Categories
мэдээ нийгэм

Зурхайч лам Л.Дарамбазар: Засал номоо урин дулаан болсон хойно ч хийлгэж болно

Дээд бодь хийдийн зурхайч лам Л.Дарамбазартай ярилцлаа.


-Өчигдөр хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиолоо. Энэ өдрүүдэд ард иргэд жилийн засал номоо хийлгэх гээд Гандан, хийдүүд хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Танай хийдийн хувьд хөл хөдөлгөөн хэр байв?

-Урд хөршид гарсан шинэ төрлийн халдварт өвчнөөс болоод Монгол Улс онцгой байдал зарлан хөл хорио тогтоогоод байгаа. Үүнд гандан, хийдүүд ч хамрагдан хөл хорио тогтоосон. Хүн хүлээж авахгүй байгаа. Өглөө эртлэн нар мандах цагаар цөөн лам нар тэр өдрийн айлтгах ёстой номуудаа хураад, бусад цагт хөл хорионы горимтой байна.

-Төмөр хулгана жилд онцгой засал номыг ямар жилтнүүд хийлгэх ёстой вэ?

-Зурхайн засал ном гэдэг нь таван махбодын онолд суурилдаг шинжлэх ухаан юм. Тиймээс тухайн төрсөн хүний жилийг огторгуйд ургасан жилийн махбодитой уялдуулж шинждэг. Хулгана жилтэй хүмүүс буюу жил орсон 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай хүмүүсийн жил орж байгаа. Түүнээс гадна морь жилтэй хүмүүсийн “Дүнсэр” буюу “Их харш” жил орж байгаа учир мөн л ном уншуулах шаардлагатай. Энэ жил эрэгтэй долоон улаан мэнгэтэй, эмэгтэйчүүд нь найман цагаан мэнгэтэй хүмүүс тусгай засалтай. Үүнийг “Есөн нүдний засал” гэх бөгөөд хий насаар тооцож, 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 гэх мэт настай хүний мэнгэ голлож байгаа учраас засал хийлгэх ёстой юм. Гэхдээ зөвхөн харш жилтэй болон жил орогсод засал хийлгэдэггүй. Ивээл жилтнүүд ч засал хийлгэх хэрэгтэй. Тодруулбал, луу, бич жилтний “Түнсүм” буюу “Ивээл” жилийн засал хийлгэнэ. Мөн үхэр, туулай, морь, могой, хонь, тахиа, гахай жилтэн суудлын өнцгийн засал хийлгэнэ.

-Хүмүүс шинийн 15-ны дотор багтаж засал номоо хийлгэх ёстой гэдэг. Энэ тогтсон ёс биш гэдэг шүү дээ. Ер нь жилийн аль үед хийлгэж болох вэ?

-Тийм тогтсон ёс байхгүй л дээ. Өвлийн адаг сар буюу үхэр сарын шинийн 15-наас хойш. Нэг ёсондоо сар хуучирснаас хойш буюу хоёрдугаар сарын 10-наас хойш засал номоо хийлгэж болдог. Хүмүүсийн хэлдэг шинийн 15-ны дотор гэдэг нь туйлширсан ойлголт. Гэхдээ хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд бурхан багшийн их дүйчин өдөр болдог. Энэ өдрүүдэд хүмүүс хойдын буянд зориулсан ном уншуулах, айл өрхийн ноён нуруугаа даатгаж, тэр жилдээ амь нас баттай, эрүүл энх, гадна дотны атаа жөтөөгүй бодсон санасан ажил үйлс нь ном ёсоор бүтэмжтэй байх, айл гэр төвшин амгалан байхыг бэлгэдэн уншуулахыг хүсдэг. Тодруулбал, Алтанганжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Доржзодва, Жадамба, Алтангэрэл, Заслын найман ном, Гурван гүрэм, мөнхийн хуралд даган баяс. Тэгээд жилийн засал номоо хаврын тэргүүн сардаа багтаад хийлгэчихэд болно.

-Тэгэхээр хөл хорио тавигдсан үед иргэд засал номоо тухтай хийлгэж болох нь ээ?

-Болно. Өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө засал номоо хаврын урин дулаан цагт хийлгэж болно. Цаг сайхан болоод ирэхээр засал ном хийлгэхэд оройтохгүй.

-Хэрэв шинийн 15-даа багтаад засал номоо хийлгэх хүсэлтэй хүмүүс хэрхэх вэ?

-Заавал шаардлагатай гэвэл цахим ном хурахад даган баясаж болно. Мөн өөрсдийн сүслэн биширдэг лам хуврагаа гэртээ залж, засал номоо хийлгэж болох юм. Цахим ном хурахад иргэдийн өөрсдийн сүслэх, даган баясах сэтгэл чухал. Нэг ёсондоо цахим ном сүсэлж чадвал өөрсдийн биеэр очсонтой ялгаагүй гэж хэлээд байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батцэцэглэн: Аав, ээжийгээ найранд дуулах дуугаа бэлдэхийг нь сонссоор байгаад дуучин болсон

Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Б.Батцэцэглэнтэй ярилцлаа.


-Цагаан сараар таны оролцсон телевизийн нэвтрүүлгүүдийг харлаа. Ардын дууг сайхан дуулдаг, сайхан дуучинтай болжээ гэж дуунд дуртай хүмүүс ярьж байна?

-Өнөө жилийн Цагаан сар өвөрмөц, сонин байлаа. Бас монголчуудын эв нэгдлийг харуулсан, баярыг өөртөө яаж эвтэйхэн, түвэг багатайгаар тэмдэглэж болохыг харуулсан Цагаан сар болж өнгөрлөө. Олон нийтийг хамарсан арга хэмжээ, гадаад дотоод тоглолтыг хориглосон ч гэлээ нөгөө талдаа гэр бүлдээ ойрхон байх боломжийг олгож өглөө. Гэр бүлдээ цаг зав гаргасан сайхан жил гарлаа гэж бодож байна.

Би Үндэсний урлагийн их театрын уртын дуучин хүн. Бид жилийн жилд л өдийд маш завгүй байдаг байсан. Харин өнөө жилийн Цагаан сараар ажил маань амарчихсан байсан нь урьсан телевизүүдийн нэвтрүүлгүүдэд очиж оролцох боломжийг олгосон л доо. Миний дуунуудыг хүмүүс гайгүй сонсож байгаа юм байна аа гэдгийг энэ жилийн Цагаан сараар анзаарч харлаа. Үүндээ их урам зоригтой, сайхан байна.

-Уртын болон ардын дуучин хүн дээл, гутал, малгай, өмсгөл зүүсгэлтэйгээ байж байж бүтэн байдаг юм байна аа гэдгийг таны хувцаслалтуудаас анзаарсан юм. Тухайн үеийн хүрээний гангачуул, сайхан бүсгүйчүүд яг л тан шиг ингэж биеэ авч явдаг байсан болов уу?

-Манай Ё.Цэрэндолгор гэж найруулагч байлаа. Тэр хүн чуулгын ангид орж ирээд бидний энгийн амьдрал дээрээ юу өмсөхийг хүртэл хэлдэг, заадаг байсан юм. “Та нарыг хүмүүс хараад ийм болохсон гэж бодох байтал та нар уранхай жийнс өмсөж явлаа” гээд загнадаг байж билээ. Тэр хүний үгийг авдаг хүн байлаа, дэмий юм ярилаа гэж үл ойшоодог нь ч байлаа. Надад бол тэр хүний шаардлага зөв юм шиг санагддаг байсан. Амьдрал дээрээ тэрийг биелүүлж чаддаггүй юм аа гэхэд тайзан дээрээ хувцасаа зөв өмсөх, малгай зүүсгэлээ зөв зүүх хэрэгтэй. Шанхаа яаж тавих вэ гэдгээс эхлүүлээд тэр хүний хэлдэг байсан бүхнийг өөртөө хэрэгжүүлэхийг хичээдэг юм. Одоо ч гэсэн манай чуулгын ахмад уран бүтээлчид бидэнд тэр тал дээр байнга зөвлөж зааж байдаг л даа. Хувь хүн талаасаа бас хичээлгүй яахав. Монгол дээл өмсөхөөр нуруугаа заавал тэгшхэн байлгах ёстой болно. Дээл өмссөн байхад л цаанаас тэгж биеэ цэгцлэхийг шаардаад эхэлдэг гэж ойлгож болно доо.

-Та маш олон дээлтэй юм билээ. Чуулгын дээл үү, эсвэл та өөртөө захиалгаар хийлгэдэг үү?

-Янз янз. Чуулгын дуулалт жүжгүүдийн гол дүрийн хувцаснууд гэж бий. Гэхдээ миний өмсдөг дээлнүүдийн ихэнх нь хувийнх. Би ч өөрөө юм оёх дуртай. Одоо гэхэд л зүү ороож байгаа.

-Үйлэнд уран байх чинь монгол эмэгтэйн нэг чухал шинж чанар шүү. Зүү ороож даалин урлах чинь уг нь монгол эмэгтэй хүн бүрийн л хийж чаддаг байсан ажил?

-Эмээ, ээж хоёр маань бас их сайхан оёдог хүмүүс. Багаасаа харж өссөн юм хүнд хүмүүжил олгодог байх аа гэж боддог юм. Миний багад харж өссөн зүйл бүхэн минь миний амьдралд маш том тус болдог. Даавуу, торгоны өөдөс олдвол тоглоомондоо хувцас оёхоос эхлүүлээд оёж сурсан. Би дөрвөн охинтой айлын отгон нь. Эгч нартайгаа хамт юм оёод, эмээ, ээж аавдаа тусалж өссөн минь тухайн үедээ тэр хүмүүст тусалж байгаа юм шиг боловч үнэндээ өөртөө л тусалж байжээ гэж боддог юм. Эмэгтэйчүүдийг юм оёосой гэж уриалмаар санагддаг. Хүн хүний хувьд таашаал авах юм нь өөр өөр байж болно л доо. Гэхдээ хүн өөрөө мэдэхгүй ч гэсэн генд нь юм оёх авьяас хадгалагдаж ирсэн байж болно. Монголчуудын дунд юм оёж чаддаггүй хүн гэж бараг байсангүй. Юм оёж чаддаггүй эхнэр гэж байсангүй. Үүн шиг генд нь тэр авьяас байгаа л байхгүй юу. Юм оёж байхдаа “Үүнийг яаж гоё оёх вэ” гэхээсээ илүүтэй өөртэйгөө ярих, өөрийгөө сонсох боломж олддог.

-Та Дорноговийнх юм билээ?

-Тийм.

-Аль сумынх вэ?

-Улаанбадрах.

-Тал нутгийн хүн дуучин байхаас яахав. Уртын дуу дуулахаас яахав. Яагаад уртын дуучин болов гэж асуух нь илүүц бололтой?

-Нутаг нутгийн онцлог байдаг л байх. Аав, ээж маань найрч хүмүүс байсан. Найранд их бэлдэнэ. Цагаан сар боллоо гэхэд шинэ дуу бэлдэнэ. Найранд бэлдэцгээнэ. Тэр бүгдийг нь сонсоод л дуу сурдаг байлаа.

Хил хязгаар нь мэдэгдэхгүй нэг л сайхан тал шүү дээ. Бид чинь өвөл тэмээн дээр дөчийн бидон дөрвийг тэгнээд л усанд явна. Манайх чинь худгаасаа арав гаруй километрийн зайтай. Тэмээндээ ус тэгнэчихсэн байхад жонжино гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр алхуулна. Алхуулаад л байна… Хоёр дөчийн бидон хоорондоо хавираад л…Ийм байхад юугаа хийж явах вэ. Дуугаа л дуулж явна шүү дээ. Надад эмээ минь хамгийн анх уртын дуу зааж өгч байсан юм. Тэр дуугаа дуулна. Ер нь ардын дуу л голдуу дуулдаг байжээ.

-“Малчин бүсгүй” дууг та дуулжээ. Дээд өнгө авч байгаа тэр хэсэг үнэхээр сайхан сонсголонтой. “Малчин бүсгүй”-г анх дуулагдсанаас нь хойш ингэж дуулсан нь бий билүү гэж бодогдов?

-Хүмүүс дуучин хүн гэхээр л тэнд очиж дуулаад, энд ирээд л шууд дуулчихаар ажил нь болчихдог байх гэж бодоод байдаг юм билээ. Энэ бол маш их хөдөлмөрийн дараа гарч байгаа үр дүн гэж хэлмээр санагддаг. Сайхан урам хайрласанд баярлалаа. Өчигдөр Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан ах надтай утсаар ярьж, баяр хүргэлээ. Олон хүн намайг сайн байна, сайхан дууллаа гэж хэлдэг ч гэсэн тэр хүнийг тэгж хэлэхэд нь маш их баярласан. Энэ бол уран бүтээлч хүний жаргалтай үе юм байна даа гэж бодож байлаа. “Миний охин хөдөлмөрч байна. Хөдөлмөрч байна гэдэг бол бүх юмны эхлэл байдаг. Чиний энэ чинь болж байна шүү” гэж урам хайрласан. Тэрэнд нь маш их баяртай байгаа.

-Уртын дуучин Б.Алтанжаргал та хоёр хэдэн дуу хамтраад дуулчихав?

-Бид хамтраад хоёр дуу дуулчихаад байна. “Алгирмаа”, “Сүнжидмаа”-г дуулсан. Бид хоёр чинь “Сүнжидмаа”-г шинэхэн дуулаагүй, олон жилийн өмнө дуулчихсан байсан шүү дээ. Арилжааны бус урлаг чинь тодорхой хугацааны дараа хүнд танигддаг бололтой. Бараг дөрвөн жилийн өмнө Цагаан сараар “Сүнжидмаа”-г хамтарч дуулж байсан юм. Тэгтэл энэ жил л хүмүүс хүлээж авч байна. Тэгэхээр өнөө “Хичнээн орон зай, цаг хугацааг туулан танд хүрч баясал, гуниг, ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүй гэдэг шиг (инээв). Энэ үг чинь үнэн юм байна.

-Монгол эмэгтэй хүн дээлээ яаж өмсөх, биеэ хэрхэн авч явах, ямархуу ая дантай байдгийг та үеийнхээ бүсгүйчүүдэд харуулж өгч байгаа?

-Баярлалаа. Хүмүүс тэгээд байхаар надад бас эвгүй байдаг юм байна (инээв). Өмнө нь өөрийнхөө хэмжээнд л дээлээ өмсдөг байсан бол одоо хүмүүс намайг хараад, таниад дээлээ яаж өмссөнийг минь хүртэл харж байгаа гэхээр өөртөө илүү анхаарал хандуулаад эхэлдэг юм байна.

-Та СУИС-ийг хэзээ төгссөн бэ?

-2013 онд. Их сургуулиа төгсөөд л чуулгадаа орсон. Дундуур нь гарч ороод гадагшаа дотогшоо яваад, одоо харин тогтвортой ажиллаж байна.

-Танай чуулгын нэг онцлог бол зунжингаа жуулчдад зориулсан хөтөлбөртэй учир амардаггүй?

-Харин тийм ээ. Тэр нь хүндрэлтэй. Хүн бүхний хувьд зуны улиралд дуртай, гэр бүлээрээ амралт, зугаалгаар явна. Уг нь зун боллоо гээд догдолдог ч ажилтай байдаг болохоор амарч чаддаггүй. Өдөрт хэд хэдэн тоглолттой, гадны том төлөөлөгчид ирэх тоолонд уулзалт дээр нь очиж тоглоно. Өдөрт хэдэн удаа тоглоно. Наадмаар ажиллаж болж байна. Дараа нь ядаж хэдхэн хоног ч боловч амрахсан гэцгээнэ. Үндэсний урлагийн чиглэлийн ажил бол хариуцлагатай ажил алба. Монголдоо дуучин Батцэцэглэн дуулж байна гэж зарлуулж болох ч гадаадад очиход Батцэцэглэн гэж хэн ч харахгүй шүү дээ. Монгол эмэгтэй ийм байдаг юм байна гэж намайг харж надаар Монголын эмэгтэйчүүдийг тодорхойлдог. Тийм учраас бүх юман дээр анхааралтай, сэрэмжтэй, бүх юмнаас суралцаж явах ёстой юм байна гэж ойлгодог юм.

-Таны нөхөр ямар ажил эрхэлдэг вэ?

-Миний хань хувиараа бизнес эрхэлдэг. Манайх хоёр хүүхэдтэй.

Categories
мэдээ цаг-үе

Аав хүү хоёр

МЗЭ-ийн шагналт зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн бүтээлээс хүргэж байна. Тэрээр “Өвгөдийн цадиг”, “Нэг л нандин”, “Он цагийн сүлжээс”, “Өвгөдийн жудаг” өгүүллэгийн, “Хөх чулууны шид” туужийн, “Миний араншин” яруу найргийн бүтээлүүд хэвлүүлсэн. Мөн “Уулын сүүдэр буухаар” роман туурвиад буй уран бүтээлч. “Аав хүү хоёр” өгүүллэг нь өнөө жилийн “Утгын чимэг”-ийн шилдэгт шалгарсан юм.


Зүс буруу борлог үрээг Хайрханы арын хясаанд шахан уургалчихаад, тогтоож чадалгүй уургаа чиргүүлээд алдчихлаа хэмээн хар даран зүүдлээд, давхийн сэрсэн Дэмчигноров зүүдэнд үзэгдсэн адуу шиг, хулжиж одсон нойрондоо харамсан, эрт эдүгээ хийгээд ирэх өдрүүдийн тухай элдэв бодолд ээрэгдэн хэвтэхдээ айх эмээхийг үл мэдэгч залуу халуун насны ойворгон араншин нь нугарч, ааг сааг юухан хээхэнд сэмэрчихдэг болоо юу даа гэмээр сэтгэл нь хөндүүрлэн байлаа.

Сэжиг таамаг, сүсэг бишрэлийн ил харагдахгүй, үл тасрахгүй явган яриаг салхи шиг залгиж, шүлс шиг нулимж явсан Дэмчигноров залуу насны омголон хэнэггүй монгол араншингаа өөнтөглөх болсон нь хүн ёсны хөх зөнд хөтлөгдөн буйн шинж биз ээ. Тэрбээр хүч буурайг өмөөрч, омогдож агсарсан шазруун харчуудтай нударга зөрүүлэн, дийлэхдээ дийлж, дийлэхгүй нэгэнд нь хэвтэрт ортолоо гөвшүүлж явсан залуу халуун насаа эргүүлж хөрвүүлэн бодож хэсэг хэвтэв.

-Муу хүү минь шинийн гурванд багтаж ирэх учиртай. Урь унаж, цаг тавирахаар ирж бай гэж зөндөө л үглэлээ. Тоохгүй юм. Өөрт нь нэг бодол байдаг юм болов уу даа. Цагаан сар хаяанд ирчихлээ. Өчигдөр хэдэн хавсаагаа хайрав. Өнөөдөр ганц нэг дэлгэц банш чимхье. Орой оруулсан мах гэсч байгаа болов уу. Жаахан уятаад эргээд хөлдчих вий дээ. Босч гал түлье дээ. Мөн чиг хүйтэрч байна даа гэж бодоод, ар дагзныхаа атриатсан хуйхтай данхар толгойгоо атгалан, нулимсаа гоожтол эвшээсээр өндийж суулаа.

Азарган нэхий дээлээр давхарлан хучсан бор хөнжлөө хумин, товхогор эсгий гудсаа сөхөж хэд нугалсан сонингийн цаас, дугуй хайрцагтай тамхиа авч сурмаг ороогоод дэрэн доороо хийсэн чүдэнзээ шархийлгэн хавирав.

Чүдэнзний галд тамхиа асаан шунаглан сорох үед гэрийнх нь үүдэнд хэн нэгэн сүүтгэсхийх шиг болоход арзасхийн цочиж, хавирсан чүдэнзээ өргөн ойр орчноо тойруулан, ийш тийшээ харснаа:

-Халцгай хэмээн дуу алдаж, шатаад дуусч буй чүдэнзний модыг зуухны зүг шидээд, чимхийн хорсох эрхий долоовор хурууныхаа өндөгийг долоох зуур,

-Хий юм хардаг болох нь ээ гэж бөгт дуугаар үглэсээр, дахин чүдэнз зурж, орны урд дахь жижиг ширээн дээр хатгаж орхисон лаагаа асаалаа.

Хүйт даасан гэрийнхээ ялимгүй шазгар өрхний завсраар сэнгэнэх хүйтэн жаварт эгдүүцэх мэт тооно өөдөө харж, том нударгатай дээлээ нөмрөн, орны урд тавьсан ээтэн гутлаа холхиндог углаад гарав.

Цанхилзтал салхилах жавартай шөнийн, одод анивчих тэнгэрийг ширтэн,

-Уг нь ч цагаан сар өнгөрөөд цагийн хошуу эргэчихдэгсэн. Цаг тооллын бичиг гаргадаг эрдэмтэн доовторууд нь алдаж тоолох учиргүй л баймаар хэмээн бодов.

Дөрвөлжтэй аргал, шуудайтай хөх шиндүүнээс зуухныхаа хүхээгэнд тултал зэрэглэн, галаа асаахад хуурай аргалын галд гэрийн жавар хөөгдөн, тэр доороо пүнхийсэн ч, ар нуруунаас хүйт даан жиндүүлэх аж.

-Олон хөндийн жавраас орны хөндийн жавар хэцүү гэж хэн анх хэлээ юм бол доо хэмээн үглээд, яндан, өрх хоёрын завсар түлээний залтас хавчуулаад, орондоо орж, хөнжлөө нөмрөн хэвтлээ.

Шад падхийн цорволзох хуурай модны хөх дөл зуухны амаар цухалзаж, час улаан цог хаа нэг нисээд, зуухны өрөн дээр унах аж.

Хэсэг зуур зүүрмэглэх мэт хэвтсэнээ, хажуу бөөрөө даган урсах ганц лаагаа хайрлан, огцом чангаар “пүү” хэмээн үлээгээд , зууханд асах галын гэрэлд унь тооноо ширтэн хэвтэв.

Одоогоос хориод жилийн өмнөсөн. Цэргийн онжавууд, бага сургуулийн нэг ангийнхан гээд бие биенээ өдөөж хөөргөсөн хэдэн залуус айраг архи эргүүлж, үерлэж шуугьсан голоор хөндлөн гулд туучин, галзуу ноход шиг агсарч явсаар цагаан гэгээ тасрахын алдад Дэлгэр бүсгүйнд буув.

Оройн саамаа борлуулж, хэдэн тугалаа хашчихаад, унтахаар зэхэж буй бүсгүйг элдэв марзан үгээр хоргоож, гурван усны нэрмэлээс эхлээд, цагаа амтагдсан сувсыг нь хүртэл шавхруугүй залгилаад явцгаах үед,

-Дэмчигноров оо, чи энд үлд. Бага ангидаа та хоёр чинь нэг ширээний хоёр байсан биз дээ гэж шулга Баасан тультраатан хэлээд,

-Дэлгэр минь, наадахаа олигтойхон номхруулаад өгөө-рэй гэж нүд ирмэн марзганав.

-Хүүхдийн дэргэд олон юм ярилгүй морд чи гэж Дэмчигноров унтууцвал, тэдний ард нь дээлээ нөмрөн унтаж байгаа жаалхүүг сая л анзаарсан шулга Баасан агдалзан инээж,

-Дэмчигноров чамайг Дэлгэр хүүхэн дээр бууж мордож явсныг мэдэхгүй юм байна. Хүний хүүхэд чамд ямар хамаа байна. Дэлгэр ээ, миний найз хүүгийнхээ эцгийн нэрийг хэлж, энэ тэнэгийн сэтгэлийг амраагаад өг дөө хэмээн шижээргүй харцаар өдөнгүй ширтэхэд, согтуу харчуудын овилгогүй харцанд ээрэгдсэн Дэлгэрийг өрөвдсөн Дэмчигноров,

-Дэлгэр бид хоёр хүүтэй гэдгийг мэдэж авцгаа та нар хэмээн чанга дуугаар хэлээд, шулга Баасанг чирч гаран, эвхэртэл элэгдэж, бусад харчуудыг өшигчин хөөсөөр мордоцгоов.

Ганц бие бүсгүйг элэг барингуй далбилзах согтуу харчууд тэр дундаа шулга Баасанд дургүй нь хүрч суусан Дэмчигноров үеийн харчуудаа хашраамаар санагдсан хэрэг.

Тэр үдшээс хойш Дэлгэр хүүхний ганц хүүгийн эцэг нь Дэмчигноров гэнэ шүү гэсэн цуу үг ам дамжин шуургалав. Санаандгүй хэлсэн үг салхи хөлөглөн тархана чинээ санаагүй Дэмчигноров сэтгэл зовонгуйран явсаар сар гарангийн дараа Дэлгэрийнд үдшийн бүрийгээр давхиж очсон аж. Бага сургуулийн нэг ангийн хоёр бие биенээсээ санаа зовонгуйран суух үед Дэлгэрийн хүү чимээгүйхэн хоолоо идээд ороо засан унтаад өгчээ. Өөд өөдөөсөө сэм сэмхэн харж, харц тулбал нүд буруулан бултаж дуугүйхэн сууцгаасаар хүүг унтсаны дараа гэрээс цувралдан гарч чийг үнэртсэн шөнийн тэнгэр дор үүр хаяартал ярилцаж билээ.

-Ам дамжсан цуурхал хүүгийн чихэнд хүрсэн байна. Чи тэр орой юунд тийм үг хэлэв дээ хө. Миний аав Дэмчигноров ах тийм ээ гээд мөн ч шалгаалаа гэсээр уртаар санаа алдахад

-Чамайг бутанд хярсан бүжин шиг бүлтгэнэхийг хараад дуугай сууж чадаагүй юм. Тэгээд ч надад хэл ам татлах эхнэр хүүхэд байх биш. Хүүхдийн сэтгэлд сэв суулгаж байснаас “тийм ээ үнэн” л гэчихгүй юу гээд зөөлөн дуугаар нур нур инээж суусан дуртадмал хонгор насаа эргэн санав.

…Цаг эргэдгээрээ эргэж цагаан сарын шинийн гуравны билэгт сайн өдөр үүр цүүрээр эртлэн босч, цай идээгээ бэлдэн суугаа Дэмчигноровын өвөлжөөний доод замаар хурдан унааны хүнгэнсэн дуу сонсогдохыг өглөөнөөс хойш чих тавин суусан өвгөн толгой гилжийн анирдаад, сандчин босч, цагаан сар хурал хуйд хаа нэг өмсдөг хөх жигүүнэн дээлээ өмсөх хооронд аль хэдийнэ гэрийнх нь гадаа давхиж ирэв.

Эцгээ хүлээсэн хүүхэд шиг гүйж гарсан Дэмчигноровын өөдөөс,

-Өвөө би тань дээр хүрээд ирлээ шүү гэж цангинуулан хашгирсаар, хөх бууцны тоос босгон гүйж яваа жаахан хүүгийн өмнөөс майрганан харайсаар тэврэн авч, хөлөрсөн магнайг нь өхөөрдөн, сахалтай хошуугаараа үрчин үрчин үнсэв.

-За мэнд амар сууна уу аав аа гэсээр хүрч ирсэн гуч эргэм насны хархүүгийн өөдөөс инээмсэглэн,

-Ор хүү минь ор. Ороод золгоё. Бид хоёр яахав. Гадаа гэрт гэх цээр нь арилсан хоёр оо гэсээр ач хүүгээ үүрэн эрхлүүлж гэр өөдөө алхав.

Амар мэндээ мэдэлцэн хадаг дэлгэн золгоод, хүү ач хоёртоо цай аягалан өгч, идээ шүүс тавиад, тогоонд даргилан буцлах усанд тавагтай хөлдүү банш шархийлгэн хийж жижиг халбагаар хутгав. Хүүг нь өхөөрдөн суугаа өвгөнийг харсан хархүү,

-Хөөрхий дөө. Жилээс жилд өвгөрөөд байна даа. Ижий бид хоёрыг согтуу сожуу харчуудаас өмгөөлж, хүүгийнх нь эцэг би юм шүү хэмээн зарласан энэ хүн миний төрсөн эцэг биш ээ гэдгийг хожим хойно мэдээд сэтгэл мөн ч их хямарч билээ.

“Дэлгэрийн хүүгийн төрсөн эцэг нь би байна. Яах юм та нар намайг. Өмөөрөх эзэнтэй айл шүү. Дахиад ирж дарласан байвал цувдайны чинь савыг зад цохино гэж мэдээрэй” гээд, ижий бид хоёрыг нойргүй хонуулдаг согтуу хөлчүү харчуудыг өвсөн түүдэг шиг өшигчин, гол уруудуулан хөөж одохыг чагнаад, “аав аа аав аа, миний аав аа” эргээд ир л дээ хэмээн хөнжил дотроо нусаа шор шор татан уйлж байсан билээ. Нунж дорой ижий бид хоёрыг зорин ирж, өнжиж хоноод буцахад нь ээж хүү хоёрын сэтгэлд наран ургадаг байсан хэмээн ижийгээ үгүйлэн суулаа.

Ганц сармисаар амталж чимхсэн бор гурилтай баншийг нь амтархан идэж суугаа хүүгээ харсан Дэмчигноров,

-Эвий дээ, миний муу хүү. Намайг төрсөн эцгээ л гэж итгэсээр яваа. Дэлгэр минь нарийн учрыг нь хэлээгүй биз. Яахав яахав. Би хүүтэй, энэ маань аавтай явахад юуны буруу байх вэ. Хэдэн малын зах, өмбөө цөмбөө өмч хөрөнгөө хүүдээ хүлээлгэн өгч сэтгэлээ амраая. Сүүлийн үед муу совин төрөөд байгаа золиг шүү хэмээн өөрийгөө голон суулаа.

-Аав аа, танд ганц сайхан хаш соруултай гаанс аваад цүнхэндээ хийсэн юм. Гэтэл хөшигдөөд хугарчихжээ гэж гэмшингүй ярих хүүгийнхээ өөдөөс харсан өвгөн ганган савтай үнэтэй архи сэржимдэж суухдаа саяхны зүүдэлсэн тодхон зүүдний учиг, бурзангаараа хугарсан гаанс байсныг ухаарав. Монгол өвгөдийн зүүд зөнтэй гэж үнэн ажээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг гадаад улс руу зорчихгүй байхыг ЭМЯ-наас анхааруулж байна

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “COVID-19 халдвар сүүлийн 24 цагийн дотор дэлхийн 99 орныг хамарч, дөрвөн улсад шинээр бүртгэгдлээ. Манай улсад одоогоор кроновирусийн тохиолдол бүртгэгдээгүй.

Одоогоор БНСУ, Япон, Иран, Итали болон Испани, Франц, АНУ-д өвчлөл нэлээд эрчтэй тархаж, голомтлох байдлаар гарч эхэлж байна.

Өвчин гарч эхэлснээс хойш Эрүүл мэндийн яамнаас гаднын улс оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгсөөр байгаа билээ. Харамсалтай нь манай иргэд өвчлөл гарсан улсад зорчиж байнга хүндрэл учрууж байна.

Мөн өнөөдөр Франц улсаас ОХУ-аар дамжиж гадаад иргэн Монгол Улсад ирсэн тохиолдол байна. COVID- 19 халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна” хэмээн онцлов. Гадаад улс руу зорчихгүй байхыг эрүүл мэндийн яамнаас ахин дахин анхаарууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Ариунтуяа “ДЭМБ бүх улс орнуудад вирусийн тархалтыг удаашруулах, тохиолдлыг бууруулахад үр дүнтэй байгаа арга хэмжээг үргэлжлүүлэхийг уриалж байна. Хүн бүр хаана ч гэсэн өөрийгөө болон бусдыг хамгаалах бүрэн чадвартай” гэв.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал шинж тэмдэг илэрвэл аюулгүй байдлын үүднээс эмнэлэг рүү явахаасаа өмнө өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагууд руу утсаар хандаж, заавар зөвлөгөө авахыг зөвлөлөө. Өнөөдрийн байдлаар нийт 901 хүн ажиглалтад байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Төмөр мүстэй СУМ

Зохиолч Шуурайн Солонго Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. Тууж өгүүллэгийн төрлөөр дагнан бичдэг. “Төсөөлөл”, “Бага хатан”, Хагацсан нутаг”, “Улаан судар”, “Гималай”, “Шамбалын цэнхэр салхи”, “Цагаан уулс” тэргүүтэй 11 ном хэвлүүлсэн. Түүний “Төмөр мүстэй сум” өгүүллэгийг хүргэж байна.


Цасны ус шалбалзан урсах гүн тайгад хаа нэгтээ бархирах шувуун дуунаас өөр чимээгүй. Тийн атал эл нам гүмийг цочоож, ойрхон мод шажигнан унах нь сүрхий содон дуулдав. Удалгүй тэр зүгээс хугархай хус чирсэн нэгэн бээр нойтон цас хөглөрүүлэн гарч иржээ. Буй төрх нь оргодол босуулын шинжтэй агаад гөлийсөн хүйтэн харц, амнаасаа үг унагаж үзээгүй болов уу гэмээр хөрзгөр царай, хэтийдтэл ургасан сахал самбай, ширэлдэж сэгсийсэн их үс нь түүнийг тийм төрхтэй болгожээ. Шөрмөс, хялгасаар хэлгэж торгоосон арьсан дээлэрхүү хувцсаа нарийн агсаргаар чанд ороож, түүнээс нь цөөвтөр сумтай хоромсого унжаад нумаа хөвчөөр нь өрөөсөн мөрөндөө угласан түүний хөлөө боож тунтарсан нэхийг гутал гэхэд хэцүү.

Тэрбээр чирч ирсэн модоо газар орхиод, нойтон цасан дээр өвдөглөж, цас суваглан жирэлзэх уснаас аажуухан шимэн уух нь хүртэл нэг л хүмүүн бусын аягтай. Даахирч бөөмнөрсөн үс нь усанд дүрэгдэн хөвөх үес сайх хүмүүн сая сэхээ орох мэт өндийж, хүйтэн усаар нүүрээ хэдэнтээ шударч норгоод, усаа гоожуулан моддын үзүүр ширтэж хэсэг сатаарав. Хүйтэн гөлгөр харцанд нь ямар нэгэн бодол санаа үл илрэнэ. Тэгснээ гүнзгий санаа алдаад бүсэндээ хавчуулсан чандага мэтийг суга татан, хажуудаа тавих мөртөө авчирсан модныхоо нарийн хуурай мөчрийг хугачин, цасны чийг нь арилж, энэ хавьдаа урь ханхлуулан харлах товгор дээр зэргэлээд өврөөсөө хэт цохиур уул гарган, яах ийхийн зуургүй түүдэг асаав. Чингээд гутал орлосон баглаатай нэхийнийхээ түрүүнээс бяцхан хутга гарган, мөнөөх чандагаа дор нь янзалж, гэдэс дотрыг нь чулуудаад, нимгэн зулмагар арьсыг хуу татах нь тун ч сурмаг. Хоромсогоноосоо нэг сум сугалан авч, туулайны шулдан биеийг нь туушид нь шорлоод дүрэлзэж буй түүдгээ яльгүй дарж, утаа манаргаж түүнийгээ дээр нь тавьлаа. Чухам л шорлогт зориулсан мэт сумны төмөр мүс галын илчинд өнгөө хувиргахыг ажсаар мөнөөх эр бодолд дарагдав.

…Цэргийн бүрээн дуу гэнэт хадсан ч тэр ядах юмгүй бэлдэж, яаравчлан аравтдаа нийлсэн нь саяхан атлаа элэнц хулангийн үе мэт санагдана. Тэдний зуут хөтөлгөө морьдтойгоор өдөр шөнөгүй довтолгож нэгэн их хүдэнт хангайд тулж ирэв. Хуй салхи шиг явсан болохоор газрын баримжаа ч байсангүй. Морьдоо орхин цааш явган замнахыг тушаасан тул ойн захад эгнэн зогслоо. Тэгтэл хориод морьтон ирж билээ. Дуулганы саравчаар нүүрээ дарсан тэд цагаан эсгийгээр битүү хулдаж, модон дамнуургад тэгнэсэн нэгэн шарил мэтийг газар хүргэлгүй дээдлэх ажгуу. Тэр бүлэг морьдоо сэлгээд цааш түргэнээ хөдлөв. Тэдний бараа тасрахад зуут араас нь хөдөлж, замдаа цэргүүдийг аравт, аравтаар таслан үлдээсээр явжээ. Тэднийх тав дахь аравт болж үлдсэн юм. Моддын дээгүүр сүү шиг цагаан тэргүүтэй их уул дүнхийнэ. Энд хүрээд аравтан тэднийг зогсоож, удалгүй өөдөөс нь гарч ирэх аравтыг өчиггүй намнаад буцах тушаал авснаа дуулгажээ. Аливаа тушаал зааварт эргэлзэн лавлаж сураагүй монгол цэргийн ёсоор тэд нүд цавчилгүй хүлээлээ.

Үүр хаяарахын хэрд зургаа дахь аравтыг мөнгөн дуулгатай ихэс тэргүүлэн гарч ирэхэд аравтан : – Мөнгөн дуулгатыг үлдээ ! Бусдыг нь харва ! гэж тушаажээ. Морь хазаарлах төдий хугацаанд нэгэн зуутын арван нөхрөө газар тэврүүлчихээд тэд иөнгөн дуулгатыг даган гэдрэг буцацгаав. Тэгтэл ч энд тэндээс сум шунгинан ороод ирж билээ. Цочин харвал өмнө нь явсан мөнгөн дуулгат хэдийн газардаад зооноос нь сумны цустай зэв цухуйж байх нь тэр. Аравтын нөхөд нь энд тэндгүй гулдайн унахыг харж, амьд үлдэх ёсгүй болсноо ойлгох тэр агшинд хэвлийг нь сум өрөмдөн орсон … Жанжинг оночихлоо! Хэний сум бэ ? гэж хэн нэгэн уурсан хашгирахыг сонссон тэр агшинд ухаан алдсан юм. Сэргэхүл амь алдсан нөхдийнхээ дунд байв. Цус алдаж тамирдсан ч өндийж чадсан төдийгүй шархдуулсан сумаа ч суга татаж хаяжээ. Одоо л үхнэ дээ гэж хүлээсэн ч тэр цаг нь болоогүй бололтой. Нэгэнт хальж одоогүй хойно нэгийг хийх хэрэгтэй болж, ойр байснаар нь мөнгөн дуулгатын агсаргыг хоромсоготой нь авч мөлхсөөр үхэл, цус нөмөрсөн айхтар газраас холдсон… …

Тэр хоромсогт байсан нь өдгөө чандага шорлон шарж буй энэ төмөр мүстэй сум бөгөөд өдий хүрэх аян замд хань болсон эдлэл бөлгөө. Амь гарах гэж бишгүй хүч зарцуулсны хүчинд тэр хөл дээрээ босч, ийн уулнаас уул руу, сэлүүн модтойгоос шивэр битүү тайга руу дамжин зайж явав. Зайхын учир нь золионд гарагсдаас амьд үлдсэнийг мэдвэл Хөх төрийн цааз хатуу, мөрөөр нь мөшгиж, мөчөөр нь жиргэж хаяхыг мэдсэнд оршмуй. Тэр эргэж харих ч аргагүй, нутагтаа хүрвэл төрөл төрөгсөд, овог гарвалтнаа ч хөөднө гэдгийг ойлгоод ийнхүү өдөр хоногийг аргацаана. Олон хүний амиар булш бунхныг нь нууцалсан тэр ихэс хэн байсан юм бол? гэж тэрбээр өглөө сэрээд боддог, үдэш унтахдаа гайхдаг ч хариулт гараагүй хэвээр. Яван явсаар дөрвөлжин модон урцанд амьдардаг шар үстнүүдийн газарт хүрээд тэр нутгаасаа халин гарснаа мэдэж, эргээл монгол гэртэндээ дөтлөхөөр тэмцэв.Сүүлийн үед ой ухаан нь жаахан бишдэж, зарим юмсын нэрийг мартан, хэл нь эвлэхээ больсон учир тэрбээр “Энэ бол мод, тэр бол өвс” гэж амандаа үглэдэг болжээ. Ямар боловч цас гурвантаа бүрхэж, цэцэг хоёр удаа ургасныг тоймлоно. Энэ өглөө босоод “Өнөөдөр юу идэх вэ? Буга ихэднэ, бор гөрөөс л… гэж сурсан зангаараа бодож сууснаа гэнэт “Ер нь тураг унагавал ууландаа үхье, жижиг ан таарвал уулнаас бууж үзье” хэмээн тэнгэрээс төлгө гуйхаар шийджээ. Гэтэл ялаа шавьжтай өрсөлдөн бужигнаж байдаг бор гөрөөс ч таарсангүй, усан дээр нь хүлээсэн ч буга, согоо ирсэнгүй, арга ядахад амь залгуулдаг хур, сойр ч таарсангүй. Аз болж ан таарахгүй юм биш биз хэмээн олзуурхаж атал энэ чандага таарснаар тэнгэр түүнийг уулнаас буу хэмээж буйг мэдэрсэн аж… … Мах түлэгдэн хиншүү ханхлахад тэр бодлоосоо сэрж, халуун төмөр сумыг ханцуйгаараа жийрэглэн аваад яаруу сандруу үмхлэв. Хүний бараа харалгүй удсан болохоор уулнаас бууна гэхээр сэтгэлдээ халширч, өөртөө элдэв асуулт тавин мунгинах тул махныхаа амтыг ч мэдсэнгүй. Тэгснээ түүхий мах амтагдахад санаандгүй “Аа-яа-яа” гэж намуухан хархираад цочирдон дуугаа хураав. Хүний дуу сонсох эвгүй ч юм шиг… Гуяны шүүрхий хэсгийг буцааж, нурманд булаад “Ерөөсөө хүмүүн таартал явъя. Уулзаад яриа хөөрөөг нь сонсъё, хэрэг бишидмээр бол хэлгүй хүн болсугай!” гэж бодож тогтов. Хэсэг бодлогошроод нурамнаас нүүрс болох шахсан махаа авч үмхлээ. Уулнаас бууж хоёр хоног гэлдрэв. Энэ завсар ганц тарваганаас өөр юмаар амаа тослоогүй тул сүрхий өлсч, ангаж ядарчээ.

Нэгэн хөндийд хэдэн гэр бүхий отог тааралдсанд айж эмээхээ ч умартан очиж, захын бор гэрийг нь гоочилбол холын хүний мөрөөс болсон өтөл эмгэнийх таарчээ. Эмгэн түүнийг өрөвдөн халагласаар хооллож ундлаад, авдар саваа онгичин гайгүй гэсэн дээл хувцас өмсгөөд үс зүсийг нь янзлан хүмүүн төрхөнд нь оруулжээ. Ярих юмгүй мань хүний ээрч муурахыг хэд хоног ажигласан эмгэн, “хэл яриа бядуу нэгэн ажгуу” хэмээн бараглаад элдвийг шалгааж төвөг удсангүй, өөрийнхөө аж байдлыг л гол төлөв хүүрнэнэ.

Нэгэн удаа эмгэн: – Бага хүү маань агсаргаа бүслээд цэрэгт одсон. Гурван жил боллоо. Их хаантны тэнгэрт хальдаг жил юм л даа. Одоо хүртэл сураг чимээгүй, амьд явдаг болоосой гэж сахиусандаа даатгаж сууна гэж хуучилжээ. Үүнийг сонсоод золбин эр аянганд ниргүүлсэн мэт манарав. Өдий хүртэл бөглөрч чиглэрсэн бодлынх нь зангилаас задарч, ямар чухал оршоолгод оролцсоноо сая л ойлгоов. Ингэж амьдын төдий гэлдэрч явснаас аль эрт авай Чингис хааны хөтөч болж, тэнгэрийн оронд одох байсан ажгуу. Нэг байтугай нэлээд амиа өргөөд ч хүртэж үл чадах тийм хишиг хүртээлээс би өөрөө зайлав гэж үү ?! Хааны өлмийгөөс чингэж зугатаад би одоо хаа хүрэх билээ? Хувь заяандаа гомдсон цэрэг эр отог айлын ахлаачийг эрэн хайж уулзаад өөрийн учир явдлыг илэн далангүй тоочин хэлээд цаашид хэрхэхийг толгой бөхийн асуужээ. Үхэхээс бусдыг үзсэн, цэцэн буурлын төрхтэй тэр ахлаач түүнийг удтал ширтээд : – Алдаа гэм нь хаанаа байгааг, авлага өглөг нь хэзээ ирэхийг чи бид хоёр хэрхэн мэдэх билээ. Ямар боловч түүнээ өөрийн улаан биеэр үүрч дүүрч дуусга даа хэмээсэн бөлгөө. Чингээд тэр отогт үлдэв. Ээл болсон эмгэнийг ээжийнхээ адил асарч тойлж өнгөрөөгөөд нэгэн намар хүнс базаахаар отгийн эрсийг даган ууланд гарчээ. Тэнгэр бүрхээд аадрын үүл моддын үзүүр хүртэл хөллөсөн нэгэн өдөр тэр ангийн мөр хөөж нөхдөөсөө салан уулын хэц дээр гартал гэнэт аянга тасхийж, нойтон газар ноцох мэт мэлсхийсэн цагаан туяа татаад түүнийг газартай хадчих мэт болов.

Тэр агшинд үүрч явсан төмөр сумнууд нь тос мэт хайлаад нурууг нь цоргин урсахыг мэдрээд сац орчлонгоос хагацжээ.

Categories
мэдээ цаг-үе

Майкл Жордан “Би сурсан эрдмээ өвлүүлэх гэж хичээсэн дүүтэй байсан гэдгээрээ бахархна”

Өвлийн адаг сарын 24-нд ертөнц “Лос Анжелес Лейкерс” багийн домог Коби Брайанттай салах ёс гүйцэтгэх хүндэтгэлийн үйл ажиллагааг чих тавин ажирлаа. Тэр өдөр Staples Center-т өнгөрсөн ба өнөө цагийн сагсан бөмбөгийн бүх шилдэгүүд цугларч онгоцны ослоор амь үрэгдсэн Коби Брайант болон түүний охин Жанна, бусад зорчигчдын гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм. Сагсан бөмбөгийнхөн тоонд их учир холбогдол өгдөг заншилтай. Коби 24 дугаартай, охин нь хоёр дугаартай тоглодог байсан тул хоёрдугаар сарын 24-нийг сонгож. Хорин жилийг НБА-д өнгөрүүлж эхнэртэйгээ хорин жил амьдарсан тул 2020 он гэж тааруулсан гээд. Бас Кобигийн тоглож байхдаа авсан оноотой адил 33642 сарнайгаар талбайг чимлээ гээд тоон чимэглэл зөндөө байлаа. Сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг цөөн хэдхээн хүнд олгосны нэг нь Майкл Жордан байсан. Кобигийн өөрийнх нь шүтээн, ер нь сагсан бөмбөгийн бодит бурхан Майкл Жордан зодог тайлснаасаа хойш тэр бүр олны өмнө гарч үзэгдээд байсангүй. Тэр мөртөө үг, илтгэл тавиад байх нь бүр ч ховор. Хэдэн жилийн өмнө түүний нэрийг Алдарын танхимд мөнхжүүлэх үед нэг удаа индэр дээр гарч сэтгэгдлээ хуваалцахдаа баярлаад жаахан мэлмэрсэн нь сүүлдээ нийтийн сүлжээний гол бай болж нулимс дусааж буй зураг нь хэн нэгнийг шоолох үзүүлэн болоод их удаан хадгалагдсан. Харин энэ удаагийн хайлаан нь харууслынх байсан тул хүмүүс зөв хандах байлгүй. За тэгээд түүний сэтгэл гэгэлзүүлсэн нийтлэлээс нь хэсгийг энд хөрвүүлье.

“Би уг нь “Өглөөний мэнд” гэж эхэлнэ гэж бичсэн байсан ч одоо өдөр болчихож. Ванесса болон Кобигийн гэр бүлийнхэн надад үг хэлэх боломж олгосонд талархлаа. Жижи болон Кобигоо дурсаад дүүгийн маань үлдээсэн-сагсан бөмбөгчийн, бизнес эрхлэгчийн, хүүрнэгчийн, эцгийн өв уламжлалын талаар жаахан ярих боломж өгсөнд талархлаа.

Олон хүмүүс Коби бид хоёр яагаад тийм ойр байсныг гайхдаг байх. Тийм ээ, бид хоёр дэндүү ойр амьдарч байжээ. Бүгд л Коби бид хоёрыг харьцуулдаг. Би өнөөдөр зөвхөн Кобигийн талаар л ярих гэсэн юм. Жижигхэн дүүтэй ах нар мэднэ дээ. Тэд чамайг эзгүй хойгуур шүүгээг чинь ухаад л өөрт нь томдсон ч хамаагүй гутлыг чинь өмсөөд бас бус юмыг чинь түйвээгээд л байдаг. Тэгээд чиний алхах гишгэх үйл үйлдлийг чинь дуурайгаад л. Эхэндээ уур хүрнэ гэж жигтэйхэн. Цаг хугацаа элэгдэх тусам тэр уур хилэн хайр энэрэл болон хувирч эхэлнэ. Учир нь тэдний сонирхол чамайг дуурайх гэж оролдох оролдого улам сайжирч чи өөрийн эрхгүй түүнийг амьдралдаа алдсан алдаагаа давтуулахгүй тойрох аргыг нь заах зам руу хөтлөөд ирдэг. Коби хэдийд ч хамаагүй залгана. Өглөө, өдөр заримдаа шөнийн гурван цагт хүртэл залгаад гурвалсан довтолгоо гэж юу юм бэ, хөл яаж тавьбал зөв бэ гээд л яршиг удна шүү дээ. Тэр залууд дуусашгүй их чармайлт шингээстэй байлаа. Өөр хэнд ч байхгүй тийм их чармайлт. Чармайлт гэдэг бол гайхалтай чанар. Хэрвээ чи ямар нэгэн зүйлийг мэдье, суръя гээд зүтгэсэн бол тэр зорилгодоо хүрэхийн тулд хэр зэрэг тууштай чармайн зүтгэж чадах вэ гэдэг үзүүлэлтээр хүний хүрч чадах амжилтыг тодорхойлж болдог. Коби тэр тал дээрээ агуу байлаа. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам, Кобитой өнгөрүүлсэн цаг хугацаа сунжрах тусам би өөрийнхөө дотор түүний ах нь болон хувирч өөрт байгаа мэддэг чаддаг бүхнээ чадлаараа өвлүүлэх юмсан гэх эрмэлзэл оволзох болсныг мэдрэх болсон. Ярьж болох бүх сэдвээр яриа өднө. Заавал сагсан бөмбөгийн талаар байх албагүй.

За дүү минь чи намайг шавхаж дууслаа. Одоо миний энэ мэлмэрч буй дүрс удаан хугацаанд элэглэлийн бай болох нь дээ. Уг нь би эхнэртээ энд үг хэлмээргүй байна, индэр дээр гарвал нулимсаа шингээж барахгүй, тэгээд гурав, дөрвөн жил муу хүмүүсийн шоглоомын бай болох нь гэж хэлж байсан юм. Одоо яая гэхэв, Коби чи намайг яаж байна аа.

Хэдэн сарын өмнө нэг мессэж Кобигоос ирлээ. Охиндоо ганц нэг хөдөлгөөн зөв хийхийг заах гэсэн юм. Түүний насан дээр та яадаг байсан бэ, зөвлөөч гэж байна. Охин чинь хэдтэй юм бэ гэсэн чинь 12-той гэж хариулав. Би 12-той байхдаа бэйсбол тоглож сурах гээд гүйж байлаа гэсэн чинь элэг хөшлөө гэж хариу бичиж билээ. Шөнийн хоёр цагт бичилцсэн мессэжийн талаар ярьж байгаа юм шүү. Нас явах тусам найз нөхөд багасдаг. Ийм яриа өрнүүлэх найз бүр ч байхгүй болдог. Тэр тусмаа өрсөлдөж явсан хүмүүс бол бүр алга болно. Коби хэн бэ гэдгийн жижигхэн жишээ л дээ, энэ.

Фил Жэксон Лейкерсийг дасгалжуулж байсан 1999 онд билүү 2000 онд билүү дээ санахгүй байна, тэр үед Филтэй уулзах гээд оффист нь иртэл Кобитой таарлаа. Би костюмт өмссөн чухал хүн явж байтал Коби таараад, тэр надаас “ЭмЖи та пүүзээ авчирсан уу” гэдэг юм даа. Аймаар байгаа биз. Тэр ур чадварыг дээшлүүлэх жижигхэн боломж гарах бүрт тэр боломжоо гээлгүй ашиглана гэж алхдаг хүү байжээ.

Ванесса түүний охид болох Наталье, Бианке, Капри нарт хэлэх миний үг. Би эхнэртэйгээ хамт ярилцаад энэ аймшигт золгүй явдлын дараа та бүхэн нөхрөө, аавыгаа алдсан ч том ах чинь байгаа шүү, бид үргэлж хамт гэдгийг ойлгоорой.

Коби нас барахад миний биеийн нэг хэсэг бас хамт алга болчихлоо. Энэ цэнгэлдэх хүрээлэн, энд цугларсан түмэн олон, дэлхийгээр нэг тарсан хөгжөөн дэмжигчдийн сэтгэлээс бас жижигхэн хэсэг нь Кобитой хамт алга болсон гэдэгт итгэлтэй байна. Гэвч бидэнд сайхан дурсамж мөнхөд үлдэнэ. Би лав өөрийгөө “Надад сурсан бүхнийгээ өвлүүлэх гэж хичээсэн дүү байсан юм шүү” гэдэг дурсамжаар тайтгаруулж амьдарна гэж бодож байгаа. Тайван нойрс доо дүү минь”.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Ямар тохиолдолд өөрийгөө гэртээ тусгаарлах вэ?

Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Энэ үед дараах дэглэмийг баримтална.

Үүнд:
Гэрээсээ гарахгүй байх

Гэртээ зочин урихгүй байх

Аль болох тус тусдаа байх

Амны хаалт зүүх

Гараа сайтар савандаж угаах

Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх

Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх

Сайн унтаж амрах

Тайван стрессгүй байх

Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих

Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх.

Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1900-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина

Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар Налайх дүүрэгт ажиллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний тогтоолоор Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих болсон. Тиймээс шинэ үйлдвэр барих газрыг сонгох зорилгоор тус дүүрэгт ажилласан юм.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохдоо төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаанд үндэслэх учраас Налайх дүүрэг, Налайх дүүрэгтэй зэргэлдээ Төв аймгийн газар нутгаас сонгон үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж буй юм. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих тооцоо судалгааг ойрын хугацаанд гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд хуралдаанаар дэмжсэн тохиолдолд, бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

УОК маргааш хуралдана

Улсын онцгой комисс-н зурган илэрц

УОК маргааш хуралдаж, коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил, авч буй арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Хурлаар Эрүүл мэндийн яам бодлогын хувьд авч хэрэгжүүлэн үйл ажиллагааны чиглэлээ танилцуулах юм байна.

Categories
мэдээ спорт

М.Мягмаржаргал, У.Шинэцэцэг нар Амманд өрсөлдөгчдөө ялав

Йордан улсын Амман хотноо болж үргэлжилж байгаа Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээн 4 дэх өдрөө үргэлжилж Монголын 2 эмэгтэй боксчин өрсөлдөгчдөө ялав.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 75 кг-д Мөнхбатын Мягмаржаргал Тайванийн тамирчинг гурван үеийн турш давамгайлсаар 5:0-ээр, У.Шинэцэцэг 69 кг-д Шинэ Зеландын А.Николсоныг 3:2-оор тус тус яллаа.

Харин Амманы рингэд эрэгтэйчүүдийн 91 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр, Тажикистаны боксчинд ялагдлаа. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 69 кг-д хоёр дахь тулаанаа хийсэн Баттөмөрийн Мишээлт өрсөлдөгчөө ялсан эсэх талаар мэдээлэл одоогоор байхгүй байна.