Categories
мэдээ нийгэм

Шаардлагатай шатахуун, хүнс тэжээл тээвэрлэлт хэвийн явагдана

Улсын онцгой комисс өглөө хуралдаж, гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 цагт хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах шийдвэр гаргасан билээ.

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд: “Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлээс орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байна. Алба хаагчид товчоодоос гадна зарим батлагдаагүй зам даваанууд дээр хөдөлгөөнт эргүүл гаргасан. Өөрөөр хэлбэл, Сар шинийн өдрүүдээр хийгдэж байсан хөдөлгөөний хязгаарлалтууд улсын хэмжээнд дахин хийгдсэн.

Энэ шийдвэр нь иргэдийг эрсдлээс хамгаалах, халдварт өвчний сэжигтэй тохиолдол бусад аймаг сумд руу тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй ажил гэдгийг ойлгож, хүндэтгэлтэй хандах шаардлагатай.

УОК-ын шийдвэрээр өнөөдөр 07:00 цагаас 16-ны 07:00 цагт хүртэл нийслэлээс галт тэрэг, тээврийн хэрэгслээр иргэд орох, гарах боломжгүй ч ачаа тээврийн ажиллагаа хэвийн явагдана.

Мөн шийдвэр гарахаас өмнө хөдөө орон нутгийг зорьсон бол тухайн аймагтаа очоод тэндээ хязгаарлалтын хугацаа дуусах хүртэл буюу 16-ны 07:00 цаг хүртэл хязгаарлагдана. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн сум, аймаг, дүүрэг, нийслэл тус бүрийн онцгой байдлын газрын даргын шийдвэрээр буюу зөвшөөрлийн бичгээр нэвтрэх үйл ажиллагаа явагдана.

Иргэдэд анхааруулж хэлэхэд аль болох олон хүнтэй газраар зорчихгүй байж, өнөө маргаашийн ганц нэг асуудлаас болж өөрийнхөө эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна. Бид цаг тухайд нь товчоод дээр очиж хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгаа талаар эргэн мэдээлэх болно” гэв.

Мөн тэрбээр “Сэжигтэй тохиолдлуудыг хяналтдаа авахын зэрэгцээ тухайн гадаад улсын иргэнтэй уулзсан хүмүүсийг хяналтандаа авч ажиллаж байна. Мөн Дорноговь аймгаас гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан. Товчоонууд дээр цагдаа нараас гадна эрүүл мэндийн байгууллагуудаас үндсэн удирдлагыг хийж байгаа.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга нь шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, олон нийттэй шаардлагагүй бол уулзахгүй байх арга зам байна. Мөн УОК-ын шийдвэрийг зөрчиж, нийслэл хотоос батлагдаагүй замаар явах тохиолдолд илүү хяналт тавьж ажиллана.

Тухайн гадаад иргэний уулзсан, орсон, гарсан, хоол идсэн, зорчсон газруудад уулзсан хүмүүсийг нь олж тогтоон тусгаарлах тал дээр эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Бүгд амны хаалтаа зүүж, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна.

Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг 150,000 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Мөн таних хүн маань байвал товчоогоор гарчих байх гэсэн ойлголт ард иргэдийн дунд байж болохгүй. Та ямар нэгэн байдлаар нэвтрэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Шийдвэр өглөө 07:00 цагт гарсан тул өмнө нь хөдөө орон нутгаас гараад хот руу орж яваа иргэддээ хүндэтгэлтэй хандаж, бүх бүртгэл судалгааг нь хийгээд нийслэл рүү оруулна. Харин 07:00 цагаас эхлээд харин орон нутгаас гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан” гэдгийг нэмж хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийг тусгай маршрутаар явуулна

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээг гуравдугаар сарын 16-ныг хүртэл тусгай маршрутаар явуулахаар боллоо.

Нийтийн тээврийн удирдлагууд уулзаж, тусгай зохицуулалт ямар хэлбэртэй байх талаар ярилцаж шийдвэр гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмнэлгүүд, амралт, сувиллын газрыг тусгаарлах байр болгон ашиглана

Монгол Улсад ажилладаг францын иргэнээс “COVID-19” илэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс (НОК) шуурхай хуралдаж, Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг өглөө.

Тухайлбал, дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд, Улаанбаатар хотод ажилладаг амралт, сувилалын газрууд болон зарим хувийн эмнэлгийг ажиглах, тусгаарлах байр болгох зохион байгуулалт хийх юм. Одоогоор дүүргүүдийн Онцгой комисс эмнэлэг, амралт, сувиллын газруудын жагсаалтыг гаргаж, судалгаа хийж байгаа аж. өн барааны зах, бөөний худалдааны төвүүдийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны 7.00 цаг хүртэл хязгаарлах, зарим төрийн албан хаагчийг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Харин хүнсний болон ахуйн барааны захууд хэвийн ажиллах юм.

Халдварын тохиолдол бүртгэгдсэн улсаас ирсэн иргэнтэй албан болон албан бусаар уулзахгүй байх, харилцаа холбооны бэлэн байдлыг хангахыг төр, захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Түүнчлэн түргэн хоолны болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдэд ариутгал хийх, францын иргэний зорчсон байралсан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон хүмүүсийн судалгааг гарган, шинжилгээнд хамруулахыг мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуулын байгууллагад үүрэгдсэн юм.

Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийг энэ сарын 16 хүртэл тусгай маршрутаар зорчуулах асуудлыг судлах, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлах асуудлыг судлах боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбуудайны 20 хувийг “хорооноо вирус” зооглочихсон болж байна уу?

Өнгөрсөн намар өндөр ургац хурааж авлаа, дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангалаа гээд манай төр засаг баахан сүржин мэдэгдэл завсар чөлөөгүй хийгээд байгаагүй билүү. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар газар тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгэ аймагт тариа хураалтын үеэр ажиллахдаа мөн ч сүртэй мэдээллүүд хийж толгой дээгүүр байсныг ард түмэн мартаагүй байгаа. “420 мянган тонн улаанбуудай хурааж авлаа. 2019-2020 онд дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангалаа” гэж Ч.Улаан сайд тариан талбайгаас мэдээлэл хийгээд л, түүнийг нь зурагтын бүх суваг дамжуулаад л сүйд болж байсан. Дараахан нь Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн үеэр Улаан сайд тариаланчиддаа баяр хүргээд гурилын хэрэгцээгээ 100 хувь биелүүлснээ, 420 мянган тонн улаанбуудай хурааж авснаа бас л бахдалтайгаар мэдэгдсэн.

Гэтэл хаврын тэргүүн сар дөнгөж гараад удаагүй байтал, хөл хорионы энэ хүнд бэрх үед Монголын Засгийн газраас “Улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн хаврын тариалалтад 15 мянган тонн улаанбуудай дутагдаж байна” гэдгийг хэлээд улаанбуудайн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэдгээ албан ёсоор мэдэгдчихлээ.

Мөн оны өмнөхөн баатарлаг бардам байсан Улаан сайд маань “Улсын хэмжээнд нөөц байхгүй. Тиймээс 100 гаруй мянган тонн улаанбуудай гаднаас импортлохоор болсон” гээд улайх ч үгүй сууж байх юм даа. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. “Хорооноо вирус” хорин хувийг нь зооглочихоогүй юм бол зуун хувь хангана гэж завсар чөлөөгүй хэлээд байсан улаанбуудай яахаараа дутдаг байна аа…?

Өнгөрсөн намар худлаа хэлснээ одоо энэ “хорооноо вирус”-ээр далимдуулж цайруулах гээд байна уу даа, янз нь. Улаанбуудай гаднаас импортлох Засгийн газрын тогтоол, мөн нөхөр сайд Ч.Улааны хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж тариалан эрхлэгчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гадаа жагссан.

“Манай салбарын сайд хүнсний улаанбуудайн хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангасан гэчихээд ОХУ-аас улаанбуудай импортолно гэж явааг үнэхээр ойлгохгүй байна. ОХУ 2019 оны экспортын квотоо тогтоочихсон. Тийм учраас одоо оруулж ирэх будаа нь хоёр, гурван жил хадгалсан нөөцийн будаа л байгаа. Нэгээс тавдугаар зэргийн хүнсний улаанбуудай биш, үндсэндээ гадны тавдугаар зэргийг тэжээлийн буудайгаар нөөц бүрдүүлэх гэж байна” гэж тариаланчид хэлж байна. Ингэж зүгээр нэг хэлээд зогсохгүй коронавирусийг далимдуулан 160 мянган тонн улаанбуудайн хууль бус тендер зарлаж байгааг, татвар төлөгчдийн 128 тэрбум төгрөгөөр тоглож буйг, улаанбуудай авах нэрээр сонгуулийн санхүүжилт босгож байгаа зэргийг тариаланчид эрс эсэргүүцсэн. Салбарын сайд энэ бүх асуултад хариулт өгөхийг тулган шаардаж, 160 тэрбумын тендерийг даруй зогсоохыг хатуу мэдэгдсэн.

Сүүлийн үед Монголын нийгэмд өрнөж буй энэ байдлаас харахад түрүү жилийн намар өндөр ургац хурааж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана аа, ард түмэн минь гэдэс цатгалан байх болно гэж Монголын төр болон Улаан сайд та яалт ч үгүй худлаа хэлжээ. Тэгэхээр одоо энэ Засгийн газар, ХААХҮ-ийн яаманд юунд нь үнэмшиж итгэх болж байна вэ. Хүүкийн Засгийн газрын юу нь үнэн, юу нь худал гэдгийг мэдэх арга байна уу, та минь. Нефтийн үйлдвэр, төв цэвэрлэх байгууламж гээд ард түмэндээ амлаж, олон сайдынхаа хар толгойгоор дэнчин тавьсан бүтээн байгуулалтууд байгаа.

Тэд бүгд нь арай ингээд улаанбуудайн үлгэр шиг замхрах юм биш байгаа. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг шиг “хорооноо вирус”-ийн хорио цээрийн энэ нөхцөл байдал Хүрэлсүхийн Засгийн газрын үнэн нүүр царайг илчлээд өгч байгаа юм биш байгаа даа. Махны үнэ нэмэгдвэл Улаан сайдын толгойг авна гэж Ерөнхий сайд хэлсэн. Оны эхэнд Улаан сайд “Би толгойгоо авахуулахгүй” гэдгээ хэлсэн. Махны асуудал дээр толгойтойгоо үлддэг юм байгаа биз. Харин ард түмнээ мөн л идэх хоолоор нь хуурч гэдэс цатгалан байх болно гэж пээдэлзээд байсан сайддаа Ерөнхий сайд хатуухан арга хэмжээ авах цаг нь болжээ. Үндсэндээ хураасан ургацаа худлаа мэдээлж хаврын хариг цагт гаднаас “гахайны тэжээл” авах дээрээ тулаад байгаа ХААХҮ-ийн сайд Ч.Улааныг үүрэгт ажлаас нь огцруулах хэрэгтэй байна. Толгойг нь авч болохгүй нь мэдээж, тэгэхээр эрх мэдэл, албан тушаалыг нь авбал зүйд нийцнэ.

Улаанбуудай бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гол асуудлын нэг мөн. Цар тахал дэлхий нийтийг түгшээж байгаа энэ үед улс орон хилээ хаачихаад мах гурилтай байхад л гэдэс цатгалан байна. Ямар ч айхавтар аюул нүүрлэхэд монголчууд бид тансаг хэрэгцээгээ болиод гэр гэртээ гамбираа хайрч, лавшаагаа хийж идээд суухад айх аюулгүй амь зуучихна гэж хүн болгон бодсон, төр засгаас ч ингэж ухуулж байв. Гурил битгий нөөцөл, тариа сайн авсан, өөрсдөө тээрэмдэж чадна айлтгүй гээд байсан нь худал болж таарав уу. Хүн бүрийн амин хэрэгцээ гурилын асуудал дээр салбарын сайд нь худлаа хэлж, ажлаа сайн хийсэн хүн болж харагдахаар амандаа орсон тоог хэлээд зүгээр нэг шоу хийсэн бол Монголын төр тэр нөхөрт нэн түрүүнд хариуцлага тооцох ёстой. Худлаа мэдээлэл өгч байсныхаа төлөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан, газар тариалан хариуцсан мэргэжлийн хүмүүс, за тэгээд Ч.Улаан сайд та Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой.

Улс орныг худал хуурмаг үгээр удирдаж болдоггүй. Ялангуяа ийм эгзэгтэй хүнд цаг үед улайм цайм худалч төр засагтай Монголын ард түмэн бид яаж энэ өвчин зовлонг туулах болж байна. Засгийн газрын энэ олон сайдуудад бүгд Улаан шигээ худлаа мэдээлэл өгдөг юм биш байгаа гэх айдас, үл итгэсэн байдал хүмүүст төрөх нь мэдээж. Өнөөдөр дэлхий нийтээр айдас түгшүүртэй байна. Яг ийм үед гурилын хэрэгцээгээ хангах нөөцгүй боллоо, хавар тариа будаагаа тарих боломжгүй боллоо гэх мэдээлэл айл өрх, хүн бүрт нэмэр дээр нэрмээс болж айхавтар том цочрол өглөө, түгшүүрийн харанга дэлдлээ гэж болно. Гэнэтийн юм гэдэг маш аюултай байдаг. “Хорио цээрийн энэ үед ямар ч байсан бид өлсөхгүй ээ. Ямар азаар өнгөрсөн жил өндөр ургац хурааж авсан юм бэ дээ” гэж сэтгэл хангалуун гэдэс цатгалан байсан монголчуудынхаа урмыг Улаан сайд болон Засгийн газар айхавтар хугаллаа. Уул нь “хорооноо вирус”-ийн цар тахлын энэ үед Монголын төр, төр шиг ажиллаж байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Сарангэрэл сайдад баярлаж байгаа хүн бишгүй. Эрвийх дэрвийхээрээ энэ аюулыг даваад гарах гэж хүн бүр итгэлтэй урам зоригтой байсан. Харин энэ бүгдийг Улаан сайд таны мэдэгдэл үгүй хийчихэж байгаа юм биш үү? Эцэст нь асуухад, улаанбуудайны 20 хувийг “хорооноо вирус” зооглочихсон болж байна уу? Хүмүүс ганц Улаан сайд худал ярьдаг, бусад нь үнэн ярьж байна гэж бодно гэж үү. Энэ сайдууд чинь худлаа ярьдаг юм байна л гэж бодно биз дээ. Тэгэхлээр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдууд үнэн ярьж байгаа гэсэн баталгаа байна уу. Ер нь энэ Хүрэлсүхийн Засгийн газар үнэн ярьж байна уу, худлаа улстөржиж хуурч дагуулж гүйсээр байгаад биднийг шавар намагт хутгаад хаячих юм биш биз. Хамгийн удаан төр засагт ажиллаж байсан Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хүртэл хийж явсан Улаан улайх ч үгүй худал хэлж чадаж байхад бусдад нь итгэх арга бий юү.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн 07:00 цагаас 16-ны 07:00 цаг хүртэл тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Image result for Орон нутгийн хөдөлгөөн

УОК хуралдаж яаралтай шийдвэр гаргалаа. Шинэ коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Гэхдээ олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын урсгал, авто замын олон улсын хойд хилийн урсгал нээлттэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар ээлжит бус хуралдаан хийнэ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, европын орнуудаас ирэх, очих нислэгийг цуцлах эсэхийг хэлэлцэнэ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, “Монгол Улсад ажилладаг 57 настай франц иргэнээс авсан эхний шинжилгээгээр “COVID-19” илэрлээ. Тухайн иргэн франц руу буцаад 14 хоноод ирсэн байна. Францад амьдардаг хотод нь “COVID-19”-ийн нэг тохиолдол бүртгэгдээд байсан юм билээ. Францаас ирсэн даруйд нь Монголын эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн ч гурван ресторанаар үйлчлүүлснээс гадна Дорноговь руу явж компанийнхаа ажилтнуудтай хурал хийсэн байна. Энэ сарын 2-нд тухайн иргэнтэй хамт Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн буюу нэгдүгээр хавьталд байсан 100 гаруй хүний нэр, хаяг, утасны дугаарыг нь авсан. Одоо шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлж байна. Мөн 2-3 дугаар хавьтал буюу хамт ирсэн хүмүүсийнх нь уулздаг, хамт ажилладаг 500 гаруй хүний нэр, хаяг, холбоо барих дугаарыг нэгтгээд байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Доржпүрэв: Орон нутгийн сонгуулийн өмнөхөн хэрэг үүсгэн шалгаж, эцэст нь үнэн мөнийг нь тогтоосон

Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвтэй ярилцлаа.


-Коронавирусийн тархалттай холбоотойгоор Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Иргэд чадах чинээгээрээ дэглэм сахиж, хандив тусламж өгч, хамтран ажиллаж байна. Таны хувьд ч хандив тусламжийг түүчээлэгчдийн нэг боллоо. Яагаад хандив өгөхөөр болов?

-Коронавирус орчин цагийн хар тахал л болчихлоо. Нийтдээ 90 гаруй мянган хүнд тархсан байгаа талаар өнөөдөр мэдээлж байна лээ. Манай хил залгаа, ойр орчмын бүхий л улс оронд гарлаа. Үүнээс үүдэж Монгол Улсад санхүү, эдийн засгийн хүндрэл гарч байна. Тиймдээ ч найз нөхөд, гэр бүл, ажиллагсад гээд 70 орчим хүн нийлж хандив цуглуулахаар шийдэж, 20 сая төгрөгийг цуглуулсан. Энэ мөнгөөр маск, нэг удаагийн хувцас хэрэгслийг авах гэсэн боловч мэргэжлийн хүмүүс биш учир олж сонгоход бэрх юм билээ. Иймд мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө сонгосон нь зүйтэй болов уу гэж үзээд бэлэн мөнгийг нь хандивлахаар шийдсэн.

-Цөөнгүй иргэд Эрүүл мэндийн яаманд хандив тусламж үзүүлж байна. Монголчуудын зовох цагт нэгэндээ дэм тус болдог сайхан чанар алдагдаагүй юм байна гэж баярлаж, бахдах хүмүүс ч байлаа.

-Үнэн. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” ч гэж бид хэлдэг шүү дээ. Ер нь бид өөр, өөрсдөдөө л анхаарал халамжтай байхгүй бол биднийг хэн анхаарах билээ дээ. Бид чинь цөөхүүлээ. Тэр утгаараа ч манай ажилчид, найзууд энэ хандивын үйл ажиллагааг маш уриалгахнаар дэмжсэн. Хэрэв дэмжээгүй бол 20 сая төгрөг босгоно гэдэг чамгүй ажил шүү.

-Коронавирус Монгол Улсад илрээгүй байгааг янз бүрийн хүчин зүйлстэй л холбож тайлбарлаж байна. Таны хувьд юу гэж харж байна вэ?

-Байгаль цаг уурын онцлогоосоо болж байгаа юм болов уу гэж харж байна. Монголоос гадна Казахстан, Узбекистан, Тажикистан зэрэг улсуудад тархалт харагдахгүй байгаа юм. Тиймээс газар зүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдал дээрээс нь хэрэглэж байгаа хоол хүнснээсээ ч болдог байж магадгүй. Нөгөө талаараа төрийн байгууллагуудаас хөл хорио тавих тал дээр сайн ажиллаж, үр дүн нь ийн гарч байгааг ч үгүйсгэхгүй. ДЭМБ-ын цахим хуудас руу өглөө бүр орж үзэж байгаа. Харахад хүн маш ихээр бөөгнөрдөг, их олон нисэх онгоцны буудалтай, том арга хэмжээ зохион байгуулдаг, аялал жуулчлал их хөгжчихсөн газруудад өргөн тархацтай байна. Европт л гэхэд Франц, Итали, Азид БНХАУ, БНСУ, Японыг нэрлэж болно. АНУ-д нөхцөл байдал хэвийн байснаа сая дэгдээд л эхэлчихлээ.

-Таны хувьд одоогоор ямар алба хашиж байна вэ?

-Би дэд сайдын алба хашихаасаа өмнө бизнес хийж байсан. Төв аймгийн Ардчилсан намын даргаар 10-аад жил ажилласан байна. Түүнээс хойш дөрвөн жил гаруй юм хийсэнгүй. Өнгөрсөн жилээс эхлээд хувийнхаа ажил руу орж байна даа.

-Эргэн улс төрд хөл тавих уу. Сонгууль дөхсөн энэ үед ямар бодолтой байгаа вэ?

-Нэг зүйлийг онцлоход хандивын ажил бол сэтгэлийн юм шүү. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж хүсэх байна. Хандивын аян үргэлжлэн дэлгэрч байгаад баяртай байна.

Яахав сонгуулийн тухайд харж л байна. Их хурлын сонгуулиар би Төв аймагт гурван удаа нэр дэвшсэн, удаалж байсан.Миний хувьд сонгуульд орно гэдгээ эцэслэж шийдсэн юм алга. Улс төрд залуучууд, идэр насныхан оролцдог, идэвхтэй байх хэрэгтэй. Нэн ялангуяа нийгмийн идэвх сайн байхгүй бол бид хөгжихгүй. Энэ үүднээс нь ч хүмүүс улс төрийг анхаарч ярьдаг. Мөн улстөрчдийн сайн, муу, сайхан, муухай, хувийн амьдралыг сонирхож хардаг, шинждэг. Шалтгаан нь тэд маань сонголт хийх учраас.

-Хандивын үйл ажиллагааг тань сайшаахын хажуугаар саар зүйлсийг ярих нь ч байна. Таныг Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын санхүүжилтээс нэг сая ам.долларыг банк бусаараа дамжуулан авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгасан. Энэ хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болсон юм уу?

-Би төрийн алба хашиж байсан. Дэд сайд бол төрийн өндөр албан тушаал мөн. Би хариуцаж байсан ажилдаа хайнга хандаж байгаагүй. Улс орондоо хэрэгтэй ажлуудыг хийж бүтээчих юмсан л гэж зорьж ажилласан. Олон төсөл хөтөлбөрүүд дээр ажил үүргийнхээ дагуу хяналт тавин ажилладаг байсны нэг нь энэ төсөл. Тэдгээр төслүүдийн үр дүнд бид өнөөдрийг хүртэлх эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэж чадсан. 2016 оны сонгуулийн дараагаар буюу орон нутгийн сонгуулийн өмнөхөн л хэрэг үүсгэж шалгасан. Тэр үед төрийн зүгээс шаардсан бүхий л бичиг баримтуудыг гаргаж өгч, шалгуулсан. Шалгасны эцэст хохирсон хүн, хуулийн этгээд байхгүй юм байна гэж үзээд 2019 оны тавдугаар сард хэргийг хаасан. Энэ талаарх шийдвэрийг надад бичгээр ирүүлсэн.

Одоо цагт мэдээллийн үнэн зөв, худал буруу гэдгийг ялгахад бэрх болчихож л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Золжаргал: Өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх боломжтой, ажиллаж амьдрах орон зайтай эх оронд төрсөндөө бүхнээс илүү баярлаж явдаг

Олон улсын уулын холбооны дэд ерөнхийлөгч Б.Золжаргалтай ярилцлаа.


-Золжаргал гэж хэн бэ, ямар хүн бэ, өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу уншигчдад маань?

-Би нөхөр, таван хүүхдийн хамт амьдардаг, бизнес эрхлэгч, ууланд дурласан эмэгтэй гэдгээрээ хэн бэ гэдгээ, аав ээж нарын хайрыг сайн явж хариулах гэж хичээж яваа айлын охин гэдгээрээ ямар хүн бэ гэдгээ товчхон тодорхойлъё доо. /инээв./

-Таны танилцуулгыг хараад бодож суух нь ээ эмэгтэй хүний хувьд маш их олон ажил нугалагдаж байх шиг… Дотооддоо эхлүүлсэн бизнесүүд, ОУ-ын уулын спортын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаал, гэр бүл, сайн дурын ажлууд. Энэ дундаас онцолж яагаад заавал та Уулын спортыг онцгойлж сонгох болсноо яриач?

-Эмэгтэй хүн гэхээр тогоо тойрсон асуудалд эргэлдэн гэртээ сууна гэсэн уламжлалт сэтгэлгээ ард хоцорсон гэж боддог. Үндсэн хуулиар олгогдсон ижил тэгш хүртээмжтэй, ардчилсан улсад хүн болж төлөвшин, өөрийн хүсэл мөрөөдөлийг биелүүлэх боломжоор дүүрэн, ажиллаж амьдрах орон зайгаар баялаг эх оронд төрсөндөө бүхнээс илүү баярлаж явдагаа энэ дашрамд хэлмээр санагдлаа. Би хувьдаа техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүн бүр олдсон боломжоо бүрэн ашиглаглаж чадахгүй өнгөрүүлсэн цаг хугацаа дэндүү хайран санагддаг. Бидний үеийн залуучууд бүгд ийм сэтгэлгээтэй болж байгаа гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас өнөөдрийн нийгэмд миний амжуулж байгаа бүхэн тийм ч их ажил биш гэж боддог. Цаашид өөрийгөө илүү дайчилж, илүү ихийг хийж бүтээх ёстой гэж боддог. Тэгж байж Монгол Улс, бидний ирээдүйн хөгжлийн хувьд бусад өндөр хөгжилтэй улс орнуудтай мөр зэрэгцэнэ гэдэгт итгэж, түүний төлөө чармайж явдаг.

Спортын тухайд би, бага байхын л спортод дуртай, усан спорт, сагс зэрэг өөрийгөө чийрэгжүүлэх, багийн спортоор хичээллэж ирсэн. Харин уулын спорттой холбогдсон түүх санамсаргүй бөгөөд их завшаантай тохиол болсон юм. Бодож, тунгааж, баахан судалсны эцэст шилэн фасад цэвэрлэгээний компани байгуулаад цоо шинэ, Монголд хөгжөөгүй, эрсдэл өндөртэй салбарт хүч үзэхээр сэтгэл шулуудаад байх үед өөрсдийн хэрэглэдэг өндрийн хэрэгсэл болох Францын Petzl брэндийг Монголд албан ёсоор оруулж ирэх болсон юм. Гэтэл энэ брэндийн нэг чиглэл нь уулын спортын багаж хэрэгсэл, тоноглолын үйлдвэрлэл юм л даа. Ингээд л уулын спорттой анх танилцаж байлаа.

-Дэлхийн, Олон улсын холбооны дэд ерөнхийлөгч хүртэл явахад ийм энгийн эхлэлтэй байсан гэж үү?

-2013 онд ихэр хөвгүүдээ төрүүлчихээд хажуугаар нь хувийн компанийнхаа үйл ажиллагааг тасалдуулахгүй гээд хоёр сартай хүүхдүүдээ аав ээж нараараа харуулаад, ажилдаа орсон жил л дээ. Нялх биетэй, ачаалал ихтэй байсан тэр үед 30 орчим кг жин нэмж хувьдаа л өөртөө ахадсан гэмээр дарамтаар өөрийгөө бүрхсэн юм. Яг энэ үед “Petzl” брэндийг Монголд оруулж ирэх, дэлгүүр нээх ажил хийгдэж таараад, бүртээгдэхүүнийг судлахын тулд өөрийн биеэр ууланд алхахыг туршиж үзэж, бас жингээ багасгах зорилгоор ойрхон Богд ууланд алхдаг байлаа. Манзушираас Цэцээ гүн хайрханы оргил өөд алхах нь тухайн үед маш хүнд санагддаг байж билээ. Замаасаа буцмаар, уйлмаар, шантармаар байдаг байсан ч өөрийгөө зоригжуулан, бас хүчлэн замынхаа эцсийн цэгт хүрээд буцах тэр мэдрэмж ямар нэг зүйл ялсан юм шиг, сэтгэл дүүрэн, аз жаргалтай болдгодог байсан. Үүнээс хойш урамшин Цамбагарав хайрхан өөд 2015 онд авирах боломж олдож, анх “Мөнх цаст өндөр уул”-нд сайн баг, мэргэжлийн ахлагчдын тусламжтай авирч, амжилттай оргилд хүрсэн. Энэ нь миний хувьд төсөөлшгүй хүнд бэрх хэдий ч маш их аз жаргал мэдрүүлсэн, дахиж мартагдамгүй дурсамжийг үлдээсэн. Ингээд л би “Уулын спорт”-д эргэлт буцалтгүй чин сэтгэлээ, хүсэл тэмүүллээ зориулж эхэлсэн юм.

Олон Улсын бөгөөд дотоодын уулын холбооны тухайд гэвэл бизнесийнхээ хажуугаар, хоббигоороо жаргаж хийдэг сонгуульт ажил минь шүү дээ. Манай холбооны гишүүд бүгд л тус бүрийн ажилтай хэрнээ мөн л уулын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, сонирхогчдыг тэсвэр хатуужил, зүйрлэхэд үг үл хүрэм жаргалыг олон хүмүүст мэдрүүлэхээр нэгдсэн “нэгэн цул” баг юм. Уулын спорт бол тэр чигээрээ багийн ажиллагаа, итгэлцэл, сахилга бат, ёс зүй шүү дээ.

-Хэзээнээс Олон улсын уулын холбооны дэд ерөнхийлөгч болсон бэ. Олон улсын уулын холбоотой харилцаагаа сайжруулснаар ирэх өгөөж нь юу вэ?

-2019 оны 11 сард Кипр улсад болсон Олон Улсын Уулын Холбоо (Union Inter­nationale des Associations D’Alpinisme (UIAA))-ны Ерөнхий ассамблейгаар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон, улмаар шинэ бүрэлдэхүүнээр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар Дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. Бид олон улсын холбооны харилцааг сайжруулснаараа олон улсын сургалт, аюулгүй ажиллагааны стандарт журмыг эх орондоо нутагшуулах, нэвтрүүлэх, байгаль орчноо хамгаалах тогтвортой хөгжлийн хүрээнд авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг дуудах, бэлтгэлийн бааз барих мэргэжлийн зөвлөмж авах зэрэг ашиг тустай. Бидэнд энэ бүхнийг хэрэгжүүлэн амжилтад хүрэх нөөц бололцоо маш их бий.

-Спортын олон улсын холбоонд Ази тивээс, тэр дундаа монгол хүн сонгогдсон нь сайхан зүйл болжээ.

-Уулын спортын олон улсын холбооны хувьд анх 1932 онд Европын таван улс нийлж байгуулснаас хойш Удирдах зөвлөлд нь анх удаа БНХАУ-ын иргэн 2016 онд сонгогдож байсан бол Ази тивээс өнгөрсөн жилд надтай хамт Ираны 32 настай залуу хамт сонгогдож түүхэндээ Ази тивээс гурван төлөөлөлтэй болж байна. Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд анх удаа ази эмэгтэй очсон нь анхны тохиолдол болж байгаа. Энэ нь XXI зуун Азийн зуун ирж Азиуд илүү манлайлах төлөвтэй байгаа нь харагдаж байна гэж олон улсын төлөөлөгч нар дүгнэж байгаа. Миний мэдэхээр олон улсын спортын холбооны хувьд Олон Улсын Бадминтоны Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Баттүшиг, Олон Улсын Оюутны Спортын Холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3 комиссын гишүүн Л.Мягмаржав гэх монгол хүмүүс миний мэдэхээр сонгогдон ажиллаж байгаа юм билээ.

-Монголын тамирчид ууланд авиралтын спортын мэргэжлийн түвшин ямархуу байдалтай байгаа вэ?

-Уулын спорт дотроо олон төрөлтэй, мөн эрчимтэй хөгжиж буй шинэ залуу төрлүүдтэй их өвөрмөц спорт юм. Өндөр уулын авиралтаар бол дэлхийн долоон тивийн ноён оргилуудад монголчууд амжилттай авиралт хийгээд, 6000-8000 метр өндөртэй уулуудад чөлөөтэй зорчиж авиралт хийж байна. Уулын спортын залуу гурван төрөл болох Спорт авиралт, Мөсөнд авиралт, Скайраннингийн төрлүүд дэлхийд маш хурдацтай хөгжиж олон залуучуудыг байлдан дагуулж байна. Эдгээрээс “Спорт авиралт” нь зуны олимпийн төрөлд хэдийнэ багтсан бол “Мөсөнд авиралт”-ын төрөл өвлийн олимпод орохоор бэлтгэж байна. Монголын тамирчдын хувьд “Мөсөнд авиралт”-ын төрлөөр 2015 оноос хойш тасралтгүй тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд тогтмол оролцож Азид нэгдүгээрт, дэлхийн түвшинд эхний дөрөвт багтаж медалийн төлөө өрсөлддөг хүчтэй өрсөлдөгч нар болжээ. “Скайраннинг”-ийн төрлөөр энэ жил анхны тамирчнаа дэлхийн цуврал тэмцээнд оролцуулахаар сойж байна. Харин “Спорт авиралт”-аар бид бэлтгэлийн бааз, дэд бүтэц дээрээ эхний ээлжинд анхаарал хандуулан ажиллаж байна.

-Манай баг тамирчдын гаргаад байгаа амжилтаас дурдвал?

Уралдаан тэмцээний тухайд сүүлийн үед манай тамирчид мөсөнд авиралтаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2019-2020 оны улиралд эр, эм алтан медаль, эр хүрэл медаль хүртсэн хамгийн өндөр амжилттай байна. Харин ууланд авиралтын хувьд 1950 оноос эхлэн ахмад уулчид маань улс орныхоо нэрийг өндөрт мандуулсаар ирсэн.

-Тэгвэл дэлхийн хэмжээнд ямар түвшинд байгаа вэ?

-Дэлхийн цомын тэмцээнд хоёр удаа хүрэл медалийн төлөө өрсөлдөж дөрөвдүгээр байрт шалгараад байна.

-Ер нь энэ спортоор хэдэн наснаас эхэлж хичээллэвэл зохимжтой вэ?

-Спорт авиралтын хувьд хамгийн багадаа дөрвөн наснаас эхлэх боломжтой.

-Манай тамирчдын техник хэрэгсэл нь бусад улстай харьцуулахад хэр байдаг тухай?

-Одоо манай уулчид, тамирчид, сонирхогчид бүгд олон улсын түвшинд хувцаслаж, тоноглогдсон. Илүү гарна уу л гэхээс мода, загвараар уралддаг болсон шүү дээ.

-Монголд бэлтгэл хийх бааз нь хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Дээр би дурдсан, уулын спорт дотроо уулын алхалт, уулын авиралт, хаданд авиралт, мөсөнд авиралт, спорт авиралт, скайраннинг гэсэн төрлүүдтэй. Эдгээр төрлүүдээс мөсөнд авиралт, спорт авиралт нь стандартын хана, бэлтгэлийн баазыг шаардана. Монголын Уулчдын Үндэсний Холбоо Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын дэмжлэгтэйгээр Найрамдал зусланд мөсөнд авиралтын хурдны ханыг 2017 онд барьж өвөлдөө тэмцээн, бэлтгэлийг зохион байгуулж байна. Техникийн хананы нөхцөл хангалтгүй байгаа. Спорт авиралтын хувьд 2000 онд АНУ-ын уулчин Алекс Лоув сангийн хандиваар барьж өгсөн хиймэл хана одоо МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зааланд бий. Эдгээрээс өөр мэргэжлийн хана, бэлтгэлийн бааз байхгүй байна. Харин 2020 онд спорт авиралт, мөсөнд авиралтын хосолсон олон улсын стандартын ханыг Скай Резорт цанын баазад барихаар төлөвлөн барилгын зураг, тооцоо нь дууссан боловч дэлхий нийтээр тархаад буй шинэ Корона-19 вирусийн дэгдэлтээс болж удаашраад байна.

-Бэлтгэл хийдэг, тэмцээн болдог хиймэл хананууд байдаг. Үнэ өртөг нь хэр байдаг, мөн энэ ханыг яг яаж хийдэг, өөрсдөө хийх боломж бололцоо хэр байдаг талаар…

-Бэлтгэл хийх хана, тэмцээн зохиох хананы шаардлага, хэмжээ, бүтэц ялгаатай. Бэлтгэлийн ханыг мэргэжлийн хүний зөвлөгөөний дагуу өөрсдөө хийх боломжтой. Олон улсын тэмцээн зохиох хэмжээний хана, байгууламжийг бол олон улсын холбооноос тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн компаниуд гүйцэтгэнэ. Үнийн хувьд тухайн орны барилгын материалын үнэ, ханшаас шалтгаалдаг. Энэ хананы тухайд Сөүл хотод баригдсан 2.5 тэрбум воны үнэтэй боссон.

-Уулын спорт нь олимпийн хөтөлбөрт орсон. Ирээдүйд манай тамирчид олимпоос медаль зүүх боломж хэр байна гэж хардаг вэ?

-Мэдээж бидэнд амжилт гаргах шавхагдашгүй их нөөц бололцоо бий. Спорт авиралт олимпод орсноос хойш залуу үеийнхний дунд хурдацтайгаар түгээн дэлгэрч байна. Монголын залуучууд сонирхож хичээллэх нь ч ихэсч байгаа. Монгол Улсын хувьд 2024 оны зуны олимп, 2026 оны өвлийн олимпуудаас олимпийн медаль зүүх бүрэн боломжтой. Ялангуяа мөсөнд авиралт өвлийн олимпод багтах үед анхны өвлийн олимпоос монгол тамирчин медаль зүүнэ гэдэгт би 100 хувь итгэлтэй байна.

-Энэ их ажил, тэгээд хүүхдүүд, бас гэрийн эзэгтэйн үүрэг хариуцлагын хажуугаар та энэ бүгдийг яаж амжуулаад байна аа. Яг энэ тал дээр та бүсгүйчүүдэд урам зориг өгөөч.

-Би энэ удаад тантай зөвхөн уулын спортын тухай дэлгэрэнгүй ярилаа. Энэ сэдэв нь дуусашгүй, шавхагдашгүй их юм л даа. Гэхдээ би “Эхнэр, Ээж, Охин” хүний хувьд ямар ч их ажилтай байсан заавал хийж заншсан гэрийн үүрэг оролцоо байдаг. Гэр бүл миний хувьд хамгийн хүндтэй, эрхэм бүхэн минь шүү дээ. Хүн гэдэг хүсэл, зорилго байвал ундарсан их эрч хүчтэй, шавхагдашгүй нөөцтэй бодгаль шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн хэрвээ хүсвэл юуг ч хийж, амжуулж болдог гэж боддог болсон. Маш ихээр хүсч тэмүүлж, түүнийхээ төлөө бодитой ажиллах л хэрэгтэй юм билээ. Гэхдээ миний хувьд би том гавьяа бүтээсэн мундаг хүн биш учраас хүнд зааж, номлох эрх байхгүй, харин ганцхан зүйлийг хэлж чадах байна. Зогсолтгүй, маш их ажилласаны хүчинд би өөрийн зохион байгуулах чадварыг олж нээсэн юм. Түүнийхээ хүчээр л яг л жанглёрчин шиг өөрийн босгосон бүхнээ амжуулдаг. Таван хүүхэд, гэр орны цэвэр, тухтай, бүтэн байдал мэдээж нөхөр бид хоёрын хариуцлагын асуудал. Аль болох хоорондоо зохицоод, ажлуудаа хувааж аваад хийчихдэг. Хадам ээж минь, аав ээж нар минь ойрхон амьдардаг тулдаа зөндөө тусална. Тэгэхээр олон хүний хүчээр, багаар л ажиллаж байна даа. Бас энэ завшааныг ашиглан ханьдаа, аав ээж нартаа үргэлж талархаж явдгаа хэлмээр байна (инээв).

-Ярилцахад таатай байлаа. Төгсгөлд нь зөвхөн бүсгүйчүүд гэлгүй урам зориг, итгэлийн гал дөлийг бадраах зүйл хэлбэл…

-Амьдралыг би уултай зүйрлэх дуртай. Уулын оргилд хүрэх хүртэлх зам бол бидний өдөр тутмын туулж буй амьдрал юм. Саад бэрхшээл, хүндрэл бэрхшээлээс илүү нартай, үзэсгэлэнтэй “цаг мөчүүд” нь их байдаг. Уулын оргил бол бидний зорилго. Уулын оргилд хүрэх зам хэзээ ч дардан байдаггүй гэхдээ үр дүн нь үнэхээр гайхамшигтай, төсөөлснөөс ч илүү сайхан байдаг. Би үргэлж энэ төсөөллөөрөө өөрийгөө зоригжуулж, урагш тэмүүлдэг дээ. Миний ярилцлага, хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, ярьсан зүйлс минь олон бүсгүйчүүдэд өөрийгөө нээхэд нь, урам зоригоо хурцлахад нь тус нэмэр болох болов уу гэж итгэж байна. Та бүхэндээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, бүгдэд нь аз жаргалыг хүсэн ерөөе.

-Танд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсэе.


Categories
мэдээ цаг-үе

О.Хишигбаатар: Энэ цагаан сараар бөх барилдсан бол Б.Бат-Өлзий, О.Хангай хоёрын давсан нь түрүүлэх байсан


Бөх сонирхогч О.Хишигбаатартай ярилцлаа.


-Энэ жил коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор цагаан сарын барилдааныг хориглосон. Таны хувьд уг шийдвэрийг хэрхэн хүлээж авав?

-Японы сумогийн холбоо гуравдугаар сарын Харү башёг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон. Уг нь үүн шиг үзэгчгүйгээр цагаан сарын барилдааныг явуулж болох л байсан. Энэ жил үзээгүй юмаа л үзлээ. 1963 онд анх зохион байгуулагдсан цагаан сарын барилдаан үүнээс өмнө хэзээ ч өнжиж байгаагүй. Наадам шиг морь уралдаж, нум сум харвахгүй учраас битүүний өдрийн бөхийн барилдаан цагаан сарын баярын ганц цэнгэл нь шүү дээ. Монголчууд битүүний өдөр бөхөө үзэж л баясдаг. Цагаан сарын барилдаан эрэмбээрээ наадмын дараа орох том барилдаан. Цол олгодоггүй учраас шударга сайхан өрсөлддөж тухайн жилийнхээ өнгийг үздэг гэх утгаараа магадгүй наадмаас ч илүү чансаатай барилдаан юм.

-Хэрэв энэ жилийн цагаан сараар бөхийн барилдаан явагдсан бол та хэнийг түрүүлнэ гэж таамаглаж байв?

-1990-ээд оны үед Б.Бат-Эрдэнэ аварга барилдсан л бол түрүүлдэг байсан. Харин өнөө үед тэр бөх түрүүлнэ гэж таамаг хэлэхэд маш хэцүү. Улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай хоёр шөвгийн найм юм уу, эсвэл шөвгийн дөрөвт тунаж барилдаад давсан нь түрүүлэх байсан байх аа. Энэ хоёр бөх заалны барилдаануудад тогтмол сайн барилдсан учир бэлтгэл сайтай байсан. Мөн Батсуурь аварга ч бас түрүүлэх өндөр магадлалтай. Гэхдээ одоо үед ямар ч барилдааныг таахад хэцүү болсон.

-Та Улсын аварга, арслангуудыг хэр сайн барилдах байсан гэж таамаглаж байгаа вэ?

-Наадмаас хойш зохион байгуулагдсан заалны барилдаануудад Улсын аварга Ч.Санжаадамба, Э.Оюунболд, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба нар бараг барилдсангүй. Харин Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар нэлээд олон барилдаанд зодоглосон. Заалны барилдаанд зодоглоно гэдэг бэлтгэл сайн хангагдана гэсэн үг л дээ.

-Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр Улсын баяр наадмаас хойш зохиогдсон гурван том барилдаанд дараалан түрүүлсэн шүү дээ. Ер нь Улсын харцага, начингуудаас хэнийг дээгүүр барилдана гэж таамаглаж байв?

-Улсын харцага Д.Анар, Улсын начин Ч.Хөхчирэнгэр, Б.Амарзаяа, Б.Даваа-Очир нар дээгүүр барилдана байх. Ч.Хөхчирэнгэр өмнө нь төдийлөн олон барилдаанд түрүүлж үзүүрлэдэггүй байсан. Харин энэ жил маш сайн байгаа. Ч.Хөхчирэнгэр начин Чөлөөт бөхийн суурьтай л даа.


-Аймгийн цолтнууд цагаан сарын барилдаанд цахиур хагалах нь сүүлийн жилүүдэд их болсон шүү дээ?

-Би сүүлийн хориод жил тасралтгүй бөх үзэж, бөхтэй холбоотой сонин хэвлэлүүдийг цуглуулж байгаа. Сүүлийн жилүүдэд улс, аймгийн цолтой бөхчүүдийн хооронд ялгаа байхгүй болсон. Ч.Санжаадамба цэргийн арслан цолтой, Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан цолтой байхдаа цагаан сарын барилдаанд түрүүлж байлаа. Түүнчлэн О.Хангай аймгийн арслан цолтой зодоглож цагаан сарын барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн. 1980, 1990-ээд оны үед Улсын цолтой бөхтэй барилдахдаа залуучуудын өвдөг нь чичирдэг байсан. Харин одоо бол энэ үзэгдэл өөрчлөгдсөн.

-Улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрх цагаан сарын барилдааны өмнөхөн сэргээгдээд байлаа. Б.Пүрэвсайхан зааныг хэр дээгүүр барилдана гэсэн хүлээлттэй байв?

-Б.Пүрэвсайхан зааны барилдах эрх нь сэргээгдээд байлаа. Тэгэхээр эхний том барилдаандаа зодоглох байсан. Уг нь цагаан сарын барилдаан хагас өдөр л зохион байгуулагдах үйл ажиллагаа шүү дээ. Томоохон худалдааны төвүүд бүгдээрээ ажиллаж байхад цагаан сарын барилдааныг хориглосон явдал нь арай л оновчгүй шийдвэр болсон л гэж харж байгаа.

-Та залуу бөхчүүдийн барилдааныг хэр их үздэг вэ?

-Би Улсын цолтой бөхчүүдийн барилдаанаас илүү аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг үзэх дуртай. Уран мэх, уран барилдаан үзье гэвэл аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг үзэх хэрэгтэй. Залуу бөхчүүдийн хооронд түргэн шуурхай, уран гоё барилдаанууд их гардаг.

-Таны сэтгэлд тод үлдсэн цагаан сарын барилдаан хэдэн оных байсан бэ?

-Монголчууд шинээр цахиур хагалан гарч ирж буй залуу бөхчүүдийг харж, дэмждэг. Тэр утгаараа 2000 оны цагаан сарын барилдаан сэтгэлд тодхон үлдсэн. Тэр жилийн цагаан сарын барилдаанд Улсын заан Ц.Магалжав аймгийн арслан цолтой зодоглож тухайн барилдааны шөвгийн дөрөвт өмнөх жилийнх нь цагаан сарын барилдаанд түрүүлээд байсан А.Сүхбатыг хөндлөн дайрч давж байлаа. Ер нь иймэрхүү залуу бөхчүүд шуугиулсан барилдаанууд л сэтгэлд тодхон үлддэг дээ.

-Та чөлөөт цагаараа бөхчүүдийн хөргийг зурдаг гэсэн. Хамгийн сүүлд, ямар бөхчүүдийн хөргийг зурсан бэ?

-Би Аваргуудын зургийг цувралаар зурж байгаа. Одоо Д.Цэрэнтогтох, Н.Батсуурь хоёрыг л зурах дутуу үлдээд байна. Хамгийн сүүлд, 2018 оны оны Улсын баяр наадмын долоогийн даваанд Улсын заан Жаргалбаярын Содномдорж арсланг хавирч унагааж байгаа барилдааныг зурсан. Б.Бат-Эрдэнэ аваргын зургийг зураад дуусч байтал таараад миний зурган дээр гарын үсэг зурж өгсөн.

-Монголын Үндэсний бөхийн холбоо сүүлийн үед нэлээд будлиантай байна. Та бөх сонирхогчийн хувьд уг нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Зах зээлийн хүнд хэцүү цаг үед Р.Нямдорж, Д.Данзан хоёр хандив цуглуулж бөхийн өргөөг байгуулсан.Тэр үед хүмүүс нийтийн төлөө зүтгэх байтугай өөрийнхөө хоногийн хоолыг олох гэж зовж байсан шүү дээ. Тийм хэцүү цаг үед энэ хоёр хүн бөхийн өргөөг байгуулж, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Түүнчлэн “цолны хишиг” хэмээн мөнгөн тэтгэмжийг жил болгон ахмад бөхчүүддээ олгож байгаа. Эдгээр хүмүүсийн үйл ажиллагаанд жаахан алдаа дутагдал байсан л байх. Гэхдээ л энэ хоёр хүн үлгэр жишээ сайн ажилласан.

-Ингэхэд та өөрөө хэр барилддаг вэ?

-Би ч овооны л бөх дөө. Хүүхэд байхдаа нутгийнхаа овооны наадамд түрүүлж даага авч байсан.Тогтмол бэлтгэл хийхгүй болохоор олигтой амжилт гаргаж чадаагүй ээ. Гэхдээ унасан ч хамаагүй наадмаар зодоглож байж л баярласан болдог юм. Олон жил уралдсан морь шиг наадам дөхөхөөр л догдлоод байдаг даа.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​ШУУРХАЙ МЭДЭЭ Монголд гадны иргэнээс коронавирусын халдвар илэрлээ

коронавирус-н зурган илэрц

03 дугаар сарын 02-ны өдөр “Аэрофлот”-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэн халдвар авчээ. Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож бна. Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Одоо замд явж байгааг хот руу оруулна. Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч бна.