Categories
мэдээ нийгэм

“Нийслэл рүү орж, гарч байгаа иргэдийн халууныг хэмжиж, асуумж авахад 1-2 минут зарцуулж байна”

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ.

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний 07:00 цагийн байдлаар хотоос гарах хөдөлгөөн ачаалалтай байсан бол хот руу орох хөдөлгөөн ачаалал бага байв. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод болон шороон замуудад Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Мөн зам хаасан нөхцөлд зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн газрын албан хаагчид ярьж байлаа.

Замын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай 10,741 иргэн, 4,069 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн байна.

Хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгддэг учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод зохион байгуулж буй Хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлж ажиллаж байгаа аж. Мөн хөдөлгөөний ачааллаас шалтгаалан дөрвөөс зургаан эгнээ гарцыг нээж, түргэн шуурхай зохицуулалтыг цаг тухайд нь авч ажиллаж байна.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Иргэд эрүүл мэндийн тандалт судалгаанд оролцохдоо цааргалах, дургүйцэх явдал гаргаагүй. Халууныг нь хэмжиж, асуумж бөглөхөд 1-2 минутыг зарцуулж байна. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Олимпийн наадмыг хойшлуулахгүй гэж Шинзо Абэ батлав

Дэлхий дахиныг “covid-19” тахал түгшээж байгаа ч “Токио-2020” олимп болон паралимпийн наадмыг зохион байгуулахад юу ч саад болохгүй гэж Японы ерөнхий сайд Шинзо Абэ бямба гаригт амлалаа.

Тус олимпийн бамбарыг Грект аялуулах байсан ч цуцалсан, маш олон уралдаан тэмцээнүүдийг хойшлуулаад байгаа боловч Олон улсын олимпийн хороо (ОУОХ) болон “Токио-2020” олимпийг зохион байгуулагчид долдугаар сарын 24-нд эхлүүлэхдээ урьдын адил итгэлтэй байна. “Бид вирусийн халдварыг даван туулж, төлөвлөсөн ёсоор олимпийн наадмаа хүлээн авна” гэж Шинзо Абэ хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп түүнтэй утсаар ярьж олимпийг хойшлуулах тухай санал тавьсныг ноён Абэ дурдсангүй. Хэдийгээр Японд covid-19-ын халдвартай хүний тоо 800-д хүрч, үүнээс 22 нь нас бараад байгаа ч онц байдал зарлах хэмжээнд хүрээгүйг Абэ мөн баталсан байна. Японы засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай (ДЭМБ) байнгын холбоотой ажиллаж, зөвлөгөөг нь дагаж буйг мөн өгүүлэв.

“Токио-2020” олимпийг хойшлуулах, цуцлах саналыг ямар ч тохиолдолд ОУОХ гаргах билээ. Тус олимпийг зохион байгуулах гэрээг Токио хоттой 2013 онд байгуулахдаа гэрээнд ингэж зааж өгчээ. Олимпийг хойшлуулах заалт үгүй юм. Харин ОУОХ нь дараах шалтгаанаар олимпийг цуцалж болно. Үүнд: дайн байлдаан, олон нийтийг хамарсан үймээн, хориг, эсвэл оролцогчдын аюулгүй байдалд ноцтой занал тохиолдвол гэсэн заалтууд бий. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэдхэн хоногийн өмнө мэдэгдэхдээ тус байгууллага ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж буйгаа уламжилсан билээ. Тэрбээр “Олимпийн нээлт хүртэл 19 долоо хоног үлдээд буй энэ цаг үед дэлхий дахины эрх мэдэл бүхий байгууллагууд, спортын хамт олон коронавирусын тархалтыг бууруулахын тулд ихээхэн чухал ажил хийж буй нь бидний байр суурийг баталж байна” хэмээн өгүүлжээ.

Categories
мэдээ спорт

М.Анхцэцэг олимпын эрхийн оноо олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

АНУ-ын Охайо мужийн Коламбус хотноо болсон хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээнд хүчээ сорьсон ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтөөр алт, мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртжээ.

“Токио 2020″ олимпын эрхийн оноо авах тус тэмцээнд Монголоос хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон бөгөөд Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан тавдугаар байр эзэлжээ. Олимпын эрхийн оноо авах уг тэмцээнд 780 тамирчин өрсөлджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Отгонтэнгэрийн дуулал

НЭГ.

Отгонтэнгэрийн бараа холдон холдтол харагдана. Эгийн даваанаас, Алтай хотоос харагддаг. Хангайн их уулсын дээгүүр торолзох бараа нь их уулсын дээгүүр, холын замд хүүхдээ үдсэн ээж нь аянчдын бараа тасартал гаднаа зогсох мэт бүртэлзэн торойно. Тэгээд сэтгэл оюун, бодол мөрөөдөл, төсөөллийн ертөнцөд сүмбэрлэн үлдэх бөлгөө.

Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хэмээн сүсэглэн залбирдаг. Тэнд Очирваань бурханы орон буй хэмээн мөргөх бөлгөө. Өвөр бэлийн сумыг Отгон гэдэг. Мэдээж, хувьсгалын үед сум орноо Богд Очирваань хэмээн хувьсгалч бусаар нэрлэж болохгүй, “Тэнгэр” энэв тэрэв гэсэн шүтээний утгат нэр оноож болохгүй байснаас тэгсэн биз. Ингээд сумаа “Отгон” хэмээн нэрийдсэн бололтой. Бас Цагаанхайрхан хэмээх сум Отгонтэнгэрийн баруун хаяанд байна. Отгонтэнгэрийн нэрийг цээрлэн Цагаан хайрхан хэмээн авгайлж, сум орноо нэрлэсэн бололтой, тэр хавьд Цагаанхайрхан нэртэй, сүр бараатай өөр уул дуулддаггүйг бодоход. Бодвоос, нутгийнхан Отгонтэнгэр уулаа л Цагаан хайрхан гэхгүй бол өөр ямар уулаа “цагаан хайрхан” гэхсэн билээ.

Ийм уламжлал нэг бус. Нэрээ сольж Чингис хот болсон “Өндөр хаан” ч түүний жишээ санагддаг. Монголчууд Чингис хаанаа л Өндөр хаан гэхгүй бол өөр ямар хааныгаа “өндөр хаан” гэх ч билээ.

Харин Отгон, Цагаанхайрхан хоёрын дундуур орших Шилүүстэй бол манай сум, манай зуслан нутаг Богд Очирвааны баруун өмнөөс сунаж мөргөх мэт сунайсаар Отгонтэнгэрийн бэлийн уул хяр руу хүрдэг бөлгөө. Хуучиндаа манай хэдэн сум Хошууч бээсийн хошуу хэмээх засаг захиргааны нэгэн нэгж байжээ.

-Миний хүү хол газар явахдаа Богд Очирвааньдаа залбирч яваарай гэж эмээ минь захидагсан. Хүн нь элж, захиас нь үлджээ. Бодит ертөнц элж, хийсвэр хорвоо үлддэг ч юм уу гэмээр. Гэтэл “Үгүй ээ. Байгаа болгон байгаа” гэх шиг Отгонтэнгэр хайрхан байсан газартаа дүнхийсээр.

ХОЁР.

Отгонтэнгэрийн бараа ойртохоос ч өмнө харагдана. Ахыгаа сургууль тарахыг хүлээн хамар толгой дээр бараа харж өнжих хайртай дүү шиг… гэрээсээ ирэх хэн нэгнийг мөрөөдөж, хураасан түлээн дээр зогсоод хангайн давааг элтэл ширтэх дотуур байрны жаал шиг.

Тэгээд, удтал хүлээсэн хүнийхээ барааг харсан нүдэндээ итгэж ядан гэрлүүгээ гүйж орох хүүхэд шиг Отгонтэнгэрийн бараа газрын бартаанд тасарна.Ойртохын хэрээр мөрөөсөлт зочноо хүлээж тэсэлгүй гаран орон байх нэгэн шиг нэг ил гарч, нэг далд орно.

…Хаврын нүүдлээр хүүхдийг арганд хийж толгойн тэмээнд ачна. Итгэлт номхон тэмээний зөөлөн алхаанд бүүвэйлүүлэн, дээлээр дулаалсан арганд сууж аялах үнэхээр тавлаг, үлгэрлэн хэлвээс агаарын тээврийн “бизнес ангилал”тай дүйцэх тухлаг аялал. Дээр нь чихэр, еэвэн мэтийн тусгай үйлчилгээтэйг хэлэх үү.

Мэдээ орсон цагаас хойш надад хамгийн их таалагдсан зүйл бол нүүдэл. Сунайсан уул, цэлийсэн талыг туулан чанадад нь гарахын жаргалыг зөвхөн нүүдэлчний хүүхдүүд л мэднэ.

Тэнгэрийн хагасыг халхалсан хяр дээгүүр давахын өмнө ер бусын сэтгэгдэл бие эзэмдэнэ. Давааны хяр үл таних үлгэрийн хотыг түр халхалсан хөшиг мэт. Даваан дээр гарах торгон агшинд эзгүйрэн байсан тэнгэрийн хаяа гайхамшигт шинэ үзэмжээр дүүрнэ. Оргүй хоосны огторгуй агшин зуур дүүрэх мэт… их тэсрэлтийн дараа ертөнц агшин зуур тэлсэн гэдэг шиг…гэгээрэл гэнэт цэлсхийн гийгүүлдэг гэдэг шиг… учир начир нь олдож өгөхгүй байсан зүйлс гэнэт логик дараалал, учир замбараа нь танигдах мэт…зүйрлэхийн аргагүй гоё мэдрэмж төрдөг өө.

Хамгийн холын уул хамгийн түрүүн харагдана. Тэгээд уулнаас уул хүртэлх гайхамшгийг үзэн туулан хамгийн цаад талын даваан дээр гарахын хүсэл эзэмдэнэ. Нүүдэлчин хүн очиж үзэхийн хорхойтой болж өсдөг. Энэ бол танин мэдэхүйн дон. Монголчууд нийтээрээ үзэж танихын хорхойтой үндэстэн.

Чингис хааны цэргүүд зүгээр л нүүж явсан юм шиг. Тэд хорвоо ертөнцийг нүүгээд өнгөрөх, дайраад үзэх учиртай, аялан одох бүх хүнд хүртээлтэй байх учиртай гэж бодсон байх. Тэгээд ямархуу ертөнцөд төрснөө мэдэх сонирхолгүй үндэстэнд дургүйцдэг, хорвоо дэлхийгээ үзэж танихын оронд “шавар хотонд шавааралдан суудаг” гэж тэднийг басамжлан хардагч байсан юм бил үү? Улмаар, өөрөө ч аялдаггүй, бусдыг ч аялуулдаггүй хот балгадтай тулалдахаас өөр аргагүй болдог ч байсан юм уу гэж бодогдом. Чингис хаан эзлэн авсан уудам нутагтаа нэг л уриа түгээсэн нь “хөлөө хүрэх газарт явцгаа. Аюулгүй байдлыг би даана” бөлгөө. Тэр хэлсэндээ хүрч Өрнөөс Дорно хүрэх замаар “толгой дээрээ алтан таваг тавиад шөнөөр явсан ч айх юмгүй” болгосон гэдээг.

ГУРАВ.

Тэмээтэй нүүдэл зогсох, хөдлөх нэн аажим. Орчин цагийн иргэний тээврийн супер онгоцны нисгэгч агаарын хөлгөө газардуулах мэт намбалаг. Мөнөөх “люкс арагт” дугхийж явахад нүүдэл зөөлөн зогсох нь мэдрэгдэнэ. Шар хөтөл юм уу, Зүүнбулагийн даваан дээрээс л ийм явдал болдогсон. Арагнаасаа өндийн харахад хангайн нурууны ширээ шиг тэгш оройтой уулсын дээгүүр мөнгөн гурвалжин мэт Отгонтэнгэр үзэгдэнэ. Уул усны эзэд хангай дэлхийгээрээ тахилын ширээ үйлдээд цагаан титэмт бурхан залсан мэт. Отгонтэнгэрийн олон дүр төрхөөс хамгийн ер бусын байдал нь тэрхүү пирамид маягийн гурвалжин дүр байдал бөлгөө. Магадгүй, хамгийн анхны сэтгэгдэл, хар багаас хоногшсон дүр төрх учраас тийн санагддаг ч байж магадгүй.

Эмээгийн маань дуу ойртон ирж,

-Миний хүүгийн Богд Очирваань гараад ирлээ дээ гэнэ.

Тийм ээ, тэр уул миний уул, бас эмээ болгоны ач хүүгийн уул. Надад анх удаа уул усыг “минийх мэт” хайрлах сэтгэл тэгж төрсөнсөн. Аваад явж болдоггүй, сахиад үлдэх аргагүй, өмчлөөд үлдээх боломжгүй ч гэсэн “миний юм” байж болдгийг тэгэхэд анх ухаарчээ. Энэ хорвоо ч тийм бөлөөг. Эмээ минь үнэн хэлсэн ажгуу.

Би тэр уул хайрханыг өмчлөн суухгүй, үүрээд явахгүй, гэхдээ л тэр бол миний уул. Учир нь би нэг юманд уягдах учиргүй, нэг үнэнд хүлэгдэх явдалгүй, үзэл санааны нүүдэлчин хүн. Үзэж үл барах, таньж үл ханах ертөнц дэлхий өмнө цэлийж байгааг төрөхдөө л мэдэрсэн. Нүүдэлчин хүн таних мэдэхүйн загварт баригдах дургүй. Мөн чанараараа догмын эсрэг. Нүүдэлчид юмыг эсэргүүцэхийн оронд түр хүлээн зөвшөөрдөг. Хүний үзэл санааг шүүн хэлэлцэх, шүүмжлэхийн оронд зөвшөөрөн, бусдыг өөрийн гэсэн үнэнтэй нь орхиод одохыг боддог. Ертөнц шүүн хэлэлцэхэд бус үзээд өнгөрөхөд зориулагдсан гэж хардаг.

Тэд хамгийн өндөр уулын цаана хамгийн өндөр уул байгаа гэдгийг мэдэрдэг. Тийм болохоор, өөрийн уулыг хамгийн өндөр гэж боддог нэгэнтэй маргаж суухын оронд тэнгэрийн хаяа руу замаа хөөхийг эрхэмлэнэ.

Бас хамгийн үржилт нутгийг ч орхиод нүүнэ, хамгийн жаргалтай агшныг ч хаяад босно гэдгээ мэддэг, мянга мянган гайхалтай зуныг зусландаа орхиж дассан шигээ. Алдана гэдэг бол шинийг эрэх шалтгаан, хагацана гэдэг бол илүү сайхнаар учрахын бэлтгэл гэж ухаардаг, мянга мянган зуд гамшгийг өвөлжөөндөө хаяад нүүсэн шигээ…

ДӨРӨВ.

Намар уруудаж нүүтэл Отгонтэнгэрийн бараа үл тасарна. Отгонтэнгэрт ил зусаж буй айлууд тэр зүгт үнсээ үл асгана. Тийш харж “морь харах”ыг цээрлэнэ.

Отгонтэнгэрийн дүр төрх олон янз. Баруун хойноосоо бол тал алман сар хэлбэртэй, торгон ирмэгийг нь цас эмжээрлэнэ. Эс бөгөөс үүлсийг эсгэж ир нь цайрсан алман сүхээ асар тэнгэрүүд газарт орхиж мартсан мэт. Энэ дүр хувирал Даян зуслангаас үзэгдэх бөгөөд монгол төгрөгийн “100” ба “50”тын дэвсгэрт дээр буй.

Харин зүүн өмнөөс нь харахад цагаан хэвнэг хагас хөдөрсөн орон дэлхийн эзэн бээр, газар тохиолдоод хагас хажуулах мэт. Өмнө нь рашаан дүүрэн бадар аяга нь мэлтэлзэх нь тахилгат нуур-Бадар хундага бөлгөө. Ийм дүр байдлыг Отгонтэнгэрийн тахилгад очсон, Бадар хундагаариун нуурийг тольдохоор очигсод мэднэ. Хүн болгонд анх харсан тал нь хамгийн төгс хамгийн эрхэм.

Өндөр газрын араншин таагдашгүй. Дөнгөж саяхан л цэлмэг тэнгэрт сүүмийн байсан Богд Очирваань хайрхан агшин зуур үүлэнд баринтаглуулан бараа тасарна. Гэнэтхэн тэнгэрийн тайзны хөшиг нээгдэх мэт тув тунгалгаар тодрох нь Төвд газрын сүм хийдийн туурган зургуудын “өөрөө тодорсон домогтой” хэмээх тайлбар лугаа адил.

Нутгийн зон олон энэ үзэгдлийг “Отгонтэнгэр дургүй хүндээ харагдах дургүй” хэмээн тайлбарлах дуртай. Хажууд нь удаан байхад ч гэсэн “харагдах”, “үл харагдах” энэ байдал ээлжлэх тул уул ус чамд нэг дургүй нь хүрээд, тэгснээ сайхан загнаад байна гэж хэлэх аргагүй.

Үнэн хэрэгтээ, Отгонтэнгэр хүн бүхэнд харагдана. Гагцхүү, чи харъя гэж хүссэн л байх хэрэгтэй. Үл үзэгдэх байдал бол дүр төрх мөн. Чи Отгонтэнгэрийн үл харагдах дүр төрхийг л харсан байна. Харагдахгүй болгон байхгүй гэсэн үг биш. Чи хайрыг хардаггүй. Гэхдээ түүний байгааг мэдэрч, хайр байгаагийн хүчинд жаргадаг гэдгээ мэддэг.

…“Гишгэж зогсоо газрын минь үргэлжлэл, Гэгээн нарны дорхи чиний эх нутаг…” Оюутан цагийн шүлгийн мөр. Чамд харагдаж байгаа бүхэн Отгонтэнгэрийн нэг үзүүр. Чиний гишгэж байгаа газар чинь Отгонтэнгэрийн хормой мөн. Чи Отгонтэнгэрт очсон бол, энэ мөрүүдийг уншсан бол “Хүү минь, Чиний Богд Очирваань тэр байна”…

2017 оны долдугаар сар

Categories
мэдээ цаг-үе

А.ГАНСҮХ: Таван толгойн IPO-г УИХ шийдчихсэн

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй Таван толгойн ордтой холбоотой асуудлаар ярилцлаа.


-Таван толгойн орд дээр IPO хийхтэй холбоотой асуудлаар улстөрчдийн дунд маргаан дэгдээд байна. Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нууц зөвлөмж гаргасан тухай тайлбар хийнэ үү?

-Асуултад хариулахын өмнө тайлбар хиймээр байна. ҮАБЗ бол Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, шашны асуудал, хүний эрх, эрх чөлөө зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргадаг бие даасан байгууллага. ҮАБЗ нь Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг удирдлага болгон ажилладаг.

-Эдийн засгийн аюулгүй байдал бас хамаарна биз дээ?

-Монгол Улсын Үндсэн хуульд эдийн засгийн аюулгүй байдал гэж заасан байдаг. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.4-т зааснаар эдийн засгийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс ҮАБЗ эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй.

-ҮАБЗ тэгвэл эдийн засгийн асуудалд оролцох нь ээ?

-Тийм. Эдийн засгийн аюулгүй байдал бол аливаа улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал асуудлын нэг. Тиймээс ҮАБЗ эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар шийдвэр гаргадаг. АНУ-ын ерөнхийлөгч Трамп, Америкийн эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг тэргүүн ээлжинд тавьж бусад улс орнуудтай худалдааны маргаан хийж байгаа биз дээ.

-Зөвлөмжтэй холбоотой асуултадаа хариулт авъя?

-Хариулъя. Яагаад эдийн засгийн асуудлыг ҮАБЗ хэлэлцэж шийдвэр гаргаж байгаа вэ гэдгийг ойлгосон байх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргаж, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар, чиглэл өгдөг. Тэр шийдвэрийн текст нь зөвлөмж хэлбэрээр бичигддэг. Дахин онцлон хэлье, ҮАБЗ-өөс шийдвэр гардаг, тэр шийдвэрийн бичигдэж гарч байгаа текст нь зөвлөмжийн хэлбэртэй байдаг.

-Тэгэхээр ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийг биелүүлэхгүй байж болох уу?

-Болохгүй. ҮАБЗ байгуулагдсан 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байх тохиолдол гараагүй байна. Цаашид ч гарахгүй биз.

ҮАБЗ-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт зааснаар зөвлөмжөөр үүрэг авсан төрийн байгууллага, албан тушаалтан ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлж хариу мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс түүнийг хэрэгжүүлэх ёстой гэсэн үг. Хуулийн мэдлэггүй хүмүүс зөвлөмж гэсэн үгэнд төөрөгдөх нь их.

-Тэгвэл зөвлөмж нууц байдаг нь ямар учиртай юм бэ?

-ҮАБЗ нь төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлж, зэвсэгт хүчин, тагнуул, цагдаа зэрэг тусгай албаны үйл ажиллагаатай холбоотой онц чухал асуудлыг шийдвэрлэж байдаг учраас бараг бүх зөвлөмж нь нууц, маш нууц зэрэглэлтэй гардаг. Ил зөвлөмж их цөөхөн гарна даа. Төрийн нууц гэж байдаг биз дээ. Үүнд гайхах юм байхгүй.

-За тэгэхээр Таван толгойн ордын талаар нууц зөвлөмж гарсан юм байна гэж ойлголоо. Заавал нууцлах шаардлагатай байсан уу?

-Зөвлөмж гарсан. Мэдээж шаардлагатай болоод нууцалсан. Төрийн болон албаны нууцын тухай хууль гэж бий. Тэр хуулийн дагуу л нууцад авсан байгаа. Төр нууцтай байх ёстой гэдгийг дахин хэлье.

-Тэр зөвлөмжийг нууцаас гаргая гэж Л.Оюун-Эрдэнэ сайд танд хандана гэсэн. Хандсан уу?

-Энэ асуудлыг хуулийн дагуу ҮАБЗ-ийн гишүүд хэлэлцэн шийдэх байх.

-Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэхдээ З.Энхболд ҮАБЗ-ийн хуралд суусан, асуудлыг мэдэж байсан байж одоо улс төр хийж байна гэдэг асуудал тавьсан. Таван толгойн асуудлыг хэлэлцсэн ҮАБЗ-ийн хуралд З.Энхболд дарга байсан уу?

-Тэр хуралдаанд З.Энхболд дарга байсан. Ер нь бол ЕТГ-ын дарга ҮАБЗ-ийн бүх хуралдаанд оролцдог.

-Таван толгойн IPO асуудлыг З.Энхболд 2018 онд мэдэж байсан гэдэг тэгвэл үнэн юм байна?

-Мэдээж үнэн. З.Энхболд дарга үүнийг үгүйсгээгүй биз дээ.

-Тэгээд яагаад одоо эргэж буцаад, эсэргүүцээд байгаа юм бол?

-З.Энхболд даргын яриаг би үзсэн. Та бүхэн нэг зүйлийг анхаарна уу. Түүний ярилцлагаас харахад З.Энхболд дарга Таван толгойн IPO хийх асуудлыг эсэргүүцээд байгаа биш, “Харин анх төлөвлөсөн 5 тэрбум долларын үнэд хүрэхгүй байна, 30 хувь дээр 1 тэрбум долларын IPO хийх хэрэггүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байсан.

-Үнийн асуудал байгаа гэж ойлгогдож байсан. АН-ын улс төр хийж байгаа асуудал юм биш үү?

-Улс төрийн хувьд би ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга бол хуулийн шаардлагаар намын гишүүнчлэлээс түдгэлзсэн, төрийн тусгай албан тушаалтан. Би бодит байдлыг л тайлбарлаж байна.

-Таван толгойн орд дээр IPO хийх нь зөв гэж ҮАБЗ шийдсэн үү?

-Таван толгойн орд дээр IPO хийх нь шинэ асуудал биш, энэ асуудлыг анх УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Түүнийг дагуу асуудлыг дахин ҮАБЗ дээр хэлэлцээд олон улсын хөрөнгийн бирж дээр гарах энэ зарчим зөв гэж үзсэн. УИХ дахин 2018 онд энэ асуудлыг хэлэлцээд 73 дугаар тогтоолоор IPO хийхийг Засгийн газарт даалгасан байна. Тэгэхээр 2010 оноос хойш яригдаж байгаа асуудлыг одоогийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Төрийн залгамж чанар гэж байдаг биз дээ.

-Тэгвэл яагаад Таван толгойн орд дээр IPO хийх нь хууль бус гэх болов?

-Хууль бус зүйл ерөөсөө байхгүй. Харин ч 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Таван толгойн ордыг УИХ-аар оруулахгүй хувийн компанид шилжүүлэх гэж байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудлыг УИХ, ҮАБЗ, Засгийн газар гээд бүх түвшиндээ хэлэлцүүлсэн гэдгийг онцлон хэлмээр байна. Зүгээр л одоогийн олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх үнэ нь Эрдэнэс Таван толгой компанийн нэг жилийн борлуулалттай тэнцэхээр байгаа нь хямд гэж гологдож байна л даа. Зүүн цанхийн ордын 30 хувь нь 1 тэрбум доллар мэдээж хямд үнэ. Гэвч олон улсын бирж дээрх дэлхийн зах зээлийн үнийг бид тогтоох биш. Коронавирус дэлхий даяар тархаж, дэлхийн бүх биржийн үнэт цаасны ханш унаж байна. Алтнаас бусад түүхий эдийн үнэ унаж байна. Цаг үе нь ингэж таарч байна.

-Тэгэхээр одоо яах ёстой вэ. Зөв шийдэл нь юу вэ?

-Үнэ өсөхийг хүлээх л хэрэгтэй байх. Л.Оюун-Эрдэнэ сайдын ярианаас харахад Засгийн газар ч гэсэн ийм байр суурь баримталж байгаа юм байна гэж ойлгогдсон. Засгийн газарт нөөц хувилбар байгаа даа.

-Зах зээлийн эдийн засагтай улс орнуудын хөрөнгө оруулалт татах гол арга нь IPO шүү дээ?

-Энгийнээр хэлбэл, санхүүжилт татах арга юм. Бизнесийг санхүүжүүлэх олон арга бий, Жишээлбэл, Нэгдүгээрт, гадаад дотоодоос компанидаа шууд хөрөнгө оруулалт авах арга байна. Энэ тохиолдолд ихэнхдээ хөрөнгө оруулагчтай хамтарсан компани байгуулдаг. Хөрөнгө оруулагч тал оруулж байгаа хөрөнгөндөө хувьцаа эзэмшдэг. Хувьцааны хэмжээг талууд тохирдог. Ихэндээ хөрөнгө оруулагч тал 49 хувиас буухгүй дээ. Хоёрдугаарт, банкнаас зээл авах, энэ тохиолдолд компани тодорхой хугацааны дараа авсан зээлээ төлнө, нэмж зээлийн хүү төлнө. Гуравдугаарт, компанийнхаа хувьцааг олон улсын бирж дээр нийтэд арилжих буюу IPO (intial public offering буюу нийтэд санал болгох) хийх арга. Энэ илүү үр дүнтэй. Учир нь хувьцаа зарж олсон мөнгөнд хүү төлөхгүй, компани өөрөө хэдэн хувиа бирж дээр гаргахаа шийднэ. Бирж дээрээс хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч компанийн ашгаас эзэмшиж буй хувьцаандаа таарсан ногдол ашиг авна. Компани олон улсын бирж дээр хувьцаа арилжсан учир үйл ажиллагаа нь ил тод, олон улсын хуулийн дагуу явагдана. Компанийн засаглал, санхүүгийн бүх үйл ажиллагаа шилэн болдог гэсэн үг л дээ. Зөвхөн Монголын биш, олон улсын компани болж байгаа юм.

-Ингэвэл харин ч Монголын компани олон улсын жишиг стандартаар хувьчлагдах давуу тал үүснэ гэж харагдаад байх юм?

-Ашигт малтмалын орд буюу нүүрсний уурхайг хувьчилж байгаа юм биш. Олон улсын хөрөнгийн бирж дээрээс хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч тус компанийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшинэ. Хувьцаа эзэмших нь тус компанийн тодорхой нэг хөрөнгийг эзэмших эрх биш. Хууль, компанийн дүрмийн дагуу компанийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд оролцоно, ногдол ашгаа авна.

-Тэгэхээр та Таван толгойн ордын IPO-г буруу гэх гээд байна уу?

-Уучлаарай. Ингээд ярилцлагаа дуусгая. Олон нийт дүгнэлтээ хийнэ биз.Ингэхэд Д.Сумъяабазар сайд чинь 2015 онд УИХ-ын гишүүн байхдаа Ажлын хэсэгт ажиллаж Таван толгойн ордыг хууль бус үйл ажиллагаанаас аварч үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Нөгөө алдарт 40 гишүүний чинь нэг.


Categories
мэдээ цаг-үе

“ТОГДГОР” Д.Галсантогтох: Монголчууд дэлхийд шалгарчихлаа шүү

Ард олондоо Тогдгор Галсантогтох хэмээгдэн хүндлэгддэг Монгол Улсын гавьяат жүжигчин, алиалагч, нэрт лимбэчин Дашзэгвийн Галсантогтохтой ярилцлаа.


-Айхавтар халдвар Монголд илэрч хүмүүс том багагүй л айдастай байна. Энэ үед амны хаалт зүү, гараа угаа гэдэг зөвлөгөөг өгөхөөс гадна өөдрөг бай, тайван бай гэж зөвлөөд байгаа?

-Санаагаар болдог юм бол хориотой ч бай, хориогүй ч бай, коронавирус бага гарсан, их гарсан хамаагүй ер нь л гаднаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэл, онгоц, вагон, автомашин бүгдийг л зогсоомоор байна. Санаагаар болдогсон бол шүү дээ. Сая гэхэд л бүртгэлд байгаагүй орон болох Францаас ороод ирсэн гэнэ. Гай тэгж ирж байна шүү дээ. Монголд том гай болж байна. Тийм байгаа биз. Монголд нэг ч коронавирус байхгүй байхад ийм нэг амьтан орж ирээд. Энэ хүнээс болоод 400, 500 хүн хохирч байна. Ажлаасаа чөлөөлөгдөөд, тусгаарлагдаад. Тэр хүмүүсийн ар талд, ар гэрт нь хичнээн хүн байгаа билээ. Ар гэр, ахуй амьдрал нь юу болох вэ. Тэр халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг олж хайхын тулд хичнээн машин техник, хүн хүч, эмнэлэг, цагдаа гээд юу эсийг хэлэхэв дээ. Энэ чинь эдийн засаг талаасаа асар их хохирол чирч байна. Ийм юмнаас болоогүй бол манайх дэлхийд нэг номерт байсан шүү. Энэ их аюултай, том бүс нутаг дотор яг голомт дор байхдаа манай улс цоо эрүүл. Чингисийн удам судар, бие бялдар, хөгжил сайтай, дархлаа сайтай монгол хүний чалх гэж нэг юм байдаг юм шүү. Үүгээрээ монгол хүн дэлхийд гайхуулж байхад энэ нэг юм ороод ирчихлээ. Үүнээс жишээ аваад гадна, дотно гэхгүй хилээ хаах нь зөв. Мэдээ сонсоод байхад тэгж ч Москвагаас ирлээ, тэгж ч тэндээс, эндээс ирлээ гээд л яриад байх юм. Бүгдийг нь зогсоомоор байна санаагаар бол. Болдоггүй л юм байлгүй дээ. Гэхдээ манай төр засаг, Онцгой комисс маш сайн ажиллаж байна. Би талархаж байна. Үүний хүчинд бид бүхэн эрүүл саруул айдасгүй байж байна.

-Хүмүүс таагүй мэдээ дуулаад хямарцгаасан. Энэ үед бие болоод сэтгэлээ хэрхэн тайван байлгах вэ. Та юу зөвлөх вэ?

-Төр засгийнхаа шийдвэрийг нэгдүгээрт биелүүлээд гэрээсээ гарахгүй бай. Төр засаг маань идэж уух хүнс, хоол, махыг ямар ч нэмэлт үнэгүйгээр чөлөөтэй хангаж байна шүү дээ. Тэгтэл коронавирус илэрлээ гэдгийг дуулаад хүмүүс яасныг харахгүй юу. Гулууз гулуузаар нь мах аваад л. Ингэж болохгүй л дээ, төр засаг анхааруулаад байхад хамаагүй тэгж зөрж болохгүй. Тийм учраас төр засгийнхаа шийдвэрийг дагаад гэр гэртээ амгалан тайван байж л байвал энэ аюул дарагдмаар байна. Үүнд л сэтгэл зовж, тэр коронавирус илэрсэн франц нөхөр үхчихгүйхэн шиг Монголоос гараад явчихаасай гэж залбирч байна. Үхчихвэл дүүрлээ шүү дээ. Тэгвэл цэвэр байсан Монгол байхгүй боллоо. Ийм л юм хэлмээр байна. Бусдаар бол санаа зовох юм алга. Төр засагтаа баярлаж байна. Тэр тусмаа манай Онцгой байдлын газрынхан маш сайн ажиллаж байна. Монголын ард түмэн амгалан тайвуухан байх болтугай. Их Эзэн Чингисийн цөөхөн монголчууд удам угсаагаараа ч бие бялдар сайтай байгааг харуулж байна. Монгол хүн гэж нэг иймэрхүү хүмүүс байдаг юм шүү гэдгийг дэлхий нийтэд харуулчихлаа. Үүнийгээ сахиад Бурхандаа залбираад эрүүл энх амар тайван байхыг уриалъя.

-Та их олон юм үзсэн хүн…

-Пай чи юу ярина вэ, ах нь одоо 80 нас хүрч байна.


-Өмнө нь иймэрхүү хөл хорио ч юм уу, гэрээсээ гарахгүй байх тийм даалгавар авч байгаагүй байлгүй дээ?

-Би л ийм юм үзээгүй юм байна. Амьдралдаа анх удаа үзлээ. Гэхдээ бас ганц, хоёр юм байсаан байсан. Халдвар наана цаана гээд. Үүн шиг айхавтар юм би амьдралдаа үзээгүй. Хэцүү л юм байна. Сэтгэл их цөвтөх юм байна. Байсхийгээд л мэдээ сонсох юм, байсхийгээд л мэдээ сонсох юм. Энэ бол том юм шүү. Үүний ард гарч байна гэхээр монгол хүмүүс ямар мундаг хүмүүс юм бэ дээ. Дэлхийд шалгарчихлаа шүү, манай монголчууд.

-Таны үеийн хүмүүс их цэвэрч байлаа даа?

-Ээ, тэгэлгүй яахав.

-Олон алчууртай явцгаадаг байсан. Гутлын алчуур, нусны алчууртай. Айл болгон үүдэндээ Ариун цэврийн булан-тай байлаа?

-Тэгэлгүй яахав. Үүний л нэг буян нь одоо илрээд байгаа юм. Цэвэрч байх, хувийн ариун цэврээ сахих чинь хүний ухамсартай шууд холбоотой л доо. Ер нь байсхийгээд гараа угаахгүй бол гар гэдэг чинь хамгийн бузар юм байдаг юм. Хамгийн түрүүнд юм болгонд хүрч байдаг. Угаахгүй бол болохгүй. Үүнийг чинь бүр Эзэн Чингисийн үеэс бидэнд сургаж ирсэн байна шүү дээ. Тийм ч учраас тусдаа аягатай, тусдаа халбагатай явуулаад сургачихсан байсан, манай өвөг дээдсээс, тийм байгаа биз?

-Тийм ээ, тийм.

-Өөр хүний аяганаас иддэггүй, өөрийнхөө л аяганаас иддэг. Өөрөө аягатай, алчууртай явдаг байсан. Ийм л байсан байна. Ийм ёс суртахуун бүр дээд үеэсээ уламжлагдаж ирсэн байсны дээр нийгмээ дагаад социализмын үед тэрийгээ улам сайхан хөгжүүлсэн. Тийм ч болохоор өнөөдөр халдвар авахгүй байгаа юм гэж би ойлгодог шүү, хүү минь.

-Та гараа өдөрт хэдэн удаа угаадаг вэ?

-Өө, би бол ёстой сайн угаана. Сайн угаана шүү, ер нь. Нэг угаахдаа 2-3 удаа савандаж угаадаг. Тэр бол хууль.

-Карантины хугацаанд монголчууд буцаад амны хаалт зүүж, гараа угааж сурч байна гэцгээж байна?

-Анзаарагдаж байна аа, анзаарагдалгүй яахав. Гэхдээ ер нь манай монголчууд гайгүй шүү, бас. Тийм ч их заваарчихсан улсууд биш шүү (инээв). Ер нь тийм. Ерөнхий гайгүй, гайгүй. Бидний үеийнхэн бол ч бүр гайгүй.

Миний нэрийг сониндоо бичихдээ Монгол Улсын гавьяат жүжигчин гэчихээд “Тогдгор” гэдгийг минь битгий мартаарай. Тогдгор гэж хаалтан дотор томоор бичээрэй. Тогдгор гэдэг цолондоо ах нь их хайртай шүү дээ.

-Хэн танд энэ нэрийг өгсөн юм?

-Ард түмэн. Ягаан Гажид гэдгийг хэн өгсөн юм?

-Ард түмэн.

-Тэгвэл адилхаан. Цөөхөн хүнд ард түмэн цол өгсөн байхгүй юу. Ягаан Гажид, Итгэлт баян, Равсал панз, Тогдгор Галсантогтох гэх мэтчилэн. Ийм цолтой байхад юун Ардын жүжигчин, юун Төрийн шагнал, юун Хөдөлмөрийн баатар вэ. Энэ чинь ховорхон юм байхгүй юу. Би энэ цолоо хэлүүлэх дуртай. Энэ нэрээ дурдуулах дуртай.

-Алиалагч хүнтэй уулзсаных хөгжилтэй юм сонсмоор байна, болох уу. Энэ үед аль болох хөгжилтэй бай, инээ гээд байгаа шүү дээ?

-(Инээв). Тулчихлаа. Тулчихаар чинь ямар юм байх вэ дээ.

Би гэх чинь өдөртөө 17 маск сольж байна.

32 ширхэг нусны алчуур сольж байна.

Өдөртөө маш бага идэж байгаа, өдөртөө өөх тостой хоёр хонины хаа, нэг ямааны гуятай идэж байна. Тэрний буянд явж байна. Хоол сайн ид гээд байгаа биз дээ. Өдөрт 4-5 нүүр, гарны саван барж байна. Угаагаад дуусгаж байна. Бие засахдаа нэг удаадаа нэг бүтэн нойлын цаас хэрэглэж байна. Ингэж л карантиндаа амьдарч байна даа.


Categories
мэдээ нийгэм

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 231 иргэн ирлээ

Өнөөдөр өглөөний 08:00 цагт Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Энэхүү нислэгээр Монгол Улсын 231 иргэн эх орондоо ирсэн юм.

Берлин-Москва-УБ чиглэлийн ОМ-136 нислэг дөнгөж сая Москвагаас хөөрлөө. Нийт 231 монгол иргэнийг эх оронд нь авчирч байна.

Онгоц өглөө 08.20 цаг орчим УБ-т газардана.

49 people are talking about this

Өчигдөр 16:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас Монгол Улсын 244 иргэн эх орондоо ирж, 14 хоног тусгаарлагдсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Брэд Питт: “Эцэг, эхийн бодлоор бол би тамд шатаж үхэх тавилантай юм билээ”

Питт нөгөө олдож өгдөггүй Оскар-оо авчихлаа. Уг нь тэр Холливудын шинэ цагийн эрэлт хэрэгцээтэй жүжигчдийн тэргүүн эгнээнд зогсож ямар ч дүрд, ямар ч төрлөөр тоглочихдог авьяаслаг нэгэн яах аргагүй мөн юм. Даанч Академийн гишүүд үл тоомсорлон өдий хүргэсний эцэст Тарантиногийн Холливудад нэг удаа киноны туслах дүрээр шаргал баримлыг авдаг юм даа. Таван удаа нэр дэвшиж байж шүү дээ. Францын нэгэн сэтгүүлд дээхнэ өгч байсан ярилцлага түүнийг хэн бэ гэдгийг бага зэрэг ч гэлээ мэдүүлнэ.


-Би таныг байгаа байдлаараа ялан дийлэгч гэж хардаг. Дэлхийн шилдэг жүжигчин, хамгийн авьяаслаг, царайлаг гээд л. Ялалт гэдэг юу вэ?

-Ялалт гэдэг чинь харцангуй ойлголт. Кино чинь их мөнгө цуглуулаад, чамайг ямар нэг үзүүлэлтээр анхных гээд бичих нь нэг талаар ялалт биш. Миний амьдралд нэлээн хэдэн тийм амжилт байсан ч хүүхдүүдтэй болсны хажууд юу ч биш.

-Хөөе, бузгай их мөнгө олох дэмий гэж үү?

-Та юу хэлэв ээ. Би мөнгөнд тун дуртай. Даанч их мөнгө тэр бүр аз жаргал авчирдаггүй юм. Ялангуяа мөнгөний хойноос хэт их чармайж гүйж явахдаа өөр нэгэн чухал эрдэнэсээ гээчихвэл бүр ч муухай. Надад ийм юм тохиолдсон.

-Өөрийгөө бүрэн үнэлэгдээгүй хүн гэж боддог уу?

-Ганц надад биш, их бага хэмжээгээр бүх хүмүүст байдаг л мэдрэмж. Би түүнийг чинь шударга үнэний мэдэрхүй гэж хүүхэд байхаасаа дотроо бодож өөрийгөө шаналган амьдарч буй. Өөрийгөө өрөвдөөд л, үнэн, худал санаа бодлоор сэтгэлээ хэмлээд л.

-Найруулагч Бэннит Миллэр нэг удаа Питт одоо хүртэл дундын Өрнөдөөс ирсэн залуу хэвээр гэж хэлсэн байдаг. Танай нутгийнхан нийгэмсэг, гэр бүлийн холбоо сүлбээтэй амьдардаг онцлогтой. Гэтэл кино урлаг их өрсөлдөөнтэй талбар шүү дээ?

-Би христийн асар их шүтлэгтэй гэр бүлд өссөн. Тиймээс хэт бага наснаасаа өөрт ойлгогдохгүй асуултууддаа хариулт олж сонсдоггүй байлаа. Шашин шүтлэг угаасаа миний сэтгэлийг эзэмдэх хувьгүй байсан бололтой. Хорь хүрсэн хойноо хүүхэд байхаас л надад суулгах гэж оролдоод байсан суртал чинь миний дотоод сэтгэлтэй огт уялдахгүй байна гэж гэрийнхэндээ ойлгуулсан. Тэд хүчлээд дийлэхгүй болохоороо хувь тавилантайгаа эвлэрч чи үхэхээрээ тамд шатаж дуусах хувьтай юм байна даа гээд намайг зөнгөөр минь орхисон доо.

-Та насныхаа тоонд багтахааргүй олон кинонд тогложээ. Мэргэжилдээ дургүй хүрэх үе байв уу?

-Тэр үгүй шүү. Мэргэжилдээ бүр шунаж амьдардаг. Цаг явах тусам зорилгоо бүр илүү ойлгож байгаа. Эцэг болсон маань их түлхэц өгсөн.

-Эцэг болж үзсэн хүн чинь бас найруулагч болж чадна гэсэн үг. Тийм үү?

-Харин ч тэр мэргэжил рүү нэг их тэмүүлэхгүй байгаа шүү. Хэрвээ би найруулагчийн сандал дээр суучихаад бусдыг загнаад… Маш муухай дүр зураг харагдаж байна.

-Ууртай юу?

-Хуучныгаа бодвол адгуу биш болсон. Зураг авалт эхлэхийн өмнө адгаад л тэвдээд л байдаг өвчин гайгүй болсон шүү.Долоо хоногийн өмнө дүрээ судалж дүрдээ орно. Нэг танихгүй нөхрийн бичсэн зохиолоор тэр хүний хүссэн байдалд хувирах гэж их уурладаг байснаа больсон.

-Холливуд нэг л өдөр таныг тоохоо больчихвол?

-Ирнэ шдээ тийм өдөр. Тэгээд ч миний урлагийн төгсгөл ирэх өдөр нэг их олон уулын ард биш, хажууханд байгаа. Одоо үглээ өвгөний дүрд тоглох цаг ирчихсэн.

-Та тэгээд өвөөгийн дүрд тоглох гээд байгаа юм уу?

-Тиймэрхүү дүр бодож л байгаа.

-Завтай үедээ өөртөө зориулаад юу хийж байна?

-Мотоцикль унана.Дугуй ч байсан болно. Ер нь ямар ч улс руу очсон бай, зав л гарвал мотоцикль унаж тэнэх дуртай. Мальтад сайхан замтай, намхан даваа гүвээгээр сэнгэнүүлэн давхих их гоё.

-Шивээстэй юу?

-Хэд хэд бий. Ямар утгатай вэ, хаана шивсэн бэ гэдгээ хэлэхгүй.

-Таны бие бялдар бас шүтмээр шүү.

-Аа энэ ч яахав. Бас л харьцангуй ойлголт.

-Яагаад жүжигчин болсон бэ?

-Саяхан ээжийгээ залуудаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан гэдгийг сонслоо. Би огт мэдээгүй байсан юм байна. Миний өссөн нутагт жүжигчний мэргэжлийг мэргэжил гэж үздэггүй. Коллеж дуусахаас хоёр долоо хоногийн өмнө бүх найзууд ирээдүйд сонгох ажлаа яриад, бүртгүүлээд гүйж байхад би гэнэт бүх зүйлээ хаяад жаахан хувийн юмаа боож аваад явчихсан. Азаа үзнэ ээ, учир нь кино бол миний амьдрал гэж бодоод мөрөөдөлдөө хөтлөгдөөд зугтаж байлаа.

-Тоглосон киногоо эргэн үзээд юу боддог вэ?

-Огт үздэггүй. Өнгөрсөн үе рүү эргэн харах дургүй.

-Олон хүн өнгөрсөн үеэ санах дуртай байдаг шүү дээ?

-Надад тийм аюул нүүрлээгүй л байна.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг хаалаа

Баян-Өлгий аймагт Казахстан улсаас ирсэн нэг иргэн халуурч сэжиглэгдсэн тул Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг Зам тээврийн тухай хуулийн 14.1.2 т заасны дагуу шинжилгээний хариу гарах хүртэл аймгийн Засаг даргын захирамжаар хаалаа.

Халуурсан иргэнийг тусгаарлаж, шинжилгээний хариуг ХӨСҮТ-д хүргэхээр явуулжээ.

Иймд иргэд олон нийтийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, ариун цэврийн байдлаа сайтаар сахиж хамтран ажиллахыг Баян-Өлгий аймгийн онцгой
комиссоос уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирж буй иргэдийг шууд тусгаарлах газар хүргэнэ

БНСУ-аас иргэдээ авахаар ниссэн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан. Уг нийслэгээр нийт 244 хүн ирсэн ба Дэгү зэрэг өвчний тархалт өндөртэй хотуудаас ирж байгаа юм. Тиймээс коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Харин үлдсэн иргэдийг Хан-Уул дүүргийн “Энхсаран” сувилалд тусгаарлах аж. Тухайн нислэгээр ирсэн иргэдийг ар гэр, ойр дотны хүмүүстэй уулзуулахгүйгээр шууд тусгаарлах газар хүргэх юм.