Categories
мэдээ нийгэм

“Хайр өвтгөдөггүй” аянд хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа

Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурсан. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1,911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар, 1263 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 87.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Цагдаагийн ерөнхий газарт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулжээ.

Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн 27-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж эхэллээ.

Иргэд та бүхэн цагдаагийн болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх аливаа ажил, арга хэмжээг өргөнөөр дэмжин оролцож, гэмт хэрэг, зөрчилгүй, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд хамтран ажиллаарай.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын даргаар Д.Батчулууныг томилжээ

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргаар Д.Батчулууныг томилжээ

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Д.Батчулууныг томилжээ. Тус аймагт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлыг хэсэг ирж, ажлыг нь хүлээлгэн өгсөн байна. Д.Батчулуун нь 1998-2004 Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн газрын дэд дарга, 2015-2020 онд ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, ахлах байцаагчаар тус тус ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙГЭЭС НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 15 давхар үйлчилгээтэй орон сууцны “Голден будда” хотхонд 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр ноцтой осол гарчээ. Тус хотхонд гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ны заслын ажилтан Д.А нь есөн давхрын галын гадна шат суурилагдах 55х70х70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа галын шатны нүхээр есөн давхраас зургаан давхар хүртэл унаж нас барсан ноцтой осол гарсан байна.

Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд:

  • Өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй,
  • Анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй,
  • Ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь тогтоогджээ.

Энэ нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.1.1, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С5 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2, ажилчны үүргийн 2 дахь заалтуудыг зөрчсөн аж.

Иймд тус ослын хэргийг Хан-Уул дүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Гүнтийн хяналтын цэгээр сайжруулсан түлш тээвэрлэж явсныг буцаалаа

Гүнтийн хяналтын цэгээр 39-02 УНУ toyota prius машинаар сайжруулсан түлш гурван шуудай, 79-36 УНС honda fit машинаар нь сайжруулсан нүүрс зургаан шуудай, 7397 УБЧ sonata машинаар сайжруулсан нүүрс гурван шуудай, 97-50УНЛ toyota prius машинаар сайжруулсан нүүрс таван шуудай мөн 80-89 УАА toyota sai машинаар 2 шуудай сайжруулсан түлш тээвэрлэж явсныг тус тус буцаалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдөр 181,238 ширхэг хувьцаа арилжигджээ

Image result for хөрөнгийн бирж

2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 45,817,169.00 төгрөгийн үнийн дүн бүхий 181,238 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс “Монгол Даатгал” ХК (CHE -14.96%) болон “Махимпекс” ХК (MMX +0.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Бөхөг” ХК (BHG -9.09%) болон “Улсын Их Дэлгүүр” ХК (UID -5.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.64 хувиар буурч 18730.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,742,901,514,506.71 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил хэвийн үргэлжилж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж, УБТЗ ХНН-ийн Зүүнбаян өртөө дэх үе угсрах баазын үйл ажиллагаа, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын барилгын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байгаа ба өнгөрсөн өвөл ухмалын ажил буюу ус шаардагдахгүй ажлуудаа хийж, одоогоор далангийн ажил үргэлжилж байна. Мөн Зүүнбаян талаас 4.5 километрт рейльс төмөр, 75 километрт цахилгаан дамжуулах шугамыг татаж суурилуулжээ.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу нэг өртөө, зургаан зөрлөг байгуулагдах бөгөөд зөрлөгүүдийн энэ жилийн барилгын ажил эхэлж, Зөрлөг-6 дахь удирдлагын барилга болон ажилчдын орон сууцны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай болон цаашид үргэлжлэн хэрэгжих Сайншанд-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замтай Зүүнбаян өртөөг холбохтой уялдуулж өргөтгөхөд шаардагдах газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх, төслийн барилгын ажилд гадаадаас нийлүүлэх материалыг цаг хугацаанд нь нийлүүлэх зэрэг ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Цацраг идэвхит бодисын өндөр агууламжтай химийн бодисыг худалдахаар тээвэрлэж явсныг илрүүллээ

Цөмийн пуужингийн хурдасгуур хийхэд ашигладаг цацраг идэвхит бодисын өндөр агууламжтай “Луна” нэршилтэй 1 килограмм химийн бодисыг худалдахаар тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоожээ.

Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны хажууд 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдөр уг хэргийг илрүүлсэн байна.

Монгол Улсын иргэн П, Б, Д, Н, А нар бүлэглэн цацраг идэвхит бодисын өндөр агууламжтай химийн бодисыг худалдахаар суудлын тээврийн хэрэгсэлд хадгалж байжээ.

Гэмт этгээдүүдийг баривчлан, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээр хэргийн газрын үзлэг хийж, гадуураа төмөр хайрцагтай, шилэн савалгаатай, химийн бодисыг эд мөрийн баримтаар хураан авч Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Уг химийн бодис нь 700 градуст хайлж задрал явагддаг, биологийн шинж чанар нь задралын үеийн уураар амьсгалахад хортой хүний биеэс гадагшилдаггүй бодис юм.

Categories
мэдээ нийгэм

Захирамжийг удаа дараа зөрчсөн 77 аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ

COVID-19 халдвартай холбоотой гарсан захирамжтай холбоотой зөрчлүүдийн талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчид болон харьяа дүүргийн цагдаагийн албан хаагчид өдөр тутамд тасралтгүй хяналт шалгалт зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 168 ААН Коронавирустэй холбоотой захирамжуудад хяналт тавьж ажиллахад захирамж зөрчөөд байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх “АНУ” цахим тоглоомын газар, Баянзүрх дүүрэг дэх “Марина” цахим тоглоомын газар, Баянгол дүүргийн “фокус” цахим тоглоомын газар нь удаа дараа захирамж зөрчсөн. Нийт 77 аж ахуйн нэгж, байгууллага захирамжийг удаа дараа зөрчсөн тул холбогдох байгууллага руу тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг хүргүүлсэн.

Зарим байгууллагууд захирамжийг биелүүлэх талаас нь бус яаж зөрчих вэ гэдэг талаас нь харж байгаа нь харамсалтай. Иймд захирамжийг хэрэгжүүлэх тал дээр ухамсартай байхыг хүсэж байна.

Мөн олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй байх захирамжтай холбоотойгоор 6,898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлүүдийг ангилж харвал,

  • Нус, шүлсээ хаясан зөрчил 1,100 орчим
  • Ил задгай бие зассан зөрчил 650 орчим байна.

Эдгээр зөрчлийг илрүүлэх ажилчдыг нэмэлтээр гаргаж, ажиллуулах болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж байна

Нийслэлийн хэмжээнд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу шинэ коронавируст (COVID-19) халдвар нийслэлийн хэмжээнд орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг хийж байна. Үнэлгээний ажлын хэсэгт ОБЕГ, НОБГ, НЗДТГ, НМХГ, НЭМГ, НМЭГ, НХХААГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн статистикийн газар, боловсролын газар, нийтийн тээврийн үйлчилгээний газар, мэдээлэл технологийн газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ТЦА, МУЗН, Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага зэрэг нийт 23 байгууллагын төлөөллөөс бүрдсэн 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх талаар зөвлөмж хүргүүлжээ

Image result for атг

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн “Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бэлэн мөнгө, эд материал өгөх, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандивыг Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр өгч байна.

Иймд дээрх хэлбэрээр нийтийн албанд өгсөн сайн дурын хандивыг хүлээн авах, захиран зарцуулахдаа орлого, зарцуулалтын талаар иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, хууль тогтоомж зөрчиж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт гуравдугаар сарын 5-ны өдрийн 01/2634 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Тусламж, хандивын зарцуулалт ил тод, нээлттэй болсноор аливаа авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, олон нийтийн итгэл батжих ач холбогдолтой аж.