Categories
мэдээ нийгэм

Гурван үе шаттайгаар халууныг хэмжих зэрэг бусад аргаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улс БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэх шалтгаантай иргэдээ захиалгат нислэгээр авах болсонтой холбогдуулан иргэдийг “COVID-19” шинжилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг солонгосын талаас хүсжээ.

Мөн визийн хугацаа нь дуусгавар болж буй оюутнуудын визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллахыг хүссэн байна.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Засгийн газар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч байгааг үнэлээд, БНСУ руу захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан Монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төв зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилснаа мэдэгджээ.

Одоогоор БНСУ-д ямар нэг шинж тэмдэг илрээгүй гадаад, дотоодын иргэдийг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулахгүй байгаа тул дээрх нислэгээр ирэх монгол иргэдийг урьдчилан шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэй болохыг тайлбарласан байна.

Харин иргэдийг онгоцонд суулгахаас өмнө эрүүл мэндийн байдлын талаар асуулга авах, гурван үе шаттайгаар халууныг хэмжих зэрэг бусад аргаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн БНСУ-д суралцаж буй, визийн хугацаа нь дуусгавар болж буй монгол оюутнуудын визийн асуудлыг нааштай шийдвэрлэхийн төлөө байгаагаа Элчин сайд тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

ҮХЦ иргэдийн өргөдөл, гомдлыг баталгаат шуудангаар авахаар болжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц шинэ коронавирусийн халдвараа сурьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдлыгбаталгаат шуудангаар авахаар болж байгаагаа мэдэгдлээ.

“Манай улсад шинэ коронавирус/COVID-19/-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд иргэд өөрийн биеэр ирэхийг аль болох хязгаарлаж өргөдөл, мэдээлэл, гомдлоо баталгаат шуудангаар илгээх”-ийг ийнхүү зөвлөсөн байна. Мөн иргэд өргөдөл, мэдээлэл, гомдолтой холбогдуулан нэмэлт тайлбар хийх, хүсэлт гаргах болон бусад лавлагаа авах тохиолдолд уг журмыг баримтлах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймаг дахь Англи улсын иргэний хариу сөрөг гарчээ

Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирээд байна.

Уг иргэнтэй онгоцоор хамт зорчиж ирээд Увс аймгийг зорьсон Англи улсын иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн албан ёсны твиттер хуудсандаа жиргэжээ. Энэ талаарх албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагт өгнө.

Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдан сорьцийг Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргэсэн. Тус иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар Франц улсын иргэний ойрын хавьтлын 176 хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Toyota Prius-10 маркийн машин онхолдож таван настай хүүхдийн амь хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03.09-13-ны өдрүүдэд нийт 588 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 418-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүүхэд, насанд хүрээгүй хоёр хүний амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3

Мөргөлдөх-2

Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1

Онхолдох хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.09-ний өдрийн 17 цаг 29 минутын орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сум “Хээрийн шанд” гэх газар асфальтан замд Toyota Prius-10 маркийн М жолоочтой автомашин онхолдож, зорчигч 5 настай эмэгтэй Б-гийн амь насыг хохироосон

2020.03.09-ний өдрийн 14 цаг 00 минутын орчим Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4-р багийн нутаг дэвсгэр шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон

2020.03.12-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р багийн нутаг “Өвөр хоолой” гэх газар шороон замд улсын дугааргүй Mustang-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 5 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 16,0 хувиар, гэмтсэн хүн 22,2 хувиар тус тус буурч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 33,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Батсуурь: Арилжааны банкууд зээлийг 3-8 сар хойшлуулахад тэдэнд ямар ч хохирол гарахгүй

Бизнесийн томоохон зээлүүдээс гадна чанаргүй ангилалд бараг ордоггүй хэрэглээний зээл ч эрсдэлд орох магадлалтай болов. Тодруулбал, 2018 оны эцэст нэг өрхийн төлж байгаа өрийн дарамт дундаж орлогынх нь 90 хувьд хүрсэн гэх тооцоо гарсан билээ. Нэг үгээр хэлбэл, өрх бүр автомашины лизинг, цалингийн зээл, тавилга зэрэг бусад бараа бүтээгдэхүүний зээлтэй. Үүнийгээ дарахын тулд цалингийнхаа 90 хүртэлх хувийг зарцуулдаг гэсэн үг. Тэгвэл өрхийн орлого хумигдсанаар хэрэглээний зээлээс үүдэлтэй “гамшиг” эдийн засагт нүүрлэж мэдэхээр байна. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкууд иргэд болон аж ахуйн нэгжүүдийг зээлийн үндсэн төлбөр, хүүг тодорхой хугацаагаар хойшлуулах алхам хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүслээ. Энэ талаар эдийн засагч Х.Батсуурийн байр суурийг сонирхлоо.


-Коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засагт үүссэн хүндрэлийг зөөллөх чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй алхмыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Коронавирусийн тархалттай холбоотойгоор Хятад, Солонгос зэрэг олон орны эдийн засагтаа авч байгаа арга хэмжээнүүдийг манайх бас авах хэрэгтэй. Энэ нь төв банкнаас эхлээд арилжааны банкууд нь нэг цогц бодлогоор ажиллана гэсэн үг. Энэ хүнд үед төв банкны удирдлага дор зангидагдаж ажиллах ёстой. Нэн түрүүнд мөнгөний бодлогын гол хэрэгсэл болсон хоёр зүйлийг хийх ёстой.

Нэгдүгээрт, бодлогын хүүгээ бууруулна. Гэвч манайд бодлогын хүү бусад оронтой харьцуулахад өөр зарчмаар ажилладаг учир эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ заавал хийх ёстой алхам юм. Бусад улс орны хувьд бодлогын хүүг бууруулснаар эдийн засагтаа тодорхой нөлөө үзүүлээд явдаг.

-Манай бодлогын хүү өөр зарчмаар ажилладаг гэдгийг тодруулахгүй юу?

-Маш энгийнээр тайлбарлавал, манайд бодлогын хүү гэдэг нь төв банкнаас арилжааны банкуудад төлж байгаа хүүг хэлж байгаа юм. Гэтэл бусад улс оронд арилжааны банкууд хоорондоо заавал байх нөөцийг гүйцэтгэх үүднээс богино хугацаанд өгч авалцдаг зээлийн хүүг хэлж байгаа юм. Тэгэхээр нэг нэртэй боловч хоёр өөр ойлголт яваад байна. Тиймээс манайд бодлогын хүүг бууруулснаар бусад улс орнуудад нөлөөлдөг шиг зарчмаар хүчтэй нөлөөлөхгүй гэсэн үг.

Хоёрдугаарт, төв банкнаас мөнгөний тэлэх бодлого явуулж, зузаатгал хийх хэрэгтэй. Тодруулбал, онцгой нөхцөлийн зээлийн багц гаргаад коронавирусийн тархалттай холбоотойгоор авч байгаа хязгаарлалтуудад хамгийн их нэрвэгдсэн салбаруудад эхэлж егөх учиртай.

Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөлийн зээл гэж 200-400 тэрбум төгрөг гаргахад боломжтой юм. Энэ тусгай хэрэгцээний зээл хамгийн бага хүүтэй байна. Тухайлбал, инфляцын түвшинтэй тэнцэж очих таван хувийн хүүтэй байж болно. Уг мөнгийг арилжааны банкуудаар дамжуулж олгох боломжтой. Ямар ч байсан коронавирусийн тархалттай холбоотойгоор хамгийн их нэрвэгдэж байгаа салбаруудад шууд өгөх хэрэгтэй.

Нөгөө талаас арилжааны банкуудад байгаа мөнгийг арвижуулах үүднээс заавал байлгах нөөц гэж бий. Энэ нөөцийн хэмжээ 10 хувь байсан бол бууруулж, 7-8 хувь ч юм уу болговол арилжааны банкуудад мөнгөний нөөц бий болж цаашаагаа зээл гаргахад хялбар болно. Гэхдээ энэ бол нэн тэргүүний чухал асуудал биш. Хамгийн гол нь онцгой нөхцөлийн зээлийг маш бага хүүтэйгээр гаргаад зорилтот бүлэгт хуваарилах хэрэгтэй байна.

-Зорилтот бүлэг гэдгийг тодруулахгүй юу. Олон улсад энэ арга хэрэгсэл ямар байдлаар хэрэгжиж байна вэ? о

-Жижиг, дунд үйлдвэрүүд, импорт, экспортод оролцдог аж ахуйн нэгжүүд байна. Энэ дундаас байр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хамгийн түрүүн дэмжлэг очих хэрэгтэй. Яг энэ арга хэмжээг Сингапур болон Хятадын засгийн газар аваад эхэлчихсэн. Сингапурын төв банк бодлогын хүүгээ бууруулж, арилжааны банкууддаа их хэмжээний зузаатгал хийсэн байгаа. Арилжааны банкууд үүний хариуд өөрийн харилцагч нарынхаа зээлийн үндсэн төлбөрийг зургаан сараас нэг жилээр хойшлуулсан.

Тухайлбал, UOB банк байна. Энэ банк гурван тэрбум ам.долларын онцгой зээлийн багц гаргасан. Үүнд маш бага хүүтэй зээл олголтоос гадна үндсэн телбөр тулаад ирсэн зээлдэгчийн төлбөрийг зургаан сараас нэг жилийн хугацаатай хойшлуулсан. Мөн 1, 2 дугаар сарын зээлийн хүүгийн төлбөрийг цуцалсан.

Хятадуудын хувьд мөн онцгой нөхцөл байдалд зохицсон арга хэмжээнүүдийг авч ирсэн. Төв банк нь аль эрт бодлогын хүүгээ бууруулсан. Дээрээс нь 1.7 их наяд юанийн онцгой нөхцөлийн зээлийн багцыг гаргасан. Энэ нь 246 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө юм. Энэ мөнгийг шат дараалалтайгаар гаргаж байна. Коронавирусийн тархалтын эсрэг хориг арга хэмжээнд хамгийн түрүүнд өртсөн хүмүүст эхэлж өгсөн байгаа.

Үүнд худалдаа болоод үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд аж ахуйн нэгжүүд хамрагдсан. Эхний ээлжинд 300 тэрбум юанийн багцыг аль хэдийнээ тараагаад дуусчихсан. Дараагийн ээлжинд 600 тэрбум юанийн багцыг зээлдэгч нартаа өгч байна. Онцгой нөхцөлийн зээлийн хүү жилийн 1.5 хувь байхаар тогтоосон. Энэ мэтээр арга хэмжээнүүдийг улс орнууд аваад эхэлчихсэн. Японы төв банк гэхэд арилжааны банкуудтайгаа тохиролцоонд хүрч хүүгүй зээл олгохоор болсон.

-Зөвхөн төрөөс арга хэмжээ авахаас гадна хувийн хэвшлийнхэн харилцагч нартаа ямар хөнгөлөлтүүдийг үзүүлж байна вэ?

-Хувийн хэвшлүүд ихээхэн идэвх зүтгэл гаргаж байна. Нэг жишээ хэлье. Хятадын “Далиан Ванда” хэмээх үл хөдлөх хөрөнгийн корпораци бий. Хятад даяар 280 төвийг ажиллуулдаг том байгууллага. Энэ компани түрээслэгч аж ахуйн нэгжүүдээсээ нэгдүгээр сарын түрээсийг авахгүй гэж зарласан. Хоёрдугаар сарын түрээсийг ч авахгүй байх нөхцөл үүсэж буй. Энэ бүхэн тус компанид 3 тэрбум гаруй юанийн өртөгтэй тусч байна.

Гэхдээ улс орон, харилцагч нарынхаа төлөө хийж байгаа зөв үйлдэл юм. Мэдээж энэ корпорацид Хятадын төв банкнаас хөнгөлөлттэй зээл олгох нь дамжиггүй. Яагаад гэвэл энэ компани харилцагч нартаа уян хатан хандаж байгаа учир үүнд нь тохирсон дэмжлэгийг засгийн газраас нь үзүүлэх болно.

-Манай аж ахуйн нэгж, иргэд бараг бүгд зээлтэй. Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор орлого эрс хумигдах боллоо. Тэгвэл арилжааны банкууд санхүүгийн зах зээлийн 95 гаруй хувийг бүрдүүлж байгаа учир зээл хойшлуулах нь тэдэнд өндөр эрсдэлтэй юу?

-Тийм зүйл байхгүй. Ямар ч хямрал болсон түүхэнд дандаа ашигтай ажиллаж ирсэн цорын ганц салбар бол арилжааны банк. Миний санахын 2000 оноос хойш ашиггүй ажиллаж байсан тохиолдол бараг байхгүй. Тэгээд ч манай арилжааны банкуудын ашгийн маржин буюу зээл гаргах эх үүсвэрийн зардал болоод олж байгаа орлого хоёрын зөрүү 8-15 хувь байдаг. Уг нь дэлхийн дундаж 3-5 хувь байдаг. Тэгэхээр манайхан дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр ашиг олдог гэж дүгнэвэл үнэнээс хол зөрөхгүй.

-Тэгэхээр зээлийн төлбөрийг хойшлуулах, тодорхой сарын хүүг тэглэх бүрэн боломжтой байх нь ээ?

-Тийм.

-Тэгвэл арилжааны банкууд зээлийг хойшлуулах ачааллыг ямар хугацаагаар авах боломжтой вэ?

-Дэлхийн дунджаас 2-3 дахин их ашиг олж байгааг хэллээ. Тэгвэл дэлхийн улс орнууд зээлийг 2-3 cap хойшлуулж чадаж байгаа юм чинь манайх тэднээс 2-3 дахин ашигтай ажилладаг тул хугацаа энэ харьцаагаар өсөх боломжтой. Өөрөөр хэлбэл, зээлийг дунджаар 3-8 cap хойшлуулах боломжтой харагдаж байна. Ашиг олох боломжоо ийм хугацаагаар золиосолж болох нь байна.

-Гэвч арилжааны банкууд зээлийг хойшлуулах чиглэлээр ямар нэг алхам хийхгүй байна. Нөхцөл байдлыг харахад бизнесийн болон хэрэглээний зээлийн чанар цаашид улам аюултай ‘түвшинд хүрч болзошгүй. Үүний үр дүнд арилжааны банкууд өндөр эрсдэл хүлээнэ шүү дээ?

-Арилжааны банкууд уян хатан ажиллах нь өөр өөртөө зориулсан арга хэмжээ болохоос бус өөрийгөө золиослоод харилцагч нараа аварч байгаа үйлдэл биш. Ирээдүйд олох ашигтаа анхаарсан арга хэмжээ гэдгийг арилжааны банкууд эхлээд ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл арилжааны банкуудыг баяжуулж, ашигтай ажиллуулж байгаа нь зээлдэгч нар байхгүй юу. Зээлдэгч нар хүнд байдалд орж, улмаар энэ нөхцөлөөс болж 5-8 сарын дараа арилжааны банкуудад хүндээр тусах байдлыг одооноос харж, санаачилга гаргаж хүндрэлийг зөөллөж өгөх хэрэгтэй.

-Арилжааны банкууд төрөөс хийх аlхмыг хараад байх шиг. Гэтэл төсвийн орлого тасалдсан, дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас эдийн засаг хүндэрсэн үед арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх боломж хязгаарлагдмал байх магадлалтай. Иймээс төрийг царайчлалгүй эхний алхмыг өөрсдөө хийж болохгүй юу. Бизнес ашгаар хэмжигддэг ч хүнлэг чанар гаргахаас өөр сонголтгүй үе бас байдаг?

-Яах вэ, хэцүүдсэн үед төр, төв банкаар авралын арга хэмжээ авахуулах гэсэн найдварын үүднээс гүрийж байж болно. Гэвч тийм зүйл байхгүй. Тэгэх ч шаардлагагүй. Арилжааны банкууд өөрсдийн буруугаас болж хохирох юм бол төв банк үүн дээр орж туслах, улмаар энэ ачааллыг ард түмний нуруун дээр үүрүүлэх ёсгүй гэж харж байна. Бид бүхний өмнө нэг зүйл ил байна.

Өвчин туссан хойно нь эмчлэх бус түүнээс сэргийлэхийг дор бүрнээ хичээж байна. Ийм ч учраас бүгд маск зүүж, гараа угааж, ариутгах зэргээр маш сайн ажиллаж байна. Албан газрууд маскгүй хүнд үйлчлэхгүй гэж байна.

Халуун хэмжиж, зохих шаардлагууд тавьсны дараа байгууллага руугаа нэвтрүүлж байгаа. Энэ мэтээр бусад оронтой харьцуулахад монголчууд өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрвийх дэрвийхээрээ маш сайн ажиллаж, хичээл зүтгэл гаргаж байгааг онцолж хэлэх ёстой. Энэ их хичээл зүтгэлийн үр өгөөж ч гарч, аюулт өвчнийг хохирол багатай даван туулах боломжтой. Би үүнийг ард түмэнд хамааруулж хэлж байгаа юм.

Харин дээд түвшинд хангалтгүй байна. Халдвартай гадны нөхөр орж ирсэн байхад дээдсүүдийн нөлөөнд автаж явуулчихсан байх магадлалтай тухай яриа гарсан. Хэрэв үнэн бол долдгонуур, ард түмнээ боддоггүй энэ мэт нөхөд төрд байх эрхгүй.

Дээр өгүүлсэнчлэн, эрүүл мэндийн салбартай адил эдийн засагт ч сэргийлэх арга хэмжээ авах учиртай. Энэ нь арилжааны банкуудад хамааралтай. Эрсдэлийг урьдчилан харах ёстой. Гэвч энэ арга хэмжээ эдийн засагт бүрмөсөн орхигдсон. Ялангуяа, коронавирусийн тархалтын үеэр энэ бүхэн тод томруун харагдлаа. Бусад улс орон аль эрт нэгдүгээр сараас арга хэмжээ аваад эхэлчихсэн.

Гэтэл коронавирусийн асуудал үүсээд бараг хоёр cap болж байхад Монголын эдийн засагт ямар ч арга хэмжээ аваагүй. Сануулга егөөд байхад юу ч хийгээгүй. Тэгээд сайд нь долоон хоногийн өмнө гарч ирж мэдэгдэл хийсэн. Арга хэмжээ авна гэсэн. Энэ нь бие биенээ хуурсан, ард түмний нуруун дээр эрсдэлийг үүрүүлэх гэсэн шуналтай, мэдлэг чадваргүй хүмүүсийн үйлдэл гэж харагдаж байна. Энэ байдал төр засаг, томоохон корпорациуд, арилжааны банкуудад ч үүссэн байна.

Төсвийн орлого эхний хоёр сард 400 тэрбумаар тасалдсан. Хурдтай ажилламаар байна. Ард түмний нуруунд бүх ачааллыг үүрүүлээд өөрсдөө мэнд үлдэнэ гэвэл эндүүрэл. Хүн ёсны хариуцлага гэж нэг юм бийг мартаж болохгүй.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Чех улсад суугаа Монгол иргэдийн анхааралд

Шинэ коронавирусын халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсад орох болон гарах бүх нислэгийг тодорхой хугацаагаар /2020.03.11-2020.03.28 хүртэл/ түр зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан ХБНГУ-ын Берлин хотоор дамжин яаралтай эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн /өдрийг жич зарлана/ онгоцоор авахаар ажиллаж байгаатай холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 28-нийг хүртэл Монгол Улсад яаралтай буцах шаардлагатай байгаа иргэд ЭСЯ-нд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15.00 цаг хүртэл нэн яаралтай бүртгүүлнэ үү.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр дараах иргэдийг нэн тэргүүнд тусгай үүргийн онгоцоор буцаахаар төлөвлөж байна.

– Жирэмсэн эхчүүд
– Бага насны хүүхэд
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
– Өндөр настан /60-аас дээш насны/

Хүсэлт гаргасан иргэд холбоо барих утас, дараах баримт бичгийг бүрдүүлж, сканнераар оруулан /гар утсаар авсан зураг тооцогдохгүй/ ЭСЯ-ны prague3@mfa.gov.mn цахим хаягаар явуулна. Баримт бичиг гэдэгт дараахыг ойлгоно.

1. Эх орондоо буцах хүсэлтэй иргэний бичгээр гаргасан өргөдөл, гадаад паспорт, гадаад паспортын визтэй хуудас, хилээр нэвтэрсэн тэмдэг бүхий хуудас хавсаргана.
Өргөдөлд дараах агуулгыг тусгасан байна.

• Яаралтай буцах шалтгаанаа тодорхой бичсэн байна.
• Бүртгүүлсэн иргэн Монгол Улсад очсоны дараа 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах тухай хүлээн зөвшөөрсөн байна. Тусгаарлагдах байр, хоолны зардал өдөрт 50000-70000 төгрөг байна. /Уг нотолгоо баримтын агуулгын хувьд нутаг буцсаны дараа тусгаарлагдах, холбогдох горимыг чанд мөрдөх, төлбөрийг бүрэн барагдуулах, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрсөн байна/
• Дээр дурдсан өргөдөл/нотолгоонд сүүлийн 14 хоногийн хугацаанд тухайн иргэнд халуурах, ханиалгах зэрэг халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг тодорхой бичсэн байна.

Эхний ээлжинд Чех Улсад богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визээр зорчсон дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэн тэргүүнд хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ЭСЯ-ны уг өргөдлийг Берлин дэх МИАТ ХК-ийн төлөөлөгчид шилжүүлж, эцсийн шийдвэрийг тээвэрлэгч компани гаргана. /тусгай үүргийн онгоцны зорчигчийн тоо хязгаартай учир/

Нислэгээр явахаар шийдэгдсэн иргэдийн нэрсийг МИАТ ХК гаргах бөгөөд уг мэдээллийг иргэнд МИАТ ХК /Берлин дэх МИАТ ХК-ийн төлөөлөгчөөс лавлах/ мэдэгдэнэ.

Жич: Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн билетын үнэ 511 ам. доллар /өмнө нь МИАТ-ийн нислэгийн захиалгатай, билеттэй иргэдэд хамаарахгүй/.

Categories
гадаад мэдээ спорт

NBA-гийн улирлын тоглолтыг зогсоожээ

Сүүлийн өдрүүдэд “covid-19”-ийн тархалт спортын ертөнцийг нөмрөн харанхуйллаа. Өчигдөрхөн Италийн “Ювентус”-ын хөлбөмбөгчин Д.Ругани халдвар авсан бол өнөөдөр “Женоа”-гийн М.Габбиадини нэмэгдэж байна. Мөн Английн “Лэстер”-ийн гурван хөлбөмбөгчийн биеийн байдал сэжигтэй буйг дасгалжуулагч нь зарлав. Итали, Испанийн лигийн тоглолтыг түр зогсоож, Английн лиг үзэгчгүйгээр тоглох шийдвэр гаргаад байна.

NBA-д “Юта Жаз”-ын хоёр од Руди Гобер, Донован Митчелл нар шинэ вирусын хохирогч болж, нөхцөл байдал хүндэрсэн учир улирлын тоглолтоо тодорхойгүй хугацаанд түр зогсоогоод байна. Түүнтэй залгаад MLS буюу Америкийн хөлбөмбөгийн лиг улирлын тоглолтоо зогсоов. Хөлбөмбөгийн Аваргуудын лиг, Европа лиг цааш үргэлжлэх эсэх нь бүрхэг байна. Ирэх долоо хоногт болох байсан “Реал Мадрид”-“Манчестер Сити”, “Ювентус”-“Лион”-ий тоглолтыг лав хойшлуулжээ. Энэ мэтчилэн спортын олон уралдаан тэмцээнийг хойшлуулах болон цуцлах шийдвэр гарсаар байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн өмнөх сэтгэл зүйн бэлтгэл

сэтгэл зүй-н зурган илэрц

Аливаа гамшгийн үед хүн бүр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахад бэлэн байх ёстой. Гамшгийн үед сэтгэл зүйгээ бэлдээгүй тохиолдолд гэнэтийн цочролд орж, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирох аюултай. Тиймээс сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэж, болзошгүй тохиолдолд бэлэн байх үүднээс дараах зүйлсийг зөвлөж байна.

Үүнд:

  1. Гамшгийн талаарх ойлголттой байх
  2. Гамшгийн сэтгэл зүйн нөлөөллийг мэдэх
  3. Хожуу үүсэх стрессээс ангижирч, тайвшрах аргад суралцах
  4. Бие биетэйгээ ярилцах
  5. Нийгмийн харилцааг эрүүлжүүлэх
  6. Аливаа үйл ажиллагаанд эерэг, зөв, идэвхтэй оролцох
  7. Сөрөг бодлоо эерэг бодлоор солих
  8. Архи, тамхи, хорт зуршлаас татгалзах
  9. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөв ашиглах
  10. Өөртөө анхаарал тавих
  1. Гамшиг тохиолдсон үед та юу хийх вэ?

Гамшигт өртсөний дараа хүн цочролд мэдрэмтгий болдог бөгөөд гэнэтийн жижиг зүйлээс ч айж, энгийн зүйлсийг ч хийж чадахгүй шокийн байдалд хүрдэг. Тиймээс бэлтгэлтэй байхын тулд гамшгийн үед юу тохиолддог болохыг судалж мэдсэн байх шаардлагатай. Ингэвэл та гамшигт өртсөн тохиолдолд тайван, цочрол багатай хүлээн авна. Гамшигт хэрхэн, яаж оролцох ямар арга хэмжээг авах, гамшгийн үед ажиллах агентлаг, байгууллагын мэдээллүүдийг мэдэж байх нь танд тустай.

  • Гамшгийн сэтгэл зүйн нөлөөллийг мэдэх

Гамшгийн үеийн сэтгэлийн түгшүүр, айдас, хямрал, нойргүйдэл, хар дарсан зүүд зэрэг нь хүмүүст тохиолддог сэтгэл зүйн хэвийн шинж тэмдэг юм. Тодорхой бус нөхцөлд сэтгэлийн түгшүүр идэвхтэй байдаг. Хэрэв сэтгэлийн хямрал удаан үргэжлэх, ажил, амьдралаа хэвийн зохицуулахад асуудал үүсвэл сэтгэцийн эмч болон сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. Мөн сэтгэл зүйн өөрчлөлтийг үл тоох нь өөрт болон таны гэр бүл, эргэн тойрны хүмүүст сайн зүйл биш. Ердийн үед ч сэтгэл зүйн байдлаа ажиглаж, анхаардаг зуршилтай байх нь зүйтэй.

  • Стрессээс хэрхэн ангижрах, тайвшрах аргад суралцах

Стрессийг даван туулж сурснаар гамшгийн үед илрэх сэтгэл зүйн түгшүүр, сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Хамгийн шилдэг арга нь сонирхдог зүйлтэй болох, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх юм. Баясалгал, иог,

сунгалтын дасгал, булчин суллах дасгал, бодлоо цэгцлэх, хөгжим сонсох, ууланд алхах зэрэг дасгал хөдөлгөөнийг амьдралын зуршил болгох хэрэгтэй. Тайван, тогтвортой байдал нь стрессийг хялбар даван туулж, хэвийн, тайван байдалд хурдан оруулдаг. Сандрал, зовиур, түгшүүрийн байдалд амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй.

  • Сэтгэлээ уудлан ярилцах

Гамшигт нэрвэгдсэн үед бие биетэйгээ ярилцаж, холбоо барих нь сэтгэл зүйг тайвшруулдаг. Гамшгийн үед бусадтайгаа холбогдон, ярилцаж “Би ганцаараа биш” гэдгээ мэдрэх. Ердийн өдрүүдэд ч бусдыгаа сонсож, ярилцах нь сэтгэл зүйн бэлтгэл болно. Бусдыг шүүмжлэх, бусдад заахын оронд эхлээд сонсож сураарай. Бие биетэйгээ сэтгэлээ хуваалц, ярилц, сонс! Хүрээлэн буй хүмүүстэйгээ харилцсанаар, хямралын үеийг даван туулах ач тустай.

  • Эрүүл нийгмийн харилцааг бий болгох

Гамшгийн үед таны болон бусдын нүдэнд өртөхгүй, идэвхгүй байгаа хүмүүст анхаарал хандуулах хэрэгтэй. / бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, сэтгэл зүй, бие махбодийн хувьд сул дорой, бусадтай ярьдаггүй… г.м/

Зарим хүмүүс дуугаа хураах, ганцаараа байхыг илүүд үздэг. Ийм хүмүүсийг ч мөн адил сонсож, ярилцах нь ганцаардсан мэдрэмжээс нь салгаж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

Гэр бүл, найз нөхөд, хөршүүдтэйгээ цагийг өнгөрөөж, бие биедээ туслаж, аз жаргал, эерэг хандлагыг бий болгох.

  • Эерэг, хөгжилтэй үйл ажиллагаанд оролцох

Эерэг, сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь амьдралын идэвхийг нэмж, сэтгэл зүйг дэмжин, хүнд хэцүү байдлаас гарахад тусалдаг. Сайн дурын ажил хийх, гэр бүлтэйгээ хамт байх, ууланд алхах, өөрийн хоббитой болох зэрэг танд эерэг мэдрэмж өгдөг зүйлсийг үргэжлүүлэн хийх хэрэгтэй. Өөрийн дуртай зүйлээ хийх нь танд сайхан мэдрэмж өгөхөөс гадна эрч хүчийг тань нэмж байдгийг санаарай.

  • Эерэг бодлоор өөрийгөө цэнэглэх

Танд тохиолдсон зүйлсийн талаар хэрхэн бодож байгаа нь үйл хөдлөл, үйлдэлд тань нөлөөлдөг. Болж өнгөрсөн зүйлийг та өөрчлөж чадахгүй, тиймээс хэрэггүй бодлуудаа хаяж, танд тустай эерэг бодлууд дээр төвлөрөх нь үр дүнтэй даван туулах арга болно. Та өөрөөсөө байнга би эерэг зүйл бодож байна уу гэдгээ үргэлж асууж байгаарай!

  • Архи, тамхи, эмийн бодист найдаж болохгүй!

Гамшгийн үед стрессээс ангижрахын тулд архи, тамхи, хортой эмийг хэрэглэх тохиолдол байдаг. Гэвч эдгээр нь сэтгэл зүйн зовуурийг багасгадаггүй. Харин ч эсрэгээр бие, сэтгэлий эрүүл мэндэд муугаар нөлөөлж, хүмүүсийн хоорондох харилцаанд асуудал үүсгэдэг. Хэрвээ та сэтгэлийн шаналалтай байгаа бол эргэн тойрон дахь хүмүүстэйгээ заавал ярилцаж, мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг дахин зөвлөе!

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зөв ашиглах

Гамшгийн үед маш хурдан мэдээ мэдээлэл, цуу яриа тархдаг. Худал хуурмаг мэдээлэл, эсвэл цуу яриа нь хүмүүсийг илүү их түгшээж, буруу сонголт хийхэд нөлөөлдөг. Тиймээс үнэн бодит, мэргэжлийн байгууллагын эх сурвалжтай зөв мэдээллийг олж авах нь гамшгийг тайван замаар даван туулахад тус болдог.

  1. Өөртөө анхаарал тавих

Өөрийнхөө эрүүл мэндийг сахиж, эрүүл хоол, давтамжтай дасгал хөдөлгөөн хийж, шингэж зүйлс сайн уух, сайн амарч байх нь тустай. Халуун усанд орж, массаж хийж, өөрийн сонирхдог номыг уншиж, алхах хэрэгтэй.

Эцэст нь өөрийн бие махбодь болон сэтгэл зүйн эрүүл мэндээ үргэлж сахин хамгаалах нь чухал гэдгийг зөвлөе!


Онцгой байдлын ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

“Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгууллаа

“Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгууллаа

Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронвируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгууллатаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгууллаа.

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд холбогдох яам, агентлагийн төлөөллөөс бүрдсэн алба хаагчид ажиллах юм.

Шуурхай штабаас гаргасан коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх үүрэг чиглэлийг төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ф.Мэрлин: Франц улсын иргэн COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсанд маш их харамсаж байна

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Филипп Мэрлин “Юуны түрүүнд Монголд Улсад COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж байна. Надаар дамжуулан Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлснийг уламжилж байна. Бид иргэнтэйгээ холбогдож мэдээлэл авч байгаа. Биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн мэдээлэл авсан. Бид Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбар, эмч нарт манай улсын иргэнийг эмчилж чадна гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрээр энэхүү харамсалтай үйл явдлыг цаашид яаж засч залруулж явах тал дээр ихээхэн санаа зовинож байгаагаа уламжилсан юм.

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын Засгийн газраас өвчтөнийг эдгээхийн тулд байгаа бүх хүч чадлаа дайчлан ажилла гэдэг чиглэл өгсөн. Тийм бололцоо байгаа гэдгийг ч манай Эрүүл мэндийн сайд хэлсэн. Тиймээс одоо өвчтөний сэтгэл санааны байдал чухал. Өнгөрсөн хоногуудтай харьцуулахад нийгмийн сүлжээгээр тархаж байсан нэн таагүй хандлага буурч, ард иргэд маань ч ухаалаг хүлээцтэй хандан, тэр хэрээр өвчтөний сэтгэл зүйн байдал тогтворжиж, эмч, өвчтөн хоорондын харилцаа улам сайжирч байна” гэлээ.

Дэлхий нийтэд цар тахлын түвшинд тархаж буй COVID-19 халдварын Монгол Улсын анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэнтэй холбогдуулан тус улсын зүгээс иргэнээ авах хүсэлт гаргаад байсан. Харин өвчтөний сэтгэл санаа, биеийн байдал сайжирч, эдгээнэ гэсэн монгол эмч нарын итгэл өндөр байгааг үндэслэн иргэнээ нутаг буцаах асуудлаар дахин хөндөхгүй гэдгээ Элчин сайд Ф.Мэрлин уулзалтын үеэр хөндсөн. Өвчтөн ч эхэндээ нутаг буцах бодолтой байсан ч Монгол Улсад эмчлүүлэх шийдвэр гарган эмч, мэргэжилтнүүдийн заавраар шинжилгээ, үйлчилгээг ямар нэг асуудалгүйгээр даган биелүүлж байна гэж Монгол Улсын Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.