Categories
мэдээ цаг-үе

Сергей Диордица: Коронавирусийн дэгдэлт хэдий хугацаанд үргэлжлэхийг хэлэх боломжгүй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицатай ярилцлаа.


-Дэлхий нийтэд түгшүүр болж байгаа шинэ коронавирусийн өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ. ДЭМБ ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Халдвар авсан хүний тоо 100 гаруй мянга болж, тохиолдол бүртгэгдсэн орнуудын тоо нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. БНХАУ-д дэгдэлт тууштай буурч, харин БНХАУ-аас бусад улсад шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, гуравдугаар сарын 6-ны байдлаар Иран, Итали, БНСУ гэсэн гурван оронд БНХАУ-аас гаднах нийт тохиолдлын 80 хувь нь бүртгэгдсэн. Мөн, Герман, Франц, Испани, Швейцарь зэрэг Европын орнуудад хоногт 100-гаас дээш тохиолдол бүртгэгдэж голомтлон тархаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ)-ын Ерөнхий захирал гуравдугаар сарын 7-ны мэдэгдэлдээ БНХАУ болон бусад улсын жишээнээс харахад Засгийн Газар нийгмийн бүх түвшинд авч байгаа арга хэмжээний үр дүнд вирусийн тархалтыг удаашруулах, үр нөлөөг бууруулах боломжтой байна гэж дурдаад улс орнууд тохиолдлын тоог бууруулах, вирусийн тархалтыг удаашруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ үргэлжлүүлэхийг уриалж, цар тахал гэж зарлах түвшинд хараахан очоогүй байгааг тэмдэглэсэн. Ямар ч улс орон халдварыг хяналтгүй тархах нөхцөл бүрдүүлэхүйц шийдвэр гаргаж болохгүй. Энэ нь зөвхөн тухайн улсын иргэдэд хор хөнөөл учруулахаас гадна бусад улсыг эрсдэлд оруулж байна. ДЭМБ-аас хоёрдугаар сарын 28-ны өдөр халдварын тархалтын эрсдэл ба “COVID-19”-ийн нөлөөллийн үнэлгээ хийж, нийт тохиолдлын тоо болон БНХАУ-аас гадна дөрвөн улсад голомтлон гарч, тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа. Зарим оронд оношилгоо, эмчилгээний хүчин чадал хязгаарлагдмал байгаа болон халдварын улмаас улс орнуудын нийгэм, эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөө, хамгаалах хэрэгслийн хомсдолтой байдал зэргийг харгалзан бүс нутгийн болон дэлхийн түвшинд эрсдэлийг маш өндөр болгож нэмэгдүүлсэн.

ДЭМБ-ын зүгээс судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2016 оноос эхлүүлээд байсан “Судалгаа, хөгжлийн зураглал”-аа идэвхжүүлэх, шаардлагатай нөөц, эмнэлгийн хэрэгслийг хамгийн хэрэгцээтэй газарт нь хүргэх, хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, тандалт, халдварын сэргийлэлт, хяналт, тохиолдлын менежмэнт зэрэг асуудлаар техникийн түр удирдамж боловсруулан түгээх, эмнэлгийн ажилтнуудад зориулсан, олон нийтэд нээлттэй цахим сургалтууд гаргах, цуурхал, буруу ташаа мэдээлэл, мэдээллийн найдвартай эх сурвалжийн нэгдсэн сүлжээ бий болгох, гишүүн улс орнуудад дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийн нэгдсэн сүлжээг байгуулж, нэн шаардлагатай байгаа орнуудын жагсаалтыг гарган 47 оронд хувийн хамгаалах хэрэгсэл, 93 оронд лабораторийн оношлуур, урвалж бодисыг хуваарилаад байна. ДЭМБ коронавируст халдвар Монгол Улсад орж ирэхээс сэргийлэх, тархалт гарах тохиолдолд хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах үүднээс Эрүүл мэндийн яамтай хамтран, техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн манай байгууллагын зүгээс Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, бусад олон улсын байгууллагуудтай тогтмол мэдээлэл солилцон, хамтын ажиллагааг хангахад ЭМЯ-ыг дэмжиж ажиллаж байна. Үүний нэг жишээ нь ЭМЯ, Герман Улсын ЭСЯ, Азийн хөгжлийн банк, ДЭМБ-ын хамтын ажиллагааны хүрээнд халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр ДЭМБ-ын зөвлөх багийг урьж ажиллуулж байна. Зөвлөх баг нь халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө өгөхөөс гадна салбарын шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн үндэсний сургагч багш нарын багийг бэлтгэж байна.

-Монгол Улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Такэши Касай хэлсэн байсан. Бид одоо бэлтгэлээ хэрхэн хангах ёстой вэ?

-Др Такэши Касайн илтгэл нэг ч улс халдвар манай оронд бүртгэгдээгүй гэж тайвширч болохгүйг бидэнд сануулсан. Манай улсад халдвар одоогоор бүртгэгдээгүй байгаа нь сайн хэрэг хэдий ч бид эхний тохиолдол бүртгэгдэх, халдварын голомтууд үүсч эхлэх аюулд бэлтгэгдэх хэрэгтэй. Ингэхийн тулд “COVID-19” халдвар манай улсад орж ирэхгүй байх, орж ирсэн ч цөөн голомтоор хязгаарлагдах, эсвэл нийт хүн амыг хамарч тархах гэсэн болзошгүй гурван хувилбарт нэгэн зэрэг бэлтгэхийг биднээс шаардаж байна. ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын бэлэн байдлыг хангуулахад үндсэн гурван чиглэлээр анхаарал хандуулж дэмжлэг үзүүлж байна. Нэгдүгээрт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамгаалах, хоёрдугаарт хамгийн эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулах, гуравдугаарт, өөрийн нөөц боломжоороо халдвартай тэмцэх боломжгүй улс орныг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Монгол Улс гамшгаас хамгаалах хууль, эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт бүхий тогтсон системтэй. 2017 онд батлагдсан Гамшгаас хамгаалах хуульд эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, хяналт, үнэлгээ зэргийг гамшгийн өмнөх үйл ажиллагаанд оруулсан. Үүнтэй холбоотойгоор эрсдэлийг үнэлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэх зэрэг урьдчилан сэргийлэлт, бэлэн байдлыг хангахад илүү анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тогтсон энэхүү тогтолцооны бэлэн байдал, чадавх, уялдаа холбоог одоо шалгах цаг ирлээ. Монгол орны хувьд өргөн тархалтын тохиолдолд хариу арга хэмжээ авна гэдэг нь халдвар хүн амын дунд тархах тохиолдолд, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд хамгийн эрсдэлтэй бүлгийн иргэд болон хамгийн хүнд тохиолдлуудад тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байх тал дээр анхаарах юм. Үүнд эмнэлгийн ачаалал хэт ихсэхээс сэргийлэх үүднээс халдвар авсан бүх хүнийг тусгаарлахын оронд хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг эдгэртлээ гэртээ эмчлэгдэх боломжийг бүрдүүлж болно. Түүнчлэн эмнэлгийн нөхцөлд халдвар дамжих эрсдэлээс сэргийлж, эрүүл мэндийн байгууламж, эмнэлгийн ажилтнууд, тусламж үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах хэрэгтэй. Төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнээс гадна хүн бүр зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй гэр бүл, ойр дотны хүмүүс, олон нийт болон хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах хамтын хариуцлага хүлээж байгаа. Энэ нь маш энгийн, гараа ойр ойрхон савандаж угаах, ханиаж найтаах үедээ ам, хамраа амны цаасаар эсвэл шууны дотор талаар халхлах, амьсгалын замын халдварын шинж илэрсэн хүнээс нэг метрийн зай барих, хэрэв та өвчтэй бол бусдад халдвар тараахаас сэргийлж гэртээ байхаас эхэлнэ. Түүнчлэн цахим ертөнц, найз нөхөд, гэр бүлийн хүмүүстээ цуурхал, буруу ташаа мэдээлэл тараахгүй байх нь чухал. Буруу мэдээлэл нь хүнийг өөрт болон бусдад хохирол учруулах шийдвэр гаргах эрсдэлд оруулдаг.

-Коронавирус яг ямар замаар дамжин халдварлаж байна вэ?

-Одоог хүртэл бий болоод байгаа баримт сэлт болон бусад төрлийн коронавирустэй тэмцэж ирсэн өмнөх туршлагаас харахад “COVID-19” халдвар голчлон агаар-дуслын болон хавьтлын замаар дамжиж байна. Энгийнээр тайлбарлахад, агаар-дуслын зам гэдэг нь халдвартай хүн ханиаж, найтаах үед шүлсээр дамжин халдварлахыг хэлнэ. Харин хавьтлын зам гэдэг нь халдвартай өвчтөн ханиаж, найтахад бохирдсон гадаргууд хүрэлцэж, дараа нь бохир гараараар ам, хамар, нүдэндээ хүрснээр халдвар дамжихыг хэлж байна. Тийм учраас ДЭМБ-ын зүгээс гарын болон амьсгалын замын ариун цэвэр сахихыг зөвлөж байгаа.

-Вакцин хийх гээд улс орнууд хаана хаанаа хичээж байна. ДЭМБ үүн дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Одоогоор “COVID-19”-ийн халдварын эсрэг өвөрмөц вакцин байхгүй байгаа хэдий ч эмнэл зүйн туршилт судалгаа гурваас дөрвөн сарын дараа эхэлнэ. ДЭМБ-аас “COVID-19” халдварын эсрэг эмчилгээ, вакцины судалгааны аргачлалыг дэмжих, судлаачдын нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ДЭМБ-ын зүгээс оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр шалгуур хангасан оношилгооны 40 судалгаа, вакцины 20 судалгааны төсөлд зөвшөөрөл өгөөд байна.

-Хэдий хугацаанд энэ халдварын дэгдэлт үргэлжлэх бол…

-Халдвар нэгдүгээр сарын 23-26-ны орчим оргилд хүрч буурах хандлагатай байсан. Гэвч хоёрдугаар сарын сүүлээс эхлэн БНХАУ-аас бусад улс орнуудад халдвар голомтлон тархаад байгаа. Халдварын дэгдэлт хэдий хугацаанд үргэлжлэхийг одоогоор хэлэх боломжгүй байгаа. Халдварын тархвар зүй, хүндрэлийн зэргийг бид үргэлжлүүлэн судалж байна. Вирусийн эсрэг өвөрмөц эм, вакцин гараагүй байгаа энэ үед хамгийн үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэлт юм. Монгол Улсын төр засгаас авч болох бүх шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ цаг үед та бид, хувь хүмүүсээс хамаарах зүйл хамгийн их байна гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Халдвараас сэргийлэх энгийн, бид бүхний мэддэг болсон гарын ариун цэвэр, амьсгалын замын халдварын шинж илэрвэл бусдыгаа хамгаалан заавал амны хаалт зүүх, хөл хөдөлгөөнийг багасгах зэрэг хүн бүхний хийж чадах аргуудаа хэрэгжүүлэхийг дахин сануулъя.

-Коронавирус намжихад цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөх болов уу?

-Амьсгалын замын цочмог хүнд халтай хам шинж (SARS), Ойрхи Дорнодын Амьсгалын хам шинж зэрэг Хүний коронавирусийн халдварын үүсгэгчид металл, шил, хуванцар зэрэг амьгүй биет дээр 2-9 хүртэл хоногийн хугацаанд орших чадвартай бөгөөд+30-аас +40 хэмийн халуунд энэ хугацаа богиносож, харин +4 хэмд амьдрах хугацаа нь 28 хоног хүртэл нэмэгддэг байна. Коронавирус нь гадаргуугийн халдваргүйжүүлэгчид тэсвэргүй, хялбархан идэвхгүйждэг. Гадаргуугийн халдваргүйтгэлийг 62-71 хувь этилийн спирт, 0.5 хувийн устөрөгчийн хэт исэл, 0.1 хувийн натрийн гипохлоридын уусмалаар хийхэд халдвар үүсгэгч нэг минутын дотор идэвхгүйждэг болохыг судлаачид тогтоосон байна.

-Монгол Улс өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байгаа. Энэ тухайд?

-Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед Монгол Улсын Шадар сайдын 8 тоот тушаалын дагуу салбар хоорондын эрсдэлийн үнэлгээ хийгддэг. Эрсдэлийн үнэлгээ нь хариу арга хэмжээг төлөвлөх, шуурхай шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой юм. БНХАУ-д халдвар бүртгэгдэсэнээс хойш Монгол Улсад салбар хоорондын мэргэжилтнүүд хамтран таван удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Нэгдүгээр сарын 6-нд хийсэн анхны үнэлгээгээр Монгол Улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг “дунд” гэж үнэлсэн. Энэ үнэлгээний үр дүнд хилийн хяналтыг сайжруулан, хилийн нэвтрэх цэг дээр голомттой бүс нутгаас орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн мэдүүлэг авах, зорчигчдын эрүүл мэндийн үзлэг, тандалтыг идэвхжүүлсэн. Мөн халдвар орж ирэх тохиолдолд эмнэлгийн бэлэн байдлыг үнэлэхэд эрсдэлийн түвшин “өндөр” гарсны дагуу яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ор, тусгаарлах байр, хүнд өвчтөнийг эмчлэх эрчимт эмчилгээний тасгуудын бэлэн байдлыг хангахад анхаарч ажиллаж байна. Тав дахь удаагийн үнэлгээг холбогдох яам, агентлагууд, мэргэжлийн 18 байгууллага хамтран хийсэн. Ийм өргөн цар хүрээтэй салбар хоорондын хамтарсан баг үндэсний түвшний эрсдэлийг үнэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагийн тохиолдол болсон л доо. Энэ удаад халдвар орж ирсэн тохиолдолд холбогдох салбаруудын бэлэн байдал, нийгэм, эдийн засагт үүсч болох сөрөг үр дагаврын эрсдэлийг “өндөр” гэж үнэлсний үр дүнд Улсын Онцгой Комиссоос Монгол Улсыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Улсын онцгой комисс есөн удаа хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг цаг тухай бүрт нь гаргаж байна. Монгол Улсад салбар хооронд мэдээлэл солилцохоос гадна эрсдэлээ хамтран үнэлж, тухайн эрсдэлд тохирсон хариу арга хэмжээг төлөвлөж байгаа нь ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн орнуудын дунд үлгэр жишээ болж байна гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Covid-19”-ийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ хүлээн зөвшөөрлөө

дэмб-н зурган илэрц

ДЭМБ шинэ коронавирусийн халдварыг цар тахалын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Шинэ коронавирусийн халдвар одоогийн байдлаар байдлаар 122 оронд тархаж, 126 мянга гаруй хүнд халдварлан, 67 мянга гаруй хүн эдгэж, 4616 хүн амиа алдаад байна. “Өдөр бүр, долоо хоног бүр халдварын тоо, эндэгдлийн тоо, шинээр тархсан орнуудын тоо өсөж байгааг бид харж байна. Тиймээс бид Covid-19 вирусийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч байна” гэж Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Далай ламд алгадуулсан минь

Өнгөрсөн сарын 20-нд Лондон дахь “Watkins Mind body spiriti” сэтгүүлийн газраас шалгаруулдаг 2020 оны хамгийн оюуны нөлөө бүхий зуун эрхмийн жагсаалтыг XIV Далай лам Данзанжамц тэргүүлж, удаад нь хүн төрөлхтнийг түгшээж буй коронавирусээр өвчилсөн гэгдээд буй Ромын пап лам Францис орж, гуравт нь байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэгч Шведийн 17 настай охин эрэмбэлэгджээ. Энэ жагсаалтаас харахад дэлхийн хэмжээний өвөрмөц онцгой, оюун санааны ертөнцөд үнэт сургаал зөвлөмж өгч, өөрийн хувь нэмрийг оруулсан хүмүүсийг дээдэлж буй хандлагыг ажиглаж болно. XIV Далай ламыг энэ үүднээс, энхтайвныг бэхжүүлэх, шинжлэх ухааны зарчмыг даяаршлын төрх байдалтай уялдуулан, цэвэр шашны зүгээс бус оюун санааны тааллаас дэмжин хөхиүлдэг гэдгээр нь Нобелийн шагнал, Конгрессийн “Алтан медаль”-иар АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш 2007 онд шагнасан гэх мэтчилэнгээр урт жагсаалт гарна. Өөрөөр хэлбэл тэр Дэлхийн хүн. Дээрх “Алтан од” шагнал нь АНУ, Далай лам хоёрын харилцаа нэгэн алтан цагнаас эхтэй гэдгийг ч баталгаажуулсан мэт байлаа. Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельт сарын тооллыг үзүүлдэг нэгэн алтан цагийг өнгөрсөн зуунд Далай ламд бэлэглэжээ. Тэр цагаа 1959 онд эх нутгаасаа дүрвэхдээ Далай лам биедээ авч явжээ. Үүнийг Төлөөлөгчдийн танхимын спикер, хатагтай Нэнси Пелоси Америкийн томчуул цугларсан шагнал гардуулах ёслолыг нээж үг хэлэхдээ дэлхий дахинаа сонордуулсан юм.

Эдүгээ хүн төрөлхтөн материаллаг бус оюун санааны хөгжлийг, сэтгэлийн амар амгаланг чухалчлах болсон энэ үед Далай ламын үг, үйлс улам үнэ цэнэ ороод буй. Харин монголчуудын хувьд XIV Далай лам төдийгүй үе үеийн өмнөх дүрүүдтэй өргөн дэлгэр харилцаатай явсаар эдүгээ цагтай золгосон түүхэн уламжлалтай. Анхдугаар Далай ламаас хойш уяхан замбуутивийн наран дор 14 Далай лам мэндэлжээ. Тэдний олонх нь монголчуудтай гүн зузаан, нягт харилцаатай байж, түүхийн алтан сэжмээр холбоотой явсаар өдийг хүрсэн юм. Дээрхийн гэгээнтэн өөрийгөө III ба V, VII дүрийн далай ламуудтай зан төрх, оюун санаа, үйлс замналаараа илүү адилхан гэж тодорхойлж байсан нь бий. III дүрийн Далай лам Содномжамц (1543-1588) орчлонд 46 жил мөрийг гаргахдаа үүнийхээ тавны нэгийг тухайн үеийн Монгол оронд, Хөх нуур, Хөх хот, Цавчаал боомт, Ордосын нутагт өнгөрөөжээ. Энэ үед хүчирхэг нөлөө бүхий Түмэдийн Алтан хан түүнд Далай лам цол өгснөөр энэ алдар дэлхийд цуурайтах болсон юм. Далай гэдэг үлэмжийн дээд цол. Их Монгол Улсын хоёрдугаар хаан, Чингис хааны гуравдугаар хүү Өгөдэй Далай хаан цолтой байв. Үүгээр зогсохгүй IV дүрийн Далай ламаар Алтан ханы ач хүү Сүмэр дайчин хунтайжийн хүүг тодруулж, соён гэгээрлийн давлагааг монгол хүн илбэн таалах болов. Энэ мэтчилэн үе үеийн Далай ламын дүрүүдийн монголчуудтай учир холбогдолтойг дурдваас энд үл багтана.

XIV Далай лам нь Монгол оронд есөнтөө залраад буй. Анх удаа 1979 оны зургадугаар сарын 15-ны өдөр буюу билгийн тооллын XVI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны бэлгэт сайн өдөр Улаанбаатарт Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын ээлжит хуралдаанд зочноор уригдан, манай оронд заларсан түүхтэй. Дээрх байгууллага нь дэлхий дахины энх амгалан байдлыг сахин хамгаалах зорилготой олон улсын байгууллага гэдгийг уншигч та бүхэн мэдэж буй. Дээрхийн гэгээнтний тавьсан номд даган баяссан олон түмэн Гандангийн дэнжид багтахгүй байсан гэдэг. 2016 оны өвлийн тэргүүн сард буюу арваннэгдүгээр сарын 18-нд Далай лам ес дэх удаагаа урд хөршийн шахалт, хоригийг үл ажран монголчуудын сэтгэлийн хүсэлтээр дахин залрав. Өмнө нь Далай лам 2000, 2006 онд айлчлахад Хятад улс манайд хориг арга хэмжээ авч байсан юм. Дам мэдээгээр түүнийг Чингис хааны шууд удам, анхдугаар Богд Жавзандамба хутагт буюу Халхын Өндөр гэгээн Занабазарын Х дүрийг Монголоос тодруулах зорилгоор айлчлав, хятадууд өмнөхөөс илүүтэй хориг тавьж, Монгол Улсад эсэргүүцэл илэрхийлэв гэдэг нь геополитикийн байдлаас урган гарсан хандлага байсан хэмээдэг. Энэ бичвэрт үл хамаарах тул орхив.

Далай багш сүүлийн айлчлалаараа Улаанбаатарт хоёр өдрийн турш оюун сэтгэлгээ, соён гэгээрлийн ном айлдаж буйг молхи бичээч би вээр телевизийн сувгуудаар харан даган баясч байлаа. “Оюун санаа ба амьдрал” лекцээ залуучуудад уншиж, Буддын шашин бол шинжлэх ухаанч гэдгийг айлдан, “Биеийн эрүүл мэндээс сэтгэлийн эрүүл мэнд чухал”-ыг зөвлөсөн билээ. Гэтэл түүнийг явахын өмнөхөн буюу арваннэгдүгээр сарын 21-нд Их тэнгэрийн аманд сүсэгтнүүдтэй богино хугацааны уулзалт хийнэ гэдэг сэтгэл илбэн гижигдсэн гэгээн мэдээ чих дэлслээ. Далай багшийн гэгээн дүрийг харна, айлдвар бошгыг нь дэргэдээс нь сонсоно гэдэг туйлын аз завшаантай хэрэг болохыг өгүүлэх юун. Их тэнгэрийн аманд болох тэр уулзалтад хэрхэн багтаж орох вэ гэдэг миний “шүдний өвчин” болж хувирав. Хошигнон өгүүлэхэд бодит байдал дээрээ хэд хоногийн турш шүд өвдөн зовиурлаад нойргүй хоноод байсан юм. Тийм атлаа заавал Далай багшийн гэгээн дүрийг харна гэсэн чин хүслийг өөртөө тунхаглав. Арга ч сүвэгчлэв. Бадма-Ёга хийдийн ловон лам Ц.Гүнчин-Иш ламтан бол манай Хан Хөхүйгээс, Элжигэнээс төрөн гарсан мэргэдийн нэг. Түүн лүгээ холбогдон, Далай багшид бараалхах чин хүсэл буй, болбол УДЭТ-ын тайзнаа амилуулах “Үнэний хаан Будда” туульсын жүжгээ адислуулах мөрөөдөл буйгаа өчлөө. Тэгэхдээ жүжгийг минь найруулах гэж буй Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар андынхаа нэрийг цуг хавсаргав. Ц.Гүнчин-Иш ламтан Их тэнгэрийн аманд Далай багшийн айлдалд очих хүмүүсийн жагсаалтад оруулахыг хичээе хэмээв. Түүнээс ирэх хариуг он удаанаар хүлээх шиг болж билээ. Утас дуугарлаа. Тэрээр “Цогоо, чиний болон найруулагч Н.Наранбаатар та хоёрын нэрийг хөөцөлдөөд багтаачихлаа. Маргааш бага үдийн үед Их тэнгэрийн аманд бэлэн байх ёстой юм байна. Иргэний үнэмлэхтэйгээ очоорой” гэж байна. Ёстой магнай хагарав. Шөнө цурамхийсэнгүй. Өглөө очиход Богд уулын араарх хэвтээ тэнхлэгийн дагуух замын хажууд байдаг Их тэнгэрийн амны хамгаалалтын постны үүдэнд олон хүн, машин хөлхөлдөн хэдийнэ Далай ламд мөргөн залбирахаар хөл хөс болцгоочихжээ. Хожимдох вий гэсэн айдас минь намжив. Харин Паараа маань (Н.Наранбаатар) зайлшгүй албан ажил нь давхцаад ирж амжсангүй гэдгээ дуулгаж байна. Өмнө нь Паараа Энэтхэгийн Дарамсалад зочлон, Далай багшид бараалхаж, Буддагийн тухай жүжиг тавих гэж буйгаа айлтган, адис хүртэж, алтан тайзнаа амилуулах жүжигтээ юуг тусгах талаар Дээрхийн гэгээнтнээс айлдвар зөвлөгөө авсан байсан юм. Энэ талаар дор өгүүлнэ.

Их хүйтэн өдөр байсан билээ. Цас зөөлнөөр ганц нэг хаялан “Хувьтай хүн хур борооноор” гэгчийг үлгэрлэж байв. Далай ламыг тэнд бишрэн хүлээсэн хүмүүс тачигнасан хүйтнийг үл ажран хүлээцгээнэ. Надтай ирсэн Хангай-Чингис дүү маань ажил албаны эрхээр явж одов. Таван цаг гаруйн дараа хэдэн автобус ирэн, тэнд хурсан 180-аад хүний нэрсийг дуудан, иргэний үнэмлэхтэй нь тулган суулгаад Их тэнгэрийн харш руу өгсөн хөдлөв. Харуул хамгаалалт гэж жигтэйхэн, гаалийн шалгалтаас чилүүтэйгээр тусгай төхөөрөмжөөр шалган оруулав. Тэнд мөн л нэг цаг гаруй хүлээлээ. Хүмүүс “Түрүүн Далай багш энд хөл тавьсан байна. Бие нь чилээрхүү байгаа тул амарч буй гэнэ” хэмээн шивэр авир хийцгээнэ. Тэгтэл зохион байгуулж буй бололтой Гандан хийдийн нэгэн лам, албаны хувцастай хоёр хүний хамт гарч ирээд биднийг 20-25 хүнээр багцлан найм, ес хувааж их танхимд зогсоон байрлуулав. Олны танил жүжигчин, бөх, улстөрч, лам хуврагууд гээд л есөн шидийн хүмүүс цуглажээ. Зохион байгуулагч нэгэн хувраг бидэнд “Далай багшийн энэ удаагийн айлчлал сүүлчийнх байж мэдүүштэй. Иймд адис хүртэх гэж олноор үймэх, шуугиан гаргахыг хориглоно. Тийм тохиолдол гарвал Далай багш энэ танхимд залрахгүй, та нартай дурсгалын зураг татуулахгүй. Бид цуцална. “Аятайхан” байвал гэгээн дүрийг нь харж, дурсгалын зурагтай үлдэнэ” гэдгийг хатуу анхааруулав. Далай багш ч их танхимд заларлаа. Манай их хамба Д.Чойжамц тэргүүтнүүд дагалджээ. Багцалсан хүмүүсийн дунд нэг, хоёр минутын хэртэй саатаад л, хажууд нь ойрхон нялх, балчир үрст л адис өгч байлаа. Тэсгэл алдан тогтоосон шугамнаас даван адис хүртэх гэж алхсан хэдэн хүнийг Төрийн тусгай албанынхан гарыг нь ард нь мушгиад авч одох нь эвгүй харагдана.Зарим нэг нь “Энэ том хүнийг ингэж хамгаалахаас өөр яах вэ” гэв. Бид зөвшөөрөн толгой дохиж, чанга дуугарч болохгүй тул шивэгнэлдэнэ. Тэг тэгсээр манай “баг”-ийнханд айлчлан ирлээ шүү. Далай ламтай ойрхон зургаа авахуулах гэсэн тэмцэл манайхны дотор өрнөв. Зохион байгуулагч ламтан шууд бидний байршлыг тогтоолоо. Нэгэн бүсгүйг энэ бол Гандантэгчинлэн хийдэд олон жил үйлчлэгч хийсэн тул Далай ламын дэргэд зогсох эрхтэй гэж лүндэгнэв. Далай ламын яг дэргэд байсан миний бие алхам холдов. Гэтэл миний ард зогсох бүсгүй надад халхлагдаад урагшаа гарч ирмээр байна гэж гуйлаа. Зөвшөөрлөө. Ахиад алхам холдов. Тэгээд л “патиар”-дуулсан даа. Зохион байгуулагчдын нэг болох зураг авч байсан залуу “Энэхүү зургийг Далай ламын албан ёсны “ийм, тийм” гэсэн хаягтай хуудаст байршуулна. Тэндээс 14 хоногийн дараа дурсгалын зургаа татаад аваарай” гэж байна. Хожим тэр хаягаар ороход ер байгаагүй. Молиго үмхүүлсэн үү, ямар нэг учир шалтгаан гарсан уу, бүү мэд! Харин манай “баг-“-ийн дунд байсан нэг ах Далай ламыг хамгаалж явсан хамгаалалтын албаны хүнд гар утсаа өгч ухаан сийлсэн нь надад зол болов. Түүний утаснаас Далай ламтай авахуулсан зургаа татан авч билээ.

Далай лам бидэнтэй зургаа авахуулаад хажуугаар өнгөрөхдөө гэнэт зогтусан намайг ажиж байна. Би гараа алдлан, шинэ номын мялаалгад Ц.Гүнчин-Иш ламтаны надад барьсан найман тахил бүхий урт шар хадгийг дэлгэн, зүүн гартаа Энэтхэгийн Бодгаяад зочлохдоо авчирсан сувдан эрхиэ атгачихсан, баруун гартаа “Үнэний хаан Будда” туульсын жүжгийнхээ эх зохиолыг барьчихсан зогсож байсан юм. Далай ламыг над руу ширтэхэд үнэхээр балмагдав. Толгой мэхийн инээмсэглэмэр аядлаа. Гэтэл найрсгаар инээснээ хэд алхаад л өмнө ирж нүүр тулан зогсов. Ёстой “шок”-нд орлоо. Хутагт, гэгээнтэн хүмүний төгс шинж бүрдсэн талбиун магнай, яльгүй чилээрхэнгүй боловч гэрэл сацарсан нүүр, суу билиг, цог залийн илэрхийлэл дүүрэн тунарах нүдний тусгал.. Энэ бүхэн намайг халуунаар төөнөж байсан билээ. Далай ламыг ийн нүүр тулахад нь даруй сэхээрч бөхийн залбирахад адис хүртээв. Дараа нь баруун гартаа барин зогсох “Үнэний хаан Будда” жүжгийн маань нүүр хавтсыг үсэглэн унших мэт хэдэнтээ гүйлгэн хараад “Будда, Будда” хэмээн амандаа давтан дуу алдсан билээ. Даруйхан л жүжгийн эх бичмэлээ өмнө нь барин мэхийв. Далай лам ойлгожээ. Эх бичмэл дээр гараа тавьснаа хэдэнтээ ном талбин, богино ерөөл айлтгав. Би “сэргэлэнтлээ”. Энэтхэгийн Буддагийн гэгээрсэн газар болох Бодгаяа болон Буддагийн мэндэлсэн Балба улсын Лүмбини цэцэрлэг-хотоос бишрэн авч ирсэн сувдан эрхи тэргүүтэн зэргийг шаламгайлан өмнө нь барив. Далай лам инээмсэглэн хэдэнтээ түвэдээр нэг зүйлийг өгүүлснээ бас л адис хүртээв. Үүний дараа надад хандан нэг зүйлийг чухалчлан захиж буй мэт хоёр гараа хөдөлгөн ярьж байснаа гэнэт баруун гарын алгаараа зүүн хацрыг минь хоёронтаа алгаддаг байна! Нөгөө өвдсөн шүдний талын хацар шүү дээ. Тэгснээ Далай лам үнэн санаанаасаа мөрөө чичигнүүлэн хөгжин инээснээ ерөөл талбиад явж одсон билээ. Далай багш их хөгжөөнч, “дүрсгүй” шүү гэж Д.Чойжамц хамба болон Бурханч лам Г.Пүрэвбат надад өгүүлж байсан юм. Тэр ч санагдаж, цээж дүүрээд, хацар минь нэг л их гэгээрлээр туяарах мэт санагдана.

Алгадахад хацар хорсдог атал алив дээдийн, ер бусын халуу оргино. Тэнд буй хүмүүс миний азтайг гайхан шуугьж, лам нар цагаахан атааархлаар намайг тойрон бүчиж, “од” болов. Тэр үед улсын харцага байсан Д.Содномдорж арслан ихэд хачирхан, азтайг минь цохон сайшаагаад, “Таны энэ зохиолд учир байна шүү” гэж билээ. Тэр хойтон жил нь Төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн юм. Ингэж азтай учралаар Далай ламд алгадуулав. Сүсэг бишрэл минь огт өөрөөр, оюунлигаар гэрэлтэнэ. Хүмүүн өөрийн аз жаргалын цэцгийг өөрөө л тарьж ургуулдаг. Хүмүүний сайн, муу явах нь бусдаас, тэнгэр бурхнаас бус өөрөөс чинь л шалтгаална гэдэг Буддагийн сургаал Далай ламын “Хүн төрөлхтний хөгжил материаллаг баялгаар бус сэтгэл, оюуны хөгжлөөр тодорхойлогдоно. Сэтгэлийн амар амгалан л жинхэнэ аз жаргал болой” гэдэг айлдвартай сүлэлдэн гэрэлтэж, Буддагийн тухай жүжгээ алтан тайзнаа амилуулах, ном болгон хэвлүүлэхийн дээд хүслээр жигүүрлэж байлаа. Дотнын анд,найруулагч Н.Наранбаатар маань энэ тохиолоос өмнө Энэтхэгийн Дарамсалад зочлон Далай багшид бараалхахдаа түүнээс “Буддагийн тухай жүжиг анх удаа гарах гэж буй тул хүндэтгэн бүтээгээрэй. Барууны зарим кинонд Буддаг ертөнцийн элдэв амьдралтай хэт хутгасан нь бий. Энэ жүжигтээ хоосон чанар, шүтэн барилдлага, хутагтын дөрвөн үнэн, үйлийн үр зэрэг тулгуур ойлголтуудыг заавал тусган шингээгээрэй” хэмээн захисан байсан юм.

Соён гэгээрлийн давлагааг Монгол оронд үүсгэн гэрэлтүүлэх адис, авшгийг Далай ламаас хүртсэн “Үнэний хаан Будда” цадиг туульсын жүжиг маань алтан тайзнаа мөнхөрч, гэгээрсэн хүн, гэгээрсэн улс, гэгээрсэн хүн төрөлхтний оюунаас цацарсан билиг билгүүнийг тэнгэрчлэх цаг ирэх буй за. Далай лам бол далай их олны ариуссан сэтгэл, гэгээрсэн оюун санаа мөн буюу.

Б.ЦОГНЭМЭХ

(МЗЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит зохиолч, сэтгүүлч) Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман.

Categories
мэдээ нийгэм

Хөх бар өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 12, Бархасбадь гариг. Билгийн тооллын 18, хөх бар өдөр. Өдрийн наран 07:11 цагт мандан 18:53 цагт жаргана. Энэ өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, амилуулах, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Автобусны ариутгал, цэвэрлэгээн дээр ажлын хэсэг тогтмол ажиллаж байна

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалтууд хийгдсэн билээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна. Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн газрын удирдах ажилтнууд болон захиргааны алба хаагчид өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны оройн 20:00 цагаас өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний үүрийн 04:00 цаг хүртэл автобусны баазууд дээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэн ажиллажээ.

Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлээгний явцын мэдээг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхэд тогтмол танилцуулж үүрэг чиглэл авч ажиллаж байгаа хэмээн албаныхан хэллээ.

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ “Гуравдугаар сарын 10-аас 16-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн автбусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж байна. Тухайлбал, 15 минут тутамд нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд 30, ажлын өдрүүдэд 50 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа. Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Энэ эрсдэлтэй цаг үед нийтийн тээврийг огт явуулахгүй байх санал гарч байгаа ч яалт ч үгүй ажилтай иргэдээ харгалзан үзэж тодорхой тооны нийтийн тээврийн хэрэгсэл явуулах шаардлагатай байгаа юм. Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн зорчилтын тоог харахад иргэдийн хөдөлгөөн 40 орчим хувиар багасч 190 орчим мянган зорчигч давтагдсан тоогоор нийтийн тээврээр зорчсон байна. Гэсэн хэдий ч гэсэн иргэд өөрсдийн хувийн ариун цэврээ сахиж, олон хүнтэй газарт аль болох явахгүй байхыг зөвлөж байна. Өглөө оройд нийтийн тээврийн цэвэрлэгээ ариутгалын явцын мэдээ тогтмол ирж байна. Халвар тархахгүй байх тал дээр бүх шатны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хичээж ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байжээ

Нийслэлийн Мэрэгжлийн хяналтын газраас нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах компанийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тухайн үйлдвэрт:

  • Зөөврийн устай,
  • Гар угаах угаалтуургүй,
  • Боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан,
  • Шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй,
  • Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсан зөрчил илэрчээ.

Иймд улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, 240 килограмм зуурмагийг устгахаар битүүмжилсэн байна. Мөн тус зөрчилд Зөрчлийн хэрэг нээсэн аж.

Categories
мэдээ нийгэм

“Архигүй орчин” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна

“Архигүй орчин”-н зурган илэрц

Цагдаагийн байгууллагаас “Архигүй орчин” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байсан бол шинэ төрлийн корона вирус илэрсэнтэй холбогдуулан хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ахуйн хүрээнд архидан согтуурсаны улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчилд, өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд хууль сурталчлах, шалтгаан нөхцлийг арилгах, хөршийн холбоог сайжруулах, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны гуравдугаар сарын 06-26-ны өдрийг хүртэлх хугацаанд “АРХИГҮЙ ОРЧИН” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн дуудлага мэдээллийг өмнөх жилтэй харьцуулахад 740 нэгжээр 10.9 хувиар, хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 354 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 105 хэргээр буюу 22.9% буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ч ахуйн хүрээнд архидан согтуурсаны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Тухайлбал гэр бүлийн гишүүд архидан согтуурч, бие биедээ гэмтэл учруулах, найз нөхдийнхөө гэрт цугларч архидан согтуурсны улмаас зодолдох, эрүүл мэндээрээ хохирох гэх мэт дуудлага мэдээлэл, гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсээр байна.

Иймд иргэд та бүхэн гэртээ гадны зочин, айлчин хүлээн авах, баяр ёслол тэмдэглэх, архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг биелүүлж, нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг ухамсарлан өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж иргэний үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Онцгой нөхцөлд ажиллах, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээ авч байна

Монгол Улсын нутаг дэвсгэрт корона вирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын удирдлага, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

ЗАЙНААС БУЮУ ОНЛАЙНААР АЖИЛЛУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар Улсын Их Хурлын Тамгын газрын 12 хүртэл насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн ажилтнуудыг гуравдугаар сарын 10-наас эхлэн гэрээсээ буюу онлайнаар ажлаа гүйцэтгэх боломж олгож, ажлын үр дүнг тооцож ажиллахыг нэгжийн дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд ажиллах төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.

БАЙНГЫН ХОРОО, АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ТАСАЛДАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

Улсын Их Хурлын чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 05-нд эхлэх учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд олон томоохон хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах юм. Төрийн байгуулалтын байнгын хороо л гэхэд Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай гэх мэт 9 томоохон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг чиг үүргийнхээ хүрээнд эрхлэн гүйцэтгэнэ.

Гэвч корона вирусийн халдвар илэрч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын хурлаас өөр хурал, зөвлөгөөн хийхийг түр хориглосон билээ. Үүнтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаан, Ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлгүүдийг Төрийн ордноос өөр газар, тухайлбал, Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулах хувилбарыг сонгоод байна.

Түүнчлэн дээрх хурал, хэлэлцүүлгүүдийг цахим программ ашиглан, зайнаас явуулах боломжийг мөн бүрдүүлж байгаа юм. Улсын Их Хурлын удирдлага, гишүүд эдгээр хувилбаруудыг бүрэн дэмжиж, хуралдаануудаа хийхээр бэлтгэж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Нийгмийн хамгааллын болон тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

– ХУД-т баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, дэд бүтэц барихтай холбоотой төслийн нэмэлт ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагдсан санхүүжилтийг хянан баталгаажуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр болов. Барилгын ажил 90 гаруй хувьтай байна..

– Нийгмийн хамгааллын болон тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов. Цаашид хууль эрх зүйн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын засаглал, санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгон, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо нэвтрүүлэхийг зорьж байна.

– “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр, концесс эзэмшигчийг шууд гэрээний аргаар сонгох байсан. Шатахуун хангамжийг төрийн өмчит аж ахуйн нэгж хариуцах болсон тул төслийг концессын зүйлийн жагсаалтаас хасав.

– Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжуудын хог хаягдал, лагийг зориулалтын бус газарт хаях, хог хаягдал хуримтлуулах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, үнэр гаргахыг зогсоохыг үүрэг болгов. Энэ чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, зөвлөгөө өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.

– БНХАУ-ын Учао хотод болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын цирркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая, Бүгд Найрамдах Чех Улсад болсон Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая, хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордоны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөмж гаргалаа

Image result for санхүүгийн зохицуулах хороо

Шинэ төрлийн корона вирус (Covid 19)-ын халдвар эрчимтэй тархаад буй энэхүү үед Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтын байгууллагуудад халдварт өвчний эрсдэлээс албан хаагчдаа хамгаалан, халдварт өвчин, хорио цээрийн улмаас зах зээлд үүсээд буй хүндрэлийг даван гарах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан чанд мөрдөж ажиллахыг зөвлөн “Харвардын бизнесийн тойм”, АНУ-ын “Халдварт өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв”-өөс гаргасан халдварт өвчлөлийн үед бизнес, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх зөвлөмжийг гаргасан байна.

БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НАРИЙН ТӨЛӨВЛӨХ

  • Бэлэн байдлын болон хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулан түүнийг хариуцан хэрэгжүүлэх ажилтныг бэлтгэж, томилох, төлөвлөгөөг турших, тогтмол сайжруулан, мөрдөж ажиллах, түүнчлэн ажиллагсдын цалин, хангамжийг тасалдуулахгүй байх;
  • Хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг тасралтгүй байлгах үүднээс бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хүргэх суваг тус бүрээр эрэлтийг таамаглан, байгууллагын санхүүгийн төлөвлөгөөг шинэчлэн мөрдөж ажиллах;
  • Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэлд орох хамгийн өндөр магадлалтай бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагааг тодорхойлон тэдгээрийн эмзэг байдлыг үнэлэн учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хамгийн бага зардлаар даван гарах төлөвлөгөөг боловсруулж мөрдөж ажиллах, мөн халдварт өвчин тархан, хорио цээрийн дэглэмд шилжсэнээс шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа нь доголдон, орлогын эх үүсвэр нь тасалдаж буй үйлчлүүлэгчдийг тодорхойлон тэдэнд хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний бодлогодоо анхаарал хандуулах;
  • Өвчлөлийн тархалт, цар хүрээ, түүний нийгэм, эдийн засагт учруулж буй хохирол, төрийн эрх бүхий байгууллагуудаас гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас цаг алдалгүй, тогтмол авч бизнесийн үйл ажиллагаагаа төлөвлөх;
  • Яаралтай, шуурхай нөхцөл байдал үүссэн үед холбоо тогтоох дэд бүтцийг бүрдүүлэн, шаардлагатай холбоо барих мэдээллийг бүртгэлжүүлэн, тогтмол шинэчлэн ажиллах;

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД БОЛОН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

  • Олноор цуглах арга хэмжээ, аливаа хурал, зөвлөгөөн, үйл ажиллагааг хойшлуулах, теле хурал зохион байгуулах, ажиллагсдыг зайнаас ажиллуулах бодлогыг баримтлах, ажлын цагаа уян хатан болгох, шаардлагатай тохиолдолд боломжит хэлбэрээр цалин, мөнгөн тэтгэмжээр туслалцаа үзүүлэх;
  • Харилцагчид, хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгчидтэй интернет, гар утас ашиглан зайнаас холбогдож ажиллах боломжийг бүрдүүлэх, зайнаас харилцаж буй тохиолдолд үйл ажиллагааны мэдээллийн урсгалыг сайжруулах, харилцагчдад тогтмол мэдээлэл хүргүүлэх;
  • Ажиллагсдыг хүн олноор цугласан, эрсдэл өндөртэй бүс нутгаар аль болох зорчуулахгүй байх, нийтийн тээвэр ашигладаг ажиллагсдадаа байгууллагын тээврийн хэрэгслээр үйлчлэх, эрсдэл өндөртэй бүс нутгаас ирсэн ажиллагсдад түр чөлөө олгон тусгаарлах;
  • Ажиллагсдын дунд өвчний шинж тэмдэг илэрсэн, ажлын байран дээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
  • Ажлын байрны эрүүл орчинг чанд сахин, ажиллагсдыг шаардлагатай ариутгагч бодис, амны хаалт, үнэн зөв мэдээллээр тогтмол хангах, эрүүл мэндийн болон бусад заавар, зөвлөмжийг цаг тухайд нь хүргүүлэх, тэдгээрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулах, хяналт тавих;
  • Ажиллагсад, үйлчлүүлэгчид, харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, тэдгээрт шаардлагатай эх үүсвэрийг тасалдуулахгүй байх тал дээр анхаарал хандуулах;
  • Бэлэн мөнгөний гүйлгээ, бэлэн мөнгөөр хийгдэх бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзах;

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАН ОЛОН НИЙТИЙН САЙН САЙХАН БАЙДАЛД ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

  • Өөрийн байгууллагад хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагын талаар бусадтай хуваалцах, олон нийтэд мэдээлэх, уриалах;
  • Төрийн эрх бүхий байгууллагууд, шийдвэр гаргах түвшний байгууллагуудтай нягт хамтран ажиллах, тэдгээрийн шаардсан мэдээ, мэдээллийг шуурхай, үнэн зөв гарган өгөх, хүндрэлийг даван гарахад бүх талуудын оролцоо чухал гэдгийг ухамсарлан, нийгмийн хариуцлагатайгаар хүчин чармайлт гарган ажиллах;
  • Өвчлөлийн эрсдэл, түүнээс үүдэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр өндөр хүчин чармайлт гарган ажиллаж буй байгууллагууд, албан хаагчдад туслалцаа үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн болон бусад хэлбэрийн тусламжийг үзүүлэх, тэдгээрт шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэх.