Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч, 9 га талбай шатжээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр хээрийн түймэр гарчээ.

Тодруулбал, Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдрийн 12:35 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвөөс баруун хойд зүгт 50 километрт Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид болон холбогдох албаны хүмүүс очиж ажиллаж, мөн өдрийн 14:30 цагт түймрийг бүрэн унтраажээ.

Түймэрт есөн га талбай шатсан бөгөөд байгаль хамгаалагч Н.Санжаажамцад нөхцөл байдлыг тайлбарлан бүрэн унтраасан талбайг хүлээлгэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд хаврын хуурайшилттай үед:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү​: Ойрын хавьтлын 111 хүнийг тусгаарласан бөгөөд 61 хүнээс вирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай мэдээллийг хийлээ.

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 164 оронд COVID-19 вирус бүртгэгдсэн байна. Эдгээр улс орнуудад тусгаарлах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж тэр дундаа гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг хүргүүлж байгаа юм.

Манай улсад шинээр гурван тохиолдол бүртгэгдсэн. Ийнхүү Монгол Улсад нийтдээ COVID-19 вирусийн дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ. Бүх хавьтлыг хяналтад авч тандалт, лабораторийн судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Ойрын хавьтлууд бүгд тусгаарлагдсан. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдол нь Улсын онцгой комиссын дагуу тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс. Эрсдэлт бүлгийн хүмүүс байсан тул зайлшгүй иргэдээ татан авах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Монгол Улсын иргэд хаанаас, хэзээ ч эх орондоо ирэх эрхтэй.

Эрсдэл өндөр бүсээс ирж байгаа учраас бүх хүнийг амны хаалттай суулгах, хоол хүнсний зүйл нислэгийн үед хэрэглэхгүй байх, хоорондоо харилцан ярилцахгүй байхыг зөвлөж мэргэжлийн эмч ажиглалт хийж биеийн байдлыг эрэмбэлэн ангилах ажлыг хийсэн. Тийм учраас харьцангуй хүн ам дунд эрсдэл багатай гэж үзэж байна. Сөүлийн нислэгээр ирсэн хоёр тохиолдол хоёулаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээд ирсэн хүмүүс байгаа. Тиймээс иргэд олон нийт яаран эмнэлэгт хандах нь өөрийгөө эрсдэлд оруулах эх үүсвэр болоод байна. Хаврын улиралд монгол иргэдийн дархлаа сулардаг. Иймд

Гараа угаах, маскаа зүүх

Олон нийтийн газраар явахгүй байх

Дархлаагаа дэмжиж тайван байх

Сайн унтаж амрах, сайн хоол хүнс хэрэглэхийг дахин дахин анхааруулж байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Тусгаарлалтан ажиглалтад өнөөдрийн байдлаар 1330 хүн байна. Сэжигтэй гэж үзсэн 293 хүнээс онош батлагдсан дөрвөн тохиолдол байна. Өчигдөр Токио-Улаанбаатар, Берлин-Улаанбаатарын нислэгээр ирсэн Иргэдийг ХӨСҮТ болон зочид буудал, амралтын газруудад хуваарилсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээнйи чиглэлээр дүүргийн эмнэлгүүдийн орны 5-10 хувийг эрчимт эмчилгээний чиглэлээр бэлтгэн эмч нарыг хувиарлан ажиллаж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны гуравдугаар сарын 11-ны өдөр онош батлагдаж COVID-19 вирус халдварласан болох нь тогтоогдсон Франц иргэний ойрын хавьтлын 88 хүний давтан шинжилгээгээр вирус илрээгүй. Франц иргэний хавьтлуудын мэдээлэл тодорхой болж үүгээр дуусч байна. Гэхдээ тусгаарлах хугацаа дуусаагүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн энэ сарын 15-нд Баян-Өлгийд, ХӨСҮТ-д хоёр хүний хариугаар вирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдан нэг иргэний шинжилгээ хийгдэж байгаа.

Одоо тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн мэдээллийг өгье. 2020.03.16-ны өдөр БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас ирж тусгаарлагдсан нэг хүнээс вирус илэрч монгол хүнд вирус халдварласан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Эдгээрийн ойрын хавьтлын 111 хүнийг тусгаарласан бөгөөд 61 хүнээс вирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьталд шинжилгээ хийгдэж байна. Бидэнд богино хугацаанд буюу 15-20 минутад хариу гардаг түргэвчилсэн оношлуур байгаа. Энэ оношлуураар онгоцоор зорчиж ирсэн 43 хүнээс шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Тиймээс ийм оношлуур байгаа нь ажил хөнгөвчилж байна.

Нэг гуйх зүйл байна. “Вирус илэрлээ” гэхэд бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж эхэлдэг. Нэг хүнээс мэдээлэл хүлээж авчихаад мундахгүй их ажилтай байхад ээлжлээд утасдаад байх юм. Бүр утсаа унтраачих гэхээр хоорондын уялдаа холбоо тасалдаж ажил зогсох гээд байна. Тийм учраас хагас өдрийн өмнө мэдээ дамжуулах гэж утсаар холбогдож ажилд садаа болохгүй байхыг хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Image result for Нийслэлийн прокурорын газр

Нийслэлийн прокурорын газраас энэ оны I сарын 1-нээс 3 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд нийт 71 хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай тус газраас мэдээллээ.

Эдгээр хэргүүдэд олны анхаарлыг татсан хэргүүдээс товч дурдвал,

  • Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалын хүнийг санаатай алсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • УИХ-ын гишүүн, ХХААХҮ-н сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээлийг хууль бусаар олгож, бусад давуу байдал олгосон хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын 7 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд тус тус шилжүүлжээ.
Categories
мэдээ нийгэм

Батлагдсан гурван ​тохиолдлын ойрын хавьтал болох 61 хүнээс коронавирус илрээгүй

Image result for Д.Нямхүү

ЭМЯ-наас өнөөдөр цаг үеийн мэдээлэл хийлээ. Монгол Улсын иргэд болох 30-60 насны гурван эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан. Мөн Франц улсын иргэний сэтгэл санаа өндөр, биеийн байдал нь хэвийн байгааг албаныхан хэллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “III сарын 10-нд коронавирусийн халдвартай нь батлагдсан Франц иргэнтэй ойрын хавьтлын 88 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Тусгаарлах арга хэмжээ үргэлжилж байгаа. Мөн Баян-Өлгий аймагт тусгаарлагсадн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн III сарын 16-ны өдөр БНСУ-аас ирж, тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирсэн нэг иргэнээс коронавирус /Covid-19/ илэрсэн. ХӨСҮТ-д дээрх батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийсэн. 61 хүнээс коронавирус илрээгүй. Бусад хүмүүсээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Италид оршин суугаа МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Image result for Итали

Итали Улсын Иргэний хамгаалалтын газраас хийсэн албан ёсны мэдээллээр гуравдугаар сарын 15-ны 18:00 цагийн байдлаар тус улсад коронавирусын халдвар гарснаас хойш нийт 24,747 тохиолдол бүртгэгдэж, 2,335 хүн бүрэн эдгэрч, 1,809 хүн нас бараад байна.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр олон улсын бүх нислэгийг түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбоотойгоор манай Засгийн газар европын орнуудад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон иргэдээ өргөдөл, хүсэлтийг нь үндэслэн гуравдугаар сарын 15-ны өдөр Берлин, Москва хотуудаар дамжуулан татсан тул ойрын хугацаанд дахин нислэг төлөвлөөгүй байна.

Иймд Итали Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд маань тус улсын Засгийн газраас өгч буй зөвлөмжийн дагуу гадуур явах хөдөлгөөнөө бүрэн хязгаарлаж, орон байрандаа өөрийгөө аль болох тусгаарлан амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахихыг онцгойлон зөвлөж байна.

Хэрэв танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх болон бусад шинж тэмдэг илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /итали, англи, хятад хэлээр/ 112 гэсэн тусгай дугаараар утсаар холбогдон мэдээлэл, зөвлөгөө шуурхай авах боломжтой.

Италийн Засгийн газраас оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх журамдаа түр хугацаанд өөрчлөлт оруулаад байна.

Тухайлбал, оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлтийг хугацаа дууссанаас хойш 60 хоногийн хугацаанд гаргах ёстой байсан бол энэ хугацааг 90 хоног болгон сунгасан байна. Иймд манай иргэд Италийн Засгийн газраас улс орон даяар хөл хорио тогтоосонтой уялдуулан шаардлагатай бол оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтээ дурдсан хугацаанд оршин суугаа газрын эрх бүхий байгууллага /Questura/-д гаргана уу.

Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886), Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудас болон http://monembrome.mn/ сайтаас зөвлөгөө мэдээлэл авна уу.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам
Ром хот

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чулуунтамир: Иргэд тусгаарлах байранд архи уух битгий хэл архи авч орсон л бол 500,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай


Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай цаг үеийн байдлаар ярилцлаа.


– Улсын Онцгой комиссын тогтоосон хөл хорионы үед цагдаагийн байгууллагаас ямар ажлууд хийж байна вэ?

– Улсын онцгой комиссын хуралдаанаар гарсан хорио цээрийн дэглэм, орон нутаг хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг бүхий л арга хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, хязгаарлалт тогтоосон хугацаанд аймаг, нийслэлийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр 4,176 тээврийн хэрэгслээр 9,992 иргэн гарч, 4,275 тээврийн хэрэгслээр 6,028 иргэн нэвтэрсэн.

Зохих зөвшөөрөлгүй 2,844 тээврийн хэрэгсэлтэй 4,605 иргэнийг шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрүүлэлгүй буцаах арга хэмжээ авч ажилласан байна.

Мөн шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт, судалгаа, шинжилгээ хийх зорилгоор Налайх дүүрэг, Төв, Баян-Өлгий аймагт тус бүр нэг, Багануур дүүрэг, Орхон аймаг, Халдварт өвчин судлалын Үндэсний төвд тус бүр хоёр, нийт есөн иргэнийг тусгаарласан.

Мөн Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймагт тус бүр нэг, Орхон аймагт гурав, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тус бүр дөрөв, Дорнод аймагт тав, Өвөрхангай аймагт зургаа, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 104, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа ангид 17, ХӨСҮТ-д 23, тусгаарлах эмнэлэгт 37, нийт 206 иргэнийг ажиглалтад авахад 24 цагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн байна.

– Тусгаарлах байранд байгаа иргэдийн зүгээс багагүй зөрчил гаргах болсон. Иргэд ихэнхдээ ямар зөрчил гаргаж байна вэ?

-Тусгаарлах байранд одоогоор 500 гаруй иргэд хамрагдаад байна. Эдгээр иргэдээс орчин нөхцлөө голох, эмчилгээ шаардах, эмч асрагч сувилагч нарын шаардлагыг эсэргүүцэх, өрөөгөөр холхих зэрэг зөрчлийг дийлэнхдээ гаргаж байна.

Түүнчлэн иргэд гаднаас эргэлт авах, бусадтай уулзах зөрчил нэлээдгүй гарах болсон. Ер нь бол тусгаарлана гэдэг нь гаднын ямар ч харилцаагүй 14 хоног эрүүл мэндээ хянана л гэсэн үг шүүдээ.

– Иргэд тусгаарлах байранд мэс, иртэй зүйл авч орж болохгүй гэсэн дотоод журам бий. Өөр юу юу авч орохыг хориглож байгаа вэ?

– Ер нь өмссөн хувцастайгаа л орно гаднаас цүнх саваа авч орох архи спирт, хоол хүнс, тэсэрч дэлбэрэх бодис гоо сайхны хэрэгсэл зэргийг хориглоно.

– Тусгаарлалтад байгаа иргэдийн ар гэрээс их хүндрэл учруулж байгаа талаар ярьсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

– Ар гэрийнхний хувьд эргэлт оруулах, уулзахыг шаардах зэрэг хүндрэлүүд гарч байна. Мөн хоол хүнс оруулахыг хүсдэг.

Тусгаарлалтад байгаа иргэдэд нэгдсэн зохицуулалтаар хоол унд өгч байгаа гэдгийг ар гэрийнхэн нь сайн ойлгох хэрэгтэй.

– Тусгаарлалтад буй иргэн зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авч байна вэ?

– Зөвхөн тусгаарлалт гэлтгүй коронавирустэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих буюу гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байгаа.

Үүний дагуу 43 хүнийг нийт 8.3 сая төгрөгөөр торгоод байна. Харин 14 гэмт хэрэгт бүртгэл нээгээд ажиллаж байна.

Тусгаарлалтын хувьд дээр дурдсан зөрчлүүдэд, Зөрчлийн хуулийн 6.7 дугаар зүйл: Эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн бол тухайн иргэнийг 500,000 төгрөгөөр торгоно.

Хэрвээ өвчинтэй байж түүнийгээ зориуд бусдад халдаасан бол Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар 1-5 жил хорих, олон хүнд халдаасан бол 5-8 жил хорих ял шийтгэнэ.

Хөл хорио тогтоосон энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ.

Жишээлбэл Завхан аймгийн Хужирт гэх газар есөн хүн хоёрдугаар сарын 15-ны өдөр хурдан морины уралдаан зохион байгуулсан.

Нэр бүхий хүмүүсийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150 мянган төгрөгөөр торгосон байна.

– Иргэдийн зүгээс үүсгэж буй хамгийн түгээмэл зөрчил юу байна вэ?

– Цуурхал тараах. Цахим орчинд яамны зүгээс тэгж мэдээллээ, тэр хүн ингэж нууц дэлгэлээ гэхчлэн иргэдийг төөрөгдүүлэх зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.

– Цахим хэрэгслээр худал мэдээлэл тараасан тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авсан вэ?

– Улсын хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн талаар цахим орчинд нийтлэгдсэн 21 мэдээллийг шалгаж, зургаан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн дагуу 4,600,000 төгрөгөөр торгоод байна.

– Тусгаарлалтад буй иргэд зөрчил гаргасан тохиолдолд хуулийн дагуу 500,000 төгрөгөөр торгоно гэлээ. Хэрэв иргэн тусгаарлалтын байранд архи уусан тохиолдолд 500,000 төгрөгөөр торгоно гэж ойлгож болох уу?

– Тиймээ. Тусгаарлалтад архи уусан битгий хэл архи авч орсон тохиолдолд 500.000 төгрөгөөр торгоно гэсэн үг.

Монгол Улсын иргэн хууль тогтоомж, гамшгийн үеийн хорио цээрийн дэглэмтэй холбоотой дүрэм, журмыг хуулийн дагуу дагах үүрэгтэй.

– Манай улс иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа энэ үед тусгаарлагдах иргэд улам л нэмэгдэж байна. Тиймээс тусгаарлагдаж буй хүмүүс болон ар гэрийнхэн нь юуг анхаарах ёстой вэ?

– 14 хоног тэвчээртэй хүлээх хэрэгтэй, аливаа эрсдэлт үйлдэл гаргахгүй байж, Улсын онцгой комиссын шийдвэр төрийн алба хаагчдын үйл ажиллагааг дагаж мөрдөх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Буяны үйлчилгээний байгууллага, ТҮК-иуд тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр тусламж үзүүллээ

Буяны үйлчилгээний байгууллага, ТҮК-иуд тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр тусламж үзүүллээ

Шинэ коронавируст (Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 12000 орчим аж ахуйн нэгж, зах худалдааны төвүүд, орон сууцны хороолол, хогийн бункер, автобусны буудал зэрэг эрсдэл бүхий цэгүүдийг ариутгах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбооны 37 аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэж байгаа билээ.

Дээрх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Хог хаягдлын үйлчилгээний 10 байгууллага, Оршуулгын буяны үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамтран Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 10 ширхэг ариутгал, халдваргүйтгэлийн моторт төхөөрөмж, 1000 ширхэг амны хаалт, 100 ширхэг нэг удаагийн халдваргүйтгэлийн үед өмсөх хамгаалалтын хувцас хэрэглэлийг хандивлалаа.

Хандив тусламж үзүүлсэн Оршуулгын буяны үйл ажиллагаа эрхэлдэг дараах байгууллагууддаа халуун талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Улаанбаатар Буян ХХК
Диваажин хүрээлэн ХХК
Буяны зан үйлийн холбоо ТББ
Охь мандал ХХК
Улаанбаатар шинэчлэл ХХК
Эко эрин тохижилт ХХК
Сүхбаатар тохижилт ХХК
Хан-Уул агро ОНӨААТҮГ
Сонгинохайрхан ТҮТ ОНӨААТҮГ
Найши трейд ХХК
Грейт роуд ХХК
Налайх тохижилт ОНӨААТҮГ
Багануур тохижилт ОНӨААТҮГ

Categories
мэдээ нийгэм

Б.Батзориг нарыг маргааш шүүнэ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан маргааш буюу энэ сарын 18-ны өдрийн 10.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Б.Батзориг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон.

Уг шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлт гаргасан.

Шүүх энэхүү хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 болон 17.5 дугаар зүйлийн 4-т заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээрхи яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлээд байсан.

Прокурорын байгууллагаас Б.Батзориг болон Д.Энхбилэг, С.Төгбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, Б.Одхүү нарт эрүүгийн хуулийн 22.1.2, 22.1.3, 22.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан шилжүүлсэн байна.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4 дүгээр зүйл.Хахууль авах
1.Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Гашуун сухайт боомтоор өдөрт 300, Шивээ хүрэнгээр 200 машин нүүрс тээвэрлэнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 4 дүгээр сарын 1 хүртэл Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлтийг хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм.

Тодруулбал, Гашуун сухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээ хүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангажээ.

Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй бэлэн байдлыг хангаж ажиллана.

  • С зөвшөөрөл
  • Эрүүл ахуйн дэглэм, ажиллах журам батлан мөрдүүлнэ
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг ханган ажиллана
  • Жолооч нарыг урьдчилсан болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулна
  • Мэдээлэл харилцааны тасралтгүй үйл ажиллагааг бий болгоно
  • Тээвэрлэлтийн тусгай маршрутыг гаргаж мөрдүүлэх
  • Тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих
  • Жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах
  • Халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлэгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхаарна.

Түр журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компанийн жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хилээр нэвтрүүлж худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүллээ

Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар 2020 оны 03 дугаар сард гадаад улсаас мансууруулах бодисыг эд зүйлд нууж, бусдад төлбөр төлж Монгол улсруу илгээснийг нь хүлээн авч, худалдан борлуулахаар завдаж байсан этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дайвар ачаа авсан иргэн тухайн ачаанд хар тамхи нуусан болохыг мэдсэн эсэхээс үл хамааран “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл болно.

Иймд ИРГЭН та аль ч улсын хилээр нэвтрэх тохиолдолд бусдын дайвар ачаа, илгээмж зэргийг авахгүй байх, авсан тохиолдолд тухайн улсын хилээр нэвтрэхээс өмнө задалж үзэх, хууль хяналтын байгууллагын ажилтанд хандан шалгуулахыг ЗӨВЛӨЖ байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдвол Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 20.7.3 дахь хэсэгт заасны дагуу 5-12 жил, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.