Categories
мэдээ улс-төр

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барилаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барилаа. Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 саналыг тусгасан байна.

Тухайлбал, Комисст ирсэн гомдол, мэдээлэлд үндэслэн малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн зарим нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс 2019 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг судалж, үнэлэн “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал” сэдэвт нэгдүгээр бүлгийг боловсруулсан байна. Энэ хүрээнд “Аймаг сум, багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, шаардагдах төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа шийдвэрлүүлдэг байх”, “жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, зайлшгүй тохиолдолд аймгийн төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа амаржих нөхцөлөөр хангах” зэрэг 13 саналыг тусгажээ.

19 дэх илтгэлийн хоёрдугаар бүлгийг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд боловсруулжээ. Улсын хэмжээнд 160 байгууллагад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, энэ хүрээнд 1,681 төрийн албан хаагчаас авсан судалгааны санал асуулгын нэгтэсэн дүн, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага болон холбогдох байгууллагаас ирүүлсэн судалгаа, баримт, мэдээлэлд тулгуурлан дээрх бүлгийг боловсруулсан байна. Сэдвийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж, аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох зэрэг 6 саналыг тусгажээ.

Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй, тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн хорт болон аюултай бодисыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг. Улмаар хугацаа нь дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, удаан хугацаанд хадгалагдсан химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, хамгаалах, зайлуулах, устгах асуудал тулгамдаад буй. Иймд химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтад төрөөс анхаарал хандуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын үүднээс Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, холбогдох эрх бүхий байгууллагын судалгаа, баримт, мэдээлэлд үндэслэн “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал” сэдвийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийн гуравдугаар бүлгийг боловсруулжээ. Энэ хүрээнд хот суурин газарт сургууль, эмнэлэг, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд олон жил хуримтлагдаж хадгалагдаж байгаа, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байршуулах, хадгалах зориулалтын барилга, байгууламжийг яаралтай бий болгох, химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэрийг барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг 4 саналыг тусгасан байна.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын мэдээлэл бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүрч холбогдох шийдвэр гарч ирсний зэрэгцээ олон нийт ч улс орны хүний эрхийн төлөв байдал олон улсын түвшинд ямар байгаа, улс орнуудын дунд ямар байр эзэлж байгаа талаар ач холбогдол өгөн анхаарч, мэдээлэл хайдаг болжээ. Иймд Комисс улс орнуудыг нийгмийн болон хүний хөгжлийн түвшингээр нь тодорхой шалгуураар үнэлж оноо өгдөг, индексжүүлэн эрэмбэлдэг олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний төвүүдээс гаргасан тайлан мэдээллээс хүний эрхэд холбогдох индексийг түүвэрлэн, зарим эрхийн хүрээнд нэгтгэн 19 дэх илтгэлийн “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” сэдэвт дөрөвдүгээр бүлэгт тусгажээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11,9 дүгээр зүйлийн 9.1,17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намууд солиоролдоод байхаар Ерөнхийлөгч дагалгүй яахав дээ

Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр гэж галзуу солиотнуудын солиорол мэт юм зарлаад эхэлжээ. Гурван сая, таван сая төгрөгийн цалин, үнэгүй байр л гэнэ. Үнэ хаялцаж, дуудлага худалдаа явуулж байгаа аятай л хашгиралдаж байна. Тоотой хэдэн популист солиотуудтай гэж андуурч явжээ. Санаснаас дэндүү олон, бүр хоорондоо өрсөлдөөд, уралдаад эхлэв. Ингэж байгаад уралцах вий.

Манай дээдсүүд ард түмнээрээ үзэн ядуулдаг, тэднийг айлгадаг хадны мангаатай. Тэр нь улс төрийн акц болгоны өмнө нэрийг нь зарлана гэж сүрдүүлдэг гучин гэр бүл. Таамаг төдий гучин гэр бүлийн талаар монголчууд сонсоод нэлээд олон жилийг үдлээ. Өнөөх гучин гэр бүлийнхнийгээ тонож дээрэмдээд, байдгийг нь булааж авах юм улстөрчид маань яриад л байна. Дээрмийн мөнгөөрөө хаус авч өгнө ч гэх шиг. Хуучны шилийн сайн эрс л баячуудаас нь хулгайлсан адуу малаа ядууст тарааж өгдөг байсан талаар сонсож байснаас ардчилсан тогтолцоотой Монгол Улсад, ХХI зуунд айлын хөрөнгийг хурааж аваад бусдад тарааж өгнө гэж яриад иргэдийн олонхын саналыг авч, эрх барьж улс орныг яаж удирдах билээ.

Эдийн засгийн нарийн мэдлэггүй Должин эмээ ч энгийн ойлгохоор юман дээр өнөөх сүржин намууд ямар ч баримжаагүй, үндэслэлгүй популист амлалтуудаараа хэн нь илүү галзуугаа гайхуулж байна. Саяхан л Венесуэл тэргүүтэй орнуудыг жишээ болгон тавлаж байсан даа, манай улстөрчид. Энэ янзаараа тэдний араас биднийг чирэх нь ээ.

Намуудын цалин, байрны амлалтууд биелэх боломжгүй, биелэхээр бол эдийн засгаа, улс орноо самраад дуусна. Популист улстөрчдөөсөө болж зовж байгаа өнөөх улсууд шигээ мөнгөнийхөө ханшийг навсайтал унагаад ганц талх авах гэж тэрэг дүүрэн мөнгөө түрээд явах болох нь. Тулхтай гэгдэх МАН, АН хоёр ч тун хариуцлагагүй санагдаж байна. Сонгогчдоо бүгдийг нь орк болчихсон гэж санаад байгаа юм уу хаашаа юм. Ард иргэдээ тултал ядууруулчихсан юм чинь юу ч хийсэн үнэмшинэ гэж бодоод басамжлаад байна уу даа. Хоосон амлалтаар иргэдийн саналыг авдаг байсан цаг чинь алсарч байгаа шүү.

Намууд ингэж солиоролдохоор Ерөнхийлөгч дагаад яг адилхан саналууд гаргаад эхэллээ. Сонгуулийг хойшлуулж, мөнгө хэмнэнэ л гэнэ. Коронагийн далимаар эдийн засгаар айлгаж үзэж байна. Хямралын нөхцөлд зориулж төрийн удирдлагыг төвлөрүүлнэ гэлээ. Энийгээ бас дарангуйлал биш гэж онцолж хэлсэн байгаа юм. Ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш шүү л гэнэ. Айлгаагүй яаж байгаа юм. Түүний уриалга доторх хамгийн ноцтой нь энэ байлаа. Энэ байдлаараа намууд бараг хэрэггүй юм байх. Булчин шөрмөстэй чийрэг орк л улс оронд хэрэгтэй, тэгвэл ханиад коронаг тэсвэрлэж чадах юм гэнэ.

Улс төрийн намууд нь амьдралаас тасарсан ийм эрүүл биш хөтөлбөр дэвшүүлж орилолдоод эхлэхээр эд нарын төрүүлж бойжуулсан хүү болох Ерөнхийлөгч нь ингэж дагалгүй яахав. Юмтай хүний юмыг хөдөлгөөд, амбицтай хүний амбицыг хөдөлгөөд байхаар давж гарах гээд л үзчихнэ шүү дээ. Ерөнхийлөгч маань гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг булаацалдаж, ер нь юм юмны эрхийг мэддэг болох нь уу гэлтэй Үндсэн хууль зөрчсөн уриалга гаргалаа. Ардчиллаар олгосон эрх чөлөөнөөсөө ухарсан, ардчиллын үндсэн санааг таягдсан уриалга нь Үндсэн хуулийг уландаа гишгэсэн том ухралт гэж харагдана.

Ерөнхийлөгч бол Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад тангараг өргөдөг цорын ганц субьект. Ийм хүн ардчиллын үзэл санааг нулимдаг байж болохгүй. Эв нэгдлийг хадгалах учиртай хүн үүнийхээ эсрэг юм ярьж болохгүй. Үндсэн хуулийн 32.2-т Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөнө гэсэн заалт дурайна.

Тангаргаа зөрчвөл огцрох тухай ойлголтыг ч Үндсэн хуулийн 35.2-т заасан байна. “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна гэж заасан. Ерөнхийлөгч энэ уриалгаараа тангаргаасаа няцлаа. Хэн нэгэн иргэн Цэцэд хандвал яг энэ процесс явагдаж таарна. Монгол Улс парламентын засаглалтай улс болохоос Ерөнхийлөгчийн засаглалтай биш.

Философийн шинжлэх ухааны доктор, гавьяат багш Д.Дашпүрэвийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага сонирхол татсан үг, өгүүлбэрээр дүүрэн юм. Утгачилбал, хүний амьдралд мөнгө олох амархан. Хамгийн хэцүү нь эрх чөлөөг олох. Гэтэл хамгийн чухал, зовж олдог эрх чөлөөг нь энэ олон нам, энэ том дарга нар үгүй хийх нь. Бидний эрх чөлөөг хумьж, ичмээр амлалтуудаараа үгүй хийхийг санаархахаа боль. Парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгч яахаараа удирдлага төвлөрүүлэх санаархал ярьж болох билээ. Мэдээж үүнийг Ерөнхийлөгч шийдэхгүй. УИХ арай ийм юм дэмжээд шийдчихгүй байлгүй дээ. Ганц хүнийг биш парламентаараа, олонхоороо шийддэг тогтолцоог бид сонгосон шүү дээ. Төрийн эрх мэдэл, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын талаар Үндсэн хуульд тов тодорхой заасан. Ерөнхийлөгч юунд яаран ийм уриалга гаргав. Хуулиараа бол Ерөнхийлөгч хуульд нийцүүлж захирамж, зарлиг гаргадаг. Тэрнээс эрх мэдэл төвлөрүүлж, эрх мэдэл булаацалдаж, уриалга гаргах бүрэн эрх түүнд олгогдоогүй. “Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна” гээд нэн тэргүүнд авах ёстой гэсэн зургаан зүйл бүхий уриалга гаргасан. Сонгууль хойшлуулах асуудлыг ч Ерөнхийлөгч мэддэг юм биш. Үндсэн хуулинд парламентын гишүүний хугацаа дөрвөн жилээр заасан. Хэрэв өөрчилбөл Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Ерөнхийлөгчийн уриалгаар бол Үндсэн хууль зөрчин парламентын гишүүнийхээ дөрвөн жилийн хугацааг уртасгаж таарах, үгүй бол бүрэн эрх нь дуусмагц парламентгүй хэсэг явах нь. Тэгмэгц төвлөрсөн удирдлагатай болно гэхээр юу болж таарах вэ. Парламент нь ямар ч чадамжгүй, парламентын дарга нь ч чадамжгүй болно. Тэгээд тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох ёстой. Давхар дээлтэй дөрөвхөн сайд байх ёстой. Одоо зуун хувь давхар дээлтэй байгаа засаг солигдож мэдэхээр байна. Ийм үед өнөөх удирдлага төвлөрүүлнэ гэдэг нь юу болж таарах нь вэ. Одоогоор баталгаатай үлдэх хүн нь Ерөнхийлөгч л болж байна. Түүний уриалсан удирдлага төвлөрнө гэдэг нь энэ юм болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд хуульч Ч.Өнөрбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдлийн талаар мэдээлнэ

10.00 цагт Нийслэлийн, Хэвлэл мэдээллийн төвд Хот тохижилтын газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах талаар мэдээлнэ. Утас: 88099272

10.30 цагт НЗДТГ-т НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99004811, 80008020

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас “COVID-19” халдварын талаар цахимаар мэдээлнэ.

12.00 цагт “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд хуульч Ч.Өнөрбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдлийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Төрийн ордонд “ШИНЭ” эвслээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

О.Санчирбал: Прокурор нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэсэн бол хэрэгсэхгүй болгож чаддаггүй

“Legal pro” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч О.Санчирбалтай ярилцлаа.


-Авлига, албан тушаалын хэргүүдийн шийдвэрлэлт удаашралтай. Эхнээсээ хэрэгсэхгүй болсоор байна гэх ойлголт нийгэмд бий болоод удлаа. Мөрдөн шалгах байгууллага хэргийг илрүүлдэг, шалгадаг, тогтоодог гэдгээ зарлаад байгаа. Харин тэр хэргүүд нь шүүх дээр шийдвэрлэгддэггүй, прокурор дээр гацсаар байгаа гэх санал, гомдлууд ч олон нийтийн дунд байсаар байна. Ер нь сүүлийн үед прокурорын байгууллага хэт хаалттай боллоо гэсэн шүүмжлэл ч байдаг. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралд төрийн нэрийн өмнөөс оролцдог. Яллах чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Нөгөө талаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэргийн процесс ажиллагаа үнэн зөв, хуульд нийцэж явагдаж байгаа эсэх, хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг шууд хяналт тавьж оролцдог субьект.

Өөрөөр хэлбэл, нэг талаас тухайн гэмт этгээд гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг бүхий этгээд шүү дээ, прокурор. Харин өмгөөлөгчийн хувьд тухайн хэрэгт холбогдсон, эсвэл эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаар хохирсон этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байгаа этгээд. Үүн дээрээс прокурор, өмгөөлөгч гэдэг субьект гарч ирж байгаа юм. Хууль зүйн хувьд эсрэг тэсрэг байр сууринаас оролцож байгаа субьектүүд. Энэ талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн прокурор хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах зарчимтай. Хэргийн оролцогч болох өмгөөлөгч болон бусад хохирсон хэрэгт холбогдсон яллагдагч, шүүгдэгч сэжигтэнтэй шууд харилцах боломжгүй. Хуулиар хориотой.

Прокурор хаалттай байна гэж байна. Прокурорын байгууллагын тухай хуульд прокурор нь хуульд хориглосноос бусад буюу төрийн нууц, хувь хүний нууцтай холбоотой асуудлаас бусад прокурорын шийдвэр ил тод байх хуулийн зарчимтай. Түүнээс гадна прокурор нь тухайн хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөх, дотоод итгэл үнэмшлээрээ тухайн хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Мэдээж түрүүн ярьсанчлан хүний эрхийг бас хамгаалдаг. Хэрэв цугласан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт хамааралгүй хүнийг холбогдсон гэж үзээгүй бол шууд яллах нь өөрөө хууль зөрчиж байгаа. Ийм учраас дотоод итгэл үнэмшлийнхээ хүрээнд хэргийг шийднэ гэсэн хуулийн заалттай.

Нөгөө талаас прокурорын байгууллага босоо тогтолцоотой гэж ярьдаг. Дээд шатны прокурор, зохих шатны прокурор, доод шатны прокурор гэж байна. Прокурорын байгууллагын тухай хуулинд дээд шатны прокурорын өгсөн үүрэг даалгавар чиглэлийг доод шатны прокурор шууд дагаж биелүүлэх үүрэгтэй гэсэн ойлголт байдаг. Улсын ерөнхий прокурорын орлогч зохих шатны доод шатны прокурор дүүргийн прокурорт ч юм уу “Чи энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэ” гэсэн чиг үүрэг өгөхөд тухайн прокурор мэдээж түүнийг дагах болдог. Хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулна гэдэг ойлголт үүн дээр алдагддаг. Уг нь бол бие даан үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй хэдий ч тогтолцооны хувьд дээд шатны прокурор доод шатны прокурорт үүрэг даалгавар чиглэл өгч болж байгаа юм. Тэгэхээр тухайн хүний өөр өнцгөөс харж байсан дотоод итгэл үнэмшилд нөлөөлөхүйц хуулийн зохицуулалт байна. Энэ хоёр хоорондоо зөрчилддөг.

-Хэрэг удааширдаг тухайд?

-Хэрэг прокурор дээр удааширдаг, алга болдог гэдэг асуудал яригддаг. Прокурорын байгууллага ачаалал их байдаг. Хуулийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зааснаар прокурор хэрэг бүртгэлтийг нээхээс татгалзах шийдвэрийг гаргаж байна, бас хэрэг бүртгэлтийн хэргийг нээдэг, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэргийг татаж хянадаг, яллах дүгнэлт үйлддэг, шүүх хуралдаанд оролцдог, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцдог, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хурал гэх мэт ажлын ачаалал нэг талаасаа их байдаг.

Гэхдээ прокурорын байгууллагын хүний эрх зөрчөөд байгаа нэг асуудал ажиглагддаг. Хүнийг хорихын тулд эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татчихдаг. Гэтэл дараа нь нөгөө хэрэг нь гэмт хэргийн шинжгүй болчихоод байхад хэрэгсэхгүй болгож чаддаггүй. Ингээд удаашруулаад байдаг. Нөгөө хэргээ шүүх рүү очиж шийдүүлэх гэхээр цагаатгах болчихдог. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан мөрдөн байцалтын хэргийг өөрсдөд дээрээ уяад байдаг асуудал байдаг. Мэдээж прокурор бүр ийм биш. Зоригтой залуус байдаг. Тэр залуус хэргээ хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэчихээр дээд шатны прокуророос үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, хэрэг хэрэгсэхгүй болголоо. Ажлын үзүүлэлт, тоон үзүүлэлт муудлаа гэж ярьдаг учир хэргийг хэрэгсэхгүй болгож чаддаггүй. Тэгээд мөрдөн байцаалтын хугацаа сунгадаг. Үндэслэлгүйгээр хүнийг яллагдагч гэдэг статустай бариад байдаг. Энэ асуудлыг ер нь эргэж харах цаг болсон.

-Прокурор дээрх үйл ажиллагаануудыг явуулахад хуулийн хугацаатай. Тийм үү?

-Мэдээж хуулиараа хэрэг хянах хугацаа гэж бий. Мөрдөгч санал гаргаад прокурор хүлээж аваад түүнийг 14 хоногийн дотор хянах үүрэгтэй. Цаашлаад хяналтын хугацааг сунгах боломж байдаг. Нэг прокурор наад зах нь 40-50 хавтаст хэрэг хариуцдаг. Түүнийг уншихын тулд тодорхой цаг хугацаа ордог. Улсын яллагч шүүх дээр тухайн хэрэгт холбогдуулсан хүнээ шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ. Тухайн хэрэгт авагдсан баримтууд хэрэгт хамааралтай, гэмт хэрэгт үйлдсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөд шүүх рүү шилжүүлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан болгон гэмт хэрэг биш. 2020 он гараад сонгуулийн жил эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад улс төрийн үйл ажиллагаа хүнийг харлуулах, гэмт хэрэг үйлдсэн талаар худал мэдээлэл тараадаг зүйлс маш их бий. Хүмүүс ялгаж салгаж ойлгох ёстой.

Авлига, албан тушаалын хэргүүдийн зарим жишээг та дээр дурдлаа. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хуульд өөрчлөлт орсон. 2020 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль байгаа. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан буюу авлигын гэмт хэргийг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг бүгдийг сэргээн шалгахаар хуульчилсан. 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хүртэл хугацаанд хэрэгсэхгүй болсон бүх хэргийг шүүхийн шатанд шүүх шийдвэрлэнэ. Прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон бол дахин сэргээж гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр тогтоолгоно гэсэн ойлголт байгаа. Түүнээс биш авлига албан тушаалын бүх хэрэг замхраад алга болж байгаа асуудал биш.

-Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс одоо өөрсдөө хэргээ хурдан шийдэхийг шаарддаг болж. Энэ нь хэргийн шийдвэрлэлт удааширч байгааг харуулж байгаа болов уу?

-Хуулинд олгогдсон яллагдагч дээрх этгээдүүдийн гэм буруутай эсэх асуудлаараа шүүхэд түргэн шуурхай шийдвэрлүүлэхээр гомдол хүсэлт гаргах эрхтэй. Тухайн хэргийн оролцогч өөрөө бие даан оролцох нь ховор байдаг. Тухайн этгээд нь хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч авдаг. Өмгөөлөгч оролцогчийн хувьд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тохиолдолд хэргийг яллах болон цагаатгах нотлох баримтуудыг цуглуулдаг. Цагаатгах талын нотлох баримтыг хэрэгт хавсарган мэтгэлцэхэд шаардлагатай баримтууд, мөн дээрээс хэрэгт дутуу хийгдсэн ажиллагаануудын тухайд хүсэлт, гомдол гаргадаг. Дээрх гомдол хүсэлт гаргах нь бас хуулийн хугацаатай. Мэдээж хоёр гурван жил үргэлжилнэ гэсэн үг биш. Бүх үе шатууд хуулийн хугацаатай байдаг. Ямархуу асуудал дээр яагаад уддаг нь мэдээж сонин. Хуульд заасан хугацааны дагуу нэгэнт нотлох баримт илэрхий бол дээрх хэргийг шийдвэрлэхээр шүүхэд хэргийг шилжүүлэх эрх нь прокурорт өөрт нь байгаа. Нэгэнт гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа бол удаашруулаад байх шаардлагагүй. Нэг ёсондоо хэргийг түргэн шуурхай шалгаж шүүхэд шилжүүлэх үүрэг нь прокурорт байгаа. Дээрээс нь зарим хэрэг дээр улс төрийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй.

-Хэргийг шийдвэрлэж байгаа зарчмыг харахад шүүгч, прокурор хоёр нэг талд, давуу эрхтэй. Өмгөөлөгч ялгаварлагдсан байдалтай хэрэг шийдэхэд оролцдог гэдгийг хуульчид шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Шүүгчийн аюулгүй байдлыг хангахаар шүүгч нарын ажлын байр руу нэвтрэх хаалт хяналттай, тусгай чипээр онгойдог. Шүүгч бол хуульд зааснаар тодорхой хэрэг маргаан дээр талуудын оролцогч шүүх хуралдаан дээр мэтгэлцээний үндсэн дээр гэм буруутай эсэхийг тогтоож шийтгэх тогтоол юм уу цагаатгах тогтоол гаргадаг субьект. Шүүгчийн өмнө прокурор өмгөөлөгч хэргийн оролцогч нар мэтгэлцэж байж гэм буруутай асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл прокурорын хувьд шүүгчийн өрөө рүү сул чөлөөтэй нэвтэрдэг, тухайн таслан сэргийлэх арга хэмжээ авах талаараа шүүгчтэй орж зөвшилцдөг, ярилцдаг. Тодорхой баяр ёслол болохоор прокурор, шүүхийн байгууллагууд нягт уялдаа холбоотой хамтардаг асуудал ажиглагддаг. Харин өмгөөлөгчийн хувьд шууд шүүх хуралдаанд оролцдог. Иймэрхүү л дүр зураг амьдралд байдгийн хувьд байдаг. Сүүлд больчихсон байна лээ, шүүх дээр прокурорын өрөө хүртэл тусдаа байсан. Өмгөөлөгчид бол байхгүй. Тэгэхээр прокурор гэдэг маань шүүн таслах ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцдог хэдий ч цагаатгах талын болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх чиглэлээр шүүх хуралд оролцож байгаа этгээд ямар нэгэн өрөөгөөр хангагдаагүй. Хэргийн оролцогч нартай үүдэнд сууж байдаг ийм л дүр зураг байсан.

-Уг нь бол эсрэгээрээ байх ёстой биз дээ?

-Прокурор маань шүүгчтэй шууд харилцаж байгаа нь шүүгч хэрэгт хараат бусаар шийдвэр гаргах шийдвэрт нэг талаас нөлөөлдөг, хэргийн талаар урьдчилж танилцуулдаг үйл явдал болдог. Хуулиараабол шүүгч бол төв байр суурьтай. Улсын яллагч яллах талын нотлох баримтаа танилцуулж, өмгөөлөгч цагаатгах, хөнгөрүүлэх байр сууринаас оролцдог. Энэ хоёрын хооронд мэтгэлцээний үндсэн дээр тухайн шүүгч гуравдагч этгээдийн хувьд шийдвэр гаргах эрх бүхий субьект байх ёстой шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Б.Итгэл: Монгол болон Орост арьс ширний сургалт судалгаа, инновацийн төв байгуулна

Европын холбооны “Эрасмус+” хөтөлбөрийн санхүүжилтээр “ОХУ болон Монгол улсад Арьс ширний сургалт, судалгаа ба инновацийн төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал, аж ахуй, биотехнологийн сургуулийн ахлах багш, доктор Б.Итгэлтэй ярилцлаа.


-Европын холбоо “Эрасмус+” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийн талаар танилцуулаач?

-Европын холбоо нь өөрийн бүрэлдэхүүнд багтдаг улс орнуудын дэлхийн бусад орнуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэ тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. 2014-2020 онд International Credit Mobility буюу Олон улсын багш ба оюутны кредит солилцох, Capacity Build­ing in Higher Education буюу Дээд боловсролын салбарын чадавхийг бэхжүүлэх, Erasmus Mundus Joint Master Degrees буюу Магистрийн зэрэг олгох, Jean Monnet Activities буюу Европ судлал гэсэн дөрвөн чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Манай төсөл Европын холбооны “Эрасмус+” хөтөлбөрийн “Capac­ity building in Higher Education” буюу “Дээд боловсролын хүний нөөцийг чадавхижуулах” чиглэлд хамаарна.

-Тэгвэл танай багийнхан ямар төсөл хэрэгжүүлж байна вэ?

-Төсөл маань “ОХУ болон Монгол Улсад Арьс ширний сургалт, судалгаа ба инновацийн төв байгуулах” буюу “Establish­ment of Leather Hubs in Russia and Mongolia” нэртэй. Төслийг 2019 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн хэрэгжүүлж эхлээд хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн нийт үргэлжлэх хугацаа гурван жил. Нийт санхүүжилт 995,950 евро. Манай төслийн багт нийт найман орны 13 байгууллага хамрагддаг. Төслийн удирдагчаар Турк улсын “Эгэ” их сургууль, гишүүдэд Монгол Улсын ХААИС, ШУТИС болон Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ОХУ-ын Дорнод Сибирийн технологи удирдлагын их сургууль, Буриадын хөдөө аж ахуйн академи болон Буриадын худалдаа аж үйлдвэрийн тэнхим тус тус багтаж байгаа. Төслийн зөвлөх орнуудад Итали, Грек, Польш, Румын болон Литовын арьс ширний эрдэм шинжилгээ, сургалт болон судалгаа эрхэлдэг байгууллагууд орсон.

-Олон улсын төсөлд оролцохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Хамгийн гол шалгуур үзүүлэлт юу вэ?

-Төслийн шалгаруулалтын нэг гол шалгуур нь төсөл дэвшүүлж байгаа байгууллагуудын хамтын ажиллагааны түүх юм билээ. Мөн хоёр ба түүнээс дээш орны оролцоо, оролцож байгаа орны тухайн салбарын хоёр ба түүнээс дээш тэргүүлэх байгууллагуудын хамтын ажиллагааны хоёр ба түүнээс дээш жилийн түүх үүсгэх их чухал юм байна. Бид энэ төсөлд ХААИС, ШУТИС, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Дорнод сибирийн их сургууль, Буриадын ХАА-н Академи болон Туркийн “Эгэ” их сургуультай хэрхэн яаж хамтран ажилласан талаар дөрвөн жилийн түүхээ бичиж оролцсон.

-Арьс ширний сургалт, судалгаа, инновацийн асуудал гэхээр манай улсад их л ойрхон сэдэв шүү дээ. Энэ нь төслийн гол үндэслэл болов уу?

-Манай ХААИС-ийн Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхим нь Таваар судлалчдыг бэлтгэж ирсэн түүхтэй. “Таваар судлалч” мэргэжилтэний ажлын байрыг төрөөс зохицуулж, баталгаажсан ажлын байртай байсан. Гэтэл энэ тогтолцоо нурж, ажлын байр үгүй болсноор Таваар судлалч мэргэжлээр элсэн суралцагчдын тоо эрс буурч ирсэн. ШУТИС-ийн хувьд ч “Арьс ширний технологич” мэргэжлийн анги элсэлтгүйн улмаас хаагдаад байгаа. Гэсэн хэдий ч арьс ширний салбарын үндсэн түүхий эд нь нөхөн сэргээгддэг, бүтцийн хувьд өвөрмөц онцлогтой үнэт баялаг учраас манай орны хувьд арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх нь зайлшгүй асуудлуудын нэг юм. Салбарыг сэргээн босгоход мэргэжилтэй боловсон хүчин нэн чухал тул их дээд сургуулиудын арьс шир судлалын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр болон сургалтын арга зүйд шинэчлэл хийх, чадавхаа дээшлүүлэх, сургалт үйлдвэрлэлийн уялдааг сайжруулах, олон улсын түвшинд хүрэхийн тулд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхасуудалд анхаарч ажилласан.

-Олон орны төлөөлөгчид хамтран нэг баг болсон нь сонирхол татаж байна. Төсөлд шалгарах амар байгаагүй болов уу. Төслийн багийн түүх хаанаас яаж эхэлсэн, хэрхэн бүрдсэн бэ?

-Би ХААИС-д Арьс шир судлалын багшаар ажиллаж байгаад 2013-2014 онд Арьс ширний эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн “АРМОНО” нэгдэлд эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан юм. Дорнод сибирийн технологи удирдлагын их сургуулийн Таваар судлал, Усны нөөц ба Арьс ширний технологийн тэнхмийн эрхлэгч, профессор Дмитрый Вальеревич Шалбуевтай ажлын шугамаар харилцах үед хамтран ажиллах санал тавьсан. Тус сургууль нь Энэтхэг, Япон, Хятад, Австри, Туркийн их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй төдийгүй манай ШУТИС-тай хамтран ажиллаж байсан туршлагатай юм билээ. Миний хувьд арьс ширний эрдэм шинжилгээ судалгаа хийдэг олон улсын эрдэмтэдтэй бага зардлаар холбогдох, хамтран ажиллах сайхан боломж гэж үзэн, гэрээ хийж хамтын ажиллагааг эхлүүлсэн. Эндээс бидний төслийн баг бүрэлдэх эхлэл тавигдсан гэж хэлж болно. “АРМОНО” нэгдэл бүтцийн өөрчлөлтөнд орсон учраас сургуульдаа багшаар эргэн орж, Дорнод сибирийн технологи удирдлагын их сургуультай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Манай ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, дэд захирал Г.Гантулга, МААБС-ийн захирал О.Баатарцогт болон Малын гаралтай бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхмийн хамт олон маань бүх талаар дэмжиж, хамтран ажилласан.

Улмаар ШУТИС-ийн захирал О.Туяацэцэг, Арьс ширний профессорын багийн ахлагч доктор Т.Төрмөнх, Салбарын эрхлэгч профессор Б.Удвал болон Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд захирал Т.Баярсайхан, О.Бат-Очир, Т.Рэгзэдмаа, “АРМОНО” нэгдлийн лабораторийн эрхлэгч, доктор З.Энхжаргал нарт санал тавин, Монголын талын багаа бүрдүүлсэн. Дорнод сибирийн технологи удирдлагын их сургууль төдийгүй Туркийн Эгэ их сургуулийн зохион байгуулдаг олон улсын арьс ширний эрдэм шинжилгээний хуралд Монголын их, дээд сургууль, үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын технологичид, судлаачдыг оролцуулсан.Мөн “Монгол ба Оросын Арьс ширний үйлдвэрлэгчдийн анхны уулзалт”-ыг зохион байгуулсан. Дэлхийд 2-т эрэмбэлэгдэх арьс шир боловсруулах “Русская кожа” компанитай Монголын бизнес эрхлэгчдийг холбож, арьс боловсруулах технологийн туршилтыг Булигаар ХК, Дархан Нэхий ХК болон Мон Ирээдүй компаниудад явуулахад хамтран ажилласан.

Үүний зэрэгцээ ХААИС, ШУТИС болон Дорнод сибирийн технологи удирдлагын их ургууль хамтарсан оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж ирсэн. Судлаач оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шагналын сан бүрдүүлсэн. Харин энэ ажлыг Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хариуцан ажиллаж ирсэн байгаа. Энэ дашрамд олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлын анхны санхүүжилтийг олгосон Мон–Ирээдүй ХХК-ний захирал Б.Ганбилэг, Future ХХК-ний захирал И.Түмэндэлгэр, Булигаар ХХК-ний захирал Б.Мөнхжаргал, Мидельмен ХХК-ний захирал Эрдэнэбулган нарт болон сургалт үйлдвэрлэлийн дадлага, туршилт судалгааны ажлыг явуулахад байнга дэмжин ажилладаг МЛТЖ ХХК-ний захирал Б.Орхонбаяр, С.Даваажав, Шевро ХХК-ий захирал Б.Түмэн-Өлзий, Дархан Нэхий ХХК-ны захирал Б.Батсайхан, Буурал гол ХХК-ний О.Билгүүн захирал нарт их сургуулиудын хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлмээр байна. Бид “Товароведение” ба “Технология кожи и меха” мэргэжлээр оюутан солилцооны 2+2 хөтөлбөр боловсруулсан ба “Изучение ранозаживляющих свойств биоактивной матрицы на основе коллагена и кисломолочных композиций” сэдэвт Орос Монголын хамтарсан төсөл бичиж, ОХУ-ын ерөнхийлөгч Путины тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцож байсан зэрэг түүхүүдээ дэлгэрэнгүй бичиж 2017 оны шалгаруулалтанд оролцсон. Шалгаруулалт 2018 оны туршид гурван үе шаттай явагдаж, найман сард 874 их, дээд сургуулиудаас шалгарсан тухай албан бичиг хүлээн авсан. Энэ төслийн бичиг баримтыг боловсруулахад гардан ажилласан АРМОНО нэгдлийн лабораторийн эрхлэгч, доктор З.Энхжаргал, ХААИС-ийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхмийн багш, доктор Д.Дашмаа, П.Пүрэвсүрэн, ШУТИС-ын багш доктор Б.Сувдаа, АШҮХолбооны мэргэжилтэн Т. Рэгзэдмаа нарт гүн талархлаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

-874 төслөөс шалгарна гэдэг маш том амжилт. Төслийн зорилго, үр дүн юу байх вэ?

-Тийм ээ. Энэ бол маш том амжилт. Цаашид ч бид нягт хамтарч ажиллаж чадвал улам их амжилтанд хүрнэ. Манай төслийн гол зорилго бол “Их дээд сургуулиуд ба арьс ширний үйлдвэрүүдийн хооронд гүүр болж, хамтарсан сургалт, судалгаа хөгжүүлэлтийн (R&D) ажлыг өргөжүүлэхзамаар үйлдвэр эрхлэгчдийг инновацийн эрэлхийлэгчид болгох”-д оршино. Дээр дурьдсан зорилгод хүрэхийн тулд ОХУ ба Монголд нийт дөрвөн сургалт, судалгаа, инновацийн “LEATHUB” төв байгуулна. Төслийн санхүүжилтээр лаборатори байгуулахаас гадна сургагч багш нарыг зөвлөх орнуудад сургана. Төслийн үр дүнд Орос, Монголын арьс ширний үйлдвэрүүд байгаль орчинд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлнэ, Монгол, Буриадын арьс шир боловсруулах уламжлалт технологийг сэргээн хөгжүүлнэ. Кластерийн системийг бий болгоход хувь нэмрээ оруулах замаар Европын холбоо, Орос, Монголын үйлдвэрлэгч, их дээд сургуулийн хоорондын хамтын ажиллагаа харилцан ашигтай байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Г.ДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Д.Хосбаяр: Жүжигчин хүн “зуурсан гурил шиг” байх ёстой

Жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа.


-Та дүр бүтээхдээ зохиолтойгоо хэрхэн ажилладаг вэ?

-Уран бүтээлч хүний гол баримтлах зарчим нь зохиол байдаг. Ямар нэгэн уран бүтээлд ажиллахдаа эхлээд заавал зохиолыг нь харна. Дараа нь хамт ажиллах уран бүтээлчдийн багаа хардаг. Тухайн цаг үеийн нийгмийн байдал, мөн өөрийн дүрийн ертөнцийг үзэх үзэл нь юу юм гэдгээс нь эхэлж ажилладаг. Зарим хүмүүс жүжигчдийг ямар нэгэн уран бүтээл дээр ажиллахдаа зүгээр үг цээжлээд л тоглодог гэж боддог. Гэвч тийм биш л дээ.

-Дүр бүтээж байх үедээ хоолойгоо өөрчлөх шаардлагатай нэлээд тулгардаг байх?

-Жүжигчин хүн “зуурсан гурил шиг” байх ёстой гэж ярьдаг. Хоолоор зүйрлэвэл, жүжигчин цуйван, гурилтай шөл гэхчлэн ямар ч хоол болох ёстой. Дуу хоолой, бие цогцос бол надад байгалиас заяасан өгөгдөл. Хэдий миний байгаа байдал намуухан байж болох ч надаас тэс өөр, орилж хашгирсан, миний сэтгэл зүйн темпераментээс тэс өөр темперамент байсан ч гэсэн мэргэжлийн жүжигчин мөн л юм бол би түүнийг гаргах л ёстой байхгүй юу. Миний тоглосон дүрүүдэд Хосбаяраас тэс өөр орилж хашгирсан дүр зөндөө байгаа. Жишээлбэл, “Үр” аймшгийн кинонд би эсрэг дүрд тоглосон.

-Та УДЭТ-т 2010-2013 онд ажиллаж байсан. Тоглохыг мөрөөддөг байсан ч тэнд ажиллаж байх үедээ тоглож чадаагүй жүжгийн дүр байдаг уу?

-Байгаа. Би СУИС-ийг 2009 онд Ардын жүжигчин Мөнхдорж багшийн удирдлага дор төгсөөд тэр жилдээ УДЭТ-т шалгалт өгч туслах жүжигчнээр ажилд орсон. “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх” жүжгүүдийн олны хэсэгт ажиллаж байлаа. Ер нь би кинонд ажиллахаасаа илүү театрт ажиллах дуртай. Театр өөрөө амьд харилцаатай байдаг. Надад театрт тоглохыг хүсдэг олон дүр бий. Оюутан байхдаа Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглохыг мөрөөддөг байлаа. Тоглож чадаагүй л дээ. Одоо ч худлаа болсон байх аа. Мөн “Гамлет” жүжигт тоглохыг мөрөөддөг байсан. Би УДЭТ-т байхдаа хүүхдийн жүжгүүдэд л олон тоглосон.

-УДЭТ-т ажиллаж байхдаа тоглосон дүрүүдээсээ алинд нь илүү хайртай вэ?

-Би УДЭТ-т дөнгөж ороод В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм“ мюзыклд тоглож байсан. Тэр жүжгийн гол дүр нь өөрөө олны хэсэг байсан байхгүй юу. Ихэнх сценүүд нь олны хэсэгтэй, бүжигтэй, орилж хашхирсан. Хоёр цаг гаруй хугацаанд олон хүн бүжиглэж, дуулдаг. Тэр жүжиг л миний зүрх сэтгэлээс хэзээ ч гардаггүй юм.

-Тухайн үед тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрдөг байв?

-Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрдэг байсан. УДЭТ-т шалгалт өгөөд тэнцэнэ гэдэг “тэнгэрийн умдаг атгасантай” дүйцнэ. Анх тайзан дээр гишгээд л Ардын жүжигчин, гавьяатуудын ард зогсоод, тэдэнтэй текст харьцах үгээр хэлэхийн аргагүй л сайхан мэдрэмж байсан.

-Жүжигчин аливаа уран бүтээлд ажиллахдаа сэтгэл зүйгээ сайтар бэлдэх шаардлагатай байдаг. Таныг уран бүтээлд ажиллаж байх үед сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан үе бий юү?

-Уран бүтээлч аливаа нэг дүр дээр ажиллахдаа тухайн киноныхоо дүрээр л амьдрах ёстой. Өөрт тохиолдсон хар бараан зүйл, гэр бүлийн хэрүүл болон дарамт шахалт, сэтгэл санааны таагүй байдлаас бүрэн ангижирч байж аливаа нэг дүр дээр ажиллах ёстой. Надад сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан тохиолдол зөндөө л байдаг. Намайг нэг хурим хөтөлж байхад ээж маань залгаад “Нагац ах чинь бурхан болчихлоо. Миний хүү, ажлаа дуусгаад шууд ирээрэй” гэсэн. Тэр үед эвгүй л байсан. Хүмүүст аз жаргал хүсээд, маш гоё зүйлийг ярьж байгаа хэрнээ дотроо уйлмаар санагдаж байсан.

-Дэлгэцийн уран бүтээлүүдээ дараа нь үзэхэд “Ээ энэ дээр нь ингэчихгүй дээ” гэх харуусал төрж байсан дүр бий юү?

-Бүх уран бүтээлд маань тийм харуусал байдаг. Маш сайн ажилласан хэрнээ дараа нь уран бүтээлээ үзэхээр дутуу л байдаг юм. Жишээлбэл, “Найз” киноны хамгийн сүүлийн үхдэг хэсгийг сайн ажвал гүрээ нь хөдлөөд амьсгалж байдаг байхгүй юу. Би тэр кинонд дахиад таван секунд амьсгаагаа түгжчихгүй дээ гэж харуусдаг юм. Уран бүтээлч хүн насан туршаа суралцаж байдаг.

-Уран бүтээлд ажиллаж байх үед шантармаар бэрхшээл зөндөө тулгардаг байх. Ялангуяа олон ангит кинонд тоглож байх үедээ шантармаар зүйлстэй тулгарахад киногоо дундаас нь орхиж болохгүй хэцүү байдаг байлгүй. Та тийм үеүдийг хэрхэн даван туулдаг вэ?

-Хамтын хүчээр л даван туулдаг. Олон ангит кинонд тоглоход хамгийн багадаа гурван сарын ажил. Өвөл гадаа зурганд орох, намар хүйтэн ус руу орох гэх мэт хэцүү зүйл олон тулгардаг. Би Ц.Төмөрхуяг ахын найруулсан “Хараал” аймшгийн кинонд тоглосон. Тэр кинонд “Хүүхэд нь нас бараад, оршуулчихаад байж байтал эхнэр нь шөнө очоод хүүхдээ ухаад аваад ирдэг. Шөнө бороон дунд цахилгаан цахиад хаалга тогшихоор нь онгойлгосон чинь эхнэр нь хүүхдээ тэвэрчихсэн “Хүүхдээ одоо хөхүүлье” гэчихсэн зогсож байдаг. Тэгээд шоконд ороод, хүүхдээ буцааж аваачаад шөнө ширүүн борооноор булдаг.” Тэрэн дээр би маш их цөхөрч байсан. Гал командын машин авчираад бороо оруулаад шалба норчихсон, Гачууртын хүн тавьдаг газар цогцос ухахад маш хэцүү л байсан. Ёстой л уран бүтээл юм даа гэж бодоод л даван туулсан даа.

-Хамтарч ажиллахад урамтай, байнга суралцаж байдаг уран бүтээлч байдаг уу?

-Дрийм энтертайментийн найруулагч, зураглаач Ц.Цэрэндоржтой би “Үр”, “Үзэсгэлэнт арванхоёрдугаар сар” зэрэг кинонуудад хамтран ажиллаж байсан. Найруулагч, зураглаачийн өнцгөөс дүр дээр маш сайн зөвлөж ажилладаг. МУГЖ Ц.Төмөрхуяг ахтай “Хараал”, “Үр”, “Бүтэн амьдрал” кинонууд дээр хамтран ажиллаж байсан. Аав шиг л зааж зөвлөдөг хүн дээ.

-“Амьдрал чиний төлөө” киноны Тодбаярын дүр таныг олонд таниулж өгсөн. Уг киноны саналыг анх хэрхэн хүлээж авч байв?

-“Амьдрал чиний төлөө”, “Найз” хэмээх хоёр кино надад хувь хүний тал дээр болон уран бүтээлчийн хувьд нэлээн зүйлийг өгсөн. Түүнээс хойш маш олон уран бүтээлд тоглосон. Заримыг нь бараг мартчихсан байна. Тэр үед би УДЭТ-т ажиллаж байсан. Намайг “Гэгээн Муза” нааадмын улаан хивсний ёслолыг хөтөлж байхад Н.Байгаль найруулагч харсан юм билээ. Дараа нь намайг дуудаж уулзаад, санал тавьсан.

-“Бүтэн амьдрал” киног үзэгчид “хэт солонгос хэв маягтай” хэмээн нэлээд шүүмжилсэн байна лээ. Та уг киноны зохиолыг хэр сайн зохиол гэж дүгнэх вэ?

-Би “Бүтэн амьдрал” кинонд Оюу толгойн ажилтан залуугийн дүрд тоглосон. Кино зохиол нь Дэлхийн стандартынх. Тэгэхээр зохиолын эрхийг нь худалдаж аваад өөрийн улсын онцлогт тохируулж киногоо хийсэн гэсэн үг. Солонгос зохиолыг албан ёсны эрхтэйгээр худалдаж аваад уг киног Монголд хийсэн. Миний хувьд, маш сайн зохиол гэж бодож байгаа. Би өмнө нь НТВ телевизийн “Гэр дүүрэн охид” кинонд ажиллаж байсан. Оросын инээдмийн кино зохиолыг худалдаж аваад тэр киног хийсэн юм.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээлд ажиллав?

– “Этик” продакшны гурав дахь уран бүтээл “Хилгүй жим” кинонд тоглолоо. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хилийн застав дээр байрлаж сар гаруй хугацаанд кино зургаа авсан. Уг кинонд гарах үйл явдлыг бодит амьдралаас сэдэвлэсэн. 1993 онд гурван хилчин хилээ манаж яваад Тувачуудад эрэлхэгээр амиа алдсан байдаг. Би уг киноны гол дүр болох баатарлаг гавьяа байгуулсан гурван хилчний нэгэнд тоглосон. Энэхүү хилчдийн эхнэр, хүүхдүүдтэй нь очиж уулзсан. Цагаан-Үүр суманд уг гурван хилчинд зориулсан хөшөө байдаг юм билээ. Киноны маань нээлт коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор хойшилсон байгаа.

-Дараагийн уран бүтээлийнхээ төлөвлөгөөг гаргасан уу?

-Дрийм энтертайментийн залуустай хамтраад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн тухай “Шоронгоос бичсэн ил захидал” өгүүллэгийг кино болгох гээд ажиллаж байна. Одоогоор зохиол дээрээ ажиллаж байгаа.

-Таны хүндэлж явдаг найруулагч хэн бэ?

-Квентин Тарантино. Түүний шийдлүүд нь гоё санагддаг юм. “Биллийг устга”, “Жанго эрх чөлөөгөө олсон нь” гэх мэт кинонуудыг нь үзэх дуртай. Монголоос гэвэл, Ж.Сэнгэдорж. “Бодлын хулгайч”, “Үргээлэг” гэх мэт кинонуудыг хийсэн. Түүнийг л сайн найруулагч гэж боддог. Бас кинонд нь ажиллаад үзчих юм сан л гэх бодол бий.

-Таныг сагсан бөмбөгийн спортод дуртай, НБА-гийн тоглолтуудыг их үздэг гэж сонссон. Ямар багийг дэмждэг вэ?

-Байнга үздэг. Сан-Антонио Спёрс багийн улаан фанат. Энэ улиралд манай баг бүсдээ 12 дугаар байрт яваа. Manu Ginobili, Tim Dun­can, Tony Parker хэмээх “Их гурвал”-ыг ид үед нь дэмжиж эхэлсэн. Би чөлөөт цагаараа зааланд тоглох дуртай. Мөн “Аавуудын групп”-ын соёл урлаг хариуцсан админ хийдэг.

У.ЧИНЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​​“Өдрийн сонин”-д “Өвчин даамжраад байвал гадаадад байгаа 190 мянган иргэнээ татаж л таарах байх даа​” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авчрахаар өнөөдөр Сөүл рүү онгоц ниснэ. Тэнд байгаа монголчууд энэхүү онгоцонд хэрхэн багтах талаар ямар ч мэдээлэлгүй байна. Тиймээс тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн
нэрсийг ил тод зарлахыг хүсч байгаа юм байна. Энэ тухай нэг, гуравдугаар нүүрнээс уншаарай.

Халдварт өвчин
судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн
дэд захирал М.Тунсагтай
ярилцлаа. Ярилцлагыг нэг, 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч С.Амарсайхан долоо
хоног бүр цаг үеийн асуудлаар
мэдээлэл хийж байхаар болсон. Өчигдрийн мэдээллээр ямар ямар асуудлуудыг танилцуулсныг нэг, хоёрдугаар нүүрэнд нийтэлллээ.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд сэьгүүлч О.Ариунцэцэгийн “Өвчин даамжраад байвал гадаадад байгаа
190 мянган иргэнээ татаж л таарах байх даа” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ дахь АН-ын
зөвлөлийн Ажлын албаны
дарга Д.Золжаргалтай
ярилцсаныг зургаа, 11 дүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

Эдийн засгийн 12 дугаар нүүрэнд эдийн засгийн ухааны
доктор Л.Оюун болон Зээлдэгчдийн холбооны
тэргүүн Ц.Солонго нартай хийсэн ярилцлагыг хэвлэлээ.

15 дугаар нүүрэнд Эрүүл мэндийн яа болон ХӨСҮТ-ийн мэдээллийг бэлтгэн нийтэллээ. Манай улсад коронавирусын 12 тохиолдол бүртгэгдээд байгаагаас хоёр нь бүрэн эдгэсэн сайхан мэдээг өчигдөр зарласан билээ.

“Маск” продакшны
жүжигчин, Д.Дэлгэрсайхантай хийсэн ярилцлагыг 17 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Харагчин тахиа өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 31, Ангараг гариг. Билгийн тооллын 7, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 32 минутад мандан 19 цаг 20 минутад жаргана. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмч нарт мэндчилгээ дэвшүүлэв

Ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун тангарагтаа чин үнэнчээр зүтгэж буй эрхэм хүндэт эмч нараа,

Та нартаа эмч нарын өдрийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өвдөж зовсон хэн бүхний төлөө өөрийнхөө гэр бүлийг ч орхиод, нойр хоолыг умартан, сэтгэл зүрх, хөлс хүчээ дайчлан өдөр шөнөгүй ажилладаг буяны ундарга болсон хүмүүс бол эмч нар юм.

Дэлхий нийтийг нөмөрсөн Ковид-19 хэмээх аюулт цар тахлын эсрэг хүн төрөлхтөн даяараа тэмцэж байгаа хүнд цаг үеийг бид туулж байна.

Аюулт өвчний эсрэг амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, галын шугамын тэргүүн эгнээнд бат итгэлтэй, чин зоригтой сөрөн зогсож байгаа нийт цагаан нөмрөгт баатруудаараа Монгол Улс бахархаж байна.

Эмч нар та бүхний бусдын төлөө гэсэн ариун сэтгэл, сурч мэдсэн авьяас чадвар, дундаршгүй хичээл зүтгэлийн ач гавьяагаар хилийн чанадаас авчирсан иргэдээ амжилттай эмчилж байгаад Улсын Ерөнхий сайдын хувьд туйлын их талархаж байгаагаа энэ дашрамд уламжилъя.

Хэдийгээр аюулт цар тахал өдрөөс өдөрт дэлхий даяар улам бүр хүчээ авч байгаа ч Монголын эмч нар хоёр иргэнээ эдгээсэн сайхан мэдээг дуулган ард түмнээ баярлуулж байгаад туйлын их баяртай байна.

Алтан гартай, бурхан ухаантай ачлалт эмч нарынхаа хүчээр иргэдээ бүрэн эдгээн эрүүл саруул болгож чадна гэсэн итгэлийг улам сэргээлээ.

Нийт эмч нартаа дахин талархал илэрхийлж, анагаасан буян нь аадар мэт буух болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Categories
мэдээ нийгэм

Нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Сэрэмжлүүлэг: Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан ...

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 31-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар болон баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говйин аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр градус 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 градус дулаан байна.