Categories
мэдээ нийгэм

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН III САРЫН 09-НЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

No photo description available.

No photo description available.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Захирамж үл тоосон баар, цахим тоглоомын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа агентлаг, газрын дарга нар цаг үеийн асуудлаар /2020.03.09/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн 21 мянган ажилтан албан хаагч хоёрдугаар сарын 13-ны өдрөөс хойш 4000 гаруй маршрутын дагуу нийслэлийн иргэдэд COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажилласан.

Хөдөлгөөн нээсэн өдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрөөс хойш Улаанбаатар хот руу 54389 тээврийн хэрэгслээр 194 мянган зорчигч 24 цагийн дотор орж гарсан. 4,5,6-ны өдөр харьцангуй багасч өчигдөр /2020.03.08/ 14 мянган тээврийн хэрэгсэл орох гарах хөдөлгөөн хийсэн” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж бүх төрлийн баар, цэнгээн, амралтын газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 31-нийг хүртэл зогсоосон. Энэхүү захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн мэргэлжийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 945 баар, 321 сүм зэрэг нийт 5631 газарт мэдэгдэл хүргүүлж ажилласан. Иргэд , аж ахуй нэгжүүд үүргээ ухамсарлан зохион байгуулалт сайтай ажилласан. Зарим аж ахуй нэгж тогтоол шийдвэр хэрэгжүүлээгүйтэй холбогдуулан арга хэмжээ тооцлоо. Тухайлбал захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулсан таван аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон. Зарим баарны нэг хаалган дээр нь лац тавихад нөгөө хаалгаараа үйлчилгээ эрхэлсэн асуудал гарсан. Зөрчил гаргасан аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авлаа” гэв.

Цагдаагийн байгууллагын шалгалтаар “Ану”, “Game Arena” зэрэг цахим тоглоомын газрууд удаа дараа захирамж зөрчилж үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ. Улмаар цахим тоглоомын газрууд болон захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулсан бусад 70 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ. Зарим аж ахуй нэгжүүд захирамжийг яаж дагаж мөрдөж, хэрэгжүүлэх вэ гэж биш яаж зөрчих вэ гэдэг үүднээс хандаж байгааг анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга АНУ-д хийх айлчлалаа хойшлуулжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 10-11-ний хооронд АНУ-д айлчлахаар төлөвлөөд байсан билээ. Уг айлчлалыг хойшлуулах болсон тухайгаа УИХ-ын дарга Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкд Клеческиг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгджээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ корона вирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн олон улс оронд аялал жуулчлалыг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоож байна. Манай улс өндөр эрсдэлтэй орны нэг учир Улсын онцгой комиссоос холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа.

Үүний нэг нь төрийн албан хаагчдын гадаад томилолтыг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоосон шийдвэр юм.

Түүнчлэн НҮБ болон Олон улсын парламентын холбооноос ч олон улсын арга хэмжээ, бага хурлуудаа цуцалж байгаа талаараа бидэнд мэдэгдсэн. Улсын онцгой комиссоос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг ч гадагшаа албан томилолтоор явахгүй байхыг анхааруулсан шийдвэрийг саяхан гаргасан. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагах учиртай. Тиймээс АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлох шаардлага үүсэж байна. Айлчлал бидний болон хоёр улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэж хэлье” гэжээ.

Харин үүний хариуд ноён Элчин сайд Майкл Клечески Монгол Улсад үүссэн нөхцөл байдлыг ойлгож байгаагаа илэрхийлээд холбогдох байгууллагуудтай хамтран, айлчлалын хугацааг дахин товлох асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн байна.

УИХ-ын дарга айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Спикер хатагтай Н.Пелоситой албан ёсны уулзалт хийж, Конгрессын төлөөлөгчдийн танхимын Байнгын хороодын удирдлагууд, Сенатын гишүүд, Конгресс дахь АНУ-Монголын бүлгийн удирдлага болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байгаа юм.

Мөн хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг АНУ-ын Конгрессоор батлуулах үйл явцыг урагшлуулах, ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гарахад хамтран ажиллах талаар АНУ-ын Сангийн яамны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдрийн байдлаар 14,550 тээврийн хэрэгсэл постуудаар орж гарах хөдөлгөөн хийсэн

Image result for Товчоод

Нийслэлийн агентлагуудын дарга нар “COVID-19” халдвартай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байгаа. Тэгвэл НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотын захиргааны байгууллагууд болон нийслэлийн харьяа байгууллагуудын 20,000 мянга гаруй ажилтан алба хаагч нар хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 4,000 гаруй байршилд коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан. Ингээд 66,036 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажилласан ба энэхүү үйл ажиллагаа үргэлжилж байна.

Мөн нийслэлийн Засаг даргын А/166 дугаар тогтоолын дагуу нийслэлийнавто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд эрүүл мэндийн хяналтыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс гаргасан. Өдөрт 100-200 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын алба орох гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна. Энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд иргэдийн орох гарах хөдөлгөөн харьцангуй багассан. Өчигдрийн байдлаар 14,550 тээврийн хэрэгсэл постуудаар орж гарах хөдөлгөөн хийж, 49,277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагдсан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Таван аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх санал хүргүүлжээ

Image result for архи

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн баарны үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоож, ресторан, кафе, сүлжээ зоогийн газрын ажиллах цагийг 22:00 хүртэл болгосон билээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилготой Хотын даргын энэ захирамжийн дагуу нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 1,335 ресторан, кафе, бүх төрлийн сүлжээ хоолны газар, 794 баарны үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын 269 улсын /ахлах/ байцаагч хяналт тавьж ажиллаж байна.

Шалгалтаар үйл ажиллагаа явуулж байсан гурван аж ахуйн нэгж, нэг иргэнд торгуулийн шийтгэл ногдуулан, таван аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ.

Хяналт шалгалтад хамрагдсан 2,129 аж ахуйн нэгжид НЗД-ын А/233 дугаартай захирамжийг мөрдөж ажиллах тухай мэдэгдлийг хүргүүлж, 794 баарны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбаяр: “Хурд”-ын онлайн тоглолтоор монголчууд үнэхээрийн эв нэгдэлтэй, бие биенээ хайрлаж, хүндэлдэг гэдгээ харууллаа


“Хурд” хамтлаг өчигдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Буцааж нэхэхгүй хайр” онлайн тоглолт хийлээ. Энэ тоглолтын талаар тус хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяртай ярилцлаа.


-Танай хамтлагийн онлайн тоглолтыг өнөөдрийн (өчигдрийн) байдлаар интернетээр хагас сая гаруй хүн үзчихээд байна. Хүмүүс энэ тоглолтыг монголчуудын эв нэгдлийг харуулсан үйл явдал боллоо гэж дүгнэцгээж байна шүү?

-Цаг үеэ мэдрэх л хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь сэрэмжлүүлэг. Бүх хүнд сэрэмж болоосой. Аюулт муухай өвчин ороод ирэхгүй байгаасай. Зарим нэг, хоёр хүн асуулт тавьчихсан л байна лээ. “Яах гэж хэний төлөө, юуны төлөө хандив цуглуулаад байгаа юм” ч гэх шиг.

Явуулга ч юм шиг, аль эсвэл егөөдөл ч юм шиг, тэгээд байна билээ. Монголын маань эдийн засаг ямар билээ, монголчууд маань хэдүүлээ билээ. Гэнэтийн юм ороод ирлээ гэхэд бид ямар нэгэн байдлаар бэлэн байх ёстой. Ядаж маск нь байж байх ёстой.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж, ард нийтийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахад өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байгаа онцгой байдлын бүх албан хаагчид, мэргэжлийн хяналт, цагдаа, эмнэлгийн ажилчид маань ямар нэгэн юмаар дутагдах гачигдахгүй байж байж ажлаа гүйцэтгэнэ. Энэ бүхэнд чинь эдийн засаг, мөнгө байж байж л аливаа юмыг хамгаалах, бүх юмаа бэлдэнэ шүү дээ.

Үүн дээр миний бодлоор, манай хамтлагийн санаачилсан энэ санаачилга сайхан ажил боллоо. Олон сайхан хүний сэтгэлд нийцсэн сайхан тоглолт боллоо. Хандив өгөх гээд учраа мэдэхгүй, би хэндээ аваачиж өгөх вэ гэж гайхаж байсан хүмүүс маань тоглолтоо үзээд, үзсэн гоё сайхан тоглолтынхоо сайхан сэтгэгдлээр хандив өргөлөө.

Дансаар 1,000 нь мянгадахгүй, 500 нь таван зуудахгүй, 5,000 нь таван мянгадахгүй хандивлалаа. Үүний хамгийн цаад учир нь юу болов оо гэвэл монголчууд үнэхээрийн эв нэгдэлтэй, бие биенээ хайрлах, бие биенээ хүндлэх сэтгэлтэй байна шүү дээ гэдгээ харцгаалаа. Бахархмаар л байна. Бахархмаар байж чадлаа.

-Тоглолтын дараа танай хамтлагт талархсан сэтгэгдэл сошиал орчинд хөвөрч байна. “Хурд” хамтлаг ч өөрөө эв нэгдэлтэй хамтлаг гэцгээж байна?

-Монголчуудад дутагдаад байгаа юмыг “Хурд” хөндчихөв үү дээ гэж бодлоо. Хүн болгонд хайрлах сэтгэл байна. Бие биенээ хүндлэх сэтгэл байгаад байна. Хэн өдөөж тэр сэтгэлийг нь ил гаргаж ирэх вэ, далд байгаа тэр хандлагыг нь хэн өөрчлөх вэ. Үүн дээр л түлхүүр таарна гэх юм уу даа.

Ямар нэгэн тийм удирдлага бидэнд хэрэгтэй болдог л байхгүй юу даа. Хүний л амьдралын юм шүү дээ.


-Ийм онлайн тоглолт манай рок попын түүхэнд байсан уу?

-Байгаагүй. Бидэнд нэг туршлага байсан.

-Ямар?

-Ямар туршлага вэ гэхээр, бид Хятадын Wechat-aap өвөр монголчууддаа тоглож байсан юм. Тухайн үед 300 гаруй мянган хүн үзсэн. Одоогоос хоёр жил хагасын өмнө шүү дээ. Тэгээд тэрнээсээ бид тодорхой хэмжээний санаг авсан.

Жил болгон Мартын наймнаар тоглодог тоглолтоо бид яавал тасалдуулахгүй байх вэ гэж ярилцсан. Жил болгон уламжлал болж тогтчихсон “Ханьдаа дуулъя” тоглолт шүү дээ. Энэ жил хэрвээ тоглосон бол 17 дахь жилдээ тоглох байсан юм, Анх 2000 онд Варьете чуулгын байранд “Top ten” гэж клуб байхаас эхэлсэн тоглолт.

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд “Хурд” л ганцаараа тоглож л байсан. Сүүлдээ гуравдугаар сарын 8-наар тайзтай заал болгонд хошин урлаг, нийтийн дуу, эстрадынхан гээд бүгд л дуулдаг, тоглодог болсон.

“Хурд” хамтлагийн нэг барьдаг зарчим бий. Бид хийдэг юмаа л хийсэн. Хийдэг зүйлээ л хийлээ. Гэлээ гэхдээ энэ жилийн онцлог нь үнэхээрийн гэрээс гарч болохгүй, энэ онцгой үйл явдал болж, хүн болгон өвчин зовлонгоос ангижрах гэж гэр орондоо л баярлаад байх энэ боломжид нь тулгуурлаад бид энэ онлайн тоглолт гэдгийг хийх ёстой гэж шийдсэн.

Тэгээд энэ тоглолтыг хэнтэй хамтарч хийх вэ гэхээр мэдээж чанартай, телевизийнхээ аль нэг салбартай л хамтарч хийх ёстой болсон. Бид бүхний сонголт HD Mongol байлаа. Ер нь манай хамтлагтай ч ойрхон. Ажил төрлийн хувьд ойрхон ажилладаг учраас бид энэ телевизийг сонгож санал тавиад энэ санаа минь ажил хэрэг боллоо доо.

-Гадаадад амьдарч байгаа монголчууд, эх орныхоо өнцөг булан бүрт суугаа иргэд маань онлайн тоглолтыг үзлээ. “Хурд”-ын тоглолтыг анх удаа үзлээ гэх ч хүмүүс байна?

-Анх удаа тоглолтыг маань үзлээ гэсэн тохиолдол их байна. Энэ жилийн хувьд манай хамтлаг “Хайртай” аянаараа эх орноо тойрсон. 21 аймагт очсон. Энэ ажил маань соён гэгээрлийн их аян байсан. Яг үнэндээ соёл гэгээрлийн байгууллагууд маань саяны 30 жилд элгээрээ хэвтчихсэн байжээ.

Ялангуяа хөдөө орон нутгийн театр, урлагийн байгууллагууд маань үнэндээ бас хэцүү л байна шүү. Энэ болгонд бид бас л бие биеэ дэмжих ёстой. Тийм ч учраас бид 21 аймгаар тойрохдоо 21 аймгийн театрууддаа 21 алтан пянзаа урам дэм болгож, театруудын хананд нь өлгөж, дурсгал болгож үлдээсэн. Энэ бол пянз гаргасандаа онгироод байгаа юм биш байхгүй юу. Энэ чинь бас л нэг гоё сэтгэлийн өглөг, бие биедээ урам өгсөн тийм л үйл ажиллагаа.

Үүний нэг тод жишээ бол “Хайртай” аяны тухай нэвтрүүлэг маань бямба гариг бүрт МҮОНТВ-ээр гарч байна. Эр хүний ноён нурууны тухай, за тэгээд энэ онцгой байдал, цагдаад ажиллаж байгаа албан хаагчдын ахуйг хөнддөг.

Ер нь хараад байхад хэтэрхий эмэгтэй тал руугаа амьдралыг өгөөд байна уу даа. Эмэгтэйчүүд нуруун дээрээ илүү ачаа үүрээд байна уу гэсэн юм анзаарагддаг. Энэ бүхнийг л соён гэгээрлийн “Хайртай” аянаараа хүмүүст ойлгуулахыг зорьж байна. Аяны хүрээнд хийсэн нэг ажил бол өнөөдөр хийсэн онлайн тоглолт байлаа. Энэ бол “Хурд” хамтлагийнхны сэтгэлд явдаг л зүйл. Үүнийгээ бид илчилж, ил болгож гаргалаа.

Энийг бид хийхгүй бол өөр хэн хийх билээ. Бусад урлагийнхнаа ийм байгаасай гэж хүсэж, бодож байна. Хэн нэгэнтэй бид уралдах гээгүй. Монгол Монголоо л хайрлах хэрэгтэй байна. Монгол Монголоо л хөгжүүлнэ. Ийм л бодлого зорилго чиглэлтэй байгаа.

-Тоглолтын үеэр буюу гурван цаг ЗО минутын дотор 240 сая төгрөг цугласан. Танай хамтлагийнхан ийм хэмжээний мөнгө цуглана гэж бодож байсан уу?

-Ер нь бол надад багцаа байсаан байсан (инээв). “Хурд”-ыг сонсдог фенүүд хэд билээ. Нөгөө талаасаа тоглолт маань цахилгааны саатлаас болоод тасарчих вий гэж эмээж байсан. Манайд чинь гэнэт тог тасарчихдаг шүү дээ. Тэр талаасаа бол түгшүүр байсан шүү, ний нуугүй ярихад.

Хөгжим, техник, телевизийн талдаа тог л тасрахгүй бол бидний бэлтгэл сайн байсан. HD Mongol телевизийн хамт олондоо баяр хүргэе. Анх удаа ийм онлайн тоглолт хийж, салхийг нь хагаллаа. Тоглолт маань сайхан боллоо. Хамт олонд нь аз жаргалыг хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сарын 9-13-ныг хүртэлх теле хичээлийн хуваарь

БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоо хамтран энэ сарын 9-13-ныг хүртэлх теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Агуулга нөхөх шинэ хичээл цацагдах тул теле хичээлдээ идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Мөн өнөөдрөөс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ -д зориулсан теле хичээлийг Монголын телевизүүдийн холбооны дараах телевизийн сувгууд болон ТМ телевиз, МҮОНТ-ээр тухайн сувгийн хөтөлбөрт тавигдсан цагт хүлээн авч үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэнээс 3 хүүхэд байжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03-07,08-ны өдрүүдэд нийт 486 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэнээс 3 хүүхэд гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-5
  • Онхолдох хэлбэрээр -2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.07-ны өдрийн 15 цаг 30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Зүүн балган” гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй Х жолоочтой мотоцикл онхолдож, жолооч Х /60настай.эрэгтэй/-н амь нас хохирсон хэрэг,

2020.03.07-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Цав хангай” гэх газар асфальтан замд Toyota LandCruiser-200 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч Ө /46 настай.эмэгтэй/-н амь нас хохирч, 53 настай эрэгтэй А, 70 настай эмэгтэй Ц, 47 настай.эмэгтэй Н, 8 настай.эмэгтэй С, жолооч 44 настай.эрэгтэй С нарын 5 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 59,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 61,4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 71,4 хувиар, хүний амь нас хохирсон осол 2 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж буй үйл явцтай танилцлаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж буй үйл явцтай танилцлаа. Уг арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Чойжилсүрэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч, Төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүн О.Зандраа, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан хийж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, доктор О.Мөнхсайхан нар үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид төсөлд тусгагдсан зүйл, заалтын талаар асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд нийцүүлэх шаардлагын үүднээс энэхүү төслийг боловсруулж байгаа юм.

Хуулийн төсөлд:

-Шүүхийн тогтолцоог шинэчлэн тодорхойлох, шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий Шүүгчдийн зөвлөлийг ажиллуулах, бүх шатны шүүхийн болон шүүгчийн болон ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тодорхойлох;

-Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхтэй холбоотой зохицуулалт;

-Давж заалдах болон анхан шатны шүүх, түүний бүрэн эрх;

-Шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийг сонгон шалгаруулах, томилох журам, мэргэшүүлэх үйл ажиллагаа, шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл, журам, шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа, шүүгчид хориглох зүйл;

-Шүүгчид хүлээлгэх хариуцлага, оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүд;

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцох иргэдийн хяналтыг сайжруулах, оролцоо итгэлийг нэмэгдүүлж, үр нөлөөг дээшлүүлэх;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, ерөнхий зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлж томилж, сонгох журам болон зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, Шүүхийн мэргэшлийн хороо, шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал;

-Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам зэргийг тусгасан байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг дөрөвдүгээр срын 5 гэхэд өргөн барих, төсөлд тусгагдсан зүйл, заалтуудад мэргэжлийн хүмүүс, байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг авч, сайтар нягтлах, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо саналуудаа эцэслэн нэгтгэхийг үүрэг болголоо.

Тэрбээр энэхүү хууль нь шүүхийг эрүүлжүүлж, хараат бус байдлыг бататган, шүүх тойрсон асуудлуудаа нэг мөр цэгцэнд нь оруулах дорвитой өөрчлөлт болох ёстой гэж онцлон тэмдэглэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урилгатай ХЭСҮҮЛ

НЭГ. АЙЛ ХЭСЭХ ЭКСКУРС

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.

Өнөөгийн хот суурины хүмүүст, хөрш айлаараа учир зорилгогүй хэсүүчлэн явахын сайхныг яривал огоот ойлгохгүй. Харин нүүдэлчдийн хувьд “айл хэсэх” бол соёлынх нь нэг хэсэг байдаг.

Анх удаа танихгүй айлд орж үзсэн сэтгэгдэл их сонин. Эхлээд манайхтай л адилхан оосор бүчтэй боловч огт өөр төрхтэй айлын гэр эхлээд хүнийрхүү харагдан гадуурхах мэт. Хүнийрхүү гадуурхуу мөртлөө сонирхол татаж урин дуудах увдистай.

Монгол гэрийг адил технологиор угсарч, ижил дизайнаар барих боловч айл бүр өөр өөрийн онцлогтой. Гэрээ барьсан байдал, эмх цэгц нь амьдардаг хүмүүсийнхээ тухай маш их мэдээлэл өгнө. Ажилсаг, залхуу, цэмцгэр заваан нь хамгийн түрүүн ялгарна. Ялангуяа, эздийнхээ гоо сайхны мэдрэмж, дэглэх ур чадварыг хүүрнэх нь сонин.

Уудам том тасалгаа, хязгааргүй сонголттой эд өлгөөр засал дизайн үйлдэх нэг хэрэг. Харин аяганы ам шиг бяцхан зайд тоотой хэдэн тавилгыг, бараг тогтсон дүрмийн хүрээнд өөрийнхөөрөө дэглэх нь авьяас билиг нэхсэн ажил.

Гэрийн үүдээр шагаймагц хоймортоо залсан бурхан тахил нүдэнд бууна. Шинэ цагийн боловсон айлын хойморт бол жааз дүүрэн фото зураг харагдана. Эхлээд айл бүрийн хоймор дахь бурхан тахил өөр өөрийн өрөлттэй байгаа нь миний сонирхлыг татдаг байлаа.

Манай хоймрын авдар дээр, үе үе шалгалтын комиссоос нуудаг Бурхан багштай жижиг гуу, Чингис хаан мэндэлсний 800 жилийн ойгоор гараад хураагдалгүй үлдэж, сонин тохиолдлоор манайд ирсэн ил захидал, Цэдэнбал дарга болоод манай ах дүүсийн хөрөгтэй том жааз байх. Бурхан багш нь уламжлалт шашин шүтээний, Чингис хаан нь өвөг дээдсийн, Ю.Цэдэнбал дарга нь төрт ёсны бэлгэдэл бололтой. Айл аймаг явдаг, бичиг номтой өвгөн Жамбалдорж гуайн хойморт бол маршал Чойбалсангийн зураг байх. Маршалын мөрдэс нь жижигхээн модон сийлбэр ширээ шиг санагддаг байж билээ.

Тал нутагт ноёлж буй засаглалын бэлгэдэл нь зарим айлд В.И.Ленин, И.Сталин, Л.Брежнев нарын хөрөг болон заларна. Энэ нь хөдөөгийн малчид марксизм-ленинизмийг шүтээд, Сталины аллагыг сайшаан дээдлээд яваа гэсэн хэрэг биш. Ердөө л Монгол нутаг дахь Зөвлөлтийн засаглалыг эсэргүүцэн тэмцэх бодол агуулаагүй болж харагдах илэрхийлэл төдий.

Улмаар бурхангүй үзлийн шүтээн болсон Зөвлөлт ба БНМАУ-ын нам төрийн удирдагчийн зурагны ард Бурхан багш Буддагийн хөргийг оруулж жаазлаад өмнө нь зул өргөнө. Нам, эвлэлийн ажилтнууд ороод ирэхэд, хөөрхий нэг мунхаг сүсэгтэн Зөвлөлтийн удирдагч Леонид Брежневийн өмнө зул өргөж харагдах тул буруушаахад хэцүү. Амандаа юу гүвтнээд байгааг нь асуувал,

-“Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн” хэмээн, Коммунист намуудын тунхагаас уншсан юм аа хүүхээ гээд амыг таглаж болно.

Харин манай хөгшчүүл жижигхэн гуутай Бурхан багшийн хөргөө албаны хүн ирэх сургаар аваад далд хийчихнэ. Нэг удаа “Соёлын довтолгоо”-ныхон гэнэтхэн гадаа буухыг мэдсэн эмээ маань сандарсандаа дөрвөлжтэй аргал дотроо нууж билээ. (Хэрвээ та, “Соёлын довтолгоо: хоньчноос барилгачин” номыг маань уншсан бол тэнд их дэлгэрэнгүй гардаг юм)

Зарим айл хоймрын жаазандаа үндэсний мөнгөн тэмдэгтийн дэвсгэр байрлуулдаг нь эд баялаг урин дуудсан зан үйл бус, харин төр улс, хууль цаазын бэлгэдэл гэж судлаачид хэлдэг. Иймэрхүү бэлгэдлийг өөр өөрийн хувилбараар, жижигхэн зайд, өвөрмөц шийдлээр байршуулсан нь сонирхол татам.

Айл айлын шүтээнд харж болдог, Ламын шашны олон бурхад, догшдын өвөрмөц дүрслэл нь маргахын аргагүй уран зургийн галерей бөлгөө. Ялангуяа хөгшчүүл цагаан сарын шинийн нэгэнд их төлөв даавуун дээр зурсан олон бурхдыг гаргаж ирээд залдаг тул золголт хийх ялдамдаа дүрслэх урлагийн музей үзээд авна гэсэн үг.

Дорно дахины урлахуйн аргаар дүрсэлсэн орчлонгийн хүрд, бурхадын хот мандал, диваажин хийгээд тамын байдал, үгүйдээ л маанийн үсэгтэй хийморийн хүлэг бүхий дарцаг…айл бүр бяцхан галерейгаа дэлгэнэ.

Жишээлэхэд, манай бурхан тахилынхаа өмнүүр сар шинээр татдаг хүндэтгэлийн хөшиг гэхэд л хаант Оросын худалдааны пүүсийн реклам байсан. Тэр рекламан дээр эвтэй дөрвөн амьтан, найман тахил зэрэг Дорнын бэлгэдлүүдээс гадна хос толгойт бүргэд бүхий Баатар цагаан хааны сүлд, улмаар тухайн пүүсийн салбар нь бүхий л бараагаа нийслэл хотын үнээр худалддаг болохыг сурталчилсан худам монгол бичээстэй гээд л бодчих. Энэ бүхий л үзмэрийн дунд орчихсон жаал хөвүүн алмайран зогсож байгааг төсөөл дөө. Айл хэсэн таньж мэдэх, өөр олон олон айлтай газар орноор аялан одох сонирхол бадарна биз дээ.

Бурхан багшаас бусад элдэв хөрөг, бэлгэдлийг мэдэхээсээ мэдэхгүй нь их. Гэвч учир үл ойлгогдох бурхад догшдын утаанд идэгдэн хуучирсан дүр нь учир явдлаа нууцлахын хэрээр сэтгэл гижигдэн танин мэдэхүйн аянд дуудах мэт.

Айлын эзэгтэйн дизайны сэтгэлгээ, дүрслэлийн өвөрмөц шийдлүүд ор дэр, гал тогооны хэсэгт дурайна. Улмаар, ор дэр, авдар савны давтагдашгүй инсталляци нь яг л өнөөгийн музей үзмэрээс авдаг таашаалыг төрүүлнэ. Миний анх хэссэн айл, хожим малын эрэлд явахдаа буугаад мордсон хот наддаа л анхны Лувр, эхний Эрмитаж байсан гэж болно.

Соёлын довтолгооны үрээр бий болсон айл гэрийн зургийн жааз их сонин. Гэр бүлийн фото зургийн альбом гэмээр зургийн жаазнаас тэднийхний хэн хаагуур явж үзсэн, хамаатнууд нь хаагуур байдаг, хотод суудаг сэхээтэн садантай эсэхийг мэдэж болно. Зочин хүн айлд цай идээ амссаныхаа дараагаар хоймрын жаазыг тойруулсан яриа өрнүүлэх нь элбэг. Монголчууд цөөхүүлээ учраас хэн нэгэн таньдаг хүнийхээ зургийг хаа холын айл хэсч яваад олж үзэх нь энхүүхэнд. “Энэ Дорж мөн үү? Танай хамаатан юм уу” гээд эхэлсэн яриа холын хамаатантай уулзуулж, найз нөхдийнхөө садантай танилцуулах нь цөөнгүй.

Ийм учраас танихгүй айлд орох нь надад үргэлж сонин, өнөөгийнхөөр бол танихгүй хотоор аялал хийх, орон нутаг судлалын музейд орох шиг сонин сайхан байдаг байлаа.

ХОЁР. ХЭСЭХ, ЗОЧЛОХ, АЙЛЧЛАХ ГУРАВ

Монгол хэлний “айлчлал”, “айлчин”, “айл хэсэх” гэдэг хэллэг үндсэндээ нэг утгатай. Айл(аул) гэдэг түрэг-монгол үгнээс гаралтай энэ хэллэг бүхий тохиолдолд гэрээс гарч айлаас айл дамжин хэрэн хэсүүчлэхийн нэр. Жирийн хүн жирийн маягаар айл айлаар ороод явбал айл хэссэн болно. Харин төрөл саднаараа ёслол хүндэтгэлийн утгаар, ахмад бууралтай золгох гэхчлэнгээр хэсэн явбал “бизнес класс” буюу айлчны ангилалд орно. Харин төрийн өндөр албан тушаалтан хил давж айл хэсвэл айлчлалын зиндаанд яригдана. Энгийн үгээр бүдүүвчлэн хэлбэл, таних танихгүй айлаар ороод явбал айл хэсэлт, хамаатан саднаараа очвол айлчин, хил давж улс хэсвэл айлчлал болоод явчихаж байгаа юм.

Жирийн нэгэн хүн жирийн байдлаар айл хэсүүчлэн явах нь муухай зүйл огтоос биш. Тодорхой зорилгогүй зочин ирвэл ямар ч айл гайхахгүй. Цай ундаар хүндлэн дайлаад гаргана. Хэрвээ тухайн айлд ямар гийчин, юуны учир ирснийг лавлавал “Айл хэсч яваа биз” гэхчлэн хайнга хариулна.

Харин гийчний айл хэссэн зорилгыг сонирхохгүй боловч хаагуур явж ирсэн, хэзээ гэрээсээ гарсан, хаа хүрч явааг заавал сонирхоно. Энэ нь алдуул малын тухай мэдээлэл, нутаг бэлчээрийн өвс ургамлын гарц, хэнийх хаагуур нутаглаж байгааг мэдэж авах зорилготой.

Ямар ч зорилгогүй хэсүүлчин ирэхэд малчин айл баярлан угтдаг нь их учиртай. Нэг талаасаа уйдаж ганцаардсан хот айлд зочин ирэх нь амьдралд хөг нэмсэн үйл явдал болно.

Түүнээс ч илүү ач холбогдол нь мэдээлэл цуглуулахад байгаа юм. Нүүдэлчин монголчууд аж амьдралынхаа хүрээнд мэдээлэл цуглуулах, анализ хийх төрөлхийн чадвартай. Чингис хаан байлдан дагуулалт бүрийнхээ өмнө олон тооны тагнуул туршуулыг илгээдэг, бусдын нутгийн гүнд заншлан тагнах урлагийг хөгжүүлж байсан зэргийг түүхийн олон сурвалжууд хэлээд өгдөг. Цэргийн тагнуулын энэ туршлага нь малчин нүүдэлчдийн өдөр тутам мэдээлэл цуглуулах, дүгнэх ерийн уламжлалаас эхтэй.

Малчид яахлаараа тагнуул хийж, мэдээлэл цуглуулж түүндээ анализ хийдэг вэ гэсэн асуулт гарч байна. Тэр нь ийм учиртай. Бог малаа хотондоо байлгаж, адуу, үхэр, тэмээгээ хээр орхин тэнгэр бурханд даатгана. Залхуу хойрготоо ч тэгж байгаа юм биш. Гэр бууцны ойр орчмын өвс ургамлыг хонь ямаа талхлаад дуусдаг тул бод малд идэх юм үлдэхгүй. Нөгөө талаас адуу, үхэр, тэмээ нь илүү алсын соргог бэлчээрт дуртай, тэндээ байж гэмээнэ таргалж тэвээрдэг.

Ийм учраас малчид хээрээр гэр хийж яваа том малаа хэд өнжөөд эргэх юм уу, буугаад мордсон айлчнаас авсан мэдээллээрээ “хариулж” байдаг.

Айл хэсч яваа этгээдээс “Замд чинь манай адуу байна уу? Хаашаа чигтэй бэлчиж байна” гэж асууна. Хэрвээ адуу харагдаагүй бол яаралтай гарч хайгуулдана. Тайван тогтуун байгааг нь мэдвэл санаа амарна. Харин аль нэг тийшээ явж байгааг дуулвал амдан хайгуулдах юм уу, өөр чиглэлээс ирсэн хүнээс асууж сураглах хэрэгтэйг мэдэж авна.

Малчин хүн ийнхүү нүдэндээ үзэгдэхгүй, хээр талд бэлчиж яваа мал сүргээ тархи толгойдоо хариулж, хөдөлгөөн бүрийг нь мэдэж байдаг. Чоно мэтийн араатан амьтдын араншинг ажигласан авсан туршлага дээрээ үндэслэн хээр яваа мал сүрэгт нь учирч болох аюулын магадлалыг муугүй гаргана. Энэ чадвар туршлагыг жаахан хувиргахад нь тагнуулын ажлын туршлага болоод явчихна. Харин туршлагаасаа давсан үзэгдэл, төсөөлж амжаагүй гамшгийг бол лус савдаг, далдын хүчин зүйлтэй холбоод явчихдаг тал бол бий.

Харамсалтай нь, нүүдэлчид энэ туршлагаа улс төр, нийгмийн амьдрал дээр хөрвүүлэн хэрэглэх чадамж тааруу, онохоосоо алдах нь илүүтэй таамаг, хардалт сэрдэлт болоод явчихдагийг өнөөгийн туршлага харуулдаг билээ.

Өдөр тутмын аж амьдралд хэрэгтэй мэдээлэл зөөдөг учраас айл хэсч яваа хүн үнэ цэнэтэй, хүндтэй байдаг. Таних танихгүй, зорилготой зорилгогүйгээс үл хамаараад айл хэсч яваа хүнийг цай идээгээр дайлдаг. Айлчин хэсүүлчин нарт “Хоолны хариуд мэдээлэл” гэсэн зарчим үйлчилдэг гээд ойлгосон ч болно. Яг л Буддизмын үндэслэгчдийн “надад хоол өгвөл хариуд нь мэдлэг өгье” хэмээн бадар барих зарчимтай агаар нэг.

Монголчууд алдуул малаа эрэхээр гарахдаа хээр талаар хэрэн хайгуулдахын оронд айл хэсдэг. Уул талын мянган салаа, түмэн нугачааг хэсч, баримжаагүй тэнэж явснаас айл айлаар бууж, тэдний үзсэн харсныг шалгаан, малынхаа сургийг гаргах нь ашигтай. Угаасаа өвөг дээдэс нь “Эрлийг сургаар олдог, эрдмийг хичээлээр сурдаг” хэмээн дэмий нэг сургаагүй бөлгөө.

Ялангуяа найр наадам нь олон хүнтэй уулзаж, ганцаардлынхаа гунигийг тайлах баяр төдийгүй бус. Найр наадам хэсч явах дашрамдаа сураг тасраад хэдэн жил болсон алдуулынхаа тухай мэдээлэл авах ч удаа байна.

2020 оны цагаан сар Хятадад болон бусад оронд Коронавирус дэлгэрсэн цаг үетэй давхцав. Монголын Засгийн газраас цагаан сараар хатуу хөл хорио тогтоогоогүй боловч айлчлан хэсэж золгуут хийхийг хэр чинээндээ хязгаарлав. Нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг арваад хоног хязгаарлав. Хориг хязгаарлалтыг цуцлахын урьд өдөр Цагдаагийн газраас гаргасан мэдээллээр бол, нийслэлийн сая гаруй иргэний 40.000 нь, хотод бүртгэлтэй 530,000 машины 14 мянга нь тус тус хөдөө шинэлээд орж ирэх юм байна. Жирийн үед бол энэ тоо үлэмж эсрэгээрээ эргэж, шинэлээгүй үлдсэн иргэн, золголтонд ашиглаагүй машины тоо болж болох юм.

Цагаан сар нь Дорно дахины уламжлалаар эцэг эх ахмад үедээ хүндлэл үзүүлэх ёслол төдийгүй юм. Уламжлалт амьдралын хэв маягаар бол мэдээлэл солилцох арга хэмжээ. Ялангуяа 2020 оных шиг УИХ-ын сонгуулийн жил тохиох юм бол ураг овгийн тэргүүн болон нутаг усны нөлөө бүхий эрхмүүдээсээ улс төрийн сонголтын чиг баримжаа авах нь цөөнгүй…