Categories
мэдээ нийгэм

“Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгуулан ажиллаж байгаа билээ.

Тус штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, санхүү, захиргааны баг хэсэг бүтэцтэйгээр яам, агентлагийн алба хаагчид 24 цагаар коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх шийдвэрийг гарган ажиллаж байна.

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бол “Төлөвлөлтийн баг”-ийг Эрүүл мэндийн дэд сайд С.Бямбасүрэн, “Ажиллагааны баг”-ийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, “Санхүү захиргааны баг”-ийг Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, “Санхүү, хангалт, ар талын баг”-ийг Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр тус тус ахлан ажиллаж байгаа юм.

Мөн Шуурхай штабаас гаргасан шийдвэр, бусад мэдээ, мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор 1800-1105, 318277, 263354 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж, иргэдэд мэдээлэл түгээн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сайд Ё.Баатарбилэг Монгол-Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Ё.Баатарбилэг сайд, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюки, БСШУСЯ, ЭМЯ, Сангийн яамны холбогдох газрын дарга, АШУҮИС-ийн удирдлагууд тус эмнэлгийн яаралтай тусламж, мэс засал, дуран зэрэг хэд хэдэн тасгаар орсны дараа эмч, мэргэжилтнүүдтэй уулзав.

АШУҮИС-ийн судалгаа, эрдэм, шинжилгээ, сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болоод буй тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Анх Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулсан боловч, цаашид АШУҮИС-ийг төгсөн гарч буй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарын бодлого, эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэгтэй гэж үзсэн учраас Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар БСШУС-ын яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн юм. Тиймээс салбарын сайд сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсож, холбогдох шийдвэрийг танилцууллаа.

Хүний нөөц хангалттай бэлтгэгдсэн ч санхүүжилтээс болж зарим тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байгаагаа эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн эмнэлэг дээр өр үүсч, эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэлийн дутагдалд оржээ.

Сайд Ё.Баатарбилэг эхний ээлжинд эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа урсгал зардлыг Засгийн газар, холбогдох яамд хамтран шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ. Түүнээс гадна дутагдалтай байгаа 10 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног, төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийдэхээр болж байгаа, Сангийн яам холбогдох хэлэлцээрийг хийсний дараа ажлыг нэн даруй эхлүүлнэ. Бусад төхөөрөмжид шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгаж өгсөн гэлээ.

Мөн эмнэлэг дээр үүсээд буй 800 гаруй сая төгрөгийн өрийг шийдвэрлэхээр боллоо. Ингэснээр эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, Анагаах ухааны доктор Б.Сувд зөвлөж байна

Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Их долоогийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг титэм вирусийн тархалтын улмаас онлайн хэлбэрээр явагдана

Дэлхий даяар шинэ төрлийн титэм вирус эрчимтэй тархаж буй өнөөгийн нөхцөлд ажил хэрэг, албан уулзалтуудын зохион байгуулагдах хэлбэр өөрчлөгдөж, олныг нэг дор цуглуулахгүйн тулд техникийн дэвшлийг ашиглан видео хурал буюу онлайн хэлбэрээр хурал цуглааныг зохион байгуулах туршлага улам бүр нэмэгдэж байна.

Энэ туршлага олон улсын хэмжээний арга хэмжээнүүд дээр ч ашиглагдах болжээ. Тухайлбал, энэ оны зургаадугаар сард Кэмп-Дэвид дэх Ерөнхийлөгчийн ордонд зохион байгуулагдах ёстой байсан Их долоогийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг титэм вирусийн тархалтын улмаас видео хурал хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.

Энэ шийдвэрийг өвчний тархалтыг тогтоон барих арга хэмжээнүүдийн хүрээнд гаргасан бөгөөд Их долоогийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх, зохион байгуулахад тухайн гишүүн орнууд асар их мөнгө зарцуулах шаардлагатай байсан бол онлайн хурал зохион байгуулснаар энэ зардал хэмнэгдэх сайн талтай юм.

Энд дуулгахад, өнгөрсөн даваа гаригт Их долоогийн тэргүүнүүд онлайн хурал зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Токиогийн зуны олимпыг цуцлах боломжийн талаар хэлэлцсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Тэрбээр “Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойрйн хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй.

Мөн Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй.

Хэнтий аймагт сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарласан. Шинж тэмдэг илэрсэн. Шинжилгээний сорьц ирж байгаа. Мөн автобусанд хамт явсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан.

ХӨСҮТ-д батлагдсан тохиолдол 6 хэвээрээ, сэжигтэй тохиолдол 7 байгааг шинжилгээ хийж, хянаж байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулна” гэсэн мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1,804 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Наранбулаг, Парк, Амар зочид буудал, Энхсаран, Жаргалант сувилал, Бага баян амралт, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт байгаагаас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад иргэд ажиглалтад байгаа.

Тусгай үүргийн дөрвөн нислэгээр ирсэн нийт 983 зорчигчоос гадна нисэх багийнхан бүгдээрээ тусгаарлан ажиглалтад байна.

ОХУ, Казахстанаас оюутнууд ирэх хүсэлтээ ЭСЯ-даар дамжуулан гаргаж байгаа учраас тэднийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байгаа. Оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлахаар байруудаа бэлдэж байна.

14:00 цагаас УОК хуралдана. Хуралд ЭМ-ийн сайд оролцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулна.

Анхны мэдээг нэгдүгээр сарын 3-нд хүлээн авснаас хойш эрүүл мэндийн салбар, Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлаа дүгнэн ЭМ-ийн сайдын зөвлөлийн хурлыг өчигдөр хуралдуулсан. Хурлаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлж өнөөдөр УОК-т танилцуулах гэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр зохицуулалтуудаа тогтмол хийгээд явж байгаа. ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний 10 орыг тохижуулж бэлэн болголоо. Мөн шаардлагатай аппаратуудыг суурилуулах ажлыг хийж байна. Эмнэлгийн машинуудыг мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ ачаалал үүсээд эхэлбэл явуулын амбулаторийг ажиллуулах боломжийг судалж байна” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан С.Баяр: Өнөөдөр эргээд харахад гүтгэлэг, цуурхал тараах, эрүүгийн хэрэг үүсгэх хоёр амин холбоотой, бие биеэ нөхсөн шат дамжлага байсан аж

(МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.ЖАРГАЛСАЙХАНД ХАНДАН ЗАХИДАЛ БИЧСЭНИЙГ НИЙТЭЛЖ БАЙНА)

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан Танаа


Эр цэргийн баярын мэнд дэвшүүлж, амрыг эрье!

Нийслэлийн прокурорын газраас “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэсэн агуулга бүхий прокурорын гурван тогтоол 2020.03.05-нд надад танилцуулав. Эдгээр тогтоолыг би судлан,Улсын Ерөнхий прокурор танд санал хүсэлтээ бичиж эхлэв.Гэтэл дөрвөн өдрийн дараа буюу 2020.03.09-нд“Яллах дүгнэлтээ гардаж ав” гэж Нийслэлийн прокурорын газраас надад мэдэгдэв.

Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн (ЭХХШТХ) 32.7-р зүйлийн 1 дэх хэсэгт “…прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Миний бие “хуулинд заасан хоногт нь багтаан Ерөнхий прокурорт хандах бодолтой байна” гэж учирлан, энэ тухай албан ёсны хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт өгсөн болно.

Гэвч хуулийн заалт түшиглэн гаргасан эл хүсэлтийг маань хүлээж авсангүй. Хэргийг хянаж буй прокуророос мөн өдөртөө 4/606 тоот мэдэгдэх хуудас надад хүргүүлэв. Уг мэдэгдэх хуудас нь “Хүрэлцэн ирж яллах дүгнэлтийг гардан авахгүй бол албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” гэх сүрдүүлсэн агуулгатай. Миний бие тогтоосон газар, товлосон цагт нь хүрэлцэн очиж, ЭХХШТХ-ийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал…” гэж заасны дагуу яллах дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан болно.

Татгалзсан учир нь энгийн. Хоёр жил гаруй мөрдөж хянасан хэрэгтээ яллах дүгнэлт гаргахаас дөрвөн хоногийн өмнө “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэсэн агуулгатай хэд хэдэн тогтоол надад танилцуулсан болоод,яллагдагч миний гомдол, хүсэлтийг авалгүй хэргийг шүүхэд шилжүүлэх гэж гэнэт шуурхайлав.

Миний бие хуульд заасан эрхтэй учраас л, эсвэл “гаргахын тулд л” гомдол, хүсэлт гаргах гэсэн юм биш. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө нь амжиж хэрэгт хяналт тавих эрх үүрэг бүхий дээд шатны удирдлага нь болох Ерөнхий прокурор танд гомдол, хүсэлтээ хүргэх гэсэн юм.Тэр оролдлого маань бүтсэнгүй. Харамсалтай нь, хуулийн дагуу гаргасан хэд хэдэн гомдол, хүсэлтэд маань иймэрхүү маягаар үндэслэлгүй татгалзсан, хатуурхсан “хариу” барьсан нь цөөнгүй.

Хэргийг шалгах хугацаанд миний бие АТГ-ын мөрдөгчид хандаж дөрвөн удаа, хяналтын прокурорт дөрвөн удаа, Нийслэлийн прокурорт дөрвөн удаа, Улсын Ерөнхий прокурорт хандаж хоёр удаа нийтдээ 14 удаагийн хүсэлт, гомдол гаргасан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүрэг бүхий прокурор нь хуулиар хамгаалагдсан яллагдагчийн эрхэд хэрхэн хандаж ирсэн нь хүсэлт, гомдлыг маань хянасан байдал, өгсөн хариунаас нь тодорхой. (Миний болон өмгөөлөгчийн гаргаж байсан гомдол, хүсэлт болон тэдгээрт ирүүлж байсан хариуг тус тус хавсаргав).

Хууль хяналтын байгууллагад удаа дараа ийнхүү хандахдаа миний бие асуудлыг шуурхай, шударгаар, хуулийн дагуу шийдүүлэх гэсэн бодол, хүсэлтэй байв. Тийм ч учраас 2020.03.05-нд надад танилцуулсан прокурорын тогтоолд агуулагдаж буй зарим илэрхий алдаа, дутуу нягталж шалгасан зүйлд Ерөнхий прокурор таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Ингэснээр шүүхээс хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, улмаар асуудал улам удаашрах, эсвэл дутуу нягталсан яллах дүгнэлтийг үндэслэсэн шүүхийн алдаатай шийдвэр гарч, миний бие хилс хэргээр яллагдах болзошгүй эрсдэлийг багасгана гэж найдсан юм.

Миний гэх “хэргийг” танд товч сануулъя.“Ерөнхий сайд С.Баяр нь Оюу толгойн төслөөс авлига авсан”, “Энэ авлигаараа Америкт олон байшинтай болсон” гэх агуулгатай гүтгэлэг, цуурхал олон жил үргэлжилж, улмаар 2016 оны сонгуулийн өмнө сүрхий гаарсан. Тэдгээрийнх нь хариуд“Намайг мөрдөн шалгаж, үнэн мөнийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг хууль хяналтын байгууллагад би гаргасан. Тэр хүсэлтийн маань дагуу мөрдөн шалгах ажил хийж, улмаар “эрүүгийн хэрэг үүсгэх үндэс, шалтгаан тогтоогдсонгүй” гэсэн хариу прокурорын байгууллагаас надад хүргүүлсэн байдаг.(Тэр хариу танай байгууллагын архивт бий).

Ийнхүү гүтгэлэг, цуур-хал сонгуулийн сөрөг сурталчилгааны зориулалттай өрнөөд өндөрлөв гэж бодтол 2017 оны сонгуулийн өмнө улиг болсон мөнөөх сэдвээр гүтгэлэг цуурхал болон жагсаал цуглаан гадаад, дотоодод дахин хийж эхлэв. Өнөөдөр эргээд харахад, гүтгэлэг, цуурхал тараах, эрүүгийн хэрэг үүсгэх хоёр амин холбоотой, бие биеэ нөхсөн шат дамжлага байсан аж. Гүтгэлэг, цуурхал тарахаар нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм биш, харин эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд гүтгэлэг, цуурхал тараасан юм байна гэж надад ойлгогддог.

Монгол Улсын хууль, шүүхийн шударга тогтолцоонд итгэсээр ирсэн миний бие хилийн чанадад хашиж байсан Элчин сайдын албаа орхин, эх нутагтаа ирж уг асуудлыг хоёр дахь удаагаа шалгуулах хүсэлт гаргасан. Хууль хяналтын байгууллагын өмнө ёслол төгөлдөр хүрэлцэн очсон маань “худал үнэн, хар цагааныг минь ялгаад өгнө” гэж найдсаных. Үнэн, хууль хоёрт би итгэсэн. Гэтэл хэргийн гол нь энэ хоёрт байгаагүй юм байна гэдгийг улам бүр ойлгож байна.

Хэрэг явдлын гол зорилго нь үнэнд хүрэх биш, харин ч үнэнээс төөрүүлэх санаархал байсан юм биш биз гэх бодол төрсөөр удлаа.

Би бол Оюу толгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан хүн. Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний хийж чадсан хамгийн том үйлс бол энэ юм гэж боддог. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа энэ үйлдвэр нь өдгөө Монгол Улсын маань мянга мянган хүүхэд багачуулын тэтгэмж, өтгөс хөгшдийн тэтгэвэр, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин харамжийн томоохон эх үүсвэр болсоор ирснийг дурдахад таатай байна.

Оюу толгой төсөл нь өдгөө манай үндэсний эдийн засаг, бизнесийн том хөдөлгөгч хүч, улсын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлэгч, Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох хэмжээ, үнэ цэнийг тодорхойлогч гол хүчин зүйл, уул уурхайн шилдэг технологийг нэвтрүүлэгч болсон байна.

Гэхдээ Оюу толгой төслийн ач холбогдлын тухай үүнээс илүүг нуршиж Ерөнхий прокурор таны цагийг үрэх бодолгүй байна. Ганцхан зүйл тэмдэглэхэд, Монголын төрийн бодлого хэрэгжүүлж, Оюу толгой ордыг ашиглах гэрээ байгуулах гэж явахдаа хожим хойно шагнал авна гэж зүтгээгүй. Гэхдээ арай ч онц ноцтой гэмт хэрэгт буруутгагдан ял сонсоно гэж бодож байсангүй.

Оюу толгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан намайг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2018.04.10-нд яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан…” гэх агуулгатай агаад, арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж.

Дээрх гэмт хэрэгт холбогдуулж намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, энэ хэргийн баримтыг тусгаарлан, хэрэг бүртгэлтэд буцаажээ. Ингэхээс ч өөр аргагүй биз.

Учир нь, намайг 60 хоног хорьсон атлаа онц ноцтой энэ хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг ч асуулт асуугаагүй.

Хэргийн материалтай танилцахад дээрх ялыг нотлох ямар ч баримт байсангүй. Ийм баримт угаасаа байх учиргүй бөгөөд, одоо бодоход, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахын тулд л эрүүл ухаанд багтамгүй эрүүгийн ийм хэргээр намайг яллажээ. Энэ нь миний гэх “хэрэг” нь эхнээсээ л хуулийн гэхээсээ, улс төрийн өнгө аястай асуудал байсны нотолгоо гэлтэй.

“Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” хэмээх зүйл ангиар намайг яллан шийтгэх бололцоогүй болсон тул энэ зуур Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав. Яллагдагчаар татах прокурорын тогтоолд“Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц… Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ.

Энэ бол ноцтой дүгнэлт. Ухаандаа намайг Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслийг далимдуулан, гадаад, дотоодын хоёр компанийн хооронд их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ байгуулахад албан тушаалаа урвуулан ашиглан нөлөөлж, хууль бус мөнгөн орлого олсон, тэр мөнгөө угаасан гэж яллаж байгаа аж. Энэ дүгнэлт нь ганц ч болов баримтаар нотлогдож байвал миний бие эрүүгийн хуулийн хамгийн хатуу цээрлэл хүлээхэд бэлэн. Энэ бол гарцаагүй. Үүнтэй би огт маргахгүй, заргалдахгүй, элдэв гомдол хүсэлт бичээд суухгүй.

Гэтэл намайг ялласан энэ дүгнэлт нь прокурор хянасан хэргийн материалд буй олон баримтаар бэлхнээ няцаагдаж байх юм. Жишээ нь, Петровис ХХК нь аль 2002 оноос эхлэн (намайг ОХУ-д элчин сайд байхад) Айвенхоу Майнз ХХК-д шатахуун нийлүүлж иржээ. Хамгийн гол нь, 2002-2009 онд болон үүнээс хойш энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл хэвээр хадгалагдаж, ямар нэгэн нөлөөний улмаас, ямар нэгэн өөрчлөлт ороогүй нь ил тодорхой байна. Энэ талаар ямар нэгэн эргэлзээ, сэжиг байгаа бол илүү сайн шалгах, нягтлах ёстой баймаар.

Мөрдөн шалгах ажлын явцад ил тодорхой болсон эдгээр баримтыг үл тоосон байхаас гадна дээрх компаниудын ялангуяа Оюу толгой ХХК-ийн зохих албан тушаалтнуудаас гэрээ байгуулах, сунгах үеийн талаарх мэдүүлэг, тайлбар огт аваагүй, мөрдөн шалгах ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй атлаа намайг зохиомол энэ хэргээр яллан буруутгахаа урьтал болгов. Миний гэх “асуудал” нь хуулийн биш, улс төрийн өнгө аястай асуудал болсны өөр нэг нотолгоо нь энэ юм.

Түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр Петровис ХХК-ийн хувь нийлүүлэгч, миний найз Ч.Даваанямын сүүлийн 10 гаруй жилд гадаад, дотоодод эрхэлж ирсэн бизнес, хийсэн банкны шилжүүлэг, худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асанС.Баяр надтай ямар нэгэн аргаар заавал холбох гэж оролдон, яллан буруутгаж байна.

Тухайлбал, сүүлийн арваад жил дуулиан болгож буй “АНУ-д байгаа С.Баярын 7 хаус (үнэн хэрэгтээ 9 байр аж)” гэх асуудал байна. АТГ-ын албан хүсэлтээр АНУ-ын хууль хяналтын байгууллагаас ирүүлж, хавтаст хэрэгт хавсаргасан баримтаас үзвэл, миний найз Ч.Давааням, миний охин Б.Нандин, Б.Бадамханд нартай хамтран 2005 оноос эхлэн тус улсад үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж ирсэн байна.

Оюу толгойн гэрээг үзэглэх байтугай, намайг Ерөнхий сайд болохоос хэдэн жилийн өмнө бизнесийн энэ үйл ажиллагааг өрнүүлж, дээрх байрны ихэнхийг худалдан авч засварлах, түрээслэх, борлуулах ажлыг гүйцэтгэж байсан нь АНУ-аас ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Санхүүжилтийг нь Ч.Давааням гаргаж, миний охид түүнд туслангаа олсон ашгийн тодорхой хувь хүртдэг энэ бизнес нь намайг албан ажлаа хүлээлгэж өгсний дараа ч үргэлжилсээр байгаа нь эдгээр баримтаас бас тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл үүнийг “Оюу толгойн гэрээ байгуулах үед авсан байж болзошгүй авлигатай” холбох гэж оролдсоор байгаа нь мөнөөх л “улс төрийн өнгө аясыг” дахин сануулна. Эдлээгүй албан тушаалаа “урвуулан ашиглах”, аваагүй авлигын “мөнгө угаах” гэж байх уу?

Эцэст нь дурдахад, миний гэх “асуудал” нь хуулийн хүрээнээс хальж, улс төрийн асуудал болсоор удаж буй нь дараахь ажиллагаанаас харагдана. Надад үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааны явцад бүрдүүлж цуглуулсан элдэв баримтын үнэн, худлыг нягтлалгүйгээр хэвлэлд нийтлэх, хуулбарлан улстөрчдөд тараах, С.Баярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн мэдэгдэх зэргээр “олон нийтийн жигшил төрүүлэх” ажиллагаа явуулсаар ирлээ. Ийм үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар хорьсон байдаг. Хууль ийнхүү зөрчигдөж байгаа талаар прокурорын байгууллагад би өөрөө болон миний өмгөөлөгч удаа дараа хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ авсангүй өнөөг хүрэв.

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх өө!

Монгол Улсын ЭХХШТХ-д заасан “Яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” талаар прокурорын байгууллагад хүлээлгэсэн эрх, үүрэг хэзээ, яаж хэрэгжих юм бол оо?

Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар дээд шатны прокурор нь доод шатны прокурорын шийдвэрийг хянах, өөрчлөх эрх үүрэгтэй байдаг. Үүнийг нь бодоод миний бие энд өгүүлж буй санал бодлоо прокурорын яллах дүгнэлт гарахаас өмнө, тэр дүгнэлтийг нь илүү бодитой, үндэс нотолгоотой болгох үүднээс Ерөнхий прокурор танд хүргүүлье гэж санаж байв. Харамсалтай нь, надаас үл хамаарах шалтгаанаар энэ санаа маань бүтсэнгүй. Хоёр жил мөрдөн шалгаж, хяналт тавьсан хэргээ хуулинд заасан хоёр долоо хоног ч хүлээлгүй, арай л түүхий шүүрхийгээр нь шүүхийн байгууллагад яаран шилжүүлэх шиг боллоо. Үүний цаад учрыг олох гэж бодоод л сууж байна.

Бидний өсөж хүмүүжсэн урьдын нийгэмд сайн, муу зэрэгцэн оршиж байв. Одоо ч гэсэн тийм. Хуучин цагт “Октябрийн баярын өмнө энэ объектыг ашиглалтад заавал өгнө” гэсээр хагас дутуу барьсан барилга ч гэлээ дуусгасан болгож рапортлох гэж хүчлэн шамдуулдаг байсныг та санаж байгаа биз. Шинэ цагт аливаа асуудлыг аливаа сонгуулийн өмнө шуугиулах, амжуулах гэж шуурхайлдаг болж.

Гэвч амьд хүний итгэл найдлага хамгийн сүүлд арилдаг гэдэг. Прокурорын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажилаагааны аль ч үед, түүний дотор шүүхийн шатанд ч оролцох эрхтэй. Иймээс хэргийг үнэн бодит, бүрэн бүтэн, сайтар нягталсан нотлох баримтад тулгуурлан хуулийн дагуу шударгаар шийдэхэд прокурор хувь нэмрээ оруулна гэсэн найдлага маань арай ч тасраагүй байна. Танай байгууллага хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хараат бус, бие даасан байх зарчим, үүргийнхээ дагуу ажиллана гэдэгт итгэсээр явна.

Танд уламжлах гэж бичиж байсан албан ёсны хүсэлтээ захидал хэлбэрээр ийнхүү хүргүүлж буйг минь болгооно уу. Миний гэх “хэргийн” талаар хэт өрөөсгөл, намайг өчиггүй буруутгаж гүтгэсэн мэдээлэл олон жил,өргөн фронтоор түгээгдэж ирсэн тул өдгөө болж байгаа үйл явцын талаар олон түмэнд үнэн бодитой мэдээлэл үүгээр дамжуулан хүргэх нь чухал санагдана. Иймээс эл захидлаа хэвлэлд нийтлэх бодолтой байна.

“Октябрийн баярын өмнө яаран хүлээлгэн өгсөн, дутуу барьсан объект шиг” арай болчихгүй байх гэж найдаж байна. Гэхдээ бодит үнэн энүүхэн зуур хүчгүйдээд, эвгүй замаар орлоо гэлээ ч, яллагдах өдөр байхад цагаатгагдах өдөр ирнэ, ялагдах өдөр байхад ялах өдөр ирнэ гэдэгт эргэлзэх юм надад алга.

Хүндэтгэн ёсолсон,

Монгол Улсын Ерөнхий сайд асан, иргэн С.БАЯР

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бумдарь: Хөл хорио үргэлжлэх тусам иргэдийн таньж мэдэхгүй нэгнийг сонгох хүсэл нь буурна


МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Бие даагч болон шинэ хүмүүсийг гаргах хөдөлгөөн юунаас эхтэй талаар ярилцлагаа эхэлье?

-Бие даагч гэх ойлголт өөрөө парламентын сонгууль явуулж эхэлсэн үеэс үүдэлтэй юм.

Манай улсад 1992 оноос эхтэй гэсэн үг. Шалтгаан нь тухайн нам, бүлэгтэй үзэл баримтлалын хувьд үл нийцсэн, тухайн бүлгээс дэмжлэг авч, хамтарч чадахгүй тохиолдолд өөрийнхөө итгэл үнэмшлээр бие даан нэр дэвшдэг.

Нэг ёсондоо үзэл баримтлал нь аль ч нам, бусад бүлгүүдтэй нийлэхгүй байгаа учраас бие дааж байна гэсэн үг.

Тухайн институт, групптээ үзэл баримтлалын хувьд ямар нэгэн байдлаар нэгдэж чадвал бие даах шаардлагагүй.

Нөгөө талаас ардчилсан, парламентын засаглалтай улс орны нийгэмд олон ургалч үзэл оршиж байдаг. Олон ургалч санааг илэрхийлэгч нь бие даагчид юм.

-Нийтлэг жишгийг хараад үзэхээр бие даагчдын хөдөлгөөн улс төрд хэр нөлөө үзүүлсэн байдаг юм бэ?

-Энэ нь сонгуулийн систем, тухайн нийгэмд олон ургалч санаа хэр хөгжсөн байна вэ гэдэгтэй шууд холбоотой байдаг.

Манай улсад л гэхэд сонгуулийн тогтолцоо нь мажоритар, сонгогчдын тоо нь хүн амаасаа шалтгаалж ямар ч тохиолдолд бага, сонгогчдын дийлэнх нь намуудын хатуу гишүүнчлэлд тогтоод үлдчихсэн.

Энэ тохиолдолд бие даагчдад боломж тун бага, эрсдэлтэй байдаг. Тиймдээ ч үе үеийн парламентад бие даагчид нэгээс хоёрхон л гарч иржээ. Энэ нь тун бага үзүүлэлт шүү дээ.

Мажоритар системийн үед бие даагчдад боломж тун бага байдаг. Мажоритар системтэй үед бие даагчид орон нутагтаа юм уу, эсвэл тухайн тойрогтоо маш сайн танигдсан тохиолдолд л гарч ирнэ, амжилтад хүрнэ.

Тэдэнд хамгийн ээлтэй нь холимог систем. Учир нь холимог системтэй үед нийгэм олон ургалч үзлийг алдуулахад төлөвшсөн байдаг. Сонгогчийн боловсрол нэмэгдсэн байдаг гэсэн үг.

– Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор болох учраас олонд танигдсан хүмүүст ашигтай гэж хэлж байгаа. Харин нийгэмд шинэ залуу үе гарч ирнэ гэсэн хүлээлт байх шиг. Таныхаар үр дүн нь ямар байх бол?

– Манай улсад тун сонирхолтой сонгууль болохуйц нөхцөл байдалтай байна.

Жишээ нь, судалгааны хүрээлэнгүүд судалгаа хийж, нам, нэр дэвшигчийн рейтингийг тогтоодог, тэр талаар бид сонгуулийн өмнө ярилцдаг байв.

Харин одоо өвчин, зовлонтой, хөл хориотой эрсдэлтэй өдрүүд үргэлжилж, нийгэм айдастай байна. Ийм үед нийгмийн сэтгэл зүй хамгаалалтын байдал руу орчихдог.

Энэ тохиолдолд иргэд улс төр, нийгэмд болж буй шуугиантай сэдвүүдэд төдийлөн анхаарахаа больчихдог.

Манай тойрогт аль нэр дэвшигч илүү рейтингтэй байна вэ гэдгийг төдийлөн сонирхохгүй, түүнд хариулт ч өгөхгүй. Харин ч таньж мэддэг өмнөх хүмүүсээ сонгох нь тэдэнд тайван байдлыг бий болгохуйц байдаг.

Тиймдээ ч сонгуулийн үр дүн бараг тодорхой болчихсон.

– Тодорхой гэдэг нь?

– Аль нь илүү сайн ажиллаж, хэн илүү түшигтэй санагдана, тэр хүнийг л иргэд сонгоно гэсэн үг.

Магадгүй тойрогтоо МАН, эсвэл АН-ын гишүүн сайн ажиллаж чадсан бол түүнд боломж бий. Энэ нь нийгмийн сэтгэл зүй, айдсыг давах хүчин зүйлтэй шууд холбоотой болчихож байгаа юм.

Хөл хорио хэдий чинээ урт үргэлжилнэ, төдий чинээ таньж мэдэхгүй нэгнийг сонгох хүсэл нь буурна.

Дээрээс нь хотын мандатаас дөрвийг нь орон нутагт шилжүүлсэн. Энэ хэрээрээ орон нутагт “хөл сайтай”, бүх зүйлээ цаг тухайд нь хийгээд явчихсан улстөрчид гарч ирж чадна.

Хотод шинэ нэр дэвшигч, шинэ дуу хоолой гэсэн олон янзын уриан дор л сонгууль явагдах байх.

Гэлээ ч нийгмийн сэтгэл зүйд сүүлийн гурван сарын үйл явдал хүчтэй нөлөөлдөг юм.

Хөл хорио тавигдаж, халдвар авсан таван хүн эдгэн, дахин өвчин илрээгүй тохиолдолд сонгогчдын дийлэнх хувьд нь энэ Засгийн газар маш сайн ажиллалаа гэсэн мессеж өгнө.

Өмнө нь хийсэн ажлууд нь хэчнээн шүүмжлэл дагууллаа ч тэр нь нийгэмд хүчтэй нөлөөлж чадахгүй.

Хэдий иргэд өнгөн талдаа шүүмжлэлтэй хандлаа ч далд байх итгэл үнэмшил нь өөр байна. Ийм эрсдэлтэй үед нөхцөл байдлаас сайн аваад гарчихсан учраас найдвартай байж чадах юм байна гэх итгэлийг төрүүлчих нь гэсэн үг.

Засгийн газар сүүлийн зургаан сар сайн ажиллачихвал санал авч чаддаг зүй тогтол ч бий. Энэ нь шинжлэх ухаанаар хэдийнээ батлагдчихсан зүйл шүү дээ.

– Тэгэхээр бие даагчид болон бусад хөдөлгөөнүүдэд боломж хомс байх нь?

– Одоогийн нөхцөл байдлыг Засгийн газар давж чадах юм бол дахин эрх баригч болох өндөр магадлалтай. Мэдээж АН-ын нэр дэвшигчдээс ч гарч таарна. Иймээс бие даагчдад боломж тун бага.

Парламент гэдэг өөрөө олон ургалч санааны нэгдэл. Олон эрх ашгийг хангахын төлөө байдаг. Нөгөө талаараа парламентын засаглалд бүлгээрээ, олонхоороо шийдвэр гаргадаг.

Олонхыг намтай байж гэмээнэ бүрдүүлж чаддаг. Энэ тохиолдолд бие даагчид өөрийнхөө сонгогчдын эрх ашгийг хангаж, аливаа бүлэгт харьяалагдаж, санаачилсан хуулиа дэмжүүлж чаддаггүй сул талтай.

Тиймээс “Уухай” зэрэг залуучуудын хөдөлгөөнийхний хувьд танигдахын тулд л дэвших байх гэж бодож байна.

Улс төрийн шинжлэх ухааныг судалдаг, мэддэг хүмүүс тэнд байгаа бол их мөнгө зараад хэрэггүй гэдгээ мэдэж байгаа байх.

Яах вэ цөөн тооны нэр дэвшигчид гарч ирэхийг үгүйсгэхгүй ч гарч ирснийхээ дараа бүлэг болж, бодлогод нөлөөлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Бид хүчтэй парламентын засаглалтай болохоор Үндсэн хуульдаа чамгүй өөрчлөлт оруулчихсан.

Хүчтэй Ерөнхий сайдтай болох нөхцөл ч хэдийнээ бүрдчихсэн.Тиймээс цаашид улам л намын институчлэгдсэн байдал чухал болоод ирнэ.

Энэ нь дээрх хөдөлгөөнүүдийн илүү намын, байгууллагын бүтэц рүү орохыг шаардана. Үзэл санаа, баримтлал, гарч ирээд хийх зүйлс нь, хөгжлийн бодлого нь ойлгомжтой, нэр дэвших гишүүд нь ч тодорхой байх ёстой юм.

Мэдээж өөрийн гэсэн “өнгө”-тэй бие даагчид байх юм бол намууд урихыг үгүйсгэхгүй.

Бие даагч хэвээр үлдэнэ гэвэл үнэнхүү тууштай, тойргийн иргэддээ маш сайн танигдсан, тэдгээрийн ихэнх хувь нь дэмжихээр гарын үсгээ зурсан тохиолдолд л орж ирэх хэрэгтэй.

– Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор УИХ-ын ээлжит сонгууль хойшлох болов уу. Хэрэв хойшлохоор болбол хэнд ашигтай вэ?

– Миний хувьд гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа нь ч сонгогчдын тоогоо нэмж буй үйл явдал гэж харж байгаа.

Хэрэв халдвар авсан иргэдээ эмчлэх чадалтай гэдгээ баталчихвал сонгууль хугацаандаа л үргэлжилнэ байх.

Хил хаалттай, халдвартай ирсэн иргэдээ эмчилчихсэн учраас сонгуулийг хойшлуулах өөр ямар ч хүчин зүйл байхгүй.

Сонгууль хойшлохгүй байх тусмаа МАН-д ашигтай.

Categories
мэдээ нийгэм

Канадын Калгари хотод ажиллаж, амьдарч байгаа монголчууд зургаан сая төгрөг хандивлав

Канад улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Альберта мужийн Калгари хотын иргэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аяныг өрнүүлжээ.

Хандивын аяныг долоо хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд нийт 20 гаруй иргэнээс 6,000,000 төгрөг цугларсан байна.

Энэхүү цугларсан мөнгөн хандивыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногт таван хүн мотоциклийн ослоор нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03.16-20-ны өдрүүдэд нийт 738 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 551-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүний амь нас хохирсон бөгөөд 1 хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
  • Мөргөлдөх-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-6
  • Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.16-ны өдрийн 20 цаг 46 минутын орчим СХД-ийн 7 дугаар хороо Баянхошууны замд Toyota Prius маркийн О жолоочтой замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 19 настай, эмэгтэй М, 21 настай, эмэгтэй А, 21 настай, эрэгтэй Ж, 17 настай, эрэгтэй З нар гэмтсэн. Зорчигч 19 настай, эмэгтэй М нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан,

2020.03.16-ны шөнийн 23 цаг 27 минутын орчим Төв аймгийн Лүн сумын Рашаант 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон,

2020.03.17-ны өдрийн 12 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг “Дугантын отог” гэх газар шороон замд улсын дугааргүй Супер Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон,

2020.03.17-ны өдрийн 17 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай эрэгтэй А-гийн амь нас хохирсон,

2020.03.19-ний өдрийн 08 цаг 20 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Ipsum маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 7 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон,

2020.03.19-ний өдрийн 13 цаг 50 минутын орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,

2020.03.19-ний шөнийн 23 цаг 40 минутын орчим Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт асфальтан замд улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикл онхолдож, жолооч 49 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 20,3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 24,1 хувиар, гэмтсэн хүн 53,3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 62,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх боломжтой боллоо

Image result for нцгой байдлын ерөнхий газар

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний маягт, заавар”-ыг батлууллаа.

Энэхүү маягт, заавар нь геологийн гаралтай, биологийн гаралтай, ус, цаг уурын гаралтай, гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой осол гэсэн таван төрөлтэй. Ингэснээр Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, 2018 оны 327 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн зэрэглэл тогтоох журам”, 2019 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам” болон бусад холбогдох дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлэх юм.

Мөн гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг шуурхай удирдах, гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик мэдээ боловсруулах, гамшгийн хохирол, хэрэгцээний шуурхай үнэлгээ хийх, гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилтын шалгуур үзүүлэлтийг хэмжих, бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбогдох боломжтой боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.