Categories
мэдээ нийгэм

Монгол “ДЕЛО” (3) II

Нэрт нийтлэлч Баабарын Монгол “Дело” (3) нийтлэл “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт хэвлэгдсэн. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.


Монгол тээхийн тагнуулын дело (хэрэг) 1939. Хорлон сүйтгэх ажиллагаа бүлэглэн үйлдсэн хэргээр олон хүнийг баривчлан буудан хороожээ. Нарийвчилсан баримт олддоггүй, 1950 онд Хилийн цэргийн архивыг устгахад алга болсон бололтой.

Ерөнхий сайдын орлогч Жамсран, Доржпүрэв нарын дело (хэрэг) 1940. Жамсранг Ерөнхий сайдын орлогчоор томилоод ердөө ганц сарын дараа гэнэт баривчлан тагнуулын хэрэг тулгаж буудан хороожээ. Энэ делогийн учир олддоггүй, баримт бичиг үлдээгүй, 1950 онд хилийн цэргийн архив устгахад алга болсон бололтой.

Эрүү шүүлт тулгах тухай дело (хэрэг) 1941. Хэдийгээр баривчлагсдыг хүний санаанд оромгүй аймшигтайгаар тамлан хэрэг хүлээлгэдэг практик Монголд гүн нэвтэрсэн, энгийн үйлдэл болсон байсан авч үүнийг зөвшөөрсөн хууль журам байгаагүй юм. Үүнийг нууц тогтоолын дагуу зөвшөөрч албажуулсан бичиг баримтыг 1941 онд үйлдэн хүчний байгууллагуудад тараасан байна. Эрүү шүүлт тулгахыг зөвшөөрсөн актад Чойбалсан, Цэдэнбал нар гарын үсэг зуржээ.

Баасанжавын болон Сэнгэдорж, Пунцагдорж нарын дело (хэрэг) 1940. Намын Х их хурлын өмнө намын цэвэрлэгээ явагдав. Намын их хурлын өмнө Баасанжавыг баривчлан алахыг Зөвлөлтийн Дотоод хэргийн сайд Берия өөрийн амаар Чойбалсанд даалгасан байдаг. Монголд нам талаасаа ганц үлдсэн том дарга нь Баасанжав байсан юм. Баасанжав болон түүний бүлэг гэгдэх хүмүүсийг баривчлан тамлан зовоосны эцэст тэрээр цус алдан үхжээ. Биечлэн хороосон хүн нь Дотоод яамны сайд Жамбалдорж.

“Ноос алт” дагасан дело (хэрэг) 1940-1941. Сталинаас Монгол Улсын хүч хүрэхээргүй их хэмжээний ноос СССР-т нийлүүлэх үүрэг өгчээ. Ингээд “ноос алт” гэсэн хөдөлгөөн өрнүүлж малчдаас яагаад ч дийлэхээргүй их ноос шаардаж төлөвлөгөө норм тасалбал намын бодлогыг эсэргүүцсэн хэмээн шорон гяндангаар айлгалаа. Хонин толгой тутамд 1 кг ноос улсад тушаах хууль 1941 онд гарснаар малчид дээлнийхээ дотрыг хайчилж, эсгийгээ эргэж задлан тушааж байсан ч хэдэн зуун хүн улсын төлөвлөгөө тасалсан хэргээр шоронгийн ял авсан.

“Харилцаа” хэмээх сүлжээний дело (хэрэг) 1942. 1942 онд 11 малчныг баривчилж Японы тагнуулын “Харилцаа” хэмээх сүлжээнд холбоотой байсан гэж яллажээ.

“Урвагч” хэмээх сүлжээний дело (хэрэг). 1943. Японы тагнуулын сүлжээнд хамаарч байсан хэмээн 1943 онд Сүхбаатар аймгийн хил орчмын энгийн ардууд, малчдыг олноор нь баривчлан эрүү шүүлт тулгажээ. Нэлээд нь эрүү шүүлт даалгүй шоронд үхсэн байна.

Мэргэн жаалын дело (хэрэг) 1943. Хэнтий аймгийн Биндэр суманд Хүүхэн хутагтын хойд дүрээр Ламаадан хэмээх бяцхан хүүг тодруулжээ. Жаал хүү Цэдэнбалын тухай муу зүйл төлөглөсөн бололтой. Ламаадангийн багш Норовыг баривчилж буудан алав. Хүүг бас баривчлан Улаанбаатарт авчирав. Хүүгийнхээ араас ирсэн малчин ард Гомбо, эх Янжмаа нарыг шүүхийн тогтоолгүй буудан хороов. Хүүг Дотоод яамны ажилтан Болд өрөөндөө буудан алсан гэх.

Өвөр монголчуудын дело (хэрэг) 1945. Дэлхийн II дайны дараа Монгол Улсад дүрвэн ирсэн 500 орчим барга голдуу өвөр монголчуудыг тагнуул хэмээн шийтгэв.

Өмчийн эсрэг дело (хэрэг) 1947. Улс олон нийтийн өмчийг хамгаалах тухай “Жамбалдоржийн хар хууль” гэж нэрлэгдсэн хууль гарчээ. Улсын өмч тун өчүүхнээр дутаасан, тэр байтугай хардагдсан гүтгэгдсэн байсан ч олон жилээр хорих, цаашилбал цаазаар авах ёстой аж. Энэ хуулийн дагуу огт гэмгүй 342 хүнд маш хүнд ял тулгаж нэлээдийг нь цаазаар авчээ.

Баяр, Лувсангийн дело (хэрэг) 1950. Улсын бага хурлын нарийн бичгийн дарга Баярыг улсын өмч болох гэрийн гадуур бүрээс дутаасан хэргээр баривчлав. Шоронд нас барсан. Ерөнхий сайдын орлогч Лувсан хивс хулгайлсан хэрэгт орсон тул хоёуланг нь хатуу шийтгэхийг Чойбалсан тушаажээ. Гэвч Цэдэнбалын хүсэлтээр Лувсанг тушаал бууруулав.

Порт-Артурын тагнуулын дело (хэрэг) 1948. Чойбалсангийн амь насанд халдахаар завдсан хэмээх хэрэгт 1948 онд 100 гаруй хүнийг баривчилж 40 гаруйг нь буудан хороожээ. Хэргийг санаачлагч нь Цэдэнбал.

Дэмчигдонровын дело (хэрэг) 1950 он. Өвөр Монголын удирдагч Дэмчигдонровыг 1949 онд Монголд урьжээ. Ирэхгүй болохоор нь Улаанбаатарт суудаг хүүгээр нь захидал бичүүлж батламжлуулсан аж. Ирснээс нь хойш тун удалгүй 1950 оны хоёрдугаар сарын 27-нд цэрэг-улс төрийн хүнд гэмт хэрэгтэн хэмээн баривчлав. Япон, Америк, Гоминдааны тагнуул гэсэн ял тулгав. Минжааны жанжин штабын дарга асан Буяндэлгэр, генерал асан Линши нарын хамтаар мөн оны 10 дугаар сард саяхан коммунист болсон Хятадад хүлээлгэж өгөв. Хүү Дугарсүрэнг тагнуулын хэрэгт гүтгэн буудан хороов. Эхнэр, нялх хүүхдүүдийг нь хөдөө цөллөө.

Малын тоог 200 сая хүргэх төлөвлөгөөг дагасан дело (хэрэг). Сталинаас Монголын малын тоог 200 саяд хүргэх санал тавьжээ. Ингээд богино хугацаанд малын тоо толгойг 200 саяд хүргэхийн тулд малчдын эм малыг нэг бүрчлэн бүртгээд хойтон жил төллөсний дараа хоёр дахин тоо нь нэмэгдэхээр тооцоолон зарлигдав. Энэ хий тооноосоо мах ноос ноолуурын татвар тооцно. Эндээс “ялтай мал” гэсэн нэршил гарч малтай ардууд түүнээсээ салахын түүс болон ядуу хүмүүст үнэ төлбөргүй өгөх гэж ятгах болов. Цаадуул нь ч нэгэнт малтай болбол өсөн нэмэгдэх татварын өрөнд орох учир авахаас татгалзана. Малын татвар төлөөгүй хэргээр олон зуун ардууд хэсэгтээ шорон дүүргэжээ. Хичнээн хүн ял сонсож шоронд орсон тоо бүртгэл олддоггүй.

Хэлмэгдлийг тогтоох дело (хэрэг) 1957. Зөвлөлтийн коммунист намын ХХ их хурлаар Сталины их хядлагын асуудлыг авч хэлэлцээд тухайн үеийн удирдлагыг буруутгав. Даруй Монголын хувьсгалт намын бүгд хурал хуралдаж Чойбалсангийн үеийн их хядлагыг буруушаав. Хурлаас лам, язгууртан, феодал нарыг хядсан нь ангийн тэмцэл, намаас зайлшгүй авах ёстой байсан зөв арга хэмжээ гэж үзээд сайшаахын зэрэгцээ 1937-38 онд болсон энэхүү хядлагын үеэр зарим нам төрийн ажилтан хажуугаар нь хэлмэгдсэнийг хүлээн зөвшөөрч тэднээс заримыг нь цагаатгав.

Нам төрийн 1200 орчим хүнийг алах ёсгүй байсан боловч тэд хувьсгалын их шуурганд хэлмэгдсэн гэж дүгнээд эндээс “хэлмэгдэл” гэсэн шинэ үг ойлголт буй болжээ. Харин лам ноёд, язгууртан нар алагдах ёстой байсан учир энэ нь хэлмэгдэл биш зүй ёсны арга хэмжээ гэж үзсэн юм.

Сэхээтний төөрөгдөл дело (хэрэг) 1956-57. Зөвлөлтийн коммунист намын ХХ их хурлын дараа Хятадын сэхээтнүүд социализм байгуулалтын явцад гарч буй дутагдлыг шүүмжлэх болов. Тэгэнгүүт Мао Зэдун “цэцэг болгон дэлгэрэг” хэмээх кампанит ажил зохион сэхээтнүүдийг чөлөөтэй үгээ илэрхийлэн ажлын дутгадлаа хамтаар хэлэлцье хэмээн уриалжээ. Ингэж хуураад ил гарч ирсэн сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн юм. Энэ арга хэмээг шууд дууриан МАХНамаас Монголын сэхээтнүүдийг чөлөөтэй шүүмжлэлд уриалав. Хэсэг хугацааны дараа элдэв шүүмжлэл хэлсэн хүмүүсийг бүртгэж авсны дагуу “Сэхээтний төөрөгдөл” хэмээх кампанит ажил зохион сэхээтний цэвэрлэгээ явуулж асар олон хүнийг ажил төрөлгүй болгож, намаас арга хэмжээ авав. Намын шийтгэл, намаас хөөх зэрэг нь тухайн хүнийг нийгмээс тусгаарлаж, ганцаардуулан ялгаварлах жишигтэй байжээ.

Дамбын дело (хэрэг) 1958. Намын дарга Дамба нь ХХ их хурлын дараа Сайд нарын зөвлөлийн дарга Цэдэнбалыг хэлмэгдүүлэлд оролцож байсан асуудлаар ихэд шүүмжилжээ. Цэдэнбал хариу арга хэмжээ аван түүнийг өөрийг нь Баасанжавыг алахад оролцсон гэж гүтгээд хэрэг нээн мөрдүүлэв. Гэвч Дамба буруугүй болох нь батлагдсан учир хэргийг хаажээ.

Шилэн нүдэн Дамдингийн дело (хэрэг) 1958. Хорлоогийн Дамдин нь Барилга трестийн кассаас 22 мянга 219 төгрөг хулгайлаад баригдан 1958 онд цаазлуулжээ. Хэдийгээр тэрээр гэмт хэрэгтэн мөн боловч гол нь түүнийг бусдад сургамж болгох зорилгоор ингэж шийтгэсэн.

Хоцрогдсон удирдлагын дело (хэрэг) 1959. Зөвлөлтөд “намын эсрэг бүлэглэл” гэгчийг илрүүлж намын дарга Хрущёв Сайд нарын зөвлөлийн дарга болсноор бүх эрхийг гартаа авлаа. Тухайн үед намын дарга байсан Дамбын албан тушаалыг Цэдэнбал авахаар шийдэн намын бүгд хурлаар Дамба, Сүрэнжав, Ламчин нарыг “хоцрогдсон” гэдэг шалтгаанаар удирдлагаас зайлуулж доод тушаалын албанд шилжүүлэв.

Чонон Борисын дело (хэрэг) 1960. Ойдовын Борисыг халаасны хулгай, танхайрсан, хутга хэрэглэн бусдыг айлгасан сүрдүүлсэн, зодсон хэргээр баривчлан цаазаар авчээ. Үүнийг бусдад сургамж болгох зорилгоор ингэж шийтгэсэн байна. Борис цаазлуулахдаа насанд хүрээгүй, 17-той байсан гэдэг.

Махны бүлгийн дело (хэрэг) 1964. Жолооч, нярав, худалдагч нарын долоон хүн нийлж Мах комбинатаас дэлгүүрт очих махны жинг өөрчлөн залилангийн аргаар мөнгө шамшигдуулсан нь баригдав. Нийтдээ 20 мянга орчим төгрөгийн шамшигдуулал үйлдсэн тэднийг бусдад сургамж болгох үүднээс гуравт нь цаазын ял оноож, үлдсэн дөрөвт нь 25 жил хорих ял оноосон байна. Анхны гэгдэх энэ бүлэглэсэн хэргийг бусдад сургамж болгон мэдээллийн хэрэгслээр өргөнөөр зарлан сурталчилсан.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртэлх түүхийг дараагийн дугааруудад хэлхье.

2020.3.22

Categories
мэдээ нийгэм

Шивээ хүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ

Өнөө өглөөнөөс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээ хүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ. Манай улс энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж “COVID-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хоёр сар зогсоогоод байсан нүүрсний экспортыг эхлүүлсэн юм.

Хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч нар, зохицуулагч оператор, диспитчерүүд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баяр: Миний гэх хэрэгт нууц юм байхгүй

Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.


-Улсын Ерөнхий прокурорт хандаж та нээлттэй захидал бичлээ. “Ил захидал” илгээх таны гэнэтийн шийдвэрийг юу гэж ойлгох вэ. Та аргаа барж, эцэстээ тулж байна уу, эсвэл тэмцлээ дөнгөж эхэлж байгаа нь энэ үү?

-Заавал энэ хоёр туйлын нэг нь байх ёстой юу. Амьд хүн байна даа, аргаа бүр бартал ч зай байх байлгүй. Тэмцлээ эхлэв үү гэж асууж байна уу. Би захиандаа хатуу хөтүү үг оруулж, хараал ерөөл тавиагүй. Бодит үнэнийг л товч, тодорхой дуулгах гэж оролдсон. Прокурортой тэмцэх биш, хуулийн дагуу хийх ёстой ажлынх нь талаар сануулж, санал бодлоо илэрхийлж хандсан.

-Ингэж хандсаны үр дүн гарна гэж та бодож байна уу?

-Бодох юу байх вэ, үр дүн гарсан. Миний асуудалд огт хамаагүй, хөндлөнгийн хүнд би хандаагүй. Тэр асуудалд хяналт тавих эрх, үүрэг бүхий Улсын Ерөнхий прокурорт хандсан.

Ор үндэсгүй худлаа юм бичиж, удирдаж байгаа тэр байгууллагыг нь гүтгэсэн бол тэр маань няцаагдаж би шившиг болох байв. Ор үндэстэй юм бичсэн учраас үр дүн нь гарсан. Захиа илгээснээс хойш хэд хоноод прокурорын байгууллагын удирдлага намайг хүлээж авч уулзсан. Санаа бодлыг маань асуусан, би хэлье гэснээ хэлсэн. Одоохондоо ийм л байна. Алсдаа яахыг нь харж л сууя.

-Таныг эрүүгийн гэмт хэрэг хийсэн гэж ялласан прокурорын тогтоолоо өөрчилсөн, заримыг хэрэгсэхгүй болгож, заримыг нь үлдээсэн гэсэн. Яг юу нь хэрэгсэхгүй болж, юу нь үлдсэн юм бэ?

-Товчхон хэлэхэд, намайг цагдан хорихдоо “гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор нэгдсэн гэмт бүлэг байгуулсан, элссэн… галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан” гэсэн агуулгатай зүйл ангиар ял тулгасан.

-Тийм, та энэ тухай захиандаа бичсэн байсан ч ойлгогдохгүй юм бас байна. Энэ ямар учиртай зүйл анги юм бэ. Яагаад Оюу толгойн гэрээ, Америкт байгаа долоон хаус гэж байснаа гэнэт галт зэвсэг болоод явчихав?

-Инээдтэй ч, гунигтай ч гэмээр. Энэ зүйл анги бол кинонд гардаг “мафи” гэж байдаг даа, тэрний тухай учраас галт зэвсэг энэ тэр гэж дагалдаад ордог биз.

Арван хоёр жилийн ялтай онц ноцтой гэмт хэрэг. Ийм хүнд ял тулгасан хэрнээ энэ талаараа надаас юу ч асуугаагүй. Тэр “мафийг” хэн байгуулсан, хэн хэн элссэн, ямар ашиг олж, түүнийгээ яаж хуваарилж байсан гэх мэт юм асуумаар даа. Тийм юм огт байгаагүй. Намайг цагдан хорьж 461-д суулгах, сүрийг бадрааж олон нийтийг цочроох үүднээс л ийм ял оноосон бололтой. Гэхдээ энэ ялаа одоо тулгахаа больсон.

-Одоо тэгээд таныг яг юунд буруутгаж байгаа вэ?

-Оюу толгойн гэрээтэй холбон “мафи” байгуулсан гэж тулгасан, гол ял нь бүтэхгүй болмогц “наалтуур” хэрэг гаргаж ирж байгаа санаатай. Тэр “наалтуурынх” нь утга нь, намайг Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Оюу толгой компанид их хэмжээний бензин шатахуун “шахсан”, тэндээсээ хууль бус орлого олсон, тэр мөнгөө угааж Америкт олон байр сав авсан гэх гэмт хэрэгт буруутгаж байгаа. Арай л гэмээр… Яагаад гэвэл, энэ нь хавтаст хэрэгт маань бэлхнээ байгаа олон баримтаар бүрэн няцаагдаж байгаа ял. Ухаандаа би бүр Оюу толгойн гэрээ сураггүй байх үеэс, Ерөнхий сайд болохоосоо хэдэн жилийн өмнө авлига аваад, Америкт байр савтай болоод, мөнгө угаагаад эхэлсэн гэх агуулгатай ял. Би захиандаа энэ талаар тодорхой бичсэн дээ уг нь.

-Та захиандаа миний гэх асуудал эхнээсээ л эрх зүйн гэхээсээ, улс төрийн өнгө аястай асуудал байсан гээд хэд хэдэн жишээ дурдсан. Мөн “Хэрэг явдлын гол зорилго нь үнэнд хүрэх биш, харин ч үнэнээс төөрүүлэх санаархал байсан юм биш биз гэх бодол төрсөөр удлаа” гэж бичсэн байсан. Энэ санаагаа арай дэлгэрүүлээд тайлбарлаад өгөөч. Таныхаар бол үнэн нь яг юу юм?

-Би сая хэлсэн. Намайг бүр эхнээсээ л ямар нэгэн аргаар Оюу толгойн гэрээтэй хамт буруутгах гэж оролдсоор ирсэн. Нэг арга нь мухардахаар өөр аргаар Оюу толгойтой заавал холбож яллах гээд л. Намайг гэхээсээ Оюу толгойн төслийг яаж ийж байгаад харлуулах гээд. Оюу толгойн төсөл гэдэг маань юу билээ. Дотоод, гадаадын олон субьектийн улс төр, эдийн засгийн эрх ашгийг хөндсөн, одоо ч хөндсөөр байгаа мега-төсөл юм. Оюу толгойн төсөл зөв буруу гээд улстөржсөн хэрүүл маргаан бид олон жил хийв. Асуудлыг сайн мэдэхгүйн улмаас маргасан, мэдэн будилж хэрүүл өдсөн юм бий. Гэхдээ энэ бол дотоодод өрнөсөн үйл явц. Гадаад талаас нь харвал Оюу толгойн төсөл манай улсын геополитик болон геоэкономик байдлыг бүхэлд нь өөрчилсөн. Монгол Улс “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” арай биш болсон. Гуравдахь хөршийн бодлого бодитоор хэрэгжиж улсынхаа аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар хангах нэг чухал хөшүүрэг нэмэгдсэн. Үнэн яг юу юм гэж чи асуулаа. Уянгын халилгүй хэлэх үнэн бол энэ л юм. Тэгээд бод л доо.

-Та ил захидалдаа “хэргийг шалгах хугацаанд АТГ, прокурорын байгууллагад хандаж нийтдээ 14 удаагийн хүсэлт, гомдол гаргасан” гэсэн байсан. Тэгж олон удаа хандаад байх ямар учир шалтгаан байсан юм бэ?

-Учир шалтгаан байсан учраас л хандсан. Ихэнх нь мөрдөн шалгах ажиллагааны явцтай холбоотой. Тэр бүхнийг ярина гэвэл урт удаан юм болно. Ганц жишээ хэлье. Манай Засгийн газрын 2009 онд үзэглэсэн Оюу толгойн гэрээг “Хууль тогтоомж зөрчсөн, улсад хохирол учруулсан” гэж шинжээчдийн нэг баг дүгнэсэн юм билээ. Хавтаст хэрэгт байсан тэр дүгнэлт нь яагаад ч юм гадуур тарж, зарим улстөрч үүн дээр нь яаран дөрөөлж “тоглолт” хийх гэж оролдон, оргүй юман дээр “халтирч” шараа болж байсныг санаж байгаа биз дээ. Учир нь, нэр бүхий таван хүнээс бүрдсэн “шинжээчдийн” гэх энэ баг ийм дүгнэлт хийхдээ илэрхий олон алдаа гаргаж, эрх мэдлээ арай дэндүү хэтрүүлсэн байсан.

-Яаж хэтрүүлсэн гэж?

-Жишээ нь, Засгийн газрын байгуулсан гэрээ мэт баримтын талаар албан ёсны дүгнэлт гаргахдаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг ягштал баримтлах ёстой. Гэтэл тэр “шинжээчид” хуулиа баримтлах биш, хүчин төгөлдөр хуулийн заалтыг үгүйсгэн буруутгах, бүр цаашлаад хуулийн тодорхой зүйл, заалтад үг үсэг нэмэх хасах байдлаар “дураараа аашилсан” байдаг. Эсвэл Оюу толгойн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр болоогүй байсан зүйл, заалтыг эш үндэс болгон Засгийн газрыг буруутгаж ч байх шиг. Харамсалтай нь иймэрхүү бүдүүлэг алдаа цөөнгүй гаргасан байсан.

-Тэгээд яасан бэ?

-Дээрх олон алдааг нь тэмдэглэн заагаад АТГ болон прокурорын байгууллагад санал хүсэлтээ бид хүргүүлсэн. Тэр хүсэлтэндээ Оюу толгойн гэрээний талаар аль нэгэн хүн, хүчин, байгууллагын явцуу эрх ашиг тусгаагүй дүгнэлт шинээр гаргуулах шаардлагатайг дурдсан. Аль эсвэл хуулинд заасны дагуу дээрх “шинжээч” нараас гаргасан дүгнэлтийнх нь талаар албан ёсны тайлбар, тодруулга авах санал тавьсан.

-Таны саналыг прокурор тэгээд хүлээн аваагүй юм уу?

-Зөвхөн тэр саналыг ч биш, өөр бусад олон санал, хүсэлт, гомдлыг маань хүлээж аваагүй учраас би дээд шатны удирдлага нь болох Ерөнхий прокурорт хандсан санаатай. Дашрамд хэлэхэд, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахдаа нийт дөрвөн баг шинжээч томилоод Оюу толгойн гэрээний талаар дүгнэлт гаргуулсан юм билээ. Би хэргийн материалтай танилцаж байхдаа энэ талаар мэдсэн. Дээрх “шинжээчдийг” эс тооцвол бусад гурван баг шинжээчид нь Оюу толгойн гэрээний талаар “хууль зөрчсөн, улсад хохирол учруулсан” гэх ямар нэгэн сөрөг дүгнэлт гаргаагүй байсан. Гэтэл тэр гурван дүгнэлтийг нь ор тас орхиод, буруутгасан ганцыг нь эш үндэс болгоод, яллаад байлаа. Энэ нь яллагдагч болсон мань мэтэд ч, улсад ч хохиролтой.

-Таны тухайд бол ойлгомжтой, харин улс яаж хохирно гэж?

-“Шинжээчдийн” буруу ташаа дүгнэлтийг эш үндэс болговол прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэр ч буруу ташаа гарна. Тэгвэл Оюу толгойн гэрээг үзэглэсэн Засгийн газрын тэргүүн миний бие болон энэ гэрээний төслийг боловсруулж, гарын үсэг зурсан Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт ч гэлээ хилс хэргээр яллагдан хохирно. Цаашилбал, үүнтэй харьцуулшгүй илүү том хохирол гарч мэдэх юм. Учир нь дээрх “шинжээчдийн” дүгнэлтийг эш үндэс болгосон шүүхийн шийдвэр гарвал хөрөнгө оруулагч тал их хэмжээний татвар цаашдаа дутуу төлөөд явах эрх зүйн буруу үндэс бий болно. Яагаад гэвэл, шүүхийн шийдвэр бол эрх зүйн болон аж ахуйн аливаа хэрэг, маргааныг эцэслэсэн эрх зүйн баримт юм. (Энэ талаар Сангийн сайд асан С.Баярцогтын эмхэтгэн гаргасан товхимолд дэлгэрэнгүй дурдсан байгаа). Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх үр ашиг үлэмж буурч болзошгүй учраас АТГ болон прокурорын байгууллага, ҮАБЗ-д энэ талаар бид сануулсан. Тэд үүнийг анхааралдаа авсан биз гэж найдаж байна.

-Сонин цаг үе юм. Монгол Улсын хэд хэдэн Ерөнхий сайд нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, мөрдөнд суулгаад, одоо хэргийг нь шүүхэд шилжүүлж байна. Ийм цаг үе манай түүхэнд байсан уу. 1930-аад онд олон Ерөнхий сайд, том дарга, сайд нарын толгойг залгисан хэлмэгдүүлэлтийг санагдуулж байна гэж зарим хүн ярьж байна. Таны бодол юу вэ?

-Арай ч ийм хүнд ноцтой харьцуулалт, дүгнэлт хиймгүй байна. Ямар ч байсан яг одоо нэгд, асуудал дөнгөж одоо л Шүүхийн шатанд очиж байгаа учраас шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна. Хоёрт, цаг үе, орчин нөхцөл нь огт өөр болсон. Бид Коминтерний үеийн хаалттай Монголд биш, чөлөөт ардчилсан, нээлттэй Монголд аж төрж байна. Гуравт, 1930-аад онд хэлмэгдсэн нь манайх ч, хэлмэгдүүлсэн тал нь гадных байв. Одоо гадны ил тийм хүч алга байх шиг.

-Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрт нь үүсгэсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой бүх зүйлээ нээлттэй байлгана гэж хэлсэн. Өөрийг нь мөрдөн шалгасан байцаагч, хяналт тавьсан прокурор, шүүсэн шүүгч гээд бүх хүмүүсийг нэртэй устай нь ил гаргаж, нийтлэлээ олны хүртээл болгоно гэсэн. Та ч гэсэн тэгнэ биз дээ. Энэ нь таны хамгаалалт болох юм биш үү?

-Миний гэх “хэрэгт” нууц юм байхгүй. Бүх зүйл ил тодорхой. Энэ асуудлын явц, үр дүн, шүүхийн шийдвэр гээд тэртэй тэргүй л олны хүртээл болох биз. Яагаад гэвэл, миний, бидний гэх энэ “хэрэг” хэд хэдэн онцлогтой. Нэгд, энэ нь“Оюу толгой” гэх энэ зууны том төсөл, сэдэвтэй холбоотой. Тийм учраас олны анхаарлын төвд олон жил байсаар ирсэн, цаашдаа ч тийм байна. Хоёрт, хэрэг хуучирдаггүй гэдэг. Энэ бол улсын Ерөнхий сайд байсан хүнийг яллаж байгаа хэрэг учраас олны анхаарал хандаастай л байна. Жишээ нь, би гэм буруутай хэрнээ ямар нэгэн аргаар ял завшсан байх, эсвэл гэм буруугүй хэрнээ хилс хэргээр ял авсан байх аль ч тохиолдолд энэ нь алсын үр дагавартай юм болно. Хэргийг шийдсэн, хэргээ шийдүүлсэн гэх хоёр талд хоёуланд нь. Тэгээд ч би хэдэн жил гүтгүүлэн доромжлуулж, эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч, одоо шүүгдэгч болж байгаагийнхаа хувьд ёроолд нь тултал сайн шалгуулж аваад энэ асуудлаа дуусгана гэсэн бодолтой яваа. Ийм байна. Одоо энэ асуудлаар өөр юм яримааргүй байна. Байдлыг харзная.

-За тэгвэл сэдвээ өөрчилье. Сонгууль ойртоод улс төрийн нам, эвслүүд цалинг гурав, таван сая болгох, зээлийн хүүг нэг хувь болгох, орон сууцтай болгоно гэсэн амлалт хэлсэн. Улс төрийн хүчнүүдийн өгч байгаа амлалтууд нь эдийн засгийг савлуулах, сонгуулийн саналыг худалдаж авах арга гэж үзэж байгаа хэсэг байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Сонгууль, сонгуулийн амлалтын тухай би телевизийн мэдээ, түйтэрийн жиргээний хэмжээнд л мэдээлэлтэй байгаа. Тэгэхдээ ерөнхий нэг сэтгэгдэл үлдсэн. Том жижиг гэлтгүй бүх л нам корона-вирусгүй орчинд амьдарч байгаа юм шиг, энэ цар тахал нь бидний болон дэлхийн өнөөдөр, маргаашд урьд өмнө байгаагүй сөрөг нөлөө үзүүлэхгүй юм шиг загнажээ гэж санасан. Гэхдээ нөгөө талаас нь бодвол, сонгууль дөхөж байхад зөвхөн Ко-вирусийн “кризис менежмэнт” л яриад байх нь хаашаа юм. Сонгууль л юм хойно нэг юм амлахаас өөр аргагүй байгаа биз. Тэр нь хэр бодитой, эдийн засгийн үндэстэй вэ гэдэг л байна. Үндэсний аудитын газар хянаж байгаа биз.

-Тантай санал нэг байна. Коронавирусээс шалтгаалж дэлхийн болон манай улсын эдийн засаг хүнд байдалд орж, даруй арга хэмжээ авах шаардлагатай талаар улстөрчид, эдийн засагчид яриад, маргаад эхэллээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд нэн тэргүүнд төрөөс тодорхой ямар арга хэмжээ авах ёстой вэ. Та тодорхой санал хэлээч…

-Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг онцлох уу, улсынхаа эдийн засгийн аюулгүй байдал, ирээдүйг онцлох уу гэж нийгмийн сүлжээнд маргаад байх шиг. Миний бодлоор бол “алийг нь вэ” гэх сонголт байхгүй. Аль алиныг нь адил харж хандах ёстой. Дэлхийн улс орнуудыг харж байхад “Цар тахлын сан” байгуулаад ДНБ-нийхээ 25 хувь хүртэлх мөнгө тэндээ хуримтлуулаад эхлэв. Манай нөхцөлд энэ нь дор хаяж 5-6 их наяд төгрөг гэсэн үг. Энэ их мөнгийг хаанаас гаргах, олох юм. Зардлаа байдгаар нь танах, хаанаас ч хамаагүй мөнгө босгох хэрэгтэй болж байна. Гэхдээ миний энэ үг бол ерөнхий л яриа. Яг яах ёстой гэдгийг би тодорхой хэлж мэдэхгүй. Тодорхой санал хэлэхийн тулд тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Надад тэр нь алга. Ерөнхий юм яриад яах юм. Шийдвэр гаргагчдад ерөнхий зөвлөгөө шиг хэрэггүй юм байдаггүй.

-Манай төр засаг корона-вирусийн эсрэг авч байгаа арга хэмжээг та хангалттай гэж үзэж байна уу?

-ҮАБЗ, Засгийн газар, Улсын онцгой комисс, ЭМЯ, ОБЕГ, ЦЕГ гээд олон байгууллага, олон хүн хоёр сар гаруй хар чадлаараа л зүтгэж байна. Тэрний үр дүн ч гарч байна. Галт уулын яг бэлд нь байгаа айл гэхэд бид одоохондоо харьцангуй гайгүй л явна. Аливааг харьцуулж байж дүгнэдэг. ДЭМБ хүртэл манай төр засгийг онцлоод, дэлхийгээр нэг магтаад байсан. Гэтэл хашир туршлагатай, бэл бэнчинтэй гэх АНУ, Европын зарим орон эхнээсээ цаг алдаж, одоо тун ч хэцүүхэн байх шиг. Саяхнаас л сандарцгааж “Дэлхийн II дайнаас хойш үзээгүй том гамшиг нүүрлэв” гэх том мэдэгдэл хийгээд л, хөл хатуу хорих, хилээ таг хаах арга хэмжээ авлаа. Хөрш зэргэлдээ ОХУ-д л гэхэд сарын дараа болох ёстой байсан бүх нийтийн санал асуулгаа хойшлуулж, эдийн засгаа, иргэдийнхээ орлогыг хамгаалах онцгой арга хэмжээ аваад эхэллээ.

-Коронавирусээс болж сонгууль хойшлох болов уу. Энэ үеийн улс төрийн сонгуулийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Сонгууль хойшлох эсэхийг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Цар тахлын өрнөл тархалт, хүн амд учирч болзошгүй эрсдэлээс л бүх юм хамаарна. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу хийгдэх ёстой. Эмч мэргэжилтнүүд саналаа хэлж, төр засаг онц байдал тогтоох эсэх шийдвэрээ гаргаж байж л сонгууль хойшилно. Сонгууль хойшлох нь хүсээд байх юм биш. Үндсэн хууль болон бусад олон хуулийн зохицуулалт гацна гэсэн үг. Гэхдээ цар тахлын аюул одоогийн Итали, Испанийн хэмжээнд хүрвэл “тахлын үед найрлах” гэдэг шиг юун сонгууль монгууль манатай болно. Нөгөөтэйгүүр, хүссэн ч, эс хүссэн ч аль ч сонгууль талцал дагуулдаг. Цар тахлын аюул бүр нөмрөөд ирвэл тийм талцал шиг хэрэггүй юм байхгүй. Бид нийтээрээ, нэгдсэн хүчээрээ л тэр аюулыг давж чадна.

-Та олон сонгуульд оролцож, халуун тогоонд нь ажиллаж явсан хүн. Сонгууль хойшиллоо гэхэд улс төрийн аль хүчинд ашигтай байх вэ. Танд нэг багцаа байгаа байх…

-Мэдэхгүй. Хийх ёстой ажлаа хийсэн гэж сонгогчид үзвэл эрх баригчдад ашигтай л буух байх. Ажлаа хийж чадаагүй гэж үзвэл ашиггүй. Сонгууль хойшилсон нөхцөлд бүх юм өөр болно. Төр засаг сайн муу ажилласан гэж дүгнэхдээ сүүлийн дөрвөн жил гэхээсээ, сүүлийн дөрвөн сарыг л онцгойлон үзэх биз. Сөрөг хүчнийг ч мөн адил. Зөв зүйтэй чигт зүтгэв үү, эсвэл цар тахал далимдуулж улстөржив үү гэдгээр нь л дүгнэх байх. Нийгмийн хандлага, сэтгэлгээ нь эгзэгтэй ийм үед үлэмж хувирамтгай байдгийг хүний, өөрийн жишээн дээрээс харж болно. Тэгээд ч Монголын сонгогчид нэг сонин онцлогтой. Олон сонгуулиар энэ нь ажиглагдсан. Урсгал мэдээллээс дэндүү хол, улс төр сонирхоогүй мэт явж байснаа, яг сонгуулиа өгөхдөө торгон мэдрэмжтэй, хоорондоо тохирчихсон мэт нэгдмэл нэгэн хандлага гаргадаг тийм онцлогтой. Тиймээс наана нь хий хоосон “Вангаадаад” нэмэргүй юм билээ.

-Эцэст нь ганцхан асуулт асууя. Та долдугаар сарын 1-ний тухай ном бичиж байгаа. Энэ ном хэзээ гарах бол. Аль нэг хэсгээс сонирхуулж болох уу?

-Номоо бол бичээд ерөнхийдөө дууссан. Гэхдээ түүхэн баримтат ном учраас албан ёсны тоо, баримт, оролцогч, гэрч нарын үнэн бодит сэтгэгдэл дурсамж дээр тулгуурласан байх ёстой. Гэтэл эдгээр баримтын зарим нь нууцын зэрэгтэй. Нууцаас нь гаргах талаар ярьсан, хөөцөлдсөн ч бүтэмж муутай л байна. Тэрнийг нь хасаад гаргана гэхээр “Бүрэн зураглал” биш болно. Учраа олохгүй л сууж байна. Би энэ номыг бичихдээ өөрийгөө зөвтгөж, өрөөлийг буруутгах зорилго огт тавиагүй. Тэр өдөр яг юу болсон, хэн хэн юу хийсэн, төр засаг, улс төрийн нам хөдөлгөөн, хууль хүчнийхэн, сэтгүүлч сурвалжлагч нар, үймээнд оролцсон иргэд гээд тэр олон хүн чухам яасан гэдгийг баримтаар тусган харуулах гэсэн юм. Ингэсний үр дүнд “7 сарын 1” шиг ийм юм дахин гаргахгүй байх, гай болж дахин гарлаа гэхэд хаа хаанаа ойлголт мэдээлэлтэй, сургамж авсан байдалтай байлгахаар бодсон санаатай.

-Танаас өөр хэдэн асуулт асууя гэж бодож ирсэн боловч та олон сэдвийг хольж хутгаад хэрэггүй гэсэн. Тэр хэдэн сэдвээр тантай дараа ярилцана шүү…

-Чи надаас “стратегийн бодлого” гэж юу вэ, манайд тэр нь бий юү, гадаад орнуудад ямар байдаг вэ гэж сонирхсон. Мөн Оюу толгой, Таван толгой, ураны төсөл зэрэг асуудал шийдэх гэж байх үеийн гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдлын онцлог, энэ үед миний бодож байсан бодол, олсон ололт, гаргасан алдаа юу байв гээд сонирхолтой асуудлууд хөндсөн. Энэ бол тус тусдаа том сэдвүүд. Дараа жич ярилцаж болно.

Categories
мэдээ нийгэм

Теле хичээлийн шинэ хуваарь

БСШУСЯ Монголын телевизүүдийн холбоотой хамтран явуулж буй теле хичээл үргэлжилж байна. Теле хичээлийг Сургуулийн өмнөх боловсрол, ЕБ-ын 1-12 дугаар анги, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан, Насан туршийн боловсролд зориулсан /давталт/, Тусгай хэрэгцээт боловсролд зориулсан гэсэн 6 чиглэлээр хүргэж байгаа юм.

Энэ сарын 30-наас 4 дүгээр сарын 3-ныг хүртэлх теле хичээлийн хуваарийг танилцуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд, морь хоёр

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.


Намайг зургаа, долоотой байхад анх удаа айл хэсэх эрхээр шагнав. Энэ эрхийг анх удаа сумын төв орох, наадам үзэх гэхчлэнгийн гайхалтай бонус дагалджээ. Тусад орж хонь сайн хариулж байгаа явдлыг сайшаан тэмдэглэсэн хэрэг. Хэрхэн тусад орж хонь сайн хариулдаг болсон бэ гэвэл, ийм юм. Ер нь тусад орно гэдэг мал аж ахуйн өдөр тутмын ажилд өөрийн хувь нэмрээ оруулж эхлэхийг хэлдэг. Хөвгүүд хонь малд явж, охид тогоо шанага барьж, мал сааж сурснаар энэ гарааг эхлүүлнэ.

Хүүхэд эхлээд хурга хариулж сурдаг. Энэ бол гэрийнхээ ойролцоо явганаар гүйцэлдүүлж болох хөдөлмөр. Харин морь унаж сурснаар алсын бэлчээрт хонио хариулах чадвартай болно. Бараг айл болгонд “хүүхдийн морь”, “хүүхдийг унаанд сургасан морь” гэж байна. Хүүхдийн морь ихээхэн хүндтэй байдаг ба бусад төрлийн уналга эдэлгээнд бараг ашиглагдахгүй. Өөрт илүү хариуцлагатай боловч хөнгөн ачаа ногдож байгааг зөнгөөрөө мэддэг болов уу гэлтэй, ихэнх хүүхдийн морь том хүн унахаар ааш гаргах, булгих зэргээр авирладаг нь сонин.

Санасан дээрээ сонирхуулахад, монголчууд морь малаа уналга эдэлгээнд сургахдаа, зэрлэг байгальд бие даан бэлчээрлэх, өвс усаа өөрөө олоод идэх чадварыг дарангуйлахгүй гэж хичээдэг. Наад зах нь мориндоо зөвхөн зүүн талаас нь ойртож, мордож бууж сургана. Ийм учраас ихэнх морь баруун талаасаа хүн ойртуулдаггүй байх жишээний. Харин цөөн тооны морь л онцгой тайван, номхон, бүх талаасаа ойртуулдаг болж “хүмүүждэг” бөлгөө. Ардын дуунд “Буурал морь нь буруугүй номхон хө” гэж гардаг нь аль ч талаас нь очиход үргэхгүй гэсэн утгатай.

Ихэнх тохиолдолд зөнгөөрөө тайван, амгалан адууг “Хүүхдийн морь” болгон сонгож авдаг. Зориудаар хүүхдэд зориулан сургаж, номхруулж авдаггүй. Харин хүүхэд морь хоёр бие биеэ сонгож учрах талтай байдаг юм шиг санагддаг. Ихэнх морь эмээл холбирч унах, ачаа бараа унжиж чирэгдэх зэргээс үргэж тонгочдог бол хүүхдийн морь энэ бүхнийг номхноор тэвчин өнгөрөөнө.

Намайг анх хөлгийн зоонд гаргасан “Хонгор морь” байлаа. Бид хоёрын дассан түүх урт. Анхандаа би түүнийг аргамжаанаас нь тайлж авчирдаг байв. Хонгор морио унаж сурахаасаа өмнө хонгор мориноосоо унаж бэртсэн ч түүх байна. Түүнд морины буруу огт байгаагүй юм.Томчуудаар өргүүлэн хонгор мориндоо мордоод, хөтлүүлэн явдаг байхад тохиолдсон явдал л даа.

Нэг өглөө морио аргамжаанаас нь тайлан хөтөлж авчрах замдаа бие даан унаж үзмээр санагдаад болдоггүй. Ингээд хэц газар зогсоогоод, том чулуун дээр гишгэн гараад мордов. Дөнгөж мордтол морь маань газрын уруу тонгойжээ. Ингээд зайдан мориноосоо хүзүүг даган гулгаад унаж, тохойгоо мулталсан байгаа юм. Моринд явсан хүүхдээ ирэхгүй болохоор сандраад эржээ. Хонгор морь яг тэндээ зогсчихсон, би урьд өнхөрчихсөн уйлаад хэвтэж байсан гэсэн.

Харин хойтон жилээс нь хонгор мориндоо эмээл тохоод ойр зуур явж, хонь хариулах боллоо. Эмээл өөдөө авирна, авирч гараад мордоно гэж Алтайн оргилд гарахын дайны юм болох авч хонгор морь маань тэвчээртэй хүлээн зогсоно. Заримдаа, зүүн хөлөө дөрөөлсөн чигээрээ, арай мордолгүй зогсож явах зугаатай санагдана. Хожмоо, циркчид яг ингэж давхилдахыг хараад гайхаагүй билээ. Хэрвээ баруун хөлөө дөрөөлөөд мордвол эмээл дээрээ хойшоо хараад суучихдагийг та нар мэдэх үү?

Хүүхдийн морь хэмээх хөөрхий амьтны тэвчээрийг ч далимдуулна шүү дээ. Заримдаа, эмээлээсээ бууж бие засахаас залхуураад морин дээрээсээ хөнгөнөөр “морь харсан” явдал ч ганц нэг байна. Шоррхийх чимээнээр чихээ нэг хөдөлгөснөө “энэ золиг юугаа хийгээд байна? За даа, юугаа ч хийсэн ямар хамаа байна” гэх шиг хэнэггүй зогсдогсон.

Хэрвээ чонотой таарах юм бол тэгж сандрах эсэх нь эргэлзээтэй. Санасан дээрээ сонирхуулдаг зангаараа хуучлахад, унаж яваа морь чоно хараад сүйдтэй айдаггүй. Эзэн нь чоныг айлгагч гэдэгт зөнгөөрөө итгэж байх шиг санагддаг.

Монгол хүн “Чоно угаасаа хүнээс айдаг” гэсэн бат итгэлтэй хүмүүждэг. Энэ итгэл үнэмшил нь чоныг айлгах хүчин зүйл болдог байх. Өрнөдийн шашин номлогч Ж.Гильмор монгол, хятадаар аялсан тэмдэглэлдээ нэгэн сонин жишээ дурдсан байдаг. Түүний дурссанаар, Хятад тариачдын тосгон руу чоно дайрч, хүн барьсан явдал гарсан гэнэ. Тариачид талбайдаа гарч чадахаа болиод арга барагдахад нэг нь “Монгол хүн чононоос айдаггүй, тэднийг агнадаг гэнэ. Иймээс монгол хүн олж ирье” гэсэн санал гаргаж бусдаараа дэмжүүлжээ. Монгол анчин ч олдсон байна. Эхний өдөр чоныг отож суусан анчны буу баарчээ. Хятадууд, одоо ч хөөрхий чононд бариулж дээ л гэж бодсон аж. Гэтэл, анчин буугаа гацсанд огт сандарсангүй. Улмаар нуугдан зугтаахын оронд өндийж ирээд чоно руу зандран хашгирчээ.

Амьдралдаа ийм зоригтой хүн үзээгүй хятад чоно паникт орж, эргээд явжээ. Мөнөөх чоно болсон явдлыг шөнөжин эргэцүүлээд, “очиж очиж хүнээс айна гэж юу байхав” гэж бодсон уу яасан, маргааш нь эргэж ирээд нам буудуулжээ. Анчин нь буугаа засварлаж, баараггүй болгоод хоносон хэрэг.

Үүнтэй төсөөтэй явдал надад ч тохиолдож байсан. Хонгор морио унаад хонь хариулж эхлээд удаагүй байсан цаг. Нэг удаа хонины цаад талд урьд өмнө үзээгүй саарал нохой явж харагдав. Үзээгүй гэдэг маань ойр хавийн айлуудад тийм шар нохой байхгүйг хэлсэн хэрэг. Гэтэл үргэсэн ямаа тургилаад эхлэхээр нь нохой биш болохыг анзаарлаа.

Тийм ээ, тэр бол чоно байлаа. Хамгийн түрүүнд сүүлээ буулгасан байхыг анзаарлаа. Монгол нохой, чоно хоёр сүүлээ сөхдөг, буулгадгаараа хамгийн түрүүнд ялгардаг билээ. Энэ онцлогоос болоод малчин ардууд сүүлээ сөхдөггүй болон саарал өнгийн нохой тэжээхээс зайлсхийдэг. Учир нь чонотой төстэй нохойнд мал дасахаас болгоомжилж байгаа хэрэг.

Монгол хэлнээ “Сүүлээ сээрэн дээрээ тавих” гэсэн зүйрлэл хэллэг байдаг бөгөөд нохой нь сүүлээ өргөсөөр байгаад сээрэн дээрээ авчраад саасагнан эрхлэхээс үүдсэн үг. Эрхлүүлэхээр даврах гэсэн утгатай. Ер нь нохой нөхөрсөг байхын хэрээр сүүлээ өргөдөг бололтой. Айлын нохой сүүлээ өргөчихсөн байвал чамайг зуухгүй гээд ойлгочиход бараг болно. За энэ ч яахав. Түрүүн юу ярьж байснаа мартчих шахлаа.

Анх чоно харсан миний бие айсандаа хөшөөд, нүдний нулимс бүрхээд ирлээ. Энэ зуур “чоно тааралдвал битгий ай, чимээ өгч хашгирч бай” гэсэн эмээгийн захиас санаанд орлоо. Тэрээр галзуу л биш бол ямар ч чоно хүнээс айдаг гэж хэлсэн юм. Харин галзуу чоно тааралдвал чимээгүй байх нь зохилтой гээд “чоно галзуурахаараа нохой мэт сүүлээ өргөж явахаас гадна хараа муудаж, чимээгээр баримжаа авдаг болдог” гэхчлэнгийн шинж тэмдгүүдийг бас хэлж өгсөн билээ. Ингээд хэр чинээгээрээ л “хүүе хаая” хэмээн хашгирсан санагддаг юм. Үхтлээ айсан жоохон хүүхэд ямар л олигтой хашгирав гэж. Гэхдээ л чоно миний зандрааныг дуулсан байгаа юм.

Боохой зогтуссанаа, намайг ажиглав. Тэгснээ, дуртай дургүй буцаж эргэн шогшлоо. Байн байн тоомжиргүй эргэж харах нь “Ингэдэг ёстойгоос хойш, айсан л болохоос биш” гэсэн янзтай. Харин монгор морь маань сортолзон байсан нь надад санамж өгөх гэснийх болохоос чононоос айсных бус бөлгөө. Харин чоно надаас айж байхыг харсан тэр цагаас хойш би хээрийн боохой харагдахад итгэл төгс хашгирдаг болсон ба чоно гуай ч улам илүү ёсорхогоор айж одох болсон түүхтэй.

Ийнхүү монгол хүүхдүүд чоно айлгаж өсдөг бөгөөд тэрхүү итгэл үнэмшлийг нь ямар ч чоно хүндэтгэн дагасаар иржээ. Саяхан, 2019 оны хуучаар БаянӨлгий аймгийн Ногооннуур сумын малчин эмэгтэй М.Нургуль гурил элддэг ганжингаараа чоно цохиод алсан байх жишээний.

Харин эзэнтэйгээ хамт байхдаа чононоос ч айдаггүй хонгор морь маань машин тэрэгнээс л үхтлээ айдаг байсан байгаа юм. Машин дуугарах чимээ гарвал л сүйд болно. Байх суух газраа олохгүй болон үймрэх ба гадаа уяатай байсан бол чөдөр ногтоо тасдуулаад одох энүүхэнд. Унаж явахад тонгочоод хаячихгүй боловч байж ядан адгах нь үнэхээр бэрхтэй.

Тэрэг техник ховор байснаас болоод тэр үү, машинаас үргэдэг морь их элбэг байв. Айлын гадаа машин ирэхэд адуу мал нь хуйлраад, үнээ нь зэлээ аваад талийх бол энүүхэнд. Зарим хөгшид “Хайран сайхан лам багш нарыг маань чийчаантай ногоон малгайтнууд ачаад явснаас хойш морь мал хүртэл айдаг болсон” гэж тайлбарлах. Тэднийхээр бол хувьсгалт хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтээс үүдсэн эздийнх нь айдас адуу малд нь хүртэл шингэсэн байх нь. Үгүй гэхэд ч хэцүү, тийм гэхэд ч амаргүй.

Ингээд хонь хариулж явахад машин дуугарвал аль болох замаас холдож, гэрийн гадаа машин ирвэл хонгор мориныхоо хажууд очиж, биеийг нь илж тайтгаруулдаг байлаа…

Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Энэ 30 жилд итгэлцлийг бэхжүүлж, харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн тэмдэглэлт ойн баярын мэндийг хүргэе. Он цагийн тооллын хувьд 30 жил нь богино хугацаа мэт боловч Монгол, Солонгосын харилцааны хувьд нэн чухал ач холбогдолтой, онцлог үйл явдлаар дүүрэн он жилүүд байлаа. Энэ хугацаанд бид харилцаагаа “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. Хоёр улсын найрсаг харилцааг бэлгэдэн 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, 30-н арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Сөүл хотноо “Монголын соёлын өдрүүд”, кино өдөрлөг, Улаанбаатар хотноо эрдэм шинжилгээний хамтарсан симпозиум, 30 жилийн ойд зориулсан номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг олон нийтэд чиглэсэн урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах юм. Улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлэх хүрээнд энэ онд дээд, өндөр түвшинд зарим айлчлалыг хэрэгжүүлэхээр бид ярилцаж байна. Гучин жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хороог Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ахалж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар дэд даргаар ажиллаж байна.

-Монгол Улсын гадаад бодлогод БНСУ ямар байр суурь эзэлдэг вэ. Та хоёр улсын харилцааны өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна, хэтийн төлөвийн талаар ямар бодолтой байна вэ?

-1990-ээд оноос буюу Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого явуулж ирсэн үеэс манай гадаад бодлогод Гуравдагч хөршийн тухай ойлголт гарч ирсэн. Хөрш ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцааг хөгжүүлж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг явуулахын сацуу өрнө, дорнын өндөр хөгжилтэй улсуудтай бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай “гуравдагч хөрш”-ийн бодлого юм.

БНСУ нь чухамхүү энэхүү бодлогын хүрээнд АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, Туркийн хамт манай “гуравдагч хөрш” улс болж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30-н жилийн турш хэлбэрэлтгүй урагшилж, эдүгээ “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрээд байна. Манай хоёр улс хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй. Эдгээр үнэт зүйлс нь хоёр улсын бат бэх харилцааны үндэс суурь нь болдог. “Гараа сайн бол бариа сайн” гэж ярьдаг. Хамтын ажиллагааны эхлэл, гараа сайн байсан учир харилцаа хурдацтай хөгжиж, сайн үр дүн гарсаар байна. Манай талаас Ерөнхийлөгч П.Очирбат төрийн тэргүүний хувиар 1991 онд БНСУ-д анх айлчилж байсан бол БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жүн 1999 онд хариу айлчлал хийж байв. Түүнээс хойш Ерөнхийлөгч, Парламентын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарын түвшинд нийтдээ 30 гаруй айлчлал харилцан хэрэгжүүлжээ. Өнгөрсөн хугацаанд улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцааны эрх зүйн үндсийг сайн бүрдүүлсэн гэж үзэж байна. Хоёр улсын харилцааг зохицуулж буй 50 гаруй Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байна. Манай холбогдох яам, байгууллагуудын түвшинд өргөн хүрээтэй яриа хэлэлцээний механизм бүрдлээ. Найрамдал, олон нийтийн байгууллагууд маань ч “Ардын дипломат”-ын үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Монгол, БНСУ-ын харилцааг өнөөгийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд гар бие оролцож, хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст, нэн ялангуяа төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатууд, эрдэмтэн судлаачид, иргэддээ энэ завшааныг ашиглан гүн талархал илэрхийлье. БНСУ нь манай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орон. Хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт 2019 оны гүйцэтгэлээр 300 орчим сая ам.доллар болж, БНСУ-аас оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 550 сая ам.долларт хүрээд байна. Манай улсын хамгийн олон иргэд буюу 48 мянга орчим иргэн тус улсад оршин сууж, жилдээ 200 гаруй мянган иргэн харилцан зорчиж байна. Улс хоорондын харилцаа, түүний дотор иргэдийн урсгал хөдөлгөөн өндөр байгаа нь манай хоёр улсын харилцааны цар хүрээг илтгэн харуулж буй томоохон жишээ юм. Гуравдагч хөрш БНСУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилтын нэг гэдгийг өмнө нь хэлсэн. Мөн олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт, нэн ялангуяа Зүүн Азийн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд түлхүү оролцохыг бид зорьдог. Бидний оршиж буй Зүүн хойд Азийн бүс нутаг хөгжлийн боломж ихтэй хэдий ч одоогоор энэхүү боломжоо ашиглах нөхцөл, орчин бүрдээгүй, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмгүй байна. Ирээдүйдээ Монгол, БНСУ хоёр улс бүс нутгийн тавцанд хамтран ажиллах, эл бүс нутгийг хамарсан уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний томоохон бүтээн байгуулалт, төслүүдэд харилцан уялдаатай оролцож хамтдаа хожих сайхан ирээдүй бидэнд байна. Ерөнхийлөгч Мун Жэ Иний дэвшүүлсэн “Шинэ Умардын бодлого” зэрэг бүс нутгийн хөгжлийн санаачилгуудыг ч бид энэ бодлогын хүрээнд дэмжиж байгаа. Монгол Улс байгалийн баялаг ихтэй, энэ нөөцөөрөө дэлхийд эхний 10-т багтдаг, БНСУ нь шинэ дэвшилтэт техник технологи, ноу-хау, нэн ялангуяа мэдээллийн технологийн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх эгнээнд багтаж буй улс. Иймд хоёр улсын давуу тал, нөөц бололцоог хослуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж их байна. Боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд хамтран ажиллах талбар ч олон байна.

-Сүүлийн жилүүдэд хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд харилцан айлчиллаа. Эдгээр айлчлалын гол үр дүн юу байв. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн түвшинг шат ахиулан “Стратегийн түншлэл”ийн түвшинд хүргэх талаар ярилцсан. Энэ хүрээнд цаашид ямар салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын харилцан айлчлалын давтамж нэмэгдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад улсад хийсэн анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлж, 2018 оны нэгдүгээр сард албан ёсны айлчлал хийсэн. Улмаар нэг жил хүрээгүй хугацаанд буюу 2019 оны гуравдугаар сард БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад хариу айлчлал хийлээ. Айлчлалын үеэр болсон яриа хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын Ерөнхий сайд нарын хооронд ч харилцан итгэлцэл, “ах дүүгийн” найрсаг харилцаа тогтсон. Эдгээр нь хоёр улсын харилцаанд, ялангуяа иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Айлчлалын үеэр нэлээд хэдэн чухал асуудлыг ярьж тохирсон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсад нэн шаардлагатай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон. Ялангуяа “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Баянголын амд түрээсийн орон сууцны хороолол” барих асуудлыг нааштай шийдвэрлэхээр болсон нь айлчлалын бодит үр дүн юм. Мөн хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин манай талд тавьсан. БНСУ-ын ерөнхийлөгч Но Мү Хений 2006 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэхээр тунхагласан бол 2011 онд БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Баг-ийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирсон билээ. Бид одоо “Стратегийн түншлэл” ямар чиглэл, агуулгатай байх талаар анхааралтай судалж байгаа, энэ асуудлаар ахмад дипломатчид, эрдэмтэн судлаачидтай санал солилцон ажиллаж байна. Манай төсөөллөөр “Стратегийн түншлэл” нь а/ улс төр, аюулгүй байдал; б/ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа; в/ боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлал; г/ иргэд консулын харилцаа; д/ олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур баганаас бүрдэнэ гэж үзэж байна. Эдгээр чиглэл бүртээ ямар зорилт дэвшүүлэх вэ гэдгээ Солонгосын талтайгаа харилцан ярилцаж байна. Энэхүү өндөр түвшний түншлэлийг тунхаглах өдөр тун ойрхон гэж харж байна.

-Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал болон Солонгосын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын зах зээл, бүтээн байгуулалтын төслүүдэд татан оролцуулах боломжийн талаар дурдана уу?

-Хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа маш чухал. Хоёр улсын гадаад худалдааны эргэлт дипломат харилцаа тогтоосны эхний жилүүдэд 270,000 ам.доллар байсан бол 2019 онд 294,8 сая ам.доллар болж нэмэгдсэн нь мянга гаруй дахин өссөн гэсэн үг. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Гэхдээ энэ чиглэлд бидэнд хийх ажил их байна. Эдүгээ БНСУ нь манай гадаад худалдааны 6 дахь түнш орон болж, Солонгосын Самсунг зэрэг нэр хүндтэй компаниуд манай бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд оролцож ирсэнд баяртай байдаг. Тус улс 1990 оноос хойш манайд шууд хөрөнгө оруулалт хийж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Солонгосын аж ахуйн нэгж, компаниудын хийсэн хөрөнгө оруулалт 560 гаруй сая ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр 10 дугаарт жагсаж байна. Одоогоор тус улсын хөрөнгө оруулалттай 2532 компани Монголд аялал жуулчлал, аж үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна. БНСУ нь Азийн 4 дэх том эдийн засаг, дэвшилтэт техник технологи, ноу-хау-тай улс. Монгол Улс БНСУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын Хамтарсан хороог 2015 онд байгуулж, уг механизмыг үр ашигтай ашиглаж ирлээ. Цаашид худалдааг хөнгөвчлөх, хорио цээрийн стандартыг тохирох, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх нь худалдааг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бий болгох юм. Иймд хэтдээ БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад чиглэсэн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллах нь зүйтэй. Энэ хүрээнд Солонгосын талтай хамтарсан судалгааг 2018 онд хийж гүйцэтгэсэн. Судалгааны урьдчилсан дүнгээр манай экспортын хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн эерэг дүгнэлт гарсан. Энэ дашрамд хэлэхэд, Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж, энэ оны долдугаар сарын 1-нээс тус хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлнэ. Уг хэлэлцээрт нэгдсэнээр БНСУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ гэж харж байна. Бидэнд ашиглаагүй нөөц бололцоо их бий. Цаашид аж үйлдвэр, дэд бүтэц, зам тээвэр, барилга, хот байгуулалт, далайн тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт БНСУ-ын хөрөнгө оруулалт, байгальд ээлтэй, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.


1990 оны 3/26 БНМАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай протоколд гарын үсэг зурж байгаа нь

-БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан гэдэг. Солонгос улсын хөнгөлөлттэй зээл тусламж аль салбарыг түлхүү хамарч байна вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеэс БНСУ-ын Засгийн газар манай улсыг дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн талархалтай байдаг. БНСУ-ын Засгийн газар 1991 онд Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны тусламж олгох орнуудын жагсаалтад оруулж, 1991-2018 онд нийт 240 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Хөнгөлөлттэй зээлийг 1993 оноос эхлэн манайд олгож эхэлсэн. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болж, уг зээлийн Ерөнхий хэлэлцээрийг 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр байгуулсан. Тус хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Баянголын амд түрээсийн орон сууцны хороолол” барьж байгуулах болон Байгаль орчны үндэсний төв лабораторийн чадавхыг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон нь манай улсад тулгараад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох юм. Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Үндэсний оношилгоо, эмчилгээний төв барих, 10 аймгийн төвийн дулааны станц барих болон Хууль эрх зүйн багц төслүүдийг хэрэгжүүлж байна. БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн агентлаг болох Экспорт-Импорт банкны төлөөлөгчийн газар өнгөрсөн онд Улаанбаатар хотноо нээгдсэнээр дээрх төслүүдийг улам үр ашигтай, шуурхай хэрэгжүүлэх боломжтой болж байна. Цаашид ч Монгол Улсын суурь дэд бүтцийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Солонгосын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл чухал ач холбогдолтой. Иймд зээл, тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгэмд чиглэсэн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах бодолтой байна.

-Солонгост ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн тоо 50 орчим мянгад хүрч, харилцан зорчих иргэдийн тоо ч жилээс жилд нэмэгдэж байна. Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар ГХЯ-ны зүгээс ямар алхмууд хийж байгаа вэ?

-Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал нөхцөлүүдийн нэг нь иргэд харилцан чөлөөтэй зорчих явдал юм. Харилцаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, өнгөрсөн онд хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 200 мянгыг анх удаа давлаа. Үүнээс манай улсын 103 гаруй мянган иргэн БНСУ-д, Солонгосын 97 мянган иргэн манай улсад тус тус зорчжээ. Мөн манай улсын хамгийн олон иргэн буюу 48 мянга орчим иргэн БНСУ-д оршин сууж байна. Цаашид ч иргэдийн урсгал жилээс жилд улам нэмэгдэх төлөвтэй байна. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний зорчих нөхцөлийг улам таатай болгох нь Монгол Улсын Засгийн газрын чухал зорилтын нэг юм. Энэ хүрээнд манай ГХЯ гадаад улсад зорчиж буй иргэддээ нэн шаардлагатай мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг түгээж, БНСУ-ын ЭСЯ-тай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг зохион байгуулж байна. Мөн виз мэдүүлэхэд иргэдэд тулгарч буй хүндрэлийг багасгах, виз авах хугацааг богиносгох зэрэг асуудлыг Солонгосын талд бүхий л түвшинд тавьж ажиллаж байна. Энэ дагуу тодорхой үр дүн ч гарч байна. БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн журамдаа өөрчлөлт оруулж, тус улсад зорчих олон удаагийн виз олгох хүрээг өргөтгөн, гэрээт ажилтны гэр бүлд богино хугацааны визийг хөнгөвчилсөн нөхцөлөөр олгох зэрэг зохицуулалтыг 2019 оны есдүгээр сараас мөрдөж эхэллээ. Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих зорилгоор замын зураглал гаргах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн ажиллах болно.

-Солонгос хэл, соёлыг сонирхох, тус улсад суралцах хүсэлтэй монгол оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хоёр улсын соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны тухайд?

-Монгол, Солонгосын харилцааны түүх эрт дээр үеэс улбаатай, хоёр улсын ард түмэн өнө эртний түүхэн харилцаатай явж ирсэн. Хэл, соёл, зан заншлын хувьд ч ижил төстэй зүйл ихтэй үндэстнүүд. БНСУ-д суралцах монгол оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, эдүгээ манай 8900 гаруй оюутан залуус тус улсад их дээд сургууль, хэлний бэлтгэлд суралцаж байна. Монгол Улсаас хилийн чанадад сурч буй оюутны тоогоор БНСУ нь гуравдугаарт орж байгаа гэсэн үг юм. Боловсролын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол-Солонгосын багш нарын солилцооны хөтөлбөр” 2012 оноос амжилттай хэрэгжиж, манай Ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй багш уг хөтөлбөрт хамрагдаад байна. Соёл урлагийн чиглэлээр хоёр улс амжилттай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монгол наадам, Mонголын соёлын өдрүүдийг БНСУ-ын томоохон хот, дүүрэгтэй хамтран жил бүр зохион байгуулдаг сайхан уламжлал тогтоод байна. БНСУ нь үндэсний соёл урлагаа сурталчлах, үндэсний брэнд имижийг бүрдүүлэх, “K-Pop”-ыг дэлхий нийтэд сурталчлан таниуалахад ихээхэн амжилт олж буй улс юм. Монголын хүүхэд залуучуудын дунд ч Солонгосын “K-Pop” дуучид хамтлагийг шүтэн бишрэгчид олон байдаг. БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён 2019 онд Монгол Улсад айлчлах үеэр Солонгосын “K-Pop”-ын адил бид Монголдоо “М-Pop”-ыг хөгжүүлэх, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан. Энэ нь манай хоёр улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл ч болох боломжтой гэж бодож байна. БНСУ нь 4 дэх аж үйлдвэрийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, инноваци, нано-технологи, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй арга туршлагаараа дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг. Иймд цаашид Солонгосын шинжлэх ухаан, технологийн парк, инновацийг хөгжүүлсэн туршлагаас суралцах, мэдээллийн технологи, компьютерийн программчлал, инженерийн чиглэлээр оюутан залуусаа түлхүү сургах чиглэлээр хамтран ажиллах нь ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд тус дөхөм болох юм.

-Сүүлийн үед Солонгосын жуулчид Монгол Улсад аялал жуулчлалаар ирэхийг ихэд сонирхож байна. Манай улс Солонгосын аялал жуулчлалыг татах, улс орноо сурталчлах талаар хийж буй ажлын талаар сонирхъё.

-БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон цаг үеэс хойш иргэд хоорондын солилцоо аажмаар тогтмол нэмэгдэж, сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөх болсон. 1990-ээд оны эхэн үед гэхэд БНСУ-д зорчихын тулд Бээжингээс Токиогоор, эсвэл Хонконгоор дамжин хоёр хоног зарцуулан хүрдэг байжээ. Харин 1994 оноос МИАТ, 1996 оноос Кореан Эйр компани Улаанбаатар-Сөүлийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр агаарын замыг нээсэн анхны хараацайнууд болсон юм. Энэ нь хоёр улсын агаарын харилцаанд төдийгүй, аялал жуулчлалын хөгжил, иргэд харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал түлхэц болсон билээ. Эдүгээ Эйр Пусан, Асеана зэрэг авиа компаниуд энэ эгнээнд нэгдэн ороод байна. Монгол Улсад аялал жуулчлалаар ирсэн Солонгос иргэдийн тоо 1999 онд 5,000 орчим байсан бол эдүгээ энэ тоо 20 дахин өсч, 2019 онд 97 мянгад хүрлээ. Монгол Улс өнгөрсөн онд нийт 577 мянга орчим жуулчин хүлээн авснаас 20 орчим хувь нь Солонгос иргэд байна. БНСУ-аас манай улсыг зорьж ирэх жуулчид байгалийн буюу эко аялал жуулчлал, түүх, энтертейнмент, соёл урлагийн чиглэлээр төрөлжсөн аялалд хамрагдах боломжтой. Бид аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсыг гадаад улс орнуудад сурталчлан таниулах чиглэлээр олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд тогтмол оролцож, зорилтот зах зээлийн орнуудад “Монгол Улсын сурталчилгааны төвүүд”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Танд нэг жишээ хэлье. БНСУ-д төдийгүй олон улсын үзэгчдийн сэтгэлд хүрсэн солонгосын олон ангит киноны зарим зураг авалтыг 2019 оны намар манай улсад хийсэн. Тэгэхээр энтертейнмент, соёл урлагийн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар манай улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх бүрэн боломж бидэнд байна. Цаашид манай улсад зорчих, аялал жуулчлал хийх солонгос иргэдийн тоо улам өснө гэдэгт итгэлтэй байна.

-Хоёр улс олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирсэн. ЗХА-ийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, үүрэг ролийг хэрхэн үнэлж байна вэ. Хоёр улс бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна вэ?

-Зүүн хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах нь манай улсын гадаад бодлогын чухал хэсэг. Учир нь тус бүс нутагт өрнөж буй улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явц нь Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжилд шууд болон шууд бус замаар нөлөөлж байдаг. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал юм. Монгол Улс бүс нутгийн улс орнуудын нэгэн адил Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэсэн байр суурийг тууштай баримталж ирсэн. Энэ хүрээнд Монгол Улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд дэвшүүлж, өнгөрсөн хугацаанд бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны олон улсын бага хурал, хотын дарга нарын уулзалт, эмэгтэй Парламентчдын чуулга уулзалт, Залуучуудын уулзалт зэргийг амжилттай зохион байгуулсан. Эдгээр арга хэмжээнд ЗХА-ийн бүх орон, түүний дотор БНСУ манай санаачилгыг дэмжиж оролцдог. Бүс нутгийн хэмжээнд Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг санал санаачилгын талаар БНСУ-тай санал солилцож ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ”-ний хүрээнд бүс нутгийн улс орнуудыг хамруулсан байгууллага байгуулах санаачилга дэвшүүлснийг та бүхэн сайн мэдэж байгаа. Уг санаачилгыг ажил хэрэг болгоход бүс нутгийн улс орнуудын дэмжлэг, нэгдмэл байр суурь чухал. Энэ чиглэлээр бүс нутгийн орнууд, түүний дотор БНСУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа хоёр улсын хөгжилд төдийгүй бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангахад ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Үүрцайх: Намуудын эдийн засгаа самрах популист амлалтууд эцэстээ сонгогчдын халааснаас л төлөгдөнө

Хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.


-Нам, эвслүүд цалинг 3-5 саяд хүргэх, хүн болгоныг орон сууцжуулна зэрэг амлалтуудыг өгч байна. Ер нь эдгээр амлалтуудын худал, үнэн бодит эсэхийг хэрхэн ялгах вэ?

-Яахав, үнэн бодитойг нь сонгогчид дүгнэх байх л даа. Хуулиар бол мөрийн хөтөлбөрт тавигдах шаардлагад бэлэн мөнгө, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх гэх мэт зүйлс байж болохгүй гэж бий. Дундаж цалин өдгөө сая гаруй төгрөг байгаа. Энэ амлалтуудыг харахад дундаж цалинг хамгийн багадаа хоёр, эсвэл гурав дахин нэмж, гурван сая болгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна лээ. Популист амлалтууд яваад байна л даа. Энэ амлалтуудыг популист уу, популист биш үү гэдгийг сонгогчид үнэлж, дүн тавих ёстой байх. Дээрээс нь Үндэсний Аудитын газар энэ амлалтуудыг шалгаад Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангаж, нийцэж байна уу гэдэг дээр үнэлгээг гаргах ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар дүгнэлт гаргана. Энэ шалгууруудыг давж байна уу, үгүй юү гэдгээр л дүгнэлт гаргах юм.

-Үнэн бодит амлалт эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй болохоор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө бүрэн эхээр нь сурталчилж болохгүй байгаа. Мөрийн хөтөлбөрийг нь олоод авчихвал хооронд нь харьцуулж дүгнэж болох байх. Мэдээж эдийн засгийн шалгуур үзүүлэлтүүдээр хэрэгжих боломжтой эсэхийг нь шалгаж, дүгнэх боломжтой. Одоохондоо нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрүүд бүгд ил болоогүй, товч танилцуулгууд нь явж байгаа шүү дээ.

-Эдгээр популист амлалтууд эдийн засгийн савлагааг үүсгэж магадгүй харагдаж байна?

-Хүмүүсийн яриа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй мэдээллээс харахад эдийн засгийн хувьд яагаад ч хэрэгжих боломжгүй зүйлсийг ярьж буй харагдаж байгаа. Хэрэгжүүлнэ гэвэл эдийн засгаа самарч байж, мөнгөний ханшийг унагаж байж л боломжтой. Эдгээр мөнгө эцэст нь сонгогчдын карманаас л төлөгдөнө. Хэрвээ хэрэгждэг юм бол иргэдийн мөнгийг үнэгүйдүүлж байж л төлөгдөнө гэсэн үг. Ингээд харахаар бид нар ээлжилж амладаг популизмаас гарахгүй л яваад байна шүү дээ.

-Популист амлалтууд газар авахгүй болсон цаг шүү дээ. Хоосон амлалтаар иргэдийн саналыг худалдаж авдаг цаг өөрчлөгдсөн гэдгийг улстөрчид ойлгоогүй байх шиг…

-Сонгогчид хэрсүү болсон. Худлаа амлаж байгааг нь мэдэх байлгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэр мөрийн хөтөлбөр нь тодорхой болохоор худал, үнэн амласан эсэхийг нь өрсөлдөгч намууд нь гаргаж ирж тавих байх. Тэрнээс өмнө мөрийн хөтөлбөрийг нь ил болчихвол мэргэжилтнүүд дүгнэлт хийж, үнэн нүүр царайнууд нь илчлэгдэж, аль нь үнэхээр өрсөлдөхүйц бодлоготой нам байна. Аль нь сонгогдохын төлөө популизм хийж байгаа гэдгийг тодорхой болгох боломжтой.

-Ер нь эдийн засаг талаасаа харвал эдгээр амлалтуудад биелэх боломж байна уу?

-Тодорхой ажил мэргэжил, тухайлбал багш, эмч нарын цалинг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх төсвийн боломж байж болно. Жишээ нь, хоёр сая төгрөгт хүргэдэг ч юм уу. Ингэхийн тулд шаардлагагүй хөрөнгө оруулалтууд, төсвийн тэсч болох зардлуудыг хэмнэх хэрэгтэй. Ингээд тэр хэмнэсэн мөнгөөрөө багш, эмч нарт хөрөнгө оруулбал эргээд эрүүл мэнд, боловсролын салбар сайжирна. Энэ нь хүндээ оруулах хөрөнгө оруулалт болж хувирах жишээний. Ийм байдлаар бол болно. Түүнээс нийтэд нь дундаж цалинг гурван сая болгоно гэдэг хэрэгжих боломжгүй. Мөнгө хэвлэж тараагаад инфляци үүсгэж, эдийн засгаа самарч байж л хэрэгжих боломжтой. Тэгэхээр эцсийн бүлэгтээ талх, махны үнэ өснө гэсэн үг. Тэгэхээр нийтээр Монголын иргэд, монголчууд, хэрэглэгчид олсон орлогоороо буюу татвараараа үүнийг төлнө. Нөгөө нөхдүүд тэр популизмынхаа үр шимээр сонгогдож гараад хулгайгаа хийдгээрээ хийгээд л явах байх даа.

-Амлалт бол амлалт. Үнэн бодитой эсэхийг мөрийн хөтөлбөр болон, ямар зорилт дэвшүүлсэн нь ил болоод ирэхээр мэргэжилтнүүд дүгнэх байх. Тийм үү?

-Өөрсдийн амаараа дундаж цалинг гурван сая, таван сая болгоно, нийгмийн даатгал төлж байгаа бүх хүнд байр өгнө гэх мэт хэлж байгаа үгс нь мөрийн хөтөлбөрт нь байгаа байлгүй дээ. Бүхэлд нь хараад дүгнээд, үг үсгээрээ юу гээд биччихсэн юм, тэр нь бодлого шийдлийн хувьд ямар байгаа гэдгийг мөрийн хөтөлбөрийг нь бүхэлд нь харж байж дүгнэх боломжтой. Тэгэхээр мөрийн хөтөлбөрүүд нь текстээрээ бэлэн болохоор нь үзээд дүгнэлт хийж, улс төрийн болон мэргэжлийн дүгнэлтийг өгөх боломжтой болох байх. Тэрнээс наана үзэж, хараагүй байж ийм тийм гэж хэлэх нь өрөөсгөл.

-Хэрвээ нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргавал сонгуульд оролцуулах уу?

-Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргасан нам, эвслийг сонгуульд бүртгэхгүй байх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ бүртгэх, эсэх шийдвэрийг СЕХ гаргана.Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн, үгүй гэдэг дүгнэлтийг 30 хоногийн дотор гаргана.

Б.АМАР

Categories
мэдээ цаг-үе

Х.Хатанбаатар: Герман руу 117 сая төгрөг шилжүүлж залилуулсан хэрэг гарсан

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа.


-Коранавирусийн халдвартай холбоотойгоор барааны хомсдол үүсч байгаа талаар худал мэдээлэл тараах явдал гарч байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шинэ төрлийн короновирустэй холбоотойгоор дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан олон нийтийн сүлжээнд “Маск, гар ариутгагч худалдаа, хүргэлт”, “Бөөний худалдаа, хүргэлт” гэх мэт хуурамч хаягууд нээж байна.

Тэд “маск, гар ариутгагч хямд зарна, хүргэнэ” гэх зар мэдээлэл тавьж богино хугацаанд олон хандалт авч цааш нь зарж борлуулах зорилготой байдаг. Мөн ийм зорилгоор “зах, худалдааны төвүүд хааж байна”, “өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч” байна гэх мэдээлэл тарааж иргэдийн сэтгэл зүйг түгшээх зураг нийтэлж маск, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэж өндөр үнээр, их хэмжээгээр зарж борлуулах үйлдлүүд удаа дараа гарч байгаа.

Мөн короновирустэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчид, хүнд өвчтэй хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн кампанит ажил өрнүүлэн иргэдийг залилах үйлдэл гарсныг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Гадаад орнуудад ч цахим хуудас, интернэт худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглаж маск үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэр ашиглан улс дамнан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна лээ.

-Залилуулсан хэдэн тохиолдол байна вэ. Хохирлын хэмжээний талаар тодруулахгүй юу?

-Иргэд төрийн байгууллагын албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахгүйгээр цахим орчин дахь бодит бус мэдээлэлд хэт итгэх, мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүй шийдвэр гаргаж залилуулж байна. Цахим орчноос авсан худал мэдээллээ найз нөхөд өөрийн хүрээлэлдээ дамжуулж хэд хэдээрээ бусдад залилуулсан жишээ байна.

Цагдаагийн байгууллагад шинэ төрлийн короновирустэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээлэл тараасан талаар 25 дуудлага мэдээлэл ирснийг мөрдөн шалгаж байна.

БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан.

Мөн “Онлайн дэргүүр”-ээр маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Estaparmasit­calius компани руу энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан ноцтой хэрэг гарсан.

Иргэд сэрэмжтэй байж, мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд юуг анхаарах вэ?

-Хуурамч цахим хуудас, интернэт худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглан амны хаалтны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани гэж итгүүлэн төлбөрийг урьдчилан авч залилж байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагаас коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч буй мэтээр фишинг цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж иргэдийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч таны компьютер, гар утас дээрх файлуудыг зөөх, шилжүүлэх, банкны шилжүүлэг хийх эрсдэлтэй.

Короновирусээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, алба хаагчдад туслах, хүнд өвчин туссан хүүхэд, өвчтэй болон гамшиг, осолд өртсөн хүмүүсийн зураг тавьж тэдэнд туслах зорилгоор хандив цуглуулж байна гэж итгүүлэн,хуурамч хаяг нээн кампанит ажил өрнүүлж иргэдийг залилах тохиолдол байгаа. Энэ бүхнийг бодолцож иргэд сэрэмжтэй байх шаардлагатай байна.

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор илт худал мэдээлэл тараах, олныг төөрөгдүүлэх, айдаст автуулах, хүний нэр төрд халдах тохиолдол их гарч байна. Энэ тохиолдолд иргэнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Халдварт өвчинтэй холбогдуулан илт худал мэдээлэл тарааж хүний нэр төрд халдсан бол Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Мөн бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдол вирусийг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд хуульчлан тогтоосон байдаг.

Иймд юуны өмнө иргэд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага, алба хаагчдаас өгч байгаа санамж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөх нь зүйтэй гэж хэлмээр байна. Мөн дээрх тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн Теле хичээлийн хуваарь

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас гаргасан ирэх долоо хоногийн Теле хичээлийн хуваарийг хүргэж бна.