Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Н.Жавзмаа оролцохоор сонгогджээ

Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Монгол Улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Н.Жавзмаа оролцохоор сонгогджээ. Уулзалт нь ирэх 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд ХБНГУ-ын Линдау хотод Салбар дундын судалгааны (Interdisciplinary) чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд 35 хүртэлх насны 650 шилдэг залуу судлаачид, оюутнууд болон хими, физик, анагаах ухаан-физиологи, утга зохиолын чиглэлээрх Нобелийн шагналт 70 эрдэмтэн оролцох юм байна.

Манай улсаас Линдаугийн уулзалтад жил бүр шилдэг залуу эрдэмтэн судлаач нар сонгогдон оролцдог уламжлалтай.

Cүүлийн жилүүдийн байдлаар:

  • 2019 онд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Жаргалан,
  • 2018 онд АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул,
  • 2017 онд МУИС-ийн багш, залуу судлаач Ж.Рагчаа,
  • 2016 онд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяа,
  • 2015 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын мэргэжилтэн Б.Отгонсувд нар сонгогдон оролцжээ.

Уулзалтын үеэр залуу судлаачид маань Нобелийн шагналтнуудын илтгэлүүдийг сонсон, тэдний туршлагуудаас суралцахын зэрэгцээ харилцан ярилцах, мөн өөрсдийн судалгааны дүнгээс Нобелийн шагналтнууд болон бусад оролцогчдод танилцуулан илтгэдэг юм.

Линдаугийн Нобелийн шагналтнуудтай хийх уулзалт нь 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдон оролцож байгаа залуу судлаачдад Нобелийн шагналтнуудтай уулзан харилцаа тогтоох, тэднээс суралцах, туршлага солилцох зэрэг боломжуудыг олгодгоороо онцлогтой.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах саналтай байна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг сунгах эсэх асуудлаар ЭМЯ-ны саналыг авахаа мэдэгдэж байсан. ЭМЯ-наас дөрөвдүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ нь гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж үзжээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн хорио цээрийн хязгаарлалтын хугацааг сунгах саналаа маргааш Улсын онцгой комиссын хуралдаанд оруулна шийдвэрлүүлэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тахлын үеийн эдийн засаг

Хүмүүс үхэхээс жигтэйхэн их айдаг. Энэ их айдсыг нь ашиглаад ямар ч дэг журмыг тогтоож болж байна. Товчхондоо тахлын үеийн эдийн засгийг тоглож, ойлгож, ер яаж ч хөрвүүлж болдгийг энэ мэтхэнээс харчихаж болно. Эрх баригчид үүнийг хий дэмий хоосон улс төрдөө ашиглаад өнгөрвөл ямар ч хэрэггүй, түүний оронд улс оронд хэрэгтэй зүйл ялангуяа эдийн засгаа өөд татах, мөн шинэ ёс заншил бий болгох зүйлд ашиглавал боломж их гарах бололтой байна. Уул уурхайн бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх, олны төлөө гэсэн том төслүүдэд боломжтой бүхнийг шигтгэх гэж ирээд яривал их л олон төслийг амжилттай гүйцэтгэх боломж гарна. Эдийн засгаа өөд татах тухай Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дээр хувийн хэвшлийн төлөөний байгууллагууд, хувийн эрх ашгаа хамгаалах төрийн бус байгууллагууд цуглаж, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлаар өчигдөр санал солилцсон юм.

Коронавирус өнөөдрийн байдлаар 150 гаруй оронд тархсантай холбоотой улс орнууд яаралтай эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайн зөв цаг үед нь арга хэмжээг авч ажлын байрыг хадгалах, эдийн засгаа хамгаалах, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авахгүй бол үүнээс үүсэх хор хохирол асар их байдаг аж. Тиймээс улс орнуудын төв банк болоод Засгийн газрууд арга хэмжээг түргэн шуурхай авч, үүнийгээ нийтэд ил тод зарлаж байгаа аж. Өнөөдөр Монголын эдийн засаг хүндрэлтэй байдалд ороод байгаа билээ. Танхим нийтдээ 1100 гаруй бизнес эрхлэгчдээс судалгаа авсан гэж танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин онцолсон юм. Энэ судалгаанаас үзэхэд нийт бизнес эрхлэгчдийн 88 орчим хувьд нь “Covid-19” вирусээс үүдэлтэй томоохон хохирол хүндрэл учраад байна гэсэн дүр зураг ажиглагджээ.

Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал “Иргэдийн болон бизнес эрхлэгчдийн зүгээс хүлээлт өндөр байна. Санал асуулгаас үзвэл банкны зээл бол бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа дарамтын 60-аад хувийг эзэлж байгаа нь харагдсан. Банкуудын холбоо энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Төр засгийн удирдлагуудтай уулзаж байна. Монголбанктай хоёр, гурван удаа уулзаж эхний байдлаар Монголбанкны зүгээс нааштай арга хэмжээнүүд авлаа. Банкны өөрсдийн хийж чадах зүйлийн хүрээнд одоо хийгдэж байгаа энэ зүйлүүд бол үнэхээр хүндрэл учирчихсан. ААН-үүд зээлийн эргэн төлөлтөө гүйцэд хийж чадахгүй байгаа тохиолдолд тухайн банкиндаа хандаад энэ асуудлаа шийдүүлж болно. Дүрэм журмынхаа хүрээнд ийм бүтцийн өөрчлөлтийг нь хийгээд хугацаааг нь өөрчлөх гэх мэт асуудлыг шийдэж болдог юм. Тэгэхээр тэр нь бол хийгдэж байгаа. Хүндрэлтэй юм нь гэвэл хэрвээ тэр зээлийнх нь бүтцийг өөрчлөөд ирэхээр Монголбанк, Сангийн яамны хамтарсан тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тэр шаардлагуудын хүрээнд сангуудыг нь байгуулахаар зардал нь нэмэгдэнэ. Зээлдэгчдийг бол бүтэц өөрчлөгдсөн зээл гээд Монголбанкны мэдээллийн санд мэдээлнэ гэх мэтчилэн хүндрэлтэй байдлууд үүсдэг. Ийм нөхцөл байдалд Сангийн яам, Монголбанкинд хүсэлт тавьчихаад байгаа. Журмынхаа тодорхой заалтуудыг тодорхой хугацаанд түдгэлзүүлэх, эсвэл хойшлуулж өгөөч гээд төр засагтаа тавьчихсан байгаа. Энэ хэрвээ нааштай шийдэгдчих юм бол банкуудын зүгээс бас нааштай алхмуудыг хийх боломжтой гэж харж байгаа. Нийт банкны салбарт 55 хууль, 69 журмын хүрээнд хязгаарлалтууд тавигдчихсан байдаг. Тэгэхээр маш их дүрэм журмын хүрээнд арилжааны банкууд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ журмуудыг тодорхой хэмжээнд зөөллөөд өгөх юм бол бусад арга хэмжээг нааштайгаар шийдэх боломжийг бүрдүүлж өгөх байх.

Олон улсын байдлыг харахад Засгийн газрын болон төв банкных нь зүгээс маш хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлжүүлэх, Засгийн газраараа дамжуулж цалин орлогогүй болсон компаниудын ажиллагсдын цалинг олгох, тэр ажилчдынх нь ажлын байрыг хадгалахын тулд тухайн хүмүүст зориулж дамжуулан зээлжүүлэх гэх мэт Засгийн газрынх нь зүгээс тодорхой арга хэмжээнүүд авч байгаа учраас энэ тал дээр засаг төрийн зүгээс одоо ажиллахгүй бол эдийн засгийн нөхцөл байдал таагүй байна шүү, цаашид ч нэлээд хүндрэхээр байна гэдгийг хэлэхээс аргагүй. Сангийн сайдын яриад байгаа шиг унаад сэргэчих эдийн засаг биш болчихлоо шүү. Олон улсад U ship гэж ярьж байгаа ч гэсэн одоо бол L ship болчихлоо. Тэгэхээр энэ тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр МҮХАҮТ-тай нэг саналтай байгаа учраас үүн дээр дэмжиж оролцож байна” хэмээн ярьсан юм.

Энэ бол манай албан ёсны модон хэлээр эдийн засгаа яах тухай хэлэлцсэн байдал. Тэгвэл яг амьдрал дээр хүмүүс тахлаас айх айдас их байгаа талаар эхэнд дурьдсан. Энэ айдсаар дамжуулаад эдийн засгийг улс оронд ашигтай байдлаар өөрчилж болж байна. Тухайлбал, хүмүүсийн эсэргүүцээд хөдлөгдөггүй уул уурхайн том төслийг явуулж эхлэх. Шинэ эдийн засгийн эрс өөр концесс эхлүүлэх гэх мэт. Мөн хүмүүст энэ онцгой байдлын үед шинэ ёс заншил дадал сургаж хэвшүүлбэл болно гэж дээр дурдсан. Тэгвэл яг юу хийвэл болох вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Хүмүүст ямар ч эерэг ач холбогдолгүй баар цэнгээний газар, караоке зэргийг хаалттай байлгах. Сүүлийн гучин жил монголчууд баар караокегаар амьдарлаа. Хэрэв бид ингэж амьдраагүй бол бидэн шиг эрүүл чийрэг хүн дэлхий дээр байхгүй байх байсан болов уу. Тэгвэл бид одоо ямар байгаа билээ, архины хамааралтай, хүнтэй халамцуу ярилцахгүй л бол хоорондоо нээлттэй харилцаж чадахаа байсан, тавь хүрэхгүй хорт хавдрын үүр болоод үхэцгээж байна.

Ямар ч хэрэггүй бие биендээ гайхуулах эгондоо хөтлөгдөн гадаад дотоодод дэмий сэлгүүцдэгийг нь хориглох. Гадаадад амьдрах нь цаашдаа мухарддаг гэдгийг шинэ үеийн монголчууд одоо ойлгодог болсон. Зүгээр л хүний нутагт цагаачлан амьдарсан нийгмийн даатгалын ямар ч хамгаалалтгүй илүүдэл иргэн болж үлддэг. Бид гадаадад цагаачлаад тэнд ажиллаж амьдраад баяждаг бол баяжих болсон, хөгждөг бол хөгжих болсон. Бид дотоодоо муулсан гадаадын хэдэн цагаачтай болсноос өөр ямар ч нэмэр болсонгүй, ядахдаа тэд нь тэндээ нийгмийн хамгийн доод давхаргад амьдардаг болохоор яах ч билээ.

Элдвийн олныг хамарсан тоглолт цэнгүүнийг хориглож хаасан хэвээр нь байлгаж, импорт нэрээр элдвийн ууж идэх юманд доллар зарцуулдаггүй болох. Ядахдаа тэр импортын хүнс гээд байгаа юм нь сахарын өндөр агууламжтай, таранс тостой Е тэмдэглээстэй зүйл байхыг нь яана. Зүгээр хор авч ирээд бие биенээ шулаад байдгийг нь болиулах.

Архи согтууруулах ундааг бүрмөсөн хориглох, найр наадам, баяр цэнгэл нэрээр цуглаж архиддагийг нь бүрмөсөн зогсоох гэх мэт арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй байна. Бидний баяр бол үндэстний эсрэг зориуд бодож олсон юм шиг хорлонтойгоор их хэмжээгээр архидах, тос өөхтэй хурц хоол унд хэт их идэх зэргийг энэ үхлээс айх айдсаар нь дамжуулж болиулах хэрэгтэй юм. Бас бидний нэг буруу тийшээ яваад байгаа зүйл бол энэ баяр цэнгэлийг нүсэр тэмдэглэх явдал. Захын “дурак” нь ургийн баяр хийнэ гээд хамаатан саднаа цуглуулаад архин далайд ах дүүгээ шумбуулдаг болсон. Хэн их гүн архинд шумбуулна, тэр хамгийн сайн нэртэй байхыг нь яана гээч. Иймэрхүү хүн төрөлхтнөөс гажсан буруу зан заншлыг энэ тахлаар дамжуулан болиулах хэрэгтэй байна. Маркесын “Тахлын үеийн дурлал” гэгчээр тахлын үеийн эдийн засаг гэж иймэрхүү юм байх хэрэгтэй болов уу.

Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: Монгол Улсын иргэн орон нутгаа хамгаалах томилгоот үүрэгт бэлэн байх ёстой

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль иргэний “Эх орноо хамгаалах” Үндсэн Хуулийн заалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлдэг хууль. Энэ хуулийн ажлын хэсэгт та байсан. Ер нь уг хуулиар ямар харилцааг зохицуулдаг юм бэ?

-Энэ хуулийн зорилго бол улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хамгаалалтын зарчим болон зохион байгуулалт, үндсэн арга хэмжээ, орон нутгийн хамгаалалтын нөөц, төлөвлөлт, сургалт, удирдлага зэрэг асуудлуудыг энэ хуулиар зохицуулна. Энэ хууль батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, тэр дундаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яам зэрэг бие бүрэлдэхүүн үндсэн чиг үүргээ гүйцэтгэхээс гадна, үүнд иргэд, аж ахуйн нэгж зэрэг тал бүрийн оролцоог бэхжүүлэх, нэмэгдүүлэх, залуу хойч үе, иргэдийн цэрэг, эх оронч үзлийг бэхжүүлэхэд энэ хуулийн амин сүнс оршдог.

-Сум дүүрэгт орон нутгийн хамгаалалтыг энэ хуулиар хэн зохион байгуулдаг вэ. Хуульд зааснаар ямар арга хэмжээ авдаг вэ?

-Орон нутгийн хамгаалалтын удирдлагыг УИХ-ын бүрэн эрх, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Засгийн газрын бүрэн эрх, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх зэрэг хэсгүүдэд хувааж, удирдлагыг зохион байгуулж байгаа. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Батлан хамгаалах яамны эрхлэх ажлын хүрээнд асуудлуудыг тусгаснаас гадна, орон нутгийн түвшинд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар буюу аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд тусгаж өгснөөр энэ үйл ажиллагаа зохицуулагдаж байгаа юм.

Аймаг нийслэлийн Засаг дарга орон нутгийн хамгаалалтын талаарх хэрэгжүүлэх бүрэн эрхэд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулна. Мөн аймаг нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах ажлыг удирддаг.

Түүнчлэн сум дүүргийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг батлах, орон нутгийн хамгаалалтын хүч хэрэгслийг томилгоожуулах, хамгаалалтын нөөцийг бүрдүүлэх, иргэн хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, техник материал хэрэгслийг даалгаваржуулах зэрэг ажлыг орон нутгийн буюу аймаг нийслэлийн Засаг даргын түвшинд шийдвэрлэж байгаа.

-Орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг хэрхэн зааж өгсөн бэ?

-Томилолт нэгжийн бүрэлдэхүүн болон ажилтныг үүрэг гүйцэтгэх боломжоор хангах, орон нутгийн хамгаалалтын сургалт зохион байгуулалт, бусад арга хэмжээнд хамруулах, аймаг нийслэлийн Засаг даргаас тогтоосон даалгаврыг биелүүлэх, төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгэх зэрэг нь хуулийн этгээдийн үүрэг болж тусгагдсан.

-Иргэний үүрэг нь юу байдаг вэ?

-Монгол Улсын иргэд орон нутгаа хамгаалахад орон нутгийн хамгаалах, томилгоот үүргээ биелүүлэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Түүнчлэн томилгоот үүргээ гүйцэтгэх, сонор сэрэмжтэй байх, аюул заналын талаар холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдээлэх, орон нутгийн хамгаалалтын сургалтад идэвхтэй оролцох зэрэг ажлыг иргэний үүргийнхээ хүрээнд хуулиар хийхээр байгаа.

-Тайван цаг болон дайны цагт энэ хууль хэрхэн үйлчилдэг вэ?

-Орон нутгийн хам-гаалалтын үндсэн арга хэмжээг хоёр хэсэгт хувааж байгаа. Нэгдүгээрт, энэ хуулийн 8.2-т зааснаар орон нутгийн хамгаалалтын тайван цагийн үндсэн арга хэмжээ, 8.3-т орон нутгийн хамгаалалтын онц болон дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээ гэж хоёр хэсэгт тусгасан байгаа. Тайван цагт эдийн засаг, нийгмийн бие даасан тогтвортой хөгжлийг хангах, орон нутгийн хамгаалалтыг төлөвлөх, нөөцийг бүрдүүлэх, бэлтгэл хангах, зохион байгуулах, аливаа уламжлалт бус аюулаас хамгаалах, иргэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, иргэний эрүүл мэнд, боловсролыг дэмжих зэрэг үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна. 8.3-т заасан орон нутгийн хамгаалалтын дайны үеийн үндсэн арга хэмжээ, онц байдлын үеийн арга хэмжээтэй адилхан. Дайны үеийн үндсэн арга хэмжээ нь орон нутагт онц болон дайны байдлын үед тогтоосон дэг журмыг сахиулах, орон нутгийн хамгаалалтын томилгоот хүч хэрэгслийг эмхлэн байгуулах, иргэд Засаг захиргаа эдийн засаг нийгмийн чухал объектыг хамгаалах, дайсан этгээдийн тагнуул, хорлон сүйтгэх террорист бүлэгтэй тэмцэх, Зэвсэгт хүчний цэргийн нэгтгэл, анги байгууллага, салбарын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшиг, хөнөөх эрсдэлийн нөлөөнөөс иргэд, эд хөрөнгийг авран хамгаалах, хүн амын амьжиргааны зайлшгүй хэрэгцээт зүйлийг хангах зэрэг үйлсийг иргэд дайны болон онц байдлын үед авч хэрэгжүүлнэ гэж заасан.

-Одоогийн коронавирусийн нөхцөл байдалд энэ хуулийн зохицуулалт үйлчлэх үү. Монгол Улсын урьдчилан сэргийлэх болон гамшгийн асуудал дээр яаж ажиллах вэ. Энэ хүрээнд уг хууль үйлчлэх үү?

-Өнөөгийн нөхцөл байдал гамшгаас хамгаалах тухай хуулиар тэр дундаа нөхцөл байдлыг хэд хэдэн хэлбэрээр тогтоож болно. Онц байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба зэрэг төрийн захиргааны байгууллагууд нь төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд нь нэгдүгээрт, өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал зэрэг нөхцөл байдалд энэ хууль үйлчилнэ. Тэгэхээр гамшгаас хамгаалах хуулийн өндөржүүлсэн бэлэн байдлаар өнөөгийн нөхцөл байдал зохицуулагдах юм.

Гэвч Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн зарим зохицуулалт коронавирусийн асуудлыг зохицуулахад хэрэглэгдэж болохуйц байгаа. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдал Орон нутгийн хамгааллын хуулийн хооронд уялдаатай журам гаргаж, үүнийг нарийн зохицуулах шаардлагатай.

-Орон нутгийн хамгаалалт зэвсэгт хүчний үйл ажиллагаатай хэрхэн уялддаг вэ. Улс, цэргийн дайчилгааны бодлого, төлөвлөгөөг тусгадаг уу?

-Хуулийн үйлчлэх хүрээ болон хуулийн зарчимд тусгагдсан байгаа. Орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомж нь Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад хэсгээс бүрдэнэ. Түүнчлэн батлан хамгаалах тогтолцооны нэгдмэл байдлыг хангахад орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй хууль байгаа. Орон нутгийн хамгаалалтын зарчим нь төрийн удирдлагын хяналтад байх батлан хамгаалах бодлогод нийцэхээс гадна, уламжлалт ба уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэхийг нэн тэргүүнд тавьж, нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагддаг үйл ажиллагааг зохицуулж байгаа. Мэдээж зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хэсэг биш зэвсэгт хүчний гадна байгаа буюу орон нутагт байгаа аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс, иргэдийг улсаа батлан хамгаалах үйлсэд оролцоход зориулагдах хүчийг зохицуулах зорилготой хууль юм. Тэгэхээр улсын хэмжээнд орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг болон үйл ажиллагааг зохион байгуулах нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж байгаа боловч, орон нутгийн түвшинд аймаг нийслэлийн Засаг дарга удирдан зохион байгуулахаар өөрөөр хэлбэл иргэдийн цэрэг, эх оронч үзлийг дэмжсэн, иргэдийн оролцоот батлан хамгаалах бодлогын амин чухал хэсэг гэж харж болно.

-Орон нутгийн хамгаалалтын сургалт хууль батлагдсанаас хойш зохион байгуулагдсан уу. Орон нутгийн хамгаалалтын сургалтыг хэн хариуцдаг вэ?

-Хуулиараа чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтан, иргэд, хуулийн этгээд орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийг бэлтгэх зорилгоор аймаг нийслэлийн Засаг дарга шат дараалсан сургалтыг зохион байгуулж явуулна. Сургалт нь дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагдахаар хуульд туссан. Энэ бол аймаг нийслэлийн Засаг даргын болон орон нутгийн томилгоот нэгжийн удирдах бие бүрэлдэхүүн бусад албан тушаалтны сургалтуудыг дөрвөн жил тутамд нэг удаа цугларалтаар зохион байгуулна. Тэгэхээр энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2018 оны зургадугаар сарын 27-ноос хойш жил гаруйн хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргын удирдлагаар ийм сургалт зохион байгуулагдаж эхэлсэн байх учиртай.

Categories
мэдээ цаг-үе

А.Цэрэнбат: Дарханы замаа тавьж чадахгүй байж юун тэнгэрийн зам бэ

– КОМПЬЮТЕР МЭДЭХГҮЙ ХЭДЭН САЙД Л НИЙТ ЗАЛУУСЫГ УДИРДАЖ БАЙНА –

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбаттай ярилцлаа.


-Та Дарханы замд хохирсон зорчигчидтой хамт ЗТХЯ-ыг шүүхэд өгч, хариуцлага хүлээлгэнэ гэж байсан. Энэ юу болсон бэ?

-Би өөрөө Дарханы замын нэг хохирогч юм. Энэ замаар зорчихдоо хоёр ч удаа автомашиныхаа дугуйг хагалсан. Дугуйгаа хагалчихаад зогсож байхад машин осолдож, хүмүүс бэртэж гэмтэж, дугуй нь буудаад шатсан тохиолдлууд ч гарч байв. Судлаад үзэхэд Автозамын тухай хуулийн аравдугаар бүлэгт “Хэрэв замын нөхцөл байдлыг нь сайжруулаагүйгээс болж иргэд хохирох юм бол төр хариуцна” гэсэн заалт байсан. Энэ нь Зам тээвэр, хөгжлийн яам болж таарч байгаа юм. Найз, нөхдийн хүрээлэлд маань л гэхэд Дарханы замд хохирсон 20-иод хүн байна. Бид энэ асуудлаар хоёрдугаар сарын 13-нд хэвлэлийн хурал хийсэн. Түүнээс хойш Дарханы замд хохирсон иргэд нэмэгдсээр 300-аад хүн нэгдээд байна. Биднийг гурван өмгөөлөгч сайн дураараа дэмжиж, хамтран ажиллаж байгаа.

ЗТХЯ-нд хүмүүс гомдол гаргахад сайд нь “Та бүхний ярьж байгааг хэн нотлох юм бэ” гэсэн. Гэтэл бидэнтэй нэгдсэн 300 хүний бодит хохирол л гэхэд нийтдээ 200-гаад сая төгрөгт хүрч байна. Бид нотлох баримтуудаа шүүхэд өгсөн. Дарханы замыг хааж, түр замаар явах болсноос хойш тэнд 14 хүн нас барж, 140 авто осол бүртгэгджээ. Энэ зөвхөн цагдаагийн газарт бүртгэгдсэн нь. Гэтэл цагдаад бүртгэгдээгүй нь тэрнээс ч их. Өдөрт хамгийн багадаа 20 болон түүгээс дээш тооны осол тэр замд гарч байна. Тиймдээ ч бид Засгийн газар иргэдэд учирсан энэ хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаа.

Дээрээс нь коронавирусийн дэгдэлт их байгаа энэ үед ЗТХ-ийн сайд Европын нислэгийг хаагаагүйн улмаас халдвар авсан франц иргэнийг оруулж ирсэн. Түүнийг 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорионд ч оруулж чадаагүй. Үүнээс үүдэн бид улс даяараа хөл хорионд орж, хэдэн тэрбумын алдагдалд орсон. Бизнес эрхлэгчдэд энэ үйл явдал маш хүндээр туслаа. Энэ бол ЗТХ-ийн сайдтай тооцох хоёр дахь хариуцлага мөн.

-Засгийн газраас “Тэнгэрийн зам” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-“Тэнгэрийн зам” төслийг 800 сая ам.доллар буюу хоёр их наяд төгрөгөөр хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Энэ нь манай улсын нийт төсвийн 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Энэ их мөнгөөр стандартын дагуу 3000 км автозам барих боломжтой. Гэтэл үүгээр 6-12 м өндөрт 13 км урттай гүүрэн байгууламжийг барина гэж байна. Дарханы 200 км автозамаа тавьж чадахгүй байж юун тэнгэрийн зам бэ. Бид Дарханы замыг шинээр хийх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Харин хийхдээ бодлогын алдаа гаргасан, менежмэнтийн гүйцэтгэл дээрээ хяналт тавиагүй, хяналт тавьдаг компаниуд нь бүгд алдаа гаргачихсан. Энэ хариуцлагагүй байдлаас иргэд хохирч байгаа учраас л бид бухимдаж байгаа юм.

-“Тэнгэрийн зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувиар буурна гэж үзэж байгаа юм билээ. Энэ бодитой байж чадах уу?

-Би АНУ-д хот төлөвлөлтийн чиглэлээр мастераар сурч байгаа. АНУ-д болон дэлхийн хөгжилтэй орнуудад хүн амын нягтрал, түгжрэлийг шийдэхдээ тэлж, захын хорооллуудаа хөгжүүлж байна. Захын дүүргүүддээ хотын төвд байдаг бүхий л үйлчилгээний төвүүдийг нээдэг. Ажлын байр, хүүхдийн сургууль цэцэрлэг ч үүнд багтана. Гэтэл манай улсын захын хороололд кино театр, номын сан, сайн үйлчилгээтэй сүлжээ дэлгүүр, усан бассейн, спорт цогцолбор, бизнесийн төвүүд алга. Энэ асуудлыг анхаарч харах нь тун чухал.

Ер нь ч тэгээд зам барих тусам машин нэмэгдэж, түгжрэл улам ихэсдэг, хэзээ ч буурдаггүй. Харин нийтийн тээврийг хэгжүүлэх нь түгжрэлийг бууруулах нэг арга мөн. Нийтийн тээвэр ариун цэврийн шаардлага хангасан, цагийн хуваарийн дагуу ажилладаг, түгжирдэггүй байх хэрэгтэй. Улаанбаатарт 1500 автобус шаардлагатай ч одоогоор 500 орчим л явж байгаа байх. Энэ мэт дотоод зохион байгуулалтаа зөв хийх хэрэгтэй. Тэнгэрийн зам гэх энэ төсөл бол сонгууль угтсан популизм, мөнгө угаах гэсэн л арга. Тиймдээ ч иргэд шүүмжлэнгүүт “Бид энэ төслийг зүгээр л танилцуулсан юм. Энэ Засгийн газрын бодлого биш” гэж байна лээ. Ийм арчаагүй байж болохгүй л дээ. Гаргасан шийдвэртээ хатуу зогс, эсвэл ийм тэнэг шийдвэр битгий гаргаж бай. Эхлээд сайн судал, төлөвлө.

-Хэрэв зээ хэрэгжүүлэхээр болвол бүтээн байгуулалтад хэр хугацаа шаардагдах бол?

-Эхний ээлжинд энэ төсөл хэрэгтэй юү, хэрэггүй юү гэдгийг судлах шаардлагатай. Одоо Засгийн газар “Бид нар мэдэхгүй. Нэг компани л хийнэ. Бид зүгээр л дэмжсэн юм” гэнэ. Энэ бол солиорол. Нийслэлийн нэг сая 300 мянган хүний эрх ашгийг хөндсөн ийм том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм бол төр оролцож, шийдвэр гаргах ёстой шүү дээ. Замын ачаалал, стандарт гээд төрын оролцох асуудал бий. Гэтэл бид мэдэхгүй гээд сууж байна. Тэгвэл энэ хотод хэн дуртай нь янз бүрийн үйл ажиллагаа явуулаад байж болох юм уу. Энэ мега төсөл дээр аюулгүй байдал, стандарт гээч зүйл байх ёстой шүү дээ. Нийслэлийн иргэдийн саналыг ч үүндээ авах тусгах ёстой юм.

-Нөгөө талаар коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор эдийн засагт сөрөг үр дагаврууд бий болж эхэлж байна. Энэ хүнд үед 800 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх нь хэр зохистой юм бэ?

-Тиймдээ ч энэ төслийг цааш үргэлжлүүлэх эсэх асуудлаар иргэдээс санал асуулга авах хэрэгтэй. Тэнгэрийн зам төслийг хэрэгжүүлэх үү, эсвэл хөрсний бохирдол тун удахгүй хөндөгдөх энэ үед гэр хорооллынхны өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэх үү гэдгийг асуух ёстой юм. Өнөөдөр төр нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг, үйлчилдэг, иргэддээ дэмжлэг үзүүлдэг болсон. Харин манайд өөрсдийгөө ухаантай гэж бодсон хэд нь төрд гарч суучихаад иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хөндөхгүй, зүүдэлсэн зүүдээ шийдвэр болгодог гэдэг шиг л ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг онцлоход энэ хуучны улстөрчид хэтэрхий мэдлэггүй байна. Тэд өнөөдөр Google ашиглаж, youtube рүү орж үзэхгүй байгаа шүү. Instagramm гэж юу болохыг ч мэдэхгүй байна. Тэд оюун санааны хувьд дэндүү хоцрогдсон, уламжлалт, хэтэрхий бүдүүлэг байна. Компьютер мэдэхгүй хэдэн сайд л Монгол Улсын хүн амын 65 хувийг бүрдүүлж байгаа залуусыг удирдаж байна. Залуучууд үүн дээр дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байтал үүнтэй эвлэрч, тэднийг ухаантай гэж шүтдэг. Тэдний пиар маркетингийг хийсэн шиг ээ л амьдарч байгаа. Одоо болих хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Б.Найдалаа: Сонгуульд зориулсан хөрөнгө оруулалтаасаа хоёр их наядыг хэмнэх боломжтой

“ХҮН”-ын дарга Б.Найдалаатай ярилцлаа.


-Коронавирусээс шалтгаалж дэлхийн болон тэр тусмаа манай улсын эдийн засаг хүнд байдалд орж байна гэх зүйл яригдаж байгаа. Энэ ч утгаараа танай намаас эдийн засгийн хямралыг даван туулах цогц төлөвлөгөөг Засгийн газар, УИХ-д өгөх гэж байгаа юм байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Коронавирус түр зуурын хүндрэл бус нэлээд ноцтой нийгэм эдийн засгийн хямрал болж байгаа нь тодорхой харагдаж байна. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон учраас асуудалд цогц байдлаар хандахгүй бол нэг салбарыг тусад нь авч үзээд цаашаа явахгүй. Тиймээс ХҮН-аас эдийн засаг, санхүү төсөв мөнгөний бодлого боловсрол хөдөлмөр нийгмийн хамгаалал зэрэг иж бүрэн талаас нь харж байгаад мэргэжлийн холбоодтой нь ярилцаж судлаачидтай хамтран хөтөлбөр боловсруулсан. Үүнийгээ Засгийн газар болон УИХ-д бичгээр хүргэж байгаа юм. Арга хэмжээг шат дараатай авах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Улс төр энд байх ёсгүй. Хамтдаа даван туулах ёстой юм. Бид улс нийтээрээ алдагдалд орж байгаа. Тэгэхээр нэгдсэн төлөвлөгөө хэрэгтэй байна. Тиймээс ХҮН-аас хямралаас гарах, хүндрэлийг даван туулах цогц хөтөлбөр батлаач гэж УИХ, Засгийн газар шаардлага хүргүүлж байгаа юм. Эхний ээлжинд төсөв мөнгөний бодлогын хүрээнд төсвөө тодотгоод, мөнгөний бодлогоо тогтвортой байлгаж ерөнхий орчинг нь сайн бэлдэх хэрэгтэй байна. Боловсрол, нийгмийн хамгаалал, иргэдийн амьжиргааг дэмжих, ажлын байрыг хэрхэн хадгалах тал дээр анхаармаар байна. Банкны зээлийг зогсоомооргүй байгаа юм. НДШ, татвар, түрээстэй холбоотой хөнгөлөлтүүдийг иргэддээ болон ЖДҮ эрхлэгчдэд өгөхгүй бол үнэхээр хүндрэхээр байна.

-Манай улс хараат эдийн засагтай. Коронавирусийн тархалтаас шалтгаалж эдийн засагтаа нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Барууны орнууд болон хөгжингүй эдийн засагтай орнууд хадгаламж, хуримтлал ихтэй байдаг. Иргэд нь дор бүрнээ хадгаламж, хуримтлалыг зуршил болгочихсон. 5-6 сар ямар ч орлогогүй гэртээ амьдрахад асуудалгүй. Эдийн засаг нь өөрөө нөөц ихтэй. Эхнээсээ АНУ, Герман, Хятад зэрэг улсууд олон тэрбум ам.долларыг шууд эдийн засгаа дэмжихэд гаргаад эхэлж байна. Хүүгүй зээл олгож байна. Шууд татаас олгож байна. Шууд иргэддээ мөнгө тарааж байгаа улс орон ч байна. Ийм нөөцтэй улс орон коронавирусийг асуудалгүй даван туулна. Манай улсын хувьд иргэд нь ганц сар л тэснэ. Тэрнээс цааш энэ маягаар үргэлжилбэл орлогогүй, ажилгүй, хадгаламж хуримтлал байхгүй хэрнээ асар их өртэй учраас ноцтой эдийн засгийн хямрал руу чирнэ. Энэ нь цаашаа ядуурал, нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Тиймээс цаг алдахгүйгээр сонгууль дөхөж байгаад нэг юм амсуулах биш, одоо арга хэмжээ авах ёстой. Вирусийг тархаахгүй байх тал дээр эртхэн арга хэмжээ авч байгаатай адил эдийн засагтаа ч яг адил хандах хэрэгтэй. Байгууллагуудын худалдаа бизнесийг аль болох хаалгахгүй баймаар байна. Түрээсийг нь хөнгөлөхөд Засаг нь өөрөө манлайлж, шаардлагатай бол хэрэггүй хөрөнгө оруулалтуудыг хэмнэсэн танасан хөрөнгөөрөө татаас өгч болно. Зээлийн төлбөрүүдийг хойшлуулах, тэр дундаа ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж болно. Тэглэх тухай энд огт яриагүй. Хамгийн чухал нь эхний ээлжинд төсвийн тодотгол. Төсвийг яаралтай тодотгохгүй бол 3.7 их наядын асар их мөнгийг соёлын төв барих, гүүр барих, музей барих зэрэгт хуульчлаад тогтоочихсон. Үүнийгээ зогсоохгүй бол хуулийнхаа дагуу гараад явчихна. Орлого тэр хэрээр орж ирэхээргүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Орлого нь байхгүй атал төсвөө тодотгохгүй цаашаа явна гэдэг маш том эрсдэл үүрнэ.

-Төсвөө тодотгохгүй явахад манай улсад ямар эрсдэл үүсэх вэ?

-Төсвөө тодотгохгүй бол эхний ээлжинд цалингаа тавьж чадахгүй болно. Эдийн засаг хямарчихсан, гадаад орчин муу болчихсон хүндрэх нь ойлгомжтой болчихсон байхад цаг сайхан байна гэсэн төсөөллөөр хийсэн төсвөөр цаашид явах боломжгүй. Эхний ээлжинд шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа зогсоох нь зүйтэй. Сонгуулийн жил учраас 119 хувиар өсгөсөн байгаа. 51 суманд соёлын төв барих ажилд 184 тэрбум төгрөг, хууль зүйн барилга 51 тэрбум, Хэнтийн Бэрх далд уурхайн музейн барилга 3.3 тэрбум төгрөгөөр барих зэрэг хэрэгтэй боловч нэн шаардлагатай биш төслүүдийг шууд танах хэрэгтэй. Тэгвэл 2.2 их наяд орчим хэмнэлт гарч ирж байгаа юм. Энэ мөнгөөрөө эргээд бизнесээ дэмжих, иргэдийг ажилтай нь байлгах, ажлын байрыг хадгалах чиглэлээр ажлууд хиймээр байна.

-Сонгуулийн жил учраас эдийн засаг хэрхэх бол?

-Cонгуулийн жилд эрх барьж байгаа засаг нь өөрсдөө дахин гарч ирэх, сонгуулийн амлалтаа биелүүлсэн харагдахын тулд асар их төсөв тавьдаг. Сонгуулийн дараа юу болж хувирдаг гэхээр валютын ханш огцом унадаг. Сонгууль болтол түр хугацаагаар хиймлээр барьж байгаад сонгуулийн дараа тавьчихаар ханш унаад инфляци болж эцсийн дүндээ иргэд хохирдог. Энэ жил сонгууль, коронавирусийн тархалт давхцаад хүндрэлтэй байж болохоор байна.

-ХҮН сонгуульд хэрхэн оролцох вэ?

-Бид сонгуульд өөрийн гэсэн үзэл баримтлалтай, сонгуулийн тодорхой мөрийн хөтөлбөртэй, аливаа хөрөнгө оруулалтыг хүн рүүгээ чиглэж хүнд хэрэгтэй талаас нь зарчим барьж ажиллана. Сонгуульд нэлээд идэвхтэй бэлтгэл хийж байгаа.

-Нөхцөл байдал энэ маягаараа үргэлжилбэл сонгууль хойшлогдоно гэж үзэж байгаа хэсэг байна. Сонгууль хойшлогдвол аль улс төрийн хүчинд ашигтай болон ашиггүй байх вэ?

-Сонгууль хойшлох эсэх нь бидэнд чухал асуудал биш. Хамгийн гол нь коронавирусийн тархалт, нийгэм эдийн засгийн байдал чухал. Улс төрийн сонгуультай холбоод төсвийг хөөрөгдөж баталсантай адил сонгуультай холбоод иргэдийн бизнесийн асуудлыг эрх баригч нам ашиглахвий гэх зовнил байна. Шаардлагатай арга хэмжээ авахгүй байж байгаад сонгууль дөхөж байхад таалагдах гэж оролдох вий. Энэ нь эргээд хагарал бутрал, намчирхалд хүргэнэ. Энгийн логикоор бодоход сонгууль хойшиллоо гэхэд эрх барьж байгаа МАН-д ашиггүй. Яагаад гэхээр эдийн засаг, нийгмийн байдал иргэдийн амьдралыг ийм маягаар сунгаад байх нь иргэдэд таалагдахгүй нь ойлгомжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Сангийн сайд асан С.Баярцогтын ярилцлагын үргэлжлэл нийтлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаргийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Коронавирусын халдвар тархахаас сэргийлэн халдварын голомттой бүсэд зорчсон, халдвар тээгчтэй ойрын хавьтлын хүмүүс болон шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлалтад аваад байгаа билээ. Тэгвэл бодит байдал дээр тусгаарлагдсан иргэд ямархуу байдалтай байгаа талаар асууж мэдэхээр утсаар холбогдсон юм. Энэ тухай нэг, 15 дугаар нүүрнээс уншаарай.

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр “Херо энтертайнмент”-ын зураглаачийг зөвшөөрөлгүйгээр явж ирсэн, Монголд ирээд тусгаарлаагүй гэх шуугиан дэгдээд байгааа билээ. “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатартай холбогдож энэ талаар тодруулсныг нэг, долдугаар нүүрэнд нийтэллээ.

Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогттой хийсэн ярилцлагын үргэлжлэлийг нэг, гурав, дөрөв, тавдугаар нүүрнээс уншаарай.

Хорио цээрийн дэглэмийг тохтолдуулан хэрэглээний зээлийн төлөлт хийх хугацааг 90 хоногоор хойшлуулсан билээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өчигдөр хийсэн мэдээллийг 11 дүгээр нүүрэнд хэвлэлээ.

“Honeymoon” хамтлагийн дуучин, “Маск” продакшны жүжигчин Б.Солонготой хүүрнэлдсэнийг 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Монгол Улсын гавьяат жүжигчин, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин Бямбасүрэнгийн Ганчимэгтэй хийсэн ярилцлагын үргэлжлэлийг өнөөдрийн дугаарын 13 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 19, Бархасбадь гариг. Билгийн тооллын 25, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:57 цагт мандан 17:03 цагт жаргана. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, нохой, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн дэслэгч генерал Шагалын Жадамбаа

ШАГАЛЫН ЖАДАМБАА ГЕНЕРАЛЫН 80 НАСНЫ ОЙД

НЭГ

Зэвсэгт хүчний 99 жилийн ой “Монгол цэргийн өдөр”-ийн алтан титэм дорМонголын цэрэг армийн нэгэн цагийн түүхийг бичиглэсэн, Монгол Улсын батлан хамгаалах салбарт чухамхүү ялгуусан гавьяа байгуулсан домогт генералын тухай өгүүлэх гэж байна. Эл эрхэм бол Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн дэслэгч генерал Шагалын Жадамбаа. Түүний намтар цадиг, он жилүүдийг бичнэ гэдэг нь Монголын ардын арми, орчин цагийн зэвсэгт хүчний түүхийг бичихтэй ижил юм. Учир нь ардын армийг өргөтгөн зохион байгуулсан үечлэлийг цэргийн түүхчидгурав (1956-1964, 1964-1979, 1979-1988) хуваадаг. Энэ нь Жадамбаа генералын армийн жагсаалд хөл тавьсан түүхэн замналтай бараг холбогддог.

Тэртээх дөчин оны хавар Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг домогт Хар азаргын нуруу, Олонбулаг, гурван Улиастайн голд эгэл малчныд төрсөн хүү 1960 онд хорин настайдаа цэрэгт татагдан ирж Армийн хими хамгаалалтын тусгай ротод байлдагч цолтой алба хааж эхэлжээ. Хими хамгаалалтын тусгай ротын захирагч нь хожим хошууч генерал болсон Ч.Самбуу, салааны дарга нь төрсөн ах Шагалын Банзрагч нар байсан гэдэг. Байлдагч Жадамбаа цэргийн албыг үлгэр жишээ хааж мэдлэг туршлагаар гаргууд байсан учир тухайн үеийн ЗХУ-ын цэргийн сургуульд явуулах сонгон шалгаруулалтад тэнцжээ. Ийнхүү жаран нэгэн онд Благовещенск хот дахь Алс Дорнодын ерөнхий цэргийн дунд сургуульд суралцахаар мордсон бол ердөө зургаахан жилийн дараа үе тэнгийнхээ

офицеруудаас онцгойрч хэн бүхний зүрхний дуудлага болсон алдарт Фрунзын академид суралцах эрхийг нэр төртэйгээр авчээ.

Фрунзын академид гурван жил суралцахдаа цэргийн хээрийн суурь боловсрол, оператив тактикийн мэдлэгээ тэлж, байлдааны хүндрэлтэй нөхцөлд цэргийн ажиллагааг хэрхэн зохион байгуулахаас аваад бүхий л чадварыг эзэмшин, эрдэм судлал дүн шинжилгээний талд ч өөрийгөө өндөр хэмжээнд боловсруулжээ. Түүнийх нь үр дүн тус академийг “Мотобуудлагын хороотой явуулах хоёр талын тактикийн хээрийн сургууль” сэдвээр дипломаа онц үнэлгээтэй хамгаалснаар хэмжигдэнэ. Дараа нь буюу 1974-1976 онд Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний жанжин штабын акадамид, мөн ЗХЖШ-ын академийн дээд курсэд тус тус суралцсан байна. Фрунз болон Ворошиловын нэрэмжит тэрхүү хоёр сургуулийн ханан дээр “Монгол Улс, Шагалын Жадамбаа” гэсэн алдарын бичээс байдаг юм гэнэ лээ. Фрунзын академид “Монголын Жадамбаа шиг суралцацгаая” гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөдөг байсан тухай эрхэм генералын хүү, монгол төрийн түшээ, аавынхаа албыг үргэлжлүүлж Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаяр бахархан хэлж байсан. Мөн ахмад дайчдын дурдатгалд ч энэ тухай дурайдаг.“Далан дөрвөн оны долдугаар сард ЗХУ-ын цэргийн академи, их дээд сургууль, дунд сургууль курст суралцахаар явагсдыг офицерийн ордонд цуглуулж, Батлан хамгаалахын сайд армийн генерал Батын Дорж үүрэг даалгавар өгөх үедээ “Нөхөр Жадамбаа” гэхэд урд эгнээнээс давжаахан биетэй улаа бутарсан царайтай, дөлгөөн харцтай залуу босов. Сайд “Энэ дэд хурандаа Жадамбаа шиг элссэн бүх сургуулиа онц төгсөх хэрэгтэй. Одоо генералын академид шууд явуулж байгаа юм” гэхэд тэнд цугларагсад гайхсан бас бахархсан, харцаар ширтэж байв” хэмээн бичиглэн үлдээсэн байх юм.

Тухайн үеийн цэрэг армийн сургуулийг яг л ном журмынх нь дагуу дэс дараа, эрэмбээр нь төгсөж ирсэн Жадамбаа далан зургаан оноос Ардын армийн жанжин штабын 1 дүгээр орлогч, оперативын хэлтсийн даргаар, 1979 оноос ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч, нэгдүгээр газрын даргаар тус тус томилогдон ажилласан.Монгол төрийн алтан аргамж, залгамж халаа, хар хайрцагны бодлого гэдэг шиг Жадамбаа генералыг Монголын арми үнэндээ бодлогоор бэлтгэсэн нь харагддаг. Монгол Улсын баатар, армийн генерал Батын Дорж, хурандаа генерал Жарантайн Авхиа, Жамсрангийн Ёндон нарынБатлан хамгаалахын домогт сайдууд армийг өргөтгөн зохион байгуулах оргил үеийн ачааг үүрүүлэхээр Жадамбааг бодлогоор бэлджээ. Монгол цэргийн цагийг эзэлсэн их аварга, буурал генералуудын бодлого ийм л байдаг байна.

ХОЁР

Тэрээр яралзтал яв цав тушаал буулгадаг, түүнээ өөрөө төсөөлөн харж тов тодорхойгоор бодон үүрэг даалгавраа хатуу чанд нэхдэг захирагч байсан нь илтээс анзаарагддаг. Наад захын энгийн нэг жишээ татахад, наян нэгэн онд

189 дугаар ангийн захирагчид дараах захирамж илгээжээ. Үүндээ “цугларах дохиогоор ажиллах тухай” гээд “Нэг: ангийн нийт бие бүрэлдэхүүнийг дохиогоор босгож цуглуул. Цугларах дохиогоор ажиллах үед доорх журмыг баримтал. Бүх танкуудыг байран дээр нь асаа, автомашинуудыг 100 хувь асааж цугларах байранд гарга, сургуулийн бүлгийн бүх танкуудад сум галт хэрэглэлийг ачаалж гарга, ар талын материал хэрэгслийн нөөцөөс найман машинд ачаалж гарга, бусад хязгаарлалтыг байлдааны болон дайчилгааны бэлэн байдлын 40 тоот удирдамжид заасны дагуу явуул. Хоёр: дохио хүлээн авч биелүүлсэн тухайгаа ЗХЖШ-ын болон дивизийн оперативын жижүүрүүдэд илтгэ. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, нэгдүгээр газрын дарга хошууч генерал Ш.Жадамбаа” гэсэн байна. Техник хэрэгсэл эрхэлсэн орлогч сайдаар дэвшихийн өмнөхөн БХЯ-ын сайд Ж.Авхиа, Монголын ардын армийн улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Д.Ёндондүйчир нар “Штабын дадлага, оперативын цугларалт, команд-штабын болон тактикийн хээрийн сургууль зэрэг 12 томоохон арга хэмжээг зохион байгуулж, армийн гуравдугаар зөвлөгөөнийг бэлтгэж явуулахад биечлэн гүйцэтгэсэн. Варшавын гэрээний орнуудын зэвсэгт хүчний нэгдсэн хээрийн сургуульд оролцож, сургуулийн туршлагыг нэгтгэн дүгнэж, өөрийн армид хэрэглэх жагсаалт гаргасан” хэмээн онцолсон нь нэгийг өгүүлнэм. Наян нэгэн он гэснээс мань хүн Монголын сансрын нисэгчдийн бэлтгэлийг хангахад оролцсоныг дурдалгүй өнгөрч боломгүй. Уг комиссын даргаар Төв хорооны нарийн бичгийн дарга С.Жалан-Аажав, гишүүдээр Төв хорооны захиргааны байгууллагын хэлтсийн дарга С.Батаа, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Бугын Дэжид, Нийтийн аж ахуй үйлчилгээний сайд О.Нямаа, ШУА-ийн ерөнхийлөгч академич Б.Ширэндэв, ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирал Б.Чадраа, ШУА-ийн физик техникийн хүрээлэнгийн сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Л.Лхагваа, ЗХЖШ-ын Оперативын дарга, хошууч генерал Ш.Жадамбаа, Цэргийн нисэх хүчний командлагч Монголын ардын армийн авиацыг удирдах газрын дарга, хошууч генерал С.Санжмятав нар ажиллаж байсан түүхтэй. Жадамбаа генерал 1980-1981 онд сансрын нисэгчдийг Москвад бэлтгэл хийж байхад Батлан хамгаалах яамнаас тэдэнтэй харилцаж, өөрийн яамны чиглэлийн асуудлыг зохицуулах үүрэгтэй төлөөлөгчөөр ажиллаж байсан.

Гүррагчаа, Ганзориг нарт 1981 оны гуравдугаар сарын 01-ний өдөр бичсэн захидал бий. “Та хоёрын нэг нэг хацрыг чинь захидлаар үнсэж ёсолъё. Нөгөө хацрыг чинь элгэн халуун эх орондоо уулзаад тэвэрч байгаад үнсэх болно. Би та хоёр албархаж захиа даалгавар өгч байгаа юм биш шүү. Та хоёрын ажил амьдралтай ямар нэг хэмжээгээр ойр дотно байсны хувьд захиа бичив” гэжээ. Тухайн захидлаас “Орчлон дэлхийг тойрон нисэж эрдэм шинжилгээний ажлын программыг амжилттай биелүүлээд эх дэлхийдээ эсэн мэнд буух нь мадаггүй. Та хоёрын хэн нэг нь нисэх байх. Гэхдээ та хоёр Монголын сансрын нисэгчдийн нэг багийнхан гэдгээ үргэлж санаарай. Ниссэн нь үлдсэнийхээ хүсэл зорилгыг өвөрлөөд нисээрэй, үлдсэн нь нөхөртэйгээ яг л хамт нисэж байгаа юм шиг баяртай байгаарай” гэх зэргээр цэргийн хүний хатуу чигч зарчим, монгол хүний уужим ухаан, ёс жудаг, ноён нурууг харуулж, хамгийн эгзэгтэй мөчид сансрын баатруудад зүрхний үгээ хэлсэн хүний нэг эрхэм буурал генерал юм. Түүнийг техник зэвсэг эрхэлсэн орлогч сайд байх үед Т-55 танк, БМП-1 явган цэргийн байлдааны машин, холбооны цэргийн зэвсэглэлд Р-136 их чадлын радиостанц, олон сувгийн Р-404М, цөөн сувгийн Р-409М радиорелёны станц, П-247 телефон, телеграфийн сувгуудын сүлжээний ба холбооны зангилааны элементын удирдлагын машин, мөн армийн зэвсэглэлд 7.62 мм-ийн автомат АКМ, АКМС, АКМН, онц буудагчийн винтов СВД, гар пулемёт РПК, РПКН, ротын пулемёт ПК, ПКМ, РПКН, 57 мм-ийн зенитийн автомат буу С-60, 122.0 мм-ийн гаубиц МЛ-20, байлдааны машин БМ-21, лазерын хол хэмжигч ДАК -1М зэрэг олон төрлийн зэвсэг хэрэглэл нэвтэрч байсан нь Монголын цэрэг армийн түүх болон үлджээ.

Аав ээжийн хамт

ГУРАВ

Жадамбаа генерал Д.Бямбасүрэнгийн болон П.Жасрайн Засгийн газарт, үндсэндээ хоёр Засгийн газар дамнаж 1990-1996 онд ажилласан. Тэр цаг үе бол Монгол Улсын нийгэм солигдсон, Кремлийн гинжнээс салсан, өөрсдөөбие даан оршин тогтнох амаргүй он жилүүд байлаа. Ийм л хүнд бэрх үед үндэсний аюулгүй байдлын гол тулгуур багана батлан хамгаалах салбарыг удирдсан юм. “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэг хүчинтэй байх”-ыг Ардчилсан шинэ Үндсэн хуулинд тусган тунхаглаж өгсөн тэрээр Монгол Улсын Батлан хамгаалах болон Иргэний хамгаалалтын тухай хуулийг Их хурлаар батлуулж, Аюулгүй байдлын үзэл баримтлал, Онц байдлын тухай, Дотоодын цэргийн тухай, Төрийн албаны тухай, Төрийн хяналт шалгалтын тухай гээд олон тулгуур хуулиудыг боловсруулж батлуулсныг бид мартах учиргүй. БХЯ-ын сайдын зөвлөлийн ерэн оны хурал дээр Жадамбаа “Аливаа юманд гол шугам, гол гогцоо гэж байдаг юм. Чухам үүнийгээ л барьж, цагийн аяст дайвж гуйвахгүй, улс орон ард түмэн армийнхаа эрх ашгийг л урьтал болгож бай” гэж хэлсэн түүний хойч үедээ үлдээсэн гэрээслэл, эх орончийн жанжин шугам юм гэж домогт генералын тухай номонд тэмдэглэжээ. Говь-Алтайн Халиуны хүү, манайд нэртэй дипломатч, эдийн засагч Чоёгийн Даваадаш болон профессор Ш.Паламдорж нарын туурвисан Жадамбаа генералын тухай дөрвөн боть номыг тэртээ ерэн есөн онд миний бие хүү Энхбаяраас нь гардаж авсан байх юм.

Буурал генералын тухай мань мэт нь үнэндээ гадарладаг ч үгүй явж иржээ хэмээн түүхэн замналыг нь уншиж суухдаа бодож байв. Ой тоонд үлдсэн юм гэвэл өнөө Бал даргыг бурхан болоход нь алтан шарилыг нь Оросоос авчирахдаа хэлсэн айхтар үг. “Монголын төр иргэнээ авахгүй юм бол арми нь Маршалаа авнаа” гээд Жадамбаа сайдыг эрс шулуун, зоримогхон хэлсний дараал Шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдоржоор ахлуулсан оршуулгын комисс байгуулагдаж Монголын төрийг 44 жил удирдсан буурал даргын алтан шарилыг эх оронд нь авчирч Офицеруудын ордноос сүүлчийн замд нь үдсэн байдаг. Үүгээр Монголын ард түмэн Жадамбаа генералыг үнэлж тодотгох нь бий. Энэ бол төрийн сайдыг алба даягийнх нь хувьд ч, энгийн хүн талаас нь ч үнэлж болох үнэлгээ мөн байх. Гэтэл сайд байх хугацаандаа АНУ, Хятад, Герман, Япон, хойд болон өмнөд Солонгос зэрэг орнуудтай цэргийн харилцаа тогтоосон, Номхон далайн цэргийн командлагчийн урилгаар Хавайн арал дахь төв штабт нь зочилсон Монгол Улсын Батлан хамгаалахын анхны сайд байсан, мөн АНУ, Япон, Герман зэрэгорнуудад шинэ залуу офицеруудыг сургасан зэргийг хэлэх байна. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын язгуур эрх ашгийг ямаг дээдэлж, шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй байсан нь алт дилерийн хэрэг, 20 дугаар тогтоол зэргийг шүүмжилсэн олон өнцгөөсхарагддаг. “Тусгаар тогтнолоо батлан хамгаалах үндэснийхээ язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг хангах явдал Монгол төрийн бодлогын амин сүнс байх учиртай” гэж тэр хэлдэг. “Монголын төрийн цус булингартлаа” хэмээн эрс хэлж байсан нь эргээд санахад сэрдхиймээр.

Түүний зүрх эх орныхоо төлөө хэрхэн цохилж байсныг хэлсэн үгнээс нь уншиж болно. Сайд байх хугацаанд нь Даваадаш гуайн хэлснээр олон зүйл цээжний махыг нь барж байжээ. Тэр үед ардын арми, аюулаас хамгаалах руу улс төрийн зарим хүчин тодорхой албан тушаалтнууд хэрхэн довтолж, дайрч байсныг мэдэх хүмүүс нь сайн мэднэ. Армийг татан буулгаж үндэсний цэрэг армигүй байхыг уриалагчид ч цөөнгүй байсан гэдэг. Үүний төлөө олон хүнтэй, намынхаа нөхөд, Засгийн газрын зарим гишүүдтэй хүртэл ам зөрж, огцрох өргөдлөө гаргаж байсан удаа ч бий гэдэг. Монгол Улс байгаа цагт өөрийн арми, өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх ёстой гэх бодлогодоо тууштай зогсож “Дуулгавартайгаар нь зэвсэгт хүчин рүү дайрч байгаа бэлэнчлэх сэтгэлгээ зохисгүй хандлагатай би хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ “Ардын эрх” сониноор дамжуулж хатуухан хэлье” гэж хүртэл мэдэгдэж байжээ. Ингэж тэрээр шилжилтийн ороо бусгаа цаг үед Монголын ардын арми, зэвсэгт хүчнийг бусниулалгүй авч үлдэж чадсан гавьяатан юм. 1996 оны наадмаар цэргийн парад хийх тухай яриа байсан бололтой. Гэртээ аягатай цайгаа барьчихаад холхиод нэг л тавгүй байхаар нь гэргий Удаанжаргал нь “Яачихав аа, хөгшөөн” гэхэд “Эцэгтэй өсөөгүй хүнд эх орноо гэх сэтгэл байдаггүй юм байна. Хэнийх нь мэдэгдэхгүй, хүйтэн сэтгэлтэй хүн төрд хэрэггүй байдаг юм байна” гэж дуугаа өндөрсгөн, бухимдангуй хэлсэн гэдэг. Тухайн үеийн төрийн тэргүүнийг хэлсэн ч юм уу, ямар чиг л байсан “Эцэгтэй өсөөгүй хүнд эх орноо гэх сэтгэл байдаггүй” гэх үг нь зүрхэнд ёгхийтэл тусч байгаа юм.

Ерэн зургаан он Жадамбаа сайдын хүмүүний хорвоод амьдарсан сүүчлийн он байлаа. Тэр жилийн гуравдугаар сард Зэвсэгт хүчний 75 жилийн ойн баяраар Монгол цэргийн музейн нээлтийг хийж Ерөнхийлөгч Очирбат, Ерөнхий сайд Жасрай, Соёлын сайд Намбарын Энхбаяр нарыг урьж оролцуулсан бйана. “Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайд дэслэгч генерал Шагалын Жадамбаа таныг монгол цэргийн сүр сүлдийг алдаршуулсан Монгол цэргийн музейг сүндэрлүүлэн босгоход сэтгэл зүтгэлээ дайчлан үнэтэй хувь нэмрээ оруулсан тул хүндэт дэвтэрт алдаршуулан мөнхлөв” гэсэн бичээс хадгалаатай үлджээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнуулаад тэтгэвэртээ суусан тэр жилээ бурханы оронд одсон юм. “Аав минь 56 насандаа эр хүний яг л нас тогтоод ухаан саруулсдаг үедээ бурхан болсон. Хүний амьдралыг 100 хувь гэж үзвэл аав минь 99 хувиа улс орондоо, нэг хувиа гэр бүлдээ зориулсан” гэж хүү нь хэлсэн удаатай. Хэдэн жилийн өмнө Өсөхөө аваргын аав Гэлэгжамц гуайтай Буур аваргын нутгаар явж байхад “Хүүг минь анх байртай савтай болгож өгсөн Жадамбаа генералын ачийг би мартдаггүй” гэж хэлж билээ. Миний эрхэм ах, “Шинэ Ази” группийн ерөнхийлөгч Лхамсүрэнгийн Төрбаяр “Ерэн зургаан онд Дашбалбарыг Сүхбаатар аймагт нэр дэвшихээр явахад ердөө хоёрхон хүн тусалсны нэг нь Жадамбаа генерал. Харин Их хурлын гишүүн болоод ирэхэд Хэнтий аймгаас аваад зам дагуу хичнээн хүн угтсаныг би мэднээ” гэж хэлсэн сэн.Цээжинд хадгалаатай олон дурсамжаас хоёрхныг хуваалцахад ийм байна.

36-хан насандаа генерал болж мандсан тэр хүн ижий ааваа, өндөр их Алтайгаа, Хар азаргын нуруу, гурван Улиастайн голоо сэтгэл зүрхнээсээ огтхон салгаагүй.

“Эргэн тойрон дуниартаад

Ирлээ дээ, хаврын улирал дахиад

Эргэн хурган бодогдоод

Элгээ эмтэртэл санах юм аа, ижий аавыгаа

Хайртай аав ээж хоёр минь

Холын хол Алтай нутагтаа

Хальж одох тэр мөчид

Хажууд нь байж толгойг тань түшээгүйгээ

Хонхны дуу сонсгож буян үйлдэж амжаагүйгээ

Харамсан харамсан бодох юм

Хамаг олны нүдний чөлөөнд

Хайлан хайлан уйлах юм аа, тэгээд

Тархин дундуур тас цохисон

Зүрхэн дундуур нэвт зүссэн

Дөрөвхөн үгтэй хэл аваад

Довтолгон довтолгон очиход минь

Тоонотой гэрийн өрх бүтээлгээстэй байлаа

Тулганы галын цог бөхөөстэй байлаа

Тамхи гаанс чинь тавиастай байлаа, аав аа

Тогоо шанага чинь өрөөстэй байлаа, ээж ээ” ийм л зүрхний үгээ өврийнхөө дэвтэрт ёстой нэг зүрхээ шимшрүүлж нулимсаа асгаж бичсэн байдаг. Дөч шахам жил төрийн хатуу буулганд зүтгээд ажлаа өгөхдөө “одоо л нэг хань ижил, үр хүүхэдтэйгээ аз жаргалыг мэдэрч амар жимэр сууя гэж бодсон тэр мөчдөө бурхны оронд одсон нь харамсаар. Нөгөө талаар төрийн хүний ёсоор Монголын цэрэг арми, батлан хамгаалах салбарын тусгаар тогтнолынх нь дархлааг тунхаглаж өгөөд, улсын орны үндэсний аюулгүй байдлын гол талбар цэрэг армиа армиа бүрэн бүтэн хүлээлгэж өгөөд буцсаныг нь бодохоор бахархмаар. Яах учрыг миний мэтийн жулдрай мэдэхгүй. Ямар чиг л байсан Шагалын Жадамбаа гэж агуу генерал, эрмэг дайчин сайдыг төрүүлсэн Монголын төрд талархнам.

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын ГАНТУЛГА

Categories
мэдээ нийгэм

Шенгенийн бүсийн хилээр зорчих хөдөлгөөнийг түр зогсоолоо

Европын Холбооны гишүүн улсуудын тэргүүн нар хуралдаж, 2020 оны гуравдугаар сарын 17-ноос 30 хоногийн хугацаанд Шенгенийн бүсийн хилээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоохоор шийдвэрлэв.

Монгол Улсын иргэдийн хувьд Европын Холбооны гишүүн улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй бол уг шийдвэр хамаарахгүй. Харин богино хугацааны визээр зорчих бол дөрөвдүгээр сарын 17 хүртэл Шенгенийн бүст гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй аж.

Энэ хугацаанд бараа, ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг сунгах магадлалтай байна.

Шенгенийн бүсийн гишүүн улсууд өөрсдийн дотоодын хилийн хяналтыг сэргээсэн тул Шенгенийн бүс дотор зорчихдоо иргэн Та өөрийн оршин сууж байгаа улсын Засгийн газраас гаргасан мэдээллийн талаар өөрт ойр байгаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл авна уу.

Шенгенийн бүс нутагт Австри, Бельги, Дани, Герман, Грек, Исланд, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Словени, Унгар, Финланд, Франц, Чех, Швед, Швейцар, Эстони багтдаг.