Categories
мэдээ нийгэм

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УТАСНЫ ДУГААР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрийн байдлаар 497 хүн ажиглалтад байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Дэлхийн 88 оронд COVID-19 халдвар тархаж 98192 тохиолдол бүртгэгдэж 3380 хүн нас барсан байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр дөрвөн оронд халдвар бүртгэгджээ. ДЭМБ-аас дэгдэлтийг хязгаарлаж, тархалтыг хяналтад авах боломж байгаа гэдгийг мэдээллээ. 100 мянган тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай, заавал эмнэлгийн орчинд тусламж үйлчилгээ авах шаардлагагүй өвчтөнүүд байгаа аж. Тийм учраас ДЭМБ-аас гэрийн асаргаа сувилгааны тусгай удирдаж гаргасан болохыг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа хэллээ.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 497 хүн ажиглалтад байна. Өглөө Испанбул-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 129 зорчигч ирснээс хоёр хүнийг ажиглалтад авч “Асралт-Мед” эмнэлэгт, нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалт хийж байна. Мөн одоогоор Испанбул-Улаанбаатарын чиглэлээр нийт 217 хүн ирсэн байгаа. Урьдчилсан байдлаар БНСУ, Япон улсаас ирсэн зургаан иргэнийг ажиглалтад шилжүүлэх төлөвлөгөөтэйгээр үзлэгийг үргэлжлүүлж байна. Сэлэнгийн боомтоор орж ирсэн нэг иргэнийг тусгаарлан ажиглалтад аваад байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын хариу гарсан. Эдгээр иргэнээс COVID-19 вирус илрээгүй. Гэтэл шинжилгээний хариу гарахаас өмнө вирус илэрсэн мэт ташаа мэдээлэл тарааж эмч, эмнэлгийн ажилчдын үйл ажиллагаанд саад учруулсан. Худал, ташаа мэдээлэл тарааж нийгэмд түгээхгүй байхыг хүсье. Өнөөдрийн байдлаар нийт 25 хүнийг ажиглалтад аван хянаж байна” гэлээ.

COVID-19 халдвараар нас барсан нийт хүний 13.6 хувь нь зүрх судасны өвчтэй хүмүүс байжээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвараас ахмад настан, архаг суурь өвчтэй хүн хэрхэн сэргийлэх вэ

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.

Иймд АХМАД НАСТАН, АРХАГ ӨВЧТЭЙ ХҮН:

• Эмчийн хяналтад тогтмол байх

• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

• Холбоо барих хүний утасны дугаартай байх

• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

• Халуун, бүлээн шингэн зүйл уух

• Сайн унтаж амрах

• Тайван, стрессгүй, ядрахгүй байх

• Дулаан хувцаслах, даарахгүй байх

• Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх

• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

• Олон нийтийн газраар явахгүй байх

• Амны хаалт зүүх

• Гараа сайтар савандаж угаах

• Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хайрлах л гэж түүнийг би уншжээ


(Б.Ганчимэг “Аав бид хоёр” номноос үүдсэн бичвэр)

“…Миний мөрөөдөл уран зохиол байлаа. Хэзээ ч юм би ямар нэгэн гайхалтай юм бичнэ дээ гэж хөдөөний жирийн нэг суурингийн охин өөртөө шивнэж байсан. Шивнэх биш чангаар хашгирдаг байж…”(“Аав бид хоёр”, 162-р тал)

Бадамдоржийн Ганчимэг. Энэ сэтгүүлч бүсгүй өөрөө өөрийгөө тодорхойлж бичсэнээр “Хичнээн дараад ч оргилж ирээд болдоггүй халуун чанарыг тээж явдаг” нэгэн. Түүний “хайрын дуу” болгон бүтээсэн бидний сэтгэл зүрхэнд эгшиглүүлэх гэж олон арван жил сэтгэлийнхээ гүнд нуусан бодол дурсамжуудыг уншаад уйлж, дуулж, хэн нэгэн баатраар нь бахархан, заримдаа омогшиж, хэзээ ч билээ хаа нэгэнтээ мартчихсан хуучин дурсамжуудаа эрэн тэмтэрсээр зүрхнийхээ чинад нэгэн мөрөөслийг нээн номоо хаав. Сайн ном хүний сэтгэлийн чинад гүн эмзэглэл, оргилсон их хүсэл тэмүүллээр эгшиглэдэг аж.

“…Аавдаа би шүлэг бичиж үзэв. Аавдаа би дуу зохиож үзэв. Аавдаа би ном зориулж бичив. Аавыгаа харин эргэж үл олов…” (“Аав бид хоёр”, 17-р тал)

Жамыг юутай үнэн хэрнээ яасан яруу бичнэ вэ. Б.Ганчимэг сэтгүүлчийн Аса Д.Дагвадорж аваргатай хөөрөлдсөн ярилцлагыг нийтлэгдсэн цагаас эхэлж монголчууд бүх япончуудын үзэн ядалтыг айдас, бишрэлээр сольж чадсан монгол хүүгээрээ урьд байгаагүй ихээр бахархаж, тийм гэхийн аргагүй агуу хайраар түүнийг хүндэлдэг болсон. Сэтгүүл зүйн салбарын хамгийн хэцүү, хамгийн сонгодог төрөлд “Хатан хаан” нь болж заларсан Бадамдоржийн Ганчимэгийн ярилцлага байсан учраас л Аса аваргын цээжнийхээ алсад удаан нуусан ганцаардал, Монголоо гэх агуу их сэтгэлийг нь тэр ард түмэнд харуулчихсан. Тэр үед монголчууд хамгийн ҮНЭНЭЭРЭЭ байгаа аваргаараа бахархаж омогшсон юм.

“…Яг ийм намраар

Аав минь одсон

Яагаад намраар буцсаныг нь

Бодоод бодоод олдоггүй

Эхлээд модод шарласан

Энд тэндгүй навч хийссэн

Дараа нь шувууд уйлалдаж,

Хяруу унасан…”(“Аав бид хоёр”, 18-р тал)

Нэг л өглөө сэрэхэд одчихсон байж мэдэх аавыгаа хамгийн агуу хайраар тэтгэнэм, би. Төгсгөлд нь гэр минь буй нэгэн замаар аялах бүртээ аавдаа л яардаг. Тэр эглийн эгэл нэгэн гэрт миний аав “Хүү минь ирнэ” гээд л ам дүүрэн яриатай цайгаа чанаж суугаа. Ай тэр л зам. Өдөр бүхэн сэтгэлээрээ туулдаг миний хайртай зам. Төгсгөлд нь гэр минь дүнхийх урт ч гэсэн урамтайхан зам…

“…Шувуу буцах болгонд нэг л насаа өгсөөр

Шулуухан байсан нуруу нь намрын салхинд ганхсаар

Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг

Эх газартаа татагдан аав минь бөхийжээ.

Унах болтлоо их зай байгаа ч юм уу, үгүй ч юм уу,

Усны шувууд дахиад ирэхэд байх ч юм уу, үгүй ч юмуу…”(Х.Чилаажав “Аавдаа би хайртай”)

Х.Чилаажавын дээрх шүлгийн жамаар хувирах үргэлжлэл нь (өнгөрсөн цаг нь) Б.Ганчимэг сэтгүүлчийн аавдаа зориулж бичсэн анхны шүлэг нь аж. Зарим гайхамшигт бүтээлүүд санаандгүй хэрнээ хачин тансаг зохицлыг бүтээдгийн сонгодог жишээ нь аавын тухай мөртлөө жамын дуулал энэхүү хоёр шүлэг юм. Б.Ганчимэг сэтгүүлчийн бичвэр бүхэн нь яруу сайхнаар эгшиглэх хайрын аялгуу мэт. Хайрын дууг зүрхнийхээ чинад анирдах, түүгээр тэжээгдэж ертөнцийн сайхныг харах… Аяа, амьдрал юутай сайхан бэ. Хайрыг мэдрэхүй, мөн чанарыг таних хийгээд жамыг ухаарахуй… бүгд амар амгаланд бий болно. Ийн амар амгаланг сэтгэлдээ бүтээсэн нөхцөлд ухаандаа найдахад гэмгүй буюу. Үнэн гагц амгаланд буй. Мөн чанарыг таниулсанд, сэтгэлийг минь хөдөлгөсөнд, дотоод чинадын мөрөөслийг минь асаасанд… алив бүгдийн тул таны энэхүү номыг бүтээсэнд талархнам. Инжинаш нэгэнтээ: “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун” хэмээсэнд олон зохиолч тэнцдэггүй гэмтэй. Харин эрхэм сэтгүүлч Б.Ганчимэгийн баринтагласан “Аав бид хоёр” ном зүрхний чинадаас нулимс үерлэтэл сэтгэлийн утсыг хөндлөө. Гэвч өрөвдөж бус энэхүү номны баатруудаар бахархаж, сэтгэлийн дайдаас бахархлын нулимс асгарах юм аа. Аяа, Бадамдоржийн Ганчимэг таны бичсэн үгсийн зохицол хүнийг хайрлахын шалтгаан болой!

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн байгууллагуудад гардуулж өглөө

No photo description available.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 48 дугаар тогтоолын дагуу Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй Төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгөөр өнөөдөр Эрүүл мэндийн байгууллагуудад Шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай нийт 9 нэрийн төрлийн 572 ширхэг 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг ХӨСҮТ, УНТЭ, УГТЭ, ГССҮТөв болон нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад гардуулж өглөө.

Үүнд:
Рентген аппарат/зөөврийн дижитал – mobile
Амьсгалын аппарат
Өвчтөний хяналтын монитор
Хүчилтөрөгч өтгөрүүлэгч
Тарианы автомат шахуурга
Дуслын автомат шахуурга
Пульсоксиметр
Халууны шил /лазер чихний
Утлагын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөлд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан байна.

Визийн ангиллыг хуулиар бус Засгийн газар тогтоох, ингэхдээ үндэсний аюулгүй байдлыг бататгах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих гэсэн эрх ашгийн эрэмбийг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлахыг эрх олгосон заалтад тусгаж, визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг тусгажээ. Мөн Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг төсөлд шинээр тусгасан байна.

Түүнчлэн Виз мэдүүлгийн төв байгуулах, ажиллуулах зохицуулалт шинээр тусчээ. Визийн төв ажиллуулснаар виз олгож буй техник ажлыг дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хариуцахгүй болж, хэмнэсэн цаг, хүн, хүчийг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд түлхүү чиглүүлэх боломж үүсэх юм.

Төсөлд нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн этгээдийг улсын хилээр оруулахгүй байх, дээрх өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах тухай болон хуулийн нэр томъёог жигдлэх, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн тухай хуулийн төсөлтэй танилцлаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж буй үйл явцтай танилцлаа. Уг арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Чойжилсүрэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч, Төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүн О.Зандраа, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан хийж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, доктор О.Мөнхсайхан нар үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид төсөлд тусгагдсан зүйл, заалтын талаар асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд нийцүүлэх шаардлагын үүднээс энэхүү төслийг боловсруулж байгаа юм.

Хуулийн төсөлд:

-Шүүхийн тогтолцоог шинэчлэн тодорхойлох, шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий Шүүгчдийн зөвлөлийг ажиллуулах, бүх шатны шүүхийн болон шүүгчийн болон ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тодорхойлох;

-Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхтэй холбоотой зохицуулалт;

-Давж заалдах болон анхан шатны шүүх, түүний бүрэн эрх;

-Шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийг сонгон шалгаруулах, томилох журам, мэргэшүүлэх үйл ажиллагаа, шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл, журам, шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа, шүүгчид хориглох зүйл;

-Шүүгчид хүлээлгэх хариуцлага, оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүд;

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцох иргэдийн хяналтыг сайжруулах, оролцоо итгэлийг нэмэгдүүлж, үр нөлөөг дээшлүүлэх;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, ерөнхий зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлж томилж, сонгох журам болон зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, Шүүхийн мэргэшлийн хороо, шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал;

-Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам зэргийг тусгасан байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг дөрөвдүгээр срын 5 гэхэд өргөн барих, төсөлд тусгагдсан зүйл, заалтуудад мэргэжлийн хүмүүс, байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг авч, сайтар нягтлах, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо саналуудаа эцэслэн нэгтгэхийг үүрэг болголоо.

Тэрбээр энэхүү хууль нь шүүхийг эрүүлжүүлж, хараат бус байдлыг бататган, шүүх тойрсон асуудлуудаа нэг мөр цэгцэнд нь оруулах дорвитой өөрчлөлт болох ёстой гэж онцлон тэмдэглэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний шигдээсийн төвтэй болжээ

УНТЭ-т зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг шинээр байгуулжээ. Уг тасаг 40 ортой ба зүрхний шигдээсийн нэгж нь 10 ортойгоор үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн аж. Зүрхний эмгэг судлалын тасагт шигдээсийн эрчимт эмчилгээ, шигдээсийн эрчимтийн дараах хэсэг, зүрхний эмгэгийн эрчимт эмчилгээ, эмийн эмчилгээний гэсэн үндсэн хэсгүүдэд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай. Энэхүү зүрхний шигдээсийн нэгжийг шинээр байгуулсантай холбоотойгоор зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний тусламж үйлчилгээг (7/24 цагийн) зарчмаар тасралтгүй явуулах боломжтой болж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын нөөцийн 2303 тн өвсийг үнэгүй, 2025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгожээ

2019 онд 22.4 сая толгой төл бойжуулан, 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын сүргийн тоо 70.9 сая толгойд хүрч өслөө. Өнөөгийн байдлаар нийт нутгийн 60 хувь нь цастай байгаагаас улсын хэмжээнд 8 аймгийн 32 сум цагаан зудын, 15 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байдалтай байна. Тодруулбал 3 дугаар сарын 02-ы өдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Ховдын баруун өмнөд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-39.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Тосонцэнгэлд 39.0см, Завханы Их Уулд 38.0 см, Увсын Малчин, Завханы Цагаан-хайрхан, Улиастай, Баянтэс, Архангайн Өлзийтөд 32-33 см, Завханы Яруу, Түдэвтэй, Тэс, Увсын Түргэн, Хяргас, Хөвсгөлийн Жаргалан, Галтад 24-29 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Завханы Баянхайрхан, Алдархаан, Идэр, Түдэвтэй, Тэлмэн, Сэлэнгийн Бугат 20-22 см, Хөвсгөлийн Чандагат, Булганы Баян-Агт, Хэнтийн Дадалд 15-17.0 см зузаан цастай байна.

Зудын байдалд үнэлгээ хийхэд 2 дугаар сарын 20-ны байдлаар Увсын Малчин, Улаангом, Тэс, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Баянхонгорын Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Өвөрхангайн Хархорин, Булганы Тэшиг, Хэнтийн Баян-Овоо, Өлзийт, Хэрлэн, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Түвшинширээд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 1 дүгээр сард ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле ахлуулсан ОБЕГ -тай хамтарсан Мал аж ахуй салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймагт, Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж улсын нөөцийн 2303 тн өвсийг үнэгүй, 2025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Завхан, Хөвсгөлийн 3 сум тус бүрт 1 буюу нийт 7 автомашин олгох шийдвэр гаргасан байна. Онцгой байдлын улсын комисс орон нутагт ажиллаж улсын нөөцөөс өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувь хямдруулан олгох ажлыг зохион байгуулсан нь хаваржилт хүндрэх төлөвтэй аймгуудад мал аж ахуйн хаваржилтын байдлыг тогтворжуулах арга хэмжээ болж байна.

Өнөөгийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5862 тн өвс, 4134 тн тэжээл байна. Аюулгүй нөөцийг Баян-Өлгий аймгаас бусад аймгууд малчдад борлуулах ажлыг зохион байгуулж байна. Аюулгүй нөөцийн өвсийг дунджаар 5500 төгрөг, тэжээлийг 11800 төгрөгөөр малчдад хүргэж байна.

Аймгуудын зах зээл дээр өнөөгийн байдлаар 2379 тн өвс, 1544.5 тн тэжээл худалдаалж байна. Өвсний үнэ 4000-13,000 төгрөг, тэжээлийн үнэ 11,500-26,000 төгрөгийн хооронд аймгаас хамаарч харилцан адилгүй байна.

Энэ оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гурилын үйлдвэрүүдээс авсан судалгаагаар 6100 тн хивэг агуулахад байна. Үүнээс “Улаанбаатар гурил” ХХК 3000 тн, “Алтан тариа” ХК 1500 тн, “Милл хаус” ХХК 1000 тн, “Од групп” ХХК 600тн хивэгний нөөцтэй байна.

Аймаг, орон нутгаас авсан мэдээгээр хаваржилтад 5500 тн өвс, 3000 тн тэжээл шаардлагатай байна. Одоогийн байдлаар улсын болон орон нутаг, үйлдвэрт байгаа тэжээлийн нөөцийг харахад өвс, тэжээлийн хангамж хүрэлцээтэй байхаар байна.

Мал аж ахуйн салбарын хаваржилтад шаардлагатай тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хивэгний экспортыг хязгаарлаж, “Улаанбаатар гурил” ХХК, “Милл хаус” ХХК, “Алтан тариа” ХХК, “Од гурупп” ХХК уулзалт зохион байгуулж 10 хүртэл хувиар хивгийг хямдруулж борлуулахаар харилцан тохиролцлоо. Өөрөөр хэлбэл нэг шуудай /25кг/ хивэг 10575 төгрөг болж хямдрах нөхцөлийг бүрдүүллээ.

Цаг агаарын 3 дугаар сарын 1-5 өдөр урьдчилсан мэдээгээр өнөө маргаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. 3 сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-нд ихэнх нутгаар, 2, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм

Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавигдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж. Дугуйн замыг ашиглалтад оруулахад нэмж хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс дуулгасан юм. Хотын Захирагч шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд даалгаад, ирэх 5 дугаар сард дугуйн замыг хийж дуусгахыг үүрэг болгов.