Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлж байна

миат-н зурган илэрц

Шинэ төрлийн коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр авчирна.

2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх бол Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт тус тус хийхээр хуваарь гарч бэлтгэл ажлыг хангаад байна. Улаанбаатар-Истанбулын нислэгийн зөвшөөрөл авахаар Туркийн талтай ажиллаж байгаа тул тухайн чиглэлийн нислэгийн тов тодормогц жич мэдэгдэх болно.

Одоогоор Сөүл хот руу 1-2 удаагийн нислэг, Токио, Москва, Истанбул хотууд руу тус бүр 1 удаагийн нислэг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна.

Олон улсын нислэгүүдийг түр зогсоосонтой холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй болоод байгаа гадаадын иргэдийг тухайн улсын Дипломат төлөөлөгчдийн газруудын албан ёсны хүсэлтийн дагуу дээрх нислэгүүдээр нэн түрүүнд тээвэрлэх бөгөөд гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг мөн Улаанбаатараас тээвэрлэх юм. Цаашид гадаад улсад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисст танилцуулан шийдвэрлэх чиглэлээр ажиллах тул ард иргэдийг хүлээцтэй, тайван байж, ойр байрлах Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газруудад хандах, эсвэл Гадаад харилцааны яамны шуурхай утас /83042222, 83052222/-аар холбогдохыг зөвлөж байна.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Categories
мэдээ нийгэм

Манай иргэн 14 хоног тусгаарлагдаад энэ сарын 6,7-нд шинжилгээ өгөхөд хоёуланд нь сөрөг хариу гарсан гэв

Л.Мөнхтүшиг,-н зурган илэрц

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, “БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн “COVID-19”-өөр халдварласан гэх мэдээллийг Сөүл дэх Элчин сайдын яамаараа дамжуулан нягталлаа. Дээрх хоёр тохиолдлын нэг нь уг өвчний халдвар авсан нь тогтоогдсон ч, тухайн иргэн элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлт гарсан. Харин хоёр дахь иргэний талаарх мэдээлэл тодорхой биш байна гэсэн учир бид бүрэн гүйцэд албажуулсны дараа мэдээлэхээр ажилласан. БНСУ-ын Дэгү хотод амьдарч байгаа Монгол Улсын иргэн “Б” хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрч дүүргийн эмнэлэгтээ хандан шинжилгээ өгсөн байна. Хоёрдугаар сарын 27-нд түүний шинжилгээнээс “COVID-19” халдвар авсан нь тогтоогдсон. Тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн вирусний хэмжээ маш бага гэсэн тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 хоног тусгаарлагдаад энэ сарын 6,7-нд шинжилгээ өгөхөд хоёуланд нь сөрөг хариу гарсан. Тиймээс манай иргэн эрүүл саруул байгаа” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларснаас цас эрчимтэй хайлж, шар усны үер болох нөхцөл бүрдэж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, Хэнтэйн уулсаар цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

2020 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 15-нд зарим газраар, 16-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 18-нд нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Лолита

Хаант Оросын үеийн өндөр соёлт язгууртны гэр бүлд төрсөн Владимир Набоковын “Лолита” романыг хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл элдвээр шүүмжилж, эгдүүцэж, садар самуун зохиол гэж цэрвэж, гаж өгүүлэмжтэй хэмээн өөлж ирсэн ч дурлаж уншсаар байна. Утга зохиолд шимтэгсдийг дурлуулсаар яваагийнх нь нууцыг шүүмжлэгч Мартин Эмис “Үргэлжилсэн үгийн зохиолын өгч болох хамгийн дээд, таатай мэдрэмжийг өгдөг, оюуны, төсөөллийн, гоо зүйн гайхалтай өдөөгч” гэж тодорхойлсон нь бий. Набоков “Лолита”-гийнхаа гар бичмэлийг шатаах гэж олон удаа оролдож байж. Тэр бүрд эхнэр Вера нь болиулж байсан гэдэг. Бүр нэг удаа галд үйж байхад нь шүүрч авсан түүхийг “Лолита”-г орчуулсан “Монсудар”-ын редакцийнхан номын өмнөтгөлд сонирхуулжээ. Номын өмнөтгөлд “Лолита”-г наминчлалын романд хамаарна гэж онцолсон байна лээ. Унших явцад энэ тодотголд толгой дохимоор хэсэг цөөнгүй таарсныг онцолъё.

Тухайн үед “Лолита”-г зориглож хэвлэх хэвлэлийн газар олдоогүй, эротик агуулгатай зохиол бичдэг жижигхэн хэвлэлийн газар л толгой дохисон, хэвлэгдсэн эхэн үедээ хэний ч сонирхлыг татаагүй, 1955 оны зул сарын баяраар алдарт зохиолч Грэхэм Грийн “Лолита бол энэ жил уншсан хамгийн шилдэг гурван номын минь нэг” гэснээр олны анхааралд орсон, 1958 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа гялалзсан амжилт олж Набоков хормын төдий дэлхийд алдартай чинээлэг зохиолч болсон гэх мэтээр энэ номын тухай яривал олон сонирхолтой түүх өгүүлж болно.

Зохиолын үйл явдлыг товч сийрүүлье. Ном бүхэлдээ утга зохиол судлаач Гумберт Гумбертийн дурсамж, өгүүлэмжээр өрнөнө. Зохиолын гол баатар хүн амины хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаад шүүх хурал болохын өмнө титэм судасны бөглөрөл өвчнөөр нас бардаг. Шоронд байхдаа өсвөр насны охин Долорес Гейз охинд өгсөн, байж боломгүй хайр сэтгэлийнхээ тухай хүүрнэнэ. Долорес Гейз өсвөр насных нь дурлал Аннабеллийг санагдуулсан учраас сэтгэл алдан дурласнаа Гумберт “Аз эзийн алин болох нь бүү мэд, Аннабела бол Лолитагийн эхлэл гэж би бат итгэсэн хэвээр үлдсэн” хэмээдэг. Тийм ч учраас номын өмнөтгөлд “Бидний сэтгэлийн гүнд буй хүсэл сонирхлыг өдөөн сэрээхийн хамт эцсийн эцэст энэ бол ердөө л хоригдож дарагдсан хүсэл шунал, амьдралын золиос болсон хүний тухай зохиол юм гэдгийг ухааруулдаг. Үнэндээ амьдрал л түүнээс анхны хайртыг нь булааж аваагүй гэж үү. Хүсэл шуналаа зоргоор нь тавьчихалгүй асар удаан барьж, тэвчиж яваагүй гэж үү” гэсэн тайлбар зүүсэн байх. Бага жаахных нь дурлал болсон Аннабела нь хөтлөлцөн гүйж үерхэж эхэлсэн тэр жилээ гэдэсний хижиг өвчнөөр нас барсан юм.

Идэр залуу нас нь аль хэдийнэ хэвийсэн үед Аннабелтайгаа хачин адилхан Лолита охинтой таарсан Гумберт охинтой ойр байхын тулд ээжтэй нь буюу бэлэвсэн хатагтай Шарлотта Гейзтэй гэрлэнэ. Хэсэг хугацааны дараа Шарлотта автын осолд орж нас барна. Ээжээсээ өнчирсөн Лолитаг асрах эрх хойт аав болох Гумбертэд шилжинэ. Дагавар охиндоо хандах жир бус хандлагыг нь мэдчих вий гэсэн болгоомжлол нь Гумбертийг АНУ-аар хөндлөн гулд аялахад хүргэнэ. Аяллын хань нь хэн гэдэг нь тодорхой. Мэдээж хонгор багын дурлалт охиныг нь санагдуулсан бяцхан жаахан Лолита. Аяллынхаа эцэст тэд шинэ Англи маягийн Бердслей хэмээх хотод суурьшина. Лолита сургуульдаа сурч, амьдрал үргэлжиллээ. Эцэст нь Лолита Гумбертээс зугтана. Гуниг, цөхрөлд автсан эр сүүлд Лолитагаа олох ч тэс өөр Лолитаг олж харна. Ингээд ч зогсохгүй санаанд оромгүй аймшигт аллагатай нүүр тулна.

50 настайдаа “Лолита”-гаа бичиж дэлхийн зохиолч болсон Набоковын хорхойсон дурладаг хобби нь эрвээхэйн цуглуулга байж. “Гоё сайхны араас, эрвээхэйн хойноос хөөцөлдөж явсан дотоод тэмүүлэл нь “Лолита”-г бичих шалтгаан болсон байж магадгүй, төрөлхийн үзэсгэлэн төгсийг хайсан мөнхийн эрлийнх нь илэрхийлэл “Лолита” байх” гэсэн утгатай үгийг энэ романыг хэд хэдэн удаа уншсан сурагч охин унагасан байна лээ. Бас л сонин өнцөг.

Categories
мэдээ цаг-үе

Н.Сувдмаа: Тусгаарлах нь дотны хүмүүсийг нь хамгаалж буй ажил гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-ХӨСҮТ дээр өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор яг ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нэгдүгээр сараас ДЭМБ-аас өндөржүүлсэн байдал зарлаж хоёрдугаар сарын дунд үеэс эрсдэлийн үнэлгээ хийгдлээ. Энэ утгаараа бид нэгдүгээр сараас эхлэн тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжиж ажиллаж байгаа. Улсын хэмжээнд Улсын онцгой комиссоос гамшгийн тухай хуулиар хагас өндөржүүлсэн байдалд шилжлээ. Дээрх захирамж, журмын дагуу бид 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Нэгдүгээрт, 24 цагаар иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллаж байна. Хоёрдугаарт, шуурхай хариу арга хэмжээний таван баг агаарын хил, төмөр зам зэрэг нэвтрэн орох цэгүүдэд хилийн мэргэжилтнүүдтэй хамтран 24 цагаар ажиллаж сэжигтэй тохиолдол болон тусгаарлах шаардлагатай иргэдийг зохион байгуулалтад оруулж ажиллаж байна. Төлөвлөлтийн баг, эрсдэлийн харилцаа холбооны баг, санхүүжилтийн баг, шуурхай хариу арга хэмжээний багуудад хуваагдан ажиллаж байна аа. Ингэснээр тодорхой бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх, мөн 21 аймаг, есөн дүүрэг дэх улс хувийн хэвшлийн эмийн нөөц, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц, тоног төхөөрөмжийн нөөц, нөөцийн дутагдалтай газруудад Эрүүл мэндийн яамтай хамтран хангах зэрэг ажлуудыг хийж байна.

-Иргэдэд чиглэсэн ажлын тухайд?

ДЭМБ-аас өгч буй гол зөвлөмж бол ерөөсөө л гараа тогтмол сайн савандаж угаах, амны хаалтаа зөв зүүх, зөв тайлах. Одоо бол иргэд амны хаалт зүүх нь зүйтэй гэсэн ойлголтыг авчихсан байгаа. Дараагийн асуудал нь амны хаалтаа хэрхэн зөв тайлах юм бэ гээд дэс дараалалтайгаар бид зөвлөмжүүдийг өгсөөр байна. Мөн зөв ханиаж найтаах, гудамж талбайд нус цэрээ хаяж болохгүй юм байна гэсэн ойлголтуулыг авснаар зөв дадал зуршил бий болох юм. Ингэснээр иргэд шинэ коронавирусийн халдвараас гадна бусад амьсгалын замын болон ханиад томуу багасах ач холбогдолтой гэдгийг харж байна. Томуу, томуу төст өвчний халдварууд буурсан үзүүлэлттэй гарч байна.

-Иргэдийг тусгаарлалтад, ажиглалтад авсан хэрнээ шинжилгээ авахгүй удаж байна гэдэг ч юм уу мэр сэр шүүмжлэл гардаг. Иргэдийг тусгаарлах, ажиглалтад авах арга хэмжээний талаар тодруулахгүй юу?

-Хилийн мэргэжлийн хяналттай хилийн нэвтрэн орох цэг дээр бид хамтарч ажиллаад зорчигчдыг эрүүл мэндийн хуудас болон асуумж бөглүүлж байгаа. Мөн биеийн халуун хэмжих, бусад шинж зовиур илэрсэн эсэхийг асуумж судалгаагаар аваад ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байна. Бусад өвчлөлтэй бүс нутаг болон эрсдэлтэй бүс нутгаас буюу Итали, Хятад, БНСУ-аас ирсэн иргэдийг эмнэлэгт ажиглалтад авч байгаа. Бусад улс орноос ирсэн иргэдийг гэрт нь тусгаарлалтад авч байна.

-Сүүлийн үед иргэдийн дунд коронавирусийн халдвар ороод ирчихсэн байх магадлалтай. Шинжилгээ авч буй оношлуурт итгэхгүй байна гэх эргэлзээ үүсэх боллоо. Энэ тал дээр хариулт өгөхгүй юү?

-ДЭМБ-ын лавлагаа лабораторид бид бүх лабораториудыг жилд 1-2 удаа гадаад хяналтад оруулдаг. Манай вирус судлалын лаборатори буюу томуугийн лаборатори бол жил бүр олон улсын лавлагаа лабораториудаас ирсэн сорьцоор гадаад хяналтад орж байнга 100 хувийн үнэлгээ авдаг. Оношлуурыг эхний ээлжинд Японоос 200, дараа нь 2000, 1000 гээд ДЭМБ-аас тасралтгүй нийлүүлж байна. Тэгэхээр оношлуурын хувьд тасрахгүй хангалттай байгаа гэж ойлгож болно. Мөн вирус судлалын лабораторт сургагдсан мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байгаа. Дараагийн нэг зүйл бол томуу, томуу төст өвчний 21 вирусийг илрүүлдэг. Үүн дээр нэмээд коронавирусийг илрүүлэх шинжилгээг хийж байна.

-“REMAX” –ын 24 ажилтан дэлхийн 6000 гаруй хүн оролцсон хуралд оролцож ирснээ нуусан байсан. Энэ мэтчилэн иргэдийн зүгээс хүндрэл үүсгэж буй өөр асуудал гарч байна уу?

-Ганц нэг тохиолдол нуун дарагдуулсан асуудал гаргасан. Гэхдээ бид тэр дор нь илрүүлээд тусгаарлалтад авсан байгаа. “REMAX”-ын 24 ажилтны 16 нь ирээд тусгаарлалтад орсон байгаа. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ дашрамд иргэдэдээ хандаж хэлэхэд өвчлөл гарсан улс оронд аялахгүй байгаач ээ гэж хүсэх байна. Бид хоёрыг ярих зуур ч гэсэн шинээр улс оронд халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа энэ үед иргэдийг албан болон албан бусаар онцгой шаардлагагүй бол халдвар гарсан орнууд руу явахгүй байхыг зөвлөж байна. Үнэхээр онцгой нөхцөл байдлаар яваад ирсэн бол эрүүл мэндийн хуудас болон асуумжаа үнэн зөв бөглөөч ээ гэж хүсэх байна. Хэрвээ тусгаарлалтад орсон бол иргэний хариуцлага, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж эрүүл мэндийн байгууллагаас тавьж буй заавар, зөвлөгөөг чанд сайн сахиач ээ л гэж хэлмээр байна. Энэ нь нэгдүгээрт улс орондоо өвчлөл оруулахгүй байх, хоёрдугаарт таны болоод хайртай дотны хүмүүсийн чинь төлөө тэднийг хамгаалж хийж буй ажил юм шүү гэдгийг ойлгох нь чухал байна.

-Хэдийгээр коронавирусийн халдвар өнөөдөр манай улсад орж ирээгүй байгаа ч орж ирсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагууд ямар арга хэмжээ авах, ямар эмчилгээ хийх талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хамгийн гол нь иргэд өөрсдийнхөө сэтгэл зүйн бэлэн байдлаа хангах, эмнэлгүүд бэлэн байдлаа хангах чухал юм. Өдөр бүр 11:00 цагаас хийж буй хурлаар улсын болоод хувийн бүх л эмнэлгийн хүний нөөц, вирусийн эсрэг эм, тоног төхөөрөмжийн нөөц, байрны нөөцийн бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаарх мэдээллийг тогтмол өгч байна. ДЭМБ-ын баг Германаас ирж манайд ажиллаж байгаа. Энэ хүрээнд манай бүх шатны эмнэлгүүдэд бэлэн байдлыг маш сайн хангаж ажиллаж байна гэсэн дүгнэлтийг өгсөн.

Categories
мэдээ цаг-үе

“Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна…”

Дэлхий нийтийг цар тахал нөмөрсөн, айдас хүйдэстэй хорио цээрийн энэ үед сэтгэл сүлсэн гэгээн сайхан бүтээлийн тухай богинохон атугай ч хүргэхийг бодлоо. Тэр нь Дамдинсүрэнгийн Урианхайн “Мөнхийн шалтгаан” шүлэг юмсан. Урианхай ахтай олон чиг уул давааг хамт давж бүлээн дулаан үгийг нь сонсч, зөөлөн тунгалаг царайг нь харж явна. Эдүгээгээс арван хоёр жилийн өмнө эх орныхоо баруун хилийг тойрч тэнгэрийн хаяа мөрлөн зогсож буй хэдэн бор цэрэгтээ шүлгээ дуудаж явсан сан. Ховдын Булганы Гурван хүүхдийн заставт шөнө оройхон очиж сарны гэрэлд шүлгээ уншсан үдшийн сайхныг хэлээд яанам.

Байтагийн уулсаас салхилсан баруун зүгийн салхин их найрагчийн буурал үсийг илбээд сарны мөнгөн туяанд сахал үс нь улмаа мөнгөрөн гэрэлтээд

“Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна

Тэр шувуунд би хачин их хайртай

Тэртээ уулын хормойд ой шуугьж л байвал би амьд явна

Тэр эгшигэнд би хачин их хайртай

Хайраар би амьдардаг аа…” хэмээн уншихад нь сэтгэл санаа цэлмээд, ёстой л нэг зүрхэнд хайр дүүрээд ирдэг сэн. Үг бүрийнх нь цаана тийм гэж хэлэхийн аргагүй амар амгалан, монгол хүмүүний амьдралын сайхан, утга төгөлдөр өнгө зохирол харагддаг.

“…Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна

Тэр шивнээнд би хачин их хайртай

Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна

Тэр амьсгаанд би хачин их хайртай

Аялгуу содон монгол хэлээр хүмүүс ярьж л байвал би амьд явна

Тэр хэлэнд би хачин их хайртай

Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна

Тэр оронд би хачин их хайртай” тийм ээ, бид чинь ийм л гэгээн сайхан ард түмэн. Урин хавар гадаа налайж, голын ус цөнгөө түрэн удахгүй усны шувууд ганганаад ирнэ. Хаврын зөөлөн бороо шивэрч нэг л мэдэх нь ээ модод гөлөглөөд хүн бүхэнд орчлон дэлхий шинэ юм шиг санагдан, амьдрах урам зориг улам бадраад ирнэм бус уу.


Categories
мэдээ цаг-үе

Интернэт сүлжээнээс хэрхэн ангижрах вэ?

Та хоногийн хэдэн хувийг сошиал нетворкийн хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл дунд сэлж бардаг бол. Яг цаг, минут хараад тооцоо гаргавал итгэмээргүй тоо гардаг гэнэ шүү. Фэйсбүүк, твиттер, инстаграм руугаа өдөрт хэдэн удаа орж гаран, дээш нь, доош нь гүйлгэсээр огт танихгүй хэдэн зуун хүний зургийг үзэж, хувийн амьдрал руу нь өнгөлзөж суудаг цагаа өөрт хэрэгтэй, ашигтай, баяр цэнгэл өгөх зүйлсэд зарцуулбал та өнөөдрийн өөрөөсөө хавь илүү хувилбар нь байх байсан талаар бодож үзэж байсан уу. 30 минут фэйсбүүк ухахынхаа оронд гадаа гараад хөгжим сонсонгоо эсвэл ирээдүйн төлөвлөгөөгөө бодонгоо алхаад ирвэл 400-500 ккал шатаагаад зогсохгүй тархи сэргэнэ. 30 минут ном уншихад дунджаар 30 хуудас ном уншчихна. Маш сайн өдрийн төлөвлөгөө гаргахад энэ хугацаа яг сайхан таарна. Утсаа оролдох 30 минутыг оройн хоол бэлдэх хугацаан дээрээ нэмчихвэл хоол чинь илүү амт, чанартай болох нь мэдээж.

30 хоног буюу нэг сарын турш сүлжээнээс ангижирч өөрийгөө сорих аргын талаар подкаст сонссоноо та нартайгаа одоо хуваалцъя. Та нэг сарын турш өөрийгөө интернэтээс бүрэн тусгаарласнаар дараахь хоёр асуултын хариуг олох гэнэ. Нэгдүгээрт, сошиал медиа ашиглахгүй байснаар таны амьдралд сөрөг талууд их гарсан уу. Хоёрдугаарт, таныг хүмүүс мартаж, тоохоо больж, найз нөхдийн чинь тоо цөөрсөн үү. Энэ хоёр асуултад хоёуланд нь үгүй гэж хариулж чадаж байвал та интернэтээс хамааралгүй хүн болж чадах нь ээ. Яг үнэндээ фэйсбүүкт пост хийхгүй байлаа гээд, твиттерт юм жиргэхгүй байлаа гээд таны амьдрал тэгтлээ өөрчлөгдөхгүй, жаахан хатуугаар хэлбэл сошиал медиа танаар дутахгүй ээ гэсэн үг. Ажил хэргийн чухал шаардлага гарвал и-мэйлээрээ харилцчихаад буцаагаад хааж болох юм. Мэдээж сошиал медиагаас 100% шалтгаалах ажил эрхэлдэг бол энэ нь боломжгүй. Тийм хүмүүс ажлаас бусад хугацаандаа интернэтээс татгалзахад л гайхалтай үр дүн үзүүлэх нь дамжиггүй.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Дональд Трамп үндэсний хэмжээний онц байдал зарлажээ

дональд трамп-н зурган илэрц

Өнгөрсөн шөнө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп шинэ коронавирусийн дэгдэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээний онц байдал зарлалаа. “Энэхүү үйлсэд холбооны засгийн газрын хүч чадлыг бүрэн дайчлахын тулд би өнөөдөр үндэсний хэмжээнд онц байдал зарлаж байна” гэж Цагаан ордны Роуз Гарденд болсон хэвлэлийн хурлын үеэр Дональд Трамп мэдэгджээ. Онц байдал зарласнаар мужууд, орон нутгийн захиргаанууд 50 тэрбум долларыг холбооны засгийн газрын сангаас шинэ коронавирусийн тархалтын эсрэг ашиглах аж.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас ирэх иргэдэд зориулсан зөвлөмж

Categories
мэдээ нийгэм

УОК: Монгол Улсын 2 иргэн “COVID-19” халдвар авсан эсэх албан ёсны мэдээллийг БНСУ-ын талаас хүлээж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн “COVID-19” халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна. БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд ч явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо.

БНСУ-д ажлын цаг дууссан тул маргааш өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.