Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Халдвар авсан нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, хоёрынх нь тогтвортой байна

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдан Шинэ коронавируст халдвартай холбоотой нөхцөл байдал, хийж байгаа ажил зэргийн талаар хэлэлцлээ.

БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байна. Дээрх гурван хүнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д ажиллах эмч, сувилагч, асрагч нарын тоог нэмэх, халдвар авсан иргэдийн эмчилгээнд онцгой анхаарах зэргийг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг авч ирэхээр “МИАТ” компанийн онгоц 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсыг зорих гэж байна. Цаашид иргэдийн тоо, судалгааг гаргаж, тусгай нислэгээр авчрахаар төлөвлөж байгааг Шадар сайд хэлэв. Дипломат төлөөлөгчийн болон Консулын газруудын ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулах, гадаадад байгаа иргэдээ халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэхийг Улсын онцгой комисс чиглэл болгов.

Одоогоор аймаг, хот хоорондын зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгах эсэхийг ойрын өдрүүдэд шийдвэрлэхээр болов. Мөн холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ бүрэн хангасны дараа нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх эсэхийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ахмадууд хандив өргөлөө

Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна.

Өнөөдөр НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадууд болон ахмадын зөвлөл хамтран хоёр сая төгрөгийн хандив өргөлөө. Ахмадын зөвлөлийн дарга Г.Янжив “Дэлхий нийтэд тархаад буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн удирдлагууд маш эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Өдөр шөнөгүй ажиллаж ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа албан хаагчиддаа талархаж байна” гэв.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид зөвлөмж мэдээ хүргэж эргүүлээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ нэмсэн “Номин тав трейд” ХХК-д 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Тус чиг үүргийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ажлын хэсэг гарч 2020 оны 3 дугаар сарын 12-аас 16-ны хооронд “Номин тав трейд” ХХК /Улсын Их дэлгүүр/-д махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК /Улсын Их дэлгүүр/-д 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс хонины ястай махны үнийг 1 кг тутамд 1500 төгрөгөөр үхрийн ястай, цул махыг 2000 төгрөгөөр тус тус нэмсэн. Тухайлбал, үхрийн цул махыг 1 кг тутамд 15999 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон.

Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “Номин тав трейд” ХХК /Улсын Их дэлгүүр/-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Архидалтын эсрэг аян”-ыг дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/345 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран томоохон худалдааны төв, захууд, авто вокзал, орц хонгил, гудамж талбайд хоноглон, архины хамааралтай орон гэргүй 400 гаруй иргэдийг илрүүлж эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, түр байршуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд 382 иргэнийг байршуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд үүнээс 154 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Одоогийн байдлаар тус төвд орон гэргүй 145 иргэн түр байршиж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж 12 төрлийн үйлчилгээг авч байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Г.Цэрэндулам хэлэхдээ “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хотын Захирагчийн өгсөн чиглэлийн дагуу орон гэргүй иргэдийг илэрүүлж, түр байршуулах төвд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж байна. Халдвар тээх өндөр магадлалтай учраас эдгээр иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнээс гадна сэтгэл зүй, соёл хүмүүжлийн арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, бичиг баримтжуулах зэрэг 12 төрлийн үйлчилгээнд хамруулж байгаа” гэлээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон гэргүй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад архаг хууч өвчинтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Одоогийн байдлаар сүрьеэтэй 12 иргэнийг тусгаарлаж эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж хяналт тавьж ажиллаж байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр дуулгасан юм.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа цаашид Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал бий эсэх талаар лавлаж тодруулахад, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах, иргэдийг зөөвөрлөх шаардлага тулгардаг учраас автомашинтай болохыг тус төвийн албан хаагчид хэлсэн юм. Мөн орон гэргүй иргэд архины хамааралтай байдаг учраас найман нэрийн хүнсний дэлгүүрүүдэд нарийн зохицуулалт хийх хэрэгтэй байгааг тайлбарлав.

Түүнчлэн талууд Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл барих асуудлаар санал солилцлоо.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа хэлэхдээ “Дэлхий даяар тархаад буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудад нэг ч иргэнийг орхигдуулж болохгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс шаардлагатай байгаа автомашины асуудлыг судалж, яаралтай хариу өгөөрэй. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу нийгмийн хамгааллын тусгай төвийг шинэчилж өргөтгөх ажлыг эрчимжүүлнэ” гэлээ. Мөн тэрбээр архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, эмчилгээ зөвлөгөөний төлөвлөгөөтэй “Архидалтын эсрэг аян”-ыг ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар дуулгаад, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Нийгмийн хамгааллын тусгай төвд байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх багцыг гардуулав.

Categories
мэдээ нийгэм

Ө.Энхтүвшин: Буруу, өдөөн хатгасан, мушгисан мэдээлэл коронавирусээс илүү аюултай

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрээр, Монголд анх коронавирусийн халдвар бүртгэгдэхэд халдварыг орон нутагт тархаахгүй байх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоож байсан. Одоогоор Баян-Өлгийгөөс бусад бүх газарт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй байна.

Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар 133 иргэн тусгаарлагдсан. 59 иргэн гэрээр хяналтад байна.

УОК-ын хуралдаанаар эдгээр хүмүүсийн талаарх тодорхой мэдээллийг авч, холбогдох сайд нарт чиглэл өглөө.

Монгол Улсад коронавирусийн дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна.

Өчигдөр орой УОК-ын гишүүдэд коронавирусийн халдвар илэрсэн гэдэг мэдээлэл ирсэн. Үүнийг дахин нягтлаад ЭМЯ-наас олон нийтэд мэдээлсэн.
Бид гадаадад байгаа иргэдийг татаж авна гэдэг байр суурьтай байгаа. Үүнийг эрсдэлтэй ажил гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас бэлтгэлээ хангасан. Өнөөдөр тэдгээр хүмүүсийн ойр 750 орчим иргэн байгаа. Тэдгээр хүмүүсийг аль болох нэг өрөөнд цөөн хүн байхаар байранд тусгаарласан. Тэдгээр хүмүүсийг хяналтад авч, ойр ойрхон халууныг нь үзэж, оношлоод эмчлэх ажил хийгдэж байна.

Манай иргэд тайван байх хэрэгтэй. Бид бэлтгэлээ хангасан, хяналтдаа байлгаж байна. Түрүүний Франц иргэн шиг ийш тийшээ яваагүй. Хяналтад байгаа.

Мөн мэдээллийг зөвхөн УОК-оос авч бай. Буруу, өдөөн хатгасан, мушгисан мэдээлэл коронавирусээс илүү аюултай гэдгийг хэлмээр байна.

Халдвар авсан гурван иргэн рүүгээ дайрч, давшилж болохгүй. Тайван байлгах хэрэгтэй.

Сүүлийн үед коронавирусийн халдвараар улс төрийн хонжоо олох гэсэн оролдлого гаргаж байна. Ингэж болохгүй гэдгийг анхааруулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүх хуралдааныг онлайнаар зохион байгууллаа

Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхүүд шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа. Тодруулбал, 2020.03.10-ны өдрөөс 16-ыг хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг оролцогчдын хүсэлтээр хойшлуулах, шүүх хуралдаан зарлахгүй байх, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байх зэрэг арга хэмжээ авсан.

Гэвч хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон байдал зэргээс шалтгаалан зарим шүүх хуралдааныг товлосон өдөр, цагт хэвийн явуулж, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн уг хугацаанд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 11 хоригдлын “Хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг “Г” танхимд явуулан, хуралдаанд хоригдол болон хорих ангийн холбогдох ажилтныг онлайнаар оролцуулан шийдвэрлэсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Цагдаагийн газрын хэлтсүүдээс ирүүлсэн зөрчлийн 13 шүүх хурал, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай асуудлыг хэлэлцэх 5 шүүхийн хэлэлцүүлэг,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дүүргийн Цагдаагийн газрын хэлтсүүдээс ирүүлсэн зөрчлийн 25 шүүх хурал,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Цагдаагийн газрын хэлтсүүдээс ирүүлсэн зөрчлийн 9 шүүх хурлуудад тус тус зарим оролцогч нарыг онлайнаар оролцуулан хуралдааныг хийж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Covid-19 халдвараас хэрхэн сэргийлэх вэ

Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм.

  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Хүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзах
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
  • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
  • Нэг аяга, тавагнаас хоол идэхгүй байх
  • Дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Тайван, стрессгүй байх
  • Гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байх
  • Гадаад улс оронд зорчиж ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах
  • Коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, эсвэл халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байж, нэн даруй 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авна уу.
Categories
мэдээ нийгэм

Тусгаарлах байруудыг хамгаалалтад авчээ

Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн хяналтын шатанд ажиглалтад авах иргэдийг байрлуулсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Батлан хамгаалах яамны харъяа “Бага баян” амралтын тусгаарлах байрыг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Энх саран” сувиллын тусгаарлах байрыг мөн оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус түр хамгаалалтад авч, анги, тусгай салбараас алба хаагчид томилогдон ажиллаж байна.

Мөн орон нутаг дахь дотоодын цэргийн тусгай салбар /салаа/-аас алба хаагчдыг томилон, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ

Шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас улс даяар Гамшгаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс нийт төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн байна.

Уг зөвлөмжид:

Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсчМонгол Улсын Засгийн газрын шийдвэрээр коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, оновчтой зөв зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын зүгээс дараах чиглэлээр тодорхой арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг хууль, журамд заасан эрхлэх асуудлын хүрээнд зөвлөмж болгож байна.

Нэг. Зохион байгуулалтын талаар:

1.1. Засгийн газар, Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж, тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж сахилга хариуцлагатайгаар манлайлан ажиллах;

1.2. Онцгой нөхцөл байдалд ажиллах, хяналт тавихад үйл ажиллагааны хэвийн нөхцөл, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, мэргэжлийн болон тусгай чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах;

1.3. Онцгой нөхцөл байдлын үеийн ажил үүргийн хуваарь, шуурхай ажлын төлөвлөгөөг боловсронгуй болгох, ажлын зураглалыг шинэчлэн томьёолох замаар эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтыг өндөр түвшинд шуурхай хэрэгжүүлэх;

1.4. Хурал зөвлөгөөн хийх, үүрэг чиглэл өгөх, мэргэжил-арга зүйн удирдлагаар хангах ажлыг аль болох цахим хэлбэрээр хэрэгжүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, бодит мэдээллийг технологийн өргөн боломжийг ашиглан иргэд, төрийн албан хаагчдад зайнаас хүргэх;

1.5. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг авах боломжит арга, хэлбэрүүдийг өргөн ашиглах;

Хоёр. Хүний нөөцийн үйл ажиллагааны талаар:

2.1. Онцгой нөхцөл байдал үүссэн үед албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг төрийн албан хаагчаар гүйцэтгүүлэх асуудлыг мэдлэг, ур чадварт нь тулгуурлан тодорхойлох, ажлын горимыг уян хатан байдлаар тогтоох, шаардлагатай тохиолдолд дайчлах, татан оролцуулах хүмүүсийн судалгааг гаргах замаар хүний нөөцийн шуурхай зохион байгуулалтаар хангах;

2.2. Хорио цээрийн дэглэмийн хүрээнд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах асуудлыг тухайн үргэлжлэх хугацаанд шуурхай шийдвэрлэх;

2.3. Халдварын болон онцгой нөхцөлийн үед мэргэшсэн хүмүүсийг онц чухал ажил, үүрэг гүйцэтгүүлэх, дайчлах, татан оролцуулах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуульд заасан контрактын гэрээгээр ажиллуулах;

2.4. Өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдмагц дээрх хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгон сул орон тоог хууль, журмын дагуу нөхөх;

Гурав. Ажиллах нөхцөл, ажлын байрны орчны талаар:

3.1. Ажлын байрны орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, шаардлагатай эмчилгээ, оношлогооны болон эрүүл ахуйн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл (гар угаах зориулалтын газар, биеийн халуун хэмжигч, даралтын аппарат, шингэн саван, нэг удаагийн алчуур, хатаагч, гар ариутгалын бодис, амны хаалт, агааржуулагч болон хор саармагжуулах бусад материал, техник хэрэгсэл гэх мэт)-ийн найдвартай хангалтыг бүрдүүлэх замаар ажлын орчинд албан хаагчдаа халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авах;

3.2. Албан хаагчид гар барьж мэндчилэх, хэт ойр суух, олноороо нэг дор цугларах зэрэг халдвар тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхгүй байх зан төлвийг байгууллагадаа хэвшүүлэх;

3.3. Албан хаагчид, түүний дотор эрсдэлтэй бүс, голомтын орчинд ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудын ажил, амралтын цагийн горимыг зөв хуваарилж, эрүүл мэндэд нь эрсдэл үүсэхээс сэргийлэх, ажлын нөхцөлийг харгалзан биеийн дархлаа дэмжих хүнс болон халдвараас хамгаалах хэрэгсэл, төхөөрөмжөөр хангах, сэтгэл зүйн байдалд нь боломжит арга хэлбэрээр ажиглалт хийж, зөвлөгөө дэмжлэг үзүүлж байх;

3.4. Жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон ахмад настай, түүнчлэн эмнэлгийн байнгын хяналтад байдаг, хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчдын ажлын цагийн хуваарийг уян хатан тогтоох талаар хуулийн хүрээнд зохицуулалт хийх, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр албан үүргээ зайнаас гүйцэтгэх (телекомьютинг) боломжийг бүрдүүлэн ажиллах;

3.5. Онцгой нөхцөл байдлын үед тулгарсан болон болзошгүй сорилтуудыг даван туулах талаар төрийн албаны удирдах албан тушаалтнууд удирдлагын манлайллын ур чадваруудыг үр бүтээлтэй хэрэглэх;

3.6. Цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд оролцож буй байгууллага, ажилтны ажлын үр дүнг тооцон хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг тусламж үзүүлэх асуудлыг судлан үе шаттай шийдвэрлүүлэх.

Categories
мэдээ нийгэм

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

Image result for хандив

Аймаг, сумдын онцгой комисс, төрийн байгууллагуудын “Ковид-19” вирусын халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив өгөх ажил идэвхтэй өрнөж байна. Авлигатай тэмцэх газар энэхүү үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах талаар Улсын онцгой комисс болон холбогдох бусад байгууллагуудад зөвлөмж хүргүүлж байгаа билээ. Энэ удаад хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2020.03.12-ны өдөр хүргүүллээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс хандив авсан талаар олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хуудсаар мэдээлэгдэж байна. Тухайлбал, тус газар нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Содон фүүдс” ХХК-иас” бүтээгдэхүүний дээж, мөн сарын 11-ний өдөр “KFC” брендийн хамт олноос 10 сая төгрөгний иж бүрдэл бүхий хамгаалах хэрэгсэл хандивт авчээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албаны хэрэгцээнд албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан.

Дэлхий нийтэд онц эрсдэл учруулж буй “Ковид-19” халдварын тархалт ихэсч, түүнтэй тэмцэхэд төсөв, санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарч байгаа боловч үйл ажиллагаанд нь төрийн хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагаасаа хандив авч байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг бий болгож байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нь дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасныг мөрдөж ажиллаагүй байна. Түүнчлэн мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалыг хашиж байгаа этгээдийн хувиар “KFC” брендийн маркетингийн үйл ажиллагаанд оролцсон гэж үзэж байна.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдах бөгөөд жишээ нь цаашид “KFC” нийтийн хоолны үйлчилгээний газрын үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, хяналт шалгалт явуулахад эрх зүйн хувьд тодорхойгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас байгалийн аюулт үзэгдэл, осол, гоц халдварт өвчин зэрэг гамшгийн нөхцөл байдлын үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс хандив, тусламж хүлээн авахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг чанд мөрдөх, хандив, тусламж, түүний зарцуулалтыг ил тод, нээлттэй мэдээлэх чиглэлээр харьяа байгууллагуудын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Нийслэлийн засаг дарга нарт мэдэгдлээ.