Categories
мэдээ нийгэм

ЕТГ-аас ажилчдадаа цалинтай чөлөө олгохыг уриалж байна

Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан, мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос өмчийн хэлбэрийг үл харгалзан албан байгууллагын зарим ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгажээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 50-иас дээш настай ажилтнуудад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгожээ. Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд зайнаас ажиллах боломж бүрдүүлэх цахим системийг ажиллуулж эхэлсэн байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад байгууллагын удирдлагуудыг өндөржүүлсэн байдлын хугацаанд ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлэлж өгөхийг уриалж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Дөрөвдүгээр сарын 30 хүртэл жүдогийн тэмцээнүүдийг цуцлав

Сүүлийн үед дэлхий даяар коронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Олон улсын жүдо бѳхийн холбооны удирдах зѳвлѳл хуралдаж, дөрөвдүгээр сарын 30 хүртэл жүдогийн ямар нэгэн тэмцээн зохион байгуулахыг цуцалсан байна.

Ингэснээр “Токио-2020” олимпийн наадмын оноо олгох Екатеринбургийн Их дуулга, Тбилисийн гранпри, Антальягийн гранпри тэмцээн болон тивүүдийн нээлттэй тэмцээнийг цуцаллаа. ОХУ-ын Екатеринбург хотноо энэ долоо хоногт болох ёстой байсан Их дуулга тэмцээнд Монголын шилдэг 21 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээгээд байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсвөө хоёр их наядаар танаж, бодлогыг хүүгээ бууруулж байж л хямралаас мэнд гарна

Коронавирусийн тархалт цаашид хэрхэх нь тодорхойгүй гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч эхэллээ. Цэнхэр гаригийн улс орнуудын хувьд “COVID-19” илэрсэн улсууд нь халдварын тархалтыг бууруулахад анхаарч яваа бол халдвар илрээгүй улс орнууд хөл хориогоо улам чангатгасаар байна. “COVID-19” дэлхийн бүх улс орны эдийн засагт эрсдэл үүсгэсэн нь нэгэнт тодорхой болсон. Цаашид ямар эрсдэл гарахыг таамаглаж хэлэхэд хэцүүхэн зураг харагдаж буй. Хөрөнгийн зах зээл гэхэд л бүхэлдээ шокийн байдалд байгаа. Сингапурын бирж л арай дажгүй өнгөтэй яваа. Манай улсын хувьд хямрал аль хэдийнэ мэдрэгдээд эхэлчихсэн. Нүүрсний экспорт зогсоод сар орчим болсон, одоо сэргээх гээд үзээд л байна. Монголын засаг талаас бүх талын шийд гарчихсан. Хорио цээрийн үед нүүрсний экспорт хийх бэлтгэл ажлаа хангаад эхэлчихсэн. Шадар сайд, Уул уурхай хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд нүүрс, газрын тос гардаг боомт гарцууд дээр ажиллаж байна. Зарим нь ч томилолтоо дуусгаад ирчихсэн байх. Хятадын талтай энэ сарын 15 гэхэд хилээ нээх тохироо хийчихвэл энэ сарын дундаас нүүрс, газрын тосны экспорт хэвийн явагдаж эхэлнэ. Гэлээ гээд тайвшрах цаг болоогүй. Шинэ коронавирусийн халдвараас болж дэлхийн бүх улсад үүссэн эдийн засгийн хямралаас хохирол багатай гарахын тулд хийх хэдэн зүйл бий.

Бодлогын хүүг бууруулах, төсөвт тодотгол хийх, хүнсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих, хувийн хэвшлийнхнийг зээлийн хүүгээс чөлөөлөх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг хөнгөлөх гэх мэт олон алхмыг эдийн засагчид санал болгож байгаа. Эдийн засагч Б.Лхагважав бодлогын хүүг 5 хувь хүртэл огцом бууруулбал эерэг үр дүн гарч ирнэ гэсэн гарц санал болгож буй. Бодлогын хүү буувал эдийн засаг тэлнэ идэвхжинэ гэсэн тайлбар дуулддаг. Энгийнээр хэлбэл, бодлогын хүү гэдэг бол арилжааны банкууд өөрт байгаа сул мөнгөө Төв банкинд зээлүүлдэг хүү. Өнөөдөр бодлогын хүү 11 хувь байгаа. Монголбанк арилжааны банкнаас байгаа мөнгийг нь 10 хоногийн хугацаатай зээлээд эргүүлж өгөхдөө 11 хувийн хүү бодож өгнө гэсэн үг. Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкууд иргэн аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх шаардлагагүй болно. Энэ нөхцөлд иргэд аж ахуйн нэгжүүд арилжааны банкинд өндөр хүү төлөхөөс гадна банкууд зээл гаргахаа багасгадаг. Бодлогын хүүг өсгөснөөр банкууд Төв банкиндаа мөнгөө зээлүүлж, иргэн аж ахуйн нэгжид олгох зээлээ хумьдаг. Хар үгээр хэлбэл, арилжааны банкуудын хувьд эрсдэл өндөртэй иргэд, компаниудад мөнгө зээлснээс эргүүлж өгөх баталгаатайгаар нь Төв банкинд мөнгөө зээлээд эхэлдэг гээд ойлгочихож болно. Бодлогын хүү буувал эдийн засаг тэлнэ гээд байгаа нь ийм учиртай.

Харин эдийн засагч Н.Энхбаяр эмчийн жор шиг олон арга замыг зөв хослуулах ёстой гэж зөвлөж байна. Тэрээр “Зөвхөн бодлогын хүүгээр асуудал шийдэгдэхгүй. Гадны банкууд байгаа арга хэрэгслээ зөв ашиглах тухай ярьж байна. Монголбанк бодлогын хүүгээ 2013 онд хоёр удаа огцом буулгасан. Гэтэл 2014 онд зээлийн өрийн үлдэгдэл хурдацтай өссөн эрсдэл гарсан. Цаашлаад 2015 онд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл бас хурдтай нэмэгдсэн туршлага, түүх бидэнд бий. 2015 онд хугацаа хэтэрсэн зээл 398 тэрбумаас 853 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн” гэж байр сууриа хуваалцлаа. Бодлогын хүүгээ буулгахын тулд төсвийн тодотголыг зайлшгүй хийх хэрэгтэй гэж эдийн засагчид онцолж буй. Төсвийн зардлыг хоёр их наядаар давуулж баталсан. Давуулж баталсан энэ хэмжээгээ буцааж хасах хэрэгтэй, эдийн засаг таамаглашгүй байдалд орсон ийм цагт сумын улаан булангийн шав тавихад төсвийн мөнгийг үрэх хэрэггүй гэсэн зөвлөгөө шинжээчдийн дунд голлож байна.

Сангийн сайдын хувьд төсвийн тодотгол хийхгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Сангийн сайд энэ талаар ганц удаа ч хэлээд байгаа юм биш. Бүр өөрөө тоолж байгаад дөрвийн дөрвөн удаа ингэж мэдэгдсэн.

Сонгууль болоход хэдхэн сар дутуу учраас төсөвт тодотгол хийхгүй нь бараг үнэн байх. Сонгуулийн дараа нам ялаач уу үгүй юу, сэнтэглэж улсаа боддог шударга хүмүүс болж төсвийн тодотгол хийж гайхуулж байж уначихвал яах юм гэсэн айдас болгоомжлол энэ засгийн газрыг хүлчихээд хөдөлгөхгүй байна. Тэгж баларч байснаас ёстой нөгөө “сүх далайтал үхэр амар” гэгчээр энэ чигээрээ зүтгэсээр байгаад, ард түмэндээ соёлын төв барьж өгдөг өгөөмөр сэтгэлтэн байсаар байгаад эцсийг нь үзэхээр зүтгэх биз.

Ингээд харахаар наадмын дараа бүрдэх Засгийн газарт асуудлын хүнд нь буух болов уу. Төсөвт тодотгол хийхгүй нь бараг л тодорхой учраас бодлогын хүүг бууруулах орон зай байхгүй гэсэн үг. Харин сонгуулийн дараа өөрсдөө засаг барьчихвал юу гэж хамаагүй худал ярьсаар байгаад төсөвт тодотгол хийнэ гэж бодож байгаа биз.

Энэ хооронд эдийн засаг муудвал хохирох хүмүүс нь энэ Засгийн газарт ажиллаж байгаа сайдууд биш, жирийн ард түмэн л хохирч дуусна. Тэд татвараа ч төлж дийлэхээ болиод дампуурах биз. Одооноос ч тийм байдал мэр сэр үүсчихээд байна. Гэвч энэ талаар санаа зовж байгаа ганц ч сайд байхгүй. Сангийн сайд бол бүр ч тоохгүй байгаа гэдгийг төсөв тодотгохгүй гэж ганц биш дөрвөн удаа мэдэгдэж байгаагаас харагдаж байна. Тэгвэл дэлхийн эдийн засаг ямар алхам хийж байгаа вэ. Тэд аль болох эдийн засгаа тэлэх бодлого баримтлах төлөвтөй байна. Америк л гэхэд бодлогын хүүгээ бууруулна гэж байгаа дуулдсан.

Уг нь эдийн засагт гэгээ авчрах ганц таатай мэдээ нь Таван толгойн IPO байсан ч коронавирусээс үүдэлтэй хөрөнгийн зах зээлүүдийн бужигнаан, дотоодын улстөржилт саад учруулах нь бараг л тодорхой болчихлоо. Тэгэхээр одоо ганц л гарц байна. Алтны салбараа дэмжиж, алт олборлолтоо өсгөх.

Алт олборолтоо өсгөнө гээд ярьчихаар л өсчихдөг юм биш л дээ. Ингэхийн тулд алтны татвараа буулгаж хуучин хэвэнд нь аваачих, алт тушаалтыг либерал болгох гэх мэтийн ажлууд маш их бий. Алтны татварыг өсгөх үед уул уурхайн сайд ийм байдалд хүрнэ гэж олонтаа хэлж байсан ч түүнийг тоосон хүн байгаагүй.

Алт тушаалт буурах юм бол хууль цаазаар арга хэмжээ авна гэж том том юм яриад байсан боловч хэн ч одоо тэрнийг санахыг хүсэхгүй байна. Алт тушаалт буурдагаараа буураад, олборлосон алт гадагшаа урсдагаараа урссан хэвээрээ байгаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлж байна

Сөүл дэх Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-н зурган илэрц

БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газар-Иммигрэйшний албаны мэдээгээр манай улсын 48,000 иргэн урт, богино хугацаагаар оршин сууж байна. Үүнээс хууль бусаар 17,000 иргэн амьдарч байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол, Солонгосын хооронд бүх шууд нислэгийг түр зогсоосон. Үүний улмаас БНСУ-д түр хугацаагаар байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцах хүсэлтээ ЭСЯ-нд илэрхийлж байна.

ЭСЯ иргэдийн санал, хүсэлтийг Гадаад харилцааны яаманд хүргүүлж, мөн Солонгос дах манай иргэдийн нөхцөл байдлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Байдлын Комисст мэдээлж байна. Ялангуяа, иргэдээс тавьж буй нислэгийн асуудлыг ЭСЯ-наас Гадаад харилцааны яаманд тавьсан.

  • Манай иргэдэд нэн түрүүнд тулгарч буй виз сунгуулах асуудлаар ЭСЯ Иммигрэйшн-тэй урьдчилан ярьж тохирсны дагуу богино хугацаагаар ирсэн манай иргэдийн визийг сунгаж байгаа. Хол муж, хотод амьдарч буй иргэдэд ЭСЯ-наас боломжтой туслалцааг үзүүлж байна. Одоогоор виз нь сунгагдаагүй гэсэн өргөдөл, гомдол иргэдээс ЭСЯ-нд ирээгүй байна. Хэрэв ийм асуудал байвал иргэн өөрөө тодорхой баримттайгаар ЭСЯ-нд хандах нь зүйтэй. ЭСЯ тухайн иргэний хүсэлтийг Иммигрэйшн-д албан ёсоор тавьж ярина. Та дараах холбоосоор мэдээлэлтэй танилцана уу. http://www.mongolembassy.com/index.php…
  • БНСУ-ын Засгийн газар халдварын тархалтыг хяналтанд бүрэн байлгаж, бүх түвшинд хүн хүч, нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. БНСУ өдөрт 18,000 хүнд буюу 4.8 секунд тутам 1 өвчтөнд хурдавчилсан оношлогоо хийж буй нь дэлхийд өндөр түвшин бөгөөд нас баралт дэлхийд хамгийн бага буюу 0.6 хувьтай байна. Халдварын эрт үеийн шинжилгээ, оношлогооны боломжийг нэмэгдүүлэх зорилгоор автомашин дотроос шинжилгээ хийлгэх “Drive thru” аргыг нэвтрүүлж 10 минутад багтаан шинжилгээ өгч байна. Улс орнууд БНСУ-аас өөрийн иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа одоогоор хийгээгүй байна. ЭСЯ-наас БНСУ-ын дотоод нөхцөл байдал, арга хэмжээний талаар БНСУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлийг фэйсбүүк, цахим хуудсаар иргэдэд тогтмол хүргэж байна.
  • Монгол Улсын эрүүл мэнд, анагаах ухааны хүчин чадал сул, эдийн засгийн байдал амаргүй байгааг Иргэд та бүхэн бүрэн ойлгож, ухамсарлаж буй гэдэгт итгэж байна. Монголд тусгаарлах байр хамгийн хүнд асуудал болоод байгааг манай эрүүл мэндийн байгууллагууд хэвлэл мэдээллээр тогтмол мэдээлж байна. Харамсалтай нь Францад зочлоод ирсэн гадаадын иргэнээр дамжин манай улсад халдвар орж ирж, улс орон даяар хүнд нөхцөл байдал үүсээд байна. Энэ гадаадын иргэн нь 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг зөрчсөн нь тогтоогдсон.
  • Өнөөдөр Монгол Улс, БНСУ аль аль нь онцгой байдлын өндөржүүлсэн байдалд шилжиж, энэ хүрээнд холбогдох хууль, журам үйлчилж байна. ЭСЯ-ны олон нийттэй харилцах сүлжээгээр дамжуулан нэр хаяг нь тодорхойгүй хаягаас улс орон, төр, засгийн нэр хүнд рүү илт халдсан, иргэдийг турхирсан, өдөөн хатгасан үг хэллэг хэрэглэсэн комментууд бичигдэж байгааг ЭСЯ анхааралдаа авч байгаа.
  • Иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс төрсний бүртгэл, гадаад паспорт захиалга, буцах түр үнэмлэх захиалга, гадаад паспорт олголт, УБЕГ-ын лавлагааны үйлчилгээ, мөн гадаад паспорт захиалах, хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах, хүүхдийн виз мэдүүлэх, тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/, жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах, төрөл садангийн лавлагаа авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох итгэмжлэлийг ЭСЯ-наас цахимаар үзүүлж байна. Та дараах холбоосоор мэдээлэлтэй танилцана уу. http://www.mongolembassy.com/index.php…
Энэ үйлчилгээг иргэд ЭСЯ-нд ирэхгүйгээр түлхүү ашиглахыг зөвлөж байна. ЭСЯ-ны Консулын хэлтэс ачаалал ихтэй байгаа тул манай иргэд өөрт тулгарч буй асуудлаа тодорхой, баримттай ярьж, бичиж байвал богино хугацаанд оновчтой хариу өгөхөд чухал байна. Мөн амьдарч буй хот, утас, нэрээ үлдээвэл эргэж холбогдоход хэрэгтэй байна.

-Манай иргэд улс оронд үүссэн гэнэтийн, онцгой, хүнд нөхцөл байдалд иргэний хувьд ухамсартай хандаж, гол нь Монгол, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй эрүүл мэндийн зөвлөмжийг мөрдөж, гар угаах зэрэг хувийн ариун цэврийг сайн сахихыг анхааруулж байна. Иргэдэд хамгийн ойрхон эрүүл мэндийн төв, эмнэлгийн жагсаалтыг фэйсбүүкт мэдээлсэн. Гадаадын иргэн коронавирусийн халдвар авсан тохиолдолд эмчилгээний зардлыг нь БНСУ хариуцна.

Хууль бусаар байгаа манай иргэд сэжигтэй шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлгийн тусламж авах шаардлагатай ба эмнэлэг тухайн хүний визийн талаар мэдээлэхгүй, баривчлахгүй гэдгийг БНСУ-ын Иммигрэйшн албан ёсоор мэдээлсэн болно.
Энэ ялдамд ЭСЯ-ны ажлыг дэмжиж, хамтран ажиллаж буй манай иргэд, байгууллагуудад талархал илэрхийлж байна.

ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС: 010-8205-3464
Пусан дах Консулын газар: 010-4966-710

Консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлж байна

БНСУ-д коронавирусийн халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг түр хугацаанд дотоодын шуудангаар үзүүлнэ. Үүнд:

Итгэмжлэл:

  • Гадаад паспорт захиалах;
  • Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах;
  • Хүүхдийн виз мэдүүлэх;
  • Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
  • Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах;
  • Төрөл садангийн лавлагаа авах;
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу. http://www.mongolembassy.com/index.php

Иргэний бүртгэл:

  • Төрсний бүртгэл;
  • Гадаад паспорт захиалга;
  • УБЕГ-ын лавлагаа;
  • Буцах түр үнэмлэх захиалга;
  • Гадаад паспорт олголт.

Анхаарах зүйлс:

  • ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolembassy.com”-ны “консулын үйлчилгээ” цэсээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх;
  • Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар, иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг 02-790-625 дугаар утсаар холбогдож авах;
  • Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй;
  • БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвөн муж/강원/, Умард, Өмнөд Чүнчөн муж,/충청/ Умард Чөнра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чөнра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Categories
мэдээ цаг-үе

Гурван үеэрээ эмч бүсгүйнх

Өнжихөөр товлосон айлдаа очихоор хотын төвөөс цэцэрлэгт хүрээлэнгийн зүг алхлаа. Жиндүү ч гэлээ урь ирснийг илтгэсэн зөөлөн салхитай өдөр таарсан болохоор үүнийг харж, түүнийг сонирхож явсаар нэг л мэдэхэд зорьсон айлынхаа гадаа ирчихэв. Хаалганы хонх дарахад хорь гаруй насны мэнд устай бүсгүй үүдээ нээж өгч байна. Гутлаа тайлах зуур цаад өрөөнөөс гарч ирсэн эзэгтэй “Өө ямар хурдан хүрээд ирэв ээ. Олоход амархан байгаа биз дээ” гэсээр угтав. Бидний өнжихөөр сонгосон айлын эзнийг Т.Хүүхэнээ гэдэг. Авто инженер мэргэжилтэй, “Таван богд” группт мэргэжлээрээ ажилладаг энэ залуугийн эхнэр нь Дэрэмийн Эрдэнэсувд гэж эмч бүсгүй.

Гэрийн эзэгтэй биднийг самар жимс, ааруул хурууд өрсөн ширээнээ урьснаар яриа хөөрөө эхэллээ. “Аав маань хүүхдийн эмчээр 37 жил ажилласан, Төв аймгийнхан Дэрэм эмч гэхээр андахгүй дээ. Аав минь бурхан болоод удаж байна. Ээж минь Дэмбэрэлийн Булга гэж хүн бий. Ээж манайд амьдардаг юм. Миний ээж бага ангийн багшаар 42 жил ажилласан хүн. Төв аймгийнхан мөн л андахгүй. Ижий, аав хоёр минь амьдралаа хүүхдийн төлөө зориулсан буянтай хүмүүс. Манай хадмын талынхан их өндөр настай, буянтай сайхан улс. Миний хань чинь гурван хүүхэдтэй болтлоо хоёр эмээ, нэг өвөөтэй байсан. Өвөө нь 87 насандаа өөд болсон. Хоёр эмээ нь 92, 97-той сайхан буурлууд бий. Хадам ээж маань аймагтаа гайхагдсан сувилагч. Судсыг харахгүйгээр мэдэрч олдог гэдгээр нь мэдэхгүй хүн гэж үгүй. Хүний амьдрал, хувь тохиол гэж сонин шүү. Саяхан нэг зураг олж харлаа, Төв аймгийн “Анхдугаар таван жил” сониноос. Аав хүүхдийн эмч, хадам ээж маань хүүхдийн сувилагч л даа. Хадам ээж маань аавын үзэж байгаа хүүхдийг тэвэрчихсэн суугаа зураг. Бас нэг үйл явдал санаанаас гардаггүй юм. Нөхөртэйгөө ханилаад шинэ бэр болоод очиход манай хүний өвөө намайг “Манай хоолыг идэх хувьтай хүн байжээ” гэж билээ. Миний сүүг буурал эмээ минь зөөж өгч байсан юм билээ” хэмээн хууч дэлгэв. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр зургадугаар ангиасаа үерхэж, сургуулиа төгссөн хойноо гэр бүл болжээ. Гэрийн эзний эмээ нь хүүхдийнхээ сүүг зөөх далимдаа ирээдүйн бэрийнхээ сүүг дөхүүлж өгч явж.

Эзэгтэйн эмээ Бөмбөгөр ногоон теарт сүүдэр шийний хувцас урлаж явсан бол ээж нь Н.Багабандийг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед гавьяат багш цол хүртэж байжээ. Эзэгтэй бидэнд сүүтэй цай аягалах зуураа “Аав минь хүүхдийн эмч байсан ч хүүхэд, томгүй үзэж эмчилдэг байлаа. Ээж минь Монголд ховор хүмүүсийн нэг. 42 жил багшилсан. Сургуулийнхаа урилга заллагаар 67, 68 нас хүртлээ бага ангийн багшаар ажилласан” хэмээн сонирхуулав. Гурван үедээ зургаан эрүүл мэндийн ажилтантай нь эдний удмын том бахархал гэнэ. Эзэгтэйг таван настай байхад нь л аав нь эмч болгоно гээд шийдчихэж. Ямар сайндаа 12 настай жаахан охин математикийн олимпиадад орох эрхтэй болчихоод “Багшаа математик миний амьдралд нэмэр болохгүй. Амьдралд хэрэгтэйгээр нь биологийн олимпиадад оръё” гэж хэвлүүлэх дуржигнуулж байхав.

Шөнө оройгүй дуудлаганд явдаг эмч аав, хичээлээ хийгээгүй сурагчдаа гэртээ авчирч хооллож ундлаад суулгачихдаг ээжийнхээ тухай дотно дурсамж хөврүүлэх бүсгүй “Миний ээж аав хоёр тэр их ажлынхаа хажуугаар хүүхдүүдийнхээ хүүхдийг харч хүмүүжүүлсээр ирсэн мундаг хүмүүс дээ. Хамгийн нялх нь 20 хоногтой, хамгийн том нь нэг сар 15 хоногтой ээж, аав хоёрын гар дээр ирээд сургуульд орохдоо л эмээ, өвөөгийнхөөсөө явж байсан. Хүүхдүүдээсээ гадна найман ач, зээгээ өсгөж торниулсан буянтнууд. Одоо эргээд бодох нь ээ асар өндөр зохион байгуулалттай амьдарч байжээ, аав ээж хоёр минь” гэж хэлээд инээмсэглэв. Байсхийгээд л тас тас хийтэл инээх бүсгүйн гурван хүү харин их дуу зөөлөнтэй юм. Гэрийн эзэн ч гэсэн барагтай бол яриа дэлгэхгүй. Асуулт асуухаар хариулж, эзэгтэйтэй яриа өрнүүлэх үеэр өрөөндөө орж компьютер шагайж, ном сонин эргүүлж харагдана. Хөл хорионы үеэр ажлаа амжуулж байгаа бололтой.

Удсан ч үгүй дунд хүү нь тавагласан хоол ширээнээ өрөв. Биднийг очдог өдөр эзэгтэйн төрсөн өдөр таарсан юм. Хөвгүүд ээжийнхээ төрсөн өдрөөр гарынхаа хоолоор бэлэг барьдаг гэнэ. Эрдэнэсувд хөвгүүдийнхээ хийсэн тефтелийг амтлах зуураа “Манайх 2005 оноос хойш орой махан хоол идэхээ больсон. Гэхдээ өнөөдөр миний төрсөн өдөр учраас арай өөр дэглэм үйлчилж байна л даа. Зочид ирэх гэх мэт онцгой цөөхөн өдрүүдэд л дэгээсээ хазайдаг” гээд инээмсэглэв. Эдний хөвгүүд багаасаа хоол унд хийгээд сурчихсан гэнэ. Гэрийн эзэгтэй нэг удаа долоо хоногоор гадагшаа явахаар болж л дээ. Явахынхаа өмнө арван настай хүүдээ “Миний хүү аавдаа хоол хийж өгөхдөө давхардуулж болохгүй шүү” гэж захихад хүү нь “Долоохон хоногт давхардуулна гэж юу байх вэ дээ” гэсэн хэвлүүлхэн хариу өгч байж. Тэр үед аравтай байсан дунд хүү нь одоо ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутан болжээ.

Гэрийн эзэн хаа нэг хууч дэлгэхээрээ гэргийнхээ тухай л их ярих юм. Хооллох үеэр ширээнээ суусан Хүүхэнээ “Гэр бүлийн үнэ цэнэ бол итгэлцэл. Итгэлцэлээс бат бөх амьдрал цогцолдог гэж боддог юм. Эхнэртээ эргэлзэж байсан үе надад байхгүй. Манай хүн чинь их дайчин. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийнэ. Нэг эхэлсэн л бол заавал ард нь гарч байж сална шүү дээ. Шударга гэж жигтэйхэн. Хүүхэд, настай хүнд бүр онцгой хандана. Манай тал олон настайчуултай. Тэдэндээ эхнэр шигээ хандаж чадахгүй л байгаа юм” гээд инээмсэглэв. Эрдэнэсувд хажуунаас нь “Залуусын хувьд бие бүтэн эрүүл саруул бол сайхан амьдрах бүрэн боломжтой гэж боддог юм. Залуу хүн муу амьдарч байвал залхуугаасаа л болсон хэрэг” гэж байна.

Хооллож дууссаны дараа зочны өрөөний буйдан дээр яриа өрнөв. Зочны өрөөнд хүндэтгэлтэйгээр байрлуулсан хуучны гурван ч авдар харагдана. Нэг нь эзэгтэйн аавын хүнсээ хийдэг авдар байж. Нөгөө нь эзэгтэйн эмээгийн бурханы авдар байж. Ганц ч төмөр ороогүй модоор урласан хуучны тэр жижигхэн авдар дээр бурханаа залжээ. Зочны өрөөний зүүн урд талынх нь гэрийн эзний буурай эмээгийн авдар юм байна. Зочны өрөөний хоймор хэсэгт, телевизорын дээхнэ дөрвөн хүчтэний зураг өлгөсөн нь нарийн утгатай гэнэ. Гэрийн эзэгтэй өнөө зургийн учрыг “Дөрвөн хүчтэний хайранд умбаж суугаа хүн дээ би. Боломж нь гарвал сайн ээж байхыг хичээдэг. Цаг нар бага гардаг болохоор тэр бүр хоол хийж, гэрийн ажилд оролцоод явж амждаггүй юм. Хайрлана гэхээс илүү хайрлуулж амьдардаг” хэмээн хэлээд инээмсэглэлээ. Зочны өрөөний нэг талд гүйлтийн зам байрлуулжээ. Эзэгтэй зураг сонирхуулах зуураа “Хүн эрүүл аж төрөхөд хөдөлгөөн их чухал. Фитнест явахаар цаг зав их авах учраас гэртээ дасгал хийж, гүйх төхөөрөмж авч тавьсан юм. Ер нь сунаж мөргөх ч юм уу, суниагаад байхад л хөдөлгөөнтэй эрүүл аж төрөх бүрэн боломжтой” гэж бодлоо хуваалцлаа. Хагас сайн болгонд ууланд алхдаг, гэр бүлээрээ аялахыг илүүд үздэг, хүү нь сагс тоглодог гэж ирээд яривал эдний гэр бүл спорт, хөдөлгөөнд дурлагчид аж.

Гэрийн эзэгтэй “Би та нарт дуртай өрөөгөө үзүүлье” гээд унтлагын өрөөгөө сонирхууллаа. Орны дээд талд гэрийн эзэн, эзэгтэй хоёрын сурагч ахуйдаа хамтдаа татуулсан зураг харагдана. “Бид хоёрын наймдугаар ангийн зураг. Би нөхөртэйгөө санал зөрөлдөх ч юм уу гомдох, муудах үедээ энэ өрөөндөө орж ирэхээрээ тайвширчихдаг юм. Ийм хар нялхаараа ханилчихаад ингээд яахав гэж бодоод зөөлөрчихдөг. Манай нэг найз бид хоёрыг нэг удаа, та хоёр чинь яслиасаа ярилцаад, цэцэрлэгтээ цэгцрээд, сургуульдаа суусан хоёр юм биш үү гэж билээ” гээд хөгжилтэй инээв. Эрдэнэсувд байх дуртай өрөөндөө баахан дурсамж хөврүүлэв. Долдугаар анги төгсдөг жилээ жинсэн өмд авах гэж цэвэрлэгч хийж эхлээд арваа төгстлөө аймгийн төвийнхөө гуанзанд ажиллаж хөдөлмөрийн амтыг мэдэрсэн, нэг жилийн наадмаар ажлын хөлсөөрөө ээждээ хайрцаг банка авч өгч баярлуулсан, дунд сургуульд байхдаа ямар ч бэлтгэлгүйгээр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ороод аварга болсон, анхны хүүгээ олоод жирэмсний хордлоготой байхад оюутан нөхөр нь автобусны мөнгөө хэмнээд том алим барьчихсан ирж хордлогогыг нь тайлсан гээд бичвэл олон гоё дурсамж байна аа, эдний гэр бүлд. Эцэст нь хөгжилтэй нэг дурсамжийг нь сийрүүлье. Шинэхэн бэр нөхрийнхөө талын настнуудтай уулзаж дээ, дөнгөж гэрлээд байхдаа. Гэрийн эзний эмээ “Эмээ нь ч хадан гэр рүүгээ дөхөж байна даа” гэтэл хуучны хэллэг, хөдөө ахуй мэдэхгүй төв суурингийн охин “Яамай даа” гэж хэлээд бөөн инээдэм болж байж. Гэрийн эзэгтэй тэр тухайгаа “Эмээгийн яриа ингэж эхэлсэн юм аа. Өвөлжөөндөө буухаар сайхан тухтай болно. Төрснийхөө дараа эмээгийндээ ирж салхинд гараарай энэ тэр гээд ярьж байснаа саяын үгийг хэлсэн юм. Тэгэхээр нь өвөлжөөнд л хадан гэр байдаг юм байлгүй гэж бодоод тэгээд хэлчихгүй юу” гээд өнөө л хөгжилтэй инээдээ цангинуулав.

Унтлагын өрөөний хананаас тааз хүрсэн цэлгэр цонхоор Богд уул дүнхийн харагдах нь сүртэй, сайхан гэж. Цонхны наахна дулаахан өнгийн дэвсгэр зулж, дүүжин сандал байрлуулжээ. “Уул, байгаль жигтэйхэн тод харагдах цонхны наахна энэ сандал дээр суугаад кофе ууж өглөөг угтвал” гэсэншүү бодолд ээрүүлэн цонхоор харж зогстол эзэгтэй миний бодлыг таасан мэт “Хааяа зав чөлөө гарсан үедээ хайрханаа хараад нам жим суух ямар сайхан гээ. Энэ сандал нь манай хүний бэлэг. Бид хоёулаа Төв аймгийнх. Хайрхандаа өглөө бүр дээжээ өргөж, сүсэлдэг юм” гэв.

Эзэгтэйн ээжийн өрөөнд орлоо. Шаргал өнгийн тэрлэг өмссөн ануухан буурал инээмсэглэсээр угтав. Булга гуай орныхоо дээхэн үр, ач, зээтэйгээ авахуулсан зургаа өлгөжээ. Эрдэнэсувд “Бид ээжийнхээ 70 насны ойгоор энэ зургийг татуулсан юм. Тэр үед 33-уулаа байсан, одоо 38-уулаа болсон” гэлээ. Булга гуай “Манай хүргэн их халамжтай. Маш сайн хүн дээ. Миний охин чинь их дайчин, олон нийтийн ажилд сүрхий, хойшоо сууна гэж байхгүй шүү дээ. сурлага сайтай гэж жигтэйхэн байсан шүү” гэж хүргэн, охин хоёроо магтаж байна. Эзэгтэйн ээж хорт хавдар гэж айхавтар өвчнийг хоёр ч удаа ялжээ. 11 удаагийн төгсөлт хийж, 430 гаруй хүүхдэд бага боловсрол олгосон гэнэ. “Тэр сайхан хүүхдүүдийн буянд л өдий дайтай сайхан амьдарч байна. Хувьтай хүн хулгана жил үзнэ гэдэг дээ. Хэд хэд явчихаа дөхсөн. Түмнийхээ буянаар эрүүл саруул энх тунх гялалзаж явна аа” хэмээн нулимс цийлэгнүүлэх Булга гуай багшаар ажиллаж байхдаа гэрийн даалгавраа хийгээгүй сурагчдаа гэртээ дагуулаад ирдэг байж. Ангиар нь шахуу дагуулж ирчихээд хоол, цай, боов боорцог болж, хичээлийг нь давтуулдаг байсан тэр өдрүүдийг Эрдэнэсувд “Аав хагас сайн өдөр бүр 15, 20-ын хоёр гурван түмпэн дүүрэн боорцог хийчихнэ. Аав хоолыг янзтай хийнэ. Боорцог нь салахын аргагүй амттай. Сүүлд ээжийн шавь нар манай аавын хийсэн боорцгийг идэх гэж албаар гэрийн даалгавраа хийхгүй ирдэг байсан тухайгаа инээлдэж дурсдаг байж билээ. Ээжийн нэг шавь манайд бүр хоёр сар болж билээ. Эгч нь өвдсөн болохоор манайд байсан юм. Хичээлийг нь зааж өгөх гэж гэрээрээ хөдөлнө. Сүүлд тэр шавь нь төгссөн хойноо их олон жил цагаан сараар ирж золгодог байсан. Багш нарын баяраар гэрийн гадаа ээжийг хүлээж зогсч байгааг цэцэг, шоколад өгнө. Сюрприз барих гэж тэр. Одоо эргээд бодох нь ээ сэтгэлд нь хамгийн их хүрсэн багшаа хүн мартдаггүйн үлгэрлэл байж дээ, ээжийн тэр шавь” гэж дурслаа. Охиныхоо дурсамжийг сонссон Булга “Нээрээ тийм шүү, их сайн хүү байсан” гээд догдлон мишилзэв.

Эзэгтэйн ээж, аав хоёр

Эрдэнэсувд ээжийнхээ баярласан царайг өхөөрдөнгүй хараад “Ээж ээ та санаж байна уу. Танай ангийнхан багт наадамдаа бэлдэх гэж манайд цугласан үеэр та нэг их чанга ульж билээ. Би эхэндээ хаанаас юу дуугарав гэж сандраад бөөн юм болж билээ” гэхэд Булга гуай “Өө бас тэгсэн үү” гээд хөгжилтэй инээв. Гэрийн эзэгтэй жаахандаа “Ээж ангийнхнаа авчрахаа болихгүй юм байх даа. Сайхан хоёрдугаар хоол идэхсэн” гэж мөрөөддөг байснаа ярьж инээдэм боллоо. Эзэгтэйн ээж, аав хоёр биенээ “найз аа” гэж дууддаг байж. Сүүлд бэр гуйхаар ирсэн худынх нь талын нэг жаахан хүү ааваасаа “Аав аа, хүн хэдэн нас хүртлээ бие биенээ найзаа гэж дууддаг юм бэ” гэж асууж байж. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр ч биенээ найз гэцгээх юм. Аав, ээжийн үлгэрлэл болсон ийм жишээ эдний гэр бүлд их юм аа.

Эмээгийн хажуугийн өрөөнд эдний том хүү Тэнгисболд эхнэр, охинтойгоо төвхнөжээ. Тэнгисболд Хятадад магистрт сурдаг, амралт нь таарч хөл хорионы өмнө Монголдоо ирсэн гэнэ. Бэр нь МУИС-ийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсчээ. ШУТИС-ийн оюутан дунд хүүгийнхээ тухай гэрийн эзэгтэй “Би хүүгээ сагсан бөмбөгийн лигт бүртгүүлэхээр болов оо. 13 настайд нь. Дасгалжуулагчтай холбогдоод хүүгээ маш өндөр, сагс сайн тоглодог гээд магтаж гарлаа. Зөндөө медаль авчихсан нэг метр 82 см өндөртэй хүүгээ ингэж магталгүй яахав. Тэгээд дагуулаад очдог юм. Тэгсэн өнөө дасгалжуулагч миний хүү рүү харснаа энэ жоохон хүү юу гэдэг байгаа. 14 нас хүртлээ метр 90-ээс дээш гарвал хоёр метр хүртэл өсч дундаж өндөр рүү нь очдог юм билээ л дээ” гээд хөгжилтэй инээв. Хоёр багынхаа өрөөг галт тогоотой хамт байсныг нь өөрчилж, ханаар тусгаарлажээ. Гал тогооны шүүгээн дээр зэс, мөнгөн аягануудыг гэр бүлийн гишүүдийн тоогоор эгнүүлжээ. Эзэгтэй орой бүр энэ аягануудад ус хийж, таглаад хонуулдаг гэнэ. Гэр бүлийн бүх гишүүн эзэгтэйн бэлдэж тавьсан усыг өглөө бүр уух “үүрэг”-тэй аж. Эрдэнэсувд “Монголчууд дээхэн үед мөнгөн аяга их хэрэглэдэг байсан учраасхеликорбактераар бага өвддөг байсан. Ходоодын үрэвсэл хавдар бага байсан нь ийм учиртай. Өглөө бүр ийм ус уухад нэгд ходоодын хүчил багасгана. Хоёрдугаарт өтгөн гадагшлуулахад тустай. Шөнөжин унтахаар ходоод болон цөсний хүчил биед хуримтлагддаг. Үүнийг доош нь явуулах ёстой. Доош гарах ёстой зүйлс дээшээ яваад байгаа гулгих, цээж хорсох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өөрөөр хэлбэл сөргөө болдог гэсэн үг. Өглөө ус уусан хүн өглөөний цай, өдрийн хоолоо заавал иддэг. Ходоодны хүчлийг доошлуулчихаар өлсөх мэдрэмж төрдөг учраас тэр л дээ” гэж сонирхуулав. Гэрийн эзэгтэй хэчнээн завгүй байлаа ч гэр бүлийнхэндээ эрүүл мэндийн ус зэхэж, өглөөний цайг нь бэлддэг зуршилтай аж. Эднийх цагаан будаа, ургамлын тосыг хоолны цэснээсээ хасчээ. Ургамлын тосны оронд ясны шөл буцалгаж авсан тос хэрэглэдэг гэнэ. Таван цулаар эрдэс витаминаа нөхөх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг Эрдэнэсувдаас сонслоо. Гэрийн эзэгтэй “Удам дагасан хөрөнгөтэй айл байхаас илүү удам дагасан зөв хэрэглээтэй айл байхсан гэж хичээдэг” гэж байна.

Эрдэнэсувд сургуулиа төгсөөд Эх нялхасын төвд резиндэнтээр сурч, нарийн мэргэшил эзэмшээд Төв аймгийн Зуунмод суманд томилогдож 27 сум хариуцсан тасгийн эрхлэгчээр ажиллаж байж. 27 сумаас тусламж хүсвэл зөвлөх статустай энэ албыг авсан шинэхэн эмчид эхэндээ сүрдмээр байсан гэнэ. Тухайн үед Төв аймагт жил бүр хүйн халдвар гардаг байжээ. Гурван дөрвөн жил хичээж ажилласны эцэст 2003, 2004 онд хариуцсан эмнэлэгт нь эхийн эндэгдэл гараагүй, хүйн халдваргүй гэсэн амжилтад хүрсэн аж. Тэр жилдээ эх барьж байгаа зураг нь UNICEF-ээс жил бүр гардаг “Хүний хөгжлийн илтгэл”-д тавигдаж байж. Хүйн халдвар гараагүй сайн жишиг болсон эмнэлгийг зорьж авсан зураг учраас Эрдэнэсувд тэр жилийн “Хүний хөгжилийн илтгэл”-ийг нандигнан хадгалжээ. “Амьдралдаа авсан хамгийн том шагнал минь тэр” гэж даруухан ярих бүсгүйн гол үлгэрлэл нь аав нь байж.

Хоолыг эм гэж үзэх ёстой, эмгүй эмчилдэг асар том анагаах ухааныг Европын анагаахын хойно тавьж болохгүй, зөв хооллоно гэдэг хоёр дахь асуудал, эрүүл байхын тулд эхлээд зөв хэвшилтэй амьдрах хэрэгтэй гэх мэт санаж сэрмээр олон зөвлөгөөг Эрдэнэсувд эмчээс сонслоо. Эрдэнэсувд эмчийн “Зөв хэвшил гэдэг нь зөв цагтаа сайн нойр авч, өтгөнөө зөв гадагшлуулахыг хэлээд байгаа юм. Өтгөнөө зөв гаргаж чадахгүй хүн эрүүл хооллолт яриад үр дүнгүй. Манайхан оройтож унтаад хэрэггүй шахуу унталт хийгээд байна. 16-34 насны хүн 7-8 цаг унтах ёстой. Өглөө долоод босно гэж бодоход 10.30-11.00 цагийн хооронд унтчихсан байх хэрэгтэй. Тэгж байж өсөлтийн гормон ялгарч, хөгшрөлт багасч эрүүл амьдарна. Чанартай нойр авахын тулд хоёр цагийн өмнө унтахдаа бэлдэх хэрэгтэй. Зөв унтаж сурахгүй тохиолдолд эрүүл байх хэцүү. Аав ээжүүд буруу унтахаар хүүхдүүд нь яг тийм дадалтай болдог. Удмын тарган, удмын цус багадалттай гэх удмын өвчний гол шалтгаан, үндэс суурь нь нь энэ” гэсэн зөвлөгөөгөөр сурвалжлагаа өндөрлөе.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг гарчээ

коронавирус-н зурган илэрц

Коронавирус /COVID19/ илэрсэн Франц иргэнтэй гар барьж уулзсан, орчуулагч, хоол хүргэлтийн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр мэдээлсэн. Тэгвэл нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарсан болохыг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгөх үеэрээ танилцуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Тамир: Вирус дагасан сорилт бидэнд цахим сургалтын давуу талыг нээж өглөө


Covid-19 халдварын улмаас сургуулиудын үйл ажиллагааг хязгаарлаж, сурагчид теле хөтөлбөрөөр хичээлээ заалгаад чамгүй хугацаа өнгөрлөө. Улсын хэмжээнд явуулж байгаа арга хэмжээнээс гадна сургуулиуд дотоод нөөц бололцоогоо ашиглан олон аргаар сургалтаа үргэлжлүүлж байна. Тэр дундаас дэвшилтэт технологи ашиглан сургалтаа явуулж байгаа Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн захирал Б.Тамиртай ярилцлаа.


-Сүүлийн үед үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын улмаас хүүхдүүд маань хичээл сургуульдаа явахгүй нэлээд удлаа. Хэдийгээр аргагүй нөхцөл байдал байгаа ч хүүхдүүд бүр зуны амралтаас ч урт хугацаагаар хичээлээсээ завсардаж байгаад багш, мэргэжилтнүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа нь анзаарагдаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ онцгой нөхцөл байдал улсын ч биш дэлхийн хэмжээний онцгой нөхцөл байдал болоод байгааг бид харж байна. ДЭМБ-аас ноцтой байдлын хэмжээг сургалтын өндөр гэдэг ангиллаас бүр илүү ангилал руу оруулаад зарлачихлаа. Яах ч аргагүй нөхцөл байдал ийм болж, хорио цээрийг зарлаж байгаа нь зүй ёсны асуудал болж байна. Манайд томуу, томуу төст өвчний их дэгдэлтийн үеэр өвөлдөө бас ийм арга хэмжээ авч ирсэн. Энэ удаад байдал илүү айхавтар болж байна. Гэхдээ үүний нөгөө талд хүүхдийн сурах асуудал ч босч ирж байна. Үндсэндээ гурван сар хичээл тасалдаж байгаа нь хүүхдэд их хортой. Болж буй бүхэн бидэнд хаа хаанаа шинэ сорил болж ирж байна.

-Боловсролын яамнаас теле хөтөлбөрүүдээр хичээл зааж байгаа ч сургуулиудын хөтөлбөрийн онцлог, түвшин өөр байгаа гэсэн яриа гарч байгаа. Танай сургууль хичээлээ арай өөр аргаар, илүү өгөөжтэй хэлбэрээр өгч байгаа тухай яригдаж байна. Танайх яг ямар зарчмаар хичээлээ явуулж байгаа вэ?

-Хэдийгээр нөөц бололцоогоо ашиглаад улсаас теле хичээл явуулж хувь, улсын хамаагүй бүх сургууль сургалтаа өөр өөрийн аргаар явуулах гэж үзэж байна. Гэхдээ сургуулиуд өөр өөрийн хөтөлбөрүүдтэй болохоор ялгаа гарч байгаа нь үнэн. Хувийн сургуулиуд өөр, өөрийн онцлог, баяжуулсан хөтөлбөртэй. Улаанбаатар Элит, Орчлон, Бритиш сургууль гээд цөөнгүй сургууль Кембрижийн хөтөлбөртэй, УБ дахь Олон улсын сургууль Ай Би хөтөлбөрөөр явж байх жишээтэй. Математик, байгалийн шигжлэх ухааны хичээлүүдээр төрөлжсөн Сант, Олонлог, Оюунлаг бас өөр, өөр эрчимжүүлсэн хөтөлбөртэй. Хувийн сургуулиуд янз бүрийн платформ ашиглаад хичээлүүдээ явуулж байна. Тэр дундаа мэдээлэл технологийн давуу талыг ашиглаад хичээлүүдээ явуулах боломж байна. Эмпати сургуулиуд болон манай сургуулийн хувьд Майкрософт компанийн “Офис365” программыг ашиглаад Монгол Улсын дөрвөн хотод байрлах таван сургуулийн 2000 гаран сурагчдадаа сургалтаа явуулж байна. Энэ маань интернэт орчинд хаанаас ч хамаагүй, ажиллах боломжийг олгодог программ учраас Эмпати сургуулиуд болон манай сургууль жилийн өмнөөс албан ёсны эрхтэйгээр авч ашиглаж ирсэн. Харин энэ удаад энэ программынхаа боломжийг ашиглаж, хичээлээ онлайн явуулж байна.

-Энэ яг ямар зарчмаар ажиллаж болдог программ вэ. Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа ч мэдэхгүй хүмүүст нь энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү. Сургалтыг яг ямар зарчмаар явуулж байна вэ?

-Сургуулийн бүртгэлтэй бүх хүнд онлайн ажиллах боломжийг хангаж өгдөг Майкрософт компанийн “Офис 365” дээрЭмпати, Элит сургуулийн багш нар салбар салбараараа групп үүсгээд дотооддоо ажилладаг байсан л даа. Математик, байгалийн шинжлэх ухааныхан, монгол эсвэл англи хэлнийхэн, бага анги, дунд, ахлах ангийнхан гээд групп үүсгээд хоорондоо харилцахдаа бид ашигладаг. Энэ нь ямар нэг ажил, төсөл дээр олон хүн нэгэн зэрэг ажиллах боломжтой. Эдгээрээс Тeams гээд программыг бид сургууль хоорондоо хуралдах гэх мэтээр ашиглаж байсан бол анх удаа хичээл заахаар сургалтдаа оруулж ирлээ.Тeams программыг банкныхан, харилцаа холбооныхон зэрэг олон салбартай байгууллагууд түгээмэл ашигладаг л даа. Өнөөдрийн энэ түгжрэлд, эсвэл орон нутагт байгаа ажилтнуудтайгаа үүгээр холбогдож ажлаа явуулж цаг, мөнгө хэмнэдэг олон газар байгаа. Тэгвэл үүнийг хүүхдүүдэд хичээл заахад ч ашиглахад боломжтой гэдгийг бид өнгөрсөн өдрүүдэд харлаа. Анги ангиар нь групп үүсгээд багш нь байнга онлайн байж байдаг, дэлгэц, камераа ашиглах цагтаа ашиглаад дэлгэц дээр хичээлээ үзүүлэх үедээ дэлгэцээ ашиглах, томьёо бичих бол яг бичиж байгаа агшнаа харуулаад явах боломжтой. Бага ангийн хүүхдүүдэд үсэг яг яаж бичиж байгаагаа бас нэг бүрчлэн харуулаад явах боломжтой ийм программ дээр хичээлээ явуулж байна. Тун боломжийн үр дүнтэй байна.

-Тэгэхээр бараг л ангидаа сууж байгаа мэт дэлгэцийн цаанаас бүгд холбоотой байх нь ээ. Телевизээр теле хичээл үзэж байгаа бага насны хүүхдүүд багш асуултад хариулахгүй байна гээд байгаа гэсэн яриа ч гарсан байсан даа…

-Алсын зайн сургалтууд нэг талаас асуудлыг шийдэж байгаа ч нөгөө талдаа сул талуудтай. Ер нь одоо манайд сургуулиудын явуулж байгаа аргууд давуу болон сул талуудтай л байгаа. Эхлээд улсаас явуулж байгаа теле хичээлүүдийг голлож байсан сургуулиуд өөрсдөө ажиллах арга барилаа ч өөрчилж эхэлж байгаа нь анзаарагдаж байна. Цахимаар даалгавар өгөөд эргээд цахим хэлбэрээр авч шалгаж байгаа нь хүүхдийн бие дааж сурах чадварыг сайжруулдаг. Нөгөө талдаа хүүхэд яг цагаа зөв зохицуулж, хичээлээ цаг тухайд нь өгөх хэрэгтэй болно. Бага насны хүүхдүүдийн хувьд харин энэ амаргүй болж эхэлдэг. Даалгавраа бие дааж хийгээд, интернэт сүлжээ ашиглаад цаг тухайд нь явуулна гэхэд асуудал гарч эхэлнэ. Бас ердийн танхимын сургалтаар хичээлдээ идэвхтэй оролцдоггүй хүүхдүүд энэ үед зайны сургалтаас тасарч эхлэх тал бий. Айл бүрт интернэт орчин, хүүхэд бүрт цахим хэрэгсэл нь байна уу гэхээс ч эхлээд асуудал гарч эхэлнэ. Зарим эцэг, эхчүүд энэ үеэр хүүхдүүдээ хөдөө амраах гэж явуулсан, эсвэл гадаад руу гэр бүлээрээ явсан гэх тохиолдлууд ч байна.

Манай сургалтын хувьд бүгд тал талаасаа онлайн байгаа тохиолдолд хичээлдээ хэн, хэн сууж, оролцож байгаа нь харагддаг. Хичээлийн ирцээ авна, онлайн ангидаа байгаа сурагчдаа бүгдийг нь харж байна. Сургуулийн хэмжээнд хичээлийн ирц 80-85 хувьтай байна. Кембриджийн шалгалт өгөхөөр бэлдэж буй ахлах ангиудад ирц 90-ээс дээш хувьтай харагддаг. Телевизийн хичээл, видео хичээлээс гадна интерактив харилцаанд орж байгаа нь манай гол давуу тал. Мэдээж, яг сургуулийн орчинд байгаа шиг байж чадахгүй ч тухайн нөхцөлдөө багш хүн бүртэй холбогдож, асуулт тавьж, хариулт авах боломжтой.Сурагчдынхаа ээж, аавтай нь бас бид холбоотой байдаг.

-Хүүхэд бүр камертай байхыг шаардаж байгаа юу. Хичээлээ нээчихээд өөр зүйл хийгээд явахыг хянаж чадах уу?

-Бид заавал камертай байх шаардлага тавихгүй байгаа. Тухайн хүүхэд хүсвэл камераа өгөөд ил сууж болно, дүрсээ харуулахгүй ч байж болно. Багш хичээлийн онцлогоосоо болоод хүүхдүүдийн микрофоныг нээж болно. Эсвэл байнга нээлттэй байж ч болно. Бага ангийн хүүхдүүдийн хувьд бүгд нээлттэй бол дор бүртээ юм яриад байдаг бол энэ хичээлийн давуу тал нь багш өөрөө ярих үедээ бусдыг нь хаачихаад тодорхой үедээ нээгээд явах ч боломжтой. Анги танхимд биш, харин өөрийнхөө тааваар байж чадах гэр орондоо хичээл нь хийгдэж байгаа нь нэг талаас хүүхдүүдэд таатай орчинг мэдрүүлж байгаа нь анзаарагдаж байгаа. Дунд, ахлах ангийн хүүхдүүдэд энэ платформ бүр ч илүү давуу талыг олгож байгаа нь харагдаж байна. Шинээр программ дээр ажиллаж сурахаас эхлээд ойлгохгүй зүйлээ микрофоноо нээгээд багшаасаа асууна, харилцан ярилцана. Зургаа аваад явуулж, файлаа шэйрлэхээс эхлээд. Төгсөх ангийн хүүхдүүд А level хичээлийн бэлтгэлээ ч үүгээр явуулахад асуудалгүй байгаа учраас бусад сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдэд тулгарч байгаа асуудал манайханд харьцангуй бага гэж бид үзэж байгаа.

-Өдөрт хэдэн цагаар хичээллэж байгаа вэ?

-Бид эхэндээ теле хичээлийн дагуу 20 минутаар явуулж байснаа 30 минут болгож өөрчилсөн. Бага ангийнхан өдөрт дөрвөн цагийн хичээл орж байгаа. Гуч, гучин минутаар дундаа арван минутын завсарлагатай. Өдөрт 10:00-12:30 цагийн хооронд хичээлтэй байна гэсэн үг. Дунд, ахлахынхан 12:30-аас эхлээд таван цагийн хичээл орж байгаа. Яг хичээллэдэг зарчмаараа өдрийн найман цагийн хичээл үзээд явж болох ч хүүхдийг дэлгэцийн өмнө олон цагаар уях нь эргээд хортой учраас бид ийм зарчмаар ажиллаж байна.

Цахим сургалт хичнээн өөр ч гэсэн танхимын сургалтын үед тохиолддогтой ижил төстэй,заримдаа хөгжилтэй зүйлүүд бас болж байна. Хичээл ороход ангидаа очилгүй гадуур зугаалаад явдаг бага ангийн сониуч хүүхдүүд байдаг даа, тэд маань жишээлбэл хуваарийн дагуу орох ангийн хичээлдээ биш, өөр ангийн хичээлийн группүүдэд, эсвэл дууссан хичээлийн “танхимд” үлдсэн явж байх жишээтэй. Сургалтын менежерүүд маань хичээлээ хянан цахим анги болгоны группэд ордог, тэгээд тэрүүгээр зугаалж яваа хүүхдүүдээ гаргаж ангид нь оруулж байх жишээтэй бас хөгжилтэй юм болж л байна.

Хими, физик, биологи зэрэг байгалийн шинжлэх ухааны хичээлийн туршилтуудыг хүртэл цахимаар харуулан хичээлээ сонирхолтой явуулж болж байна. Хичээлийн даалгавруудаа Майкрософтын Формс программыг нь ашиглаж өгөөд, явцын шалгалтаа хүртэл авчихаж байна. Энэ программ шалгалтын асуулт болгоноор дүн шинжилгээ хийгээд хүртэл өгөх юм билээ.

-Сургуулиуд ямар аргаар хичээлээ өгөөжтэй өгөх талаар хэр хэрэндээ толгой гашилгаж байх шиг байна. Танай энэ арга тун сонирхолтой санагдаж байна. Танай аргаар хичээлээ явуулъя гэвэл энэ программыг худалдаж авахад үнэтэй юу?

-Мэдээж энэ программ өөрийн гэсэн үнэтэй. Гэхдээ “Майкрософт” компани сургалтын байгууллагуудад маш таатай нөхцөл санал болгодог шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн нөхцөл байдал бидэнд олон зүйлийг сургаж байна. Улс орны хувьд ч, сургууль багш нарын хувьд ч, эцэг эх, хүүхдүүдийн хувьд ч тэр. САРС, МЕРС, энэ удаагийн Ковид өвчин нь тодорхой давтамжтай тохиолдож байна. Цаашдаа бидний өмнө ямар ч сорилт тулгарахыг мэдэхгүй байгаа тохиолдолд бид юунд ч бэлэн байх шаардлагатай болж байна. Нөгөө талаас энэ удаагийн нөхцөл бидэнд танхимын сургалтыг алсын зайн сургалттай хослуулах боломж байгааг ч харуулж өглөө. Муу зүйлд ч сайн тал байдаг гэгчээр бидэнд том сургамж өгч байна. Хүүхдүүд маань биеэ дааж сурч байна. Технологийн давуу талыг зөвхөн тоглоом тоглох, хоорондоо “чатлах” дээр бус өөрсдөдөө мэдлэг олох тал дээр ашиглаж сурч байна. Багш нар ч самбар ашиглаж хичээлээ заадаг байсан бол актив боард, төрөл бүрийн программ ашиглаж, мэдлэгээ түгээж сурч байна. Үүнд зориулж сургалтын шинэ арга барилыг сурч, олж байна. Өөрсдөө ч их урамтай байгаа нь харагддаг.

-Өөр ямар шинэ боломжийг та нар энэ хугацаанд олж нээв?

-Бид Teams-ээ ашиглаад эцэг, эхийн хурлаа хийж үзлээ. Аравдугаар ангийн хүүхдүүдийн дараа жилийн A level анги, мэргэжил сонголттой холбоотой эцэг, эхчүүдтэйгээ уулзах шаардлагатай байсан. Тэгээд уламжлалт хэлбэрээрээ уулзах гээд үзсэн чинь энэ цаг үед тэгж цугларч уулзаад байх зөв үү гэсэн яриа гараад энэ платформоо ашиглаад хурлаа хийж үзэхээр шийдсэн,үзсэн. Ирц 60 хувьтай байлаа. Тун боломжийн ажил боллоо гэж бид дүгнэсэн. Гэрээсээ, ажлаасаа тэр бүү хэл машин дотроосоо эцэг, эхчүүд хуралдаа оролцсон. Их хотын цаг наргүй, гацаа түгжрэл их энэ цаг үед бид энгийн бусад үед ч ашиглаж болох юм байна. Томчууд учраас ашиглах дүрмээ тайлбарлачихаар асуудалгүй явчихаж байна лээ. Асуултаа микрофоноо нээгээд асууж болно, чатаар бичих ч боломжтой.

-Коронавирус бидэнд сургамж бас боломжуудыг ч өгч байгаа талаар дээр ярилаа. Ер нь сургалтын тогтолцоонд ашиглаж болох технологийн ямар дэвшлүүд байж болох вэ?

-Манай сургууль үндсэн гурван программ ашигладаг. Эхнийх нь бол мэдээж “Майкрософт”-ын энэхүү программ. Эндээс Sharepoint программ, Teams, Outlook, Onedrive-ыг өргөнөөр ашиглаж байна. Бүх хичээлээ бид бичлэг болгон ашиглаж байгаа. ЭргээдStreamпрограммаар нь нөхөөд үзэж, хичээлийг нь давтуулахаар бол ээж, аавууд нь харах боломжтой.

Мөн Номч программыг бид ашигладаг. Сургууль, эцэг эхийн хоорондын холбоог идэвхжүүлэх бүрэн боломжтой. Бид өмнө нь АНУ-ын Coolsis гэдэг программыг ашигладаг байсан бөгөөд дотоодын компани ижил төстэй, зарим тал дээр илүү шийдэл бүхий программыг санал болгоход бид талархан хүлээж авсан. Нөгөө талаас манай салбар сургууль болох Дархан Эмпати сургуулийн төгсөгч энэ компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байхад төрөлх сургууль дэмжих нь зүй ёсны хэрэг байлаа. Сурагчдын өдөр тутмын хичээлийн хуваарь, даалгавар, хичээлдээ суусан, хоцорсон, хичээлийн идэвх оролцоо, хоолондоо орсон, автобусанд суусан буусан мэдээлэл гээд олон боломжийг өгдөг.Цаашид номын сангийн бүртгэл, хоолны төлбөр зэргийг Номчийн систем, картаа ашиглаж хийхээр төлөвлөж байна. Сургууль дээр бэлэн мөнгө авч явах шаардлагагүй болж, хүүхдүүдийнхээ хэрэгцээг хянах боломжтой болно. Гол нь энэ апплейкшнээ бүрэн дүүрэн ашигладаг болох нь чухал юм билээ. Нөгөө талаас бид хамтдаа хөгжиж урагшилсаар байгаа гэж хэлж болно. Манай сургуулийн онцлогт тааруулсан нөхцөлүүдийг бид санаачилж, энэ компани маань шийдлийг гаргаж улам боловсронгуй болгоход хамтдаа хичээж л байна.

Хүүхдүүдийг хөгжүүлэх, сургах зөвлөмжүүдийг ч энэ программаас гарах датанд үндэслэн өгөх боломжтой. Бас датагаа ашиглаад судалгаа гаргах ч боломж байгаа юм. Тухайлбал, оройд эцэг эхчүүд 20-22 цагийн хооронд энэ аппликейшнээр нэвтэрч, 20-30 минут зарцуулаад хүүхдүүдийнхээ сурлагын явц, шалгалтын дүнтэй танилцаад, хүүхдүүдээ унтахаас өмнө ярилцаж чаддаг бол программаар нэвтэрч огт үзэхгүй байгаа, эсвэл 22 цагаас хойш нэвтэрч орсон ээж, аавуудын хүүхдүүдтэй харьцуулахад сурлагын амжилт нь дор хаяж 10 хувь илүү байгаа нь харагддаг юм. Бид хамтарч дата дээр дүн шинжилгээ хийхэд ингэж анзаарагдаж байна. Энэ бол дата дээр тулгуурласан судалгаа учраас маш бодит. Энэ мэтээр олон судалгаа, дүн шилжилгээ хийж, ажлаа сайжруулах боломжтой. Ер нь энэ платформыг ашиглаад хүүхдүүдэд өгсөн агуулгаа гүнзгийрүүлээд шалгалт, асуумж, зөвлөгөө ч олноор гаргах боломж байгаа юм. Би түрүүн дурдсан, манай сургууль номын сангийн мэдээллээ бас Номч-той хамтран электрон болгож байна гээд. Хүүхдүүд ямар ямар ном байгаа, чухам аль ном хэдийд сулрахаар байгааг эндээсээ харах боломжтой болно. Бид эргээд нэг хүүхэд дунджаар ямар хугацаанд ямар төрлийн номуудыг сонирхон уншиж байгаа судалгааг ч энэ датагаа ашиглаад гаргаж болох жишээтэй. Ер нь цаашдаа энэ чиглэл рүү улам бүр орно доо. Эцэг эхчүүдэд хялбар болгохоос гадна багш нарт ч мэдээллээ оруулахад хялбар болгох хөгжүүлэлт хийж байгаа юм билээ.Ирээдүйд бүрэн утгаараа цогц, сургуулийн мэдээллийн удирдлагын систем болж хөгжинө гэдэгт итгэдэг.

-Технологийн эрин үед бид энэ чиглэл рүү татагдаж орохоос аргагүй юм даа. Танай сургууль гурван томоохон программ ашиглаж байгаа гэлээ. Гурав дахь нь юу вэ?

-Энэ нь Education city гээд платформ байгаа. Цахим сургалтын платформ л доо. Манай нэгээс дөрөвдүгээр ангийн сурагчид насны онцлогтоо таарсан аргаар суралцах боломжтой. Бид мэргэжлийн студи, программистуудын бүтээдэг анимэйшн агуулгуудыг сургуулийнхаа орчинд хийх боломжгүй л дээ. Тиймээс насны онцлогт нь тааруулан энэ платформыг нэмэлтээр ашигладаг. Бага ангийн сурагчид маань хүүхэлдэйн кино үзэж байгаа юм шиг, тоглоомын орчинд хичээл даалгавраа хийх боломжтой гээд ойлгоход болно. Багш нар даалгавраа тавина, хүүхдүүд тоглонгоо даалгавраа хийж, багш нар нь хянана. Энэ нь Английн платформ. Манайх Кембрижийн хөтөлбөртэй болохоор энэ программын хичээл, даалгаврын агуулга нь таардаг юм.

-Үнэхээр хорио цээр тавигдсан байгаа энэ үед хүүхдүүдэд сурах боломжийг нь тасалдуулалгүй бас нөхцөл байдалд нь тохирсон аргаар өгнө гэдэг хаа хаанаа шинээр сурах ёстойг ойлгуулж байна л даа. Ээж, аавуудын зүгээс юун дээр анхаараасай гэж хэлмээр байна вэ?

-Үнэхээр онцгой нөхцөл байдалд бүгдэд шинэ бас чамгүй сорилт болж байна. Гэхдээ бүгд энэ нөхцөл байдлыг ойлгож хичээх нь зөв болов уу. Энэ бол амралт биш. Тиймээс амралтаар нь хөдөө явуулдаг шиг явуулчихаж болохгүй. Сурах үйл явц үргэлжилж байх ёстой. Ингэхийн тулд болж өгвөл тусдаа өрөөнд үгүй бол дэргэд нь телевизээ хангинуулаад суугаад байлгүйгээр тэдэнд сурах нөхцөл байдлыг нь хангаж, болж өгвөл гар утсаар биш, дэлгэцээр харах боломжийг хангахаас эхлээд анхаарлаа илүүтэй хандуулах нь чухал байна. Хичээлээ үзсэн үү, ойлгосон уу, юуг ойлгохгүй байна вэ гэдгээс эхлээд. Шалгах, загнахаас илүү харилцан ярилцаж байвал үр дүнтэй. Манай сургуулийн хувьд Streamпрограммаар эргэж үзээд хүүхдүүдтэйгээ эргэж ярилцаж байгаарай гэж бид хүсч байгаа. Зайны сургалт танхимын сургалтаас өөр. Хүүхэд бүрийн сурах арга барил, анхаарал төвлөрөх хугацаа өөр. Дэлгэцийн өмнө үр бүтээлгүй суугаад байх магадлал өндөр учраас хий дэмий хүүхэд ядрах гээд байдаг. Бие дааж суралцаж дадаагүй хүүхдэд өнөөдрийн нөхцөл байдал амаргүй байгаа учраас ээж, аавын оролцоо тун чухал байна. Зорилгогүй байх, цагийн хуваарьгүй байх буруу гэдгийг ойлгуулж богино хугацаанд үр дүнтэй суралцахад хүүхдүүддээ туслаарай гэж зөвлөмөөр байна. Тодорхой дэглэм, цагийн хуваарь хүүхдийг зорилготой, эмх цэгцтэй, үр дүнтэй байлгадаг тул бид даалгавар өгөхөөсөө илүү цагийн хуваарийн дагуу хичээлээ орох нь чухал гэж харж байгаа.

Ер нь олон зүйлд бид хаа хаанаа суралцах ёстой гэдэг нь харагдаж байгаа учраас ямар ч нөхцөл байдалд бэлэн байх ёстой болж таарч байна. Хэрэв дэгдэлт буурахгүй энэ хэвээрээ үргэлжлээд байвал яах вэ, дахиад сунгах хэрэгцээ гарвал яах вэ гэж бодож бүх сургууль бэлтгэлтэй байх ёстой. Одоо бол эндээсээ сургамж аваад бүгд л бэлэн байх шаардлагатай болж байна. Хүүхдийн сурах үйл явц тасралтгүй, тогтмол жигд, бас өгөөжтэй байх ёстой.

Ч.ЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн биш, бодлогын өрсөлдөөн болгох ёстой

Стратеги академийн захирал, улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвслээс гаргах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр Үндэсний аудитын газраас тогтоолоо. 2016 оны сонгуулиар уг хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоож байсан шүү дээ. УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалин 57 сая төгрөг. Гэтэл нэг нэр дэвшигчээс зардлын хэмжээг 775 сая төгрөгөөр тогтоолоо. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Монголын сонгуулийн зардал жил ирэх тутам өсч байна. Жишээ нь, 2016 онд хамгийн өндөр зардалтай сонгуулийн тойрог болох Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрогт 378 сая байсан бол энэ жилийн хувьд Баянгол дүүргийн сонгуулийн зардлын дээд хэмжээ 775 сая төгрөг байхаар тогтоожээ. Энэ удаагийн сонгуульд ингэж зардал нэмэгдэх болсон нь нэг талаас тойрог томсож тухайн нэр дэвшигчийн хүрч ажиллах сонгогчдын тоо 2016 оныхоос даруй 2-3 дахин нэмэгдсэнтэй холбоотой байх. Нөгөө талаас сонгуульд гарах зардлыг Аудит, Үндэсний статистикийн хороо, СЕХ зэрэг байгууллагууд харьцангуй бодитоор тооцоолон гаргасан байх магадлалтай. Ер нь жилийн жилд нам, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын ихэнх нь нь хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, төвлөрсөн арга хэмжээнүүдэд зарцуулагддаг. Гэхдээ энэ нь хот, хөдөөгийн тойргуудаас шалтгаалан харилцан адилгүй. Тухайлбал, нийслэлийн тойргуудад хэвлэл мэдээллийн зардал ихэнх хэсгийг эзэлдэг бол орон нутагт тээвэр, харилцааны зардал их байх жишээтэй. Монголд сонгуулийн зардал ингэж өсч байгаа нь буруу жишиг гэж хэлж болно. Би ардчилал, сонгуулийн үйл явцын талаар 20-иод жил судалгаа хийж байна. Ингээд харахад улс төрийн намуудын шударга өрсөлдөөн ардчиллын амин чухал нөхцөл болдог нь олон улсын жишээнээс харагддаг. Тэгвэл улс төрийн намын төлөвшилд эерэг, эсвэл сөргөөр нөлөөлж байгаа асар том хүчин зүйл бол санхүүжилт.

-5.9 тэрбумаар сонгуулийн зардлыг тогтоосон нь АНУ-аас хоёр дахин их хэмжээ. Ийм их мөнгөөр сонгуулийг хийх гэж байна шүү дээ. Яагаад манайд сонгуулийн зардал ийм өндөр байна вэ?

-Тийм ээ, бид үнэхээр өндөр зардлаар сонгуулийг хийж ирлээ. УИХ-ын гишүүний сарын цалин ийм байхад тэрнээсээ хэдэн арав дахин их мөнгөөр сонгогдчихоор эргээд тэр мөнгөө олох гэж төрийн албыг өөртөө ашиглана гэдэг шүүмжлэлүүд явж байгаа шүү дээ. Санал нэг байгаа. Сонгуулийн зардал асар их байх үед хэн гарах нь ойлгомжтой. Сонгуулийн зардал өндөр байхын хэрээр тухайн сонгуульд гарааны тэгш бус байдал нэмэгддэг. Нөгөө талаас сонгуулийн албан ёсны сурталчилгаа хугацаа бусад улсуудынхаас богино. 2016 онд 18 хоног байсан бол энэ жилийн удаагийнх 21 хоног. Ийм нөхцөлд хөрөнгө мөнгөтэй нэр дэвшигч л богино хугацаанд их хөрөнгө хаяж олонд танигдах боломжтой байгаа нь яах аргагүй тэгш бус байдал. Мөн өргөн уудам газар нутагт хүн ам тархан байршсан, сонгуулийн сурталчилгааны үеийн хүн хүч оролцсон бүх үйл ажиллагаа нь үнэ хөлсөөр явдаг, олон хүн цуглуулсан кампаничилсан том акциуд их хийдэг зэргээрээ Монголын сонгуулийн кампани Европ болон Азийн улсуудынхтай харьцуулахад зардал ихтэй. Ганцхан жишээ хэлэхэд, дэлхийн улсуудын сонгуульд тухайн нам, нэр дэвшигчийг дэмжигч сайн дурынхан ажилладаг бол манайд нэр дэвшигчийн штабын бүхий л ажиллагсад тодорхой хэмжээний урамшуулал цалинтай ажилладаг. Үндсэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд зардал ихтэй сонгууль явуулдаг буруу жишиг тогтоочихоод байна. Тиймээс судлаачид бид сонгуулийн зардлыг багасгах, эх үүсвэрийг нь ил тод болгох, хувь хүнээс гарах зардлыг аль болох хязгаарлаж, зардлын нэлээд хэсгийг бусад улсын жишгээр төрөөс даадаг чиглэл рүү оруулах нь зөв гэсэн байр суурьтай байдаг. Монгол Улсын хөгжүүлэх бодлого хөтөлбөр дэвшүүлсэн, улс орны алсыг харсан, нийтийн эрх ашгийн төлөө явдаг нам, нэр дэвшигчийг сонгох ёстой. Тэрнээс биш сонгуулийг хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн болгож болохгүй. “Их мөнгөний өмнө тэсдэг хүн маш цөөхөн байдаг” гэж нэгэн алдартай үг байдаг. Сонгуулийн зардал өндөр байх нь авлигын нэг том шалтгаан. Тийм учраас сонгуулийн зардлыг багасгах, зарцуулалтыг ил тод байлгах нь их чухал юм.

-Томсгосон тойргоор сонгуулийг явуулбал илүү бага зардал гарах юм биш үү. Нэг намаас нэг тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид хамтран санхүүжилтээ гаргах, баг болон ажиллах боломжууд нээгдэнэ шүү дээ?

-Тантай санал нэг байна. Тухайн тойрог дээр намаас гурван хүн өрсөлдөж байгаа бол сонгуулийн зардлаа хуваалцаж гаргах ёстой. Тэгвэл зардал буурна. Аль болох бага зардлаар өрсөлдөөнийг нээлттэй, бодлогод суурилсан зарчмаар хийх ёстой. Энэ удаагийн сонгуулийн хуулийн царцаа нүүлгэх гэдэг бас нэгэн хууль бус зардлыг сонгуулийн хуулиар таслан зогсоосон нь давуу тал боллоо. Сонгогчдын саналыг авахын тулд мөнгө тараадаг уламжлалт бохир арга үеэ өнгөрөөсөн. Манай Стратеги академи болон бусад судалгааны газруудтай хамтран хийж байгаа сүүлийн үеийн судалгаануудаас харахад Монголын сонгогчид сонголтоо хянуур хийдэг, мөнгөнд саналаа худалдахааргүй болсон байна. Улстөрчдийг хэн болохыг, улс төрийн бодлого юу болохыг шүүн тунгааж саналаа өгөх хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байна. Тийм учраас улс төрчид сонгогчдыг элдэв бэлэг сэлт, мөнгөөр татах гэсэн явуургүй аргаа зогсоох цаг болсон. Энэ мэтээр танаж болох олон зардал бий.

-Та ХБНГУ болон АНУ-ын их сургуулиудад зочин судлаачаар ажиллаж байсан хүний хувьд эдгээр улсын намын санхүүжилтийн онцлогийг тодруулж хэлнэ үү?

-Парламентын, эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай байна уу гэдгээс хамаараад суурь концепц нь хоёр өөр байдаг. ХБНГУ ба АНУ бол энэ хоёр тогтолцооны сонгодог жишээ. АНУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай учраас улс төрийн нам нь сул, Ерөнхийлөгч хэмээх хувь улстөрчийн нөлөө өндөр байдаг улс. Тиймээс улс төрийн намыг дэмжих, улс төрийн намын санхүүжилтийг төрөөс хэсэгчлэн юм уу, тодорхой хэмжээгээр гаргах явдал байдаггүй. Сонгуулийн болон улс төрийн санхүүжилт нь цэвэр хувь хүн, том компаниудын хандиваас бүрддэг. Ингэснээр тухайн улстөрч юм уу намыг санхүүжүүлэгчээс хамааралтай болох, лоббид автах явдал гардаг. Жишээлбэл, сүүлийн үед АНУ-д галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах талаар олон нийтийн тэмцэл хөдөлгөөн ид өрнөж байна. 7000 гаруй дунд сургуулийн хүүхэд бууны суманд өртөж амь насаа алдаад байгаа тул хүүхдүүд, эцэг эхчүүд удаа дараа жагсаал хийж байна. Гэтэл АНУ-ын улстөрчдийг санхүүжүүлдэг асар том бүлэглэл нь зэвсгийн наймаанаас ашиг олдог компаниуд юм. National Rifle As­sociation буюу Үндэсний зэвсгийн холбоо Конгрессын гишүүдийн сонгуульд их хэмжээний хандив өгдөг болохоор хуульд өөрчлөлт оруулж зэвсгийн хэрэглээг хязгаарлах боломж одоогоор хязгаарлагдмал хэвээр байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын улстөрчид зэвсгийн наймаачдын шахалтад орсон гэсэн үг. Улс төрийн намууд ийнхүү хувь хүн, компаниудаас санхүүжих нь сөрөг үр дагавар ихтэй байдгаас Европын улс орнуудад хувийн санхүүжилтээс татгалзаж, улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх чиглэл давамгайлж байна. Европын ихэнх улсын намын санхүүжилтийн 60-70 хувь нь төрийн дэмжлэг байдаг. Төрөөс олгож буй энэ санхүүжилтийн нэлээд хэсгийг иргэдийн улс төрийн боловсрол, бодлого боловсруулах, бодлогын судалгаа хийхэд зарцуулна гэж хуульчилсан байдаг. ХБНГУ-ын хувьд улс төрийн намуудад төрөөс үзүүлэх санхүүгийн шууд ба шууд бус дэмжлэг үзүүлдэг. Намуудын нийгмийн дэмжлэг, сонгуулиар авсан саналыг үндэслэн төрөөс санхүүжилт олгодог. Европарламент болон Бундестагийн сонгуульд тухайн нам нийт сонгогчдын 0.5 хувиас доошгүй санал авсан бол төсвөөс санхүүжилт авах эрх нээгдэнэ. Ингэж улс төрийн намуудыг хөрөнгө мөнгөтэй, нөлөө бүхий хүмүүсээс хараат бус байх нөхцөлийг хангахын зэрэгцээ төрөөс бас хараат бус байх ёстой гэсэн концепц Германд үйлчилдэг. Энэ нь гишүүдийн татвар болон хязгаарлагдмал хувийн хандив юм. Мөн Германы улс төрийн санхүүжилтийн нэг онцлог нь намын дэргэдэх улс төрийн боловсролын сангуудаар дамжуулан шууд бус санхүүжилтийг Бундестагт суудалтай намуудад өгдөг явдал. Иргэд улс төрийн мэдлэггүй байх нь ямар аюултай гэдгийг 1933 оны Рейхстагийн сонгуульд Гитлерийн нам ялалт байгуулсан явдал гэрчилдэг тул өдгөө Германы засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд ихэд анхаардаг. Намын дэргэдэх улс төрийн сангууд иргэдийн улс төрийн боловсрол, дэлхий дахины ардчиллын боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголд Фридрих Эбертийн сан, Конрад Аденауэрын сангуудын суурин төлөөлөгчийн газрууд ажиллаж ардчиллын боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

-Хаврын ээлжит чуулганаараа Улс төрийн намын тухай хуулийг шинэчилнэ. УИХ өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах зохицуулалтыг тусгасан. Энэ дээр судлаачид та бүхэн зөвлөмж өгч ажиллаж байгаа байх?

-Таны хэлсэнчлэн хаврын чуулганаар хэлэлцэгдэх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрдэмтдийн багаараа бодлогын зөвлөмж өгч байна. Бид улс төрийн намын санхүүжилтийг ил тод хариуцлагатай болгох, сонгууль дахь хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах, цаашлаад авлигыг бууруулах чиглэлээр нэлээд олон бодлогын зөвлөмжүүдийг санал болгож байгаа. 2019 оны арваннэгдүгээр сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс тө-рийн намыг эрүүлжүүлэх санхүүжилтийг ил болгох чиглэлээр маш дорвитой заалтууд орсонд судлаачид бид сайшаалтай хандаж байна. Уг заалтууд улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль дээр хэрэгжээд явахад ихээхэн дэвшил авчирна. Энэхүү хуулиар улс төрийн намын бүтэц үйл ажиллагаа, нийгэмд гүйцэтгэх үүрэг, санхүүжилт, хариуцлагыг цоо шинээр зохицуулна. Тухайлбал, өдгөө үйлчилж буй 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулинд Улс төрийн намд нийгмийн өмнө ямар нэг үүрэг ногдуулаагүй байсан бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зааснаар улс төрийн нам ардчиллыг бэхжүүлж хөгжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, улс төрийн шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог идэвхжүүлэх, дэмжих, судалгаанд суурилсан бодлого хөтөлбөр дэвшүүлж сонгуульд оролцох, хэрэгжүүлэх зэрэг үүргийг хуульчилж байгаа. Гагцхүү хууль тогтоогчид хуулиа батлахдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн суурь концепцоо барьж, мэргэжилтнүүдийнхээ зөвлөгөөг хэр авч хуулиа батлах нь уу гэдгээс их зүйл шалтгаална. Эсрэгээрээ зургаан сард болох сонгуулиа бодож, цаг зуурын өөрсдөдөө ашигтай хууль баталчихвал асуудал үүснэ шүү дээ.

-Хуулийн шинэчлэлээр гишүүдийн татвар дээр тодорхой хэмжээний анхаарал тавих нь зүйтэй байх?

-Дэлхийн чиг хандлагаар нам аль болох энгийн гишүүдээсээ бага хэмжээний татвараас санхүүжиж байж, хөрөнгө мөнгөтэй том компанийн нөлөөллөөс ангид байна гэсэн зарчим бий. Улс төрийн намын тухай шинэчилсэн төсөл дээр гишүүний жилийн татварын хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувиас хэтрэхгүй байлгахаар заах зөвлөмжийг өгч байгаа.

-Улсаас намыг хэдэн төгрөгөөр санхүүжүүлдэг юм бэ?

-2005 оноос хойш мөрдөгдөж байгаа Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн УИХ-д суудалтай намыг төрөөс санхүүжүүлдэг. Тэр нь сонгуулийн дараа нэг удаа хүчинтэй саналыг мянган төгрөгөөр бодож санхүүжилт олгодог. Түүнчлэн УИХ-д суудалтай намуудад нэг гишүүний суудлыг 10 сая төгрөгөөр тооцож, тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжүүлдэг. Харамсалтай нь улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийн зарцуулалтын тайланг хянах механизм маш сул байна. 2007 оноос хойш ганцхан удаа улс төрийн намын санхүүжилтэд аудит хийсэн тайлан олон нийтэд ил болсон.

-Хэдий УИХ-д суудал аваагүй ч гэсэн тодорхой сонгогчдын дэмжлэг авсан намыг төр дэмжих зохицуулалт орж байгаа юу?

-Ардчилалд шилжиж буй орнуудад улс төрийн намын төлөвшлийг дэмжих нь чухал гэдгийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулинд Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын экспертүүдтэй бид хамтран ажиллаж байна. Олон улсын зөвлөхүүд Монголын улс төрийн намуудад өрсөлдөөний ижил боломж олгох, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, намыг бүртгэх тогтолцоог хялбар болгох, зөвхөн УИХ-д суудалтай бус, сонгогчдын тодорхой дэмжлэг хүлээсэн намд төрийн санхүүжилт олгодог байх зэрэг зөвлөмжийг өгөөд байгаа. Тийм учраас энэ удаагийн Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд “УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй санал авсан намд жил бүр төсвөөс хүчинтэй санал тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн дүнгээр тооцож олгоно” гэж заалт орж байгаа. Энэ нь улс төрийн намуудын тэгш шударга өрсөлдөөнийг дэмжих зорилготой юм.

-Улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилтийн зориулалтыг зааж өгөх үү?

-Төрөөс олгож байгаа хэсэгчилсэн дэмжлэгийн зориулалтыг нь зааж өгнө. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг гишүүд дэмжигчдийн улс төрийн боловсролд, 15-аас доошгүй хувийг иргэд сонгогчдын улс төрийн боловсролд, 30-аас доошгүй хувийг намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулах үйл ажиллагаанд зарцуулна гэж оруулсан байгаа. Нам бол бодлогын нам болох ёстой. Тэрнээс цаг зуурын шинжтэй, олны анхаарал татсан популист хандлагатай байж болохгүй.

-Эцэст нь дүгнэж хэлбэл Монгол Улсад ямар улс төрийн намын тогтолцоо төлөвших нь зүйтэй вэ?

-Монгол Улс нь парламентын засаглалтай улсын хувьд Европ маягийн намын тогтолцоо болон намыг төрөөс хэсэгчлэн санхүүжүүлдэг механизмыг Монгол Улсад нутагшуулах нь тохиромжтой гэж бодож байна. Хамгийн чухал нь улс төрийн намууд бодлогын нам болж төлөвших ёстой. Намууд нь бодлогоор өрсөлдөж, сонгогчид нь бодлого боловсруулах чадвараар нь нэр дэвшигчдээ сонгох нь хамгийн зөв хувилбар. Дэлхийн улстөрчид бодлогоор өрсөлдөж, мэтгэлцээнээр танигддаг. Жишээ нь, БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 21 хоног. Энэ хугацаанд зургаан удаагийн мэтгэлцээнийг явуулдаг юм билээ. Гэтэл манайд 21 аймгаа тойрч, асар их зардал шаардсан, массыг хамарсан кампаничилсан үр дүн багатай сонгууль явуулсаар л байна. Тиймээс бодлогоор өрсөлддөг, бодлогын мэтгэлцээн хийдэг шинэ соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Сонгуулийг мөнгөний биш, бодлогын өрсөлдөөн болгох цаг ирсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Баабарын Монгол “ДЕЛО” ​нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өчигдөр Монгол Улсад коронавирусын халдвар анх удаагаа илэрч, Франц улсын иргэн халдвар тээж авчирсан нь тогтоогдсон билээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын нэг, долдугаар нүүрнээс уншаарай.

Эрүүл мэндийн сарйд Д.Сарангэрэлийн цаг үеийн асуудлаар өгсөн мэдээлэл болон сэтгүүлчдийн асуултад хариулсныг нэг, хоёрдугаар нүүрэнд нийтэллээ.

“Үндэсний маркетингийн агентлаг”-ийн
захирал, маркетингийн
зөвлөх Б.Түвшинтөгстэй хийсэн ярилцлага болон Монголын бизнесийн
Удирдах зөвлөлийн
дарга Б.Бямбасайхантай хийсэн ярилцлагыг нэг, тав, 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Мөн УОК-ийн өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдтэй өнөөдрийн дугаарын хоёрдугаар нүүрнээс танилцаарай.

“Өдрийн сонин”-ы Баримт, үзэл бодлын алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын Монгол “ДЕЛО” нийтлэл хэвлэгдлээ.

Цагдаагийн ерөнхий
газрын нийгмийн хэв
журам, олон нийтийн
аюулгүй байдлын албаны
зөрчил шалгах, мэргэжил
арга зүйн хэлтсийн дарга,
цагдаагийн хурандаа
Ч.Чинбаттай ярилцлаа. Тэрээр халдварт
өвчин, вирусийг бусдад
зориудаар тараасан
бол тав хүртэлх жилийн
хорих ялаар шийтгэдэг хэмээжээ.

Жүжигчин Мөөжиг
буюу Ө.Мөнх-Эрдэнэтэй хүүрнэснийг 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тариаланчдад улаанбуудайн 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 оны ургацаас гурил үйлдвэрлэлд 247.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлсэн 12 аймгийн 802 аж ахуйн нэгж, иргэнд 22.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоос материалын бүрдүүлэлт, гурил үйлдвэрлэгчдээс авсан судалгаа, шалгалтын дүнг үндэслэн 757 аж ахуйн нэгж, иргэний 223.0 мянган тонн хүнсний улаан буудайд 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байна.

Өмнөх жилүүдэд тариаланчдад мөнгөн урамшуулал олгох явцад тариалан бүхий зарим аж ахуйн нэгжүүд гурилын үйлдвэртэй гэрээ байгуулж, тооцоо нийлсэн акт, холбогдох бусад урамшууллын материалаа бүрдүүлж Тариалан эрхлэлтийг дэмжих санд (хуучин нэрээр) ирүүлсэн боловч уг буудай нь гурилын үйлдвэрийн агуулахад биш, тариалангийн аж ахуйн нэгжийн агуулах, элеваторт хадгалагдаж байсны улмаас буудайн тоо хэмжээ, чанар нь буурах, зарим тохиолдолд урамшуулалд хамрагдсан буудай нийлүүлэгдэхгүй болж тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн хооронд маргаан, өр төлбөр үүсэж, хууль хяналтын байгууллагад шилжсэн тохиолдол гарч байсан.

Тус яамнаас урамшууллын материалд хийсэн шалгалтын үр дүнгээр орон нутгаас ирүүлсэн мэдээлэл нь статистикийн мэдээтэй зөрсөн, тариалан бүхий аж ахуйн нэгжийн агуулахад байгаа буудайг гурил үйлдвэрлэлд хүлээн авсан мэтээр тооцоо нийлсэн, өмнөх жилүүдэд олгосон урамшуулалтай холбоотой зөрчил илэрсэн зэргээс шалтгаалан 45 иргэн, аж ахуйн нэгжийн 24.8 мянган тонн хүнсний улаан буудайд олгох 1.5 тэрбум төгрөгийн урамшууллыг одоогоор олгогдоогүй бөгөөд улаан буудайн урамшуулалтай холбоотойгоор ийм зөрчил дутагдал гаргуулахгүй байх, дүрэм, журмын хэрэгжилт хяналтыг сайжруулах шаардлага тавигдаж байна.

Тиймээс шалгалтын дүнгээр зөрчилтэй гарсан аж ахуйн нэгж, иргэдийн агуулах, элеваторт хадгалагдаж байгаа дээрх хүнсний улаан буудай аль нэг гурилын үйлдвэрт бүрэн нийлүүлэгдэж, тооцоо нийлсэн баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Хөдөө аж ахуйг дэмжих санд ирүүлсэн тухай бүрд улаан буудайн мөнгөн урамшууллыг саадгүй олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.