Categories
мэдээ нийгэм

Францын “Орона Майнинг” компани нэг тэрбум төгрөг хандивлалаа

Францын “Орона Майнинг” компани нэг тэрбум төгрөг хандивлалаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласаныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин их хэмжээний хандив өргөж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр мөн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдол болох Франц иргэнээс халдвар тархсан нэг ч тохиолдол өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүллээ

АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Монгол-Японы эмнэлэг нь АШУҮИС-ын судалгаа, эрдэм, шинжилгээ, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг юм. Жилд 7000 гаруй оюутан, 1000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнд дэлхийн жишигт нийцсэн бодит эмнэлзүйн сургалтыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

Цаашид АШУҮИС-ыг төгсөн гарч буй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарын бодлого, эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэгтэй. Иймд тус сургалт, судалгааны эмнэлгийг чиг үүргийн хувиар БСШУСЯ-нд харьяалуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Тус эмнэлгийн харьяаллын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэснээр үйл ажиллагааны санхүүжилт тасалдалгүй, удирдлагаар хангаж ажиллахад саад бэрхшээл учрахгүй болж байгаа юм.

Монгол-Японы эмнэлэг нь жилд дунджаар 11.000 хүнийг хэвтүүлэн эмчилж, үүнээс 5000 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлнэ. Амбулаторийн тусламж үйлчилгээнд жилд 192.000 хүнд үзлэг, оношилгоо, шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хийх аж. Одоогоор шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмж суурилуулахад хэрэгтэй 14 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг Дэлхийн банкнаас хийхээр шийдвэрлэжээ. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой болох юм

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрээс сэрэмжлүүлж байна

Иргэд та бүхнийг болзошгүй аюулаас сэргийлэн, үр хүүхдэдээ АЮУЛГҮЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
  • Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
  • Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1.25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,
  • Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
  • Аж ахуйн, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
  • Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас импортоор орж ирж буй авто машинд техникийн хяналтын үзлэг хийсний дараа Монгол Улсад экспортлоно

Image result for Импортоор орж ирж буй авто машин

Импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих үүднээс ЗТХСайдын 376-р тоот тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д нэмэлт өөрчлөлт орсон. Гол агуулга нь автотээврийн хэрэгсэл экспортлогч улсын экспортлохоос өмнөх үеийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт шаардах асуудал юм.

4-р сарын 1-нээс эхлэн уг журам хэрэгжиж эхлэх бөгөөд гадаад улсаас импортоор орж ирж буй авто машинд техникийн хяналтын үзлэг хийсний дараа Монгол Улсад экспортлоно.

Categories
мэдээ нийгэм

Гэр шатаж, бага насны хоёр хүүхэд энджээ

Говьсүмбэр аймагт ахуйн гал түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд энджээ.

Тодруулбал, тус аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн 14:28 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 14:32 цагт очиж, түймрийг унтраасан ч гал түймэрт 4 настай болон нэг нас 9 сартай хоёр эмэгтэй хүүхэд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж.

Categories
мэдээ нийгэм

Австрали болон Шинэ Зеландад оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 565 (+111) тохиолдол бүртгэгдсэн (хэвлэлээр 637 хүрсэн мэдээ байна). Үүнээс 6 (+1) хүн нас барж, 46 (+3) хүн бүрэн эдгэрсэн бөгөөд бусад өвчтөний биеийн байдал тогтвортой байна.

Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 265 (+55), Күинсланд 94 (+16), Викториа 121 (+27), Өмнөд Австрали 37 (+5), Баруун Австрали 35 (+4), Тасмани 10 (+3), Австралийн нийслэлийн бүс нутагт 3 (+1) тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Шинэ Өмнөд Уэльс мужид халдварын дэгдэлт хамгийн ихээр нэмэгдэж буй бөгөөд 20-50 насны хүмүүс хамгийн өртөмтгий байгаа аж.

Үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн нийслэлийн бүс нутгийн захиргаа, Баруун Австрали, Тасмани мужуудад тус тус тодорхойгүй хугацаагаар, Викториа мужид 4 долоо хоногийн хугацаатайгаар онц байдал зарласан. Тасмани муж (арал) маргаашнаас тус мужийн байнгын оршин суугчдаас бусад хүнийг 2 долоо хоногийн хугацаанд хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав.

Ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр 15.45 цагт олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ Австралийн иргэд болон байнгын оршин суугчдаас бусад хүнийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав. Уг хориг нь маргааш буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны 21.00 цагаас үйлчилж эхэлнэ. Тэрээр мөн гадаадад буй Австраличуудыг эх нутагтаа аль болох хурдан ирэхийг уриалав.

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан Австралийн үндэсний тээвэрлэгч Куантас компани олон улсын бүх нислэгээ түр хугацаагаар зогсоож, дотоодын нислэгээ 60 хувиар танаж, 20,000 гаруй ажилчдаа 5 дугаар сарын эцэс хүртэл түр чөлөөлөөд байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар COVID-19-ийн халдвар Австралид энэ эрчээрээ нэмэгдэх ахул 4 дүгээр сарын эхээр гэхэд тохиолдлын тоо 6,000 давах аж.

Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамнаас тус улсад суугаа болон хавсран суугаа ДТГ-дад зориулан 2020 оны 3 дугаар сарын 19-ний 9.00 цаг (Канберрагийн цагаар)-аас цахим хурал зохион байгуулж, дараах мэдээллийг өгөв. Үүнд:

– Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны албан мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 20 тохиолдол бүртгэгдсэн. Нас барсан тохиолдол гараагүй. Халдвар авсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна;

– COVID-19-ийн шуурхай албаны утас 0800 358 5653 бөгөөд өдөр бүр ачаалал өндөртэй ажиллаж байна;

– Шинэ Зеландын Засгийн газраас гаргасан шийдвэрээр 2020 оны 3 дугаар сарын 16-ны шөнийн 1 цагаас хойш Шинэ Зеланд Улсад нэвтэрсэн бол 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж, ажиглалт хийнэ;

– Өөрийгөө хэрхэн тусгаарлах талаарх мэдээллийг Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд байршуулсан. (https://www.health.govt.nz/…/covid-…/covid-19-self-isolation);

– Түр визтэй гадаадын иргэд 14 хоног өөрсдийгөө тусгаарлах шийдвэрийг дагаж мөрдөхгүй, биелүүлэхээс татгалзсан тохиолдолд тус улсаас албадан гаргах арга хэмжээ авна. Албадан гаргуулсан иргэд цаашид ч Шинэ Зеландад нэвтрэх боломжгүй болно. Албадан гаргах хугацаа нь мэдэгдэл өгснөөс хойш 28 өдөр бөгөөд энэ нь тухайн иргэнд давж заалдах боломжийг олгох аж. Ингэхдээ тухайн иргэнийг 28 хүртэл өдөр засан хүмүүжүүлэх газарт түр саатуулах эрх нээгдэнэ.

Шинээр нэмэгдсэн тохиолдлууд Франц, Их Британи, АНУ зэрэг улсаас ирсэн хүмүүсээс илэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 252 зорчигч иржээ

2020 оны 03 дугаар сарын 19-ний шөнийн 01.16 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ 7162 рейсийн тусгай үүргийн онгоц 252 зорчигчтой буусан.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба халдвараас сэргийлэх дэглэмийн дагуу эрүүл мэндийн хяналт хийж ЗӨСҮТ, ХӨСҮТ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, “Чингис хаан” ОУНБ-ын холбогдох байгууллагатай хамтран үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.

Монголын иргэдээ татан авах нислэгийн явцад Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн нэг эмч эрүүл мэндийн тандалт хийж ажилласан.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана

Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана

Монгол Улсын Засгйин газар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана

Энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг батлав.

Үүнд Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монгол банкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтлаа.

Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт даалгав.

Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100.000 төгрөгөөр тооцож, нийт 5.000 тн ноолуур худалдан авахаар төлөвлөж ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ.

Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн гуван хувийн хүүтэй байхаар тооцоод байна.

Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж, 3600 тн ноолуур худалдан авч, 6400 тн –ыг гадны худалдан авагчдад борлуулах боломжтой бололох аж. Худалдан авсан ноолуурынхаа 20 хувийг нь угааж, 40 хувийг самнаж, үлдсэн 40 хувиар нь 2,4 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Шатахууны үнэ литр тутамд 120-200 хүртэл төгрөгөөр буурах боломжтой

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулга хийв. Он гарсаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч байгаа нь хэрэглэгч орон Монгол Улсын хувьд таатай нөлөө үзүүлж байна. Өчигдрийн байдлаар газрын тос нэг баррель нь 31.41 ам долларт хүрч буурсан нь манай эцсийн хэрэглэгчдэд шатахууны үнэ литр тутамд 200 хүртэл төгрөгөөр буурч хүрэх боломжийг бүрдүүлсэн гэв.

ОХУ-аас 2020 оны эхний гурван сарын байдлаар нийлүүлсэн шатахууны хилийн үнийг аргачлалын дагуу тооцож үзэхэд шатахууны төрөл тус бүрээс литр тутамдаа 120 төгрөгөөр буулгах боломж хэдийн бүрджээ. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа шатахууны хилийн үнэ өмнөх сартай нь харьцуулахад энэ сард бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 58-86 ам.доллараар буурч, Аи-92 автобензин 569 ам.доллар/тн, лизелийн түлш 566 ам.доллар/тн болоод байна.

Иймд шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд үнээ бууруулж, хэрэглэгчдээ хангана гэдэгт итгэлтэй байна гэж УУХҮ-ийн сайд мэдэгдсэн. Одоогоор улсын хэмжээнд шатахууны төрөл бүрээр дунджаар нэг сарын нөөцтэй байгаа аж. Монгол Улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг ч хэрэглээ жил ирэх тусам өсч байна. 2018 онд 1,4 мян/тн, 2019 онд 1,7 мян/тн автобензин, дизелийн түлш импортлосон нь 14 хувийн өсөлтийг харуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгаарлах байранд буй иргэд болон ард түмэнд УОК-ын шуурхай штабаас дараах зүйлсийг анхаарууллаа

J1A7460.jpg

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр тусгаарлах байранд буй иргэд болон ард түмэнд хандан “Би хэдэн хэдэн зүйлсийг шударгаар хатуу анхааруулж хэлмээр байна.

  1. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 21 цэгт 1,734 хүн тусгаарлагдчихсан байна. Зөвхөн Улаанбаатарт тусгаарлах ажиллагааг зохион байгуулаагүй. Монгол Улсын иргэд агаарын зам болон автозамаар нэвтэрч байгаа. Ерөнхийдөө Алтанбулаг, Цагааннуур хилийн хоёр боомтоор орж ирээч гэдгийг хэлье. Хэлсэн зүйлийг хэвлэл мэдээллээр дамжуулж байгаа бөгөөд иргэдийн дунд буруу мэдээлэл тараах явдал их байна. Цаашдаа УОК болон шуурхай штабаас барьж буй бодлогын дагуу арга хэмжээ авна. Хэлсэн зүйлийг зарчмын дагуу хоёр талаас дагаж мөрдөх ёстой.
  2. Агаарын тээврээр ирсэн зорчигчдын ачааг бид каргод байрлуулж байгаа. Мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу байрлуулж байхад карго дотор байгаа бараан дотроосоо юм авна гэсэн асуудал яригдаж байна. Нэгэнт халдвар, хамгааллын дэглэм сахиж байгаа бол бүгд сахина. Авч буй энэ арга хэмжээг хэн ч байсан дагаж мөрдөнө.

    Аливаа ажлыг зохион байгуулж байхад элдэв янзын асуудал үүсгээд ах дүү хамаатан садан, таньж мэддэг хүмүүсээрээ доороос яриулдгаа болиорой. Шуурхай штабаас хатуу хэлж байна. Тусгаарлах байртай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 225 дуудлага ирсэн. Ингэхдээ хоол хүнс гаднаас эд материал оруулахтай холбоотой асуудал байгаа. Хүндрэл бэрхшээлийг мэдээж ойлгож байна.

    Бүх шатанд ажиллаж байгаа ба үндсэндээ дунд түвшин буюу Шуурхай штабын зүгээс удирдлагыг гартаа төвлөрүүлээд авчихлаа. Одоо тулгамдаж буй асуудал нь доод түвшний удирдлагын асуудал байна. Үүнийг нуухгүй гартаа оруулах гээд ажиллаж байна.
    Тиймээс өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд зочид буудал, тусгаарлах байранд байгаа иргэдэд нэг удаа эргэлт оруулна. Заасан зүйлсийн дагуу эргэлт оруулна. Дундын зайгаа бариад уутных нь дээр нэрийг нь бичээд оруулж болно. Ингэхдээ халдвар хамгааллын дүрмээ хатуу барина. Мөн дотор байгаа хүмүүсээс их хэл ам гарч байгаа.

    Өнөөдөр 15:00 цагаас эхлээд би өөрийн биеэр бүх цэгүүдээр тойрч явна. Өчигдөр надад нэг зураг ирсэн чинь зарим хүмүүс тагтан дээрээ шүлсээ үсчүүлээд зогсож байна лээ.

  3. Тусгаарлах байранд байгаа хүмүүс халдвар хамгааллын дэглэмийг зөрчөөд байвал хатуу хариуцлагатай шүү. Зочид буудалд буулгасан юм биш тусгаарлах байранд байгаа тул зочид буудлын үйлчилгээ нэхэхгүй ээ. Өөрийн чинь болон бусдын амь насыг хамгаалах гэж байгааг сайн ойлгоорой.
  4. Шуурхай штабаас хоолны меню гаргаад сувиллын газар, тусгаарлах байранд хүргүүлсэн. Зарим хоол нь хоёр, гурван халбага бантан байгаа бол үнэнийг нь тогтоогоод жигдрүүлнэ. Хүнд суртал гаргахгүй байх тал дээр доод түвшний удирдлагад буй төрийн байгууллагууддаа өчигдөр хатуу анхааруулан ажиллаж байна.
  5. Гадуур хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоосон байгаа. Гэтэл өчигдрөөс хөдөлгөөн ихэссэн байна. Хүүхдүүдээ дагуулаад гадуур их явж байна. Энэ өвчний тархалт зогсоогүй байгаа шүү. Энэ мэргэжлийн байгууллагаас өгч байгаа олон нийтийн дунд барих зайг нь хүртэл заагаад өгсөн. Өөрөө явдаг юм аа гэхэд хүүхдээ гэрт нь орхи. Хүүхэд ямар ч буруугүй. Хувь хүн өөрийнхөө амь насыг хамгаалахгүй бол төр хийх ажлаа хийж байна. Та бүхэн дагах зөвлөмжөө дага.
  6. Агаарын хөлгөөр ирсэн зорчигчдын паспортыг нэгдсэн журмаар хураагаад авчихсан хадгалж байгаа. Хөлөг дотор масктай учраас шууд царайг нь хараад штамб дарах боломжгүй байгаа. Бид тусгаарлах байрныхаа төлбөрийг төлсөн хүмүүст паспортыг нь буцааж өгнө. Төл гэж шийдвэр гарсан бол тэрийг дага. Гарсан шийдвэрийг бүгд дагана.

    Өчигдрөөс агаарын хөлгийн зохион байгуулалтын үйл ажиллагаа сайжирч байгаа ба бид өдрөөс өдөрт суралцаж байна. Энэ бүх хугацаанд маш олон зүйлийг сурч авч байна. Ард түмэн минь сахилга баттай, хариуцлагатай ухамсартай бай. Бүгд нэгдэж байж энэ бүгдийг давж гарна. Элдэв буруу мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тавихгүй байхыг хүсэж байна” хэмээн хэллээ.

Мөн МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өмнө нь тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсээс тусгаарлагдаагүй хүн гарсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Мэргэжлийн хяналтын байгууллагууд үүргийнхээ хүрээнд ажлаа явуулж байгаа. Хүн тусгаарлагдахгүй үлдэх ямар ч боломж байхгүй бөгөөд тусгаарлагдаагүй үлдсэн хүн байхгүй. Бүх нислэгүүд ирэхэд бүх үйл ажиллагаа нь хяналтад байдаг. Тэр тараад буй мэдээлэл ор үндэсгүй зүйл гэдгийг ойлгоорой.

Туркээс ирсэн зорчигчидтой мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмч хамт явж зорчигчдын эрүүл мэндэд хяналт, шалгалт хийж авч ирсэн. Энэ хүмүүс бүгд эмч.

Өчигдөр ОХУ-аас хүнсний болон тоног төхөөрөмж бүхий ачаа тээврий 23 ачааны автомашин цуваанд ороод тодорхой дүрэм, журмын дагуу өнөөдөр Улаанбаатар руу ирж байна.

Нийт гадаад жолооч 15 байгаа ба Беларусийн 12, Казахстаны нэг, ОХУ-ын хоёр жолооч байна. Харин монголын найман жолооч бий. Монгол Улсын найман жолооч ирээд тусгаарлагдана. 15 гадаадын жолооч машинаасаа гарахгүйгээр буцаад хил давна. Алтанбулаг боомтоос наашаа явахад урд хойноо хамгаалалттай явна. Мөн Техник, импорт гаалийн хяналтын талбай дээр хилийн гаалийнхан ажиллаж орж ирсэн бараа бүтээгдэхүүнд ариутгал хийнэ.

Үүнтэй холбоотойгоор нэг зүйл хэлэхэд хүнсний бараа бүтээгдэхүүний тасралтгүй байдлыг хангахын тулд энэ ажиллагааг зохион байгуулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой

Засгийн газрын ээлжит бус хуралдааны газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нүүрсний экспорттой холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

“Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой.

Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Цаашид шатахуун агуулах саваа бүрэн ашиглах ёстой. Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөх ёстой чиглэл барьж байгаа” гэж сайд мэдээлэв.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 65 орчим ам.долларт хэлбэлзэж байсан бол одоогоор 28-22 ам.доллар болж буурсан нь шатахууны хувьд хамгийн доод үнэд тооцогдож байна. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллар болжээ. “COVID-19” вирусний улмаас Монгол Улсад нэг болон хоёрдугаар сард шатахууны эрэлт бага байсан учраас нөөцөлж чадсан юм. Одоогоор дотоодын зах зээлд АИ-92 шатахууны 30, дизель түлшний 33 хоногийн нөөцтэй байгаа нь нийтдээ энгийн үетэй харьцуулахад 10 хоногийн илүү нөөцтэй байгаа. Мөн салбарын сайд “У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед шатахууны үнэ өсөөгүй, үнийг тогтвортой байлгахад маш их анхаарч ажилласан”-ыг мэдээлэлдээ онцлон хэллээ.

Харин БНХАУ руу гаргах нүүрсний экспортын тухайд ирэх ЗТХЯ болон УУХҮЯ хамтран Гашуун сухайт боомт, тээврийн зам бусад обьектын ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлын стандарттай газар дээр очин танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргахаар болоод байна.