Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмнэлэг бариад ч эмчилдэггүй, Нисэх бариад ч нисдэггүй…

Ерөнхий сайд У.Хүрэлсүх баахан хүн дагуулж очоод нээлтийн тууз хайчилдаг, тэгээд хаадаг болж дээ. Япон-Монгол сургалтын эмнэлэг, Хөшигийн хөндийн нисэх буудал, Нефтийн үйлдвэр, Дарханы зам, Цэвэрлэх байгууламж… юу юу ч билээ. Одоо тэгээд ажилд орсон нь хаана байна. Япон стандартын эмнэлэг ашиглалтад ороод ажиллаад сүйд болж байгааг бид мэдэхгүй суугаа юм уу. Хөшигийн хөндийд Олон улсын онгоцууд бууж нисч гоё байгааг харахгүй сууна уу. Нефтийн үйлдвэр Зүүнбаянд ашиглалтад орчихсон, бензин 1000 төгрөгөөр буучихсаныг анзаарахгүй яваа юм уу. Хотоос баруун тийш гарахаар үмхий үнэр надад л ганцхан үнэртээд байна уу…

Энэ бүгдийн хариуг шулуухан хэлье. Хувааж идэх гэсэн бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл энэ бүх бүтээн байгуулалтуудыг гацааж байна. Хэн нь илүү идэх вэ гэдэг дээр ойлголцохгүй байгаагаас болж эдгээр том бүтээн байгуулалтууд явахгүй байгаа нь үнэн. Төрөөс олон жил идэж сурчихсан өлсгөлөн хүмүүсээсээ бид салж чадахгүй байна шүү дээ. Хамгийн сүүлийн жишээ Монгол-Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа зогсож, хаалгаа барихад хүрсэн байдал. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан энэ эмнэлэг Монголын хувьд их сургуулийн анхны нэгдсэн цогцолбор буюу кампус юм. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор өдөртөө амбулаториор 600, жилд 192 мянган хүнд үйлчлэхээс гадна хэвтэн эмчлүүлэхээр 4300 орчим хүнд үйлчилж, ойролцоогоор 2300 орчим мэс засал, 10 гаруй мянган дүрс оношилгооны ажилбарыг гүйцэтгэх юм байна лээ. Орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологиор бүрэн тоноглогдсон, эмчилгээний 104 ортой эмнэлэг. Монголд эмчлэгдэх боломжгүй 26 өвчнийг эмчлэх боломжтой. АШУҮИС-ийг төгсөж буй эмч нарт мэргэжил дээшлүүлэх сургалтын том бааз болох энэ эмнэлгээс бүлэглэлүүд нүдээ салгаж чадсангүй. Энэ олон жил идсэн хүмүүс ганц эмнэлгийг хажуугаараа өнгөрөөчихөж уг нь болно доо.

Хамгийн сүүлийн мэдээллээр бол “Өнөөдөр зүрхний цахилгаан бичлэгийн цаасгүй. Дурангийн тасаг нь хаагдсан. Маргаашаас лабораторио хаана. Дараа долоо хоногоос бүгдээрээ хаагдана” гэсэн үгтэй эмнэлгийн ажилтнууд нь сууж байна. Ингэж хаалгаа барихдаа тулсан шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар өөрийн үүргээ биелүүлээгүй, төсөв мөнгөний гацаанд оруулснаас эхтэй. Монголын ард түмний маш удаан хүлээсэн, япончуудын бэлэглэсэн эмнэлгийн цогцолбороо хаалгахгүйн тулд АШУҮИС-ийн багш, ажилчид, эмнэлгийн хамт олон, 310 хүн гарын үсэг бүхий саналаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга болон БСШУЯ-нд уламжлаад асуудал шийдэгдсэнгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ эмнэлгийн нээлтийг хийсэн нь үнэн, одоо хааж байгаа нь бас үнэн. Иргэд, эмч багш нарыг хооронд нь үл ойлголцуулаад, дараа нь чаддаг хүмүүсээр нь удирдуулна хэмээн менежмэнтийн хувьчлал хийж, хувьдаа шилжүүлдэг танил технологи энд харагдаж байгаа юм. Энэ эмнэлгийг монголчуудад барьж өгөх гэж Япон улс ард иргэдийнхээ татвараас 210 тэрбум төгрөг гаргаад зогсохгүй эмнэлгийн ажилтнуудыг сургаж, үйлчилгээний япон стандартыг нутагшуулахын тулд сор болсон эмч, эрдэмтдийнхээ зөвлөх багийг Монголд 50 удаа илгээж сургалт явуулсан байдаг юм. Гэтэл тэдний энэ их хичээл зүтгэл, Монгол Улсад дээд зэргийн эмнэлэг байгуулах гэсэн хүсэл мөрөөдөл нь манай шунал нь үл дундрах дарга сэтэртнүүдээс болж замхрах шив дээ!

Япончуудын сэтгэл рүү ус цацаж байгаа үйлдэл зогсохгүй байгаа. Хөшигийн хөндийн ОУ-ын шинэ нисэх буудал чухам яагаад агаарын хөлгүүдээ хүлээж авахгүй сунжраад байгаа юм. Нээлтээ заавал ирэх тавдугаар сард, сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хийнэ гэж муйхарлаад байгаагийн учрыг ард түмэн мэдэж л байна шүү дээ. Нэг жилийн ч болтугай наана ашиглалтад оруулж, эдийн засгаа эргэлдүүлдэггүй юм уу. Япончууд ч, олон нийтч хүлээсээр… нэг их дүнсийсэн байшингууд байсаар удлаа. Ямар үзмэр биш дээ. Уг нисэх онгоцны буудлыг манай улсад Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж өгч байгаа юм шүү дээ.

Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар. Шинэ нисэх онгоцны буудлын хувьд ОУ-ын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолой, 21 агаарын хөлгийн зогсоолтой. Нисэх зурвас нь 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх хүчин чадалтай юм. Шинэ онгоц буудлыг даган босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг ашиглалтад орно. Ирэх 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянган ажлын байр бий болно гэж тооцдог. Нэг их сүрхий шав тавьсан. Одоо онгоц нисэж байгаа юм алга. Ерөнхий сайд нь нээгээд, төд удалгүй хаагдаад… Энэ байдал үргэлжилсээр байна.

Одоо нефтийн үйлдвэрийн тууз хайчлах гэж сүрхий ажилтай болжээ, Ерөнхий сайд. Үе үеийн Ерөнхий сайд бүхэн нефтийн үйлдвэр ярьдаг. Тэдний нэг хувилбар Хү-к боллоо. Өнөөдрийг хүртэл түүхий нефтиэ гадагш нь зөөсөөр… 2023 оноос манай улс өөрсдөө нефтиэ үйлдвэрлэх бүрэн боломжтой болно гэсэн ганц үгтэй. Өнгөрсөн оны зургадугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговийн Алтанширээд газрын тосны үйлдвэр барих шав тавьсан. Тэгээд үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд хийгдэж эхэллээ гэсэн. Гэтэл тэр дэд бүтцийн ажлууд дээр нь өнөө бүлэглэлүүд нь тоос шороо манарган зодолдоод эхлэв бололтой. Би ч байшинг нь, би ч төмөр замыг нь, би ч автозамыг барина… гээд. Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр нефтийн үйлдвэр барихыг бүгд мэдэж байгаа. Манай улс төрийн бүлэглэлүүд хоорондоо эхлээд учраа олохгүй бол гэрээний дагуу Энэтхэг улсын зүгээс газрын тосны үйлдвэр барих гол ажлаа эхлүүлэх ч үгүй. Юу үнэн гэвэл энэ л үнэн.

Саяхан УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр ярихдаа, “Дэд бүтцийн ажлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард түр зогсоосон. Энэ сард эхлүүлнэ. 27 км төмөр зам явж байна. Авто замыг энэ онд багтааж тавихаар төлөвлөсөн. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хийгдэнэ. Үйлдвэр барих талбайг тэгшлэх, хашаажуулах ажлыг удахгүй хийж эхэлнэ. Мөн Сайншандад хотхон байгуулахаар зураг төсөл боловсруулж байна. Бүтээн байгуулалтын хамгийн оргил үед 8000 орчим хүн ажиллана гэсэн тооцоо бий” гэхчлэн ирээдүй цаг дээр, цаасан дээр буусан зураг яриад сууж байгаагаас харахад итгэл найдвар нэг их төрөхгүй байна. Монголчуудын хүсэл бол Ерөнхий сайдын тууз хайчилснаар тооцож, одоо ажил нь 90 хувьдаа орсон гэж бодож суугаа. Гэвч мөрөөдөж суугаа юм шиг байна.

Гадныхан тэрбум, тэрбумаар нь туслаад, дэмжээд, хөнгөлөлт үзүүлээд байдаг. Тэр бүгд дээр нь Хү-к давхиж очиж тууз хайчлаад явдаг. Эцэстээ эмнэлэг нээгээд ч эмчилж байгаа юм алга. Нисэх буудал бариад ч нисч байгаа юм алга. Нефтийн үйлдвэр барих нэг тэрбум доллартай байгаад ч боссон шовойсон юм алга. Бүх зүйл бахь байдгаараа үргэлжилсээр… Өмнөөс ярьдаг гурван юм нь утаа, лиценз хураах, одоо бол корона…

Categories
мэдээ цаг-үе

Р.ЭНХБАТ: Ажлаа сэтгэлээсээ хийж яваа хүн бүхэн эх орончид, цэрэг эх оронч гэдэг үг чинь хүйтэн дайны үеийн ойлголт

“Адмон” группийн захирал Р.Энхбаттай ярилцлаа.


-Эх оронч үзэл гэж юу вэ гэсэн асуултад олон янзын хариу дуулддаг ч амьдралаас тасархай лоозон маягийн тайлбар л давтамжтай сонсогддог. Таныхаар эх оронч үзэл гэж юу вэ?

-Эх оронч үзэл гэж ярихгүй бол боломгүй цаг үе ирчихсэн юм шиг. Эх оронч үзлийн тухай ярихаар цэрэг эх оронч үзэл гэсэн юм яригдаад байдаг. Засгийн газар энэ тэрээс анхаарч, Батлан хамгаалах яамны генералын ахалсан ажлын хэсэг гараад эх орныхоо төлөө эх оронч үзлээр зүтгээд яваа харагддаг. Яг чухамдаа юу хийсэн юм бүү мэд. Иймэрхүү өнгөтэй үйл явдал өрнөж байгаа анзаарагддаг. Тэр хүмүүсийн бодож санаж яваа нь үнэхээр тэс өөр байна л даа. Бид хэдэн жилийн өмнө хүмүүсээс бахархлыг нь асууж байсан юм. Хачин хачин хариулт ирсэн. Уур хүрмээр. Байгалиараа, газрын баялгаараа бахархдаг ч гэж байх шиг. Байгаль, баялаг бол хүний бүтээсэн зүйл биш. Уг нь хийсэн бүтээснээрээ л бахархмаар юм. Тэр үед “Монгол хүн хийж бүтээсэн юмны тухай биш бэлэн байгаа зүйлсийг бахархлаа болгож явдаг байх нь” гэсэн бодол төрөөд өнгөрч байлаа.

-Монголчууд яагаад байгаль, байгалийн баялгаараа бахархсан бэ гэсэн асуултад хариу хайсан уу, та?

-Алга дарам газар дээр амьдардаг хүмүүс бий. Тэр хүмүүсийн хувьд эх орон гэхээр яг юу хэлэхээ сайн мэдэхгүй байх. Гэтэл Монголын хувьд өөр. Гуравхан сая хүнтэй, өргөн уудам нутагтай. Ийм онцлогтой улсын иргэдэд эх орны тухай ойлголт өөр байх нь гэсэн бодол төрсөн. Эх орон гэхээр газар ус нь шууд харагддаг, өргөн тал, үзэсгэлэнт байгаль өөрийн эрхгүй орж ирдэг шиг байгаа юм. Алга дарам газарт аж төрдөг хүмүүст “Энэ нутаг бол минийх” гэсэн ойлголт байхгүй. “Энэ хашаа минийх” л гэсэн ойлголттой аж төрдөг.

-Хийсэн бүтээсэн зүйлс монголчуудын бахархал болохгүй яваагийн цаана ямар нэг шалтгаан байна уу?

-Хийсэн бүтээсэн зүйл нь алга. Өнөөдрийн нийгэм, улс төрөөс үлгэр дуурайл болохоор хүн гээд хайхаар бараг байхгүй. Дээхнэ үед бол байсан. Бусад орнуудад сайхан сайхан хүмүүс байна. Мөнгөн дэвсгэрт дээрээ хүртэл хөгжмийн зохиолчоо тавьсан байх жишээний. Шведийн мөнгөн дэвсгэрт дээр хүүхдийн зохиолч Астрид Линдгрений зураг бий. Швед хүмүүс “Хамгийн дээр бурхан, дараа нь Линдгрен байдаг” гэж бахархан ярьдаг. Линдгрен шведчүүдийн хувьд тийм эрхэм, агуу бахархал нь.

-Линдгрений “Дээвэр дээр суудаг Карлсон”, “Урт оймст Пиппи”-г нь ганц Шведийн ч биш, дэлхийн хүүхдүүд дурлаж уншдаг. “Урт оймст Пиппи”-г танайхаас орчуулсан байх аа?

-Тэгсэн. Харамсалтай нь эх хэлээрээ орчуулж хэвлээд ч уншдаггүй номны нэг.

-Манай мөнгөн дэвсгэрт дээр Чингис хааны хөрөг бий. Таны яриаг хөөгөөд бодохоор бидний бахархдаг хүмүүн хэдэн зуун жилийн өмнөх их хаан маань л болж таараад байна уу?

-Чамд нэг сонин жишээ хэлье. Би хоёр гурван францад “Та нар Наполеоноор бахархдаг уу” гэсэн асуулт тавьж үзсэн юм. Бүгдээрээ “За даа бараг үгүй дээ” гэсэн хариу хэлсэн.

-Яагаад, дэлхийн мундаг жанждын нэг энэ тэр гээд бахархмаар юм?

-Тэр хүний хүсч мөрөөдөж явсан зүйл өнөөдрийн бидний бодож зорьж яваагаас ялгаатай. Нөгөө талаар тэдэнд бахархах юм зөндөө шиг байгаа юм. Жишээ нь, тэд Францын хувьсгалаараа бахархдаг. Францын хувьсгалыг орчин үеийг авчирсан хувьсгал гэдэг шүү дээ. Тэгш эрх, ардчилал, ахан дүүсэг ёс гэсэн гурван том үнэт зүйлийг дэлхийн түүхэнд анх удаа гаргаж ирж хүмүүн төрөлхтөнд бэлэглэсэн хувьсгал. Францын хувьсгалаар асар олон оронд ийм идей тарсны нэг нь Орост Октябрийн хувьсгалыг эхлүүлсэн. Октябрийн хувьсгал нь манай Ардын хувьсгал болж, Ардын хувьсгалаар бид чинь Үндсэн хуульт улс болсон түүхтэй. Хаант засаг үгүй болж Үндсэн хуулиа хаан болгосон. Францын хувьсгалаас өмнө өчнөөн улс орон хааны доор оршиж байлаа. Хаан бүгдийг мэддэг байсан. Чингисийн үеэр жишээлье. Чингис бол хаан, бусад нь албатууд. Тэр цаг хүмүүс сайн хааны нөмөрт амьдрах аз завшааны тухай л боддог байсан. Түүнээс биш хувь хүний эрх чөлөө, аз жаргалын тухай ойлголт огт байгаагүй. Тэр үеийн хүмүүсийн утга учир бол амьд байх тухай л асуудал. Францын хувьсгалаас өмнө хорвоо ертөнц янз янзын хааны эрх сүр дор оршиж, хүн төрөлхөн үнэхээр зовлонтой аж төрсөн. Тэр үед бүх юм хааны өмч. Чи ч хааны өмч. Би хаан байсан бол чиний толгойг авмаар санагдвал авчихна. Үндсэн хууль тунхагласнаас хойш бид өргөн уудам газар нутгаа өөрсдийнхөө өмч гэж ойлгоод явж байна. Ингэхээр хүнд эх орноо хайрлах, газар нутгаа бодох сэдэл төрдөг юм байна л даа. Эх орон гэсэн ойлголтод маш их гай авчирч байгаа нь уул уурхай. Өнөөдөр Өмнөговь руу явмааргүй байна. Бүгдийг нь өмчлөөд авчихсан. Би тэнд юугаа хийх юм. Бүгдийг нь авчихвал надад эх орон гэж яриад байх юм алга.

-Зах зээлийн нийгэмд амьдардаг улс орнууд байгаа зүйлээ харилцан арилжаалж байж хөгжих нь жам шүү дээ. Доллар олж байж иргэд нь чинээлэг аж төрж, улс нь дажгүй хөгжинө. Бидний доллар олдог ганц том бараа бол уул уурхайн бүтээгдэхүүн. Уул уурхай муухай гэхээс илүү уул уурхайгаа яаж зөв хөгжүүлэх вэ гэсэн асуултад хариу хайх ёстой байх аа?

-Өнөөдөр та бид хоёр хамтарч компани байгууллаа гэж бодъё. Та гаднаас орж ирээд хамтаръя гэлээ. Энэ тохиолдолд би давуу талаа алдахгүй. Яадаг ч байсан талаас илүү хувийг нь авна шүү гэнэ биз. Бүхэл бүтэн улс байтугай захын дамын наймаачин ч энэ зарчмаа алдахгүй. Мэдээж янз бүрийн асуудал бий. Гэхдээ маш энгийн, хэн ч ухаад ойлгочих гэрээ хийх хэрэгтэй. Ганцхан зарчмыг хатуу барих ёстой. Ойлгомжгүй гэрээг хэнтэй ч хийж болохгүй. С.Баяр номондоо энэ гэрээг ойлгосон хүн байхгүй, одоо ч алга гэсэн байна лээ. Ингээд харахаар байгуулсан гэрээгээ ойлгоогүй хэрнээ бүгдээрээ Оюу толгой ярьдаг болчихсон шиг байгаа юм.

-Нэгэнт байгуулчихсан гэрээн дээрээ эргэж буцаад байх нь эх оронч хандлагад хэр нийцэх бол. Гадны хөрөнгө оруулагчид Монголыг итгэлгүй нөхдүүд гэж харах эрсдэл бас бий…?

-Олон асуудал ярьж болох байх. Хэрвээ эх оронч байсансан бол хэн ч ойлгож болох гэрээ хийх байсан гэдэг утгаар л энэ өнцгийг хөндсөн юм. Эхнээсээ ийм зарчим барьж, эх оронч сэтгэлээр хандсан бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байсан гэсэн бодол, төсөөлөл төрөөд яваа юм, надад. Одоо хоёулаа үндсэн сэдэв рүүгээ орох уу?

-За тэгье. Монголчууд эх оронч үзэл гэдгийг байгалийн баялаг, өргөн уудам газар нутгаараа төсөөлж, үүнийгээ бахархал болгоод яваа нь нүүдэлчин ахуйгаас улбаатай юм болов уу?

-Зарим утгаараа тэгж хэлж болно. Хаант засаг биш, ард түмэн л бүгдийг мэдэх ёстой гэсэн ойлголтоор бүх юм минийх гэж хандаж байна л даа. Бид байгалийн талаасаа, үзэгдэж харагдаж байгаа талаасаа эх оронч үзлийг иймэрхүү маягаар ойлгож болно. Харин нийгмийн хувьд өөр. Нийгэм гэдэг маань хийсвэр, абстракт ойлголт. Хүмүүсийн зохиож бүтээсэн, өөрсдийнх нь санаа төсөөллөөр бий болсон зүйл. Бид байгаль дээр биш, нийгэм гэж зохиомол орчинд амьдарч яваа. Тэр утгаараа ийм орчинд эх оронч үзэл гэж юуг хэлэх вэ гэсэн асуултад хариу хайх хэрэгтэй.

-Та ярианыхаа эхэнд “цэрэг эх оронч үзэл” үеэ өнгөрөөсөн гээд хэлчих шиг болсон. Тэгвэл яг өнөөгийн нийгэмд юуг эх оронч үзэл гэх вэ?

-Цэрэг эх оронч үзэл гэдэг хүйтэн дайны үед, нутаг орноо бүтэн байлгахын төлөө дайтаж тэмцэж явсан үед л илүү хамаарна. Би янз бүрийн хүмүүстэй эх оронч үзлийн тухай санаа бодлоо солилцохоос гадна улс орнууд ямар байдаг тухай судалгаа хийж үзлээ. Жишээ нь, зарим оронд тариалангийн талбай л сайн бол эрүүл, арвин ургац авна, энэ чинь л хүн ардын эрүүл амьдрах үндэс, тэр утгаараа тариалангийн талбайгаа арчилж тордож хамгаалж яваа хүн эх оронч гэж үздэг юм байна. Манайхаар бол малаа эрүүл хариулж яваа малчин, малыг эрүүл байлгах бодлого, орчныг бүрдүүлж өгсөн шийдвэр гаргагчид эх оронч гэсэн үг. Бид ямар ч үед малынхаа махыг идээд амьдрах тавилантай хүмүүс. Өнөөдөр яаж байгаа билээ, эрүүл мах гэсэн ойлголт алга, малынхаа махыг дамлаж зарах систем ажилласаар байна.

-Ерөөсөө л хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хүнийг л эх оронч гэх нь. Энгийн хэрнээ гүн утгатай ойлголт байна шүү…?

-Харин тийм, ингээд харахаар эх оронч үзэл гэдэг тийм онцгой зүйл биш байгаа биз. Малаа эрүүлжүүлж, тэрийгээ эх оронч үзэл гээд тайлбарлаад явбал ард түмэн сонсоно, хайрлана. Би түрүүн уул уурхайг зүгээр ч нэг яриагүй. Хариуцлагагүй уул уурхай газар авлаа, тэр хэрээр эх оронч үзлийг маань сэглэж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Норвеги өнөөдөр хамгийн баян орны нэг. Асар их баялагтай. Тэр их баялгаа маш ухаалаг хэрэглэж байна. Энэ л эх оронч үзэл. Түүнээс биш би газар битгий ух гээгүй. Гэтэл манайд ямар байгаа билээ. Биенээсээ өрсөж, ухаж идэхээр улайрч яваа. Хэдхэн жилийн дараа миний эрх дуусна, тэрнээс урьтаж яаж “хусах” вэ л гэж бодож байна шүү дээ.

-Та боловсрол, соёлын салбарт ажиллаж яваа хүн. Та салбартаа эх оронч үзэлтэй ажиллаж чадаж байгаа юу?

-Жишээ нь, хүүхдийн ном хийхдээ би агуулгыг нь эхлээд боддог. Дараа нь гадны дотны номнуудыг хардаг. Яаж хийх талаараа янз бүрээр сэтгэдэг. Эхлээд төрийн бодлогод тохирсон, төрийнхөө бодлогыг дэмжсэн юм хийхийг хичээлээ л дээ. Гэтэл төрд бодлого гэж ойлгогдохоор юм байгаагүй. Тэгээд компани дотроо хамгийн жижиг хэлбэрээр төрийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ийм л байх ёстой гэдэг бодлоор. Сургуулийн өмнөх насныханд IQ чухал биш. Тэр жаахан хүүхдүүдэд сэтгэл бий болгох ёстой. Тусч, хүлээцтэй, харамч биш сэтгэлийг суулгаж өгөх учиртай. Хүүхэд сэтгэлийг л хамгийн сайн ойлгоно. Түүнээс биш ямар нэгэн IQ бодлогыг дурлаж бодоод суудаггүй. Сургуулийн өмнөх насныхны хувьд тархи нь хөгжих болоогүй, эхлээд сэтгэлийг нь хөгжүүлэх ёстой.

-Хүүхдийн сэтгэлийг хөгжүүлэхийн тулд яах ёстой гэж та харж байна вэ?

-Ардчилсан нийгэмд ямар ёс суртахуунтай ажиллах вэ гэж бодож байгаа юм л даа. Гэтэл нөгөө талаас уламжлалт ёс заншил ярьдаг өчнөөн хүмүүс огт өөр юм ярих жишээний. Хаант засгийн үеийн, 800 жилийн өмнөх сургаалыг сурах бичигт бичээд хүүхдээр цээжлүүлэх гээд зүтгэчихдэг. Тийм юм байхгүй гээд зөрөхөөр би муу хүн болчихдог. Ш.Чоймааг хүндлээгүй болж таараад, шаар болоод байгаа юм. Тэгэхээр өнөөдөр яг яах ёстойгоо ярихгүй бол нэг хэсэг нь ардчилал, нөгөө хэсэг нь уламжлал яриад горьгүй байна. Ардчилал ярьсантай нь ардчилал ярих гэхээр өнөөхөө мэддэггүй. Уламжлал ярьдгууд ч ялгаагүй. Уламжлалыг өнөөдөр яаж хэрэглэх вэ гэхээр мэддэггүй. Музейн үзмэр шиг юм ярьдаг. Бид музейн үзмэрээр амьдрахгүй. Эцсийн эцэст музей дотор өрсөн эд хэрэгсэл нэг айлд цугларсан байгаагүй. Хүмүүс алтан аяга, зэс домбо, хаш хөөрөг нэг айлд цугаараа байсан юм шиг эндүүрээд явдаг. Тийм биш шүү дээ. Яг нарийндаа музейд өрсөн тэдгээр зүйлсийн ихэнх нь хуурамч.

-Таныг ингэж хэлэхээр дургүйцэх хүн олон гарах байх даа?

-Хамаагүй. Хэрвээ чи хийдэг ажилдаа үнэнч хандвал мэдээж асуудал тулгарна. Тулгарсан асуудлаа шийдэхээр дахиад хоёр асуудал гарч ирнэ. Өнөө хоёр асуудлыг шийдэнгүүт магадгүй дахиад нэг асуудал ургана. Магадгүй амьдрал асуудлыг шийдэх зам байх. Түүнээс биш зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг жаргадаг юм байхгүй. Байгалийн амьдрал дээр магадгүй. Нийгмийн амьдрал дээр бол хэзээ ч боломжгүй зүйл. Тэр байтугай тэтгэвэрт гараад сэтгэлээр унаж байна шүү дээ, хүмүүс. Хийх юм байхгүй учраас. Ер нь байгаль салхи шуурганд дургүй. Гэтэл нийгэм тэс өөр. Нүдээ аних л юм бол нурааж унагаачих гээд, хулхидаад хуурайлчих гээд байна шүү дээ. Тэгэхээр нийгмийн амьдрал гэдэг цаг минут тутам харж, хамгаалж, нураачихгүйн төлөө явах цогц зүйл юм байна.

-Байгуулсан нийгмээ нураачихгүйн төлөө асар соргог амьдрах ёстой юм байна гэж ойлголоо…?

-Ерөөсөө л тийм.

-Ёс суртахуунтай зөв сайн монгол хүүхдийг хүмүүжүүлэх жорыг та олсон уу?

-Таны асуусан энэ зүйлийг би номоороо л хийнэ. Чадах зүйл маань ном учраас. Ойр тойрны хүмүүстэйгээ уулзахаараа ярьдаг сэдвүүдийн маань нэг л дээ. Би танил японоосоо “Чамайг бага байхад чихнээс чинь уяатай явсан, өнөөдрийг чинь бүтээхэд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ” гэж асуулаа. Өнөө япон хүн “Хүнд саад болохгүй амьдрахыг л захиж, сургадаг байсан” гэсэн хариу өгсөн. Швейцарь хүнээс ингэж асуусан чинь “Хүн байсан ч, байгаагүй ч урдахаа хийж урагшлах ёстой гэсэн захиа, сургаал маш том нөлөө үзүүлсэн” гэж хариулсан. Сая хэлсэн хариунаас Япон, Швейцарь улс хүүхдүүдээ ирээдүйд хэрхэн бэлддэг нь харагдаж байна аа даа. Гэтэл манайд “Би сайхан санасан юм” гэж яриад нэгэндээ саад болж, хорлож яваа жишээ өчнөөн. Манайд хүний нүд хариулдаггүй хүн ховор. Дарга нь байхаар нэг өөр, байхгүй бол бас өөр хандлага гаргадаг нь гэм биш зан болчихсон. Гэтэл япон, швейцариуд ийм байж болохгүйг багаас нь сургадаг байх нь. Ямар эх оронч бодлого вэ. Хүн бүр урдахаа чин сэтгэлээсээ хийгээд явах нь нийгэмд ямар тустай хэрэг вэ. Хүний цагийг үрэхгүй байх, хэлсэндээ хүрэх их гоё чанар. Хүмүүс хооронд ярьсан яриа бодитой ажил болоод явдаг бол ямар сайхан бэ. Хүмүүс хоорондын харилцааны үнэт зүйлийг бий болгох, тэрийгээ дагаад явна гэдэг эх оронч үзэл. Тэгэхээр эх оронч үзэл гэдэг тийм адармаатай хэцүү асуудал биш байгаа биз.

-Таныг ингээд хурц тод ярихаар жишээ нь Боловсролын яамны удирдлагууд “Зөв юм ярих нь ч ярьж байна, гэхдээ энэний үгийг дагаад явна гэж юу байдаг юм” гэсэн өнгөөр хандах байх. Төр засгийг төлөөлсөн дарга сайд нар алдааг нь шүүмжилсэн иймэрхүү ажил хэрэгч шүүмж, саналд иймэрхүү хандлага гаргасаар өнөөг хүрсэн. Ингээд харахаар хөлд нь суусан маягтай, аажуу зөөлнөөр харилцаж байгаад санаагаа бодлогод нь тусгамаар ч юм шиг…?

-Зарим хүмүүс ямар нэг юмыг хүлээх, азнах завтай явдаг байж магадгүй. Надад тийм их зав байхгүй. Яг одоо л хэлэх юмаа хэлэхгүй бол сүүлд нь харамсана. “Юугаа хүлээж дуугүй явав аа” гээд толгой руугаа “шаана” шүү дээ. Байгаль дээр маш олон зан чанар төлөвшигддөг л дөө. Зохицох, аргалах, сэргэлэнтэх гэх мэт байгалийн гаралтай олон зан чанар бий. Энэ чанаруудыг нийгэм рүү хөрвүүлээд харахаар их сонин. Зах зээл эхлэнгүүт овтой, сэргэлэн багш нар нь наймаа хийгээд явчихсан. Багшийнхаа ажлыг амьдралаа гээд бодож зүтгэсэн хэсэг нь амаараа шороо үмхэх нь үмхээд ямар нэг байдлаар хохироод үлдсэн. Уг нь энэ хүмүүстээ төр засаг бодлогоор анхаарал тавих ёстой юм. Төр засаг байхгүй болсон учраас энэ хүмүүс гутарсан, архинд орсон. Нөгөө сэргэлэн, овтой нөхөд нь өнөөдөр дээр гарчихсан яваа. Ийм зан чанар ихдэхээр нийгэм заваардаг. Бүх зүйл муухай болдог. Товчхондоо сэргэлэнчүүд нь дээшээ гараад, номоороо явсан нь тээр дор байна.

-Таны хэлснийг ухаад бодохоор зөв төлөвшил, хандлага, зан чанарыг хүүхдэдээ суулгахаар алсдаа залилуулж хохироод дуусна, зальжин, овсгоотой, хүний аргыг олдог хүн л болгоё гэж бодож яваа аав, ээж нарыг буруутгах хэцүү юм аа?

-Буруутгах хэцүү. Гэхдээ гарц бий. Төр алийг нь дэмжихээ тодорхой болгочих хэрэгтэй. Өнөөдөр бол алийг нь ч дэмжээд байгаа юм бүү мэд, төр байхгүй юм шиг байна.

-Тэгж байгаад зүй жамаараа сайжирна, адгаж яарах хэрэггүй гэсэн хандлага бас бий. Хэдэн сонгуулийн дараа хүссэн хүсээгүй улс төр цэвэршинэ гэдэг хандлагатай та санал нийлэх үү?

-Би өмнө нь чамд ярьж байсан даа. Нэг танил маань сонгуульд нэр цэвэр дажгүй хүмүүсийг дэвшихэд нь дэмжье гэхээр хүн олдохгүй байна гэж ярьсан тухай. Нийгэм гэдэг чинь хүмүүсийн бүтээл. Тийм хүн байхгүй үед аажимдаа сайжирна гэж юу байх вэ дээ. Өнгөрсөн арван жилийг аваад үзье. Хэсэг хүмүүс идэж уугаад бүхний оройд гарчихсан. “Энүүгээрээ л явна, үүнээс өөр замыг хүн төрөлхтөн олоогүй. Хувь тавилантайгаа эвлэрээд амьдар” гэж том том юм ярьсаар өнөөг хүрсэн. Гэтэл өнөөдөр яаж байна. Тэр дээр маш олон зальжин овсгоотой нөхдүүд гараад ирчихсэн. Чихэлдэж, багталцахаа байгаад эхлэнгүүт нэг нэгнийхээ хулгай, луйврыг ээлжлэн дэлгээд уналаа. Хоорондоо байлдаад эхэлчихсэн шүү дээ. Тэдний дайн мөрөөрөө ажлаа хийгээд яваа, доор нь байгаа хүмүүст их юм харуулж байна аа даа. Чиний хэлээд байгаа “аяндаа сайжирна” гэдэг үгийг би ингэж ухаж байна. Гэхдээ үүнийг түргэтгэх ёстой.

-Түргэтгэхийн тулд яах ёстой гэж?

-Зургадугаар сарын хорьд гартал бид жигтэйхэн шударга зүйл зөндөө сонсоно. Маш олон хулгай дээрэм илэрнэ. Илрүүлсэн баатрууд нь тодорч гарч ирнэ. Харин зургадугаар сарын 20-ноос хойш бүх юм хэвэндээ орно. Тэгэхээр тэр дээр суугаа хүмүүс шударга үйлийг хэрэг гарвал хийдэг, өөрт нь ашиггүй бол хийдэггүй гэсэн дүгнэлт гараад ирж байгаа биз. Гэтэл чи бид хоёрын ярьж суугаа шударга зүйл өдөр бүр үргэлжлэх ёстой. Яагаад сонгууль дөхөхөөр хоёр, гуравхан сарын дотор өчнөөн шударга зүйлс гарч ирээд, сонгуулийн дараа алга болоод байна вэ? Байдал бишдсэний л шинж. Өнөөдөр шударга юмсыг ард түмний сонголтоор худалдаж авч байна, өөрөөр хэлбэл бидэнд зарж байна. Чи надаас сая “яах вэ” гэж асуусан. Яах ийх тухай ярихаасаа өмнө юу болоод байна вэ гэдгийг мэдрэх, мэдэх ёстой. Юу болоод байгааг нь би сая хэллээ. Ер нь хүн аливааг яг байгаагаар нь ойлгож байж ямар нэгэн зөв шийдвэр гаргана гэж би хувьдаа боддог.

-Сүүлийн үед улс төрд өрнөж байгаа үйл явцаас итгэл найдвар төрүүлсэн өөрчлөлт анзаарагдаж байх юм уу?

-З.Энхболдын гуравны хоёрыг солино гэдэг их айхавтар юм болж магадгүй. Ямар ч байсан гуравны хоёрыг нь “хусах” юм байна гэдэг их сайн мессэж. Үүнийг У.Хүрэлсүх бас ашиглах байх. Ингэвэл нөгөөдүүлээс салах бас нэг боломж гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр хэн тэр орон зайд орж ирэх вэ, цаашаа яаж ажиллах вэ гэдэг сонирхол татаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хөгжил хөөртэй хоёрдугаар ангийнхан

Үсэглэлийн баяр. 2019 он

Манай сонины “Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочдоор Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 45 дугаар сургуулийн 2г ангийн бяцхан сурагчид маань орлоо. 2г ангийн анги удирдсан багшийг Б.Золзаяа гэдэг. Түүний хувьд боловсролын байгууллагад 2013 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа боловсролын удирдлагын магистр, арга зүйч зэрэгтэй багш юм. Харин энэ удаагийн бяцхан зочид бол Б.Золзаяа багшийн хоёр дахь удаагийн дааж авсан анги. Ангийн сурагчдыг танилцуулбал, А.Аззаяа, Н.Амин-Эрдэнэ, Г.Ананд, Б.Анударь, М.Ану-Үжин, О.Ану-Үжин, Г.Ариунбилэг, Н.Ариунхишиг, А.Уянга, Н.Батхолбоо, Э.Билгүүн, Д.Болорцэцэг, Э.Бүжин, Б.Ган-Эрдэнэ, Гүнжинлхам, Э.Золбаяр, А.Ирмүүн, Ч.Маргад, О.Мишээл, Г.Мөнх-Эрдэнэ, Н.Нарансолонго, Г.Номуунбилэг, Б.Номин-Эрдэнэ, Т. Одхүү, М.Очирбат, Х.Өүлэн, Н.Сайханбилэг, Н.Сарангоо, Ө.Сийлэн, Э.Тамир, А.Түшвинзаяа, М.Түвшинтөр, Э.Туяацэцэг, Ч.Увидас, Ц.Ундрах, А.Уянга, Э.Чингүүнбаяр, М.Цогт-Очир, Э.Ялгуунсайхан мөн Ба.Эрхэс, Би.Эрхэс, Ж.Эрхэс гэсэн гурван адилхан нэртэй сурагчтай. П.Номин, Я.Номин, М.Номин гээд гурван Номинтой. Их ховор тохиолдол шүү. Ингээд 2г анги маань нийт 45 сурагчтай. Үүнээс 29 охин, 16 хөвгүүнтэй. Сурагчдын гаргасан амжилтаас дурдвал 2018-2019 оны хичээлийн жилд хоёр сурагч “Гар зургийн ХI” олимпиадад оролцож Ч.Увидас тусгай байр, Э.Ялгуун сайхан дэд байрын шагнал авч байжээ. Тэгвэл П.Номин таэквондогийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргажээ. Мөн 2019-2020 оны хичээлийн жилд “Гар зургийн XII” олимпиадад 10 сурагч оролцоод бүгдээрээ “Бүтээлч хүүхэд” батламжийг гардан авчээ. Тэд хэдийгээр хорвоо ертөнцтэй танилцаж яваа бяцхан сурагчид боловч хоёрдугаар ангиа чамлахааргүй амжилттай суралцаж яваа авьяаслаг хамт олон гэдгийг ангийн багш нь онцолсон юм. Түүнчлэн амжилт гаргаад зогсохгүй ангиараа Чингэлтэй дүүргийн “Номын өргөө”-тэй танилцаж, нэг өдрийг номын ертөнцөөр аялж, ном уншиж мэдлэг оюунаа тэлэх, номын сайн нөхөр болох тухай сургалтад хамрагдсан байна. Ангийн багшийн хэлснээр энэ сургалтаас хойш сурагчид номонд их хайртай болсон. Их өгөөжтэй сургалт хэмээн сайшаав. Түүнчлэн сурагчид маань өөр өөрийн гэсэн цүнхэндээ байнга авч явдаг үлгэрийн номтой, мөн ангидаа номын булантай болсон байна. Ингээд долоо хоног бүрийн нэг өдөр тогтсон уншлагын цагтай болжээ. Хүүхдүүд уншлагын цагаа тэсэн ядан хүлээдэг гэнэ. Энэ цагаараа сурагчид үлгэрийн номоо сонгон авч уншаад уншсан номын тэмдэглэл хөтөлдөг байна.

Сурагчид ангийн номын буланд буюу уншлагын цагийн үеэр

Харин нэгдүгээр сарын 27-ноос хойш сурагчид маань гэртээ “Теле” хичээлээ үзэж сургалтаа ахиулж, эрдэм мэдлэгээ дээшлүүлж байгаа. Сурагчид маань теле хичээлийн даалгавраа өдөр бүрт нь хийгээд багш руугаа илгээж, багш нь үзээд буцаагаад хариу үзүүлж дүн болон урам зоригийн үгээр мялаан ажилладаг байна. Эцэг эхчүүдийн ярьж буйгаар сурагчид багшаас ирсэн урмын үгийг сонсоод, уншаад даалгавраа хийх илүү эрч хүчтэй, зоригтой болж сонирхож хийдэг тухай хэлж байна. “Теле” хичээлээ ойлгох нэгэн байхад ойлгохгүй нэгэн ч байна. Тухайлбал, нэг хүү “Би энэ хичээлийг чинь ойлгохгүй байна. Ангидаа очиж хичээлээ хиймээр байна” гэсэн бол өөр нэг сурагч “Манай багш хичээлээ зааж байгаад “За одоо бичээрэй” гэж хэлдэг. Энэ багш бич гэж хэлээгүй ш дээ” гээд ээжийгээ орой ажлаас ирэхэд нь гэрийн даалгавраа хийгээгүй хээвнэг сууж байсан гэнэ. Энэ мэтчилэн “Теле” хичээлдээ дасахгүй хөгтэй хөгжилтэй зүйл анхандаа их гарч байсан боловч одоо бол хүүхдүүд дасаад хичээлээ сайн хийж багш руугаа онлайнаар явуулж байгаа гэнэ. Харин сүүлийн үед “Ангийнхаа найзуудаа санаад байна”, “Найзуудтайгаа хичээлээ хиймээр байна”, “Хэзээ ангидаа очих юм”, “Багшийгаа санаад байна” гэх яриа тасрахаа байсан хэмээн багш нь инээв. Б.Золзаяа багш “Энэ анги миний бие даасан хоёр дахь анги. Анх нэгдүгээр ангид орж ирэхдээ учраа ч мэдэхгүй хөөрхөн хүүхдүүд байсан. Харин намар ороод ирсэн чинь бие биеэ саначихсан. Их том болсон хүн шиг томоотой дүр үзүүлнэ ээ бас. Тэгж байгаад бужигнана шүү дээ. Тэгээд “Та нар багшийгаа санасан уу?” гэж асуухаар зарим нь инээгээд жуумалзаад л, зарим нь санасан гэж байхад зарим нь эргэлзсэн харцаар хараад л. Анги ахих, зун амраад ирэхээр хүүхдүүд маань аливаа зүйлд хандаж байгаа хандлага, сэтгэж байгаа асуултууд, хариулж байгаа байдал зэрэг нь төлөвшиж байгаа нь илт анзаарагддаг ” гэв.

Ө.Сийлэн теле хичээлээ хийж байгаа нь

Харин ангидаа болсон нэгэн хөгжилтэй явдлыг сурагчид бүгд мартдаггүй гэнэ. Хоёрдугаар ангид орсон эхний өдөр багш нь цээж бичгийн шалгалт авахаар болов. Багш ч “За хүүхдүүд ээ монгол хэлний дэвтэр ном, цээж бичгийн дэвтрээ гаргаарай” гэж хэлчихээд буруу харан самбарт он, сар тавиад цээж бичгийн гарчгаа бичлээ. Гэтэл ангийн хүү Түвшинтөр газар хоёр өвдгөөрөө өвдөглөчихсөн цүнхээ ухаад байж, ухаад л байж. Багш ч анзаараагүй юм шиг “За хүүхдүүд ээ” гээд цээж бичгээ бичээд эхэлсэн байна. Өнөөх хүү цээж бичиг дуустал цүнхээ ухаж. Багш ч дотроо сандарч буй үйлдлийг нь харж зогссон болохоор инээдээ барьж ядан өхөөрдөнө. Гэтэл хүү нулимс нь гоожчихсон “Багш аа, миний цээж бичгийн дэвтэр алга” гэхээр “За яахав. Монгол хэлний дэвтрээ гаргаад дээшээ суу” гэхэд хүү баярлаж царайд нь гэрэл тодорч. Түвшинтөр маань ангийнхаа хамгийн эгдүүтэй, бас хөгжилтэй хүү болохоор багш нь ч, ангийнхан ч үйл хөдлөлийг нь андахгүй гэнэ. Хоёрдугаар ангийн нөгөө том болсон хүү чинь ингэж л хөглөсөн шүү дээ гэж багш нь сурагчдаа их л санасан бололтой сэтгэл нь хөдөлж санаа алдана. “Бага ангийн хүүхдүүдэд багшийн хичээл заах арга барилаас гадна зүрх сэтгэл, мэдрэмж маш чухал. Тэд чинь гэнэн томоогүй, хорвоотой дөнгөж танилцаж эхэлж буй цэцэг шүү дээ” хэмээн Б.Золзаяа багш ярьсан юм. Үнэхээр л хүүхэд гэдэг нандин ертөнц. Харин тэд маань ханиад, вирусийн уршгаар гэртээ хоригдож хичээлдээ явж чадахгүй байгаа нь уйтгартай байгаа болохоос үргэлж инээд хөөрөөр бялхаж явдаг багачууд юм шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

1946 онд монголчууд “Мулан” жүжгийг үзэж байжээ

200 сая доллараар бүтсэн “Мулан”: Бүрэн хэмжээний уран сайхны кино. Диснэй студи

2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Америкийн Уолт Дисней Пикчэрс кино студийн бүтээл (найруулагч Ники Каро, Шинэ Зеланд) “Мулан” хэмээх бүрэн хэмжээний кино дэлхий даяар нээлтээ хийх гэж байна. 200 сая долларын өртгөөр бүтэж буй энэхүү кино нь мөн студийн 1998 онд хийсэн хүүхэлдэйн киног уран сайхны кино болгосон хувилбар нь юм. Ер нь дэлхий нийт, тэр дундаа Монголын үзэгчид Мулан гэж нэрийг дээрх хүүхэлдэйн киноноос мэдсэн гэж хэлж болно. Энэхүү нийтлэлд өнөө цагт Хятадын түүхийн эмэгтэй баатар хэмээн алдаршаад буй Мулан нь чухам хятад бүсгүй байсан эсэхийг эх бичгээс шинжлэхээс гадна мөнөөх хүүхэлдэйн киногоор алдаршсан гээд буй 1998 оноос даруй тавь гаруй жилийн өмнө Улаанбаатар хотноо Мулан жүжгийг тавьж байсан тухай дэлгэрэнгүй задлан өгүүлнэ. Өнөөг хүртэл дуу шүлэг, дуурь жүжиг, кино гэх мэт утга зохиолын бүхий л төрлөөр тараад буй олон арван Муланы зохиолд үйл явдал хаа өрнөх, дайсан нь хэн болох, Мулан өөрөө хэн болох, хайр сэтгэлийн өгүүлэмж орох эсэх, эмгэнэлтэй инээдтэй алин болох гэх мэт нь бүгд өөр боловч, нэг ижил өгүүлэмж бол бүгдэд бий. Энэ нь зоригт охин эцгийнхээ оронд цэрэгт явж гавьяа байгуулах үйл.


1998 онд бүтээсэн Мулан хүүхэлдэйн кинонд гол дайснаар Хүннүгийн Шанюйг дүрсэлжээ.

НЭГ. ХААН ЦОЛТНЫ ЦЭРЭГ БУЮУ МУЛАНЫ ШҮЛЭГ БА ДУУ

Муланы домгийн өдгөө олдоод буй хамгийн эртний эх нь XII зуунд Гуо Маочианы эмхэтгэсэн Хөгжмийн товчооны түүвэр (Юүэфү шижи)-т орсон “Муланы шүлэг”, “Муланы дуу” хоёр юм. Муланы шүлэг нь бичсэн он цагийг тавиагүй, эмхэтгэгч өөрөө VI зууны үеийн “Эрт эдүгээгийн хөгжмийн эмхэтгэл (Гүжин юүэлү)” хэмээх цуглуулгаас авсан хэмээжээ.

Хятадын уламжлал соёлыг нүүдэлчдийн үлгэр домогтой харьцуулан судалсан ихэнх судлаач энэ анхны хоёр эхийг нарийвчлан шинжлээд Хятадаас хойт зүгийн ардын домог болох нь тодорхой хэмээн батлан өгүүлж байна.

Жишээлбэл, судлаач Лан Дон 2011 онд хэвлүүлсэн “Хятад болон АНУ дахь Муланы домог” номдоо “Мулан нь утга зохиолын баатар болон алдарших анхан үедээ хан-хятад биш байсан бололтой… IV зууны үед Умард Хятад нь харийн нүүдэлчдийн тулаан довтолгоонд байнга автаж байсан бөгөөд эцэст нь Сяньби улсын Тоба аймаг 386 онд ноёрхлоо тогтоосон юм… Сяньби нар нь умардын нүүдэлчин улс байсан бөгөөд эмэгтэйчүүд нь морь унах, сур харвахдаа гарамгай байв. Умард Вэй улс бас нэгэн дайсантайгаа хэдэнтээ томоохон дайн өрнүүлсэн нь Жужан нар юм. Тэд бол өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж төрж асан өөр нэг аймаг билээ” (Lan Don, Mulan’s Legend and Leg­acy in China and the United States, 2011, 53 дугаар тал) хэмээгээд Муланыг тэндээс гаралтай домог байх ёстой хэмээн дүгнэжээ. Германы судлаач Маргарет Бартелл 1961 онд герман хэлээр бичиж хэвлүүлсэн нэгэн өгүүллээ “Мулан бол жинхэнэ хойт зүгийн домог мөн” хэмээн дуусгажээ.

Торонтогийн их сургуулийн судлаач Санпинг Чэн Мулан хэмээх нэрийн гарал үүслийг шинжилсэн “Муланаас Ганц эвэртийг хүртэл” хэмээх сонирхолтой өгүүлэлдээ “Муланы шүлэгт дүрсэлж буй үйл явдал бол Тоба/Табгач болон тэдний тал нутагтаа үлдэж хоцорсон нүүдэлчин ахан дүүс болох Жужан нарын хоорондох дайн юм. Соёлын талаас үзвэл, тал нутгийн эмэгтэйчүүд л нийгэмд хүчирхэг байр суурь эзэлж ирсэн уламжлалтай, харин Хятадын түүх бичлэгт ийм зүйл огт тохиолддоггүй” хэмээгээд цааш нь “Хятадын түүхэн дэх анхны болоод цор ганц эмэгтэй хаан Вү Зэтиан бүр Тангийн үед тохиодгийг түүхэнд уламжлалыг эвдсэн хэмээдэг” (Sanping Chen, From Mulan to Unicorn, Journal of Asian History, vol. 39, no. 1 2005) гэж тайлбарласан байна.

Судлаачдын энэ санааг батлах нэг чухал үг Муланы домгийн уг эхэд буй. “Муланы шүлэг”-т тухайн үеийн Хятадын эзэн Хуаньди биш, харин “Хаан (хан/хаган)” цэрэгт татлаа хэмээгээд эцгийнхээ өмнөөс цэрэгт явж буй тухай өгүүлж буй, “хаган-хан” цолыг түүхэнд анх Жужан нар үүтгэсэн, түүнийг Төв Азийн монгол, түрэг нүүдэлчин аймгууд улируулан хэрэглэсэн нь тодорхой учраас Мулан нь өгүүлэмж дүрслэл, үүх түүх, үг хэллэг бүх талаасаа Цагаан хэрмээс хойших ард олон, нутаг усны домог болох нь маргаангүй юм.

Анхны олдоод буй эх болох Муланы шүлгийн агуулгыг товчлон хүргэвэл, Мулан охин үүдэндээ санаа алдан сууна. Юунд санаа нь зовов гэхээр хайр сэтгэл биш, харин Хаанаас ирсэн зарлан дуудах. Аав нь өндөр настай, Мулан өөрөө ахгүй. Мулан захаас морь, эмээл, ташуур сэлтийг авна. Өглөөгүүр тэгээд Шар мөрнийг даван одно. Эцэг эхийнх нь дуудах дуу сонстохгүй, гагц умардын харийнхны дуу л чихэнд. Олон дайн тулаанд орно. 10 жил болоод гэртээ ирнэ. Хаан гавьяа байгуулсан Муланыг хүлээн авч дуртай шагналаа ав гэнэ. Мулан ердөө гэртээ л харина гэнэ. Гэртээ ирээд эр цэргийн хувцсаа тайлаад эмэгтэй дүрээрээ гарч ирэхэд цэрэг олон нөхөд нь 12 жил хамт дайтахдаа Муланыг эмэгтэй гэж мэдсэнгүй хэмээн гайхширна. Төгсгөл шүлэгт:

Эрэгчин туулайн хөл өндөрт үсэрнэ

Эмэгчин туулайн нүд хурдан хөдөлнө

Энэ хоёрыг зэрэгцээд явахуй дор

Эр эмийг нь хэн ялгах сан билээ хэмээдэг нь эр эм туулай өөр нүд, өөр хөлтэй ч хүн ялгаж чаддаггүй, гэтэл хүн болбоос эр эм ялгалгүй адил нүд хөлтэй, юуных нь ялгаа байх вэ гэсэн тэгш үзэл ажээ. Өмнө дурдсанчлан Муланы домгийн хоёр дахь эх сурвалж бол Хөгжмийн товчооны түүвэр (Юүэфү шижи)-т орсон өөр нэг бүтээл болох “Муланы дуу” юм. Ерөнхий агуулгын хувьд “Муланы шүлэг”-ээс их гажих зүйл үгүй, гагцхүү зарим нэг нэмэлт мэдээ, утга санаа оруулж өгсөн шинжтэй. Шүлэгтэй харьцуулахад Дууг зохиогчийн мэдээлэл буй. Тан улсын (618-907) Ерөнхий сайд Вэй Юанфү бичсэн хэмээж.

Үлгэр домгийг үүх түүхтэйгээ холбон хувирган өөрчилж ирсний нэг тод жишээ энэ хувилбарт тохионо. Түвдүүд 763 онд Тангийн нийслэл хотыг эзлэн авсан билээ. Тиймээс Тангийн ерөнхий сайдын хувилбарт Түвд орж ирж, Мулан “Үүрийн гэгээнээр цаст уулын бэлд буугаад, үдшийн бүрийгээр Хөх нуурын эрэгт амраад, шөнөдөө Янжи уулыг довтолж, Хотон нутгаас түвдүүдийг барьж…” гэхчлэн өгүүлдэг.

Зохиолын бүхий л үзлийг базах төгсгөл шүлэгт бас нэг багаахан өөрчлөлт орсныг тайлбарлавал, Муланы шүлэгт ерөөс эр эм гэж ялгаагүй хэмээсэн бол Муланы дуу харин эрчүүд ерөөс илүү, гэвч эмэгтэй хүн хичээж гавьяа байгуулах аваас эр хүн шиг байж чадна гэсэн маягтай болоод иржээ. Үүнд:

Энэ ертөнцөд түшмэдийн хөвгүүд

Эрхэм Мулан шиг гавьяа байгуулах аваас

Үнэн зүрх, тахимдуу ачлал нь

Үүрд магтагдан үлдэж, хэн ч сөнөөж эс чадмуу хэмээнэ.


Шү Вэйгийн “Эмэгтэй Мулан эцгийн оронд цэрэгт мордсон нь” жүжгийн зураг. Мингийн сүүл үе. Модон бар.

ХОЁР. ЭМЭГТЭЙ МУЛАН ЭЦГИЙН ОРОНД ЦЭРЭГТ МОРДСОН НЬ

Өмнө өгүүлсэн хоёр эх сурвалжаас хойш Муланы тухай мэдээлэл үгүй байсаар XVI зуунд Мингийн сүүлч үеийн зураач, зохиолч, уран бичээч Шү Вэйгийн зохиосон “Эмэгтэй Мулан эцгийн оронд цэрэгт мордсон нь” хэмээх жүжгийг хүрнэ. Шү Вэй анх удаа Мулан хэмээх нэрийн өмнө Хуа гэдэг овгийг оруулж, нэрийг Хуа Мулан болгожээ. Хоёр үзэгдэлт жүжгийн үйл явдал Умард Вэй улсын Сяньби нарын дунд өрнөнө. Аанай л Хуанди биш Хаан цолт эзний цэрэгт явна. Мөн эцгийгээ “мянганы ноён” хэмээнэ. Энэ жүжгийн оршилд гол дүр Хуа Мулан “Манай агуу Вэй улсын Тоба хаан цэрэг элсүүлнэ гэж манай нутаг руу хэл илгээжээ” хэмээн тов тодорхой өгүүлдэг. Жүжгийн эсрэг дүр нь харин дайсагнасан өөр овог аймаг биш, Хар уулнаа суух Ирвэсийн арьс хочит дээрэмчин болжээ. Хэдийгээр Хуа Мулан өөрийгөө Тоба хааны харьяат гэж өгүүлсэн ч жүжгийн I үзэгдлийн төгсгөл хэсэгт нанхиад маягийн давсалсан хөлнийхөө боолтыг тайлж, том эрэгтэй хөлтэй боллоо хэмээн тайзан дээр үзүүлдэг нь нэг талаас Шү Вэй хошин жүжиг маягаар бичсэн учраас үзэгчдийн анхаарлыг татах зорилго, нөгөө талаар бас Муланыг нанхиаджуулах анхны оролдлого байж болох юм.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжалагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Тахлын үеийн эдийн засаг​” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн манай улсын гурван иргэнээс “Covid-19”
вирусийн халдвар илэрлээ. Энэ тухай нэгдүгээр нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

Цагдаагийн ерөнхий
газрын Урьдчилан сэргийлэх
хэлтсийн чиглэлийн
ахлах мэргэжилтэн
цагдаагийн дэд хурандаа
Б.Чулуунтамиртай цаг
үеийн байдлаар ярилцлаа, нэг болон долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Орон нутгийн
хамгаалалтын тухай
хуулийн талаар УИХын гишүүн А.Ундраатай
ярилцсаныг нэг, хоёрдугаар нүүрэнд хэвлэлээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Тахлын үеийн эдийн засаг” нийтлэл хэвлэгдлээ.

Ардчилсан намын
Үндэсний бодлогын хорооны
гишүүн А.Цэрэнбаттай хийсэн ярилцлагыг дөрөвдүгээр нүүрнээс, “ХҮН”-ын дарга
Б.Найдалаатай хийсэн ярилцлагыг тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Гэр
бүлийн хүчирхийлэлтэй
тэмцэх хэлтсийн дарга,
цагдаагийн хошууч
Э.Баярбаясгалантай
ярилцлаа. Тэрээр “Хөл хорио тогтоосон
үед гэр бүл хүчирхийллийн гэмт хэрэг
ихэсч байгаа нь нийгмийн стресс,
архи согтууруулах ундаа хэтрүүлэн
хэрэглэж байгаатай холбоотой” гэсэн юм.

Коронавирусийн
халдвараас хэрхэн
сэргийлэх талаар их
эмч Д.Эрдэнэсувдтай
ярилцсаныг “Эмч” нүүрнээс уншиж сонирхоорой.

Өнгөрсөн ням гаригт
Гандантэгчэнлин хийдийн
Батцагаан дуганд
Монголын хутагт,
хувилгаад нэгдэж цар
тахлыг буцаадаг хурал хурсан. Энэ талаар
Гандантэгчэнлин хийдийн
Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах албаны
дарга Ж.Одгарьд ламаас
тодруулсныг 19 дүгээр нүүрэнд нийтэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, COVID-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар: “Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, COVID-19 илэрлээ.

Эдгээр хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Халдвар гарсан улс орноос иргэдээ авчирч байгаа тул эрсдэл байгаа гэж тооцоолж байсны дагуу бэлтгэлээ хангасан байсан. Иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа.

Францаас Берлинээр дамжин ирсэн хүний биеийн байдал хүнд байна.

Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарласан” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс даавуун амны хаалтны үндэсний стандарттай боллоо

COVID-19 халдварын цар тахал дэлхий дахинд эрчимтэй тархахын хэрээр нэг удаагийн амны хаалтны хомсдол үүсэж эхлээд байна.

Манай улсын хувьд эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл болох малгай, амны хаалт, халаад, гутлын өмсгөл зэргийг үйлдвэрлэдэг ч түүхий эдээ 100 хувь импортоор оруулж ирдэг.

Одоогоор түүхий эдийн нөөц багасаж, татан авахад тодорхой хугацаа шаардагдаж байгаа тул олон дахин хэрэглэдэг амны хаалтыг хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага үүсэж байна.

Энэ шаардлагын үндсэн дээр олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны стандартыг боловсруулж, батлуулах зорилго бүхий ажлын хэсгийг Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулжээ.

Ажлын хэсэг шуурхай ажилласны үр дүнд СХЗГ-ын даргын 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн тушаалаар “MNS 6828: 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандарт батлагдсан байна.

Тус стандартаар агаарын бохирдол, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зориулалт бүхий олон дахин хэрэглэх амны даавуун хаалтнын чанарыг шалгах, баталгаажуулах, хаяглах, савлах, хадгалах, тээвэрлэхэд тавих шаардлагыг тогтоожээ.

Ингэснээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор стандартад нийцсэн олон дахин угааж хэрэглэх амны даавуун хаалтыг дотоодын нөөц бололцоог ашиглан үндэсний үйлдвэрлэгчид бөөнөөр үйлдвэрлэх боломж бүрдэж байна.

Ажлын хэсэгт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орж ажилласан аж.

“MNS 6828: 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандарт нь стандартчиллын олон улсын болон үндэсний үйлдвэрлэгч, сорилт, шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн боллоо гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ахмадууд хандив өргөлөө

Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна.

Өнөөдөр НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадууд болон ахмадын зөвлөл хамтран хоёр сая төгрөгийн хандив өргөлөө. Ахмадын зөвлөлийн дарга Г.Янжив “Дэлхий нийтэд тархаад буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн удирдлагууд маш эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Өдөр шөнөгүй ажиллаж ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа албан хаагчиддаа талархаж байна” гэв.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид зөвлөмж мэдээ хүргэж эргүүлээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески-г 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлууд, цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

Коронавирусын тархалт дэлхий дахинд хурдацтай тархаж буй энэ цаг үед манай хоёр улс хэрхэн хамтран ажиллах, мөн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэхээр төлөвлөж буй тусламжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг 32.015 м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссын даргын 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 02 дугаар албан даалгаврын хүрээнд дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн билээ.

Тухайлбал шинэ коронавирус ‘’COVID-19’’-ийн халдварын тархалт болон мал амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын 17.104 м.кв талбайд, 28 хорооны 14.911 м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг “Баяндэмбэрэл” ХХК хийж байгаа бөгөөд “Монгол улсад 2019 онд ашиглаж болох ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, тоо хэмжээ”-нд орсон ДП-2Т 0,04 хувийн уусмалаар тусгай зориулалтын уураар мананцар үүсгэн, шүршиж хийсэн аж.

Дашрамд, хоёр дахь удаагийн давтан ариутгалыг өнөөдрөөс эхлэн хийж байгаа бөгөөд, халдваргүйжүүлэлтийг хийхдээ Монгол Улсын стандарт “MNS 5161-3:2002, MNS 5161-1:2002”- ыг баримтлан ажиллаж байна.