Categories
мэдээ нийгэм

Сөүлээс эхний нислэгээр ирэх зорчигчдийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд тусгаарлана

миат-н зурган илэрц

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д байгаа иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.

1. Иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 40,000 төгрөг буюу нийт 560,000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 настай хүүхэд хоногийн 30,000 төгрөг буюу нийт 420,000 төгрөгийг тухайн иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой байдлын ерөнхий газрын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

2. Сөүлээс эхний нислэгээр ирэх бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлана. Цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг Улаанбаатарт байгаа ар гэр нь урьдчилан бэлтгэж, нислэгээс өмнө дээрх байранд хүргэж өгсөн байна.

3. Нийт зорчигчийн ачааг нисэх буудлаас ар гэрийнхэн нь ирж авна. Тухайн зорчигч зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очино.

4. Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өвчний талаарх мэдээлэл, тухайн иргэний Монголд байгаа ар гэртэй холбоо барих мэдээллийг ЭСЯ–наас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор Улсын онцгой комисст ирүүлнэ.

5. Чартер нислэгээр нутаг буцах иргэд эрүүл мэндийн асуумжийг санаатайгаар худал бөглөх, халдварт өвчтэйгөө нуух, улмаар бусдад халдаасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” гэсэн үндэслэлээр 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттайг анхаарна уу.

6. Коронавирусийн халдвар дэлхийн 100 гаруй улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарласан. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул Улсын онцгой комиссын шаардлагуудыг Монгол Улсын иргэд хатуу мөрдөж биелүүлэх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдаанд нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө батлах тухай асуудлыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа танилцууллаа.

“Нийслэл Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөж, суурьшлын нутаг дэвсгэр нь өргөжин тэлж байгаа тул авто замын сүлжээ төлөвлөлтийг хотын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Иймд хотын хөгжлийн чиг хандлага, хүн амын өсөлт хөгжил, хэрэгцээ шаардлагад нийцэж, оршин суугчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал чиглэл, даац ачааллыг бүрэн хангасан, дэд бүтцийн үндсэн сүлжээтэй уялдсан, байгаль орчинд ээлтэй улс, олон улсын авто замын сүлжээнд нэгдсэн авто замын 2015.2 км сүлжээтэй болохоор төлөвлөж байна. Улаанбаатар хотын гудамж замын сүлжээний уртыг одоогийнхоос 534.4 км-ээр нэмэгдүүлж 1313.6 км-д хүргэх урт хугацааны зорилтыг боловсруулсан” гэлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, мастер төлөвлөгөөнд нэмж тусгах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлж, зарим тодруулж асуух зүйлээ холбогдох албаны хүмүүсээс асуув.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ажил хийх бүх нөхцөл боломжоор хангаж, цаг хугацаа өгсөөр байтал мастер төлөвлөгөө батлах асуудал төлөвлөсөн хугацаанаасаа нэлээд удааширч байна. Иймд мастер төлөвлөгөөгөө илүү нарийвчлан тооцоо судалгаатай гарган авто замын хөгжлийн бодлоготой уялдуулж, бүх төлөвлөгөөгөө гаргаад дахин оруулж ирэх шаардлагатай” гэдгийг үүрэг болголоо. Мөн “Дөрөвдүгээр сарын 01-н гэхэд замын тэмдэг, тэмдэглэгээг бүгдийг шинэчилсэн байх ёстой. Шаардагдах бүх хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн. Хариуцсан албан тушаалтнууд хариуцлагатай ажилла” гэлээ. Уг асуудлыг дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтлоо.

Дэд төвүүдийн барилга угсралтын ажлын явцыг танилцуулав

Дараа нь хуралдаанаар Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилга угсралтын ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний саналын тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зохицуулагч Д.Авирмэд танилцууллаа.

“Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийн ажил болон барилга байгууламжууд төлөвлөгдөж хийгдэнэ. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Намар гэхэд ажил нь бүрэн дуусна. Харин Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдийн цахилгааны асуудал хүндрэлтэй байгаагийн улмаас бүтээн байгуулалт удаашралтай байна” гээд төслийг үргэлжлүүлэхэд зарим тулгамдаж буй асуудал байгааг онцолж хэлээд шийдвэрлэж өгөхийг төслийн зохицуулагч Д.Авирмэд холбогдох албаны хүмүүсээс хүсэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэж, ажиллахаар боллоо. Хотын Захирагч С.Амарсайхан “Ямар нэгэн шалтгаанаар төслийн үйл ажиллагаа удаашрах, зогсох асуудал байж болохгүй. Шаардлагатай бүх арга хэмжээг авч нөөц бололцоогоо ашиглаж ажилла” гэдгийг холбогдох албаныханд хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

МОНГОЛБАНКНЫ ХУДАЛДАН АВСАН ҮНЭТ МЕТАЛЛ 4.9 ТОННД ХҮРЧЭЭ

ҮНЭТ МЕТАЛЛ-н зурган илэрц

Монголбанк 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 4.9 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс алт 3.2 тн, цагаан мөнгө 1.7 тн худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авч байснаас 3.7 тонноор өссөн байна. Үнэт металлын худалдан авалт өсөхөд дараах шалтгаанууд нөлөөлөв. Үүнд:

1. Дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн;

2. Өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцон суутган авч байсан;

3. Он гарсаар Монголбанк дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь тус тус нөлөөлөв.

Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах 1 грамм алтны дундаж үнэ 2020 оны 2 дугаар сард дунджаар 140,292.94 төгрөг байв. Харин 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зарласан үнэ 1 гр алт 147,096.92 төгрөг, 1 гр мөнгө 1,492.43 төгрөг тус тус байна.

Монголбанк нь 2020 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) тус тус жинтэй, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Ингэснээр дотоодын зах зээл албан ёсны бүртгэлтэй үнэт металлын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаар ашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уран дархчууд гарал үүсэл нь тодорхой цагаан мөнгөөр гоёл чимэглэлийг зүйлс урлах боломжтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол “ДЕЛО”

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


АНХНЫ ЗАСГИЙН ГАЗАР

1911 оны хувьсгалын голлон санаачлагч удирдагч оролцогч дэмжигчид нь Богд Жавзандамба, Бадамдорж, Чагдаржав, Ханддорж нар ба Баргаас ирсэн Хайсан гүн, Удай гүн, Дамдинсүрэн, Халимгаас ирсэн Дамбийжаа нар байсан аж.

Үзэл санааны удирдагч нь Богд байсан боловч эрх чөлөөний төлөөх тэмцлийн анхны инстүүцийг хошой чин ван Чагдаржав толгойлж байжээ. Анхны Засгийн газрын бүрэлдэхүүнд Дотоод яамны сайдаар Цэрэнчимэд, Сангийн сайдаар Чагдаржав, Шүүх яамны сайдаар Намсрай, Гадаад явдлын яамны сайдаар Ханддорж, Цэргийн яамны сайдаар Гомбосүрэн нар томилогдсон. Засгийн газрын тэргүүний үүргийг Цэрэнчимэд гүйцэтгэж байв. Засгийн газрын гишүүд хар шараараа хуваагдан маргаж эхэлсэн тул харын төлөөлөгч Намнансүрэнг дараа нь албан ёсны Ерөнхий сайдаар тохоон томилсон.

1912 оны Орос Монголын гэрээний Монголын талыг удирдаж байсан Цэрэнчимэд Оросын төлөөлөгч Коростовичтой байнга маргаж тэдний “дайснаар” тодорчээ. Цэрэнчимэд 1914 онд Улиастайн Оросын консулынхантай уулзсаны дараа хорлогдож үхсэн. 1915 оны Хиагтын гэрээнд Монголын талыг толгойлж байсан Чагдаржав цаад талуудтайгаа байнга маргалдаж, ялангуяа Хятадын төлөөлөгчдийн дургүйг ихээр хүргэсэн учир тэдний гомдлоор эгүүлэн татагдаж, тун удалгүй сэжигтэйгээр нас барсан. Ханддорж хэтэрхий Оросын талыг баримтлагч нэгэн байлаа.

Тэрээр 1915 онд үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн. Туулын эрэгт мориндоо чиргүүлдсэн байхыг нь маргааш нь олсон байна. Хожмын түүхчид болон уран зохиолчид түүнийг Богд хаанд хорлогдож үхсэн мэтээр бичсэн нь цэвэр гүтгэлэг юм. Гомбосүрэн, Намсрай нар 1920 онд залуугаараа өөд болсон. Ерөнхий сайд Намнансүрэн 1919 онд Орос орж Эрхүүгийн большевикүүдтэй уулзжээ. Буцах замдаа гүн хордож гэртээ хүрэлгүй одоогийн Өвөрхөнгайн Есөнзүйлд бие барсан.

Хайсан, Удай нар зөрчлийн улмаас Монголоос хөөгдсөн, Дамдинсүрэн гамингийн шоронд үхсэн. Дамбийжааг Улиастайд оросууд баривчлан авч одоод шоронд хорьсон.

БАРОНЫ ГЭГДЭХ ЗАСГИЙН ГАЗАР

1920-21 оны үйл явдал буюу Монгол орны гамингаас чөлөөлөх тэмцлийн гол үйл явдлын санаачлагч оролцогч манлайлагч нар нь барон Унгерн, Богд хаан, Цэвээн тэргүүн, Хатанбаатар Магсаржав, Баргаас ирсэн Найдан гүн, Баяр гүн, Оросоос ирсэн Сипайло, Шинжаанаас ирсэн генерал Бакич, Алтайн халимаг Кайгородов, Буриадаас ирсэн Ванданов нар байсан аж.

Унгерний цэрэг 1921 оны хоёрдугаар сард Хүрээг чөлөөлж, улмаар Монгол орноор нэг тарсан байсан гаминг даран сөнөөсөн юм. Тэрээр Богдыг эргэж хаан ширээнд нь залсан. Хоёр жилийн завсарлагатайгаар Монголын Засгийн газар дахин шинээр ийнхүү эмхлэн байгуулагдав. Үүнийг хожим нь Унгерний засаг хэмээн гүтгэх болсон ч монголчууд өөрснөө хааныхаа ивээл дор хэний ч шахалт тулгалтгүйгээр байгуулжээ.

Ерөнхий сайдаар, Ерөнхий сайд бөгөөд Дотоод явдлын яамны сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг, Гадаад явдлын яамны сайдаар Дашжавыг, Цэргийн яамны сайдаар гүн Доржцэрэнг, Сангийн сайдаар Цэвээн тэргүүн гэгдэх Лувсанцэвээнийг, Шүүх яамны сайдаар бэйс Чимиддоржийг тус тус томилов. Хатанбаатар Магсаржавыг Бүх цэргийн жанжнаар тохоон томиллоо. Дамдинбазар тун удалгүй Баруун аймгийг тохинуулах сайдаар томилогдон нутаг явсан тул Ерөнхий сайдаар манзшир хутагт Цэрэндоржийг тохоон томилсон бөлгөө. Цэрэндоржийг 1930 онд цаазаар авсан. Лувсанцэрэнг Бодоогийн хэрэгт оруулан 1922 онд буудсан. Дамдинбазараас бусад нь бүгд цаг бусаар нөхчсөн. Барон Унгернийг цэрэгт нь алба хааж байсан Сундуй гүн гэгч гэнэдүүлэн баривчилж улаантнуудад тушаажээ. Түүнийг Новониколаевскэд шүүхээр оруулан буудан хороосон.

АРДЫН ХЭМЭЭХ ЗАСГИЙН ГАЗАР

1921 оны ардын хэмээх хувьсгалын голлон санаачлагч удирдагч оролцогч дэмжигчид нь Богд хаан, цэцэг хэмээх Чагдаржав, Бодоо, Данзан, Сүхбаатар, хутагт Дамдинбазар, Магсар хурц, Магсаржав ван, Сумъяа бээс, Буриадын Ринчино, Цэвээн Жамсрано, Оросоос Сороковиков, Кучеренко, Шумяцкий, Борисов, Баторун, нар байсан аж.

Ардын засгийн Ерөнхий сайдаар Бодоо томилогдов. Тэрээр Гадаад явдлын яамны сайдыг хавсарч байсан. Засгийн газрыг эвслийн маягаар байгуулсан тул Бодоо Ардын намыг төлөөлсөн бол Түшмэдийн бүлгийг төлөөлсөн Данзан Сангийн сайдад, Сүхбаатар Цэргийн яамны сайдад тус тус очжээ. Ноёдын намыг төлөөлж хурц бээс Магсаржав Шүүх яамыг, Да лам Пунцагдорж Дотоод яамыг авч сайдаар томилогдсон. Үндсэн хууль болох Тангаргын гэрээгээр Богд хаанд шашины асуудлыг даатгаж хэмжээт эрхт хаан болгов. Бодоо, Пунцагдорж нар 1922 онд, Данзан 1924 онд цаазлуулсан бол Сүхбаатар 1923 онд, Богд хаан 1924 онд сэжигтэйгээр өөд болжээ.

ДЕЛО ТӨРСӨН НЬ

Энэ үеэс монгол хэлэнд “хэрэг” гэх ухагдахуун орж иржээ. Энэ нь “дело” гэсэн орос үгийн орчуулга бололтой. “Дело” гэсэн үгэнд олон утга буй боловч хууль зүй болон улс төрийн утга нь “цуглуулсан материал дээр тулгуурлан тусгайлан шийдвэрлэх хэрэгтэй гэж эрх барьж буй хэсгийнхнээс үзсэн хэрэг явдал”-ыг нэрлэнэ.

Материал бүртгэлийг мөн Дело гэх ба монгол хэлээр “дело хавтас”, “хэрэг нээх”, “боловсруулах” гэх болжээ. Зохиомол хэрэг бүрдүүлэн яллах ажлыг удирддаг байсан Зөвлөлтийн “Боловсронгуй сургагч” нарын нэрээс “боловсруулах” гэдэг хэллэг гарсан байх магадтай. БНМАУ-ын үед энэ хавтас ном бичгийн хэрэглэлийн худалдааны лангуу дүүрэн байсан нь Аюулаас хамгаалахаас гадна нам эвлэл, пионерийн шугамаар хүн бүхэнд “дело” нээх хэрэгцээ шаардлага байсантай холбогдоно.

Сонирхолтой нь энэ үгийг англи, герман хэлээр ч “delo” гэх ба энэ нь тухайлбал англи хэлний “case”-ээс ялгаатай.

Саж ламын дело (хэрэг) 1921. Үүнийг 1921 оны 11 сард большевикүүд үүсгэсэн ба орос нэрээрээ “дело тибетцов”. Богдыг гамингийн шоронгоос чөлөөлсөн Жамъянданзан тэргүүтэй 50 орчим хүнийг баривчилж ихэнхийг нь буудан хороожээ. Зорилго нь Богд хааны нэр сүрийг “урвагч” болсон төвдүүдтэй холбон бууруулах, шарын шашны нөлөөг багасгах. Хожим нь Монголыг яаралтай Бүгд найрамдах улс болгон өөрчлөх шаардлагаар Богд хааныг хорлосон байх магадлалтай.

Бодоогийн дело (хэрэг) 1922. Зөвлөлтийн большевикүүд Ардын нам болон Ноёдын нам хэмээх бүлэглэлд итгэл алдарсан учир Засгийн газрыг өөрчлөх хэрэгтэй гэж үзээд зохиомол хэрэг үүсгэн Бодоо болон Дотоод яамны сайд Пунцагдорж, Түр Засгийн газрын Ерөнхий сайд Чагдаржав тэргүүтэй олон хүнийг 1922 онд баривчлан цаазалжээ. Тэдний орос сургагч Сороковиков байцааж хэргийг “боловсруулан” бүрдүүлсэн. Ардын намын анх долоогоос “дело”-гүй үлдсэн хоёрхон хүний нэг Сүхбаатар. Гэхдээ, Зөвлөлтийн орж ирсэн улаан цэрэг дээрэм тонуул хийгээд байгаа учир Монголын нутгаас яаралтай гаргах шаардлага тавьсан учир 1923 онд Сүхбаатарыг хорлосон байх магадлалтай. Үхэхээс нь өмнөхөн Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны албанаас нь гэнэт чөлөөлжээ.

Данзангийн дело (хэрэг) 1924. Зөвлөлтүүд Түшмэдийн нам хэмээгдэх бүлэгт итгэл алдарч өмнөөс нь Бошгыг халах залуучуудын эвлэлийг сөргүүлэн тавьжээ. Тэдний тусламжаар Бүх цэргийн жанжин Данзан, туслах Баваасан нарыг баривчилж буудан хороов. Ажиллагааг гардан хийгч нь буриад Ринчино, Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч Васильев нар.

Xудоньская фракция-ын дело (хэрэг) 1928. Монголын удирдлага бие даах гэж оролдох болсныг номхотгохоор 1928 онд Коминтернээс удирдан төрийн эргэлт зохион байгуулав. Үүндээ тэд Москва дахь коммунист их сургууль гэгчийн суралцагсад, Тверийн морин цэргийн сургуулийн сонсогчид, Улаанбаатарын намын сургуулийн оюутнуудыг нийлүүлэн оросоор “Худоньская фракция” гэх МАХН-ын доторх залуучуудын бүлэг байгуулан ашиглажээ. Хуралд Шмералиар удирдуулсан Коминтерний 13 төлөөлөгч гэнэт ирж нам төрийн удирдлагыг бүрэн өөрчиллөө. Тухайн үеийн удирдагч нарыг Москва руу томилон явуулсан ба тэд удалгүй баривчлагдан бүгд буудуулсан. Хэргийн гол гүйцэтгэгчид нь Гэндэн, Элдэв-Очир, Лааган, Шижээ, Бадрах, Жигжиджав гэх мэт.

Шижээ, Бадрахын дело (хэрэг) 1930. Увснуур, Ховд аймгийг Тува, Шинжааны Жунгартай нийлүүлэн чадвал тусгаар улс, ядвал автономи байгуулах төлөвлөгөөг Коминтернээс сэдэж үйл хэргийг хэрэгжүүлэхээр Шижээ, Бадрах нарыг томилжээ. Үүнээс болж Монголын удирдлага халх, ойрдоороо талцан хуваагдав. Хүний олноор халх тал ялсан. Энэ үед халхын Гэндэн-Дэмидийн гэх бүлэг үүссэн бололтой. Монголын асуудлыг Коминтерн хариуцахаа больж большевик нам гардах болсны дараа Шижээ, Бадрах нар баривчлагдан Москвад ачигдав. Тэднийг буудан хороосон.

Эрэгдэндагвын дело (хэрэг) 1930. Эрэндэндагва тайж хэмээхээс 1930 онд Банчин богдод бичсэн гэх захидал олджээ. Олдсон, олдсон байдлаар зохион байгуулсан эсэх эргэлзээтэй. Энэ нь Монголд ажиллаж байсан зөвлөлтийн сургагч нарын хувьд том олз болов. Үүгээр далимдуулж толгой лам нар болон Монголын язгууртнуудыг цөм цохих ажиллагааг сургагч нар хөгжүүлэв. Егүзэр хутагт Галсандаш, Манзшир хутагт Цэрэндорж, Дилав хутагт Жамсранжав, баатар гүн Гомбо-Идшин нарын долоон хүнийг буудан хороов. Дилав хутагтыг сэмээр өршөөж Хятад руу тагнуулаар явуулсан.

Эсэргүү бослогын дело (хэрэг) 1932. Монголд коммунизм байгуулахаар ард иргэдийн мал хөрөнгийг хураах, хүчээр хамтрал байгуулах, бурхан шашиныг хориглох арга хэмжээ авсан нь нийт ардын санаа, сэтгэлийг алдагдуулж улмаар бослого хөдөлгөөн, гадагш дүрвэлт болж иргэний дайнд тулжээ. Гол төлөв бороохой, ангийн буугаар зэвсэглэсэн ардын эсрэг танк, их буу, нисэх онгоцоор зэвсэглэсэн байнгын цэрэг дайчлан оруулж сөнөөн дарав. Бослогод оролцогсдыг толгой дараалан устгасан. Бүрэн бус мэдээгээр 7500 гаруй өрхийн 30 мянга орчим ард хил гаран зугтаж дүрвэжээ. Тэднийг пулемёт буугаар шүршин үй олноор нь устгаж байсан баримт ч бий. Бослого дэгдээгчдийн 70 гаруй хувь нь нам эвлэлийн гишүүд байлаа. Тэдний дунд цэргийн офицер, урьд нь цэрэгт алба хаасан ардууд, хамтрал хоршооны дарга, идэвхтэн, сэхээтэн боловсролтой хүмүүс ч нэлээд байв. Тэр байтугай төрийн дээд эрх барих Улсын бага хурлын гишүүн тав байсан. Хожим энэ хэргийг “Лам нарын эсэргүү бослого” гэж албан ёсоор нэрлэсэн авч бослогод үнэндээ лам нарын оролцоо бараг байгаагүй юм. Гүйцэтгэгч нь МАХН, Монголын Засгийн газар, Монгол ардын журамт цэрэг.

Лхүмбийн дело (хэрэг) 1934. Сталинаас “Нармай Монголын хэрэг” гэгчийг үүсгэн буриадуудыг хядаж эхлэв. Үүнд Ленинградын, Эрхүүгийн, Улаан-Үдийн бүлэг гэгчийг зохиожээ. Энэ ажиллагаа хил даван Монголд Улаанбаатарын, Хэнтийн, Дорнодын бүлэг гэгчийг буй болгон гол төлөв Зөвлөлтийн хамтралжуулалтаас зугтан Монголд дүрвэж ирсэн буриад нарыг хамруулав. Бүх бүлгийн толгойлогчоор Өвөрхангайн халх Лхүмбийг сонгож авсан ба тэрээр буриад эхнэртэй байв. Нөгөө нэг шалтгаан нь Халх Ойрд удирдагчдын зөрчилдөөнд тэрээр ойрдын талд орсонд, Ерөнхий сайд болсон халх Гэндэн их хорсож байсан нь түлхээс болжээ. Хэдэн зуун буриадыг баривчилж 56-г цаазалж, олныг нь шоронд хорьсноос гадна 260 хүнийг ССС-рт хүргэж өгсөн. Лхүмбийг цаазлан хороосон.

Гэндэн Дэмидийн дело (хэрэг) 1937. Лам нараа устга гэж Сталин удаа дараа шахсан боловч Гэндэн хуурч аргалаад байв. Зөвлөлтийн цэргийг Монголд оруулахыг шаардахад нь Дэмид зэвсэг техникээ өгчих бид өөрсдөө аргалъя гээд байж. Ингээд Дэмидийг Москвад уриад замд нь хордуулж алав. Гэндэнг Ерөнхий сайдаас нь хусч Москва руу авч одлоо. Түүнийг арваннэгдүгээр сарын 26 буюу Улсын Бага Хурлын даргаар сонгогдож төрийн номинал тэргүүн болсон тэр өдрийн ойг нь тохиолдуулан буудан хороожээ. 1937 оны есдүгээр сарын 10-нд Монголын нам төрийн голлох удирдлага болох 13 хүнийг шүүхийн тогтоолоор буудан аллаа. Цаашлаад гол төлөв Японы тагнуул хорлон сүйтгэгч байсан хэмээх зохиомол хэрэг тулган нам төрийн удидлага, ажилтан сэхээтэн 1100 орчим хүнийг цаазалсан. Гол гүйцэтгэгч нь Зөвлөлтийн Дотоод хамгаалахын орлогч Фриновский, Батлан хамгаалахын орлогч Смирнов, Монголд суух төлөөлөгч болон Дотоодын хамгаалахын зөвлөх Таиров, Миронов, Чопяк, Голубчек, Монголын талаас Чойбалсан болоод Дотоод яамны нэр бүхий ажилтнууд.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртэлх түүхийг дараагийн дугаарт үргэлжлүүлье.

2020.3.8

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Kомпаниуд сурснаараа бүсээ л чангалж байна даа

Монголын бизнесийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.


-“COVID-19” цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд нэлээд хугацаа өнгөрчихлөө. Улс орнууд энэ цар тахлын эсрэг эдийн засгийн ямар арга хэмжээнүүд авч байна вэ?

-“COVID-19” цар тахлаас шалтгаалж, хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт санхүүгийн зах зээлд ихээхэн савлагаа үүсч, бодлого боловсруулагчдын үйл ажиллагаа гуравдугаар сарын эхний хагасаас идэвхжиж эхлээд байна. Жилийн хагаст дэлхийн эдийн засгийн өсөлт (ДНБ)гарцаагүй буурах хандлагатай байгаа. Санхүүгийн цочрол болон зээлийн хямрал үүсэх эрсдэлээс болж төв банкууд бодлогын хүүг бууруулж эхэллээ. 2007-2009 оны санхүүгийн хямралын үед төв банкууд иймэрхүү арга хэмжээ авч байсан юм. АНУ-ын Төв банкнаас гуравдугаар сарын 3-ны өдөр буюу мөнгөний бодлогын хорооны төлөвлөсөн хурлын өдрөөс хоёр долоо хоногийн өмнө бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Австрали, Канадын улсын Төв банк ч мөн хүүгээ бууруулаад байна. Европ, Английн төв банкууд ч хүүгээ бууруулах төлөвтэй байгаа. Хэрвээ зах зээлийн уналт энэ чигээр үргэлжилбэл АНУ-ын Төв банкны зүгээс хүүгээ цаашид ч бууруулна гэж төсөөлж байна.

-Монголын эдийн засагт сөрөг нөлөө гараад удаж байна. Онцолж хэлэхээр сөрөг нөлөө гэвэл?

-Америк, Хятад, Европ, Монгол гээд аль ч улсад эрүүл мэнд, эдийн засгийн асуудлыг хэрхэн зөв уялдуулж, хүнд нөхцөл байдлаас гарах вэ гэдэг л асуудал болоод байна.

Манайх шиг уул уурхайн гаралтай таваараар тэжээгддэг улсууд бүгд л эдийн засаг, эрүүл мэндийн хямралын ирмэгт хүрээд байна. Эдийн засгийн хямрал нь улс төрийн асуудлыг араас дагуулдаг тул бүгд л өнөөдөр сандарч байна даа.

Эрүүл мэндийн кризис нь хэр удаан, хэр үнэтэй болохыг тааж чадахгүй байгаа тул. Жишээ нь, Монголын хувьд үйлчилгээний бизнесүүд бүтэн улирал таг зогслоо.Үйлчилгээний бизнесийн нэг онцлог нь алдагдсан боломжоо нөхөх боломжгүй. 100 хүний суудалтай ресторан нэг орой суудлын тооноос илүү хүнд үйлчлэх боломжгүй. Хоёр сар хаасны дараа нээлээ гэхэд өнгөрсөн өдрүүдэд олох байсан орлогоо нөхөж олох боломжгүй.

Үйлдвэрийн хувьд арай өөр. Агуулахдаа бараагаа нөөцөлж байгаад, эсвэл дараа нь хоёр, гурван ээлжээр ажиллаж байгаад алдагдлаа нөхөөд явж болдог талтай.

-Үйлчилгээний салбар ашгаа нөхөж олохгүй гэхээр эдийн засагт яалт ч үгүй том нөлөө үзүүлэх юм байна. Өнөөдөр гэхэд (өчигдөр) хүнсний дэлгүүр, дугуй засвар гээд цөөхөн газрыг эс тооцвол үйлчилгээний бараг бүх газрыг хаачихлаа…?

-Харин тэглээ. Үйлчилгээний газруудын хувьд бас нэг онцлог бий. Тэд цагаан сарын баярын үеэр жилийнхээ орлогын нэлээд өндөр хувийг олдог нь статистикаас харагддаг. Энэ нь хувь хүнд бол сар шинийн баяр, эдийн засагт бол худалдаа, үйлчилгээний салбарыг идэвхжүүлдэг онцгой үйл явц. Энэ жил сар шинийг өргөн дэлгэр тэмдэглээгүй учраас үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн олохоор тооцож төлөвлөсөн орлого тасарсан байна. Зөвхөн Монголд биш хаа сайгүй л ийм асуудалтай тулгараад байна. Олон улсын иргэний агаарын тээврийн салбар гэхэд 113 тэрбум ам.долларын алдагдалд орчихсон тооцоо байна. Энэ бүр даамжирах төлөвтэй.

-Коронавирусийн эдийн засаг дахь нөлөө нэлээд хожуу мэдрэгдэв үү, манай улсад?

-Дэлхий даяар өргөн тэмдэглэдэг Зул сарын баярын өмнөөс буюу 12 дугаар сарын дундаас Хятадын Цагаан сар дуустал Ази, Австрали талын хөрөнгийн захуудын арилжаа буурдаг. Тэр үеэр шинээр хөрөнгө босгох хэлцлүүд идэвхтэй хийгддэггүй. Жил болгон л ийм зүйл болдог. Хятадын Цагаан сар дуусаад зах зээл сэрдэг л дээ. Үйлдвэрлэл ч идэвхжээд, хөрөнгийн зах дээрх хөдөлгөөн ч идэвхжээд төслүүд мөнгө төгрөгөө босгохоор идэвхтэй ажилладаг. Гадаадын хөрөнгийн биржээс мөнгө босгоод Монголд үйл ажиллагаа явуулдаг төслүүд энэ үеэр мөн саармагждаг. Хоёр сар орчим амраад эргээд сэргэдэг гэсэн ойлголттой байсан чинь саармагжих хугацаа нь урт болчихож байгаа юм. Хайгуулын компани байлаа гэхэд хоёрдугаар сард мөнгөө босгоод гурав, дөрөвдүгээр сараас ажлаа эхлүүлээд явдаг цикльтэй. Гэтэл тэр боломж нь хаагдчихаж байгаа юм. Үүнийг эргээд яаж сэргээх вэ гэдэг дээр янз бүрийн байр суурь дуулдаж байна. Засгийн газар төсөв, татварын бодлогын шийдвэрүүд гаргаж эхэлсэн нь хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байх. Том зогсолт хийчихсэн учраас бүтээн байгуулалтын ажлуудыг маш эрчимтэйгээр эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо үүсээд буй эдийн засгийн асуудал улам даамжирна.

-Богино хугацаанд цаг алдалгүй хийх ёстой арга шийдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Олон улсын зах дээр алтны үнэ харьцангуй тогтвортой байна. Богино хугацаандаа тэгвэл алтны үйлдвэрлэлийг идэвхжүүлбэл эффект өндөр байх магадлалтай. Гэхдээ алт хоёр талдаа үзүүртэй зүүтэй адилхан. Нэг талаасаа дотооддоо худалдаж аваад валютын нөөц нэмэгдүүлнэ гэдэг. Нөгөө талдаа мөнгө ихээр хэвлээд байдаг сул талтай гэж эдийн засагчид үздэг. Алтыг шууд экспортлохгүй төгрөгөөр худалдаж авдаг болохоор тэр. Алтны үнэ гайгүй байгаа энэ үед бол тодорхой ажлын байр бий болж, эдийн засагт түр зуурын идэвхжилт өгөх магадлалтай. Алтны уурхай эрхэлдэг ихэнх компани энэхүү улирлын чанартай орлогоороо бусад бизнесээ дэмжээд явдаг нь нууц биш.

-Та түрүүн бүтээн байгуулалтыг яаравчлах ёстой гэсэн. Тендер зарлах гэх мэтээр хугацаа авах тал бий шүү?

-Бүтээн байгуулалтын төслүүдийн хувьд тендерийн процесс дуусдаггүй гэх мэт удааширдаг шалтгаан бий. Энэ хүнд үед аль болох түргэн ажилдаа орох арга гарцыг олох шаардлага үүсчихлээ. Үүнийг Засгийн газар харж байгаа биз. Жишээ нь, өнөөдөр Дэлхийн банк 13 тэрбум, валютын сан 50 тэрбум гээд “COVID 19”-т зориулсан тусгай санхүүжилтийн эх үүсвэр бий болгож байна. Гэхдээ саяхныг хүртэл иймдээ тулна гэж харахгүй явсаар дэлхий даяар цаг алдсан тал байгаа. Нэгдүгээрт, зөвхөн Хятадын асуудал гэж харж байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн 110 гаруй улсад тархчихлаа. Хоёрдугаарт, “COVID-19”-ийн халдвар түрүүн хэлсэнчлэн удааширч байгаа эдийн засгийн цикльтэй давхцаж таарсан. Хоёрдугаар сарын сүүлээс л хөрөнгийн зах зээлүүд мэдээ авч шоконд орж, сандралдаж эхэлсэн. Бүгд л сандралдаж байна. Хамгийн сайн бэлтгэлтэй нь Сингапур гэж хэвлэлүүд мэдээлж байна.

-МҮХАҮТ нэлээд арга шийдэл санал болгож ажиллаад эхэлчихэв үү?

-Танхим маань тодорхой санаачилгууд гаргаж байна. Хамгийн гол нь ажлынхаа байрыг авч үлдэх шаардлагатай гэдэг үндсэн дээр богино хугацааны эдийн засгийн бодлогын өөрчлөлтүүдийг хийгээд явж байна. Бизнес хооронд бол харилцаандаа үндэслээд асуудлаа уян хатан шийдэх байр суурь голлодог давуу тал бий. Ер нь ийм хүндрэлийг өмнө нь бид даваад гарч байсан. Энэ удаад ч гэсэн даваад гарахын тулд хаа хаанаа ойлголцож ажиллах хэрэгтэй. Манай эдийн засаг 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 4 дахин томорчихсон. Засгийн газарт төсвийн бодлого, татварын бодлого гэх мэт зохицуулах арга хэрэгслүүд бий. Тэр бодлогоороо уян хатан удирдаж компаниудаа дэмжээд явах шаардлага нэмэгдэж байна. Нөгөө талаас нь харвал “COVID-19” дэлхий даяар хөдөлмөрийн зах зээл дэх аргачлалаа өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг сануулж байна. Европт ч юм уу Америкт ажилтнаа гэрт нь ажиллуулах зохицуулалт хийе гэхээр хуулийнх нь хүрээнд боломж хязгаарлагдмал байгаа.Ирээдүйд хөдөлмөрийн зах зээлээ хэрхэн өөрчлөх вэ гэсэн асуултыг улс орнууд өөртөө тавьж, гарц гаргалгааг нь хайж эхэлж байна. Монголын зарим компани ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж эхэлсэн. Заавал хуулийн нарийн зохицуулалтгүйгээр хийж болдгийг харуулсан жишээ л дээ. Гэхдээ бүгд л алдагдсан орлогоо яаж нөхөх вэ гэдэг дээр очих нь тодорхой.

-Алдагдсан орлогоо нөхөхийн тулд яах ёстой гэж?

-Хамгийн түрүүнд компаниуд маань сурснаараа бүсээ чангалах дэглэм лүүгээ л орж байна даа.

-“COVID-19” цар тахал хэзээ намжих нь тодорхойгүй байна. Монгол гэхэд коронавирус илэрсэн улсын тоонд өнөөдөр (өчигдөр) орчихлоо. Дэлхийн олон улсад илэрсэн энэ цар тахал хэзээ намжих нь тодорхойгүй гэхээр эдийн засгаа сэргээх арга шийдлүүд тухай бүрт өөрчлөгдөөд явах уу?

-Тэгнэ. Тухайн үедээ, боломж бололцоондоо тохируулж л шийдвэрүүдээ гаргаж таарна. Тэр утгаараа Америкт ч гэсэн хийж байгаа үйлдлүүд нь хангалтгүй гэж хүмүүс дүгнэж байна. Маргааш дуусна гэх юм бол нэг зүйл төлөвлөнө. Гэтэл маргааш дуусах уу, сарын дараа юу, эсвэл бүр дахиад зургаан сар үргэлжлэх үү гэдэг нь ойлгомжгүй байна. Олимп хүртэл хэзээ болох нь мэдэгдэхээ больчихлоо. Долдугаар сарын сүүлээр болох зүйл яах нь мэдэгдэхгүй байна гээд харахаар өнөөдөр бид ямар нэг зүйлийг төлөвлөхөд хүнд болчихож байгаа юм. Хариуцлага, үүрэг нь бол явж явж өөр дээр л ирнэ шүү дээ. Хувь хүн хариуцлагатай бол халдвараас сэргийлж болно. Компани ч ялгаагүй хариуцлагатай байх хэрэгтэй. Хамгийн хэцүү нь компаниуд бүсээ чангалаад олон жил болж байна даа. Эдийн засаг, улс төр, зах зээлийн ойлгомжгүй байдал гэх мэт олон төрлийн эрсдэл өнөөдрийг хүртэл компаниудад зовлон болсоор яваа. Макро түвшинд өсөөд байгаа харагддаг ч яг салбар бүрт тийм өсөлт гарсан гэхэд захирлууд үгүй л гэдэг. Компани болгон алт, нүүрсний бизнес хийдэггүй биз дээ.

-Нэгэнт бүсээ чангалж яваа бизнесийнхэнд дахиад бүсээ чангална гэдэг хүндхэн тусах нь ээ дээ?

-Товчхондоо тийм. Гэхдээ хэдийгээр зовлонтой байгаа ч ирээдүйгээ зөв харах хэрэгтэй. Гадаад бодлогын хүрээнд гээд ярихад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал цагаа олсон, хэрэгтэй алхам болж байна. Өнөө маргаашдаа шууд том өгөөж өгөхгүй ч гэлээ дараагийн хэдэн жилд Монголын компаниудад эерэг боломжуудыг нээж өгнө гэж би хувьдаа харж байгаа. Монголын компаниудтай бизнес хийдэг Хятадын олон компаниуд бидэнд талархал илэрхийлсээр байгаа нь үүнийг илтгэнэ. Компаниуд ийм хямралын үед зардлаа бууруулаад дэглэмтэй сахилга баттай ажиллаад ирэхээр зах зээлд нэг давуу тал үүсдэг. Компаниуд шинэ юмыг эрэлхийлж, шинэ үнэ цэнийг ямагт бүтээдэг. Дэлхийн улс орнуудын өмнө өнөөдөр түрэн орж ирж буй аж үйлдвэрийн IV хувьсгал амьдралд улам бүр хэрэгтэй болохыг ойлгуулж байна. Үүнийг дагаад Монголд 5G гэх мэт олон зүйл нэвтрэх боломж нээгдэнэ. Анзаараад байхад коронавирусийн тархалтын үеэр IT компаниуд нэг их санаа зовохгүй байна. Учир нь тэд дандаа шинийг бий болгодог. Тийм учраас харин ч шинэ боломжийг хараад шинэ бүтээгдэхүүнүүд гаргах гэх мэтээр өөрсдөдөө давуу тал үүсгэх боломж бизнесийнхэнд бий.

-Ганц салбараас хамааралтай болохоор эрсдэлтэй үед хэцүүддэг, эдийн засгаа төрөлжүүлбэл ийм байдалд орохгүй гэж ярьдаг. Таныхаар ямар ч эрсдэлийн үед эдийн засгаа дажгүй авч гарахын тулд бид яах ёстой вэ?

-Эдийн засгийн төрөлжилт гэхээр бид хөдөө аж ахуй, ноос, ноолуур, мах гэдэг ч яг үнэндээ аж үйлдвэрийн IV хувьсгал дээр үндэслэсэн шинэ боломжууд мөн нээгдэж байгаа. Манайх шиг жижиг эдийн засагтай улсын жижиг компаниудын тухайд ажил болгоныг тодорхой хугацаатай, төсөвтэйгөөр төлөвлөж, хугацаанд нь шуурхай гүйцэтгэдэг арга барилыг сайн эзэмшвэл амжилтад хурдан хүрнэ. Тэгж байж л өрсөлдөхдөх чадвартай амьдарна. Өнөөдрийн өрсөлдөх чадвар бол хүн болон менежмэнттэй шууд холбоотой. Нөөц бололцоогоо яаж өөрт ашигтайгаар зарцуулах вэ гэдэгт чиглэсэн менежмэнт хэрэгтэй. Нэг юмыг сайн ялгах хэрэгтэй. Ялангуяа залуучууд. Нэгдүгээрт, нэг зүйлийг маш сайн чаддаг байх нь их чухал. Нэг ажлыг маш сайн хийж чаддаг хүн тэр чадвартаа дөрөөлөөд төслийн олон ажлыг хийх чадвартай болдог. Төслийн багт ороод ажиллахаар хүссэн хүсээгүй хажуугийн хүнээсээ суралцдаг.

Х.МӨНХБАТ

Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинтөгс: Долларын ханш 2000 төгрөг болтол унах магадлалтай

“Үндэсний маркетингийн агентлаг”-ийн захирал, маркетингийн зөвлөх Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-Бүх хилээ хаачихсан энэ үед доллар унаж, “цаас” болох бүх орчин нөхцөл бүрдсэн байна. Энэ талаар та твиттер хуудсандаа бичсэн. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Гадаад валютын ханш унах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, экспорт, импортын харьцаанаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, экспорт ихэсвэл гадаад валютын ханш унадаг. Манай улсад таван жилийн өмнөөс л экспорт, импорт тэнцдэг болж байна. Тиймээс энэ шалтгаан манайд байхгүй. Тэнцсэн учраас валютын ханш энэ шалтгаанаас болоод унаагүй. Хоёрдугаарт, төгрөгийн эрэлт нэмэгдэх үед хүмүүс гадаад валютаа зарж, төгрөг болгон эргэлтэд оруулдаг. Төгрөгийн эрэлт гэдэг нь төгрөгт итгэх иргэдийн итгэл юм. Иргэд төгрөгт итгэхэд гадаад валютын ханш унана. Гурав дахь нь одоогийн хил хаасан нөхцөл байдал юм. Энэ бол гадаад валют унах бодит шалтгаан мөн.

-Хил хаасан одоогийн нөхцөл байдал гадаад валютад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Коронавирусээс болж хил хааснаар улсын хэмжээнд үйлчилгээний салбарын 230 мянган ажилчны ажил зогссон. Ажлыг нь улсаас хүчээр зогсоочихоор ажилгүй л болж байгаа юм шүү дээ. Үйлчилгээний салбарт дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэх магадлал маш бага.

Өөрөөр хэлбэл мах, ногооноос бусад нь дандаа импортын бүтээгдэхүүн байдаг. 230 мянган хүн ажиллаж байгаа үйлчилгээний салбар Монгол Улсын эдийн засгийн 40 орчим хувийг эзэлдэг. Тэгэхээр зөвхөн үйлчилгээний салбараас болж, улсын эдийн засаг 40 орчим хувиар царцсан гэсэн үг. Хил хааж, хөл хорио тогтоосон энэ нөхцөл байдал цаашдаа ч үргэлжилнэ. Энэ сарын 2-нд Францаас коронавирусийн халдвартай хүн манай улсад ороод ирлээ. Уг хүний нууц хугацаа нь дуусч, коронавирустэй байсан гэдгийг зарласан. Энэ хүн 2-ноос хойш гурав хоног Улаанбаатар хотод амьдарсан. Тэгээд Дорноговьд өдий хүртэл байсан. Тэгэхээр улсын хэмжээнд хоёр цэгт голомт бий болж, энэ голомтуудад ирэх хоёроос гурван долоо хоногийн хугацаанд хэр зэрэг дэгдэлттэй байх эсэх нь эдийн засагт хөлдөөлтийг бий болгочихож байгаа юм. Энэ нь валютын ханшийг царцааж байгаа. Иргэний агаарын тээвэр, Туркиш эйрлайнс гээд олон улсын нислэгүүд сард хичнээн хүн тээвэрлэдэг билээ. Энэ хүмүүсийн валютын эрэлт бүрэн зогсчихлоо шүү дээ.

Коронавирусээс үүдсэн хөл хорио нь эрэлтээс үүдсэн валютын ханшны уналтыг бий болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр валютын ханшны уналт валютын эрэлт буурсанаас үүдсэн гэсэн үг.

-Өдгөө Монголд валютын эрэлт хаана байгаа вэ?

-Валютын эрэлт зөвхөн худалдааны салбарт байна. Монголын эдийн засгийн 90 хувийг бүтээдэг нүүрсний экспорт зогсоогүй байгаа. Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр 30 мянган хонь өгөн барин нүүрсний экспортыг сэргээсэн. Ингэснээр Монголын эдийн засагт доллар маш ихээр орж ирж байгаа. Харин гарц нь коронавирусийн хөл хорионоос болж хумигдчихсан гэсэн үг. Ингэснээр макро түвшинд гадаад валютын эрэлт болоод хэрэгцээ байхгүй болж байгаа юм. Монгол Улсын эдийн засгийн 90 хувийг бүтээдэг нүүрсний экспорт нь зогсоогүй. Үлдсэн 10 хувийн дөрвөн хувь болох үйлчилгээний салбар зогсчихсон. Зургаан хувь болох худалдааны салбар л амьд байна. Тэгэхээр Монголын эдийн засгийн зургаахан хувьд валютын хэрэгцээ байгаа учраас ханш унах нь тодорхой юм.

-Төв банк энэ нөхцөл байдлыг хэр ашиглаж байгаа гэж та харж байна вэ?

-Төв банк дээр бодлогын алдаа юм уу, хайхрамжгүй юм уу, эсвэл энд өөр гар үйлчлээд байна уу мэдэхгүй байна. Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум 130 сая ам.доллар байгаа. Энэ тоо бол Монгол Улсын 9-10 сарын валютын хэрэгцээ юм. Монгол Улсад хүмүүсийн зорчилт, бизнес, худалдаа, наймаа арилжаанаас шалтгаалан сард 500 орчим сая ам.долларын хэрэгцээ үүсдэг. Гэтэл энэ 500 орчим сая ам.доллар хөл хорионоос болоод ерөнхийдөө царцчихаж байна шүү дээ. Монголбанк мягмар, пүрэв гариг болгон валютын зах буюу арилжааны банкуудад валют нийлүүлдэг. Тэгэхээр долоо хоногт хоёр удаа буюу сард найман удаа Монголбанк валютын ханшид нөлөөлөх боломжтой гэсэн үг. Ингэхдээ байх ёстой хэрэгцээг нь нийлүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, нөгөө 500 сая долларыг арилжааны банкны нийлүүлэлтийн дүнгээр харах юм бол наймд хувааж, 50 сая доллараас багагүй мөнгийг нийлүүлэх ёстой. Хэрвээ Монголбанк мөнгөний бодлогыг барьж, валютын ханшийг тогтоон барих үүрэгтэй юм бол 50 саяас багагүй долларыг долоо хоногт хоёр удаа нийлүүлж байх ёстой. Гэтэл валютын ханш нүдэн дээр өссөөр байтал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монголбанк 17-хон сая доллар нийлүүлсэн. Тэрний өмнөх нийлүүлэлт дээрээ 47 саяыг нийлүүлсэн. Ингээд харахаар дандаа 50 сая доллараас багыг нийлүүлээд байгаа биз. Байх ёстой хэрэгцээгээс бага нийлүүлээд байхаар валютын ханш өсөлгүй яахав дээ. Бензин нь шар асчихаад байхад гишгээд байна шүү дээ. Ер нь Монголбанк долоо хоногт хоёр удаа интервенци хийхдээ 50 орчим саяас бага дүнтэй валют нийлүүлж байвал энэ нотой гэсэн үг. Монгол Улсад валютын нөөц байна шүү дээ. Арилжааны банкуудын хэрэгцээнд 50 орчим сая ам.долларыг нийлүүлж байвал нормальны гэж үзнэ. Тэрнээс багыг нийлүүлээд байвал зохиомол хомсдол үүснэ. Үүнийг л маш сайн ажиглаж анхаарах ёстой. Тэгээд энэ зохист харьцааг анзаараад твиттерт жиргэсэн. Ер нь эдгээр шалтгаануудаас болоод валютын ханш өгсөж, унадаг. Дээрээс нь хөл хорио тогтоосноос болоод Монгол Улсын хэмжээнд гадаад валютаар хийх гүйлгээ багассан. Бүх хүн төгрөгөөр гүйлгээ хийж байгаа. Зөвхөн хүнсний худалдаа, үйлдвэрлэл ажиллаж байна. БНХАУ-ын эдийн засаг нэг хувь буурахад Монголын эдийн засаг таван хувь хумигддаг. Одоо БНХАУ-ын эдийн засгийг зургаан хувиар унана гэж байгаа. Тэгэхээр манай эдийн засаг 30 хувиар хумигдах юм. Эдийн засаг ингэтлээ царцчихсан үед “World economics”-оос Монгол Улсын эдийн засгийг 50 хувь хумигдсан байна гэдгийг зарлачихсан. Гэтэл Монголын эдийн засгийн 90 хувийг бүтээдэг нүүрсний экспорт нь зогсоогүй байж байгаа. Энэ мэт шалтгаан байна.

-Хил хааснаас болж, алтны нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 дахин өссөн байна. Энэ талаар ярихгүй юу?

-Хилээ хааснаас хойш сар хагас болж байна. Нэгхэн сар хил хаахад алтны нийлүүлэлт 10 дахин ихэсч байна гэдэг нь бид эдийн засгаа ямар их хил гаалиар алддаг байсныг харуулж байна. Түүнчлэн хар зах 10-хан хувь гээд байдаг үгүй байгаа биз. Мөнгөний зах буюу найман шарга дээр 10-хан хувь нь эргэлддэг гэж хүн болгон хэлдэг. Гэтэл үгүй байна. Үүнийг алтны тушаалт, хангамж, нийлүүлэлтээс харж болно. Хил хааснаас болж, зөвхөн алтны нийлүүлэлт 11 дахин өсч байна гэдэг алсуураа ямар их мөнгө далд эдийн засагт байгааг харуулж байна. Энийг бид зүгээр орхиж болохгүй. Монголбанк дотор ах дүү, амраг садантайгаа нийлчихсэн баг, фракц байна уу гэж би таамаглаж байна. Алтаа зарсан хүмүүс доллар болгож хадгаламжинд хийгээд байна шүү дээ. Одоо доллар унана. Араас нь евро унана. Евро унах үндсэн шалтгаан нь Европ тив өөрөө 20 гаруй хил, гаальгүй улстай. Эндээс Итали, Франц гээд хэд хэдэн орнууд “Covid-19”-ийн цөм нь болчихлоо. Европын холбоо өөрөө коронавирусийн шинэ цөм болчихлоо. Азиас эхэлсэн энэ вирусийг БНХАУ, БНСУ, Япон улс зогсоож, хяналтдаа авчихсан. Европ өөрөө энэ тахал өвчний цөм болчихоор евро унаж таарна. АНУ-д коронавирус илэрчихсэн байгаа. Коронавирусийн нөхцөл байдлаас хамаараад эдийн засагт иймэрхүү царцалтууд бий болж байгаа нь жижиг гээд байгаа улс орнуудын хувьд эдийн засгаа бий даалгах маш том боломжуудыг бий болгож байгаа. Хэрвээ эдийн засгийн байнгын хороо, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл эдийн засгийн энэ алтан боломжийг ашиглаж чадах юм бол Монголын эдийн засаг маш хурдан өөр дээрээ эдийн засгийн хөгжил бий болгох макро орчин бий болж байгаа юм.

-Долларын ханш унана гэлээ. Яг хэр хэмжээгээр унах вэ?

-Эдийн засгийн өсөлт 2.9 хувь гэсэн таамаг байсан. Үүнийг 2.4 болгож буулгасан. 2.9 хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг дэлхийн эдийн засгийн шинжээчид өөрсдөө 2.4 болгон 0.5 пунктээр буулгаж байна. 2.9 дотор 0.5 нь 20 хувь байхгүй юу. Тэгэхээр дэлхийн эдийн засаг 20 хувь царцана гэдэг нэг талаасаа 100 хүний 20 нь ажилгүй болно гэсэн дохио. Нөгөө талаасаа валютын ханш 20 ба түүнээс дээш хувиар унах магадлалтай. Энэ вирусийн дэгдэлт хэзээ хяналтад бүрэн ороод, вакцин нь гарч цэгцрэх хүртэл энэ уналт явагдах юм. 2.9-өөс 2.4 хүртэл унана гэдэг таамаг хоёрдугаар сарын дундуур гарсан. Энэ сарын дундуур дахиад нэг таамаг гарна. Ер нь миний тооцоолсноор 20 хувиас багагүй хувиар унана. Одоо 2700 байгаа валютын ханш дор хаяж 600-700 орчим төгрөгөөр унах байх. Ер нь долларын ханш 2000 төгрөг рүү унах магадлалтай. Гэхдээ энэ вирусийн вакцин нь гарчихлаа гээд зарлаад эхэлбэл улс орнууд хил гаалиа нээгээд эхэлнэ. Тэгэхээр байдал өөрчлөгдөх байх.

-Хил хаасан энэ үед Монгол Улс эдийн засгаа бие даалгах боломж үүсч байгаа. Манайх цаашдаа ямар арга хэмжээ авч болох вэ. Ер нь манай гариг дээр бизнес, эдийн засаг яаж өсч, хөгжиж, сайжирдаг юм бэ?

-Маш энгийн. Нэгдүгээрт, газар дээр байгаа зүйлсийг хоёрдогч, гуравдагч бүтээгдэхүүн болгох асуудал. Тэр нь ургамал, мал, амьтан шүү дээ. Эдний алийг нь эргэлтэд оруулж чадаж байна. Хоёрдугаарт, газар доор байгаа баялгийг хоёр дахь, гурав дахь ч түүхий эд, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн болгох асуудал байна. Энэ ажилд БНСУ руу ажиллахаар явж буй залуучуудаа тогтоон барьж, дайчилж хөдөлмөрийн менежмэнтээ хийж өгөх, салбар яам нь боловсруулалтын үйлдвэр рүү анхаарч, зэсээ хүдрээр нь биш, ядаж зэс утас хийгээд, төмрөө хүдрээр нь биш, турба хийгээд баялгаа боловсруулах хэрэгтэй. БНХАУ манай улсаас долоо дахин их нүүрсний нөөцтэй мөртлөө яагаад Австрали, Монгол хоёроос ийм их нүүрс аваад байгаа юм. Энэ чинь стратеги шүү дээ. Түүхий эдтэй холбоотой политикийн дайн юм. Нүүрс, жоншоо түүхийгээр нь гаргаж байхаар гангаа өөрсдөө хийе л дээ. Залуучуудын шинэ хот байгуулъя л даа. Бид цементээ өөрсдөө хийж байгаа. Гангаа өөрсдөө хийх төмрийн үйлдвэр байгаа. Энийгээ өргөжүүлж томруулаад тэндээ гадаад руу явж ажиллахаар явж байгаа залуучуудаа ажиллуулж, цэрэг армиа дайчлаад шинэ залуучуудын хот байгуулж, их, дээд сургуулиудаа нүүлгэж чадах юм бол Улаанбаатар хотын төвлөрөл буурна. Залуучууд бүгд ажилтай, цалинтай болно. Тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Хот байгуулна гэдэг усны асуудал байдаг. Газар нь зөндөө байна.

Монгол Улсад хот байгуулах бололцоотой найман цэг байдаг. Энэ найман цэг дээр Монгол Улс социализмын үед өөрсдөө хот шахуу зүйлүүдээ байгуулаад эхэлчихсэн. Үүнийг түшиглээд тэндээ гангаа үйлдвэрлээд, цементээ үйлдвэрлэчихсэн байхад хэдэн ч давхар байшин барьчих инженерүүд Монголд байна. Иймэрхүү маягаар хоёр дахь ч, гурав дахь ч түүхий эд боловсруулах, залуучууд, шинэ үеэ ажлын байраар хангах боломж бий. Ингээд л ам.долларын ханш өөрөө навсайтал унана. Аливаа улс хилээ бүрэн хаах боломж, 100 жилд ганц тохиолддог. Тохиолдохгүй ч байж болно. Ялангуяа XXI зуунд тохиолдох магадлал бүр ч бага. Энэ боломжийг ашиглаад эдийн засгаа сэргээж авах, валютын ханшийг хазаарлаж авах, боломж байгаа. Үүнийг манай эдийн засагчид, улстөрчид ашигламаар байна.


Categories
мэдээ цаг-үе

Ө.Мөнх-Эрдэнэ: Амьдрал бүтэн байдаг гэдэгт итгэдэггүй

Жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та “Бүтэн амьдрал” кинонд хүргэн Хуягаагийн дүрийг бүтээсэн?

-Миний дүр яах вэ, хадмын хаяа түшсэн тийм л хүний дүр шүү дээ. Хүнд итгээд юм ярьчихаар “Хүнд битгий хэлээрэй” гээд л цааш нь тараагаад байдаг хүний дүр.

-Хуягаа, Аюур хоёр хэдий туслах дүр ч гэлээ киноны үйл явдлыг өрнүүлдэг, гол дүрүүдийг холбож өгдөг чухал дүрүүд. Хоёулаа хөгжилтэй дүр?

-Солонгосын олон ангит киног албан ёсны эрхтэйгээр нь авч хийсэн. Солонгосчууд чинь өөрсдөө савангийн дуурь, драм гэдэг энэ төрлөөр нэлээд гаршчихсан. Манай Монголын уран бүтээлчдийг бодвол энэ тал дээр хамаагүй их туршлага хуримтлуулсан тийм хүмүүс. Киногоо хийхдээ бүх талын судалгааг хийдэг. Шинжлэх ухааны талаас нь хүнийг судалчихсан байдаг. Тэд драмын зохиол бичихдээ, үйл явц, дүрүүдийг яаж хурцатгах вэ, яавал гол дүрдээ ачаалал өгөх вэ. Үзэгчээ юунд уях вэ гээд бүр хүн судлалын судалгаа, судалбар хийдэг. Ер нь аливаа уран бүтээл хийхэд хүн судалдаг л даа. Тийм ч учраас тэд ингэж зохиол бичдэг, үүндээ ч туршлагажчихсан болохоор зохиолууд нь ингэж үзэгчдэд хүрч байгаа юм.


-Телевизийн цуврал кино байнга л гардаг. Гэтэл энэ кино эхний ангиасаа л нийгэмд асуудалд дэвшүүлсэн. Яалт ч үгүй манай нийгмийн эмзэг сэдэв, хөндүүр цэгийг олжээ гэж харагдсан?

-Монголчуудын амьдралд ойрхон гэхээсээ илүүтэй энэ чинь хүн төрөлхтний өнөө мөнхийн сэдэв гэдэг хайр гэдэг шиг л зүйл. Орос, Герман, Америк хаана ч байдаг юм, Солонгос, Хятад гээд хүн амьдарч байгаа нийгэмд энэ асуудал бий болдог. Хүний зүрх сэтгэлд дурлах, хайрлах, гомдох, туних гээд бүхий л зүйл явж л байдаг. Тэгэхээр үүнийг зөвхөн Монголын нийгэмтэй холбоод байх шаардлагагүй. Зохиол нь хүн судлалын ажил учраас зүрхэнд хүрээд байна. Солонгосын киног хууллаа, өөрсдөө сэтгэж чадахгүй байна уу гэсэн сэтгэгдэл бичиж байна билээ. Бид суралцах ёстой. Аливаа зохиолыг хуулбарлах үзэгдэл нь энтертайнментийн ертөнцөд олон жилийн өмнөөс хэрэгжээд эхэлчихсэн. Саяхнаас л манайхан идэвхтэй хийж эхэллээ. Одоо бүгдээрээ л харж байна “Voice of Mongo­lia”, “Яг түүн шиг”, “Авьяаслаг монголчууд” шоу байна. Ингэж авдаг зүйл бий. Мэдээж хүн судлалын ажил хийж байгаа учраас хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч байна. Тиймээс үзэгчид маань өөрсдийнхөө нийгэмтэй холбож ойлгож авч байна л даа. Энэ нь ч айхавтар буруу биш л дээ. Монголд ч энэ тал дээр судалгаа бий. 2000 оноос хойш хэдээс хэдэн жилийн хооронд билээ дээ, гэр бүл хамгийн их салсан гэж. Тэр үед хоёр тийш болсон, салсан хүмүүс яг одоо амьдрал нь тогтчихсон хүмүүс болсон байгаа. Зарим нь яг энэ үед тэр байдлыг туулж байгаа. Нөгөө талаар их сайхан гэр бүлтэй ч аль нэгэн зүйлээрээ өнчирч яваа, сэтгэлдээ ганцаардаж яваа хүн бий. Хүүхэд өнчирч байгаа, хайр дурлал, алдаандаа харамсаж яваа олон мянган залуус, олон мянган аав, олон мянган ээж байгаа. Тэр хүмүүст энэ кино илүү бууж байгаа. Бид өрх толгойлсон ээжүүд гэж ярьдаг. Гэтэл өрх толгойлсон аавууд олон л байгаа. Тэр зовлонг үзсэн, салж нийлсэн хүмүүс ч бий. Тэгэхээр киног үзсэн 10 хүн, 100 хүний дотор эдгээр зовлонг үзсэн хүмүүс байж л байгаа. Бас гэр бүлд нь тийм асуудал үүссэн, төстэй үйл явдал ганц нэг удаа гарсан ч айл байж болно. Хүний л амьдрал юм чинь. Тэгэхээр хүмүүс киноны үйл явдлыг өөрийнхөө амьдралтай жишиж авч үзээд байгаа байх л даа.

-Хэдийгээр кино ч гэлээ нийгэмд тодорхой хэмжээний дохио өгч байна. Үүнээс нь харахад уран бүтээлч хүмүүсийн нийгэмдээ гүйцэтгэдэг нэг чухал үүрэг нь энэ юм даа гэж дүгнэж болохоор байна?

-Урлаг, уран бүтээлийн чиглэл нь угаасаа тийм л дээ. Тодорхой хэмжээгээр нөлөөлөх ёстой. Зарим нь авах юм байхгүй, сонирхолгүй, зүгээр л нэг алиа марзан юм байна гэж хүндээр тусгаж аваад байдаг. Хэрвээ тийм байвал та стресстэй байгаа юм чинь зүгээр л үзээд инээ л дээ. Бид инээд бэлэглэж байна. Үүн шиг хийж байгаа юм бүхэн нь үзэгчдэд мессэж өгдөг. Энэ бол ажил нь, мэргэжил нь. Тиймээс сайхан бүтээл хийх гээд уран бүтээлчид маань сайн сэдэв барьж авсан. Энэ маань үзэгчдэд хүрч байна. Очих ёстой газартаа очиж байгаа л гэж бодож байгаа.

-Үзэгчид киноны жүжигчдийн хувийн амьдралыг кинонд гаргаж байгаа дүртэй нь холбож, элдвээр хэлж эмзэглүүлээд байгаа нь харагдаж байна. Кино, бодит амьдрал хоёрыг тэгж холбож болохгүй л дээ. Энэ бол үзэгчийн боловсрол муу байгаагийн шинж. Танд үзэгчдийн зүгээс тийм хандлага мэдрэгдэж байна уу?

-Мэр сэр байна аа. “Хүн амьтантай нийлж, гэр бүл сарниулахад нь хүчтэй хувь нэмэр орууллаа даа”, “Хамаг юмыг хольж, хутгалаа” гэж байна. Энэ нь биднийг ажлаа боломжийн гүйцэтгэж байна гэдгийг харуулж байгаа юм. Ийм дүр зохиолд бичигдэж гарч байгаа бол тэр дүрээр л хүмүүст хүрнэ.

-Та хамгийн анх ямар кинонд тоглож байсан бэ?

-2004 онд “Удирдагч” киноны Монхорын дүрд тоглосон.

-Та нийтдээ хичнээн кинонд тоглосон бэ. Багцаа тоо байна уу?

-Мэдэхгүй байна. Өөрийнхөө хийсэн 80 ангит “Амьдралд тавтай морил” киног ангиар нь тооцвол ямар их тоо гарах бол (инээв).

-Та маш олон кинонд тоглодог. Энэ нь жүжигчний мэргэжлээрээ идэвхтэй ажиллаж байгаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр та ямар нэг жанрт баригддаггүй юм байна гэдэг нь бүтээсэн дүрүүдээс тань харагддаг?

-Магадгүй. Уран бүтээлч найзууд маань дүрийн сонголт хийж байгаа шүү дээ. Бодвол таарсан, тохирсон болоод л дүр өгдөг нь тэр байх аа.

-Та нар өөрсдөө киногоо үзэгчидтэйгээ хамт бямба, нямдаа үздэг үү?

-Үзэж байгаа. Тоглосон ангиа үзчихээд тоглолт минь зөв явж байна уу, буруу явж байна уу гэдгийг хараад өөрийгөө хянаад л явж байна. Үзэгчдийн бичиж байгаа сэтгэгдлүүдийг нэг бүрчлэн уншаад байдаггүй. Гайгүй шүү дээ, айхавтар юм бичээд байдаггүй. Жүжигчин гэдэг мэргэжлээр маань алдар нэр хүрч ирэхдээ доромжлол гэдэг зүйлтэй хамт ирдэг. Доромжлол гэдэг зүйл жүжигчин гэдэг мэргэжилтэй байнга хамт явж байдаг. Магтаал нь ч хамт явдаг. Доромжлолдоо бялхаж, магтаалдаа чамлагдаж явдаг нь энэ ажил мэргэжлийн онцлог шүү дээ. Тийм учраас ихэнх уран бүтээлчид тэр доромжлолыг анзаардаггүй. Шүүмж, шүүмжлэлийг харин их сайхан хүлээж аваад сурчихсан хүмүүс байдаг юм даа. Харин доромжлолыг хүчтэй хүлээж авахгүй. Сайшаалыг нэг их баярлаж хүлээж авахгүй. Ер нь тэгээд аль алийг нь тааруулаад л дүгнэлт хийгээд явдаг юм. Миний хувьд ийм. Бусад уран бүтээлчид ч ялгаагүй тийм л байдаг даа.

-Сүүлийн үед хүмүүс бүтэн амьдрал гэж ярих боллоо. Заавал хэн нэгэн дэргэд байж байж амьдрал бүтэн болдог уу. Гэтэл эхнэртэй, нөхөртэй мөртлөө хагас амьдардаг хүмүүс олон. Тэгэхээр бүтэн амьдрал гэхээр нэг хүн явахаа болиод үлдчихийг хэлдэггүй бололтой. Дотроо бүтэн хүн л бүтэн амьдардаг болов уу?

-Хүмүүсийн амьдралыг үзэх үзэл, харах өнцгөөсөө хамаараад өөр өөрсдийнхөө бүтэн амьдралыг бий болгодог байх л даа. Заавал гэр бүлтэй байж байж гэр бүлийн амьдрал нь бүтэн болно гэж сэтгэдэг хүн байж болно. Амьдрал бүтэн байдаг гэдэгт би итгэдэггүй. Цаг хугацаа урсах тусам амьдрал хэн нэгнийг нь хагацаадаг. Хүссэн хүсээгүй. Найз нөхөд, ижий аав, ах дүү гээд л. Дөч хүрэх насандаа эр хүн их юм үздэг гэдэг. Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж үнэн үг юм байна даа гэж бодогдож байна. Дөч дөхөж байна. Энэ насан дээрээ олон хагацал үздэг юм байна. Та ертөнцийг яаж харж байгаагаас хамаарч таны амьдрал бүтэн үү, хагас уу гэдэг нь харагдах байх. Миний хувьд бүтэн амьдрал гэж юу вэ гэвэл та өөрийгөө олсон, та өөрөө өөртөө бүтэн байх хэрэгтэй. Та өөрөө тал байж, хүн дээр очиж өөрийгөө дүүргэх гэх хэрэггүй байх аа. Би өөрөө өөртөө бүтэн байх хэрэгтэй. Жишээ нь, тал сэтгэл, тал үзэл бодолтой, өөрийгөө 100 хувь олоогүй, би ямар хүн бэ гэдэг асуултад хариулт олох гэж эрэл хайгуул хийж яваа бол та өөрөө бүтэн болоогүй байна гэсэн үг. Та бүтэн болоогүй бол догонцож яваа гэсэн үг шүү дээ. Заавал хүнтэй суучихаар таны амьдрал бүтэн болно гэж ойлгож болохгүй. Тэгэхээр хүн эхлээд өөрийгөө бүтэн болгох хэрэгтэй. Ухаан бүтэн болно гэдэг бол нэг насаараа цуглуулдаг байх. Ухааныг бүтэн болгож барахгүй байх. Үзэл бодол, сэтгэл зүйгээ, хандлагаа зөв, бүтэн болгож байвал, гудамжинд гараад алхахад нэг хүний сайхан инээмсэглэл, зөв харьцаанаас хүртэл зөвхөн өнөөдрийнхөө амьдралыг бид бүтэн болгож болно шүү дээ. Өглөө гэрээсээ гараад нэг хүнтэй сайхан харьцсан байхад тэр сайхан хандлага намайг тэр өдөржингөө аз жаргалтай бүтэн явуулж болно шүү дээ. Тэгэхээр хүн цаг мөч бүхнээсээ өөрийгөө бүтэн болгох зүйлийг олж, өөрөө хичээх ёстой байх. Түүнээс биш бүтэн болохын тулд заавал гал голомт, гэр бүл гэх нь чухал биш байх. Ертөнцийг үзэх үзлээс хамаарч та өөрийгөө хэр бүтэн болгож харж чадаж байна гэдэг харагдана. Монголчуудын нэг афоризм бий. Эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зас гэдэг. Үүн шиг хүн эхлээд өөрийгөө бүтэн болгох хэрэгтэй байх. Тэр нь туулах цаг хугацааны хувьд, ертөнцийг үзэх үзлийн хувьд та хэр их юм үзсэн, хэр цаг хугацааг туулсан, юу юуг даван туулсан. Тэр бүх зүйлүүд чинь Мөөжиг гэдэг хүнийг бүтэн болгох гэж яваа байх гэж боддог юм.

Өөрөө дутуу хэрнээ эдийн засгаасаа гадна өөрөө хагас үзэл бодолтой ч юм уу, тийм байж байж хэн нэгэнтэй нийлээд амьдралыг дүүргэж бүтэн болгоно гэдэг худлаа. Өөрийгөө бүтэн болгох гээд бүтэн хүн дээр яваад очвол тэр хүн чамайг дүүргэх гээд өөрийгөө хагаслана. Тэгэхээр доголдох байх. Цаг хугацаан дотроо л хүн өөрсдөө гоё, бүтэн байх хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Эмнэлэг бариад ч эмчилдэггүй, Нисэх бариад ч нисдэггүй…​” хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаргийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Коронавирусын халдвартай холбоотойгоор эдийн засагт үүссэн нөхцөл байдлын талаар эдийн засагч Х.Батсуурийн байр
суурийг сонирхлоо. Нэг, 11 дүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй Таван толгойн ордтой холбоотой асуудлаар ярилцсаныг нэг, хоёрдугаар нүүрнээс уншаарай.

“Адмон” группийн
захирал Р.Энхбаттай хийсэн ярилцлагыг нэг, 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Коронавирусыг намжаасан Хятадын туршлага нийтлэлийг нэг, тавдугаар нүүрэнд нийтэллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Эмнэлэг бариад ч эмчилдэггүй,
Нисэх бариад ч нисдэггүй…” нийтлэл хэвлэгдлээ.

Тээврийн цагдаагийн
албаны Урьдчилан
сэргийлэх хэлтсийн
мэргэжилтэн,
цагдаагийн ахлах дэслэгч
Ч.Чимэдбаттай ярилцсаныг мөн гуравдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Өчигдөр Эрүүл мэндийн
яамнаас “COVID-19” буюу
коронавирустэй холбоотой
ээлжит мэдээллийг хийсэн. Үүнийг долдугаар нүүрнээс дэлгэрүүлэн унүих боломжтой.

Мөн уламжлалт “Залуусын ертөнц”, “Нэг ангийнхан”, “Ном ярьж өгье” булангуудаас гадна “Америкийн монголчууд”-ыг хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг агнаж, сарвууг нь борлуулахаар хадгалж байжээ

Иргэн А, З, Т нар нь энэ оны нэгдүгээр сарын 20-нд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Захарын даваа” гэдэг газарт гурван хүрэн баавгай агнаж, түүхий эд болох 12 ширхэг сарвуу /тавхай/-г худалдан борлуулах гэж байжээ.

Хэргийг тус аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хүрэн баавгай нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу ховор амьтны жагсаалтад орсон юм.

Categories
мэдээ нийгэм

БНСАУ-аас Монголд суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээж авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар COVID-19 коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай иргэдийг захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв.

Чингэхдээ манай Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу БНСУ-аас нутаг буцах монгол иргэдийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулахад Солонгосын талын дэмжлэгийг хүслээ. Мөн визийн хугацаа нь дуусгавар болж буй манай оюутнуудын визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллахыг хүсэв.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг үнэлэхийн сацуу БНСУ руу захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан Монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төв зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж ажилласныг мэдэгдлээ.

Одоогийн байдлаар БНСУ-д ямар нэг шинж тэмдэг илрээгүй гадны болон дотоодын иргэдийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулахгүй байгаа тул дээрх нислэгээр ирэх монгол иргэдийг урьдчилан шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэй болохыг тайлбарлав. Харин иргэдийг онгоцонд суулгахаас өмнө эрүүл мэндийн байдлын талаар асуулга авах, 3 үе шаттайгаар халууныг хэмжих зэрэг бусад арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Мөн БНСУ-д суралцаж буй, визийн хугацаа нь дуусгавар болж буй монгол оюутнуудын визийн асуудлыг харилцан адил байх зарчмын дагуу нааштай шийдвэрлэхийн төлөө байгаа гэв.