Categories
мэдээ нийгэм

Дүүргийн удирдлага цаг үеийн ажлуудад хяналт тавин хороодод ажиллав

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдлага цаг үеийн ажлуудад хяналт тавин хороодод ажиллав. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж, суурилуулах ажлын явц, хороодын Шуурхай штабын үйл ажиллагаа, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх “Эргүүл” арга хэмжээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлуудад хяналт тавьж, холбогдох үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

Дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлийн 40, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын 476, дэргэдэх хэлтэс, нэгжийн 42 нийтдээ 558 албан хаагч өчигдрөөс эхлэн угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, зөвлөмжийн хамт айл өрхүүдэд тарааж, суурилуулах ажлыг эхлүүлэн 72 цагийн хугацаанд 9633 айл өрхөд бүрэн суурилуулж дуусгахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: АНУ-д ирэх долоо хоногт халдварын тоо оргил үедээ хүрэх магадлалтай

Б.Янжмаа: Коронавирусийн халдвар Европын орнуудаар хурдтай тархаж ...

ЭМЯны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, “АНУ-д халдварын тохиолдол 140 000 гаруйд хүрч, 2,400 орчим хүн нас баржээ. Тус улсын Харшил, халдварт өвчний хүрээлэнгийн захирал ард иргэддээ хандаж “АНУ-д халдварын оргил үе хараахан болоогүй. Ирэх долоо хоногт халдварын тоо болон нас баралтын тоо оргилдоо хүрэх магадлалтай байна. Мөн математик тооцооллын дагуу тус улсад хэдэн сая хүн халдвар авч нас баралт 100 мянгад хүрэх тооцоолол байгаа” тухай мэдэгдсэн байна. АНУ-ын холбооны Засгийн газраас энэ сарын 31-нийг хүртэл тогтоосон хязгаарлалтаа ирэх сарын 30-ныг хүртэл сунгаж мөрдүүлэхээр болсон. Испани улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 838 нас баралт бүртгэгдсэн нь халдвар анх гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Японд 48 000 гаруй лабораторийн шинжилгээ хийж, нийт 1,700 гаруй халдварын тохиолдлыг илрүүлжээ. Сүүлийн өдрүүдэд Токио хотод эх уурхай нь тодорхойгүй өвчлөл гарч, халдварын тохиолдол нэмэгдэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн хоногт БНСУ-д шинээр 78 тохиолдол илрүүлснээс 13 нь гаднаас зөөвөрлөгдсөн, 31 нь Сөүл хот орчмын бүсээс, 14 нь Дэгү хотод бүртгэгджээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

“COVID-19”-өөр халхавч хийсэн цахим луйвраас болгоомжил

Дэлхий дахинд COVID-19 буюу корона вирусийн цар тахал тархаж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ хүнд хэцүү, эмзэг үеийг ашиглан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Гадаад харилцааны яам зэрэг албан байгууллагуудын нэрийг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэж, төрийн болон бизнесийн томоохон байгууллагууд руу чиглэсэн цахим гэмт халдлага хийх оролдлогууд бүртгэгдээд байна.

Мөн дэлхий нийтийн хэмжээнд ард иргэд рүү COVID-19 нэрийн дор:

  • Цаг үеийн мэдээ мэдээлэл – Мэдээний холбоос дээр дарахад вирус татагдан ажиллаж, таны компьютерт суун төхөөрөмж дээр хийсэн бүхий л үйлдэл, мэдээллийг тань хулгайлна;
  • Хандивын аян – Дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авна;
  • Онлайн бараа захиалга – Дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авна;
  • Олон улсын дуудлага – Автомат дуудлагыг хүлээн авч, зааврын дагуу ямар нэгэн тоон дээр дарснаар та хувийн мэдээллээ алдах, өөр олон хуурамч дуудлагууд хүлээн авах эсхүл таныг нууцлалтай мэдээллээ оруулахыг шаардана;
  • Хуурамч и-мэйлүүд – Хавсралт эсхүл холбоос дээр дарснаар нууц програм ажиллан таны компьютерт суун төхөөрөмжийг тань түгжиж, мөнгө төлөхийг шаардах, төхөөрөмж дээрээ оруулах үйлдэл, мэдээллийг тань бичиж авах, эсхүл регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахыг шаардана;
  • Хуурамч вэбсайтууд – Вэбсайтын URL дээр дарахад вирус татагдаж төхөөрөмж дээр сууна;
  • Олон нийтийн сүлжээн дэх хуурамч мэдээний холбоосууд –Регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг асуух, эсхүл нууц вирус татагдана;
  • Гар утасны хуурамч аппликэйшн – Тагнах зориулалт бүхий Corona Live 1.1 апп эсхүл ижил төрлийн Android апп татсанаар тухайн гар утасны камер, микрофон, файл, байршил, олон нийтийн сүлжээний бүхий л текст, мессежид хандана;
  • Текст мессеж – Холбоос дээр дарснаар тухайн төхөөрөмжийн дэлгэцийг түгжиж, мөнгө төлөхийг шаардана.

Дээр дурдсан цахим гэмт хэргийн төрлүүд нь иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны, тун үнэмшилтэй харагдахуйцаар загварчлагдсан байна.

Иймд нийт харилцагч та бүхэн сонор сэрэмжтэй байж:

  • COVID-19 вирустэй холбоотой аливаа цахим мэдээлэлд итгэж, хуурамч и-мэйлийн хавсралтыг нээхгүй байх;
  • Баталгаат бус вэбсайт болон холбоос дээр дарахгүй байх;
  • Corona Live 1.1 Android аппликэйшн эсхүл ижил төрлийн аппликэйшн татаж авахгүй байх;
  • Өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас захиалга хийхгүй байх;
  • Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
  • Олон улсын эсхүл автомат дуудлагыг авахдаа тоон дээр дарахгүй байх, дуудлагыг таслах;
  • Мессежээр болон олон нийтийн сүлжээний чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж өөрийн мөнгө болон мэдээллээ алдахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

Мөн банк хэзээ ч өөрийн албан ёсны интернэт банк болон аппликэйшнээс бусад сувгаар таны нэвтрэх нэр, нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг асуудаггүй болохыг анхаарна уу. Мөн үүнээс гадна COVID-19 цар тахалтай холбоотой мэдээ мэдээллийг зөвхөн ЭМЯ болон бусад албан ёсны эх сурвалжаас баталгаат сувгаар авч байхыг зөвлөж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны баримт бичгийг дуурайж үйлдсэн байдал

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэрийн өмнөөс илгээж буй хуурамч и-мэйл

Corona Live 1.1 Хуурамч аппликэйшн

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн.

Манай улсын эрүүл мэндийн байгууллагаар жилдээ олон мянган хүн амбулаторийн үзлэг хийлгэж, 700 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.

“Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлаж хянагдана.

Анхны батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,368 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Үүн дотор жирэмсэн 43 эх, тав хүртэлх насны 56 хүүхэд байгаа. Мөн даралт ихсэх эмгэгтэй, чихрийн шижинтэй, гэмтэлтэй иргэд цөөнгүй байгаа бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлээд явж байна.

Тусгаарлах байруудад нийтдээ 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа.

Түргэн тусламжийн дуудлагад бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн төрөхийн дуудлага зонхилж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд галт тэргээр зорчиж байсан 3,000 гаруй иргэнд хяналт, тандалт хийсэн.

Утсаар зөвлөгөө өгч байгаа нөхцөлд тоглож залгах, залгаад авахаар таслах тохиолдлууд гарч байна. Гадаад улсаас холбогдож байгаа иргэд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаагаа хэлээд эрүүл мэндийн зөвлөгөөнүүд авч байна” гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд эмнэлгийн тусламж дутагдалтай байгаа тул эмнэлгийн салбарынхан сайн дураараа ажиллаж байна гээд тухайлбал Их Британид тэтгэвэртээ гарсан 20,000 эмч эмнэлгийн тусламж үзүүлэхээр ажиллаж эхэлсэн. Мөн өнөөдрөөс сувилагчийн сургуулийн 1,024 суралцагч эмнэлгийн тусламж үзүүлж эхлэхээр болж байгааг хэлсэн юм.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хийхээр болсон.

Тусгай үүргийн онгоц Сөүл, Токио чиглэлд нислэг үйлдэн эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг тээвэрлэн авчирна.

Уг онгоцоор гадаад улс орныг зорих хүсэлтэй иргэд очсон орондоо 14 хоног тусгаарлагдана гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Учир нь дэлхий нийтийг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ихэнх орнууд гадаад улс орноос ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээг авч байгаа юм.

Харин тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах юм.

Categories
мэдээ утга-зоxиол

Доржийн Гармаа гуайгаа дурсахад

Сайхан хүн гэдэг тийм ч амархан мартагдахгүй. Он жил улирах тусам улам л хүмүүний сэтгэлд ойр болж ирнэ. Зохиолчдын яриа хөөрөө, инээд наргиан дунд заавал ч үгүй нэр нь орж ирж, дүр байдал нь ургаж тодордог хүн бол яалт ч байхгүй Доржийн Гармаа гуай юм. Мань хүнийг яахав, өнөө тультраадуухан гэдгээр аваргууд нь дамшиглана. “Р” үсгийг “Л” үсгээр хэлдэг байсан юм гэдэг. Миний бие Гармаа гуайтай хэд хэд уулзаж ярилцаж байсан. Тэгж тультраа ярихыг нь анзаараагүй юм, бага балчир амьтан юугаа ч мэдрээ аж дээ. Өөрийгөө Должийн Галмаа (Доржийн Гармаа) гэж танилцуулаад цааш явна гээд л нөхөд нь инээдээ барж ядна. Хамгийн сонирхолтой нь мань хүн “Р” үсэг хэлж чадахгүй хэрнээ заавал ч үгүй “Р” орсон үгийг түүж ярьдаг байсан гэдэг. Сайн байна уу гээд мэндлэхийн оронд тэгэхээс тэгэх гэсэн юм шиг “Элхэм нөхлийн амлыг элье” гэж мэндчилдэг гэж байгаа. Дуу дуулахдаа Тангадын Галсан гуайн шүлэг, “Загийн алим” киноны дууг дуулах дуртай байсан гэх. “Ялуухан хавлын гулван салдаа

Ялгуйгаа дагаад сүлэг минь жалгалтай…” гэж дуулдаг хэмээн өнөө хэд нь дуурайн аялна. Гаажгай (Галсан гуай) энээ тэрээ л Гармаагаа дамшиглаж байгаа нь тэр. Энэ мэт нөхдийнх нь гэгээн сайхан наргиан дундаас Гармаа гуайгаа сэтгэлдээ бодож сууна, би.

Тэр жилийн хавар оюутан ахуйдаа Гармаа гуайн дурсамж дурдатгалын болов уу гэж санах, “Цэцэгсийн мөнгөн шүүдэр” номыг худалдаанд байхыг сонирхон харж, халаас нимгэн оюутан авчихаж чадалгүй ёстой нэг шүлсээ залгиад хоцорсон. Сүүлд аль чиг номын дэлгүүрээс “Цэцэгсийн мөнгөн шүүдэр”-ийн барааг олж хараагүй л явна. Хоёр мянга есөн оны нэгдүгээр сарын эхээр идэр есийн жавар гялганасан тэр нэг орой Гармаа гуайнд очиж билээ. Одоо санах нь ээ, “Хүүхдийн 100”-гийн тийшээ байранд нь очиж байсан. Отгон эгч хоол унд болоод Гармаа гуай бид хоёр дүүрэн номтой өрөөнд нь оройжин хөөрөлдөн суусан сан. Жавар алгадсан цагаар ороход өөдөөс халуу дүүгэж угтдаг сайхан айл байдаг, тийм л айл байж билээ. “Налайхаас холгүйхэн байх Шохой цагаан булаг, шохойн заводын ажилчдын дунд миний бие өсч торнисон. Ажилчин гэж ямар хүмүүс байдаг, үйлдвэр уурхай гэж юу болохыг багаасаа сэтгэлдээ шингээж авсан нь мэдээж. Тун зүггүй хүүхэд байлаа. Энэ зан маань хөгжөөнтэй наргиантай зохиол бичихэд нөлөөлсөн болов уу. Найман туужаас бүрдсэн “Хөгжөөнтэй туужууд” номоо далаад оноос эхэлж арваад жил бичсэн. Би чинь “Хөгжөөнтэй туужууд”-ынхаа зүггүй нөхөр Цэдэн нь шүү дээ. Үндсэндээ Цэдэнд тохиолдож байгаа хөгжөөнтэй явдлууд надад багад минь тохиолдсон юм” гэж яриагаа эхлээд пал пал инээж суув.

“Хөгжөөнтэй туужууд”-ын зүггүй барам Цэдэнгийн адармаатай явдлуудыг Гармаа гуай өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн нь үнэн юм. Тэр тухай Пунцагийн Бадарч ахын “Юм юмнаасаа” номонд байдаг. Бадарч ах шуудангийн “полу” тэргээр Эрдэнэ сумын долоон жилийн сургуульд очжээ. Тэнд Доржийн Гармаа сурч байсан.

“Сумын урд ууланд шөнө болохоор хөх гал сүүмэлзээд байдаг боллоо, лав чөтгөрийн гал байх гэж сургуулиар төдийгүй сумаар нэг шуугиан гарав. Хүүхэд бид чөтгөрийн тухай бодлоос бүрэн ангижраагүй тул айдастай болов. Тэгтэл нэг үдэш, хэсгийн төлөөлөгч Гонгоржав, сургуулийн захирал Жадамбаа, сумын намын үүрийн дарга Дамдин нар чөтгөрыг барихаар урд ууланд сэм авиралт хийж, галаар баримжаалсаар очихнээ Гармаа хадан хоргорхуу юм барьчихсан ном уншиж суусан гэж байгаа. Ингэж сургуулийн хүүхдүүдийг байтугай сумынхныг айдас хүйтэст автуулсан “чөтгөр” нь Гармаа болов” гэж бий. Монголын үе үеийн сурагчдын ширээн дээр хүүхэд багачуудтай шуугилдсан “Хөгжөөнтэй туужууд”-д нь чөтгөртэй хэсэг бий. Мөн нөхөр Гармаа долдугаар ангийн сурагч байхдаа нанчид хүртэж бас шуугиан дэгдээснийг Бадарч нь дэлгэчихсэн. “Нэг орой байрандаа байтал Гармааг нутгийнх нь хоёр хүүхэд Чойсүрэн, Насанбаяр нар сугадаж авчираад оронд нь оруулж хучиж орхив. Би өвдсөн биз гэж бодов. Маргааш өглөө нь эхний цагийн хичээлийн дараа сургуулийн талбайд бүх хүүхдийг дөрвөлжлөн жагсааж хойморт захирал тэргүүтэн зогсчээ. Нэг л сүртэй юм болох янзтай. Тэгтэл захирал өндөр дуугаар “Долдугаар ангийн сурагч Доржийн Гармаа жагсаалаас гар” гэв. Мань эр лагсхан биетэй тул муу гутлаа пар пар гишиглэн тоос босгох шахуу жагсаалаас гарч зогстол, захирал “сурагч Гармаа хэдийгээр онц сурлагатан, сурагчдын зөвлөлийн дарга боловч сурагчдын дүрмийг зөрчиж ноцтой хэрэг хийсэн байна. Архи уусан тул сургуулиас хөөхийг сануулж, сурагчдын зөвлөлийн даргаас халав” гэх зэргээр ярьж, тушаал уншиж билээ” гэж байдаг. Хэнтийн Цэнхэрмандалаас жонш зөөдөг орос жолооч нар Эрдэнэ суманд үдлэхдээ талх консеров архиар дайлсныг долдугаар ангийн сурагч хүртчихсэн нь тэр.

Хорь ч хүрээгүй хонгор насандаа “Морьтой ч болоосой” хэмээх кино бичиж монгол түмнийг гайхшируулсан хүн нь өнөө зүггүй барам Гармаа. Тэр тухайгаа зохиолч ийн өгүүлсэн юм. “Санхүү эдийн засгийн техникум төгсөөд 19 настай залуу Баянхонгор аймгийн Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон очлоо. Хөдөө томилогддог нь надад их оносон. Тухайн үед нэгдэлжих хөдөлгөөн ид бужигнаж малаа нийгэмчлэх гэж хөдөөгийнхөн юу болсон гэж санана. Унааны морь, саалийн үнээнээсээ салах нь гээд зарим малчид боож үхэхдээ тулж байсан.

Кино бичих санааг бас л өөрөөсөө олсон. Өнөө мал нийгэмчлэх ажлаар Баянхонгорын төвтэй ойрхон нэгэн сум руу машинтай давхиж явтал морьтой хэдэн хүүхэд замд таарав. Тэд машинтай уралдаж морьдынхоо шандсыг сорьж байна. Машинаас нэг хоцроод, нэг зуузай холбож ирээд л. Эндээс надад зохиол бичих санаа төрөхгүй юу. Гол нь инээдмийн байвал зүгээр гэж бодов. Тэр үед Ч.Ойдовын “Их жанжин Сүхбаатар танаа” буюу “Ардын элч” кино зохиол хэвлэгдсэн даруйд нь уншаад байсан маань кино бичихэд нөлөөлсөн. Машинтай уралдаж байсан хүүхдүүдээс ургуулаад Дондог, Янжмаа нарын дүрийг төвөггүй олсноор “Морьтой ч болоосой” киноны гол багана боссон” гэж билээ.

Кино зохиолоо мань хүн шарлаад эмнэлэгт хэвтэж байхдаа бичжээ. Тасагт нь гурван хүн хамт хэвтэж байв гэнэ. Сурагчийн нимгэн дэвтэр дээр бичсэн зохиолоо өглөө бүр өнөө гуравтаа уншиж өгнө. “Хүү минь наад хэсэг чинь тун аятайхан байна” гэх зэргээр зөвлөж байсан өвгөжөөр насны хүн нь Ардын уран зохиолч Лхагвасүрэнгийн аав Бавуу гуай байсан юм билээ. Төв аймгийн Лүн сумын нэгдлийн дарга байсан тэр хүн эмнэлгээс түрүүлж гарахдаа “За хүү минь наадах чинь тун хэрэгтэй зохиол шүү. Соёлын яамаар хөөцөлдөөд нэг юм болгоорой” гэж захижээ. Бавуу гуайн аминчлан захисныг бодон кино үйлдвэрийн жижүүрт хөөгдөн туугдан байж Ванган гуайтай уулзсанаар асуудал шийдэгдсэн гэдэг. Кино гарч багагүй шуугиан болсны дараа шохойн заводод хөдөө гэртээ очжээ. “Нэгдэлд элсэхээр боллоо, хүүгийнхээ хээр морийг нэгдэлд өгчих үү” гэж аав нь өмнө нь асууж байсан удаатай. Тэгтэл морийг минь өгөөгүй байна. Учрыг лавлавал хүүгээ “Морьтой ч болоосой” хэмээх кино бичсэнийг дуулаад нэгдэлд морио өгөх дургүй байгаа юм байна гэж бодоод хээр морийг нь өгөөгүй байсан тухай дурсаад ижий аав, ус нутаг, хөдөө гэрээ санагалзаж суусан сан. Аав нь Сайн ноён ханы хошуу одоогийн Өвөрхангайн хүн, гэвш цолтой лам байгаад хэлмэгдлийн үед хар болж Шохой цагаан булагт ажиллахаар очжээ. Ээж нь Оросын буриад байсан гэдэг. Тэрээр нэгэнтээ “Миний уран бүтээлд тавьдаг гол зорилго бол бусдын хөндөөгүй сэдвээр бүтээл туурвих” гэж байсан. Нэгдэлжих хөдөлгөөний тухай “Морьтой ч болоосой”, атар газрын тухай “Хөхөө гэрлэх дөхлөө”, үйлдвэржилтийн сэдвээр “Нарны унага” кинонууд туурвисан. “Кино урлагт гэхэд би зохиолчийнхоо ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн байгаа биз дээ” гээд бахтай нь аргагүй хэлсэн нь огтоос мартагддаггүй.

Зохиолчдын хорооноос гэр аваад Тавын халуун усны хойхно нэг хашаанд амьдарч байснаа хамгийн сайхан үе гэж тодотгосон нь бий. Мишигийн Цэдэндорж ирж мөнгөн хутга бэлэглэж байсныг, Цэдэнжав гуай “Ерөөгийн охин” романаа, Дашдооров “Айлын хүүхэн Алигэрмаа”, “Өндөр ээж” туужуудаа ирж уншиж байсныг зохиолч дурсдаг. “Хүн бүр л ингэж амьдралаа эхэлдэг юм. Чамайг хороо байртай болгож өгтөл чи ингээд нүүрсээ шигшиж, түлээгээ хөрөөдөөд амьдарч л бай. Чи хэдий гэрт ядруухан амьдарч байгаа боловч туужууд чинь айл болгоны гэрт хүмүүсийн сэтгэлд гал түлж дулаацуулах ёстой” хэмээн Чойжилын Чимид гуай халуун дулаан үг хэлж, ганц нэг юмны бөглөө мултлаад ганц орыг нь эзэгнэн унтахдаа шөнө орноосоо ойчиж сандаргасан инээдтэй дурсамжийг ч хуучилдаг сан. “Зохиолчдын хороо Геологийн яамны доод давхарт оршин тогтнож байх үед миний хамгийн жаргалтай он жилүүд өнгөрчээ” гэж бас сэтгэл хангалуун хэлж байсан. Ринчен, Дамдинсүрэн, Лодойдамба нарын аваргуудаас үг сонсч, хэнийх нь халаасанд тамхи байна, түүнийг нь ойртуулж өгч яриаг нь лавшруулдаг байсан нь гарцаагүй. Секцийн эрхлэгч нарын нэг, “Өргөн хангайн нутаг”-ийг бичсэн Жамсрангийн Лодой гуай буриад аялгаараар “Манай сексийнхэн” гэж хэлж шоолуулсан тэр өрөөнд Бямбын Ринчен гуай орж ирээд МАНЦАМЭ-гийн хэл гээд ярихаараа мөддөө дуусахгүй, өнөө хэд нь өдий төдий асуултаар өвгөнийг булаад явуулахгүй ийм л үед Ринчен гуайгаас айхавтар сануулга авснаа Гармаа гуай ярих дуртай сан. “Чи авьяастай шүү. Би харин чиний “Цог” сэтгүүлд гарсан “Наташа” өгүүллэгийг чинь уншаад нэг үг хэлье гэж бодлоо. Хэл найруулгаа засахгүй бол уншигчаа алдана шүү” палхийтэл хэлжээ. Гармаа гуай ёстой ухаан алдатлаа айсан нь мэдээж. “Уншигчаа алдах” гэсэн Ринчен гуайн үг цочролд оруулж Орост таван жил суралцахдаа орос хэл дээр олон ном уншиж орос өгүүлбэрийн хэлбэр маягийг өргөн хэрэглэдэг болсноор монгол хэл найруулга нь доголдож буйг Ринчен гуай анзааралгүй яав гэж. Тэгээд Гармаа нь ахмад зохиолчдынхоо бүтээлээс аваад өөрийн үе тэнгийн Эрдэнэ, Дооров нарыгаа уншиж хэл найруулгын тансаг сайхнаас суралцан, Цэндийн Дамдинсүрэн гуайн “Зуун билиг”-ийг судлан юм юм болсон тухайгаа дурсдаг юм.

Тэрээр Горькийн сургууль төгсөж ирээд зохиолчдын хороонд үргэлжилсэн үгийг зөвлөлийг хариуцаж байхдаа Зон-Па-Жин-гийн Баттулга гуайтай “Дөмөн” нэгдэл байгуулж тэрхүү нэгдлээс Дамдинсүрэнгийн Урианхай, Дарамын Батбаяр, Бавуугийн Лхагвасүрэн, Лувсандамбын Дашням, Жагдалын Лхагва нарын Монголын утга зохиолд өөр өөрсдийн төрөл жанраар шинэчлэн хийсэн нэрт зохиолчдыг төрүүлж гаргасан гавьяатан юм. Урианхай ах “Бид бол Дөмөнгийн хурга ишиг, унага дааганууд” гэж хэлдэг нь тийм учиртай. Мөн Гармаа гуай зохиолчдын хорооны орлогч даргаар ажиллаж байхдаа наяад оны гол төлөөлөгчид болох Пүрэвжавын Баярсайхан, Доржзовдын Энхболд нарыг өөрийн гараар утга зохиолын зам мөрийг нь хөөлгөсөн гэж бахархан хэлдэг сэн. Базарын Цэдэндамбааг радиогоос хөөгдөөд байхад нь өөрийнхөө үүдэнд суулгаж зохиолыг нь бичүүлж цалин цавагтай залгуулж байсан, Горькийн төгсөөд ирсэн Намбарын Энхбаяр, Хасбаатарын Мэргэн, Цэндийн Энхбат нарын залуусыг Улиастайн аманд хадлан хадаж байхад нь Цэдэв даргатайгаа учирлаж байгаад тэрхүү ажлаас нь болиулж орос хэлээр Монголын утга зохиолын 15 ботийг гаргах ажилд оруулж байсан гээд утга зохиолын түүхэнд Гармаа гуайн байгуулсан гавьяа хэмжээлшгүй. Мартагдах учиргүй гэж хэлээд буй минь ийм юм. Хоёр мянга есөн оны хавар, гуравдугаар сарын сүүлийн цас будагнасан хуйсгануур өглөө Монголын яруу найргийн оргил Дэндэвийн Пүрэвдорж гуайг сүүлчийн замд нь үдэхээр зохиолч нөхөд нь цугласан. Гармаа гуай гэргий Отгон эгчийн хамт ирж агуу их Пүрэвдоржийнхоо алтан шарилын өмнө мэхийж зогссон. Тэр цаг мөчид өчүүхэн би Гармаа гуайгаа сүүлчийн удаа харж буйгаа яахин мэдэх билээ. Түүнээс хойш уулзаагүй шиг санагдана. Харин өмнө нь хуучилж суухдаа Отгон эгчтэй хэрхэн танилцсаныг асуухад “Хүмүүсийн хувь заяаны төөрөг маш сонин байдаг л даа. Би Горькийн сургуулийн гуравдугаар ангийн оюутан. Өвлийн амралтаараа ирээд байх үед манай шохойн заводын дарга Дорж гуай зохиолчдыг урьж ажилчидтайгаа уулзууллаа. Хүүхдийн зохиолч Д.Содномдорж, Б.Сосорбарам бид очсон юм. Уулзалтын дараа үдэшлэг боллоо. Эрдэнэ сумын дунд сургуулийн хэдэн сурагч охин ирчихсэн байв. Тэр дунд Отгон маань байсан. Тэр чинь жаран гурван он. Манай хүн надаас ес дүү. Тэр цагаас хойш ханилж байна. Гурван охинтой. Хөгшин бид хоёр 2006 онд Америкт том охин Үнэнцэцэгийндээ гурван сар амьдарч байгаад ирсэн. Гэр бүлийнхээ хүнтэй холбоотой нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Далаад оны эхээр би Польш явсан. Хатуу дарсыг багагүй хүртсэн тал ч бий байх. Мөн замдаа ядарснаасаа болоод сар гаруй хугацаанд нойргүй тарчиллаа. Эм ууж, тариа хийлгээд нэмэр алга. Хань минь надтай нойргүй хононо. Нэг шөнө намайг өлгийтэй хүүхэд адил өвөр дээрээ хэвтүүлээд бүүвэйн дуу аялж байсан. Тэгж ханийгаа түр ч болов унтуулсан. Түүнийг нь бодохоор нүдний нулимс гардаг” гэв. Таныг чинь сүүлийн үед буруу өтөлж байна, дэмий юм бичих боллоо, арилжааны зохиолч боллоо гэцгээж байна гэж бас асуугаад авлаа. Тэгэхэд “Охин заяа”, “Нууцхан хайрын паян” гээд сүүл үед бичсэн гэр бүлийн цуврал романууд нийгэмд ихээхэн шуугиан тарьж, хүмүүс ч багагүй уншсан. Гэтэл манай уран бүтээлчдийн дотор зохиолыг маань бараг уншаагүй байж “Энэ Гармаа чинь нас ахисан хойноо эротик зохиол бичлээ” гэх зэргээр ярьж бичиж эхэлсэн. Яг үнэн чанартаа би эротик зохиол бичээгүй. Гэр бүлийн тухай бичиж байгаа юм чинь эр эм хүмүүсийн харьцааны тухай яалт ч үгүй бичиж таарна биз дээ” гэж учирласан сан. Ярьж хөөрч суухад сонин сонин зураг үзүүлнэ. Дооров бид хоёрын байж байгааг хар даа гээд инээд алдаж байна. Ар дээр нь 1967 он, Бөөрөлжүүтийн хөндий гэж тэмдэглэсэн тэр зурагт Гармаа гуай өнөө л тамхиа хөндлөн зуудгаараа зуучихсан, Дооров нь духайгаад инээчихсэн данагар эвэртэй хуцнуудын дэргэд авахуулжээ. Мань хоёр аварга төл бойжуулах ажилд явсан нь тэр юм гэнэ. Уг зургийг дарсан Гомбожав “Манай том зохиолчид хуц ухнуудын хамт” гэсэн тайлбар бичээд өөрсдөд нь өгсөн юм гэдэг. Уг зурагнаас үүдэн бас л онигоо сэлт гарч хуц, ухнаараа дуудуулсан удаатай.

Нэг удаа Долгорын Нямаа ах ажлаар ороод ирлээ. Богцондоо ганц нэг материалтай яваа бололтой. “Би чамд нэг юм өгье. Чи сониндоо даруйхан гаргаадахаач. Оюутан цагийн гэрэлт хонгор найз минь…” гэх сонстов. Аваад үзэх нь ээ “Шинэ хуучин хоёр оны (2017 оны 1 сар) бурантаг залгуулах уулзвар дээр бага залуугийн минь танил Москвагийн оюутны ширээний анд нөхөр зохиолч Доржийн Гармаа яах ийхийн зуургүй тэнгэрт хальчихлаа. Амьд сэрүүнд нь төдийлөн санаанд орж яваагүй хэрнээ эзгүй хойгуур нь оюутан үеийн гэрэл гэгээт өдрүүд минь сэтгэлд дахин дахин эргэлдээд амсхийлгэхгүй байх царайтай юм” гэх мөрүүд уншигдлаа. Гармаа гуайгаа бурхан болсныг тэгж л Нямаа ахаас сонсч билээ. Тэр хоёр бүр тавиад оны сүүлээр “Хөдөлмөр” сонины дэргэдэх утга зохиолын дугуйлан дээр анх нүүр учирсан гэдэг. Гармаа нь Санхүүгийн техникумд, Нямаа нь хүн эмнэлгийн техникумд суралцаж байсан үе. Сургууль төгсөөд хэдэн жил сураг алдарсан ч Москвагийн утга зохиолын дээд сургуульд мордох уяан дээр жаран нэгэн оны намар дахин уулзжээ. Горький төгсөөд дипломынхоо цайллагад Буриадын зохиолч Дондог Улзытуевыг урьсан байдаг. Дондог Улзытуев монгол найз нарынхаа урилгыг хүндэтгэн ээжийгээ дагуулж очин баяр хүргэжээ. Буриадын тэр сайхан зохиолчийг төрүүлсэн ээж Гармаа, Нямаа хоёрт хандан үг хэлэхдээ “Их мөнгө барьдаг хөвгүүд болоорой” гэсэн юм гэнэ лээ. “Миний бодоход өндөр настны ерөөлийн тэр үгийг манай Гармаа олон ном зохиол туурвиж шагнал хүртэж хэрэгжүүлсэн” хэмээн Нямаа нь хэлсэн.

Тийм ээ, Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Доржийн Гармаа бол “Харуул Алтай”, “Цагаан булаг”, “Тайгын цэнхэр манан”, “Газар тэнгэр” гээд зохиолч хүний “там”-ыг идэж, чөмгийг нь дундалдаг амаргүй ажил романыг гэхэд хорь гаруйг туурвисан алдартай зохиолч. “Уран бүтээлч хүн үхдэггүй, үрэгддэггүй, үгүй болдоггүйн хамгийн тод жишээ хайрт ах Гармаа маань юм. “Харуул Алтай” хаачаа ч үгүй нь үнэн” гэж Төрбат ах нэгэнтээ дурссан. Үнэхээр Харуул Алтай хаачаа ч үгүй, харин ч хүмүүний сэтгэлд сүндэрлэсээр байна. “Хөхөө гэрлэх дөхлөө, “Морьтой ч болоосой”, “Нарны унага” бүтээлүүд нь Монголын ард түмний сэтгэлийг бүлээсгэн цэлмээсээр цагийн цагт оршном буюу.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч осол гаргасан гурван зөрчил бүртгэжээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 331 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 230 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь хохирчээ.

Тодруулбал, энэ сарын 28-ны 18.21 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Төмөр замын 477 дугаар километрийн гуравдугаар зуутад ачааны галт тэргэнд 40 настай эрэгтэй дайруулж амиа алдсан байна. Мөн тухайн өдрийн 23.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр “Тээлийн гол” гэх газар засмал замд “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 51 настай зорчигч эрэгтэйн амь хохирчээ. Түүнчлэн энэ сарын 29-ний 19.30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянхошууны замд “Daewoo” загварын автобус 36 настай зорчигчийг мөргөж амийг нь хохироосон зэрэг осол хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

Согтуугаар жолоо барьсан үедээ осолд холбогдсон гурван зөрчлийг замын цагдаа нар бүртгэжээ.

Өнгөрсөн амралтын өдөр бүртгэсэн осол хэргийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад, дуудлага 9.6 хувь, хүний амь хохирсон осол 33,4 хувиар нэмэгдсэн байна. Нийт осол 8.6 хувь, ослын улмаас гэмтсэн хүн 20 хувиар багасчээ.

Нийт замын хөдөлгөөнд оролцогчдод орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн явган зорчигчдод хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг сануулав.

Categories
мэдээ нийгэм

ШУУД: Халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах зориулалтын автомашинуудаар нийт 158.8 километр гудамж талбайд халдваргүйжүүлжээ

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гал унтраах зориулалтын автомашинаар нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

НОБГ-ын харьяа анги, байгууллагуудын Гал унтраах зориулалтын автомашинуудаар нийт 158.8 километр гудамж талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Ариутгал халдваргүйтгэлийг автомашин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомын талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохирдол ихтэй булан тохой, үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад хийлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын зөвлөл онлайнаар хуралдана

Өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөл өргөтгөсөн хуралдаан онлайнаар хийнэ. Хуралдаанд тус намын бодлогын зөвлөлүүд, МҮХАҮТ дээр бизнес эдийн засагчид холбогдож оролцох юм байна. Хуралдаанаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлыг хэлэлцэх аж.