Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс ердийн хуваариар үйлчилнэ

Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгүүлчдийг олноор нь цуглуулж, эрсдэлд оруулахгүй байх үүднээс нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хурлаа цахимаар хийж байгаа билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө.

Өнгөрөгч гурван хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хордсон 12 өрхийн 32 иргэн хандсан байна. Хоногт 4 өрхөөс дуудлага ирж байгаа нь угаарын хийн дуудлага багасаж байгааг харуулж байгаа үзүүлэлт гэнэ. Гэсэн хэдий ч галлагааны улирал дуустал угаарын хий мэдрэгчийг салгаж болохгүйг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ. Тэрбээр “Иргэдийн хувьд урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгчээ салгаж унтах тохиолдол их гарч байна. Хэдийгээр цаг агаар дулаарч байгаа ч жил жилийн өдийд угаартах эрсдэл нэмэгддэг учраас угаарын хий мэдрэгчээ салгаж болохгүй. Иргэд сайжруулсан шахмал түлшээ хэрэглээд сурчихсан нь сайшаалтай” хэмээн онцоллоо.

Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал “Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр агаарын чанар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM 10 хэмжээтэй тоосонцор 69 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 55 хувиар тус тус буурчээ. Агаарын чанарын индекс цэвэр, хэвийн үзүүлэлттэй байна” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага болон нийслэлийн Цагдаагийн газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэр рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх тогтоолын шийдвэрт хяналт тавьж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 460 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 12 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй 46 тээврийн хэрэгслийн 1091 тонн түүхий нүүрсийг нэвтрүүлжээ. НМХГ-ынхан 4 тээврийн хэрэгслээр 82.3 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн хяналт шалгалтын ажлыг хийж байна.

6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна

COVID-19 халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна. Өнгөрөгч гурав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 3838 ажилтан, алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт тавьж 32 795 иргэнд танилцуулга мэдээлэл хийж, 34936 иргэнд зөвлөмж гарын авлага тарааж, хог, нус, цэрээ хаяж, ил задгай бие засаж, орчныг бохирдуулсан 5142 иргэнд анхааруулга, санамж өгч ажиллажээ.

Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан нийслэлийн Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутагт дэвсгэрт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд давхардсан тоогоор 357 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн 8 товчоогоор орсон 7156, гарсан 7204, нийт 14360 тээврийн хэрэгсэл, орсон 16472 иргэн, гарсан 18744 иргэн, нийт 35216 иргэний биеийн халууныг үзэж, холбогдох асуумж, зөвлөгөө өгч ажиллажээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Энэ сарын 10-16-нд үйл ажиллагааг нь түр зогсоосон ААН-үүдийн хориог тавилаа

Өнгөрсөн хугацаанд НМХГ-аас нийслэлийн Засаг даргын А/333 захирамжийн үйлчлэлд хамаарах нийт 4759 аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Шалгалтын явцад Налайх, Багануур, Баганхангай дүүргүүдэд зөрчил гараагүй бол Сонгинохайрханд 7, Баянгол дүүрэгт 11, Чингэлтэй дүүрэгт 2, Хан-Уулд 4, Баянзүрх дүүрэгт 7, Сүхбаатар дүүрэгт 1 зөрчил тус тус гарсан мэдээтэй байна. Зөрчлийн дийлэнх нь түргэн үйлчилгээний цэг, жижиг авто засвар, гар утасны худалдаа эрхлэлт байсан юм.

Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд одоогоор 290 хүнд вирус судлалын шинжилгээ хийснээс 248 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Франц улсын иргэний нэг болон хоёрдугаар хавьтлын иргэдээс шинжилгээ авч, биеийн байдлыг нь хянаж байгаа юм байна.

Хэвлэлийн хурлын төгсгөлд нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбоотойгоор иргэдийн халуун шалгах, асуумж судалгаа бөглүүлэх ажил хэвээр үргэлжилнэ. Иргэд та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед алба хаагчдын ажилд хүндэтгэлтэй хандаж, хамтарч ажиллахыг хүсэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааг нь түр зогсоосон зарим аж ахуйн нэгж, байгууллагад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийгээд, өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдээс шөнийн цэнгээний газар, саун, фитнессийг нээх, эсэхийг их асууж байна. Өнөөдрийн хувьд зөвхөн 3 дугаар сарын 16 хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэжлүүлэхээр нээж байна. Харин бусад газруудыг энэ сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байгаа. Иргэд агаар салхинд гарч дархлаагаа дэмжих үүднээс хотын дарга ууланд алхах гарц, зарим амралтын газруудыг нээж болох талаар ярьсан ч одоогоор тогтоол шийдвэр гараагүй байна. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн архидалтаас болж архины хордлогод орсон дуудлага ихэсчээ

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа.

Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна. Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ. Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын Захирагч энэ үеэр онцгойлон санууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА ХААГЧДЫН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН НӨӨЦИЙН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОНО

Одоогийн байдлаар хотын 8 товчоонд 128 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг маргааш нээхтэй холбоотойгоор нэмэлтээр 73 алба хаагчид ажиллана гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр танилцуулсан юм. Эрсдэлтэй орчин нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн нөөц ямар байгаа тухай нэгдсэн мэдээллийг маргааш нийслэлийн Онцгой комисст мэдээлэхийг энэ үеэр даалгалаа.

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдааны төгсгөлд хотын Захирагч “Ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийж, элдэв зөрчил дутагдал гаргаагүй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг маргааш нээнэ. Энэ нь гуравдугаар сарын 10-ны шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагуудад хамаатай. Гэхдээ ариутгал, халдваргүйтэлийн ажлыг цаашид ч орхигдуулж болохгүй. Мөн иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ. Гэвч ингэлээ гээд иргэд олноороо нэг дор бөөгнөрч, эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байх тал дээр хяналтаа сайтар тавих ёстой” хэмээн үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Осолд орсон машины импортыг ирэх сарын 1-нээс хязгаарлана

Зам, тээврийн хөгжлийн сайдын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тус журмын өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Япон улсын Авто үнэлгээ, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээ нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд Япон Улсаас импортоор орж ирж буй авто машинд техникийн хяналтын үзлэг хийсний дараа Монгол Улсад экспортлох юм. Ингэснээр авто машины мэдээллийг ил тод, нээлттэйгээр мэдээллийн нэгдсэн санд байршуулж, ард иргэд өөрийн сонирхож буй авто машины арлын дугаарыг оруулснаар тээврийн хэрэгслийн бодит мэдээллийг авах боломжтой болох ажээ. Хэрэглэгч автомашины нөхцөл байдлыг тодорхой мэдснээр тохиромжтой үнээр худалдан авах нөхцөл бүрдэж, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засаг, хувийн өмчийг хамгаалах, зам, тээврийн осол буурахад бодит нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

АН: ЖДҮ эрхлэгчдэд жилийн 3.5 хувийн хүүтэй олгох санал хүргүүлжээ

УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга З.Нарантуяа нар оролцож байна.

АН-ын дарга С.Эрдэнэ: Өнгөрсөн хагас сайн өдөр АН анх удаа онлайн хуралдаан хийлээ. Сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 25-ны дотор сонгуулийн мөрийн хөтөлбөрөө барих ёстой. Энэ хуралдааны үеэр коронавирусийн цар тахал тархсан үед АН-аас УИХ дахь зөвлөлдөө санал зөвлөмж хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын зөвлөл хуралдаад эдийн засгийн ямар шийдэлд хүрч болох талаар зөвлөлдлөө. Эдийн засгийн дэмжлэгийг 1.4 их наяд төгрөгийн төсөв бүхий барилга, объектийн ажлыг хойшлуулж, 355 тэрбум төгрөгийг Төрийн банкинд байршуулж, ЖДҮ эрхлэгчдэд жилийн 3.5 хувийн хүүтэй олгох саналыг гаргаж, Засгийн газарт хүргүүлж байна хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

О.Боргилд таван жилийн ял оноов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргилыг холбогдуулан шалгасан. Энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдэж О.Боргилд таван жил гурван сарын хугацаагаар хоригдох ял оноолоо.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт О.Боргилыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Прокуророос шүүгдэгч О.Боргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сүм хийд, спорт, соёл урлагийн газруудын үйл ажиллагааг 30-ны өдрийг хүртэл түр зогсоосон захирамж хэвээр үргэлжилнэ

Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд хэрэгжүүлсэн захирамжийн хүрээнд НМХГ-аас хийж гүйцэтгэсэн хяналт, шалгалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Дээрх хугацаанд НМХГ-аас 380 улсын байцаагч гүйцэтгэлийн ажлын хяналт, шалгалт хийсэн бөгөөд шалгалтын явцад нэлээд зөрчил гарсан. Гэхдээ Налайх, Багахангай, Багануур дүүргүүд зөрчил гаргаагүй.

Зөрчил гаргасан ААН-үүдийг дүүргээр нь ангилбал:

  • Сонгинохайрхан дүүрэгт 7
  • Баянгол дүүрэгт 11
  • Чингэлтэй дүүрэгт 2
  • Хан-Уул дүүрэгт 4
  • Баянзүрх дүүрэгт 7
  • Сүхбаатар дүүрэгт 1

Зөрчил гаргасан ААН, иргэнийг үйл ажиллагааны чиглэлээр авч үзэхэд гар утасны лангууны үйл ажиллагаа эрхэлдэг, авто засвар ажиллуулдаг, түргэн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг газрууд зонхилж байлаа.

Зөрчлийн тухай хуулийн дагуу 28 ААН-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн газар дээр нь нэг иргэн 150 мянган төгрөг, дөрвөн хуулийн этгээдэд нэг сая 650 мянган төгрөгийн торгууль ногдуулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж, хэвийн явагдаж эхэллээ.

Харин нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн дагуу гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон сүм хийд, бүх төрлийн баар, фитнесс, иог, бүжгийн клуб, саун, дэн буудал, биллиард, спорт заал, амралт, аялал жуулчлал зэрэг спорт, соёл урлагийн газрууд хугацаа дуустал үйл ажиллагаа явуулахгүй.

Мөн ресторан, нийтийн хоолны газрууд 22:00 цаг хүртэл ажиллана” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Франц иргэнтэй онгоцоор ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр сэжигтэй тохиолдлуудад хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ.

Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас сорьц ирж байгаа.

Гол газраас ирсэн гээд өчигдөр 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бусад хүмүүсийг эмнэлгүүдэд хуваарилан ажиглалтад авсан” гэлээ.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Тэрбээр “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын улс орнуудад хэсэгчилсэн болон бүхэлд нь хорио тогтоох шийдвэрүүд гарлаа. Тухайлбал, Чех улсад халдварын тархалтаас сэргийлэх хүрээнд бүх дэлгүүр, үйлчилгээний газруудыг гуравдугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд хааж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болох хүнс, ахуйн хэрэглээний зүйлс, түлш шатахуун, эмийн худалдаа эрхэлдэг газруудыг л ажиллуулах шийдвэр гаргасныг ЭМ-ийн сайд нь мэдэгдсэн байна.

Серби улсад Ерөнхийлөгчийнх нь шийдвэрээр онц байдал зарлалаа.

Итали, Испани, Франц, Швейцарт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа, сүүлийн 24 цагийн хугацаанд Швейцарт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800 гаруйгаар нэмэгдэж, гуравдугаар сарын 17-ноос сургуулийн үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргалаа.

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс холбооны улсын хэмжээнд мөрдөх журмыг гаргалаа. Тус журамд ирэх хоёр сарын туршид 50 болон түүнээс дээш тооны хүн оролцох аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, чухал шаардлагатай бол цахим технологийг ашиглахыг онцолсон байна. 49 муж улсад халдварын тохиолдол гарч байгаатай холбогдуулан муж улс бүр өөр өөрийн онцлогтой шийдвэрийг гаргасаар байгаа. Нью-Йорк хотын захирагчийн шийдвэрээр сургуулийн үйл ажиллагааг зогсоосон тул 1.1 сая хүүхэд гэртээ байх нөхцөл бүрдсэн байна. Мөн эмнэлгүүдэд яаралтай бус мэс заслуудыг цуцалж магадгүй байгааг мэдээлжээ.

Филиппин улсын нийслэл Манила хотод орох гарах бүх хөдөлгөөнийг нэг сарын хугацаатай хааж, тус хотын оршин суугч 12 сая хүн хорио цээрийн дэглэмд амьдарч байна.

Африк тивд Кени улсад бүх сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахын зэрэгцээ, халдвар бүртгэгдсэн ямар ч улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан.

Катар улс тус улсыг чиглэсэн ачаа тээвэр болон транзит нислэгээс бусад бүх зорчигч тээврийн нислэгийг 14 хоногийн хугацаатай хориглолоо.

БНХАУ-д өнгөрөгч Ням гарагт халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Харин нас баралтын тоо өмнөх өдрөөс 14-өөр нэмэгдэж, нийт нас баралт 3,213 болсон байна” хэмээн хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Сүрэнханд: Гахайн ханиад дэгдэх үед хамгийн эрсдэлтэй хүмүүс нь жирэмсэн эмэгтэйчүүд байсан

-SARS-ЫН ТАРХАХ ХУРД УДААН БАЙСАН НЬ БИДЭНД ИТГЭЛ НАЙДВАРЫГ ӨГЧ БАЙСАН. ТЭР НЬ Ч НИЙГМИЙГ ИХ ЦОЧРОЛООС ГАРГАСАН–

ХӨСҮТ-ийн тэргүүн дэд захирал асан, ЭМЯ-ны халдварт өвчин, эпидемиологийн ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны магистр, халдвар судлаач Г.Сүрэнхандтай ярилцлаа.


– Дэлхий нийтээр цар тахал гэж зарлаад байгаа шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад ороод ирчихлээ. Ер нь манай улсын нөхцөл байдал ямар байна вэ?

– Өнөөдрийн нөхцөл байдлаар бол анхны тохиолдол гуравдугаар сарын 10-ны үүрээр оношлогдсон.

Энэ тохиолдол нь Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн Монгол Улсад гарсан анхны тохиолдол. Тухайн хүнийг тандах үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Франц иргэнтэй ойрын хавьтлын 170 гаруй хүний нэрс гарч ирсэн. Эмч нарын хувьд ойрын хавьтлыг яаж тогтоох вэ гэдэг ажил цагдаагаар бол мөрдөгч гэсэн үг.

Тэр хүнтэй хамгийн анх хэн уулзсан, хаана байрласан, байрлаж байгаа газар дээр нь хүн ирж уулзсан уу, тэр битгий хэл зочид буудлын үйлчлэгчдээс ойр дотно үйлчилсэн хүн байна уу, хоол цайгаа яаж авч идэж ууж байв.

Тэр үед ямар хүмүүс уулзсан, тогтмол үйлчлэгчид байсан уу, солигдож ирсэн үү, хэд хоносон гээд зөвхөн буудал дээр гэхэд л ийм ергөн асуудлууд гарч ирж байгаа юм.

Түүнээс хойш өөрийнхөө ажлын газрын хүнтэй уулзсан гэдэг өгүүлэмж өгсөн байгаа. Түүнийх нь дагуу тэр хүмүүс ямар хүмүүс байв, энд тэнд хоол унд идсэн үү, зүгээр уулзсан уу гэх мэтээр тандалт үргэлжилсээр энэ хүнтэй хамааралтай байж болох 170 гаруй хүнийг тогтоож 14 хоног хяналтад байлгаж байна.

Тэдгээр хүмүүс бүгд шинжилгээ өгсөн.

Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа хамгийн чухал ажил бол олон нийтэд зориулсан мэдээллийг тасралтгүй өгч байгаа явдал.

Шинэ коронавирусийг цар тахал болсныг ДЭМБ мэдээлсэн.

Зөвхөн хэдэн улс орноор хязгаарлахгүй, бүх тивд энэ өвчин тархжээ гэж үзсэн тохиолдолд ингэж зарладаг. Манайх энэ нөхцөлд онцгой байдал тогтоогоод байна.

Эхлээд Хятадад гарч байхад хил залгаа улс орон учраас эрсдэл маш өндөр байсан.

Нийт зорчигч, аялагчдын тал хувь нь урдаас орж ирдэг гэ^эг тоон мэдээ тэр үед гарсан байсан. Тиймээс үүн рүү чиглэсэн үйл ажиллагааг шуурхай авч хэрэгжүүлж байгаа.

Яамнаас шаардлагатай журам, зааврыг маш шуурхай боловсруулж байгаа. Үүний дагуу эмнэлгүүд бэлэн байдлаа хангаж, олон нийтэд тархаахгүйн тулд хорих арга хэмжээг амжилттай сайн хэрэгжүүлж байгаа учраас өнөөдрийн хувьд нэг тохиолдол бүртгэгдсэн байдалтай байна.

Олон нийт амны хаалт зүүх, гарын ариутгалыг сайн хийх талаар нэлээд мэдлэгтэй болж байна. Энэ бол маш чухал ач холбогдолтой. Түүнээс гадна ийм нөхцөл байдалд бөөгнөрлийг сааруулах арга их чухал байдаг. Манай улсын хувьд энэ арга хэмжээг ч сайн авч байна.

Бидний гол зорилго бол хэрэв өвчин орж ирсэн нөхцөлд эмнэлгийн ажилтнууд өвдөхгүй байх, хоёрт, нас баралтгүй байх л хамгийн чухал. Өчигдөр (2020.03.13) Хятадын Хэбэй мужийн Ухань хотод өвчний голомтод ямар арга хэмжээг яаж зохион байгуулсан талаар туршлагыг ДЭМБ-аас яриуллаа.

– Хятадын гол туршлага нь юу гэх юм бэ?

– Нийт гарсан өвчлөлийн 80 хувь нь хөнгөн, дунд хэлбэрээр явагдсан гэж байна. Илрээд эдгэсэн.

Хүндэрч, нас барж байгаа тохиолдлуудын дийлэнх нь 60-аас дээш насны хүмүүс. Бидний анхаарах нэг гол зүйл бол вирусийн халдвар юугаар тархаж байгаа юм бэ гэдэг их сонирхол татаж байгаа. Энэ бол амьсгалын замын өвчин.

Энэ вирусийн хувьд хүнээс ялгарч байгаа бүхий л шингэнээс илэрч байгаа. Өтгөн, хоолой, хамрын арчдас, бохир гадаргаас халдах боломж байна гэдгийг голомт гарсан судалгаанууд харуулж байна.

– Товчхоноор бол энэ өвчин хүндэрсэн тохиолдолд Монгол Улс бэлэн байна уу, үгүй юү гэдгийг та ний нуугүй хэлж өгөөч?

– Энгийн коронавирус бол томуугийн улиралд авдаг шинжилгээгээр илэрч байдаг. Шинэ вирус нь сарьсан багваахайнаас илэрсэн гэж тогтоогдсон. Энэ удаагийн шинэ вирус амьсгалын цочмог халтай хам шинж (SARS)-ийг үүсгэсэн вирустэй нэлээд төстэй буюу генотипийн 80 орчим хувь нь ижилхэн байгаа.

Гэхдээ хоруу чанар нь бага. Өндөр хоруу чанартай байх юм бол богино хугацаанд хүнд хэлбэрээр өвдөнө. Хүн ам шигүү байрласан бол халдварыг хурдан тархахад нөлөөлнө.

Манай орны нийт хүн амын 1.5 сая орчим нь Улаанбаатар хотод байгаа. Тиймээс бид Улаанбаатар хот руу нэлээд их анхаарч байна.

Манай улсын хувьд хүндэрсэн тохиолдолд үзүүлэх тусламжийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэггүй. Бүгдийг гаднаас авдаг.

Жишээ нь, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг сая авлаа.

Гол нь амьсгалын аппарат, багаж хэрэгсэл их чухал. Энэ вирус хурдацтайгаар уушгийг гэмтээдэг. Ийм хүмүүсийг хяналтдаа авч халдварт өртөхгүй байхад нь анхаарах учиртай.

ЭМЯ-наас энэ чиглэлээр өрхийн эмнэлгүүдэд ийм суурь өвчтэй хүмүүсийг анхаарч, эмчилгээ хийж байх талаар үүрэг өгөөд ажиллаж байгаа.

Ер нь манай улсын хувьд энэ өвчин хүндрэхгүй байх, эмнэлгийн ажилтнууд өвдөхгүй байх нь чухал. Манайд эмнэлгийн ажилтан цөөн. Нүүр тулж тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч нар өвдөж эхэлбэл асуудал хүндэрдэг.

Хэдийгээр төрөл бүрийн эмч нар байгаа боловч амьсгалын замын хүндрэлтэй хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн эмч нар харьцангуй цөөхөн.

Тийм учраас энэ тал дээр ч ихээхэн анхаарал тавин ажиллаж байна. ДЭМБ-аас ч энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, техникийн болон мэргэжлийн зөвлөгөө, тусламжуудаар байнга хангаж хамтран ажиллаж байна.

Улс бэлэн байна уу, үгүй юү гэдэгт бол амьсгалын цочмог халтай хам шинж буюу SARS-ыг бид нас баралтгүй даван туулсан. Түүний адилаар арга хэмжээг зөв авч чадвал магадгүй бид тийм амжилт гаргаж болно.

Энэ өвчний тоон мэдээг тогтмол мэдээлж байгаа болохоор би түүнийг давтах шаардлагагүй байх.

– Энэ өвчнөөр монгол хүн өвдөхгүй байгааг манайхан олон янзаар тайлбарлаж байна. Таныхаар юу бол?

– Ер нь манайх харьцангуй цаг агаарын талаас хүйтэн бүсийн орон.

Улирлын томуугийн вакцин гэхэд бүтэн жилийн турш харуулдан тандалтын нэгжээс авч цуглуулсан шинжилгээний үр дүнгээ АНУ-ын Өвчний хяналт судлалын төв рүү явуулж тухайн хүйтэн сэрүүн бүсийн орнуудын вакциныг бэлтгэхэд хувь нэмрээ оруулдаг улсын нэг.

Сүүлийн 2-3 жилд ойролцоогоор 200,000 орчим хүн тун вакцин хийсэн.

Халуун орнуудын улирлын томуугийн вакцины омгууд өөр өөр байдаг. Үүний адилаар шинэ вирус өөрөө цаг агаарын байдлаас хамааралтай байж болох юм.

Вирусийн гадна орчинд амьдрах хугацаа зэргээс хамаарна гэх мэт. Нөгөө талаас монгол хүн хооллолтын хувьд амьтны уураг сайтай хоол иддэг.

Махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ гэх мэт. Энэ талаасаа ч байж болох юм. Учир нь энэ халдвар Хятадын Хубэй мужийн Ухань хотын далайн бүтээгдэхүүний захаас эхэлсэн.

Тэр захын 49 хүн дээр хийсэн судалгаагаар тэр хэсгийн хүмүүс ихэнх нь хөнгөн хоолтой.

Хоёрт, ихэнх нь настай хүмүүс худалдаа хийдэг байж. Монгол хүн бараг иддэггүй 530 гаруй төрлийн бүтээгдэхүүн зардаг байсан гэж байгаа.

300 орчимд нь шинжилгээ хийхэд бохирдолтой гарсан. Манайд тийм зах байхгүй. Тэр талын эрсдэл бага гэсэн үг. Ер нь монголчууд өвдлөө гэхэд хөнгөн хэлбэрээр өвдөж болох юм.

Хүндрэл бага байж магадгүй гэж үзэж байгаа.

– Эмч нарын маань сэтгэл зүй ямар байна вэ. Шинэ вирусийн халдварын талаарх гадаадын улс орны нөхцөл байдлыг сонсож байсныг бодоход өнөөдөр эмч нар маань анхны тохиолдолтой нүүр тулчихлаа шүү дээ?

– Манай халдвартын чиглэлийн эмч, ажилтнууд ямар ч зүйлийг хүлээж авах чадвартай. Байнга шахуу халдвартай орчинд ажиллаж байдаг. Халдвартай орчинд байна гэдэг хүн өөрөө дасан зохицдог.

Энэ өвчний хувьд томуутай адилтгаж үзэж байгаа.

Тийм учраас Хятад гэхэд коронавирусийг томуу томуу төст өвчин, SARS хоёрын шинжилгээг давхар хийж яваа юм билээ. Манайх ч гэсэн дотооддоо шинжилгээ хийж үзсэн.

Долоон эмнэлгийг хамруулж амьсгалын цочмог халдвараар өвдсөн хүмүүсээс сорьц авч үзэхэд 30 орчим хувьд нь улирлын томуу илэрсэн.

Ер нь үүн дээр айж сандрах юм байхгүй. Томуугаар өвдөөд долоо хоног болоод эдгэрдгийн адилаар хөнгөн хэлбэр нь ч тийм байгаа.

– Та бол өмнөх халдварт өвчний голомтууд дээр ажиллаж байсан хүн. SARS дэгдэхэд манайх хэрхэн ажиллаж байв. Ямартаа ч нас баралтгүй даван туулсан амжилттай байх аа?

– SARS бол адилхан коронавирус. Манайд сэжигтэй 18 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс батлагдсан нь ес. Тэр есөн тохиолдол бүгд бүрэн эмчлэгдсэн. Нас баралт гараагүй.

Эмнэлгийн ажилтнууд өвдөөгүй нь тэмдэглүүштэй. SARS тухайн үед БНХАУ-аас зөөвөрлөгдөж орж ирсэн.

Монголдоо бол ээжээсээ нэг л хүүхэд халдвар авч байсан. Үүнээс харахад шинэ өвчин гарлаа гэхэд манайд гаднаас зөөвөрлөгдөж орж ирэх магадлал маш өндөр байдаг. Тиймээс энэ тал дээр ч анхаарах нь зүйтэй.

Тухайн үед ч бас өвчтөнийг тусгаарлах, нөөц эмнэлэг тасгийг Дорноговь, Сэлэнгэ аймагт 50, 20 ортой байгуулсан. Ялангуяа Замын-Үүд, Алтанбулаг боомт дээр бэлэн байдлыг маш сайн хангасан.

Тэр үед авсан арга хэмжээ одоогийн шинэ коронавирусийн арга хэмжээтэй ижил төстэй. Энэ маань адилхан амьсгалын замын өвчин шүү дээ.

– SARS-ын онцлог нь юу байсан юм бэ?

– SARS бол өөрөө маш богино хугацаанд агшин зуур амьсгалын цочмог дутагдалд оруулдаг. Даамжраад нас барах эрсдэлд хүргэдэг өвчин.

Тархвар судлалын үе нь 2-10 хоног. Тэгвэл шинэ коронавирусийн нууц үе ихэвчлэн тав хоног түүнээс дээш байна гэж байгаа. Нууц үе гэдэг нь вирусээр халдвар аваад шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлж байгаа юм.

SARS ахуйн хавьтлаар халдаж байсан гэдгийг Хонконгийн эрдэмтэд тогтоосон. Яагаад эмнэлэг дотор халдвар гарсан бэ гэхээр тухайн орчны ширээ сандал, цонхны тавцан зэргийг өвчтөнд үйлчилгээ хийж байсан хүмүүс тогтмол цэвэрлэж байгаагүйтэй холбоотой.

Тэгэхээр SARS-ын үед ч, коронагийн үед ч адилхан 20-30 минут тутамд гарыг л тогтмол ариутгаж, гадаргуугийн цэвэрлэгээг тогтмол сайн хийх хэрэгтэй.

– Тухайн үед нийгмийн сэтгэл зүй ямар байв?

– Тэр үед онцгой байдал тогтоогоогүй. Тохиолдлын тоо цөөхөн, халдвар хүн амын дунд тархаагүй.

Гэхдээ бид одоо хийж байгаа арга хэмжээг бүгдийг тэр үед хийж байсан. Эмнэл зүйн шинж тэмдэг 10 хоногоос өмнө шинж тэмдэг илэрч байсан.

Тухайн үеийн баримт дээр нууц үе нь 2-10 хоног гэж манайх үзэж байлаа.

Дийлэнх тохиолдол нь 3-7 хоног байв. Өвчин хурдтай тархахгүй байгаа нь цаашид тархахгүй байх гэсэн итгэл найдварыг бидэнд өгч байсан. Энэ нь ч нийгмийг их цочролоос гаргасан байх л даа.

– 2009 онд дэгдсэн гахайн ханиадыг дэлхий нийтээр цар тахал гэж зарласан. Манайд 30 гаруй хүн амиа алдсан, бас л аймшигт халдварт өвчин шүү дээ?

– 2009-2011 оны байдлаар 1,505 Н1N1-ийн тохиолдол бүртгэгдэж, 30 хүн нас барсан. Нийт өвчлөлийн 45.5 хувь нь 15-29 насны залуучууд өвдсөн байдаг.

Энэ үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг нь вакцин. Манай улс 2009 оны арванхоёрдугаар сарын 10-нд вакцин хүлээж авсан анхны орон байсан.

Зургаан наснаас дээш насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүмүүс, архаг суурь өвчтэй хүмүүс гээд 700,000 хүнийг вакцинжуулсан. Энэ маань өвчнийг цааш тархахаас хамгаалсан.

Яагаад гэвэл шинэ вируст хүн дархлаа байхгүй учраас эрсдэл өндөр. Тиймээс хүн амд дархлааг бий болгох гол зүйл бол вакцин. Вакцин хийснээр маш олон мянган хүнийг хамгаалж чадсан.

Нэг арга хэмжээ нь Москвагийн онгоцоор ирсэн зорчигчдыг онгоцны буудлаас манай төвд тусгаарлах арга хэмжээг зохион байгуулж бүх зорчигчдыг шинжилгээнд хамруулж хяналтад авсан үйл ажиллагаа юм.

– Гахайн ханиадны эрсдэлтэй зүйл нь юу байв?

– Жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн эрсдэлтэй байсан. Тухайн эмэгтэйн жирэмсний хугацаанаас хамаарч вакцинд хамрагдахад асуудал гарч Н1N1-ээс хамгаалахад түвэгтэй.

Гэхдээ тэр үед хамгаалагдаагүй хүмүүс халдвар авахаар хүүхдээ алдах, өөрөө нас барах эрсдэлтэй байсан.

– Эмнэлгийн ажилтнууд бас халдвар авсан санагдана…

– Авсан. Тэгэхээс өөр арга байгаагүй. Тухайн H1N1-ийн үед бид айхавтар өмсгөл өмсөөгүй. Амны хаалтыг хэрэглэ, гараа маш сайн угаа гэдэг зөвлөгөөг байнга өгч байсан.

Ер нь амьсгалын замын халдвараар халдаж байгаа үед амны хаалт их чухал үүрэгтэй. Шинэ коронавирустэй холбогдуулаад олон нийт амны хаалт хэрэглэж эхэлснээр томуу ч багассан шүү дээ.

H1N1-ийн үед амны хаалтыг одоогийнх шиг зүүж хэрэглээгүй. Хэлж байсан боловч нэг их сайн хэрэгжээгүй.

– Та бүхэн тангараг өргөсөн эмч хүмүүс. Гэхдээ халдварт өвчний олон голомтод ажиллаж байсны хувьд хүндрэл бэрхшээл бишгүй тохиолдож байсан болов уу?

– Ийм үед тохиолддог хүндрэл бэрхшээлийг цаг тухайд нь зохицуулах хэрэгтэй ч заримдаа хэцүү үеүд бий шүү.

Олон цагаар амралтгүй ажиллана гэдэг бол хүн стресстэх, хоол ундаа идэхгүйгээс бие сульдах, ажилласан илүү цагийн мөнгөө авах гэж бөөн хэл ам болно.

Сэтгэлийн урам өгөх, дэмжих асуудлууд алдаг оног. Өвдсөн тохиолдолд мэргэжлийн талаас нь бага боловч цалин урамшуулал өгөхийг дэмжих нь бага гээд юм юм бий.

– Энэ цаг үед энэ айхавтар өвчинтэй нүүр тулж гардан ажиллаж байгаа гол хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан. Ард иргэдийн дунд цөөн хэсэг нь энэ салбараа гоочилсон өнгө аяс харагдаад байгаа. Ийм байдал гол фронтод ажиллаж байгаа хүмүүст хүндхэн тусах нь мэдээж?

– Хэрэв манайд халдвар гарах юм бол эрүүл мэндийн салбар л энэ ажлыг нуруун дээрээ үүрч таарна.

Харин энэ удаа ОБЕГ, цэрэг, цагдаа гээд хүчний байгууллагууд туслалцаа маш сайн үзүүлж байна. Учир нь хавьтал болсон хүмүүсийг олоход энэ байгууллага их чухал үүрэгтэй ажиллаж байгаа.

Бид жишээ нь H1N1-ийн үед ингээгүй. Одоо бол хүмүүсийг олж шинжилж өвчнийг тараахгүй байх богино хугацаанд хязгаарлалт хийхэд их чухал нөлөөтэй байгааг онцлох ёстой.

Энэ туслалцаа чинь эмнэлгийн ажилтнуудад их дэм болдог.

Урьд нь эмч ажилтнууд өөрсдөө халдвар авсан хүний гэр орноор нь явдаг байсан бол бусад салбарын оролцоо орж ирж байгаа нь эмч ажилтнуудын сэтгэл санаанд ч нөлөөлж байгаа.

Олон нийт рүү чиглэсэн мэдээллүүдийг тогтмол өгч байгаа нь өмнөх үеэс шинэ дэвшил болсон байгаа шүү.

Мэдээлэл харилцаа холбоог өргөн утгаар нь ойлгуулж байна гэж бодож байна. Харин манай эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч тэр ч битгий хэл жолооч техникийн ажиллагсад хүртэл энэ ажлыг үүрч гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа.

Манай ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч нар мэргэшсэн, олон хүнд хүний амь насыг аварч тэдний гэр бүлд аз жаргал бэлэглэсэн хүмүүс.

Энэ хүнд үед өрхийн эмнэлгийн болон бусад эмнэлгийн ажилтнуудын хүчин чармайлтаар даван туулна гэдэгт итгэлтэй байна.

Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа олон талын арга хэмжээ ард иргэдийг халдварт өвчнөөс хэрхэн яаж хамгаалж болох, энэхүү өвчний талаарх мэдлэг олж авч байгаад сэтгэл хангалуун байна.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй

Монгол орны нийт газар нутгийн 49% нь цасан бүрхүүлтэй дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 км3 байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав нутгаар 80-90 хувьд нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 2.55 км3 бол Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг голуудын сав нутгаар 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 0.52 км3 байна.

Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч байгаатай холбоотойгоор дээр дурдсан голуудын сав газраар болон цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй байна.

Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, өвөлжилт хүндэрсэн нутгуудаар гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах, гэр хороолол, нүхэн жорлонгуудын халдваргүйүүлэлтийг зохих журмын дагуу хийхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс /2020.03.10/ хуралдаж Улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн.

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цагт нээлээ. Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн алба, орон нутгийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн замуудад тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж илэрсэн зөрчилд газар дээр нь арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хүн тээвэр хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоорой.