Categories
мэдээ нийгэм

Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн ААН-ийг 5-20 саяар торгоно

Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн энэ үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж иргэд, хэрэглэгчдийг хохироосон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож, тухайн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгдлээ.

Зөрчлийн тухай хуулиар үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавин, ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа бөгөөд нөхцөл байдлыг далимдуулан үнээ өсгөсөн худалдааны төв, дэлгүүрийн талаарх мэдээллийг 1800-1284 дугаарын утсаар мэдээлэх боломжтой юм.

Өчигдрийн байдлаар иргэдээс өргөн хэрэглээний бараа материал, ариутгагч бодис, амны хаалттай холбоотой 11 гомдол ирүүлээд байгаа бөгөөд Улсын Онцгой Комиссын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлт, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг мэдэгдсэн юм.

Тиймээс ард иргэд тайван байж, УОК-ын шийдвэрийг даган, хэрэглээгээ зохицуулах нь чухал төдийгүй Засгийн газраас хүнс, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар шаардлагатай зохицуулалтуудыг хийж байна гэж Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: СOVID-19-өөс сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах арга хэмжээгээ улам эрчимжүүлнэ

Эрүүл мэндийн сайдын Д.Сарангэрэлээр ахлуулсан коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх, хянах тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн өнөөдрийн 00:25 минутад ДЭМБ Коронавируст халдвар “Цар тахал”-ын түвшинд хүрлээ гэж зарласантай холбогдуулан хуралдлаа.

Уг хуралд Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица оролцож цар тахал зарласан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ сүүлийн хоёр долоо хоногт коронавируст халдвар (СOVID-19) эрчимтэй тархсан, вирусийн хоруу чанар өндөр байгаа, урьдчилан сэргийлэх вакцин гараагүй зэргийг үндэслэн эрсдлийн үнэлгээ хийж, цар тахал гэж зарласан гэлээ.

Хэдий цар тахал хэмээн зарласан ч үндэслэлгүй айдас, түгшүүрийг бий болгох нь нөхцөл байдлыг хүндрүүлэх бөгөөд уг вирусийг хянах аргагүй боллоо гэсэн үг биш юм. Цаашид улс орнууд ДЭМБ-аас цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр улам эрчимжүүлэн ажиллахыг зөвлөж байна. Мөн ЭМЯ бэлэн байдлаа хангах арга хэмжээг маш сайн авч байгааг хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Иймээс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу халдвараас сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах, эмчилгээний талаар авч байгаа арга хэмжээгээ улам эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд салбарын ажилтнуудад даалгаллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Англи улсын иргэний шинжилгээний сорьц ХӨСҮТ-д иржээ

Увс аймагт тусгаарлагдсан Англи улсын иргэний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори 15.00 цагт хүлээн авчээ. Энэ тухай Увс аймгийн Онцгой комиссын орлогч дарга Д.Өлзийт мэдээлэв. Шинжилгээний хариу маргааш /2020.03.13/ гарна. Англи улсын иргэний биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд түүнтэй хамт явсан жолооч, тогооч, орчуулагчийг мөн адил тусгаарлаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Covid-19” 30 минутын хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах боломжтой

-БНХАУ-ЫН ХАЛДВАР СУДЛААЧ ЭРДЭМТДИЙН “COVID-19” ВИРУСИЙН ТАРХАЛТЫН ТАЛААРХ СУДАЛГААНЫ ДҮН-

БНХАУ-ын халдвар судлаачдын судалгаагаар “COVID-19” нь 30 минут хүртэл хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах боломжтой нь тогтоогджээ. Мөн тухайн гадаргын онцлог, төрөл, орчны температураас шалтгаалан гадаргуу дээр харилцан адилгүй хугацаанд амьдрах чадвартай аж.

Тухайлбал, уг вирус цельсийн 37 хэмийн орчинд шил, бөс даавуу, төмөр, хуванцар, цаасан гадаргуу дээр 2-3 хоног амьдрах боломжтой байна. Мөн хүний биеэс ялгарч буй шингэн болон өтгөнд 5 хүртэл хоног амьдрах чадвартайг судлаачид анхааруулж байна.

Судлаачид нэгдүгээр сарын 22-ны өдөр Хунань мужид 48 суудалтай, хот хоорондын нийтийн тээврийн автобусанд гарсан халдвар хэрхэн тархсан талаар дараах зураглалыг гаргасан байна. Халдвартай иргэн болон бусад зорчигч автобусанд суух үедээ амны хаалт хэрэглээгүй байсан бөгөөд цонхнууд нь бүгд хаалттай байжээ.

Улаан – халдвар тараагч.

Шар – Халдвар авсан хүмүүс.

Цэнхэр – халдвар авсан боловч шинж тэмдэг илрээгүй хүн.

ЯгаанХалдвартай иргэн автобуснаас бууснаас хойш 30 минутын дараа автобусанд сууж халдвар авсан хүн.

Судалгааны дүнд битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгаа нь тогтоогдсон байна. Халдвартай хүн автобусанд сууснаас хойш нэг ч хүнтэй яриагүй бөгөөд түүнийг автобусанд байх үед 7 хүнд вирус халдварласан байна.

Түүнчлэн халдвар тээгч автобуснаас буусны дараа ч вирус тухайн орчинд үлдэж, халдвар тархаж байжээ.

Халдвар тээгч тухайн автобуснаас буун дараагийн автобусанд сууж явах үед түүнээс 4.5 метрийн зайд сууж явсан 2 иргэн халдвар авсан бөгөөд 2 сарын дунд үе гэхэд анхны халдвар тээгч нийт 13 хүнд вирус тараасан байжээ.

Гэвч уг судалгаанд зарим зүйл тодорхойгүй үлдсэн бөгөөд халдвартай иргэнтэй зэрэгцэн сууж явсан хүмүүс халдвар аваагүй нь сонирхол татаж байгаа аж.

Судалгааны дүнд үндэслэн Хятадын эрх баригчид, эрдэмтэд иргэддээ дараах зөвлөмжийг өгч байна:

  • Амны хаалт тогтмол зүүх, гараа байнга угааж, хувийн ариун цэвэр чанд сахих;
  • Автобус, онгоц, машин зэрэг битүү орчинд байхдаа амны хаалт тогтмол зүүх;
  • Гараа угааж цэвэрлээгүй үедээ нүүр, ам болон биеийн бусад хэсэгт гараараа хүрэхгүй байх;
  • Олон нийтийн үйлчилгээний газруудад савх, халбага хэрэглэхгүй байх;
  • Олон нийтийн газар тамхи татахыг хориглож, тамхины цэгүүдийн тоог багасгах;
  • Нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг өдөрт 1-2 удаа хийхийг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

Улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа. Мөн Улсын тусгай хэрэгцээнд авсан Элчин сайдын яамны газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэв.

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх Төрийн өмчит үйлчилгээний газрын эзэмших эрх бүхий 4.0 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцлээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элчин сайдын яамдын газрын хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, уг асуудлуудыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Франц иргэний үйлчлүүлсэн газруудад бүрэн халдваргүйжүүлэлт хийжээ

Шинэ коронавирусын халдвар илэрсэн Франц Улсын иргэний 2020.03.02-ны өдрөөс 2020.03.06-ны өдрийг хүртэл үйлчлүүлсэн Таван Богд фүүдс ХХК-ийн KFC сүлжээ хоолны газрын “Бизнес плаза” салбар, ТИ ОУ ЭМ ХХК-ийн “Веренда” ресторан, Перу Гурмет ХХК-ийн “Назка” ресторан, Ариг Интернэйшнл ХХК-ийн “Ариг-2” ресторанд гуравдугаар сарын 10-ны өдөр эрүүл ахуйн тандалт, хяналт хийж, ЗӨСҮТ-ээр эцсийн халдваргүйжүүлэлт хийлгүүлж, улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, тус гадаад иргэнд үйлчилсэн 16 ажилтныг ХӨСҮТ-д шинжилгээнд хамрууллаа.

Энэ хугацаанд бусад ажилчид гэртээ өөрийн биед ажиглалт хийж, халуунаа тогтмол хянаж, өвчний шинж тэмдэг илэрвэл харьяалах эрүүл мэндийн байгууллагад утсаар мэдээлэхийг зөвлөв.

Цаашид үйлчилгээний газрууд өдөр тутамд ажилчдын биеийн халууныг хэмжиж тэмдэглэн, амны хаалтыг тогтмол зүүж, нэг удаагийн бээлий өмсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг онцгой анхааруулж байна.

Үйлчилгээний газруудад өвчний сэжигтэй хүнд үйлчилсэн тохиолдолд ойрын харьцагчыг тогтооход камерын бичлэг ач холбогдолтой байгаа тул камерын бичлэгийн хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газар явуулын ажлын байртай боллоо

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн Онцгой байдлын газарт явуулын хоёр ажлын байрыг өгөх шийдвэр гаргасан. Ингэснээр халдварт өвчний хөл хориотой үед өдөр, шөнөгүй ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагчдын ажиллах нөхцөл эрс сайжирч байгаа юм. Энэхүү явуулын ажлын байр нь давхар дулаалгатай хаалгатай, паркетан шалтай, хоёр давхар шилэн цонхтой, ачиж тээвэрлэх зориулалтай эвхэгддэг шат, чиргүүл бүхий эд ангиудтай юм.

Мөн компьютерийн иж бүрэн хэрэгсэл болон зургийн аппарат, гадна камер, сүлжээ цацах төхөөрөмж зэрэг ажлын байрны бүхий л шаардлагыг хангасан учраас албан хаагчид Шуурхай удирдлагын төвтэй интернэтээр шууд холбогдож, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой болжээ.

Одоо бол албан хаагч гар утсаараа мэдээллийг хүргэж, улмаар нэгдсэн удирдлагатай холбогдсоны дараа асуудлыг шийдвэрлэж байгаа юм.

Түүнээс гадна албан хаагчдын ээлжээр амрах боломжийг хангаж, эвхэгддэг ор, телевиз, халаагуур, ус буцалгагч, ханын шүүгээ, сандал, агааржуулагч, цахилгаан зуух болон гал тогооны хэрэгслийг байрлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Польш улсын хоёр иргэний байрлаж буй “Хөвсгөл нуур” зочид буудлыг хамгаалалтад авчээ

Сүхбаатарын талбайн зүүн талын “Хөвсгөл нуур” зочид буудлыг хамгаалалтад авчээ. Тухайн зочид буудалд байрлаж байсан Польшийн хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрч, эрүүл мэндийн байгууллагад хандсаны дагуу яаралтай түргэн тусламжийн эмч нар ирснээс гадна бусад холбогдох газруудын хамгаалалт гараад байгаа аж. “Хөвсгөл нуур” зочид буудлаас иргэдийг гаргахгүй, дотогш нэвтрүүлэхгүй байна

Categories
мэдээ нийгэм

17 согтуу жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ

2020.3.11-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 138 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 79 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -1
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослыг тодруулбал:

  • 2020 оны 03 дугаар сарын 11-ний 17:40 цагийн орчим СБД-ийн 11 дүгээр хорооны нутаг Цагдаагийн гудамжинд Toyota Landcriuser-70 маркийн Д жолоочтой автомашин Hyundai porter маркийн Т жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Т /41 настай эрэгтэй/ гэмтсэн ослыг шалгаж байна. Жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер: 1,21%/

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.03.10-ны өглөөний 07:00 цагаас 2020.03.16-ны өглөөний 07:00 цаг хүртэл бүрэн хориглосон шийдвэр гарсан байна. Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй эрсдэлээс сэргийлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын тайлангийн хуулийн хугацааг маргаашийг дуустал сунгалаа

Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үргэлжилсээр байна.

Үүнтэй холбоотойгоор татварын тайлан илгээх боломжгүй болсон татвар төлөгчдийн хүсэлтийн дагуу НӨАТ-ын тайлангийн хуулийн хугацааг маргааш буюу 2020 оны гуравдугаар сарын 13-ныг дуустал сунгажээ.