Categories
мэдээ нийгэм

Шивээ хүрэн боомтод 200 машин ариутгах хүчин чадал бүхий түр байгууламж хийхийг үүрэг болгов

УОК-ын шийдвэрээр 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан жолооч нарын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, тусгай журмаар нүүрс тээвэрлэлтийг явуулах чиглэлийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж байна. Нүүрсний тээвэр хийхэд тулгамдаж буй бэрхшээл, асуудал болон онцгой нөхцөлд ажиллахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд аймаг, орон нутгийн удирдлага холбогдох байгууллагын төлөөлөл танилцууллаа. Мөн Шивээ хүрэн боомтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн болжээ.

Өмнөгөвь аймгийн Шивээ хүрэн боомтоор өдөрт хорио цээрийн дэглэмийг үед 200 машин гаргах боломжийг бүрдүүлсэн байгаа талаар Шивээ хүрэн боомтын захиргааны дарга, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагч Б. Мөнхбат онцоллоо.

Ариутгалын түр төхөөрөмжийг шинээр хийж хилийн шалгалтын өмнө бүх ариутгалыг хийхээр шийдвэрлэв. Энэ байгууламжаар ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд нэг машинд 10 литр ус зарцуулах өдөрт 200 машин ариутгах хүчин чадал бүхий түр байгууламжийг хийх үүргийг аймгийн онцгой комист үүрэг болгов.

Ариутгал хийгдсэний дараа гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалт хийгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махыг борлуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдрөөс эхэлж худалдаанд гарч буй нөөцийн махны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2019 онд нийслэлийн хэмжээнд 4,000 тонн нөөцийн мах бэлдсэн. Энэ жил Хүнс хөдөө, аж ахуйн яам, нийслэлийн удирдлагууд хамтран ажиллаж, Засгийн газраас 20,000 тонн нөөцийн мах бэлдэх даалгавартай байгаа. Өнөөдрийн байдлаар 12,000 тонн нөөцийн махыг бэлдсэн. Улаанбаатар хотын 140 хорооны 279 дэлгүүрээр худалдан борлуулах ажил бэлэн болсон” гэдгийг онцоллоо.

Мах бэлтгэн нийлүүлж буй 15 аж ахуйн нэгжүүд нөөцийн махаа тусгай зориулалтын уутанд савласан бөгөөд үхрийн ястай мах 1 кг нь 7,700 төгрөг хонины ястай мах 1 кг нь 6,700 төгрөг, ямааны ястай мах 1 кг нь 6,220 төгрөг байх аж. Цаашид хөл хорионы асуудал хүндэрвэл махыг экспортод гаргахаас илүүтэй дотоодын зах зээлдээ нийлүүлэх даалгаврыг Засгийн газраас тус аж ахуйн нэгжүүдэд өгчээ.

Categories
мэдээ нийгэм

“Ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө 102,000тн гурилыг заавал үйлдвэрлэх шаардлагатай”

Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос доорх мэдэгдлийг гаргалаа.

Мэдэгдэл

Хятад улсад шинэ корона вирусын халдвар гарсанаас хойш өнөөдрийн байдлаар нийт 79 улс оронд тархаж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага онц байдал зарласан билээ. Олон улсын эдийн засгийн шинжээчдийн үзэж байгаагаар глобалчлагдсан эдийн засагт урьд хожид байгаагүй сөрөг үр дагавар, гарз хохирол учруулах магадлалтай хэмээн дүгнэж байна. Үүнээс үүдэн дэлхийн улс орнууд үндэсний аюулгүй байдал ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж дотооддоо өөр өөрсдийн арга хэмжээнүүдийг дор бүрнээ авч ажиллаж байгаагаас хамгийн чухал нь гол нэрийн барааны хүнсний нөөцийг бүрдүүлэх явдал юм.

Гурилын үйлдвэрүүд хэдий хувийн хэвшил боловч ард түмэн, нийт хэрэглэгчдийнхээ өмнө ямар ч цаг мөчид стратегийн хүнс болох эрүүл, чанартай гурилаар тасралтгүй хангах үүрэг хариуцлага хүлээсэн үндэсний үйлдвэрлэгчид билээ.

Өнөөдрийн энэ онцгой нөхцөл байдалд аль нэг гурилын үйлдвэр, аль нэг тариаланч, аль нэг импортлогч, албан тушаалтаны эрх ашгаас илүүтэйгээр Монгол Улсын эрх ашиг хамгийн чухал тул нэн яаралтай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тал дээр бид бүхэн бүх хүчээ дайчлан ажиллах ёстой хэмээн манай холбоо үзэж байна. Хэн нэгэн өчүүхэн массын хувийн ашиг сонирхол, эрх ашиг яригдсаар байтал ард түмний чухал хэрэглээ болох гурил тасалдаж, талх үйлдвэрлэгдэхгүй болох тэр үед хэнийг буруутай гэж тогтоон хариуцлага тооцох вэ? Энэ үед хэнтэй ч хариуцлага тооцоход оройтсон байх бөгөөд үүний хор уршгийг нийт хэрэглэгчид, ард түмэн, гурилын үйлдвэр, тариаланчид, малчид гээд Монгол Улс тэр даяараа амсана.

Монгол Улс жилд 240,000тн буюу сард 20,000тн орчим гурилын хэрэглээтэй. /Эх сурвалж: 2018 онд 239,324.6тн гурил үйлдвэрлэсэн Үндэсний Статистикийн Хороо/ Дээрх гурилыг үйлдвэрлэхэд дор хаяж 345,000тн хүнсний улаан буудай шаардлагатай. /Стандартын дагуу тарианы хольц 5%, гадны хольц 2%-ийг гурил үйлдвэрлэлд нийт буудайн тонн хэмжээнээс хасаж тооцно/ 2019 оны намрын ургацаас Хүнсний буудайн техникийн ерөнхий шаардлага MNS 0097-2010 стандатыг хангасан 240,000тн орчим улаан буудайг гурилын үйлдвэрүүд хүлээн авсан, энэ нь 163,200тн гурил юм. 2019 оны 09-р сараас гурилын хэрэглээг тооцвол 2020 оны 04-р сар гэхэд гурилын нөөц дуусахаар байгаа нь маш ойлгомжтой харагдаж байна. Бид ирэх намрын ургац хүртэл хангалттай нөөц бүрдүүлэх, цаашид аюулгүйн нөөцийг хангалттай хэмжээнд бий болгохын тулд 150,000тн-160,000тн улаан буудай буюу 102,000тн гурилыг нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө заавал үйлдвэрлэх нөхцөл байдал шаардлага үүсч байна.

Гурил нь өргөн хэрэглээний гол нэрийн чухал хүнсний нэг байтал зах, дэлгүүрүүдэд сүүлчийн шуудай гурил зарагдаж дуусахад гурилын үйлдвэр улаан буудай хүлээн авах ёстой мэт хэмжээнд сэтгэж хардаг өчүүхэн бодолтой хэсэг бүлэг амин хувиа хичээгчид байдаг нь үнэхээр харамсалтай. Бүхэл бүтэн улс орны хэмжээний хүнсний нөөцийн асуудал нь хамгийн багадаа 3 сараар яригдах учиртай байтал улаан буудайн тасалдал үүсгэж гурил хомсдуулж өндөр үнэд хүргэх нь хэнд ашигтай вэ? Хэний эрх ашгийн төлөө нийт ард иргэдийн эрх ашгийг хойш нь тавьж байна вэ?

Гурил үйлдвэрлэл нь олон зуун жилийн туршид өөрийн гэсэн технологийн хүрээнд өргөжин хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн бөгөөд үйлдвэрлэлийн эрин үеэс эхлэн дэлхийн аль ч улс оронд гахайн тэжээлээр гурил үйлдвэрлэж байсан түүх үгүй билээ. Одоогийн байдлаар Монгол Улсад гурилын үйлдвэрлэл явуулж буй үйлдвэрүүд нь дэлхийн шилдэг Швецарын Булер, Туркийн Алапала брэндийн үйлдвэрүүдийн хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат, орчин үеийн техник тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

Монгол Улс өөрийн гэсэн хүнсний үйлдвэрийн хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журамтай ба үүнийг хэрэгжүүлж, хянаж ажилладаг бүхэл бүтэн тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын бие даасан үйл ажиллагааны хүрээнд ганц хүнсний улаан буудай ч биш бүх төрлийн хүсний бүтээгдэхүүнүүд зохих шинжилгээ, хяналт хийгдэж зөвшөөрөгдсөний эцэст импортоор орж ирдэг.

Эцсийн дүндээ ямар ч үйлдвэрлэгч үйлдвэрлэлээ тогтвортой, урт хугацаанд үр өгөөжтэй ажилуулахын тулд хэрэглэгчид хамгийн сайн, эрүүл, аюулгүй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байж оршин тогтнодог нь өнөөгийн нийгэм, зах зээлийн үндэс суурь юм. Ганц гурил үйлдвэрлэгчид гэлтгүй бүх хувийн хэвшлийн байгууллагууд хэзээ ч улсын төсвөөс санхүүжиж, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаггүй гэдгийг мэдэдгүй, мэддэг хэрнээ мэдэхгүй царайлж, өөрсдийн ухамсар дорой, явцуу эрх ашгаа гайхуулж олон нийтийг худал мэдээлэлээр төөрөгдүүлэн турхирч өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө ашиглах сонирхолтой хэсэг бүлэг этгээдүүдэд хууль хяналтын байгууллагууд зохих хариуцлагыг тооцно гэдэгт найдаж байна.

Хэрэглэгч, үйлдвэрлэгч, түүхий эд үйлдвэрлэгчийн аль нэг байхгүй бол тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр байх боломжгүй, үүнтэй адилаар гурилын үйлдвэр ажилгүй зогсвол намар тариаланчдаас буудай худалдан авч, гурил үйлдвэрлэх процесс доголдсоноор ганц гурилын үйлдвэр биш тариаланчдад ч мөн шууд сөрөг нөлөө үзүүлж эхлэнэ.

Бид нийт хэрэглэгчдийн эрх ашгийг бүх эрх ашгаас дээгүүрт тавьж ард түмний хэрэгцээнд нэн чухал шаардлагатай хүнсний өргөн хэрэглээний гурилыг ямарч гүтгэлэг, доромжлол, дайралтыг сөрөн үйлдвэрлэнэ гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэ: төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэрээ цуцалж, төрийн үйлчилгээний болон бага тушаалын албан хаагчдын цалинг нэмэхийг шаардаж байна

Image result for С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас төрийн албан хаагчдыг алагчилж, шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор АН-аас мэдэгдэл гаргаж байна. Мөн УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд тайлбар өгөх асуудлаар энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг хийж байна.

Нэгдүгээрт, Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний 75 тоот тогтоолоор ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, яамдын захиргааны албан тушаалтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Өнөөдөр төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмж, төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэр гаргалаа.

Цар тахлын улмаас жижиг, дунд үйлдвэрлэл, үүргийн худалдаа эрхэлж байгаа 250-иад мянган иргэн ажлын байргүй болох аюул нүүрлээд байна. Эдийн засгийн хүндрэл үүсэх аюул ойрхон байна. Гэвч Засгийн газар дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа.
АН-ын зүгээс төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэрээ цуцалж, төрийн үйлчилгээний болон бага тушаалын албан хаагчдын цалинг нэмэхийг шаардаж байна.

Хоёрдугаарт, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь нэн онцгой нөхцөлд, нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлыг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэх тухай хуулийн төсөл юм.

Өнөөдрийн байдлаар Тавантолгой компанийн 30 хувийг худалдах асуудлыг нэн тэргүүнд яаралтай шийдэх шаардлагатай болоод байна. Өмнө нь УИХ дээр танилцуулахдаа 3-5 тэрбум ам.долларын IPO хийх замаар шаардлагатай байгаа дэд бүтцийг санхүүжүүлнэ гэж танилцуулж байсан. Гэтэл УУХҮ-ийн сайдын хэлж байгаагаар 1 тэрбум ам.доллараар эхний ээлжинд 30 хувиа зарах асуудал яригдаж байгаа юм байна. Үүнийг Тавантолгойн ордын үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус шийдвэр гэж харж байгаа учраас УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж, энэ асуудлыг Засгийн газар бус УИХ-аар шийдвэрлүүлэх нь зөв гэж харж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Долоон ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлжээ

Шинэ Коронавирус буюу /КОВИД-19/-ийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтыг дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах салбар зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан байна.

Түүнчлэн, дүүргийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх захирамж, тушаал, удирдамжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоож, тэдгээр байгууллагуудын согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

УДБЭТ-ын уран бүтээлчид гурван өдрийн цалингаа хандивлалаа

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны урлагийн байгууллагуудыг уриалан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр хандивын аянд нэгдлээ.

Тус театрын уран бүтээлчид гурван өдрийн цалин болох 23.942.615 төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм. Энэ үеэр УДБЭТ-ын захирал, МУГЖ Ц.Төвшинтөгс “Дэлхийн олон улсыг хамран хурдацтайгаар тархаж байгаа шинэ коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Улсын онцгой комисс болон нийт алба хаагчдад талархал илэрхийлэн, театрын уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, сэтгэлийн өглөгөө өргөж байна” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амарсайхан: Нийтийн тээврийг хөгжүүлснээр замын түгжрэлийг таван жилийн дотор шийдвэрлэх боломж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхантай ярилцлаа.


-Дэлхий нийтийг цочроосон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг төр засгаас зохион байгуулсаар байна. Ялангуяа Монголын хүн амын тал шахам хувь нь аж төрж буй нийслэл хотын зүгээс олон талт арга хэмжээ авч ажиллаж байна. Нөгөөтэйгүүр олон орны хотуудын эдийн засгийн байдалд сөрөг нөлөө гарч байгаа энэ үед цаашид ямар арга хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Дэлхий нийтээр тархаж байгаа халдварт өвчинтэй холбоотойгоор хүндрэлтэй асуудлуудтай холбогдуулан төрийн болон засаг захиргааны байгууллагууд шат шатандаа шийдвэрээ гаргаад ажиллаж байна. Улсын болон Нийслэлийн онцгой комисс Засгийн газрын тогтоол шийдвэрийг шат шатандаа хэрэгжүүлэх, мөн Улаанбаатар хотод халдварт өвчнийг оруулж ирэхгүй байх, эрсдэлийг багасгах, иргэд, оршин суугчдаа аюулт тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалахтай холбоотой зохих шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Нөгөө талаараа энэхүү халдварын үед улс орнуудын эдийн засагт, айл өрхийн орлогод, хотын эдийн засгийн суурь үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Мэдээж энэ асуудал хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдарч байгаа, Монгол Улсын ДНБ-ий 64 хувийг дангаараа бүрдүүлж буй, улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 74 хувь буюу 126 мянган аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулж буй нийслэл хотоос зөвхөн шалтгаалахгүй. Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам зэрэг төрийн дээд шатны байгууллагуудаас бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс ихээхэн шалтгаална. Гэхдээ нийслэл өөрсдийн хэмжээнд аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хүнд нөхцөлд оруулахгүй байх талаас нь анхаарч байна. Шаардлагатай тохиолдолд зарим асуудлуудыг НИТХ-аар оруулж шийдэн, судалгаа тооцоо хийж ажиллаж байна.

-УИХ-ын дарга жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх арга хэмжээ авахыг даалгасан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын Байнгын хороодын дарга нар, Монголбанк, санхүүгийн салбарын төлөөллүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд бид хамтдаа УИХ-ын даргатай уулзаж санал, мэдээлэл солилцсон. Үүн дээр яригдсан гол асуудал нь хүнсний хангалт нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах асуудал байв. Хоёрдугаарт, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ түрээсийн төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, зээлийн хүүгийн хэмжээг багасгах гэх мэт асуудал яригдсан. Ямартаа ч Улсын Их хурлын даргын зүгээс аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гаргах, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн энэ үед хүүгийн төлбөрийг багасгах, бууруулах, зээл төлбөрийн хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээг авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч, судлуулахыг Байнгын хороодод даалгасан. Дээрээс нь Монголбанкнаас бодлогын хүүг буулгах замаар арилжааны банкны хүүг бууруулах асуудлыг хөндсөн. Нийслэлд дийлэнх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ бодлого, шийдвэрүүд тэдгээр байгууллагуудад дэмжлэг болно гэж харж байгаа.

-Та Хотын даргаар томилогдсоноосоо хойш юунд голлож анхаарлаа хандуулав, хэр үр дүнд хүрсэн гэж харж байгаа вэ?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, энэ хүрээнд ажлуудаа эрэмбэлсэн. Мэдээж хотын ажил өргөн хүрээтэй. Аж ахуйн болон бодлого, тооцоо, төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлага, хяналт, гүйцэтгэл гээд бүх талын ажлууд багтдаг. Бидний хамгийн том зорилт бол 2019-2020 оны өвөлжилтийг өнтэй давах, Улаанбаатар хотын 220 гаруй мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангах явдал байв.

Үйлдвэрлэлт, түлшний нийлүүлэлт тасрах л юм бол Улаанбаатар хот гал алдсантай ялгаагүй. Иймд бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, түлшний түгээлт нийлүүлэлтийг хэвийн байлгах, айл өрхийг гал алдуулахгүй байх дээр анхаарч ажилласан.

Хоёрдугаарт, энэ онд хийх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлж, хотыг стандарттай болгох том бодлогын ажлыг эхлүүлсэн. Мөн энэ онд хэрэгжүүлэх зам, дэд бүтэц, эрүүл мэнд, нийгмийн салбарын хөрөнгө оруулалтуудаа төлөвлөх, судлах замаар нийтийн тээврийг шинэчлэх, агаарын бохирдлыг бууруулах ажлаа цааш үргэлжлүүлнэ. Айл бүрийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг ч хэрэгжүүлж эхлээд байна.

Гуравдугаарт, 2050 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогоо хэрхэн уялдуулж ажиллах вэ гэдэгт анхаарч байгаа.

-Энэ өвөл нийслэлчүүд анх удаа түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэллээ. Хэдийгээр утаа буурсан ч хөө, тортог их гардаг, угаартах эрсдэл үүсгэдэг нь сөрөг тал болж байх шиг. Ирэх жилүүдэд шахмал түлшний стандарт сайжрах уу?

-Энэ өөрөө шинэ ажил, анхны шийдэл. Алдаатай, оноотой зүйлүүд олон бий. Анхаарч засах зүйлүүд ч мөн их байна. Утаа 50 хувиар буурсан ч гэсэн үйлдвэрийн орчноос эхлээд үргэлжлүүлж сайжруулах асуудлууд бий. Утаа бууруулж байна гээд тортог гаргаад, энэ нь дараа нь шийдэж боломгүй том хүндрэл болохоос сэргийлэх нь зүйтэй. Шахмал түлшний хоёр дахь үйлдвэр Налайх дүүрэгт баригдах Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ үйлдвэрийн хувьд тоосжилтгүй, ажиллагсдын эрүүл мэндэд хоргүй, байгаль, орчинд ч сөрөг нөлөөгүй байх технологийн шийдлүүдээ гаргаж, шинэчлэл хийх юм. Ингэснээр дээрх асуудлууд бүрэн шийдвэрлэгдэнэ. Цаашид ч технологио улам сайжруулж, түгээлт, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, бүх талын зохион байгуулалтыг стандартад нь хүргэх том зорилт бий. Ямар ч байсан үзэгдэх орчин хомс, хоолой, ам хорсож байсан үе өнгөрч, богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадлаа. Энэ бол тун дорвитой ахиц. Бид агаарын бохирдлыг ирэх өвөл гэхэд 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байгаа.

Агаарын бохирдлыг цогцоор нь бууруулах гол шийдэл бол айл өрхүүдийг орон сууцжуулах явдал. Орчин үеийн, хөгжингүй хотыг бий болгохын тулд урт, дунд хугацааныхаа бодлоготой уялдаж ажиллан, шинэ хот, дүүргүүдийн төслийг хэрэгжүүлэх замаар айл өрх бүрийг чанартай, хүртээмжтэй, нийгмийн бүх үйлчилгээний бүтэц бүхий орон сууц, хотхон, хороололтой болгох ёстой. Амины орон сууцанд амьдрах боломжийг нь олгохын тулд дэд бүтцийг нь татаж өгөх, байгаль орчин ээлтэй шийдэл буюу нар, салхи, байгалийн хийнээс цахилгааны эх үүсвэрийг шийдэх хэрэгтэй. Бид нийслэлд орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нэг орон сууц баригдвал тэр хэмжээгээр яндангийн тоог бууруулах бодлогыг барьж ажиллаж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдээ хамгийн багадаа таван га цаашлаад 100, 200 га газарт орон сууцаа төлөвлөөд, сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж харж байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол, орчин үеийн шийдэл бүхий орчин байх ёстой л гэж зорьж байгаа. Хотын хаана амьдарч байхаас үл хамаараад зам, талбай, үйлчилгээний газрууд, барилга байшин, төрийн үйлчилгээ нь ч нэг л стандарттай байх ёстой. Энэ ажил амжилттай хэрэгжиж эхэлж байгаа. Эхний айлууддаа төслүүдээ хэрэгжүүлээд эхэлчихсэн.

-Утааг бууруулсантай адил хотын түгжрэлийг бууруулах боломж юу байна вэ. Дүүжин зам, тусгай замын автобус гэх зэрэг ажлууд эхлэх болж байна уу. Утааг бууруулсан шиг үр дүн хэзээ харагдах вэ?

-Хэрвээ шийдвэрээ зөв гаргаад, зохион байгуулалтаа зөв хийгээд, дорвитойхон ажиллаж чадвал түүнийг нь иргэд, аж ахуйн нэгж нь дэмжиж оролцвол Улаанбаатар хотод 20, 30 жилийн турш тулгамдсан асуудлыг маш богино хугацаанд шийдэж болох юм байна гэдгийг бид харлаа. Нэгдүгээрт, утааг бууруулсан ажил үүнийг харуулж байна. Хоёрдугаарт, Налайх Чойрын чиглэлийн 20.9 км замын ажил байлаа. Энэ нь хоёр жилийн хугацаанд хийгдэх ёстой байсан ажил. Бид хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 20 км замыг зургаан сарын дотор л өндөр чанартай хийж гүйцэтгэж болдог юм байна гэдгийг харууллаа.

Цаашдаа нийслэлийн түгжрэлийн асуудлыг ч бүрэн шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Үүний тулд бид хэд, хэдэн шийдлийг гаргаж байгаа. Таван жилийн хугацаанд нийслэлийн түгжрэлийг бууруулах боломжтой. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг нэн даруй хийхээс гадна шинэ төрлийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн айл өрх, оршин суугчдын амьдарч байгаа орчны онцлогт нь тохируулж хэд, хэдэн төрлийн нийтийн тээврийн шинэчлэлийг цогцоор нь нэвтрүүлнэ. Жишээ нь, Баянхошуу, Толгойт, Чингэлтэйд уулын оройд амьдардаг хүн олон. Тэр хэсэгт нь агаарын дүүжин тээврийг нэвтрүүлэх юм. Энэ төсөл ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжээд эхэлнэ. Харин хотын төвийн Энхтайваны гудамжаар цахилгаан соронзон галт тэрэг явуулна. Толгойтоос Офицерын ордон, Амгалангийн буудал хүртэл зам нь тавигдах уг галт тэрэг өдөрт 210 мянган зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай. Одоо байгаа төмөр замыг Богд уулын урдуур гаргаж, хамгаалалтын зурвасаар нь хоёр эгнээ хагас хурдны зам тавих юм. Цахилгаан соронзон галт тэргийг Толгойтоос Улиастайн гүүр хооронд явуулах юм. Эндээсээ шинэ Нисэх буудал хүртэл түргэн замын автобус явуулна. Цахилгаан соронзон галт тэргийн гурав дахь үе шат болгож шинэ, хуучин нисэх онгоцны буудал, Майдар, Налайх хотуудыг тойруулж оруулж ирэхээр төлөвлөөд байгаа. Цахилгаан соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр, тусгай замын автобус зэрэг нийтийн тээврийн шинэчлэлийн ажлыг Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлоготойгоо уялдуулж, зорчигч, ачаа тээврийн үндсэн дэд бүтцийн төлөвлөлтийг хийж байгаа. Үүнтэй уялдуулан бизнесийн, тусгай замын, аялал жуулчлалын, сургуулийн автобус гэхчлэн богино рейсийн чиглэлүүдийг нэвтрүүлэх юм. Сургуулийн автобусыг шаардлагатай хэмжээнд хүртэл тоог нь нэмээд өгвөл өдөрт хүүхдүүдээ зөөж байгаа 40 мянган автомашинуудыг 50 хувиар бууруулах боломжтой. Мөн нийтийн тээврийн бас нэгэн төрлийн үйлчилгээ болох такси үйлчилгээг орчин үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өөрчилж, шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Ингээд нийтийн тээвэрт олон төрөлт үйлчилгээг нэвтрүүлснээр замын түгжрэлийг таван жилийн дотор шийдвэрлэж, хөгжингүй орнуудын түвшинд хүргэх боломж байна.

Үүний хажуугаар автомашинуудын зарим стандартад тавих шаардлагуудыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх шаардлага ч байна. Ямар шаардлага хангасан автомашин импортоор оруулж ирэх, Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгсэл ямар стандарттай байх вэ гэдгийг бодлогоор зохицуулах ёстой.

-Энэ жил нийслэлд ямар бодлогын ажлууд, бүтээн байгуулалтууд өрнөх вэ?

-Нийслэл хот улсад төсвийнхөө нэлээд хувийг төвлөрүүлдэг учраас бие дааж хийх олон ажлууд нь хязгаарлагддаг. Энэ жил л гэхэд бид улсад 319 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Энэ хэрээр л нийслэлд хийх хөрөнгө оруулалтын ажлууд буурч байна гэсэн үг. Гэхдээ бид байгаа нөөц бололцоондоо тулгуурлаад ажлуудаа явуулж байгаа. Сая хэлсэнчлэн нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээг нэвтрүүлэх замаар түгжрэлийг бууруулах, автобус парк шинэчлэл, дэд төвүүдийн ажлаа урагшлуулах, орон сууцны хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, зам, дэд бүтцийн ажлуудаа үргэлжлүүлнэ. Энэ жил анх удаа Улаанбаатар хотод 52.7 км дугуйн болон явган замын иж бүрэн төсөл хэрэгжиж эхэлнэ. Энэхүү дугуйн зам нь Яармагаас Зайсан, Зайсангийн гүүрээс Маршал, Маршалаас Баянзүрх, Баянзүрхээс Налайх хүртэл тавигдах юм. Баруунаас зүүн хүртэл иргэд ямар нэгэн аюулгүй, торох зүйлгүйгээр зориулалтын дугуйн замаар явах боломж бүрдэж байгаа юм. Мөн олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор цагдаагийн, эрүүл мэндийн салбарын, түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах маш олон ажлууд төлөвлөгдөөд явж байна. Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлууд ч хийгдэнэ. 2020 оныг бид стандартын жил болгон зарласан. Үүнээс хойш Улаанбаатар хотод ямар ч ажил хийгдэх байсан тогтсон хэм хэмжээ, стандартын дагуу явагдах болно.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил, Түрээсийн орон сууцны асуудал иргэдийн анхааралд байсаар байна. Үүнтэй холбоотойгоор ямар ажлууд хийгдэх вэ?

-Түрээсийн орон сууцны тухайд бид түрээслээд өмчлөх хэлбэрийг анх удаа нэвтрүүлсэн. Бид иргэдээ санхүүгийн болон төлбөрийн дарамтгүйгээр байр авах боломжийг нь олгож байгаа. Газраа чөлөөлөхөөс нь өмнө орон сууцыг тань яг хүссэн хэмжээнд нь барина, та шууд газраа чөлөөлөөд л нүүгээд орж болно.

Та өөрийн боломжоороо тав, эсвэл 10, 20 жилийн хугацаанд төлбөрөө төлөөд орон сууцаа өмчлөх боломжтой. Орон сууцныхаа сарын төлбөрийг төлөнгөө байраа өмчлөх боломжтой болж байна гэсэн үг. Түрээслээд өмчлөх нь хамгийн зөв хэлбэр учир бид үүнийг л цаашид баримтална. Үүнээс гадна Улаанбаатар хотын айл өрх, байшин, гудамжууд ямар байх вэ гэдгийг авч үзнэ. Хэрэв та газраа чөлөөлөхгүй, орон сууцанд орохгүй гэвэл хашаандаа яг ийм л орон сууц барина, хашааны гадна тал, зам нь ийм байна гэсэн стандарттай болгох юм. Баянхошуунд, Чингэлтэйн долдугаар хороонд загвар нь бий болчихсон байгаа. Нийтдээ 80 мкв хэмжээтэй. Нэг айлын 0.7 га газарт дөрвөн айл орон сууцаа барьчихсан байгаа. Ийм маягаар барьж, гэр хорооллын орчин нөхцөл сайжрах болно.

Мөн энэ жил онцлох хамгийн том бүтээн байгуулалт бол Морингийн даваанд 149 га газарт Орлогод нийцсэн орон сууцны томоохон төслийг эхлүүлж байгаа явдал. Баянголын ам, Ханын материалд гээд энэ жил нийслэлд 10 мянган айлын орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Нийслэлийн дэд төвүүд буюу Сэлбэ, Баянхошуу руу дэд бүтцийн 30 км хос шугамуудыг татчихсан. Сургууль, цэцэрлэг, усан сангууд нь ч баригдчихсан. Одоо Баянхошуунд орон сууцжуулах ажлыг эхлүүлнэ. Хүмүүс гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажил зогсчихлоо л гэдэг. Бид эхлээд дэд бүтцийг нь татаж дуусгах, 5-6 га газарт барилгаа барьчихаад дараа нь бэлэн орон сууцандаа иргэдээ нүүлгэж оруулдаг байх том ажлуудыг эхлүүлээд явж байна. Энэ мэтчилэн бид ажлуудаа тодорхой үр дүн гарахуйц, хөрсөн дээр буух байдлаар зохион байгуулж байна. Хотын өмнө тулгамдсан асуудлуудыг зөвхөн өгөө, аваа, ашиг хонжоо, сонгуулийн дөрвөн жилийн хүрээнд бус, урт хугацаанд өгөөжөө өгөх байдлаар бодлогоо тодорхойлж, ажлаа хийж байгаа.

-Дагуул хотын асуудал энэ хавраас явах уу. Майдар, Аеросити зэрэг дагуул хотуудын ажил юу болж байгаа бол?

-Шинэ хотын ажлууд энэ жил эхэлнэ. Засгийн газарт өргөн бариад УИХ-д өргөн барьчихсан. Жишээ нь, Майдар хотын асуудлыг. Мөн Налайх, Багануур дүүргийг улсын статустай бие даасан хот болгох, бодлогын баримт бичигт тусгах, эрх зүйн орчноо бүрдүүлэх зэрэг асар өргөн хүрээтэй ажлууд судлагдаж, төлөвлөгдөж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Багануур, Налайхыг улсын статустай хот болгосноор төсвийн төвлөрлийг сааруулж, бие даан төсөв санхүүгээ бүрдүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж хөгжих боломж нь бүрдэнэ. Ингэж байж хотын хүн амын төвлөрөл саарна. Үүнийгээ дагаад ч замын түгжрэл, бөөгнөрөл сарних боломжтой.

-Төвлөрөл, түгжрэлийг сааруулах зорилготой хэмээн анх барилгын ажлыг нь эхлүүлсэн Хан-Уул дүүрэг дэх шинэ байр луугаа Улаанбаатар хотын захиргаа хэзээ нүүх вэ. Хотын захиргааг нүүлгэх нь хоёр талтай ч гэдэг. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Барилгын ажлууд бүрэн дуусаагүй байна. Янз бүрийн байр суурь ч байсан. Цаашдаа нүүх нь зөв гэдэг. Гэхдээ бид тэнд зарим хэсгийг нь залуучуудын мэдээлэл технологийн салбарын мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гэр бүлээрээ очиж цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, Улаанбаатар хотын шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвийг байгуулж байна. Иргэд тэнд очиж технологийн салбарын мэдлэг боловсролоо дээшлүүлэх юм. Нөгөө хэсэгт нь мэдээж хотын захиргааны үйл ажиллагаа явна. Түүнийг дагаад зарим төрийн үйлчилгээнүүд задрах ёстой. Бид хотын захиргааны шинэ байрыг тэр чигт нь Үндэсний шинжлэх ухаан мэдээлэл технологийн төв болгоё гэдэг саналыг Засгийн газарт оруулсан боловч “Эхэлж гаргасан шийдвэрээрээ явах нь зөв юм байна” гэсэн шийдвэрийг гаргасан. Бид дээд шатныхаа шийдвэрийг хэрэгжүүлж, биелүүлэхээс өөр аргагүй.

-Хотод эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байгаа нь иргэдийг бухимдуулдаг. Таны үед хэдэн эмнэлэг, цэцэрлэг, сургууль ашиглалтад оров. Энэ жил хэдийг барих вэ?

-Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 73 цэцэрлэг, 37 сургууль шинээр ашиглалтад орсон. Энэ жил нийтдээ 278 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Өнгөрсөн жилийн бидний гол зорилго бол Улаанбаатар хотын хэмжээн дэх гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжинд оруулах байсан. Энэ зорилтоо ч хэрэгжүүлж, бүх сургуулийг хоёр ээлжинд оруулсан. Цаашдаа салбарын яам, нийслэл анхаарч аль болох тухайн орчинд нь тохирсон сургууль, цэцэрлэгийг барьж байгуулахыг зорино.

Хүн амын өсөлт хурдацтай явагдаж, жил ирэх тусам сургуульд суралцагчдын тоо нэмэгдсээр байна. Үндсэндээ сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жилд 80 мянгаар өсч байна. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ үргэлж байх болно. Нэг шийдээд бүх зүйл нь болчих салбар, ажил биш учраас цаг хугацаатай нь уялдуулаад аль болох хүртээмжтэй, стандартыг өндөр хэмжээнд барьж шийдвэрлэнэ.

-Сүүлийн үед хотын соёл гэж нэлээд ярих боллоо. Таныхаар нийслэл хотын иргэн гэж ямар байх ёстой вэ?

-Хотын соёл гэдэг олон талтай, өргөн ойлголт. Бид “Хотын соёлын довтолгоо II” гэж хэрэгжүүлж эхлээд байна. Хотод амьдарч байгаа нь, ирж байгаа нь ч хотын дүрэм журмыг сахиж, соёлтой, хариуцлагатай, оролцоотой байя гэж уриалж байгаа хэрэг. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь эрх ашгийнх нь л төлөө юм. Гараад алхахад гудамж талбай, орчин нь аюулгүй, эрүүл, эрсдэлгүй байх бүхий л боломжийг бүрдүүлэхийн тулд хотын соёлыг бий болгох гээд байгаа юм. Энэ бүхний гол төв нь манай иргэд, оршин суугчид юм.

Хотын дарга, албан хаагчид л соёлтой хот болох ёстой гэж хэлээд бүх зүйл болчихгүй. Хотын соёл, дүрэм журам, хотын иргэнд үйлчлэх зарчим гээч зүйл алдагдчихсан учраас л гудамж талбайгаараа дүүрэн хог, үнстэй байгаа юм. Хашаанаасаа, гэрээсээ л хогоо гаргачихвал өөрийнх нь хог биш болчих мэт ойлгодог. Гэтэл хогоо хаясан тэр л газраар өөрсдөө явдаг, хүүхдүүд нь тоглодог шүү дээ. Тиймдээ ч хотын соёлыг бий болгохын тулд иргэдийн оролцоог хангах нь чухал байгаа юм. Үүнд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо тун чухал. Хүмүүсийг зөв дадалтай, эерэг хандлагатай байлгаж чадвал аяндаа бие биедээ зарчмын шаардлага тавьдаг, буруу зөвийг нь хэлдэг болно. Үүний эцсийн зорилго нь яриад, хүсээд байдаг сайхан орчноо хамтдаа бий болгох явдал юм. Бид хотын соёл, хотын иргэний үүрэг хариуцлагын чиглэлээр ажлууд хийж, түүнийг хянаж ч байгаа. Тодруулбал, хотод одооноос эргүүлүүд ажиллаж байгаа. Хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс гадна хотын 179 хорооны 3000 гаруй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнууд, олон нийтийн цагдаагийн эрхтэй хотын эргүүлүүд ажиллаж байна. Тэднээс гадна хууль хүчний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, ажил хийх бүрэн боломжтой, хууль журмаа мэддэг ахмадуудаа олон нийтийн цагдаагаар мөн ажиллуулж байгаа юм. Нус, цэрээ хаях, энд тэнд бие засдаг байдлыг хянах юм. Тэдэнд шүгэл, цагаан хоолой өгч гаргаж байгаа. Хэн нэгэн шүлсээ хаявал араас нь шүгэлдэнэ, дахиад баригдвал нэр, зүсээр нь дуудна, араас нь хөөнө. Нээлттэй аппликэйшныг ч бий болгож байна. Хэрэв хэн нэгэн зохисгүй үйлдэл гаргавал зургийг нь аваад өнөөх аппликэйшн руугаа оруулчих нь. Түүнийг нь хүн бүхэн харна. Ингэж олон нийтийн оролцоотойгоор соёлжуулах юм. Энэ бол зөвхөн өнөөгийн халдвартай үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа ажил биш юм. Энэ бол хотын соёлыг төлөвшүүлэх урт хугацааны ажил.

-Таны хамгийн амжилттай хийж гүйцэтгэсэн ажил гэвэл юуг нэрлэх вэ. Хувьд ч тэр, төрд ч тэр?

-Хотын амьдралыг нэг жилийн дотор бүгдийг нь цэгцлэх боломж үгүй. Харин зөв голдрилд нь оруулах гээд явж байгаа зүйлүүд олон бий. Нэн тэргүүнд бүх шатанд, бүх зүйлийг ил тод байлгахыг зорьж байна. Хүн болгон урдах ажилдаа эзэн байж, хариуцлагатай хийгээд явбал юунд хүрч болохыг бид бэлээхэн харлаа. Тиймдээ ч зарчмын ямар шаардлага тавих ёстойгоо л хамгийн сайн мэдэж байна. Тэр шаардлага хотын өдөр тутмын ажлын бичигдээгүй хууль байх ёстой. Энэ бол миний хийж байгаа, чадах ёстой зүйлийн нэг гэж боддог. Алдаж, онож байгаа зүйлүүд байхыг үгүйсгэхгүй. Эцэст нь Амарсайхан нийслэлийн ажилд юуг хэвшүүлсэн бэ гэдгийг иргэд л дүгнэнэ. Юуг хийж чадаж байна вэ гэдгийг ч иргэд л дүгнэх болно. Хот бодлогоо гаргана, түүнийг хэрэгжүүлэхэд иргэд оролцоно, эцэст нь бүгдээрээ үр дүнгээ үзнэ. Хотын асуудлыг бүрэн цэгцэлнэ гэвэл хамгийн багадаа тав, 10 жилээр үргэлжилж байж үр дүнд хүрдэг. Гэхдээ тэр ажлыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдгээс маш их зүйл хамаардаг.

Categories
мэдээ нийгэм

Бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг

Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй.

Дараах зүйлсэд хүрсний дараа гараа сайтар угаахыг зөвлөж байна.

БОХИРДОЛ ИХТЭЙ ЗҮЙЛС:

• Хаалганы бариул
• Шат, урсдаг шатны бариул
• Автобусны бариул
• Лифтний товчлуур
• Зурагтын удирдлага
• Компьютерийн гар, хулгана
• Гар утас
• Мөнгөн дэвсгэрт
• Дэлгүүрийн сагс, тэрэг
• Суултуур

ГАРАА ХЭЗЭЭ УГААХ ВЭ?

• Гаднаас орж ирээд
• Хоол хийхийн өмнө
• Хоол идэхийн өмнө
• Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
• Хүүхдээ хуурайлсны дараа
• Бие зассаны дараа
• Амьтанд хүрсний дараа
• Нусаа нийсний дараа
• Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
• Бохирдох бүрт

ГАРАА ХЭРХЭН УГААХ ВЭ?

• Гараа усаар норгож, савандах
• Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
• Усаар сайтар зайлах
• Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
• Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх

Categories
мэдээ нийгэм

Тийз худалдан авсан агент руугаа холбогдохыг зөвлөлөө

COVID-19 (корона) вирусний тархалттай холбоотойгоор Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Сөүл, Пусан болон Япон улсын Токио чиглэлийн бүх нислэгүүдийн цуцлагдсан хугацааг 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаагаар сунгасан болно.

Жич: Зорчигчид Та бүхэн тийз худалдан авсан агент руугаа холбогдоно уу!

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авна уу.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй

Image result for Д.Нямхүү

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Ойрын өдрүүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа.

  • 2020 оны гуравдугаар сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй.
  • Олон улсын хуралд оролцоод ирсэн Ремакс компанийн 16 хүн гуравдугаар сарын 7-нд ажиглалтад орсон. Эхний шинжилгээгээр тэднээс коронавирус илрээгүй. Эдгээр хүнийг үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт хяналтыг хийж байна.
  • Гуравдугаар сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдлаа” гэв.