Categories
мэдээ нийгэм

Хүйтний эрч суларна

2020 оны гуравдугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн нурууны өвөр бэлээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Халх голын саваар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өмнөговийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Хүйтэрч Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13, 14-нд говь, талын нутгаар, 15, 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 14, 16-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу мэдээллийг нэг урсгалаар өгнө

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын өчигдрийн /2020.03.11/ хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдийг зөвхөн доор нэр дурдсан албаны эх сурвалжуудаас өгсөн үнэн бодит мэдээллээр хангаж ажиллахыг телевиз, радио, веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулж, анхааруулга хүргүүлжээ.

Тодруулвал Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор худал, ташаа мэдээлэл олноор түгээгдэж иргэдийг бухимдуулж, төөрөгдүүлэх хандлага ажиглагдаж, түүнийг дагасан олон сөрөг асуудал үүсч болзошгүй нөхцөл байдал гарсан учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар, УОК–оос холбогдох албан тушаалтнуудад даалгасан билээ.

Улмаар зөвхөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Эрүүл мэндийн яамнаас Засгийн газар, УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийн явуулж буй үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн талаарх албаны үнэн бодит мэдээллийг иргэдэд мэдээллийн нэг урсгалаар өгч байхыг үүрэг болгосон юм.

Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын үед шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран шуурхай үнэ төлбөргүй, цаг алдалгүй хүргэж байхыг ХХЗХ-оос телевиз радио, веб сайтын үйлчилгээ эрхлэгчид болон ард иргэдэд хандан анхааруулж, тухайн хэвлэлийн байгууллагуудад анхааруулгыг албан бичгээр хүргүүлжээ.

Мөн ХХЗХ, ЦЕГ-ын Нийтийн Хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотой мэдээ, мэдээллийг нийтлэсэн тохиолдолд уншигчдад сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор сүлжээндээ байрлуулж, иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан, илт худал мэдээ мэдээлэл тавихгүй байх, үзэн ядалт, ёс бус үг хэллэг зэргийг дэвэргэхгүй байхыг анхааруулж тусгайлан шаардлага хүргүүлсэн байна.

Түүнчлэн жиргээ/twitter/, нүүрном/facebook/-д олон нийтийн эрх ашигт хохирол учруулахуйц худал, хуурмаг мэдээлэл түгээсэн аливаа этгээдийг ЦЕГ, ХХЗХ хамтран илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх цаашлаад Фейсбүүк компанийн Ази Номхон далайн бүс нутгийн төвөөр дамжуулан тус хаягийг устгаж, Монгол Улсын хуулийн дагуу тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

a

Categories
мэдээ нийгэм

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдана

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2020.03.12/ 14.00 цагаас цаг үеийн асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдахаар товложээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хамгийн сүүлд гуравдугаар сарын 10-нд шуурхай хуралдаж, Засгийн газарт хэд хэдэн чиглэл өгсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусээр 125838 хүн өвчилж, 4620 хүн нас бараад байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 4620 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 125838-д хүрсэн бол 68052 хүн эдгэрчээ.


Categories
мэдээ спорт

Уран гулгалтын ДАШТ цуцлагджээ

Коронавирусний халдвар дэгдэж байгаатай холбоотойгоор Монреаль хотод болох Уран гулгалтын ДАШТ цуцлагджээ. Энэ тухай Олон улсын тэшүүрчдийн холбооны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Тэмцээн Канадын Монреаль хотод 3 дугаар сарын 18-наас 22-нд болох ёстой байжээ. Монреаль хот Уран гулгалтын 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг 2017 онд авсан байна. Үүнээс өмнө 1932 онд тэмцээнийг зохион байгуулагч орон болж байжээ.

“Канадын Уран гулгалтын холбоо, Олон улсын тэшүүрчдийн холбоо вирусний тархалтын нөхцөл байдлыг хариуцсан эрүүл мэндийн газруудын байр суурийг анхааралтай дагаж мөрдөж байна. Тамирчид, дасгалжуулагчид, бусад албан тушаалтан, сайн дурынхан болон үзэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрх баригчид төдийгүй Канадын Уран гулгалтын холбоо, Олон улсын тэшүүрчдийн холбоо санаа зовниж байгаатай холбоотойгоор энэ шийдвэрийг хүндэлж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хий мэдрэгчийг унтрааж болохгүйг албаныхан дахин санууллаа

Цаг үеийн асуудлаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар,

нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллийг нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвөөс цахимаар шууд дамжуулав.

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 12 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ. Мэргэжлийн хяналтын газрын шинжээчид дуудлага өгсөн иргэдийн гэрт үзлэг шинжилгээ хийхэд, угаарын хий мэдрэгчийг салгасан байдалтай байжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэд угаарын хий мэдрэгчийг унтрааснаас үүдэж хордлогод орох явдал цөөнгүй гараад байна. Угаарын хий мэдрэгчээ унтрааж унтаад нас барсан тохиолдол хүртэл гарч байсан. Тиймээс угаар мэдрэгчийг оролдох, байрнаас нь хөдөлгөх эсхүл унтрааж болохгүйг иргэдэд дахин сануулж хэлье” гэв.

Засгийн газрын 62 дугаар тогтоолийн хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж буй. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй боловч, шалган нэвтрүүлэх товчоодуудад тээвэрлэж явсан зөрчлүүд бүртгэгджээ. Тодруулбал, Гачуурт- Улаанбаатарын чиглэлд 2,5 кг түүхий нүүрс, Гүнтийн давааны шалган нэвтрүүлэх товчоогоор 50 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг хураан авч зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Дэлхий нийтэд тархаад буй коронавириусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар хүнсний зах худалдааны төвөөс бусад төрлийн бараа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр болсон юм. Өнөөдрийн байдлаар 4759 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлээд байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан хөдөө орон нутаг руу ар гэрийн гачигдал, өвчтэй хүн асрах, тусгай чиглэлийн албан үүрэг гүйцэтгэж байгаа гэх мэт зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэдэд нийслэлийн Онцгой комиссоос нэвтрэх зөвшөөрлийн хуудас олгож байгаа аж. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар хэлэхдээ “Нийслэлийн Онцгой комисст хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хүсэлт маш их ирж байна. Хүсэлт ирүүлсэн иргэдэд нотлох баримтыг нь үндэслэж нэвтрэх зөвшөөрлийг олгож байгаа. Онцгой дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан иргэнийг 150 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг сая 500 мянган төгрөгөөр торгох учраас иргэд та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг хүсэж байна” гэлээ.

Агаарын чанарын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 63 хувиар, PM 2.5 тоосонцор 50 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 92 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчлөлөөр 2185 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөл 2,6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 360 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаагаас 70 орчим хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх дуулгалаа. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын албан хаагчид эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж авч, зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан хуурайшилт нэмэгдэж байгаа учраас иргэдийг ой хээрийн түймрийн аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ үлдээх, угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлж зуух яндангийн битүүмжлэлийг сайтар шалгаж нягталж байхыг албаныхан санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үеийн мэдээлэл авах утас нэмэлтээр ажиллаж байна

ОБЕГ-аас гамшгийн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн мэдээллийг хүргэх “18001105” тусгай дугаарыг нэмэлтээр ажиллуулж эхэлжээ.

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн утсанд иргэд ихээр холбогдон хэт ачаалал үүсгэж байгаа аж. Ингэснээр, бусад яаралтай мэдээлэл, дуудлага хүлээн авах боломжгүй байгаа тул дээрх утсыг нэмэлтэрэ ажиллуулж байгааг ОБЕГ-аас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт тохиолдол нас баралтын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Өнөөдрийн 00:25 цагт шинэ коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж ДЭМБ-аас зарлалаа. Сүүлийн 100 жилийн хугцаанд дөрвөн цар тахал гарсан. Сүүлийнх нь 2011 онд гараад байсан.

Энэ удаагийн цар тахал коронавирусээр үүсгэгдэж байгаа анхны цар тахал бөгөөд хяналтад авч чадсан гэдгээрээ онцлог байна. Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд энэ өвчний эсрэг тэмцэлд нэгдэн оролцоно.

Иргэд маань хэтэрхий их айдас, түгшүүрт автан дархлаагаа сулруулж болохгүй. Мөн цуурхал, худал мэдээлэлд битгий итгээрэй.

ДЭМБ-аас эрсдэлт бүлгийг 60-аас дээш насныхныг хамруулж байсан бол өнөөдрөөс 40-өөс дээш насныхныг эрсдэлт бүлэгт хамруулж эхэлсэн байна. Энэ мэтээр нөхцөл байдал өдөр тутам өөрчлөгдөж байгааг хэлмээр байна” гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Гуравдугаар сарын 10-ны байдлаар дэлхийн 117 улсад нийт 118,326 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 280 хүн нас барж нийт нас баралтын тоо 4,292 болсон.

БНХАУ-д 31 нас баралт шинээр бүртгэгдсэн. БНСУ-д 22 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 60 хүн нас барсан. Италид 977 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 10,149 боллоо. Иранд 8,042 нийт тохиолдол болж нас баралт 30 болсон байна.

Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-аас бусад улсад бүртгэгдэж буй халдвар 13 хувиар нэмэгдэж, халдвар гарч буй улсуудын тоо гурав дахин нэмэгдлээ.

Ирэх долоо хоногт тохиолдол нас баралтын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал зарим улс орнууд халдварыг тогтворжуулах арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Иймд COVID-19 халдварыг цар тахал гэж тодорхойлсон.

ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад яаралтай хариу арга хэмжээг өдөр тутамд шийдэмгий авахыг сануулсаар байна. Дэлхийн 81 улсад халдвар бүртгэгдээгүй байна. Цар тахлын явцад үйл явдлыг өөрчилж болохыг ДЭМБ-аас давтан мэдэгдсээр байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна

“Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бага насны хүүхдүүдийг ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд бага насны хүүхдийг ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг өгч ажиллаж байна.

Мөн худалдааны төвүүдийн зарлан мэдээлэх хэрэгслээр болон зөөврийн чанга яригчаар дамжуулан олон нийтэд зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа юм.

“ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ” аяны хүрээнд гаргасан зөвлөмж:

  • Эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх.
  • Өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх
  • Хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх.
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах.
  • Хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх.
  • Ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах.
  • Цахилгааны залгуурыг зориулалтын таглаагаар таглаж, хэрэглэхгүй тохиолдолд тогноос салгаж хэвших.
  • Гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэртээ цоожилж үлдээхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх анхааруулж байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагаас “Архигүй орчин” арга хэмжээг зохион байгуулж байна

Цагдаагийн байгууллагаас Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байсан бол шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон билээ.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ахуйн хүрээнд архидан согтуурсаны улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчилд, өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд хууль сурталчлах, шалтгаан нөхцлийг арилгах, хөршийн холбоог сайжруулах, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 26-ний өдрийг хүртэлх хугацаанд “АРХИГҮЙ ОРЧИН” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн дуудлага мэдээллийг өмнөх жилтэй харьцуулахад 740 нэгжээр 10.9 хувиар, хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 354 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 105 хэргээр буюу 22.9% буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ч ахуйн хүрээнд архидан согтуурсаны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Тухайлбал гэр бүлийн гишүүд архидан согтуурч, бие биедээ гэмтэл учруулах, найз нөхдийнхөө гэрт цугларч архидан согтуурсны улмаас зодолдох, эрүүл мэндээрээ хохирох гэх мэт дуудлага мэдээлэл, гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсээр байна.

Иймд иргэд та бүхэн гэртээ гадны зочин, айлчин хүлээн авах, баяр ёслол тэмдэглэх, архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг биелүүлж, нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг ухамсарлан өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж иргэний үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.