Categories
гадаад мэдээ

Европоос АНУ-д ирэх бүх нислэгийг хориглох шийдвэрийг гаргалаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн дэгдэлтийн эсрэг авах арга хэмжээнүүдээ Цагаан ордон дахь албан тасалгаанаасаа нийт америкчуудад танилцуулжээ.

Covid-19 вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор энэ Баасан гарагаас эхлэн Европоос АНУ-д ирэх бүх нислэгийг 30 хоногийн хугацаатай зогсоох шийдвэрийг тэр танилцуулсан байна.

Ингэхдээ Их Британи улсыг онцгойлон хоригийн гадна үлдээжээ. Дональд Трамп нь коронавирусийн аюулыг үл ойшоож байсныхаа төлөө олон нийтэд нэлээд шүүмжлүүлж байсан юм. Тэгвэл тэр энэ удаа ийнхүү эрс хатуу арга хэмжээ авсан байна.

“Бид холбооны засгийн газрын болон хувийн хэвшлийн бүх хүч чадлыг Америкийн иргэдийг хамгаалахад зориулж байна. Энэ бол орчин үеийн түүхэнд гадаад орноос гаралтай вирусийн эсрэг тэмцсэн хамгийн иж бүрэн, хамгийн дайчин арга хэмжээ юм” гэж Трамп мэдэгджээ.

Өнөөдөр АНУ-д шинэ коронавирусийн халдварын 1,281 тохиолдол бүртгэгдэж, 37 өвчтөн нас бараад байна. Дональд Трамп хэлсэн үгэндээ Европын орнуудыг АНУ-д Covid-19 вирусийг тараасан гол буруутан гэж шүүмжилжээ.

Өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд коронавирусийн гамшгийн нөлөөгөөр түүхэн доод хэмжээндээ хүртэл унасан билээ. Тэгвэл Трамп вирусийн халдвартай иргэдийн болон хохирол амссан аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлийг Сангийн яамандаа өгсөн тухай мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Нэвтрэх зөвшөөрлийг хэнд олгох вэ?

Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр /2020.03.12/ мэдээлэл хийлээ.

Сүүлийн өдрүүдэд угаарын хийд өртсөн гэх дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Хавар, намрын улиралд яндангийн утаа таталтад өөрчлөлт ордог тул пийшин, зуух, яндангийн хэвийн ажиллагаанд хяналт тавихыг иргэд олон нийтэд анхааруулав.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрөгч мягмар гарагт угаарын хийн мэдрэгчээ салгаж тавьсан өрхөөс дуудлага ирсэн. Мэдрэгчээ салгаснаас болж хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарсан. Тийм учраас мэдрэгчээ салгахгүй байхыг дахин анхааруулж байна. Агаарын температур өөрчлөгдөж дулаарахад угаар эргэн цонх, тооноор гэр, сууцанд нэвтрэх эрсдэлтэй. Тийм учраас дор бүрнээ анхаарлаа сайжруулж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна” гэлээ.

Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс /2020.03.10/ хуралдаж Улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд Нийслэлийн Онцгой комиссоос нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа юм. Үүнд:

Ар гэрийн гачигдал

Өвчтэй хүнийг асрах, сувилах шаардлагатай

Тусгай ажил үйлчилгээ гүйцэтгэх тохиолдолд зөвшөөрлийг олгож байгаа аж.

Энэ талаар НОБГ-аас “Нийслэлийн онцгой комисс дээр нэвтрэх зөвшөөрлийг иргэн болон аж ахуй нэгжид олгож байна. Хувийн ажлаар орж ирсэн иргэдээс гэртээ харих, хотоос гарах хүсэлт маш ихээр ирж байгаа. Нэвтрэх зөвшөөрлийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд нотлох баримтыг үндэслэн нягталж олгож байгаа. Бид гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Энэ нөхцөлд иргэд төр засгаа гаргаж буй шийдвэрийг зайлшгүй дагаж мөрдөх ёстой. Тиймээс шийдвэрийг хэрэгжүүлэхийг иргэдэд сануулмаар байна. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай” гэдгийг анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Баярмаа: Өөрийгөө тайвшруулах амьсгалын дасгалыг дадал болгож, хүнд үеийг хохирол багатай туулж болно


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаатай ярилцлаа.


-Халдварт өвчин газар авч, хорио цээрийн дэглэм тогтоосон үед иргэдийн сэтгэл зүй ямар байх ёстой вэ?

-Халдварт өвчин гардаг л зүйл. Коронавирус халдвар тодорхой үе шаттай, тодорхой хугацааны дараа эргээд буурдаг, зөв эмчилгээг олж хийвэл эдгэрдэг өвчин. Дэлхийн 100 гаруй оронд тархаад буй энэ өвчний тохиолдол манайд гараагүй байсан ч сая анхны тохиолдол илэрлээ.

Үүнтэй холбоотойгоор хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлтүүд гарч байна. Хэрвээ хүн эрүүл л бол сэтгэл зүйд нь өөрчлөлт гарах ёстой. Аливаа зүйлийг сонсоод айж, санаа зовж байгаа үзэгдлүүд бол хэвийн л үзэгдэл. Харин ийм үед огт санаа зовохгүй, хариу урвал үзүүлэхгүй байна гэдэг асуудалтай байх боломжтой.

Нэгэнт ийм дэгдэлт гарсан бол хэд хэдэн зорилтот бүлгүүдэд анхаарах шаардлагатай. Голомтод ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүд, хөл хорио тогтоож байгаа бусад мэргэжилтнүүд болон ард иргэд рүү чиглэсэн зөвлөмжүүд байх хэрэгтэй.

-Иргэд ямар сэтгэл зүйтэй байж коронавирусийн халдварыг хохирол багатайгаар даван туулах вэ?

-Гарч байгаа хариу урвалууд байх ёстой зүйл гэдийг дахиад онцолъё. Гэнэтийн гамшгийн байдалтай мэдээг сонсоод баттай зөв мэдээлэл авсан тохиолдолд сандраад байх хэрэггүй.

Зөв мэдээллийг харилцан солилцож байх ёстой. Үүсэж байгаа нөхцөл байдлын үед өөр өөрсдийнхөө түвшинд өөрийгөө тайвшруулах техникүүдийг сурах нь чухал. Хүн таагүй байдалд орсон үедээ уртаар амьсгаа авахад тайвширдаг шүү дээ. Өөрийгөө тайвшруулах энгийн арга нь энэ. Ямар ч нөхцөлд хаана ч хийж болно. Тусгай орчин нөхцөл шаардахгүй. Мөн тодорхой үе шатаар явдаг өвчний тухай мэдээллийг өдөр тутам авч байгаа юм чинь цагийн эрхээр арилна гэсэн эерэг зүйлийн тухай бодох хэрэгтэй.

Өвчин тусчих юм биш биз гэсэн хямралыг дэврээсэн мэдээ, мэдээлэл түгээж болохгүй. Тодорхой онцлогтой, цаг хугацаатай явагддаг өвчний үед иргэн өөрийнхөө мэдээ мэдээллийг сайжруулах, эерэг зөв ойлголтоор даван туулна.

Дараагийн чухал зүйл нь сэтгэцэд илэрч байгаа аливаа асуудлыг өөрөө дотроо ургуулж бодоод бясалгаад байх нь чухал биш. Мэдээлэл сонсоод таагүй мэдрэмж авсан бол хэн нэгэнтэй хуваалцаж нээлттэй байх нь зөв. Өөрт үүсэж байгаа таагүй байдлаа хэн нэгэнд ярьж харилцан ойлголцох хэрэгтэй. Нөгөө хүн заавал ойлгох нь алба биш л дээ. Үүсээд байгаа мэдрэмжээ гадагшлуулна гэдэг чухал. Таагүй мэдрэмжээ дотроо хадгалаад байж болохгүй.

Үүнээс гадна гэр бүлийн орчинд нээлттэй харилцаа чухал. Хэн нэг нь өрөөндөө орчихоод өдөржин компьютер тоглоод, утас оролдоод байж болохгүй. Хүүхэдтэйгээ харилцаж тоглож цагийг өнгөрүүлэх нь зөв. Энэ нь гэр бүлийн орчинд таатай уур амьсгал бүрдүүлнэ. Ингэж сэтгэл зүйн дархлаагаа дэмжиж, тайван амгалан, зөв мэдээлэлтэй Байж халдварт өвчнийг хохирол багатай давж гарна.

-Сэтгэл зүйгээ тогтвортой, тайван байлгахад хүний хувийн зохион байгуулалт чухал юм шиг. Та үүн дээр юу зөвлөх вэ?

-Хувийн зохион байгуулалт төлөвлөгөө чухал. Манайхан төлөвлөхдөө тааруу улс. Цагийн ажлаа цагт хийхгүй, явж байгаад овооруулчихдаг. Хэдэн cap, хоногийн өмнөөс ажлаа төлөвлөөд цагт нь хийгээд явах нь зөв. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор вирус гарч байгаа юм байна, хөл хорио тогтоох нь, гэр бүлийн орчинд байх ёстой гэх зүйлсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэцүү зүйл биш шүү дээ.

Нөхцөл байдлыг зөвөөр тунгааж, хүлээн зөвшөөрнө гэдэг чухал. Зөв төлөвлөж энэ өвчин хэдэн сарын дараа алга болно гэсэн сэтгэл зүйг өөртөө суулгах хэрэгтэй. “Ямар удаан хугацаа вэ, энэ ч ажлаа амжуулах байлаа, энэ ч ажил бүтсэнгүй” гэж бодит байдлыг хүлээн авч чадахгүйгээс болоод стресстэж сэтгэл зүйн дархлаагаа унагаж болохгүй.

Дэлхий даяараа ийм нөхцөл байдал үүсээд байхад үүнийг зөвөөр өөртөө тусгаж аваад, амьдралын хэв маягийг тухайн нөхцөлтэй уялдуулж төлөвлөөд явах хэрэгтэй. Энэ маягаар амьдралын хэвшлийг тогтоох нь таныг стрессээ чөлөөлнө.

Янз бүлийн зүйлийг ургуулж бодож хөгжүүлээд, аливаа зүйлийг болохгүй сөрөг талаас нь хараад байж болохгүй. Бодитой зөв мэдээллээ аваад л цаг хугацааг хүлээх л хэрэгтэй. Хүлээлтдээ өөрийгөө дасгах, үүнтэйгээ эвлэрэх, хүлээн зөвшөөрөөд явахад хүний сэтгэл тавгүйтэхгүй.

Үүнийгээ зөвшөөрөхгүй болохоор л санаа зовж нойр хүрэхгүй дархлаа унаж, хоол ундандаа муу болно. Зарим хүмүүс энэ хугацаанд идэх л ёстой юм шиг сэтгэж хоол хүнсээ нөөцлөөд байна. Ингэж нөхцөл байдлаас шалтгаалж хувирч өөрчлөгдөж болохгүй.

-Энгийн нөхцөлд өөрийгөө тайвшруулах, сэтгэл зүйн дархлаагаа тогтвортой байлгах ямар аргууд байдаг вэ?

-Хүмүүсийн дунд ямар ч нөхцөл шаардахгүй, янз бүрийн хэрэглэгдэхүүн ашиглахгүй, их цаг хугацаа зарахгүй хамгийн энгийн арга нь тайвшруулах амьсгалын дасгал. Үүнийг хийхдээ өөрийнхөө булчинг сулруулах хамгийн боломжтой байрлалыг сонгоно. Дээшээ хараад хэвтвэл биеийнхээ хоёр хажуугаар гараа сул тавиад (сандал дээр сууж байгаа бол арагшаа налаад гараа сандлын түшлэг дээр сул орхиод) удаанаар гүнзгий амьсгал авна.

Ингээд амьсгалаа удаанаар түгжинэ. Болж өгвөл гурван минут орчим бол сайн. Чадахгүй бол өөрийнхөө чадах хэмжээнд л тааруулаад амьсгалаа түгжиж байгаад удаанаар гаргах нь хамгийн чухал дасгал. Ингэхдээ цээжээрээ амьсгалах бус, таны хэвлий хэсгээрээ амьсгалах нь хүнийг тайвшруулж өгдөг.

Мөн хүмүүс тамхи татахдаа гүнзгий амьсгалаад сордог шүү дээ. Заавал амандаа тамхи зуугаад биш, тамхигүйгээр гүнзгий амьсгал аваад гаргах дасгалыг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хийх нь хүнийг тайвшруулж өгдөг. Ер нь хүн тайвшруулах үйлдлийг л тамхины тусламжтайгаар хийж байгаа юм. Энэ арга үр дүнтэй.

-Сэтгэл зүйн дархлаанд нойр чухал. Манайд нойрны асуудалтай хүн олон бий. Иргэд нойр дутуу сэтгэл тавгүй үедээ янз бүрийн мэдээлэл хүлээж авч байгаа нь дархлааг нь унагаад байх шиг. Энэ асуудал дээр та юу зөвлөх вэ?

-Дээр дурдсан амьсгалын дасгал үр дүнтэй. Нойрны хямралтай байгаа хүмүүс дээшээ харж хэвтээд гүнзгий амьсгал аваад удаанаар гаргана. Энэ дасгалыг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хийхэд хийхэд л унтчихсан байдаг. Бүх бие суларна гэдэг хүнийг тайвшруулж, нойрыг хүргэж өгдөг ач холбогдолтой.

-Үүсээд буй нөхцөлтэй холбоотойгоор янз бүрийн хар, бараан мэдээлэл хүлээж авч ургуулан бодож хямраад байх шиг. Иргэд үнэн зөв, бодитой мэдээллийг хүлээн авах тал дээр зөвлөхгүй юу?

-Янз бүрийн эх сурвалжгүй мэдээлэл тарааж байгаа нь иргэдийг айдаст автуулж төөрөгдүүлээд байна л даа. Баттай, эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авч бусдадаа хуваалцах хэрэгтэй. Аюулт өвчинтэй тэмцэж байгаа байгууллага л бодитой мэдээлэл өгнө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байна. Манайд бол Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ гээд газруудаас үнэн зөв мэдээлэл өгч байгаа.

МҮОНТ, “Өдрийн сонин” зэрэг мэргэжлийн редакцуудын баталгаат эх сурвалжаас авсан мэдээллийг л хүлээж авч өөрийн хүрээлэлдээ хуваалцаж байх нь зөв. Хэн нэгний буруу зөрүү, мэдээллийг сонсоод итгэж, ургуулж бодох нь өөрийнхөө нервийг барсан асуудал. Үүнд ач холбогдол өгөөд хэрэггүй.

-Сэтгэл зүйгээ тайван тогтвортой байлгах нэг арга нь өөрийн дуртай, сэтгэл ханамж авдаг зүйлээ хийх юм шиг. Энэ тал та юу зөвлөх вэ?

-Дуртай зүйлээ хийлээ гээд цахим тоглоом тоглоод суугаад байж болохгүй. Энэ бол сэтгэл зүйг тайван байлгаж байгаа зүйл биш. Гэр бүлийн орчинд ганцаараа байгаа хүүхдэд эцэг эх нь хань болж цагийг зугаатай өнгөрүүлэх хэрэгтэй.

Ах дүү олуулаа бол олныг хамарсан тоглоом тоглож болно. Шагайн наадаан байж болно. Ийм байдлаар цагийг өнгөрүүлэх нь сэтгэл зүйг тогтвортой байлгах гол арга болж өгдөг. Мөн ном унших нь хүнийг тайвшруулна, таатай мэдрэмж төрүүлнэ.

-Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд, онцгой, цагдаагийн алба хаагчдад та юуг зөвлөх вэ. Бүтээсэн робот биш учраас сэтгэл зүй нь түгшүүртэй л байдаг байх?

-Голомтод ажиллаж байгаа хүмүүст ч халдвар авчих вий гэсэн айдастай л байгаа. Эмч нар маань мэдээллээ сайн авч шинжлэх ухаанч байр сууринаас хандаж байгаа. Г ол нь ажиллагаандаа бие биенээ дэмжсэн, урамшуулсан, харилцан ойлголцсон, хүндэтгэсэн харилцаатай байх нь чухал.

Асуудал гарахад хэн нэгэн буруутанг хайх биш, харилцан ойлголцож багаар ажиллаж чадвал айдасгүй ажиллах боломжтой. Сэтгэл зүйгээ тайван байлгана гэдэг маань анхаарлаа төвлөрүүлж ажлаа сайн хийнэ гэсэн үг шүү дээ. Айдастай, сэтгэл зүй тогтворгүй ажилдаа анхаарах уу. Сэтгэл зүй тайван байна гэдэг үр бүтээлтэй ажиллахын үндэс.

Ажиллаж байгаа улсаа урамшуулж, дэмжиж байх хэрэгтэй. Тэд үүнээс л ажиллах эрс хүч, урам зориг авна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр голомтод ажиллаж байгаа хүмүүстээ талархсан, урамшуулсан мэдээ, мэдээлэл их байна лээ. Үүнд сэтгэл хангалуун байгаа.

Categories
гадаад мэдээ

Том Хэнкс эхнэр Рита Уилсон нар COVID-19 халдвар авжээ

Жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Уилсон нар коронавирусийн халдвар авсан талаараа өчигдөр мэдэгджээ.

Оскарын шагналт 63 настай жүжигчин Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор Австрали улсад ирээд байсан аж. Тэр явцдаа ядарч, ханиад хүрч, өвдсөн тул шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу COVID-19 халдвартай болох нь тогтоогдсон талаар тэрбээр хэлжээ. Тэд бусдад халдвар тараахгүй байх үүднээс өөрсдийгөө тусгаарласан бөгөөд нөхцөл байдлынхаа талаар мэдээлж байна гэжээ.

Лхагва гараг буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар Австрали улсад шинэ коронавирусийн 120 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Categories
мэдээ спорт

NBA-гийн Юта Жазз багийн тамирчнаас COVID-19 илэрсэн тул NBA ээлжит тоглолтоо цуцаллаа

NBA буюу Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогчоос COVID-19 халдвар илэрсэн тул ээлжит тоглолтоо албан ёсоор цуцалж байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ.

Тодруулбал, Юта Жазз багийн франц төвийн тоглогчийн шинжилгээний хариу эерэг буюу COVID-19 халдвар авсан нь тогтоогдсон байна.

NBA өнөөдрийн тоглолтоо хэзээ явуулахыг дараа нь мэдэгдэх бөгөөд цар тахлын эсрэг хийх дараагийн алхмуудаа тодорхойлох талаараа мэдэгдэлдээ дурджээ.

NBA To Suspend Season Following Tonight’s Games

View image on Twitter

Categories
мэдээ нийгэм

Францын иргэнтэй I хавьталтай 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Image result for

“COVID-19” халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ. Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан.

Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ээс мэдээллээ. Гэхдээ одоо 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах шинжилгээ авч баталгаажих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ариутгалын бодисын нөөц, техник төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон бусад холбогдох албаныхан өнөөдөр нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын орчны халдваргүйжүүлэлтийн ажлын явцыг шалгаж, нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй гэрээт компаниудын төлөөллүүдтэй уулзсан юм. Хотын удирдлагууд халдваргүйжүүлэлтийн ажилд тулгамдаж буй асуудал бий эсэх талаар санал солилцоод ариутгалын бодисын нөөц, техник төхөрөөмжийн бэлэн байдлыг үзэж шалгалаа.

Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хотын Захирагч ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хүнсний зах худалдааны төвөөс бусад бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий гэрээт 37 компанийн ажилчид ариутгал халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний болон эрсдэл бхий цэг салбарын нийт 18758 цэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ. Тэрбээр “ Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж бүх нийтийн гудамж талбай, орон сууцны гол замууд, гэр хорооллын 200 мянган айл өрхийн модон жорлон, томоохон зах худалдааны төвүүдэд, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэх ажлыг хийж байна. Цаг агаар +5 градус хүрч дулаарч эхэлмэгц агаар чийгшүүлэгч машинуудаар халдваргүйжүүлэх ажил эхэлнэ. Агаар чийгшүүлэгч машинуудын бэлэн байдлыг хангасан байгаа.” гэв. Мөн нийслэлийн 380 гаруй км хатуу хучилттай зам, нийт 9,2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйжүүлэхээр төлөвлөсөн талаараа дуулгалаа.

“Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа компаниудад ариутгалын бодисын нөөц хангалттай байгаа. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга. Мэргэжлийн хяналтын газраас ариутгалын бодисуудад шинжилгээ авч стандартын дагуу байгааг тогтоосон. Тусгай зөвшөөрөл бүхий гэрээт компаниудыг зохион байгуулалтад оруулаад ажлыг нь эрчимжүүлээд байна. 100 метр квадратыг нэг минутад халдваргүйжүүлэх хүчин чадалтай мананцар үүсгэгч цөөн тоогоор бий” хэмээн “Монголын ариутгал халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг хийхэд ногоон байгууламжид сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг сануулаад, БНХАУ болон АНУ ашигладаг орчин үеийн техникийн дэвшилтэт технологийн ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжүүдийг судалж яаралтай танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Түүнчлэн ариутгалын ажлыг хийж байгаа ажилчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжүүдийн тоог нэмэх үүргийг холбогдох албаныханд өгөв.

Нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхэд нэмэлтээр дүүргийн тохижилтын компаниудын автомашинуудыг ашиглаж бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллана гэдгийг нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэнэх донгоо хагас жил тэвччих ээ, монголчууд аа

Сүүлийн 30 жил буюу, гадаад паспорт эзэмших эрхтэй болонгуутаа монголчууд бүгд дэвэн дэлхийгээр хэрэн хэсч эхэлсэн. АНУ, Солонгос, Япон, Европын улсуудаас эхлээд хаа хол Африкийн оронд ч тууж л явдаг монгол хүн та, аюулт вирусийн халдварын энэ үед жолоогоо татах хэрэгтэй байна. Монголчуудыг гадаадад ямар их явдаг тухай шог яриа байдаг. Ямарсайндаа нэг өмнөд монгол хүн “монголчууд та нарыг гурван сая гэж буруу тоолсон байх аа. Гадаадад ямар олуулаа амьдарч байх юм” гэж дуу алдахав. Тэнд амьдардаггүй юм гэхэд, ганзагын наймаанаас эхлэлтэй наймаачид энд тэндээс бараагаа татаж давхилдана.

Дэлхийгээр дүүрэн монголчууд байгаад тогтохгүй дотооддоо улс орноороо асар их тэнэж зугаалж байна. Зам сайхан ч болсон юм байгаа, хүн бүр зээлийн унаатай болсон ч юм байгаа өвөл, зунгүй өглөө оройгүй адилхан хэрэн хэсч явдаг. Монголын дурын сум, дурын баг дээр очоод харахад УБ… дугаартай приус машин зогсож л байна. Хотоос ирсэн гийчид гэсэн үг. Аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөөрөө хэсч байгаа хүмүүс. Бүр ямар ч хэрэггүй дэмий сэлгүүцэн давхиж ирсэн хүн ч тэнд байж л байдаг. Монголд суурин ажил хийх хүн тун цөөхөн болсон нь үүгээр батлагдана. Завтай хүмүүс л ингэж явдаг. Даяаршихын хэрээр мөнгө олох боломж ч элбэг болжээ. Бензиний мөнгөтэй болуут л приусэндээ суугаад жирийлгэж өгч байна.

Хөдөө хэсч чадахаа байлаа гэхэд Улаанбаатар дотроо зайгүй хөлхөнө. Өглөө Зүүн салаанд явж байсан хүн тун удалгүй Баянзүрхэд, өдөр нь хотын төв хавьцаа, оройхон Нисэхэд давхиж явна. Хотод мөнгө олох хамгийн хялбар арга бол таксинд явах. Зам мэддэг, мэддэггүй хамаагүй халтууранд давхисаар байгаад мөнгө хийдэг болохоор хэдэн мянгаараа ингэж явдаг. Монголчууд ийм л мөнхийн хөдөлгөөнд байдаг улс. Нэг хэсэг нь гадаадад, нөгөө хэсэг нь хөдөө гадаагүй, үлдсэн нь хот дотроо зогсоо зайгүй явж байдаг. Үүний тод жишээ нь, хэдхэн өдрийн өмнөх хөл хорио байлаа. “Цагаан сараар хөдөө гадаа битгий яваарай, автомашины хөдөлгөөнийг хаана” гэж анхааруулсаар байтал хэдэн мянгаараа хөдөө гарч давхицгаасан. Хөл хориог үргэлжлүүлэн тав хоног сунгахад мөн л түмэн зовлон тоочин хот руу орох, хотоос гарах машин тасраагүй гэж байгаа. Бүр ядаад хот руу орох гэж гэдсэндээ даавуу чихэн жирэмсэн болж жүжиглэж байгаад баригдлаа шүү дээ. Хот хоорондын замын хөдөлгөөнийг нээсэн эхний хоногт 31998 тээврийн хэрэгслээр 108772 иргэн нийслэл хот руу орж, гарсан байна. Монголчууд ингэж л холхидог хүмүүс.

Дэлхий даяар аюулт тахал гараад хүмүүс бие биеэндээ халдаагаад одоо бүр цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй байна. Одоохондоо манай улсад энэ өвчин илрээгүй байгаа. Өвчин гараад бараг хоёр сар болчихоод байхад илрээгүй байна гэдэг бол дотооддоо байхгүй л гэсэн үг. Одоо гаднаас хүнээр тээвэрлэгдэн орж ирж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулсаар удлаа. Тэгэхлээр бид гадаадад тэнэх донгоо хагас жил хэртэй тэвччихэд коронаг аюулгүй давчих боломж харагдаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас ч ингэж хэрэн хэсүүчлэхгүй, гэртээ суухыг байнга анхааруулсаар байгаа юм.

Коронавирусээр үүсч байгаа өвчин тоглоом биш гэдгийг бид нүдээрээ харж байна. Ийм өвчин туссан хүмүүс хэдэн мянгаараа нас барж байгаа мэдээг өдөр бүр сонсож байна. Энэ вирус хүний уушгийг гэмтээж, дэлүүг багасгаж, зүрхний булчинг задалдаг гэж эмч нар тогтоосон. Сүүлийн үеийн зарим эрдэмтдийн судалгаагаар коронавирусийн халдвар авсан л бол насан туршдаа тэмцэх шаардлагатай гэж баталж байна. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс насаараа эм уудаг шиг л энэ вирусийн эсрэг насаараа эм, тариа хэрэглэх нь.

Монголчууд бид өөрсдийгөө нүүдэлчин удмынх, ийм ген цусанд маань шингээтэй энэ тэр гэж хөөрцөглөдөг. Ямар юмных нь цусанд шингэх вэ дээ, хэрэн хэсүүчлэх гэдэг бол ажилгүй хүний хийдэг зүйл. Ажилгүй зүгээр уйдаж суухаар явж л байвал сонирхолтой болоод тэр. Манайд суурин ажил хийдэг хүн тун цөөн. Том үйлдвэр байтугай үйлчилгээний төв цөөн. Тиймээс хэн нэг нь нүүр номдоо хээр хөдөө авахуулсан зургаа оруулсан байвал тэрийг давах сэдэл төрж, бензиний хэдэн төгрөг хийнгүүтээ хөдөө гараад сүнгэнүүлчихдэг. Хаана ч очсон цэлгэр сайхан тал, уул устай Монголын хөдөө цэнхэртэн цэлийн байдаг, ах дүүгээ байг гэхэд хамаатан садан нь тэнд суудаг болохоор давхиж хүрцгээдэг.

Социализмын дал, наян жилд хүмүүс бүгд суурин ажилтай байжээ. Тиймээс сумын ойролцоо байх бригад руугаа ч очиж амждаггүй байсан гэдэг. Мэдээж, гадаадад хэн ч явж чаддаггүй байсан үе. Одоо бол хэт сул чөлөөтэй байдал нь дэмий тэнэх дон болчихоод байна. Энэ донгоо хагас жил тэвччихье ээ, монголчууд аа. Юугаа хийж гадаадад гарах гээд зүтгээд байна вэ. Өвчин тахал гарчихаад байна. Энэ өвчнийг тусчихвал яана. Элгэн түмэн монголчуудад минь халдаачихвал яана гэж бодоод үзээрэй. Гадаад явах чинь моодноос гараад удаж байгаа, дээрээс нь энэ эрсдэлтэй цаг үед бүүр ч дэмий хэрэг болчихоод байна.

Гадны улсууд бидэн шиг шөнө нь гэнэт бодож шийд гаргаад өглөө нь гараад давхичихдаггүй юм билээ, шүү.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ЫН ХАЛДВАР СУДЛААЧ ЭРДЭМТДИЙН “COVID-19” ВИРУСИЙН ТАРХАЛТЫН ТАЛААРХ СУДАЛГААНЫ ДҮН

Covid-19-н зурган илэрц

БНХАУ-ын халдвар судлаачдын судалгаагаар “Covid-19” нь 30 минут хүртэл хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах боломжтой нь тогтоогджээ. Мөн тухайн гадаргын онцлог, төрөл, орчны температураас шалтгаалан гадаргуу дээр харилцан адилгүй хугацаанд амьдрах чадвартай аж. Тухайлбал, уг вирус цельсийн 37 хэмийн орчинд шил, бөс даавуу, төмөр, хуванцар, цаасан гадаргуу дээр 2-3 хоног амьдрах боломжтой байна. Мөн хүний биеэс ялгарч буй шингэн болон өтгөнд 5 хүртэл хоног амьдрах чадвартайг судлаачид анхааруулж байна.

Судлаачид 01 дүгээр сарын 22-ний өдөр Хунань мужид 48 суудалтай, хот хоорондын нийтийн тээврийн автобусанд гарсан халдвар хэрхэн тархасан талаар дараах зураглалыг гаргасан байна. Халдвартай иргэн болон бусад зорчигч автобусанд суух үедээ амны хаалт хэрэглээгүй байсан бөгөөд цонхнууд нь бүгд хаалттай байжээ.

Улаан – халдвар тараагч.

Шар – Халдвар авсан хүмүүс.

Цэнхэр – халдвар авсан боловч шинж тэмдэг илрээгүй хүн.

Ягаан – Халдвартай иргэн автобуснаас бууснаас хойш 30 минутын дараа автобусанд сууж халдвар авсан хүн.

Судалгааны дүнд битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгаа нь тогтоогдсон байна. Халдвартай хүн автобусанд сууснаас хойш нэг ч хүнтэй яриагүй бөгөөд түүнийг автобусанд байх үед 7 хүнд вирус халдварласан байна.

Түүнчлэн халдвар тээгч автобуснаас буусны дараа ч вирус тухайн орчинд үлдэж, халдвар тархаж байжээ.

Халдвар тээгч тухайн автобуснаас буун дараагийн автобусанд сууж явах үед түүнээс 4.5 метрийн зайд сууж явсан 2 иргэн халдвар авсан бөгөөд 2 сарын дунд үе гэхэд анхны халдвар тээгч нийт 13 хүнд вирус тараасан байжээ.

Гэвч уг судалгаанд зарим зүйл тодорхойгүй үлдсэн бөгөөд халдвартай иргэнтэй зэрэгцэн сууж явсан хүмүүс халдвар аваагүй нь сонирхол татаж байгаа аж.

Судалгааны дүнд үндэслэн Хятадын эрх баригчид, эрдэмтэд иргэддээ дараах зөвлөмжийг өгч байна:

  • Амны хаалт тогтмол зүүх, гараа байнга угааж, хувийн ариун цэвэр чанд сахих;
  • Автобус, онгоц, машин зэрэг битүү орчинд байхдаа амны хаалт тогтмол зүүх;
  • Гараа угааж цэвэрлээгүй үедээ нүүр, ам болон биеийн бусад хэсэгт гараараа хүрэхгүй байх;
  • Олон нийтийн үйлчилгээний газруудад савх, халбага хэрэглэхгүй байх;
  • Олон нийтийн газар тамхи татахыг хориглож, тамхины цэгүүдийн тоог багасгах;
  • Нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг өдөрт 1-2 удаа хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий газар

Categories
мэдээ цаг-үе

Б.Баяржаргал: “Олонлог” сургууль, “Өдрийн сонин” хамтран математикийн эчнээ уралдааныг гурав дахь удаагаа улс даяар зохион байгуулах гэж байна

“Олонлог” төв сургуулийг үүсгэн байгуулагч, доктор Б.Баясгалан, “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга, нэрт нийтлэлч асан Ж.Гангаа нар 2010 онд Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойд зориулсан Математикийн улсын уралдааныг анх зохиосон байдаг. Уг уралдааныг “Өдрийн сонин” бүрэн дэмжиж, улсын хэмжээнд математикийн эчнээ уралдааныг хоёр үе шаттайгаар тэр ондоо амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. Нэрт нийтлэлч Ж.Гангаа бичгийн хүн гэлтгүй, тооны урлагт дуртай, цаг зав нь олдвол математикийн танин мэдэх далд хүч чадлын тухай байнга сонирхон судалдаг хүн байсан нь энэ уралдааныг зохиоход түлхэц болсон байдаг. Хоёр жил тутамд эчнээ, бусад жилд нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний түүхэн үйл явдалд зориулсан улсын хэмжээний том уралдаан байхаар анх товлогдож байжээ. Анхны хоёр уралдааныг “Өдрийн сонин” ивээн тэтгэж нүүр дамжуулан бодлого болон бодолт, сурталчилгааг хийж өгснөөр энэ уралдаан өнөөдрийн өнгө төрх, нэр нүүрээ олж авсныг “Олонлог” сургуулийн хамт олон онцлон ярьж байна.

“Олонлог” төв сургуулийн зөвлөх багш, математикийн багш нарын олимпиадын таван удаагийн аварга Б.Баяржаргалтай ярилцлаа.


-“Өдрийн сонин” “Олонлог” сургууль хамтран математикийн эчнээ уралдаанаа зохиохоор болж байна. Уралдааны зорилгоос яриагаа эхэлье?

-Манай “Олонлог” сургуулийн хамт олон “Өдрийн сонин”-ы редакцтай хамтран гурав дахь удаагаа математикийн эчнээ уралдааныг удахгүй улс даяар зохион байгуулах гэж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ажил болно гэж бодож байна. “Олонлог” сургуулийн хувьд 2015 онд Улсын математикийн 51 дэх олимпиад болон Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны үндэсний уралдааныг долоон удаа, олон улсын уралдааныг гурван удаа өөрийн сургууль дээрээ бие даан зохион байгуулсан хур туршлагатай хамт олон.

Энэхүү эчнээ уралдааны зорилго бол хөл хориотой энэ үед сурагчдын зав чөлөөтэй цагийг зөв, үр дүнтэй үйл ажиллагаанд чиглүүлэхэд оршино. Нөгөөтэйгүүр энэхүү уралдааны бодлогыг ямар ч хүүхэд сонирхон оролдож болно гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй болов уу.

-Олимпиадад хэрхэн оролцох вэ?

-Энэ сарын 16-нд буюу “Өдрийн сонин”-ы ирэх даваа гаригийн дугаарт олимпиадын бодлогууд, удирдамж, заавар хэвлэгдэнэ. Уралдааны бодолт энэ сарын 16-26-ны хооронд үргэлжилнэ. Ямар нэгэн анги танхимд суухгүй, чөлөөтэй бодно, интернэтээс хэрэгтэй мэдээллээ цуглуулаад судалгаа хийж бодно. Сониноос бодлогоо хараад л гэр гэрээсээ бодно гэсэн үг. 1-4 дүгээр анги найман бодлоготой, бусад ангилал тус бүр 12 бодлоготой. Ингээд 26-ны өдрөөс бодолтын хариугаа бидэн рүү илгээнэ. Бид олимпиадын нэгтгэсэн дүнг сарын дараа буюу дөрөвдүгээр сардаа багтааж “Өдрийн сонин”-д нийтэлж нийтэд танилцуулна.

-Хүн болгон математикч болох албагүй гэцгээдэг. Ингэхэд математикийн гол ач холбогдол юу байдаг юм бэ?

-Математикт суралцахын ач холбогдол, математикийн бодлогыг сонирхон оролдож үзэх нь хувь хүн цаашлаад хүн төрөлхтний хөгжил дэвшилд шууд холбоотойг математикийг үзэн яддаг хүн ч хүлээн зөвшөөрөх биз ээ. Математикт дургүй гэснээс мэдээж хүн бүрт шилдэг математикчид ч гэсэн бодож чадахгүй бодлого тулгардаг. Энэ тал дээр өсвөр үеийнхэн болон тэдний эцэг эх, багш нарт хувийн санал бодлоо дамжуулах гэсэн юм. Уг нь ямар ч хүн оюун ухаан гэсэн маш том эрдэнэсийн уурхайн эзэн нь өөрөө байдаг боловч энэ баялгийг маш бага, зарим тохиолдолд огт ашигладаггүй нь харамсалтай. Энд би баялаг гэдэг үгийг шууд утгаар нь хэлж байгаа юм шүү. Оюун ухаан гэсэн маш том эрдэнэсийн уурхайгаас хангалттай сайн ашиг олборлохын тулд хүн уураг тархиа маш зөв хөгжүүлэх шаардлагатай.

-Математик хүний уураг тархийг хөгжүүлдэг байх нь?

-Математикийн бодлогыг бодож чадахгүй ч түүнийг бодох гэж сэтгэл тэвчээр гарган уйгагүй оролдоход л таны уураг тархи тодорхой хэмжээгээр хөгжсөн байх нь дамжиггүй юм. Зүйрлэвэл ургаа том хадыг өглөө бүр хагас цагийн турш оролдсон хүүхдийн булчин шөрмөс огт юу ч хийгээгүй хүүхдийн булчингаас ямар их ялгаатай байх нь илэрхий билээ.

Ингэхэд юу хэлэх гээд байгааг минь ойлгосон байх. Шуудхан хэлэхэд хичнээн дургүй байсан ч математикийн хичээлийг заавал хий, математикийн бодлогыг бодож чадахгүй ч гэсэн заавал оролдож үз. Магадгүй ямар энгийн зүйл, цаашилбал үгээр дүрслэхийн аргагүй гоо сайхан ертөнц таныг угтахыг үгүйсгэхгүй. Тийм биш байлаа ч танд харамсах зүйл гарахгүй гэдгийг би баттай хэлж чадна.