Categories
мэдээ нийгэм

Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хойшлогдлоо

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг-н зурган илэрц

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт товлогдоод байв.

Гэвч хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай Нийслэлийн Прокурорын газрын хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевт хүртээсэн одонг гардуулж өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд шагнал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртсэн ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга асан А.В.Гордеевт Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Элчин сайдын яамны төв байранд шагналыг нь гардуулж өглөө.

Шагнал гардуулах ёслолын дараа Элчин сайд Д.Даваа Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевт хүндэтгэл үзүүлж уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваа хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгааг сайшаан тэмдэглээд цаашид хоёр орны хооронд хийгдсэн төрийн дээд хэмжээний айлчлалаар тохиролцсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд онцгойлон анхааран ажиллах болно хэмээн онцоллоо.

Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Түр цугларах аюулгүйн талбай 82-оор нэмэгдлээ

Image result for Түр цугларах аюулгүйн талбай

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар тогтоолоор түр цугларах 82 байршлыг шинээр баталлаа.

Болзошгүй гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах байршлыг Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 25, Сонгинохайрхан дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 26, Чингэлтэй дүүрэгтэй 3, Багануур дүүрэгт 3, Налайх дүүрэгт 4 буюу нийт 82 түр цугларах цэгийг нэмэгдүүлсэн юм.

Ингэснээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 аюулгүйн талбайн байршилтай нийлээд нийт 193 түр цугларах талбайтай боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ өнөөдрөөс түр хугацаагаар ажиллахгүй

БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон тус яамны Консулын газар энэ сарын 17-ноос буюу өнөөдрөөс эхлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд консулын үйлчилгээ үзүүлэхгүй гэж мэдэгджээ.

Тодруулбал, “Ажиллах өдрийг жич мэдэгдэнэ. Нэн яаралтай асуудлаар ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464, 010-2723-3464, Бусан хотод суугаа Консулын газрын 051-465-9996, 010-4966-7103 утсаар холбогдож мэдээлэл авна уу” гэжээ.

БНСУ-аас энэ сарын 15-нд буюу уржигдар тусгай үүргийн онгоцоор 244 иргэн эх орондоо ирсэн. Эдгээр иргэдийн хоёроос нь коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд тус иргэдийг БНСУ-аас ирэхэд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын газар бүртгэл хийсэн байдаг. Тиймээс Консулын газрын ажилчдыг сэжигтэй тохиолдол гэж үзэн ажиглалтад авахаар болсон тул ийнхүү түр хугацаанд хаахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн хотын гудамж талбайг тогтмол ариутгана

Цаг агаар энэ долоо хоногт нэмэх хэмтэй байх төлөвтэй тул нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр төлөвлөөд байна. Нийт 180.8км урт хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй 38 компаний 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмжөөр, 33 манацар үүсгэгч, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын 3 машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын 5 машин техник, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н 1 мананцар үүгэгч машин, Хан-уул агро ОНӨААТҮГ-ийн ус ширшигчтэй машинаар тус тус гүйцэтгэнэ. Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр Тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг ашиглах юм.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд 14:00 цагаас нэгдсэн байдлаар эхлэх бөгөөд цаашид тогтмол хуваарийн дагуу хийгдэнэ. Энэ долоо хоногийн хувьд Мягмар, Лхагва гарагт хотын гол гудамж талбайд, Пүрэв, Баасан гарагуудад гэр хорооллын гудамж талбайд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолыг үндэслэн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор дотоодын цэргийн анги, байгууллагын жижүүрлэлтийн алба болон улсын онц чухал объектын харуул, хамгаалалтыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүч нэмэгдүүлэн зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд байгууллага бүрт хариуцлагатай эргүүл, жижүүрийг 24 цагаар томилон, дотоодын хяналт-шалгалтыг нэмэгдүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Дотоодын цэргийн командлагч, Дотоодын цэргийн штабын даргын шйидвэрээр Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт /шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах/-ыг хэрэгжүүлж байгаа юм.

Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн хяналтын шатанд ажиглалтад авах иргэдийг байрлуулсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Батлан хамгаалах яамны харъяа “Бага баян” амралтын тусгаарлах байрыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Энхсаран” сувиллын тусгаарлах байрыг мөн оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус түр хамгаалалтад авч, анги, тусгай салбараас алба хаагчид томилогдон ажиллаж байна.

Мөн Дотоодын цэргийн тухай хуулийн 13 дугаар зүйл /нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх/-ыг хэрэгжүүлж, орон нутаг дахь дотоодын цэргийн тусгай салбар /салаа/-аас алба хаагчдыг томилон, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэж байна гэж Дотоодын цэргийн штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц өгч байна

Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц өгч байна

Шинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар амьжиргааны түвшин доогуур /0-200 оноотой/ 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт дүүргийнхээ эмзэг бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх багцыг дамжуулан өгөхийг хүсч, хүлээлгэн өглөө. Энэ ажил нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өрнөж байгаа юм.

Халдвараас урьдчилан сэргийлэх уг багцад олон удаагийн хэрэглэх амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтжээ.

Дээрх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс зохион байгуулан ажиллаж байгаа ба хамтран зохион байгуулагчаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс багтаж байна. Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан өрхүүдэд урьдчилан сэргийлэх багц олгогдож байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл цахимаар хуралдав

Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ШИНЭ намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтан, ажилтнууд оролцлоо.

Хуралдаанаар УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан, ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах техникийн боломж, шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцлаа.

Ажлын хэсгийн хурал болон хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах бүрэн боломжтой. Харин Чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдааныг цахимаар явуулах үед УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал яригдаж байгаа. Учир нь гишүүд саналаа өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ санал өгнө гэж уг хуульд заасан байдаг талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулаад, гишүүдийг санал бодлоо хэлэхийг хүсэв.

Байнгын хороодын дарга С.Бямбацогт, М.Оюунчимэг нар УИХ үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх ёстой. Тиймээс санал бодлоо солилцох, зарим зайлшгүй чухал шийдвэр гаргах үйл явцыг цахимаар тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар хэдийгээр хязгаарлалтын дэглэм үйлчилж байгаа ч шийдвэл зохих асуудал цөөнгүй байна. Тиймээс УИХ ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Туршилтын хурал хийж үзлээ. Техникийн хувьд бүрэн боломжтой нь харагдлаа. Даргын дэргэдэх хурал болон УИХ-ын даргын захирамж гаргах, санал солилцох зэрэг асуудлыг ийм байдлаар хэлэлцэн шийдвэрлэж болох юм байна.

Даргын дэргэдэх хуралдааны журамд онлайнаар буюу цахимаар хуралдаж болно гэж заасан байдаг. Цаашид нийт гишүүд энэ программаар харилцаж, асуудлаа ярилцаж байя. Дэгийн тухай хуульд биеийн давхцахгүй өгөгдлөөр ирцэд бүртгүүлэхээр заасан байдаг. Мөн саналаа гараа өргөж өгч болно гэсэн заалт ч бий. Тэгэхээр онлайнаар саналаа өгөх боломж байна. Гэхдээ сайтар судалж, хуульчдын дүгнэлт гаргуулах замаар нэгдсэн ойлголцолд хүрэх талаар бид судалж байгаа.

Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн гаргасан онцгой нөхцөлийн үед УИХ холбогдох шийдвэрээ хойшлуулалгүй гаргах, ээлжит бус чуулган хуралдуулахын тухайд бол зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Хүнсний барааны хомсдолоос сэргийлэх, ариун цэврийн бодис, хамгаалалтын хэрэгслийн хүрэлцээг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дөнгөж сая Эдийн засгийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд нартай хуралдаж, ярилцлаа. ҮАБЗ дээр ч асуудлыг ярилцаж байгаа.

Засгийн газраас яаралтай шийдүүлэх хуулийн төсөл өргөн баривал хойшлуулалгүй хэлэлцэх болно. Одоогоор хууль, тогтоомжийн төсөл өргөн бариагүй байна.

Энэ удаагийн хурлаа үүгээр дуусгая. Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг энэ 7 хоногт цахим хэлбэрээр дахиж хийнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн хороодод ажиллах ажилтнуудыг бүртгэл эхэллээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодод сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг томилон ажиллуулна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62, 64 дүгээр тогтоолоор Монгол Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор цаг үеийн нөхцөл байдалтай үйл ажиллагаагаа уялдуулж шат шатны сонгуулийн хороодод ажиллах, сургалтад хамрагдах төрийн албан хаагчдыг Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn цахим хуудсаар бүртгэж эхэллээ.

Бүртгэл дараах хуваариар хийгдэнэ:

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд ажиллах ажилтны бүртгэл

2020.3.17- 2020.3.24

Сум, дүүргийн сонгуулийн хороонд ажиллах ажилтны бүртгэл

2020.3.17- 2020.3.31

Хэсгийн хороонд ажиллах ажилтны бүртгэл

2020.3.17- 2020.4.10

Цахим хуудсанд хандан бүртгүүлсэн төрийн албан хаагчдад цахим хаягаар нь сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Цахим хичээлд хамрагдсан албан хаагчдад гэрчилгээ олгох болно.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас Шатахууны үнийг хэрхэн бууруулахаа ААН-үүд энэ сарын 22-ны дотор ирүүлэхийг шаардлаа

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ОХУ-ын “Роснефть” компанийн газрын тосны гадаад хилийн үнэ буурсантай холбоотойгоор ШӨХТГ-аас “Роснефть” компаниар дамжуулан шатахуун импортолж буй ААН байгууллагуудад шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн гэж ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэллээ.

Тодруулбал, ОХУ-ын “Роснефть” компанийн гадаад хилийн үнэ 2020 оны гуравдугаар сард тонн тутамдаа А80 автобинзен 539 ам.доллар, АИ92 автобинзен 569 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болсон. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад А80, АИ92 автобинзен тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар тус тус буурчээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: “Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын хэмжээнд борлуулж буй газрын тосны жижиглэнгийн дундаж үнийн мэдээлэлд

  • А80 автобинзен литр нь 1,730 төгрөг
  • АИ92 автобинзен 1,835 төгрөг
  • Дизель түлш литр тутамдаа 2,464 төгрөгөөр Улаанбаатар хотод борлуулагдаж байна.

Салбарын яам агентлагуудын ашигладаг газрын тосны бүтээгдэхүүний үнээс тооцсон жижиглэнгийн үнийн тооцоо, төвийн бүсийн хэмжээнд буй загварыг ашиглан тооцоо хийхэд

  • А80 автобинзен литр тутамдаа 198 төгрөг
  • АИ90 автобинзен литр тутамдаа 194 төгрөг
  • Дизель түлш литр тутамдаа 335 төгрөгийн ашигтай байна.

Иймд ШӨХТГ-аас гуравдугаар сарын 10-ны өдөр хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн өөрийн харьяа төв болон орон нутгийн салбар нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан бууруулж, авсан арга хэмжээнийхээ талаарх мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд хүргүүлээд байна.

ААН-үүд шатахууны гадаад хилийн үнийн бууралттай уялдуулан дотоод зах зээлд хэдэн төгрөгөөр ямар хугацаанаас эхлэн бууруулах мэдээллээ ил тод мэдээлэх шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Гадаад хилийн үнэ буурсан бол Монголд бензиний үнэ хэд болохыг шуурхай мэдэгддэг байвал чухал бөгөөд ШӨХТГ уг асуудалд хуулийн дагуу хяналтаа тавьж ажиллаж байгаагаа хэллээ.