Categories
мэдээ нийгэм

“Covid-19”-н улмаас эмчлүүлж буй Францын иргэн Монголчуудад хандан захидал бичжээ

“Захидал, илгээмж илгээсэн монголчууддаа баярлалаа”

COVID-19 халдвар илэрсэн Франц улсын иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр Монголын ард түмэн болон эмнэлгийн ажилтнуудад, Орхон аймгийн V сургуулийн 5-д ангийн сурагч Н.Оюунцэцэгт хандан захидал бичжээ. Түүний захидлыг хүргэж байна.

Хүндэт Оюунцэцэг дүү сайн байна уу?

Юуны түрүүнд надад сэтгэлийн дэмжлэг үзүүлж захидал бичсэн Оюунцэцэг чамд маш их баярлалаа. Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны хүн болсондоо маш ихээр гуниглаж байна. Гэвч надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө.

Мөн чиний захидлыг уншаад би маш ихээр догдоллоо. Чиний үгүүд миний сэтгэлийг хайр, талархлаар дүүргэж, Монголын ард түмэн цэлмэг тэнгэр шигээ ямар агуу, өгөөмөр ард түмэн юм бэ гэдгийг улам ихээр мэдэрлээ. Захидал, илгээмж илгээсэн бусад бүх хүмүүстээ ч бас баярлалаа.

Сүүлийн хэдэн хоног миний дэргэд байж, бүхий л сэтгэлээрээ надад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, мөн үзүүлсээр байгаа эмч, сувилагч нартаа маш их баярлаж байна. Би тэдний гаргаж буй зориг, сэтгэлийн ачийг хэзээ ч хариулж чадахгүй байх. Тэдний ачаар эсэн мэнд гэр бүлтэйгээ уулзаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бүрэн эдгэрснийхээ дараа Оюунцэцэг чамтай ч мөн уулзаж, талархлаа өөрийн биеэр илэрхийлэхийг хүсэж байна.

Монголын ард түмэн болон намайг эмчилж сувилж байгаа ачит эмч нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ чин сэтгэлийн ерөөлтэй захидал бичиж дэмжсэн Оюунцэцэг дүү чамд мөн аз жаргал, эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг ерөөе!

Захидал бичсэнд дахин баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

УОК: Сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ

Image result for УОК

УОК өнөөдөр 14.00 цагаас хуралдаж коронавирусийн талаар цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсоно. Мөн сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Эрүүл мэндийн яамны зүгээс гуравдугаар сарын 30-ныг хүртэл тогтоосон сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэсэн саналаа БСШУСЯ-нд хүргүүлсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол “ДЕЛО” (2)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Герман жолооч Ритагийн дело (хэрэг) 1931, 1937. Европоос Хятадын Линшид шуудан хүргэх ёстой байсан Юнкэрс (Junkers W33) маркийн нэг моторт онгоцыг Буйр нуурын дээгүүр нисэж явахад нь Гомбо хэмээгч буудан унагажээ. Онгоцыг багийн ахлагч 25 настай Ёханнэс Ратье, холбоочин Отто Колбэр нар жолоодож явсан. Хоёулаа “EURASIA” шуудангийн компанийн ажилтан. 1931 оны наймдугаар сарын 1-нд тэднийг баривчлан хоёр хоногийн дараа “Герман жолооч Ритагийн хэрэг” хэмээх цэргийн зөвлөлийн дээд шүүхийн хурал болсон юм. Нэрийг монголчууд сунжруулан дуудсан нь “Рита” болжээ. Ажилчин гаралтай Колбэрд ямар нэгэн хэрэг тулгасангүй. Ратьегийн эцэг санваартан байсан тул түүнд буудан алах ял оноожээ. Гэвч хэсэг хугацааны дараа Зөвлөлтийн байнгын төлөөлөгчийн оролцоотойгоор хоёр германыг суллан нутаг буцаав. Шуудангийн онгоц буудаж унагасан М.Гомбыг өндрөөр үнэлж ачааны машинаар шагнасан боловч 1937 онд Японы тагнуул гэж цаазаар авсан. Герман жолооч Ритагийн хэргийг шүүсэн прокурор Ядамсүрэнг мөн 1937 онд Японы тагнуул гээд буудан алсан. Юнкэрс онгоцыг Монголын удирдлага хориод жилийн турш хэрэглэсэн.

Арми, төрийн аппаратын дело (хэрэг) 1937. Их хядлагын хүрээнд Монголын цэрэг арми, төрийн аппаратыг цэвэрлэн устгахаар шийджээ. Намын төв хороо, Засгийн газрын дээд удирдлагаас 25 хүн, армийн дээд удирдлагаас 187 хүн түүний дотор тухайн үеийн цэргийн цол хэргэмээр нь хэлвэл дивизийн дарга 16, комиссар 10, штабын дарга 6, хорооны дарга 26, хорооны комиссар 10, хорооны штабын дарга 8, корпусын дарга 2, корпусын комиссар 2, корпусын штабын дарга 1, бригадын дарга 4, бригадын комиссар 1 тус бүр баривчлагдан буудуулжээ. МАХН-ын IX их хурлаас Төв хорооны гишүүнээр сонгогдсон 51 хүнээс 36 нь, Намын хянан шалгах комиссын 7 хүний 4 нь, Намын шалган байцаах комиссын 5 гишүүний 4 нь хороогдсон. Төв хорооны тэргүүлэгч 11 хүнээс Чойбалсан ганцаараа амьд үлдэв.

Амь хэлтрүүлэх дело (хэрэг) 1938. Нам, төр, армийн ажилтан албан хаагч хэрэв өөрийгөө илчилбэл амийг нь өршөөнө гэсэн 221 тоот тушаал гарсан тул амь хэлтэрнэ гэсэн найдлагаар мянга гаруй хүн өөрийгөө Японы тагнуул, хувьсгалын эсэргүү болохоо илэрхийлжээ. Өөрийгөө илчлэгчид бүлэг хэрэгт оролцож явснаа хүлээх үүрэгтэй, элсэгдсэн бүлэг хэмээн баахан хүн нэмж тоочно. Хамгийн олон хамсаатнаа илчилснийг нь өршөөнө хэмээн амлаж дело-гийн цар хүрээг хурдтай өргөсгөж байлаа. Тэднээс эхний хэдийг нь үзүүлэн болгон хорих ялаар шийтгэсэн ба үлдсэн дийлэнхийг нь буудан хороов.

Лам нарын дело (хэрэг.) 1937-38. Шашныг бүр мөсөн устгах зорилгоор сүм хийд болон лам хувраг нарыг тэр чигээр нь “дело” болгов. Онц бүрэн эрхт төлөөлөгч Голубчик 1938 оны наймдугаар сад Москва руу бичсэн тайландаа “Толгой лам нарыг бүгдийг нь устгалаа. 771 сүм хийдээс долдугаар сарын 20-ны байдлаар 615-ыг үнсэн товорго болголоо…” 1937-38 онд бүрэн бус мэдээгээр 16 мянга 631 ламыг цаазлан хороожээ. Энэ нь шүүхээс шийдвэрлэж протоколд тэмдэглэгдсэн нэрс. Бодит байдалд үүнээс хавьгүй олон байх ёстой, учир нь шүүхээс гадуур маш олон лам хувраг үхсэн.

Буриад, хасаг, өвөр монголчуудын дело (хэрэг) 1937-38. Халхыг тойрсон монгол үндэстний нэгдэл үүсэхээс болгоомжлон, ялангуяа ХХ зууны эхээр төв Монгол руу идэвхтэй нүүдэллэсэн буриад, өвөр монголчуудаар “дело” хийлээ. Лхүмбийн дело – оос амьд үлдсэн буриад эрчүүдийг хядав. Үүний дотор жирэмсэн Навчаа, Дунгаржид нарыг буудан хороожээ. Дорнодын буриад сум Дашбалбарын 7 дугаар багийн 100 өрх байсны 72 нь эрчүүдээ алуулсан нь нэг л жишээ юм. Баруун хязгаарын хошуунд 4 мянган 300 өрхийн 21 мянган хасаг иргэд амьдарч байснаас 2 мянгыг нь баривчлан хороов. Монголд дүрвэж ирсэн өвөрлөгчдийг бас хядлаа. Сумъяа бээсийн цахаруудын 140 орчим эрчүүд байснаас 2-3 нь амьд үлджээ.

Алтан ургийнхны дело (хэрэг) 1937. Монголын сүм хийд, толгой лам нар язгуур угсаатнуудын судалгааг зөвлөлтүүд 1934 оноос нарийвчлан судлан тогтоожээ. Судалгааны дагуу анхны театрчилсан шүүх ажиллагааг 1937 оны аравдугаар сарын 4-7-нд Төв театрт олны өмнө зохиож 19 хамбыг буудан алав. Судалгааны дагуу Чингисийн удмын алтан ургийн бүх эрчүүдийг хүүхэд хөгшид ялгалгүй сорчлон түүж баривчлаад хөнөөв. Өнөөдөр Монгол Улсад алтан ургийн шууд залгамж ганц ч хүн байхгүй. “Хэрэв чи алтан ургийнх юм бол яагаад амьд үлдсэнээ тайлбарла” гэдэг гашуун шог гарчээ.

Германы тагнуулын дело (хэрэг) 1934, 1941. Зөвлөлтөөс өөр улс оронтой харилцаа тогтоохыг хориглох зорилготой. Герман, Францад суралцаж байгаад татагдаж ирсэн оюутан асанууд 1934 оны шинэ жилийг хамтаар тэмдэглэжээ. Манж Го улс байгуулагдсаныг ёслон тэмдэглэсэн хэргээр бүгд баригдан шоронд суусан. Хожим Герман ЗХУ-д халдсан 1941 онд тэднийг Германы тагнуул хэмээн дахин баривчилж 10-25 жилийн ял өгчээ. Тэднийг Дотоод яаманд гүтгэн матсан хүн нь хожмын жүжигчин Бат-Очир.

Амарын дело (хэрэг) 1939. Чойбалсанд төрийн бүх эрхийг шилжүүлэн өгөх зорилготой. Сталины найдлагыг Гэндэн хэрэгжүүлээгүй учир дараагийн Ерөнхий сайд Амарт Монголын 100 мянган ламыг устгах даалгавар өгөхөд татгалзжээ. Иймээс түүнийг 1939 оны гуравдугаар сарын 9-нд гэнэт баривчлан феодал учир гэсэн ял тулгаж шүүхээр оруулан яллаад шүүх танхимаас шууд баривчлан Москвад хүргэж өгөв. Амарыг 1940 оны долдугаар сарын 11-нд Монгол наадмыг тохиолдуулан Зөвлөлтийн тройкагаар оруулан цаазын ял өгчээ. Хаана хороосон нь мэдэгддэггүй, одоо болтол шарил нь олдоогүй. Зарим батлагдаагүй яриагаар түүнийг нисэх онгоцноос түлхэн унагаж алсан гэх нь бий. Амарыг яллах ажиллагаанд голлон оролцогчид нь Чойбалсан, Лувсаншарав, Монголд суух бүрэн эрхт төлөөлөгч Иванов, Москва дахь НКВД-ын байцаагч Васильев, Морозов гэх мэт.

Тусгай комиссын дело (хэрэг) 1939-1955. Хувьсгалт үйл хэргээс гадуур хэн ч байж болохгүй гэдгийг нийтэд ойлгуулах зорилготой. 1930 оны хоёрдугаар сарын 1-нд Дотоодыг хамгаалах газрын дэргэд гурван хүний бүрэлдэхүүнтэй шүүн таслах бүрэн эрхтэй тройка хэмээхийг анх байгуулжээ. Тройка нь томилогдсон гурван хүн өөрийн үзэмжээр улс төрийн сэжигтэн гэгдсэн хүмүүсийг шүүж эцсийн ял шийтгэлийг онооно. Анхны тройкаг ДХГ-ын дарга Намсрай, Шүүх яамны сайд Дэндэв, мөн Чойбалсан бүрдүүлж байв.

Тусгай комисс 1955 оны гуравдугаар сарын 23 хүртэл 25 жил ажиллахдаа 184 удаагийн хурлаар улс төрийн хэрэгт 5 мянга 728 хүнийг татаж 385 хүнд цаазын ял оноожээ.

Онцгой комиссын дело (хэрэг) 1937-39. Хядлагыг өргөжүүлэх зорилготой. Нийтийг хамарсан хядлага зохион үйлдэх тусгай хэсэг байгуулав. 1937 онд Сталин Монголд шинэ тройка байгуулахыг тушаагаад бүрэлдэхүүнийг нь нэр заав. Ингэж Тусгай комиссоос тусдаа Онцгой комисс гэдгийг 1937 оны аравдугаар сарын 2-нд байгуулсагдсан ба өөрийн үзэмжээр шүүн таслах эл комиссыг Чойбалсан толгойлж Намын төв хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Шүүх яамны сайд Цэрэндорж гурвуулаа суун мөрдөн байцаах, шүүн таслах эрхийг зэрэг эдлэн газар дээр нь ял өгөх эрхээр хангагдав. Онцгой комисс 1939 оны дөрөвдүгээр сарын 22-нд татан буугдах хүртлээ 51 удаа хуралдаж 25 мянга 785 улс төрийн хэрэгтнийг авч хэлэлцээд 20 мянга 99 хүнийг цаазаар авчээ. Хожим олдсон Чойбалсангийн хувийн тэмдэглэлд “27 оноос 29 оны 11 дүгээр сар (1932-1939) хүртэлх хугацаанд баривчлагдсан хүмүүс 56 мянга 938. Үүний дотор бүх буудагдсан хүн 20 396. Жич, эдгээр баривчлагсдын дотроос 17 мянга 335 нь лам нар болно” гэжээ.

Лувсаншарав, Лосол, Дэмидийн дело (хэрэг) 1939. Монголын нам төрийн удирдлагын сүүлчийн үлдэгдэл болох Улсын бага хурлын дарга Догсом, Намын төв хорооны сүүлчийн нарийн бичгийн дарга Лувсаншарав, Сангийн сайд Довчин, Сайд Лосол нарыг баривчлан Москвад тушаалаа. Догсом, Лосол нар нь 1921 онд Зөвлөлт Оросоос тусламж гуйж очсон “анхны долоо” гэж нэрлэгсэдийн сүүлчийнх нь юм. Бүгдийг нь 1940-41 онд Москвад буудан хороосон.

ЗХУ-д шилжүүлэн өгөгсдийн дело (хэрэг) 1928-1940. Нийтдээ бүрэн бус мэдээгээр Монгол Улсын иргэн 12 мянга орчим хүнийг улс төрийн хэрэгтэн хэмээн зарлаад Зөвлөлт улсад шилжүүлэн өгчээ. Нэлээдийг нь Зөвлөлтийн шүүхээр оруулан цаазалсан. Гэвч ихэнх нь ГУЛАГ-т хоригдож тэндээ үхсэн. Зөвлөлтийн талаас “ажлын пян даахгүй хөгшин лам, хар хүн явуулж байгаад” гомдоллож залуу хоригдол явуулахыг шаардсан бичиг баримт үйлдсэн. Эх орны дайнд хоригдол олон монгол хүн торгуулын ангид байлдаж явжээ. 1957 оноос хойно амьд үлдсэн цөөн монголчууд эх орондоо эргэж ирсэн.

Дотоод яамныхны дело (хэрэг) 1939. Чойбалсан ид хядлагын үеэр 5 сар Москвад байж байгаад 1939 оны нэгдүгээр сард Улаанбаатарт эргэж ирэв. Эзгүй хойгуур нь Дотоод яамныхан ангийн дайсан устгахдаа хэтрүүлж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн байна гээд Дотоод яамны гүйцэтгэгч мөрдөгч харуул хуяг нарыг хамруулсан өргөн баривчлага явуулав. Дотоод яамны дэд сайд Насантогтох тэргүүтэй олон хүн баривчлагдан буудуулсан. Нэр тоо нь одоо болтол бүрэн олддоггүй. Энэ цээрлүүлэлтийн гол зорилго нь 1937-38 оны их хядлагын гэрч нарыг устгахад оршиж байв.

Халх голын тулалдааны дело (хэрэг). 1939. Халх голын тулалдааны үеэр Монголын талаас нийт 238 хүн нас барсан гэсэн бүртгэлтэй боловч тэдний дотор Японы тагнуул, хорлон сүйтгэгч, урвагч нэрээр цаазаар авахуулсан цөөнгүй хүн энэ тоонд багтсан. Яг тулалдаанд хэдэн хүн нас барсан нь мэдэгддэггүй. Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоц Хамар даваанд морьтой жагсаж явсан Монголын ардын журамт цэргийг Баргын морин хороотой эндүүрэн бөмбөгдөж, зугтаасныг нь дээрээс пулемётоор шүршин олон байлдагчийг хөнөөсөн аж. Гэвч энэ эндүүрлийг цагаатгахын тулд Халх голын тулалдаан дахь Монгол талыг удирдаж байсан корпус хамаандлагч Лувсандоной, жанжин штабын дарга Цэрэн нарыг Японы онгоцыг дуудан авчирч өөрийн цэргийг бөмбөгдүүлсэн гэж гүтгээд Москвад аваачин буудан хороов. Үүнээс үүдэн Халх голд байлдаж байсан олон цэрэг даргыг Японы тагнуул хэмээн хядсан ба яс тоо нь олдохгүй ч нийт үрэгдэгсдийн гуравны нэг нь гэсэн дам мэдээ байдаг.

22 дугаар морьт хорооны дело (хэрэг) 1939. СССР, Япон хоёр Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд байсан есдүгээр сарын 12-нд Японы тал гэнэт довтлон “дүрмээс гадуур” үйлдэл хийн Нөмрөг уулыг эзлэн авчээ. Байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоо гэсэн тушаал авсан 22 дугаар морьт хороо тушаалыг даган биелүүлсэн тул тэднийг одоо болтол буруутган урвасан, айсан, ухарсан гэх мэтээр дайрч давшилдаг. Хорооны цэргүүдэд улс төрийн хэрэг үүсгэн даргыг нь буудан хөнөөсөн.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртэлх түүхийг дараагийн дугааруудад хэлхье.

2020.3.15

Categories
мэдээ цаг-үе

Л.Наранбаатар: Баяжуулах үйлдвэр барихгүй байх нь “Страто”-д л ашигтай

Эдийн засагч Л.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-“Страто” ХХК-ыг та З.Энхболдтой холбож ярьсан. Яагаад ингэж бодох болов?

-“Страто” ХХК-ийг З.Энхболд байнга өмгөөлдөг. Тус компанийн татварын маргааны асуудлыг жишээ болгож тайлбарлая. Тус компанийн С.Баярмаа гэх хуульч Үндсэн хуулийн Цэцэд хандаж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэглүүлсэн үйл явцаас харах юм бол Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учруулж болохуйц гэмт үйлдэл хийгдсэн байна. Үүнийг З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа хамгаалж ярьж байсан. Энэ үедээ худал мэдээлэл өгсөн учраас хариуцлага хүлээх хэрэгтэй. Ямар худал мэдээлэл вэ гэхээр ашигт малтмалын татварт олборлолт хийхэд таван хувь, баяжуулаад цааш зарахад тус бүр таван хувийн татвар гээд нийт 15 хувийн татвартай боллоо гэдэг зүйлийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайгаар яриулаад маргааш нь ҮХЦ дээр унагаад үндсэндээ Монгол Улсын АМНАТ-ыг бүхэлд нь тэглэсэн. Энэ татвараар жилд 1.3 их наяд төгрөг улсад орж ирдэг бол үүний бараг тал нь бидэнд өв болж үлддэг, орон нутгийн хөгжилд зарцуулагддаг. Үндсэн хуульд зааснаар “Байгалийн баялаг ард түмний өмч” гэдгийг хэрэгжүүлж байгаа гол зүйлийг ийнхүү байхгүй болгосон. Асуудлыг судлаад үзэхээр “Страто” ХХК нь тухайн үед АМНАТ болон НӨАТ төлөөгүйн улмаас Сангийн яаман дээр маргаан үүсгээд, С.Баярмаа гэх хуульчаар дамжуулж ҮХЦ-д гомдол гаргаад, Цэц маш хурдан уг асуудлыг шийдсэн байгаа юм. Энэ асуудлыг салбарын эдийн засагчийн хувьд би судалж үзээд тухайн үед мэдээлэл хийж байсан. Улмаар Сангийн яам, бусад УИХ-ын гишүүд соргогоор хүлээж авч буцаад уг хуулийг тэр даруй сэргээсэн байдаг. Ингэснээр “Страто” ХХК-ийн 3.2 тэрбум төгрөгийн татварыг тэглүүлэхийн төлөө уг сууриар нь АМНАТ-ыг тэглүүлсэн бусармаг үйл явдал зогссон юм.

Энэ компани “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас жилд 1.5 сая тонн нүүрс худалдан авч угааж ашиг олж байна. Эндээс эдийн засгийн тооцооллыг нь дүгнэвэл, 1.5 сая тонн нүүрсийг угааж баяжуулах юм бол нэг сая 275 мянган тонн баяжуулсан нүүрс болно. Нэг тонн нь 200 орчим ам.долларын үнэтэй нүүрс гэхээр жилд 225 сая ам.доллар буюу төгрөгөөр тооцвол 740 орчим тэрбум төгрөг болно. Гэтэл энэ компани одоо хүчин чадлаа өргөтгөж, жилд 4.5 сая тонн нүүрс угаах боломжтой ТЭЗҮ хийлгээд, барилгын ажил явагдаж байгаа бололтой. Орон нутгийн иргэдээс өгсөн зургийг харахад уг үйлдвэр явагдаж, гадна талбайд нь баяжуулсан нүүрс харагдаж байсан. Хэрвээ жилд 4.5 сая тонн нүүрс угаана гээд бодвол жилд 2.1 их наядын төгрөгийн орлого олно. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай З.Энхболдын хамаарал бүхий энэ компанийн орлогыг 1072 хувьцаа эзэмшигч 2.1 сая гаруй иргэнд хуваахад нэг хүнд нэг сая төгрөг ногдох юм. Цаашдаа “Эрдэнэс-Таван толгой” ХК-д баяжуулах үйлдвэр баригдахгүй зөвхөн энэ компанид нүүрсээ нийлүүлсээр 100 жил ажиллахад л 500 сая тонн нүүрс З.Энхболдын дүүгийн хамаарал бүхий компанид очих гээд байна. Ер нь очоод эхэлсэн гэж болно. Одоо нүүрсээ угаагаад бизнесээ хийгээд явж байна.

-“Страто” компани нь түүхий нүүрсийг угааж, нэмэгдсэн өртөг шингээн гаргаж байгаа нь дотоодын эдийн засагт сайн хэрэг юм биш үү?

-Энэ бол үндэсний компани биш. Хятадын хөрөнгө оруулалттай компани. “Эрдэнэс Таван толгой” компани дээр баяжуулах үйлдвэр барих асуудал яригдах бүрт З.Энхболд улс төр хийж байна. Баяжуулах үйлдвэр барихгүй байх нь “Страто”-д л ашигтай.

Categories
мэдээ цаг-үе

А.Баттүшиг: Монголд боловсруулах үйлдвэр бариулахгүй гэсэн ашиг сонирхолтой бүлэг хүмүүс байна

“Страто” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал А.Баттүшигтэй ярилцлаа.


-АМНАТ-ийн татвараас болж танай компанийн үйл ажиллагаа доголдож, гомдол гаргасан. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Бид олборлогч биш олборлоод гаргаж ирсэн нүүрсийг угааж баяжуулаад гадагш гаргадаг компани. Олборлогчоос улс АМНАТ-ийн татвараа авсан байхад баяжуулж гаргаж буй компаниудаас АМНАТ-ийн татвар давхар авах ёсгүй. Тиймээс бид өнөөдрийг хүртэл алдагдал хүлээн сул зогсолттой байна. Анх бизнесээ эхэлж байхад энэ төлбөрийг бид тооцоолж байгаагүй. 2019 оны гуравдугаар сард Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдэг үгийг авчихсан. Тэнд нь бид ашиглагч гэж хамрагдаад үүн дээр хуульч Баярмаа Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн Цэц энэ асуудал дээр үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд харшаар нөлөөлж байна гэсний дагуу эргэж харж үзээч ээ гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Их хурал харин АМНАТ-ийг авах нь зүйтэй гэсэн. Гэхдээ бид нарын гомдол гаргасан нөлөөлсөн үү ашиглах гэдэг үгийг авчихсан байна лээ. Ашиглах гэдэг үг байсан бол цахилгаан станц, шахмал түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд АМНАТ төлөх байсан юм. Алдаагаа харсан юм шиг байна лээ. Гэвч экспортлох гэдэг үг оруулчихаад байгаа юм. Экспортлох гэдэг үгэнд нь нүүрс баяжуулж экспортолдог манай компани орно. Тэгэхээр АМНАТ төлөх болж байгаа юм л даа. Бид АМНАТ-ыг хуулиа дагаад ямар ч асуудалгүй төлнө. Төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ журмыг нь харахаар хууль бус байгаад байгаа. Тиймээс бид гомдол гаргасан.

-“Страто” компани нүүрс коксжуулах үйлдвэр барих гэж байсан. Энэ төсөл зогссон уу?

-ТЭЗҮ-гээ зөвлөх компанитай гэрээлээд эхлүүлчихсэн байсан. БНХАУ-ын хоёр, гурван компанитай ярилцаж, Хятадын энэ чиглэлээр ажилладаг хүрээлэнд тооцоо, газар байршлаа үзүүлээд ямар технологийн коксны үйлдвэр барихад тохиромжтой вэ гэдгийг судлаад хамтраад ажиллаж байсан. Харамсалтай нь АМНАТ биднээс авахтай холбогдуулан үйл ажиллагаагаа бүрэн зогсоочихсон байгаа. Хөрөнгө оруулагчид хүртэл Монголд кокс үйлдвэрлэвэл ашиггүй болж байна гээд төлөвлөгөөгөө зогсоосон. Энэ нь Монголын төр тууштай, тогтвортой бодлого баримталдаггүй гэдгийг тод харууллаа. Би анх энэ төслийг эхлүүлээд, хөрөнгө оруулалтыг татахдаа Монголд коксны үйлдвэр барьж, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй байсан. Уг нь коксжуулах үйлдвэр баригдсанаар Монголд гангийн үйлдвэр барих үндэс суурь нь болох байсан. Надад харамсалтай байна. Төслүүд маань бүгд зогсонги байдалд орох байх. Түүнчлэн төр засгийн огцом гаргадаг шийдвэрүүд, хувийн хэвшлүүдээ дэмждэггүй бодлогууд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай төслийн жишээг л хар. Хөрөнгө оруулалтууд бүрэн зогссон. Манайх тийм ч баян компани биш. Хамгийн анх компанитай холбоотой сөрөг мэдээлэл тарсны дараа БНХАУ-ын хөрөнгө оруулагч бүх хөрөнгө оруулалтаа эргүүлэн татсан. Үүний улмаас би 100 ажилтнаа халахад хүрсэн. Бид цалингийн өр зээлтэй, тийм баян, мундаг компани биш. Үйлдвэрээ өргөжүүлэх гэж байсан боловч ажил зогссон. Иймэрхүү байдалтай удаан явбал дампуурлын ирмэгт ирэх байх.

Анх энэ төслөө эхлүүлж байхад Ашигт малтмалын тухай хуулийн 35.11-т зааснаар “Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр нийлүүлнэ” гэсэн энэ заалтад найдаж байсан.

-Танай компанийн үйл ажиллагаа ингэж зогсоход улс төржилт нөлөөлөв үү?

-Тэгж харагдаж байгаа. Манай компанийг З.Энхболд гуатай холбоод байх юм. Энд би удаа дараа няцаалт өгсөн. Яаж ч няцаалт өгсөн нэмэргүй юм шиг байна. Цаанаа хөлсний бичээчидтэй баг ажиллаж байна. Хаанаасаа санхүүжилт авдаг юм. Бүү мэд. Гүтгэлэг хийж нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь залж байна. Иймэрхүү улстөржилт манай компанийн үйл ажиллагаанд үнэхээр нөлөөлж байна. Монголд амжилттай явж байгаа компанийг хэн нэгэнд хамаатуулж, тэр намын компани, энэ хүн ард нь байгаа гэх мэтээр хоч өгдөг ийм хандлага сүүлийн үед ажиглагдаж байна. Эдийн засаг бол хувийн хэвшил дээр л тогтох ёстой. 2019 оны есдүгээр сараас хойш манай үйлдвэрлэл бүрэн зогсонги байдалтай байна. Бүтээн байгуулалтын ажлууд зогссон. Монголд боловсруулах үйлдвэрийг бариулахгүй гэсэн ашиг сонирхолтой бүлэг хүмүүс байна. Үүнийг итгэлтэй хэлж чадна. Цаанаа ямар санаа агуулдгийг нь мэдэхгүй. Бодлоготойгоор энэ үйл явц үргэлжилж байна.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнгөрсөн даваа гаригт танай компанийг гэрээний үүргээ биелүүлээгүй шүүхэд маргаан үүсгэсэн гэх мэдээллийг хийсэн. Үнэн үү?

-Бид 2019 оны тавдугаар сард “Эрдэнэс Таван толгой” компанийн зарласан тендерт оролцож, 72 ам.долларын үнийн санал өгөөд нүүрс худалдан авах гэрээ хийсэн юм. Тэр гэрээ маань 150 мянган тн-ын гэрээ байсан. 72 ам.доллар дээрээ бид НӨАТ төлж авдаг. БНХАУ-ын компаниуд худалдаж авах даа НӨАТ төлдөггүй. НӨАТ, АМНАТ нь мөнгөн дүндээ шингэчихсэн байдаг юм. Харин бид нар 72 ам.доллар дээрээ НӨАТ нэмж төлөөд авдаг. Ингэснээр 79.2 ам.доллар төлдөг гэсэн үг. Хуулиараа экспортолсон нөхцөлд төлсөн НӨАТ-аа буцааж авах эрхтэй байдаг. Одоо хүртэл бид төлсөн НӨАТ-ийн төлбөрөө сангийн яамнаас авч чадахгүй байгаа. Тэр 150 мянган тн-ын гэрээнийхээ үүргийг бид нар биелүүлээд дуусгачихсан байсан. Тэр гэрээгээ сунгаад ачилтаа хийлгэхгүй жаахан удсан. Ингээд гэрээний үүргээ биелүүлээгүй гэж “Эрдэнэс Таван толгой” компани гэрээг цуцалсан юм.

-Энэ асуудал дээр ямар маргаан гарсан бэ?

-150 мянган тн-ын Зүүн Цанхийн нүүрснээс нийлүүлэхэд чанарын доголдол гараад байсан. Тэр бүрт мэдэгдэж байсан. Гэрээ цуцлагдсан учраас 150 мянган ам.долларын барьцаа мөнгөө буцааж авъя гэсэн. Гэрээ хийхдээ нэг тонн дээр нэг долларын барьцаа мөнгө авдаг юм. Бид нарын зүгээс 150 мянган тн-ын гэрээний үүргээ биелүүлчихсэн гэж үзэж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганчимэг: “Чиний минь ирэх харгуй”-г 20 дахь жилдээ дуулж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин Бямбасүрэнгийн Ганчимэгтэй ярилцлаа.


-Танд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье?

-Баярлалаа. Дархан хилийн энхийн манаанд зогсож байгаа хилчид, дайчид болон чуулгынхаа үе үеийн уран бүтээлчдэдээ баярын мэнд дэвшүүлж байна. Мөн халамжтай сайхан хань Д.Баттөмөр, аав Л.Бямбасүрэндээ баярын мэнд хүргэе.

-Эдгээр өдрүүдэд та юу хийж амжуулж байна вэ?

-Би урлагт 30 жил зүтгэчихээд байна. Дурсамжийн номоо бичиж байна. “Үлгэр эхлэх намуун үдшээр…” гэж номоо гаргах гэж байна. Би “Чиний минь ирэх харгуй” дуугаа дуулаад 20 жил болж байна. “Чиний минь ирэх харгуй-20” ойг угтаад номон дээр ажиллаж байгаа.

-Танай чуулга бол их эртний түүхтэй газар даа?

-Манай чуулга 1940 оны есдүгээр сард хоёр офицер, 18 цэрэгтэйгээр одоогийн Гэсэр сүм байгаа газарт байгуулагдаж байсан. 1936-1940 онд Дотоод явдлын яамны сайдаар Өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсан гуай ажиллаж байсан. Энэ хүний тушаалаар байгуулагдаж байсан юм. Ийм түүхтэй чуулга. 1948 оны Мэргэн уулын тулгаралтад оролцож байсан. Ховд аймгийн Булган сумын нутагт Мэргэн уул гэж бий. Тэнд Гоминданы зэвсэгт дээрэмчидтэй хийсэн байлдаанд оролцож байсан түүхтэй. Өнөө жил манай чуулгын 80 жилийн ой тохиож байгаа юм.

-Нэг дуугаа хорин жилийн турш дуулж явна гэдэг бол уран бүтээлч хүний хувьд сайхан завшаан. Барагтай дуу ингэж урт насалж чаддаггүй. Дахиад хэдэн арван жил өнгөрсөн ч дуулагдаж л байх болов уу?

-Баярлалаа. Хүмүүс ер нь тэгдэг юм аа. “Ямар Ганчимэг вэ?” гэхээр “Чиний минь ирэх харгуй”-н Ганчимэг гэцгээдэг юм билээ (инээв). Уран бүтээлээрээ тамгалагдсан гэх юм уу даа. Г.Мөнхжаргал өөрийнхөө дурсамжийн номыг надад дурсгахдаа “Чиний минь ирэх харгуй” дууны минь жинхэнэ эзэн гэж бичээд гардуулж өгч байсан юм. Тэр ном нь одоо ч надад байдаг.

Энэ дуу гэлтгүй “Хилчний вальс”, “Аминаас үнэтэй эх орон” гээд зөндөө дуу байна. Миний хамгийн анхны дуу бол “Баясах сэтгэл”. Мишигийн Цэдэндоржийн шүлэг, Н.Чулуунхүү гуайн хөгжим.

-Таныг сувилагчаар ажиллаж байгаад урлагт орсон гэж ярьцгаадаг?

-Би чинь Сувилахуйн сургуульд 1988-1990 онд суралцаж төгссөн, Улаанбаатар хотод. Сувилахуйн сургууль 18 ангитай. Эхний гурван анги нь Хүүхдийн сувилагчийн анги. Би тэр ангийг Сувилагч-Сурган хүмүүжүүлэгч гэдэг мэргэжлээр төгссөн. Бидэнд цэцэрлэгийн багшийн хичээлийг давхар заадаг байсан юм.

Сургуулиа төгсөөд Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний төвд буюу одоогийн Эх нялхаст клиникийн дутуу нярайн тасагт ажилладаг байлаа. Төрөөд сарын хугацаанд өвчилсөн нярайг хүлээж авдаг тасаг. Би тэнд нэг жил ажилласан. Нэг жил ажиллаад л би СУИС-д шалгалт өгчихсөн шүү дээ (инээв). Тэр үед манай тасгийн эрхлэгч нь Гэрэлмаа эмч байлаа. Эмч, сувилагч, асрагч гээд манай хамт олон бүгдээрээ намайг дэмждэг байсан юм. Уралдаан тэмцээнд орвол чөлөө өгч, бэлтгэл хийхэд маш их тусалдаг байв. Тэгээд яахав, СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өглөө. Тэр үед надад ховор аз таарсан байхгүй юу. Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуай шалгалт дээр сууж таарсан. Тэр аугаа хүн эхний түүвэр дээр намайг сонсоод л “Ардын дуу бүжгийн чуулгад орох уу” гэж асуусан. Би “Оръё” л гэнэ шүү дээ. Тэгээд би сувилагчаасаа шууд Ардын дуу бүжгийн чуулгын тайзан дээр гарчихсан. Тухайн үед “Бадарчин” гэж дуулалт жүжиг тавьж байсан. Мэнд-Амар гуай шууд л надаар “Хондон өнгөтэй торго”-ыг дуулуулаад өөрөө хөгжмийн найруулгыг нь хийгээд л. Тэгээд би шууд солистоор дуулчихаж байгаа байхгүй юу. Мэргэжлийн урлагийн тайзан дээр үндэсний найрал хөгжимтэй шууд солистоор дуулсан. Тэр том үндэсний чуулгын баруун монгол ардын дуунуудаар хийсэн “Бадарчин” дуулалт жүжигт гоцлоно гэдэг чинь маш том хувь байгаа биз дээ. Н.Норовбанзад гуай миний амьдралыг үнэхээр жинхэнэ утгаар нь өөрчилж чадсан. Би энэ сайхан хүндээ үнэхээр их баярлаж явдаг. 1994 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад ингэж дуучнаар ажилд орж байлаа. 2000 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дуучин, 2000 оноос Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар ажилд орж одоо ч ажиллана. 2016 оноос чуулгынхаа гоцлол дуучин, дуу хоолойн тавилын багшаар ажиллаж байна.

Өвөө Пунцагийн Өлзий-Утас

-Дурсамжийн ном бичихэд маш олон дурсамж сэргэнэ, мартагдсан дурсамжууд орж ирнэ гээд их л том ажил байдаг юм шиг байгаа юм?

-Өө, энэ чинь ёстой нарийн юм байдаг юм байна. Өвөө, эмээ, тэрний энэний аав, ээж гээд энэ чинь нэг ёсондоо ургийн бичиг шиг юм болчихдог юм байна шүү дээ. За, одоо дуусчихлаа гэхээр “Тийм нэг юмаа мартчихаж” гээд бичнэ. Үнэхээр гоё. Уран бүтээлч хүн чинь маш их дуу, клип бүтээж ард түмэндээ хүргэдэг. Гэтэл тэр нь эргээд дуучиндаа маш их дурсамж үлдээх юм аа. Одоо ингээд эргээд байхаар аягүй гоё, гоё дурсамж сэргээд Далай ламын хэлснээр “Дахин төрсөн мэт сэтгэл төрнө” гэдэг шиг уран бүтээлч хүний аз жаргал үүнд л байдаг юм байна. Тэр сайхан дурсамжуудаасаа эрч хүч авч, залуу сайхан, сэтгэл өөдрөг, юм бүхнийг сайн сайхнаар харж байдаг ийм л сайхан болчихдог юм байна шүү дээ.

-ХЦДБЧ-ынхан бол суурин байдаггүй, хилээ тойрдог, хилчдэд хүрч очдог хүмүүс. Та эх орноо хэдэн удаа тойрчихоод байна вэ?

-Арав гаруй удаа тойрчихсон шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд л би хилээр 20 мянган км аялсан байна.

-Замд олон хоног явахад сураагүй хүмүүс зутардаг шүү. Та бүхэн сурчихсан байдаг байх даа?

-Бид чинь тангараг өргөсөн. Эх орныхоо төлөө үнэнчийн тангараг өргөсөн уран бүтээлчид байхгүй юу. Ямар нэгэн зүйлд шантрах ч эрхгүй. Би чинь багаасаа дайчин эрэмгий хүүхэд байсан.

-Таны өвөө цэргийн зүтгэлтэн, нисгэгч хүн байсан гэдэг. Монгол цэргийн өдрөөр өвөөгийнхөө тухай яривал сайхан даа?

-Манай өвөө 1910 онд Архангай аймагт, Зая гэгээний нутагт төрсөн. Пунцагийн Өлзий-Утас гэж хүн байсан. 1931 онд цэргийн албанд татагдаж, 1933 оноос Дарьганга дахь 35 дугаар хороонд цэрэг, 1934 оноос Нисэх сургуульд сурагч, 1936 оноос Нисэх отрядад нисгэгч, 1937 оноос Баянтүмэн дахь Нисэх хороонд отрядын дарга зэрэг алба хааж, 1939 оны Халхын голын дайны үед отрядын даргаар, 1945 оны чөлөөлөх дайнд нисгэгчээр, 1947 онд баруун хилийн тулгаралтад нисгэгчээр тус тус үүрэг гүйцэтгэж үүргээ сайн биелүүлж “Бид ялав”, Зөвлөлтийн “Бид ялав” медалиар шагнагдаж байсан ахлах дэслэгч цолтой, багш-нисгэгч хүн байсан байхгүй юу. Монголд агаарт гурвалсан эргэлт хийсэн анхны хоёр нисгэгчийн нэг нь манай өвөө.

-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар ажилд орсон тань угаасаа удмаа дагасан шийдвэр байжээ. Цэргийн байгууллагаар явах хувь тавилантай л байж дээ?

-Тийм тийм. Энэ бүх дурсамжийг миний эмээ цаг хугацаатай нь бүгдийг нь ярьдаг юм. Одоо манай эмээ 93 настай. Сүрэнгийн Цэрмаа гэж сайхан буурай бий. П.Өлзий-Утас өвөөгийн минь эхнэр л дээ. Ээжийн минь ээж. Одоо бидэнтэй хамт амьдарч байна.

-Монгол цэргийн өдрийг Цэргийн баяр, Эрэгтэйчүүдийн баяр гэж нэрлэчихээд энэ өдөр эрэгтэй хүмүүс баярлаж, архи уух ёстой гэдэг ойлголттой болчихсон. Та цэргийн байгууллагын хүний хувьд гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг хэрхэн өнгөрүүлбэл зүйтэй гэж боддог вэ?

-Өнөөдрийн бидний энэ аз жаргалтай, амар тайван амьдралыг хэн олгосон юм бэ. Баатарлаг дайчдынхаа алдар гавьяаг магтаж, бахдаж, алдаршуулах тийм л сайхан баяр байгаасай. Коронавирус гарчихлаа, хөл хорионд орчихлоо. Энэ цаг үеийг ашиглаад үүх түүхээ судлах хэрэгтэй. Энэ өдрийг Бахархлын өдөр болгочихмоор санагддаг юм.

-1970, 1980-аад оны үед эрчүүд цэрэгт яваагүй гэдгээсээ ичдэг, тэрийгээ нуудаг байсан. Цэрэгт явж ирээд л өөрийгөө эр хүн гэж мэдэрцгээдэг байсан бол одоо эсрэгээрээ. Аль болох цэргийн албанд мордохоос зугтаж, мултарч үлдэхийг зүтгэдэг болсон?

-Тэр үед чинь гурван жилийн хугацаатай цэрэгт явдаг байсан. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй шүү дээ. “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэгтэй. Тийм болохоор Үндсэн хуулийнхаа дагуу цэргийн албаа хаагаад амьдралд суралцаад ирэх ёстой байхгүй юу. Жинхэнэ эр хүн гэдгээ мэдэрдэг байхгүй юу. Хил дээр очоод тоглолт хийгээд дуулаад явж байхад цэрэгт очсон залуус байгалийн сайхныг үзэж байгаа юм. Карантинд байгаа цэргүүд чинь улаан нялзрай л юмнууд байгаа юм чинь. Тэгээд эх орныхоо торгон хил дээр очиход хүний сэтгэл зүй огт өөр болдог шүү. Бид чинь цэрэг, эх орны, бахархалтай, омогшилтой дуунууд дуулахаар одооны энэ залуучууд чинь “Би ямар азаар энд, цэргийн албанд ирэв ээ. Хилийн цэрэгт ирсэндээ үнэхээр их бахархаж байна, баярлаж байна” гэж чин сэтгэлээсээ хэлж омогшдог шүү дээ. Тэрэнд нь уран бүтээлч бид нар маш их баярладаг. Тэр баярласан сэтгэлээс олон сайхан уран бүтээл төрдөг. Бахархсаар байгаад л хүрч ирдэг шүү дээ. Тийм болохоор цэргийн албаа сайн хааж, амьдралд суралц. Эх орноо гэсэн сэтгэлзүй тэнд л бүрэлдэж тогтдог. Бие биенээ хүндэлж, ажил хийж сурч байна. Өглөө эрт босно. Бүх юм нь, бүх амьдрал нь өөрийнх нь гарт явж байдаг. Бүхнийг биеэрээ хийж сэтгэлээрээ туулж явдаг.

-Урлагийнхан дундаас цэргийн байгууллагын уран бүтээлчид илүү дэгтэй, цагаа баримталдаг, хэлсэндээ байж чаддаг хүмүүс байдаг юм?

-Телевизийн кино концерт хийх гээд явахад хамгийн түрүүнд цэргийн бид нар хувцсаа өмсөөд, хэнээр ч шахаж шаардуулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгээд явдаг юм. Телевизийн ажилтнууд биднээр үнэхээр бахархдаг шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​​“Өдрийн сонин”-д “Эрүүл мэнд, эдийн засаг хоёрыг эн тэнцүү байлгах хэрэгтэй бололтой​” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Ерөнхий прокурор Д.Жаргалсайханд хандан бичсэн захидлыг “Улс төр” нүүрэнд нийтэллээ.

Хөл хориотой байгаа энэ үед гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурсан ч ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл өсчээ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс сурвалжиллаа. Нэг, 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Д.Бумдарийн “Хөл хорио үргэлжлэх тусам иргэдийн таньж мэдэхгүй нэгнийг сонгох хүсэл нь буурна” хэмээх ярилцлагыг нэг болон тавдугаар нүүрнээс унших боломжтой.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогттой хийсэн ярилцлагын үргэлжлэлийг “Улс төр” нүүрнээс уншаарай.

Манай сонины гол бичлэгийн гуравдугаар нүүрэнд “Эрүүл мэнд, эдийн засаг хоёрыг эн тэнцүү байлгах хэрэгтэй бололтойхэмээн өгүүлжээ.

Испани улсад амьдардаг монгол иргэн О.Анхтуяатай холбогдож коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ярилцлаа. Нэг болон долдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Эрүүл мэндийн яамнаас хүргэсэн “Covid-19” вирусын халдварын талаар ээлжит мэдээллийг Баримт, үйл явдалнүүрнээс хүлээн авч уншаарай.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалтай ярилцсаныг Өөрөөс нь” нүүрнээс уншиж сонирхоорой.

Түүнчлэн Дэлхийн мэдээ”, “Нэг ангийнхан”, “Хүүхдийн ертөнц булангуудааа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын ЭСЯ болон Монголд байнга оршин суудаг хятад иргэдээс монголын талд хандив гардууллаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ГХЯ-нд болов.

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, МУЗН-ийн Ерөнхий нарийн дарга Н.Болормаа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ. Энэ удаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ажилтнууд, түүний ар гэрийнхэн, Монголд байнга оршин суудаг хятад иргэд, “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс энэ сайхан сэтгэлийн хариу болгож мөнгөн тусламж хандив цуглуулан монголын талд гардуулан өгч байна” гэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд энэ хүнд бэрх тэмцлийн туршид БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол өнөөдөр бид хятад нөхдөөсөө хариу хандив тусламж хүлээн авч байна. Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд Монголын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлөн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Галт тэргээр зорчиж буй иргэдийн халууныг хоёр цаг тутамд шалгаж, гурван цагт тутамд цэвэрлэгээ, ариутгал хийж байна

Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Мөн УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байгаа ба хоёр цаг тутамд зорчигчдын халууныг шалгаж, “Улаанбаатар” төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг нарийвчилсан хуваарийн дагуу ажиллаж байгаа юм.

Зорчигчийн галт тэргээр халуурсан болон амны хаалтгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх шаардлага тавьж, аялалд явж буй зорчигчийн вагоныг ариутгалын тусгай бодисоор ариутгаж, цэвэрлэгээг гурван цаг тутамд хийж байна. Түүнчлэн ариутгал хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжээр Улаанбаатарт байрлах Зорчигчийн Вагон депод галт тэрэгний гадна болон дотор халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа аж.

Та галт тэргээр зорчихдоо бусдын болон өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллыг сайтар сахихыг анхааруулъя!

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны Ерөнхийлөгч ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлaа

Монголбанкны Ерөнхийлөгч ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлaа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкны холбогдох удирдлагуудын хамт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён И.К.Азизов болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын макро эдийн засгийн төлөв, шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, өдгөө авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хороо болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэрүүдийг танилцуулахын зэрэгцээ хоёр талын банкны секторын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний уулзалтыг сүүлийн жилүүдэд тогтмол хийж ирсэн боловч энэ жил Ковид-19 вирусийн дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх шаардлагын дагуу Улаанбаатар хотод 4-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдах байсан хурал тодорхой хугацаагаар хойшилсон. Монголбанк хөрш орнуудын Төв банкуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санаачилга гарган, идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд үүний хүрээнд ОХУ-ын Төв банк, Монголбанкны хамтын ажиллагаанд бодитой ахиц гараад байгааг уулзалтын төгсгөлд онцоллоо.