Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ үнэ төлбөргүй ярианы 115 дугаарыг ажиллуулж эхэллээ

Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан “Хэрэглэгчийн мэдээллийг төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж иргэд, хэрэглэгчиддээ улам илүү хүрч ажиллах үүднээс “Хэрэглэгчийн утас -115” төлбөргүй ярианы дугаарыг албан ёсоор ажиллуулж эхэллээ. Иргэд, хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд “Хэрэглэгчийн утас-115” дугаар руу ямар ч харилцаа холбооны операторын дугаараас үнэ төлбөргүйгээр ШӨХТГ-ын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд буюу худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа, зах зээлийн шударга бус өрсөлдөөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн чансаа тогтоох, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тарааснаас, өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах, тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан зэрэг асуудлаар гомдол, санал гаргах боломжтой юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2016 оны 12 дугаар сард иргэд, хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, бусад аж ахуй эрхлэгчдийн хэрэглэгчийн үйлчилгээний төвүүдтэй нэгдсэн системд холбогдох, мөн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх оновчтой механизмыг бүрдүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийг байгуулж байсан.

Тус төв нь үүсэн байгуулагдсанаас хойш буюу 2017-2020 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 8,469 иргэн, хэрэглэгчийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг 1800-1284 утсаар болон биечлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэн 96,090,500 төгрөгний мөнгөн хохирлыг барагдуулжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар хамтарч ажиллахад хэдийд ч бэлэн байх болно гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг болзошгүй аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэртэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг энэ оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлж, мөн хугацааг 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үүрэг бүхий Шуурхай удирдлагын штабыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулж, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газартай хоёр цаг тутам онцлог мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна.

Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох тухай” 05 дугаар тогтоолын дагуу Монгол Улсад коронавирус (COVID-19)-ийн халдварын анхны батлагдсан тохиолдол Франц Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг энэ оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж байна.

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах, зорчигч тээврийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь, зураглалын дагуу энэ оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 03 дугаар сарын 12-ны өдрийн 06.00 цагийн байдлаар нийслэл хот руу нэвтрэх 4216 тээврийн хэрэгсэл, 11892 иргэн, нийслэл хотоос гарсан 2783 тээврийн хэрэгсэл, 7700 иргэн, нийслэлийн алслагдсан дүүргүүд болон аймаг, сумын төвүүд рүү орох чиглэлд 11574 тээврийн хэрэгсэл, 33416 иргэн, гарах чиглэлд 9214 тээврийн хэрэгсэл, 26781 иргэн буюу нийт 27787 тээврийн хэрэгслээр 79789 иргэнийг тус тус шалган нэвтрүүлэхэд хоногт 1019 цэгт 883 цагдаагийн алба хаагч, холбогдох мэргэжлийн байгууллагын 2388 албан хаагч, ажилтнуудтай хамтран эрүүл мэндийн чиглэлээр тандалт хийж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллалаа.

Улсын хэмжээнд нийтийн хэв журам сахиулах явган эргүүлд 113 чиглэлд 173, машинт эргүүлд 23 чиглэлд 46 алба хаагч, нийслэлийн хэмжээнд нэмэгдлээр 143 хэсгийн байцаагч, 135 хорооны цагдаа, олон нийтийн 89 цагдаа үүрэг гүйцэтгэж байна.

Халдварт өвчин судлалын Үндэсний төвд 153, “Асралт мед” эмнэлэгт 49, Цэргийн төв эмнэлэгт 85, Онцгой байдлын ерөнхий газрын “Жаргалант” сэргээн засах, давтан сургалтын 113 дугаар ангид 40, “Багабаян” цэргийн амралтад 132, “Энхсаран” амралт, сувиллын газарт 31, Сэлэнгэ аймагт 97, Дархан-Уул аймагт 63, Дорноговь аймагт 100, Баян-Өлгий, Өмнөговь, Булган, Увс аймагт тус бүр 1, Дорнод, Хэнтий, Хөвсгөл аймагт тус бүр 2, Орхон аймагт 11, нийт 771 иргэн ажиглалтад, сэжигтэй тохиолдлоор Халдварт өвчин судлалын Үндэсний төвд 31, Налайх дүүрэгт 1 иргэнийг тус тус тусгаарлагдсан тул гадна орчинд 64 алба хаагч, 19 автомашинтайгаар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна.

Үүссэн нөхцөл байдлын үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй хангах үүргээ нэртэй биелүүлж байгааг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос өндрөөр үнэллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Элчин сайд Ахмет Язал Турк улс найдвартай, хямд оношлуур гаргасан талаар мэдээлэл өгөв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзаж, “COVID-19” коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу БНТУ-д богино хугацааны визтэй зорчсон хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдээ тусгай захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдээлэн, хамтран ажиллахыг хүслээ.

Мөн Монгол Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу БНТУ-аас нутаг буцах монгол иргэдийг “COVID-19” вирусын шинжилгээнд хамруулахад туркийн талаас дэмжлэг хүсэв.

Элчин сайд Ахмет Язал БНТУ тэр дундаа Истанбулын олон улсын нисэх онгоцны буудалд “COVID-19” вирусийн эсрэг авч буй арга хэмжээний талаар танилцуулж, Турк Улс найдвартай, хямд оношлуур гаргасан талаар мэдээлэл өгөв. Элчин сайд Истанбул руу тусгай захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

СБД-ийн ЗДТГ жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилчдадаа 7 хоногт гурван өдрийн цалинтай чөлөө олгохоор болжээ

Шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19 өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссоос 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгосон билээ.

Тус чиглэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гуравдугаар сарын 30-ныг дуустал хэлтэс, тасаг, хороодынхоо жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагчиддаа долоо хоног бүрийн гурван өдөр цалинтай чөлөө олгохоор болжээ.

Ингэхдээ төрийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс чөлөөнд хамрагдсан албан хаагчдын ажлыг бусад нь орлох, өдрүүдийг нь зөрүүлэх зэрэг зохицуулалтыг хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Теле хичээл ирэх долоо хоногоос телевизүүдээр гарч эхэлнэ

Коронавирусний дэгдэлт, тархалттай холбоотой ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулийг хөл хорионд оруулаад байгаа бөгөөд 29 улс орон сургалтын хэлбэрийг онлайнаар зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол Улс юм. Мөн Теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгааг дуулгахад таатай байна.

3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд СӨБ, Бага боловсрол, Суурь боловсрол, Бүрэн дунд боловсрол, ЭЕШ, Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсролын нийт 209 хичээл бичигдэж, дараа долоо хоног буюу 3 дугаар сарын 16-аас эхлэн телевизүүдээр гарна.

Энэ удаагийн Теле хичээлийг 16 телевизийн уран бүтээлчид багш, дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагч болон БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид зэрэг зөвлөх, чиглүүлэгчид хамтран бүтээж байна.

Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсрол, ЭЕШ гэсэн хичээлүүд бүх телевизүүдээр гарах бол, бусад хичээлүүд хуваарийн дагуу телевизүүдээрээ гарна. Тиймээс багш, эцэг эхчүүд та бүхэн хуваарийн дагуу хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэхэд анхаарлаа хандуулна уу. Харин дор бүрнээ хариуцлагатай хичээлээ хийхийг сурагч дүү нартаа зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар цугларсан мөнгийг Хятадын талд гардууллаа

БНХАУ-д дэгдсэн COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын зүгээс өрнүүлсэн “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар цугларсан мөнгийг Хятадын талд гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд болов. Монгол Улсын төр засгийн байгууллагууд болон 43 аж ахуйн нэгж, 188 иргэдээс цугларсан 391.6 сая төгрөгийн хандивыг гардуулах энэхүү ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

Арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цэрэнбат болон болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй нар харилцан үг хэлэв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, БНХАУ-д COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд туслах, Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх зорилгоор Монгол Улсын төр засгийн байгууллагуудаас өрнүүлсэн “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” аянаар цугласан мөнгийг хятадын талд гардуулан өгч байгаадаа баяртай байна. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдүү явахад тэвнээр тусал” гэдэг Монгол ардын зүйр үг байдаг. Бидний өгч буй сэтгэлийн дэмжлэг далайд дусал болох болтугай гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэгчээр Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд үед дэмжиж байгаагийн илэрхийлэл болгон энэхүү аяныг өрнүүлсэнд маш их талархаж байна. Энэ бүхэн нь Д.Цогтбаатар сайдын хэлсэнчлэн, хоёр улсын харилцаа хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болон хөгжиж байгаагийн илрэл мөн. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ үе шатанд гарч урагшлан хөгжиж байгааг энэ хандивын аян харууллаа гэв.

Categories
мэдээ нийгэм

ХБНГУ-д богино хугацааны визтэй зорчсон монгол иргэдийг тусгай нислэгээр авчирна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 3 дугаар сарын 13-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан Улсын Онцгой комиссоос 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу ХБНГУ-д богино хугацааны визтэй зорчсон хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдээ тусгай захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв. Чингэхдээ Монгол Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу ХБНГУ-аас нутаг буцах монгол иргэдийг ‘COVID-19’-ын шинжилгээнд хамруулахад германы талаас дэмжлэг хүсэв. Мөн визийн хугацаа нь дуусгавар болж буй манай иргэдийн визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.

Элчин сайд Ёорн Розенберг ХБНГУ “COVID-19”-ын эсрэг ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж буй талаар мэдээлээд Берлин рүү тусгай захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж, хариу өгөхөө мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 133977-д хүрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 13-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусний халдвараар 4964 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 133977-д хүрсэн бол 68913 хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Гуравдугаар сарын 13-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 49 хувь нь цастай ба дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 шоо.км байна. Жишээлбэл, Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав 80-90 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 2.55 шоо.км бол Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг голуудын савын 50-70 хувь нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.52 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Нууц албанаас гаргасан мэдэгдэл

Шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн тархалттай холбоотой цахим халдлага, луйвар хийх тохиолдол гарч байгаа талаар АНУ-ын Нууц албанаас дараах мэдэгдлийг гаргажээ.

  1. “Phishing emails” буюу бодит байгууллага/хувь хүн, эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчинтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээ хүргүүлж буй мэтээр вирустэй хавсралт бүхий цахим шуудан илгээх;
  2. Нийгмийн сүлжээгээр дамжуулан өвчний халдвар авсан болон эрсдэлтэй бүлэгт хамаарч буй хүмүүст туслах хуурамч хандивын аян зохион байгуулж, цугларсан мөнгийг завших;
  3. Халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх эм, бэлдмэл, бусад бүтээгдэхүүнийг нийлүүлнэ хэмээн хуурч урьдчилгаа төлбөр, барьцаа авах зэрэг болно.

Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, цахим шуудангаар ирсэн аливаа хавсралтыг нээхийн өмнө эх сурвалжийг нягтлах, тухайн мэдээлэл бодит хүн/байгууллагаас ирсэн эсэхийг шалгаж үзэх, цахим хуудасны домэйн хаягийг вэб хөтчид өөрийн гараар шивж оруулж байж тухайн вэб сайтад зочлох, домэйн хаягийн урьд хэсэгт байрладаг SSL(Secure Socket Layer) нь алдаа зааж буй эсэхийг давхар шалгаж байхыг анхааруулжээ.