Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 9-нд болох үйл явдлууд

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиарагч С.Амарсайхан болон нийслэлийн харьяа газруудын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 11325044

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний цоорхойтой хүүхдүүд COVID-19-ийн улмаас гадаадад хагалгаанд орох боломжгүй болсон талаар иргэд мэдээлнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

12.00 цагт “Эрдэнэт ард түмний өмч” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт “Нийгмийн ардчилал” Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Пүрэвжаргал: “Бүтэн амьдрал”-д тоглож байхдаа үзэгчид намайг үзэн ядна гэдгийг мэдэж байсан

“Бүтэн амьдрал” телевизийн олон ангит уран сайхны киноны Цэнгэлмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Пүрэвжаргалтай ярилцлаа.


-“Бүтэн амьдрал” киног ер нь хэн ч байсан үзчихэж болмоор. Хүнд сургамж өгсөн, тэндээс өөрийгөө харах боломжийг зарим үзэгчид олгосон кино болсон байна?

-Аливаа уран бүтээл сайнаар нь үлгэрлэн дуурайлгах, эсвэл муугаар нь жигшүүлэн харьцуулж тухайн муу юмнаас нь салгах зорилготой байдаг. Монголд гэр бүл салалт маш их байна, түүнийг дагаад маш олон хүүхэд өнчин өсч байна. Тэр бүх хар бараан юмыг байгаагаар нь л тусгаад харуулчихсан. Тэгэнгүүт л хүмүүс харчихаад жигших нь жигшицгээгээд “Нээрэн болохгүй юм байна шүү” гэж зөвөөр тусгаад авах нь авч байгаа. Бүхэлдээ хүмүүст сургамж өгөхөөр, бодит амьдралыг ямар нэгэн давс хачиргүйгээр уран сайханлаг болгоод гаргачихсан л кино.

-Таны бүтээсэн дүртэй холбоотойгоор тан руу хүмүүс янз бүрийн чат, мессэж бичиж байна уу. Хүмүүсийн хандлага ямар байна вэ?

-Эхний хоёр анги нь үзэгчдэд хүрэхэд муухай мессэжнүүд ирсэн. “Ямар муухай дүрд тоглодог юм. Энэ угаасаа л ийм хүүхэн байх”, “Царай нь ийм болохоор дандаа л иймэрхүү муухай дүрд тоглодог байх” зэргээр бичицгээж байсан. Би тав, зургадугаар ангиа үзчихээд Инстаграм дээрээ “Би өөрөө энэ Цэнгэлмааг үзэн ядчихлаа” гэсэн чинь үзэгчид харин өнөө Цэнгэлмааг чинь өмөөрөөд эхэлж байна лээ (инээв). Ямар ч байсан хүмүүс их үзэж байгаа юм шиг байна.

-Дөрөвдүгээр анги дээр Цэнгэлмаагийн цаад амьдрал гардаг шүү дээ. Тэр үеэс л үзэгчдийн зарим нь Цэнгэлмааг ойлгож, өрх толгойлсон ээжүүд ч энэ нийгэмд олон байдаг талаар сэтгэгдлээ хуваалцсан байна билээ?

-Нээрэн л яах нь мэдэгдэхгүй хажууд ирж байж байгаад тэгснээ гэртээ очоод эхнэртэйгээ хоноод байхаар тэнд хүлээж байгаа хүн юу бодох вэ гэдэг асуудал бас бий шүү дээ.

Housewife буюу гэрийн эзэгтэй гэж бий. Тэдний нөхөр нь ажилдаа явдаг, гадуур ажил хөөцөлддөг. Хуурах, араар тавих үзэгдэл их гардаг. Тэр нь гээндээ ч, гоондоо ч гэдэг шиг огт ор үндэсгүй зүйл биш. Эмэгтэй хүн өөртөө арчаатай л байх хэрэгтэй. Эрэгтэй хүн юм чинь өнгөнд хууртагдана. Эмэгтэйчүүд би хүүхдээ харж байгаа, гэртээ байгаа гээд өөрийгөө хаяхаас илүү өөрийгөө тордох ёстой гэдэг далд санаанууд энэ кинонд бий. Тийм болохоор л тэгж байгаа юм. Түүнээс биш Зоригоо Номиндоо хайргүйдээ биш. Уйдалт юунаас үүсээд байдаг юм бэ гэдгийг харуулаад байгаа юм.


-Энэ киног үзсэн Номин шиг гэртээ суудаг бүсгүйчүүд өөртөө анхаарч эхэлж байгаа гэж дууллаа?

-Ер нь тийм юм байгаа.

-Та энэ кинонд тоглож байхдаа үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэж төсөөлж л байсан байх. Одоо 20 гаруй мянган гишүүнтэй үзэгчдийн групп хүртэл бий болж. Нэг анги гарч дуусах болгонд тэнд томоохон хэлэлцүүлэг өрнөдөг болжээ?

-Миний хувьд анх удаа олон ангит кинонд дүр авч тоглож байгаа явдал л даа. Үзэгчдийг яаж хүлээж авахыг мэдэж байсан. Энэ дүр угаасаа ийм юм байна. Би кино гарахад угаасаа үзэн ядуулах нь тодорхой юм байна, элдвээрээ хэлүүлэх нь ойлгомжтой юм байна гэж мэдчихсэн байсан. Тэгтэл тэр эрчээрээ л байгаад байх болов уу гэсэн чинь дөрөв, тав, зургадугаар анги гарснаас хойш “Нээрэн ч тийм дээ. Цэнгэлмаа чинь ийм ийм амьдрал туулаад ингэж яваа юм байна” гэж ойлгож байгаа хүмүүс байгаа болохоор гайгүй байна. Анх хүлээж авсан үзэн ядалт, зэвүүцэл, дургүйцэл гайгүй болж байна.

-“Цэнгэлмаа шиг биеэ авч яв, бардам бай, бүсгүйчүүд ээ” гэсэн үг хүртэл гарчээ?

-Хүмүүсийн хандалтаас л энэ бүхнийг мэдэж байгаа юм л даа. Цэнгэлмаа бол зохиол дээрээ гоё, сайхан хүүхэн. Цэнгэлмаагийн нэг авууштай тал нь зоримог. Түүнийг айлын амьдралыг бусниулаад өөрөө бүтэн амьдралтай болох гээд байна гэж буруушаагаад байгаа шүү дээ. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг хэрвээ Зоригоо түүнд итгэл төрүүлээд “Би чамд хайртай. Чамтай гоё сайхан амьдарна” гэж хэлээгүй бол тэр хүн тийшээ заавал орж, амьдралд нь оролцох байсан уу, үгүй юу. Зоригоог татаад байгаа юм бол өөртөө итгэлтэй, эмэгтэйлэг, гоё ганган байдал. Хүний анхаарлыг татахуйц байдлаар биеэ авч явдаг гэсэн үг л дээ.

-Кино нийт хэдэн ангитай вэ?

-24 ангитай.

-“Бүтэн амьдрал” дахиад хэдэн сар сошиалд хэлэлцүүлэг өрнүүлэх нь дээ. Нөхрүүд энэ киног эхнэртэйгээ хамт үзэхээр хардуулаад байна гэж гомдоллосон байсан?

-Урт үргэлжилнэ. Гэхдээ нэг ийм юм бий. Эмэгтэй хүн хэтэрхий хүлцэнгүй байгаад байж болохгүй. Бас хэтэрхий айхавтар хартай, галзуу байгаад байж болохгүй. Тунг нь тааруулдаг байх хэрэгтэй. Цэнгэлмаа заримдаа ааш муутай болж, орилж чарладаг. Заримдаа маш ихээр хайрлаж халамжилдаг. Хоол ундыг нь хийж, асарч халамжилдаг ээж шиг нь байж чаддаг. Уурлаж загнах үедээ загнадаг, буруу юм хийвэл хэлдэг. Хатуурхаж чаддаг. Заримдаа зөөлөн байж цус нөжийг нь арчиж өгч, тэвэрдэг. Эмэгтэй хүн Цэнгэлмаа шиг л байх ёстой. Тэрийг нь би дүрээрээ харуулж л байгаа байх гэж бодоод байгаа шүү дээ (инээв).

-Та хэзээ жүжигчний мэргэжлээр төгссөн бэ?

-“Зохиомж” дээд сургуулийг 2014 онд төгссөн. Энэ киноноос өмнө нэг ангит кинонуудад тоглосоон.

-Жүжигчин хүн анхны дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшчихдог л доо. Эсвэл эсрэг дүрээрээ олонд хүрчихдэг тал бий. Жишээ нь, жүжигчин О.Гэрэлсүхийг хүмүүс “Ларьдма”-гийн хартай нөхрийн дүрээр нь хүлээж аваад байдаг юм?

-Миний хувьд үгүй байгаасай гэж найдаж байна. Өмнө нь нэг ангит кинонуудад гол дүрд тоглочихсон байсан болохоор хүмүүс тэр дүрүүдээр минь мэдэж байгаа. Энэ удаад л ийм нэг дүрээр улс даяар гарч байгаа болохоос биш өмнөх дүрүүд минь байгаа учраас гайгүй байх аа. Дараа дараагийн нээлтээ хийхээр хүлээгдэж байгаа кинонууд маань өөр өөр дүртэй болохоор дажгүй байх гэж бодож байна.

-Жүжигчид эсрэг дүрд тоглох сонирхолтой байдаг нь анзаарагдсан. Эерэг дүрээс эсрэг дүр нь хүнд илүү хүрдэг?

-Мэргэжлийн жүжигчин хүн эерэг, сөрөг дүрийн аль алин дээр нь ажиллаж үзэх хэрэгтэй. Эсрэг дүрд тоглож өөрийгөө илүү задалдаг ч байж магадгүй. Тийм болохоор би эсрэг дүрээс татгалздаггүй. Характертай дүрүүд дээр ажиллахаар мэргэжлийнхээ хувьд сайжирч байгаа юм шиг, туршлагажиж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

-Та гэр бүлээ танилцуулбал?

-Нөхөр маань математик, программ хангамжийн мэргэжилтэй. Хувиараа бизнес хийдэг. Кино урлаг, урлагийг маш их дэмждэг. Урлагийн мэдрэмжтэй хүн байдаг юм. Бид нэг хүүтэй. Одоо зургаан настай.

-“Бүтэн амьдрал” киноны зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Хагас жилийн хугацаанд үргэлжилсэн. Бараг зуугаад хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Манай багийнхан бүгд мэргэжлийн түвшинд ажилладаг хүмүүс байсан. Цаг баримтлах, нэг нэгнийхээ ажлаас хойш татахгүй байх, бусдыгаа хүндэтгэдэг, киногоо гэсэн сэтгэлтэй хүмүүс байсан болохоор зургаан сарын хугацаанд 24 ангит кино хийж чадсан. Маш хурдтай, ачаалалтай ажилласан. Бүгд ажлаа мэддэг, мэргэжлийн хүмүүс байсан болохоор богино хугацаанд 24 ангит киног амжуулсан гэсэн үг л дээ.

Нэг ангит кино хийхэд бараг сарын хугацаанд зураг авалт хийдэг. Гэтэл хагас жилд 24 анги гэхээр яалт ч үгүй мэргэжлийн хүмүүс өндөр түвшинд ажилласныг илтгэнэ. “Боловсрол” телевизийн хангамж сайн. Ер нь дутагдах, гачигдах юмгүйгээр киноныхоо ард гарсан.

жүжигчин Э.Пүрэвжаргал-н зурган илэрц-Жүжигчин Б.Навчаагийн бүтээсэн Аюурын дүрийг хүмүүс их хөөрхөн дүр гээд байгаа?

-Хүн л байгаад байгаа юм л даа. Хүмүүсийн хүсч байгаа юм тэр л дээ, энэ амьдралаас. Үнэнч шударга, хэлэх гэснээ хэлчихдэг шулуухан зантай хүмүүс амьдралыг амар болгодог. Бидний дунд Аюур шиг хүн байвал гоё шүү гэдгийг үзэгчид хүлээж аваад дуртай байгаа байх аа.

Цэнгэлмааг зодуулсны дараа үлдээд аргаддаг хэсэг бий. Амьдрал үзсэн хүн хүнийг илүү ойлгодог. Тэрийг л харуулсан. Аюур эмэгтэй хүн ганцаарддаг, эмэгтэй хүн зовдгийг мэддэг учраас “Би ч гэсэн энэ зовлонг мэднэ ээ” гээд тайвшруулдаг юм.

-Таны тоглосон хэд хэдэн кино хоёр, гуравдугаар сард нээлтээ хийх байлаа?

-Солонгос, Монголын хамтарсан “Гэм” уран сайхны кино. Триллер кино. Монгол, Солонгост зэрэг нээлтээ хийх байсан ч хөл хорионы улмаас хойшилчихсон. “Этик” продакшны “Хэлгүй жим” түүхэн уран сайхны киноны нээлт мөн хойшилчихоод байна. “Admin- volume2” гэж хүүхдийн инээдмийн кино саяхан нээлтээ хийх байсан. Энэ кинонуудын маань нээлтийн ёслол дарааллаад л болох юм шиг байгаа юм.

-Залуу уран бүтээлч хүний хувьд нийгмээ хараад засаж залруулаасай гэж хүсдэг зүйл юу байдаг вэ?

-Миний баримталдаг, боддог нэг юм байдаг юм. Миний өмнөөс амьдраад байгаа юм шиг, эсвэл хүний өмнөөс ажил хийж байгаа юм шиг хүмүүс байдаг. Дэлгүүрийн худалдагч, кассчинаас эхлүүлээд л хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг байцгаадаг. Тэгэхгүйгээр, өөрийнхөө өмнөөс, улс эх орныхоо өмнөөс, үр хүүхдийнхээ өмнөөс амьдарч байна аа гээд хичээл зүтгэлтэй, үнэнч шударга, харилцааны зөв соёлтой, биеэ зөв авч яваад хувь хүн дор дороо хөгжчихвөл улс орон маань хөгжинө. Бидний хүсээд байдаг гадны өндөр хөгжилтэй орнууд шиг болох боломжтой. Тэгэхээр хувь хүн бүр дор дорноо ухамсартай, зарчимч, хариуцлагатай байгаасай гэж хүсдэг юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баасандорж: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хувь хүн, аж ахуйн нэгжид гарсан санхүүгийн алдагдлыг шууд нөхөх, олговор олгох хуулийн заалт одоогоор байхгүй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Б.Баасандоржтой ярилцлаа.


-Хөл хорионы энэ үед түрээслэгчдийн хувьд түрээсээ төлөх боломжгүй боллоо, иргэд банкны зээл, лизингээ төлөхөд хүндрэлтэй байна. Үүнийг төр засаг зохицуулж өгнө үү гэсэн хүсэлт их гарах боллоо. Ийм хуулийн зохицуулалт байдаг уу?

-Цахим орчинд зээлийг царцааж өгнө үү, түрээсийг бууруулж өгнө үү гэсэн шаардлага, хандлага нэлээд ажиглагдаж байна. Цаашлаад зээлийн хүүг бууруулах, зээлийн төлөлтийг хойшлуулах, түрээсийн төлбөрийг хойшлуулах, зээлийн төлөлт болон түрээсийн төлбөрөөс чөлөөлүүлэх, зээлийн хүүг тэглэх гэх зэрэг олон янзын шаардлагуудыг иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс тавьж байх шиг байна. Ер нь зээл, түрээс гэж голлон ярьж байгаа боловч бодит байдал дээр бизнесийн олон салбар хүрээнд энэ коронавирусийн хорио цээрийн улмаас үүссэн эрсдэл нөлөөлж байгаа нь мэдрэгдэж эхэлж байна. Үйлчилгээний тодорхой салбаруудад нэлээд хүчтэй нөлөөлж байна. Олон улсын болон гадаадын нислэгүүд цуцлагдсан, хөл хорио тогтоосонтой холбоотой олон олон үйлчилгээний салбарын бизнесүүдэд сул зогсолт хийх шаардлага үүслээ. Борлуулалт байхгүй энэ асуудалтай уялдаатайгаар зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр болон ажилчдын цалин хөлсийг төлөхтэй холбоотой бэлэн мөнгөний асуудал тулгараад байгаа нь ийнхүү нийгэмд илрээд байна. Миний хувьд энэ асуудлаар буюу эдийн засгаа дэмжих асуудлаар төр засгийн зохицуулалт зайлшгүй бөгөөд хуулиар зохицуулалт хийх боломжийг Засгийн газарт олгосон гэж үзэж байна.

Үндсэн хуулиар Засгийн газрын нийтлэг чиг үүргийг төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах гэж тодорхойлсон учир засаг, төрийн зүгээс эдгээр хүсэлтийг анхааран эдийн засагт ирж буй сөрөг нөлөөг багасгах зорилгоор зохицуулалт хийхийг дэмжинэ. Гэхдээ тухайн зохицуулалт нь нэгдүгээрт, одоо байгаа хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцсэн, түүнийг дэмжсэн, хоёрдугаарт, эрсдэлийн нөхцөл байдалдаа таарсан, эдийн засгаа сэргээхэд төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг ялгаагүй дэмжсэн, оновчтой байх нь чухал. Яагаад ингэж хэлж байна вэ, бизнесийн буюу арилжааны эрх зүйн орчны хувьд зээлийн эргэн төлөлт, хүү, хугацаа мөн түрээсийн хугацаа, төлбөрийн хэмжээ зэрэг санхүүгийн эрсдэл учруулж байгаа асуудлууд нь гэрээ, хэлцлээр нэгэнт урьдчилан тохиролцсон асуудлууд байгааг мартаж болохгүй. Нэгэнт банк, ББСБ, түрээслүүлэгчтэй харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулсан учир аль ч талаас хамаараагүй асуудлаар гэрээний нөгөө талуудын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хохироох байдлаар төр засгаас тусламж хүсэх нь ялгаагүй эрсдэлийг өөр газарт, өөр этгээдэд бий болгож байна.

Түрээсийн төлбөрийг бууруулна, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна гэдэг тухайн төрлийн бизнес эрхлэгчдийн орлогыг давхар бууруулж ялгаагүй дарамт үүсгэх бөгөөд эрсдэл, хохирлыг нэгээс нөгөөд дамжуулахаас хэтрэхгүй байх талтай болов уу. Одоо тулгараад байгаа асуудал нь нэг улсын эдийн засгийн системд учирсан эрсдэлийг бууруулах, дэмжих асуудал учир аль аль талдаа ашигтай байхаар зохицуулагдана гэж бодож байна. Өнөөгийн байгаа хууль, эрх зүйн орчноо дэмжсэн, түүнд нийцсэн гэдэг санааны хувьд гэрээний талууд сайн дурын үндсэн дээр асуудлаа шийдвэрлэхэд тусалсан, талуудыг хамтран ажиллах нөхцөл, сэдлийг бүрдүүлсэн арга хэмжээг авахыг ойлгож байгаа юм. Тухайлбал, Засгийн газраас үйл ажиллагаа нь доголдоод байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн даатгалын болон татварын асуудлаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүлэх болсон талаараа мэдэгдсэн. Эдгээр төлөвлөж байгаа зохицуулалтуудыг дэмжиж байна.

Өнгөрсөн долоо хоногуудад Засгийн газрын зүгээс нийтэд өгсөн мэдээллээс харахад Засгийн газрын хуралдаанаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгч түрээс, хүүгийн дарамтаас гарах гарц шийдэл, цаашлаад валютын ханштай холбоотой цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өгсөн гэж ойлгогдож байна.

-Уг зөвлөл нь ямар чиг үүрэгтэй юм бол?

-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь Төв банкны тухай хуулиар улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэх, санхүүгийн тогтолцооны тогтвортой, тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд хамтарсан дүн, шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох чиг үүрэгтэй бүтэц юм. Иймээс төр, засгийн зохицуулалт оролцох нь тодорхой бөгөөд цаашид хугацаа явах тусам илүү тодорхой, оновчтой болж ирэх болов уу.

-Ер нь онцгой байдал зарласан, хөл хорио тогтоосон үед банк-харилцагч, түрээслэгч-түрээслүүлэгчийн хоорондох асуудлыг шийдэх ямар нэг гарц байдаг уу?

-Одоо байгаа хуулийн хүрээнд хийж болох гарцуудыг асууж байна уу. Өмнөх асуултын хүрээнд гэрээний талаар дурдаж орхисноо дэлгэрүүлмээр байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд нэн тэргүүнд банк болон түрээслүүлэгчтэй байгуулсан зээлийн болон түрээсийн гэрээ, хэлцлүүдээ шалгаж үзэх нь зүйтэй. Гэрээ, хэлцлээс үүдэн энэ асуудал үүсээд байгаа учир зээлийн төлөлтөө хийж чадахгүй байх, түрээсийн төлбөрөө төлөхгүй байх нь алданги, торгууль зэргээр нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэж байгаа энэ нөхцөлд нэн тэргүүнд урьдаар байгуулсан гэрээний зүйл, заалтаа сайтар нягтлах нь зөв.

Миний байгуулсан, надад эрх, үүрэг үүсгэж байгаа гэрээ, хэлцэл дээр энэ асуудлыг зохицуулсан зүйл, заалт байна уу гэдгээ харах нь зүйтэй. Энэ асуудлын хүрээнд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын баталгаа, тодорхойлолтыг онцолмоор байна. Аливаа гэрээ, хэлцэл нь харилцан тохиролцож үүрэг хүлээсэн баримт бичиг тул тухайн гэрээ, хэлцэлд хэрэв гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөлд эрсдэлийг хэрхэн хуваарилах талаар зохицуулалт байгаа нөхцөлд тухайн боломжоо ашиглахыг оролдох нь зөв. Өөрөөр хэлбэл, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс улбаатай эрсдэл учрах, үүнээс үүдэн гэрээний талууд бие биеийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр гэрээ, хэлцлээрээ тохиролцсон талуудын хувьд тухайн гэрээнд заасан журам, нөхцөлийн дагуу эрсдэлээ удирдаад явах боломж олдох нэг гарц байна. Энэ нөхцөлд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын баталгааг гаргуулан авч нөгөө талдаа нотлох замаар хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой харагдаж байна.

-Хэрвээ гэрээндээ ийм зүйл, заалт оруулаагүй бол яах вэ?

-Тийм нөхцөлд үүсэх хууль эрх зүйн орчны зохицуулалт жаахан ондоо, ашиггүй харагдаж байна. Одоо мөрдөгдөж байгаа Иргэний хуулийн зарчмаараа бол үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал буюу түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй буюу түрээслэгч, зээлдэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж үздэг. Энэ нь хугацаа хэтрүүлснээс үүсэх алданги, торгууль гэх мэт үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу санхүүгийн нэмэлт хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж өгдөг. Энэ нөхцөлд хуулийн энэ заалт, зарчмыг баримтлахын өмнө түрээслэгч, зээлдэгч нь өөрийн гэм буруу байхгүй буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон гэдгээ гэрчлүүлэх нь зайлшгүй болохыг анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна эрсдэлд орсон тал гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шалтгааны улмаас зээлийн төлбөр төлөх хуваарьт өөрчлөлт оруулах, хүүгийн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг гэрээний нөгөө талд буюу зээлдүүлэгч, түрээслүүлэгчид хэдийд ч гаргах боломжтой. Харин нөгөө тал нь гэрээгээ өөрчлөгдсөн энэ нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй байдлаар хуулиар зохицуулалт хийж өгсөн. Гэвч бодит амьдрал дээр зээлийн гэрээ, түрээсийн гэрээнээс татгалзах, цуцлах байдлаар гэрээний үйлчлэлийг зогсоох нь байнгын үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнесүүд тийм ч оновчтой сонголт байж чадахгүй. Нөгөө талаасаа зээлдүүлэгч, түрээслүүлэгчид нь бодит байдалдаа нийцэж ажиллахгүй бол цаашлаад зээлийн ангилал чанар буурах, чанаргүй зээл ихсэх, зээл эргэн төлүүлэхтэй холбоотой зардал ихсэх, түрээслүүлэгчийн хувьд түрээслэгчээ алдах, ингээд шүүхийн маргаан үүсэх, цаг хугацааны хувьд илүү алдагдсан боломжийн зардлууд үүсгэх учир хамтдаа давхар хохирох бодит байдал үүсч байна. Иймээс зээлдүүлэгч, түрээслүүлэгчид нь хөнгөлөлттэй нөхцөлийг түрээслэгч, зээлдэгчдэд тогтоож өгөх, талуудын харилцан тохиролцох нөхцөлийг урамшуулсан, дэмжлэг үзүүлсэн эдийн засгийн орчин, хөнгөлөлт, урамшууллыг эдийн засгийн орчинд үүсгэж бий болгох нь л эцсийн зорилго болов уу. Тухайлбал, Засгийн газрын зүгээс орлогын албан татвараас гадна үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хөнгөлөлтийг бодитоор үзүүлэхээс хамааран аж ахуйн зориулалттай түрээсийн төлбөрийг хойшлуулах, бууруулах нөхцөлийг удирдах боломжтой гэж харж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчид мөн төр, засгаас бүхнийг зохицуулна гэж харалтгүй өөрийн байгуулсан гэрээ, хэлцлийн харилцаанд ач холбогдол өгч, хүсэлтээ нөгөө талдаа албан ёсоор бичгээр гаргах, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон болохоо гэрчлүүлж, баталгаажуулж авах зэргээр өөрөөс хамаарах зүйлээ хийх нь хуулиар баталгаажуулсан гэрээний эрх чөлөөний зарчимдаа нийцнэ гэж үзэж байна.

Нэгэнт дурдагдсан учир давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртсөн гэдгээ хэрхэн нотлох, гэрчлэх асуудлыг товч дурдах нь зөв байх. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх үүрэг хүлээсэн. Тус үүргийнхээ хүрээнд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын баталгаажуулалтын тодорхойлолтыг иргэд, аж ахуйн нэгжид гарган өгч байна. Баталгаа болон тодорхойлолт гэсэн энэ баримт бичгүүд нь ялгаатайг дурдах нь зүйтэй. Товчдоо гэрээ хэлцэлдээ гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн асуудлаар аливаа зүйл, заалт тусгасан бизнес эрхлэгчид баталгаа гаргуулан авах замаар өөрийн гэм буруугүйг нотлох, гэрчлүүлэх бол ийм төрлийн заалтыг гэрээндээ тусгаагүй бизнес эрхлэгч тодорхойлолт гаргуулах зохицуулалттай юм.

-Улсын онцгой комиссын зүгээс хоорондоо зохиц, түрээслэгч-түрээслүүлэгч, төр-хувийн хэвшил нь хоорондоо уян хатан байх талаас нь ярилц гэсэн зөвлөмж гаргажээ?

-Гэрээ, хэлцлээрээ хариуцлагаас чөлөөлөх талаар тохиролцсон бол тухайн хүрээндээ шийдэх нь зөв. Гэрээ, хэлцэлдээ энэ төрлийн зүйл заалтыг хангалттай оруулаагүй, тооцоолоогүй бол гэрээгээ өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах, үүргээ гүйцэтгэх хугацааг хойшлуулах зэрэг өөрт тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэл боломжтой байгаад байгаа талаараа хүсэлтээ албан ёсоор гаргах нь зөв байх. Төр, засгийн зүгээс түрээслүүлэгч, зээлдүүлэгч нь эдгээр хүсэлтүүдийг хүлээн авснаар эдлэх татварын болон бусад эдийн засгийн хөнгөлөлт, чөлөөлтийг хуулиар бий болгох нь зүйтэй. Ингэж суурийг нь бэлдээгүй нөхцөл байдалд харилцан зөвшилц, энэ зөвлөмжтэй санал нийлэхэд бэрх харагдаж байна. Талуудын байгуулсан гэрээ, хэлцэлд шууд нөлөөлөх замаар нөлөөлөх асуудлын хувьд дэмждэггүй, учир нь одоо байгаа сонгож авсан хууль, эрх зүйн тогтолцоондоо харшлах болов уу.

-Ийм онцгой дэглэмийн хувьд хувь хүн болоод компани, аж ахуйн нэгжид гарсан санхүүгийн алдагдлыг нөхөх, олговор олгох тийм хуулийн заалт бий юү?

-Одоогоор ийм хуулийн заалт байхгүй гэж харж байна. Гамшиг гэсэн ойлголтын хүрээнд халдварт өвчин тархсанаас хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хуулиар тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, хохирол үзүүлж байгаа хүчин зүйлийг гамшиг гэж тодорхойлоод байна. Өнөөдрийн байдлаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан. Тус хуульд санхүүгийн алдагдлыг шууд нөхөх, олговор олгохтой холбоотой шууд зохицуулалт байхгүй. Харин гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгохыг бол зөвшөөрсөн байдаг.

-Азийн зарим орон коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор хөл хорионд орсон иргэдээ санхүүгийн хувьд дэмжиж, нийтэд нь тэтгэмж олгож байгаа гэж дууллаа?

-Ухань хот бол миний өөрийн нэлээдгүй хугацаанд амьдарч байсан газар юм. Ийм учраас Хятадын зүгээс эдийн засагтаа авч байгаа арга хэмжээг сонирхож, санаа тавьж ажиглаж байна. Миний ойлгож байгаагаар Хятад улс бүс бүсээрээ ялгаатай бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийг дэмжиж ажиллаж байна. Бээжин, Шанхай бусад мужууд өөр өөрийн тулгамдсан асуудлаа шийдэж байна. Нийтлэг байдлаар ажиглавал үйлдвэр, үйлчилгээ зогссон учир ажилчдын цалин хөлсний асуудал ургаж гарч ирлээ. Энэ асуудлын хүрээнд ажил олгогчийн зүгээс ажилгүйдлийн даатгалын санд төвлөрүүлсэн шимтгэлийн мөнгөн хөрөнгийн өмнөх оны тодорхой хувийг эргүүлэн олгох, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хойшлуулах зэрэг бодитой алхам хийгдэж байгаа мэдээлэл байна. Шанхай хот гэхэд тус хэмжээг 50 хувь тогтоож өгсөн бөгөөд нийт 14 мянган аж ахуйн нэгж нийт 2.6 тэрбум юанийг Ажилгүйдлийн даатгалын сангаас сул зогсолтын үеийн олговорт зориулан буцааж авах талаар мэдээлэл гарсан байна. Мөн Шанхай хотын Сайн дурын даатгуулагчид нөхцөл байдал арилсны дараа сайн дурын даатгалын шимтгэлийг аливаа торгуульгүйгээр нөхөж төлөх боломжийг олгосон байна. Түрээсийн төлбөрийн хувьд төрийн өмчлөлийн эд хөрөнгийг түрээсэлж байгаа нөхцөлд тодорхой хөнгөлөлтийг эдлүүлэхээр шийдвэр гаргасан байна. Харин хувийн хэвшлийн түрээслүүлэгчдийн хувьд уриалга хүргүүлж татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх чиглэлтэй байх шиг байна.

Зээлийн эргэн төлөлтийн хувьд улс орнууд фонд үүсгэх, тус фондоос бага хүүтэй зээлийг зээлийн эргэн төлөлтийн тасалдлын эрсдэлийг хаах үүднээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зэрэг арга хэмжээг авч байгаа талаар нийтэд тавигдсан мэдээллүүд олон харагдаж байна.

Тухайлбал, Хонконгийн хувьд бага хүүтэй Засгийн газрын баталгаатай зээлийг жижиг, дунд бизнесүүдэд зээлийн тасалдлаас сэргийлж олгосон байна. Түүнчлэн 20 мянган америк долларын орлого хүртэл татвар ногдох орлоготой бизнесийг ашгийн татвараас 100 хувь чөлөөлж 18 наснаас дээших байнгын оршин суугчдадаа 10,000 долларыг бэлнээр тэтгэмж хэлбэрээр олгосон байна.

Манай улсын хувьд ч хэд хэдэн арга хэмжээг авч байна гэж ойлгож байна. Цааш нь нөхцөл байдлаас хамааруулан нэмэлт арга хэмжээ авах байх. Түрээслүүлэгчдийн хувьд түрээсийн төлбөрийн хөнгөлөлт, хойшлуулалтыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй нэг удаа уяж өгөх нь түрээсийн төлбөрийг хойшлуулах, бууруулах үндэслэл байх болов уу. Өмнө хэлсэнчлэн бусад орон зээлийн фонд үүсгэх түүнээс бага хүүтэй зээлийг зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг даван туулахад туслах зорилгоор олгож байна. Үүнтэй адил арга хэрэглэж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ зээл өгөх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн яаж бүрдүүлэх нь өөрөө эдийн засагтаа ямар нөлөө үзүүлэхийг анхаарах нь чухал учир эдгээр тогтсон суурь нөхцөлүүдийг анхаарч байж сая хуулиар зохицуулалт хийхгүй бол хүндээ үйлчилсэн, хэрэгцээтэй, эдийн засагтаа үйлчилсэн амьд хууль байж чадахгүй болов уу гэсэн бодол байдаг юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэлтгүй олон иргэн, аж ахуйн нэгж дампуурчихлаа гэж халаглаж байна. Хэрвээ энэ үеэр тэдгээр аж ахуйн нэгж дампуурвал, банкны өрөнд орвол хохирлоо хэнээр барагдуулах вэ. Ийм нөхцөлд үйлчлэх хуулийн заалт бий юү?

-Хохирлыг барагдуулах эзэн бие хуульд тодорхойлсноор байхгүй болов уу. Буруутай этгээд л хохирлыг барагдуулах нь зарчим шүү дээ. Иймд хохирол, алдагдал хаанаас үүсэв, хэн хэнд үүсэв гэдэг асуудал хөндөгдөх болов уу гэж харж байна. Үүсээд байгаа өвчнийг цар тахал, гамшиг гэж үзэж байгаа нь хэн нэгнээс шалтгаалсан гэж үзэхээс илүүтэй гэнэтийн давагдашгүй нөхцөлөөс улбаатай гэж ойлгож болно. Иймд аль аль талдаа бурууг өгөхөөс илүүтэй хамтын оролцооны зарчмаар эрсдэлээ даван туулах нь зүйтэй. Түрээслүүлэгч, зээлдүүлэгчдээс нэгэнт үүсээгүй учир дан ганц зээлдэгч, түрээслэгч хохироод байна гэж харж болохгүй байх. Бүх л түвшиндээ эрсдэл амсаж байна. Тухайлбал, зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй байснаар банк, санхүүгийн байгууллагын хэвийн ажиллагаанд сөрөг нөлөө үүснэ. Санхүүгийн байгууллага бол миний ойлгож байгаагаар зуучлалын үйл ажиллагаа хийж байна. Хадгаламж эзэмшигчийн мөнгийг зээл болгож гаргахад зуучлалын үйл ажиллагааны олон техник ажиллагааны зардлыг шингээхээс өөр аргагүй. Зээл хэвийн ангиллаас уруудах, чанаргүй ангилалд орох нь банкны өөрийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж цаашлаад дамжаад бусад сөрөг нөлөөллийг үзүүлэхийг үгүйсгэхгүй. Энэ нөхцөлд жишээлбэл банкинд заавал байх нөөц хөрөнгийн хэмжээг бууруулахгүйгээр зах зээлийн хүүгээ буулга, эргэн төлөлтийг хойшлуул гэж хэлэх нь эрсдэлийг арилгаж чадах уу гэдгийг нөгөө талаасаа бодолцох нь зөв байх. Түрээсийн төлбөрөөс чөлөөлөх асуудлын цаана бизнесийн зээлтэй түрээслүүлэгч бий эсэхийг тодруулах зэргээр асуудлаа давхар харах, улмаар хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй болов уу.

Эцэстээ бизнесийн тогтворгүй байдал нь жижиг, дунд бизнес, банк, санхүүгийн байгууллагын хоорондын тогтворгүй байдлаас улбаалан төсөвт ирэх татвар багасгаж төр, хувийн хэвшил, олон нийт улсаараа аль аль нь хохирох болов уу. Нэг улсын хувьд эдийн засгийн үзүүлэлтийг ярьж байгаа гэж харж зээлдэгч-зээлдүүлэгч, түрээслүүлэгч-түрээслэгч гэсэн асуудлаас өргөн хүрээнд эдийн засагтаа үүсээд байгаа асуудлыг цогцоор нь харах, зээлдүүлэгч, түрээслүүлэгчдэд ирэх нөлөөлөл, тэдгээрийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг адил тэнцүү хамгаалж бүгд хожих, богино хугацаанд хүндрэлийг туулах талаасаа харах, эдийн засгийн өөрийн хууль дүрмийг дэмжсэн шийдлийг тодорхойлж түүндээ хууль, эрх зүйн орчноо нийцүүлж ажиллах нь зөв болов уу.

Categories
мэдээ цаг-үе

Дарханд тусгаарлагдаад байгаа иргэн Л.Наранбаатар: Тусгаарлагдсан иргэд хаа хаанаа айдастай байна

Дэлхийн 80 орчим оронд тохиолдол нь бүртгэгдээд буй “Ковид 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлж манай улс БНХАУ, БНСУ, Япон зэрэг улс руу зорчих хөдөлгөөнийг хаагаад байгаа. Коронавирусийн халдвар дэгдээд буй БНСУ-д л гэхэд Монголын 50 мянга орчим иргэд амьдарч байна.

Тус улсад “Ковид 19” тохиолдол бүртгэгдмэгц нутаг руугаа ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд БНСУ-аас монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжээд байгаа.

“Ковид 19” халдварын тохиолдол Сэлэнгэ, Дархан, Алтанбулагийн бүс нутгаар орж ирэх эрсдэл өндөр байна.

Одоогийн байдлаар халдварын бүс нутгаас ОХУ-гаар дамжиж Алтанбулаг болон Сүхбаатарын боомтоор нэвтэрсэн 80 гаруй иргэнийг Алтанбулаг сум, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад тусгаарлажээ. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 10 суманд байнгын хяналтын 22 цэг ажиллаж байгаа ажээ. Хяналтын цэгт Онцгой байдлын газраас 11, цагдаагийн газраас 37, Эрүүл мэндийн байгууллагаас зургаа, мэргэжлийн хяналтын газраас хоёр, сумдын Засаг даргын тамгын газраас гурав нийт 59 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа аж.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА М.ДАМДИНХОРОЛОО: БНСУ, ЯПОН, ИРАН ЗЭРЭГ УЛСААС ИРЭХ МОНГОЛ ИРГЭДИЙГ Л НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Бид Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга М.Дамдинхоролоогоос Алтанбулагийн боомт дахь нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.


-Монголчууд “Ковид 19” вирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгаас охУ-аар дамжиж Алтанбулагийн боомтоор нэвтэрч байна. Алтанбулаг боомтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. БНСУ, Япон, Итали, Иран улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй. Харин монгол иргэдээ сайн хяналт дор оруулж байна.

-Алтанбулаг боомтын ачаалал ямар байна вэ?

-Энгийн үед Алтанбулаг боомтоор орох гарах талдаа 2000 гаруй иргэд нэвтэрдэг. Зам хаагдсантай холбоотойгоор нэвтрэх иргэдийн тоо буурсан. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Алтанбулаг дахь чөлөөт бүсийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа.

-“Ковид 19” халдварын бүс нутгаас охУ-аар дамжиж нэвтэрч байгаа монгол иргэдийг хэрхэн тусгаарлаж байна вэ?

-БНСУ, Японоос ирж буй иргэд Алтанбулаг, Сүхбаатар гэсэн боомтуудаар төмөр зам болон автозамаар орж ирж байгаа. Дээрх бүс нутгаас ирж буй монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж ажиглаж байна” гэв.

Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарч байгаа аж.

ДАРХАНДТУСГААРЛАГДААД БАЙГАА ИРГЭН Л.НАРАНБААТАР: ТУСГААРЛАГДСАН ИРГЭД ХАА ХААНАА АЙДАСТАЙ БАЙНА

Бид Дархан-Уул аймгийн Нэгдүгээр эмнэлэгт гэр бүлийн хамт тусгаарлагдаад буй иргэн Л.Наранбаатартай ярилцлаа.


-Таны хувьд хаана амьдарч байсан бэ. Дарханд тусгаарлагдаад хэд хонож байна?

-Миний хувьд БНСУ-ын Сөүл хотод гэр бүлийн хамт амьдарч байсан. Хүний нутагт байхад айхавтар өвчин гарах ч хэцүү л байдаг юм байна. Ядахад нялх хүүхэдтэй байсныг ч хэлэх үү. Нутаг руугаа л тэмүүлж байгаа юм. Ингээд Улаанбаатар луу нисэх тийзээ захиалчихаад байтал Монголын талаас нислэгээ цуцалчихсан.

-Нислэг цуцлагдахад яаж хүлээж авав. Сөүлд нөхцөл байдал ямар байв?

-Нислэг цуцлагдаад 14 хоног гэрээсээ гараагүй ээ. Ингээд Оросоор дамжиж эх орондоо ирэхээр шийдэж тийзээ захиалсан. Сөүлд бол дэгдэлт гайгүй ч хүмүүс нь айдастай байна лээ. Тэгү хотод аюул нүүрлээд байгаа тухай мэдээллийг интернэтээс авч байсан.

-“Ковид 19” халдвар бүртгэгдсэн бүс нутгаас ирж буй иргэдийг охУ-ын талаас яаж хүлээж авсан бэ. Ямар нэгэн хүндрэл гарав уу?

-Оросууд огт тоохгүй байна лээ. Хэдэн эмч нар халуун үзээд л ямар ч чирэгдэлгүй орж ирсэн. Алтанбулагийн боомтоор нэвтрэхэд тодорхой хугацаанд хүлээсэн. Нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдийг нэг бүрчлэн үзлэгт хамруулж байсан нь хүлээлт үүсгэсэн юм шиг байна лээ.

-Алтанбулагийн боомтоор нэвтрээд ямар сэтгэгдэл төрөв?

-Монголын хилээр нэвтрээд л дотор цэлмэчихсэн шүү. Миний хувьд харийн нутагт бага зэргийн айдастай байснаа нуугаад яах вэ. Хилээр нэвтрээд л асуумж бөглөөд ариутгал хийлгээд элэг нэгтнүүдтэйгээ харьцаад ирэхээр тайвширчихсан. Ингээд л Алтанбулагаас автобусанд суугаад хамгаалалтад явсаар Дархан-Уул аймагт ирээд гэр бүлээрээ тусгаарлагдаад байна.

-Тусгаарлагдах байртай холбоотой янз бүрийн гомдол, мэдээлэл гадуур байна. дархан-Уул аймгийн тусгаарлах байрны нөхцөл байдал ямар байна вэ?

-Бидний хувьд 11-үүлээ ирсэн. Хуучин эмнэлгийн байрыг нь засварлаад, тоног төхөөрөмж суулгаад тусгаарлах өрөө болгочихсон юм билээ. Бидний хувьд эмнэлэгт хэвтэж байгаа юм шиг л байна.

Нэг өрөөнд дөрвөн хүнийг тусгаарлаж байгаа. Миний хувьд хоёр хүүхэд эхнэрийн хамт гэр бүлээрээ тусгаарлагдсан.

Эмч, сувилагч нар нь цаг тутам цэвэрлэгээ ариутгаж хийнэ, биеийн байдал тогтмол асууна. Өглөө цай уугаад, өдөр, оройн хоолтой. Нэг их хүндрэлтэй зүйл алга. Тав тухтай байна.

-Тусгаарлагдахаас цааргалсан иргэд байгаа юм шиг байна лээ. тусгаарлагдсан иргэд цааргалж байна уу?

-Ингэж өндөр ач холбогдол өгч халуун дулаанаар хүлээж авч байхад нь тусгаарлагдахаас цааргалсан, эмч сувилагч нарын шаардлагыг биелүүлэхгүй, зөрөх ухамсартай хүн энд алга.

-Тусгаарлагдаад буй иргэд хэр айдастай байна вэ?

-Манай гэр бүлийн тухайд жаахан хүүхдүүдтэйгээ яваа учраас айж сандраад байж болохгүй шүү дээ. Тайван л байхыг хичээж байгаа. Ер нь тусгаарлагдаад байгаа иргэд хаа хаанаа айдастай байгаа нь мэдрэгдэж л байна. Тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаас ирсэн учраас хэн нэгнээс илрэх вий гэсэн айдас байх шиг байна л даа.

Сөүлээс монгол руу нисэх тийз захиалчихсан байсан гэсэн. мөнгөө буцааж авч чадсан уу?

-Чадаагүй байгаа. Миний хувьд гэр бүлийн суудлыг хямдралтай үнээр захиалсан байсан ч нислэг цуцлагдчихсан. Цуцлагдсаны дараахан нь хэд хоногоос тийзний мөнгийг буцаан олгоно гэж мэдэгдэж байсан ч чимээгүй болчихсон. Тодруулахад Монголын талаас, МИАТ-ийн талаас асуудлыг шийдэж чадахгүй байгаа талаар мэдэгдэж байсан. Манай гэр бүл сая нэг зуун мянган төгрөгөөр тийз захиалаад байсан. Мөнгөө авч чадаагүй байна. Оросоор дамжсан учраас чамгүй их зардал гаргаж ирсэн гэв.

Түүнчлэн БНСУ-д тийз нь цуцлагдаад үлдсэн олон мянган монголчууд байгаа. Тэд нартаа л санаа зовох юм” хэмээсэн юм.

Халдварын бүс нутгаас ирсэн иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад болон Алтанбулаг суманд л тусгаарлаж байгаа аж.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Төсвөө хоёр их наядаар танаж, бодлогыг хүүгээ бууруулж байж л хямралаас мэнд гарна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Энэ удаагийн “Танайд өнжье” булангаараа гурван үеэрээ эмч бүсгүй болох Д.Эрдэнэсувдынд өнжлөө. нэг, 13 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Стратеги академийн захирал, улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгтэй хийсэн ярилцлагууд “Улс төр” нүүрт хэвлэгдлээ.

Улсын Онцгой комиссын өчигдрийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар “Цаг үе” нүүрнээс уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Төсвөө хоёр их наядаар танаж, бодлогыг хүүгээ бууруулж байж л хямралаас мэнд гарна” хэмээн өгүүлжээ.

“Албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн эргэн тойронд” нийтлэл “Баримт, үйл явдал” нүүрт хэвлэгдлээ.

“Тариалангийн салбараа унаган байж улаанбуудай импортлох гэсэн улайрлын цаад шалтгаан нь юу вэ?” хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлжээ.

“Хурд” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяртай хийсэн сонирхолтой ярилцлагыг “Уран бүтээлч” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-Д ДЭМБ-ЫН ШИНЖЭЭЧИД АЖИЛЛАСАН ДҮНГИЙН ТУХАЙ

Image result for ДЭМБ

ДЭМБ-ын шинжээчид БНХАУ-д 9 хоног ажиллаж, 40 хуудас бүхий тайлан гаргажээ. Тус тайланд:

  • БНХАУ-д гарсан өвчний голомтын 75-85 хувь нь гэр бүлийн гишүүд дунд агаар, дуслын замаар ойрын зайнаас халдварлаж тархсан байна. Вирус агаарт дэгдэж зайнаас халдсан тохиолдол бага. Халдвар авсан 2055 эмнэлгийн ажилтны ихэнхи нь гэртээ эсвэл Ухань хотод эмнэлгийн хорио цээрийн дэглэм чангараагүй байхад өвчилсөн.
  • Вирусийн халдвар авсан хүмүүсийн 5 хувь нь амьсгалын аппаратад орсон. Мөн 15 хувь нь өтгөрүүлсэн хүчилтөрөгч удаан хугацааны турш хэрэглэсэн. Хүнд өвдсөн хүмүүсийн хувьд өвчин авснаас эдгэрэх хүртэлх дундаж хугацаа 3-6 долоо хоног, харин хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийн хувьд 2 долоо хоног байна.
  • Долоо хоногт 1.6 сая ширхэг оношлуур үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Шинжилгээний хариу өдөртөө гарч буй. Орон даяар халуунтай хүн бүрийг шинжилгээнд хамруулж байна. Тухайлбал, Ухань хотоос хол орших Гуандун мужид 320 мянган хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулсны 0.14 хувиас халдвар илэрсэн.
  • Шинж тэмдэггүй, зовиургүй өвчилсөн хүн ховор бөгөөд тэдгээрийн дийлэнхээс цөөн хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн байна.

Өвчний түгээмэл шинж тэмдэг дараах байдлаар илэрснийг тайланд онцолжээ:

  • халуурах (88%),
  • хуурай ханиалгах (68%),
  • бие сульдах (38%),
  • цэртэй ханиалгах (33%),
  • амьсгаа давчдах (18%),
  • хоолой өвдөх (14%),
  • толгой өвдөх (14),
  • булчин өвдөх (14%),
  • бие зарайх (11%),
  • бөөлжих (5%),
  • хамар битүүрэх (5),
  • гүйлгэх (4%).

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш болно.

БНХАУ-д халдвар авсан 44672 хүнд явуулсан судалгаанаас үзвэл нас баралтын хувь 3.4 байна. Нас баралт нас, хууч эмгэг, хүйс, нэн ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхиас ихээхэн хамааралтай нь ажиглагдав.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь олон хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан. Хөгжингүй орнуудад нийт хүн амын 0.1-1.3 хувь нэгэн зэрэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой байдаг бол энэ үзүүлэлт Хятадад 0.4 хувь байв. Харин тухайн цаг үед эмнэлгийн ихэнхи орыг өөр өвчнөөр өвдсөн хүмүүс эзэлж байсан учир хүндрэл үүссэн.

Халдварын голомтыг “түрэмгий” байдлаар тогтоон барьж хүнд өвчилсөн хүмүүсийн тоог аль болох доод хэмжээнд байлгах, халдварын үед эмнэлгийн ор, боловсон хүчний тоог нэмэгдүүлэх чухал шаардлагатай.

Халдвар авсан хүмүүсийн хууч эмгэг: Халдвар авсан зүрх судасны хууч өвчтэй хүмүүсийн 13.2 хувь нь нас барсан. Цусан дахь сахарын түвшин өндөр буюу чихрийн шижин өвчтэй хүмүүсийн нас баралтын хувь 9.2, цусны даралт ихдэх өвчтэй хүмүүсийнх 8.4, амьсгалах эрхтний хуучтай хүмүүс 8, хорт хавдартай хүмүүс 7.6 байв. Харин ямар нэг хууч өвчингүй хүмүүсийн 1.4 хувь нь нас барсан.

Нас: Судалгаанаас үзэхэд нас залуу байх тусам өвчний халдвар авах, хүнд өвдөх магадлал бага.

Хүйс: Халдвар авсан хүмүүсийн хүйсийн ялгаа бага. Харин халдвар авсан эмэгтэй хүмүүсийн 2.8 хувь нь нас барсан бол энэ үзүүлэлт эрэгтэй хүмүүст 4.7 хувь байна. Жирэмсэн эхчүүд хүнд өвдөггүй. Нийт 9 эхийг мэс заслын аргаар төрүүлэхэд нярай эрүүл, халдваргүй төрсөн.

Вирус нь генийн хувьд сарьсан багваахайд байдаг коронавирустэй 96 хувь, харин панголинд байдаг мөн төрлийн вирустэй 86-92 хувь ижил. Иймд вирус мутацид орж амьтнаас хүнд халдварлан шинэ төрлийн вирус үүссэн байх магадлал хамгийн өндөр.

Вирусийн халдварыг тогтоон барихад эергээр нөлөөлсөн чухал хүчин зүйл бол халдвар авсан хүн бүрээс асуумж авч, хань харилцааг тогтоон шинжилгээнд хамруулсан явдал. Одоогийн байдлаар тус бүр нь 5 хүний бүрэлдэхүүнтэй 1800 баг Ухань хотод ийм үйл ажиллагаа явуулж байна. Халдвартай хүнтэй шууд харьцсан бол өвчлөх магадлал 1-5 хувь байна гэж тайлагнасан байна.

ДЭМБ-аас халдварын тархалт 40 хоногийн дотор нэмэгдэхгүй тохиолдолд “голомтын бүс” гэсэн ангиллаас гаргах тул Хятадын Засгийн газар халдварыг бууруулах талаар идэвхтэй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын хороо 03 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, дараах 7 үндсэн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

  • Ухань хотод халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах ажлыг тасралтгүй хийж, халдвар гадагш тархахаас урьдчилан сэргийлэх;
  • Бээжин, Шанхай зэрэг том хотод халдвар тархаж, эрчээ авахаас урьдчилан сэргийлж, иргэдийн хот руу орох, гарах урсгалд хяналт тавих;
  • “Covid-19” халдварт өвчний судалгаа, шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн хийх, судалгааны багийн бие бүрэлдэхүүн, хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Муж, хотуудын халдварт өвчний зэрэглэлийг тогтоож, аж үйлдвэрлэлийг сэргээх;
  • Дотоодын хэрэгцээг тасалдуулахгүй байх үүднээс аж үйлдвэрүүдийг шат дараатай эхлүүлэх;
  • Дэлхийн эдийн засгийг тогтворжуулах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх;
  • Хандив, тусламжийн ажлыг өргөжүүлж, төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжүүдийг уриалан чиглүүлэх.

Мөн цахим орчинд коронавирусийн талаар хятад болон гадаад хэл дээрх иргэдийн сэтгэгдэл, нийтлэлд хяналт тавих үүрэгтэй 1600 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эхэлсэн бөгөөд 50 мянга гаруй мэдээллийг устгасан гэсэн мэдээлэл байна.

Бээжин хот иргэдээ ногоон, шар, улаан өнгийн QR кодын системд хамруулан хорио цээрийн дэглэмд хамаарах эсэхийг ялган танихаар болсон байна. Иргэд нэр, регистрийн дугаарын мэдээлэл болон царайгаа таниулах замаар код авах бөгөөд эрүүл, эрсдэлгүй иргэнд ногоон; эрсдэлтэй, хорио цээрийн дэглэм сахих шаардлагатай иргэнд шар, улаан өнгийн кодын аль нэг олгогдох аж. Түүнчлэн иргэдийн код 24 цаг тутамд хянагдан шинэчлэгдэж, 7 хоногийн дараа тухайн иргэний нэрийг системд оруулснаар эрүүл мэнд, хорио цээрийн байдлыг нь мэдэх боломжтой болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд

1. БНСУ, Япон Улстай хийдэг нислэгүүдийг болон Эрхүү, Улаан-Үдтэй хийдэг нислэгүүдийг зогсоосон хугацааг 16 хоногоор нэмж 3-р сарын 28 хүртэл сунгалаа.

2. Европоос ирэх гадны зорчигчдыг виз олгохгүй байх, нэвтрүүлэхгүй байх хязгаарлалтыг авахаар боллоо. Учир нь европын 41 улсад халдвар тархаад байна.

3. Маргаашнаас нөөцийн махыг худалдаанд гаргана. Өдөрт 100 тн махыг 279 цэгээр нийлүүлнэ. Улаанбаатарын хүн амын махны хэрэглээ өдөрт 120 тн байдаг. Ингэж тооцвол дөрвөн сарын турш буюу 7-сард шинэ мах гартал нөөцийн махны тогтвортой нийлүүлэлтийг хангалаа.

Түүнчлэн хувийн хэвшлүүдийн бэлдсэн 10 мянган тн махыг дотооддоо нийлүүлнэ. Үр дүнд нь махны үнэ хямдрах нөхцөл бүрдэж байна. Гурилын нөөц мөн хангалттай.

Стратегийн гол хүнсний бүтээгдэхүүнийг албан татваргүй, НӨАТ-гүйгээр импортолно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгийг 3-р сарын 28-ныг хүртэл хориглолоо

Image result for УОК

УОК-оос гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 28 хүртэл буюу өвлийн нислэгийн хуваарь дуустал нисгэхгүй байхаар шийдвэрлэлээ. Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-с эхлүүлэх эсэхийг дахин хэлэлцэнэ. Европын нислэгийн хувьд онцгой анхаарах чиглэл өглөө. Гадаад яам визийг аль болох олгохгүй байхад анхаарч ажиллах чиг үүрэг өглөө” гэв.

Categories
мэдээ нийгэм

Зорчигчдын халуун хэмжих термокамерыг хилийн нэвтрэх цэгт нэмж байрлуулав

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэний биеийн байдал хэвийн байна. Алтанбулаг боомтоор 241 тээврийн хэрэгслээр 483 монгол, 63 гадаад нийт 483 зорчигч орж иржээ. Үүнээс 483 зорчигчийн биеийн халууныг хэмжин 483 зорчигчоор эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй аж. Алтанбулаг боомтоор орсон нийт зорчигчдод Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид зөвлөмж өгч ажиллажээ. 171 тээврийн хэрэгслээр 309 монгол, 71 гадаад нийт 380 зорчигч гарсан бөгөөд эдгээр зорчигчдод зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлэн ажиллажээ.

Сүхбаатар боомтоор орох чиглэлд галт тэрэг аялаагүй байна. Харин Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг Сүхбаатар өртөөн дээр 21.30 цагт монгол 44, гадаад 25 нийт 69 зорчигчтой иржээ. Энэхүү Сүхбаатар боомтын гарах чиглэлд зөрчил илрээгүй аж. Мөн улсын Онцгой комиссоос өгсөн зорчигчдын халуун хэмжих термокамерыг хилийн нэвтрэх цэгт нэмж байрлуулсан байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хилийн нэвтрэх цэг дээр авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний бэлэн байдалд дэмжлэгт хяналтыг хийж зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хурд”-ын тоглолт 246 сая төгрөг цуглууллаа

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Монгол тв”-ээс “Хурд” хамтлагтай хамтран зохион байгуулсан “Буцааж нэхэхгүй хайр” шууд тоглолт өнөөдөр 09.00 цагт эхэлсэн юм. Гурван цаг 30 минут үргэлжилсэн уг тоглолтыг нэгэн зэрэг 503 мянган хүн шууд үзжээ. Тоглолтоос нийт 246 сая төгрөг цугласан бөгөөд хандив одоо ч үргэлжилж байгаа юм.