарын Будапешт хотод зуны дуурийн фестивальд уригдсан. Түүнд оролцохоор яригдаж байна. Арваннэгдүгээр сард Германы төв театр Берлин Доч опера театрт Вердийн Абука дуурийн Абука хааны дүрд дуулна. 2021 он хүртэл олон театртай гэрээ хийсний дагуу ажиллаж байна. Мөн Оросын ард түмэн намайг багагүй таньдаг болсон. Сонсдог болсон. Тиймээс Оросын үзэгчдийн хүсэлтээр ирэх жилийн соёлын өдрүүдэд оролцож, Мариинскийн театрын концертын танхимд өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн.

-Эх орондоо хэдий хугацаагаар ирсэн бэ?

-Эх орондоо ирэлгүй нэг жил гаруй болсон байна. Саяхан ирлээ. Тэнд бол Бадрал гэдэг дуучин байдаг бол эх орондоо, нутагтаа очоод хорь гаруй жилийн өмнө байсан хүүхэд Бадрал хэвээрээ. Нутагтаа ээж, аавдаа очиж амрах хүсэл сонирхол ихтэй ч цаг зав бага гардаг л даа. Сая нутаг яваад ирэхэд маш сайхан байлаа. Ер нь хүн нутагтаа очоод ирлээ, маш сайхан тайвширлыг авдаг шүү дээ.

-Гадны үзэгчдийн сонгодог урлагийг хүлээж авах хандлага болон Монголын үзэгчдийнх хэр өөр байдаг вэ?

-Мэдээж хэрэг өөр. Үүссэн үүсэл гарлаасаа эхлээд. Манай монголчууд улсынхаа баяр наадам хүчит бөх, хурдан морио яаж үздэг билээ яг л түүнтэй адилхан. Монголчууд морин хуур, уртын дуугаа яаж сонсдог билээ яг л түүнтэй ижил. Баруун Европын урлаг гэдэг хэдэн зуун жилийн түүхтэй. Амартүвшин гавьяат бид хоёр Арена де Веронад ажиллаж байхдаа хоорондоо ярьж байсан юм. 18 мянган хүний суудал тоглолт эхлэхээс өмнө дүүрч байхад “яасан дуусдаггүй үзэгчид, яасан дуусдаггүй италиуд вэ” гэж толгой сэгсрэн ярьж байсан юм.

Гурван сарын турш өдөр болгон шахуу 18 мянган хүн пиг дүүрэн үздэг. Италийн үзэгч, сонсогчид маш том шүүмжлэгчид байдаг. Маш том шалгуур тавьдаг. Итали хэл дээр гадаад байна уу, итали дуучин байна уу хамаагүй, хэлээр нь яаж тод утга санаагаа илэрхийлж байна тэр болгоныг маш нарийн шүүлтүүрээр шүүдэг. Маш том шүүгчид сууж байдаг. Итали Европын үзэгчид энэ урлагийг маш сайхан ойлгож үздэг. Гэхдээ Монголын дуурийн урлаг ахицтай явж байна. Театр маань хэдэн жилийн түүхтэй билээ. Монголын хамгийн анхны дуурийн дуучин Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуай гээд ойлгоход л манай улсад дуурийн урлаг хэдий үеэс эхэлсэн гэдэг нь ойлгомжтой. Энэ хугацаанд маш хурдацтай сайхан хөгжлөө.

-Жилдээ ганц нэг ирэхдээ Цэргийн дуу бүжгийн чуулгадаа уран бүтээлээ хийж амжиж байна уу?

-Би Алтан соёмбот дуучин гэдэг нэртэй. Би чинь цэргийн чуулгаас гарсан цэргийн дуучин. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг дуулаад явахад маш их асуудаг.

Алтан соёмбо гэж ийм юм байдаг юм гэдгийг үзүүлэхэд маш их сонирдог. Түүнийгээ тайлбарлан танилцуулж энэ бол Монголын цэрэг хүчний бахархал, манай төрийн далбаан дээр байдаг бэлгэ тэмдэг. Энэ дотор гал, нар, сар, эвийн загас гэж бий гээд бэлгэдлүүдийг тайлбарладаг. Түүнийг маш сонирхон хүлээж авна. Тэр утгаараа Оросын үзэгчид намайг алтан соёмботой дуучин гэдэг. Монголын ассамбелийн дуучин гэдгийг мэднэ. Тиймээс ч би энд тэнд ярьж явах дуртай. Мэдээж энэ их ажлын хажуугаар чуулгадаа ирээд Офицеруудын ордон гэж нэрлэдэг чуулгадаа орж ирэхээр цаанаасаа хийморь сэргэдэг. Сайхан мэдрэмжүүд төрнө. Анх энэ чуулгын хаалгаар орж ирж байсан тэр л мэдрэмж эргээд буудаг даа. Олон сайхан нөхөд, уран бүтээлчидтэйгээ уулзаж хол ойрын сонин дуулгаж, ярьж суух сайхан байдаг. Чуулгынхаа Монгол цэргийн өдөр, Ялалтын баяр ч гэдэг юмуу томоохон ойн тоглолтууддаа оролцоно. Сүүлийн үед цэргийн чуулга, батлан хамгаалах салбар, Монгол Улсын зэвсэгт хүчин, Монгол Улс гээд улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг чиглэл маш их байна. Тиймээс цаг зав маш бага болсон. Заримдаа хоногийн 24 цаг багадах үе бий. Аль болох ойр ойрхон нутагтаа ирэх, ирсэн үедээ чуулга хамт олноороо орно. Шаардлага гарвал яам тамгын газраар орно. Тэгээд нутаг усаараа ороод цаг зав маш бага л гарах юм даа.


-Цэргийн дуу бүжгийн чуулгын 75 жилийн ой энэ онд тохионо. Хамт олондоо хэлэх үг бий байх?

-Миний явж байгаа уран бүтээл, амьдралын зам мөр уралдаан тэмцээнд гаргаж байгаа амжилт бүхний минь ард байдаг баг хамт олон, найз нөхөд, уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлье. Тэр дундаа хамт олон Цэргийн чуулгын удирдлагууд, Монгол Улсын зэвсэгт хүчинд талархаж явдгаа илэрхийлье. Хэдийгээр улс орондоо цөөхөн ирж байгаа ч гэсэн та бүгдийнхээ өгсөн үүрэг даалгаврыг амжилттай, нэр төртэй хамгаалж байгаа. Монголынхоо ард түмэн сонсогч та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй илүү амжилт гаргахыг хичээх болно. Цаашдаа та бүхнийхээ итгэл найдвар, сэтгэлийн их дэмийг дааж улам олон уран бүтээл, дэлхийн сонгодог бүтээл дуулж, Монгол гэдэг нэрийг чадлаараа гаргаж явахыг хичээнэ.

Мөн энэ жил чуулгын маань чөлөөлөх дайнд оролцсоны 75 жилийн ой болж байгаа учраас Цэргийн дуу бүжгийн чуулгыг үүсгэн байгуулсан үе үеийн уран бүтээлчид, дарга удирдлагууд, уран сайхны удирдлагууд, энэ чуулгаар дамжин гарсан уран бүтээлчиддээ ойн баярын мэндийг хүргэе. Ахмад дайчиддаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.


Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг шинэчилнэ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  журмыг шинэчилнэ

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцжээ.

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.

Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчтэй 20 хэсэгчилсэн талбайн 15 аж ахуйн нэгжийн ажлын явцын хэрэгжилтийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцууллаа. Нийслэлийн найман байршилд төсөл хэрэгжүүлж буй эдгээр аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй байна. 2014-2019 оны байдлаар дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 9229 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 3086 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөллүүдтэй уулзахад хөнгөлөлттэй зээлэнд хамруулж, борлуулалтын ажлыг нь дэмжиж өгөхийг хүсдэг талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай дуулгасан юм. Тэрбээр хэлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд журмын төсөлд өөрчлөлт оруулж шинэчлэх зайлшгүй шаардлагатайг онцолсон юм.

Хотын Захирагч С.Амарсайхан гэр хорооллыг дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг хохироосон төсөл хэрэгжүүлэгч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож, иргэдийг хохиролгүй болгох, мөн татвар төлөгчдийн хөрөнгөөр дэд бүтцээ татуулсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгийг шамшигдуулсан гүйцэтгэгч компаниудын нэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаж, Эрүүгийн хуульд заасан залилан луйврын шинжтэй гэмт хэргийн үйлдэлд хариуцлага тооцуулах, холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болгожээ.

Түүнчлэн журмын төслийг шинэчлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох албаныханд чиглэл өгчөө.

Categories
мэдээ цаг-үе

Бадарч ахынхаа тухай бодоход

Молхи миний сэтгэлдээ үргэлжид хайрлан санадаг хүмүүний нэг бол Бадарч ах билээ сэн. Буурал найрагчаа бодох бүрийд сэтгэл зөөлөн дулаан болдог. Сүүеэгээ, Долгорын Нямаа ахыгаа санах ахуйд уйлмаар ч юм шиг болоод гуниг баярт зэрэг автдаг нулимст хором минь Бадарч ахыг бодохоор тунгалагшаад цэлмээд ирдэг юм. Ам цагаан хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинэдийн эл өдрүүдэд Монголын яруу найргийн уянгын оргил түүнийг сэтгэлдээ багтааж халуун дулаан үгтэй ном бүтээлийг нь сөхсөн шигээ жаргалтай нь аргагүй сууна. Түрүү жилийн намар, наймдугаар сарын хорьдын нар асгарсан сайхан өдөр Халх голын 80 жилийн ойд зориулсан яруу найргийн өдөрлөг Зайсан толгойн хажуу бөөрөнд боллоо. Зайсан хилл цогцолборын урд талбайд ёслол төгөлдөр болсон. Тэрхүү яруу найргийн баярыг Халхын голын дайнтай нас чацуу буурал найрагч маань эхлүүллээ. Дандар баатрын дурсгалд зориулсан шүлгээ унших байсан ч яг тайзнаа гараад сэтгэл нь хөдөлсөн үү, яасан, эс бөгөөс гар дор ойр юм гэж бодсон уу “Эхийн сэтгэл” шүлгээ уншсан. Найрагчийн хайрт охин Бүжин “Аав буруу шүлгээ уншлаа. Дандар баатраа уншина гэж бид хоёр тохирсон юмсан” хэмээн үзэгчдийн дунд зөөлнөөр инээмсэглэн байж билээ. Буурал найрагчийн араас миний бие босч есөн жилийн өмнө “Залуу жанжин” хэмээн алдаршсан Монгол Улсын баатар Жамъянгийн Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан шүлгээ дуудлаа. Тэрхүү найргийн өдөрлөгт Халх голын дайнд оролцсон баатруудын үр ач зээ нар нь ирсэн байв. Лхагвасүрэн жанжны хүү нэрт дипломатч Лхагваа гуай тэргүүн эгнээнд сууж харагдсан. “Залуу жанжин” шүлгээ уншаад тайзнаас буухуйд Бадарч ах баяр хүргээд “Лхагвасүрэн жанжны сүр сүлдийг миний хүү дахин тунхаглалаа” гээд намайг үнсэхэд хичнээн сайхан санагдсан гэж бодно. Харин найрагч нөхөд минь “Булганыхан аргагүй булагналаа” гэсэн утга бүхий үг хэлцгээж намайгаа цаашлуулж наашлуулж байсан сан. Залуу жанжин бол анхдагч алдартнуудын өлгий Булган хангайн хүү гарцаагүй мөн л дөө. Уг шүлгээрээ 2010 онд чөлөөлөх дайны 65 жилийн ойн “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын тэргүүн шагнал хүртсэн юм.

“…Мөнхийн залуу насаа орхисон Халхын гол сэтгэл дундуур урсахад

Мөр зэрэгцэн тулалдаж явсан анд нөхдөө үгүйлсэн харуусал тань алчуур болон хөвнө

Цаг үргэлж, ардынхаа сэтгэлд дээдийн өндөрлөг болон од адил гялалзан туяарах

Цаг хугацааны алтан хуудас, буурал түүхийн шарласан хуудас – Залуу жанжин минь” гэж төгссөн шүлэг минь тааруу болсон юм болов уу, сүүлд гаргасан яруу найргийн хоёр номын алинд нь ч багтаагүй юмдаг. Харин Халхын голын түүхт 80 жилийн ойгоор намайг мялаасан хамгийн том шагнал буурал Бадарч ахын үнсэлт байсан. Монголын тусгаар тогтнол, туг сүлдийг авчирсан баатруудын өмнөөс намайг үнссэн гэж итгэнэ. Домогт Халхын голын ой цаашид 90, 100… гээд үргэлжилнэ. Тэр бүрийд өчүүхэн надад буурал найрагчийн халуун дулаан үнсэлт зүрхэнд мэдрэгдэж амьдралын сайхныг гэрчлэх юм шиг санагдана. Би ингэж л гэгээн тунгалгаар боддог.

Хол ойр замд хамт явах, гэрт нь очоод хуучилж суух тэрхүү агшин бүрийг би мартдаггүй. Хожмын амьдралд нөгөө л гэгээ гэрэл, уярал ухаарал, юугаар ч сольшгүй он жилүүд минь болох биз. Тэртээ хоёр мянга дөрвөн оны намар Эрдэнэ-Очир ахыг даган Долгорын Нямаа ах гурвуул буурал найрагчийнд очиж билээ. “Тэнгэрийн хас од” шилмэл бүтээлийнх нь боть гарчихсан мань аварга ёстой л нэг цалгилж угтсан сан. “Би чинь арван зургадугаар жарны шарагчин туулай жилийн өвлийн эхэн сард Төв аймгийн Баянжаргалан, Баян, Баянцагаан гурван сумын зааг нутагт Умбын говийн гүн жалганы дээд буланд эхээс мэндэлсэн хүн. Туулай жилтэн долоон бурхан одны дөтгөөр буюу “тэнгэрийн хас” одны эрхшээлтэй юм байна. Тэгээд би номоо “Тэнгэрийн хас од” гээд нэрлэчихлээ” гэж байсан. Ичинноров эгчтэй анх хөдөө хээр танилцсанаа яриад л, түүнийг нь Нямаа ах бүр егөөдөж өгөөд, харин Ичинноров эгч “Хүүхдүүдийн хажууд дэмий юм ярилаа” гэж өнөө хоёрыг чинь загнаад л. Яруу найрагч хүн ийм байдаг байх нь гэж бодохоор, өөрийнх нь шүлгэнд шигтгэгдсэн “Аргагүй амрагийг дарж дарж орхисон хуур” лугаа уянгатайхан байсан. “Та хэдийг Алтжингийн архиар дайлна аа” гээд “Хайр” нэртэй архи задалж, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дуугаа дуулж, төгөлдөр хуур дарж байгаа мэт ширээн дээгүүр арван хуруугаа бүжиглүүлэн байх тэр л агшинд “Тэнгэрийн хас од” номондоо “Монголын уран зохиолын өвгөд итгэлээ өгье” гэх халуун дулаан үгийг тэрлэн нэг муу шаврай оюутан надад барьж, дотоод их хүчийг өгснийг яахин мартах билээ. Ингэж анх уулзсан цаг мөчөөс хойш өндөр ачаа үүрүүлж, итгэл хүлээлгэн сэтгэл зүрхэнд байраа эзэлсэн юм. Тэрхүү явдлаас хэдэн жилийн дараа хориннэгдүгээр хорооллын өндөр есөн давхар ногоон байранд нь өвлийн жавар тачигнасан орой очиход “Ичинноров даарлаа гэхийн, арга байж үү дээ, халаадныхаа дотуур хар торгон хантаазаа өмсөөгүй байгаа юм чинь” гэсээр манай хоёр угтсан сан.

Түүний дараахан Төмөр замын соёлын ордны хойд талын байранд ирээд байхад нь мөн л очиж, Ичинноров эгчийн нүдийг хариулж байгаад Ама Бямбадоржийн өгсөн сумогийн аяганд виски цүл цүл хийтэл дүүргэн хоёул тулгаж, өдөржингөө хуучилж билээ. “Сэрэл мэдрэмжийн гэрэлт шувууг сэтгэл зүрхэнд нисгэсэн Монголын дархан хилд би хайртай” гэж яг л шүлэг шиг хэлсэн. “Алагийн уулан дээр, эх орныхоо торгон хилийн зурвас дээр, алтан соёмбот баганынхаа дэргэд зогсохуйд өнөө шүлэг найргийн албин минь хөдөлж, тусгаар тогтнолоороо бахархаж омогшоод, гэргий хүүхдээ санаж уяраад, сүлдэт баганынхаа цаадах газар нутгийг хүний юм даа гэж гуниад, юм юм л боллоо доо. Тэгээд дархан хилийнхээ баганын дэргэдээс хоёр ширхэг чулуу авч хармааллаа. Эх орныхоо хил дээр анх ирсний дурсгал гэж бодсон хэрэг л дээ. Орой бид заставтаа буцаж ирлээ. Сэтгэл нэг л тогтож өгсөнгүй. Шөнө дүл ч боллоо, нойр хүрсэнгүй. Өнөө хоёр чулуугаа дэргэдээ тавьж байгаад шүлэг бичиж билээ.

“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий

Сая ардыи итгэл багтсан Сүхийн их талбайгаас

Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий…” гэж биччихээд өмнийн говийн одот шөнөөр цээж дүүрэн алхаж байсан даа” хэмээн хуучилж суусан юм. Тэрээр Өмнөговийн Овоотын отрядад гурван жил алба хаахдаа “Эх орны хилээс”, “Нулимст борхон болжмор”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Саруулхан шөнийн дуу”, “Цэрэг орны дууль” зэрэг олон бүтээл туурвисныг мэдэх юм. Тиймдээ “Сэрэл мэдрэмжийн гэрэлт шувууг сэтгэл зүрхэнд минь нисгэсэн Монголын дархан хилд би хайртай” гэж эмзэг яруухан хэлдэг юмсан.

Түүний яруухан туурвилуудаас миний дуртай бүтээл үүдийн нэг “Пагмадулам”. Наяад оны дундуур “Болор цом”-ын тайзнаа анх уншигдсан уг шүлэг цээжинд хөндүүр авчрах нь бий.

“Хайрлам сайхан залуу насандаа

Нацагдоржтой минь учирсан

Харуусаж барамгүй хайраа цуулж

Нацагдоржоос минь хагацсан

Шанзны эгшигнээс тасарсан

Дусал хар нулимс

Ханзны халуунд хавчуулагдсан

Ширхэг цагаан сувд

Аяахан хөөрхий

Амрагхан Пагмадулам

Галуутайн хөх нууранд цэнгээгүй

Азгүй цагаан хун чи

Гал шиг найргийн илчинд цэцэглээгүй

Эзгүй бор лянхуа чи

Мөхлийн харурсгалд үйсэн

Халбагахан цагаан сүү чи

Мөнхийн ариун найрагт унасан

Балгахан хар ус чи

Аяахан хөөрхий

Амрагхан Пагмадулам…” гэж сэтгэлдээ хөндүүртэй, нүдэндээ нулимстай туурвижээ. Зүрхэнд ёгхийтэл хэлсэн энэ шүлгийг хааяа хааяахан уншиж бодлогошроод өөрийн эрхгүй “зуу” татмаар болдог сон. Тэгээд Бадарч ах руу утсаар холбогдон ганц “юм” ганзагалж очоод ярьж суух сайхан байдаг сан.

“Сонгинын шар шугуй” шүлгийг Эрдэнэ-Очир найрагч нутгийнхаа тэнгэр дор дуулгаж байсан сан. 2004 оны намар Ээгий ах хотоос дуудан төрсөн нутаг Улаанбадрахаараа арав гаруй хоног дагуулж явахдаа зам зуурт юу эсийг ярилцахав дээ. Эргээд бодох нь ээ, Бадарч. Цоодол, Нямаа, Догмид, Сүрэнжав, Нямдорж, Жагдалын Лхагва нарыг ярьж явжээ. Намрын шөнийн оддын дунд Эрдэнэ-Очир найрагчийн хэлсэн “Сонгинын шар шугуй” шүлгийн эхний дөрвөн мөрийг би савлхийвэл унших гээд байдаг. Тэгж л тарни мэт хоногшжээ.

“Сонгинын шар шугуй

Солонгын долоон өнгөтэй

Cop мөнгөн намартаа

Согоо уйдам салхитай…”. Сүүлийнх нь мөр бүрчиг зэвүүн. Яаж ингэж онож хэлж байна аа гэж бодохоор. Уран зохиолын хичээлийн семинар дээр Дулмаа багш нэг удаа буурал Бадарчаа урьж авчирсан юм. Тэгэхэд мань хүн “Өвгөн би сүүлийн үед ийм л шүлгүүд бичих боллоо. Зөнөж байгаагийнх юм болов уу даа” хэмээн оюутнуудын инээдийг хүргээд

“Мал хүнгүй зүс алдсан

Улаан гангийн нурманд

Малгайн чинээ үүл гэнэтхэн гарч

Гуравхан дусал унагах шиг

Гурван үг хэлье

Дээдсийн догшин хар сүлдний

Гурвалсан алтан гилбэр мэт

Дэлхийд ганцхан шүтээнээ дуудан

Ээж гэхэд ордог гурван үсэг шиг

Гурван үг хэлье

Арвижих баяжихын бэлгэдэл

Ам цагаан хулганы хишиглэсэн

Чандмань эрдэнэ шиг гурван үг хэлье

Өндөр цэн тогорууны гурван өндөг

Өвсөн дэвсгэр ч үгүй саарал үүрэндээ

Өөдлөх гэж өөрөө хагарах шиг гурван үг хэлье

Наргил ургал моддын дундахь

Галбарваасан шиг тансаг

Намиа хумиа жигүүртний дундахь

Өдөөн дэлгэсэн тогос мэт тунсаг

Наян живаа оддын дундахь

Тэргэл cap шиг ханьсаг

Гурван үг хэлье

Би чамд хайртай” гэж уншаад биднийг алмайруулчихсан. Тэр бол ийм л тансаг, хайлган сэтгэлийн найрагч. Хэн нэгнийг мөрөөсөх, цаг улирал солигдох, намрын сарны гэгээ асгарч, урьхан хонгор салхин энгэр цээжийг алгадан сэтгэлийг үймүүлэхэд түүний шүлгүүдийг уншдаг даа.

“Дундговь гэхлээр

Дугараа хундага мэлтэлзэнэ л

Дуу хуур цангинана л

Духандаа сорвитой

Дооров минь санагдана л, гунигтай яа…” гэж хоёр мянга нэгэн онд Дундговьд очихдоо Дооровтоо зориулсан шүлэг нь ингэж эхэлдэг юм. Мандалговийн тэнгэр дор алхах бүрийд уг шүлгийн мөрүүд санаа сэтгэлд ёс юм шиг бууж, амьдралдаа барааг нь хараагүй хэрнээ хүд хүд инээд нь чихэнд сонстоод байдаг өнөө Дооров нь бодогдон цээж хөндүүрлэх нь бий. “Сүрэнжав бол баясах гуних хоёр далавч нь ямагт дэвээстэй явдаг эмзэгхэн сэтгэлтэй найрагч. Аль нэг далавч илүү дэвээд ирвэл тэнцүүлж өгдөг хүн нь хайрт хань, номхон бор гүндүүгүй ч тэндээ эрхэмсэг Цэнд хатан мөн” хэмээн Бадарч ах нэгэнтээ бичсэн. Тэгвэл тэр жил Сүүеэгийнд очиход тэрээр “Би одоо “Жараад оны яруу туульс” ном бичиж байна. Тэр номонд орох Бадарчийн хөргийг чамд уншиж өгье” гээд Хэрлэн мөрний унага, буурал Бадарчийгаа хөрөглөн бичсэнээ “Би тэнгэрийн хүү, та нарын дунд ирсэн юм” гэх шүлгээ уншиж байгаа мэт галтайхан дуудаж билээ. Монголын утга зохиолд мөр зэрэгцэн орж ирсэн найрагчаа Сүрэнжав нь ёстой нэг зурах шиг болсон байж билээ. Саяхан Бадарч ахын “Найз нөхөд ховордоод, уулзах хүнгүй болоод ирэхээр энэ амьдрал хаашаа ч юм бэ дээ” гэж хэлсэн нь надад Сүрэнжавыгаа ямар их санаж байгаа бол доо гэхээс өр зурагдах шиг болсон.

Юмны учрал тохиол гэж сонин. Аливаад ерөөл бэлгэшээлийг боддог миний бие тэр жил “Болор цом” авчихаад болор цомоо өвөр дээрээ тэвэрч, найрагч ах нар, найрагч андууд минь Янжинлхам бурханыг хуйлаад өвөр дээгүүрээ тэгнүүлээд тавьчихсан нэгдүгээр сарын есний орой гэрээдээ баяр хөөр болон явахдаа Бадарч ахын “Цэцэгчний хүслэн”-г бүгдээрээ дуулж “Энхэрхэн дэлбээг чинь тааланхан

Эхийн хайраар чамайг ургуулсан юм …” хэмээн гэрийнхээ босгоор алхталаа уянгалуулж явснаа үл мартнам. Тэр дууны аялгуу бүхэн миний сэтгэл рүү асгарсан их хайр, асгарсан их нулимс алин болохыг би мэддэггүй. Дарханы театрын залуухан гавьяат Энхбатын дуулснаар “Цэцэгчний хүслэн”-г сонсох бүртээ би уйлдаг юм. Бадарч ахынхаа тухай бодоход ийм л сайхан, очоод үнсүүлнэ гэж бодохоос бүр чиг сайхан.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлье

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажиллалаа.

Харин Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан, хэврэгшиж байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 497 хүнийг ажиглалтад аваад байна

Я.Буянжаргал-н зурган илэрц

Өнөөдрийн байдлаар 497 хүнийг ажиглалтад авчээ. Өнөөдөр өглөө Истанбул-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 129 хүнээс хоёр хүнийг ажиглалтад, нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалтад авсан байна. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 217 хүн ирснээс урьдчилсан байдлаар БНСУ, Япон улсаас ирсэн зургаан хүнийг ажиглалтад авах төлөвтэй үзлэг хийж байна. Мөн Инчоны нисэх буудлаас транзит хийсэн 31 иргэнд үзлэг хийж байгаа аж. Мөн Сэлэнгийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн нэг хүнийг Дархан-Уул аймагт тусгаарлаад ажиглалтад авчээ.

Categories
мэдээ нийгэм

Хандивын дансанд 834 сая төгрөг цуглажээ

Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, их дээд сургууль, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, төрийн өмчит компани, аж ахуй нэгж, иргэд малчид, төрийн бус байгууллагууд нэгдэж мөнгөн болон бараа, бүтээгдэхүүний хандив өргөсөөр байна.

Өнөөдөр зарим байгууллагын хандив тусламжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Бригадын генерал Г.Ариунбуян нар биечлэн хүлээн авлаа.

Эрчим хүчний яам түүний харъяа байгууллагууд 315 сая, Хаан банк 100 сая, Хас банк 60 сая, Баян Айраг Эксплорэйшн ХХК 40 сая, МУБИС-ын ажилтан албан хаагчид нэг өдрийн цалин болох 35 сая, Лекс Ойл ХХК 10 сая, 108 Ойл ХХК 10 сая, Алтанбулаг чөлөөт бүсийн ажилтан албан хаагчид 1,2 сая, Замын-үүд чөлөөт бүсийн ажилтан албан хаагчид 946.000, Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны ажилчид 370.000 төгрөг, Хэнтий аймгийн Норовлин сум, Увс аймгийн Малчин сумын иргэд малчид, нутгийн зөвлөлөөс тус тус 300, нийт 600 хонь хандивлалаа.

Дансанд төвлөрсөн бэлэн мөнгөний зарцуулалтыг хэрэгцээт бараа материал худалдан авах зэрэгт зарцуулах юм. Харин малчид, орон нутггийнхнаас хандивлаж буй хонь малыг хэрхэн тээвэрлэх, боловсруулж, тусгаарлагдсан иргэдийн хүнсэнд зарцуулах эсэх зэргийг судалж, оновчтой, хүртээмжтэй шийдвэр гарган зохицуулж ажиллахыг ОБЕГ-ын удирдлагад УОК-ын дарга үүрэг болголоо. Одоогийн байдлаар 800 хонь хандивт цуглажээ.

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ОБЕГ-аасТөрийн банк: 1000900031405дугаарын хандивын дансыг нээснээс хойш нийт 187 иргэн, аж ахуй нэгж, байгуулагаас нийт 834 сая төгрөгийн бэлэн мөнгийг дансанд хуримтлуулж, 10 нэр төрлийн 135 сая төгрөгийн өртөг бүхий хэрэгцээт бараа бүтээгдэхүүн хандивт цугласан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.