Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн байгууллагаар олноороо үйлчлүүлэхээс татгалзахыг зөвлөлөө

Гэмтэл согог судлалын үндэсний төвд дунджаар нэг өдөрт 2,500 гаруй хүн орж гардаг гэх тоон судалгаа буй аж.

Энэ нь эрүүл мэндийн байгууллага эрсдэл өнөртэй бүсэд хамаарч байгааг харуулж буй тул эмнэлгийн байгууллагаар олноороо үйлчлүүлэхээс аль болох татгалзахыг ГССҮТ зөвлөлөө.

Categories
мэдээ улс-төр

Орос, Турк, Казахстанаас ирэх, буцах нислэгийг зогсоов

Улсын онцгой комисс (УОК)-ын хуралдаанаар Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар, Улаанбаатар-Нур-Султан-Улаанбаатарын хуваарьт нислэгийг энэ сарын 13-ны 06.30 цагаас 28-ныг дуустал зогсоохоор шийдвэрлэлээ.

Нислэг зогсоосон хугацаанд дээрх орнуудаас эх орондоо яаралтай ирэх шаардлагатай иргэдийг УОК-ын шийдвэрээр МИАТ компанийн онгоц очиж авах аж. Мөн хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хилийн автозамын боомтоор Орос руу зорчих Монголын иргэд, ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 29 хүртэл, Мөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатарын галт тэргийг энэ сарын 28-ныг хүртэл түр зогсоожээ.

Энэхүү шийдвэрийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулахдаа, “ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монголын иргэн, Монголоос ОХУ руу гарах хүсэлт тавьсан гадаадын иргэнийг зохион байгуулалтай, тусгай журмаар хил нэвтрүүлнэ. Монгол болон ОХУ-ын төмөр замын ажилтнуудыг хэвийн нэвтрүүлэх юм. Ингэснээр ачаа тээвэр хэвийн үйлчилнэ” гэлээ.

“COVID-19” халдвар илэрсэн Францын иргэн гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн нислэгээр Улаанбаатарт ирээд Баянгол зочид буудалд гурав хоножээ. Ингээд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очсон байна. Гуравдугаар сарын 7-нд бие нь зарайж байна гэсэн зовуурьтайгаар кэмпийнхээ эмчид хандахад 37.4 хэмийн халуунтай байжээ. Маргааш нь 38 хэм болсон байна. Тухайн эмч эрүүл мэндийн байгууллагад мэдээлсний дагуу шинжилгээ авахад коронавирус илэрсэн. Одоо нэгдүгээр хавьтлын хүмүүсийг илрүүлж, ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байгаа бөгөөд хариу нь маргааш гарна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэв. Мөн хамт зорчсон, ойр байсан хүмүүсээс халуурсан хүн байхгүй гэдгийг дурдсан юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 5 хүртэлх насны гурваас олон хүүхэдтэй эмэгтэйд энэ сарын 30-ныг хүртэл цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулах шийдвэр гаргасныг мөн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын ажилтны нэрийг барьж худал мэдээлэл тараажээ

Иргэн “Г” олон нийтийн сүлжээнд “АТГ-ын албан хаагч хахууль авч, хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлдөг” хэмээн тараасныг АТГ-аас худал мэдээлэл болохыг мэдэгдлээ.

Энэ талаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас хянан шалгаж, иргэн “Г”-тэй уулзаж тодруулжээ. Ингэхэд “Г” нь өөрийн олон нийтийн сүлжээн дэх хаягаар үндэслэлгүй худал мэдээлэл нийтэлсэн болохоо хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлалт гуйжээ.

Иргэд, олон нийт АТГ-ын 110 тусгай дугаарын утсанд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэх эрхтэй. Ингэхдээ АТГ-ын албан хаагчид болон тэдгээрийн нэр барьж хууль бус хүсэлт, шаардлага тавьсан талаарх бодит мэдээллийг өгч хамтран ажиллахыг дахин хүсэж байна гэжээ.

АТГ 2019 онд иргэд байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн 47 гомдол мэдээллийг шалгаж, Төрийн албан хуулийн дагуу сахилга, ёс зүйн зөрчил гаргасан 3 алба хаагчийг албанаас халж, 2 алба хаагчийн цалинг тодорхой хувиар хасах, мөн 3 алба хаагчид сануулах сахилгын шийтгэл ногдуулан шийдвэрлэжээ.

Мөн өнгөрсөн онд АТГ-ын албан хаагчийн нэрийг барьж тендерт дэмжлэг хүссэн, шалгаж байгаа зүйл дээр өмгөөлөгчөөр туслуулсан, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулах хүсэлт тавьсан нийт 5 тохиолдлыг илрүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоож, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Дараахь үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо.

Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ.

Үүнд:

-Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр

-Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ

-Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ

-Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/

-Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ

-Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд

-Зохицуулсан цагийн хуваарийн дагуу 22.00 хүртэл ажиллах газрууд:

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд хуучин зохицуулж байсан цагийн хуваарийн дагуу ажиллана. УОК, НОК-оос гаргасан шийдвэрийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан иргэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд буюу харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээлнэ үү. Та бүхэн төрөөс гаргасан шийдвэрийг дагаж, хайртай хүмүүсээ эрсдэлд орохоос сэргийлж, хувийн ариун цэврээ сахиж, иргэн хүний үүргээ биелүүлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Хавьталттай байж болзошгүй ДЭМБ-ын төлөөлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзжээ

ХБНГУ-ын “ASB” байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар манай улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр зургаан хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Энэ талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь салбарын мэргэжилтэн О.Ариунтуяа, “ДЭМБ-ийн төлөөлөл Францын иргэнтэй нэг онгоцонд ирсэн. Нэг нь нутаг буцаж, таван хүн дээр ажиглалтын хугацаа үргэлжилж байна. Ирсэн зорчигчдоос шинжилгээ авсан. Хариу маргааш гарна” гэжээ. Харин энэ сарын 6-нд ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Нийлүүлэлт хэвийн, шатахууны үнэ буурна

Image result for Д.Сумъяабазар

Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна. Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой. Нийлүүлэлт хэвийн, шатахууны үнэ буурна.

Categories
мэдээ нийгэм

​ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: Авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаадын иргэдийг энэ сарын 29-нийг хүртэл нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа

Image result for ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: Авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаад улсын иргэдийг гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Дээрх хугацаанд эх орондоо ирэх хүсэлтэй монгол иргэд болон Монголоос гарах хүсэлтэй гаднын иргэдийг тусгай журмаар нэвтрүүлнэ.

Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо. Харин ачаа тээвэр хэвийн явна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: 3-аас дээш 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа

Image result for УОК

УОК-ын хуралдаанаар халдвар авсан иргэнтэй хавьталд орсон иргэдийг олж тогтоон, тусгаарлан, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаад байгаа. Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх, гэр бүлд халдвар тарахаас сэргийлж 3-аас дээш 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг авто замын гарах чиглэлүүдийг хаалаа

Өмнөговь аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж замын хөдөлгөөний гарах чиглэлийг хаалаа. Монгол Улсад “Ковид-19” халдвар гарсантай холбоотойгоор хот, аймаг сумд руу гарах чиглэлийг өнөөдрөөс энэ сарын 16-ны өдөр хүртэл хаалаа. Мөн ирэх сарын нэгэн хүртэл архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх, түүгээр үйлчлэхгүй байхаар болсон байна.

Тус аймгийн хувьд “Ковид-19” халдвар илэрсэн аймагтай хил залгаа, Өмнөговийн иргэд тухайн аймагт олноороо зорчсон байж магадгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс Дорноговь аймгаас ирсэн иргэдийг сайн дураараа аймгийн Онцгой комисстой холбогдохыг уриаллаа. Үүнээс гадна халдвартай иргэнтэй хамт онгоцоор ирсэн гэх гадаадын хоёр иргэнийг Ханбогд суманд байрлах Оюутолгойн уурхайд тусгаарласан байна. Мөн Оюутолгой ХХК-ийн баяжмалын тээвэрлэлтийг зогсоох, энэ сарын 15-аас эхлэх байсан нүүрс тээвэрлэлийг хойшлуулах саналыг Улсын онцгой комисст хүргүүллээ. Холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. Мөн “Ковид-19” халдвар гарсантай холбоотойгоор худал мэдээлэл тараахгүй байхыг иргэдэд сануулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Европын Холбооны улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй Болгар, Франц, Чех, ХБНГУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Европын Холбооны зүгээс зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаарх хамгийн суурь бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (ЦЗҮДГ)-ний 50 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд уг гэрээ өдгөө ч ач холбогдлоо алдаагүй, хэрэгжилтийг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг нотлов. Улмаар 2020 оны 4-5 дугаар сард Нью-Йорк хотноо болох эл гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх бага хурлын үеэр Европын Холбооны баримтлах байр суурь, тэргүүлэх чиглэлүүд, зохион байгуулах арга хэмжээг танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн уулзалтын үеэр цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах асуудал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байдаг тул манай улс ЦЗҮДГ-ний хэрэгжилтэд хувь нэмэр оруулах чиглэлээр олон улс, бүс нутгийн түвшний олон санал, санаачилга гаргаж ажилласны дотор 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан, 2013 оноос Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын хүрээнд олон улсын бага хурал зохион байгуулж байгаа зэргийг тэмдэглэв. Түүнчлэн Нью-Йорк хотноо болох ЦЗҮДГ-ний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлаар манай улс Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг асуудлаарх меморандумыг батлуулах, мөн хурлын өмнө 4 дүгээр сарын 24-нд болох Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улсын 4 дүгээр бага хурлын зохицуулагчаар ажиллаж байгааг онцоллоо.

ЦЗҮДГ-ний хэрэгжилтийг хянах хэлэлцэх 2020 оны бага хурал амжилттай болж, тус бага хурлаас зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх талбарт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд хувь нэмэр оруулсан төгсгөлийн баримт бичгийг батлан гаргахын төлөө дэлхий улсууд хамтын хүчин чармайлтаа нэгтгэх ёстой гэдэгт талууд саналд нэгдэж, энэ чиглэлээр урьдын адил хамтран ажиллахаа нотоллоо.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Европын Холбооны Элчин сайд нарт Монгол Улсад COVID-19 зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан товч мэдээлэл өгч, Элчин сайд нарын асуултад хариулж, дэлхий нийтэд нүүрлээд байгаа энэхүү цар тахлаас хамгаалахын тулд цаашид авах арга хэмжээ, хамтран ажиллах арга замын талаар санал солилцлоо.