Categories
мэдээ нийгэм

Зөвлөмж: Гамшгийн өмнөх сэтгэл зүйн бэлтгэл

Аливаа гамшгийн үед хүн бүр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахад бэлэн байх ёстой. Гамшгийн үед сэтгэл зүйгээ бэлдээгүй тохиолдолд гэнэтийн цочролд орж, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирох аюултай. Тиймээс сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэж, болзошгүй тохиолдолд бэлэн байх үүднээс дараах зүйлсийг зөвлөж байна.

Үүнд:

  1. Гамшгийн талаарх ойлголттой байх
  2. Гамшгийн сэтгэл зүйн нөлөөллийг мэдэх
  3. Хожуу үүсэх стрессээс ангижирч, тайвшрах аргад суралцах
  4. Бие биетэйгээ ярилцах
  5. Нийгмийн харилцааг эрүүлжүүлэх
  6. Аливаа үйл ажиллагаанд эерэг, зөв, идэвхтэй оролцох
  7. Сөрөг бодлоо эерэг бодлоор солих
  8. Архи, тамхи, хорт зуршлаас татгалзах
  9. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөв ашиглах
  10. Өөртөө анхаарал тавих
  1. Гамшиг тохиолдсон үед та юу хийх вэ?

Гамшигт өртсөний дараа хүн цочролд мэдрэмтгий болдог бөгөөд гэнэтийн жижиг зүйлээс ч айж, энгийн зүйлсийг ч хийж чадахгүй шокийн байдалд хүрдэг. Тиймээс бэлтгэлтэй байхын тулд гамшгийн үед юу тохиолддог болохыг судалж мэдсэн байх шаардлагатай. Ингэвэл та гамшигт өртсөн тохиолдолд тайван, цочрол багатай хүлээн авна. Гамшигт хэрхэн, яаж оролцох ямар арга хэмжээг авах, гамшгийн үед ажиллах агентлаг, байгууллагын мэдээллүүдийг мэдэж байх нь танд тустай.

  • Гамшгийн сэтгэл зүйн нөлөөллийг мэдэх

Гамшгийн үеийн сэтгэлийн түгшүүр, айдас, хямрал, нойргүйдэл, хар дарсан зүүд зэрэг нь хүмүүст тохиолддог сэтгэл зүйн хэвийн шинж тэмдэг юм. Тодорхой бус нөхцөлд сэтгэлийн түгшүүр идэвхтэй байдаг. Хэрэв сэтгэлийн хямрал удаан үргэжлэх, ажил, амьдралаа хэвийн зохицуулахад асуудал үүсвэл сэтгэцийн эмч болон сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. Мөн сэтгэл зүйн өөрчлөлтийг үл тоох нь өөрт болон таны гэр бүл, эргэн тойрны хүмүүст сайн зүйл биш. Ердийн үед ч сэтгэл зүйн байдлаа ажиглаж, анхаардаг зуршилтай байх нь зүйтэй.

  • Стрессээс хэрхэн ангижрах, тайвшрах аргад суралцах

Стрессийг даван туулж сурснаар гамшгийн үед илрэх сэтгэл зүйн түгшүүр, сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Хамгийн шилдэг арга нь сонирхдог зүйлтэй болох, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх юм. Баясалгал, иог,

сунгалтын дасгал, булчин суллах дасгал, бодлоо цэгцлэх, хөгжим сонсох, ууланд алхах зэрэг дасгал хөдөлгөөнийг амьдралын зуршил болгох хэрэгтэй. Тайван, тогтвортой байдал нь стрессийг хялбар даван туулж, хэвийн, тайван байдалд хурдан оруулдаг. Сандрал, зовиур, түгшүүрийн байдалд амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй.

  • Сэтгэлээ уудлан ярилцах

Гамшигт нэрвэгдсэн үед бие биетэйгээ ярилцаж, холбоо барих нь сэтгэл зүйг тайвшруулдаг. Гамшгийн үед бусадтайгаа холбогдон, ярилцаж “Би ганцаараа биш” гэдгээ мэдрэх. Ердийн өдрүүдэд ч бусдыгаа сонсож, ярилцах нь сэтгэл зүйн бэлтгэл болно. Бусдыг шүүмжлэх, бусдад заахын оронд эхлээд сонсож сураарай. Бие биетэйгээ сэтгэлээ хуваалц, ярилц, сонс! Хүрээлэн буй хүмүүстэйгээ харилцсанаар, хямралын үеийг даван туулах ач тустай.

  • Эрүүл нийгмийн харилцааг бий болгох

Гамшгийн үед таны болон бусдын нүдэнд өртөхгүй, идэвхгүй байгаа хүмүүст анхаарал хандуулах хэрэгтэй. / бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, сэтгэл зүй, бие махбодийн хувьд сул дорой, бусадтай ярьдаггүй… г.м/

Зарим хүмүүс дуугаа хураах, ганцаараа байхыг илүүд үздэг. Ийм хүмүүсийг ч мөн адил сонсож, ярилцах нь ганцаардсан мэдрэмжээс нь салгаж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

Гэр бүл, найз нөхөд, хөршүүдтэйгээ цагийг өнгөрөөж, бие биедээ туслаж, аз жаргал, эерэг хандлагыг бий болгох.

  • Эерэг, хөгжилтэй үйл ажиллагаанд оролцох

Эерэг, сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь амьдралын идэвхийг нэмж, сэтгэл зүйг дэмжин, хүнд хэцүү байдлаас гарахад тусалдаг. Сайн дурын ажил хийх, гэр бүлтэйгээ хамт байх, ууланд алхах, өөрийн хоббитой болох зэрэг танд эерэг мэдрэмж өгдөг зүйлсийг үргэжлүүлэн хийх хэрэгтэй. Өөрийн дуртай зүйлээ хийх нь танд сайхан мэдрэмж өгөхөөс гадна эрч хүчийг тань нэмж байдгийг санаарай.

  • Эерэг бодлоор өөрийгөө цэнэглэх

Танд тохиолдсон зүйлсийн талаар хэрхэн бодож байгаа нь үйл хөдлөл, үйлдэлд тань нөлөөлдөг. Болж өнгөрсөн зүйлийг та өөрчлөж чадахгүй, тиймээс хэрэггүй бодлуудаа хаяж, танд тустай эерэг бодлууд дээр төвлөрөх нь үр дүнтэй даван туулах арга болно. Та өөрөөсөө байнга би эерэг зүйл бодож байна уу гэдгээ үргэлж асууж байгаарай!

  • Архи, тамхи, эмийн бодист найдаж болохгүй!

Гамшгийн үед стрессээс ангижрахын тулд архи, тамхи, хортой эмийг хэрэглэх тохиолдол байдаг. Гэвч эдгээр нь сэтгэл зүйн зовуурийг багасгадаггүй. Харин ч эсрэгээр бие, сэтгэлий эрүүл мэндэд муугаар нөлөөлж, хүмүүсийн хоорондох харилцаанд асуудал үүсгэдэг. Хэрвээ та сэтгэлийн шаналалтай байгаа бол эргэн тойрон дахь хүмүүстэйгээ заавал ярилцаж, мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг дахин зөвлөе!

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зөв ашиглах

Гамшгийн үед маш хурдан мэдээ мэдээлэл, цуу яриа тархдаг. Худал хуурмаг мэдээлэл, эсвэл цуу яриа нь хүмүүсийг илүү их түгшээж, буруу сонголт хийхэд нөлөөлдөг. Тиймээс үнэн бодит, мэргэжлийн байгууллагын эх сурвалжтай зөв мэдээллийг олж авах нь гамшгийг тайван замаар даван туулахад тус болдог.

  1. Өөртөө анхаарал тавих

Өөрийнхөө эрүүл мэндийг сахиж, эрүүл хоол, давтамжтай дасгал хөдөлгөөн хийж, шингэж зүйлс сайн уух, сайн амарч байх нь тустай. Халуун усанд орж, массаж хийж, өөрийн сонирхдог номыг уншиж, алхах хэрэгтэй.

Эцэст нь өөрийн бие махбодь болон сэтгэл зүйн эрүүл мэндээ үргэлж сахин хамгаалах нь чухал гэдгийг зөвлөе!

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энх-Амар: Эхлээд бид хүнээ хэрхэн амьд авч үлдэх вэ гэдгийг ярих ёстой

Бригадын генерал М.Энх-Амартай ярилцлаа.


-Та Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар арав гаруй жил ажилласан. энэ хооронд олон ч нөхцөл байдалтай нүүр тулж байсан байх. 2009 онд гэхэд H1N1 вирусийн дэгдэлтэд та ажиллаж байсан туршлагатай. талаар ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд энэ байгууллагад тасралтгүй 12 жил ажилласан байна. Энэ хугацаанд олон асуудалтай тулгарч байсан. Үе үеийн Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга нар, ОБЕГ-ын удирдлагуудтай гар нийлэн хамтран ажиллаж олон ч хүнд, хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж чадсан. Онцгой байдлын байгууллага бол бусад хүчний байгууллага дотроо хамгийн залуу хэрнээ ард түмэндээ ойлгогдож хүндлэгдсэн алба болсон. Энэ байгууллага мянга мянган алба хаагчидтай, нэгж бүр нь 150 км-ийн радиуст эрэн хайх, аврах бүх арга хэмжээг явуулах чадамжтай болсон. Намайг ажиллаж байх хугацаанд гараагүй зүйл байхгүй. Хүний гоц халдварт өвчин, ган, зуд, малын өвчин гээд бүгд л гарч байлаа. Нэг зүйлийг л би гарахгүй гэж бодож байсан. Тэр нь терроризм. Гэтэл Төрийн ордон руу буудаж, тэслэгчгүй гранат шидсэн тохиолдол гарч байсан.

Мөн Шангрила зочид буудал болон Уул уурхайн яамны гадна дэлбэлэх бөмбөг булсан байсан зэрэг олон зүйлтэй нүүр тулж явлаа.

Мөн 2009 онд H1N1 дэгдэлтийн үеийг гардаж давж туулсан учраас туршлага гэж зүйл байна. Харамсалтай нь тухайн үед 32 хүн амиа алдсан. Тиймээс коронавирусийн тал дээр онцгой анхаарах нь чухал. Тийм ч учраас Засгийн газар, Улсын онцгой комисс сайн ажиллаж байна. 2009 онд ДЭМБ-аас биднийг тайван амгалан байх чиглэл өгч байсан. Бид ч тайван байсан. Гэтэл хэрэг илт бишдэж эхэлсэн л дээ. Ингээд яаралтай арга хэмжээ авч УОК хуралдсан. Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа 6.4 тэрбум төгрөгийг нэг удаагийн шийдвэрээр гаргасан. Нөхцөл байдлыг тухайн үед нарийвчлан судлаад эрсдэлийн үнэлгээг хийсэн. Тэр үед Улаанбаатар хотын есөн дүүргийн тусгай эмнэлгүүд, аймгуудын эмнэлэг, хилийн отрядын эмнэлгүүд амьсгалын аппаратаар үнэхээр дутагдалтай байсан. Хамгийн тэргүүнд бид шаардлагатай төсвийг зөв зүйлд нь зарцуулсан.

Тэр үед Монгол Улс өөрсдөө 14 хоног карантин тогтоосон. ДЭМБ-ын шийдвэрээр биш шүү. Хамгийн азтай гэж хэлж болохоор зүйл нь тэр үед дархлаажуулах эм, вакциныг богино хугацаанд гаргасан. Бид бүх ард иргэддээ хүрэлцэхүйц эм тариаг татан авчирсан. Эмнэлгүүд амьсгалын аппараттай байхад өвчтөнд дараагийн эмнэлгийн тусламж авах боломж гардаг. Байнгын нисдэг тэргийг бэлэн байлгасан. Одоо эргээд бодоход УОК өдөр тутам ярьдаг байгууллага биш.

УОК бол яг хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хатуу чанга авч ажиллаж байсан. Үүнийгээ ч бид тэр үедээ хэрэгжүүлсэн. Тухайлбал, өнөөдрийн нөхцөлд амны хаалтыг хүмүүс өөрсдөө хийж болно. Амьсгалын аппарат харин бэлэн байдаггүй юм. Одоо коронавирусээс сэргийлэхэд хөрөнгө сайн гаргаж байна. Эрүүл мэндийн яам хангалттай тоног төхөөрөмжөө авсан байх гэж итгэж байна.

-Дэлхий нийтэд аюул занал болж байгаа коронавирусийн тал дээр манайх ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна…

-Намайг ажлаа өгөөд гурав хоногийн дараа энэ асуудал гарсан. Миний хувьд гарах шийдвэрийн төслүүдийг эхний ээлжинд тасралтгүй боловсруулсан.

Хувь хүний зүй ёсны хэрэг. Үүнийг хууль зөрчсөн гэж хэлэхгүй байх гэж найдаж байгаа. Ажлаа өгснөөс таван жилийн дотор нууцыг хадгалах ёстой байдаг. Гэхдээ энэ удаад хэдийгээр ажлаа өгсөн ч H1N1 дэгдэлтийн үед гар бие оролцож ажилласан учраас өөрийн чадах хэрээр оролцож ажлын арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

-Ямар зүйл дээр голлон анхаарч байсан бэ?

-Нэгдүгээрт, амьсгалын аппарат, хоёрдугаарт эм тарианд нь анхаарсан. 28 хоногийн дотор арга хэмжээ авч чадсан. Тэр үед үнэхээрийн дайчин ажилласан л даа. Биднийг ДЭМБ Монгол Улс өөрсдөдөө тохирсон шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авлаа, сайн байна гэж сайшааж байлаа. Одоо бол ДЭМБ өдөр болгон мэдээлэл өгч байна. Өдөр бүр Засгийн газартай ойрхон ажиллаж байна. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ард иргэд шууд хүндэтгэж хүлээж авч байгаа нь баярлууштай байна.

-Манай улс урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авсан. Гэтэл Францын иргэнээр дамжигдан халдвар орж ирлээ. Гадны орноос ирж байгаа бүх л монгол иргэдээ хорьж тусгаарлаад байсан хэрнээ Францын иргэнийг яагаад тусгаарласангүй вэ гэдэг асуулт байна. Гол нь тухайн иргэнийг Франц улсад очиход коронавирусийн халдвараар хоёр хүн нас барсан байсан. Голомттой бүсээс ирсэн хүнийг тусгаарлаагүйд хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Яг хаанаа анхаарал болгоомжоо алдав?

-Улсын онцгой комисс нэг асуудлаар олон хуралдах зохимжтой биш байдаг. Тиймээс комиссын дэргэд салбар дундын үйл ажиллагааг уялдуулах, тулгамдсан асуудлыг шуурхай, цаг алдалгүй шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулдаг.

Гамшиг тохиолдсон үед Эрүүл мэндийн сайд нь УОК-ын орлогч болдог. Энэ утгаараа Д.Сарангэрэл сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж өгсөн. Одоо яаж ажиллаж байгааг нь мэдэхгүй байна. 2009 онд УОК бага хуралдаж, ажлын хэсэг нь их ажилласан. Тэр ажлын хэсгийн дүгнэлтийг бид судалж үзнэ.

Ингээд мэтгэлцээн өрнөж маш хурдтай асуудлыг шийдэж байсан. УОК-ын нарийн бичгийн дарга асуудлын төсөл боловсруулж гаргасан шийдвэртэй уялдуулна. Хяналт тавина. Яг энэ тохиолдолд бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлж, үнэн бодит мэдээллээр төрийн гурван өндөрлөг болон ард түмнийг хангах ёстой. УОК-ын нарийн бичгийн дарга дээр бүх зүйл төвлөрч явах ёстой.

-Одоо ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Эрсдэлийн үнэлгээг яаралтай гаргаж бүх эмнэлэгт амьсгалын аппарат бий эсэхийг эхлээд шийдэх хэрэгтэй. Мөн хандив тусламжийн мөнгө, хөрөнгөнд хяналт тавих ажлын хэсэг гарсан уу.

Илрүүлдэг оношлуур бол хоёр, гуравдугаар асуудал. Одоо бид хүнээ хэрхэн амьд авч үлдэх вэ гэдгийг эхлээд ярих ёстой. Амьсгалын аппарат таван минут орчим гацахад л гурван хүн амиа алдаж байсан харамсалтай тохиолдол бидэнд бий.

Нийслэлээс илүү аймаг, сумдын эмнэлэгт шаардлагатай үед хэрэглэгдэх аппарат байгаа эсэхийг маш сайн нягталж үзэх хэрэгтэй. Тухайн үед 2009 онд гуравдугаар эмнэлэгт амьсгалын аппарат байхгүй учраас Нэгдүгээр төв эмнэлэг рүү зөөж байсан. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бүх зүйл хорио цээр гэж ард иргэдийг хэт хүндрүүлэхгүйгээр эрчимжүүлэх шаардлагатай байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Байгалмаа: Нийслэлээс гарсан шийдвэр иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учир маш хариуцлагатай хандах хэрэгтэй


НИТХ-ын mөлөөлөгч, Инженерийн шинжлэх ухааны доктор Ц.Байгалмаатай ярилцлаа. Тэрээр Япон улсад Токиогийн Био-Технологийн Их сургуулийг электроник мэдээлэл зүйн инженерээр төгсөж, улмаар Био-хэрэглээ систем инженерийн сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан анагаахын инженерчлэлийн эрдэмтэн юм. Тэрбээр докторын зэрэг горилохдоо Японы Үндэсний Хавдар Судлалын Төвтэй хамтарсан хорт хавдар ба хэвлийн хөндийн эмгэгийн судлалын төсөл дээр ажиллан, эмнэлгийн дүрс оношилгооны систем хөгжүүлэлтээр 2002 онд инженерийн ШУ-ны докторын /PhD/ зэргээ амжилттай хамгаалжээ. Улмаар 2002-2007 онд Японы Шизуокагийн их сургууль, Хамамацугийн Анагаахын Их сургууль, Хамамацу хотын хувьцаат компаниудын нэгдлийн хамтарсан төсөлд зохицуулагч, судлаач эрдэмтэн, төслийн удирдагчаар ажиллажээ. Хамамацуг инновацийн хот болгон хөгжүүлэх суурь судалгааны төслийн дэд хэсгийн удирдагчаар ажиллах явцдаа, хэдэн арван эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэн, өөрийн судалгааны ажилтай холбогдох долоон оюуны өмчийн олон улсын патентийг зохиожээ.


-Ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлье. Таныг Улсын физикийн олимпиадад хоёр ч удаа түрүүлж байсан гэдэг?

-Би Маахуур толгойд шинээр баригдсан 69 дүгээр дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн орж байлаа. Намайг тавдугаар ангид байхад манай сургуульд математикийн нэг мундаг багш ирсэн. Тэр багшийнхаа нөлөөгөөр математикт дурлаж долдугаар ангидаа математикийн олимпиадад оролцож, хотод байр эзэлж байв. Ингээд л I сургуулийн тооны ангид шалгалт өгч тэнцэж орсон. Бид эцэг эхээс долуулаа. Би айлын тав дахь хүүхэд болохоор эрт биеэ даасан. Хичээл номондоо ч түүртдэггүй байлаа.Ер нь манай гэр бүлийнхэн яагаад ч юм инженер, физик, тооны шинжлэх ухаан талдаа сонирхолтой хүмүүс байдаг.Тэгээд ч бүгдээрээ инженерийн чиглэлээр гадаадын улс оронд суралцаж мэргэжил эзэмшсэн. Би есдүгээр ангидаа МУИС-ийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай анги анх нээгдэхэд элсэн орсон.Жил бүр олимпиадад ордог байсан.

-МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа та Японд суралцахаар явж байсан. Өөрөөр хэлбэл, Японд суралцсан анхны эмэгтэй оюутан. Бэрхшээл сорилттой бишгүй тулгарч байсан байх даа?

-Боловсролын яамнаас анх Японы инженерийн коллеж буюу Коосэн гэж нэрлэдэг сургуульд Монголоос хүүхэд сонгон шалгаруулах шалгалт авахаар болсон юм. Энэ сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр хүүхдийн нэг нь би. Ингээд 18 насандаа Японыг зорьж байлаа. Анх Японы элчин сайдын яаманд ярилцлаганд ороход тухайн үедЭлчингийн хариуцсан ажилтан Шимицү сайд асан надаас “Өөр системтэй улсад эмэгтэй хүүхэд инженерийн чиглэлээр сурч чадах уу, дээр нь хэл ус муу, бэлтгэгдээгүй” гэж асуухад нь “Би чадна аа” л гэж хэлсэн. Тэгээд Японд очиход япон хэлний ангийн оюутнуудаасаа хоёр долоо хоногийн хичээл хоцорчихсон, сургуулийн багш нар маань миний өмнөөс их санаа зовж байсан л даа. Гэвч би япон хэлний бэлтгэлээ тэнд сурч байсан бүх гадаад оюутнуудаас хамгийн өндөр оноотой төгсч чадсан юм.

-Та Коосэн Агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. Манай улсад Коосэний боловсролын систем нэвтэрч, өдгөө гурван сургууль энэ системээр сургалтаа явуулж байгаа. Энэ боловсролын системийн онцлогийн талаар ярихгүй юу?

-Анх 2014 онд Дээд боловсролын тухай хуулинд “Япон загварын КООСЭН технологийн коллеж нь дээд боловсролын нэг хэсэг юм” гэдэг хуулийн заалт орсон. Энэ зохицуулалтыг үндэслэн загвар сургуулиуд байгуулагдсан. Өдгөө ШУТИС-ийн харьяа Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Дээд Сургуулийн Монгол Коосэн Сургууль, “Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн”-гийн Технологийн Коллежууд Коосэний боловсролын системийг нэвтрүүлсэн. Аль болох Японы Коосэн сургуультай адилхан арга барилаар сургалтаа явуулахаар зорьж ажиллаж байгаа.

Коосэн гэдэг нь инженерийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг Японы өвөрмөц тогтолцоо. Японы эдийн засаг эрчтэй өсч байх үе буюу 1960-аад оны үеэс аж үйлдвэрийн салбарт ажиллах, инженер техникийн ажилтнууд дутагдалтай, бакалавраар мэргэжилтэн бэлдэхэд цаг хугацааны хувьд амжихгүй асуудалтай байсан. Японд ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид их дээд сургуулийн шалгалтад бэлтгэж, их дээд сургуульд элсээд эхний нэг жил ахлах сургуульд үзсэн агуулгаа үзэж хоёр жил алддаг дутагдалтай байж. Гэтэл коосэн систем нь үргэлжилсэн таван жил тул жил алдах гэсэн зүйл байхгүй, ахлах сургуулийн боловсрол давхар олгочихдог. Мөн бусад системийн сургуулиас хоёр жилийн өмнө дадал чадвартай инженерүүдийг хөдөлмөрийн зах зээлд гаргадгаараа онцлогтой. Дадлага туршилтад суурилсан сургалт явуулдаг тул сурагчид төгсөхдөө шууд ажиллах чадвартай болж гардаг. Өдгөө энэхүү Коосэний боловсрол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, бусад орнуудад нэвтрүүлэхээр хичээж байгаа бөгөөд Монгол бол системийн дагуу нэвтрүүлсэн анхны орон болсон.

-Японд анагаахын инженерчлэлийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан гэлээ. Анагаахын инженерчлэл гэж юу вэ?

-Анагаахын инженерчлэл бол одоо дэлхий нийтэд хамгийн сонирхолтой салбар болоод байгаа. Ер нь өнөөдөр ямар нэгэн салбар дангаараа хөгжихөө больсон цаг. Анагаахын инженерчлэл гэдэг салбар бол эрүүл мэндийн салбарт шаардагдаж байгаа эмчилгээ оношилгооны систем, аргачлал мөн тоног төхөөрөмжид шинэ технологийн санаа шийдлийг оруулаад илүү өндөр бүтээмжтэй, чадвартай болгож байгаа инноваци юм.

Миний суурь мэргэжил бол электроник мэдэээлэл зүйн инженер. Энэ суурь мэргэжлээ анагаахын оношилгоо сувилгааны салбарт ашиглаад докторын зэргээ хамгаалсан. Японд төр, хувийн хэвшил, их дээд сургуулиудын гурвалсан томоохон төсөл дээр 5 жил судлаачаар ажилласан. Энэ үедээ судалгааны чиглэлтэйгээ холбоотой Японы болон олон улсын нийтдээ долоон патентийн зохиогчийн эрхийг авсан юм. Авсан патентын маань эзэмшигчийн эрх нь тус төсөл дээр ажиллаж байсан их сургуульдаа байдаг бөгөөд миний нэр зохиогчийн эрх гэдэг утгаараа явдаг.

-АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачаар ажиллаж байсан гэсэн. Ямар судалгаан дээр ажиллаж байв?

-2007-2009 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Анагаахын сургуульд ассистант профессор, түүнчлэн Массачюссэтсийн нэгдсэн эмнэлгийн Радиологийн тэнхимд судлаач багшаар ажилласан. Энэ явцдаа шулуун гэдэсний хорт хавдарын автомат оношлогоог бий болгох төсөл дээр ажиллан, хавдрын бүтцийн математик загварчлалын тухай судалгааны үр дүнгээ олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлж байсан. “Хэвлийн хөндийн гурван хэмжээст CT зураг ашигласан автомат оношлогооны систем хөгжүүлэлт” зэрэг судалгааны ажил хийсэн. Харвардад хийсэн шулуун гэдэсний хорт хавдрыг автоматаар оношлох төслийг АНУ-ын Засгийн газар дэмжиж, өнөөдрийг хүртэл амьдрал дээр хэрэгжүүлж байна даа.

-Өндөр цалин, ажиллах таатай орчноо сольж Монголдоо ирэх шийдвэр гаргахад танд юу нөлөөлсөн юм бэ?

-Монгол Улсын маань хөгжлийн хурд гоё шүү дээ. Би Япон болон АНУ-д олон жил ажиллаж амьдарсан. Эндээс харахад хүн өөрийгөө хамгийн бүтээлч, идэвхтэй байлгах газрыг сонгох нь чухал юм билээ. Япон, АНУ бол тодорхой хөгжлийн түвшинд хүрчихсэн улсууд. Тэнд нэг хүний үүрэг хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр том төслүүдэд ажиллаж, цалин хангамж сайтай байсан ч миний хувьд далайд дусал нэмэр гэдэг шиг л шүү дээ. Харин Монгол Улсдаа сурсан мэдсэнээ зориулж, бүтээлчээр ажиллаж чадвал, тогоонд шанагаар ус хийж байгаа шиг л өөрчлөлтийг авчрах боломж байгаа. Үүнийг ирснээсээ хойш мэдэрч байгаа. Улаанбаатар маань маш эрчимтэй идэвхтэй хот хөгжиж байгаа боломжоор дүүрэн хот. Би хүүхдүүдээ энэ орчинд дасан зохицох чадвартай дайчин монгол хүн том хүн болоосой гэж хүссэн тал байгаа.

-Та Хан-Уул дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн санал санаачилгыг дэмжих, бодитой ажил болгоход хэр анхаарч ажилласан бэ. Ямар асуудал бэрхшээл тулгарч байв?

-2016 оны сонгуульд Хан-Уул дүүргийн төвийн хэсгээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Сонгогдохдоо улстөрч болно гэхээс илүүтэй шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад орж ажиллан хотынхоо хөгжилд өөрийн мэргэжлийн давуу тал, арга туршлагаа зориулъя гэж шийдэж байлаа.

Саяхан би хийсэн ажлынхаа тайланг гаргаж үзлээ. Ер нь төлөөлөгчийн ажил хийх хүнд мундахгүй их ажилтай сонгуульт ажил. Жишээ нь, 2018 онд гэхэд Тэргүүлэгчдийн хурал дээр 104 санал болон асуулгыг гаргаж тавьсан байна. Хуралдаа 100 хувийн ирцтэй оролцсон (инээв). Миний хувьд олон мянган иргэд сонгогчдыг төлөөлж байгаа учраас ажилдаа хариуцлагатай хандах ёстой, тийм ч үүрэгтэй гэж боддог. Учир нь өнөөдөр Тэргүүлэгчдийн хурал, чуулган дээр хэлэлцээд батлаж байгаа шийдвэр маргааш нь шууд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөөд эхэлдэг. Анх төлөөлөгч болсны дараа ажил үүргийн хуваарилалт бүрхэг, хичнээн хөөцөлдөөд ч ажил бүтэхгүй, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаадаа бачимдах үе байсан.Гэхдээ яг тийм үед иргэдийнхээ хүчийг авч ажиллах нь зүйтэй юм билээ. Иргэний оролцоо үнэхээр чухал. Иргэн улс орныхоо хөгжлийн бодлого, хууль дүрэмд өөрийн саналаа хүргэх, эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг эрхүүд нь ИТХ-д сонгосон төлөөллөөр дамжих хэрэгжих ёстой. Иргэний нийгмийн амьдралд оролцох эрх чөлөө нь гэсэн үг л дээ. Болдогсон бол УИХ дээр яригдаж байгаа хуулийн төсөлд тойргийнхоо иргэдийн саналыг багцлаад оруулмаар байдаг. Гэтэл бодитоор тийм боломж бараг байхгүй дээ. Саналаа хүргүүлж болно, гэхдээ түүнийг харгалзаж үзэх эсэх нь хууль санаачлагчдад байдаг.

НИТХ-ын үүрэг нь зөвхөн хотын Засаг даргын ажлыг хянаад чиглүүлээд байх биш, төрийн захиргааны төв байгууллага болох асуудал эрхэлсэн харьяа яамдад иргэдийн дуу хоолойг хүргэх, иргэдийн санал санаачилгыг дэмжих, бодитой ажил болгохыг төлөө л явах ёстой газар. Жишээ нь, би төлөөлөгч болоод хамгийн анхны төсөв дээр тойргийнхоо ӨЭМТ-үүдийг ургийн оношилгоо, нярайн шарлагын аппаратаар хангах саналыг батлуулсан. Энэ ажил маань дараа жилээс нь цар хүрээгээ тэлж УБ хотын бүх ӨЭМТ дээр хэрэгжсэн. Мөн тойргийнхоо хөлбөмбөгт дуртай иргэний саналыг 2017 онд хүлээн авч хоёр жил орчим хамтран ажилласны хүчинд, Нийслэл хотын дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлыг шийдүүлсэн.

-Нэг хот – Нэг стандарт гэдэг санааг хэдэн жилийн өмнөөс та ярьж эхэлсэн. Ер нь хотын стандарт гэж ямар байх ёстой юм бэ?

-2019 оноос Хотын стандарт гэдэг ойлголт анхаарлын төвд орж, ажил хэрэг болж эхэлсэнд баяртай байгаа. Нэг хот Нэг стандартын үндсэн санаа нь хотын төв болон хотын захад амьдарч байгаа иргэн адилхан боломжтой, адил орчинтой байх ёстой. Нийгмийн харилцааг зохицуулдаг стандарт нь нэг ижил, үүнийг зохицуулдаг хууль журмууд нь тодорхой, хоорондоо уялдаа холбоотой гараасай гэсэн санаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод хэрэгждэг 500-аад хууль эрхзүйн бичиг баримтууд байдаг. Гэтэл яагаад иргэд бухимдаад байна вэ гэхээр эдгээр хуулиас гадна бодит амьдрал дээр иргэний амьдралыг зохицуулахад хоорондоо уялдсан зохицуулалт байх ёстой юм. Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилд бид стандарт гэдэг зүйлийг орхигдуулсаар ирсэн байна. Японд гэхэд стандарт маш чухал. Төрийн захиргааны байгууллагаас гадна хувийн хэвшил нь өөрсдөө стандартаа тогтоож санаачлаад хэрэгжүүлдэг. Жишээ нь Аялал жуулчлалын салбарт нь гэхэд нэгдсэн нэг стандарт байх гэдэг ч юмуу. Стандарт хууль биш учраас цаг үетэйгээ уялдаад шинэчилж болдгоороо давуу талтай. Хаана стандартын шинэчлэл хурдан байна тэнд хөгжил хурдан байна гэж олон улсын төвшинд үздэг.

-Таны бодлоор өнөөдөр Улаанбаатар хотод хамгийн чухал, тулгамдаж буй ямар асуудлууд байна?

-Эрчим хүчний асуудал байдаг. Гэтэл иргэд энэ дээр мэдээлэлгүй яваад байдаг. Манай эрчим хүчний сүлжээ 12 хувийн алдагдалтай явдаг. Энэ алдагдлыг бууруулахад л нэлээд асуудлыг шийдчих боломж байгаа. Гэр хороололд дэд бүтэц тавих талаар мөн ярьдаг. Яг инженерийн шийдлийг нь харахаар маш хязгаарлагдмал байдаг. Дөрөвдүгээр цахилгаан станцаас дэд бүтэц тавина гэдэг хэцүү, санхүүгийн асуудал бий. Шийдэл нь бие даасан инженерийн байгууламжтай байх ёстой байдаг. Нэг жишээ нь Чингэлтэй дүүрэгт баригдсан “Сервис центр” гээд 200 айлын дундах байгууламж бий. Хэзээ нэгэн цагт Улаанбаатар хот бие даасан инженерийн байгууламжтай болох зайлшгүй шаардлагууд байгаа.

Мөн Улаанбаатар хотын газрын асуудалд анхаарах хэрэгтэй. Хот дээрх ямар ч асуудал жишээ нь тохижолт, орон сууцны барилгын дахин төлөвлөлт, СӨХ, сургууль цэцэрлэгтйн бүтээн байгуулалт, иргэд хоорондын маргаан гээд иргэнээс ирсэн хүсэлтийг хөөцөлдөөд явахад эцсийн дүндээ газар л хамгийн чухал субьект болдог. Гэтэл газартай холбоотой маргаан шүүх дээр очихоороо маш удаан шийдэгддэг. Үүнээс иргэд, ААН, төрийн байгууллагынхан залхдаг тийм жижиг тогтсон байна. Гэтэл хотын хөгжлийн үндэс суурь нь газар, газар зохион байгуулалт, зүй зохистой ашиглалт байдаг. Бид өнөөдөр хотынхоо төвийн газрын эзэмшил, зүй зохистой ашиглалт, стандарт хангасан орон сууцны хороолол хотхоны бүтээн байгуулалтаа нэг мөр шийдэж чадаагүй байна. Газрын хуулийн шинэчлэл, СӨХ-ийн асуудлаас эхлээд хууль зүйн зохицуулалтууд ч дутуу дулимаг, хөрсөн дээр буугаагүй байна. Хотын хөгжил бол өнөөдрийн төлөвлөлт юм. Ингэж чадвал Улаанбаатар хот маань хөгжих том боломжууд, сайхан ирээдүй бий.

-2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүд гэсэн мэдээлэл дотор таны нэр байсан. Цаашид улс төрд явах төлөвлөгөө бий юу?

Сонгуулийн талаар ярихад эрт байна. Миний хувьд Нийслэлийн харьяа Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргын ажлыг хашиж байгаад оны өмнө өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүний шалтгаан нь одоо хийж байгаа төлөөлөгчийн ажилдаа илүү төвлөрье гэж шийдсэн хэрэг. Хэрэв итгэл хүлээлгэх магадлалтай хүмүүсийн дунд нэрлэгдсэн явж байгаа бол нэр хүндтэй л асуудал байна даа.

-Олон улсын нэр хүндтэй Харвардын Анагаахын Их Сургуулийн анагаахын инженер эрдэмтэнтэй уулзсаных цаг үеийн асуудлын талаар тодруулмаар байна. Коронавирусийн дэгдэлт дэлхий даяар айдас төрүүлж байна. Монголд авч байгаа арга хэмжээ болон цаашид үүсэх нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-2002 оны САРС, 2009 оны МЭРС гээд халдварт өвчин Зүүн өмнөд Азийн орнуудад дэгдэхэд би Япон, Америкт байж таарсан. Мэдээлэлтэй илүү ойр байсан. Энэ удаа Коронавирус тахлын хэмжээнд дэгдэж, өндөр гарз хохиролтой, багагүй хугацаанд удаан үргэлжлэнэ гэдэг нь ч тодорхой байна. Урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж чадаж байгаа Засгийн Газар, Нийслэл, УОК, Эрүүл мэнд Онцгой байдлын салбарынхандаа талархаж байгаа. Иргэд маань ч сайн байна. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл нэг ч тохиолдол илрээгүй байна.. Гэхдээ зарим нэг анхаарах зүйл ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо дараагийн шатны арга хэмжээнд шилжих цаг иржээ. Тархалт намжих цаг болоогүй байна. Иргэд сэтгэл зүйгээ тогтвортой байлгаж, цахим орчинд явж байгаа худал мэдээллийг дагаж хямарч савлахгүй, зөвхөн мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж анхааруулгыг сонсох ёстой. Нөгөөтэйгүүр одоо вирус илэрсэн тохиолдолд яах ёстой вэ гэдэг мэдээллээр иргэдийг илүү тодорхой хангамаар байна. Ер нь зөвхөн энэ удаа ч биш цаашид дахиад халдварт өвчин дэгдсэн тохиолдолд улсаас бодлогоор маск, эм тариа бусад хэрэглэгдэхүүнээ хангалттай бэлдэж нөөцлөхөөс гадна энэ чиглэлийг байнга судлаж, шинжилгээ судалгаа хийдэг эрдэмтэд судлаачдын баг ажиллуулж, хөрөнгө оруулалт бодлогоор дэмжиж явах ёстой юм.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас ирэх эхний нислэгт багтсан иргэдийн нэрсийн жагсаалт

миат-н зурган илэрц

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчрах эхний нислэг 2020 оны гуравдугаар сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн дотор буюу гуравдугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

Эхний нислэгт бүртгэгдсэн иргэдийн нэрсийг дор хавсаргав.

Categories
мэдээ нийгэм

“Бэлэн мөнгөөр гүйлгээ хийхийг хязгаарлаагүй”

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч компанийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгалаа. Шалгалтын явцад компанийн албаны хүмүүсээс тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөтэй харилцахгүй байхаар дотооддоо ярилцаж хэрэгжүүлсэн арга хэмжээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Гэвч Улсын Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас тухайн асуудалтай холбоотой худалдаа, үйлчилгээний байгууллагуудад “мөнгөн дэвсгэртээр хийх гүйлгээг хязгаарлах” аливаа шийдвэр, чиглэл гараагүй байхад аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэгчийн эрхийг хязгаарлах замаар хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл карт болон мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх аль ч тохиолдолд гараас гарт дамжих тодорхой тогтсон ижилхэн үйлдэл хийгдэж байх тул энэ үйлдэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэхээс илүүтэй хэрэглэгчийн эрхийг хязгаарлах үйлдэл болж байх тул тухайн үйлдлээ зогсоож, харин халдвар хамгааллын урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг аль ч тохиолдолд өндөржүүлж ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа.

Тухайлбал, нэг удаагийн бээлийг тогтсон хугацаанд тогтмол сольж хэрэглэх, нэг удаагийн ариутгах хэрэглэл ашиглах, касс болон үйлчилгээний ажилтаныг тус бүрт нь ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа гэж Монгол Улсын Шадар Сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага хүлээлгэнэ

Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Үхрийн нуруу, сээр, хааны цул мах 20000” гэсэн махны үнийн зураг тавьсан, үүнийгээ засаж, фотошопоор завсарласан зургийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна. Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, үнийг хөөрөгдөх нөхцөл байдал үүсгэсэн байна. Худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Эхний нислэгээр ирэх өндөр настай, хүүхэд, жирэмсэн эмэгтэй зэрэг хүмүүсийг нарийвчлан ангилсан

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг-н зурган илэрц

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиараа эх орондоо ирэх эрхтэй. Энэ эрхийг юугаар ч хорьж болохгүй. Үндсэн хуулиар олгосон тэр эрхийг нь эдлүүлэхээр Улсын Онцгой комиссоос шийдвэрлэсэн. Гэхдээ мэдээж иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахад шинэ коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг хамгийн доод түвшинд байлгах арга хэмжээг төрийн бүх байгууллага хамтраад авч байна.

Иргэдээ татан авах ажиллагааг яриахаас өмнө бид Сөүл, Токио, Берлин, Истанбул, Москва гээд бүхий л чиглэлээр ЭСЯ-даараа дамжуулан мэдээллийг тодруулж авсан. Эрүүл хүнээс коронавирусийн шинжилгээг авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Сүүлийн 14 хоногт шинж тэмдэг илэрсэн эсэхийг асуумжаар лавлаж, хэрэв мэдээллээ санаатай нуун дарагдуулаад зөөвөрлөж орж ирээд халдаавал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдэж, иргэн бүрээс гарын үсэг авч байгаа. Ирэнгүүт нь 14 хоног тусгаарлана. Эхний нислэгээр ирэх өндөр настай, хүүхэд, жирэмсэн эмэгтэй зэрэг хүмүүсийг нарийвчлан ангилсан. Энэ хүмүүсийг ялгавартай буюу хаана тусгаарлахыг нарийвчлан шийднэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төл бойжилт 98.3 хувьтай байна

Өнгөрсөн 7 хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Төв аймгуудын ихэнх нутаг, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн баруун, Дорнодын өмнөд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнодын зарим газраар 0.0-8.4 мм цас орсноос хамгийн их нь Ховдын баруун хойд, Улаанбаатар орчмоор 5.7-8.4 мм, бусад нутгаар 0.0-5.3 мм цас орсон байна. 2020 оны 03 сарын 09-ны өдрийн мэдээгээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Ховд, Говь-Алтайн хойд зах, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-38.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Баянтэсд 38.0 см, Их-уулд 34.0 см, Тосонцэнгэлд 32.0 см, Цагаан-хайрханд 27.0 см, Увсын Хяргаст 28.0 см, Малчинд 26.0 см, Баруунтуруунд 22.0 см, Завханы Тэсд 28.0 см, Ярууд 25.0см, Улиастайд 24.0 см, Хөвсгөлийн Жаргаланд 25.0 см, Галтад 24.0 см, Архангайн Өлзийтөд 23.0 см, Булганы Баян-Агтад 25.0см зузаан цастай байна. Энэ оны 3 дугаар сарын 01-ний үнэлгээгээр 8 аймгийн 40 суманд цагаан зудын, 12 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай байна.

Оны эхэнд 30.8 сая хээлтэгч мал тоологдсон бөгөөд одоогийн байдлаар 209.5 мянган эх мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай, төллөвөл зохих нийт малын 0.7 хувь төллөсөн байна.

Том малын зүй бус хорогдол одоогийн байдлаар оны эхний нийт малын 0.27 хувийг эзэлж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мөл аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газар зарим гурилын үйлдвэрүүдтэй уулзалт зохион байгуулж 1 тн хивгийг дунджаар 470.0 мянган төгрөгөөр худалдаалж байсныг 10 хүртэл хувиар хивгийг хямдруулж борлуулахаар харилцан тохиролцсон. Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн засаг дарга нарт мал хаваржилтад шаардлагатай тэжээлийг нэгдсэн байдлаар шуурхай худалдан авах арга хэмжээ авах тухай сайдын 01/854 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Дээрх зохицуулалтын арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 7 хоногт Булган аймаг 87 тн хивэг, Архангай аймаг 50 тн хивгийг “Улаанбаатар гурил” ХХК-аас авсан байна. Өвөрхангай аймаг “Милл хаус” ХХК-тай 500 тн хивэг худалдан авахаар хэлэлцэж байна. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сум 50 тн хивгийг Дархан -Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн салбараас худалдан авах үнийн зохицуулалт хийж байна.

Засгийн газраас улсын нөөцийн 3713 тн өвсийг үнэгүй, 3025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, отор ихтэй 7 аймагт тус бүр 50.0 сая нийт 350.0 сая төгрөг, эрүүл мэнд, нийгэм, онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээг дэмжиж 17 автомашин олгов.

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Архангай /3/, Булган /5/, Говь-Алтай /15/, Хэнтий /6/, Ховд /7/, Өвөрхангай /19/, Увс /4/, Сүхбаатар /2/ 8 аймгийн 61 сумын 1000 эмзэг бүлгийн малчин өрхөд тус бүр 240.0 мянган төгрөг, 115.0 мянган төгрөгийн малын эрдэс тэжээлийн багцын /малын долооц, загасны тос, амин тун, нүдний тос, туурайн тос/ нийт 355.0 сая төгрөгийн тусламж үзүүлэв.

Одоо Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Дундговь зэрэг 10 аймгийн 44 сумын 1028 өрх тус бүрт 240,000 төгрөг, 127.0 мянган төгрөгийн малын эрдэс тэжээлийн багц олгохоор бэлтгэж байна. Хөвсгөл аймагт энэ ажлыг 03 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулахаар ажиллаж байна.

НҮБ-ын ХХААБ-аас Дундговь /10-200/, Дорноговь /5-100/, Төв /5-100/, Баян-Өлгий /2-50/ зэрэг 4 аймгийн 450 өрх тус бүрт 275.0 мянган төгрөг, 145.0 мянган төгрөгийн малын эрдэс, амин дэмийн багц нийт 189.0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалт Улаанбаатар хот, Төв аймагт одоо явагдаж байна. Нийт 459.5 мянган толгой малд вакцин хийхээс өнөөдрийн байдлаар 97.5 мянган толгой малд хийж 16.7 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Д.Нямхүү-н зурган илэрц

COVID 19-ийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох найман хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Өнөөдөр Дорноговь аймгаас 54 хүний сорьц ирсэн. Батлагдсан тохиолдол шинж тэмдэг илэрснээс хойш халдвар дамжуулах магадлал өндөр байдаг тул хэд хоног харж байж халдвар дамжсан бол вирус өсдөг. Тиймээс 4-5 хоногийн дараа шинжилгээ хийж нягтлахаар төлөвлөсөн. Тэр сорьцнууд өнөөдөр зөөвөрлөгдөн ирлээ. Бид маш богино хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон 400 гаруй хүнийг тусгаарлаж, эмчийн хяналтад ажиглаж байна. Шинж тэмдэг илрэх эсэхийг байнга хянаж байгаа. Франц иргэний биеийн байдал тогтвортой байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглэгчийг чирэгдүүлж байгаа үйлдлийг таслан зогсоолоо

Хэрэглэгчийг чирэгдүүлж байгаа үйлдлийг таслан зогсоолоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч “Артизан” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгалаа.

Шалгалтын явцад “Артизан” ХХК-ийн албаны хүмүүсээс тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөтэй харилцахгүй байхаар дотооддоо ярилцаж хэрэгжүүлсэн арга хэмжээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Гэвч Улсын Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас тухайн асуудалтай холбоотой худалдаа, үйлчилгээний байгууллагуудад “мөнгөн дэвсгэртээр хийх гүйлгээг хязгаарлах” аливаа шийдвэр, чиглэл гараагүй байхад аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэгчийн эрхийг хязгаарлах замаар хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл карт болон мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх аль ч тохиолдолд гараас гарт дамжих тодорхой тогтсон ижилхэн үйлдэл хийгдэж байх тул энэ үйлдэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэхээс илүүтэй хэрэглэгчийн эрхийг хязгаарлах үйлдэл болж байх тул тухайн үйлдлээ зогсоож, харин халдвар хамгааллын урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг аль ч тохиолдолд өндөржүүлж ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа.

Тухайлбал, нэг удаагийн бээлийг тогтсон хугацаанд тогтмол сольж хэрэглэх, нэг удаагийн ариутгах хэрэглэл ашиглах, касс болон үйлчилгээний ажилтаныг тус бүрт нь ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа гэж Монгол Улсын Шадар Сайдын ажлын албанаас мэдээллээ.