Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: ОРОН НУТАГТ ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС ТАВАН АЙЛЫН ГЭР ШАТЖЭЭ

Image result for онцгой байдлын ерөнхий газар

  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хонхор багийн “Гашуун”-ы дөрөвдүгээр гудамжинд иргэн Г-ийн хашаанд гурван тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.03.18/ өдрийн 14:24 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид гал түймрийг унтраасан байна. Мөн өдрийн 14:28 цагт тус аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын хоёрдугаар гудамжинд иргэн М-ийн дөрвөн ханатай гэр шатаж, бага насны /дөрвөн настай эмэгтэй М, нэг нас есөн сартай эмэгтэй С нар /хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэдийгээр гал түймэр гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид шуурхай очиж ажилласан ч хүүхдүүд гал түймэрт өртөж амь насаа алдсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн гуравдугаар гудамжинд иргэн О-ийн хашааны банз шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.03.18/ өдрийн 15:41 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 15:44 цагт очиж найман минутад унтраасан байна.
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын гуравдугаар багийн “Хангай”-н 16 дугаар гудамжинд иргэн Т-ын дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ. Золоор хүний амь нас эрсдээгүй байна.
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Задгай”-д иргэн Э-ын 5 ханатай гэр, малын бууц шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 16:53 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн алба хаагчид галыг 17:25 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан байна.
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Энхжин” хотхоны 101 дүгээр байранд иргэн Б-ийн 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 19:32 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон алба хаагч 19:39 цагт очиж, таван минутад унтраажээ.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Булаг”-ийн гуравдугаар гудамжинд иргэн Ө-ын дөрвөн ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 22:23 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 22:27 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Categories
мэдээ нийгэм

Угаарын хийнээс сэргийлэхийг анхааруулж байна

Хавар болж дулаарах тусам гадаад орчин болон гэр, байшингийн доторх агаарын температурын зөрүү багасч яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг тул иргэн та болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж дараах зүйлд онцгой анхаарна уу?

-яндангаа хөөлөх

-зуухныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангах

-галлагаагаа зөв хийх

-гэр байшиндаа тогтмол агааржуулалт хийж хэвшээрэй

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 300 тохиолдлын онош үгүйсгэгдсэн

Image result for эмя

ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. Монгол Улсын хувьд иргэд бэлэн байдлаа хангаж урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж байгаа ч гудамж талбайд амны хаалтаа ил задгай хаяж байгаа нь өвчлөл тархах өндөр эрсдэлтэй гэдгийг сэрэмжлүүллээ. Нийт 2775 хүн ажиглалтад орсноос 1706 хүн эмчийн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 300 тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Станбул-УБ чиглэлээр 200 хүн иржээ. Жаргалант, Асралт мед эмнэлэгт тусгаарлалтын ажиглалтад авчээ. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг бүрэн хангаж, ачаалал ихэсвэл СХД, Чингэлтэй, Багануур, Налайх эмнэлгийн ор чөлөөлж нийт 700 ор гаргах боломжтой гэж тооцож байгаа аж. Эмчилгээний хувьд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БНХАУ-тай ижил эмчилгээг хийж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тархи зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсад эмчлүүлж байгаа учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Европын зарим улсад гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй, дэлгүүр худалдааны төвүүд бага хэмжээгээр хүнс, бараа худалдана хэмээн мэдэгдсэн байна. БНХАУ-ын Ухань хотод өчигдөр анх удаа халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй гэлээ.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 1,706 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Сэжигтэй тохиолдол гэж үзэн 309 хүнийг шинжилгээнд хамруулснаас таван тохиолдлын онош батлагдаж, дөрвөн хүний шинжилгээ хийгдэж байна.

Истанбул-Улаанбаатарын нислэгээр өчигдөр 252 хүн ирсэн. Нисэх баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарлаж, бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралтмед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авлаа.

Тархи зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсад эмчлүүлж байгаа учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй.

Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлалаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа ханган, эрчимт эмчилгээ, түргэн тусламжаа хянаж байгаа. Түргэн тусламжийн дуудлага буурч байна. Ачаалал нэмэгдвэл ашиглахаар Арьсны өвчин судлалын үндэсний төвд 107 ор гаргасан. Мөн зарим дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлөөд нийт 705 ор гаргах боломжтой гэсэн тооцооллыг хийгээд байгаа.

Өнөөдөр ЭМ-ийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийнэ.

Өчигдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос цахим сургалт авсан. БНХАУ-ын авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийг дурдвал, эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эрт оношлох эмчлэх чиглэлд анхаарсан байна. Өвчтөнүүдийг маш хүнд, хүнд, дунд, хөнгөн хэмээн ангилж эмчилгээ хийж байгаа. Биеийн байдал нь хөнгөн болон дунд ангилалд багтаж байгаа өвчтөнүүд 10-14 хоног эмчлэгдэж байна гэсэн мэдээллийг өглөө. Хамар залгиураас гарсан шинжилгээ хэрвээ сөрөг гарвал өтгөнд бас шинжилгээ хийж байгаагаа хэлж байна. Манай эмчилгээний тактик үндсэндээ адил байгаа” гэдгийг хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Харин өчигдөр шинээр Сэлэнгэ аймаг гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарсныг өчигдөр мэдээлсэн. Ингээд COVID-19-ийн халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Халдвар илэрсэн зургаан иргэний дөрвийнх нь биеийн байдал тогтвортой, хоёр нь тогтвортой, хүндэвтэр байна.

Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ спорт

Хамтарсан бэлтгэл хийхээс татгалзаж байна

“Токио-2020” олимп, паралимпийн өмнө Японд бэлтгэл хийхээр төлөвлөсөн зарим орны баг тамирчид бэлтгэлээ цуцалж байна. Одоогоор 16 орны баг хамтарсан бэлтгэл хийхээ болиод байгааг NHK телевиз мэдээлжээ. Үүний дотор Колумбийн ширээний теннис, гимнастикийн тамирчид Китакюүшюүд ирэхээ больсныг тус хотын захиргаанаас уламжлаад байна.

Тамирчдынхаа эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд Их Британийн тэргэнцэртэй сагсан бөмбөгчид мөн Уриасу хоттой байгуулсан гэрээгээ цуцаллаа. Дөрөвдүгээр сард Фүкүи мужийн Сабаэ хотод бэлтгэл хийхээр төлөвлөөд байсан Хятадын гимнастикийн холбоо татгалзах гэх мэтээр одоогоор 16 орны баг тамирчид бэлтгэлээ цуцлах хүсэлт ирүүлжээ. Түүнчлэн Японд гадаадын тамирчдыг урьж бэлтгэл хийлгэх, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр 60 шахам хот тосгоны төлөвлөгөөт ажлыг одоогоор хойшлуулаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ББСБ, ХЗХ-оос олгосон зээлийн ангиллын журамд түр хугацаанд өөрчлөлт орууллаа

Image result for Санхүүгийн зохицуулах хороо

Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ын улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байгаа энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгосон зээлийн ангиллын хугацаанд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн болно.

Энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, харилцагч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 144/125, 145/124 дүгээр хамтарсан тушаалаар тус тус баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-тай холбоотой дараах шийдвэрүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түр хугацаанд хэрэгжүүлж ажиллахаар гаргаад байна. Үүнд:

  1. Зээлийн гэрээний хугацааг 2 болон түүнээс дээш удаа сунгасан бол зээлдэгчийн зээлийн ангилал өөрчлөгдөж хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд шилжиж Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж байсныг зохицуулалтын үйлчлэлийг дээрх хугацаанд зогсоох;
  2. Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөлт нь хугацаандаа хийгдэж байгаа бол хэвийн зээлд тооцохоор байсныг 120 хоногоор хугацаа хэтэрсэн бол хэвийн зээлд тооцохоор, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд 1-90 хүртэл хоног байсныг 121-180 хоног, чанаргүй зээлийн ангилалд 181 хоногоос дээш хугацаанд хугацаа хэтэрсэн тохиолдолд бүртгэж байхаар тус тус зохицуулалт хийлээ.

Энэхүү шийдвэр нь зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Монголбанкны Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.

Харин зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх үүрэг хэвээр байх бөгөөд зээлдэгчийн үйл ажиллагаанд хүндрэл гарсан тохиолдолд зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотойгоо холбогдон зээлийн төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар: Би бичлэг хийдэг. Гэхдээ хэзээ ч албан бусаар хийдэггүй


“Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатартай ярилцлаа.


– Дэлхий дахинд шинэ төрлийн вирус дэгдэж Монгол Улс хилийн чанадаас нутаг нэгтнүүдээ хүлээж авсаар байна. Анхны нислэг болох Сөүл-Улаанбаатарын нислэгээр “Херо энтертайнмент”-ын зураглаачийг зөвшөөрөлгүйгээр явж ирсэн, Монголд ирээд тусгаарлаагүй гэх шуугиан дэгдлээ. Үнэн үү?

– “Херо энтертайнмент” бол Монголын түүхийг бичиж үлдээх агуулгатай контентууд хийдэг. Түүний нэг бол “Зуун эрхэм”, “Зуун чухал сэдэв”.

Тухайн үед тэр хүн юу ярьж, юуны тухай өгүүлж байсан, юуны төлөө зорьж байсныг техник технологи хөгжсөн энэ үед өөрийнх нь дүрс, дуутай нь авч хадгалах нь бидний үүрэг, түүхийг баримтжуулах шинэ арга зүй.

Төрийн зүгээс сүүлийн 30 жил түүхээ баримтжуулж архивлах бодлого баримталж чадсангүй. Тэр бол үнэхээр харамсалтай.

Хамгийн сүүлд 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр эмгэнэлтэй үйл явдал болсон. Одоо харахад энэ тухай дүрс маш ховор. Багахан хэмжээний муу бичлэг байдаг.

Монголын түүхтэй холбоотой маш том үйл явдал болж байхад манайхан дүрсжүүлж бичиж авч үлдээх нь бага. Зөвхөн сенсацлаад байдаг.

Ихэнхдээ манай хэвлэлийнхэн. Дараа нь баримтат кино хийе гэхээр хүмүүсийн яриа голдуу байдаг. Эсвэл ганц хоёр фото л үлдчихсэн байх жишээтэй.

Тэр утгаараа бид энэ аюултай тахлыг монголчууд яаж эмх цэгцтэй давж байгаа тухай, бид алсарч мартсаар байгаа үндэстний аюулыг сөрж зохион байгуулагдах нэгдмэл мэдрэмж сэргэж, ард түмэн нэг нэгэндээ ямар их хүнлэгээр ч хандаж байгаа тухай кино хийхийг зорьсон юм.

Үүнд ямар нэгэн улс төрийн зорилго, улс төрийн захиалга байхгүй. Нэрт нийтлэлч Баабараас эхлээд зарим нэгэн хүмүүс шүүмжилж харагдана лээ.

Манай салбараас ч тэр, Ерөнхий сайдын пиарыг хийлээ гэж.

Ер нь АН-ынхан голдуу энэ тухай хэлээд байгаа юм. Ямарваа нэгэн уран бүтээл өөрөө улстөржихгүйгээр явах тохиолдол байна. Юм болгоныг улстөржүүлдэг, харлуулдаг байдлаа болимоор байгаа юм.

Аюулт өвчний үед ч гэсэн улс төрийнхөн уваагүй үйлдэл гаргасаар байгаа нь муухай харагдаж байна.

Хэмжээ цээрээ давсан үйлдэл бол уваагүй үйлдэл. Улс төрийн хонжоо хайх нь ямартаа ч энэ тахлын үед биш гэдгийг эрхбиш хүн л юм бол, Монголоо алдаагүй хүн юм бол ойлгоцгоомоор байна.

Манай зураглаачийн хувьд яг л бүх ном журмын дагуу яваад ирсэн. Зураглаач маань Сөүл дэх бүх процесс зураг авалтыг хийж, тэнд байгаа хүмүүсийн яриа бичлэгүүдийг аваад буцаж ирээд яг л хууль журмын дагуу карантилагдсан.

Одоо Жаргалант сувилалд байгаа. Ямар зорилготой ийм мэдээлэл гарсан нь ойлгомжгүй. АН-ын талдаа хүмүүсээс л харлуулах үйл явдал ар араасаа гараад байна.

Иргэн Баатар миний хувьд би муу юм хийдэг байж болно, муу муухай юм хийсэн байж болно. Гэхдээ би эх орондоо хайртай хүн.

Тэр утгаараа би гэр бүлдээ хайртай, хамт олондоо хайртай. Тиймээс бид тусгаарлагдахгүй байсан ч тусгаарлагдах ёстой гэж бодож байсан.

Оператор ч гэсэн насанд хүрсэн хүн. Мэдээж тэр аюулт өвчний голомтоос ирчихээд хяналтгүй явах боломжгүй. Эрсдэлээ бодно биз дээ. Юу гэж шууд гэртээ очих юм бэ.

Ухамсартай хүн бүр ингэж бодно. Гадуур яриад байгаа мэдээлэл үнэхээр ор үндэслэлгүй. Намайг зураглаачаа аваад зугтсан гээд л.

Би тэр үед зураг авалттай байсан. Өдөр шөнөгүй л ажиллаж байна. Ер нь тухайн үйл явдал болж байгаа процессыг дандаа харлуулах гэсэн үйлдэл манай Монголд их болсон юм уу даа.

Тэр дундаа сошиалаар ямар нэгэн мэдээлэл гарахад хэт харлуулж сэвдэг хүмүүс ямар их болоо вэ.

Зарим нэгэн хэсэг бүлэг хүмүүс, тэр дундаа Монголын нэртэй том нийтлэлч хүмүүсийн үйлдэл хандлагыг харахад Монгол муу муухай харагдах, монголчуудын нэр хүнд унахаар баярлаж байдаг болжээ.

Ямар зорилгоор ингэдгийг мэдэхгүй юм.

-“Херо энтертайнмент” ийм онцгой нөхцөл байдалд яаж уран бүтээлчээ явуулж чадав аа. Засгийн газрын хэвлэлийн алба, МҮОНТ-ийн уран бүтээлчид явах байсан юм биш үү гэсэн асуулт бас гарч ирээд байна. Зураглаачаа явуулах зөвшөөрлийг яаж та авав?

-Бид 4К чанартай тоон форматын хоёр том камераар зургаа авч байгаа. Шууд фото зураг болгож ашигласан ч болох маш том формат.

Мэдээж үүнийг Монгол кино үйлдвэр ч юм уу, Үндэсний телевиз бичиж болох л байсан байх. Гэхдээ бид эхэлж санал тавьсан. “Зуун эрхэм”-ийг ч гэсэн Монгол кино үйлдвэр хийж болох л байсан.

Үндэсний төв архивынхан санаачилж болох байсан. Тэгэхээр энэ бол байгууллагын өөрсдийн асуудал. Бас үүргийн, ухамсрын асуудал.

Үүргээ яаж ухамсарлаж байгаагийн асуудал. Ховорхон агшин миний нүдэн дээр эргэлдээд байхад би түүнийг зүгээр өнгөрөөнө гэдэг бол би мэргэжлийн хувьд эс үйлдэл хийж байгаа хэрэг.

Би түүхэнд эс үйлдэл хийсэн найруулагч баймааргүй байна. Харин үйлдэл хийсэн найруулагч баймаар байна. Би үнэн мөнийг бодитойгоор үлдээсэн найруулагч байхыг хүсэж байна.

Төрийн байгууллагууд нь тэр дүрсийг бичихгүй яасан юм бэ гээд байгаа. Төр нь хийхгүй яасан юм гэвэл би “Зуун эрхэм” хийхгүй байх байсан. Үнэхээр тэд завгүй байна.

Тэглээ гээд бид хараад зүгээр байж болохгүй. Бид дэмжих ёстой. Тэр утгаараа манай “Херо энтертайнмент” эмнэлгийн хамгаалалтын 200 хувцас хандивласан.

Энэ мэтчилэн бид сошиалаар бүгдийг харааж харлуулахын оронд үйлдэл хийгээч ээ гэсэн санаа юм.

Би найруулагч гэдэг ажлыг хийж байгаагийн хувьд, телевизийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд энэ түүхийг бичих, монголчуудын түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол хүний мөн чанарыг таниулах нь миний үүрэг. Тэгэхээр би үүргээ л биелүүлсэн асуудал.

Тэр утгаараа Улсын онцгой комисст хүсэлт тавьсан. /Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хамтран ажиллахыг хүссэн албан бичиг, хариу зөвшөөрөл олгосон албан бичгийг үзүүлэв/.

Хүсэлтийг маань ухаалгаар хүлээж авсан Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд маш их баярлалаа. Мөн МИАТ компанид баярлалаа. МИАТ-ийг янз бүрээр хэлж хувьчлах гэсэн маш олон бизнесмэнүүд байсан.

“Ажилгүй, арчаагүй, дандаа алдагдал хүлээж байна. МИАТ-ийг хувьчлаач” гэж олон хүн бодлоготойгоор хийж байсан хорон үйлдлүүдэд том хариу боллоо.

Үнэхээр МИАТ компани төрийн өмч байгаагүй бол монголчууд бид ийм шуурхай үйлдэл хийж чадахгүй байлаа.

Магадгүй энэ үйл явдлаас үндэслэж МИАТ компанийг хэзээ ч хувьчилж болохгүй юм гэсэн том сургамж боллоо гэж бодож байна. Энэ завшааныг ашиглаад коронавирустэй тэмцэж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, ОБЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, мэргэжлийн хяналт гэх мэт маш олон байгууллага бий. Тэр дундаа МИАТ компанид маш их баярлалаа.

Намайг харлуулах гээд мөрөөрөө ажиллаж явсан МИАТ-ийн захирлыг ч муухай харагдууллаа. МИАТ-ийн захирал намайг “Тэр хүнийг гарга” гэхээр гаргадаг хууль дүрэм гэж юу байх вэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь тусгаарлагдаж байхад бүх хүн л тэр хуулийг дагана. Хэзээ ч тийм үйлдэл байхгүй, байх ч үгүй. Тиймээс “Өдрийн сонин”-ы зүгээс бидэнтэй холбогдож үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж байгаад маш их баярлалаа.

– Энэ бичлэгүүд ямар хэлбэрээр олон нийтэд хүрэх вэ?

– Нэгдүгээрт би нэг зүйл амлая. Энэ бол сонгуулийн ажил биш.

Монголчууд хэцүү үед ямар хүнлэг байж чаддаг, ямар сайн эрсдлийн менежменттэй, эрсдлийг даван туулах чадвартай ард түмэн бэ гэдгийг харуулсан баримтат кино болно.

Хэдий хугацаанд энэ өвчин үргэлжлэх вэ, тэр бүгдийг баримтжуулна. Ер нь бол бүх зүйл болж өнгөрсний дараа баатар болох гэсэн, өөр дээрээ наах гэсэн оролдлого их байдаг.

Ялалт болгон олон эцэгтэй гэдэг шиг. Яг энэ кино бол үнэхээр бодит түүхийг ямар нэгэн хачиргүй гаргана.

– Зураг авалт хаана, хаана хийгдэж байгаа вэ?

– Хилийн чанадад Сөүлд л зураг авсан. Бусад зургийг уран сайхны маягтай дотроо авч байгаа. Зарим нэг зургийг тавилттай авна.

Одоо бол үйл явдал болж байгаа учраас баримтжуулаад явж байна. Би юу амлаж чадах вэ гэхээр дэлхийн ямар ч улсад гаргахад нүүр бардам байх хэмжээний техник технологийн өндөр шаардлагад нийцэхүйц хийж гүйцэтгэж өгнө.

Коронавирустэй тэмцсэн үйл явдлын холбоотой бүх бичлэг ганц “Херо энтертайнмент”-ийн өмч гэхгүй. Энэ бол бүх нийтийн өмч. Үүгээр кино хийх зохиолч, найруулагчдад нээлттэй.

“Зуун эрхэм”-ийг би бүх телевизэд үнэгүй өгдөг. Би үүгээр бизнес хийдэггүй. Монгол гэсэн бахархал, монгол хүн өөрөө өөрөөрөө бахархахыг бадраая гэсэн юм.

Неолиберал үзэлтэй хэсэг нөхөд Монголын бүхий л зүйлийг муухай болгодог, үндэсний бүхий л соёлыг үгүйсгэсээр 30 жил боллоо.

Одоо ард түмнийхээ үнэт зүйл сайхан бүхнийг харж урагшаа амьдрах ёстой.

Тэр утгаараа бид нэгдмэл нэг байгаа, монголчууд ямар ч зүйлийг давж гарах чадвартай, монгол хүний оюуны потенциал дэлхийн ямар ч хүнээс дор орохгүй, илүү дээр юм гэдгийг харуулах нь энэ контентын гол зорилго.

Тэгэхээр “Херо энтертайнмент”-ийн 6К бичлэгүүд бүх нийтийн өмч. Үүнийг бүх зүйл болоод дууссаны дараа телевизүүд бүрэн эхээр нь ашиглаж болно.

Би зураг авалтын үеэр эмч, цагдаа, мэргэжлийн хяналтын бүх хүмүүстэй уулзаж явлаа. Монгол залуус мундаг болжээ.

Би тэдэнтэй уулзаад үнэхээр бахархсан. Тэр бахархсан сэтгэл зүрх энэ кинонд тусах байх. Удахгүй та бүхэн үзэх байх. Миний хувьд хэзээ ч Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж байгаагүй, зөрчихгүй.

Би өөрөө багшийн хүүхэд. Надад хууль дүрэм дээгүүр алхаад гарах ёс зүй байхгүй. Яах вэ намайг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ойрхон гэдэг утгаараа улстөржүүлэх юм байдаг. Үүнийг ойлгож байгаа.

Гэхдээ бүх мэдээлэлд логиктой, эргэлзээтэй нягталж хандаж сураач гэж олон нийтийг уриалмаар байна. Тэр нь үнэхээр бодитойг нотолсны дараа шүүмжилж байгаач.

Олон хүмүүс энэ аюулт өвчний үеэр цаг наргүй ажиллаж байна.

Хатуухан хэлэхэд бүх л хүчээ шавхан ажиллаж байгаа албан хаагчдын тэр их тэмцлийн дунд хамгийн их саад болж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна. Байн байн асуугаад л, тэдэн хүн үхсэн юм уу, үхээгүй юм уу гээд л.

– Энэ чинь л хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн үүрэг шүү дээ. Олон нийтийг цаг үеийн мэдээллээр хангах үүргээ гүйцэтгэж байна. Хэвлэл мэдээллийнхэн бид үнэн бодит, шуурхай байх ёстой?

– Чиний мэдээллээс ямар үр дагавар гарах вэ, хор уршиг гарах уу гэдгийг бодох ёстой. Сенсаци хөөх ёсгүй.

Өнөөдөр “Баатар хүнээ авч зугтлаа” гэсэн янз бүрийн мэдээллийг миний хамгийн ойрын, бараг л надтай ажиллаж байсан, телевизийн ойрын уран бүтээлчид хамгийн их харлуулах гэж оролдож байгааг харахад сонин сэтгэгдэл төрөх юм.

Ер нь бид шүүмжлэлийг ч зөв тавьж чаддаггүй болчихож. Зүгээр л харлуулж гүтгэдэг. Тэр гүтгэлэгт нийт масс тэр чигээрээ итгэдэг. Энэ бол удаа дараа болж байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бичлэгийг цацсан гэж намайг янз бүрээр хэлээд доромжилж байсан. Үнэндээ тийм биш шүү гэхээр тэр нь ерөөсөө олон нийтэд хүрдэггүй, гардаггүй. Хар мэдээ нь л явдаг.

– Одоо бол сонгууль ойртсон цаг хугацаа. МАН Засаг барьж байна.Засгийн газрын тэргүүн халдварт өвчний энэ онцгой нөхцөл байдалд үр нөлөөтэй ажиллаж байна. Хэвлэлээр гарсан зарим мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийг Ерөнхий сайдын тухай “Уханийн баатар” хэмээх нэвтрүүлэг хийхээр бэлдэж байгаа гэсэн байсан?

– Тийм зүйл ерөөсөө байхгүй. Би хэллээ. Энэ бичлэгийг яаж ашиглах нь миний асуудал биш.

Би үүнийг баримтжуулах нь зөв гэж бодож байна. Үүнийг аваад өгье, юу ч хийж болно.

Тэр нь монголчуудын нийтлэг эрх ашгийн эсрэг байж болохгүй гэдэг үүднээс энэ ажлыг хийж байгаа юм. Гэхдээ хариуцлагатайгаар хэлэхэд “Херо энтертайнмент”-д тийм зүйл хийхгүй.

Танаар дамжуулаад энэ ярилцлага олон мянган уншигчдад хүрч байгаа. Би монголчууд хэцүү цагт ямар мундаг эрсдэлийг давж чадах чадвартай ард түмэн бэ гэдгийг харуулсан баримтат кино хийнэ.

Мэдээж үүнийг цаг хугацаа харуулна. Намайг У.Хүрэлсүхийн яриатай ч холбоод л, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бичлэгийг цацсан гэж янз бүрээр л харлуулж байсан.

Би хэзээ ч тийм зүйл хийж байгаагүй. Хийх ч үгүй. Би бичлэг хийдэг. Хэзээ ч албан бусаар хийдэггүй. Үүнийг та бүхэн ойлгоорой.

– Таныг ямар чадвартай уран бүтээлч вэ гэдгийг монголчууд мэднэ. Бас Ерөнхийлөгч Х.Баттулгыг гаргаж ирсэн гол хүмүүсийн нэг гэдгийг ч олон нийт мэднэ. Яг тэр л зарчмаар дараагийн өөр хүнийг гаргаж ирэх арга, ажиллагаа юу гэж энэ үйл явдлыг хардаад байх шиг байна?

– Х.Баттулга гэж хүнийг Ерөнхийлөгч болоход миний үүрэг байхгүй. Монголчуудын маань шийдэл бас сонголт.

Би зүгээр л энэ хүн монголчуудын төлөө зүрх сэтгэлээ зориулж чаддаг хүн гэдгийг харуулахыг зорьсон юм. Өөр зорилго байхгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэж хүн одоогийн хамгийн хүнд хэцүү үед хамгийн зөв менежмент хийж чадах хүн болов уу гэж бодож тухайн үед ёс зүйн нэвтрүүлэгт урьж оролцуулсан.

Түүнээс биш тэр хоёр хүний агентлагт ажилладаггүй. Ойрхон гэдэг нь нэвтрүүлэг, үнэт зүйл, ертөнцийг үзэх үзлийн хувьд бид ижил төстэй. Энэ утгаараа би тэр хоёр хүнийг хүндэтгэдэг.

Байнга уулзаад хамт байдаг хүн гэж ойлгож болохгүй. Хариуцлагатай хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгч надад ямар ч үүрэг өгөөгүй. Даалгавар өгөөгүй.

Ерөнхий сайд ч гэсэн тэр. Би бол энэ кино хийгээд дуусахад монголчууд эрсдэлийн менежмент ямар сайтай ард түмэн бэ гэдгийг л харуулна.

Магадгүй энэ дотор зөв шийдэл гаргасан хүн байвал гаргахгүй гээд яах вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр нь зөв байсан бол гаргахгүй бол худал болно биз дээ.

Ийм хэцүү цаг үед том том улс гүрнүүд ямар хүнд асуудалд орж байгааг харсаар байж яагаад улстөржүүлж бужигнуулаад байгааг ойлгохгүй юм.

Бүх зүйлийг харлуулах гэсэн, сайхан бүхнийг үгүйсгээд байвал энэ улс орон чинь бүр л хэврэг болно.

Улс орны тусгаар тогтнол хил хязгаар, батлан хамгаалах гэдгээс илүү бидний оюун санаан дээр тогтож байдаг учраас оюун санаагаа цэвэр тунгалаг байлгах нь л хэрэгтэй юм.

Монголчууд бид хөгжиж дэвшихэд юу саад болж байгааг та бид сүүлийн хэдхэн хоногт яаж Монголоо алдсан авир үйлдэл гаргаж байгаагаараа харууллаа.

Энэ тухай ч бас энэ кино маань ирээдүйн монголчуудад өгүүлэх болно.

Б.ЭНХЗАЯА


Categories
мэдээ нийгэм

​Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 3,290 га талбай шатжээ

Image result for хээрийн түймэр

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 3,290 га талбай шатжээ. Тус аймгийн Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 60 километрт орших Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлага өчигдөр 11:35 цагт Онгой байдлын газарт очжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12, Хилийн 0275 дугаар ангийн тав, 0287 дугаар ангийн 20 алба хаагч, болон Баян-Уул, Цагаан-Овоо сумын 44 иргэн нийт 81 хүн очиж ажилласны эцэст түймрийг 17:30 цагт бүрэн унтраасан.

Хаврын хуурайшилттай үед:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт халдваргүйжүүлэлт хийгдэж байна

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТ, сургууль, цэцэрлэг зэрэг 90 байгууллагад орчны эрүүл ахиун нөхцөлийг сайжруулж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, 60 гаруй байгууллага хичээлийн байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна. Мөн гар утасны худалдаа, нийтийн тээвэр, сүм хийд, авто засвар, угаалгын газар, зочид буудал, амралтын газар, санхүүгийн байгууллага, халуун ус, үсчин, гоо сайхны зэрэг 67 газарт өгсөн зөвлөмжийг 84 хувь нь биелүүлж ажлын байрандаа гар угаах нөхцөл бүрдүүлжээ.

Эдгээр газруудад гүйцэтгэлийн шалгалт хийхэд 77 хувь нь орчны хог хаягдлын цэвэрлэгээг хийсэн, 88 хувь нь хог хаягдлын зориулалтын сав байршуулсан, 40 хувь нь байгууллагын дотоод орчинд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлсэн байна. Албан байгууллага, үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажил үргэлжилж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​“Салхит”-ын мөнгөний ордын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай нарын шүүх хурал эхэлж байна

Image result for Хан-Уул шүүх

“Салхит”-ын мөнгөний ордын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай болон зургаан шүүгчийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд одоо эхлэх гэж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулах аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг “Салхит”-ын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдсэн. Харин энэ сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх зургаан шүүгч болон Б.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж тэдний гэм буруутай эсэхийг шүүх хурлыг өнөөдөр товлосон юм.