Categories
мэдээ нийгэм

Халиа дошин ихээр үүсээд буй хороодод үерийн уснаас хамгаалах далан суваг нэмж барина

Үерийн уснаас хамгаалах далан суваг нэмж барина

Хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, ЗАА-ны хотын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой комиссын 01 дүгээр албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шар усны үерээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 10,11,12,14 дүгээр хороод, Дэнжийн мянгын 1,2,3,4 дүгээр үерийн далангийн сувгууд, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо болон 27 хорооны Толгойт хэсэг, Баянзүрх дүүргийн 9,13,14,22 дугаар хороодын далан сувгууд, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо гэх мэт нийслэлийн хэмжээнд нийт 15 хороодод халиа дошин үүссэн нөхцөл байдалтай байна. Дээрх хороодод хөрсний уснаас үүссэн халиа дошинг холбогдох мэргэжлийн албад хэвийн болгож ажиллаж байгаа аж.

Ийнхүү жил бүр хөрсний уснаас халиа дошин үүсч байгаа учир шалтгааныг нарийвчлан тогтоохоор холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дуулгалаа.

Шар үерийн уснаас урьдчилан сэргийлэх хүрээнд Захирагчийн ажлын албаны хотын Инженерийн байгууламжийн хэлтээс далан сувгуудын нэвтрэх чадварыг сайжруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлуудыг хийж эхэлсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд 53 байршилд 148 км үерийн хамгаалалтын барилга байгууламжид хяналт тавьж байгаа аж.

НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслөөр халиа дошин ихээр үүсээд буй Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 10 хороодод үерийн усны далан суваг барихаар болжээ. Одоогийн байдлаар далан суваг барих,хөрсний болон булгийн усыг зайлуулах талаарх шугам зургийг баталгаажуулж, Автозамын газартай трассны асуудлаар зөвшилцөж байгаа талаар ЗАА-ны хотын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн мэдээллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэж, халиа дошин ихээр үүссэн газруудад ажиллаж байна. Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх гамшгаас хамгаалах мэргэжлийн албад томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангаж, үерийн аюулд өртөж болзошгүй айл өрхүүдийн судалгааг гаргаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар хэллээ.

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөс хайлж, хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн 12 удаагийн дуудлагаар ажиллаж, 23 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Харин Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан төдийлөн өөрчлөгдөөгүй хэдий ч зарим голуудад мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрсэн байна.

Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газар явуулын ажлын байртай боллоо

Hийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн Онцгой байдлын газарт явуулын хоёр ажлын байрыг өгөх шийдвэр гаргажээ.

Ингэснээр халдварт өвчний хөл хориотой үед өдөр, шөнөгүй ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагчдын ажиллах нөхцөл эрс сайжирч байгаа юм. Энэхүү явуулын ажлын байр нь давхар дулаалгатай хаалгатай, паркетан шалтай, хоёр давхар шилэн цонхтой, ачиж тээвэрлэх зориулалтай эвхэгддэг шат, чиргүүл бүхий эд ангиудтай.

Мөн компьютерийн иж бүрэн хэрэгсэл болон зургийн аппарат, гадна камер, сүлжээ цацах төхөөрөмж зэрэг ажлын байрны бүхий л шаардлагыг хангасан учраас албан хаагчид Шуурхай удирдлагын төвтэй интернэтээр шууд холбогдож, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх боломжтой болжээ. Түүнээс гадна албан хаагчдын ээлжээр амрах боломжийг хангаж, эвхэгддэг ор, телевиз, халаагуур, ус буцалгагч, ханын шүүгээ, сандал, агааржуулагч, цахилгаан зуух болон гал тогооны хэрэгслийг байрлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд 115 төлбөргүй ярианы дугаарт холбогдож гомдол, санал хүсэлтээ өгөх боломжтой

Өнөөдөр МУ-ын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва болон бусад холбогдох албаны хүмүүс, удирдлагууд “Хэрэглэгчийн утас -115” -ны албан ёсны нээлтийг хийлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2016 оны 12 дугаар сард иргэд, хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, бусад аж ахуй эрхлэгчдийн хэрэглэгчийн үйлчилгээний төвүүдтэй нэгдсэн системд холбогдох, мөн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх оновчтой механизмыг бүрдүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийг байгуулж байсан.

Тус төв нь үүсэн байгуулагдсанаас хойш буюу 2017-2020 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 8469 иргэд, хэрэглэгчийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг 1800-1284 утсаар болон биечлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэн 96 090 500 төгрөгний мөнгөн хохирлыг барагдуулан ажиллаж байна.
Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан бид бүхэн “Хэрэглэгчийн мэдээллийг төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж иргэд, хэрэглэгчиддээ улам илүү хүрч ажиллах үүднээс “Хэрэглэгчийн утас -115” төлбөргүй ярианы дугаарыг албан ёсоор ажиллуулж байна.

Иргэд, хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд “Хэрэглэгчийн утас-115” дугаарлуу ямар ч харилцаа холбооны операторын дугаараас үнэ төлбөргүйгээр ШӨХТГ-ын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд буюу худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа, зах зээлийн шударга бус өрсөлдөөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн чансаа тогтоох, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тарааснаас, өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах, тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан зэрэг асуудлаар гомдол, санал гаргах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэн “Н”-ийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Франц иргэнтэй нэг чиглэлээс ирж, тусгаарлагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн “Н” -ийн шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл мэдэгдлээ.

Мөн Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлагдаад байгаа Англи иргэн Davison Anthony Derek-ы болон Улаанбаатар-Өлгий-Увс чиглэлийн онгоцоор хамт зорчиж ирсэн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусний халдвар илрээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 83.2%-аар буурсан үзүүлэлт байна

Монгол Улсын 2020 оны хоёрдугаар сарын Нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдээс харвал энэ оны эхний хоёр сард 6,745 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 691 (9.3%)-ээр буурсан үзүүлэлт байна. Харин хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг 3,373 болж, өмнөх сараас 101 (2.9%)-ээр буурсан гэдгийг ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд онцоллоо.

Тодруулбал, Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад:

  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 449 (79.8%)
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 160 (9.9%)
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 86 (24.0%), хулгайлах гэмт хэрэг 135 (6.8%)
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 114 (83.2%), хүчиндэх гэмт хэрэг 49 (36.3%)
  • Өмчлх эрхийн эсрэг гэмт хэрэг 41 (1.0%) -ээр буурсан нь голлон нөлөөлжээ.
16 ба түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний хоёр сард 32 болж, өмнөх оны мөн үеэс гурваар буюу 8.6%-аар буурсан байна.

Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 101 (2.4 дахин), мал хулгайлах гэмт хэрэг 83 (22.4%), хөрөнгө завших гэмт хэрэг 39 (29.5%)-өөр тус тус өсжээ.

ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд үргэлжлүүлэн хэлэхдээГэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 170 хэргийн 23 (13.5%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 оны эхний хоёр сард 23 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 114 (83.2%)-өөр буурсан үзүүлэлт болсон. Түүнчлэн,

  • Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 оны эхний хоёр сард 426 болж, өмнөх оны мөн үеэс 22 (4.9%)-оор
  • Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 38 болж, 4 (9.5%)-өөр
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 170 болж, 155 (47.7%)-аар
  • Бүлэглэн үйлдсэн хэрэг 294 болж, 5 (1.7%)-аар
  • Хүүхэд оролцсон хэрэг 64 болж, 19 (22.9%)-өөр тус тус буурсан.

Харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 540 болж, 128-аар буюу 31.1%-аар өссөн байна” гэлээ.

Ийнхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний хоёр сард 34.1 тэрбум төгрөг болж, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 2.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 1.2 (3.5%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 5.0 (65.4%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болсон аж.

Нэмж дуулагахад гэмт хэргийн улмаас 2020 оны эхний хоёр сард хохирсон 6,517 хүн байгаагаас

  • 36 (0.6%) нь 7 хүртэлх насных
  • 228 (3.5%) нь 8-17 насных
  • 1,619 (24.8%) 18-29 насных
  • 2,052 (31.5%) нь 30-39 насных
  • 1,405 (21.6%) нь 40-49 насных
  • 1,177 (18.0%) нь 50, түүнээс дээш насных байгаа юм.

Мөн улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сард 17.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 2.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (11.9%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 659 (43.5%) -өөр өссөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Янжмаа: Дэлхийн 26 орон боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож, COVID-19 халдварын шинжилгээний хариунууд гарсныг танилцууллаа.

Тэрбээр “Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Энэ бол маш сайн мэдээ. Энэ дотор кэмпт франц иргэнтэй ойрхон байсан есөн хүний шинжилгээний хариу багтаж байгаа. Нэлээн ойрхон байсан, санаа зовоож байсан хүмүүсийн хариу энэ 58 дотор байгаа гэдгийг бас хэлмээр байна.

Өнөөдөр Дорноговийн кэмпээс нэмж сорьцууд ирнэ. Энэ ямар учиртай вэ гэхээр тэнд тусгаарласан хүмүүсээс тодорхой хэдэн хоногийн дараа шинжилгээ авъя гэж бид зөвлөлдсөн. Тийм учраас өнөөдөр сорьцууд ирнэ. Үүний хариу маш чухал.

Гуравдугаар сарын 11-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Франц иргэний хавьтал болон бусад үйл ажиллагаа тусдаа явж байгааг тусад нь мэдээлж байна. Энэ өдөр нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа. Хяналтад байгаа хүмүүсээс шинжилгээ аваагүй ч гэсэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд байнга хяналт тавьж байна. Энэ бол маш чухал үзүүлэлт. Гэрээрээ байгаа хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгч байна.

12-нд ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байгаа” гэдгийг хэллээ.

“ХӨСҮТ-д байгаа COVID-19 халдвар авсан иргэний биеийн байдал тогтвортой байгаа” талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэв.

Тэрбээр хэлэхдээ “ХӨСҮТ-д байгаа COVID-19 халдвар авсан иргэний биеийн байдал тогтвортой байна. Бид зөвлөх эмч нартайгаа холбогдож, эмчилгээнд нь байнгын хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай дүрс оношилгоо, зүрх судасны чиглэлийн эмч нарыг дайчлан ажиллаж байна.

Түүнээс гадна бид нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 1,273 иргэнийг ажиглалтад авч хянасан бөгөөд 282 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авахад онош нь үгүйсгэгдсэн.

Өчигдрийн мэдээллээр Ховд аймгийн Булган суманд гурван иргэнийг тусгаарлалтад оруулж, ажиглалтад авсан. Тухайн иргэдийн биеийн байдал сайн байгаагаас гадна тэд эх орондоо ирсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн.

Мөн Дархан-Уул аймгийн хилээр 10 иргэн орж ирсэн. Тэдгээр иргэнээс Филиппин, Тайланд, ОХУ-аар дамжсан 4, Австралиас Москвагаар дамжиж ирсэн 4 ирсэн бөгөөд Шанхай болон Германаас Москвагаар дамжиж 2 иргэн ирсэн. Тэднийг ажиглалтын байранд тусгаарлаад байна. Ингээд Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар нийт 72 хүн ажиглалтад, нэг хүн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагджээ” гэв.

Үргэлжлүүлэн “Засгийн газраас гаргасан 77 дугаар тогтоолоор шийдсэн хөрөнгөөр тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагаа бүрэн хийгдэн явж байна. Эрүүл мэндийн яамнаас нийт 160 төрлийн цуврал инфографик, 64 төрлийн дүрс видеог цацсан бөгөөд ээлжит хэвлэлийн хурлаа 58 удаа зохион байгуулаад байна.

Мөн өчигдөр бид ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хамтран зохион байгуулсан цахим хуралд оролцсон.

БНХАУ -ын хувьд яг л бидэнтэй адил урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний гэсэн хоёр чиглэлд анхааран ажиллаж буй.

Тэд эв нэгдэлтэй, зохион байгуулалттайгаар халдварын эсрэг тэмцэж байгаагаас гадна халдвар авсан иргэдээ сэтгэл санаагаар унагахгүйгээр дэмжиж ажилласны үр дүнд тархалтыг хязгаарлаж чадаж байна хэмээн мэдэгдсэн.

Тэдний мэдээлж байгаагаар өвчилсөн хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн болон дунд зэргээр өвчилсөн бол 15 хувь нь хүндээр, таван хувь нь маш хүндээр өвчилсөн гэсэн. Мөн аль болох бөөнөөрөө цуглахаас сэргийлж байна гэсэн мэдээлэл өгсөн.

Бусад улсын төлөөллүүд ч ярихдаа иргэд сандарч, эмнэлэг рүү бөөгнөрөх нь өөрсдөдөө халдвар авах эрсдэл бий болгохоос гадна тухайн эмнэлгийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахад хүргэх эрсдэлтэйг сургамжилж байна.

Бид эмнэлгийн бэлэн байдлыг хангах болон хэрвээ тохиолдол иргэдийн дунд гарвал хэрхэн эмнэлгийн тусламж үзүүлэх тал дээр бэлтгэл хангаж байна” хэмээн нэмж хэллээ.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Тэрбээр “Европ тивд халдварын тархалт өргөн хүрээтэй голомтлон тархаж байна. Тухайлбал, Италид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн нас барж, нийт нас баралт 1,016 боллоо. Мөн халдвар авсан хүний тоо 21.7 хувиар өсөж 15,113 болсныг мэдээллээ.

Итали улсаас Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаа тул хязгаарлалтын арга хэмжээгээ өргөжүүлж, Европын ихэнх улсад цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хязгаарлалтууд нь хэсэгчилсэн байдалтай байсан бол үндэсний хэмжээнд болгохоос гадна, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацаагаа дахин сунгаж байгаа.

Өнөөдрийн байдлаар Европ тивд нийт 13 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн хаасан байна.

Зөвхөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохоос гадна баар, ресторан, үзвэр үйлчилгээний газрууд, спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, зарим улс оронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна.

Болгар улсад нэг нас брала бүртгэгдсэн. Тул улсад халдвар 7-23 болж огцом нэмэгдсэн учраас үндэсний хэмжээний онц байдал зарлахаар Засгийн газар нь парламентдаа асуудал оруулаад байгааг мэдээлсэн.

Дэлхийн хэмжээнд 26 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа.

АНУ-д маш олон мужууд хязгаарлалтын арга хэмжээг шинээр авч мөн өргөтгөж байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Захирамж зөрчсөн авто засварын газрын үйл ажиллагааг зогсоож, торголоо

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/333 дугаар захирамжийн хүрээнд НМХГ-аас 350 улсын /ахлах/ байцаагч албан хаагчид 2020 оны 03 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд хяналт тавин ажиллаж байна.

Нийслэлийн 9 дүүргийн худалдаа, үйлчилгээний 3877 аж ахуйн нэгж байгууллага, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж “Сovid-19 халдвараас гэр бүл, албан ажлын хүрээнд хэрхэн сэргийлэх, ариутгал, халдваргүйжилт яаж хийх зэрэг зөвлөмж мэдээлэл өглөө.

Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар СХД-ийн 32-р хороонд байрлах “Эвэрдигм Монголиа” ХХК–ийн авто засварын газар хаалгаа цоожлон дотроо 16 ажилтан ажиллуулаж байсан зөрчилд Гамшгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 1 сая 500 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан гэж НМХГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Франц иргэнтэй ойр байсан 207 хүний шинжилгээний хариу “сөрөг” гарав

“COVID19” халдвартай франц иргэний хамт онгоцоор ниссэн, галт тэргээр зорчсон, гар барьсан зэрэг нэг, хоёрдугаар хавьтлын 207 хүний шинжилгээний хариу “сөрөг” буюу халдваргүй гарсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 12-ны 15.00 цагийн байдлаар 149 хүний шинжилгээний хариу “сөрөг” гараад байсан бол өнгөрсөн шөнө 58 хүний шинжилгээний хариу “сөрөг” гарсан байна. Үүнд Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарласан, Английн иргэнээс авсан сорьцын хариу мөг багтаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд

СӨҮл-н зурган илэрц

БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу, бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.

  1. Тусгай нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд БНСУ-даа коронавируст халдварын шинжилгээнд заавал орсон байх шаардлагатай.
  2. Иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 700000 төгрөг,

Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлагдах бол 40000 төгрөг буюу нийт 560000 төгрөг

0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 настай хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 420000 төгрөгийн төлбөр төлнө.

Дээрх төлбөрийг БНСУ-аас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

  1. Сөүлээс эхний нислэгээр ирэх бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлана. Цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг Улаанбаатарт байгаа ар гэр нь урьдчилан бэлтгэж, нислэгээс өмнө дээрх байранд хүргэж өгсөн байна.
  2. Нийт зорчигчийн ачааг нисэх буудлаас ар гэрийнхэн нь ирж авна. Тухайн зорчигч зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очно.
  3. Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өвчний талаарх мэдээлэл, тухайн иргэний Монголд байгаа ар гэртэй холбоо барих мэдээллийг ЭСЯ–наас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор Улсын онцгой комиссын шуурхай штабт ирүүлнэ.
  4. Тусгай нислэгээр нутаг буцах иргэд эрүүл мэндийн асуумжийг санаатайгаар худал бөглөх, халдварт өвчтэйгөө нуух, улмаар бусдад халдаасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” гэсэн үндэслэлээр 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттайг анхаарна уу.
  5. Коронавирусын халдвар дэлхийн 100 гаруй улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарласан. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул Улсын онцгой комиссын шуурхай штабаас гаргасан шийдвэр, шаардлагуудыг Монгол Улсын иргэд хатуу мөрдөж биелүүлэх шаардлагатай.

Жич: Холбогдох мэдээллийг 18001105, 51-262022 тоот утаснаас лавлах боломжтой.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН
ШУУРХАЙ ШТАБ