Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхболд: Төмөр замын бүтээн байгуулалтын ажил Таван толгой ХК-ийн ажлын үр дүнтэй шууд холбоотой

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож буй төмөр замын бүтээн байгуулалтын ажил ямар шатанд яваа бол?

-Хоёр жилийн өмнөөс Зэвсэгт хүчний анги салбарууд улсын хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй, өргөн цар хүрээтэй оролцож эхэлсэн. Үүний эхний үр дүн гарч нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нэг том хэсэг болох хүнд даацын 18 км замыг барьж улсын комисст сайн дүнтэй хүлээлгэн өгсөн. Монголчууд өөрсдийнхөө хүчээр хүнд даацын машин замыг чанарын сайн үзүүлэлттэй хийсэн гэдгээрээ онцлог. Зэвсэгт хүчнийхний хувьд ч бахархам сайхан үйл явдал болсон. Чанартай, сайн гүйцэтгээд зогсохгүй төсөвлөгдсөн өртгөөсөө хямд зардлаар барьсан. Энэ зөрүүгээр нь бид Зэвсэгт хүчнийхээ барилга, инженерийн ангиудыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, хүмүүсийнхээ чадавхыг дээшлүүлэх тал дээр ахиц гаргаж чадсан. Хоёр дахь том ажил нь мэдээж Таван толгой-Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр замын төсөл юм. Энэ төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб орж, хувийн хэвшлийн 60 орчим том, жижиг компаниудыг удирдан ажиллаж байна. Бид өнгөрсөн өвөл зогсолтгүй ажиллалаа.

-Өвлийн хугацаанд ямар ажлууд амжуулав?

-Хийж болохуйц газар шорооны ажлуудаа хийлээ. Мөн үйлдвэрийн газруудад хийж болох ажлуудаа ч урагшлуулсан. Замын доогуур тавих хоолой, бусад бэлдэцүүдээ бэлдэж, хайгуулын зарим ажлуудыг хийлээ. Цагаан сарын хугацаанд түр завсарлаж, гуравдугаар сарын эхээр дахин ажлаа эхлүүлсэн. Үндсэндээ одоо бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байна.

-Бүтээн байгуулалтын ажлыг яг хэдийд дуусгана гэж зорьж байгаа вэ?

-Их том зорилт тавьсан. Болж өгвөл энэ оны эцэс гэхэд энэхүү 400 гаруй км төмөр замын хөдөлгөөнийг нээх хэмжээнд ажлаа гүйцэтгэнэ гэж төлөвлөсөн. Төлөвлөлтүүдийг өнгөрсөн намраас эхлэн хийсэн. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга онцгой анхаарал тавьж ажиллаж байна. Бид нараас үл шалтгаалах хүчин зүйлүүд үүсчихгүй л бол энэ оны эцэс гэхэд төмөр замынхаа хөдөлгөөнийг нээнэ. Гэхдээ тээвэр хийгээд эхэлнэ гэсэн үг биш. Ямар ч байсан вагон явуулаад үзэхэд болох хэмжээнд аваачихаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаатай холбоотойгоор цэргийн албан хаагчдыг нэмж татах уу?

-Бид цэрэг татлага явуулахдаа 2018 оноос эхлээд зам, барилгын чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг уг бүтээн байгуулалтад оролцохыг урьж, сурталчилж байгаа. Харамсалтай нь бидний хэрэгцээнд хүрэх хэмжээний мэргэжлийн хүмүүс ирэхгүй байна. Ерөнхийдөө хугацаат цэргийн албан хаагчдаас бүтээн байгуулалтын ажилд нарийн мэргэжил шаардахгүй ажилд цөөн тоогоор л оролцдог юм.

Үндсэндээ ажлыг мэргэжлийн ахлагч, офицерууд л голлож хийж байна.Онцлоход, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний 70-80 орчим хувь нь дандаа мэргэжлийн албан хаагчид байдаг. Шаардлага хангасан эдгээр хүмүүсээс бүтээн байгуулалтын ажилд нэмж ажиллуулах боломж байгаа. Бид МСҮТ-ийн төвүүдтэй хамтран албан хаагчдаа сургах ажлыг идэвхтэй зохион байгуулж байгаа. Дээрээс нь цэргийн албанд мэргэжлээрээ ахлагч, офицер болж ажиллая гэсэн хүмүүс Жанжин штаб дээр ирж уулзах боломжтой юм. Бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа цэргийн албан хаагчдын цалинтай холбоотойгоор манай болон Сангийн яамны хамтарсан тушаал гарсан. Цэргийн албан хаагчид энэхүү том бүтээн байгуулалтад оролцоод дууссаны дараа дор хаяж орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх, их, дээд сургуулийнхаа төлбөрийн тодорхой хэсгийг төлөх хуримтлалтай болох боломжтой. Оролцож буй ажил, оролцоо, чадавх зэргээсээ хамаарч нэг өдрийн 70 хүртэлх мянган төгрөгийн цалин авахаар тооцож, эрх зүйн талаас нь баталгаажуулж өгсөн. Нарийн мэргэжлийн хүмүүс нь тусгайлсан гэрээ байгуулаад явах боломжтой.

-“Эрдэнэс Таван толгой” ХК өнгөрсөн онд ашигтай ажилласан. Тэр ч утгаараа төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтэд ямар нэгэн гацаа үүсч, төлөвлөгөө удаашрахгүй байх гэж харж байна.

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн олсон ашгаас санхүүжүүлж байгаа. Бид үндэсний үйлдвэрийнхээ ашгаар анх удаа ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Өнгөрсөн жилийн тухайд ямар нэгэн байдлаар санхүүжилт тасраагүй. Яахав ажлын явцад гүйцэтгэлээ гаргаж санхүүжилтээ авах, тэр хугацаа нь нааш, цааш болох гэх мэт засаж болохуйц алдаа гарч байсан. Өөрөөр бэрхшээл учраагүй. Энэ жил ч гэсэн тус компанийн ашгаас хуваарилагдсан хөрөнгөөр санхүүжээд явна.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн тодорхой хувийг хувьчлах шийдвэр гарсан. Зарим улстөрчдийн зүгээс ашигтай ажиллаж буй энэ компанийг хувьчилж, эрх мэдэлтнүүд завших нь гэх байр суурийг илэрхийлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэхүү төмөр замын ажил нь ҮАБЗ-өөс зөвлөмж гарч, тэрний дагуу Засгийн газар хэрэгжүүлж буй сүүлийн жилүүдэд хийгдээгүй том бүтээн байгуулалт. Энэ төмөр зам ашиглалтад орсноор олон давуу тал Монголын эдийн засагт бий болно. Бид төмөр замынхаа сүлжээг өргөжүүлж чадвал хамгийн наад зах нь дотоодын тээвэрлэлтийн асуудлаа шийднэ.Транзит тээврийн орлого нэмэгдэнэ. Гадагшаа гаргаж байгаа бүтээгдэхүүний маань хүрэх хугацаа нь богиносно, харьцангуй үнэ нь хямдарна. Тэр ч утгаараа энэ бүтээн байгуулалтын ажлыг дуусгахын ач холбогдол их. Дээр дурдсанчлан энэ нь Таван толгой ХК-ийн ашгаас санхүүждэг. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил Таван толгой ХК-ийн ажлын үр дүнтэй шууд холбоотой гэсэн үг. Таван толгой ХК муугүй ажиллаж байна. Хэрэв бид төмөр замтай байсан бол үүнээс ч илүү ашигтай ажиллахыг үгүйсгэхгүй. Таван толгойг яаж илүү их ашигтай байлгах вэ гэдэг нь монгол хүн бүрийн санаа зовж байгаа асуудлын нэг мөнөөс мөн. Тийм ч учраас ҮАБЗ, Засгийн газар, УИХ-аас шийдвэр гаргаж Таван толгойн уурхайн тодорхой хэсгийг хувьцаа хэлбэрээр олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө босгох бодлого барьсан. Харамсалтай нь энэ шийдвэрийг буруу байсан мэт, энэ Засгийн газар, Уул уурхайн сайдыг зараад идэх гэж байгаа мэт ярьж, нийгэмд буруу дохио өгч байна. Ер нь томоохон зах зээл дээр хувьцаа гаргана гэдэг маш их тооцоо, цаг хугацаа шаардаж, олон талын нөхцөл бүрэлдэж байж шийдэгддэг асуудал. Энэ ажил дөнгөж эхлэх шатандаа л явж байгаа. Түүнээс маргааш гэхэд 30 хувийг нь нэг тэрбум ам.доллараар зарчих гэж байгаа асуудал огт биш.

Миний хувьд саяын ярьсан асуудал газар авч, улстөржөөд Таван толгойн хувьчлал, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой шийдвэрүүд гацах вий гэдэгт санаа зовж байна. Эдгээр ажлууд нь нэг зөвлөмжийн дагуу шийдэгдэж байгаа юм. Тодруулбал, хувьцаа гаргах, хөрөнгө босгох, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, түүнийг санхүүжүүлэх шийдвэрүүд бүгд нэг дор гарчихсан юм. Нэг шийдвэр дээр үндэслэж гарсан салаа ажлууд гэсэн үг. Сонгууль дөхөж байгаа энэ үед өнөөх шийдвэрийг буруу гээд үзчих юм бол төмөр замын ажлын санхүүжилт ч тасалдана, доголдоно, ажил нь зогсохдоо хүрнэ.Тиймдээ ч дээрх шийдвэрүүдэд ямар нэгэн өөрчлөлт битгий ороосой гэж бодож байна. Арай ч тиймдээ тулахгүй байлгүй гэж найдаж байна даа.

-Таван тэрбум ам.доллараар хувьчилна гэчихээд одоо болохоор нэг тэрбум ам.доллараар хувьчлах гэж байна гэж байсан л даа.

-Олон улсын зах зээл дээр зарагдах хувьцаа ямар үнэд хүрэхийг хэн ч тааж мэдэхгүй. Хувьчилж байгаа объекттэй холбоотой маш олон хүчин зүйлийг тооцож үзэж байж хүмүүс хувьцаа худалдаж авдаг. Тиймдээ ямар хэмжээний өртгөөр зарагдах эсэхийг урьдчилан ярих боломжгүй.

-Коронавирус гарсантай холбоотойгоор бүтээн байгуулалтын ажилд ямар нэгэн саад учрах уу?

-Коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор зөвхөн Монголын ч биш, дэлхий нийтийн эдийн засагт сөрөг нөлөө үүсч байна. Манай улсын нүүрсний болон нефтийн экспортод тодорхой хэмжээгээр саад учирсан. Гэхдээ Засгийн газар нүүрснийхээ экспортыг хуучин түвшинд нь хүргэх талаар Хятадын талтай сайтар ярилцаж байгаа. Тодорхой тохиролцоонуудад хүрсэн гэх мэдээлэл байна. Тэр тохиолдолд төмөр замын бүтээн байгуулалтын ажил тасрахгүй явах боломжтой.

-Коронавирусээс урьдчилсан сэргийлэх ажлыг УОК, Засгийн газар сайн зохион байгуулж байгаа боловч халдвар авсан Франц улсын иргэнийг зоргоор нь явууллаа гэж иргэд шүүмжилж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Миний хувьд Засгийн газар, Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг хурдтай байж, үйл явдлын өрнөлөөс түрүүлж алхаж чадаж байгаа гэж харж байна. Амьдрал баян юм болохоор аливаа шүүмжлэл гаралгүй л яахав. Бүх зүйлийг 100 хувь баталгаатай хийх боломж хаана ч, хэнд ч байхгүй. Энэ халдварт өвчин нь дэлхийн хэмжээний цар тахал болж чадалтай улс орнууд ч туйлын хүнд байдалд ороод байна. Ямартаа ч УОК, Засгийн газар өөрсдийнхөө зүгээс бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

-Энхийг сахиулагчдын байгаа газруудад коронавирусийн тархалт ямар байгаа бол. Мэдээж яамны зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж байгаа байх.

-Өмнөд болон Хойд Суданд энхийг сахиулагчид байгаагаас гадна ажиглагч, холбогч офицерууд гадны улс орнуудад ажиллаж байгаа. Тэр бүрийн араас анхаарч, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Одоогоор манай цэргүүд байгаа газарт их хэмжээгээр коронавирус тархсан зүйл алга. Гэхдээ манайхан бүхий л талын арга хэмжээг авч ажиллаж байгаа.

-АНУ Талибануудтай энхийн гэрээ байгуулж, цэргүүдээ гаргахаар болжээ. Энэ бодитоор хэрэгжиж байгаа юу. Хэрэв тийм бол манайх хэдийд цэргээ гаргах вэ?

-АНУ, Афганистаны Талибаны хөдөлгөөнтэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээрээ АНУ шат дараалалтай цэргээ татан гаргах асуудлыг ярьж байгаа. Цөөн тоогоор гарч эхэлж байх шиг байна. Манайх олон улсын эвслийн хүрээнд тодорхой гэрээ хэлцэл, тохиролцоо хийж, Афганистаны хоёр газарт цэргүүдээ илгээдэг. Тэнд АНУ болон ХБНГУ-ын цэргүүдтэй хамт алба хааж байгаа. Мэдээж тэнд болж байгаа бүхий л үйл явдал, хэзээ, ямар дарааллаар цэргээ гаргах уу гэдэг асуудал АНУ-ын талаас ихээхэн хамаарч байна. Дээрээс нь Талибануудын АНУ-тай байгуулсан гэрээг Засгийн газар нь алга ташин хүлээж аваагүй. Үүнээс үүдэн цэргүүдээ хэзээ гаргах нь эцэслэж шийдэгдээгүй байна. Яг тэр үед бүх цэргүүдээ гаргаад дуусна гэсэн тохиролцоонд хүрээгүй байгаа юм. Манай улс цэргээ 2021 он хүртэл Афганистанд алба хаахыг зөвшөөрсөн албан ёсны шийдвэрээ хууль номын дагуу гаргачихсан. Түүнээс өмнө гарахаар болбол мэдээж гаргаж таарна. Миний хувьд энэ асуудал тийм ч амархан шийдэгдчихгүй болов уу гэж харж байна. Бидний өөрсдийн барьж байгаа зарчим бол тэнд алба хааж буй АНУ, Германы цэргүүд гарч дуусахаас өмнө цэргүүдээ татаж авах явдал. Ийм болзол нөхцөлийн талаарх урьдчилсан саналыг албаны шугамаар ярилцаж байгаа.

-Батлан хамгаалах салбар зарим албан тушаалын орон сууцнуудаа хувьчилж байгаа гэдэг үнэн үү. Ингэх болсон шалтгаан нь юу вэ?

-Батлан хамгаалах салбарт өөрийнх нь мэдлийн тодорхой хэмжээний орон сууцнууд байдаг. Цэргийн албан хаагч тухайн ангид томилогдож, алба хаах хугацаандаа тэрхүү албан тушаалын орон сууцанд амьдардаг юм. Эдгээр албан тушаалын орон сууцуудаас цэрэгт олон жил алба хаасан, алба хааж байгаад тэтгэвэрт гарсан, насан эцэслэсэн ч үр хүүхдүүд нь үргэлжлүүлээд цэргийн алба хааж байгаа гэх мэт хүмүүст байрны элэгдэл, хорогдлыг нь тооцоод хямдруулсан үнээр зарж, хувьчлах шийдвэрийг саяхан Засгийн газрын хуралдаанаар гаргасан юм. Энэ нь Батлан хамгаалах салбарт хуримтлагдсан нийгмийн хамгааллын асуудалд тодорхой хэмжээгээр ахиц гаргана гэдэгт найдаж байна. Яг одоо манай яамнаас ажлын хэсэг гарч хэнд, ямар үнээр худалдаалах талаар хүн тус бүрээр судалж байгаа. Дор хаяж 500 орчим албан тушаалын гэж нэрлэгдэж байгаа орон сууцыг хувьчилна. Эдгээрээс орж ирэх хөрөнгөөр дараагийн албан тушаалын орон сууцуудыг барих юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар 12 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 12 асуудал хэлэлцэнэ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын боловсруулсан “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай, Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай, Дүрэм шинэчлэн батлах, Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэм, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл, Ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид хэрэгжүүлэх зарим ажлын талаар хэлэлцэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ипотекийн зээлийн төлөлтийг хэсэг хугацаанд зогсоогоод өгөөч, банкууд аа!

Сүүлийн 2-3 сар хүмүүс бараг ажил хийсэнгүй. Нэгдүгээр сарын дунд үеэс БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирусийн халдвар гарсан тухай мэдээлэл гарч, Хятадын Цагаан сарын баярын үеэр энэ вирус олон мянган хүнд халдварлаж, олон хүн нас барсан билээ. Нэгдүгээр сарын 24-нөөс манай улс энэ талаарх арга хэмжээг авч эхэлж, хөл хорио тогтоож, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зогсоож, коронавирусийн эсрэг шат дараатай тэмцэж эхэлсэн. Энэ үеэс албан байгууллага, хувийн хэвшлүүд, бизнес эрхлэгчид гэлтгүй нийт иргэдийн хувьд ажлаа хэвийн гүйцэтгэх, үргэлжлүүлэх боломжгүй болсон. Түүнчлэн Монгол Улс хилээ хааж, Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж, хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд улс, хот хоорондын автомашин, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг хаасан. Гэвч нөхцөл байдал хүндэрсний улмаас уг хориог гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл сунгаж, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг дахин нэг сараар сунгачихаад байна. Гэтэл гуравдугаар сарын 10-нд Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрснээр олон улсын нислэг, авто болон төмөр замын хөдөлгөөнийг хааж, ихэнх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Одоо ч хөл хорио үргэлжилж байна. Монгол Улс коронавирусийн өндөр тархалттай, аюултай бүс нутагт байгаа гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн улсын иргэдийн хувьд хөл хориог зөрчиж болохгүй. Ийм нөхцөл байдлуудаас үүдэн хүмүүс ажил хийж чадахгүй байна. Ажлаа хийж чадахгүй байна гэдэг нь мөнгө олохгүй байна гэсэн үг.

Гэр бүлээ тэжээдэг, байрны ипотек, машины лизингээ төлөхийн төлөө нүүрсний тээвэрт явдаг олон мянган жолооч ажилгүй байна. БНСУ-д коронавирусийн дэгдэлт өндөр байгаагаас тэнд байгаа монголчууд хөл хорионд орж, ажил олдохгүй байгаагаас наашаа, ар гэр рүүгээ ипотекийн зээлээ төлөх мөнгө шилжүүлж чадахгүй байна. Тэдний хувьд мөнгө олохоосоо илүүтэй, эх орондоо ирэхийн төлөө, нааш нисэх онгоцонд багтаж суухыг л юу юунаас их хүсэцгээж байгаа юм.

Хот дотор машинаа унаад таксинд явж ипотекийн зээлээ төлдөг олон хүн бий. Тэд таксинд явж чадахгүй, гурав дахь сарынхаа нүүрийг ямар ч орлого, мөнгөгүй үзэж байна. Ахуйн үйлчилгээний салбар дотроос халуун усны газар, дугуй засварын газраас бусад жижиг наймаа, үсчин, оёдол, цайны газар, гоо сайхны салон гээд бүхий л үйлчилгээг зогсоож, хүнсний худалдаанаас бусад худалдааны төвүүдийн үйл ажиллагааг ч түр хугацаанд зогсоосон. Ийм нөхцөл байдал дунд иргэд хоногийн хоолтойгоо л хоёр идэхгүй хоосон хонохгүй, гэр гэртээ сууцгаана. Гэртээ гэр бүлээрээ хөл хорионд байгаа энэ үед халдваргүйжилт, амны хаалт, дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн, чанартай хоол хүнс зэрэгт нэмэлт зардал ихээр гарч байна. Тог цахилгаан, байрны мөнгө, телевизийн төлбөрт үйлчилгээний төлбөр, гар утасны төлбөр гээд иргэдийн гар дээр маш олон үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл ирж байна. Санхүүгийн ийм хүндрэлтэй үед ядахдаа банкууд ипотекийн зээлийн төлөлтийг хүмүүсийн ажил жигдэртэл тодорхой хугацаанд зогсоогоод өгмөөр байна.

Монголын арилжааны банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 3-8 сар хойшлуулахад тэдэнд ямар ч хохирол гарахгүй гэдгийг эдийн засагчид ул суурьтайгаар тайлбарлажээ. Коронавирусийн эсрэг вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд олон туршилт, судалгаа хийж байгаа бөгөөд 14-18 сарын дараа вакцин бэлэн болно. Тэр хүртэл нөхцөл байдал хэрхэхийг хэлж мэдэх нэг ч хүн алга. Дэлхий даяараа вакцин гарах хүртэл хэрхэн тэсэх, халдварыг даамжруулахгүй яаж барих вэ гэдэг дээр хамаг анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдол өгсөөр байна. Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн хүний тоо нас барсан хүний тооноос их байгаа хэдий ч Европын орнуудад нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ халдварыг Цар тахал зарлачихсан. Цар тахалтай байгаа энэ үед хөл хорионд байгаа Монголын иргэдийн хувьд банкны ипотекийн зээлдээ өгье ч гэсэн өгөх юм алга.

Ямар ч хямрал болсон түүхийг судлахад дандаа ашигтай ажиллаж ирсэн цорын ганц салбар нь арилжааны банк байдаг. Манай арилжааны банкууд дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр ашигтай ажилладаг. Хөл хориотой энэ үед иргэдийн зээлийн төлбөрийг хойшлуулах, тодорхой сарын хүүг тэглэх бүрэн боломж тэдэнд бий. Коронавирусийн халдвартай холбоотойгоор гадны орнуудад арилжааны банкууд нь иргэдийнхээ зээлийг 2-3 сараар хойшлуулж, зарим нь иргэддээ хүүгүй, урт хугацааны зээлийн үйлчилгээ хүртэл гаргаж туслаад байна. Тэгэхээр манай банкууд дэлхийн бусад орны банкуудаас харьцангуй өндөр ашигтай ажилладгийн хувьд иргэдийн ипотекийн зээлийн төлөлтийг 3-8 сараар хойшлуулахад үйл ажиллагаанд нь хүндрэл гарахгүй гэдгийг судлаачид онцолж байна. Хэрвээ энэ үед харилцагчидтайгаа уян хатан нөхцөлтэйгөөр хандахгүй бол 5-8 сарын дараа дэлхийн засгийн уналттай холбоотойгоор эргээд арилжааны банкууд өөрсдөө эрсдэлтэй байдалд орох төлөв ажиглагдаж эхэлжээ.

Засгийн газрын тэргүүн арилжааны банкны удирдлагуудыг хэдхэн хоногийн өмнө хүлээж авч уулзахдаа энэ асуудлыг хөндөж ярьсан. Тэрээр “Улс орны чинь эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Коронавирусээс болоод асуудал үүслээ. Бизнесүүд чинь зогсож эхэлж байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зогсож эхэлж байна. Худалдаачдын ажил зогсож байна. Ийм үед та бүхэн сэтгэл гаргаад зээл, санхүүгийн дарамтнаас тэр бизнес эрхлэгчид ээ аврахад туслаач ээ гэж хүсч байгаа юм. Одоо бол манай арилжааны банкууд бүгдээрээ хувийн хэвшил болсон. Тийм болохоор хувийн өмчид халдаж болохгүй. Тийм учраас та бүхэнтэй ярьж хэлэлцэж, харилцан ойлголцож ард иргэддээ туслаач ээ, бизнес эрхлэгчээ дэмжээч ээ. Энэ нөхцөл байдлыг аль аль талдаа алдагдалгүй, бүгдээрээ эрсдэл багатай давж гарах шаардлага байна. Энэ бол улсын маань эдийн засагтай холбоотой гэж та бүхнээсээ хүсч байгаа юм” хэмээн ярьсныг ипотекийн зээлээ яая даа гэж шаналж суусан иргэд бүгд сонссон. Иймээс нийтийг хамарсан цар тахал, хөл хорионы энэ эмзэг үед иргэдийнхээ ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хэдэн сарын хугацаанд зогсоогоод өгөөч, банкууд аа!

Categories
мэдээ цаг-үе

Л.Мөнхбаатар: Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хууль боловсруулах чиглэлээр ажиллаж байна

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-ДЭМБ-аас “Covid -19” халдварыг цар тахал гэж зарлалаа. Үүнтэй уялдан манай эдийн засаг хүндэрч аж ахуйн нэгж компаниуд хүнд байдалд ороод эхэллээ. Төр засгаас хэрхэн анхаарах хэрэгтэй гэж та бодож байна?

-Өвчлөлийн голомт гарсан БНХАУ-тай таван мянган км газраар хиллэж, эдийн засаг, худалдаа, бараа эргэлтийн хамгийн том харилцагч Монгол Улстай шууд харилцдаг улсын хувьд өвчлөл өндөр хоёр дахь улс байж болзошгүй байлаа. Энэ үед манай Засгийн газар, Улсын онцгой комисс мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулалттай ажиллаж, ард иргэд, аж ахуйн нэгжүүд хувь хувьдаа хичээцгээж байна. Манай улсын хувьд нөхцөл байдал амаргүй байна. Нэгдүгээрт, манай эдийн засаг Хятадын эдийн засгаас ихээхэн хамааралтай учраас коронавирусийн халдварын Хятадын болон дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл нь Монголын эдийн засагт шууд хамаарна.

Нөгөөтэйгүүр улс орныг бүхэлд нь хамарсан хорио цээрийн дэглэм нь дотооддоо эдийн засгийг сааруулах хүчин зүйл болж байна. Энэ үед улс орнууд өөрсдийн онцлогт тохирсон мөнгөний болон төсөв, санхүүгийн бодлогын арга хэмжээг авч байна. Хөл, хорио цээрийн дэглэм богино хугацаандаа аж ахуй, бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа ч вирусийг ийнхүү тархаахгүй байх нь эдийн засгийг урт хугацааны буюу том хэмжээний эрсдэлээс хамгаална. Миний бодлоор манай улсын хувьд хэд хэдэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай.

-Ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна?

-Нэгт, экспорт буурсантай холбоотойгоор төсвийн орлого буурах хандлага ажиглагдаад эхэллээ. Орлого буурч байгаагийн хэрээр зарлагаа танах шаардлагатай болох байх. Гэхдээ царцах хандлагатай эдийн засгийг тэлэх бодлого явуулах хэрэгтэй. Тухайлбал, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, үүнд банкнаас болон ЖДҮ зэрэг төрөөс олгодог зээлүүдийг хамааруулах, төсвийн хөрөнгө оруулалтад эрэмбэлэл, өөрчлөлт хийж болох ч нийт хэмжээг аль болох бууруулахгүй байж, эдийн засгийг тэтгэх, идэвхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Монгол банк 300 орчим тэрбумын эх үүсвэр чөлөөлөн зээлийн хүртээмжийн нэмэгдүүлэхээр болсон нь зөв шийдвэр болсон гэж бодож байгаа. Хоёрт, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх болон төлөлтийг хойшлуулах, шаардлагатай импортын барааны гааль, нөат-ыг тэглэх, төлөлтийг хойшлуулах, татварын алданги, торгууль ногдуулахгүй байх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хойшлуулах, зээлийг хүртээмжтэй байлгах, зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах арга хэмжээг ЗГ, МБ, банкууд хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч болохоор санагдаж байна. Зарим асуудлаар хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Гуравт, иргэдийн хувьд ипотекийн зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хойшлуулах, сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хойшлуулах, цахим гүйлгээн дэх банкны шимтгэлийг багасгах зэрэг арга хэмжээнүүд яаралтай авах шаардлагатай харагдаж байна.

-Сонгуулийн жилтэй холбоотой манай улсын эдийн засаг цаашид хэрхэх бол?

-Cонгууль болох эсэхээс үл хамааран 2020–2021 онд хувийн хэрэглээний тогтвортой өсөлт, барилга, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засаг дунджаар 5.6 хувиар өсөх төлөвтэй гэж эдийн засагчид төлөвлөж байсан. Гэхдээ одоогоор оны эхний гурван сарын байдлаар коронавирусийн халдварын нөлөөгөөр 2020 оны эдийн засгийн байдлыг урьдчилан таамаглахад төвөгтэй болж байна. Эдийн засаг цаашид хэрхэх нь энэ вирусийг эмчлэх арга, вакциныг хэзээ гаргах, мөн хэрэгжүүлэх эдийн засгийг дэмжих бодлогын үр нөлөөнөөс хамаарах байх. Сонгуулийн жил эрх баригчдын хувьд сонгуулийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хангуулах зорилгоор төсвийн төлөвлөлтөө хийх шаардлага гарна. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтын зардал дээр илүү гарч ирэх байх. Нөгөө талаар 2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвслээс гарах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр, нэр дэвшигч тус бүр тойргоос шалтгаалан дээд тал 775 сая төгрөг хүртэл гэж тогтоосон. Эндээс харахад, нэр дэвшигчдийн нийт тоог өмнөх сонгуулиар барагцаалан 500 гэж тооцоход нийтдээ ойролцоогоор 250 орчим тэрбум төгрөг зөвхөн нэр дэвшигчдээс зарцуулагдахаар байна гэж зарим улстөрчид тооцсон байна лээ. Тэгэхээр төсвийн төлөвлөлт, коронавирусийн халдвар,түүний холбоотой төсөв, мөнгөний бодлого, сонгууль гэх мэтчилэн нөхцөл байдлууд мэдээж сонгуулийн жилийн эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх гэж харж байгаа.

-2020 оны УИХ-ын сонгууль хойшлогдох уу?

-УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-нд болдгоороо болох байх. Гэхдээ улс орны нөхцөл байдал эрсдэлтэй байгаа үед сонгууль гэж хийрхэхээсээ илүү коронавирусийн халдвараас сэргийлэх, эдийн засгаа дэмжих, сэргээх арга хэмжээндээ илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Тэтгэврийн реформ хийх ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Манай улсад тэтгэврийн реформ хийх шаардлага юу байна гэж харж байна вэ. Тэтгэврийн реформ хийснээр ямар давуу талууд үүсэх вэ?

-2019 онд нийт 1.2 сая орчин даатгуулагч нийгмийн даатгалд хамрагдсанаас нийгмийн даатгалын санд 1736.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 2034.5 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжид зарцуулсан байна. Нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцоо энэ байдлаар хуримтлал үүсгэдэггүй. Нийгмийн даатгалын сангийн зарлага нь орлогоо гүйцэхээ больсон янзаараа яваад байвал тун удахгүй төр тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөж чадахаа болино. Манай одоогийн тогтолцооны хувьд 1994 он хүртэл бүх нийтийг хамарсан төсвөөс санхүүждэг тогтолцоотой байсан.

1994 оноос шинэ хууль батлагдсанаар аж ахуйн нэгж, байгууллага ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг төлдөг болсон. 2009 оноос нийгмийн даатгалын санг улсын төсвөөс салгасан. Ингэснээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн тодорхой хувийг банкинд байршуулж, хүүгийн орлого олох боломжтой болсон. Энэ бол дэвшил. Мөн 1999 онд Нэрийн дансны хууль батлагдаж, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх гэж оролдсон боловч одоо нэрийн дансны үлдэгдэл хийсвэр хуримтлал буюу тоо байдаг. Иймэрхүү байдлаар 1994 оноос хойш нийгмийн даатгалын, тэтгэврийн сангийн асуудлаар яг шинэтгэлийн гэхээр зүйл бараг хийгдээгүй. Бага зэрэг боловсронгуй болгох, засах сайжруулах болон нэг удаагийн шинжтэй арга хэмжээнүүд авсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд тэтгэвэр, нийгмийн даатгалын сан, тэтгэвэр авагчидтай холбоотой нэн даруй тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдвэрүүд гаргасан.

-Тухайлбал?

-Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 байсныг 10 хувь болгон буруулсан, тэтгэврийн хэмжээг гурван жил дараалан нэмэгдүүлсэн, малчин, хувираа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг олгосон, шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн, тэтгэврийн насыг шинэчлэн тогтоосон, тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэсэн гэх зэргийг дурдаж болно. Эдгээр нь тухайн нөхцөлд зайлшгүй нэг удаадаа авч хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлууд байсан. Нэг удаагийн чанартай, олон нийтэд таалагдах гэсэн арга хэмжээ авлаа гэж шүүмжлэгдэж болох ч, үнэхээр ахмадууд маань өөрийн цаг үедээ хийж, бүтээж, ирээдүйгээ даатган нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ирсэн боловч, тэр хэмжээгээрээ тэтгэвэр авч чадахгүй, хатуухан хэлэхэд тэтгэвэрт гарснаар амьжиргааны баталгаат түвшнээс доогуур орлоготой иргэн, өрх рүү шууд шилжиж байна.

Иймд төрөөс зайлшгүй нэг удаагийн зарим арга хэмжээг авъя, харин цаашдаа асуудлын урт хугацааны шийдлийг олъё гэж л үзсэн. Өөрөөр хэлбэл, цаашид нэг удаагийн шийдвэрээр гал унтраах маягтай арга хэмжээ авахаас илүү тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх, хувийг тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа. Иймээс ирээдүйд тогтвортой үйлчлэх зөв тогтолцоог бий болгох зорилгоор өнөөгийн нөхцөл байдлыг шалгаж, дүгнэлт хийх, тэтгэврийн сангийн шинэчлэл хийх хуулийн төслийг боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна.

-Гадны улсад тэтгэврийн тогтолцоо нь ямар байдаг юм бол. Манай улсын Нийгмийн даатгалын сан 2012 оноос хойш тасралтгүй алдагдалтай явж ирсэн байдаг. Тэтгэврийн реформ хийснээр энэ санд хэрхэн нөлөөлөх вэ?

-Тэтгэврийн сангийн тогтолцоо сайн бүрдсэн гэгдсэн зарим улс орнуудад гурван төрлийн тэтгэврийн сан зэрэг ажиллаж байдаг. Нэгдүгээрт, одоогийн манайд байгаа сангийн хэлбэр буюу орлогынхоо тодорхой хувиар шимтгэл төлнө, нийтийн сангаас эргээд тэтгэврээ авна. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн хөрөнгө оруулалтын сангуудад орлогынхоо тодорхой хувийг хийж, өөртөө тэр хэмжээгээрээ тэтгэврийн хуримтлал үүсгэнэ. Гуравдугаарт, дээрх хоёроос гадна нэмэлтээр сайн дураараа орлогынхоо тодорхой хувиар тэтгэврийн хуримтлал үүсгэх юм.

Манайд нэгдүгээрх буюу тэтгэврийн даатгалын шимтгэлийг төр бүхэлд нь хурааж аваад эргээд хуваарилдаг тогтолцоо нь ажиллаж байна. Ийнхүү хуваарилахдаа хэн хэдэн төгрөгийн шимтгэл нийтдээ төлсөн гэхээсээ илүү ерөнхийд нь, нийтэд нь хүртээх байдлаар бүхэлдээ хуваарилалт хийж байгаа. Ингэснээр хувь хүн өөрийн төлсөн хэмжээнээс шууд хамаарах бус тэгшитгэн хуваарилсан бага хэмжээтэй тэтгэвэр авахад хүрч, энэ нь төрд ч дарамттай, иргэддээ ч ээлгүй байна. Иймд хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хууль боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Хуулийн хувьд маш сайн зохицуулсан хувийн тэтгэврийн сангууд бий болсноор зардлаа өөрийн өгөөжөөрөө санхүүжүүлээд явчих бөгөөд энэ нь зөвхөн шимтгэл төлөгчид ч төдийгүй эдийн засгийн бусад салбарт ч эерэг үр нөлөөтэй бөгөөд их хэмжээний, урт хугацааны хуримтлал үүсгэдэг тогтолцоо юм. Гэхдээ энэ тогтолцоонд шилжиж түүний үр ашгийг хүртэж тогтолцоо бүрэн дүүрэн ажиллах хүртэл хугацаа орно. Түүнчлэн өнөөгийн үүссэн нийгмийн даатгалын өр төлбөрийг төлөх буюу хийсвэр үлдэгдлийг бодит үлдэгдэл болгох суурь санхүүжилт шаардагдана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид баялгийн сан байгуулах, уул уурхайгаас олсон ашгийг иргэдэд тэгш хүртээмжтэй хүртээх зохицуулалт тусгасан. Магадгүй энэ хүрээнд нэг удаадаа уул уурхайгаас олох ашгаас уг санхүүжилтийг авч болох юм.

Нөгөөтэйгүүр хувийн тэтгэврийн хөрөнгө оруулалтын сангаас үүсэх эрсдэлийг хаах, урьдчилан сэргийлэх, хөрөнгийн удирдлагын менежмэнтийг оновчтой зохион байгуулах асуудлыг хуулиар сайн зохицуулах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Монголын айл өрхүүд хөл хорионы үед дэг журамтай аж төрж байна

“Хонгор нутаг” бөхийн дэвжээний багш, аймгийн заан Б.Батгэрэлийнд өнжлөө. Тэднийх дарь-Эхэд тайван амгалан аж төрж байна. Биднийг гэрийн эзэгтэй Ч.Ганхуяг угтаж авсан юм. “Хөл хорионы үед юу хийж яваа хүүхдүүд вэ” гээд бидэн рүү жуумалзаж хараад “За наргисан юм. Энэ өвчин зовлонтой үед чинь хошин мэдрэмж их чухал байна шүү дээ” гээд тэрээр хөхөрлөө. Гэрийн хоёрыг “Танайд өнжье” буландаа урихад нэлээд цааргалж байсныг нуух юун. Арга ч үгүй биз дээ. Гэрийн эзэгтэй гэр рүү орох үед “Манай монголчууд дэг журамтай, сэжигч ард түмэн тулдаа өдий байгаа байх аа” гээд биднийг орохыг урьсан юм. Байшин руу ороход аймгийн заан Б.Батгэрэл өдөр бүр 11:00 цагаас зарлагддаг Эрүүл мэндийн яамны мэдээллийг зурагтаар үзээд сууж байв. Ингээд бид мэнд мэдэлцэн тухалцгаасан юм.

Зочны өрөөнд ороход А.Сүхбат аварга, Б.Батгэрэл заан хоёрын наадмын үеэр патиардуулсан зураг хамгийн эхлээд нүдэнд туслаа. Түүний хажууд “Монгол бөхийн нэвтэрхий толь” гэх ном харагдана. Энэ талаар заан “Эл номонд Монголын үндэсний бөхөд хамаарах 800 орчим ойлголт, мэхийн судалгаа, 1760 оноос хойш өнөөг хүртэл 1300 орчим хүн улсын цол авсан тухай, Монгол бөхийн засуул, гарын даа, бөх судлаачдын намтар түүх болон бөхийн сэдэвт 600 орчим бүтээлийн судалгааны талаар өгүүлсэн дээ” гэлээ.

Номын хажууд Монгол Улсын улам нэмэх, харилт үгүй хүчит, хурц шаламгай шалгарсан хүчит арслан Пагмын Аюушийн дүрс бүхий хүрэл цом харагдлаа. Түүнчлэн ханаар нь хонгор нутгийн байгалийн үзэсгэлэнг харуулсан уран зургууд болоод одон медалиуд нь өлгөөстэй үзэгдэнэ.

Гэрийн хоёр онлайн орчинд нэлээд цагийг өнгөрөөдөг гэнэ. “Ямар ч юманд хожуу орсон хүн гүнзгий дурладаг” гэсэн гээд тэд хөхрөлдөцгөөгөөд нүднийхээ хараанд санаа зовж байгаагаа ч зовнингуй хэлсэн юм. Тэд өглөө бүр Эрүүл мэндийн яамнаас зарладаг 11:00 цагийн мэдээг үзэж, бусдад онлайнаар эх сурвалжтай мэдээлэл дамжуулж, “COVID-19”-өөс маш их сэрэмжилж байгаа ажээ. Гэртээ аль болох шөлтэй устай хоол унд идэж, аарц чацарганаа ууж байгаа бөгөөд хоолондоо цагаан гааг байнга хэрэглэж, дархлаагаа дэмжиж байгаа гэв. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг хорио цээрийн үед сайн хийж, Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг дагадаг гэж гэрийн эзэгтэй учирласан юм. Мөн тэрээр “Манай монголчууд яс юман дээрээ үгэнд оромтгой ард түмэн шүү дээ” гээд нөхөр рүүгээ харлаа. Б.Батгэрэл заан гэрээсээ сар гаруй хугацаанд гараагүй гэнэ. Харин эхнэр Ч.Ганхуяг өнөөдрөөс эхлэн хуваарийн дагуу ажиллахаар болсон аж. Тэрээр “Серж” группт хангамжийн менежерийн ажил хийдэг бөгөөд уг компанийн гаргасан хуваарийн дагуу сондгой тоотой өдөр л ажиллах болжээ. Энэ талаараа “Зав түлхүү гарч байгаа дээр онлайнаар эрүүл зөв хооллолтын сургалтад 14 хоног суухаар боллоо. Түүнчлэн онлайнаар орос хэлний академийн сургалтад үзэж байсан хэлээ сэргээх зорилготой бүртгүүлсэн. Хашаандаа дасгал хөдөлгөөн байнга хийж байгаа. Хүн ер нь хаана амьдрах нь гол биш. Амьдарч байгаа газраа яаж амьдрах нь чухал. Манай гэр бүл зун болохоор хашаандаа төрөл бүрийн цэцэг тарьдаг. Тийм болохоор одооноос үрсэлгээ хийж эхэлнэ. Карентиний үеэр хүмүүс хийцгүйрээд байна гэж сошиал их бичицгээх юм. Хобби хүслээ биелүүлж хийх зөндөө ажлууд байна манайхаан. Бидэнд хэрэгтэй сургалтууд бүгд онлайнаар явагдаж байна” гэсэн юм.

Гэр бүлийн хоёр Баянхонгор аймгийн төв Баянхонгор хотынх. Багаасаа л нэгнээ мэдэх хоёр маань арван жилийн нэг үеийн төгсөлтийнхөн аж. 10 жилээ 1989 онд төгсөөд гэрийн эзэгтэй Ч.Ганхуяг АУДС буюу одоогийн АШУИС-д элсэн орж, суралцжээ. Тэр үед гэрийн эзэн Налайхын ТМС-т суралцаж байсан бөгөөд оюутан ахуй цагтаа нэг нэгнээ сайн мэдэх хоёр маань үерхэж эхэлсэн түүхтэй. Энэ талаар гэргий Ч.Ганхуяг “Зах зээлийн хүнд үед бид хоёр айл гэр болж байлаа. Ингээд нэг сайхан охинтой болсон доо. Ер нь манай үеийнхэн олон хүүхэдтэй болох тухай биш ажил сургууль гэж явдаг байлаа шүү дээ” гээд инээмсэглэсэн юм. Ч.Ганхуяг Анагаахын сургуулиа дундаас нь орхиж, нутагтаа төрөхөөр очсон байна. Өдгөө охин Б.Янжинлхам нь айл болж, эднийх гэдэг айл улам л өнөр өтгөн болж байгаад тэд баяртай сууна. Энэ жил охин нь сургуулиа төгсөх бөгөөд ЭМШУИС-ийн резидент эмч, Хүүхдийн эмчээр суралцаж байгаа аж. Харин хүргэн А. Баасангарьд Зэвсэгт хүчний дугаар ангид оффицер. Манай хоёр энх цагийн тангараг өргөсөн гэр бүл хэмээн Б.Батгэрэл бахархангуй ярьсан юм. Өдгөө тэд хүү, охин хоёр зээтэй болоод жарган сууж буй.

БИДНИЙ АМЬДРАЛ ГУРВАН ХАНАТАЙ ОТРЫН ГЭРТ ЭХЭЛЖ БАЙЛАА

Гэрийн эзэгтэй Ч.Ганхуяг инженер мэргэжилтэй. Тэрээр охиноо төрүүлснийхээ дараа 1996 онд дахин конкурс өгч ШУТИС-ийн Нефть инженерийн ангид элсэн оржээ. Ингээд охиноо аав, ээждээ үлдээн хот руу хоёул шилжин орж ирж байж. Хотод ирээд лам дүүгийнхээ гурван ханатай отрын гэрт анх амьдарч эхэлсэн гэдэг. Хоёр жил шахуу тэр гэртээ амьдарч, дараа нь Б.Батгэрэл заан аавынхаа гэрийг хот руу оруулж ирээд амьдрахаар зэхжээ. Гэвч гэрт нь шал байдаггүй. Ингээд аав ээж хоёр нь аймгийн хурц арслан Шаравсамбуу гуайн шалыг авч өгөн, гэр нь бүтэн болсон гэнэ. Б.Батгэрэл заан тухайн үед дөнгөж барилдаж эхэлж байсан болохоор гэр бүлийн хоёр ихэд бэлгэшээдэг аж. Тэд эхлээд Ганданд айлын хашаанд амьдарч байгаад дараа нь хашаа түрээсэлж, улмаар Дарь-Эхийн II хороонд байрлах ангийн хүүхэд Алтанцоожийн хашаа руу нүүсэн байна. Энэ талаар гэрийн эзэгтэй “Хороон дээр шилжиж ирсэн бүртгэлээ хийлгэх гээд очлоо. Зохион байгуулагч бүсгүй Б.Батгэрэл заан манай хороонд ирж байгаа юм уу. Манай хороо олон бөхчүүдтэй. Би бөх сонирхдог юм гээд их уриалгахан хүлээж авлаа. Тэгээд хорооны зохион байгуулагч Хорлоо бид хоёр найзууд болж намайг 71 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажилд оруулж, охиныг минь сургуульд элсүүлж өгч улмаар бид хоёрт газар олж өгсөн дөө. Одоо тэр газраа 20 жил амьдарч байна даа бид. Бид хоёр Хорлоотойгоо салшгүй нандин гэр бүлийн найзууд болсон. Ажилдаа сэтгэлтэй чадварлаг их сайн ажилладаг байсан. Хорооны тэр олон ам бүлийг бүгдийг нь танина. Бүгдтэй нь элгэмсүү өөрийн мэт харьцаж ханддаг бүсгүй байсан. Одоо тийм төрийн албан хаагч за даа байхгүй дээ” гэсэн юм.

Б.БАТГЭРЭЛ ЗААН Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫГ ГУРВЫН ДАВААНД ӨВДӨГ ШОРООДУУЛЖ БАЙВ

Б.Батгэрэл заан цагдаагаас тэтгэвэрт гарсан. Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст дуудлага хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Хонгор нутаг бөхийн дэвжээний багшаар ажиллаж байгаа юм. Баянхонгор аймгийн заан Б.Батгэрэл цагтаа давхар тохдог, ачдаг мэхтэй айхавтар бөх байв. 2003 онд Ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Эрдэнэбатаар дөрөв давж тавын даваанд улсын начин Ц.Мягмарсүрэнд өвдөг шороодсон түүхтэй. 1998, 2000 онуудад Баянхонгор аймгийн баяр наадамд тус бүр тав давж шөвгөрч байв. Өнгөрсөн жил тэрээр Улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү тэргүүтэй Хонгор нутгийн 56 бөхийг “Сүүж” амралтад удирдаж, наадмын бэлтгэлийг нь чамбайруулсан. Мөн Б.Батгэрэл заан Самбо бөхийн УАШТ-ий долоон түрүүтэй билээ. Тэрээр “Зүгээр сууж байгаа хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хөдөлмөрлө, зүтгэ. Бусад хүн нэг мэхийг гурван удаа давтвал чи таван удаа гүйцэтгэ. Тэгж байж л амжилтад хүрнэ” хэмээн бөхчүүддээ захидаг аж. Түүнийг 2003 оны Ялалтын баярын барилдаанд алдарт дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурвын даваанд амлаж барилдаад өвдөг шороодож, тахим буулгаснаар алдарт босоо дархан аварга маань улсын начин Цэвээнд гурвын даваанд унаснаасаа хойш 17 жилийн дараа гурвын даваанд өвдөг шороодсон тохиолдол болж байв.

ГЭР БҮЛЭЭ ТЭГЭЭС ЭХЭЛЖ, АМЬДРАЛАА БОСГОВОЛ ИЛҮҮ БАТ БӨХ, АМАР АМГАЛАН АМЬДАРДАГЮМ БАЙНА

Зах зээлийн үед гэр бүлийн хоёр айл гэр болж байв. Энэ цаг үеийн талаар гэрийн эзэгтэй Ч.Ганхуяг “Тэр үед би оюутан. Хань минь цагдаагийн багахан цалинтай. Тэр нь амьдралд төдийлөн хүрэхгүй. Аав ээж минь боломжийн хүмүүс ч тэднээсээ авна барина гэж ер бодогддоггүй байж. Тусдаа гарсан л бол гарсан. Тийм л байлаа шүү дээ. Хичээлийн хажуугаар хийж үзээгүй ажил гэж бараг байхгүй дээ. Самар, сүү зарна. Дэлгүүрт худалдагч хийнэ. Хуушуурын гуанзанд бэлтгэгч хийнэ мэдэхгүй ээ, юу ч хамаагүй л хийсэн. Ер санаа зовдоггүй байлаа. Хичээлдээ ч гүйцэд сууж амжихгүй. Би гэдэг хүн өөрөөсөө найм дүү хүүхдүүдтэй нэг ангид сурч байсан. Хөгшин оюутан байлаа шүү дээ. Тийм болохоор ангийн дүү нар минь их тус болдог байлаа. Хань минь ажил бэлтгэл гээд зав зай муу. Дөнгөж хотод орж ирсэн учраас хүн танихгүй шахуу. Зааланд барилдана, хүн давахгүй. Хоол унд муутай яаж ч амжилт гаргах билээ дээ. Гэсэн ч зүтгэсээр л. Би 10 жилээсээ бөх үзэх дуртай, хоббитой байлаа. Барилдах гээд явахад нь дандаа дагана. Барилдаануудыг нь алгасалгүй л үздэг байлаа. Хоёулаа бөхийн талаар их ярилцана. Ер нь ярилцахгүй сэдэв гэж үгүй. Одоо ч тэр санаа бодлоо байнга чөлөөтэй солилцдог. Хоорондоо ярилцах нь гэр бүлд хамгийн их хэрэгтэй зүйл юм болов уу гэж боддог доо. Одоо бол харцаараа ойлголцоод явчихна шүү дээ. Залуустаа зөвлөхөд залуу улс хоолтой хоолгүй зүтгэж амьдралаа босговол илүү бат бөх, амар амгалан амьдардаг юм байна гэж боддог. Амьдралыг тэгээс нь хоёулаа зүтгэж бүтээх нь зөв дөө. Тэгж л тэгээс эхэлж байлаа даа ах эгч хоёр нь. Жаргал зовлон, хөөр баяр, гуниг харууслыг хамтдаа даван туулсан. Бидний үеийн залуус бидний аав ээжүүд ч тэгж л амьдарсан” гэв.


Б.БАТГЭРЭЛ ЗААНЫ ААВ “ГАЗРЫН ВАГОН” ГЭЖ НЭРЛЭГДЭЖ ЯВСАН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН

Заан Б.Батгэрэлийн аав бол А.Балжинням гэх гавьяат тээвэрчин хүн юм. Тэрээр Өвөрхангай аймгийн Шартын давааг нээж байсан түүхтэй тээвэрчин ажээ. Тухайн үедээ анхлан олон чиргүүл чирж, “газрын вагон” гэж нэрлэгдэж явсан цуутай тээвэрчин хүн гэнэ. Харин ээж Т.Чимэддулам нь цэцэрлэгт асрагчаар олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан их цэвэрч нямбай ажилсаг хөгшин байж. Ч.Ганхуяг “Хадам ингээд тэгээд гээд хүмүүсийн хооронд сонин яриа, явган шог байдаг даа. Надад тэр тааламжгүй санагддаг юм. Би хадам ээжтэйгээ олон жил амьдрахдаа ам зөрөх нь бүү хэл муухай харж ч үзээгүй. Ер нь тэгээд хүн өөрийнхөө сэтгэл санааг тайван байлгая гэж бодвол бусдыг тайван амгалан байлгахад л болоод явчихна” гэлээ. Ч.Ганхуягийн аав Ө.Чулуунбат бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат аймгийн цагдаагийн хэлтэст 28 жил ахлах нябо хийсэн цагдаагийн дэд хурандаа хүн байжээ. Харин ээж нь Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Т.Баатар гэж хүн бий. Олон жил удирдах ажил хийсэн бөгөөд Баатар дарга гэж нэрштэлээ ажиллаж байсан их зарчимч ажилч хичээнгүй мундаг удирдагч хүн бөгөөд өдгөө Бумбатын тоосгон заводын хажууд амьдран сууж буй. Цагаан сараар гэр бүлийн хоёр аав ээжийнхээ зурагнуудыг бурхныхаа өмнө гаргаж ирж тавиад шинийн 15 өнгөрөөгөөд далд хийчихдэг гэнэ. Жилдээ нэг удаа аав ээжийнхээ зургийг амьд байгаа юм шиг гаргаж ирээд ярьж хөөрөөд, идээ ундаагаа харуулаад, орсон гарсан хүн амьтанд сонирхуулж, заримдаа бид хоёр тоглоом шоглоом хийгээд ярина аа гэж гэрийн эзэн өгүүллээ. Гэр бүлийн хоёр уламжлалт сэтгэхүй давамгайлсан хүмүүс ажээ. Аав ээжийнхээ эдэлж хэрэглэж байсан аяга, шанага, хоолны халбага гэх мэт зүйлсийг уламжилж авч үргэлжлүүлэн эдэлж хэрэглэж байгаа аж. Тэрийгээ их буянд тооцдог гэнэ. Эцэг эхээс уламжилсан өв бол амьдралын ухаан, зөв хүн байх, тийм биз дээ гээд Б.Батгэрэл хөхөрлөө. Эднийх гэдэг айлын ажил, амьдралтай танилцсан нэг өдөр ийн өнгөрөв. Нэг мэдэх нь ээ нар аль хэдийнэ жаргаж, харуй бүрий болсон байлаа.

Categories
мэдээ цаг-үе

О.Жаргалсайхан: Мүраками Харүкигийн нэг онцлог бол бичихээсээ өмнө хүлээ гэдэг зарчим

Мүраками Харүкигийн “Торгон цэргийн хороон даргын аллага” романы орчуулагч О.Жаргалсайхантай ярилцлаа.


-Ярилцлагаа эхлэхээс өмнө шинэхэн номоо “өлгийдөн” авч буй танд баяр хүргэе. Энэхүү бүтээл нь Монсудар хэвлэлийн газартай хамтран гаргаж буй таны хэд дэх бүтээл вэ. Өмнө нь ямар, ямар бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ?

-За баярлалаа. Зөвхөн Мүраками Харүкигийн романы орчуулгын гэхэд гурав дахь томоохон бүтээл юм даа. Өмнө нь та бүхэн сайн мэдэх мянга гаруй хуудастай 1Q84 гурамсан роман, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” роман мөн миний орчуулгаар хэвлэгдсэн. Одоо энэ роман гэхэд түүний хамгийн сүүлд хэвлүүлсэн хоёр дэвтэр том бүтээл байна.

Миний утга зохиолын орчуулгын дийлэнх бүтээл АДМОН-д хэвлэгдсэн байдаг. Хамгийн анхны бүтээл 1997 онд хэвлэгдсэн Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл”-ээс эхлээд “Япон өгүүллэг туужууд”, “Хайрын ааш”, “Гэнжийн туульс”-ийн хоёр дэвтэр байна, Монсудартай олон жил түншилж байна.

Ер нь утга зохиолын орчуулга харьцуулсан соёл судлалын нэг хэлбэр байдаг. Тэгэхээр япон хэлээр эх хэлнээс нь орчуулж байгаа утга зохиолын орчуулгаар дамжуулж Монсудар хэвлэлийн газар бидний дунд миний судалгааны чиглэлээр томоохон сэжим үүсч бий болсон гэж үзэж болох юм. Хавтас дизайнаас эхлээд японы утга зохиолыг ойлгох, мэдрэх тодорхой хэмжээний түвшинтэй болсон тул надад ажиллахад төвөгтэй биш байдаг. Би ер нь олон тийш савчаад байдаггүй нэг юмандаа үнэнч хүн л дээ (инээв).

-Энэхүү бүтээл нь хэвлэгдэн гарсан даруйдаа л Япондоо гэхэд 1.3 сая хувь борлогдож, дэлхийн олон хэлнээ хөрвүүлэгджээ. Манай уншигчид ч маш богино хугацаанд эх хэлээрээ унших боломжтой болж байна. Энэ номыг анх орчуулах болсон шалтгаан нь юу юм бол?

-Миний хувьд түүний томоохон романуудыг орчуулаад ирэхээр аяндаа түүнийг уншдаг, түүний дотоод сэтгэл рүү гүнзгий орох, гаргасан бүтээлүүдийг нь цаг алдахгүй уншдаг нэг ёсны фэн нь болж ирдэг юм байна. Тэгээд энэ роман маш сайн бүтээл байна гэдэг нь аяндаа ойлгогдоод намайг хатгаад зүгээр суулгахгүй байсан. Монсударынхан эрхийг нь аваад ажил эхэлсэн. Энэ дашрамд хэлэхэд Мүраками Харүки зохиолчийн хувьд хувь хүнд орчуулгын эрхээ өгдөггүй, тухайн улсын нөлөө бүхий хэвлэлийн газраар дамжуулахыг хүсдэг.

Энэ роман баялаг өгүүлэмжтэй, ер нь роман гэдэг ганцхан сэдвээр хол явдаггүй байх, олон сэдэв хоорондоо хэрж байж бүтдэг зүйл биз ээ. Ганц жишээ хэлэхэд муу гэгч зүйлийн мөн чанар, хэлбэр, хэмжээс энэ хорвоод өөрчлөгдөж байна гэдгийг зохиолч 1Q84 гурван боть романаараа харуулж өгсөн гэж боддог. Өөрөөр хэлбэл, тэр муу гэгч зүйл улам л далдын далд, маш сайн хавхаг тагтай болж, тэндээс нь суга татаад гаргаад ирэхээр вирус шиг мутацид ордог гэдгийг энэ романдаа харуулсан гэж би боддог юм.

“Торгон цэргийн хороон даргын аллага” зохиол сэдэв, зохиомжийн баялаг агууламжтай бүтээл.

-Тэгэхээр та Мүракамигийн хэд хэдэн бүтээл дээр ажиллаж байсны хувьд энэ зохиолчийн ерөнхий бичлэгийн хэв маяг, онцлогийн талаар ярьж өгөөч. Ер нь анзаараад байхад Мүракамигийн бүтээлүүдэд залуучууд түлхүү дуртай, түүнийг шимтэн уншдаг нь анзаарагддаг. Юу нь тэгтлээ их залуучуудын сонирхлыг татаад байна вэ?

-Би сая сэдэв зохиомжийн баялаг агууламжтай гэж хэллээ. Энэ романыг анх бичихдээ Мүраками гурван зүйл дээр тулгуурласан байдаг. Торгон цэргийн хороон даргын аллага гэсэн сонсголонтой ч гэмээр энэ үгс Мүракамигийн толгойд нэг л сайхан өглөө сэвхийтэл орж ирсэн гэдэг. Тэгээд энэ үгс хагас жил үү, бүтэн жил үү эсвэл бүр хоёр жил үү, түүний толгойноос салахгүй байж тэндээ архи мэт нэрэгдсэн бололтой юм. Толгойд нь зурсхийх болгонд эмзэглэл, өөр мэдрэмж төрөөд л яваад байж.

Бас Мүраками хэзээ ч юм тэмдэглэлийн дэвтэртээ ямар ч тодорхой зорилгогүйгээр “Тэр жилийн тавдугаар сараас хойтон жилийнх нь эхэн хүртэл хавчиг хавцлын амтай ойрхон уулан дээр би амьдарсан билээ” гэсэн мөрүүдийг бичээд хадгалсан байж. Түүнийг харах бүр тэр өгүүлбэр ямар нэг зүйлийг нэхээд байх шиг болно.

Бас Үэда Акинари (1734-1809) “Харүсамэгийн үлгэр” зохиолын “Хойт насны хувь тавилан” (миний орчуулгаар “Хайрын ааш” түүвэрт буй) зохиолд Мүраками залуу байхын дуртай, үүнээс сэдэвлээд нэг юм бичихсэн гэх хүсэл байж. Олон жил зурсхийх бүрт хойш тавиад л явж. Энэхүү гурван санаан дээрээ дөрөөлж энэ романаа бичсэн бололтой юм. Түүнтэй зохиолч Каваками Миэко хийсэн ярилцлага дээр бичсэн байсан.

Яг л гурван найз уушийн газар уулзаж байгаа юм шиг л дуу алдацгаагаад хуучилж суугаа юм шиг л байсан байх.Энэ гурван хүчин зүйл дээр тулгуурлаад Мүракамигийн худлын /зохиол хэмээх/ систем ажиллаж эхэлсэн. Систем гэдэг зүйл ерөөс нэг л хөдөлж орхивол тийм ч амар зогсдоггүй эд шүү дээ.

Гэхдээ Мүраками Харүкигийн нэг онцлог бол бичихээсээ өмнө хүлээ гэдэг зарчим хүчтэй байх шиг надад санагддаг. Түүний томоохон бүтээлүүд долоон жилийн давтамжтай гардаг гэж хэлж болох юм. Энэ долоон жилийн дотор юу бичих вэ гэхээсээ илүү юу бичиж болохгүй вэ гэдгээ тунгаадаг байх. Өөрөөр хэлбэл, хүлээх явдал. Бичихгүй байна гэдэг аль болох их зүйлийг өөрийн дотоодод хуримтлуулах, дотоод ертөнцөө баяжуулах, шинэ санаа идейгээр чигжих, заримдаа бүүр хахуулах энэ бол зохиолч хүний (мэргэжлийн зохиолч хүний) маш чухал хөдөлмөр болов уу. Нэг сайхан өглөө үзгээ шүүрч аваад мэдрэмжээ хэлхээд туучихаж болохгүй байх л даа. Зохиолчийн дотоод ертөнцийг юу баяжуулж байдаг вэ гэдгийг бодох л асуудал.

Нөгөө талаар ийм “хүлээлт” ийн явцад миний ойлгож мэдсэнээр тэр бичих гэж буй цаг үе, нийгмийн талаар маш сайн анализ хийж байдаг. Би нэлээн хэдэн жилийн өмнө түүний Иерсалимын утга зохиолын шагнал аваад хэлсэн үг болох “Хана ба өндөг”-ийг монгол хэлнээ орчуулж байсан. Тэр системийн зураглал хийгээд зогсохгүй шинэ системийн зураглал хийдэг, культ, терроризм, бэлгийн мөлжлөг, дэлхийн аюулыг зураглаад түүнийгээ утга зохиол хэмээх хэлбэрт зөөж аваачиж тавьдаг тухайгаа хэлсэн юм.

Мүраками “Би 29 насандаа гэнэт л зохиол бичье гэж шийдлээ. Тэр үед яаж зохиол бичих аргыг мэддэггүй байсан юм. Гэтэл надад сэрхийтэл бодогдсон зүйл юу вэ гэхээр хөгжим гоё тоглохтой л адил юм биш үү гэж. Хөгжим сайн тоглоход юу чухал вэ гэхээр сайн ритм, сайн зохирол, сайн аялгуу л хэрэгтэй шүү дээ гэж. Зохиол яагаад ийм байж болохгүй вэ гэж бодогдсон” гэж бичсэн байдаг. Тэр бас үгийн тухай хэчнээн хүчирхэг үг байлаа ч, хэчнээн гоё үг байлаа ч өөрийнхөө бие дотроос шувтарч сааж гаргаагүй л бол тэр цаг үетэйгээ хамт хийсэн оддог, алга болдог зүйл, гоё үгэнд итгэдэггүй тухайгаа ярьсан байдаг.

Түүний үгийн сонголт надад (орчуулагчийн хувьд) хөвөнд боосон чулуу биш, харин чулуун дотроос гарсан хөвөн шиг сонин төсөөлөгддөг. Чулуу хагараад дотроос нь хөвөн гарвал чулуужсан хөвөн болох уу, аль эсвэл чулуун хөвөн болох уу би мэдэхгүй, гэхдээ л тийм нэг содон шинж байдаг юм.

Түүнээс гадна Мүракамигийн зохиолыг, орчуулгуудыг уншихаар хамгийн түрүүн надад буудаг юм гэвэл худлыг (зохиолоо) бодитой юм шиг тултал нь, үнэн болтол нь зураглаж бичдэг тэр чадвар байдаг. Түүнийгээ ойлгомжтой үгээр бичээд сайн метафороор илэрхийлж, ашигтай алгоритм үүсгэж байдаг л гэж би дүгнэмээр байна. Энэ нь түүний фэнүүдэд сонирхолтой байдаг биз дээ, бодвол. Ерөөс хэн сайн бодож чадна тэр ашигтай гаргалгааг бий болгож байдаг.

-Номын хавтаснаас харахад л ямар нэгэн далдын зөн урин дуудах шиг мэдрэмж төрж байсан. Зохиолоо орчуулах явцад жинхэнэ “амт шимт” авч, зохиолдоо орох үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Түүний бүтээлүүдийг анх орчуулахад бүүр 2013 онд шүү дээ, 1Q84 гурамсан романы орчуулга дээр би өөрөө өөртөө асуулт тавьж байсан юм. Утга зохиолыг орчуулах процесс өөрөө яг юу юм, ерөөс орчуулна гэдэг боломжтой юу, яавал боломжтой болох юм, орчуулгын бүтээлүүд өөрөө иргэний утга зохиолд ямар нөлөөтэй болох, нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг юм гээд. Тэр үед миний хувьд Самүэл Смайлсийн “Өөртөө туслах ухаан”, Фүкүзава Юүкиичигийн “Эрдмийг эрхэмлэхүй”, Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл”, “Оросын тухай” гэх мэт түүхэн баримтат- уран сайхны болон, нийгмийн сэтгэл зүйн зохиолын орчуулгаас Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” хэмээх дэлхийн анхны хүүрнэл зохиол болох цэвэр утга зохиол руу урваж тэргүүн дэвтрийг нь 2008 онд хэвлүүлсэн, туршлагагүй орчуулагчдын хажууд бол туршлагатай орчуулагч гэгдэж байсан үе л дээ. Гэхдээ л орчин цагийн супер романчийн 1000 хуудастай энэ номыг, дэлхийд олон сая фэнтэй, ид нэрд гарч яваа том зохиолчийн том бүтээлийг зориглож барьж авч байсан тул сүрдэж байсан болохоор л ийм асуултуудыг өөртөө тавьж байсан байх.

Тэгээд яахав дээ, зохиолчийн санааг боломжит дээд хязгаараар баттай ойлгож байж түүнийгээ монгол хүнд эвтэйхэн ойлгомжтой буулгах, зохиолчийн өөрийнх нь хөг аялгуу, оюуны ёжлол, цанхаархал, дамшиглалыг хөл алдахгүйгээр мэдэрч буулгах, хэл болон соёлын үзэгдлээр нь дамжуулж утга зохиолын орчуулгын нормативыг сайн барьж орчуулах, уугуул эх зохиолыг нь монгол хэлээр дахин бүтээхэд чөмгөө дундартал сууж байж бүтдэг юм гэдгийг өөрийн биеэрээ ойлгож туулсан. Одоо бол “Илжиг модон худрагандаа” гэгчээр ертөнцийн бүхий л явдлыг арагш тавиад орчуулгын ажилдаа шамдаж байна даа. Ер нь орчуулгын ажил тэр дундаа утга зохиолын орчуулгын ажил нэг их түхэлзээд хаахраад байх ажил биш шүү дээ, яс сууж байж гараас гардаг, хариуцлагатай, үнэнч хүний л хийх ажил.

Миний үндсэн мэргэжил, бас Япон улсад Токиогийн боловсрол, соёлын их сургуульд таван жил суралцсан боловсрол, мэдлэг, чадвар дадал маань том бүтээлд хөл алдахгүй хэмжээнд намайг аваачсан байх. Миний бүтээлүүд дээр багш маань хамтарч ажиллаж зөвлөдөг. Японы Азийн их сургуулийн хүндэт профессор, монголч эрдэмтэн Койбүчи Шиничи багш маань юм.

Энэ зохиолын хувьд миний таньдаг Мүраками, намайг таньдаг түүний роман л угтсан. Танил хөг аялгуу, танил баясгалантай гоё чимхэлт, танил дуу алдалт бас танил зовлон. Үг өгүүлбэр бүрээрээ сэтгэл зүрх рүү орсон гоё ёо ёо (инээв).

Мүраками романаа бичихдээ нэг төсөөллийн шугам сэртхийтэл түүнд ороод ирдэг, түүнийгээ уран шувуу үүрээ засах мэт хэлтэрхий хэлтэрхийгээр нямбай гэгч нь цаг хугацаа зарцуулан байж өрж босгодог юм шиг байна. Түүнийгээ сурмаг гэгч нь уншигчдад тайлбарлаж өгөхийг бодно. Тархи толгой руу нь шингээж бат суухаар амттай зураглана даа. Маш уйгагүй, маш ухаалгаар. Бас хүнлэг, найрсаг, ялдам зөөлөн байхгүй бол болохгүй гэдгийг тэр тун сайн мэднэ. Би л өөрөө ойлгож байвал болоо гэсэн байдлаар ер хандахгүй, надад чамд, Жоржд, Дулмаад гээд дэлхийд тархан суусан фэнүүддээ зориулж шүү дээ.

Рихард Штраусын “ганц хогийн шүүрийг ч би хөгжмөөр илэрхийлж чадна” гэсэн бардамнал Мүраками дээр “харсан бүхнээ би үгээр зураглаж чадму” гэсэн цанхаархалаар солигдоод байна уу даа гэмээр. Эсхүл орчин цагт бүгд ухаалаг утсаар зураг дараад тайлбарлаж чадаж буйтай мөчөөрхөөд ч байгаа юм шиг зурагладаг тийм зохиолч, гэхдээ сонирхолтойгоор. Иймэрхүү л мэдрэмж надад төрдөг. Өнөөдөр ч тийм л байна.

-Эдгээр сайхан мэдрэмжүүдээс гадна орчуулах явцад тулгарч байсан хүндрэл, бэрхшээл юу байсан бэ?

-Энэ зохиолын нэг онцлог гэвэл бас л 1Q84 романы нэгэн адил бодит ба бодит бус ертөнцийн зааг дээр зохиолын гол баатар ирж очиж байдаг. Энэ хоёр ертөнцийн зааг хил хязгаар тун ч нимгэн, ялангуяа уншигчдын тархи толгой яг л төвлөрч уншихгүй бол болдоггүй тийм онцлогтой, тийм бүтэцтэйгээр Мүраками хийсэн. Дээр нь 1Q84 романд гардаг бодит бус ертөнцийн бодгалиуд little people –үүд “утас ээрэх мэт” хөдөлгөөнийг үг дуугүй, ярихгүйгээр үйлдэж байдаг бол энэ роман дээр яриад, хар хэллэгээр бол “жавжлаад” сууж байдаг. Идеи гэдэг нэртэй, 60 см өндөртэй, бас болоогүй торгон цэргийн хороон даргын төрхтэй, сэлэм унжуулчихсан хий бод. Хөгшчүүд ярьдаг даа, тэр хий юм чинь хачин өнгө хоолойгоор ярьдаг юм гэнэ лээ гэж. Хачин өнгө хоолойгоор ярина. “Таануус”, “тэгнэ гэж байхгүй”, “мань нь” гэхчлэн өвөрмөц үг хэллэгтэй, танхайдуу, орчин цагийн нийгмийн шинжлэх ухааны ойлголтуудыг өнөөгийн түвшинд ярина. Үүнийг буулгахад жаахан төвөгтэй байлаа. Зохиолд гардаг бодот хүмүүсийн үг яриаг буулгадаг байсан бол одоо хий сүг, хийбодын өвөрмөц яриаг буулгах болж байгаа юм. Үүгээрээ онцлог юм уудаа. Гэхдээ энэхүү санааны ертөнц нь бодит бус ертөнцийн дүр атлаа, заримдаа бодит энэ ертөнцийн дахин нэг өөр дүр ч гэмээр, давхар метафор гэж үүнийг хэлэх байх аа.Ер нь Мүраками Харүкигийн зохиол хэмээх худлын үйлдвэрлэл шинэ технологи, шинэ түүхий эд, шинэ бүтээмжээр ямагт хувирч өөрчлөгдөж, баяжиж байдгаараа онцлогтой л доо.

-Зохиолд гарч буй далдын, жигтэй зүйлс уншигчдын сонирхлыг татах нь гарцаагүй. Зохиолын “амин сүнс” нь таныхаар юу вэ. Уншигчид энэ зохиолоос ер нь юу “олж авах” вэ?

-Энэ романыг толь гэж бодвол та өөрийгөө заавал олж харах болно. Чиний хувь заяаг эргүүлээд байгаа зүйл чиний хувь тавилан гэхээс илүү хаа нэгтээ буй бурхан ч биш, чиний өөрийн үйл лай ч биш, эсвэл заяа тавилан ч биш, харанхуй нүх шиг нийгэм гэдгийг олж харах болно. Тэр нийгэм чамайг заримдаа зовоохгүй ч бас заавал жаргаана гэсэн теорем байхгүй, харин чиний өмнөөс хувь заяаг чинь шийдээд байдаг гэдгийг олж мэдэх болно.Энэ зохиолд “нүх” хэмээх өгүүлэмж онцгой байртай байгаа юм.

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Энэ роман хоёр дэвтэртэй, үүнийгээ дуусгах бодолтой. Бас дэлхийд нэрд гарч яваа THE HU хамтлагийн Гэрэг цомгийн 13 дууг япон хэл рүү орчууллаа. Хөгжмийн зохиолч Б.Дашдондогийн уран бүтээлүүдийн орчуулга дээр ажиллалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсад COVID19-ийн тав дахь тохиолдол бүртгэгдлээ

Монгол Улсад COVID-19-ийн тав дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар

“Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна.

Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн.

Одоогоор өвчтөний биеийн байдал нь тогтвортой байгаа талаар мөн өчигдөр бүртгэгдсэн Германаас ирсэн зорчигчоос тухайн иргэн нь хол суусан буюу ойрын хавьтал биш гэж үзэж байна” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, эрэлт, нийлүүлэлт хэвийн байна

хүнсний зах-н зурган илэрц

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолыг үндэслэн өнөөдөр зах худалдааны төвөөр худалдан борлуулж буй мах болон өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамжийн байдалд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад “Хүчит шонхор”, “Меркури”, “Баянзүрх”, “Амгалан”, “Хар хорин” зэрэг зах, худалдааны төвүүд хамрагдсан бөгөөд тэдгээрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой эрэлт, нийлүүлэлт хэвийн явагдаж байна.

Харин махны хувьд зэрэглэл чанараас шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байгаагаас гадна улирлын байдлаас шалтгаалж нойтон махны нийлүүлэлт багасаж, зоорь, нөөцийн мах худалдаалагдаж байна.

Бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар:

  • Үхрийн цул мах 10,000-16,500 төгрөг,
  • Үхрийн ястай мах 9,500-14,000 төгрөг,
  • Зоорины үхрийн мах 8,500 төгрөг,
  • Хонины цул мах 9,000-9,500,
  • Хонины ястай 8,500-13,500,
  • Ямааны ястай мах 6,200-7,200 төгрөг,
  • Алтан тариан дээд гурил 1,300-1,500 төгрөг,
  • Алтан тариан 1-р гурил 1,100-1,300 төгрөг,
  • Будаа 1 кг 2,500-3,500 төгрөг,
  • Элсэн чихэр 2,000-3,500 төгрөг
  • Монгол төмс 850-1,500 төгрөг,
  • Сонгино 2,500-4,500 төгрөгийн үнээр тус тус худалдаалагдаж байна.

Түүнчлэн нөөцийн махны хангалт хэвийн, чанар сайн, үнийн хувьд Засгийн газраас тогтоосон тарифаар худалдан борлуулж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оны эхний хоёр сард аюулт үзэгдэл, ослын улмаас 33 хүн амь насаа алджээ

Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар 2020 оны эхний хоёр сард аюулт үзэгдэл, ослын тохиолдол 709 болж, өмнөх оны мөн үеэс 200-гаар буюу 40% өссөн байна.

Үүнээс зөвхөн объектын түймэр л гэхэд 579 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 148-аар буюу 34% нэмэгджээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2020 оны эхний хоёр сард нийт 33 хүн амь насаа алдаж, 15 хүн түлэгдэж, бэртэж, өвчилсөн байна. Амь насаа алдсан шалтгаанаар нь харвал

  • объектын түймрийн улмаас 25
  • хүчтэй салхи, шуурганы улмаас 2
  • бичил уурхай, нурангийн улмаас 1
  • бусад золгүй явдлын улмаас 5 хүн тус тус амиа алджээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2020 оны эхний хоёр сарын байдлаар 346 гэр, байшин, орон сууц шатсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс шатсан гэр, байшин, орон сууцны тоо 95 буюу 38%-аар нэмэгдсэн дүн юм. Улмаар энэ хугацаанд 3.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 43.1 сая төгрөг зарцуулжээ.

Харин 490 хүнийг аварч, 12.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.