Categories
мэдээ нийгэм

Ням гарагт НӨАТ-ын сугалааны тохиролтой

НӨАТ-ын урамшууллын 2020 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 3 дугаар сарын 22-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны 02 дугаар сарын 01-29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Монгол цэргийн яруу алдар мандан бадартугай

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН

ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын иргэд ээ,

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд аа,

Энхийг сахиулагч-Цэнхэр дуулгатан дайчид аа,

Та бүгдэд туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр-Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол цэрэг улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үүргээ түүхийнхээ бүхий л үед нэр төртэй биелүүлэн төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж ирсэн ялгуусан уламжлалтай билээ.

Эдүгээ Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ энхийн бүтээн байгуулалтад оролцох, хүн амд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх үйлсэд хүндтэй гавьяа байгуулж байна. Монгол Улсын цэрэг, цагдаагийн цэнхэр дуулгатан дайчид улс түмний энх амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, эх орон, ард түмнийхээ алдрыг дуурсгаж байгааг Монгол Улсын Засгийн газар бахархан тэмдэглэж байна.

Монгол цэргийн баярын энэ өдөр нийт ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд, мөн хань ижлийнхээ амжилт, ололт бүрийг сэтгэл догдлон дэмжиж байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд баярын мэнд хүргэе.

Хүн төрөлхтөнд шинэ корона вирусийн тахлын аюул нүүрлэсэн энэ цаг үед цэрэг, цагдаа, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэрэг дайчид, нийт ажилтан, албан хаагчид Та бүхэн хариуцлага, сахилга зохион байгуулалтаараа ард түмнээ үлгэрлэн, эх орныхоо аюулгүй байдлын нүд, чих, бамбай нь болж ажиллана гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна.

Монгол цэргийн яруу алдар мандан бадартугай.

Монгол Улсын төлөө зүтгэе.

Categories
мэдээ нийгэм

АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 төгрөгөөр буурна

АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурч байгаа талаар АМГТГ-аас мэдээллээ.

Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Даваа гарагаас эхлээд хямдарсан үнэтэй шатахуунууд орж ирж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаар АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар хямдарч орж ирж байна. Ингэснээр шатахууны үнэ литр тутамдаа 120-130 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн ч ханшийн нөлөөгөөр 70-80 төгрөг нь хасагдахаар байгаа. Иймд 50 орчим төгрөгөөр буурах болж байна” гэлээ.

Дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул одоогоор үнэд өөрчлөлт орохгүй аж. Өнөөдөртөө багтаад бүх ШТС-ууд үнээ буулгана гэдгийг мөн нэмж хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөлд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан байна.

Визийн ангиллыг хуулиар бус Засгийн газар тогтоох, ингэхдээ үндэсний аюулгүй байдлыг бататгах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих гэсэн эрх ашгийн эрэмбийг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлахыг эрх олгосон заалтад тусгаж, визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг тусгажээ.

Мөн Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг төсөлд шинээр тусгасан байна.

Түүнчлэн Виз мэдүүлгийн төв байгуулах, ажиллуулах зохицуулалт шинээр тусжээ. Визийн төв ажиллуулснаар виз олгож буй техник ажлыг дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хариуцахгүй болж, хэмнэсэн цаг, хүн, хүчийг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд түлхүү чиглүүлэх боломж үүсэх юм.

Төсөлд нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн этгээдийг улсын хилээр оруулахгүй байх, дээрх өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах тухай болон хуулийн нэр томъёог жигдлэх, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Олонлог” сургууль “Өдрийн сонин”-той хамтран математикийн улсын эчнээ III уралдаан зарлалаа

Image result for mathematics

Нэрт нийтлэлч Ж.Гангаа агсан анх санаачлан “Өдрийн сонин”-оос “Олонлог” сургуультай хамтран Математикийн эчнээ улсын уралдааныг зарлан явуулж байсан. Манай сониноос дэлхий даяар “covid-19” цар тахал гарсантай холбогдуулан сурагчид гэртээ урт хугацаагаар байгаа цагийг үр бүтээлтэй зарцуулахад анхаарч 3 дахь удаагийн Математикийн эчнээ улсын уралдааныг зарлаж байна. Уг уралдааны бодлогууд өнөөдрийн “Өдрийн сонин”-д хэвлэгдэн гарлаа. Математик сонирхогч хүүхэд багачууд уг уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Уг уралдаанд дунд сургуулийн нэгээс 12-р ангийн сурагчид оролцон өрсөлдөх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг: Их, дээд, ЕБС, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг судалж байна

Image result for Ё.Баатарбилэг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “АШУҮИС-ийн дэргэдэх Монгол, Японы эмнэлгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилаа. Сүүлийн өдрүүдэд энэ эмнэлгийг хувьчлах гэж байна гэсэн буруу мэдээлэл их цацагдлаа. Өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж ирж байгаа учраас ажлын хэсэг гаргана. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай байгааг Сангийн яам шийдвэрлэнэ. Цаашдаа асуудал гарахгүй. Тус эмнэлгийн дүрс оношилгоо, дуран, амбулатори, уламжлалт анагаах ухааны лабораториуд ажиллаж байгаа. Хүчин чадлаар нь ашиглах 14 тэрбумын асуудлыг Дэлхийн банк шийдсэн” гэлээ. Мөн их, дээд болон ЕБС, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг БСШУСЯ судалж байгаа аж. Эрүүл мэндийн яам, нийслэл, орон нутгийн сургуулиудаас саналыг нь сонсч энэ баасан гаригт УОК-ын хуралдаанд оруулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Өсвөрийн аврагч” бүлгийн ажиллах заавар батлагдлаа

Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгийг байгуулсан.

Хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байна.

Тэгвэл “Өсвөрийн аврагч бүлгийн ажиллах заавар”-ыг боловсруулан батлуулаад байна.

“Өсвөрийн аврагч” бүлэг нь болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөригөө болон бусдыг авран хамгаалах, анхны туслам үзүүлэх мэдлэг чадварыг сурагчдад эзэмшүүлэх замаар аюулгүй амьдрах ухаан хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг арга юм. Бүлгийн үйл ажиллагааг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар дэмжлэг үзүүлж сурагчдыг сургалтад хамруулах, мэргэжлийн заавар, зөвлөмжийг олгон хамтран ажиллах, нэгдсэн удирдлагаар ханган, чиглүүлж ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжин, Эрээн хот руу зорчих иргэдийн анхааралд

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтанд оруулах зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн хилийн чанадаас Бээжин хотод ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчийг өөрийнх нь зардлаар төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлан ажиглах шийдвэрийг Бээжин хотын захиргаанаас гаргажээ.

Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай зарим зорчигчийн асуудлыг сайтар шалган нягталсны дараа гэрийн хорионд тусгаарлан ажиглах ажээ.

Харин өвчний байдлаа нуун дарагдуулах, мэдүүлэг, мэдээллээр буруу хангах, бусдад халдварлан тархаасан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг хатуу анхааруулжээ.

Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод ирж буй дотоод, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тавих хяналтыг сайжруулах зорилгоор тус хотод зорчин ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Турк улсаас монгол иргэдээ авчрахаар онгоц хөөрлөө

Бүгд Найрамдах Турк Улсаас монгол иргэдээ авчрахаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө буюу 03 дугаар сарын 18-ны өглөө “Чингис хаан” ОУНБ-аас хөөрлөө.

Улсын онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан. Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллана.

Нислэгээр мөн 102 зорчигч явсан бөгөөд экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч, экипажийн бүрэлдэхүүнийг Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу 14 хоног тусгаарлах юм байна

Categories
мэдээ спорт

NBA-гийн тоглогч Кевин Дюрант болон багийнх нь гурван тамирчнаас коронавирусийн халдвар илэрчээ

Брүүклин Нэтс багийн дөрвөн тамирчин коронавирусийн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тэдний нэг нь алдарт тамирчин Кевин Дюрант бөгөөд бусдынх нь нэр хараахан тодорхой болоогүй байна.

Шинжилгээгээр халдвартай нь тогтоогдоод буй дөрвөн тамирчны нэгнээс нь өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд гурав нь одоогоор ямар нэгэн зовуурьгүй байгаа аж. Одоогоор тамирчид багийнхаа эмчийн хяналтад тусгаарлагдаад байна. Түүнчлэн тэдний хамгийн сүүлд харилцсан хүмүүсийг тодруулахаар ажиллаж байгаагаа Брүүклин Нэтс багийнхан гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Тус багийн дөрвөн тамирчнаас коронавирус илэрснээр халдвар авсан NBA-н тоглогчийн тоо долоо боллоо. Өмнө нь Юта Жазз багийн Донован Митчелл, Руди Гоберт болон Детроит Пистонс багийн нэр нь тодорхойгүй байгаа нэг тамирчнаас илрээд байв.

Анхны тохиолдол болсон Юта Жазз багийн тамирчин Руди Гобертоос коронавирус илэрснээр Америкийн сагсан бөмбөгийн холбооноос улирлын тоглолтуудыг түр зогсоох шийдвэр гаргасан юм.