Categories
мэдээ нийгэм

Сүм хийд, спорт, соёл урлагийн газруудын үйл ажиллагаа энэ сарын 30-ны өдрийг хүртэл ажиллахгүй

Нийслэлийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж, хэвийн явагдаж эхэллээ.

Эдгээр газруудад ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх шаардлагыг мэргэжлийн байгууллагуудаас тавина. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн дагуу 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон сүм хийд, бүх тѳрлийн баар, фитнесс, иог, бүжгийн клуб, саун, дэн буудал, биллиард, спорт заал, амралт, аялал жуулчлал зэрэг спорт, соёл урлагийн газрууд хугацаа дуустал үйл ажиллагаа явуулахгүй. Мөн ресторан нийтийн хоолны газрууд 22.00 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Монгол орны нийт газар нутгийн 49% нь цасан бүрхүүлтэй дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 км3 байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав нутгаар 80-90 хувьд нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 2.55 км3 бол Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг голуудын сав нутгаар 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 0.52 км3 байна.

Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч байгаатай холбоотойгоор дээр дурдсан голуудын сав газраар болон цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй байна.

Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, өвөлжилт хүндэрсэн нутгуудаар гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах, гэр хороолол, нүхэн жорлонгуудын халдваргүйүүлэлтийг зохих журмын дагуу хийхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Улсын бүртгэлийн байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Монгол Улсад коронавируст халдвар /COVID-19/ бүртгэгдэж, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж /2020.03.13/ Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүлэх тухай шийдвэр гаргалаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Ажлын тусгай горимд шилжүүлэх тухай” 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/259 дүгээр тушаалыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.4 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2 дахь заалт, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 04 дүгээр тушаалаар батлагдсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийн 10 дахь заалт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/274 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам”-ын 2.4, 3.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.

Тус тушаалд улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид болон үйлчлүүлж буй иргэдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөхөөр болсон байна.

Ингэхдээ байгууллагын өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах үүднээс УБЕГ-ын Хяналт шалгалтын газар, Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газар, Тамгын газар болон Санхүү төлөвлөлтийн газрын албан хаагчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангаж, ээлжээр ажиллуулах зохицуулалт хийгдсэн байна.

Иймд иргэд та бүхэн улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн болон архивын лавлагаа, үйлчилгээг нийслэл болон орон нутгийн аль ч нэгжээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дараах цагийн хуваарийн дагуу авах боломжтойг анхаарна уу.

Тайлбар: Орон нутаг дахь газар, хэлтсийн албан хаагч гэдэгт Нийслэл болон дүүрэг дэх Улсын бүртгэлийн газар, хэлтэс болон 21 аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагч багтана.

Categories
мэдээ нийгэм

“Хурд” хамтлагийнхан тоглолтын үеэр иргэдээс цугларсан 284 сая төгрөгийг хүлээлгэн өгөв

“Хурд” хамтлагийн санаачлагаар зохион байгуулагдсан “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн мөнгөн хандив болох 284 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст албан ёсоор хүлээлгэн өглөө.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилготой тус тоглолтын үеэр 27900 гаруй иргэн 284 сая төгрөгийн хандивыг илгээсэн юм.

Энэ үеэр “Монголын ард түмэндээ болон хамтран ажилласан “Монгол” телевизийн хамт олонд баярлалаа” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм улс-төр

ҮАБЗ өнөөдөр хуралдана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 16:00 цагаас хуралдахаар болжээ.

Дэлхийн улс, орнуудад шинэ коранавируст халдвар буюу COVID-19-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж, 150 улсад бүртгэгдэн улмаар нийт халдвар авсан хүний тоо 170 мянгыг даваад буй.

Энэ байдал дэлхийн олон улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж буй бөгөөд манай улсын эдийн засагт ч нөлөөлөх нөхцөл үүсээд байгааг эдийн засагчид анхааруулсаар байгаа билээ.

Иймд цаг үеийн тус асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсох бололтой.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт шинийн 2-нд хурдан морины уралдаан зохион байгуулсан есөн хүнийг тус бүр 150,000 төгрөгөөр торгожээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээлийн хурлаа хийлээ. Хуралд цагдаагийн байгууллага, Консулын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл оролцож, мэдээлэл өгсөн юм.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах хэлтсийн дарга П.Эрдэнэбат “Цахим сүлжээнд тараасан 17 илт худал мэдээлэл байгаагаас нь 13-ыг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шилжүүлсэн. Дөрвөн зөрчилд цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Зөрчил үйлдсэн нийт 34 хүнд 6,950,000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдууллаа. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14. Худал мэдээлэл тараах гэсэн зүйл заалтын дагуу гэмт хэргийн шинжтэй 14 гомдол мэдээллийг шалгаж байна.

Зөрчлийн зарим хэргээс дурдвал, Завхан аймгийн Их-Уул сумын Хужирт гэх газарт хоёрдугаар сарын 25-н буюу шинийн 2-ны өдөр нэр бүхий есөн хүн хурдан морины уралдаан зохион байгуулсан хэрэг гарсан. Үүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу нэр бүхий есөн хүнийг тус бүр 150 мянган төгрөгөөр торгосон” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хандивын 720 сая төгрөгөөр уушиг орлуулах төхөөрөмж худалдан авна

ДЭМБ-аас вирусийн халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушиг орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION/ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөж байна.

Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. Дэлхий нийтэд шинэ коронавирусын халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Иймд төхөөрөмжийн үндсэн үнэ 350 сая төгрөг, 10 хүний стандарт эмчилгээ хийхэд шаардагдах нэг удаагийн дагалдах хэрэгслүүдийн өртөг болох 370 сая төгрөг/нэг хүнд шаардагдах хэрэгслийн өртөг 37 сая төгрөг/ нийт 720 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байв. Энэ саналаа ЭМЯ-аас УОК-т гаргасны дагуу өнөөдөр дэмжин шийдвэрлэлээ. Ингээд төхөөрөмж болон эмчилгээний дагалдах хэрэгслийн багцыг худалдан авахад шаардагдах 720 сая төгрөгийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг дэмжин төвлөрүүлсээн хандивын мөнгөнөөс худалдан авахаар боллоо.

ECMO төхөөрөмжийг өдгөө Герман, Япон, Итали улсуудад үйлдвэрлэдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад аль ч орны иргэнийг өнөөдрөөс нэвтрүүлэхгүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Энэ цаг үеэс эхлэн гадны аль ч улс орны иргэдийг Монгол Улсад хүлээж авахгүй. Зөвхөн хүнс тээврийн жолооч нарыг нэвтрүүлнэ. Бусад улс оронд байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авах ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдөр гуравдахь онгоцыг хүлээн авна. Нийтдээ 800 орчим иргэн ирнэ.

Цаашдаа олон дахин иргэдээ хүлээн авах нислэг үйлдэх нь эрсдэлийг дагуулж байгаа учраас тодорхой хугацааны дараа энэ хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Нутаг нэгтнээ хамгаалах үүднээс болж өгвөл амьдран суугаа орчиндоо дасан зохицож өөрийн аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

ОБЕГ-ны дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Бага баян” амралтад тусгаарлагдсан 60 гаруй иргэн төлбөрөө төлөөгүй байгаа. Эдгээр иргэнийг яаралтай төлбөрөө төл гэдэг үүргийг өгч байна” гэлээ.

Тусгай үүргийн нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд энэ хугацаанд гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах юм.

Тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-ээр төлсөн иргэд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээллийг бичээгүйн улмаас хэн, хаанаас, ямар зориулалтаар мөнгө хийснийг мэдэх боломжгүй байгаа аж. Иймд тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-ээр төлсөн иргэд 51-263583, 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад яаралтай холбогдохыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа ирэх сард болно

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдана. Цахим дуудлага худалдааны давуу тал нь оролцохыг хүссэн хүн бүр интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан дуудлага худалдаанд байршил харгалзахгүй оролцох боломжтой юм. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нь хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим системээр бүртгүүлнэ.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  1. Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  2. Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/

Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Нэг иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрт тушаана.

Дуудлага худалдааны дэнчин, тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Дэнчингийн үнэ, НГЗБТ-ний дугаар бичих

Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Холбоо барих утас: 7777-1285, 315712, 89050093

Дуудлага худалдаагаар олгох газрын байршил, зориулалт, дуудлага худалдааны анхны үнэ

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/

Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/

1

Баянзүрх

5

Эрдэнэтолгой дээр

Үүрэн холбооны станц

0.009

2 381 219

2

Баянзүрх

11

Ургах наран хорооллын зүүн хойд уулан дээр

Үүрэн холбооны станц

0.007

631 553

3

Баянзүрх

11

Хуучин эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд талын толгой дээр

Үүрэн холбооны станц

0.01

842 214

4

Баянзүрх

20

Хуандайн аманд

Аялал жуулчлал

2.0

88 720 000

5

Сонгинохайрхан

2

Толгойтын эцсийн тойргийн зүүн хойд уулан дээр

Үүрэн холбооны станц

0.034

1 524 686

6

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

1 500 800

7

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13 648 000

8

Сонгинохайрхан

21

Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөг

Шатахуун түгээх станц

0.5

115 400 000

9

Хан-Уул

21

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

0.4

45 309 200

10

Хан-Уул

21

Нисэх зурвасын урд талд

Өвлийн хүлэмжийн аж ахуй

3.3

146 128 000

11

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

0.5

9 650 000

НИЙТ

9.26

493 807 672

Categories
мэдээ нийгэм

Чикаго хотын монголчууд 30 хонь хандивлалаа

Чикаго хотын “Монгол төв”-ийн хамт олон Улсын онцгой комисст 30 хонь хандивлалаа. Тус төвийн захирал Н.Батцэнгэл уг хандиваа Поп дива дуучин Ж.Алтанцэцэгээр хүргүүлсэн бөгөөд хандивыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Мөн энэ үеэр дуучин Ж.Алтанцэцэг эмнэлгийн эмч, ажилтнуудад зориулсан, вирусээс 100 хувь хамгаалдаг Египет улсын сайн чанарын маск 10 хайрцаг буюу 500 ширхгийг гэр бүлийнхээ зүгээс хандивласан юм. Тэрээр “Монгол төвийн хамт олонд маш их талархлаа. Эх орноосоо, эх нутгаасаа хол, сурч боловсорч ажиллаж, амьдарч байгаа олон мянган монголчуудынхаа төлөө ажиллаж, тусалж, дэмжихийн зэрэгцээ маш их сэтгэлийн хандив улсдаа зориулдагт талархал илэрхийлье” гэсэн юм.